1 Дүүрэн хүнтэй байсан энэ хот юутай ганцаардан сууна вэ? Улс үндэстнүүдийн дунд агуу байсан тэрээр бэлэвсэн эм мэт болжээ! Мужуудын дунд гүнж байсан тэрээр албадлагын ажилчин болжээ!

2 Тэрээр шөнө гашуунаар уйлдаг бөгөөд түүний нулимс хацар дээр нь байна. Бүх амрагуудынх нь дундаас түүнийг тайтгаруулах хүн түүнд нэгээхэн ч үгүй. Түүний бүх найзууд түүнээс урвацгаажээ. Тэд түүний дайснууд болцгоожээ.

3 Зовлон дор, хэрцгий боолчлол дор Иуда цөллөгт одов. Тэрээр үндэстнүүдийн дунд оршдог боловч амралтыг эс олжээ. Түүний бүх мөшгөн хөөгчид зовлон шаналлын дунд түүнийг гүйцэн барив.

4 Тогтоогдсон баяруудад хэн ч ирдэггүй учир Сионы замууд гашуудаж байна. Түүний бүх дааман хаалгууд эзгүйрчээ. Түүний тахилч нар ёолж, онгон охид нь зовж, тэрээр өөрөө ч гашуудаж байна.

5 Түүний өстнүүд эзэд нь болж, түүний дайснууд хөгжин дэвшдэг. Учир нь түүний гэм буруу тоо томшгүйгээс болж ЭЗЭН түүнийг уй гашуутай болгожээ. Түүний бяцхан хүүхдүүд өстний өмнө олзлогдогсод мэт оджээ.

6 Сионы охиноос бүх сүр жавхлан нь салжээ. Түүний хан хөвгүүд бэлчээрээ олоогүй буга мэт болов. Тэд мөшгөгчийн өмнө хүч тамиргүйгээр зугтав.

7 Зовлон ба орон гэргүй болохын өдрүүдэд буюу түүний ард түмэн өстний гарт унаж, Хэн ч түүнд туслаагүй үед Иерусалим урьдын өдрүүдээс байсан өөрийн бүх үнэт зүйлсийг дурсан санагалзана. Өстнүүд түүнийг харж, эвдрэл сүйрлийг нь элэглэнэ.

8 Иерусалим үлэмж нүгэл үйлдсэн, тиймээс ч тэрээр бузар зүйл болжээ. Түүнийг хүндэтгэж байсан бүхэн түүнийг жигшдэг. Учир нь тэд түүний нүцгэн байгааг харжээ. Тэр өөрөө ч хүртэл ёолж, цаашаа эргэдэг.

9 Түүний бузар булай нь банзал дотор нь байлаа. Тэр өөрийн ирээдүйгээ эргэцүүлсэнгүй. Тиймээс тэрээр гайхмаар унажээ. Түүнд тайтгаруулагч ч байхгүй. "Дайсан өөрийгөө дөвийлгөсөн учраас, ЭЗЭН, миний зовлонг хараач!".

10 Түүний бүх үнэт зүйлсийн дээр өстөн гараа сунгав. Учир нь Таны цутлаан уруу нэвтрэх ёсгүй гэж Таны тушаасан үндэстнүүд түүний ариун газар уруу нэвтрэхийг тэрээр харжээ.

11 Түүний бүх хүмүүс талх хайн ёолно. Амиудаа өөрсдөө сэргээхээр тэд үнэт зүйлсээ хоол хүнснээс өгчээ. "Хар. ЭЗЭН, үзэгтүн. Учир нь би жигшигдэв.

12 Энэ замаар өнгөрөгч та бүгдэд энэ нь юу ч биш гэж үү? Ширүүн уур хилэнгийнхээ өдөр ЭЗЭНий учруулсан, надад хүндээр тохиолдсон, миний өвдөлттэй адил өвдөлт байгаа эсэхийг харагтун, үзэгтүн.

13 Өндөр дээрээс Тэрээр миний яснууд уруу гал илгээсэн бөгөөд гал тэднийг хөмрөв. Тэрээр хөлд минь тор хаяжээ. Тэр намайг гэдрэг харуулжээ. Тэр намайг эзгүйрүүлж, бүх л өдөржин өвчлүүлэв.

14 Миний гэм буруу буулга болжээ. Түүний мутраар тэдгээр нь холбогдлоо. Тэд хүзүүн дээр минь иржээ. Тэрээр хүчийг минь доройтуулав. Өмнө нь зогсож чадахааргүй хүмүүсийн гарт Эзэн намайг өгөв.

15 Эзэн миний голд хамаг хүчит эрчүүдийг минь үл хэрэгсжээ. Миний залуусыг няц дарахаар Тэрээр миний эсрэг товлосон цагийг зарлан дуудав. Иудагийн онгон охин болох дарс шахагчийг Эзэн нухан гишгэлэв.

16 Эдгээр зүйлсийн төлөө би уйлдаг. Нүд минь усаар урсана. Учир нь миний сэтгэлийг сэргээдэг нэгэн, тайтгаруулагч надаас алс хол байна. Дайсан ноёрхсоны улмаас хүүхдүүд минь хоосров".

17 Сион гараа сунгана. Түүнийг тайтгаруулах хэн ч алга. Эргэн тойронд нь байгчид түүний өстнүүд байх болно хэмээн Иаковын тухайд ЭЗЭН тушаасан билээ. Иерусалим тэдний дунд бузар зүйл болжээ.

18 "ЭЗЭН бол зөв шударга. Учир нь би Түүний тушаалуудын эсрэг тэрсэлжээ. Бүх хүмүүс ээ, одоо сонсож, өвдөлтийг минь харагтун. Онгон охид болон залуус минь олзлогдон оджээ.

19 Би амрагуудаа дуудсан, тэд намайг мэхлэв. Миний тахилч нар болон миний ахмадууд өөрсдийн хүч тамирыг сэргээхээр хоол хүнсийг хайх зуураа хот дотор мөхөв.

20 Хараач, ЭЗЭН. Учир нь би зовлон шаналал дотор байна. Миний сүнс ихэд зовж байна. Би маш их тэрслүү байснаас болж зүрх минь дотроо эргэн хөмрөв. Гудамжинд илд хяддаг. Гэр дотор ч үхэл мэт буюу.

21 Намайг ёолохыг тэд сонсжээ. Намайг тайтгаруулах хэн ч алга. Бүх дайснууд минь миний гай гамшгийн талаар сонсжээ. Таны үйлдсэнд тэд баярлаж байна. Тэдний надтай адил болох өдрийг Та тунхагласан ёсоорооо авчраасай.

22 Тэдний бүх хорон муу нь Таны өмнө ирэг. Миний бүх гэм буруугийн төлөө надад хандсан шигээ Та тэдэнд ч мөн тэгж хандаач. Учир нь ёолох дуу минь их, зүрх минь дорой байна".

2 Сионы охиныг Эзэн Өөрийн уур хилэнт үүлээр яасан их бүрхэнэ вэ! Тэрээр Израилийн сүр жавхланг тэнгэрээс газар уруу хаяж, Өөрийн уурын өдорт Тэрээр Өөрийн хөлийн гишгүүрийг дурссангүй.

2 Эзэн залгижэз. Тэрээр Иаковын бүх сууцнуудыг хэлтрүүлсэнгүй. Уур хилэндээ Тэрээр Иудагийн охины бүх бэхлэлтүүдийг нурааж хаяв. Тэр доошоо газарт авчирсан. Тэр хаанчлал болон хан хөвгүүдийг нь бузарлалаа.

3 Догшин уурандаа Тэрээр Израилийн бүх хүчийг тастав. Тэр Өөрийн баруун мутрыг дайснуудын өмнөөс татан авлаа. Эргэн тойрныг залгигч дүрэлзсэн гал мэт Тэр Иаковын дотор шатав.

4 Тэрээр дайсан мэт Өөрийн нумаа татжээ. Тэрээр өстөн мэт Өөрийн баруун мутрыг тавин, нүдэнд тааламжтай бүхнийг хядав. Сионы охины майханд Тэр Өөрийн хилэнг гал мэт цутгалаа.

5 Эзэн дайсан мэт болов. Тэрээр Израилийг залгижээ. Тэрээр түүний бүх орднуудыг залгиж, түүний бэхлэлтүүдийг устгаж, Иудагийн охины дотор уй гашуу болон гаслалыг нэмэгдүүлэв.

6 Тэрээр цэцэрлэгт хандсан мэт Өөрийн асарт зэрлэгээр хандаж, Өөрийн товлосон хурлын байрыг устгав. Тогтоогдсон баярууд болон амралтын өдрүүдийг ЭЗЭН Сионд мартуулж, Өөрийн уурын зэвүүцэл дотор Тэрээр хаан болон тахилчийг жигшив.

7 Эзэн Өөрийн тахилын ширээг огоорч, Өөрийн ариун газрыг орхив. Түүний орднуудын хана хэрмүүдийг Тэрээр дайсны гарт өгөв. Тогтоогдсон баярын өдөрт байгаа мэт тэд ЭЗЭНий өргөөнд шуугилджээ.

8 Сионы охины хана хэрмийг устгахаар ЭЗЭН шийдэв. Тэрээр шутам татаж, Өөрийн мутрыг сүйтгэхээс холдуулаагуй бөгөөд Тэрээр хана хэрэм болон хамгаалалтыг гашуудуулсан юм. Тэд хамтдаа сульдан доройтов.

9 Түүний дааман хаалгууд газарт шигдэн орсон бөгөөд Тэрээр түүний түгжээнүүдийг эвдэж устгалаа. Түүний хаан болон хан хөвгүүд нь үндэстнүүдийн дунд байна. Хууль ч цаашид байхаа болив. Мөн түүний эш үзүүлэгчид ЭЗЭНээс үзэгдэл үзэхээ болив.

10 Сионы охины ахмадууд газар сууна, тэд чив чимээгүй байна. Тэд толгой дээрээ шороо цацжээ. Тэд өөрсөддөө таар бүсэлжээ. Иерусалимын онгон охид толгойгоо газар хүртэл гудайлгажээ.

11 Нулимснаас болж нүд минь сүүмийж, сүнс минь ихэд зовжээ. Хотын гудамжинд багачууд болон нялхас үрэгдэх үеийн миний ард түмний охины сүйрлийн улмаас зүрх минь газарт асгарав.

12 Тэд хотын гудамжнуудад шархадсан эр мэт үрэгдэж байхдаа, эхийнх нь энгэрт тэдний амь асгарах үед тэд эхчүүддээ "Тариа болон дарс хаана байна вэ?" гэх юм.

13 Чамайг би хэрхэн зэмлэх вэ? Иерусалимын охин оо, чамайг би юутай зүйрлүүлэх вэ? Сионы онгон охин оо, чамайг тайтгаруулж байхдаа чамайг би юутай адилтгах вэ? Учир нь чиний сүйрэл далай шиг уудам аж. Хэн чамайг эдгээж чадах вэ?

14 Чиний эш үзүүлэгчид чиний төлөө хуурамч, тэнэг үзэгдлүүдийг харсан. Тэд чамайг олзноос гаргахын тулд чиний гэм бурууг дэлгэж тавиагүй, харин тэд чиний төлөө хуурамч болон төөрөлдүүлэх зөнгүүдийг үзэв.

15 Замаар өнгөрөгч бүгд чам уруу алгаа ташина. Тэд Иерусалимын охин уруу исгэрэн, толгойгоо сэгсэрч, "Тэдний «Үзэсгэлэн төгөлдөр, бүх дэлхийн баяр баясгалан» хэмээн хэлж байсан хот энэ үү?" гэлцэнэ.

16 Бүх дайснууд чинь чиний эсрэг амаа томоор ангайлгасан. Тэд исгэрэн, шүдээ хавирна. Тэд "Бид залгив! Бидний хүлээж байсан тэр өдөр нь гарцаагүй энэ өдөр мөн. Бид хүрэв, бид үзэв" гэж байна.

17 ЭЗЭН Өөрийн зорьсноо хэрэгжүүлэв. Эртний өдрүүдээс Өөрийн тушаасан Өөрийн үгээ Тэрээр гүйцэлдүүлэв. Тэрээр өршөөлгүйгээр чулуудаж, чиний дээр дайснуудыг чинь баясгав. Тэрээр өстнүүдийн чинь чадлыг өргөмжлөв.

18 Тэдний зүрх Эзэн уруу хашхирч, "Сионы охины хана хэрэм ээ, нулимс өдөр шөнөгүй гол мэт доош урсаг. Өөртөө чөлөө бүү өг, нүд чинь бүү амраг.

19 Босогтун, шөнийн харуулуудын эхэнд шөнөөр чангаар хашхир. Эзэний оршихуйн өмнө зүрхээ ус мэт асга. Гудамж бүрийн эхэнд өлссөнөөс болж үрэгддэг балчир хүүхдүүдийнхээ амийн төлөө Түүн уруу гараа дээш өргө".

20 Хар. ЭЗЭН, үзэгтүн! Хэнийг Та ингэв? Эмэгтэйчүүд өөрсдийн үр хүүхдийг, эрүүл төрсөн балчир хүүхдүүдийг идэх ёстой юм гэж үү? Эзэний ариун газарт эш үзүүлэгч болон тахилч алуулах ёстой юм гэж үү?

21 Гудамжинд газар дээр хөгшин залуутүй хэвтэцгээнэ. Миний онгон охид болон залуус минь илдэнд унажээ. Та Өөрийн уурын өдөрт хядаж, Та өршөөлгүйгээр устгалаа.

22 Та тогтоогдсон баярын өдрүүдийнх шиг айдсуудыг минь тал бүрд дуудав. ЭЗЭНий уурын өдөрт зугтсан буюу амь гарсан хэн ч байсангүй. Миний төрүүлж, өсгөсөн тэднийг дайсан минь үгүй хийлээ.

3 Түүний хилэнгийн саваанаас болж зовлон үзсэн хүн нь би байна.

2 Тэр намайг тууж, гэрэлд бус, харанхуйд алхуулсан.

3 Үнэхээр миний эсрэг Тэрээр бүх л өдрийн туршид дахин дахин мутраа эргүүлсэн.

4 Тэр миний арьс махыг тураан эцээж, яснуудыг минь хэмхчсэн.

5 Тэр намайг уй гашуу, хүнд бэрхээр бүслэн ороов.

6 Он удаан үхэгсдийн адилаар намайг Тэр харанхуй газруудад оршин суулгав.

7 Би гадагш гарч чадахааргүйгээр Тэр намайг хашив. Тэрээр гинжийг минь хүнд болгов.

8 Хашхиран, тусламж дуудахад минь ч Тэрээр залбирлыг минь хаасан.

9 Тэр миний замыг цавчсан чулуугаар хааж, миний жимийг тахир болгов.

10 Миний хувьд Тэрээр отон хэвтэж буй баавгай мэт, Далд газруудад байх арслан мэт юм.

11 Тэрээр замуудыг минь хажуу тийш эргүүлж, намайг хэсэгчлэн тастав. Тэр намайг үгүйрүүлэв.

12 Тэрээр нумаа татаж, намайг сумныхаа бай болгов.

13 Тэрээр саадган дахь сумнуудаа миний дотор эрхтэн уруу оруулахаар боллоо.

14 Би өөрийн бүх хүмүүст тохуурхал буюу бүхэл өдрийн дуу нь боллоо.

15 Тэр намайг гашуудлаар дүүргэж, намайг агиар согтоов.

16 Тэрээр хайргаар шүдийг минь хугачиж, намайг тоосон дунд нөмрүүлэв.

17 Сэтгэл минь амар амгалангаас хагацан, би жаргалыг мартав.

18 Тиймээс би "Миний хүч чадал, мөн ЭЗЭНээс хүлээх найдвар минь ч мөхөв" гэж байна.

19 Миний зовлон болон тэнүүчлэлийг, агь ба гашуудлыг санаач.

20 Миний сэтгэл үнэхээр дурсан санаж, миний дотор бөхийсөн байна.

21 Үүнийг би оюун бодолдоо дурсан саналаа, тиймээс надад найдвар бий.

22 ЭЗЭНий хайр энэрэл үнэндээ хэзээ ч дуусахгүй. Учир нь Түүний өршөөл хэзээ ч унахгүй.

23 Тэдгээр нь өглөө бүр шинэ юм. Таны итгэлтэй байдал агуу ажээ.

24 "ЭЗЭН бол миний хувь" гэж сэтгэл минь хэлж байна. "Тийм учраас би Түүнд найддаг".

25 Түүнийг хүлээгсдэд, Түүнийг хайсан хүнд ЭЗЭН сайн ажээ.

26 ЭЗЭНий авралыг тэр чимээгүйхэн хүлээх нь сайн болой.

27 Залуу насандаа буулгыг үүрэх нь хүнд сайн болой.

28 Тэрээр түүний дээр тавьснаас хойш ганцаараа суун, чимээгүй байг.

29 Тэр хүн амаа шороон дотор хийг, тэнд найдвар байж магад.

30 Тэрээр цохигчид хацраа өгч, зэмлэлээр дүүрэг.

31 Учир нь Эзэн мөнхөд татгалзахгүй.

32 Хэрэв Тэрээр гансралд хүргэдэг бол, Өөрийн арвин их хайр энэрлийн дагуу Тэрээр өршөөх бөлгөө.

33 Учир нь Тэрээр хүсэмжлэн зовоож, хүний хөвгүүдийг гансруулдаггүй.

34 Газар нутгийн бүх хоригдлуудыг Түүний хөл доор няцлах, 35 Хамгийн Дээд Нэгэний оршихуйд зөв шударга хүнийг үгүйсгэх, 36 шүүлтэн дээр нь хүнийг мэхлэх зэрэг эдгээр зүйлсийг Эзэн үл сайшаадаг.

37 Эзэн тушаагаагүйсэн бол хэн хэлэхэд тэр нь болж өнгөрдөг вэ?

38 Сайн болон муугийн аль аль нь Хамгийн Дээд Нэгэний амнаас гардаггүй гэж үү?

39 Амьд хүн дүрстэн болон хүн нүглээ шийтгүүлж байхдаа юунд гомдох ёстой вэ?

40 Өөрсдийн замуудыг нягтлан ажиглаад, ЭЗЭН уруу буцацгаая.

41 Тэнгэр дэх Бурханы зүг бид өөрсдийн зүрх болон гараа өргөдөг.

42 Бид нүгэл үйлдэн, тэрсэлсэн бөгөөд Та уучлаагүй билээ.

43 Та уураар хучин, биднийг мөшгөсөн. Та өршөөлгүйгээр хядсан.

44 Ямар ч залбирлыг нэвтрүүлэхгүйн тудд Та Өөрийгөө үүлээр хучив.

45 Та биднийг ард түмнүүдийн дунд хог хаягдал, баас болгосон.

46 Бидний бүх дайснууд бидний эсрэг амаа нээв.

47 Мэгдэлт болон урхи, сүйрэл болон үгүйрэл бидэнд учрав.

48 Миний ард түмний охины сүйрлийн улмаас нүд минь усны урсгалаар урсана.

49 Миний нүд зогсолтгүйгээр, тасралтгүй асгардаг бөгөөд 50 ЭЗЭНийг доошоо харж, тэнгэрээс харах хүртэл ингэдэг юм.

51 Хотын минь бүх охидоос болж миний нүд сэтгэлд минь шаналал авчирна.

52 Миний дайснууд шалтгаангүйгээр намайг шувуу адил харважээ.

53 Тэд намайг нүхэн дотор чимээгүй болгон, миний дээр чулуу тавив.

54 Толгой дээр минь ус урссан. "Би таслагдав" гэж би хэлэв.

55 Хамгийн гүн нүхнээс би Таны нэрээр дуудлаа, ЭЗЭН.

56 "Миний тайтгарлаас, тусламж гуйсан хашхиралтаас минь чихээ бүү нуугаач" гэсэн миний дууг Та сонсжээ.

57 Би Тан уруу дуудахад Та ойртон иржээ. "Бүү ай!" гэж Та айлдав.

58 Эзэн, Та миний сэтгэлийн хэргийг өмгөөлжээ. Та амийг минь зольсон.

59 ЭЗЭН, Та миний дарамтыг харсан билээ. Хэргийг минь шүүгээч.

60 Тэдний бүх өс хонзонг, миний эсрэг тэдний бүх далд явуулгуудыг Та харсан билээ.

61 ЭЗЭН, тэдний зэмлэлийг, миний эсрэг тэдний бүх далд явуулгуудыг Та сонссон билээ.

62 Над уруу дайрагчдын уруул хийгээд тэдний шивнээ бүхэл өдрийн турш миний эсрэг байна.

63 Тэдний сууж, босохыг хараач. Би тэдний шог дуу нь юм.

64 ЭЗЭН, Та тэдэнд гарынх нь үйлсийн дагуу хариу өгөх болно.

65 Та тэдэнд зүрхний хатуурлыг өгөх бөгөөд Таны хараал тэдний дээр байх болно.

66 Та уурандаа тэднийг мөшгөж, ЭЗЭНий тэнгэрийн доороос тэднийг устгах болно!

4 Алт юутай хар болж, цэвэр алт юутай их өөрчлөгдөв! Гудамж бүрийн буланд нандин чулуунууд асгагдав.

2 Сайн алтаар үнэлэгдэж байсан Сионы эрдэнэт хөвгүүд хэрхэн ваарчны гарын ажил болох шавар ваар мэт болов!

3 Цөөвөр чононууд ч хүртэл хөхөө өгч, бэлтрэгүүдээ тэжээдэг.

Миний ард түмний охин цөл дэх тэмээн хяруул мэт харгис болов.

4 Цангаснаас болж нялхсын хэл тагнаанд наалдана. Багачууд талх гуйх боловч хэн ч хувааж өгөхгүй юм. 5 Амттаныг иддэг байсан хүмүүс гудамжнуудад хаягдана. Нил ягаан бөс даавуу өмсдөг байсан хүмүүс үнсний сав тэвэрнэ.

6 Учир нь миний ард түмний охины гэм буруу нь Содомын нүглээс ч үлэмж их юм.

Хормын дотор хөмрүүлэгдсэн Содом уруу ямар ч гар эргээгүй билээ.

7 Түүний ариусгагдсан хүмүүс цаснаас ч цэвэр бөгөөд тэд сүүнээс ч цагаан байлаа. Тэд биеэрээ шүрнээс ч илүү улаахан, өнгө нь индранил мэт байв.

8 Тэдний төрх нь хөөнөөс ч хар, гудамжинд ч танигдахгүй болов.

Тэдний арьс ясан дээр нь хорчийж, хатаж, мод мэт болжээ. 9 Өлсгөлөнд үрэгдэгсдээс илдээр алуулагсад дээр ажээ. Учир нь тэд талын үр жимс дутагдсанаас цохигдон, хатаж гандана.

10 Өрөвч эмэгтэйчүүдийн гарууд өөрсдийн хүүхдүүдийг чанасан юм.

Миний ард түмний охины сүйрлийн улмаас хүүхдүүд нь тэдний хоол болов.

11 ЭЗЭН Өөрийн хилэнг гүйцэлдүүлж, Өөрийн догшин хилэнг асгав.

Тэрээр суурийг нь түймэрдсэн галыг Сионд тавьжээ.

12 Өстөн ба дайсан Иерусалимын дааман хаалгуудаар орно гэдэгт газар дэлхийн хаад ч, Дэлхийн оршин суугчдын аль нь ч итгээгүй. 13 Түүний дунд зөв шударга хүний цусыг урсгасан эш үзүүлэгчдийнх нь нүгэл болон тахилч нарынх нь гэм буруугаас болж 14 тэд гудамжинд сохроор тэнүүчилнэ. Хувцсанд нь хэн ч хүрч чадахааргүй болтол тэд цусаар бузарлагдсан байлаа. 15 "Зайлагтун! Бузартсан" гэж тэд өөрсдийнхөө тухай хашхирав. "Зайл, зайл, бүүхүр!" Тиймээс тэд зугтан, тэнүүчилнэ.

Үндэстнүүдийн дунд "Тэд цаашид амьдрах ёсгүй" гэлцэв.

16 ЭЗЭНий оршихуй тэднийг тараасан бөгөөд Тэрээр тэднийг ойшоож үзэхээ болино.

Тэд тахилч нарыг үл хүндэтгэж, ахмадуудыг эс хайрлав.

17 Тусламж ашиггүй байсан тул бидний нүд сүүмийв. Аварч чадахгүй үндэстнийг бид харуулдан харж байсан билээ.

18 Бид өөрсдийн гудамжнуудад алхаж чадахгүйн тулд тэд бидний алхааг отож байв. Бидний төгсгөл ойртов. Бидний төгсгөл ирчихсэн тул бидний өдрүүд дууссан байв.

19 Биднийг мөшгөгчид тэнгэрийн бүргэдээс хурдан байлаа.

Тэд биднийг уулсын дээгүүр хөөж, биднийг цөлд отон хүлээв.

20 "Түүний сүүдэр дор бид үндэстнүүдийн дунд амьдарна" хэмээн бидний хэлж байсан,бидний хамрын амьсгал болох ЭЗЭНээр тослогдсон нэгэн тэдний нүхнүүдэд олзлогдов.

21 Узын нутагт суудаг Едомын охин оо, баясан, баярлан хөөр! Аяга чам уруу ч тойрон ирэх бөгөөд чи согтууран, өөрийгөө нүцэглэх болно.

22 Сионы охин оо, гэм буруу чинь гүйцлээ. Тэрээр чамайг цаашид цөлөхгүй. Едомын охин оо, Тэрээр чиний гэм бурууг шийтгэх болно. Тэрээр чиний нүглүүдийг дэлгэх болно!

5 ЭЗЭН, бидэн дээр юу унасныг санаач. Харж, бидний зэмлэлийг үзээч!

2 Бидний өв харийнхан уруу, гэрүүд маань гадны хүмүүс уруу эргүүлэн өгөгдөв.

3 Бид эцэггүй өнчин болсон бөгөөд эхчүүд маань бэлэвсэн эмэгтэйчүүд мэт байна.

4 Бид уух усныхаа төлөө хөлс төлж, түлээ маань үнэтэй байна.

5 Биднийг мөшгөгчид хүзүүнд маань тулаад ирлээ. Бид эцэж, бидэнд ямар ч амралт алга.

6 Хангалттай талхыг олохын тулд бид Египет, Ассирид захирагдав.

7 Бидний эцэг өвгөд нүгэл үйлдсэн агаад тэд одоо байхгүй. Тэдний гэм бурууг үүрэгчид нь бид юм.

8 Боолууд биднийг ноёрхож байна. Тэдний гараас биднийг салгах хэн ч алга.

9 Цөл дэх илдний улмаас бид амь өрсөн талхаа олж авдаг.

10 Ган гачгийн шатаах халууны улмаас бидний арьс зуух шиг халуун болов.

11 Тэд Сионд эмэгтэйчүүдийг, Иудагийн хотуудад онгон охидыг хүчиндэв.

12 Хан хөвгүүд гараасаа дүүжлэгджээ. Ахмадууд үл хүндлэгджээ.

13 Залуу эрэгтэйчүүд тээрэмд ажилласан бөгөөд залуус гуалин модны дор бүдрэв.

14 Ахмадууд дааман хаалгануудаас, залуус хөгжмөөсөө холдов.

15 Бидний зүрхний баяр хөөр зогсов. Бидний бүжиг уй гашуугаар солигдов.

16 Бидний толгойгоос титэм унав. Бид нүгэл үйддсэн тул гаслантай яа!

17 Үүний улмаас бидний зүрх доройтон, эдгээр зүйлсийн улмаас бидний нүд сүүмийнэ.

18 Эзгүйрэн хэвтэх Сион уулын улмаас үнэгүүд дээгүүр нь гэтнэ.

19 ЭЗЭН, Та мөнхөд захирдаг. Таны хаан ширээ үеэс үед оршино.

20 Юунд Та биднийг үүрд мартана вэ? Юунд Та биднийг ийм удаан орхино вэ?

21 Бид сэргээгдэхийн тулд. ЭЗЭН, биднийг Өөр уруугаа сэргээгээч. Урьдынх шиг бидний өдрүүдийг шинэчлээч.

22 Эс бөгөөс Та биднээс бүрмөсөн татгалзаж, бидэнд хэтэрхий их уурлах вий.