1 Бүх Израилийг цөлд Иорданы дорнод этгээдэд, Суфын эсрэг тал дахь Арабад бутау Паран, Тофел, Лабан, Хазерот, Дизахабын хооронд байхад Мосегийн тэдэнд хандаж хэлсэн үгс энэ болой. 2 Хоребоос Сеир уулын замаар Кадешбарнеа хүрэхэд арван нэгэн хоног явдаг. 3 Дөч дэх жилийн арван нэгдүгээр сарын нэгний өдөр Мосе Израилийн хүүхдүүдийн талаар ЭЗЭНээс өөрт нь тушаасан бүхнийг тэдэнд өгүүлжээ. 4 Энэ нь Мосе Хешбонд сууж байсан аморичуудын хаан Сихоныг бут цохиж, Аштарот болон Едреид сууж байсан Башаны хаан Огийг бут цохисны дараа болсон явдал юм. 5 Мосе Иорданы дорнод этгээд дэх Моабын нутагт энэ хуулийг тайлбарлан эхэлж, өгүүлсэн нь
6 Бидний Бурхан ЭЗЭН Хореб ууланд бидэнд айлдахдаа "Та нар энэ ууланд их удаан суулаа. 7 Та нар аяны жолоогоо эргүүлэн хөдөлж, аморичуудын уулархаг нутаг уруу болон түүний хөрш зэргэлдээх Араба, уулархаг нутаг, нам дор газар, Негев, далайн эргийн дагуух бүх ард түмнүүд уруу очин, канаанчуудын нутаг, Ливан, улмаар их Евфрат мөрөн хүртэл явцгаа. 8 Харагтун. Би та нарын өмнө тэр нутгийг тавьлаа. ЭЗЭН та нарын өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаковд болон тэдний үр хүүхдэд өгөхөөр тангарагласан тэр нутагт орж, түүнийг эзэмшицгээ" гэсэн.

9 Би тэр үед та нарт хандан "Би та нарыг ганцаараа дааж чадахгүй. 10 Та нарын Бурхан ЭЗЭН та нарыг өнөр өтгөн болгосон. Үзэгтүн, энэ өдөр та нар тэнгэрийн одод мэт олон болжээ. 11 Та нарын өвөг дээдсийн Бурхан ЭЗЭН та нарыг одоо байгаагаас чинь мянга дахин өсгөж, та нарт амласан ёсоороо та нарыг ерөөх болтугай. 12 Харин би ганцаараа та нарын ачаа, хүнд дарамт, та нарын хэрүүл маргааныг яаж үүрч даах юм бэ? 13 Овог бүрээсээ мэргэн ухаантай, мэдлэгтэй, нэр хүндтэй хүмүүсийг сонгогтун. Би тэднийг та нарын тэргүүнээр томилъё" гэсэнд 14 "Таны хэлсэн ёсоор хийх нь зөв" гэж та нар надад хариулсан. 15 Танай овгуудын тэргүүлэгчид болох мэргэн ухаантай, нэр хүндтэй хүмүүсийг би авч, та нарыг ахлуулахаар овог бүрд мянгат, зуут, тавьт, аравтын дарга нар, даамлуудыг томилсон.

16 Би тэр үед та нарын шүүгчдэд тушааж "Та нар ах дүү нарынхаа хоорондох хэргийг сонсоод, ах дүү нарын хоорондох хэргийг, эсвэл тэдний дундах харийн хүнтэй хамаатай хэргийг зөв шударгаар шүү. 17 Шүүх бол Бурханых учирта нар хүнийг шүүхдээ ялгаварлан үзэж болохгүй. Дээдэс, доодсын үгийг нэгэн адил сонсож, хүнээс бүү ай. Өөрсдөө шийдэж чадахгүй хэцүү хэргээ надад авчир. Би түүнийг чинь сонсъё" гэсэн. 18 Би та нарын хийх ёстой зүйлсийг тэр үед нь та нарт бүгдийг тушаасан шүү дээ.

19 ЭЗЭН Бурханыхаа бидэнд тушаасан ёсоор бид Хоребоос хөдөлж, та нарын харсан аймшигт өргөн цөлийг бүхэлд нь гатлан, аморичуудын уулархаг нутаг хүрэх замаар Кадешбарнеад ирсэн билээ. 20 Тэгэхэд би та нарт "Бидний Бурхан ЭЗЭНий бидэнд өгөх гэж байгаа аморичуудын уулархаг нутагт та нар хүрч ирлээ. 21 ЭЗЭН Бурханы чинь өгсөн газар та нарын өмнө байна. Өвөг дээдсийнхээ Бурхан ЭЗЭНий та нарт айлдсан ёсоор явж, түүнийг эзэмшицгээ. Бүү ай. Бүү зүрхшээ" гэж билээ. 22 Тэгэхэд та бүхэн над уруу дөхөн ирээд "Бидний өмнөөс тэр газрыг тандаж мэдээд, ямар замаар очих, ямар хот уруу орох тухай хэл мэдээг бидэнд авчрах хүмүүсийг бид өмнөө илгээе" гэж хэлцгээсэн. 23 Тэр үг надад таалагдаж, би овог тус бүрээс нэг хүн бүгд арван хоёр хүнийг чинь авсан. 24 Тэд тэндээсээ уулархаг нутагт хүрч, улмаар Ешколын хөндийд очиж, түүнийг тандаад, 25 тэр нутгийн жимснээс гартаа авч, бидэнд авчрав. Тэд "ЭЗЭН Бурханы маань бидэнд өгөх гэж байгаа тэр нутаг сайхан газар байна" гэсэн мэдээг бидэнд хүргэж авчирсан.

26 Гэвч та нар тийш явахаас дургүйцэн, өөрсдийн Бурхан ЭЗЭНий тушаалын эсрэг тэрсэлсэн билээ. 27 Та нар майхан дотроо гомдоллож "ЭЗЭН биднийг үзэн яддаг учраас биднийг устгахын тудд аморичуудын гарт тушаахаар Египетийн нутгаас авчирсан байна. 28 Бид хаашаа явцгаах вэ? Ах дүү нар маань «Хүмүүс нь биднээс аварга том, өндөр, хотууд нь маш том, тэнгэр тулсан хэрэмтэй. Түүнээс гадна, бид тэнд анакчуудын хөвгүүдийг харсан» гэж хэлэн бидний зүрхийг мохоосон" гэсэн. 29 Тэгэхэд би та нарт "Бүү цочирд, тэднээс бүү ай. 30 Та нарын өмнө явдаг ЭЗЭН Бурхан чинь Египетэд нүдний чинь өмнө та нарын төлөө үйлдсэн шигээ та нарын төлөө Өөрөө тэмцэх болно. 31 Эцэг хүн хүүгээ тэвэрдэг шиг ЭЗЭН Бурхан чинь та нарыг энэ газар хүрч иртэл та нарын явсан бүх замын туршид хэрхэн үүрч, дүүрч ирснийг та нар цөлд үзсэн" гэв. 32 Гэвч энэ бүхэнд та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНдээ итгэсэнгүй. 33 Тэр замд чинь та нарт буудаллах газрыг хайхын тулд, явах ёстой замыг чинь та нарт заахын тулд шөнөөр гал дотор, өдрөөр үүлэн дотор өмнө чинь явдаг.

34 Тэгээд ЭЗЭН та нарын үгийг сонсоод, уурлан тангараглаж айлдахдаа 35 "Энэ бузар муу үеийнхэн буюу эдгээр хүмүүсийн нэг нь ч та нарын өвөг дээдэст өгөхөөр Миний тангарагласан сайхан газрыг үзэхгүй. 36 Харин Иефуннегийн хүү Калеб ЭЗЭНийгбүрэн дагасны учир тэр газрыг үзэх болно. Түүний гишгэсэн газрыг нь Би түүнд болон түүний хөвгүүдэд өгнө" гэв. 37 ЭЗЭН та нараас болж надад ч бас уурласан учраас "Чи ч бас тийшээ орох ёсгүй. 38 Харин чамд үйлчилдэг, Нуны хүү Иошуа тийшээ орно. Иошуа тэр газрыг Израильд өвлүүлэх учраас түүнийг зоригжуулагтун. 39 Үүнээс гадна, олзлогдогсод болно хэмээн та нарын хэлж байсан балчир хүүхдүүд чинь, мөн энэ өдөр сайн мууг ялгаж чадахгүй хөвгүүд чинь тийшээ орох болно. Би тэдэнд тэр газрыг өгч, тэд түүнийг эзэмшинэ. 40 Харин та нар буцаад, Улаан тэнгис хүрэх замын дагуух цөл уруу хөдөлцгөө" гэсэн.

41 Та нар "Бид ЭЗЭНий эсрэг нүгэл хийсэн. Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий бидэнд тушаасан ёсоор явж, тулалдацгаая" гэж надад хариу хэлээд бүх эрчүүд чинь дайтах зэвсгээ агсаж, уулархаг нутаг өөд явж орохыг хялбар хэмээн санасан. 42 ЭЗЭН надад "«Би та нарын дунд байхгүй учир бүү яв, бүү дайт. Та нар дайсныхаа өмнө ялагдах вий» гэж тэдэнд хэл" хэмээсэн. 43 Би та нарт хэлсэн боловч та нар сонсолгүй ЭЗЭНий тушаалын эсрэг тэрсэлж, давлиун зан гарган уулархаг нутаг өөд хөдөлцгөөсөн билээ. 44 Тэр уулархаг нутагт амьдарч байсан аморичууд та нарын эсрэг хөдлөн, та нарыг сүрэг зөгий мэт үлдэн хөөж, Сеир уулаас Хорма хүртэл бут цохьсон билээ. 45 Та нар эргэж ирээд, ЭЗЭНий өмнөуйлцгаасан боловч ЭЗЭН та нарын дуу хоолойг сонсоогүй, та нарт чих тавиа ч үгүй. 46 Тэгээд та нар Кадешт олон хоног суусан. Тэр өдрүүдийн тоогоор тэнд суусан билээ.

2 Тэгээд бид буцаж, ЭЗЭНий надад айлдсан ёсоор Улаан тэнгис хүрэх замын дагуух цөл газар уруу хөдөлж, Сеир уулыг олон хоног тойрон явцгаасан. 2 ЭЗЭН надад айлдахдаа 3 "Та нар энэ уулыг их удаан тойрлоо. Одоо умард зүг эргэ. 4 Ард түмэнд тушаан «Та нар Сеирт сууж байгаа өөрсдийн садан төрөл болох Есавын хөвгүүдийн нутгийн хил хязгаарыг дайран өнгөрнө. Тэд та нараас айх болно. Та нар тун болгоомжтой бай! 5 Тэднийг бүү өдөө! Би та нарт тэдний газар нутгаас нэг мөр ч өгөхгүй. Учир нь Би Сеир уулыг Есавд эзэмшил болгон өгсөн билээ. б Та нар тэднээс хоол хүнс мөнгөөрөө худалдан авч ид, бас тэднээс усаа мөнгөөрөө авч уу. 7 Бурхан ЭЗЭН чинь чиний хийсэн бүхэнд чамайг ивээж байсан. Энэ их цөлөөр туулахыг чинь мэдээд өнгөрсөн дөчин жилийн турш ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байснаар чи юугаар ч дутаагүй» гэж хэл" хэмээсэн.

8 Бид Сеирт нутаглан суудаг өөрсдийн садан төрөл болох Есавын хөвгүүдийг орхин гараад Арабаг дайрч Елат, Езионгеберийг өнгөрөөд, тэндээсээ эргэж, Моабын цөлийн замаар явцгаалаа. 9 Тэгэхэд ЭЗЭН надад "Моабчуудыг бүү зовоо, тэднийг дайндбүү өдөө. Би тэдний газар нутгаас чамд эзэмшил болгон өгөхгүй. Учир нь Би Арыг Лотын хөвгүүдэд эзэмшил болгон өгсөн билээ. 10 (Эрт урьд емчүүд тэнд амьдарч байсан бөгөөд аварга, өнөр өтгөн, анакчууд шиг өндөр байсан тул 11 тэднийг анакчуудын нэгэн адил Рефаим гэж үздэг байжээ. Харин моабчууд тэднийг емчүүд гэж нэрлэдэг байжээ. 12 Эрт урьд хоричууд Сеирт нутаглаж байсан бөгөөд харин Есавын хөвгүүд тэднийг өмнөөсөө зайлуулан устгаж, тэдний оронд нутаглан суужээ. Энэ нь Израиль ЭЗЭНий өв болгон өгсөн нутаг дээр үйлдсэнтэй адил болжээ.) 13 Одоо босож, Зеред горхийг гаталцгаа" гэсэнд бид Зеред горхийг гаталсан билээ. 14 Бид Кадешбарнеагаас хөдлөөд Зеред горхийг гаталсан үе хүртэл буюу ЭЗЭНий тэдэнд тангарагласан ёсоор тэр үеийн дайчид бүгдээрээ хуарандаа сөнөх хүртэл гучин найман жил өнгөрчээ. 15 Хуарангаас тэднийг устгахын тулд бүгдийг нь устаж дуустал ЭЗЭНий мутар тэдний эсрэг байв.

16 Ард түмний дундаас бүх дайчид бүрэн устсаны дараа 17 ЭЗЭН надад айлдахдаа 18 "Чи өнөөдөр Моабын хил Арыг давах болно. 19 Аммоны хөвгүүдийн харалдаа очихдоо тэднийг бүү зовоо, тэднийг битгий өдөө. Би Аммоны хөвгүүдийн газар нутгаас чамд эзэмшил болгон өгөхгүй. Учир нь Би түүнийг Лотын хөвгүүдэд эзэмшил болгон өгсөн билээ. 20 (Тэнд урьд рефаимчууд нутаглаж байсан учир түүнийг Рефаимын газар гэдэг байжээ. Харин аммончууд тэднийг Замзуммин гэж нэрлэдэг байсан. 21 Тэр ард түмэн аварга, өнөр өтгөн, анакчууд шиг өндөр байжээ. Харин ЭЗЭН аммончуудын өмнө тэднийг устгаж, аммончууд тэднийг хөөн гаргаад, оронд нь оршин суух болжээ. 22 Энэ нь ЭЗЭН Сеирт амьдран суудаг Есавын хөвгүүдийн өмнөөс хоричуудыг устгасантай адил болжээ. Тэд хоричуудыг хөөн зайлуулаад, тэдний оронд одоо хүртэл оршин суусан. 23 Кафтораас ирсэн кафторчууд Газ хүртэлх тосгодод амьдран сууж байсан Авви хүмүүсийг устгаж, тэдний оронд оршин суужээ). 24 Босож, хөдлөн, Арноны хөндийг гатал. Хар! Би Хешбоны хаан, Амори хүн Сихоныг болон газар нутгийг нь чиний гарт өгсөн билээ. Тэдэнтэй байлдаад, тэр газар нутгийг эзлэн авч эхэл. 25 Би өнөөдрөөс эхлээд тэнгэрийн доорх ард түмнүүдийг чамаас айж эмээдэг болгоно. Тэд чиний алдар цууг сонсоод чичирч, чамаас болж зовж шаналах болно" гэсэн.

26 Би Кедемотын цөлөөс Хешбоны хаан Сихонд элч нарыг илгээж, эв найрамдлын хэл хүргүүлэхдээ 27 "Намайг газар нутгаараа нэвтрүулээч. Би зөвхөн гол замаар явах бөгөөд баруун зүүн тийш хазайхгүй. 28 Чи идэх хоолыг минь надад мөнгөөр худалд, уух усыг минь надад мөнгөөр өг. Намайг зөвхөн явганаар өнгөрүүлээч. 29 Сеирт суудаг Есавын хөвгүүд болон Арт суудаг моабчуудын надад үйлдсэн шиг та нар намайг Иордан голыг гатлан бидний Бурхан ЭЗЭНээс бидэнд өгч байгаа тэр газар уруу орох хүртэл нэвтрүүлж өгнө үү?" гэв. 30 Харин Хешбоны хаан Сихон биднийг нутгаараа нэвтрэн өнгөрөхийг зөвшөөрсөнгүй. Учир нь ЭЗЭН Бурхан чинь түүнийг чиний гарт тушаахын тулд сүнсийг нь хатууруулан, зүрхийг нь зөрүүд болгон өнөөдрийнх шиг болгосон байна. 31 ЭЗЭН надад хандан "Би Сихон болон түүний газар нутгийг чамд тушааж эхэлсэн. Чи тэр газрыг эзэмшихийн тулд одооноос эзлэн ав" гэж айлдсан билээ.

32 Тэгэхэд Сихон бүх ард түмнээ дагуулан, Иахазд бидэнтэй тулалдахаар гарч ирэв. 33 Бидний Бурхан ЭЗЭН түүнийг бидэнд тушааж, бид түүнийг хөвгүүдтэй нь болон бүх ард түмэнтэй нь бут цохив. 34 Тэр цагт бид түүний бүх хотуудыг эзлэн авч, хот болгоны эрчүүд, эмэгтэйчүүд болон үр хүүхдийг нь хүйс тэмтрэн, нэг ч хүн үлдээсэнгүй. 35 Бид зөвхөн мал адгуус болон эзэлсэн хотуудаасаа олзолсон зүйлсийг авлаа. 36 Арноны хөндийн захад орших Ароер болон тэр хөндий дэх хотоос Гилеад хүртэл бидэнд дийлдэхээргүй тийм өндөр хот нэг ч байсангүй. Бидний Бурхан ЭЗЭН тэр бүгдийг бидэнд тушаасан. 37 Харин чи Аммоны хөвгүүдийн нутаг, Иаббок голын эрэг дагуу, уулархаг нутаг дахь хотууд болон ЭЗЭН Бурхан маань биднийг очихыг тушаагаагүи аливаа газар л ойртон очоогүй билээ.

3 Бид эргэж Башан уруу хүрч очиход Башаны хаан Ог өөрийн бүх ард түмнээ дагуулан Едреид бидэнтэй тулалдахаар ирэв. 2 ЭЗЭН надад хандаж "Түүнээс битгий ай. Би түүнийг бүх ард түмэн, газар нутагтай нь чиний гарт тушаасан. Хешбонд сууж байсан аморичуудын хаан Сихоныг яасан шигээ чи түүнд тийн үйлд" гэв. 3 Ингээд ЭЗЭН Бурхан маань Башаны хаан Ог болон түүний бүх ард түмнийг бидний гарт тушаасанд бид тэднийг нэг ч амьд хүн үлдээлгүй бут цохив. 4 Бид тэр үед түүний бүх хотыг эзлэн авсан билээ. Аргобын бүх нутаг дэвсгэр буюу Башан дахь Огийн хаант улс, түүний жаран хотоос бидний эзлээгүй нэг ч хот байхгүй. 5 Тэдгээр хотууд нь бүгд өндөр хэрэм, дааман хаалгууд, хаалтуудаар бэхлэгдсэн байв. Түүнээс гадна хана хэрэмгүй суурингууд нэн олон байжээ. 6 Бид Хешбоны хаан Сихонд үйлдсэн шигээ хот болгоны эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүйс тэмтрэн, тэдгээр хотыг устгасан. 7 Бид харин бүх мал адгуус болон хотуудаас дээрэмдсэн зүйлсийг өөрсөддөө олз болгон авлаа. 8 Ингэж бид тэр үед Иорданы чанадад байсан аморичуудын хоёр хааны гараас Арноны хөндийгөөс Хермон уул хүртэлх газрыг болон 9 (Хермон уулыг сидончууд Сирион гэж, аморичууд түүнийг Сенир гэж нэрлэдэг) ютэгш тал дахь бүх хотууд, бүх Гилеад, бүх Башан, Башан дахь Огийн хаант улсын хот Салека, Едреи хүртэл эзлэн авсан. 11 (Рефаимчуудаас зөвхөн Башаны хаан Ог л үлджээ. Түүний ор нь төмрөн ор бөгөөд энгийн хүний тохойгоор бол есөн тохой урт, дөрвөн тохой өргөн байжээ. Тэр нь Аммоны хөвгүүдийн Раббад байгаа) 12 Тэр үед бид энэ газрыг эзлэн авсан билээ. Би Арноны хөндийн дэргэдэх Ароераас Гилеадын уулархаг нутгийн хагасыг хотуудынх нь хамт Реубен, Гад овгийнхонд өгсөн. 13 Гилеадын үлдсэн газар нутаг болон Огийн хаант улс бүх Башан, Аргобын бүх нутгийг би Манассе овгийнхны хагаст өгсөн. (Бүх Башаныг Рефаимын нутаг гэж нэрлэж байжээ. 14 Манассегийн хөвгүүн Иаир нь гешурчуудын болон маакатчуудын хил хүртэлх Аргобын бүх нутгийг авч, Башаныг өөрийн нэрээр ХаввотИаир гэж нэрлэсэн нь одоо хүртэл хэвээрээ байна.) 15 Би Гилеадыг Махирт өгсөн билээ. 16 Би реубенчүүд болон гадчуудад Гилеадаас Арноны хөндий хүртэлх газрыг өгч, тэр хөндийн дундуур хилийг нь тогтоосон. Аммоны хөвгүүдийн хил болох Иаббок гол хүртэл 17 мөн Араба, Иордан голын хамт Хиннеретээс Арабагийн тэнгис буюу Давст тэнгис, Писга уулын хормой хүртэл баруун хил нь болжээ.

18 Тэр үед би та нарт "ЭЗЭН Бурхан чинь энэ газрыг та нарт өмчлүүлэхээр өглөө. Эр зоригт эрчүүд та бүхэн зэвсэглээд, Израилийн хөвгүүд болох ах дүү нараа манлайлан голыг гаталцгаа. 19 Харин та нарын эхнэр, хүүхэд, мал сүрэг чинь (Та нарыг олон малтай гэдгийг би мэднэ.) миний та нарт өгсөн хотуудад үлдэх бөгөөд 20 ЭЗЭН та нарт өгсөн шигээ та нарын ах дүүст ч амралтыг өгөх хүртэл тийн байх болно. Тэд Иорданы нөгөө талд, та нарын Бурхан ЭЗЭНий өгөх газрыг эзэмшсэний дараа та нар бүгдээрээ миний өгсөн эзэмшил газартаа буцан ирж болно" гэж хэлсэн. 21 Тэр үед би Иошуад хандан "Та нарын Бурхан ЭЗЭНээс энэ хоёр хаанд учруулсан бүгдийг чи нүдээрээ үзсэн. Чиний гатлан очих гэж буй бүх хаант улсуудад ЭЗЭН бас тийн үйлдэх болно. 22 Тэднээс битгий ай. ЭЗЭН Бурхан чинь та нарын төлөө тэмцэгч нэгэн юм" гэж тушаасан билээ.

23 Би бас тэр үед ЭЗЭНээс гуйж, 24 "Эзэн БУРХАН! Та зарцдаа Өөрийнхөө агуу их, хүчирхэг мутрыг үзүүлж эхэлсэн. Таных шиг ийм ажлуудыг, хүчит үйлсийг үйлдэж чадах ямар бурхан тэнгэр газарт байна вэ? 25 Би залбирч байна. Намайг гатлуулж, Иорданы чанадад орших тэр сайхан газар, тэр үзэсгэлэнт уулс болон Ливаныг үзүүлээч" гэсэн 26 боловч ЭЗЭН та нараас болж, надад уурласан байсан бөгөөд намайг сонссонгүй. ЭЗЭН надад "Боллоо. Чи энэ тухай Надад дахин бүү ярь. 27 Писга уулын оройд гарч, нүдээ өргөн, зүүн баруун, хойш урагш ширтэн, тэр газрыг өөрийнхөө нүдээр хар. Учир нь чи энэ Иордан голыг гатлах ёсгүй.

28 Харин чи Иошуад тушааж, түүнд урам зориг, хүч чадал өг. Учир нь тэрээр энэ ард түмнийг тэргүүлэн, Иорданыг гаталж, чиний харах тэр газрыг тэдэнд өвлүүлнэ" гэв. 29 Тэгэхэд бид Бетпеорын нөгөө талын хөндийд үлдсэн.

4 Израиль аа! Одоо миний та нарт зааж сургах зарлиг хуулийг сонсоцгоо. Эдгээрийг гүйцэтгэснээр та нар амьдран, өөрсдийн чинь өвөг дээдсийн Бурхан ЭЗЭНээс та нарт өгч буй тэр газар хүрч очин, түүнийг эзэмших юм. 2 Миний та нарт тушааж байгаа ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сахихын тулд миний та нарт өгч буй тушаалд үг нэмж ч болохгүй, хасаж ч болохгүй. 3 Баалпеорын хэрэг явдлаас болж ЭЗЭН чухам юу хийснийг та нар нүдээрээ үзсэн. ЭЗЭН Бурхан чинь та нарын дундаас Баалпеорыг дагасан бүх хүмүүсийг устгасан билээ. 4 Харин ЭЗЭН Бурханаасаа зуурч байсан та бүхэн л өнөөдөр амьд байна. 5 Та нарын хүрч очоод эзэмшин суух тэр газарт та нараар үүнийг дагаж мөрдүүлэхийн тулд би ЭЗЭН Бурханыхаа надад тушаасан ёсоор та нарт зарлиг хуулийг сургасан билээ. 6 Тиймээс та нар түүнийг сахьж, үйлдэгтүн. Тэгэх нь ард түмнүүдийн өмнө та нарын мэргэн ухаан, та нарын ухаарал болно. Тэд эдгээр бүх зарлигийг сонсоод "Үнэхээр энэ агуу их үндэстэн бол мэргэн ухаантай, ухаарсан ард түмэн мөн" хэмээн ярилцах болно. 7 Түүнийг дуудах бүрд минь бидний Бурхан ЭЗЭН бидэнд ойр байдаг шиг өөрсөдтэй нь тийм ойр байдаг бурхантай ямар агуу үндэстэн байна вэ? 8 Өнөөдөр миний та нарт таниулсан энэ цогц хууль шиг тийм зөвт зарлиг, хууль тогтоолтой ямар агуу үндэстэн байна вэ?

9 Өөртөө анхаарал тавьж, сэтгэлээ няхуур хяна. Нүдээр үзсэн бүхнээ чи мартуузай, тэдгээрийг насан туршдаа зүрхнээсээ салгуузай. Харин тэдгээрийг хөвгүүд, ач нартаа таниулж мэдүүл. 10 Санагтун, та нарыг Хореб ууланд ЭЗЭН Бурханыхаа өмнө зогсож байхад чинь ЭЗЭН "Ард түмнийг Над уруу цутлуул. Би тэдэнд үгээ сонсгоё. Ингэснээр тэд газар дээр амьдрах бүхий л өдрүүддээ Намайг эмээн хүндэтгэхэд сурч, түүнийгээ үр хүүхдүүддээ зааж сургах юм" гэж надад айлдсан билээ. 11 Та нарыг ойртон очоод, уулын бэлд зогссонд, тэр уул тэнгэр огторгуйд тултал дүрэлзэн шатаж, үүлбүрхэн, манан будандхучигдаж, тас харанхуй болсон. 12 Тэгээд ЭЗЭН галын дундаас та нарт айлдсан. Та нар үг аялгууг сонссон боловч ямар ч дүрс хараагүй, зөвхөн Түүний дуу хоолойг л сонссон. 13 Ингэж ЭЗЭН та нарт гэрээгээ зарлаж, та нарт даган мөрдүүлэхээр тушаасан. Энэ нь Арван Хууль бөгөөд түүнийгээ хоёр чулуун хавтан дээр Өөрөө бичсэн билээ. 14 ЭЗЭН тэр үед та нарт энэ хууль тогтоолуудыг таниулан заахыг надад тушаасан билээ. Энэ нь та нарын эзэмшихээр гатлан очих гэж буй газартта нараар тэдгээрийг даган мөрдүүлэхийн тулд болой.

15 ЭЗЭН Хореб ууланд галын дундаас та нарт айлдсан тэр өдөр та нар ямар ч дүрсийг хараагүй учир та нар өөрсдийгөө маш нарийн хянагтун. 16 Та нар өөрсдөө завхарч, өөрсөддөө зориулан ямар нэгэн хэлбэрийн дүрс бүхий сийлмэл хөргийг бүтээгүүзэй. Эр, эсвэл эм хүний дүрс ч юм уу, 17 газар дээр байдаг ямар нэгэн амьтны дүрс ч юм уу, тэнгэрт нисдэг ямар нэгэн жигүүртний дүрс ч юм уу, 18 газар дээгүүр мөлхөгч ямар нэгэн юмны дүрс ч юмуу, газар доор, усан дотор байдаг ямар нэгэн загасны дүрс бүтээгүүзэй. 19 Тэнгэр өөд хараад ЭЗЭН Бурханаас тань бүх тэнгэрийн доорх хамаг хүн ардад оноосон нар, сар, одод, огторгуйн бүх эрхсийг чи үзээд, түүнд татагдан, мөргөж зарагдуузай. 20 Харин ЭЗЭН та нарыг авч, өнөөдрийнх шиг Өөрийн эзэмшлийн төлөөх ард түмэн болгохын тулд хүдэр хайлуулах зуух Египетээс авчирсан. 21 ЭЗЭН та нараас болж надад уурласан бөгөөд намайг Иорданыг гатлуулахгүй, ЭЗЭН Бурханаас чинь та нарт өв болгон өгч буй тэр сайхан газарт оруулахгүй гэж тангарагласан. 22 Би энэ газартаа үхнэ. Би Иорданыг гатлах ёсгүй. Харин та нар гаталж, тэр сайхан газрыг эзэмших болно. 23 Тиймээс өөрсдийгөө хяна. ЭЗЭН Бурханаас чинь та нартай байгуулсан гэрээг мартаж, ЭЗЭН Бурханыхаа хориглосон ямар нэгэн дүрстэй сийлмэл хөргийг та нар бүтээгүүзэй. 24 Учир нь чиний Бурхан ЭЗЭН бол хуйхлан шатаагч гал, хартай Бурхан юм.

25 Чи тэр нутагт хүүтэй, ач хүүтэй болоод өнө удаан амьдран суухдаа завхран гажуудаж, ямар нэгэн дүрстэй шүтээн хийж, Түүний уур хилэнг хөдөлгөхөөр ЭЗЭН Бурханыхаа мэлмийн өмнө бузар мууг үйлдэх аваас 26 Иордан голыг гатлан эзэмшихээр очиж буй газартаа та нар даруй сөнөх болно хэмээн та нарын эсрэг гэрчлэхийн тулд өнөөдөр би тэнгэр газрыг дуудаж байна. Та нар тэнд удаан амьдрахгүй, харин бүрмөсөн сөнөнө. 27 ЭЗЭН та нарыг ард түмнүүдийн дунд бутраан тарааж, ЭЗЭНий та нарыг хөөн явуулах тэдгээр үндэстнүүдийн дотор та нар цөөхүүлээ үлдэнэ. 28 Тэнд та нар хүний гарын бүтээл болох мод, чулуун бурхдад зарагдах болно. Тэдгээр нь хардаг ч үгүй, сонсдог ч үгүй, иддэг ч үгүй, үнэрлэдэг ч үгүй. 29 Харин тэндээс чи өөрийн Бурхан ЭЗЭНийг эрэх болно. Хэрэв чи Түүнийг бүх зүрхээрээ, бүх сэтгэлээрээ эрвэл олно. 30 Энэ бүх зүйл чамд тулгарч, зовон зүдрэх үед, тэгээд хожмын өдөр чи өөрийн Бурхан ЭЗЭН уруу эргэж, Түүний дуу хоолойг сонсох болно. 31 Чиний Бурхан ЭЗЭН өрөвч Бурхан мөн. Тэрээр чамайг орхих ч үгүй, чамайг устгах ч үгүй, чиний өвөг дээдэст тангарагласан гэрээгээ мартах ч үгүй.

32 Бурхан дэлхий дээр хүнийг бүтээсэн өдрөөс хойших, чамаас өмнө байсан эрт урьдын өдрүүдийн тухай, тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаарыг хүртэл асуу. Үүн шиг агуу их зүйл урьд өмнө ер нь байсан уу? Үүн шиг юмыг урьд өмнө ер нь сонссон уу? 33 Галын дундаас айлдсан Бурханы дуу хоолойг чам шиг сонсоод, амьд үлдсэн ямар нэгэн ард түмэн байна уу? 34 ЭЗЭН Бурхан чинь Египетэд та бүхний төлөө та нарын нүдний өмнө үйлдсэн бүхэнтэй адилаар сорилт, тэмдэг, гайхамшиг, дайн байлдаан, хүчит гар, сунгасан мутар, айлган сүрдүүлэлтээр дамжуулан нэг үндэстнийг нөгөө үндэстний дотроос өөртөө авахаар хөдөлсөн бурхан байна уу? 35 ЭЗЭН бол Бурхан, Түүнээс өөр ямар ч бурхан байхгүй гэдгийг чамд мэдүүлэхийн тулд тэдгээрийг чамд үзүүлсэн юм. 36 ЭЗЭН чамайг зааж сургахын тулд тэнгэрээс Өөрийн дуу хоолойг чамд сонсгож, газар дээр Өөрийн их галыг чамд үзүүлсэн бөгөөд тэр галын дотроос Түүний үгийг чи сонссон билээ. 37 Тэр өвөг дээдсийг чинь хайрласан учир тэдний хойч үеийг сонгосон. Тэр чамайг Өөрөө агуу хүчээрээ Египетээс авчирсан нь 38 чамаас илүү агуу, илүү хүчтэй үндэстнүүдийг чиний өмнөөс хөөн гаргаад, өнөөдрийнхтэй адил чамайг тэдний газар нутаг уруу аваачиж, түүнийг чамд өв болгон өгөхийн тулд юм. 39 Дээд тэнгэр, доод газарт ЭЗЭН бол Бурхан, Түүнээс өөр бурхан байхгүй гэдгийг чи өнөөдөр зүрх сэтгэлдээ шингээж, мэдэж ав. 40 Чи болон чиний үр удам сайн сайхан явахын тулд,чиний Бурхан ЭЗЭНээс чамд өгч буй газар нутаг дээр бүхий л үед урт удаан наслахын тулд чи өнөөдөр миний чамд тушааж байгаа ЭЗЭНий зарлиг тушаалыг сахь гэв.

41 Тэгээд Мосе Иорданы наад тал буюу наран мандах зүгт гурван хотыг тусгаарлан салгажээ. 42 Энэ нь урьдаас санасан өс хонзонгүйгээр, санамсаргүйгээр хүн алсан хүнийг тийшээ зугтаалгахын тулд болой. Тэдгээр хотын нэгэнд зугтан очсоноор тэр хүн амиа хамгаалах юм. 43 Ингэхдээ тэгш талд байдаг Безер хотыг реубенчүүдэд, Гилеад дахь Рамот хотыг гадчуудад, Башан дахь Голан хотыг манассечуудад зориуллаа.

44 Мосегээс Израилийн хөвгүүдийн өмнө тунхагласан хууль нь энэ болой. 45 Эдгээр нь Египетээс Израилийн хөвгүүдийг гарах үед Мосе тэдэнд тунхагласан гэрчлэл, зарлиг, хууль болой. 46 Тэд тэр үед Иорданы дорнод тал дахь Бетпеорын зэргэлдээх хөндийд байжээ. Энэ газар нь Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихоны газар нутаг байсан атал Мосе болон Израилийн хөвгүүд Египетээс гарч ирээд, түүнийг бут цохиж, 47 түүний газар нутгийг, бас Башаны хаан Огийн газар нутгийг эзэмшин авчээ. Аморичуудын тэр хоёр хаан бол Иорданы наад талд буюу наран мандах зүгт 48 Арноны хөндийн зах дахь Ароераас Сион уул (тэр нь Хермон уул) хүртэл, 49 Иорданы дорнод тал дахь Арабагийн бүх нутаг, бүр Писга уулын бэл, Араба тэнгис хүртэлх нутагт сууж байжээ.

5 Тэгээд Мосе бүх Израилийг дуудан тэдэнд хандаж хэлсэн нь
— Израиль аа, миний өнөөдөр та нарт сонордуулж буй хууль зарлигийг сонсогтун. Та нар түүнийг сурч мэдээд, ёсчлон дагаж мөрд!
2 ЭЗЭН Бурхан маань Хореб ууланд бидэнтэй гэрээ байгуулсан билээ. 3 ЭЗЭН энэ гэрээгээ бидний өвөг дээдэстэй байгуулаагүй, харин өнөөдөр энд амьд байгаа бидэнтэй, бид бүхэнтэй байгуулсан билээ. 4 ЭЗЭН уулан дээр галын дундаас та нартай нүүр нүүрээрээ ярьсан билээ. 5 Та нар галаас айгаад, уул өөд гарахгүй байсан учир тэр үед би ЭЗЭНий үгийг та нарт тунхаглахаар ЭЗЭН болон та нарын хооронд зогсож байсан. ЭЗЭН6 "Би бол чамайг боолчлолын гэрээс Египетийн нутгаас гаргаж авсан чиний Бурхан ЭЗЭН байна.

7 Чи Надаас өөр бурхадтай байж болохгүй.

8 Чи өөртөө зориулан шүтээн, эсвэл дээд тэнгэр, доод газар, газар доорх усанд байдаг ямар ч юмны дүрсийг бүү хий. 9 Чи тэдэнд мөргөж, тэдэнд үйлчилж болохгүй. Учир нь чиний Бурхан ЭЗЭН Би бол хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын гурав дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл эцгүүдийнх нь нүглийн шийтгэлийг буулгадаг. 10 Харин Намайг хайрлаж, Миний тушаалыг сахигчдад мянган үед нь хүртэл хайр энэрлээ үзүүлдэг.

11 Чи өөрийн Бурхан ЭЗЭНий нэрийг дэмий бүү дурд. Учир нь ЭЗЭН Өөрийнх нь нэрийг дэмий дурдагчийг шийтгэлгүй орхихгүй.

12 ЭЗЭН Бурханыхаа чамд тушаасан ёсоор амралтын өдрийг ариунаар сахихын тулд түүнийг мөрдөгтүн. 13 Чи зургаан өдөр хөдөлмөрлөж, бүх ажлаа хий. 14 Харин долоо дахь өдөр бол чиний Бурхан ЭЗЭНий амралт тул чи болон чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, чиний үхэр, чиний илжиг, чиний бүх мал адгуус, танайд байгаа зочин ямар ч ажил хийж болохгүй. Чи зарц, шивэгчнээ мөн өөрийнхөө адил амраа. 15 Чи Египетийн нутагт боол байснаа болон ЭЗЭН Бурхан чинь хүчит гар, сунгасан мутраараа чамайг тэндээс гаргаж авчирсныг сана. Тиймээс ЭЗЭН Бурхан чинь амралтын өдрийг сахихыг чамд тушаасан билээ.

16 ЭЗЭН Бурханыхаа тушаасан ёсоор эцэг эхээ хүндэл. Тэгвэл чи урт насалж, чиний Бурхан ЭЗЭНээс чамд өгсөн газар дээр сайн сайхан амьдарна.

17 Чи хүн бүү ал.

18 Чи бүү завхайр.

19 Чи бүү хулгайл.

20 Чи хөршийнхөө эсрэг худал бүү гэрчил.

21 Чи хөршийнхөө эхнэрт бүү санаарх. Чи хөршийнхөө гэр орон, түүний газар, түүний зарц, түүний шивэгчин, түүний үхэр, түүний илжиг, хөршийнхөө юунд ч бүү шуна" гэж айлдсан билээ.

22 ЭЗЭН эдгээр үтсийг уулан дээрх галын дотроос, үүлэн дотроос, гүн харанхуй дундаас, танай бүх чуулганд чанга дуугаар айлдсаны дараа өөр юу ч нэмж айлдсангүй. Тэгээд түүнийгээ хоёр чулуун хавтан дээр Тэр бичээд, надад өгсөн. 23 Уул галд дүрэлзэн шатаж байхад та нар харанхуйн дундаас гарах дуу хоолойг сонсон, танай овгуудын тэргүүнүүд, ахмадууд бүгдээрээ над уруу хүрч ирээд 24 "Бидний Бурхан ЭЗЭН бидэнд Өөрийнхөө сүр жавхлан, агуу чадлаа үзүүллээ. Бид гал дотроос гарч байгаа Түүний дууг сонсоцгоолоо. Бурхан хүнтэй ярьж, тэр хүн нь амьдран байгааг бид өнөөдөр үзлээ. 25 Хэгэхээр бид одоо юунд үхэх ёстой юм бэ? Энэ их гал биднийг залгина. Хэрэв бид ЭЗЭН Бурханыхаа дууг цаашид сонсвол үхнэ. Галын дундаас амьд Бурханы айлдах дуу хоолойг сонсоод, бидэн шиг амьд үлдсэн бие махбодтой хүн хэн байна вэ? 27 Та өөрөө очиж, манай Бурхан ЭЗЭНий айлдах бүхнийг сонсоод, ЭЗЭН Бурханыхаа танд айлдсан бүгдийг бидэнд хэлж өг. Бид түүнийг сонсоод, даган мөрдье" гэсэн.

28 Та нарыг надтай ярьж байхад ЭЗЭН та нарын дууг сонсоод, надад хандан " Энэ ард түмний чамд хэлсэн үгийг Би сонслоо. Тэдний хэлсэн бүхэн зөв зүйтэй. 29 Тэдний зүрх сэтгэл ийм байж, Надаас эмээн, Миний тушаал бүгдийг үргэлж сахиасай! Тэгээд тэд болон тэдний хөвгүүд үүрд сайн сайхан байх болтутай. 30 Чи очоод, тэдэнд «Майхан уруутаа буцацгаа» гэж хэлээд, 31 Харин чиний тэдэндзаах бүх тушаал, зарлиг, хуулийг Би чамд хэлж өгөхийн тулд чи энд Миний дэргэд зогс. Миний тэдэнд эзэмшүүлэхээр өгөх нутагт тэд үүнийг даган мөрдөг" гэж айлдсан. 32 Тиймээс та нар ЭЗЭН Бурханыхаа тушаасныг ёсчлон биелүүлэхдээ хянуур байж, баруун тийш ч, зүүн тийш ч хазайж болохгүй. 33 ЭЗЭН Бурханыхаа та нарт тушаасан бүх ёс журмыг даган мөрд. Тэгвэл та нар амьдарч, сайн сайхан яван, өөрсдийн эзэмших газар нутагт урт наслах болно.

6 Энэ бол Иорданыг гатлан очоод, эзэмших газар нутаг дээрээ та нарын дагаж мөрдөх тушаал, хууль, зарлиг бөгөөд үүнийг та нарт зааж сургахыг ЭЗЭН Бурхан чинь надад тушаасан юм. 2 Ингэснээр чи болон чиний хүү, ач хүү чинь насан туршдаа ЭЗЭН Бурханаасаа айн эмээж, миний та нарт тушаасан бүх зарлиг тушаалыг даган мөрдөх бөгөөд чи урт наслах юм. 3 Израиль аа, сонс! Та нар түүнийг дагаж мөрдөхдөө болгоомжтой бай! Тэгвэл чи сайн сайхан явж, өвөг дээдсийн чинь Бурхан ЭЗЭНий чамд амласанчлан чи сүү, балаар бялхсан тэр газар нутаг дээр улам өнөр өтгөн болно.

4 Израиль аа, сонс! ЭЗЭН бол бидний Бурхан, ЭЗЭН бол ганц. 5 Чи өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла. 6 Өнөөдөр миний чамд тушааж байгаа энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж, 7 хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, гэртээ суужбайхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай. 8 Чи түүнийг тэмдэг болгон гартаа уяж, хоёр нүдний хооронд сахиус мэт байлга. 9 Мөн түүнийг гэрийнхээ хаалганы хатавчин дээр, дааман хаалган дээрээ бич.

10 ЭЗЭН Бурхан чинь чамд өгөхөөр чиний өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаковд тангарагласан тэр газарт чамайг аваачиж, өөрсдийн чинь барьж босгоогүй том сайхан хотууд, 11 чиний дүүргээгүй сайн сайхан юмсаар дүүрэн гэрүүд, чиний ухаагүй усан сангууд, бас чиний тарьж ургуулаагүй усан үзмийн цэцэрлэг, чидун жимсний моддыг чамд өгч, чамайг цадтал идүүлэх үед 12 чи өөрийгөө хяна. Өөрийг чинь боолчлолын гэрээс, Египетийн газар нутгаас авчирсан ЭЗЭНийг чи мартуузай. 13 Чи өөрийн Бурхан ЭЗЭНээс эмээж, Түүнд зарагдан, Түүний нэрээр тангарагла. 14 Та нар бусад бурхдыг буюу эргэн тойрныхоо ард түмнүүдийн бурхдаас алиныг нь ч бүү дага. 15 Та нарын дунд байгаа ЭЗЭН Бурхан чинь хартай Бурхан учир ЭЗЭН Бурхан чинь та нарт уурлан хилэгнэж, газрын хөрснөөс та нарыг арчин зайлуулуузай.

16 Та нар өөрсдийнхөө Бурхан ЭЗЭНийг Массад сорьсон шигээ бүү сорь. 17 Та нар ЭЗЭН Бурханыхаа та нарт тушаасан тушаал, гэрчлэл, зарлигийг сайтар сахьж, 18 ЭЗЭНий өмнө юу нь зөв, сайн болохыг үйлд. Тэгвэл чи сайн сайхан байж, чиний өвөг дээдэстЭЗЭНий тангарагласан тэр сайхан газар нутагт очин, эзэмшинэ. 19 ЭЗЭНий айлдсанчлан, чиний хамаг дайснуудыг өмнөөс чинь хөөн гаргана.

20 Хожим чиний хүү "Бидний Бурхан ЭЗЭНий танд тушаасан гэрчлэл, зарлиг, хуулиуд нь ямар учиртай юм бэ? " гэж чамаас асуувал 21 чи хүүдээ "Бид Египетэд Фараоны боол байсан юм. ЭЗЭН хүчирхэг мутраараа биднийг Египетээс авчирсан. 22 ЭЗЭН бидний нүдний өмнө агуу их аймшигт тэмдгүүд, гайхамшгуудыг Египетэд, Фараонд болон түүний хамаг гэр оронд үзүүлсэн юм. 23 Тэр бидний өвөг дээдэст тангарагласан нутагт биднийг оруулж, бидэнд өгөхийн тулд тэндээс авчирсан билээ" гэж хэл. 24 Бидний үргэлжийн сайн сайхны төлөө, мөн биднийг өнөөдрийнх шиг амьд байлгахын тулд ЭЗЭН эдгээр бүх зарлигийг дагахыг, өөрсдийн Бурхан ЭЗЭНээс эмээхийг бидэнд тушаасан. 25 Бид Түүний тушаасан ёсоор өөрсдийн Бурхан ЭЗЭНий өмнө эдгээр бүх тушаалыг дагахдаа хянуур байх аваас тэр нь бидний зөвт байдал болно.

7 ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очих гэж байгаа тэр газар уруу чамайг оруулж, олон үндэстнийг буюу хитчүүд, гиргашчууд, аморичууд, канаанчууд, перизчүүд, хивичүүд, иебусчууд хэмээх та нараас ч олон, илүү хүчтэй долоон үндэстнийг та нарын өмнө хөөн гаргахад, 2 ЭЗЭН Бурхан чинь тэднийг чамд тушаах үед, чи тэднийг цохигтун.

Тэгэхдээ тэднийг бүрмөсөн устгах ёстой. Чи тэдэнтэй ямар ч гэрээ байгуулж болохгүй. Тэдэнд ямар ч өршөөл үзүүлж болохгүй. 3 Мөн чи тэдэнтэй бүү гэрлэ. Охиноо ч тэдний хөвгүүнд бүү өг. Тэдний охиныг ч бэрээ бүү болго. 4 Тэрээр хүүг чинь өөр бурхдыг шүтүүлэхийн тулд Миний араас холдуулан эргүүлнэ. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэж, та нарыг даруй устгах болно. 5 Харин та нар тэдэнд ийнхүү ханд. Тэдний тахилын ширээг нурааж, тэдний босгосон чулуун баганыг эвдэлж, Ашерагийн модон шонг хуга цавчиж, сийлмэл шүтээнүүдийг нь галдан шатаа.

6 Та нар бол өөрсдийн Бурхан ЭЗЭНд ариун ард түмэн мөн. ЭЗЭН Бурхан чинь энэ дэлхий дээр байгаа бүх ард түмнүүдээс та нарыг Өөрийнхөө өмчлөлийн ард түмэн болгон сонгосон билээ. 7 Та нар бусад үндэстнээс олон байсан учраас ЭЗЭН та нарыг хайрлаж, сонгосон юм бус. Та нар бол бүх үндэстнээс хамгийн цөөхөн нь билээ. 8 Харин ЭЗЭН та нарыг хайрласан учраас, бас та нарын өвөг дээдэст андгайлсан тангаргаа сахихын тулд та нарыг Тэр хүчирхэг мутраараа гарган авч, боолчлолын гэрээс, Египетийн хаан Фараоны гараас зольсон билээ. 9 Тиймээс чи мэдэж ав. Чиний Бурхан ЭЗЭН бол Бурхан, Тэр бол итгэмжит Бурхан. Тэр Өөрийг нь хайрлаж, тушаалыг нь дагагчдад мянган үеийг хүртэл гэрээгээ сахьж, хайр энэрлээ үзүүлдэг. 10 Харин Өөрийг нь үзэнядагчдад хариуг өгч, устгана. Тэр Өөрийг нь үзэн ядагчдад хойшлуулалгүй даруй хариу өгдөг. 11 Тийм учраас миний өнөөдөр та нарт тушааж байгаа тушаал, зарлиг, хууль тогтоолыг та нар үйлдэхийн тулд сахин мөрдөцгөө.

12 Хэрэв та нар эдгээр бүх хууль тогтоолыг сонсож, түүнийг ёсчлон дагаж мөрдвөл чиний Бурхан ЭЗЭН чиний өвөг дээдэст тангарагласан гэрээгээ сахьж, чамд хайр энэрлээ хүртээх болно. 13 Тэрээр чамайг хайрлан, ивээж, чамайг өнөр өтгөн болгон, чамд өвлүүлэн өгөхөөр өвөг дээдэст чинь тангарагласан газар нутаг дээр үр хүүхдүүдийг чинь ивээж, газрын чинь үр жимс болох тариа, усан үзмийн шинэ дарс, тосыг ерөөж, бод бог малын төлийг чинь өсгөж үржүүлэх болно. 14 Чи бусад бүх ард түмнээс илүү ивээгдэнэ. Та нарын дунд үргүй, хүүсэр хүн байхгүй болох бөгөөд мал сүргийн чинь дунд үргүй, сувай мал байхгүй болно. 15 ЭЗЭН бүх өвчнийг чамаас зайлуулна. Тэрээр та нарын мэддэг Египетийн аюулт өвчнүүдээс чамд хүргэхгүй, харин та нарыг үзэн ядагч бүхний дээр тэр өвчнүүдийг буулгана. 16 Чиний Бурхан ЭЗЭНээс чамд тушаах бүх ард түмнүүдийг чи устгах ёстой. Тэднийг бүү өрөвдөн хар. Тэдний бурхдад бүү зарагд. Тэр чинь чамд урхи болно.

17 "Эдгээр үндэстэн надаас илүү олон. Би тэднийг яаж зайлуулж чадах вэ?" гэж чи зүрхэндээ хэлж байж магадгүй. 18 Гэвч чи тэднээс бүү ай! Чиний Бурхан ЭЗЭН Фараонд болон бүх Египетэд юу үйлдсэнийг сайн сана. 19 Та нарын нүдээрээ харсан тэр их сорилт, тэмдэг, гайхамшиг, хүчирхэг гар, сунгасан мутраар ЭЗЭН Бурхан чинь чамайг гаргаж авсан. ЭЗЭН Бурхан чинь чиний айж байгаа бүх ард түмнүүдэд тийнхүү үйлдэнэ. 20 Чиний Бурхан ЭЗЭН тэднээс үддэгсэд ба чамаас нуугдсан хүмүүсийг устаж дуустал тэдний эсрэг морин зөгийг илгээнэ. 21 Чи тэднээс бүү ай! Учир нь та нарын Бурхан ЭЗЭН агуу их, аймшигт Бурхан та нарын дунд байна. 22 Чиний Бурхан ЭЗЭН чиний өмнө тэдгээр үндэстнүүдийг бага багаар хөөн зайлуулах болно. Чи тэднийг даруй түргэн устгаж болохгүй. Эргэн тойронд чинь хээрийн араатан асар олноор өсөн үржих болуузай. 23 Харин чиний Бурхан ЭЗЭН тэдгээр ард түмнүүдийг чамд тушааж өгөх бөгөөд тэднийг устаж дуустал нь үлэмжийн үймээн самуунд автуулна. 24 Тэр тэдний хаадыг чиний гарт тушаана. Тэгснээр чи тэдний нэрсийг тэнгэрийн доороос арчин зайлуулна. Чи тэднийг устгаж дуусгах хүртэл чиний өмнө зогсож чадах нэг ч хүн байхгүй. 25 Чи тэдний бурхдынх нь сийлмэл хөргүүдийг галд шатаа. Тэдгээрийн алт, мөнгөн бүрхүүлд нь бүү шуна, түүнийг өөртөө бүү ав. Чи түүнээс болж урхидуулуузай. Энэ бол чиний Бурхан ЭЗЭНий жигшин үздэг зүйл. 26 Чи тийм жигшүүрт зүйлийг гэр орондоо бүү авчир. Чи бас түүн шиг хараал хүртэх вий. Чи түүнийг бүрмөсөнжигшиж, бүрмөсөн үзэн яд. Юу гэвэл тэр нь хориотой зүйл юм.

8 Өнөөдөр миний та нарт тушааж буй бүх тушаалыг та нар ёсчлон дага. Тэгвэл та нар амьдран, өнөр өтгөн болж, та нарын өвөг дээдэст ЭЗЭНий тангарагласан тэр газарт орж, түүнийг эзэмших юм. 2 ЭЗЭН Бурхан чинь чамайг энэ дөчин жилийн турш цөлд удирдсан бүх л зам мөрийг дурсан сана. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг, Түүний тушаалыг дагах эсэхийг чинь мэдэхийн тулд, чамайг номхтгож, шалгаж сорихын тулд байсан юм. 3 Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин хүн ЭЗЭНий амнаас гарах үг бүхнээр амьдардаг гэдгийг чамд ойлгуулахын тулд Тэрээр чамайг номхтгон, чамайг өлсгөж, чиний мэддэггүй, чиний өвөг дээдэс ч мэддэггүй байсан "манна"гаар чамайг хооллож байсан. 4 Энэ дөчин жилийн турш чиний өмссөн хувцас элэгдээгүй, чиний хөл цэврүүтээгүй. 5 Эцэг нь хүүтээ хүмүүжүүлдэг шиг ЭЗЭН Бурхан чинь чамайг сахилгажуулж байсныг зүрхэндээ санаж яв. 6 Тиймээс Түүний замаар явж, Түүнээс эмээхийн тулд чи өөрийн Бурхан ЭЗЭНий тушаалыг сахь. 7 Чиний Бурхан ЭЗЭН чамайг сайхан газарт аваачиж байна. Тэр газар бол хөндий толгодоор нь гол горхи, булаг шанд урсдаг, 8 улаан буудай, арвай, усан үзэм, инжир, анар жимсний орон, чидуны тос, бал бурмын орон юм. 9 Чи тэнд идэх хоол хүнсээр хомсдохгүй, юугаар ч дутахгүй, хад чулуу ньтөмөр бөгөөд толгодоос нь зэс малтан гаргаж болно. 10 Чи идэж цадаад тэр сайхан газрыг чамд өгснийх нь төлөө ЭЗЭН Бурханаа магтана.

11 Өнөөдөр миний чамд тушааж буй Түүний тушаал, хууль, зарлигийг сахилгүй, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартахаас болгоомжлоорой. 12 Чи идэж цадаад, сайхан байшин барьж, тэндээ амьдран, 13 мал сүрэг чинь үржин олширч, алт мөнгө чинь арвижиж, чамд байгаа бүхэн чинь өсөн нэмэгдэх үед 14 чиний зүрх бардам болж, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартуузай. Тэр Египетийн нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж аваад, 15 өргөн уудам, аймшигт цөл дундуур, галт могой, хилэнцэт хорхойтой, усгүй ангамал газраар удирдан дагуулж, чиний төлөө цахиур чулуунаас ус гаргаж өгсөн билээ. 16 Чамайг номхтгон, чамайг сорьж шалгаад, эцэст нь чамайг сайн сайхан амьдруулахын тулд Тэрээр чиний өвөг дээдэс ч мэддэггүй байсан "манна"гаар цөлд чамайг хооллож байсан билээ. 17 "Би хүч тэнхээ, гарынхаа чадлаар энэ хөрөнгө чинээг өөртөө бий болгосон юм" гэж чи зүрхэндээ хэлүүзэй. 18 Харин өвөг дээдэст чинь тангарагласан Өөрийнхөө гэрээг өнөөдрийнх шиг батлахын тулд Тэр чамд хөрөнгө чинээ олох хүч чадлыг өгдөг учраас чи өөрийн Бурхан ЭЗЭНийг санагтун. 19 Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНийг мартаж, өөр бурхдыг дагаж, тэдэнд үйлчлэн, тэдэнд мөргөвөөс чи гарцаагүй устахболно хэмээн би өнөөдөр та нарын эсрэг гэрчилж байна. 20 Та нар ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсоогүйн төлөө та нарын өмнө ЭЗЭНий устгасан тэдгээр үндэстнүүдийн нэгэн адил та нар устгагдах болно.

9 Израиль аа, сонс! Тэнгэр тулсан өндөр хана хэрэм бүхий том том хотуудтай, өөрсдөөс чинь илүү хүчирхэг том үндэстнүүдийг эзлэхээр явахын тулд чи өнөөдөр Иордан голыг гатлах гэж байна. 2 Тэндхийн хүмүүс нь аварга том, өндөр, та нарын мэддэг анакчуудын хөвгүүд билээ. "Анакийн хөвгүүдийн өмнө хэн зогсож чадах билээ?" гэж хэлэлцдэгийг та нар бас сонссон. 3 Чи өнөөдөр мэдэж ав. ЭЗЭН Бурхан чинь дүрэлзэж байгаа гал шиг чиний өмнө гатлан явж, тэднийг бут цохиод, чиний өмнө унагана. Ингэснээр чи ЭЗЭНийхээ айлдсан ёсоор тэднийг хөөн гаргаж, даруй устгах юм. 4 ЭЗЭН Бурхан чинь тэднийг чиний өмнөөс хөөн гаргасны дараа "ЭЗЭН миний зөвт байдлаас болж намайг энэ газар нутгийг эзэмшүүлэхээр авчирсан" гэж дотроо бүү бод. Харин эдгээр үндэстний хорон муу байдлаас болж ЭЗЭН тэднийг чиний өмнөөс хөөн гаргаж байгаа юм. 5 Чи тэдний газар нутгийг эзэмшихээр явах гэж байгаа нь чиний зөвт байдлаас болсон юм биш, зүрх сэтгэлийн чинь шулуун шударгаас болсон юм биш, харин ЭЗЭН чиний өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаковд тангарагласан тангаргаа батлахын тулд ЭЗЭНБурхан чинь тэднийг чиний өмнөөс хөөн зайлуулж байгаа нь эдгээр үндэстнүүдийн хорон муу байдлаас болсон юм. 6 ЭЗЭН Бурхан чинь чамд энэ сайхан газар нутгийг эзэмшүүлэхээр өгч байгаа нь чиний зөвт байдлаас болсон юм биш гэдгийг мэдэж ав. Учир нь чи бол хөшүүн хүзүүтэй ард түмэн юм.

7 Цөлд чи өөрийн Бурхан ЭЗЭНийг яаж хилэгнүүлж байснаа марталгүй санаж яв. Чи Египетийн нутгийг орхисон өдрөөс хойш энэ газарт иртлээ ЭЗЭНий эсрэг тэрсэлсээр байсан. 8 Тэр ч байтугай та нар Хореб ууланд ЭЗЭНий уур хилэнг өдөөснөөс болж ЭЗЭН та нарт ихэд хилэгнэж, та нарыг устгах гэсэн билээ. 9 Тэр үед би чулуун хавтангууд буюу ЭЗЭНий та нартай байгуулсан гэрээний хавтангуудыг авахаар уул өөд гараад, тэр ууланд дөчин өдөр, дөчин шөнө байхдаа талх ч идээгүй, ус ч уутаагүй. 10 Бурханы хуруутаар бичигдсэн хоёр чулуун хавтанг ЭЗЭН надад өгсөн. Чуулган болсон тэр өдөр уулын орой дээр галын дундаас та нарт хандаж ЭЗЭНий айлдсан бүх үгс тэдгээр хавтан дээр байсан. 11 Тэрхүү дөчин өдөр, дөчин шөнийн эцэст ЭЗЭН надад хоёр чулуун хавтан буюу гэрээний хавтанг өгсөн. 12 Дараа нь ЭЗЭН надад хандан "Чи босож, эндээс даруй буу. Учир нь чиний Египетээс гаргаж авчирсан ард түмэн чинь ялзарч, Миний тэдэнд тушаасан замаас тэд маш тургэн буцаж, өөрсөддөө зориулан цутгамал хөрөг бүтээсэн байна" гэсэн. 13 ЭЗЭН цааш нь надад "Би энэ ард түмнийг харлаа. Үнэхээр тэд бол хөшүүн хүзүүтэй ард түмэн байна. 14 Надад бүү саад хий. Би тэднийг устгаж, тэдний нэрийг тэнгэрийн доороос арчин хаяж, чамайг тэднээс илүү хүчтэй, илүү агуу үндэстэн болгоно" гэсэн. 15 Намайг уулан дээрээс буцаж буухад ууланд гал дүрэлзэж, гэрээний хоёр хавтан миний хоёр гарт байв. Үнэхээр та нар ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдсэнийг би харсан. Та нар өөрсөддөө зориулж, тугалын дүрсийг цутган бүтээжээ. Та нар ЭЗЭНий тушаасан замаас маш түргэн буцсан учир 17 би өнөөх хоёр хавтанг гартаа авч, чулуудан та нарын нүдний өмнө буталсан билээ. 18 Би ЭЗЭНий өмнө урьдынх шигээ дөчин өдөр, дөчин шөнө түрүүлгээ харан хэвтэж, талх ч идээгүй, ус ч уугаагүй. Та нарын Түүний уур хилэнг хөдөлгөхөөр ЭЗЭНий мэлмийн өмнө бузар муу үйлдэлд холбогдсон бүх нүглээс чинь болж тэгсэн юм. 19 ЭЗЭН та нарт ихэд уурлан хилэгнэж, та нарыг устгах гэсэнд би айсан. Харин ЭЗЭН тэр үед ч мөн намайг сонссон. 20 ЭЗЭН Ааронд ихэд уурлаж, түүнийг хөнөөх гэсэнд би тэр үед ч мөн Аароны төлөө залбирсан. 21 Та нарын нүгэл болох та нарын бүтээсэн тугалыг би авч галд шатаан, нарийн тоос мэт болтол нь бутлаж нунтаглаад, уулаас урсан буух горхины усанд цацсан.

22 Та нар Табера, Масса, Кибротхаттаавад байхдаа ЭЗЭНийгбас хилэгнүүлсэн. 23 ЭЗЭН та нарыг Кадешбарнеагаас явуулахдаа "Та нар явж, Миний та нарт өгсөн газрыг эзэмшицгээ" гэж хэлсэн. Харин та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНий тушаалыг эсэргүүцэн, Түүнд итгэсэн ч үгүй, Түүний үгийг ч сонсоогүй. 24 Би та нарыг мэдэх болсон тэр өдрөөс хойш та нар ЭЗЭНий эсрэг тэрсэлсээр ирсэн.

25 ЭЗЭН та нарыг устгана хэмээн айлдсанаас болж би Түүний өмнө дөчин өдөр, дөчин шөнө түрүүлгээ харан хэвтсэн билээ. 26 Би ЭЗЭНд залбирсан бөгөөд "Эзэн БУРХАН, Та Өөрийнхөө сүр хүчээр зольсон, хүчирхэг мутраараа Египетээс гаргаж авсан Өөрийн ард түмэн Өөрийн өвийг битгий устгаач. 27 Та Өөрийн зарц Абрахам, Исаак, Иаков нарыг санаач. Энэ ард түмний зөрүүд зан, тэдний хорон муу байдал, тэдний нүглийг битгий хараач. 28 Эс бөгөөс Таны биднийг гаргаж авсан тэр нутгийнхан «ЭЗЭН тэдэнд амласан газартаа тэднийг аваачих чадваргүй байсан учраас, мөн тэднийг үзэн ядсан учраас Тэр тэднийг цөлд алахаар авчирсан» гэж хэлэх болно. 29 Тэд бол Таны агуу их хүчээрээ, сунгасан мутраараа гаргаж авчирсан Таны ард түмэн болох Таны өв билээ" гэсэн.

10 Тэгэхэд ЭЗЭН надад "Чи түрүүчийнх шигээ хоёр чулуун хавтанг засаж янзлаад, уулан дээр Над уруу хүрч ир. Бас нэгэн модон авдар хий. 2 Чиний буталсан түрүүчийн хавтангууддээр байсан үгсийг Би тэр хавтан дээр бичье. Чи түүнийг тэр авдартаа хий" гэв. 3 Би хуайс модоор нэг авдар хийж, түрүүчийнх шигээ хоёр чулуун хавтанг засаж янзлан, түүнийгээ гартаа бариад уул уруу гарсан. 4 Чуулган болсон тэр өдөр ЭЗЭН уулан дээр галын дундаас та нарт хандаж айлдсан Арван Хуулиа түрүүчийн адил хавтангууд дээр бичээд, түүнийгээ надад өгсөн билээ. 5 Тэгээд би буцаж, уулаас буугаад, ЭЗЭНий надад тушаасан ёсоор нөгөөх хавтангуудаа өөрийнхөө хийсэн авдарт хийсэн бөгөөд хавтангууд одоо ч тэндээ байгаа.

6 (Израилийн хөвгүүд Беерот БенеИааканаас, Мосера уруу хөдөлсөн билээ. Аарон тэнд үхэж, түүнийг тэнд оршуулсан. Түүний хүү Елеазар оронд нь тахилч болж үйлчилсэн. 7 Тэд тэндээсээ Гудгода уруу хөдөлж, мөн цааш Гудгодагаас хөдөлж, горхи элбэгтэй Иотбатад хүрч ирсэн билээ. 8 Тэр үед ЭЗЭН Леви овгийнхныг ЭЗЭНий гэрээний авдрыг зөөлгөхийн тулд, Түүнд зарагдаж, Түүний нэрээр энэ өдрийг хүртэл ерөөл хийлгэхээр ЭЗЭНий өмнө зогсоохын тулд тусгаарласан. 9 Тиймээс левичүүд ах дүүсийнхээ дунд хувь ч үгүй, өв ч үгүй. Чиний Бурхан ЭЗЭН тэдэнд айлдсан ёсоор ЭЗЭН тэдний өв юм.)

10 Би урьдын адил уулан дээр дөчин өдөр, дөчин шөнө байсан. ЭЗЭН тэр үед ч бас намайг сонссон бөгөөд чамайг устгах хүсэлгүй байсан. 11 Тэгээд ЭЗЭН надад хандан "Чи бос. Миний тэдэндөгөхөөр өвөг дээдэст нь тангарагласан газар уруу тэднийг аваачиж, эзэмшүүлэхийн тулд энэ ард түмнийг тэргүүлэн аян замаа цааш үргэлжлүүл" гэж айлдсан билээ.

12 Израиль аа! Чиний Бурхан ЭЗЭН чамаас юут шаарддаг вэ? Зөвхөн ЭЗЭН Бурханаасаа айн эмээхийг, Түүний бүх замаар явахыг, Түүнийг хайрлан, бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа үйлчлэхийг болон 13 чиний сайн сайхны төлөө өнөөдөр миний чамд тушааж байгаа ЭЗЭНий зарлиг, тушаалыг дагаж мөрдөхийг шаарддаг бус уу? 14 Тэнгэр хийгээд хамгийн дээд тэнгэр, бас газар дэлхий, түүн дээр байгаа бүхэн чиний Бурхан ЭЗЭНийх юм. 15 Гэсэн ч ЭЗЭН зөвхөн чиний өвөг дээдсийг хайрлахаар таашаан соёрхож, тэдний үр удмынхан болох та нарыг өнөөдрийнхтэй адил бүх ард түмнүүдийн дээгүүр сонгож авсан. 16 Тиймээс та нар зүрхэндээ хөвч хөндүүлж, цаашид хөшүүн хүзүү бүү гарга. 17 Та нарын Бурхан ЭЗЭН бол бурхдын Бурхан, эздийн Эзэн, агуу их, хүчирхэг, аймшигт Бурхан. Тэрээр хүнийг алагчилдаг ч үгүй, хээл хахууль авдаг ч үгүй. 18 Тэрээр өнчин, бэлэвсэн эмэгтэйн төлөө шударга ёсыг тогтоон, харийн хүнд хоол хүнс, хувцас хунар өгч Өөрийн хайраа харуулдаг. 19 Та нар Египетэд харийн хүн байсан. Тийм учраас та нар харийн хүнийг хайрла. 20 ЭЗЭН Бурханаасаа айн эмээж, Түүнд зарагдан, Түүнээс зууран, Түүний нэрээр тангарагла. 21 Тэр бол чиний магтаал, Тэр бол чиний Бурхан. Тэрээр чиний нүдээрээ үзсэн тийм агуу их, сүрдмээр зүйлсийг чиний төлөө үйлдсэн. 22 Египетэд хүрч очсон чиний өвөг дээдэс ердөө далуулаа байсан бол ЭЗЭН Бурхан чинь одоо чамайг тэнгэрийн одод мэт олон болгожээ.

11 Тиймээс чи өөрийн Бурхан ЭЗЭНийг хайрлан, Түүний захиа даалгавар, хууль тогтоол, зарлиг, тушаалыг үргэлж дагаж яв. 2 Та нарын Бурхан ЭЗЭНий сахилгажуулалтыг мэдээгүй, хараагүй хөвгүүдтэй чинь би яриагүй гэдгийг өнөөдөр ойлго. Тэд Түүний сүр жавхлан, Түүний хүчирхэг гар, Түүний сунгасан мутрыг, 3 Египетийн төвд Египетийн хаан Фараон болон бүх газар нутагт нь Түүний үйлдсэн тэмдэг, үйлсийг нь, 4 та нарын хойноос хөөн ирсэн тэднийг Улаан тэнгисийн усанд живүүлэх үедээ Египетийн цэргүүд, тэдний агт морьд, тэрэгнүүдэд ЭЗЭНий юу хийснийг болон ЭЗЭН тэднийг бүрмөсөн устгасныг, 5 та нарыг энд ирэх хүртэл цөлд та нарт Түүний юу хийснийг, 6 Реубений хүү, Елиабын хөвгүүд болох Датан, Абирам нарыг хэрхсэнийг, тэр үед газар амаа ангайлган бүх Израилийн дундаас тэднийг, тэдний гэр бүл, тэдний майхан, тэднийг дагасан амьтай бүхнийг залгисныг хараагүй. 7 Харин та нар ЭЗЭНий үйлдсэн энэ бүх агуу үйлсийг нүдээрээ үзсэн билээ.

8 Тиймээс та нар миний өнөөдөр та нарт өгч буй тушаал бүрийг даган мөрд. Ингэснээр та нар хүчирхэг болж, Иорданыг гатлан, эзэмших гэсэн тэр газраа орж, түүнийг эзэмших юм. 9 Ингэснээр тэдэнд болон тэдний үр хүүхдэд өгөхөөр өвөг дээдэст чинь ЭЗЭНий тангарагласан сүү, балаар бялхсан тэр газарт та нар урт наслах юм. 10 Чиний эзэмшихээр очих гэж байгаа тэр газар бол чиний гарч ирсэн Египетийн газар нутагтай адилгүй. Египетэд та нар үр суулгаад, ногооны талбай мэт хөлөөрөө усалдаг байсан. 11 Харин чиний эзэмшихээр Иорданыг гатлах гэж байгаа тэр газар бол тэнгэрийн хур бороогоор ундаалдаг хөндий, толгодын орон бөгөөд 12 чиний Бурхан ЭЗЭНий асран хамгаалдаг орон юм. Чиний Бурхан ЭЗЭНий мэлмий жилийн эхнээс аваад эцэс хүртэл үргэлж түүнийг тольдон байдаг билээ.

13 Хэрэв та нар өнөөдөр миний та нарт тушааж байгаа тушаалыг минь сайтар сонсож, ЭЗЭН Бурханаа хайрлаж, Түүнд бүх зүрх, бүх сэтгэлээрээ зарагдвал 14 ЭЗЭН та нарын газар дээр хур бороог цаг улиралд нь оруулж, хавар намрын бороог илгээж, та нар үр тариа, шинэ дарс, тос авах болно. 15 Тэрээр мал сүргийн чинь төлөө өвс ногоог хээр талд ургуулан, та нар идэж, өөг цатгалан байх болно. 16 Та нар болгоомжтой бай! Та нарын зүрх мэхлэгдэн эргэж, өөр бурхдад зарагдан тэдэнд мөргөх вий. 17 Тэгвэл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэн тэнгэрийг хаагаад бороо орохгүй, газраас үр тариа ч ургахгүй болно. Та нар ЭЗЭНий өгч буй сайн газраас даруй устана.

18 Тиймээс та нар миний энэ үгсийг зүрхэндээ, сэтгэлдээ тогтоож, түүнийг тэмдэг болгон бугуйндаа уяж, хоёр нүдний хоорондох сахиус мэт байлга. 19 Та нар түүнийг хөвгүүддээ зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэхдээ ч, босохдоо ч түүний тухай ярьж бай. 20 Та нар үүнийг хаалганыхаа хатавч, дааман хаалган дээр бич. 21 Тэгвэл та нарын өвөг дээдэст өгөхөөр ЭЗЭНий тангарагласан газар дээр та нарын болон хөвгүүдийн чинь амьдрал газрын дээр тэнгэрийн орших хоногууд мэт уртсана. 22 Та нар хэрэв миний та нарт тушааж буй энэ бүх тушаалыг сахин, үйлдэж, ЭЗЭН Бурханаа хайрлаж, Түүний бүх замаар явж, Түүнээс зууран байвал 23 ЭЗЭН эдгээр бүх үндэстнийг та нарын өмнөөс хөөн гаргаж, та нар өөрсдөөсөө илүү хүчтэй, илүү том улсуудыг эзэмших болно. 24 Та нарын хөлийн ул гишгэх газар бүхэн чинь та нарынх болно. Танай хил хязгаар нь цөлөөс Ливан хүртэл, Евфрат мөрнөөс баруун тэнгис хүртэл үргэлжлэх болно. 25 ЭЗЭН Бурхан чинь та нарт айлдсан ёсоороо та нарын хөл хүрсэн бүх л газрын хүмүүсийг та нараас айх айдас хүйдсээр хучна. Тиймээс та нарын эсрэг хэн ч босож чадахгүй.

26 Өнөөдөр би та нарын өмнө ерөөл, хараал хоёрыг тавьж байна. 27 Хэрэв та нар өнөөдөр миний тушааж буй ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сонсвол ерөөгдөх болно. 28 Хэрэв та нар ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сонсолгүй, харин миний өнөөдөр та нарт тушааж буй ёс журмаас хазайж, урьд мэддэггүй байсан өөр бурхдыг дагаваас хараагдах болно. 29 ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очиж буй тэр газарт чамайг аваачин оруулах үед чи Геризим уулан дээр ерөөлийг, Ебал уулан дээр хараалыг тавь! 30 Тэр хоёр уул Иорданы нөгөө талд, наран шингэх зүг уруу чиглэсэн замын баруун талд, Гилгалын харалдаа, Морегийн царс модны дэргэд Арабад оршин суудаг канаанчуудын нутагт байдаг биш үү? 31 Та нар ЭЗЭН Бурханаас чинь та нарт өгч байгаа тэр газрыг эзэмшихээр очихын тулд Иордан голыг гатлах гэж байна. Та нар түүнийг эзэмшин, тэндээ оршин суух болно. 32 Миний өнөөдөр та нарын өмнө таниулж байгаа бүх зарлиг, хууль тогтоолыг та нар ёсчлон дага.

12 Дэлхий дээр та нар амьдран суух хугацаандаа өвөг дээдсийн чинь Бурхан ЭЗЭН чамд эзэмшүүлэхээр өгсөн газар нутагт даган биелүүлэх ёстой зарлиг, хууль тогтоол энэ байна. 2 Та нарын хөөн гаргах тэдгээр үндэстнүүдийн бурхаддаа зарагдаж байсан өндөр уул, дов толгод, аливаа ногоон модон доорх бүх л газруудыг бүрмөсөн устга. 3 Та нар тэдний тахилын ширээг нь нурааж, чулуун баганыг нь хуталж, Ашерагийн модон шонг нь галд шатааж, бурхдынх нь сийлмэл хөргүүдийг тас цавчиж, тэндээстэдний нэрийг арчин зайлуул. 4 Та нар ЭЗЭН Бурхандаа ингэж хандаж болохгүй. 5 Харин та нарын Бурхан ЭЗЭН Өөрийнхөө нэрийг тавин, Өөрөө суухаар танай овгуудаас сонгох тэр газрыг та бүхэн хайж, тэнд та нар оч. 6 Та нар өөрсдийн шатаалт тахил, өөрсдийн тахил, өөрсдийн аравны нэг хувийн өргөл, өөрсдийн гарын дээдлэн барих өргөл, тангаргийн өргөл, сайн дурын өргөл, өөрсдийн бод, бог малын ууган төл тэргүүтнээ тэнд авчрах ёстой. 7 Та нар ЭЗЭН Бурханыхаа өмнө тэндээ хооллож, гараараа хийсэн бүхнийг чинь чиний Бурхан ЭЗЭН ивээсэн учраас гэр хотлоороо наргиж цэнгэцгээ. 8 Өнөөдөр энд бидний үйлдэж байгааг хийж болохгүй. Учир нь энд хүн бүр өөрийнхөө нүдэнд зөв гэж үзсэнээ үйлдэж байна. 9 Та нар амралт болон ЭЗЭН Бурханы чинь та нарт өгч буй өвд хүрэх арай болоогүй байна. 10 Харин та нар Иорданыг гатлан, ЭЗЭН Бурханыхаа та нарт өв болгон өгч буй тэр газар суух болно. Тэр эргэн тойрны чинь дайснуудаас чамайг ангижруулан, чи айх аюулгүй амьдрах болно. 11 Тэр цагт ЭЗЭН Бурхан чинь Өөрийн нэрийг оршоохоор сонгож авах тэр газарт та нар миний тушаасан бүхнийг авч очих ёстой. Та нар өөрсдийн шатаалт тахил, өөрсдийн тахил, аравны нэг хувийн өргөл, өөрсдийн гарын дээдлэн барих тахил, өөрсдөө ЭЗЭНд тангараглаж барих шилмэл тангаргийн өргөл бүхнээ аваачиж, 12 та нар хөвгүүд,охид, зарц шивэгчдийнхээ хамт ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэнэ. Мөн танай хотод буй левичүүд, та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй тул бас та нартай хамт баясан цэнгэнэ. 13 Чи харсан газар бүрдээ шатаалт тахилаа өргөж болохгүй, болгоомжтой бай. 14 Харин танай овгуудын аль нэгнээс ЭЗЭНий сонгож авах тэр газарт л чи шатаалт тахилаа өргөж, миний чамд тушаасан бүхнийг тэнд үйлд.

15 Харин ЭЗЭН Бурханы чинь чамд өгсөн ивээлийн дагуу чи өөр өөрийнхөө хотын дотор малаа дураараа нядалж махыг нь идэж болно. Бузартсан ба цэвэр хүний аль нь ч түүнээс гөрөөс, бугын мах иддэг шигээ идэж болно. 16 Зөвхөн цусыг нь идэж болохгүй, түүнийг газарт ус шиг асга. 17 Чи үр тариа, шинэ дарс, тосныхоо аравны нэг хийгээд бод бог малынхаа ууган төл, тангарагласан ёсоороо төлөх аливаа тангаргийн өргөл, өөрийн сайн дурын өргөл, гарын дээдлэн барих тахилыг хотынхоо дотор бүү ид. 18 Харин чи ЭЗЭН Бурханыхаа сонгож авах тэр газарт өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө хөвгүүд, охид, зарц, шивэгчид, хотынхоо левичүүдтэй хамт түүнийг идэж, бас өөрийнхөө хийж бүтээсэн бүхний төлөө ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэ. 19 Чи болгоомжтой байж, нутагтаа амьдран суух хугацаандаа левичүүдийг бүү орхи.

20 ЭЗЭН Бурхан чинь чамд амласан ёсоороо хил хязгаарыг чиньтэлж өгөх үед чи мах идэхийг хүсэж "Би мах идье" гэж хэлээд хүссэнийхээ зоргоор мах идэж болно. 21 Хэрэв ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгосон тэр газар чамаас хэтэрхий хол байвал миний чамд тушаасан ёсоор ЭЗЭНий өгсөн мал сүргээс нядалж, хотынхоо дотор хүссэнээрээ идэж болно. 22 Гөрөөс, бутын махыг иддэг шиг та нар идэж болно. Бузартсан, эсвэл цэвэр хүн мөн адил түүнээс идэж болно. 23 Харин чи цус идэхээс болгоомжил. Цус бол амь учраас тэр амийг махтай хамт идэж болохгүй. 24 Чи түүнийг идэлгүй газарт ус шиг асга. 25 Чи цусыг бүү ид. ЭЗЭНий зөв гэж үздэг зүйлийг үйлдэж байх юм бол чи болон чиний хөвгүүд сайн сайхан явах болно. 26 Харин чи өөрт байгаа ариун зүйлсээ, тангаргийн өргөлөө авч ЭЗЭНий сонгож авсан тэр газарт оч. 27 Чи шатаалт тахил өргөхдөө мах, цус хоёрыг ЭЗЭН Бурханыхаа тахилын ширээн дээр өргө. Тахилуудыг өргөхдөө цусыг нь ЭЗЭН Бурханыхаа тахилын ширээн дээр асгаад, махыг нь идэх ёстой. 28 Миний чамд тушааж буй энэ бүх үтсийг чи сайтар сонсоод даган биелүүл. Чи ЭЗЭН Бурханыхаа сайн, зөв гэж үздэг зүйлийг үйлдэж байх юм бол чи болон чиний хөвгүүд үүрд сайн сайхан явах болно.

29 Чиний хөөн гаргахаар очиж буй тэр үндэстнүүдийг ЭЗЭН Бурхан чинь та нарын өмнө хүйс тэмтрэн, чи тэднийг хүйс тэмтрэн нутагт нь оршин суух үед 30 чи болгоомжтой байж, чиний өмнө тэд устгагдсаны дараа өөрөө тэдэнд бүү урхидуул. Мөн тэдний бурхдыг сураглаж "Тэдгээр үндэстэн бурхаддаа хэрхэн зарагдаж байсан бэ? Би ч мөн тэгье" гэж бүү хэл. 31 ЭЗЭН Бурхандаа чи ингэж хандаж болохгүй. Тэд ЭЗЭНий үзэн яддаг жигшүүрт үйлдлийг бурхаддаа зориулан хийж, улмаар өөрсдийнхөө хөвгүүд, охидыг ч гадд шатаан, бурхаддаа өргөдөг.

32 Миний та нарт тушаасан болгоныг та нар дагаж мөрдөж, түун дээр бүү нэм, бүү хас.

13 Эш үзүүлэгч, эсвэл мэргэн зүүдэч та нарын дундаас гарч, чамд тэмдэг, гайхамшгийг үзүүлж, 2 "Чиний мэддэггүй байсан өөр бурхдыг цөмөөрөө даган, тэдэнд зарагдацгаая" гэж хэлээд чамд урьдчилан хэлсэн тэрхүү тэмдэг, гайхамшиг нь биелсэн ч гэсэн 3 чи тэр эш үзүүлэгч, эсвэл мэргэн зүүдчийн үгийг бүү сонс. Учир нь ЭЗЭН Бурхан чинь та нарыг бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа хайртай эсэхийг чинь шалган үзэж байгаа юм. 4 Та нар ЭЗЭН Бурханыхаа хойноос дагаж, Түүнээс айн эмээж, Түүний тушаалыг мөрдөж, Түүний дуу хоолойг сонсон дагаж, Түүнд зарагдаж, Түүнээс зуурч, 5 харин тэр эш үзүүлэгч юм уу, мэргэн зүүдчийг ал. Учир нь тэрээр ЭЗЭН Бурханы чинь чамд яв гэж тушаасан замаас та нарыг уруу татан гаргахын тудд та нарыг Египетийн нутгаас авчирсан, боолчлолын гэрээс зольсон ЭЗЭНБурханаас чинь урвуулах гэж ятгасан. Та нар ийнхүү өөрсдийнхөө дундаас бузар мууг арилган зайлуулах ёстой.

6 Хэрэв төрсөн ах дүү чинь, эсвэл хүү, охин чинь, эсвэл өвөр дэх эхнэр чинь, эсвэл амь шигээ хайрладаг дотно нөхөр чинь чамайг сэмхэн ятгаж, "Чиний болон өвөг дээдсийн чинь мэддэггүй байсан бусад бурхад, 7 чиний эргэн тойронд байгаа чамд ойр юмуу хол, газрын нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэлх ард түмнүүдийн бурхдад бүгдээрээ очиж зарагдацгаая" гэсэн ч 8 чи түүнийг бүү дага, бүү сонс, бүү өрөвд, бүү хэлтрүүл, бүү халхал. 9 Харин чи түүнийг заавал ал. Алахдаа эхлээд чи түүнд гар хүрч, бусад хүмүүс дараа нь гар хүрэх ёстой. 10 Тэрээр Египетийн нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж авсан ЭЗЭН Бурханаас чинь чамайг урвуулахыг завдсан тул чи түүн уруу чулуу чулуудаж ал. 11 Тэгвэл бүх Израиль түүнийг сонсоод, айж, дахин хэзээ ч тийм муу юм та нарын дунд хийж чадахгүй.

12 Чиний Бурхан ЭЗЭНээс чамайг амьдруулахаар чамд өгч буй аль нэгэн хотод, 13 та нарын дундаас өөдгүй хэсэг хүмүүс гарч ирээд, хотынхныгоо уруу татан, "Явж, та нарын мэддэггүй өөр бурхдад зарагдъя" гэж хэлэхийг чи сонсвол, 14 чи түүнийг сайн эрж, асууж сураглаад, үнэхээр тийм жигшүүрт юм та нарын дунд гарсан байвал 15 чи тэр хотын оршин суугчдыг илдний ирээр хиар цохин, тэр хот болон түүний доторх бүгдийг мал сүрэгтэй нь хамт илдний ирээр хүйс тэмтэр. 16 Бас тэндээс булааж авсан бүх зүйлээ хотын төв талбайд цуглуулан хураагаад, тэр хотыг булаан авсан бүх зүйлтэйгээ шатааж, ЭЗЭН Бурхандаа шатаалт тахил болго. Тэр хот үүрд балгас болж, дахин хэзээ ч босохгүй. 17 Тэр устгагдах юмнаас юунд нь ч бүү гар хүр. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн намдаж, чамд өршөөл үзүүлж, чиний өвөг дээдэст тангарагласан ёсоороо чамайг өнөр өтгөн болгоно. 18 Хэрвээ чи ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсоод, өнөөдөр миний чамд тушааж буй бүх тушаалыг дагаж, ЭЗЭН Бурханыхаа мэлмийн өмнө зөв зүйлийг үйлдвэл тийм байх болно.

14 Та нар бол өөрсдийнхөө Бурхан ЭЗЭНий хөвгүүд юм. Үхэгсдийнхээ төлөө биеэ бүү зүс. Магнайныхаа үсийг бүү хус. 2 Чи бол ЭЗЭН Бурханыхаа ариун ард түмэн. ЭЗЭН дэлхий дээр байгаа бүх ард түмнүүдийн дотроос чамайг Өөрийнхөө өв, ард түмэн болгохоор сонгосон билээ. 3 Чи жигшмээр муухай юуг ч бүү ид. 4 Та нарын идэж болох амьтад нь үхэр, хонь, ямаа, 5 бута, зээр, улаан буга, зэрлэг ямаа, янгир, урт эвэртэй гөрөөс, аргаль юм. 6 Амьтдын дундаас туурай нь салаатай ац туурайтан, хивдэг ямар ч амьтдыг та нар идэж болно. 7 Харин хивдэг, эсвэл ац туурайтай амьтдын дотроос та нарын идэж болохгүй амьтан бол тэмээ, туулай, хадны дорго. Эдгээр амьтад хивдэг боловч салаа туурайгүй учир та нарт бузар бөгөөд 8 гахай бол ац туурайтан боловч хивдэггүй учир та нарт бузар болно. Та нар эдгээрийн махыг нь идэж болохгүй, хүүрт нь ч хүрч болохгүй.

9 Усан дотор байдаг сэрвээтэй, хайрстай бүхнийг та нар идэж болно. 10 Харин сэрвээгүй, хайрсгүй ямар ч амьтныг бүү ид. Энэ нь та нарт бузар болно.

11 Аливаа цэвэр шувууг та нар идэж болно. 12 Харин идэж болохгүй шувууд гэвэл бүргэд, тас, хар тас, 13 улаан шонхор, элээ, шонхрын төрөл, 14 хэрээний төрөл, 15 тэмээн хяруул, шар шувуу, цахлай, харцагын төрөл, 16 ууль, цагаан хүзүүт тас, цагаан ууль, 17 хотон, хүрэн шувуу, хар галуу, 18 өрөвтас, хөх дэглийн төрөл, өвөөлж, сарьсан багваахай юм. 19 Нисдэг хорхой шавьж бүхэн та нарт бузар болно. Тэдгээрийг бүү ид. 20 Харин аливаа цэвэр шувууг та нар идэж болно.

21 Та нар бол ЭЗЭН Бурханыхаа ариун ард түмэн. Тиймээс аливаа үхсэн амьтныг бүү ид. Харин та нар түүнийг өөрийнхөө хотод суудаг харийн хүнд өгөөд идүүлэх, эсвэл гадны хүнд худалдаж болно. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.

22 Чи жил бүр талбайнхаа ургацын аравны нэгийг заавал өргө. 23 ЭЗЭН Бурханаасаа үргэлж айн эмээхийг сурахын тулд ЭЗЭН Бурханыхаа өмнө, ЭЗЭН нэрээ тавихаар сонгож авсан тэр газарт чи үр тариа, шинэ дарс, тосныхоо аравны нэгийг, мал сүргийнхээууган төлийг идэх ёстой. 24 Хэрэв чиний Бурхан ЭЗЭН нэрээ тавихаар сонгож авсан газар нь чамаас хэтэрхий хол учраас чиний явах зам бэрхтэй болж ЭЗЭН Бурханыхаа ивээсэн зүйлийг чи аваачиж чадахгүй бол 25 түүнийгээ мөнгөөр солиод, тэр мөнгөө гартаа бариад, ЭЗЭН Бурханыхаа сонгож авсан тэр газар уруу хүрч оч. 26 Тэгээд чи сэтгэлдээ хүссэн зүйлээ мөнгөөрөө худалдаж авч болно. Үхэр, эсвэл хонь, эсвэл дарс, эсвэл хатуу ундаа юм уу, аль сэтгэлдээ хүссэн зүйлээ авч болно. Чи болон чиний гэр бүл тэнд ЭЗЭН Бурханыхаа өмнө хооллож, хөөрөн баясах болно. 27 Танай хотод амьдран суудаг левичүүд бол та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй учир та нар левичүүдийг бүү орхи.

28 Гурван жил тутамд жилийн эцсээр, тэр жилийнхээ ургацын аравны нэгийг бүрэн гаргаж, хот дотроо хадгал. 29 Тэгээд та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй левичүүдийг болон хотын дотор суудаг харийн хүн, өнчин, бэлэвсэн хүмүүсийг ирүүлж, хооллон цатга. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний гараараа хийдэг бүх үйлсэд чамайг ивээх болно.

15 Долоон жил тутамд жилийн эцсээр чи авлагаа цуцла. 2 Цуцлалтыг ингэж хийнэ. Зээлдүүлэгч хүн бүр хөршөөсөө авах авлагаа цуцлах ёстой. Тэр хөршөөсөө, эсвэл ах дүүсээсээ өрөө бүү нэх. Учир нь ЭЗЭНий өршөөлийн жил тунхаглагдсан билээ. 3 Харийн хүнээс өрөө нэхэжболно. Харин ах дүүсээсээ авах бүх өрийг цуцал. 4 Өнөөдөр миний чамд өгч байгаа энэ бүх тушаалыг сахин мөрдөхийн тулд чи зөвхөн ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг дуулгавартай сонсох аваас, 5 чиний Бурхан ЭЗЭНий чамд өв болгон эзэмшүүлэхээр өгч буй газар дээр ЭЗЭН чамайг үнэнхүү ивээх учир та нарын дунд ядуу хүн байхгүй болно. 6 ЭЗЭН Бурхан чинь чамд амласан ёсоороо чамайг ивээх болно. Чи олон үндэстнүүдэд зээлдүүлнэ. Харин чи зээлж авахгүй. Чи олон үндэстнүүдийг захирна. Харин чи тэдэнд захирагдахгүй.

7 Хэрэв ЭЗЭН Бурхан чинь чамд өгч буй газар нутаг дээрх аль нэгэн хотод чиний ах дүүсийн дотор ядуу хүн байвал чи тэр ядуу ах дүүдээ хатуу зүрх сэтгэл бүү гарга. Түүнээс гараа бүү тат. 8 Харин чи түүнд заавал гараа сунгаж, түүний хэрэгтэй бүхнийг нь өгөөмрөөр хангаж, зээлүүл. 9 Чи болгоомжтой байж, дотроо хорон муу санаа бүү хадгал. "Өрөө цуцлах долоо дахь жил ойртлоо" гээд ядуу ах дүүгээ муухай харж, түүнд юу ч өгөхгүй байвал тэрээр ЭЗЭНд чиний эсрэг мэдүүлж, тэр нь чамд нүгэл болно. 10 Чи түүнд өгөөмрөөр өгөх ёстой. Түүнд өглөг өгөхдөө харам сэтгэл бүү гарга. Ингэвэл ЭЗЭН Бурхан чинь чиний бүх ажил үйлс болон гардан