1 КОРИНТ

1

1 Бурханы хүслээр Христ Есүсийн элч байхаар дуудагдсан Паул болон бидний дүү Состен нараас 2 Коринт дахь Бурханы чуулганд, хаа сайгүй бидний Эзэн Есүс Христийн нэрийг дуудагч бүгдтэй хамт ариун хүмүүс болохоор дуудагдан, Христ Есүс дотор ариусгагдсан хүмүүст (Эзэн бол тэднийх болон биднийх юм); 3 Бидний Эцэг Бурхан болон Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар амгалан нь та нарт байх болтугай. 4 Христ Есүсийн дотор та нарт өгөгдсөн Бурханы нигүүлслийн улмаас та нарын талаар би үргэлж Бурхандаа талархдаг. 5 Яагаад гэвэл та нар аливаа үг ба аливаа мэдлэгээр юм бүгдэд Түүний дотор баяжсан бөгөөд 6 түүнчлэн та нарын дотор Христийн талаарх гэрчлэл батажсан учраас 7 бидний Эзэн Есүс Христийн илчлэлтийг хүлээн, ямар ч бэлгээр та нар дутагдахгүй. 8 Тэр та нарыг бидний Эзэн Есүс [Христ]-ийн өдөрт гэм зэмгүй болгохоор эцэст нь хүртэл батална. 9 Бурхан бол итгэмжит. Та нар бол Түүгээр дамжуулан Түүний Хүү нь болох бидний Эзэн Есүс Христтэй нөхөрлөхөөр дуудагдсан юм. 10 Ах дүү нар аа, та нар бүгд адилхан юм ярьж, хоорондоо хагарал гаргахгүй байж, харин адил бодол, адил шүүлт дотор нягт нэгдэхийг бидний Эзэн Есүс Христийн нэрээр би та нараас хүсэмжлэн гуйя. 11 Учир нь ах дүүс минь ээ, та нарын дунд мэтгэлцээн байгааг би Хлоены гэрийнхнээс мэдсэн юм. 12 Та нараас хүн нэг бүр чинь “Би бол Паулынх”, “Би Аполынх”, “Би Кефийнх”, “Би Христийнх” гэдэг учир би үүнийг ярьж байна. 13 Христ хуваагдсан гэж үү? Паул та нарын төлөө цовдлогдсон гэж үү? Эсвэл та нар Паулын нэрээр баптисм хүртсэн юм уу? 14 Крисп, Гайос хоёроос гадна та нарын хэнд чинь ч би баптисм хүртээгээгүйдээ [Бурханд] талархдагийн учир нь 15 миний нэрээр баптисм хүртсэн гэж хэнийг ч хэлүүлэхгүй гэсэндээ юм. 16 Мөн Стефанагийн гэрийнхэнд баптисм хүртээсэн. Үүнээс өөр хэн нэгэнд баптисм хүртээсэн эсэхээ би мэдэхгүй. 17 Учир нь Христ намайг баптисм хүртээлгэхээр бус, харин сайн мэдээг тунхаглуулахаар илгээсэн юм. Христийн загалмайг дэмий хоосон зүйл болгохгүйн тулд сайн мэдээг тунхаглахдаа үгийн мэргэн цэцнийг хэрэглэдэггүй. 18 Загалмайн үг нь мөхөгсдийн хувьд мунхаг явдал боловч аврагдаж байгаа бидний хувьд Бурханы хүч мөн. 19 Учир нь “Би мэргэдийн мэргэн ухааныг устгана. Ухаантнуудын ухааныг Би хэрэгсэхгүй” гэж бичигдсэн байдаг. 20 Мэргэн хүн хаана байна? Хуулийн багш хаана байна? Энэ үеийн маргалдагч хаана байна? Бурхан энэ ертөнцийн мэргэн ухааныг мунхаг болгоогүй гэж үү? 21 Учир нь Бурханы мэргэн ухааны тухайд, ертөнц өөрийн мэргэн ухаанаар Бурханыг таньж мэдсэнгүй. Иймд тунхагласан мэдээний мунхаглалаар итгэгчдийг аврах нь Бурханд тааламжтай байсан юм. 22 Учир нь иудейчүүд нь тэмдгийг хүсдэг, грекчүүд нь мэргэн ухааныг хайдаг. 23 Гэвч бид цовдлогдсон Христийг тунхагладаг. Энэ нь иудейчүүдэд бүдрүүлэх саад, Харь үндэстнүүдэд мунхаглал болдог агаад 24 харин дуудагдсан хүмүүст нь, иудейчүүд, грекчүүдийн хэн хэнд нь Христ бол Бурханы хүч хийгээд Бурханы мэргэн ухаан мөн. 25 Яагаад гэвэл Бурханы мунхаглал нь хүмүүсээс илүү ухаалаг, Бурханы мөхөс байдал нь хүмүүсээс илүү хүчирхэг юм. 26 Ах дүү нар аа, та нар дуудлагаа санагтун. Тэгэхэд махан биеийн талаас мэргэн хүн олон байгаагүй, хүчирхэг хүмүүс олон байгаагүй, язгууртнууд ч олон байгаагүй. 27 Харин Бурхан мэргэдийг ичээхийн тулд ертөнцийн мунхаг юмсыг сонгож, хүчит юмсыг ичээхийн тулд ертөнцийн мөхөс юмсыг сонгожээ. 28 Бурхан байгсдыг хүчингүй болгохын тулд байгсдыг бус, энэ ертөнцийн шалихгүй, гадуурхагдсан хүмүүсийг сонгосон нь 29 Бурханы өмнө ямар ч махан биеийг сайрхуулахгүйн тулд болой. 30 Харин та нар Түүнээс болж Христ Есүс дотор байгаа юм. Христ Есүс нь бидний хувьд Бурханаас ирсэн мэргэн ухаан, зөвт байдал, ариусгал ба золилт болсон юм. 31 Ингэсэн нь “Сайрхагч нь Эзэн дотор сайрхаг” гэж бичигдсэнчлэн байхын тулд ажээ.

2

1 Ах дүү нар аа, та нар уруу очихдоо би та бүгдэд үг яриа, мэргэн ухааны давамгайллаараа Бурханы нууцыг тунхаглаж байгаагүй. 2 Учир нь та нарын дунд би Есүс Христ болон цовдлогдсон Түүнээс өөр ямар ч зүйлийг мэдэхгүй байхаар шийдсэн юм. 3 Мөхөс байдал, айдас, үлэмжийн чичрэл дотор би та нартай хамт байсан юм. 4 Миний үг болоод миний тунхаглал [үгийн] мэргэн ухааны ятгалгын үгээр бус, харин Сүнсний ба хүчний илрэлээр байсан нь 5 та нарын итгэл хүмүүсийн мэргэн ухаан дотор бус, харин Бурханы хүч дотор байхын тулд юм. 6 Бид төлөвшсөн хүмүүсийн дунд мэргэн ухааныг ярьдаг. Ингэхдээ энэ үеийн мэргэн ухааныг бус, өнгөрөн одож буй энэ үеийн удирдагчдын мэргэн ухааныг ч бус, 7 харин нууц дотор буй Бурханы мэргэн ухааныг бид ярьдаг. Энэ нь бидний алдрын төлөө үеүдээс ч өмнө Бурханы урьдаас тогтоосон нуугдмал мэргэн ухаан мөн. 8 Үүнийг энэ үеийн удирдагчдаас хэн нь ч мэдсэнгүй. Хэрэв тэд үүнийг мэдсэн байсан бол алдрын Эзэнийг цовдлохгүй байх байсан. 9 Гэвч “Нүдэнд үзэгдээгүй, чихэнд сонсогдоогүй, Хүний санаанд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” гэж бичигдсэн ёсоор болжээ. 10 Гэвч Бурхан үүнийг Сүнсээр бидэнд илчилсэн юм. Учир нь Сүнс бүх зүйлийг, тэр байтугай Бурханы гүн юмсыг ч гэсэн нэвтэлдэг ажгуу. 11 Учир нь хүний дотор буй сүнснээс нь өөр хүний бодол санааг хэн мэддэг вэ? Түүнчлэн Бурханыхыг Бурханы Сүнснээс өөр хэн ч мэддэггүй. 12 Бурханы бидэнд үнэгүй өгсөн юмсыг мэдэхийн тулд бид ертөнцийн сүнсийг бус, харин Бурханаас ирсэн Сүнсийг хүлээн авсан юм. 13 Бид үүнийг хүний мэргэн ухааны сургасан үгсээр бус, харин Сүнсний сургаснаар ярьдаг бөгөөд сүнслэг зүйлсийг сүнслэгээр тайлбарладаг. 14 Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Учир нь тийм хүнд эдгээр нь мунхаг явдал бөгөөд эдгээрийг ойлгож чадахгүй. Яагаад гэвэл эдгээр нь сүнслэгээр үзэгддэг. 15 Харин сүнслэг хүн бүхнийг олж хардаг байхад, түүнийг хэн ч олж хардаггүй. 16 “Учир нь Эзэний оюун ухааныг хэн мэдсэн бэ? Хэн Түүнд заавар өгөх вэ?”. Харин бидэнд Христийн оюун ухаан бий.

3

1 Ах дүү нар аа, сүнслэг хүмүүстэй ярихын адил би та нартай ярьж чадсангүй. Харин махан биеийн хүнтэй, Христ доторх балчир хүүхэдтэй ярихын адил ярьсан. 2 Би та нарт сүү өгсөн. Бор хоол өгөөгүй. Тэгэхэд та нар чадваргүй байсан. Одоо ч гэсэн та нар чадваргүй байна. 3 Учир нь та нар одоо хүртэл махан биеийнхээ дагуу байна. Та нарын дунд атаархал, маргаан байгаа нь та нар махан биеийнхээ дагуу, хүний ёсны дагуу явдаггүй гэсэн хэрэг үү? 4 Учир нь нэг нь “Би Паулынх” гэхэд, нөгөө нь “Би Аполынх” гэж буй та нар тийм хүмүүс биш үү? 5 Тэгвэл Апол гэж хэн юм бэ? Паул гэж хэн юм бэ? Тэд бол Эзэнээс хүн бүрд өгсний дагуу зарц нар бөгөөд та нар тэр хүмүүсээр дамжуулж итгэсэн. 6 Би тарьсан, Апол усалсан. Харин Бурхан ургуулсан юм. 7 Тиймээс таригч ч, услагч ч юу ч биш, харин Бурхан ургуулдаг аж. 8 Таригч, услагч нь нэг юм. Тэд тус бүрдээ хөдөлмөрийнхөө дагуу шагналаа авах болно. 9 Учир нь бид Бурханы хамтран зүтгэгчид бөгөөд та нар Бурханы тариалангийн талбай, Бурханы барилга мөн. 10 Надад өгөгдсөн Бурханы нигүүлслийн дагуу би ухаалаг тэргүүн барилгачин мэт суурийг тавьсан бөгөөд харин өөр хүн түүн дээр барьж байна. Гэхдээ түүн дээр яаж барихаа хүн бүр анхаарагтун. 11 Учир нь тавигдсан ганц суурь болох Есүс Христээс өөр суурийг хэн ч тавьж чадахгүй. 12 Хэрэв хэн нэгэн хүн энэ суурин дээр алт, мөнгө, эрдэнийн чулуу, мод, өвс болон сүрлээр баривал, 13 ажил болгон нь илэрхий болно. Учир нь мөнөөх өдөр үүнийг харуулна. Яагаад гэвэл энэ нь галаар илэрхий болгогдох бөгөөд гал нь хүн бүрийн ажлын чанарыг шалгах болно. 14 Хэрэв хэн нэгний үүн дээр барьсан ажил нь үлдвэл тэр хүн шагналаа хүлээн авна. 15 Хэрэв хэн нэгний ажил шатвал тэр хүн хохирол амсана. Тэр өөрөө гал дундуур гарсан мэт боловч аврагдана. 16 Та нар өөрсдөө Бурханы сүм мөн бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу? 17 Хэрэв хэн нэг нь Бурханы сүмийг устгавал Бурхан тэр хүнийг устгана. Учир нь Бурханы сүм бол ариун бөгөөд энэ нь та нар мөн. 18 Хэн ч өөрийгөө бүү мэхлэг. Хэрэв та нарын дунд хэн нэг нь энэ үед өөрийгөө мэргэн хэмээн боддог бол тэр хүн мэргэн болохын тулд мунхаг болог. 19 Учир нь энэ ертөнцийн мэргэн ухаан бол Бурханы өмнөх мунхаглал ажээ. Энэ нь “Мэргэн хүмүүсийг Тэр башир байдлаар нь барьдаг” гэж бичигджээ. 20 Мөн “Мэргэн хүмүүсийн эргэцүүлэл нь дэмий хоосон зүйл гэдгийг Эзэн мэддэг” гэжээ. 21 Иймээс хэн ч хүмүүсээр сайрхахгүй байг. Учир нь бүх юм та нарынх юм. 22 Паул ч, Апол ч, Кеф ч, ертөнц ч, амь хийгээд үхэл ч, одоо хийгээд ирээдүй ч бүгд та нарынх аж. 23 Та нар Христийнх бөгөөд Христ Бурханых мөн.

4

1 Биднийг Христийн зарц нар ба Бурханы нууцын нярвууд гэж тооцог. 2 Үүнээс гадна итгэмжит байхыг нярвуудаас шаарддаг. 3 Та нараар, эсвэл хүний шүүхээр шүүлгэх нь миний хувьд тун ялихгүй зүйл билээ. Би өөрөө ч гэсэн өөрийгөө шүүдэггүй. 4 Өөрийнхөө эсрэг мэдэх юм надад байхгүй ч үүгээрээ би зөвтгөгдөөгүй. Харин намайг шүүгч нэгэн бол Эзэн мөн. 5 Иймд та нар тогтоосон цагаас өмнө Эзэнийг иртэл юуг ч битгий шүүгтүн. Эзэн харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргах бөгөөд хүмүүсийн зүрхний зорилгыг илрүүлнэ. Тэгээд Бурханаас хүн бүрд магтаал ирэх болно. 6 Ах дүү нар аа, би эдгээрийг та нарын төлөө өөртөө болон Аполд хэрэгжүүлсэн нь та нар бичигдсэнээс хэтрэхгүй байхыг биднээс суралцаасай гэсэндээ юм. Тэгвэл та нар нэгийнхээ төлөө нөгөөгийнхөө эсрэг их зантай болохгүй. 7 Үнэндээ хэн та нарыг шилдэг хэмээн үзнэ вэ? Та нарт байгааг та нар хүлээж аваагүй гэж үү? Хэрэв үнэхээр хүлээж авсан юм бол аваагүй юм шиг та нар юунд сайрхана вэ? 8 Та нар хэдийнээ бялхсан бөгөөд баян болжээ. Та нар бидэнгүйгээр хаад болжээ. Та нар үнэхээр хаад болсон байгаасай гэж би хичнээн их хүснэм. Тэгвэл бид ч та нартай хамт хаанчилна шүү дээ! 9 Учир нь Бурхан элч болох биднийг үхэх ял оногдсон хүмүүс мэт бүхний сүүлчийнх болгосон гэж би боддог. Яагаад гэвэл бид ертөнцөд, тэнгэр элч нарт ч, хүмүүст ч үзмэр болжээ. 10 Бид Христийн төлөө мулгуу аж. Харин та нар Христ дотор хашир аж. Бид мөхөс, харин та нар хүчтэй. Та нар алдар хүндтэй, харин бидэнд алдар хүнд ч алга. 11 Энэ мөчийг хүртэл бид өлсөж, цангаж, ядмаг хувцаслан, ширүүн нударгад өртөж, орон гэргүй байж, 12 гараа ажиллуулан нөр их хөдөлмөрлөж байна. Биднийг зүхэхэд нь ерөөж, хавчихад нь тэвчиж, 13 гүтгэхэд нь тайтгаруулахыг бид хичээдэг. Бид одоо хүртэл дэлхийн хог, бүгдийн шаар шавхруу мэт болсон. 14 Би та нарыг ичээхийн тулд бус, харин өөрийнхөө хайрт хүүхдүүдийн адил та нарт сануулахын тулд үүнийг бичлээ. 15 Учир нь та нар Христийн дотор тоо томшгүй сургагч нартай байж болох ч эцэг болох хүмүүс олон байхгүй. Учир нь би Христ Есүсийн дотор сайн мэдээгээр дамжуулан та нарын эцэг болсон. 16 Тиймээс та нарыг гуйя. Намайг дуурайгсад бай. 17 Үүний улмаас би Эзэн доторх миний хайрт, итгэлт хүү болох Тимотыг та нарт илгээв. Хаа сайгүй чуулган бүрд би хэрхэн сургадгийн адил Христ [Есүс] доторх замуудыг маань тэр та нарт сануулах болно. 18 Зарим чинь намайг та нар уруу очихгүй юм шиг их зан гаргадаг. 19 Хэрэв Эзэн хүсвэл би та нар уруу удахгүй очиж, их зантай хүмүүсийн үг яриаг бус, харин хүчийг нь мэдэх болно. 20 Учир нь Бурханы хаанчлал үг яриан дотор бус, харин хүч дотор байна. 21 Би та нар уруу ташууртай, эсвэл хайр ба дөлгөөн байдлын сүнстэй очих уу? Та нар алийг нь хүснэ вэ?

5

1 Та нарын дунд Харь үндэстнүүдийн дунд хүртэл байдаггүй, садар самуун явдал байдаг нь дуулдлаа. Нэг чинь эцгийнхээ эхнэртэй нөхцдөг гэнэ. 2 Та нар их зантай болж, харин ийм зүйлийг үйлдэгч нэгэн нь та нарын дундаас зайлуулагдахын тулд та нар гашуудсангүй. 3 Миний хувьд, би биеэрээ байгаагүй боловч сүнсээрээ та нарын дэргэд байж, дунд чинь байсан мэт үүнийг үйлдэгчийг хэдийнээ шүүсэн юм. 4 [Бидний] Эзэн Есүсийн нэрээр та нар цуглах үед би сүнсээрээ та нартай хамт байж, бидний Эзэн Есүсийн хүчээр 5 тийм хүнийг махан биеийг нь сүйрүүлэхийн тулд Сатанд тушаая гэж шийдэв. Ингэснээр түүний сүнс Эзэн [Есүсийн] өдөр аврагдаж болох юм. 6 Та нарын сайрхал чинь сайн биш ээ. Жаахан хөрөнгө нь зуурсан гурилыг бүхэлд нь исгэдгийг та нар мэдэхгүй гэж үү? 7 Та нар исгэгдээгүй юм шиг шинэ зуурсан гурил байхын тулд хуучин хөрөнгийг бүрмөсөн цэвэрлэ. Учир нь бидний Дээгүүр Өнгөрөх баярын хурга болох Христ ч гэсэн тахил болсон юм. 8 Иймд бид хуучин хөрөнгөөр бус, хорсол ба бузар муугийн хөрөнгөөр ч бус, харин чин сэтгэлийн ба үнэний исгээгүй талхаар баярыг тэмдэглэе. 9 Садар самуун хүмүүстэй холбогдож болохгүй гэж би та нарт захидалдаа бичихдээ, 10 энэ ертөнцийн садар самуун, эсвэл шунахай, эсвэл дээрэмчид, эсвэл шүтээн шүтэгч хүмүүстэй холбогдож болохгүй гэж би ерөөсөө хэлээгүй. Хэрэв тийм байсан бол та нар энэ ертөнцийн гадна гарах ёстой болно. 11 Харин би та нарт хэрэв ах дүү гэж нэрлэгддэг нэг чинь садар самуун, эсвэл шунахай, эсвэл шүтээн шүтэгч, эсвэл хараалч, эсвэл архичин, эсвэл дээрэмчин бол тийм хүнтэй холбогдож болохгүй тухай бичсэн юм. Тийм хүнтэй хамт хооллож ч болохгүй. 12 Гадна байгсдыг шүүх хэрэг надад юунд байх билээ? Та нар дотор байгсдыг шүүдэггүй гэж үү? 13 Харин гадна байгсдыг Бурхан шүүдэг. Хилэнцэт хүнийг өөрсдийнхөө дундаас зайлуул.

6

1 Та нараас хэн нэг нь хөршийнхөө эсрэг хэрэг заргатай байгаа бол, тэр хүн ариун хүмүүсийн өмнө бус, харин зөвт бус хүмүүсийн өмнө шүүлгэхийг зүрхэлнэ гэж үү? 2 Эсвэл ертөнцийг ариун хүмүүс шүүнэ гэдгийг та нар мэддэггүй юм уу? Хэрэв та нар ертөнцийг шүүх юм бол багахан хэргийг шүүх чадваргүй юу? 3 Бид тэнгэр элч нарыг шүүнэ гэдгийг та нар мэдэхгүй юу? Тэгвэл энэ амьдралын хэрэг явдлууд хир зэрэг илүү юм бэ? 4 Иймд хэрэв та нарт энэ амьдралын хэрэг явдалтай холбоотой зарга байгаа бол чуулган дотор өчүүхэн ч төдий хүндэтгэл хүлээгээгүй хүмүүсийг шүүгчээ болгоно гэж үү? 5 Би та нарыг ичээхийн тулд ярьж байна. Ингэхлээр та нарын дотор ах дүүсийнхээ хоорондохыг шийдэх чадвартай мэргэн хүн ганц ч байхгүй гэж үү? 6 Ах дүү нь ах дүүгээ итгэгч биш хүмүүсийн өмнө шүүх юм гэж үү? 7 Үнэн хэрэгтээ та нар бие биентэйгээ заргалдаж буй нь та нарын хувьд аль хэдийнээ сүйрэл мөн. Харин ч яагаад буруутгагдаж болдоггүй юм бэ? Харин ч яагаад мэхлэгдэж болдоггүй юм бэ? 8 Харин та нар өөрсдөө бурууг үйлддэг бөгөөд мэхэлдэг аж. Тэгэхдээ ах дүүсээ ч ингэдэг ажээ. 9 Эсвэл та нар зөвт бус хүмүүс Бурханы хаанчлалыг өвлөхгүй гэдгийг мэддэггүй гэж үү? Бүү мэхлэгдэгтүн. Садар самуун явдалтнууд ч, шүтээн шүтэгчид ч, завхайрагчид ч, янхан эр ч, ижил хүйстэнтэйгээ нөхцөгчид ч, 10 хулгайч нар ч, шуналтангууд ч, архичид ч, хараалчид ч, дээрэмчид ч Бурханы хаанчлалыг өвлөхгүй. 11 Та нарын зарим нь тийм байсан. Гэвч Эзэн Есүс Христийн нэрээр болон бидний Бурханы Сүнс дотор та нар угаагдсан, та нар ариусгагдсан, та нар зөвтгөгдсөн юм. 12 Надад бүх юмс зөвшөөрөгддөг, харин бүх юмс тустай биш. Надад бүх юмс зөвшөөрөгддөг, харин би юугаар ч эзэмдүүлэхгүй. 13 Хоол нь ходоодонд зориулагддаг бол ходоод нь хоолонд зориулагджээ. Харин Бурхан тэдний аль алийг нь үгүй болгоно. Бие нь садар самуун явдалд бус, харин Эзэнд зориулагддаг бол Эзэн биенд ажээ. 14 Бурхан зөвхөн Эзэнийг амилуулсан төдийгүй биднийг ч бас Өөрийн хүчээрээ амилуулна. 15 Та нарын биес Христийн эрхтнүүд гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгвэл би Христийн эрхтнүүдийг авч, тэдгээрийг янхны эрхтнүүд болгох уу? Огт үгүй. 16 Янхантай нийлсэн хүн түүнтэй нэг бие болно гэдгийг та нар мэдэхгүй юу? Учир нь Тэр “Хоёр нь нэг махан бие болно” гэж айлддаг. 17 Харин Эзэнтэй нийлсэн хүн нэг сүнс байна. 18 Садар самуун явдлаас зугтан явагтун. Хүний үйлддэг нүгэл бүр биеийнх нь гадна байдаг. Харин садарлагч эр өөрийнхөө биеийн эсрэг нүгэл үйлддэг. 19 Та нарын бие бол Бурханы та нарт өгсөн, та нарын дотор байдаг Ариун Сүнсний сүм мөн гэдгийг та нар мэддэггүй юм уу? Та нар өөрсдийнх биш гэдгээ мэддэггүй юм уу? 20 Учир нь та нарыг үнээр худалдан авсан юм. Тиймээс биеэрээ Бурханыг алдаршуулагтун.

7

1 Та нарын бичсэн асуудлын тухайд гэвэл гэрлэхгүй байх нь эр хүнд сайн юм. 2 Харин садар самуун байдалд орохгүйн тулд эр хүн бүр эхнэртэй, эмэгтэй хүн бүр нөхөртэй байг. 3 Нөхөр нь эхнэрийнхээ өмнө өөрийн үүргээ биелүүлэг. Үүнчлэн эхнэр нь мөн нөхрийнхөө өмнө өөрийн үүргээ биелүүлэг. 4 Эхнэр нь өөрийн биеэ захирах эрх мэдэлгүй бөгөөд харин нөхөр нь захирна. Түүнчлэн нөхөр нь өөрийн биеэ захирах эрх мэдэлгүй бөгөөд харин эхнэр нь захирна. 5 Та нар нэг нэгнээсээ хагацахаа зогсоо. Зөвхөн өөрсдийгөө залбиралд зориулахаар тохиролцсон цагт тус тусдаа байгаад, дахин хамтдаа байгаарай. Эс тэгвэл Сатан та нарыг биеэ барьж тэвчихгүй байдлаар чинь сорьж магадгүй юм. 6 Харин үүнийг би тушаалаар бус зөвлөмж болгон хэллээ. 7 Бүх хүмүүс над шиг байгаасай гэж би хүсдэг. Гэхдээ хүн бүрд өөрийнх нь бэлэг Бурханаас байдаг бөгөөд нэг нь ийм байхад нөгөө нь өөр байдаг аж. 8 Гэрлээгүй болон бэлэвсэн хүмүүст хандаж, хэрэв тэд над шиг байгаа хэвээрээ байвал тэдэнд сайн гэж би хэлдэг. 9 Гэвч хэрэв тэд биеэ захирч чадахгүй бол гэрлэг. Учир нь шатаж байснаас гэрлэх нь илүү дээр. 10 Эхнэр нь нөхрөөсөө салж болохгүй гэж гэрлэсэн хүмүүст хандан би биш, харин Эзэн тушаадаг. 11 (Хэрэв тэр салбал дахин гэрлэхгүй байг, эсвэл нөхөртэйгөө эвлэрэг.) Нөхөр нь эхнэрээ хөөж болохгүй. 12 Харин бусдад нь хандаж, хэрэв ах дүү нарын нэг нь итгэгч биш эхнэртэй байгаад, тэр эмэгтэй өөртэй нь амьдрахыг хүсвэл тэр эмэгтэйг бүү орхи гэж Эзэн биш, би хэлдэг. 13 Хэрэв эмэгтэй нь итгэгч биш нөхөртэй байгаад, нөхөр нь өөртэй нь амьдрахыг хүсвэл нөхрөө бүү орхиг. 14 Учир нь үл итгэгч нөхөр нь эхнэрээрээ ариусгагдсан байна. Үл итгэгч эхнэр нь итгэгч нөхрөөрөө ариусгагдсан байна. Тийм бишсэн бол та нарын хүүхдүүд бузар байх байсан. Харин одоо тэд ариун аж. 15 Хэрэв үл итгэгч нэг нь салбал тэр салаг. Ах дүү болон эгч дүү нар ийм тохиолдолд боолчлол дор байхгүй. Харин ч Бурхан биднийг амар тайван уруу дуудсан юм. 16 Эхнэр ээ, чи нөхрөө аврах эсэхийг яаж мэднэ вэ? Нөхөр өө, чи эхнэрээ аврах эсэхийг яаж мэднэ вэ? 17 Зөвхөн Бурхан хүн бүрийг дуудсанчлан, Эзэн хүн бүрд хувааж өгснөөр нь тэр хүн яваг. Би бүх чуулганд ийнхүү тушаадаг. 18 Хөвч хөндөх ёслол хийлгэсний дараа хэн нэг нь дуудагдсан уу? Тэр хүн хөвч хөндөлтөө бүү үгүй болгог. Хөвч хөндөх ёслол хийлгээгүй хүмүүсээс хэн нэг нь дуудагдсан уу? Тэр хүн бүү хөвч хөндүүл. 19 Хөвч хөндөх нь юу ч биш, хөвч хөндүүлээгүй нь ч юу ч биш. Харин Бурханы тушаалуудыг сахих нь чухал юм. 20 Хүн бүр дуудагдсан дуудлагынхаа дотор үлдэг. 21 Чи боол байхдаа дуудагдсан уу? Үүндээ санаа бүү зов. Хэрэв чи чөлөөтэй болох боломжтой бол түүнийгээ ашигла. 22 Учир нь боол байхдаа Эзэн дотор дуудагдсан хүн Эзэний чөлөөлсөн хүн мөн. Үүнтэй адил чөлөөтэй байхдаа дуудагдсан хүн Христийн боол мөн. 23 Та нарыг үнээр худалдан авсан юм. Хүмүүсийн боол бүү бологтун. 24 Ах дүү нар аа, хэн юун дотор дуудагдсан байна, түүн дотроо хүн бүр Бурхантай хамт үлд. 25 Онгон бүсгүйчүүдийн тухайд гэвэл Эзэний тушаал надад байхгүй. Харин Эзэний өршөөлөөр итгэмжит болсон хүний хувьд саналаа хэлье. 26 Тэгэхлээр миний бодоход, өнөөгийн зовлон зүдгүүрийн учир байсан хэвээрээ байх нь эр хүнд сайн аж. 27 Чи эхнэртэй холбогдсон уу? Салах гэж бүү оролд. Чи эхнэрээс салсан уу? Эхнэр бүү хай. 28 Гэхдээ чи гэрлэлээ ч гэсэн нүгэл үйлдээгүй хэрэг. Хэрэв онгон бүсгүй гэрлэлээ ч гэсэн нүгэл үйлдээгүй хэрэг. Гэвч иймэрхүү хүмүүс нь махан биедээ зовлонтой болно. Би та нарыг гамнахыг чармайж байна. 29 Ах дүү нар аа, үүнийг би та нарт хэлье. Цаг хугацаа охор богино болжээ. Цаашдаа эхнэртэй хүмүүс нь эхнэргүй мэт, 30 уйлж байгаа хүмүүс нь уйлаагүй мэт, баярлаж байгаа хүмүүс нь баярлаагүй мэт, худалдан авч байгаа хүмүүс нь өмч хөрөнгөгүй мэт, 31 энэ ертөнцийг хэрэглэж байгаа хүмүүс нь бүрэн дүүрнээр ашиглаагүй мэт болох ёстой аж. Учир нь энэ ертөнцийн хэлбэр өнгөрөн одож байна. 32 Гэвч та нар санаа зовох юмнаас чөлөөтэй байхыг би хүсдэг. Гэрлээгүй хүн Эзэнд яаж таалагдах вэ хэмээн Эзэний юмсад санаа тавьдаг. 33 Харин гэрлэсэн хүн эхнэртээ яаж таалагдах вэ хэмээн ертөнцийн юмсад санаа тавьдаг бөгөөд 34 тэр хүн хуваагдсан байдаг аж. Гэрлээгүй онгон эмэгтэй нь биеэрээ болон сүнсээрээ ариун байхын тулд Эзэний юмсад санаа тавьдаг. Харин гэрлэсэн эмэгтэй нь нөхөртөө яаж таалагдах вэ хэмээн ертөнцийн юмсад санаа тавьдаг юм. 35 Би та нарыг боогдуулах гэсэндээ бус, харин та нарын тусын тулд бөгөөд зохистой байдал болон эргэлт буцалтгүйгээр Эзэнд үнэнч байх байдлын чинь төлөө үүнийг хэлж байгаа юм. 36 Хэрэв ямар нэгэн хүн өөрийн онгон бүсгүйд ёс журамгүй зан гаргаж байна гэж бодож байгаа бол, хэрэв тэр эмэгтэй насанд хүрсэн бөгөөд тийм байх ёстой юм бол тэр хүн хүслээрээ болог. Тэр нүгэл үйлдээгүй. Тэд гэрлэг. 37 Харин хэн өөрийн сэтгэл зүрхэндээ бат зогсож, энэ нь шаардлагагүй гээд өөрийн хүслээ захирсан бөгөөд нөхөрт гараагүй өөрийн онгон бүсгүйг зүрхэндээ байлгахаар шийдсэн бол энэ нь тэр хүний хувьд сайн хэрэг. 38 Тиймээс тэр хүн өөрийн онгон бүсгүйг гэрлүүлбэл сайн биз, гэрлүүлэхгүй бол илүү сайн биз ээ. 39 Эхнэр хүн нөхрөө амьд байхад нь түүнтэй холбоотой байдаг. Хэрэв нөхөр нь үхвэл тэр эмэгтэй хүссэн хүнтэйгээ гэрлэх эрх чөлөөтэй болно. Харин зөвхөн Эзэн дотор юм. 40 Харин миний бодлоор бол хэрэв тэр эмэгтэй байгаагаараа үлдвэл илүү ч жаргалтай байна. Надад ч бас Бурханы Сүнс байгаа гэж би боддог.

8

1 Шүтээнүүдэд өргөсөн тахилын тухайд гэвэл бид цөмөөрөө мэдлэгтэй гэдгийг бид мэднэ. Мэдлэг ихэрхэг болгодог, харин хайр сургамжилдаг аж. 2 Хэрэв хэн нэгэн хүн өөрийгөө ямар ч зүйлийг мэддэг гэж боддог бол тэр хүн мэдэх ёстойгоо мэдээгүй л байна. 3 Харин хэрэв хүн Бурханд хайртай бол тэр хүн Түүгээр танигдсан байна. 4 Иймд шүтээнүүдэд өргөсөн юмсыг идэх талаар гэвэл энэ ертөнцөд шүтээн гэдэг нь байдаггүй бөгөөд ганцаас өөр Бурхан байхгүйг бид мэднэ. 5 Хэдийгээр тэнгэрт болон газарт бурхад хэмээгдэгчид нь байдаг бөгөөд тиймээс олон бурхад ба олон эзэд байдаг хэмээсэн ч гэсэн, 6 бидний хувьд ганц Бурхан, Эцэг байна. Бүх юм Түүнээс гарсан бөгөөд бид Түүний төлөө юм. Мөн ганц Эзэн Есүс Христ байна. Бүх юм Түүгээр байгаа бөгөөд бид ч Түүгээр байгаа юм. 7 Харин энэ мэдлэг бүх хүнд байдаггүй ажээ. Зарим хүмүүс өнөөг хүртэл шүтээнд дассан учир шүтээнд өргөсөн тахил гэж бодож идсэнээрээ өөрсдийнхөө мөхөс мөс чанарыг бузарладаг ажээ. 8 Харин идэх юм биднийг Бурханд аваачихгүй. Бид идлээ ч дээрдэхгүй, идээгүй ч дордохгүй. 9 Харин та нарын энэ эрх мөхөс хүмүүст бүдрүүлэх чулуу болох вий гэдэгт санаа тавь. 10 Учир нь мэдлэгтэй чамайг шүтээний сүмд идэж суухыг чинь хэрэв мөхөс нэгэн харвал, шүтээнд тахигдсан юмсыг идье хэмээн түүний мөс чанар нь зоригжих бус уу? 11 Иймд мөхөс ах дүү чинь чиний мэдлэгээс болж үрэгдэж байна. Түүний төлөө л Христ үхсэн юм шүү. 12 Ийнхүү ах дүүсийнхээ эсрэг нүгэл хийж, тэдний мөхөс мөс чанарыг шархлуулснаараа чи Христийн эсрэг нүгэл хийж байгаа юм. 13 Тиймээс хэрэв идэх юм миний ах дүүг бүдрүүлэх шалтаг болбол ах дүүгээ бүдрүүлэхгүйн тулд би хэзээ ч дахин мах идэхгүй.

9

1 Би эрх чөлөөтэй биш гэж үү? Би элч биш гэж үү? Би бидний Эзэн Есүсийг хараагүй гэж үү? Та нар Эзэн доторх миний ажил биш гэж үү? 2 Хэрэв би бусдад элч биш байлаа гэхэд та нарын хувьд бол элч мөн. Учир нь та нар бол Эзэн доторх элчийн үүргийн минь тамга юм. 3 Намайг шалгадаг хүмүүст хандах миний өмгөөлөл нь ийм юм. 4 Идэж, уух эрх бидэнд байхгүй гэж үү? 5 Бусад элч нар болон Эзэний дүү нар, Кеф шиг эгч дүү болох эхнэрээ дагуулах эрх бидэнд байхгүй гэж үү? 6 Эсвэл ажлаа орхих эрх зөвхөн Барнаб бид хоёрт байхгүй юм уу? 7 Өөрийнхөө хөлсөөр цэрэг мэт ямар ч цагт үйлчилдэг хэн байна вэ? Усан үзмийн талбай байгуулаад, жимснээс нь иддэггүй хэн байна вэ? Хонин сүрэг хариулдаг атлаа сүргийнхээ сүүг хэрэглэдэггүй хэн байна вэ? 8 Эдгээр зүйлийг би хүний ёсоор ярьж байна уу? Хууль ч гэсэн эдгээр зүйлийг хэлдэггүй гэж үү? 9 Учир нь Мосегийн Хуульд “Тариа цайруулж буй үхрийн аманд хошуувч бүү хий” гэж бичсэн байдаг. Бурхан үхэрд санаа тавьдаг юм уу? 10 Тэр үүнийг бүхэлд нь бидний төлөө айлдсан уу? Тийм ээ, энэ нь бидний төлөө бичигдсэн юм. Тэгэхлээр газар хагалагч найдлага дотор хагалж, цайруулагч найдлага дотор цайруулж хувиа хүртэх ёстой аж. 11 Хэрэв бид та нарт сүнслэг зүйлсийг тариад та нараас бид махан биеийн юмсыг хураасан бол энэ нь дэндүү их байна уу? 12 Хэрэв бусад нь та нарынхаас хуваалцах эрхтэй байдаг юм бол бид тэднээс ч илүү байх ёстой бус уу? Хэдий тийм боловч, бид энэ эрхээ ашиглаагүй. Харин үүний оронд бид өөрсдөө Христийн сайн мэдээнд ямар ч саад тотгор учруулахгүйн тулд бүх юмсыг тэвчдэг. 13 Ариун үйлчлэлийг гүйцэтгэгчид сүмээс хооллодгийг болон тахил өргөхөд оролцогчид тахилын ширээн дээрхээс хувиа хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү? 14 Түүнчлэн сайн мэдээг тунхаглагчид сайн мэдээгээр амь зуухыг Эзэн тогтоосон ажээ. 15 Харин би энэ бүхнээс юуг ч ашиглаагүй. Намайг тийм байлгахын тулд эдгээрийг бичээгүй. Учир нь миний бахархлыг хэн нэг нь хоосон хүчингүй болгосноос миний хувьд үхсэн нь дээр юм. 16 Учир нь хэрэв би сайн мэдээг тунхаглавал үүнд сайрхах юм надад юу ч алга. Яагаад гэвэл би шахалтад байдаг. Хэрэв би сайн мэдээг тунхаглахгүй бол энэ нь надад зовлон болдог. 17 Хэрэв би үүнийг сайн дураараа хийвэл шагнал хүртэнэ. Гэвч хэрэв миний хүслийн эсрэг байлаа ч нярвын үүрэг нь надад даалгагдсан юм. 18 Тэгвэл миний шагнал юу вэ? Сайн мэдээг тунхаглахдаа би төлбөргүйгээр сайн мэдээг өгч, ингэснээрээ сайн мэдээн дотор өөрийн эрхээ бүрэн дүүрнээр ашиглахгүй байх явдал юм. 19 Учир нь би бүхнээс чөлөөтэй атлаа илүү олныг талдаа оруулахын тулд өөрийгөө бүгдэд боол болгов. 20 Иудейчүүдийг талдаа оруулахын тулд би иудейчүүдэд Иудей хүн адил, Хуулийн дор байгсдыг талдаа оруулахын тулд би өөрөө Хуулийн дор байдаггүй атлаа Хуулийн дор байгсдад Хуулийн дор байгч мэт, 21 хуульгүй хүмүүсийг талдаа оруулахын тулд би Бурханы хуульгүй байгаа бус, харин Христийн хууль дор байдаг атлаа, хуульгүй хүмүүст хуульгүй хүн адил, 22 мөхөс хүмүүсийг талдаа оруулахын тулд би мөхөс хүмүүст мөхөс хүн адил болсон юм. Яалаа ч гэсэн заримыг нь аврахын тулд бүх хүнд би бүх юм болж байлаа. 23 Би сайн мэдээний хамсаатан болохын тулд сайн мэдээний төлөө бүх юмсыг хийдэг. 24 Уралдаанд оролцон гүйгчид бүгд гүйдэг ч нэг нь л шагнал хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү? Та нар ялахын тулд ийнхүү гүйцгээ. 25 Тэмцээнд өрсөлдөгч хүн бүр бүх талаараа биеэ барих чадварт өөрийгөө дасгалжуулдаг аж. Тэд муудах титмийг хүртэхийн төлөө бол, харин бид үл муудах титмийн төлөө юм. 26 Тиймээс би ямар ч зорилгогүй мэт гүйдэг бус, зангидсан гараараа агаар цохих мэт нударгалдаг бус, 27 харин бусдад сайн мэдээг тунхагласан атлаа өөрөө тэнцээгүй байх вий гэсэндээ биеэ зовоож өөрийнхөө боол болгодог.

10

1 Та нар дараах зүйлийг мэдэхгүй байхыг би хүсэхгүй байна. Ах дүү нар аа, бидний эцгүүд бүгд үүлэн баганан доор байж, бүгд тэнгисийг гатлан гарч, 2 бүгд үүл болон тэнгист Мосе уруу баптисм хүртэж, 3 бүгд адилхан сүнслэг хоол идсэн бөгөөд 4 бүгд адилхан сүнслэг ундааг уусан байна. Тэднийг дагаж байсан сүнслэг хаднаас тэд ундаалсан юм. Тэр хад бол Христ байв. 5 Гэсэн ч тэдний олонх нь Бурханы таалалд нийцсэнгүй. Иймээс ч тэднийг цөлд унагасан юм. 6 Тэд тачаадан хүссэн шиг бузар юмсын араас бид тачаадан хүсэхгүй байхын тулд энэ нь бидэнд жишээ болсон юм. 7 Тэдний зарим шиг шүтээн шүтэгчид бүү бол. Энэ тухай “Хүмүүс идэж, уухаар суув. Тоглохоор бослоо” гэж бичигдсэн байна. 8 Тэдний адил бид садар самууныг үйлдэхгүй байцгаая. Учир нь тэдний зарим нь садарлаж, ганцхан өдөр хорин гурван мянган хүн үхсэн юм. 9 Тэдний адил бид Христийг сорихгүй байцгаая. Учир нь тэдний зарим нь сорьж, могойнуудад хөнөөгдсөн юм. 10 Тэдний адил бид дургүйцэхгүй байцгаая. Учир нь тэдний зарим нь дургүйцээд, устгагчаар хөнөөгдсөн юм. 11 Энэ бүхэн жишээ болон тэдэнд тохиолдсон бөгөөд үүнийг энэ үеийн эцэст амьдарч буй бидэнд сануулга болгон бичжээ. 12 Тиймээс өөрийгөө зогсож байна гэж боддог хүн уначихгүйн тулд болгоомжтой байг. 13 Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл юм. Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм. 14 Тиймд миний хайрт хүмүүс ээ, шүтээн шүтэх явдлаас зугт. 15 Мэргэн хүмүүст хэлдгийн адил би хэлье. Юу хэлж байгааг минь та нар шүүцгээ. 16 Бидний ерөөдөг ерөөлийн аяга нь Христийн цусан доторх оролцоо биш үү? Бидний хугачдаг талх нь Христийн бие доторх оролцоо биш үү? 17 Талх нэг тул бид олуулаа ч нэг бие байна. Учир нь бид бүгдээрээ нэг талхнаас хуваалцдаг. 18 Махан биеийнх нь дагуу Израилийг хар. Тахилаас идэгчид нь тахилын ширээний хамсаатан биш үү? 19 Тиймээс би юу гэж хэлээд байна вэ? Шүтээнүүдэд тахигдсан юмс нь чухал юм уу, шүтээн нь чухал юм уу? 20 Үгүй, харин тахидаг юмсыг тэд Бурханд бус, харин чөтгөрүүдэд [тахидаг

аж. Та нарыг чөтгөрүүдийн хамсаатан болоосой гэж би хүсдэггүй. 21 Та нар Эзэний аяганаас болон чөтгөрүүдийн аяганаас зэрэг ууж чадахгүй. Та нар Эзэний ширээг болон чөтгөрүүдийн ширээг зэрэг хуваалцаж чадахгүй. 22 Эсвэл бид Эзэний хардалтыг хөдөлгөх үү? Бид Түүнээс илүү хүчтэй юм гэж үү? 23 Бүх юмс зөвшөөрөгддөг, харин бүгд тустай биш. Бүх юмс зөвшөөрөгддөг, харин бүгд босгон байгуулдаггүй. 24 Хэн ч өөрийн ашгийг бүү эр, харин бусдынхыг эрэг. 25 Махны зах дээр зарагддаг аливаа юмыг мөс чанарын төлөө асуулт тавилгүйгээр ид. 26 “Учир нь дэлхий болон түүнийг дүүргэдэг юмс Эзэнийх юм”. 27 Хэрэв итгэдэггүй хүмүүсийн нэг нь та нарыг урьж, та нар очихыг хүсвэл, мөс чанарын төлөө асуулт тавилгүйгээр өөрсдийн чинь өмнө тавьсан бүхнийг ид. 28 Хэрэв хэн нэгэн хүн та нарт “Энэ бол шүтээнд тахисан мах” гэвэл, та нарт хэлж өгсөн хүний болон мөс чанарын төлөө түүнийг бүү ид. 29 Би та нарын мөс чанарын тухай бус, харин бусдынхыг ярьж байна. Учир нь яагаад миний эрх чөлөө бусдын мөс чанараар шүүгддэг билээ? 30 Хэрэв би талархалтайгаар идвэл яагаад талархал өргөсөн зүйлийнхээ талаар гүтгэгддэг билээ? 31 Иймээс та нар идэж, уухдаа, эсвэл юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий. 32 Иудейчүүдэд ч, грекчүүдэд ч, Бурханы чуулганд ч хэрэг төвөг бүү учруул. 33 Яг надтай адил байгтун. Хүмүүсийг аврагдаасай гэсэндээ би өөрийн ашгийг бус, харин олны ашгийг хайн, бүхний дотор бүх хүний таалалд нийцүүлдэг.

11

1 Би бас Христийг дуурайдаг шиг намайг дуурайцгаа. 2 Та нар бүх зүйл дээр намайг санаж, та нарт би хэрхэн дамжуулж өгсөнчлөн тэдгээр уламжлалыг чанд сахьдаг тул та нарыг би магтдаг. 3 Гэвч Христ бол эр хүн бүрийн тэргүүн, эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн мөн гэдгийг та нар ойлгоосой гэж би хүсэж байна. 4 Залбирах эсвэл эш үзүүлэх үедээ толгой дээрээ өмсгөлтэй эр хүн бүр өөрийн толгойгоо гутааж байгаа юм. 5 Харин залбирах эсвэл эш үзүүлэх үедээ толгойгоо бүтээгээгүй эмэгтэй хүн бүр өөрийн толгойгоо гутааж буй хэрэг. Энэ нь тэр эмэгтэй үсээ хусуулсантай адил юм. 6 Хэрэв эмэгтэй хүн толгойгоо бүтээхгүй бол үсээ бас хяргаг. Гэвч үсээ хяргах, хусуулах нь эмэгтэй хүнд ичгэвтэр байвал тэр өөрийн толгойгоо бүтээг. 7 Эр хүн толгойгоо бүтээх ёсгүй. Учир нь эр хүн нь Бурханы дүр ба алдар мөн. Харин эмэгтэй хүн эр хүний алдар юм. 8 Учир нь эр хүн эмэгтэй хүнээс бус, харин эмэгтэй хүн эр хүнээс бий болсон. 9 Үнэндээ эр хүн эмэгтэй хүний төлөө бүтээгдсэн бус, харин эмэгтэй хүн эр хүний төлөө бүтээгдсэн юм. 10 Тиймээс тэнгэр элч нарын улмаас эмэгтэй хүн толгой дээрээ эрх мэдлийн тэмдэг байлгах ёстой. 11 Гэвч Эзэн дотор эр хүнгүйгээр эмэгтэй хүн гэж үгүй бөгөөд эмэгтэй хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм. 12 Учир нь эмэгтэй хүн эр хүнээс бий болсончлон эр хүн эмэгтэй хүнээс төрдөг. Бүх юмс Бурханаас бий болсон. 13 Эмэгтэй хүн толгойгоо бүтээхгүй Бурханд залбирах нь зохистой юу? Өөрсдөө шүүцгээ. 14 Хэрэв эр хүн урт үстэй байвал энэ нь түүнийг гутаадаг гэдгийг төрөлх байдал өөрөө та нарт сургадаг бус уу? 15 Харин хэрэв эмэгтэй хүн урт үстэй байвал энэ нь түүнд алдар юм. Тийм биш гэж үү? Яагаад гэвэл түүний үс нь түүнд өмсгөл болон өгөгджээ. 16 Хэрэв хэн нэг нь маргаантай байхыг боддог бол тийм ёс заншил бидэнд ч, Бурханы чуулгануудад ч байхгүй билээ. 17 Харин энэ зааврыг өгөхдөө би та нарыг магтахгүй. Яагаад гэвэл та нар хамтдаа цуглахдаа сайжраагүй, харин ч мууджээ. 18 Учир нь нэгдүгээрт, та нар чуулган дотор цуглах үедээ дундаа хагаралтай байгааг чинь би сонсов. Зарим талаар би үүнд итгэж байна. 19 Учир нь та нарын дунд шалгарсан хүмүүс тодорсон байхын тулд та нарын дунд бүлэглэлүүд гарч ирэх ёстой юм. 20 Тиймээс та нар хамтдаа цуглах нь Эзэний Зоогийг идэхийн тулд биш юм. 21 Учир нь хүн бүр өөрийнхөө хоолноос урьтаж иддэг бөгөөд нэг нь өлсгөлөн байхад нөгөө нь согтуурч байна. 22 Та нарт идэх уух гэр орон байхгүй гэж үү? Эсвэл та нар Бурханы чуулганыг басамжлан, хоосон нэгнийгээ ичээх гэдэг юм уу? Та нарт би юу гэж хэлэх вэ? Та нарыг би магтах уу? Үүний чинь төлөө би та нарыг магтахгүй. 23 Учир нь Эзэнээс юу авсныгаа та нарт би дамжуулж өгсөн. Чухамхүү Түүний баригдсан тэр шөнө Эзэн Есүс талх аваад, 24 талархлаа өргөж, хуваагаад “Энэ бол та нарын төлөөх Миний бие мөн. Намайг дурсан үүнийг үйлд” гэв. 25 Тэрчлэн зоогийн дараа мөн аяга авч “Энэ аяга бол Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ мөн. Үүнээс та нар уух болгондоо Намайг дурсан үүнийг үйлд” гэсэн юм. 26 Учир нь энэ талхыг идэж, энэ аяганаас уух бүрдээ та нар Түүнийг ирэх хүртэл Эзэний үхлийг тунхагладаг. 27 Тиймд хэн нэгэн хүн зохисгүйгээр Эзэний талхыг идэж, аяганаас уух аваас Эзэний бие ба цусны буруутан болно. 28 Харин хүн өөрийгөө шалгаж байгаад талхыг идэг, аяганаас ууг. 29 Учир нь идэж буй хүн хэрэв биеийг зөв шүүлгүй идэж, уувал өөртөө шийтгэл авчирна. 30 Үүнээс болж та нарын дунд мөхөс, өвчтэй хүн олон байгаа бөгөөд мөн цөөнгүй хүмүүс үхсэн. 31 Хэрэв бид өөрсдийгөө зөв шүүсэн бол шийтгэгдэхгүй байх байсан. 32 Харин бид шийтгэгдэхдээ Эзэнээр сахилгажуулагддаг. Ингэснээр бид ертөнцтэй хамт яллагдахгүй юм. 33 Тиймд ах дүүс минь, та нар идэхийн тулд цуглавал нэг нэгнийгээ хүлээ. 34 Та нар хамтдаа шийтгэлд унахгүйн тулд хэрэв өлссөн хүн байвал тэр хүн гэртээ идэг. Бусад хэргүүдийг би очихдоо зохицуулъя.

12

1 Ах дүү нар аа, сүнслэг бэлгүүдийн талаар та нар мэдэхгүй байхыг би хүсэхгүй байна. 2 Та нар Эзэнд итгээгүй байхдаа хэлгүй шүтээнүүдэд хөтлөгдөж, төөрөлдсөн байснаа мэдэх билээ. 3 Тиймээс хэн ч Бурханы Сүнсээр “Есүс хараагдсан” гэж ярихгүй бөгөөд Ариун Сүнсээр бус бол өөр хэн ч “Есүс бол Эзэн” гэж хэлж чадахгүй гэдгийг би та нарт мэдэгдье. 4 Бэлгүүд нь ялгаатай боловч адилхан Сүнс. 5 Үйлчлэлүүд нь ялгаатай боловч адилхан Эзэн. 6 Үйлдлүүд нь ялгаатай боловч бүгдийн дотор бүх юмсыг үйлдэгч нь адилхан Бурхан юм. 7 Нийтийн тусын тулд Сүнсний илрэлийг хүн тус бүрд өгсөн аж. 8 Учир нь нэгэнд нь мэргэн ухааны үгийг Сүнсээр өгсөн бол, нөгөөд нь мэдлэгийн үгийг адилхан Сүнсээр өгсөн бөгөөд 9 өөр нэгэнд нь итгэлийг адилхан Сүнсээр өгсөн аж. Нэгэнд нь эдгээх бэлгийг нэг Сүнсээр өгсөн бол, 10 бас өөр нэгэнд нь гайхамшгуудыг үйлдэх, нөгөөд нь эш үзүүлэх, бас нэгэнд нь сүнснүүдийг ялгах чадвар, нөгөөд нь олон янзын хэлээр ярих чадвар, нэгэнд нь хэлүүдийг тайлбарлах чадварыг өгсөн байна. 11 Энэ бүхнийг нэг, адилхан Сүнс ажиллуулдаг бөгөөд Тэр Өөрийнхөө хүссэнчлэн хүн тус бүрд хуваарилдаг аж. 12 Учир нь бие нэг атлаа олон эрхтэнтэй байдаг. Биеийн бүх эрхтнүүд нь хэдийгээр олон боловч нэг бие болдог мэт Христ ч мөн тийм болой. 13 Учир нь иудейчүүд эсвэл грекчүүд, боолууд эсвэл эрх чөлөөт хүмүүс ч ялгаагүй бид бүгдээрээ нэг Сүнсээр нэг бие уруу баптисм хүртсэн бөгөөд нэг Сүнсийг уусан юм. 14 Учир нь бие бол ганц эрхтэн бус, харин олон эрхтэнтэй. 15 Хэрэв хөл “Би гар биш учраас биетэй холбоогүй” гэвэл үүнээс болж тэр биетэй холбоогүй болохгүй шүү дээ. 16 Хэрэв чих “Би нүд биш учраас биетэй холбоогүй” гэвэл үүнээс болж тэр биетэй холбоогүй болохгүй шүү дээ. 17 Хэрэв бүхэл бие нүд байсан бол сонсгол нь хаана байх байсан бэ? Хэрэв бүхэл бие сонсгол байсан бол үнэрлэх мэдрэмж нь хаана байх билээ? 18 Харин эдүгээ Бурхан Өөрөө хүссэнчлэн эрхтэн тус бүрийг биед байрлуулжээ. 19 Хэрэв бүгдээрээ нэг эрхтэн байсан бол бие нь хаана байх билээ? 20 Харин эдүгээ олон эрхтэн байдаг ч нэг бие байна. 21 Нүд “Чи надад хэрэггүй” гэж гарт хэлж чадахгүй. Эсвэл толгой “Та нар надад хэрэггүй” гэж хөлд хэлж чадахгүй юм. 22 Бүр сул дорой мэт санагдах эрхтэн харин ч шал өөр байх бөгөөд биед бүр ч их хэрэгтэй байдаг аж. 23 Бидэнд тийм ч эрхэм биш санагддаг биеийн зарим эрхтнүүддээ бид илүү хүндэтгэл үзүүлдэг бөгөөд аягүй харагддаг эрхтнүүд маань илүү аятайхан байдлыг шаарддаг. 24 Харин бидний аятайхан харагдах эрхтнүүд тийм байдлыг шаарддаггүй аж. Харин Бурхан биеийг ийнхүү нэгтгэсэн бөгөөд дутагдсан эрхтнүүдэд илүү хүндэтгэлийг үзүүлэв. 25 Ингэснээр бие дотор хагарал гарахгүй, харин эрхтнүүд нь бие биендээ адилхан халамжтай байх юм. 26 Хэрэв нэг эрхтэн нь зовбол түүний хамт бүх эрхтнүүд зовно. Хэрэв нэг эрхтэн нь алдаршвал түүний хамт бүх эрхтнүүд баярлах болно. 27 Эдүгээ та нар Христийн бие бөгөөд тус тусдаа үүний эрхтнүүд нь юм. 28 Бурхан чуулганд нэгдүгээрт элч нар, хоёрдугаарт эш үзүүлэгчид, гуравдугаарт багш нар, дараа нь гайхамшгийг үйлдэх хүч, дараа нь эдгээх бэлгүүд, туслах, удирдах ба олон янзын хэлээр ярих чадварыг тавьжээ. 29 Бүгд элч нар гэж үү? Бүгд эш үзүүлэгчид гэж үү? Бүгд багш нар гэж үү? Бүгд гайхамшгийг үйлдэгчид гэж үү? 30 Бүгд эдгээх бэлгүүдтэй гэж үү? Бүгд олон янзын хэлээр ярьдаг гэж үү? Бүгд хэлийг тайлбарладаг гэж үү? 31 Харин үлэмж агуу бэлгүүдийг хүсэн тэмүүлэгтүн. Би та нарт илүү давуу замыг харуулъя.

13

1 Хэрэв би хүмүүсийн болон тэнгэр элч нарын хэлээр ярьсан ч надад хайр байхгүй бол би нүргэлэх харанга, хангинах цан болох байсан. 2 Хэрэв би эш үзүүлэх чадвартай, мөн бүх нууцууд болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч, надад хайр байхгүй бол би юу ч биш. 3 Хэрэв би өөрийн бүх л өмч хөрөнгөө тараан өгч, өөрийн биеийг шатаахаар тушаасан ч надад хайр байхгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм. 4 Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй юм. Хайр атаархдаггүй, бардам зан гаргадаггүй, ихэрхдэггүй, 5 зохисгүй авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, уурладаггүй, муутай тооцоо хийдэггүй, 6 зөвт бус байдалд баярладаггүй, харин үнэнд баярладаг, 7 бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. 8 Хайр хэзээ ч дуусдаггүй. Харин эш үзүүлж байгаа бол, тэдгээр нь үгүй болно. Хэрэв олон янзын хэлүүд байгаа бол тэд болих болно. Хэрэв мэдлэг байгаа бол энэ ч үгүй болно. 9 Учир нь бид хэсэгхэнийг мэддэг, хэсэгхэнийг эш үзүүлдэг. 10 Харин төгс юм нь ирэх үед хэсэгхэн гэдэг нь үгүй болно. 11 Би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьж, хүүхэд шиг боддог, сэтгэдэг байлаа. Би эрийн цээнд хүрээд хүүхэд насныхаа занг орхисон юм. 12 Учир нь бид одоо толинд бүдэг бадаг хардаг ч, харин дараа нь нүүр нүүрээ харна. Би одоо хэсэгхэнийг мэддэг ч, би өөрөө бүрэн мэдэгдсэн шигээ харин дараа нь би бүрэн мэдэх болно. 13 Эдүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэг боловч хамгийн агуу нь хайр мөн.

14

1 Та нар хайрыг мөшгөгтүн. Сүнслэг бэлгүүдийг авахыг хүсэж тэмүүл. Ялангуяа эш үзүүлэх бэлгийг хүс. 2 Хэлээр ярьдаг хүн хүмүүст бус, харин Бурханд хандаж ярьдаг. Учир нь тэр хүн сүнс дотор нууцуудыг ярьдаг боловч ямар ч хүн ойлгодоггүй ажээ. 3 Харин эш үзүүлдэг хүн босгон байгуулах, урамшуулах, тайтгаруулахын тулд хүмүүст хандаж ярьдаг. 4 Хэлээр ярьдаг хүн өөрийгөө босгон байгуулдаг бол эш үзүүлдэг хүн чуулганыг босгон байгуулдаг аж. 5 Би та бүхнийг хэлээр яриасай гэж хүсдэг ч, эш үзүүлэхийг чинь бүр ч илүү хүсдэг. Ярьснаа тайлбарлахгүй л бол хэлээр ярьдаг хүнээс эш үзүүлдэг хүн нь илүү агуу юм. Ингэснээр чуулган нь босгон байгуулагдах юм. 6 Ах дүү нар аа, хэрэв би та нар уруу очиж хэлээр ярилаа гэхэд илчлэлт, эсвэл мэдлэг, эсвэл эш үзүүллэг, эсвэл сургаалаар ярихгүй л бол та нарт ямар тус болох билээ? 7 Амьгүй атлаа дуу гаргагч бишгүүр ба босоо ятгын аль аль нь хэрэв ялгагдах дуу гаргахгүй бол бишгүүрээр, эсвэл ятгаар юу тоглосныг яаж мэдэх вэ? 8 Хэрэв бүрээ тодорхой дуугарахгүй бол хэн тулалдаанд бэлдэх вэ? 9 Түүнчлэн хэрэв та нар хэлээр ярихдаа тодорхой үгийг өгөхгүй бол ярьж байгаа чинь хэрхэн ойлгогдох юм бэ? Агаарт ярьж буй хэрэг болно. 10 Ертөнцөд олон янзын аялга байдаг байх. Утгагүй аялга нэг ч байхгүй юм. 11 Иймээс хэрэв би тухайн аялганы утгыг мэдэхгүй бол ярилцагч хүнийхээ хувьд би харь хүн болж, миний хувьд ярилцагч маань харь хүн болно. 12 Тэрчлэн та нар сүнслэг зүйлсэд хүсэн тэмүүлдэг хүмүүс учир чуулганы босгон байгуулалтын төлөө тэдгээрийн бялхалтыг эрж хай. 13 Тиймд хэлээр яригч хүн тайлбарлахын тулд залбираг. 14 Учир нь хэрэв би хэлээр залбирвал миний сүнс залбирдаг бөгөөд харин миний ухаанд үр жимс үгүй юм. 15 Тэгвэл яах вэ? Би сүнсээр залбирах болно. Би бас ухаанаар залбирах болно. Би сүнсээр дуулах болно. Би бас ухаанаар дуулах болно. 16 Эс бөгөөс хэрэв та нар сүнс дотор ерөөвөл билэг авъяасгүй нэг чинь та нарын талархалд “Амен” гэж яаж хэлэх вэ? Та нарын юу хэлснийг чинь ч тэр мэдэхгүй. 17 Учир нь чи талархлаа сайн илэрхийлдэг байж болох ч бусад нь байгуулагдахгүй. 18 Би та бүгдээс ч илүүгээр хэлээр ярьдаг тул Бурханд талархдаг. 19 Чуулган дотор хэлээр түмэн үг хэлснээс бусдыг ч мөн сургахын тулд чуулган дотор ухаанаараа таван үг хэлэхийг би хүсдэг. 20 Ах дүү нар аа, ухаанаараа хүүхдүүд байж болохгүй. Бузар мууд балчир хүүхэд болж, харин ухаанаараа төлөвшсөн хүн бай. 21 Хуульд “«Би харь хэлээр болон харь хүмүүсийн амаар дамжуулж энэ хүмүүст ярина. Тэгсэн ч тэд Намайг сонсохгүй» гэж Эзэн айлдаж байна” гэж бичигдсэн байдаг. 22 Тиймээс хэлүүд нь итгэдэг хүмүүсийн төлөө бус, харин итгэдэггүй хүмүүсийн төлөөх тэмдэг болдог аж. Харин эш үзүүллэг нь итгэдэггүй хүмүүсийн төлөө бус, харин итгэдэг хүмүүсийн төлөө байдаг. 23 Тиймээс хэрэв чуулган бүрэн бүтнээрээ хамтдаа цуглаад, бүгд хэлүүдээр яривал бэлэг авъяасгүй хүн, эсвэл итгэдэггүй хүмүүс орж ирвэл тэд та нарыг галзуу гэж хэлэхгүй гэж үү? 24 Хэрэв та нар бүгд эш үзүүлбэл, итгэдэггүй эсвэл бэлэг авъяасгүй хүн орж ирвэл тэрээр бүхнээр яллагдан, бүхнээр шүүгдэх бөгөөд 25 түүний зүрхний нууцууд нь илэрхий болгогдоно. Ийнхүү тэр хүн Бурханы үнэхээр та нарын дунд байгааг зарлан нүүрээрээ унаж, Бурханд мөргөнө. 26 Ах дүү нар аа, тэгвэл яах вэ? Та нарыг цуглах үед хүн тус бүрд дуулал, сургаал, илчлэлт, хэлээр ярих ба тайлбарлах нь байдаг. Энэ бүхэн чинь босгон байгуулахын төлөө хийгдэх болтугай. 27 Хэрэв хэн нэгэн хүн хэлээр яривал, нэг удаа хоёроос илүүгүй эсвэл хамгийн ихдээ гурван хүн ээлжлэн ярьж, нэг нь тайлбарлаг. 28 Хэрэв тайлбарлах хүн байхгүй бол тэр хүн чуулган дунд чимээгүй байж, өөртөө болон Бурханд яриг. 29 Хоёр эсвэл гурван эш үзүүлэгч ярьж, бусад нь шүүг. 30 Хэрэв сууж байсан өөр хүнд илчлэлт ирвэл эхний хүн чимээгүй бол. 31 Учир нь бүгд суралцан, урамшуулагдсан байхын тулд та нар бүгд нэг нэгээрээ эш үзүүлцгээж болно. 32 Эш үзүүлэгчдийн сүнс эш үзүүлэгчдэд захирагддаг. 33 Учир нь Бурхан бол самуурлын Бурхан бус, харин амар амгалангийн Бурхан мөн. Ариун хүмүүсийн бүх чуулганы адил 34 чуулгануудад эмэгтэйчүүд чимээгүй байг. Учир нь тэдэнд ярихыг зөвшөөрдөггүй. Харин Хууль юу хэлдэг шиг тэд захирагдаж байг. 35 Хэрэв тэд ямар нэгэн юманд суралцахыг хүсвэл гэртээ нөхрөөсөө асууг. Учир нь эмэгтэй хүн чуулган дээр ярих нь зохисгүй юм. 36 Бурханы үг та нараас гарсан уу? Тэр нь зөвхөн та нарт хүрсэн юм уу? 37 Хэрэв хэн нэг нь өөрийгөө эш үзүүлэгч, эсвэл сүнслэг гэж боддог бол тэр хүн миний та нарт бичсэн энэ зүйлс нь Эзэний тушаал гэдгийг мэдэж аваг. 38 Хэрэв хэн нэг нь үүнийг мэдэхгүй бол тэр хүн өөрөө мэдэгдэхгүй болно. 39 Иймд ах дүүс [минь

, эш үзүүлэхийн тулд хүслэн болж тэмүүл. Хэлээр ярихыг бүү хоригло. 40 Гэвч бүх юм зохистой, эмх журмынхаа дагуу байг.

15

1 Ах дүү нар аа! Та нарт тунхагласан сайн мэдээгээ би та нарт мэдүүлье. Та нар түүнийг хүлээн аваад түүн дотроо зогссон. 2 Хэрэв миний тунхагласан үгийг та нар баримталбал, дэмий хоосон итгээгүй л бол, та нар түүгээр ч мөн аврагдсан. 3 Учир нь би хүлээн авсан дараах зүйлийг та нарт дамжуулсан юм. Энэ бол хамгийн чухал хэрэг байлаа. Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө үхсэн бөгөөд 4 оршуулагдан, Судрын дагуу гурав дахь өдөртөө амилуулагджээ. 5 Тэрээр Кефт, дараа нь өнөөх арван хоёрт үзэгдэв. 6 Үүний дараа Тэр таван зуу гаруй ах дүү нарт нэг мөчид үзэгдсэн бөгөөд одоо болтол тэдний олонх нь амьд байна. Харин зарим нь нойрсжээ. 7 Дараа нь Тэр Иаковд, тэгээд бүх элч нарт үзэгдсэн. 8 Бүгдийн эцэст дутуу төрсөн мэт надад ч Тэр бас үзэгдсэн билээ. 9 Учир нь би элч нараас хамгийн бага нь бөгөөд Бурханы чуулганыг хавчиж байсан тул элч гэж нэрлэгдэх зохисгүй хүн юм. 10 Харин Бурханы нигүүлслээр би одоогийн би болсон. Түүний надад үзүүлсэн нигүүлсэл хоосон байгаагүй. Харин ч би тэд бүгдээс илүү их хөдөлмөрлөсөн юм. Гэхдээ би биш бөгөөд харин надтай хамт байдаг Бурханы нигүүлсэл болой. 11 Иймд би эсвэл тэд байсан эсэх нь хамаагүй, бид тийнхүү тунхаглаж та нар түүнчлэн итгэсэн билээ. 12 Хэрэв Христ үхэгсдээс амилуулагдсан гэж тунхаглагдсан юм бол та нарын дотор зарим хүн үхэгсдийн амилалт байхгүй гэж юунд ярина вэ? 13 Хэрэв үхэгсдийн амилалт байхгүй бол Христ ч амилуулагдаагүй болно. 14 Хэрэв Христ амилуулагдаагүй бол бидний тунхаглал хоосон, та нарын итгэл ч хоосон болох юм. 15 Хэрэв үнэндээ үхэгсэд амилуулагддаггүй бол Түүний амилуулаагүй Христийг Тэр амилуулсан гэж бид Бурханы эсрэг гэрчилснээрээ бид Бурханы тухай хуурамч гэрчлэгчид болно. 16 Учир нь хэрэв үхэгсэд амилуулагддаггүй бол Христ ч гэсэн амилуулагдаагүй болно. 17 Хэрэв Христ амилуулагдаагүй бол та нарын итгэл хэрэггүй ажээ. Та нар ч нүгэл дотроо байсаар байна. 18 Тэгвэл Христ дотор нойрсогсод ч мөн мөхсөн болно. 19 Хэрэв бид зөвхөн энэ амьдралдаа Христ дотор найдсан бол бид бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй нь болно. 20 Харин чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөн. 21 Учир нь үхэл нь нэг хүнээр ирсэн тул үхэгсдийн амилалт нь мөн нэг хүнээр иржээ. 22 Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьдруулагдах болно. 23 Харин тус бүр өөрийн дараалал дотор байна. Христ бол анхны үр жимс юм. Дараа нь Христийн хүмүүс Түүнийг ирэхэд амилуулагдана. 24 Тэр бүх удирдлага, эрх мэдэл, хүчийг хүчингүй болгон, Бурхан ба Эцэгт хаанчлалыг тушаах үед төгсгөл ирнэ. 25 Учир нь Тэр бүх дайснуудаа Өөрийн хөл дороо оруулах хүртэл ноёрхох ёстой. 26 Эцэст нь устгагдах дайсан бол үхэл мөн. 27 Учир нь Тэр бүх юмсыг Түүний хөл дор эрхшээлд оруулав. Харин Тэр “Бүгд эрхшээлд орсон” гэж айлдах үед бүхнийг Түүний эрхшээл дор Тавигч ангид байсан нь мэдээж. 28 Бүх юмс Өөрийнх нь эрхшээлд орох үед Өөрт нь бүх юмсыг захируулагч Нэгэний эрхшээлд Хүү Өөрөө ч мөн орох болно. Энэ нь Бурхан бүгдэд бүх юм болохын тулд юм. 29 Тийм биш бол үхэгсдийн төлөө баптисм хүртэгч нь юу хийж байгаа хэрэг вэ? Хэрэв үхэгсэд амилуулагдахгүй юм бол юунд тэдний төлөө хүмүүс баптисм хүртдэг вэ? 30 Яагаад бид ч цаг үргэлж аюул дотор байна вэ? 31 [Ах дүү нар аа,] би өдөр бүр үхдэгээ бидний Эзэн Христ Есүс дотор та нарын талаарх өөрийнхөө бахархлаар баталъя. 32 Хэрэв би хүний ёсоор Ефест зэрлэг араатнуудтай тэмцэлдсэн бол надад ямар ашиг байсан бэ? Хэрэв үхэгсэд амилуулагдахгүй юм бол “Маргааш бид үхэх учраас цөмөөрөө идэж ууцгаая”. 33 Бүү мэхлэгд. “Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг”. 34 Та нар ямар байх ёстой шиг эрүүл ухаантай бай. Нүгэл үйлдэхээ боль. Учир нь заримд нь Бурханы тухай мэдлэг байхгүй байна. Би та нарыг ичээх гэж үүнийг хэлж байна. 35 Гэхдээ хэн нэгэн хүн “Үхэгсэд яаж амилуулагддаг вэ? Тэд ямар төрлийн биетэй ирэх вэ?” гэж асууж магадгүй юм. 36 Мунхаг аа, чиний тарьдаг нь хэрэв үхэхгүй бол амилахгүй. 37 Чиний тарьдаг нь, ирээдүйн бие бус, харин нүцгэн үр юм. Магадгүй улаан буудайн ч үр юм уу, эсвэл ямар нэгэн өөр үр байж болох юм. 38 Харин Бурхан Өөрийн хүссэнчлэн түүнд бие өгдөг. Үр бүр өөрийн биетэй аж. 39 Бүх махан бие адилгүй. Хүний махан бие нэг байхад амьтдын махан бие өөр, шувуудын махан бие өөр, загаснуудын махан бие өөр аж. 40 Мөн тэнгэрлэг биес ба газрын биес гэж байдаг. Харин тэнгэрлэг биесийн алдар өөр, газрын биесийн алдар өөр юм. 41 Нарны алдар өөр, сарны алдар өөр, одны алдар өөр байдаг. Од одноосоо алдраараа ялгардаг. 42 Үхэгсдийн амилалт нь тийм байна. Энэ нь муудах байдал дотор таригдаж, үл муудах байдал дотор амилуулагдана. 43 Энэ нь үл хүндлэл дотор таригдаж, алдар дотор амилуулагдана. Энэ нь мөхөс байдал дотор таригдаж, хүч дотор амилуулагдана. 44 Энэ нь төрөлх биеэр таригдаж, сүнслэг биеэр амилуулагдана. Хэрэв төрөлх бие байдаг бол сүнслэг бие ч мөн байгаа. 45 Тийнхүү “Анхны хүн Адам амьд сэтгэл болсон” гэж бичигджээ. Сүүлчийн Адам нь амь өгөгч сүнс болов. 46 Харин эхлээд сүнслэг нь бус, төрөлх нь байдаг. Дараа нь сүнслэг нь байдаг. 47 Анхны хүн нь газрын хөрснөөс, хоёр дахь хүн нь тэнгэрээс юм. 48 Хөрснөөс буй нь ямар байдагчлан хөрснөөс буй тэд тийм байх бөгөөд тэнгэрээс буй нь ямар байдагчлан тэнгэрээс буй тэд тийм байна. 49 Хөрсөн хүний дүрийг бид өмсдөг шиг тэнгэрлэг хүний дүрийг бид өмсөх болно. 50 Ах дүү нар аа, үүнийг би та нарт хэлье. Юу гэвэл махан бие ба цус Бурханы хаанчлалыг өвлөж чадахгүй. Муудах нь үл муудахыг өвлөхгүй юм. 51 Харагтун, би та нарт нэгэн нууцыг хэлье. Бид бүгдээрээ нойрсохгүй, харин бүгдээрээ өөрчлөгдөх болно. 52 Ингэхдээ нүд ирмэхийн зуур, нэг агшинд, бүрээн эцсийн дуугаар тийм болно. Учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудах уруу амилуулагдаж, бид ч өөрчлөгдөнө. 53 Учир нь муудах нь үл муудахыг өмсөх ёстой бөгөөд энэ үхлийн бие нь үхэшгүйг өмсөх ёстой. 54 Энэхүү муудах нь үл муудахыг өмсөж, энэ үхлийн бие нь үхэшгүйг өмсөх үед “Үхэл ялалтад залгигдсан” гэж бичигдсэн үг биелнэ. 55 “Үхэл ээ, чиний ялалт хаана байна вэ? Үхэл ээ, чиний хатгуур хаана байна вэ?” 56 Үхлийн хатгуур нь нүгэл. Нүглийн хүч нь хууль юм. 57 Харин бидний Эзэн Есүс Христээр бидэнд ялалтыг өгдөг Бурханд талархал нь байх болтугай. 58 Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын нөр их хөдөлмөр Эзэн дотор хоосон зүйл биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэрэгт үргэлж бялхсан бай.

16

1 Ариун хүмүүсийн төлөөх хуримтлалын талаар би Галатын чуулгануудад ямар чиг өгсөнчлөн та нар тийнхүү үйлд. 2 Намайг очиход цуглуулахгүйн тулд долоо хоног бүрийн эхний өдөр хүн болгон бололцоогоороо цааш нь хийж хадгал. 3 Би очоод та нарын зөвшөөрсөн хүмүүсээр бэлгийг тань хүргүүлэхээр захианы хамт Иерусалим уруу илгээнэ. 4 Хэрэв би бас явах нь зохистой бол тэд надтай хамт явна биз. 5 Гэхдээ би Македони ороод, дараа нь та нар уруу очно. Учир нь би Македониор дамжин явах юм. 6 Би хаашаа ч явахаар болсон та нараар туслуулахын тулд та нарын хамт хэсэг байж, эсвэл бүр өвөлжиж ч магадгүй. 7 Учир нь энэ удаа зүгээр л дайран өнгөрөхдөө би та нартай уулзахыг хүсэхгүй байна. Хэрэв Эзэн зөвшөөрвөл хэсэг хугацаанд та нарын хамт байна гэдэгтээ би найдаж байгаа. 8 Гэвч би Ефес хотод Пентекостын өдөр хүртэл байх болно. 9 Учир нь миний өмнө үлэмж том, үр нөлөөтэй хаалга нээгдсэн юм. Тэнд эсэргүүцэгчид олон байгаа. 10 Хэрэв Тимот очвол, тэр айж түгшилгүйгээр та нартай хамт байг. Түүнийг харж хандаж байгаарай. Учир нь тэр над шиг Эзэний ажил хийж байгаа. 11 Тиймээс хэн ч түүнийг басамжилж болохгүй. Харин түүнийг аян замд нь амар тайвнаар гаргаж өгөөрэй. Тэр над уруу ирэг. Учир нь би ах дүүсийн хамт түүнийг хүлээж байна. 12 Бидний ах Аполын тухайд гэвэл түүнийг ах дүүсийн хамт та нар уруу очихыг би ихэд хүсэмжлэн ятгасан. Харин тэр одоохондоо очих хүсэлгүй байгаа, харин боломж гармагц та нар уруу очих болно. 13 Сэрэмжтэй бай. Итгэл дотроо бат зогс. Эр хүн шиг бай. Хүчтэй байгтун. 14 Та нарын үйлдэл бүхэн чинь хайр дотор хийгдэг. 15 Ах дүү нар аа, би та нарыг ятгая. Стефанагийн гэр бүлийнхэн Ахайн анхны үр жимс бөгөөд тэд өөрсдийгөө ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд зориулсныг та нар мэднэ. 16 Тийм хүмүүст болон хамтран ажиллагч, хөдөлмөрлөгч хүн бүрд та нар бас захирагдаж байгаарай. 17 Стефана, Фортунат болон Ахайк нарыг ирсэнд би баярладаг. Яагаад гэвэл тэд та нарын дутууг нөхсөн билээ. 18 Учир нь тэд миний болон та нарын сүнсийг тэнхрүүлсэн юм. Иймд тийм хүмүүсийг хүлээн зөвшөөр. 19 Азийн чуулганууд та нарт мэнд хүргэж байна. Акул, Приска нар өөрийн гэрт цугладаг чуулганы хамт та нарт Эзэн дотор халуун мэнд хүргэж байна. 20 Бүх ах дүүс та нарт мэнд хүргэж байна. Ариун үнсэлтээр нэг нэгэндээ мэнд хүргэ. 21 Паул би өөрийн гараар энэхүү мэндчилгээг бичлээ. 22 Хэрэв хэн нэг нь Эзэнийг үл хайрлавал тэр хүн хараагдаг. Мараната. 23 Эзэн Есүсийн нигүүлсэл та нарын хамт байх болтугай. 24 Миний хайр Христ Есүсийн дотор та бүгдтэй хамт байх болтугай.