1 Петуелийн хүү Иоелд ирсэн ЭЗЭНий үг: 2 Ахмадууд аа, үүнийг сонсогтун. Энэ газрын бүх оршин суугчид чагнагтун. Та нарын үед, эсвэл эцэг өвгөдийн чинь үед үүнтэй адил явдал болсон уу?

3 Үүний тухай хөвгүүддээ хэлж, хөвгүүд чинь бас хөвгүүддээ дамжуулан, тэдний хөвгүүд нь дараагийн үедээ дамжуулан хэлэгтүн.

4 Зажлагч голионы үлдээсэн юмыг сүрэг голио идэж, сүрэг голионы үлдээснийг мөлхөгч голио идэж, мөлхөгч голионы үлдээснийг сүйтгэгч голио идсэн юм.

5 Та нарын амнаас салгагдсан чихэрлэг усан үзмийн дарсны төлөө, усан үзмийн дарс уугч бүгд ээ, орилон уйлагтун. Сэрэгтүн, архичид аа. Уйлагтун.

6 Тоолшгүй, хүчирхэг үндэстэн миний нутгийг эзлэн авчээ. Түүний шүд нь арслангийн шүд мэт, түүнд эм арслангийн соёо бий.

7 Тэрээр миний усан үзмийн модыг сүйтгэж, миний инжрийн модыг цуулжээ. Тэрээр модны хальсыг нь хуулж, тэднийг унагасанд мөчрүүд нь цагаарсан юм.

8 Тааран хувцас нөмөрсөн онгон бүсгүйн адил идэр залуу үеийнхээ сүйт залуугийн төлөө орилон уйлагтун.

9 Идээн өргөл болон ундаан өргөл нь ЭЗЭНий өргөөнөөс тасарч, ЭЗЭНий үйлчлэгчид болох тахилч нар гашуудна. 10 Тариалангийн талбай бусниулагдаж, газар ч гашуудна. Учир нь тариа бусниулагдаж, усан үзмийн шинэ дарс ширгэн, шинэхэн тос ч хатсан юм.

11 Тариачид аа, ичицгээгтүн. Усан үзэм тариалагчид аа, улаан буудай болон арвайн төлөө уйлагтун. Учир нь тариалангийн талбайн ургац устгагдсан. 12 Усан үзмийн мод гандан, инжрийн мод хатжээ. Анарын мод, далдуу мод, алимын мод болон талбайн бүх модод хувхайран хатав. Хүний хөвгүүдээс баяр баясгалан алга болов.

13 Тахилч нар аа, биедээ таар нөмөрч, гашуудагтун. Тахилын ширээний үйлчлэгчид ээ, орилон уйлагтун. Миний Бурханы үйлчлэгчид ээ, ирж, таар нөмрөн шөнийг өнгөрүүлэгтүн. Учир нь идээн өргөл, ундаан өргөл нь та нарын Бурханы өргөөнөөс хойш татагдсан юм.

14 Мацаг барилтыг ариусган, ёслолын чуулганыг зарлан тунхаглагтун. Ахмадууд болон энэ улсын бүх оршин суутчдыг өөрсдийн Бурхан ЭЗЭНий өргөөнд цуглуулж, ЭЗЭНд хандаж хашхирагтун.

15 Тэр өдөр гаслантай яа! Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон байна. Тэр өдөр нь Төгс хүчит Нэгэнээс ирдэг сүйрэлтэй адил ирнэ.

16 Бидний нүдний өмнө хоол хүнс салгагдаж, бидний Бурханы өргөөнөөс баяр баясгалан, инээд хөөр алга болсон биш үү?

17 Тариа гандсан тул үрнүүд нь шавран дор гандан хатаж, агуулахууд бусниулагдан хаягдаж, зоориуд эвдэрсэн юм.

18 Араатан адгуус ямар их зовон тарчилж байна вэ! Бэлчээргүйгээс болж үхрийн сүрэг чиг зүггүй хэрэн тэнэж байна. Хонин сүрэг ч зовж байна.

19 ЭЗЭН, би Тан уруу хашхирна. Учир нь хээрийн бэлчээрүүдийг гал залгиж, тал газрын бүх моддыг галын дөл шатаасан.

20 Хээрийн зэрлэг араатнууд ч хүртэл Тан уруу тэмүүлж байна. Учир нь усны урсгалууд татарч, хээрийн бэлчээрүүдийг гал залгисан.

2 Сионд бүрээ татан, Миний ариун уулан дээр түтшүүр зарлагтун. ЭЗЭНий өдөр ирж байгаа тул энэ нутгийн бүх оршин суугчид чичрэгтүн. Үнэхээр тэр өдөр ойрхон байна.

2 Бүрхэг болон харанхуй өдөр, үүлтэй болон тунэр харанхуй өдөр. Уулсын дээгүүр үүрийн туяа цацрах мэт агуу хүчирхэг ард түмэн энд тархаж байна. Үүнтэй адил зүйл урьд нь хэзээ ч болж байгаагүй, үүнээс хойш олон үеүдэд ч дахин гарахгүй.

3 Тэдний өмнө гал шатаж, ард нь дөл дүрэлзэнэ. Тэднийг ирэхээс өмнө энэ нутаг нь Едений цэцэрлэг шиг байдаг боловч тэдний ард зэлүүд цөл шиг болдог. Тэднээс зугтах юм огт үгүй. 4 Тэдний дүр төрх морьдын дүр төрх мэт бөгөөд тэд дайны морьд мэт давхилдана.

5 Тэрэгнүүд шиг нүргээнтэйгээр тэд уулсын оройгоор үсэрнэ. Тэд сүрлийн ёзоорыг шатааж буй галын чимээ мэт, тулалдаанд бэлтгэгдсэн хүчит ард түмэн мэт билээ.

6 Тэдний өмнө хүмүүс бачимдан сандарцгаадаг бөгөөд бүгдийн царай нь хувхайран цайна.

7 Тэд хүчит эрчүүд мэт гүйлдэн, цэргүүд мэт хэрэм уруу авирна. Тэд тус бүр жагсаалаар урагшилж, өөрсдийн замаасаа гажихгүй явна.

8 Тэд бие биеэ үл түлхэн, өөр өөрсдийнхөө замаар алхана. Тэд хамгаалалтаар дамжин гарахдаа ч эгнээгээ алдахгүй. 9 Тэд хот уруу дайран, хэрмэн дээгүүр гүйлдэж, гэрүүд уруу авиран орж, хулгайч мэт цонхоор дотогш орно. 10 Тэдний өмнө газар хөдөлж, тэнгэр чичрэн, нар сар харанхуйлж, оддын гэрэл бөхнө.

11 ЭЗЭН Өөрийн цэргийн тэргүүнд дуутаа өргөнө. Түүний хуаран нь үнэхээр нүсэр том. Учир нь Түүний тушаалыг биелүүлэгч нь хүчирхэг билээ. ЭЗЭНий өдөр үнэхээр агуу бөгөөд маш аймшигтай. Хэн тэр өдрийг тэвчиж чадах вэ?

12 ЭЗЭН тунхаглаж байна. "Харин одоо ч гэсэн мацаг барин, уйлан, гашуудаж бүх зүрхээрээ Над уруу эргэгтүн! 13 Та нар хувцсаа биш, харин зүрх сэтгэлээ тастан урагтун". Одоо өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу эргэгтүн. Учир нь Тэр бол нигүүлсэнгүй, өрөвч, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам, бузар мууд ч зөөлөн ханддаг билээ. 14 ЭЗЭН бодлоо өөрчилж, зөөлрөн, Өөрийнхөө ард ерөөлийг буюу та нарын Бурхан ЭЗЭНд зориулагдсан идээн өргөл, ундаан өргөлийг үлдээхгүй гэдгийг хэн мэдэх билээ?

15 Сионд бүрээ үлээгтүн. Мацаг барилтыг ариусган, ёслолын чуулганыг зарлан тунхаглагтун.

16 Ард түмнийг цуглуулж, цуглааныг ариусга. Ахмадуудыг авчирж, хүүхдүүдийг болон хөхүүл хүүхдүүдийг цуглуулагтун. Сүйт залууг өрөөнөөс нь, сүйт бүсгүйг хуримын танхимаас нь гаргагтун.

17 ЭЗЭНд үйлчлэгчид болох тахилч нар сүмийн үүдний танхим болон тахилын ширээний хооронд уйлагтун. Тэд "ЭЗЭН, ард түмнээ хэлтрүүлээч. Өөрийн өвийг доромжлол болон үндэстнүүдийн дунд зүйрлэл бүү болгооч. Яагаад тэд ард түмнүүдийн дунд «Тэдний Бурхан хаана байна вэ?» гэж хэлэх ёстой юм бэ?" гэж хэлэг.

18 Дараа нь ЭЗЭН Өөрийн газрын төлөө зүтгэлтэй байж, Өөрийн ард түмнээ өрөвдөх болно.

19 ЭЗЭН хариулан, Өөрийн ард түмэндээ "Үзэгтүн, Би та нарт үр тариа, усан үзмийн шинэ дарс болон тосыг илгээх гэж байна. Та нар түүгээр хангагдах болно. Би хэзээ ч дахин та нарыг үндэстнүүдийн дунд зэмлэл болгохгүй.

20 Харин би хойд зүгийн цэргийг та нараас алс холдуулан,тэднийг хатсан зэлүүд газар уруу шахаж, тэдний манлайг дорны далай уруу,арын хамгаалалтыг нь өрнийн далай уруу хөөн зайлуулна. Тэдний муухай үнэр нь дэгдэн, эхүүн үнэр нь гарч ирнэ. Учир нь тэрээр агуу зүйлсийг хийсэн юм" гэж хэлэх болно.

21 Газар аа, бүү айгтун, хөгжин баясагтун. Учир нь ЭЗЭН агуу зүйлсийг хийсэн билээ.

22 Талын араатнууд аа, бүү айгтун. Учир нь хээрийн бэлчээрүүд ногоорч, мод үр жимсээ гарган, инжрийн мод болон усан үзмийн мод арвин жимсэлсэн билээ.

23 Сионы хөвгүүд ээ, хөгжилтэй байгтун. Өөрийн Бурхан ЭЗЭНий дотор баясаж баярлагтун. Учир нь Тэр та нарыг зөвтгөхийн тулд эхний бороог та нарт хүртээн, та нарын төлөө бороог асгаж, урьдын адил эхний болон сүүлийн бороог оруулж өгсөн.

24 Үтрэмүүд тариагаар дүүрч, торхнууд усан үзмийн шинэ дарс болон тосоор бялхах болно.

25 "Дараа нь та нарын дунд Миний илгээсэн агуу их цэргүүд болох сүрэг голио, мөлхөгч голио, сүйтгэгч голио, зажлагч голионуудынидэж дуусгасан он жилүүдийг Би та нарт нөхөн төлнө.

26 Та нар идэх юмаар хангалуун байх бөгөөд цатгалан болж, та нарт гайхамшгийг хийж өгсөн өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэрийг магтах болно. Тэгээд Миний ард түмэн хэзээ ч ичгүүрт унахгүй.

27 Ингэж та нар Намайг Израилийн дунд байгааг, мөн Намайг та нарын Бурхан ЭЗЭН бөгөөд өөр хэн ч байхгүй гэдгийг мэдэх болно. Миний ард түмэн хэзээ ч ичгүүрт унахгүй.

28 Түүний дараа Би Өөрийн Сүнсийг бүх хүн төрөлхтөнд цутгана. Та нарын хөвгүүд, охид эш үзүүлэн, өвгөд чинь зүүд зүүдэлж, залуус чинь үзэгдлүүд үзнэ.

29 Тэдгээр өдрүүдэд Би боолууд, шивэгчингүүд дээр ч Өөрийн Сүнсээ цутгана.

30 Би тэнгэр болон газарт гайхамшгуудыг буюу цус, гал ба утаан багануудыг илэрхийлнэ.

31 ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхийн өмнө нар харанхуйлж, сар цус болж хувирна.

32 ЭЗЭНий нэрийг дуудагч хэн боловч аврагдах болно. Учир нь, ЭЗЭНий айлдсанчлан Түүний дууддаг үлдэгсдийн дунд ч хүртэл Сион ууланд болон Иерусалимд амь мултрах хүмүүс байх болно.

3 Үзэгтүн, Иуда болон Иерусалимын хувь тавиланг сэргээх тэр үед, тэдгээр өдрүүдэд2 Би бүх үндэстнийг цуглуулан, тэднийг Иехошафатын хөндийд авчирна. Тэгээд Би Өөрийн ард түмэн, Өөрийн өв болох Израилийн өмнөөс тэднийг тэнд шүүнэ. Тэд Миний ард түмнийг үндэстнүүдийн дунд тараан, Миний газрыг хуваан авсан.

3 Тэд бас Миний ард түмний төлөө шодон, хөвгүүдийг янхан болгохоор худалдан, охидыг уух дарсныхаа төлөө зарсан билээ.

4 Тир, Сидон ба Филистийн бүх газар нутгаа, та нар Миний хувьд юу юм бэ? Та нар Надад хариу төлөх гэж байна уу? Харин хэрэв та нар Надад хариу төлөх юм бол Би та нарын хариуг толгойн дээр чинь үтэр түргэн буцаана. 5 Та нар Миний алт, мөнгийг авч, Миний үнэт эрдэнэсийг өөрсдийнхөө сүмүүд уруу зөөн явсан бөгөөд 6 Иудагийн болон Иерусалимын хөвгүүдийг газар нутгаас нь зайлуулахын тулд тэднийг грекчүүдэд зарсан учраас, 7 үзэгтүн, та нарынтэднийг зарсан тэр газраас нь Би тэднийг босгон, та нарын толгой дээр хариуг нь буцаах гэж байна. в Мөн би та нарын хөвгүүд, охидыг Иудагийн хөвгүүдийн гарт зарна. Тэд тэднийг сабечууд буюу алс холын үндэстэнд зарна" гэв. Учир нь ЭЗЭН айлдсан.

9 Үндэстнүүдийн дунд үүнийг тунхагла. Дайнд бэлтгэ. Хүчирхэг эрсийг босгогтун! Бүх цэргүүдийг ойртуулан, дээшээ гаргагтун! 10 Өөрсдийн анжсуудаа сэлэм болгон, хадууруудаа жад болгон давт. Сул дорой хүн нь "Би хүчирхэг хүн" гэж хэлэг.

11 Эргэн тойрны бүх үндэстнүүд ээ, яаран ирж, тэнд цугларагтун. ЭЗЭН, Та хүчтэнүүдээ буулгаж өгөөч.

12 Үндэстнүүдийг босгоцгоож, Иехошафатын хөндий уруу ирүүлэгтүн. Учир нь тэнд Би эргэн тойрны бүх үндэстнүүдийг шүүхээр суух болно.

13 Ургац боловсорсон тул хадуурыг оруулагтун. Дарсны шахуурга нь дүүрэн байгаа тул ирээд гишгэгтүн. Тэдний бузар муу явдал нь асар их учраас торхнууд сагаж байна. 14 Шийдвэрлэх хөндийд бөөн, бөөн хүмүүс байна! Учир нь ЭЗЭНий өдөр шийдвэрлэх хөндийд ойрхон байна.

15 Нар, сар харанхуйлж, оддын гэрэл ч бөхнө.

16 ЭЗЭН Сионоос хүрхэрч, Иерусалимаас дуугаа гаргаж байна. Тэнгэр ба газар чичирнэ. Гэвч ЭЗЭН бол ард түмнийхээ хоргодох газар, Израилийн хөвгүүдэд бат цайз болдог. 17 Тэгэхэд та нар Намайг Өөрийн ариун уул Сионд оршигч, та нарын Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Иймээс Иерусалим нь ариун болж, харь хүмүүс хойшид түүгээр дайрч өнгөрөхгүй.

18 Тэр өдөр уулс чихэрлэг дарсыг дуслуулж, толгод сүүгээр урсаж, Иудагийн бүх горхиудад ус урсах болно. Шиттимийн хөндийг услахаар ЭЗЭНий өргөөнөөс нэгэн булаг оргилох болно. 19 Тэд Иудагийн хөвгүүдийг тарчлаан, нутагт нь гэмгүй цусыг урсгасан учраас Египет нь сөнөмөл газар, Едом нь зэлүүд нутаг болно.

20 Харин Иудад үүрд мөнхөд, Иерусалимд бүх үеийн туршид хүн амьдран нутаглана.

21 Би хариугаа аваагүй цусных нь хариуг тэднээс нэхнэ. Учир нь ЭЗЭН Сионд оршдог.