1 Эхнээсээ байсан бөгөөд бидний сонсож, нүдээрээ үзэж, харж, гараараа барьж үзсэн амийн Үгийн тухай- 2 Тэрхүү амь нь илэрхийлэгдсэн. Эцэгтэй хамт байсан бөгөөд бидэнд илэрхийлэгдсэн мөнх амийг бид үзсэн, мөн та нарт гэрчилж, тунхаглаж байна. 3 Бид үзсэн, сонссоноо та нарт мөн тунхаглаж байна. Ингэснээр та нар бас бидэнтэй нөхөрлөх юм. Үнэхээр бидний нөхөрлөл нь Эцэг ба Түүний Хүү Есүс Христтэй нөхөрлөх нөхөрлөл билээ. 4 Баяр баясгалангаа гүйцэд болгоё гэсэндээ бид та нарт эдгээрийг бичлээ. 5 Бурхан бол гэрэл, мөн Түүний дотор харанхуй огт байхгүй гэдэг нь бидний Түүнээс сонссон мэдээ бөгөөд та нарт тунхаглаж байна. 6 Хэрэв бид Бурхантай нөхөрлөдөг гэж яриад, харанхуй дотор алхаж байвал, бид худал хэлж, үнэнийг үйлддэггүй ажээ. 7 Харин Тэр Өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал, бид бие биетэйгээ нөхөрлөж, Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс ангижруулдаг ажээ. 8 Хэрэв бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга. 9 Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ. 10 Хэрэв бид нүгэл үйлдээгүй гэж хэлбэл, бид Түүнийг худалч болгож байгаа хэрэг бөгөөд бидний дотор Түүний үг алга.
1 Бяцхан хүүхдүүд минь, та нарыг нүгэл бүү үйлдээсэй хэмээн би эдгээрийг та нарт бичиж байна. Хэрэв хэн нэгэн нь нүгэл үйлдвэл, Эцэгийн өмнө бид Өмгөөлөгчтэй агаад тэр бол зөвт Есүс Христ мөн. 2 Тэр Өөрөө бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл бөгөөд зөвхөн бидний нүглийн төлөө бус, бас бүх ертөнцийн нүглийн төлөө билээ. 3 Хэрэв бид Түүний тушаалуудыг сахивал, үүгээрээ бид Түүнийг таньснаа мэднэ. 4 "Түүнийг би мэднэ" гэж хэлээд, Түүний тушаалуудыг сахьдаггүй нэгэн бол худалч бөгөөд түүний дотор үнэн байхгүй. 5 Харин Түүний үгийг сахьдаг хэний ч дотор Бурханы хайр үнэхээр төгс болгогджээ. Үүгээрээ бид Түүний дотор байгаагаа мэднэ. 6 Түүний дотор оршдог гэж ярьдаг нэгэн Түүний хэрхэн явсанчлан өөрөө бас тийн явдаг байх ёстой. 7 Хайртууд минь, би та нарт шинэ тушаалыг бус, харин эхнээсээ та нарт байсан хуучин тушаалыг бичиж байна. Энэхүү хуучин тушаал бол та нарын сонссон үг юм. 8 Нөгөө талаар, харанхуй нь өнгөрч, жинхэнэ гэрэл хэдийнээ гийгүүлж байгаа тул Түүний болон та нарын дотор үнэн болох шинэ тушаалыг би та нарт бичиж байна. 9 Гэрлийн дотор байдаг гэж хэлчихээд, ах дүүгээ үзэн яддаг нэгэн бол одоо хүртэл харанхуйн дотор байгаа юм. 10 Ах дүүгээ хайрладаг нэгэн нь гэрлийн дотор байгаа бөгөөд түүний дотор бүдрүүлэх шалтгаан байхгүй. 11 Харин ах дүүгээ үзэн яддаг нэгэн бол харанхуйн дотор байгаа бөгөөд харанхуй дотор алхаж, харанхуй нүдийг нь сохолсон тул хаашаа яваагаа ч мэддэггүй. 12 Бяцхан хүүхдүүд ээ, нүгэл чинь Түүний нэрийн учир уучлагдсан тул би та нарт бичиж байна. 13 Эцгүүд ээ, эхнээсээ байсаар байгаа Түүнийг та нар мэддэг тул би та нарт бичиж байна. Залуус аа, та нар муу нэгнийг дийлсэн тул би та нарт бичиж байна. 14 Нялхас аа, та нар Эцэгийг мэддэг тул би та нарт бичсэн. Эцгүүд ээ, эхнээсээ байсаар байгаа Түүнийг та нар мэдсэн тул би та нарт бичсэн. Залуус аа, та нар хүчтэй, Бурханы үг та нарын дотор байдаг бөгөөд муу нэгнийг дийлсэн тул би та нарт бичсэн. 15 Ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсийг бүү хайрла. Хэрэв хэн нэгэн нь ертөнцийг хайрладаг бол түүний дотор Эцэгийн хайр байхгүй. 16 Учир нь ертөнцөд байгаа бүхэн тухайлбал, махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал нь Эцэгээс бус, харин энэ ертөнцөөс ирдэг юм. 17 Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурханы хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог. 18 Нялхас аа, энэ бол эцсийн цаг. Христийг эсэргүүцэгч нь ирж байна гэж та нар сонссончлон, одоо ч гэсэн Христийг эсэргүүцэгчид олноороо гарч ирж байна. Энэ нь эцсийн цаг гэдгийг бид үүнээс мэднэ. 19 Тэд бидний дундаас гарсан боловч биднийх биш. Учир нь хэрэв тэд биднийх байсан бол, тэд бидэнтэй хамт байх байсан. Харин тэд гарсан нь тэднийг бүгд биднийх биш гэдгийг үзүүлэхийн тулд юм. 20 Харин та нар Ариун Нэгэнээр тослогдсон бөгөөд бүхнийг мэднэ. 21 Та нар үнэнийг мэдэхгүй тул би бичсэн биш, харин түүнийг мэддэг бөгөөд ямар ч худал нь үнэнээс гардаггүй учир би та нарт бичсэн. 22 Есүс бол Христ гэдгийг үгүйсгэдэг нэгнээс өөр хэн худалч юм бэ? Энэ бол Христийг эсэргүүцэгч буюу Эцэг болоод Хүүг үгүйсгэгч юм. 23 Хүүг үгүйсгэдэг хэнд ч Эцэг байхгүй. Хүүг хүлээн зөвшөөрдөг нэгэнд нь Эцэг мөн бий. 24 Эхнээсээ сонссон зүйл чинь та нарын дотор байг. Хэрэв эхнээсээ сонссон зүйл чинь та нарын дотор байвал, та нар мөн Хүү болоод Эцэгийн дотор байх болно. 25 Энэ бол Тэр Өөрөө бидэнд амласан амлалт болох мөнх амь юм. 26 Та нарыг мэхлэхийг оролдож буй хүмүүсийн талаар эдгээрийг би та нарт бичсэн. 27 Та нарын Түүнээс авсан тосолгоо нь та нарын дотор байдаг бөгөөд өөрсдөд чинь заах хэн нэгэн та нарт хэрэггүй. Харин Түүний тосолгоо нь та нарт бүхнийг заадаг бөгөөд тэрхүү тосолгоо нь худал биш, үнэн. Та нарт заасан ёсоор та нар Түүний дотор байгтун. 28 Бяцхан хүүхдүүд ээ, одоо та нар Түүний дотор бай. Тэгвэл Түүнийг үзэгдэх үед бид Түүний өмнө зоригтой байж, Түүнийг ирэхэд өмнө нь ичгүүргүй байх болно. 29 Хэрэв та нар Түүний зөвт гэдгийг мэдвэл, зөвийг үйлдэгч хүн бүр Түүнээс төрсөн гэдгийг бас мэднэ.
1 Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач! Бид бол тийм юм. Иймээс ертөнц Түүнийг мэдээгүй тул биднийг мэддэггүй. 2 Хайртууд минь, бид одоо Бурханы хүүхдүүд. Бидний ямар байх нь хараахан үзэгдээгүй. Түүнийг үзэгдэх үед бид Түүнтэй адил болно гэдгийг мэднэ. Учир нь бид Түүнийг яг байгаагаар нь харах болно. 3 Түүнд ийнхүү найдаж байгаа аливаа хүн өөрийгөө цэвэршүүлдэг. Учир нь Тэр цэвэр ажээ. 4 Нүгэл үйлддэг хүн бүр бас ёс бус хэрэг үйлддэг. Нүгэл бол ёс бус хэрэг юм. 5 Нүглүүдийг зайлуулахын тулд Тэр үзэгдсэн гэдгийг та нар мэднэ. Түүнд ямар ч нүгэл байхгүй. 6 Түүний дотор байгч хэн ч нүгэл үйлддэггүй. Нүгэл үйлддэг хэн ч Түүнийг үзээгүй, мэдээгүй. 7 Бяцхан хүүхдүүд ээ, та нарыг хэн ч бүү мэхлэг. Зөвийг үйлдэгч нэгэн нь Түүний зөвт байгаачлан зөвт байна. 8 Нүгэл үйлддэг нэгэн нь диаволынх юм. Диавол эхнээсээ нүгэл үйлдсэн. Диаволын үйлсийг устгахын тулд Бурханы Хүү энэ зорилгын төлөө үзэгджээ. 9 Бурханаас төрөгч ямар ч хүн нүгэл үйлддэггүй. Учир нь Бурханы үр түүний дотор байгаа. Тэр хүн Бурханаас төрсөн тул нүгэл үйлдэж чаддаггүй. 10 Бурханы хүүхдүүд ба диаволын хүүхдүүд үүгээр танигддаг юм. Зөвийг үйлддэггүй аливаа хүн Бурханых биш. Ах дүүгээ хайрладаггүй нэгэн нь ч Бурханых биш. 11 Бид бие биеэ хайрлах ёстой гэдэг нь та нарын эхнээсээ сонссон мэдээ билээ. 12 Каин шиг биш. Тэр бол муу нэгнийх байсан бөгөөд дүүгээ алсан юм. Ямар шалтгаанаас болж тэр түүнийг алав? Яагаад гэвэл өөрийнх нь ажил үйлс бузар муу, дүүгийнх нь ажил үйлс зөвт байсан аж. 13 Ах дүү нар аа, хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал бүү гайх. 14 Бид ах дүүсээ хайрладаг учраас үхлээс амь уруу шилжсэнээ мэднэ. Үл хайрлагч нь үхлийн дотор байна. 15 Ах дүүгээ үзэн яддаг нэг нь алуурчин мөн. Ямар ч алуурчны дотор мөнх амь байдаггүйг та нар мэднэ. 16 Бидний төлөө Тэр Өөрийн амиа өгсөн тул, үүгээр бид хайрыг мэднэ. Бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх ёстой. 17 Дэлхийн эд хөрөнгөтэй хэн нэгэн нь өөрийн ах дүүгийн хэрэгцээ, гачигдлыг хараад түүнд туслах сэтгэл үл гаргавал, түүний дотор Бурханы хайр хэрхэн байх билээ? 18 Бяцхан хүүхдүүд ээ, бид үг хэлээр бус, харин ажил үйлс, үнэнээр хайрлацгаая. 19 Үүгээр бид үнэнийх болохоо мэдэж, Түүний өмнө зүрхээ бататгах болно. 20 Зүрх маань биднийг яллах ямар ч зүйлд тэгэх болно. Учир нь Бурхан бидний зүрхнээс агуу бөгөөд бүх юмсыг мэддэг. 21 Хайртууд минь, хэрэв зүрх маань биднийг яллахгүй бол бид Бурханы өмнө зоригтой байж, 22 гуйсан болгоноо Түүнээс хүлээн авна. Учир нь бид Түүний тушаалуудыг сахьж, Түүний мэлмийд тааламжтай зүйлсийг үйлддэг билээ. 23 Бид Түүний Хүү Есүс Христийн нэрд итгэж, Түүний бидэнд тушаасан ёсоор бие биеэ хайрлах нь Түүний тушаал юм. 24 Түүний тушаалуудыг сахигч нь Түүний дотор байж, Тэр түүний дотор байна. Бидний дотор Тэр байгааг Түүний бидэнд өгсөн Сүнсээр дамжуулан бид үүгээр мэддэг.
1 Хайртууд минь, сүнс болгонд бүү итгэ. Харин тэднийг Бурханаас ирсэн эсэхийг мэдэхийн тулд сүнснүүдийг шалга. Учир нь олон хуурамч эш үзүүлэгчид дэлхийд гарсан байна. 2 Бурханы Сүнсийг та нар үүгээр мэднэ. Есүс Христ махан биеэр ирснийг хүлээн зөвшөөрөгч сүнс бүр Бурханаас ирсэн бөгөөд 3 Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр Бурханаас ирээгүй. Энэ бол Христийг эсэргүүцэгчийнх бөгөөд та нар түүнийг ирж байна гэдгийг сонссон ба тэр эдүгээ дэлхийд хэдийнээ байж байна. 4 Бяцхан хүүхдүүд ээ, та нар Бурханых бөгөөд тэднийг дийлсэн. Учир нь та нарын дотор байгаа Тэр бол дэлхийд байгч нэгнээс агуу. 5 Тэд бол ертөнцийнх. Тиймээс тэд ертөнцөөс мэт ярьдаг. Ертөнц тэднийг сонсдог. 6 Бид бол Бурханых. Бурханыг мэддэг хүн биднийг сонсдог. Бурханых биш хүн биднийг сонсдоггүй. Үүгээр бид үнэний сүнс ба мэхлэлийн сүнсийг мэднэ. 7 Хайртууд минь, бие биеэ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг мэддэг юм. 8 Хайрладаггүй нэгэн нь Бурханыг мэддэггүй. Учир нь Бурхан бол хайр билээ. 9 Бурхан Өөрийнхөө цорын ганц Хүүг ертөнцөд илгээсэн нь Түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илэрхийлэгдсэн юм. 10 Бид Бурханыг хайрласан бус, харин Тэр биднийг хайрлаж, бидний нүглийн төлөө Хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэн билээ. Үүнд хайр байгаа юм. 11 Хайртууд минь, хэрэв Бурхан биднийг ийнхүү хайрласан бол бид ч бие биеэ хайрлах ёстой. 12 Хэн ч, хэзээ ч Бурханыг хараагүй. Хэрэв бид бие биеэ хайрлавал, Бурхан бидний дотор байж, Түүний хайр бидний дотор бүрэн төгс болно. 13 Тэр Өөрийнхөө Сүнсийг бидэнд өгсөн учир бид Түүний дотор, Тэр бидний дотор буйг бид үүгээр мэднэ. 14 Эцэг нь Хүүгээ ертөнцийн Аврагч болгон илгээснийг бид үзсэн бөгөөд гэрчилж байна. 15 Есүс бол Бурханы Хүү гэж хүлээн зөвшөөрдөг хэний ч дотор Бурхан байж, тэр Бурханы дотор байна. 16 Бурханы биднийг хайрладаг хайрыг нь бид мэдэж, итгэдэг. Бурхан бол хайр мөн. Хайрын дотор байгч нэгэн нь Бурханы дотор байж, Бурхан түүний дотор байна. 17 Үүгээр шүүлтийн өдөрт биднийг зоригтой байлгахын тулд хайр нь бидний дунд төгс болов. Учир нь бид энэ ертөнцөд Түүн шиг байдаг. 18 Хайрын дотор айдас байдаггүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэгэн бол хайрын дотор төгс болгогдоогүй байна. 19 Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг юм. 20 Хэрэв хэн нэгэн нь "Би Бурханыг хайрладаг" гэж хэлчихээд, ах дүүгээ үзэн яддаг бол, тэр хүн худалч. Учир нь харж байгаа ах дүүгээ хайрладаггүй нэгэн, хараагүй Бурханыг хайрлаж чадахгүй шүү дээ. 21 Бурханыг хайрладаг нэгэн нь мөн ах дүүгээ хайрлах ёстой. Бид энэ тушаалыг Түүнээс авсан билээ.
1 Есүс бол Христ мөн гэдэгт итгэдэг бүхэн Бурханаар төрөгсөд болой. Эцэгийг хайрладаг хэн боловч Түүгээр төрөгсдийг ч хайрладаг. 2 Бид Бурханыг хайрлаж, Түүний тушаалуудыг сахьж байгаа цагт Бурханы хүүхдүүдийг хайрладаг гэдгээ бид үүгээр мэднэ. 3 Түүний тушаалуудыг сахих нь Бурханы хайр мөн. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ. 4 Бурханаар төрсөн бүхэн ертөнцийг ялдаг. Ертөнцийг дийлсэн ялалт нь бидний итгэл болой. 5 Есүс бол Бурханы Хүү мөн гэж итгэдэг хүнээс өөр хэн ертөнцийг ялагч байх вэ? 6 Энэ бол ус ба цусаар ирсэн нэгэн буюу Есүс Христ юм. Тэр зөвхөн усаар биш, харин ус ба цусаар ирсэн. Гэрчлэгч нь Сүнс юм. Учир нь Сүнс бол үнэн мөн. 7 Гэрчлэгч нь гурав бөгөөд 8 Сүнс, ус болон цус юм. Энэ гурав нь нэг болой. 9 Хэрэв бид хүний гэрчлэлийг хүлээн авдаг бол, Бурханы гэрчлэл нь илүү агуу юм. Учир нь энэ бол Хүүгийнхээ тухай гэрчилсэн Бурханы гэрчлэл мөн. 10 Бурханы Хүүд итгэдэг нэгэн нь дотроо гэрчлэлтэй. Бурханд итгэдэггүй хүн Түүнийг худалч болгож байна. Учир нь Хүүгийнхээ тухай гэрчилсэн Бурханы гэрчлэлд тэр итгэсэнгүй. 11 Гэрчлэл нь энэ байна. Бурхан бидэнд мөнх амийг өгсөн бөгөөд энэхүү амь нь Түүний Хүүгийн дотор байна. 12 Хүүтэй хүнд амь бий. Бурханы Хүү байхгүй хүнд амь байхгүй. 13 Та нар мөнх амьтай гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурханы Хүүгийн нэрд итгэдэг та нарт эдгээр зүйлийг бичсэн. 14 Хэрэв бид Түүний хүслийн дагуу юуг ч гуйвал, Тэр биднийг сонсдог гэдэг нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм. 15 Бид юуг ч гуйсан, Тэр биднийг сонсоно гэдгийг бид мэдвэл, бид Түүнээс гуйснаа авсан болохыг мэднэ. 16 Хэрэв хэн нэг нь үхэлд хүргэхгүй нүгэл үйлдэж байгаа ах дүүгээ харвал, залбиран гуй. Тэгвэл үхэлд хүргэхгүй нүгэл үйлдэгсдэд амийг Тэр өгнө. Үхэлд хүргэх нүгэл гэж бий. Үүний төлөө залбир гэж би хэлэхгүй. 17 Зөвт бус байдал нь бүгдээрээ нүгэл мөн. Үхэлд хүргэхгүй нүгэл гэж бий. 18 Бурханаар төрсөн хэн боловч нүгэл үйлддэггүйг бид мэднэ. Харин Бурханаар төрсөн Тэрээр түүнийг хамгаалдаг бөгөөд муу нэгэн түүнд хүрэхгүй. 19 Бид Бурханых, харин бүх ертөнц нь муу нэгний дотор байдгийг мэднэ. 20 Бурханы Хүү ирээд, бидэнд үнэн Нэгэнийг мэдүүлэхийн тулд ухааныг өгснийг бид мэднэ. Бид тэрхүү үнэн Нэгэн болох Түүний Хүү Есүс Христийн дотор байна. Тэр бол үнэн Бурхан бөгөөд мөнх амь билээ. 21 Бяцхан хүүхдүүд ээ, та нар шүтээнүүдээс өөрсдийгөө хамгаалагтун.