ХААДЫН ДЭЭД

1

1 Давид хаан нас өндөр болж хөгширсөн билээ. Түүнийг хэдэн давхар хөнжлөөр хучаад ч дулаацахаа больжээ. 2 Түшмэд нь түүнд —Бидний эзэн хаан танд нэг залуу онгон охиныг олж авчирж тэрээр хаан дээр орж түүний асрагч болог. Түүнийг та өвөртлөн унтвал, бидний эзэн хаан таны бие дулаацах болно гэлцэв. 3 Тэд Израилийн бүх нутаг даяар гоо үзэсгэлэнтэй охиныг хайж, Абишаг нэртэй нэгэн шунем охиныг олж, хааны ордонд авчирлаа. 4 Тэр охин маш гоо үзэсгэлэнтэй байсан бөгөөд хааны асрагч болж, хаанд үйлчлэв. Гэвч хаан түүнтэй энгэр зөрүүлсэнгүй. 5 Тэр үед Хаггитын хүү Адониа өөрийгөө өргөмжлөн —Би хаан болно хэмээн чалчиж байв. Тэрээр өөртөө тэрэгнүүд болон морьтонгуудыг өмнөө явуулах тавин цэргийн хамт бэлдүүлжээ. 6 Эцэг нь түүнийг "Чи яагаад ийн үйлдсэн бэ?" хэмээн хэзээ ч зэмлэн, хориглодоггүй байсан ажээ. Тэр бас Абсаломын дараа төрсөн бөгөөд маш сайхан эр байлаа. 7 Тэрээр Зеруиагийн хүү Иоаб болон тахилч Абиатар нартай зөвшилцөн, тэд Адониаг дагаж туслав. 8 Гэвч тахилч Задок Иехоиадагийн хүү Бенаиа, эш үзүүлэгч Натан, Шимеи, Реи болон Давидын хүчит эрс Адониатай нийлсэнгүй. 9 Адониа Ен-рогелын ойролцоох Зохелетын хадан дээр хонь, үхэр болон тарган тугалуудаар тахил өргөн, өөрийн ах дүү болох хааны бүх хөвгүүд, Иудагийн бүх эрчүүд болох хааны зарц нарыг ч урьжээ. 10 Харин тэрээр эш үзүүлэгч Натан, Бенаиа, хүчит эрс болон дүү Соломон нарыг урьсангүй. 11 Тэгэхэд Соломоны ээж Батшебад Натан өгүүлэн —Бидний эзэн Давид мэдээгүй байхад Хаггитын хүү Адониа хаан болчихсон гэдгийг та сонсоогүй юу? 12 Одоо таны амь болон хүү Соломоны тань амийг аврах зөвлөгөө өгье. 13 Давид хаанд үтэр бараалхан, түүнд "Хаан эзэн минь, та өөрийн шивэгчин надад нэгэнтээ тангараглан «Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийнд залрах болно» гэж амласан биш үү? Гэтэл яагаад Адониа хаан болчихсон байгаа юм бэ?" гэж хэлэгтүн. 14 Харагтун, та хаантанд ийн айлтгаж байх үед би хойноос тань орж ирэн, өчигт тань дэм өгье хэмээв. 15 Хаантныг лавриндаа хажуулах үед нь Батшеба бараалхав. Хаан ихэд өтөлсөн бөгөөд Шунем охин Абишаг түүнд үйлчлэн байлаа. 16 Тэгээд Батшеба бөхийхөд, хааны өмнө сунан мөргөлөө. Хаан —Чи юу хүсэв? хэмээн асуув. 17 Тэрээр хаанд —Эзэн минь, та шивэгчиндээ өөрийн Бурхан ЭЗЭНээр тангараглан "Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийнд залрах болно" гэж амласан шүү дээ. 18 Гэтэл одоо харагтун, Адониа хаан болжээ. Миний эзэн хаан, та үүнийг мэдээгүй л байна. 19 Адониа үй олноор үхэр, хонь болон тарган тугалуудаар тахил өргөж, хааны бүх хөвгүүд, тахилч Абиатар, цэргийн жанжин Иоабыг ч урьсан боловч таны боол Соломоныг урьсангүй. 20 Хаан эзэн минь, таны хувьд гэвэл, бүх Израиль хүмүүс таныг харж байна. Миний эзэн хааны дараа түүний сэнтийнд хэн залгамжлан, суухыг та мэдүүлж өгөөрэй. 21 Эс тэгвэл миний эзэн хаан та өвөг дээдсийнхээ хамт нойрсох цаг ирмэгц би болон миний хүү Соломон тэрслүү хэмээн тооцогдоно шүү дээ хэмээв. 22 Батшеба хаанд айлтгасаар байх үед, эш үзүүлэгч Натан орж ирэв. 23 Тэд хаанд —Эш үзүүлэгч Натан ирээд байна гэж дуулгав. Тэрээр хааны өмнө орж ирээд, нүүрээ газарт хүртэл хааны өмнө сунан мөргөв. 24 Тэгээд Натан —Миний эзэн хаан та "Адониа миний дараа хаан болж, миний сэнтийнд заларна" хэмээн хэлсэн юм уу? 25 Учир нь тэр өнөөдөр явж, үй олноор үхэр, хонь болон тарган тугалуудаар тахил өргөж, хааны бүх хөвгүүд, цэргийн жанжнууд ба тахилч Абиатар нарыг урьсан байх юм. Харагтун, тэд Адониагийн өмнө ууж идэн, "Адониа хаан мандтугай" гэж уухайлцгааж байна. 26 Харин таны боол намайг болон тахилч Задок, Иехоиадагийн хүү Бенаиа, таны боол Соломон нарыг тэрээр урьсангүй. 27 Эдгээрийг миний эзэн хаан та үйлдэхийг зөвшөөрсөн бол миний эзэн хааны дараа хэн түүний сэнтийнд залгамжлан суухыг өөрийн боолууддаа дуулгаагүй байхсан гэж үү? гэж мэдүүлэв. 28 Тэгэхэд Давид хаан —Батшебаг над уруу дуудагтун гэлээ. Батшеба орж ирэн, хааны өмнө зогсов. 29 Хаан тангараглаж, —Миний амьдралыг бүх зовлонгоос аварсан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. 30 Би чамд Израилийн Бурхан ЭЗЭНээр тангараглан "Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийнд миний оронд суух болно" гэж хэлсэн билээ. Өнөөдөр би тэр ёсоор үйлдэх болно гэв. 31 Тэгэхэд Батшеба нүүрээ газарт шаан бөхийж, хааны өмнө сунан мөргөж, —Миний эзэн Давид хаан та мөнх наслах болтугай гэж хэлэв. 32 Дараа нь Давид хаан —Тахилч Задок, эш үзүүлэгч Натан болон Иехоиадагийн хүү Бенаиаг нааш дуудагтун гэсэнд тэд хааны өмнө ирлээ. 33 Хаан тэдэнд —Та нар эзнийхээ зарц нарыг дагуулан, миний унадаг луусанд хүү Соломоныг минь мордуулж, Гихон уруу аваач. 34 Тахилч Задок болон эш үзүүлэгч Натан нар түүнийг Израилийн хаан болгон тэнд тосолж, эвэр бүрээ үлээн, "Соломон хаан мандтугай!" гэж уухайлагтун. 35 Тэгээд та нар түүнийг даган ирж, тэр ирээд миний сэнтийнд сууж миний оронд хаан болох ёстой. Учир нь түүнийг би Израиль ба Иудагийн удирдагчаар томилсон билээ хэмээн тушаав. 36 Иехоиадагийн хүү Бенаиа хаанд хариулан —Амен! Хаан эзэний минь Бурхан ЭЗЭН ийн айлдах болтугай. 37 Миний эзэн хаантай ЭЗЭН хамт байсан шиг, Соломонтой ч хамт байж, түүний хаан ширээг миний эзэн Давид хааныхаас ч илүү агуу болгох болтугай хэмээн хэлэв. 38 Ингээд тахилч Задок, эш үзүүлэгч Натан, Иехоиадагийн хүү Бенаиа, херетчүүд болон пелетчүүд доош яван Соломоныг Давид хааны луусанд мордуулан, Гихонд аваачив. 39 Тэгээд тахилч Задок майхнаас тостой эврийг авчирж, Соломоныг тослов. Дараа нь тэд эвэр бүрээ үлээн, бүх хүмүүс —Соломон хаан мандтугай! гэж уухайлав. 40 Бүх ард түмэн түүний хойноос даган өгсөж, лимбэ үлээн, маш баярлан хөөрснөөс тэдний дуу чимээнд газар ганхаж байлаа. 41 Адониа болон түүнтэй хамт байсан бүх зочид идэж дуусах үедээ үүнийг сонсжээ. Иоаб эвэр бүрээний дууг сонсоод, —Юу болоод энэ хотд ийм их чимээ шуугиан гараад байна вэ? гэв. 42 Тэрээр хэлж дуусаагүй байтал тахилч Абиатарын хүү Ионатан ирэв. Тэгэхэд Адониа —Та эр зоригтой хүн бөгөөд сайн мэдээ авчирдаг учир морилон орогтун гэв. 43 Харин Ионатан Адониад —Үгүй ээ. Манай эзэн Давид хаан Соломоныг хаанаар өргөмжилсөн билээ. 44 Хаан бас Соломоны хамт тахилч Задок, эш үзүүлэгч Натан, Иехоиадагийн хүү Бенаиа, херетчүүд болон пелетчүүдийг илгээсэн. Тэд Соломоныг хааны луусан дээр мордуулсан. 45 Тахилч Задок болон эш үзүүлэгч Натан нар түүнийг Гихонд хаан болгон тослов. Тэд тэндээс хөөр баяртай буцан ирж байгаа тул хот ч чимээ шуугианаар дүүрч байна. Та нар тэр л дуу чимээг сонсжээ. 46 Соломон хаанчлалын сэнтийнд залран суусан билээ. 47 Түүгээр барахгүй хааны түшмэд бидний эзэн Давид хааныг ерөөхөөр бараалхан, "Таны Бурхан нь Соломоны нэрийг таны нэрнээс үлэмж илүү болгож, түүний хаан ширээг таны хаан ширээнээс агуу их болгох болтугай" гэж байна. Хаан ч өөрөө ор дотроосоо мэхийн, 48 "Миний нүдэн дээр миний сэнтийнд залрах хүнийг өнөөдөр өгсөн Израилийн Бурхан ЭЗЭНд магтаал байх болтугай" гэж хэлж байсан гэж хариулав. 49 Тэгтэл Адониагийн бүх зочид айдаст автав. Тэд босож, өөр өөрийн замаар одоцгоов. 50 Адониа Соломоноос айж байлаа. Тэр босон явж, тахилын ширээний эврээс зуурч авав. 51 Соломонд —Адониа Соломон хаанаас айсандаа тахилын ширээний эврээс зууран "Өөрийн зарцыг сэлмээр цавчин алахгүй гэж Соломон хаан өнөөдөр надад тангараглаасай" гэж үглэж байна хэмээн дуулдсанд, 52 Соломон —Хэрэв тэр зохистой хүн байвал, түүний ширхэг үс ч газарт унахгүй. Харин хэрэв бузар муу нь түүнээс олдвол тэр заавал үхэх болно гэж хэлэв. 53 Соломон хаан хүн илгээж, тэд түүнийг тахилын ширээнээс авчирсан билээ. Тэр ирж, Соломон хааны өмнө сунан мөргөхөд Соломон түүнд —Гэртээ харигтун гэв.

2

1 Давидын үхэх цаг ойртсоор ирэхэд тэрээр хүү Соломондоо сургамжлан, — 2 Би дэлхийн бүх хүмүүсийн жамаар явж байна. Тийм учраас хүчтэй байж, эр хүн гэдгээ харуул. 3 Чи юу хийсэн ч, хаа явсан ч бүх зүйлд амжилтыг олохын тулд өөрийн Бурхан ЭЗЭНий замаар алхалж, Мосегийн хуульд бичигдсэний дагуу Түүний тогтоол, тушаал зарлиг болон гэрчлэлийг сахихын тулд Түүний зааврыг дага. 4 Ингэснээр миний талаар "Хэрэв чиний хөвгүүд бүх зүрх, бүх сэтгэлээрээ Миний өмнө үнэн дотор явбал, Израилийн сэнтийнд залрах хүн чамаас хойш тасрахгүй" гэж хэлсэн амлалтаа ЭЗЭН биелүүлэх болно. 5 Зеруиагийн хүү Иоабын надад үйлдсэнийг болон Израилийн цэргийн хоёр жанжин болох Нерийн хүү Абнер ба Иетерийн хүү Амаса нарт яаж хандаж тэднийг алсныг нь чи мэдэж байгаа. Тэр бас амар тайван үед дайны цус урсгасан билээ. Тэр дайны цусыг өөрийн бүс болон хөлдөө угласан шаахайндаа нялсан юм. 6 Тэгэхээр чи өөрийн мэргэн ухаанаараа шийдэн, түүний буурал үсийг Үхэгсдийн орон уруу амар тайван явуулж болохгүй. 7 Харин гилеад хүн Барзиллаин хөвгүүдэд энэрэл үзүүлэн, тэднийг ширээнд чинь хооллодог хүмүүсийн дунд байлга. Учир нь намайг чиний ах Абсаломаас зугтаж байсан үед тэд надад тусалсан юм. 8 Харагтун, Бахуримаас гаралтай бениамин хүн Герагийн хүү Шимеи чамтай хамт байна. Намайг Маханаим уруу явдаг өдөр тэр намайг хараасан боловч тэрээр Иордан гол дээр над уруу ирэх үед нь би түүнд ЭЗЭНээр тангараглан "Би чамайг сэлмээр хороохгүй" гэж хэлсэн юм. 9 Тиймээс одоо түүнийг шийтгэлгүй бүү орхигтун. Чи ухаантай хүн учир түүнийг яахаа мэднэ. Чи түүний буурал үсийг цустай хамт Үхэгсдийн орон уруу явуулаарай гэв. 10 Тэгээд Давид эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод оршуулагдсан билээ. 11 Давид Хебронд долоон жил, Иерусалимд гучин гурван жил, нийт дөчин жил Израилийг захирчээ. 12 Эцэг Давидынхаа сэнтийнд Соломон заларсан бөгөөд түүний хаанчлал бат тогтсон байлаа. 13 Нэгэн удаа Хаггитын хүү Адониа Соломоны эх Батшебад бараалхав. Батшеба —Чи амар тайван ирэв үү? гэж асуухад, тэрээр —Амар тайван гэж хариулав. 14 Дараа нь тэр —Танд дуулгах үг байна гэхэд Батшеба —Айлтгагтун гэв. 15 Тэрээр —Уг нь хаанчлал минийх байх ёстой байсан бөгөөд бүх Израиль намайг хаан болохыг хүсэж байсныг та мэднэ. Гэвч ЭЗЭНий хүсэл учраас хаанчлал одоо миний дүүгийнх болсон билээ. 16 Одоо надад нэг хүсэлт байна. Надад бүү татгалзаарай гэж өчихөд Батшеба түүнд —Хэлэгтүн хэмээв. 17 Тэгэхэд тэрээр —Шунем эмэгтэй Абишагийг надад эхнэр болгон өгөхийг Соломоноос гуйж өгөөч. Учир нь тэр танд татгалзахгүй гэж хэлжээ. 18 Батшеба ч —Сайн байна. Би чиний төлөө хаантай ярилцъя гэв. 19 Тэгээд Батшеба Адониагийн төлөө Соломон хаантай ярилцахаар бараалхав. Хаан босон, ээжийгээ угтан авч, түүнд мэхийгээд, дахин сэнтийндээ залрав. Тэгээд тэрээр ээждээ сэнтий засуулсанд ээж нь Соломоны баруун талд нь суулаа. 20 Дараа нь Батшеба —Надад нэг бяцхан хүсэлт байна. Надад бүү татгалзаарай гэсэнд, хаан түүнд —Би танд татгалзахгүй учраас та асуу даа. Ээж ээ гэв. 21 Батшеба —Шунем охин Абишагийг чиний ах Адониад эхнэр болгон өгөөч гэв. 22 Соломон хаан ээждээ хариулан —Та яагаад Шунем охин Абишагийг Адониагийн төлөө гуйж байгаа юм бэ? Тэгвэл тэр тусмаа тэр миний ах учраас түүний төлөө мөн хаанчлалыг ч гуйгаач. Мөн тахилч Абиатар, Зеруиагийн хүү Иоабын төлөө ч мөн хүсэлт гаргаач гэж өгүүлэв. 23 Тэгээд Соломон хаан ЭЗЭНээр тангараглаж —Хэрэв Адониа энэ үгийг өөрийнхөө амь насны эсрэг хэлээгүй байвал Бурхан намайг шийтгэг. 24 Тийм учраас одоо намайг тогтоож, Давид эцгийн минь сэнтийнд залсан бөгөөд амласнаараа надад гэр байгуулж өгсөн ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Өнөөдөр Адониа заавал үхэх болно гэж хэлэв. 25 Соломон хаан Иехоиадагийн хүү Бенаиаг илгээж, түүнийг хөнөөлгөн алуулав. 26 Дараа нь тахилч Абиатарт хаан —Өөрийн талбай уруу, Анатот уруу явагтун. Чи хэдийгээр үхвэл зохих боловч миний эцэг Давидын өмнө БУРХАН Эзэний авдрыг авч явдаг байсан бөгөөд миний эцгийн бүх зовлонг хуваалцаж байсан учраас энэ удаа би чамайг алахгүй гэлээ. 27 Соломон Абиатарыг ЭЗЭНий тахилч байхаас халсан нь Елигийн гэр бүлийнхний талаар Шилод хэлснээ ЭЗЭНий үгийг гүйцэлдүүлэхийн тулд байлаа. 28 Энэ мэдээ Иоабт дуулдлаа. Хэдийгээр Иоаб Абсаломыг дагаагүй ч Адониаг дагасан тул тэрээр ЭЗЭНий майхан уруу зугтан, тахилын ширээний эврээс зууран барив. 29 Иоаб ЭЗЭНий майхан уруу зугтан одоо тахилын ширээний хажууд байгаа тухай Соломон хаанд дуулгасанд, тэрээр Иехоиадагийн хүү Бенаиаг илгээж, —Явж, түүнийг хөнөө гэж түүнд тушаав. 30 Ийнхүү Бенаиа ЭЗЭНий майхан уруу ирээд, Иоабт —Хаан чамд "Гараад ир" хэмээн тушаасан гэв. Харин тэр —Гарахгүй. Би энд л үхнэ гэж хариуллаа. Бенаиа хаанд —Иоаб ийнхүү хэлж, ийнхүү хариуллаа гэдэг мэдээг эргүүлэн аваачлаа. 31 Хаан түүнд —Түүний хэлснээр үйлдэж, түүнийг хөнөөгөөд, оршуул. Тэгвэл чи Иоабын шалтгаангүйгээр урсгасан цусыг надаас болон миний эцгийн гэр бүлээс зайлуулах болно. 32 Иоабын цусыг ЭЗЭН өөрийнх нь толгой дээр буулгах болно. Учир нь миний эцэг Давидыг мэдээгүй байхад тэрээр өөрөөсөө ч илүү зөв шударга, сайн хоёр хүнийг буюу Израилийн армийн жанжин Нерийн хүү Абнер болон Иудагийн армийн жанжин Иетерийн хүү Амаса нарыг хөнөөж сэлмээр алсан билээ. 33 Ийнхүү тэдний цус нь Иоаб болон түүний үр хүүхдүүдийн толгойн дээр мөнхөд байх болно. Харин Давид болон түүний үр хүүхэд, түүний гэр бүл, түүний хаан ширээнд нь ЭЗЭНээс амар тайван байдал мөнхөд байх болтугай гэв. 34 Тэгээд Иехоиадагийн хүү Бенаиа явж, түүнийг хөнөөн алав. Тэрээр цөл дэх өөрийн гэрт оршуулагджээ. 35 Хаан Иоабын оронд Иехоиадагийн хүү Бенаиаг цэргийн жанжин болгож, Абиатарын оронд тахилч Задокийг томиллоо. 36 Ингээд хаан хүн илгээж, Шимеиг дуудан ирүүлээд түүнд —Өөртөө зориулан Иерусалимд гэр барьж, тэндээ амьдар. Өөр хаашаа ч явж болохгүй. 37 Учир нь чи гадагш гарч, Кидрон горхийг туулах тэр өдөр чи заавал үхэхээ баттай мэдэгтүн. Чиний цус өөрийн чинь толгой дээр байх болно гэв. 38 Тэгэхэд Шимеи нь хаанд —Зөв үг байна. Миний Эзэн хааны тушааснаар таны боол би үйлдье гэж хариулав. Ийнхүү Шимеи Иерусалимаас гаралгүй тэнд олон өдөр амьдарчээ. 39 Гэвч гурван жилийн төгсгөлд Шимеигийн боолуудаас хоёр хүн Гатын хаан, Маакагийн хүү Ахиш уруу зугтжээ. Хүмүүс Шимеид —Харагтун. Зарц нар чинь Гатад байна гэдгийг мэдүүлэв. 40 Тэгэхэд Шимеи босож, илжгэндээ эмээл тохон, боолуудаа олж ирэхээр Гатад буй Ахиш уруу явсан билээ. Шимеи явж тэндээс боолуудаа дагуулан иржээ. 41 Шимеи Иерусалимаас Гат уруу явчихаад эргээд ирсэн гэдгийг Соломонд мэдэгджээ. 42 Тиймээс хаан хүн илгээж, Шимеиг дуудан ирүүлээд, түүнд —Би чамайг ЭЗЭНээр тангараглуулан, үнэн сэтгэлээсээ сануулахдаа "Чи ямар нэг газар уруу явахаар хөдлөх өдрөө заавал үхэхээ чи үнэхээр мэдэх болно" гэж хэлсэн бус уу? Чи өөрөө ч надад "Хэлсэн үг тань сайн байна" гэж хэлсэн шүү дээ. 43 Тэгэхлээр юунд чи ЭЗЭНий тангараг болон миний чамд даалгасан тушаалыг сахьсангүй вэ? гэж зэмлэв. 44 Мөн хаан Шимеид —Миний эцэг Давидад хийсэн ба зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрсөн бүх бузар муугаа чи санаж байгаа. Тийм учраас ЭЗЭН чиний бузар мууг толгой дээр чинь буцаан буулгана. 45 Харин Соломон хаан ерөөгдөж, Давидын хаан ширээ ЭЗЭНий өмнө мөнхийн мөнхөд бат зогсох болно гэж өгүүлэв. 46 Хаан Иехоиадагийн хүү Бенаиад тушаасанд, тэр гадагш гаран, Шимеиг хөнөөж аллаа. Ингээд хаанчлал Соломоны гарт атгагдлаа.

3

1 Дараа нь Соломон гэрлэлтээр дамжуулан Египетийн хаан Фараонтай холбоо тогтоож, охиныг нь авав. Тэрээр өөрийн гэр, ЭЗЭНий өргөө болон Иерусалим хотын хэрмийг бүхэлд нь барьж дуусгах хүртлээ хатнаа Давидын хотод байлгав. 2 Тэр өдрүүдийг хүртэл ЭЗЭНий нэрд зориулан босгосон өргөө байгаагүй тул ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөсөөр байлаа. 3 Соломон эцэг Давидынхаа тогтоолуудаар алхаж ЭЗЭНд хайртай байсан хэдий ч мөргөлийн өндөрлөгүүд дээр өргөл өргөн, утлага шатаадаг байжээ. 4 Хаан хамгийн том мөргөлийн өндөрлөг болох Гибеон уруу өргөл өргөхөөр зорив. Соломон тэр тахилын ширээн дээр мянган шатаалт тахил өргөв. 5 Гибеонд байхад нь нэгэн шөнө ЭЗЭН зүүдэнд нь Соломонд үзэгдэж —Чи надаас юу авахыг хүсэж байгаагаа надаас гуйгтун хэмээн Бурхан айлдав. 6 Тэгэхэд Соломон —Та Өөрийн боол, миний эцэг Давидыг Таны өмнө үнэн, зөв шударга Тан уруу хандсан цэх шулуун сэтгэлээр явж байхад түүнд энэрлийг үзүүлсэн юм. Мөн Та энэ өдөр байгаагийн адил сэнтийнд нь залрах хүүг түүнд өгснөөрөө энэ агуу хайр энэрлээ түүнд хадгалсан билээ. 7 Одоо ЭЗЭН Бурхан минь ээ, хэдийгээр Та Өөрийн боол намайг эцэг Давидын минь оронд хаан болгосон боловч би балчир хүүхэд юм. Би хэрхэн орж гарахаа ч мэдэхгүй билээ. 8 Таны боол би тоолж бүртгэж чадахааргүй агуу их, Таны сонгосон ард түмний төвд байна. 9 Тэгэхээр Таны ард түмнийг шүүн, сайн мууг ухааран ялгах чадварыг Өөрийн боолдоо өгөөч. Учир нь таны энэ агуу их ард түмнийг хэн удирдаж чадах билээ? гэв. 10 Соломон энэ зүйлийг гуйсанд ЭЗЭНий мэлмийд таашаагдав. 11 Тиймээс Бурхан түүнд —Чи энэ зүйлийг гуйж, өөртөө урт нас, баялаг болон дайснуудынхаа үхлийг гуйлгүй, харин үнэн зөвийг ухааран ялгах чадварыг өөртөө гуйсан тул 12 харагтун, Би чиний хүссэний дагуу үйлдлээ. Харагтун, би чамд мэргэн, ухааран ялгах чадвартай зүрхийг өглөө. Чиний өмнө чамтай адил хүн байгаагүй бөгөөд чиний дараа ч чамтай адил хүн гарч ирэхгүй юм. 13 Би бас чиний гуйгаагүй зүйлс болох баян тансаг байдал болон нэр хүндийг ч чамд өгсөн. Чиний бүх өдрүүдийн туршид хаадын дунд чамтай адил хүн байхгүй болно. 14 Хэрэв чи эцэг Давид шигээ Миний тогтоол, тушаалуудыг сахин, Миний замаар явбал, Би чиний амьдралыг уртасгана гэж айлдлаа. 15 Тэгэхэд Соломон сэрээд хартал, энэ нь зүүд байв. Тэрээр Иерусалимдаа ирж, ЭЗЭНий гэрээний авдрын өмнө зогсож, шатаалт тахилууд болон эвийн тахилуудыг өргөн, бүх түшмэддээ зориулан найр хийжээ. 16 Үүний дараа, янхан байсан хоёр эмэгтэй хаан уруу ирэн, түүний өмнө зогсов. 17 Нэг эмэгтэй нь —Эзэн минь, энэ эмэгтэй бид хоёр нэг гэрт амьдардаг юм. Энэ эмэгтэй гэр дотор байхад би хүүхэд төрүүлсэн билээ. 18 Намайг хүүхэд төрүүлснээс хойш гурван өдрийн дараа энэ эмэгтэй ч бас хүүхэд төрүүлээд, бид хамт суужээ. Гэрт бидэнтэй хамт гадны хүн байгаагүй, зөвхөн бид хоёр л гэрт байв. 19 Энэ эмэгтэй унтаж байхдаа хүүхдээ няц дарснаас, хүүхэд нь шөнө нас барсан билээ. 20 Тэгээд энэ эмэгтэй шөнө дунд босон, таны шивэгчин намайг унтаж байхад хажуугаас минь хүүг минь аваад, өөрийнхөө өвөрт хийн, харин өөрийн үхсэн хүүхдийг миний өвөрт хийсэн байлаа. 21 Өглөө би хүүгээ хөхүүлэх гэж босоод хартал тэр үхчихсэн байв. Харин би өглөө хүүхдийг няхуур ажиглан хартал тэр нь миний төрүүлсэн миний хүү биш байсан юм гэв. 22 Тэгтэл нөгөө эмэгтэй —Үгүй! Амьд буй нь миний хүү, харин үхсэн нь чиний хүү гэж арцав. Тэгтэл эхний эмэгтэй —Үгүй! Үхсэн нь чиний хүү, харин амьд буй нь миний хүү гэж маргав. Тэд ийн хааны өмнө хэрэлдэв. 23 Тэгэхэд хаан —Нэг нь "Амьд буй нь миний хүү, харин үхсэн нь чиний хүү" гэж хэлж байхад, нөгөөдөх нь "Үгүй! Чиний хүү үхсэн, харин миний хүү амьд" гэж байна гэж хэлэв. 24 Хаан —Надад сэлэм аваад ир гэв. Иймээс түшмэд хааны өмнө сэлэм авчрав. 25 Хаан —Амьд буй энэ хүүхдийг хоёр хэсэг болгон хувааж, талыг нь нэг эмэгтэйд, нөгөө талыг нь нөгөө эмэгтэйд өгөгтүн гэж тушаав. 26 Амьд буй хүүхдийн эх нь хүүгээ маш их өрөвдсөн учраас хаанд хандан —Өө эзэн минь, амьд буй хүүхдийг түүнд өг дөө. Түүнийг битгий л алаач гэж гуйв. Харин нөгөө эмэгтэй нь —Тэр минийх ч болохгүй, чинийх ч болохгүй. Түүнийг хувааж л ав гэж хэлжээ. 27 Хаан —Эхний эмэгтэйд амьд буй хүүхдийг өгөгтүн. Хүүг бүү ал. Хүүгийн эх нь тэр мөн байна хэмээн лүндэн буулгажээ. 28 Бүх Израиль хүмүүс хааны шийдвэрлэсэн шүүлтийн талаар сонсоод, шүүлтийг удирдан явуулахын тулд Бурханы мэргэн ухаан хаанд буйг тэд үзээд, хаанаас эмээв.

4

1 Ийнхүү Соломон хаан бүх Израилийг захирах хаан болжээ. 2 Түүний түшмэд нь гэвэл: Задокийн хүү Азариа нь тахилч, 3 Шишагийн хөвгүүд болох Елихореф ба Ахиа нар хэрэг хөтлөгч нар, Ахилудын хүү Иехошафат нь бичээч, 4 Иехоиадагийн хүү Бенаиа нь цэргийн жанжин, Задок ба Абиатар нар тахилч нар, 5 Натаны хүү Азариа нь захирагчдын ахлагч, Натаны хүү, тахилч Забуд нь хааны найз, 6 Ахишар ордны түшмэл, мөн Абдагийн хүү Адонирам нь албадлагын ажилчдыг тус тус хариуцдаг байлаа. 7 Соломон бүх Израилийг захирах арван хоёр захирагчийг томилжээ. Тэд хаан болон түүний гэрийнхэнд хэрэглэх зүйлсийг сар сараар ээлжлэн нийлүүлж байх үүрэг хүлээсэн байлаа. 8 Тэдгээрийн нэр гэвэл Ефраимын уулархаг нутагт Бен-хур, 9 Маказын, Шаалбимын, Бет-шемешийн болон Елонбет-хананы нутагт Бен-декер, 10 Аруббот нутагт Бен-хесед (Соко болон Хеферийн бүх нутаг түүнийх байсан) 11 Дорын бүх өндөрлөг нутагт Бен-абинадаб (Соломоны охин Тафат түүний эхнэр байлаа), 12 Таанах, Мегиддо мөн Иезреелийн өмнөх Заретаны хажууд байх Бет-шеаны бүх нутаг буюу Бет-шеанаас Абел-мехола, Иокмеамд хүрсэн нутагт Ахилудын хүү Баана, 13 Рамот-гилеадад Бен-гебер (Гилеадад байх Манассегийн хүү Иаирын бүх тосгон, мөн Башанд байх Аргоб, бүс нутаг буюу хүрэл хаалга, хана хэрэмнүүд бүхий жаран том хот түүнийх байлаа), 14 Маханаимд нутгийг Иддогийн хүү Ахинадаб, 15 Нафталид Ахимааз (тэр бас Соломоны охин Басематтай гэрлэжээ), 16 Ашер ба Веалотод Хушаин хүү Баана, 17 Иссахарт Паруагийн хүү Иехошафат, 18 Бениаминд Елагийн хүү Шимеи, 19 аморичуудын хаан Сихон болон Башаны хаан Огийн нутаг болох Гилеадын нутагт Урийн хүү Гебер байлаа. 20 Иуда болон Израиль далайн эргийн тоо томшгүй элс шиг олон байсан бөгөөд тэд идэж ууж баярлан цэнгэлдэж байлаа. 21 Соломон Евфратаас Филистийн нутаг хүртэлх, мөн Египет улсын хил хүртэлх бүхий л хаанчлалуудыг захирч, тэдгээр нь Соломоны амьдралын турш түүнд алба гувчуур барин үйлчилдэг байжээ. 22 Соломоны нэг өдрийн хэрэглэх зүйлс нь гучин кор дээд гурил, жаран кор тээрэмдсэн буудай, 23 арван тарган үхэр, бэлчээрийн хорин үхэр, буга, бор гөрөөс, согоо, таргалуулсан янзага зэргээс гадна зуун хонь байлаа. 24 Учир нь Соломон Евфратаас баруун тийш орших бүхнийг буюу Тифсагаас Газ хүртэлх, Евфрат голын баруун талын бүх хаадыг захирах эрх мэдэлтэй байв. Тэрээр эргэн тойрондоо амар амгалан байв. 25 Соломоны өдрүүдэд Данаас Беершеба хүртэлх Иуда ба Израиль буюу хүн бүр өөрийн усан үзмийн ба инжрийн модны доор аюулгүй амьдарчээ. 26 Соломон тэрэгнүүддээ зориулсан дөчин мянган жүчээтэй бөгөөд арван хоёр мянган морьтонтой байв. 27 Орон нутгийн захирагчид хариуцсан сардаа Соломон хаанд болон хааны ширээнд ирэх бүх хүмүүст хүнсний зүйлсийг дутагдахгүйгээр хангадаг байлаа. 28 Тэд бас адуу болон хурдан морьдын идэх арвай, сүрлийг тус тусын үүргийн дагуу байх ёстой газарт нь нийлүүлж байв. 29 Бурхан Соломонд мэргэн ухаан, ухааран ялгах чадвар болон гүн ойлгох чадварыг далайн эргийн элс шиг ихээр өгчээ. 30 Соломоны мэргэн ухаан дорны бүх хөвгүүдийн мэргэн ухаанаас ч, Египетийн бүх мэргэн ухаанаас ч даван гарчээ. 31 Тэр бүх хүмүүсээс төдийгүй, езра хүн Етан, Махолын хөвгүүд Хеман, Калгол болон Дардагаас ч илүү мэргэн байсан бөгөөд нэр алдар нь эргэн тойрны бүх үндэстнүүдийн дунд дуурьсгагдав. 32 Тэр гурван мянган сургаалт үг хэлж, нэг мянга таван дуу зохиосон. 33 Тэрээр Ливаны хуш модноос эхлээд ханан дээгүүр ургадаг хиссоп ургамал хүртэл, мөн ан амьтад, шувууд, хэвлээр явагчид, загасны талаар хүртэл ярьдаг байв. 34 Соломоны мэргэн ухааны талаар дуулж мэдсэн газрын бүх хаадаас, түүний мэргэн ухааныг сонсохоор үндэстэн бүрээс хүмүүс ирдэг байжээ.

5

1 Тирийн хаан Хирам үргэлж Давидын анд найз байсан тул хүмүүс Соломоныг эцгийнх нь оронд хаан болгон тослосныг сонсоод түшмэдээ түүн уруу илгээв. 2 Тэгэхэд Соломон Хирам уруу үг илгээж, — 3 Миний эцэг Давид өөрийн Бурхан ЭЗЭНий нэрд өргөө барьж өгч чадаагүй билээ. Ингэсэн нь ЭЗЭН дайснуудыг нь түүний хөлийн ул дор оруулах хүртэл түүний эргэн тойронд байсан дайн тулаануудаас болсныг хаантан та мэднэ. 4 Харин одоо миний Бурхан ЭЗЭН эргэн тойронд надад амралтыг өгсөн бөгөөд дайсан ч, гай зовлон ч байхгүй боллоо. 5 Харагтун, ЭЗЭН миний аав Давидад "Би чиний оронд сэнтийнд чинь суулгах чиний хүүгээр Өөрийн нэрд зориулан өргөө бариулна" гэж айлдсаны дагуу миний Бурхан ЭЗЭНий нэрэнд би өргөө барих гэж байна. 6 Тэгэхээр одоо Ливанаас хуш мод тайрч өгөхийг хаантан та тушааж соёрхоно уу. Миний зарц нар таны зарц нартай хамт ажиллах болно. Таны хүмүүст өгөх хөлсийг хаан таны хэлснээр би төлье. Учир нь бидний дунд сидончууд шиг дүнз бэлтгэхийг мэддэг нэг ч хүн үгүй билээ хэмээн хэлүүлэв. 7 Соломоны уламжлуулсныг Хирам сонсоод машид баярлан, —Давидад аугаа үндэстнийг нь захирах мэргэн хүү заяасан ЭЗЭН өнөөдөр магтагдах болтугай хэмээн өгүүлэв. 8 Хирам Соломонд үг илгээн, —Чиний надад илгээсэн үгийг би сонслоо. Чиний хүссэн хуш болон агар модон дүнзнүүдийг би нийлүүлье. 9 Миний зарц нар тэдгээрийг Ливанаас тэнгис уруу зөөн, би тэднээр сал хийж таны товлосон газар уруу тэнгисээр хөвүүлэн, дараа нь салаа задлан чи тэднийг цааш татан авна биз ээ. Танаас миний хүсэх юм бол миний гэрийнхэнд хэрэглэх идээ хүнс бэлтгэж өгөөч гэсэн хариу ирүүлэв. 10 Соломоны хүссэнээр хуш болон нарсан дүнзийг Хирам бэлтгэж өгчээ. 11 Тэгэхэд Хирамын гэрийнхэнд хэрэглэх идээ хүнс болгон хорин мянган кор гурил, хорин кор шахсан тосыг Соломон илгээв. Соломон Хирамд жил бүр ийнхүү өгчээ. 12 ЭЗЭН амлалтынхаа дагуу Соломонд мэргэн ухааныг өгөв. Хирам Соломон хоёрын хооронд амар тайван тогтож, тэр хоёр гэрээ байгуулжээ. 13 Соломон хаан бүх Израилиас гучин мянган эрсийг албадлагын ажилд дайчлав. 14 Тэрээр тэднийг арав, арван мянгаар нь сар сараар ээлжлүүлэн Ливан уруу илгээж, Ливанд нэг сар, нутагт нь хоёр сар байлгадаг байв. Албадан ажиллаж байгаа хүмүүсийг Адонирам хариуцдаг байв. 15 Соломонд ачаа зөөх далан мянган хүн, мөн ууланд чулуу цавчих наян мянган хүн байлаа. 16 Үүнээс гадна ажиллагсдыг захирч, ажлыг хянах гурван мянга гурван зуун даамал байв. 17 Хаан зарлиг буулгасанд өргөөний суурийг зассан чулуугаар тавихын тулд тэд том үнэт чулуу олборложээ. 18 Соломон ба Хирамын барилгачид болон гебалчууд чулууг засаж, өргөөний барилгад хэрэглэх дүнз чулуунуудыг бэлдэв.

6

1 Израилийн хөвгүүд Египетийн газраас гарснаас хойш дөрвөн зуун ная дахь жилд, Израильд Соломоны хаанчлал тогтсоны дөрөв дэх жилийн хоёрдугаар сард буюу Зив сард Соломон ЭЗЭНий өргөөг барьж эхэлжээ. 2 Соломон хааны ЭЗЭНд зориулан барьсан өргөө нь жаран тохой урт, хорин тохой өргөн, гучин тохой өндөр байлаа. 3 Өргөөний гол танхимын өмнөх үүдний танхим нь хорин тохой урт байв. Танхимын урт нь өргөөний өргөнтэй эн чацуу бөгөөд өргөөний өмнөх хананаас урагш арван тохой илүү хийгджээ. 4 Өргөөнд зориулж тэрээр нарийхан сараалжин цонхнууд хийв. 5 Гол танхим ба дотоод ариун газрыг хамруулсан өргөөний ханануудыг тойруулан тэдгээртэй зэрэгцээ барилга барьжээ. Ийнхүү эргэн тойронд тэрээр хажуугийн өрөөнүүдийг бий болгов. 6 Доод давхрын өрөөнүүд таван тохой, дунд давхрынх нь зургаан тохой, дээд давхрынх нь долоон тохой өргөн байв. Дүнзнүүдийг өргөөний ханатай залгахгүйн тулд гадна талд өргөөний хананы эргэн тойронд тэрээр давхар дам нуруу хийж өгөв. 7 Өргөөг босгох үед чулууны ил уурхайд сайтар өнгөлж боловсруулсан чулуугаар барьсан тул алх сүх мэтийн төмрөн багажны чимээ огтхон ч дуулдаагүй юм. 8 Хамгийн доод давхрын хажуугийн өрөөнд орох хаалгыг өргөөний баруун талд гаргажээ. Эндээс мушгирсан шатаар дунд давхар уруу, дунд давхраас дээд давхар уруу өгсдөг байлаа. 9 Тэрээр өргөөг барьж дуусаад, хуш модон банз, дүнзээр бүрэв. 10 Түүнчлэн тэр өргөөний харалдаа тус бүр таван тохой өндөр өрөөнүүд байгуулсан ба тэдгээр нь өргөөтэй хушин хөндлөвч модоор холбогдож байлаа. 11 ЭЗЭНий үг Соломонд ирж, — 12 Чиний бариулж байгаа энэ өргөөний тухайд гэвэл, хэрэв чи Миний тогтоолуудын дотор алхаж, Миний зарлигийг дагаж, Миний бүх тушаалуудыг сахин амьдарвал чиний эцэг Давидад айлдсан үгээ Би чамаар гүйцэтгүүлэх болно. 13 Би Израилийн хөвгүүдийн дунд оршиж, Өөрийн ард түмэн болсон Израилийг орхихгүй гэв. 14 Соломон өргөөг барьж дуусгалаа. 15 Тэгээд өргөөний дотор талын шалнаас тааз хүртэлх ханыг хуш модон банзаар бүрж, өргөөний шаланд агар банз дэвсэв. 16 Тэрээр өргөөний хоймрын хорин тохой хэсэг газрыг дотоод ариун газар буюу хамгийн ариун газар болгон тусгаарлаж, хуш модон банзаар шалнаас тааз хүртэл барьж босгов. 17 Өргөө буюу дотоод ариун газрын өмнөх гол танхимын урт нь дөчин тохой байв. 18 Өргөөг хулуу болон цоморлигоо нээсэн цэцгэн сийлбэр бүхий хуш модоор доторлосон учир чулуу нь огт харагдахааргүй болжээ. 19 ЭЗЭНий гэрээний авдрыг залахын тулд тэрээр өргөө доторх дотоод ариун газрыг бэлтгэжээ. 20 Дотоод ариун газрын урт нь хорин тохой, өргөн нь хорин тохой, өндөр нь хорин тохой бөгөөд Соломон түүнийг шижир алтаар доторлов. Мөн тахилын ширээг ч хушаар бүржээ. 21 Соломон өргөөг шижир алтаар доторлож, дотоод ариун газрын өмнүүр алтан гинжнүүд татаж, түүнчлэн дотоод ариун газрыг бүхэлд нь алтаар бүржээ. 22 Ийнхүү тэр өргөөний доторхыг нэлэнхүйд нь алтаар бүрсэн юм. Дотоод ариун газарт байсан тахилын ширээг ч бас бүхэлд нь алтаар бүрсэн байлаа. 23 Мөн дотоод ариун газарт тэрээр чидун модоор арван тохой өндөр хос херубууд бүтээжээ. 24 Нэг херубын нэг далавч нь таван тохой, нөгөө далавч нь бас таван тохой буюу нэг талын далавчны үзүүрээс нөгөө талын далавчны үзүүр хүртэл арван тохой хэмжээтэй байв. 25 Нөгөө херуб ч бас арван тохой байлаа. Эдгээр херубууд хоёулаа адил хэлбэр, хэмжээтэйгээр хийгджээ. 26 Херуб тус бүр арван тохой өндөр байлаа. 27 Соломон хос херубуудыг дотоод өргөөний голд залав. Херубуудын далавчууд нь дэлгэгдсэн бөгөөд нэг херубын далавч нэг талын хананд, нөгөө херубын далавч нөгөө талын хананд хүрч байв. Тэдний далавчууд нь өргөөний голд хоорондоо шүргэн байлаа. 28 Херубуудыг ч мөн тэрээр алтаар бүрсэн байлаа. 29 Дараа нь өргөөний бүх ханануудыг тойруулсан буюу дотоод, гадаад ариун газруудад тэрээр херубууд, далдуу мод болон цоморлигоо дэлгэсэн цэцэгсийн дүрсийг сийлжээ. 30 Тэрээр өргөөний шал буюу дотоод, гадаад ариун газруудын шалыг алтаар бүрэв. 31 Дотоод ариун газар уруу нэвтрэх үүдэнд чидун модоор хаалгануудыг, холбоосуудыг нь болон таван талт хүрээг хийв. 32 Тэрээр чидун модон хоёр хаалга хийж, дээр нь херубууд, далдуу мод, цоморлигоо дэлгэсэн цэцгүүдийг сийлж, алтаар бүрсэн байлаа. 33 Ийнхүү гол танхимын үүдэнд тэрээр дөрвөн талт хүрээг чидун модоор хийжээ. 34 Хоёр хаалгыг нь агар модоор хийв. Хаалга тус бүр нь эвхэгддэг хос хавтаснаас бүтэж байлаа. 35 Тэдгээрийн дээр тэрээр херубууд, далдуу мод, цоморлигоо дэлгэсэн цэцгүүдийг сийлж, дээгүүр нь жигд тархахаар алтаар бүрсэн байлаа. 36 Тэрээр дотоод хашааг гурван үе зассан чулуу болон нэг үе хуш модон дүнзээр хийжээ. 37 Дөрөв дэх жилийн Зив сард ЭЗЭНий өргөөний суурийг тавьсан билээ. 38 Арван нэг дэх жилийн Бул сар буюу наймдугаар сард төлөвлөгөөний дагуу бүхий л хэсгүүд хийгдэж, өргөө баригдаж дуусав. Соломон үүнийг долоон жил барьжээ.

7

1 Соломон өөртөө гэр барьж дуусгахад арван гурван жил зарцуулжээ. 2 Тэрээр Ливаны ойн модоор зуун тохой урт, тавин тохой өргөн, гучин тохой өндөр байшин барьжээ. Энэ нь хуш модон дөрвөн эгнээ баганы дээр баригдсан бөгөөд баганууд нь хушан хөндлөвчүүдийг тулж байв. 3 Дөчин таван багана дээр тогтдог ба эгнээ бүрд нь арван таван баганатай хажуугийн өрөөнүүдийг хушаар дээвэрлэсэн. 4 Цонхнууд нь өөд өөдөөсөө харсан байдлаар гурван эгнээ байрласан байв. 5 Бүх хаалга ба хүрээнүүд дөрвөлжин хэлбэртэй тортой байснаас гадна цонхнууд өөд өөдөөсөө харсан гурван эгнээгээр байрлажээ. 6 Дараа нь Соломон мөн тавин тохой урт, гучин тохой өргөн баганат танхимыг байгуулсан бөгөөд уг танхимын өмнө талд үүдний танхим, баганууд ба босго байрлаж байлаа. 7 Тэрээр хүмүүсийг шүүхийн тулд сэнтийт танхим буюу шүүхийн танхимыг барьж, шалыг нь бүхэлд нь хуш модоор доторлов. 8 Соломоны амьдрах гэр нь танхимаас дотогш хашаанд байсан бөгөөд хэлбэр нь бусад барилгуудынхтай адил байв. Соломон өөрийн гэрлэсэн Фараоны охинд ч энэ танхимтай адил гэрийг барьж өгчээ. 9 Эдгээр бүх барилгууд хөрөөдөж зассан үнэт чулуугаар хийгдсэн байлаа. Барилгын сууриас орой хүртэл гадна ба дотор талдаа, тийм чулуунаас бүтсэн бөгөөд гаднах том хашаа хүртэл тийм чулуугаар хийгджээ. 10 Суурийг үнэт чулуугаар тавьсан бөгөөд зарим нь арван тохой, зарим нь найман тохой хэмжээтэй том чулуунууд байлаа. 11 Дээр нь хэмжүүрээр зассан үнэт чулуу болон хуш өржээ. 12 ЭЗЭНий өргөөний дотоод хашаа болон өргөөний үүдний танхим шиг гаднах том хашаа эргэн тойрондоо гурван эгнээ зассан чулуу, нэг эгнээ хушин дүнзээр хүрээлэгджээ. 13 Соломон хаан хүн илгээн, Тирээс Хирамыг дуудаж авчрууллаа. 14 Тэрээр Нафтали овгийн бэлэвсэн эхнэрийн хүү байсан бөгөөд эцэг нь тир хүн, хүрлийн дархан байв. Тэрээр мэргэн ухаан, ойлголтоор болоод хүрлээр аливаа зүйлийг хийх чадвараар дүүрэн байлаа. Ингээд тэрээр Соломон хаан уруу ирээд, түүний бүх ажлыг гүйцэтгэжээ. 15 Тэрээр хос хүрэл багана бүтээсэн бөгөөд эдгээрийн өндөр нь арван найман тохой, тойргийг нь олсоор хэмжвэл арван хоёр тохой байлаа. 16 Тэдгээрийн оройд тавих хос баганы толгойг хүрэл цутган бүтээжээ. Нэг баганы толгой таван тохой, нөгөө нь ч таван тохой өндөр байв. 17 Баганын оройд тогтоосон баганы толгойг чимэглэхийн тулд хавтгай торон унжлага бас гинжин хэлбэрт цагиргийг тус бүрд нь долоон ширхгийг урласан байна. 18 Хирам багануудыг хийж, анаруудын дээр байрлах баганын толгойг бүтээхийн тулд нэг торон дээр хоёр эгнээ болгожээ. Нөгөө баганы оройг ч ингэж чимэглэсэн байлаа. 19 Үүдний танхимд буй баганы оройд тавьсан багануудын толгой нь дөрвөн тохой өндөр бөгөөд сараана цэцгэн дүрстэй байв. 20 Хоёр баганы орой дахь гинжин унжлагын дэргэд буй цагиргуудын хажууд баганы толгойнууд байсан бөгөөд хоёр зуун ширхэг хүрэл сэмбэрүү цэцгээр эгнээ үүсгэн тойруулан чимж өгчээ. 21 Тэрээр хос баганыг гол танхимын үүдний танхимд босгосон байв. Баруун талын баганыг босгож Иахин гэж нэрлэн, зүүн талын баганыг Боаз гэж нэрлэжээ. 22 Багануудын оройд сараана цэцгэн чимэглэл байв. Ийнхүү баганыг босгох ажил өндөрлөжээ. 23 Түүний дараа тэрээр тойрог хэлбэртэй цутгамал тэнгис хийсэн бөгөөд амсраас нь нөгөө амсар хүртэл арван тохой, таван тохой өндөр, тойрог нь гучин тохой хэмжээтэй сав байлаа. 24 Амсрынх нь доор тэнгисийг бүтэн тойруулж хоёр эгнээ хулуу урлажээ. Ингэхдээ нэг тохой бүрд арван хулуу байрлуулсан бөгөөд савтай нь цуг цутгаж хийсэн байв. 25 Тэнгисийг арван хоёр үхэр дээр байрлуулсан байв. Тэдгээрийн гурав нь хойт зүг уруу, гурав нь баруун зүг уруу, гурав нь өмнө зүг уруу, нөгөө гурав нь зүүн зүг уруу харсан байжээ. Тэнгис нь тэдний дээр тогтож, үхрүүд бүгд ууцаа дотогшоо харуулсан байв. 26 Тэнгис нь алганы эн шиг зузаан, амсар нь аяганы амсар шиг хэлбэртэй буюу сараана цэцгийн дэлбээ шиг байв. Багтаамж нь хоёр мянган бат байв. 27 Дараа нь тэрээр хүрлээр арван тавиур хийжээ. Тавиур тус бүр дөрвөн тохой урт, дөрвөн тохой өргөн, гурван тохой өндөр байлаа. 28 Тавиуруудын загвар нь ийм байв: тэдгээр нь хүрээтэй бөгөөд самбаруудын хооронд ч хүрээтэй байжээ. 29 Самбаруудын хоорондох тэдгээр хүрээнүүд дээр арслан, үхэр, херубуудын дүрс байрлуулжээ. Самбарууд дээр тавцан байсан бөгөөд арслан болон үхрийн дүрсний доод талд цэцгэн хэлхээ урласан байв. 30 Тавиур бүр хүрэл тэнхлэгтэй дөрвөн хүрэл дугуйтай, дөрвөн хөл нь тулгууртай байв. Угаалгын савны доор тал бүрдээ цэцгэн хэлхээтэй тулгууруудыг цутгасан байв. 31 Орой дээрх титмэн доторх амсар нь нэг тохой бөгөөд тавцангийн хэлбэртэй адил дугуй, нэг тохой хагас байлаа. Мөн амсар дээр нь сийлбэртэй бөгөөд зах нь дугуй биш дөрвөлжин юм. 32 Дөрвөн дугуй нь хүрээний доор байх бөгөөд дугуйны тэнхлэг нь тавиур дээр байв. Дугуйны өндөр нь нэг тохой хагас байв. 33 Дугуйнуудын хийц нь тэрэгний дугуйнуудынхтай адил байжээ. Дугуйны тэнхлэг, мөөр, дугуйны хигээс, түүний тэнхлэгийн булыг бүгдийг цутган хийсэн юм. 34 Тавиур бүрийн дөрвөн буланд дөрвөн тулгуурыг хийсэн ба тулгуурууд нь тавиурын нэг хэсэг болж байв. 35 Тавиурын оройд хагас тохой өндөр тойрог хийжээ. Тавиурын оройд бариул байх бөгөөд хүрээ нь үүний нэгэн хэсэг байв. 36 Тэрээр тавиурын бариул болон хүрээний дээр херубууд, арслан, далдуу модыг цулгай зайнд нь багтааж, мөн тойруулан цэцгэн хэлхээ сийлбэрлэжээ. 37 Тэр арван тавиурыг ингэж хийв. Тэдгээр нь бүгд ижил хэмжээ, хэлбэртэй цутгаж хийгдсэн байв. 38 Хирам тавиур бүрд нэгийг буюу нийт арван тогоог хүрлээр хийсэн бөгөөд тогоо тус бүр дөчин бат усны багтаамжтай байв. Тогоо бүр дөрвөн тохой хэмжээтэй байв. 39 Дараа нь тавиуруудын тавыг дуганы баруун талд, тавыг дуганы зүүн талд байрлуулжээ. Тэрээр цутгамал тэнгисийг өргөөний зүүн талд буюу урд зүг уруу чиглүүлэн дорно зүгт байрлуулсан юм. 40 Хирам угаалгын сав, утгуур, хул аяга гэх мэтийг урлажээ. Соломон хааны төлөө ЭЗЭНий өргөөнд гүйцэтгэсэн бүх ажлыг Хирам дуусгажээ. 41 Үүнд: хос багана, тэдгээрийн оройд суулгасан хоёр толгой, оройд нь суулгасан толгойнуудыг чимэглэхээр зүүсэн хоёр унжлага, 42 баганы оройн толгой дахь унжлагад чимэг болгон хоёр эгнээгээр суулгаж өгсөн дөрвөн зуун сэмбэрүү, 43 арван тавиур, тавиур дээр тавих арван угаалгын сав, 44 нэг тэнгис болон тэнгисийн доорх арван хоёр үхрийг, 45 сав суулга, утгуур, хул аяга гэх мэт Соломон хааны төлөө ЭЗЭНий өргөөн доторх энэ бүх хэрэгсэл өнгөлсөн хүрлээр хийсэн байв. 46 Хаан эдгээрийг Суккот ба Заретаны хооронд байх шавартай хөрсөнд, Иорданы хөндийд цутгаж хийжээ. 47 Соломон эдгээр бүх хэрэглэлүүдийг хэмжээгүй орхисны учир нь хүрлийн жинг тооцоолохын аргагүй асар их хэрэгсэл байснаас юм. 48 Соломон ЭЗЭНий өргөөнд байсан бүх эдлэлүүдийг хийсэн билээ. Үүнд алтан тахилын ширээ ба Оршихуйн талх тавьдаг алтан ширээ, 49 дотоод ариун газрын өмнүүр байх зүүн баруун талд нь тав таваар байрлуулсан шижир алтан дэнлүүний сууриуд, алтан цэцгүүд, дэнлүүнүүд, бахинууд, 50 шижир алтан аяга, чимхүүр, хул аяганууд, бойпор болон галын хорго, хамгийн дотоод өргөө буюу хамгийн ариун газар болон өргөө буюу гол танхимын хаалганд алтан нугас зэрэг болно. 51 Ингээд Соломон хааны ЭЗЭНий өргөөнд гүйцэтгэсэн бүх ажил дуусав. Эцэг Давидынхаа зориулж цуглуулсан алт, мөнгө болон эд зүйлсийг Соломон авч ирэн, тэдгээрийг ЭЗЭНий өргөөний эрдэнэсийн санд тавьлаа.

8

1 Соломон ЭЗЭНий гэрээний авдрыг Давидын хот Сионоос залахаар Израилийн бүхий л ахмадуудад болон бүх овгуудын удирдагчид болох Израилийн хөвгүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчдийг Иерусалимд өөр уруугаа цуглуулав. 2 Израилийн бүх эрчүүд Соломон хааны найрт долдугаар сар буюу Етаним сард цугларав. 3 Ингээд Израилийн бүх ахмадууд ирж, тахилч нар авдрыг өргөн авав. 4 Тахилч нар ба левичүүд ЭЗЭНий авдар, хурлын майхан болон дотор нь байсан бүх ариун эд зүйлсийг авчрав. 5 Соломон хаан болон түүний өмнө цугласан бүх Израилийн чуулган хамтдаа авдрын өмнө тоолж тооцоолж барахгүй их хонь, үхрээр тахил өргөлөө. 6 Дараа нь тахилч нар ЭЗЭНий гэрээний авдрыг өргөөний дотоод ариун газар буюу хамгийн ариун газарт оруулан, херубуудын далавч доор байранд нь заллаа. 7 Херубууд далавчаа авдран дээгүүр дэлгэж, авдрыг болон дамнуургуудыг дээрээс нь халхалж байв. 8 Харин дамнуургууд нь урт учир тэдгээрийн үзүүрүүд нь дотоод ариун газрын наана байх ариун газраас харагдаж байлаа. Гэвч ариун газрын гаднаас тэдгээр нь харагдахааргүй байв. Тэдгээр дамнуургууд энэ өдрийг хүртэл тэндээ бий. 9 Хоребт байхдаа Мосе тийшээ хийсэн хоёр чулуун хавтангаас өөр юу ч авдар дотор байхгүй байв. Хореб бол Израилийн хөвгүүд Египет газраас гаргасны дараа ЭЗЭНий тэдэнтэй гэрээ байгуулсан газар юм. 10 Тахилч нарыг ариун газраас гарсны дараа ЭЗЭНий өргөөг үүл дүүргэв. 11 ЭЗЭНий цог жавхлан ЭЗЭНий өргөөг дүүргэсэн учраас тахилч нар үйлчлэлээ хийж чадахгүй байлаа. 12 Тэгэхэд Соломон —ЭЗЭН өтгөн үүлэн дотор оршино. 13 Би үнэхээр Таны үүрд мөнх орших газар, сүрлэг өргөөг Танд барьж босголоо хэмээн өгүүлэв. 14 Үүний дараа хаан эргэн харж, тэднийг зогсож байх зуур нь Израилийн бүх чуулганыг ерөөлөө. 15 Тэрээр —Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Тэр Өөрийн амаар миний эцэг Давидад хэлсэн бөгөөд Өөрийнхөө мутраар тэр бүхнийг биелүүлж өглөө. Тэрээр айлдахдаа 16 "Миний ард түмэн болох Израилийг Египетээс удирдан гаргасан өдрөөс хойш Би Өөрийн нэрийг байлгахаар өргөөг бариулах гэж Израилийн бүх овгоос аль ч хотыг сонгоогүй юм. Харин өөрийн ард түмэн Израилийг захируулахаар Би Давидыг сонгосон билээ" хэмээсэн юм. 17 Израилийн Бурхан ЭЗЭНий нэрд зориулж өргөө барих гэсэн санаа миний эцэг Давидын зүрхэнд байсан. 18 Харин ЭЗЭН миний эцэг Давидад "Миний нэрд зориулж өргөө барина гэсэн санаа зүрхэнд чинь байгаа учир маш сайн байна. 19 Гэсэн ч тэр өргөөг чи босгохгүй, харин чамаас төрсөн чиний хүү Миний нэрд зориулж өргөө барих болно" гэсэн билээ. 20 ЭЗЭН Өөрийн хэлсэн үгээ сая биелүүллээ. Учир нь ЭЗЭНий амласны дагуу би өөрийн эцэг Давидын оронд босож, Израилийн сэнтийнд заларч, Израилийн Бурхан ЭЗЭНий нэрд зориулж өргөө барьж босголоо. 21 ЭЗЭН бидний өвөг дээдсийг Египет газраас удирдан гаргахдаа тэдэнтэй байгуулсан гэрээг агуулсан авдрыг залах байрыг би тэнд бэлтгэн зэхлээ хэмээлээ. 22 Түүний дараа Соломон Израилийн бүх чуулганы өмнө ЭЗЭНий тахилын ширээний урд зогсоод, тэнгэр өөд гараа сунгаж, — 23 Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ! Дээд тэнгэр ба доод газарт Тантай адил Бурхан үгүй билээ. Бүх зүрх сэтгэлээрээ Таны өмнө алхагч боолууддаа Та хайр энэрлээ үзүүлэн, гэрээгээ сахин хадгалдаг билээ. 24 Та Өөрийн боол, миний эцэг Давидад амласнаа сахьсан. Үнэхээр Та Өөрийн амаараа хэлсэн бөгөөд энэ өдөр байгаа шиг Өөрийнхөө мутраар хэлснээ биелүүллээ. 25 Тийм учраас одоо, Израилийн Бурхан ЭЗЭН минь, Та Өөрийн боол, миний эцэг Давидад "Харин Миний өмнө явсан замыг чинь чиний хөвгүүд дагахдаа анхааралтай байж амьдрах аваас, Израилийн сэнтийнд суух хүн чамд тасрахгүй байх болно" гэж амласнаа сахина уу. 26 Тиймээс одоо Израилийн Бурхан минь ээ, Та Өөрийн боол, миний эцэг Давидад хэлсэн үгээ бататгаж өгөөч гэж би залбирч байна. 27 Гэвч Бурхан газар дээр оршино гэж үү? Харагтун, тэнгэр болон дээд тэнгэр ч гэсэн Таныг багтааж чадахгүй. Тэгвэл Миний барьсан энэ өргөө хэчнээн ч өчүүхэн юм бэ! 28 Гэсэн ч Миний Бурхан ЭЗЭН минь ээ, өнөөдөр боол чинь Таныхаа өмнө хашхирч залбирсан энэ залбирлыг сонсохын тулд Та боолынхоо өргөж буй залбирал, хүсэлтийг болгоон соёрхооч. 29 Энэ газраас залбирах боолынхоо гуйлтыг сонсохын тулд таны "Миний нэр тэнд байх болно" гэж айлдсан тэр газар уруу, Таны хараа өдөр ч, шөнө ч өргөө дээр тусах болтугай. 30 Энэ газрыг харан залбирах үед Таны боол болон Таны ард түмэн Израилийн хүсэлтийг сонсооч. Тэнгэр дэх Өөрийн орших газраасаа сонсооч. Сонсоод, өршөөн соёрхооч. 31 Хэрэв хүн хөршийнхөө эсрэг нүгэл үйлдэж, тангараг тавих болоод энэ өргөөнд Таны тахилын ширээний өмнө ирж тангараглавал, 32 Та тэнгэрээс сонсон үйлдээч. Боолуудаа шүүж, хар санаатны арга замыг өөрийнх нь толгой дээр буулгаж, зөв шударга хүнд зөвийнх нь дагуу өгснөөрөө зөвтгөн болгооно уу. 33 Таны ард түмэн Израиль Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж дайсандаа ялагдах үед, хэрэв тэд Тань уруу дахин эргэж, Таны нэрийг хүлээн зөвшөөрч, залбиран энэ өргөөнд Танд хандан хүсэлт гаргавал, 34 Та тэнгэрээс сонсож, Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, өвөг дээдэст нь Таны өгсөн газар уруу, тэднийг буцаан ирүүлж өгөөрэй. 35 Тэд Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж тэнгэр хаагдаж, хур бороо үгүй болоход тэд энэ газар уруу чиглэн залбирч, Таны нэрийг хүлээн зөвшөөрч, Та тэднийг зовооход тэд нүглээсээ эргэвэл, 36 Та тэнгэрээс сонсон, Өөрийн боолууд болон Өөрийн ард түмэн Израилийн гэмийг уучилж, тэдний амьдран явбал зохих сайн замыг тэдэнд заан өгөөч. Өөрийн ард түмэнд өв болгон өгсөн Өөрийн газартаа дахин хур бороог буулган өгөөрэй. 37 Хэрэв энэ газарт өлсгөлөн болж, тахал өвчин гарч, үр тариа хатан, ган гачиг болж, царцаан сүрэг ба төөлүүрийн сүрэг ирвэл, дайснууд нь тэднийг хотуудынх нь нутаг дотор бүслэн авбал, элдвийн гамшиг өвчин нөмрөх үед, 38 хүн бүр зүрх сэтгэлийнхээ цөхрөлийг мэдэж, гараа энэ өргөө уруу сунган залбирсан ямар ч хүн, эсвэл Таны бүх ард түмэн Израилийн аливаа залбирал, хүсэлтийг 39 Та тэнгэр дэх Өөрийн орших газартаа сонсон, уучилж өршөөгөөрэй. Зөвхөн Та л хүний хөвгүүд нэг бүрийн зүрх сэтгэлийг мэдэх учир тус тусынх нь үйлийн дагуу хүн бүрд тохируулан өгөөрэй. 40 Ингэснээр өвөг дээдэст маань Таны өгсөн энэ газарт тэд амьдран байх бүх хугацаанд тэд Танаас эмээх болно. 41 Түүнчлэн бас Таны ард түмэн Израильд үл харьяалагдах харь хүний хувьд гэвэл Таны нэрийн төлөө хол газраас энд ирэхэд, 42 (Учир нь тэд Таны агуу нэр, Таны хүчит гарыг, Таны сунгасан мутрын талаар сонсох болно) мөн ирээд энэ өргөөний зүгт залбирвал, 43 Та тэнгэр дэх Өөрийн орших газартаа сонсож, тэр харь хүн Таныг дуудсан хүслийнх нь дагуу бүхнийг үйлдэж, болгоогоорой. Энэ нь газар дээр орших бүх ард түмнүүд Таны нэрийг мэдэж, Таны ард түмэн болох Израиль шиг Танаас эмээн, Миний барьсан энэ өргөө Таны нэрээр дуудагдсан гэдгийг тэдэнд мэдүүлэхийн тулд юм. 44 Таны ард түмэн дайсантай тулалдах гэж явах үед, Та тэднийг ямар ч замаар илгээсэн Таны сонгож авсан хот болон Таны нэрд зориулж миний барьж босгосон дуган уруу хандан ЭЗЭНд тэд залбирах үед, 45 тэдний гуйлт хүсэлтийг нь Та тэнгэрээс сонсож, тэдэнд тусалж өгөөрэй. 46 Тэд Таны эсрэг нүгэл үйлдэн, (нүгэл үйлддэггүй нэг ч хүн байдаггүй юм) Таныг хилэгнүүлснээс болж Та тэднийг дайсанд өгч, тэд дайсны нутаг уруу хол, эсвэл ойр газар уруу олзлогдож явах үед, 47 олзлогдсон нутагт байхдаа тэд ухааран гэмшиж, "Бид нүгэл хийж, хууль бусыг үйлдсэн, бид буруу үйлдэл хийжээ" гэж хэлэн, тэднийг олзолсон хүмүүсийн нутагт Танд гуйлтаа өргөх юм бол, 48 мөн тэднийг олзолсон дайснуудын нутагт тэд Тань уруу эргэж, эцэг өвгөдөд нь Таны өгсөн газар, Таны сонгосон хот, Таны нэрд зориулж миний барьсан энэ өргөө уруу Танд хандан залбирвал, 49 Та тэнгэр дэх Өөрийн орших газартаа тэдний залбирал гуйлтыг сонсож, тэдэнд тусалж өгөөрэй. 50 Таны эсрэг нүгэл үйлдсэн ард түмнээ болон Таны эсрэг үл дагасан бүх нүгэлтнүүдийг уучлан, өршөөж болгоогооч. Тэднийг олзлон авсан хүмүүс тэднийг энэрэн, тэдгээр хүмүүсээр нь дамжуулж тэднийг өршөөн нигүүлсээрэй. 51 (Учир нь тэд бол Таны ард түмэн ба Египет буюу төмөр хайлуулдаг зуухны дотроос Таны гаргаж авсан өв тань билээ). 52 Ингэснээрээ Таныг дуудах бүрд нь Та сонсож, боолынхоо ба ард түмэн Израилийнхаа гуйлт бүхэнд Таны мэлмий тусах болно. 53 Та өвөг дээдсийг минь Египетээс удирдан гаргахдаа Өөрийн боол Мосегээр дамжуулан хэлсэнчлэн израильчуудыг Өөрийн өв болгон, дэлхийн бүх ард түмнээс тусгаарласан шүү дээ, Эзэн БУРХАН минь хэмээн залбирав. 54 Соломон уг залбирал гуйлтыг ЭЗЭНд залбирсныхаа дараа ЭЗЭНий тахилын ширээний өмнөөс, өвдөг дээрээсээ гараа тэнгэр өөд өргөөстэй босов. 55 Тэрээр зогсоод, Израилийн бүх чуулганыг өндөр дуугаар ерөөн, — 56 Амласан ёсоороо Өөрийн ард түмэн болох Израильд амралтыг өгсөн. ЭЗЭН магтагдах болтугай. Тэр Өөрийн боол Мосегээр дамжуулан амласан бүх сайн амлалтуудаас нь нэг ч үг биеллээ олоогүй орхигдсонгүй. 57 Бидний Бурхан ЭЗЭН өвөг дээдэстэй минь хамт байсан шигээ бидэнтэй ч хамт байх болтугай. Тэр биднийг орхихгүй, мартахгүй байх болтугай. 58 Ингэснээр Өөрийн бүх замаараа алхуулан, өвөг дээдэст минь тушаасан тушаал, зарлиг, тогтоолуудыг нь сахин мөрдүүлэхийн тулд бидний зүрх сэтгэлийг Өөрийнхөө зүг хандуулах болтугай. 59 ЭЗЭНий өмнө хүссэн гуйсан миний эдгээр үгс өдөр шөнөгүй бидний Бурхан ЭЗЭНд ойр байх болтугай. Ингэснээр өдөр бүрийн хэрэгцээний дагуу Түүний боол ба Түүний ард түмэн болох Израильд тэрээр тусалж өгөх болтугай. 60 Үүнээс дэлхийн бүх ард түмэн ЭЗЭН бол Бурхан бөгөөд өөр бурхан байдаггүй юм гэдгийг ойлгох болтугай. 61 Тийм учраас өнөөдөр байгаа шиг нийлж, Түүний тушаалуудыг сахин, Түүний зарлиг дотор явахын тулд та нарын зүрх сэтгэл ЭЗЭН Бурхандаа бүрэн зориулагдах болтугай гэж хэлэв. 62 Тэгээд хаан болон түүнтэй хамт байсан бүх Израиль ЭЗЭНий өмнө өргөл өргөв. 63 Соломон ЭЗЭНд зориулан эвийн тахилын өргөлд хорин хоёр мянган үхэр, зуун хорин мянган хонь өргөв. Хаан ба Израилийн бүх хөвгүүд ЭЗЭНий өргөөг ЭЗЭНд зориулсан юм. 64 Тэр өдөртөө хаан шатаалт тахил, идээн өргөл ба эвийн тахилын өөхийг өргөхийн тулд ЭЗЭНий өргөөний өмнө байрлах талбайн төвийг ариусгасан юм. Яагаад гэвэл ЭЗЭНий өмнө байх хүрэл тахилын ширээ нь шатаалт тахил, идээн өргөл, эвийн тахилын өөхийг багтааж чадахгүй дэндүү жижиг байлаа. 65 Тэр үед Соломон болон түүнтэй хамт Хаматын хоолойноос Египетийн горхи хүртэлх асар их чуулган буюу бүх Израиль долоо хоног бас дахин долоо хоног, нийтдээ арван дөрвөн хоног ЭЗЭНий өмнө баяр наадмыг сахив. 66 Найм дахь өдөрт Соломон ард түмнийг буцаан явуулахад, тэд хааныг ерөөв. ЭЗЭН Өөрийн боол Давид болон Өөрийн ард түмэн Израильд үзүүлсэн бүхий л сайн сайханд баярласан сэтгэлтэй, жаргалтайгаар хүмүүс тус тусын майхнууд уруу харьцгаалаа.

9

1 Соломон ЭЗЭНий өргөө, хааны гэр болон хийе хэмээсэн бүхнээ босгон барьж гүйцээсэнд, 2 ЭЗЭН Гибеон ууланд үзэгдсэн шигээ хоёр дахь удаагаа Соломонд үзэгдэв. 3 ЭЗЭН түүнд —Миний өмнө хийсэн чиний залбирал ба хүсэлтийг Би сонслоо. Миний нэрийг энд үүрд мөнхөд тавьснаар чиний барьсан энэ өргөөг Би ариусган тусгаарлалаа. Миний мэлмий, миний зүрх сэтгэл үргэлж энэ газарт байх болно. 4 Чиний хувьд гэвэл, хэрэв чи Миний өмнө эцэг Давид шигээ буюу шударга сэтгэлээр ба зөвт байдлаар явж, Миний чамд тушаасны дагуу үйлдэн, Миний тогтоол заавруудыг сахивал, 5 Би чиний эцэг Давидад амлан, "Израилийн сэнтийнд залрах хүн чамд тасрахгүй" гэж айлдсан ёсоор Израилийг захирах чиний сэнтийг Би мөнхөд тогтоож өгнө. 6 Гэвч хэрэв чи болон хөвгүүд чинь Намайг дагахаас үнэхээр татгалзан эргэж, чиний өмнө тавьсан Миний тушаал зарлигуудыг сахихгүй, явж өөр бурхдад үйлчилж мөргөвөл, 7 Би тэдэнд өгсөн газар нутгаас, Өөрийн нэрийн төлөө ариусган тусгаарласан өргөөнөөс Израилийг таслан хаяж, мэлмийнээсээ зайлуулна. Израиль бүх ард түмнүүдийн дунд сургамж жишээ болно. 8 Энэ өргөө ч овоолсон нуранги болж, хажуугаар нь өнгөрөх хүн бүр гайхан "ЭЗЭН юунд энэ газар нутаг, энэ өргөөг ийм болгож орхисон юм бол доо?" гэж харуусах болно. 9 Тэгэхэд хүмүүс "Өвөг дээдсийг нь Египет газраас чөлөөлсөн Бурхан ЭЗЭНийг Израилийн ард түмэн умартан, өөр бурхдыг үрчлэн авч, тэдэнд мөргөн, үйлчилснээс болж ЭЗЭН энэ бүх гай гамшгийг тэдэн дээр буулгасан юм" гэж хэлнэ хэмээн айлдав. 10 Соломон ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн барилгыг хоёуланг нь барьсан хорин жилийн төгсгөлд 11 (Тирийн Хирам хаан Соломоны хүссэн ёсоор хуш ба нарсан дүнз, алт зэргийг Соломонд нийлүүлж байсан юм) Соломон хаан Хирамд Галилын нутагт хорин хот өгчээ. 12 Соломоны өөрт нь өгсөн хотуудыг үзэн сонирхохоор Хирам Тирээс ирж, тэдгээр хотууд сэтгэлд нь нийцээгүй юм. 13 Тэрээр —Миний дүү, чиний надад өгсөн энэ хотууд ердөө л ийм үү? гэж асуув. Өнөө хүртэл тэдгээрийг Кабулын газар гэж нэрлэдэг болжээ. 14 Ингээд Хирам Соломон хаанд зуун хорин талант алт илгээсэн билээ. 15 ЭЗЭНий өргөө, өөрийн гэр, Милло, Иерусалимын хэрэм, Хазор, Мегиддо, Гезер зэргийг сэргээн байгуулахад Соломоны дайчлан ажиллуулж байсан албадлагын ажлын тухай өгүүлье. 16 (Египетийн хаан Фараон өгсөн явж Гезерийг эзлэн авч, галдан шатааж, уг хотод амьдарч байсан канаанчуудыг хүйс тэмтрэн, уг хотыг Соломоны эхнэр болсон охиндоо хуримын инж болгон өгсөн ажээ. 17 Соломон Гезер болон доод Бет-хороныг сэргээн босгож, 18 мөн Баалатыг, Иуда газрын элсэн цөл дэх Тамарыг, 19 мөн өөрт нь харьяалагддаг бүх нөөц хангамжийн хотууд, тэрэгтэнгүүдэд болон морьтон цэргүүдэд хуваарилан өгсөн хотуудыг байгуулжээ. Соломон Иерусалимд ч, Ливанд ч, ер нь өөрийнх нь харьяа бүх нутагт бий болгоно гэж санасан бүгдээ байгууллаа. 20 Израиль хөвгүүд бус, харин аморичууд, хитчүүд, перизчүүд, хивичүүд, иебусчуудаас үлдсэн хүмүүсийн хувьд гэвэл, 21 Израилийн хөвгүүдийг бүрэн устгаж чадаагүй бөгөөд тэр нутагт үлдээсэн дээрх хүмүүсийн үр хүүхдүүдээс Соломон өнөөг хүртэл албадан ажилчдыг авсаар ирсэн юм. 22 Харин Соломон Израилийн хөвгүүдээс боолчлоогүй. Тэдгээр нь дайчид ба түүний түшмэд, ноёд, цэргийн жанжид, тэрэг хариуцсан алба хаагчид болон, морьтонгууд байсан. 23 Эдгээр хүмүүс Соломоны ажлыг хариуцсан бөгөөд таван зуун тавин захирагчид байдаг байв. Тэд ажил гүйцэтгэж буй хүмүүсийг хянадаг байв. 24 Фараоны охин Давидын хотоос Соломоны түүнд барьж өгсөн гэртээ ирмэгц Соломон Миллог барьжээ. 25 Соломон ЭЗЭНд зориулан зассан тахилын ширээнд жилд гурван удаа шатаалт тахил, эвийн тахил өргөж бас ЭЗЭНий өмнө байрлах уг ширээн дээр тахилуудын хамт утлага уугиулдаг байлаа. Тэрээр өргөө барих ажлаа дуусгалаа. 26 Соломон хаан бас Едом нутаг, Улаан тэнгисийн эргийн Елотын ойролцоо байдаг Езион-геберт хөлөг онгоцнуудыг босгов. 27 Далайг сайн мэддэг далайчдаас өөрийн зарц нарыг Хирам явуулж, Соломоны зарц нарт туслуулж байв. 28 Тэд Офирт очоод, тэндээс дөрвөн зуун хорин талант алтыг авч, Соломон хаанд авчирсан юм.

10

1 Шебагийн хатан хаан ЭЗЭНий нэрийн тулд алдаршсан Соломоны алдар цууг сонсоод, бэрх хүнд асуултаар сорьж үзэхийн тулд түүнийг зорин иржээ. 2 Тэрээр асар олон зарц шивэгчингүүдээ дагуулан, халуун ногоо, маш их алт, эрдэнэсийн чулуу зэргийг тэмээнд тэгнэн Иерусалимд ирэв. Тэр Соломонтой уулзан зүрх сэтгэлдээ байсан бүхний тухай ярилцсан юм. 3 Соломон түүний бүх л асуултад хариулж байлаа. Түүний хэлсэн бүгдийг тайлбарлан хэлэхэд Соломон хаан ер түүртсэнгүй. 4 Шебагийн хатан хаан Соломоны бүх мэдлэг ухааныг ойлгон, түүний барьсан гэрийг, 5 хааны хоолны ширээнд засаж тавьсан зоог, түшмэдийн сууж буй байдал, үйлчлэгчдийнх нь хэрхэн ажилладгийг, мөн тэдний өмссөн ёслолын хувцсыг, архи сөгнөн өргөх сөнч нарыг, ЭЗЭНий өргөө уруу хөтөлдөг шатыг нь хараад 6 тэрээр хаанд —Таны үгс ба таны мэргэн ухааны талаар би өөрийн оронд байхдаа сонссон билээ. Сонссон бүхэн маань үнэхээр үнэн болохыг мэдлээ. 7 Гэсэн ч би ирж энэ бүхнийг өөрийн нүдээр үзэх хүртлээ итгээгүй байлаа. Гэтэл миний сонссон зүйлс энэ бүгдийн хагас нь л байж. Үнэндээ таны мэргэн ухаан, хөгжил цэцэглэлт миний сонсож дуулснаас үлэмж их ажээ. 8 Таны ард түмэн ямар ерөөлтэй хүмүүс вэ! Таны өмнө үргэлж зогсож, таны мэргэн ухааныг сонордох эдгээр түшмэд тань бас ямар их ивээгдсэн хүмүүс вэ! 9 Таныг хайрлан Израилийн сэнтийнд залсан Таны Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН Израилийг мөнхөд хайрласан учир зөв шударгаар засаглуулахын тулд тэрээр таныг хаан болгон өргөсөн ажээ гэж хэлэв. 10 Тэрээр хаанд зуун хорин талант алт, маш их хэмжээний халуун ногоо, эрдэнийн чулуу бэлэглэв. Шебагийн хатан хаанаас Соломон хаанд бэлэглэсэн шиг тийм их халуун ногоо хэзээ ч дахин ирээгүй билээ. 11 Мөн Офироос алт тээн авчирсан Хирамын хөлөг онгоцнууд тэндээс их хэмжээний улаан мод, эрдэнэсийн чулуу авчирсан юм. 12 Хаан улаан модоор ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн тулгууруудыг хийхэд ашиглаж бас найрал дуучдад зориулан ятга ба босоо ятга хийв. Иймэрхүү улаан модыг хэн нэгэн хүн дахин авчраагүй бөгөөд энэ өдрийг хүртэл үзэгдсэнгүй. 13 Соломон хаан Шебагийн хатан хаанд өөрийн хааны бэлэг бэлдсэнээс гадна түүний хүссэн бүхнийг өгчээ. Ингээд хатан хаан өөрийн түшмэдийн хамтаар төрөлх нутаг уруугаа буцлаа. 14 Нэг жилийн дотор Соломон зургаан зуун жаран зургаан талант жинтэй алт хүлээн авсан билээ. 15 Үүний зэрэгцээгээр худалдаачдаас болон наймаачдын эд бараанаас Арабын бүх хаадаас, мөн орон нутгийн захирагчдаас алт авдаг байв. 16 Соломон хаан алт давтаж хоёр зуун том бамбай хийсэн бөгөөд бамбай бүрд зургаан зуун шекел алт оржээ. 17 Тэрээр бас алт давтаж гурван зуун бамбай хийсэн бөгөөд бамбай бүрд гурван мина алт орсон юм. Хаан эдгээр бамбайнуудыг Ливаны ойн гэртээ тавин хадгалав. 18 Үүнээс гадна хаан зааны ясаар асар том сэнтий урлан, шижир алтаар бүрэв. 19 Сэнтий нь зургаан гишгүүртэй, ар тал нь дээгүүрээ дугуй, хоёр талдаа тус тус арслангийн баримал бүхий түшлэгтэй байсан юм. 20 Зургаан гишгүүр бүрийн хоёр талд хоёр арслангийн барималтай буюу нийт арван хоёр арслангийн баримал тавиастай байсан. Өөр ямар ч хаанчлалд үүнтэй адил зүйлийг урлаж байсангүй билээ. 21 Соломон хааны бүх жүнз хундаганууд алтан бөгөөд Ливаны ойн гэрийн бүх сав суулганууд цэвэр алтаар хийгдсэн байв. Соломоны өдрүүдэд мөнгө ямар ч үнэ цэнэгүй байсан учир мөнгөн эдлэл түүнд байсангүй. 22 Хаанд далайд Хирамын хөлөг онгоцнуудын хамт Таршишийн хөлөг онгоцнууд байдаг байв. Гурван жил бүрд нэг удаа Таршишийн хөлөг онгоцнууд алт, мөнгө, зааны яс, мич болон тогос авчирдаг байжээ. 23 Соломон хаан эд баялаг, цэцэн мэргэн ухаанаараа газрын бүх хаадаас үлэмж аугаа болжээ. 24 Тиймээс Бурхан Соломоны зүрхэнд өгсөн мэргэн ухааныг сонсох гэж бүх дэлхий Соломонд бараалхахыг хүсэмжилдэг байлаа. 25 Жил болгон ирж буй хүн бүр өөрсдийн бэлэг болгон алт мөнгөн урлал, хувцас хунар, зэвсэг, амттан, морьд, луус авчирдаг байв. 26 Соломон морин цэрэг тэргийг цуглуулжээ. Түүнд мянга дөрвөн зуун тэрэг, арван хоёр мянган морин цэрэг байсан бөгөөд Соломон тэднийг тэрэгт цэргийн хотууд болон хааны амьдардаг Иерусалим хотод хуваарилан байрлуулсан. 27 Соломон хаан мөнгийг Иерусалим дахь чулуу шиг ердийн зүйл болгож, хуш модыг нам газрын инжрийн мод шиг элбэг болгосон байлаа. 28 Соломон морьдыг Египет, Куегээс оруулж ирдэг байсан бөгөөд хааны наймаачид тэр морьдыг Куегээс худалдан авдаг байв. 29 Соломон Египетээс тэрэгнүүдийг зургаан зуун шекелээр, морьдыг зуун тавин мөнгөн шекелээр оруулж ирдэг байв. Түүнийгээ хитчүүдийн бүх хаад ба арамейчуудын хаадад зардаг байжээ.

11

1 Соломон хаан Фараоны охиноос гадна Моабын, Аммоны, Едомын, Сидоны, Хитийн гэх мэт харь орны эмэгтэйчүүдийг хайрладаг байлаа. 2 Эдгээр үндэстнүүдийн талаар ЭЗЭН Израилийн хөвгүүдэд хандан "Та нар тэдэнтэй, мөн тэд ч та нартай холбогдож болохгүй. Учир нь тэд та нарын зүрх сэтгэлийг өөрсдийнхөө бурхад уруу заавал хөтлөх болно" гэж сануулж байсан билээ. Гэсэн хэдий ч Соломон тэдгээр эмэгтэйчүүдийг тууштай хайрлаж байлаа. 3 Тэрээр сурвалжит удамтай долоон зуун эхнэртэй, бас гурван зуун татвар эмстэй байсан бөгөөд эхнэрүүд нь түүний сэтгэлийг урвуулжээ. 4 Соломон хөгшрөхөд эхнэрүүд нь түүний сэтгэлийг өөр бурхад уруу эргүүлсэн учир түүний зүрх сэтгэл эцэг Давидынхаа зүрх сэтгэл шиг Бурханы төлөө бүхлээрээ зориулагдсангүй. 5 Ингээд Соломон сидончуудын охин тэнгэр Ашторет, аммончуудын жигшүүрт шүтээн Милкомыг шүтэв. 6 Соломон ЭЗЭНий мэлмийн өмнө бузар муу зүйл үйлдэн, эцэг Давид шигээ ЭЗЭНийг гүйцэд дагасангүй. 7 Дараа нь Соломон Моабын жигшүүрт шүтээн Хемошд болон Аммоны хөвгүүдийн жигшүүрт шүтээн Молехт зориулан Иерусалимын зүүн зүгт байх уулан дээр мөргөлийн өндөрлөг босгов. 8 Өөрсдийн бурхдад утлага шатаан, тахил өргөж байсан харь орны бүх эхнэрүүддээ зориулан Соломон тийнхүү хандав. 9 Өөрт нь хоёр ч удаа үзэгдсэн Израилийн Бурхан ЭЗЭНээс Соломоны зүрх сэтгэл урвасан тул ЭЗЭН Соломонд хилэгнэн 10 өөр бурхдыг дагахгүй байх талаар тэр зүйлийнх нь тухай түүнд тушаасан боловч Соломон ЭЗЭНий тушаалыг сахьсангүй. 11 ЭЗЭН Соломонд —Чи үүнийг үйлдэн Миний чамд тушаасан Миний гэрээ зааврыг чи сахиагүй учир Би чамаас хаанчлалыг үнэхээр тастан авч, зарцад чинь өгөх болно. 12 Гагцхүү чиний эцэг Давидын тусын тулд Би үүнийг чиний өдрүүдэд хийхгүй, харин чиний хөвгүүний гараас Би үүнийг тастан авах болно. 13 Гэвч Би хаанчлалыг бүхэлд нь тастан авахгүй, харин Өөрийн боол Давидын төлөө ба Өөрийн сонгосон Иерусалимын төлөө нэг овгийг чиний хөвгүүнд өгнө гэж айлдлаа. 14 Үүний дараа, ЭЗЭН едом хүн Хададыг Соломоны өстөн болгов. Тэр Едомд сурвалжит гаралтай хүн байв. 15 Урьд нь Давидыг Едомд байх үед цэргийн жанжин Иоаб алагдагсдыг оршуулахаар очихдоо Едомд байсан бүх эрчүүдийг хүйс тэмтрэхэд 16 (Учир нь Иоаб болон бүх Израиль Едомын бүх эрчүүдийг хүйс тэмтэрч дуустлаа зургаан сарын турш тэндээ байсан юм) 17 Хадад эцгийнх нь түшмэд болох хэсэг едомчуудын хамт Египет уруу зугтан гарсан билээ. Тэр үед Хадад балчир хөвгүүн байв. 18 Тэд Мидианаас босон гарч Паранд ирээд, тэндээс хэдэн эрчүүдийг дагуулан Египетэд хүрч ирэн, Египетийн хаан Фараонд бараалхсанд Фараон түүнд гэр орон өгч, түүнийг хоол хүнсээр хангаж, мөн газар ч өгчээ. 19 Хадад Фараоны таалалд маш их нийцсэн тул Фараон түүнд өөрийн эхнэр Тахпенез хатны дүүг өгч гэрлүүлэв. 20 Тахпенезын охин дүү түүнд хүү Генубатыг төрүүлсэнд Тахпенез түүнийг Фараоны ордонд тэжээн хөхнөөс гаргасан ажээ. Генубат Фараоны ордонд Фараоны хөвгүүдтэй хамт өслөө. 21 Харин Хадад Египетэд байхдаа Давидыг өвөг эцгүүдтэйгээ нойрсож, цэргийн жанжин Иоабыг үхсэн гэдгийг сонсоод, —Намайг төрсөн нутаг уруу минь явуулаач гэж Фараоноос хүсэв. 22 Тэгэхэд Фараон түүнд —Надтай хамт байхад чамд юу дутагдсан гээд чи өөрийн нутаг уруу буцахыг хүснэ вэ? гэв. Хадад —Дутагдах зүйл огтхон ч байсангүй, гэхдээ та намайг заавал явуулах ёстой гэж хариулжээ. 23 Бурхан бас өөр нэг хүнийг буюу өөрийн эзэн Зобагийн хаан Хададезераас зугтсан Елиадагийн хүү Резоныг Соломоны өстөн болгон босгов. 24 Давидыг Зобад харьяалагдах хүмүүсийг устгасны дараа Резон хүмүүс цуглуулж, дээрэмчдийн бүлгийн толгойлогч болов. Тэд Дамаскт очин суурьшиж Дамаскийг захирчээ. 25 Соломоны амьдралынх нь турш Хададын үйлдсэн бузар муутай хамт Резон Израильд дайсагнан байлаа. Тэрээр Израильд дайсагнасаар, мөн Арамыг захирч байлаа. 26 Соломоны зарц байсан, Небатын хүү Иеробоам бас хааны эсрэг босов. Тэр Зередагийн ефраим хүн бөгөөд түүний эх нь бэлэвсэн эмэгтэй Зеруа байв. 27 Хааны эсрэг босох болсон шалтгаан нь энэ болой. Соломон Миллог барьж, эцэг Давидынхаа хотын хэрмэн дэх цөмөрсөн хэсгийг битүүлж байсан юм. 28 Тэр үед Иеробоам зоригтой дайчин эр байсан бөгөөд Соломон энэ залуугийн хөдөлмөрч байдлыг хараад, түүнийг Иосефын гэрийн бүх хөлсний ажилчдын дээр тавьжээ. 29 Тэр үед Иеробоамыг Иерусалимаас гарч явж байхад нь шилон хүн Ахиа эш үзүүлэгч түүнтэй зам дээр уулзсан. Тэр хоёр тэр газар хоёулхнаа байсан бөгөөд Ахиа шинэ дээл өмссөн байв. 30 Тэгээд Ахиа өөрийн өмсөж явсан шинэ дээлээ тайлж, арван хоёр хэсэг болгон урлаа. 31 Тэрээр Иеробоамд —Энэ арван хэсгийг чи өөртөө ав. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна. "Үзэгтүн. Би Соломоны гараас хаанчлалыг нь салган, арван овгийг нь чамд өгөх болно. 32 (Гэвч Миний боол Давидын тусын тулд мөн Израилийн бүх овгуудаас Миний сонгосон хот Иерусалимыг бодон, зөвхөн нэг л овгийг түүнд үлдээнэ.) 33 Учир нь тэд эцэг Давид шигээ амьдарч, Миний тогтоол заавруудыг сахин, Миний мэлмийн өмнө зөв зүйлийг хийж, Миний замаар явалгүй Намайг умартан сидончуудын охин тэнгэр Ашторет, Моабын бурхан Хемош, Аммоны хөвгүүдийн бурхан Милкомыг шүтсэн. 34 Гэвч Соломоны гараас бүх хаанчлалыг авахгүй. Харин Миний тушаал заавруудыг сахьж байсан Миний сонгосон Миний зарц Давидыг бодож Соломоныг амьдралынх нь туршид хаан хэвээр үлдээнэ. 35 Харин Би хүүгийнх нь гараас хаанчлалыг булаан, арван овгийг чамд өгөх болно. 36 Нэг овгийг Соломоны хүүд өгнө. Тэгвэл Өөрийн нэрээ байлгах гэж Миний сонгосон Иерусалимд Миний зарц Давид миний өмнө үргэлж гэрэлтэх болно. 37 Би чамайг авч, чи өөрийн хүсэж буй бүгдийг захирч Израилийн дээр хаан болох болно. 38 Тэгээд Миний зарц Давид шиг чамд Миний тушаасан бүхнийг чи сонсон, Миний замаар явж, Миний тушаал, заавруудыг мөрдсөнөөр Миний мэлмийн өмнө зөвийг үйлдвэл Би чамтай хамт байх болно. Би Давидад барьж өгсөн шиг мөнхийн гэрийг чамд босгон өгч, Израилийг чамд даатгана. 39 Соломоны үйлдсэн гэмээс болж Давидын үр хүүхдүүдийг Би ингэж зовоох боловч, үргэлжид ийм байхгүй" гэж айлдсан гэв. 40 Үүний учир Соломон, Иеробоамыг алах гэж эрсэн боловч Иеробоам босож, Египетийн хаан Шишак уруу зугтан Египет уруу Соломоныг үхэх хүртэл Египетэд хоргодож байв. 41 Соломоны хийсэн ажлууд, мэргэн ухаан зэрэг өөр бусад үйлсийг Соломоны үйлсийг тэмдэглэсэн номд бичээгүй гэж үү? 42 Соломон Иерусалимд суун, бүх Израилийг захирсан хугацаа нь дөчин жил байв. 43 Соломон эцэг өвгөдийн хамт нойрсож, эцэг Давидынхаа хотод оршуулагджээ. Түүний хүү Рехобоам түүний оронд хаан болов.

12

1 Ингээд бүх израильчууд Рехобоамыг хаан болгох гэж Шехемд цугларсан учир Рехобоам ч Шехемд очив. 2 Небатын хүү Иеробоам сонсох үед тэрээр Египетэд амьдарч байсан (Учир нь тэрээр Соломон хааны өмнөөс зугтан гараад Египетдээ амьдарсаар байв). 3 Тэгээд тэд хүн илгээж, Иеробоамыг дуудуулан, тэрээр Израилийн бүх чуулгантай хамт Рехобоамд бараалхахдаа — 4 Таны эцэг бидний буулгыг хүнд болгосон. Тийм учраас одоо бидний дээр тохсон хүнд буулга болон эцгийнхээ бэрх алба татварыг хөнгөлж өгөөч. Тэгвэл бид танд үйлчилнэ гэв. 5 Рехобоам тэдэнд —Гурван өдрөөр явцгаа, дараа над уруу дахин ирэгтүн гэж тушаав. Ингээд ард түмэн явцгаав. 6 Амьд байх үед нь эцэг Соломонд нь үйлчилж байсан ахмадуудтай Рехобоам хаан зөвлөлдөн, —Энэ ард түмэнд ямар хариу өгөхийг та нар надад зөвлөмөөр байна вэ? гэж асуув. 7 Тэд Рехобоамд хариулан —Хэрэв та өнөөдөр энэ ард түмний боол байж, тэдэнд үйлчилж, тэдний хүсэмжилсэн зүйлсийг нь тэдэнд өгч, тэдэнд эелдэг үгсийг хэлбэл энэ ард түмэн үүрд таны боол болох юм гэж зөвлөв. 8 Гэвч түүнд өгсөн ахмадуудын зөвлөгөөг тэр үл хайхран, өөртэй нь хамт өссөн, өөрт нь үйлчилж ирсэн залуучуудтай зөвлөлдөв. 9 Тэрээр тэдэнд, —Энэ ард түмэн "Бидний дээр тохсон эцгийнхээ буулгыг хөнгөлж өгөөч" гэж хэлж байхад тэдэнд ямар хариулт өг гэж та нар надад зөвлөхсөн бол? гэв. 10 Түүнтэй хамт өссөн залуус түүнд —Чамд хандан "Таны эцэг бидний буулгыг хүнд хүчир болгосон, одоо та үүнийг хөнгөлж өг" гэж шаардаж буй энэ ард түмэнд хариулахдаа"Миний чигчий хуруу эцгийн минь ууцнаас ч бүдүүн юм! 11 Миний эцэг та нарт хүнд буулга үүрүүлсэн бол, би түүнийг чинь илүү хүнд болгоно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно" гэж хэлээрэй гэв. 12 Хаан —Гурав дахь өдөр над уруу буцаж ир гэж тушаасны дагуу Иеробоам ба бүх ард түмэн гурав дахь өдөр Рехобоамд бараалхав. 13 Өөрт нь өгсөн ахмадуудын зөвлөгөөг тэрээр үл хайхарсан тул ард түмэнд хатуу ширүүнээр хариуллаа. 14 Тэрээр залуусын зөвлөсний дагуу тэдэнд хариулан —Миний эцэг та нарын буулгыг хүнд болгосон бол, би та нарын буулга дээр нэмэх болно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно гэж хэлэв. 15 Хаан ард түмнийг сонссонгүй. Учир нь ЭЗЭН шилон хүн Ахиагаар дамжуулан, Небатын хүү Иеробоамд хэлсэн үгээ тогтоохын тулд эдгээр бүх зүйлсийг эргүүлсэн юм. 16 Өөрсдийг нь хаан сонсохгүй байгааг бүх израильчууд хараад, ард түмэн хаанд хариулан —Давидын дотор бидэнд ямар хувь байгаа вэ? Иессийн хүүгээс залгамжлан авах өв бидэнд байхгүй. Израиль аа, өөр өөрсдийн майхан уруу буцацгаа! Давид аа, одоо чи өөрийнхөө гэрийг л харж ханд гэцгээв. Ингээд израильчууд өөр өөрсдийн майхан уруу одоцгоов. 17 Гэвч Иудагийн хотуудад амьдарч байсан Израилийн хөвгүүд Рехобоамын захиргаан доор үлджээ. 18 Дараа нь албадлагын хөдөлмөрийн захирагч Адорамыг Рехобоам хаан илгээсэн боловч бүх израильчууд түүн уруу чулуу шидлэн алжээ. Рехобоам хаан ч шалавхан тэргэндээ суун, Иерусалим уруу зугтлаа. 19 Израильчууд энэ өдрийг хүртэл Давидын гэрийнхэнтэй тэрсэлсээр байгаа юм. 20 Иеробоамын эргэж ирснийг Израилийн бүх ард түмэн сонсоод, хүн илгээн, түүнийг чуулганд дуудаж, бүх Израилийг захирах хаан болгов. Давидын бүлийнхнийг зөвхөн Иуда овог л дагав. 21 Ингээд Рехобоам Иерусалимд ирээд Соломоны хүү Рехобоамын хаанчлалыг дахин сэргээхийн тулд Израилийн гэрийн эсрэг дайтахаар бүх Иудагийн гэрийнхэн болон Бениамин овгийг буюу зуун наян мянган дайчид болох шилмэл эрсийг цуглуулав. 22 Гэвч Бурханы хүн Шемаиад Бурханы үг ирж, — 23 Чи Иудагийн хаан болох Соломоны хүү Рехобоам болон Иудагийн бас Бениамины бүх гэрийнхэнд, мөн үлдсэн хүмүүст хандан 24 "ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Та нар явж, өөрсдийн төрөл садан болох Израилийн хөвгүүдийн эсрэг дайтаж болохгүй. Энэ зүйл Надаас ирсэн учир хүн бүр өөр өөрсдийн гэр уруу харигтун» хэмээв" гэж хэл гэжээ. Тэд ЭЗЭНий үгийг сонсоод, буцан ирж, ЭЗЭНий үгийн дагуу өөр өөрсдийн замаар одоцгоолоо. 25 Иеробоам Ефраимын уулархаг нутагт Шехемийг босгон барьж тэндээ амьдарсан билээ. Тэндээс тэрээр нүүн Пенуелийг босгон барив. 26 Иеробоам сэтгэлдээ —Одоо хаанчлал Давидын гэрийнхэнд дахин очих нь. 27 Хэрэв эдгээр хүмүүс Иерусалим дахь ЭЗЭНий өргөөнд өргөл өргөхөөр явбал тэдний зүрх сэтгэл өөрсдийн эзэн буюу Иудагийн хаан Рехобоам уруу эргэнэ. Тэд намайг алаад Иудагийн хаан Рехобоам уруугаа буцаж очно гэж бодов. 28 хаан зөвлөлдөөд хоёр алтан тугал бүтээлээ. Тэрээр ард түмэндээ —Иерусалим уруу явах нь та нарт хэт хол юм. Израиль аа, та нарыг Египет газраас гаргасан бурхдыг харагтун гэв. 29 Тэрээр нэгийг нь Бетелд байрлуулан, нөгөөг нь Данд тавив. 30 Ард түмэн алтан тугалд мөргөхөөр Даныг хүртэл явж байсан учир энэ нь нүгэл болов. 31 Иеробоам бас мөргөлийн өндөрлөгүүдэд бунхан босгож, Левийн хөвгүүдээс гадна янз бүрийн өөр хүмүүсийг тахилч нар болгов. 32 Иудад хийдэг баяртай адил баярыг Иеробоам наймдугаар сарын арван тавны өдөр товлож, тахилын ширээн дээр очдог байв. Тэрээр Бетелд ч үүнтэй адил үйлдэж өөрийн хийсэн тугалууддаа тахил өргөж байв. Мөн тэрээр өөрийн бий болгосон мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нарыг Бетелд томилов. 33 Хаан өөрийн сонгож тогтоосон наймдугаар сарын арван тавны өдөр Бетелд босгосон тахилын ширээндээ очив. Тэрээр Израилийн хөвгүүдэд зориулж баярыг товлон, тахилын ширээн дээр утлага уугиулахаар явав.

13

1 Харагтун, Иеробоам утлагыг шатаахаар тахилын ширээний хажууд зогсож байх үед Бурханы хүн Иудагаас Бетелд ЭЗЭНий үгээр ирэв. 2 Тэрээр ЭЗЭНий үгээр тахилын ширээний эсрэг, хашхиран, —Тахилын ширээ, тахилын ширээ, ЭЗЭН ийнхүү айлдаж байна. "Үзэгтүн, Давидын гэр бүлд Иосиа гэгдэх нэгэн хүү төрнө. Чиний дээр утлага шатаадаг мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нарыг чиний дээр тэрээр өргөн, чиний дээр хүний ясыг шатаах болно" хэмээж байна гэлээ. 3 Тэр өдөртөө тэрээр тэмдэг үзүүлж, —Энэ нь ЭЗЭНий айлдсан тэмдэг юм. "Үзэгтүн, энэ тахилын ширээ нуран хуваагдаж, түүний дээр байх үнс асгарах болно гэв. 4 Бетел дэх тахилын ширээний эсрэг хашхирах Бурханы хүний үгийг Иеробоам хаан сонсмогц тахилын ширээнээс гараа татан —Түүнийг баригтун хэмээн зандарлаа. Гэвч тэр хүний зүг чичлэн сунгасан Иеробоамын гар нь буцаад хөдлөхгүй болтол хатангиршав. 5 Бурханы хүн ЭЗЭНий үгээр үзүүлсэн тэмдгийн дагуу тахилын ширээ нуран хуваагдаж, үнс тахилын ширээн дээрээс асгарав. 6 Хаан Бурханы хүнд хандан —ЭЗЭН Бурханаасаа гуйн, гарыг минь эдгээж өгөөч хэмээн Миний төлөө залбирч өгнө үү гэв. Бурханы хүн ЭЗЭНээс гуйсанд хааны гар эдгэж урьдын адил болов. 7 Тэгээд хаан Бурханы хүнд —Надтай хамт гэрт очиж, алжаалаа тайлагтун. Би танд шагнал өгье гэв. 8 Харин Бурханы хүн хаанд хариулан —Та өөрийн гэрийнхээ тэн хагасыг надад өгөх байсан ч би тантай хамт явахгүй, мөн энэ газарт байхдаа би талх ч идэж, ус ч уухгүй. 9 Учир нь ЭЗЭНий үгээр надад "Чи талх ч идэж, ус ч ууж болохгүй, тэр ч бүү хэл ирсэн замаараа ч буцан явж болохгүй" гэж тушаагдсан юм гэв. 10 Тэрээр Бетелд ирсэн замаараа буцалгүй өөр замаар эргэн явлаа. 11 Бетелд нэгэн хөгшин эш үзүүлэгч амьдарч байв. Түүний хөвгүүд нь ирээд, тэр өдөр Бетелд Бурханы хүний хийсэн бүх ажлуудыг, мөн хаанд хандан хэлсэн үгсийг ч тэд эцэгтээ ярьж өгөв. 12 Эцэг нь тэднээс —Тэр аль замаар буцсан бэ? гэж асуув. Хөвгүүд нь Иудагаас ирсэн Бурханы хүний эргэн явсан замыг харсан байжээ. 13 Тэгтэл эцэг нь хүүхдүүддээ —Миний илжгэнд эмээл тох гэв. Хөвгүүд нь түүнд илжгийг эмээллэн бэлтгэсэнд тэр илжгээ унан, явав. 14 Тэрээр Бурханы хүний араас явсаар, царс модны доор сууж байхад нь түүнийг олж хараад, —Та Иудагаас ирсэн Бурханы хүн мөн үү? гэж асуув. Тэр —Би мөн гэжээ. 15 Хөгшин эш үзүүлэгч түүнд хандан —Надтай хамт гэрт очиж талх иднэ үү гэсэнд 16 Бурханы хүн —Би тантай хамт буцаж ч чадахгүй, явж ч чадахгүй, мөн энэ газар тантай хамт талх ч идэж, ус ч уухгүй. 17 Учир нь ЭЗЭНий үгээр надад "Чи тэнд талх идэж, ус ууж болохгүй. Ирсэн замаараа бүү буцан ирээрэй" гэсэн тушаал өгөгдсөн юм гэв. 18 Хөгшин эш үзүүлэгч түүнд —Би ч бас чамтай адил эш үзүүлэгч. Тэнгэр элч ЭЗЭНий үгээр надад хэлэхдээ "Түүнийг гэртээ дагуулан ирж, талх идүүлэн, ус уулгаарай" гэсэн юм гэв. Гэвч тэрээр худал ярив. 19 Бурханы хүн түүнтэй хамт явж, гэрт нь талх идэж, ус уулаа. 20 Тэднийг ширээний ард сууж байх үед, Бурханы хүнийг буцаан авчирсан эш үзүүлэгч дээр ЭЗЭНий үг буун ирсэнд 21 тэрээр Иудагаас ирсэн Бурханы хүнд хандан хашхиран уйлж, —ЭЗЭН ийн айлдаж байна. "Чи ЭЗЭНий тушаалыг зөрчин, ЭЗЭН Бурханыхаа чамд тушаан хэлсэн тушаалыг мөрдсөнгүй, 22 харин буцан ирж, ЭЗЭНий чамд «Талх бүү ид, ус бүү уу» гэсэн газарт талх ч идэж, ус ч уусан тул чиний хүүр эцэг өвгөдийн чинь булшинд оршуулагдахгүй" хэмээжээ гэж хэлэв. 23 Бурханы хүн идэж, уусны дараа хөгшин эш үзүүлэгч түүнд зориулан илжгийг эмээллэв. 24 Тэр цааш явж байтал замд нь арслан тулгарч, түүнийг алжээ. Түүний хүүр зам дээр хаягдан хэвтэж, илжиг нь түүний дэргэд, мөн хажууд нь арслан зогсож байлаа. 25 Хажуугаар нь хүмүүс өнгөрөн явахдаа зам дээр хэвтэх хүүр болон дэргэд нь зогсох арсланг харжээ. Тэд хөгшин эш үзүүлэгчийн амьдардаг хотод хүрч ирээд, үзсэн харснаа ярив. 26 Бурханы хүнийг замаас нь эргүүлж авчирсан тэр хөгшин эш үзүүлэгч үүнийг сонсоод, —Тэр бол ЭЗЭНий тушаалыг зөрчсөн Бурханы хүн юм. ЭЗЭН түүнд хэлсэн ёсоороо түүнийг арсланд өгч тастчуулан алжээ хэмээн хэлэв. 27 Тэгээд хөвгүүддээ —Миний илжгэнд эмээл тох гэсэнд тэд илжгийг эмээллэв. 28 Тэр явсаар зам дээр хаягдан хэвтэх хүүрийг нь болон хажууд нь илжиг арслан хоёр байхыг харав. Арслан тэр хүүрийг ч идээгүй байснаар үл барам илжгэнд ч хүрээгүй байлаа. 29 Бурханы хүний хүүрийг эш үзүүлэгч авч илжигний нуруунд тэгнэн, гашуудан, түүнийг нутаглуулахаар өөрийн хот уруу буцаан авчрав. 30 Тэрээр шарилыг өөрийн булшиндаа оршуулсан бөгөөд түүний дээр гашуудан —Ай хөөрхий, дүү минь! хэмээн харуусаж байлаа. 31 Оршуулж дууссаны дараа, тэрээр өөрийн хөвгүүддээ —Намайг нас барахад энэ Бурханы хүнийг оршуулсан булшинд намайг оршуулаарай. Миний ясыг түүний ясны хажууд тавиарай. 32 Учир нь Бетел дэх тахилын ширээ болон Самарийн хотуудад буй мөргөлийн өндөрлөгүүдийн бүх бунхнуудын эсрэг ЭЗЭНий үгээр түүний хашхирч байсан зүйлс заавал биелэх болно хэмээн гэрээсэлжээ. 33 Ийм явдал болсны дараа ч Иеробоам өөрийн бузар муу замаас эргэсэнгүй, харин бүх хүмүүсийн дундаас буюу хүссэн хүнээ мөргөлийн өндөрлөгүүдийн тахилчаар дахин томилсоор байлаа. 34 Энэ явдал Иеробоамын гэр дээрх гэм болж эцсийн үр дүнд түүнийг унаган газраас ул мөргүй арчихын тулд байлаа.

14

1 Тэр үед Иеробоамын хүү Абиа өвчтэй боллоо. 2 Иеробоам эхнэртээ —Босож, өөрийгөө Иеробоамын эхнэр гэж тэдэнд мэдэгдэхгүй болтол зүсээ хувиргаад Шило уруу явагтун. Энэ ард түмнийг захирах хаан болно гэж миний тухай хэлсэн байсан эш үзүүлэгч Ахиа тэнд бий. 3 Арван талх, зөөлөн боов, нэг шил зөгийн бал аваад түүн уруу оч. Хүүд юу тохиолдохыг тэр чамд хэлж өгнө гэж өгүүлэв. 4 Иеробоамын эхнэр тийн үйлдээд, босож Шило уруу очин, Ахиагийн гэрт ирэв. Ахиа өндөр настай болсноос хараа нь бүдгэрч, харж чадахаа больжээ. 5 ЭЗЭН Ахиад —Харагтун, Иеробоамын эхнэр өөрийн өвчтэй хүүгийнхээ талаар асуухаар чам уруу ирж байна. Чи түүнд ингэж, ингэж хариул. Учир нь тэр ирэхдээ өөр эмэгтэй мэт харагдахыг оролдоно гэж айлдсан байлаа. 6 Хаалгаар орж ирэх түүний хөлийн чимээг Ахиа сонсоод —Иеробоамын эхнэр ээ, орж ирэгтүн. Юунд өөр эмэгтэй мэт харагдахыг оролдоно вэ? Би чам уруу муу мэдээг аваачихаар илгээгдсэн юм. 7 Явж, Иеробоамд "Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү хэлж байна. «Би чамайг ард түмний дундаас өргөмжилж, Миний ард түмэн болох Израилийг захирах удирдагчаар томилж, 8 Давидын ургийнхнаас хаанчлалыг тастан чамд өгсөн боловч, чи Миний зарц Давид шиг байсангүй. Давид Миний тушаалуудыг сахин, Миний мэлмийн өмнө зөв гэгдэх зүйлсийг л үйлдэхээр Намайг бүх зүрх сэтгэлээрээ дагасан билээ. 9 Бас өөрөөс чинь өмнө байсан бүгдээс чи илүү бузар муу үйлдэн явж, өөртөө зориулан өөр бурхад болон цутгамал, шүтээнүүдийг хийж, Намайг уурлахад хүргэн, эцэстээ Надад нуруугаа харуулсан. 10 Тийм учраас харагтун, Би Иеробоамын гэрийн дээр гай зовлонг буулгана. Израильд буй эрчүүдийг, боол ч бай, чөлөөт ч бай бүгдийг нь Иеробоамаас таслан авна. Хог новшийг юу ч үлдээлгүй шүүрддэг шиг Иеробоамын гэрийнхнийг Би цэвэрлэн шүүрдэн хаяна. 11 Иеробоамд хамаарагдах хэн боловч хот дотор үхэх аваас ноход хүүрийг нь идэж, талд үхсэн нэгнийг нь огторгуйн шувууд тоншин идэх болно. Учир нь ЭЗЭН үүнийг айлджээ» хэмээсэн" гэж хэл. 12 Харин одоо чи хөдлөн, гэртээ харигтун. Чамайг хот уруу орох үед хүүхэд үхэх болно. 13 Бүх Израиль түүний үхэлд гашуудан, түүнийг оршуулна. Иеробоамын гэр бүл дотор тэр хүүхдээс л Израилийн Бурхан ЭЗЭНд тааламжит сайн зүйл олдсон учраас Иеробоамын гэрийнхнээс ганцхан тэр л хүүхэд булшинд оршуулагдана. 14 Үүнээс гадна ЭЗЭН энэ өдөр болон энэ цагаас хойш Өөрийнхөө төлөө Израилийг захирах өөр хааныг босгох бөгөөд тэр нь Иеробоамын гэрийг арчин хаяна. 15 Учир нь усанд найгах зэгс шиг ЭЗЭН Израилийг цохих болно. Тэд өөрсдийн Ашерагийн модон шонг бүтээн, ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн тул эцэг өвгөдөд нь өгсөн энэ сайхан газраас Израилийг үндсээр нь салгаж, Евфрат мөрний чанад уруу тараах болно. 16 Иеробоамын үйлдсэн төдийгүй Израилиар үйлдүүлсэн гэм нүглийнх нь төлөө Тэр Израилийг хаях болно хэмээн өгүүлэв. 17 Ингээд Иеробоамын эхнэр босож, Тирза уруу буцжээ. Тэрээр гэрийнхээ босгоор орж ирж байх үед хүүхэд нас барав. 18 Өөрийн зарц эш үзүүлэгч Ахиагаар дамжуулан хэлсэн ЭЗЭНий үгийн дагуу бүх Израиль түүнийг оршуулж, түүний үхэлд гашууджээ. 19 Иеробоамын хэрхэн дайн хийж, хэрхэн хаанчилсан зэрэг бусад үйлсийг нь Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэсэн юм. 20 Иеробоам хорин хоёр жил хаанчлав. Тэр эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүний хүү Надаб оронд нь хаан болжээ. 21 Соломоны хүү Рехобоам Иудаг захирч байлаа. Рехобоам хаан болохдоо дөчин нэгэн настай байсан бөгөөд Өөрийн нэрийг тэнд байлгахын тулд Израилийн бүх овгуудаас ЭЗЭНий сонгосон хот болох Иерусалимд арван долоон жил хаанчилжээ. Түүний эх нь аммон эм Наама байжээ. 22 Иуда ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэв. Тэд эцэг өвгөдөөсөө ч илүүгээр үйлдсэн өөрсдийн нүглээрээ ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэв. 23 Учир нь тэд ч бас өөрсөддөө зориулж мөргөлийн өндөрлөгүүд, онгон багануудыг болон өндөр толгод бүхний орой дээр ба сүглэгэр мод бүхний доор Ашерагийн модон шонг босгож тавив. 24 Мөн тэр газарт шүтээний янхан эрчүүд хүртэл байлаа. Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий зайлуулсан үндэстнүүдийн бүх л жигшүүртэй бузар зүйлсийн дагуу тэд үйлдэж байлаа. 25 Рехобоам хааны тав дахь жилд Египетийн хаан Шишак Иерусалимын эсрэг довтлон иржээ. 26 Тэрээр ЭЗЭНий өргөөний болон хааны гэрийн эрдэнэсийг олзлон авчээ. Тэрээр бүхнийг авсан төдийгүй Соломоны хийсэн алтан бамбайнуудыг ч хүртэл хаман оджээ. 27 Тэгэхэд Рехобоам хаан тэдгээрийн оронд гуулин бамбай урлан, хааны гэрийн хаалгыг хамгаалдаг харуулын дарга нарт тэдгээрийг даатгав. 28 Хааныг ЭЗЭНий өргөөнд орж ирэх болгонд харуулын хүмүүс тэр гуулин бамбайнуудыг өргөн яваад дараа нь дахин харуулын өрөөнд тавих болжээ. 29 Рехобоамын бусад үйлс болон хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү? 30 Рехобоам, Иеробоам нарын хооронд дайн үргэлжилсээр байв. 31 Рехобоам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод эцэг өвгөдийнхөө дэргэд оршуулагджээ. Түүний эх нь аммон эм Наама байжээ. Түүний хүү Абиам түүний оронд хаан болов.

15

1 Небатын хүү Иеробоам хааны арван наймдугаар жилд, Абиам Иудагийн хаан болжээ. 2 Тэр Иерусалимд гурван жилийн турш хаанчлав. Түүний эх нь Абишаломын охин Маака байв. 3 Абиам эцгийнхээ урьд нь үйлдсэн гэм болгоныг даган явсан ба түүний зүрх сэтгэл түүний эцэг Давидын зүрх сэтгэл шиг ЭЗЭНд бүрэн зориулагдаагүй байжээ. 4 Гэсэн хэдий ч Давидыг бодон түүний Бурхан ЭЗЭН түүнийг залгамжлах хүүг өсгөж, Иерусалимыг сэргээн тогтоохын тулд түүнд Иерусалимд нэгэн дэнлүүг өгчээ. 5 Яагаад гэвэл Давид ЭЗЭНий мэлмийн өмнө зөвийг үйлдэж, хит хүн Уриагийн хэргийг тооцохгүй бол амьдралынхаа бүх өдрүүдийн турш ЭЗЭНий түүнд тушаасан ямар ч зүйлээс эргэж байгаагүй. 6 Түүний амьдралын бүх өдрүүдийн турш Иеробоам, Рехобоам нарын хооронд дайн байлаа. 7 Абиамын бусад үйлс болон хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү? Абиам, Иеробоам нарын хооронд ч дайн байлаа. 8 Абиам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг Давидын хотод оршуулжээ. Түүний хүү Аса оронд нь хаан болов. 9 Израилийн хаан Иеробоамын хорьдугаар жилд Аса Иудагийн хаан болж захирч эхэллээ. 10 Тэрээр Иерусалимд дөчин нэгэн жилийн турш хаанчлав. Түүний эх нь Абишаломын охин Маака байлаа. 11 Аса өөрийн эцэг өвөг Давидын адил ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэж байв. 12 Тэрээр бас шүтээний янхан эрчүүдийг газар нутгаасаа хөөн гаргаж, эцэг өвгөдийнхөө бүтээсэн шүтээнүүдийг нурааж хаяв. 13 Тэр бас өөрийн эмэг эх Маакаг эх хатан байхаас зайлуулжээ. Учир нь эмэг эх нь ашера мэт жигшүүрт хөргийг бүтээжээ. Аса эмэг эхийнхээ жигшүүрт хөргийг цавчин хаяж, Кидрон горхины дэргэд шатаав. 14 Гэвч мөргөлийн өндөрлөгүүд зайлуулагдсангүй. Харин Асагийн зүрх сэтгэл амьдралынх нь турш ЭЗЭНд бүрэн зориулагдсан байв. 15 Тэр эцгийнхээ болон өөрийнхөө хадгалж байсан зориулагдсан эд зүйлс болох алт, мөнгө ба хэрэгслүүдийг ЭЗЭНий өргөөнд оруулан тавив. 16 Аса болон Израилийн хаан Бааша нар хаанчлалынхаа бүх үед хоорондоо үргэлж дайтдаг байв. 17 Израилийн хаан Бааша Иудаг довтлон ирж, Иудагийн хаан Асагийн газар уруу хэн боловч орж, гарахааргүй болохоор Рамад бэхлэлт босгов. 18 Тэгэхэд ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн эрдэнэсийн санд үлдсэн бүх алт, мөнгийг Аса хаман, түшмэдийнхээ гарт өгөөд, Дамаскт амьдарч байсан Арамын хаан Хезионы хүү Табриммоны хүү Бен-хададад илгээн, 19 "Миний эцэг, таны эцэг хоёрын хооронд байсан шиг тийм гэрээг хоорондоо байгуулъя. Харагтун, би танд энэ алт, мөнгийг бэлэг болгон илгээсэн билээ. Израилийн хаан Баашатай тогтоосон гэрээгээ цуцлан, түүнийг надаас холдуулахад туслаач" гэж уламжлуулав. 20 Бен-хадад Аса хааныг сонсож, Израилийн хотуудыг довтлохоор өөрийн цэргийн жанжнуудыг илгээн, Нафталийн бүх нутгаас гадна Ион, Дан, Абел-бет-маака болон Хиннеротын бүх нутгийг эзлэн авлаа. 21 Бааша үүнийг дуулаад, Рамаг бэхлэн барихаа больж, Тирзад үлдэв. 22 Ингэмэгц Аса хаан нэг ч хүнийг үлдээлгүйгээр бүх Иуда хүмүүст тунхагласанд тэд Баашагийн барилгад хэрэглэж байсан Рамагийн чулуу, дүнз моддыг авч явав. Аса хаан түүгээр нь Бениамины Геба болон Мизпаг босгов. 23 Асагийн хийсэн бусад зүйлс, түүний хүч чадал, түүний барьсан бүх хотууд ба хийсэн бүхнийг нь Иудагийн Хаадын Шастир Номд тэмдэглэсэнгүй гэж үү? Харин өтлөн хөгширсөн үедээ тэрээр хөлдөө өвчтэй болов. 24 Аса эцэг өвгөдийнхөө хамт нойрсон, өөрийн эцэг Давидын хотод эцэг өвгөдийнхөө хамт оршуулагджээ. Түүний хүү Иехошафат түүний оронд хаанчлав. 25 Иудагийн хаан Асагийн хоёрдугаар жилд Иеробоамын хүү Надаб Израилийн хаан болж, хоёр жилийн турш Израилийг захирав. 26 Тэрээр ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдсэн бөгөөд эцгийнхээ замаар замнаж, Израилиар нүгэл хийлгэсэн эцгийнхээ алдааг давтжээ. 27 Тэгэхэд Иссахарын гэрийн Ахиагийн хүү Бааша түүний эсрэг хуйвалдаан гаргаж, Надаб болон бүх Израиль Гиббетоныг бүслэж байхад филистчүүдэд харьяалагдах Гиббетонд түүнийг цохиж алав. 28 Иудагийн хаан Асагийн гуравдугаар жилд Бааша Надабыг алж оронд нь хаан боллоо. 29 Бааша хаан болонгуутаа л Иеробоамын гэр бүлийнхнийг бүгдийг хүйс тэмтрэв. ЭЗЭН Өөрийн боол шилон хүн Ахиагаар дамжуулан хэлсэнчлэн Бааша Иеробоамд нэг ч хүн амьд үлдээлгүй бүгдийг устгав. 30 Учир нь Иеробоам нүгэл үйлдэж, бас Израилиар ч нүгэл үйлдүүлэн, Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн юм. 31 Надабын бусад үйлс болон хийсэн бүхнийг нь Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглээгүй гэж үү? 32 Аса болон Израилийн хаан Бааша нар үргэлж хоорондоо дайтаж байлаа. 33 Иудагийн хаан Асагийн гуравдугаар жилд Ахиагийн хүү Бааша Тирзад бүх Израилийн хаан болж, хорин дөрвөн жилийн турш хаанчлав. 34 Тэрээр ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэж Израилиар нүгэл үйлдүүлсэн Иеробоамын замаар замнажээ.

16

1 ЭЗЭНий үг Хананигийн хүү Иехүд Баашагийн эсрэг ирж 2 Би чамайг шорооноос татан босгож, Өөрийн ард түмэн Израилийн удирдагчаар тавьсан билээ. Гэтэл чи Иеробоамын замаар замнан, Миний ард түмэн Израилиар нүгэл үйлдүүлж, тэдний нүглүүдээр Намайг хилэгнэхэд хүргэлээ. 3 Үзэгтүн, Би Бааша болон түүний гэрийг шатааж, чиний гэрийг Небатын хүү Иеробоамын гэр шиг болгоно. 4 Баашагийнхнаас хотод үхсэн нэгнийх нь хүүрийг ноход идэж, талд үхсэн нэгнийг нь огторгуйн шувууд тоншин идэх болно гэлээ. 5 Баашагийн хүч чадал, хийсэн үйлс зэрэг бусад зүйлс нь Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү? 6 Бааша эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, Тирзад оршуулагджээ. Түүний хүү Ела нь түүний орыг залгамжлан хаан болов. 7 Бааша ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэж, тэрхүү үйлсээрээ ЭЗЭНийг хилэгнүүлж, Иеробоамын гэр шиг байсан, мөн түүгээр барахгүй Иеробоамын гэрийг устгасан тул Хананигийн хүү эш үзүүлэгч Иехүгээр дамжуулан ирсэн ЭЗЭНий үг Баашаны болон түүний гэр бүлийнх нь эсрэг байв. 8 Иудагийн хаан Асагийн хорин зургадугаар жилд Баашагийн хүү Ела Тирзад Израилийн хаан болж, хоёр жилийн турш хаанчилжээ. 9 Түүний түшмэл, түүнийг тэрэгт цэргийн хагасыг нь захирдаг жанжин Зимри түүний эсрэг хуйвалдаан гаргажээ. Тэр үед Ела нь Тирза дахь хааны гэрийг хариуцсан Арзагийн гэрт архи уун, согтсон байв. 10 Тэгэхэд Зимри орж ирэн, Иудагийн хаан Асагийн хорин долдугаар жилд Елагийн амийг хороож, Елагийн оронд Израилийн хаан боллоо. 11 Зимри хаан болж, сэнтийнд залрангуутаа Баашагийн ургийн бүх хүмүүсийг хүйс тэмтрэв. Төрөл төрөгсөд, найз нөхдөөс нь ямар ч эр хүйстнийг үлдээгээгүй ажээ. 12 Иехү эш үзүүлэгчээр дамжуулан Баашагийн эсрэг айлдсан ЭЗЭНий үгийн дагуу Зимри Баашагийн ургийнхныг бүгдийг нь ийнхүү устгажээ. 13 Учир нь Бааша ба түүний хүү Ела нар өөрсдөө нүгэл үйлдэж, бас Израилиар нүгэл үйлдүүлэн, өөрсдийн шүтээнүүдээрээ Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн юм. 14 Елагийн бусад үйлс болон хийсэн бүх ажил Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү? 15 Иудагийн Аса хааны хорин долдугаар жилд Зимри Тирзад долоон өдөр хаанчлав. Тэр үед Филистэд харьяалагддаг Гиббетоны эсрэг ард олон хуарагнан буусан байлаа. 16 Зимри хуйвалдаан зохиож, хааныг хороосныг хуарагнан буй хүмүүс сонсжээ. Тийм учраас бүх Израиль өөрсдийн цэргийн жанжин Омрийг Израилийн хаан хэмээн тэр өдөр хуарандаа өргөмжлөв. 17 Тэгээд Омри бүх Израилийн хамт Гиббетоноос ирээд, Тирзаг бүслэв. 18 Хот эзлэгдснийг мэдмэгц Зимри хааны гэрийн цайз уруу орон, хааны гэрийг галдан шатааж, өөрөө ч үхэв. 19 Энэ нь Зимри ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэн, Иеробоамын замаар явснаараа өөрөө ч нүгэл үйлдэн, Израилиар ч нүгэл үйлдүүлсэн зэргээс болсон юм. 20 Зимрийн бусад үйлс болон түүний гаргасан хуйвалдаан Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү? 21 Дараа нь Израилийн ард түмэн хоёр хэсэгт хуваагдан, нэг хагас нь Гинатын хүү Тибнийг хаан болгохоор дагалдан, нөгөө хагас нь Омрийг дагалаа. 22 Гэвч Омрийг дагасан ард түмэн Гинатын хүү Тибнийг дагасан хүмүүсээс илүү хүчирхэг болж, Тибни хороогдон, Омри хаан болов. 23 Иудагийн хаан Асагийн гучин нэгдүгээр жилд Омри Израилийн хаан болж, арван хоёр жилийн турш хаанчилсан. Тэрээр зургаан жил Тирзад хаанчилж байв. 24 Тэрээр хоёр мөнгөн талантаар Самарийн толгодыг Шемерээс худалдаж авав. Тэгээд тэрхүү толгодын дээр хот байгуулан, толгодын Эзэн Шемерийн нэрээр тэр хотыг Самари гэж нэрлэжээ. 25 Омри ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг хийсэн төдийгүй түүний үйлс нь өмнөх хаадынхаас ч илүү харгис байлаа. 26 Юу гэвэл тэр Небатын хүү Иеробоамын явсан зам бүрээр замнаж, Израилиар гэм үйлдүүлэн, өөрсдийн шүтээнүүдээрээ Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнүүлсэн юм. 27 Омрийн хийсэн бусад үйл явдал болон түүний хүч чадал нь Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү? 28 Омри эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, Самарид оршуулагдав. Түүний хүү Ахаб оронд нь хаан болов. 29 Иудагийн хаан Асагийн гучин наймдугаар жилд Омрийн хүү Ахаб Израилийн хаан болж, Самарид суун Израилийг хорин хоёр жилийн турш захирав. 30 Омрийн хүү Ахаб өмнөх бүх хаадаасаа ч илүүгээр ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэв. 31 Небатын хүү Иеробоамын гэмээр явах нь түүний хувьд жирийн л зүйл байсан учир тэрээр сидончуудын хаан Етбаалын охин Иезебелтэй гэрлэж, Баалд үйлчлэн, мөргөдөг болжээ. 32 Тэрээр Самарид босгосон Баалын дуганд Баалд зориулан тахилын ширээ босгов. 33 Ахаб бас Ашераг бүтээв. Ингэснээрээ Ахаб өөрийн өмнөх Израилийн бүх хаадаас ч илүүгээр Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнүүлэх зүйл хийв. 34 Ахабын үед бетел хүн Хиел Иерихог босгон барьжээ. Нуны хүү Иошуагаар дамжуулан хэлсэн ЭЗЭНий үгийн дагуу Хиел хотын суурийг тавихдаа өөрийн ууган хүү Абирамыг алдсан бөгөөд хотын дааман хаалгыг босгохдоо отгон хүү Сегубыг алдсан ажээ.

17

1 Гилеадын суурьшигчдын нэг тишбе хүн Елиа Ахабт —Миний хүндэтгэдэг Израилийн Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш бороо ч орохгүй, шүүдэр ч буухгүй болно гэв. 2 ЭЗЭНий үг Елиад ирж, — 3 Эндээс явж, зүүн зүг уруу эргэгтүн. Иордан голын зүүн талд орших Херит горхины хөвөөнд нуугдан амьдар. 4 Горхины уснаас уу. Би хэрээнүүдэд чамайг тэнд тэжээхийг тушаав гэж айлдлаа. 5 Елиа явж ЭЗЭНий үгийн дагуу үйлдлээ. Тэрээр яваад, Иорданы зүүн талд байх Херит горхины хөвөөнд амьдрав. 6 Хэрээнүүд түүнд өглөө, орой болгон талх болон мах авчирдаг байсан бөгөөд тэрээр горхины уснаас ундаалдаг байв. 7 Тэр нутагт бороо ороогүйгээс болж удалгүй өнөөх горхи хатан ширгэжээ. 8 Тэгэхэд ЭЗЭНий үг түүнд ирж, — 9 Босож, Сидонд харьяалагддаг Зарефат уруу яваад, тэндээ бай. Тэнд чамайг тэжээхийг нэгэн бэлэвсэн эмэгтэйд Би тушаасан гэв. 10 Елиа даруй босон, Зарефат уруу явлаа. Тэрээр хотын хаалганд хүрээд хартал нэгэн бэлэвсэн эмэгтэй мод түүж байв. Елиа тэр эмэгтэйг дуудаад —Надад уух ус ваарт хийж авчирж өгөөч гэж гуйв. 11 Тэр эмэгтэй ус авч ирэхээр явах гэж байхад Елиа түүнийг дуудан —Надад зүсэм талх авчирж өгөөч гэж хэлэв. 12 Харин тэр эмэгтэй хариуд нь —Таны Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Надад талх байхгүй. Зөвхөн миний хул аяганд минь атгын төдий гурил, ваарт минь жаахан тос үлдсэн. Харагтун, би гэртээ харьж, өөртөө болон хүүдээ зориулан хоол хийхийн тулд одоо түлээ түүж байна. Дараа нь бид үхэх байхдаа гэв. 13 Тэгэхэд Елиа эмэгтэйд —Бүү ай. Явж, хэлснээрээ гүйцэтгэ. Харин байгаа юмнаасаа эхлээд надад жижигхэн гурилан боов хийгээд над уруу авч ир. Үүний дараа өөртөө болон хүүдээ идэх юм хийгтүн. 14 Яагаад гэвэл Израилийн Бурхан ЭЗЭН "ЭЗЭН энэ газрын гадарга уруу дахин бороо буулгаж өгөх өдрийг хүртэл хул аяган дахь гурил ч дуусахгүй, тостой ваар ч хоосрохгүй" гэж айлдсан юм гэв. 15 Тэр эмэгтэй яван, Елиагийн үгээр үйлдсэн бөгөөд тэр эмэгтэй, Елиа болон эмэгтэйн гэрийнхэн олон өдрийн туршид хоол ундтай байв. 16 Елиагаар дамжуулан ЭЗЭН айлдсанчлан хул аяган дахь гурил дуусаагүй, мөн ваар доторх тос ч дууссангүй. 17 Ийн байж байтал гэрийн эзэгтэйн хүү өвджээ. Түүний өвчин хүндэрсээр эцэстээ хүү амьсгал хураав. 18 Тэр эмэгтэй Елиад —Бурханы хүн ээ, танд намайг буруутгах юм юу байна? Та нүглийг минь сануулж, хүүг минь үхэлд хүргэх гэж ирээ юү? хэмээв. 19 Елиа түүнд —Надад хүүгээ өгөөч гэв. Тэрээр эмэгтэйн тэврээс хүүг нь аваад, өөрийн амьдарч байсан дээд давхрын өрөөнд үүрэн авчирж орон дээрээ хэвтүүлжээ. 20 Тэрээр ЭЗЭНийг дуудан, —Миний Бурхан ЭЗЭН, Та миний буудаллан байгаа энэ гэрийн бэлэвсэн эмэгтэйн хүүг үхэлд хүргэснээрээ түүнд ийм гай буулгасан уу? гэж хэлэв. 21 Тэгээд тэрээр хүүгийн дээрээс гурвантаа алдлан хэвтээд, ЭЗЭНий дуудан, —Миний Бурхан ЭЗЭН, энэ хүүгийн амийг буцаан өгөөч гэж би Танаас гуйж байна хэмээв. 22 ЭЗЭН Елиагийн дууг сонсоод, хүүгийн амь буцан ирж, хүү амилав. 23 Елиа хүүг аваад, дээд өрөөнөөс буулган гэрт нь оруулж, эхэд нь өгөв. Елиа —Хар. Хүү чинь амьд байна гэв. 24 Тэгэхэд эмэгтэй Елиад —Одоо л би таныг Бурханы хүн гэдгийг мэдэж, таны аманд буй ЭЗЭНий үг үнэн болохыг ойлголоо хэмээн өгүүлжээ.

18

1 Олон өдөр улиран өнгөрч, гурав дахь жилд ЭЗЭНий үг Елиад ирж, —Явж, Ахабтай уулз. Би газрын гадарга дээр бороо оруулах болно гэж айлдлаа. 2 Елиа Ахабт бараалхахаар явав. Тэр үед Самарид өлсгөлөн ид гаарч байлаа. 3 Ахаб гэрийн түшмэд Обадиаг дууджээ. (Обадиа ЭЗЭНээс гүнээ эмээдэг нэгэн байлаа. 4 Иезебел ЭЗЭНий эш үзүүлэгчдийг устгаж байх үед Обадиа зуун эш үзүүлэгчийг авч, тавь тавиар нь агуйд нуун, тэдэнд талх ус ханган өгч байсан юм.) 5 Ахаб Обадиад —Нутаг даяар буй усны ундаргатай болон хөндий бүх газраар яв. Бид өвс ногоотой газар олж, морь, луусуудаа амьд байлгаж, мал сүргээсээ алдахгүй байж болох юм гэж хэлэв. 6 Тэд нутгийг шинжихээр өөр хоорондоо хуваагаад, Ахаб нэг тал уруу Обадиа нөгөө тал уруу, тус тусын замаа хөөн явжээ. 7 Обадиа замдаа явж байтал түүнтэй Елиа таарав. Обадиа түүнийг таниад, нүүрээрээ газар унан, —Миний эзэн Елиа та мөн үү? гэв. 8 Елиа түүнд —Би байна. Явж, эзэндээ "Харагтун Елиа энд байна" гэж хэл хэмээн өгүүлэв. 9 Обадиа —Би ямар нүгэл үйлдсэн гэж та өөрийн зарцаа Ахабын гарт өгч, алуулах гэж байна вэ? 10 Таны Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Таны эрж олохоор хүмүүсийг илгээгээгүй үндэстнүүд, эсвэл хаанчлалууд байхгүй. Тэдгээр нь "Тэр энд алга" гэж хэлсэн үед Таныг үнэхээр олж чадаагүй гэж Ахаб уг хаанчлал эсвэл үндэстнүүдээр тангараглуулдаг байв. 11 Гэтэл одоо та "Эзэндээ очоод «Харагтун, Елиа энд байна» гэж хэл" гэх юм. 12 Би танаас салмагц ЭЗЭНий Сүнс таныг миний мэдэхгүй газар аваачих болно. Хэрэв би Ахабт очиж хэлээд, тэр таныг олж чадахгүй бол хэдийгээр Таны боол би бага залуугаасаа ЭЗЭНээс эмээн ирсэн боловч Ахаб намайг алах болно. 13 Иезебел ЭЗЭНий эш үзүүлэгчдийг алж байхад би ЭЗЭНий зуун эш үзүүлэгчийг тавь тавиар нь агуйд нуун, тэдэнд талх ус хангаж байсан зэрэг миний юу хийснийг эзэн минь та сонсоогүй гэж үү? 14 Гэтэл одоо та "Эзэндээ очоод «Харагтун, Елиа энд байна» гэж хэл" гэх юм. Тэгвэл Ахаб намайг ална шүү дээ гэв. 15 Елиа —Миний үйлчилдэг түмэн цэргийн ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна. Би өнөөдөр заавал Ахабт бараалхана гэв. 16 Обадиа Ахабтай уулзахаар очиж дуулгаад, Ахаб Елиатай уулзахаар ирэв. 17 Ахаб Елиаг хармагцаа, —Энэ чинь Израилийг зовоогч чи юу? гэсэнд 18 Елиа —Би Израилийг зовоосон бус харин чи болон чиний эцгийн гэр бүл зовоосон билээ. Юу гэвэл та нар ЭЗЭНий тушаалуудыг огоорон, Баалыг даган явсан. 19 Одоо хүн илгээн, бүх Израилийг Кармел ууланд над дээр цуглуулагтун. Иезебелийн ширээний ард хооллодог, Баалын дөрвөн зуун тавин эш үзүүлэгчийг, мөн Ашерагийн дөрвөн зуун эш үзүүлэгчийг хамт дуудан ирүүлэгтүн гэв. 20 Ахаб Израилийн бүх хөвгүүдийн дунд уг мэдээг илгээн, Кармел ууланд эш үзүүлэгчдийг хамтдаа цуглууллаа. 21 Елиа бүх ард түмэнд ойртон зогсоод, —Та бүхэн хэдий болтол хоёр замын хооронд тээнэгэлзэх юм бэ? Хэрэв ЭЗЭН нь Бурхан мөн юм бол Түүнийг дага. Харин Баал мөн бол түүнийг дага гэв. Ард түмэн түүнд нэг ч үг хариулсангүй. 22 Тэгээд Елиа ард түмэнд хандан —ЭЗЭНий эш үзүүлэгчээр ганцхан би үлджээ. Харин Баалын эш үзүүлэгч дөрвөн зуун тавин хүн байна. 23 Бидэнд хоёр үхрийг авчирж өгөөч. Баалын эш үзүүлэгчид өөрсөддөө нэг үхрийг сонгон аваад, хэсэглэн эвдэж, зэрэглэсэн модон дээр байрлуулж, харин доор нь гал бүү асаа. Би нөгөө шарыг бэлтгэж, зэрэглэсэн модон дээр тавина. Би түүний дотор гал оруулахгүй. 24 Ийн үйлдсэний дараа та нар өөрсдийн бурхны нэрийг дууд. Би ч ЭЗЭНий нэрийг дуудъя. Галаар хариу өгөх Бурхан нь жинхэнэ Бурхан мөн гэлээ. Бүх хүмүүс —Сайн санаа байна гэцгээжээ. 25 Елиа Баалын эш үзүүлэгчдэд —Та нар олуулаа байгаа тул эхлээд үхрээ сонгон авч, бэлтгэн, бурхныхаа нэрийг дуудагтун. Харин гал ноцоож болохгүй шүү гэж өгүүлэв. 26 Ингээд тэд авчирсан үхрийг авч бэлтгээд, өглөөнөөс үд дунд болтол Баалын нэрийг дуудан, —Баал аа, бидэнд хариулж өгөөч хэмээн орилолдов. Гэвч ямар ч чимээ гарсангүй, хэн ч хариулсангүй. Баалын эш үзүүлэгчид өөрсдийн хийсэн тахилын ширээг тойрон цовхчив. 27 Үд дунд болоход Елиа тэднийг егөөдөн, —Тэр чинь бурхан юм чинь чангаар дуудаач. Тэр чинь бясалгаж байгаа юу, эсвэл завгүй байна уу, эсвэл аяллаар явчихсан юм уу, эсвэл тэр чинь унтаж байгаа бөгөөд түүнийг сэрээх хэрэгтэй болов уу гэж хэлэв. 28 Тэд чангаар хашхиран, заншил ёсоороо илд, жадаар өөрсдийгөө зүсэж, цусаа урсгав. 29 Үд дунд өнгөрөхөд тэд, оройн тахил өргөх цаг болтол тэд улангасан байлаа. Гэвч ямар ч чимээ гарсангүй, хэн ч хариулсангүй, хэн ч анхаарсангүй. 30 Үүний дараа Елиа бүх ард түмэнд —Над уруу ойртон ирэгтүн гэв. Бүх ард түмэн түүн уруу ойртон ирлээ. Тэрээр нурсан байсан ЭЗЭНий тахилын ширээг босгов. 31 Елиа Иаковын хөвгүүдийн овгуудын тоогоор арван хоёр чулуу авчээ. Иаковд ЭЗЭНий үг ирж, "Чиний нэр Израиль байх болно" хэмээн айлдсан билээ. 32 Эдгээр чулуунуудаараа Елиа ЭЗЭНий нэр дээр тахилын ширээ босгож, түүнийгээ тойруулан хоёр хэмжүүр тариа багтах өргөнтэй шуудуу ухав. 33 Түүний дараа тэрээр модоо зэрэглэн тавиад, дээр нь үхрийн цавчилсан махыг тавилаа. Тэр —Дөрвөн домбыг усаар дүүргэж, шатаалт тахил болон модон дээрээ асга гэв. 34 Елиа —Хоёр дахь удаа ус хий гэхэд тэд хоёр дахь удаа үүнийг гүйцэтгэв. Тэрээр —Үүнийг гурав дахиа хий гэсэнд тэд гурав дахь удаа ус асгалаа. 35 Ус тахилын ширээг тойрон хальж асгарсан төдийгүй, тэрээр шуудууг ч мөн усаар дүүргэв. 36 Оройн тахилыг өргөх цаг болоход эш үзүүлэгч Елиа урагш алхан гарч, —Абрахам, Исаак, Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ, Та бол Израиль дахь Бурхан мөн бөгөөд би Таны боол гэдгийг, мөн энэ бүгдийг би Таны үгээр л хийж байгааг өнөөдөр мэдүүлж өгөөч. 37 Надад хариу өгөөч, ЭЗЭН минь. ЭЗЭН минь Та Бурхан гэдгээ энэ ард түмэнд мэдүүлж, тэдний зүрх сэтгэлийг эргүүлэн авчрахын тулд надад хариу өгөөч гэж залбирав. 38 Тэгтэл ЭЗЭНий гал унан бууж, шатаалт тахил, түлээ мод, чулуу болон шороог галдан шатааж, шуудуун дахь усыг ширгээж орхив. 39 Бүх ард түмэн үүнийг хармагцаа, нүүрээрээ газар шаан унаж, —ЭЗЭН л Бурхан мөн, ЭЗЭН л Бурхан мөн гэж хашхиралдав. 40 Елиа тэдэнд —Баалын эш үзүүлэгчдийг баригтун. Нэгэнд нь ч зугтах боломж бүү өг хэмээв. Ард түмэн тэднийг барьж аваад, Елиа тэднийг Кишон горхины дэргэд аваачиж, тэнд алжээ. 41 Елиа Ахабт —Аадар борооны нүргээний дуу чимээ ойртон ирж буй тул явж, идэж уугтун гэв. 42 Ахаб идэж уухаар явлаа. Харин Елиа Кармелын оройд гарлаа. Тэрээр газарт суун бөхийгөөд, толгойгоо өвдгөн завсраа хавчуулав. 43 Тэрээр зарцдаа —Яваад, тэнгис уруу хараадах гэж хэлэв. Зарц нь дээш гаран харчихаад —Юу ч алга гэж хариулсанд Елиа —Дахиад яв гэж дахин долоон удаа тушаав. 44 Долоо дахь удаад зарц нь —Хараач, хүний гарын дайтай жижигхэн үүл далайгаас хөөрөн ирж байна гэж хэлэв. Елиа —Явж Ахабт хандан "Аадар бороонд саатахгүйн тулд тэргээ бэлтгэн явагтун" гэж хэл гэлээ. 45 Тун удалгүй тэнгэрт бараан үүл хуралдан, салхи ширүүсэж, аадар бороо орж эхэллээ. Ахаб морин тэргэнд суун, Иезреел уруу явжээ. 46 ЭЗЭНий мутар Елиа дээр байсан бөгөөд тэр бүслээд, Ахабын өмнө түрүүлэн гүйсээр Иезреел уруу оров.

19

1 Елиагийн хийсэн бүх зүйлс болон тэр бүх эш үзүүлэгчдийг хэрхэн илдээр цавчин алсан зэргийг Ахаб Иезебелд ярьж өгчээ. 2 Тэгэхэд Иезебел Елиад хүн илгээн, —Хэрэв би маргааш өдийд чиний амийг тэдгээр эш үзүүлэгчдийн амь шиг болгохгүй бол өөрийн бурхдаасаа ялыг аваг. Үгүй ээ, үүнээс ч илүү гай гамшгийг түүнээс авах болог гэж хэлүүлжээ. 3 Елиа айн босож, амиа аврахаар зугтан Иудад харьяалагддаг Беершебад ирэв. Тэнд өөрийн зарцаа үлдээв. 4 Харин тэрээр өөрөө нэг өдөржингөө алхсаар цөлд хүрээд, нэгэн арц модны доор суув. Тэрээр үхэхийг хүсэмжлэн —Одоо хангалттай. ЭЗЭН минь, би эцэг өвгөдөөсөө дээрдэх юмгүй тул одоо миний амийг аваач гэж хэлэв. 5 Тэрээр арц модны дор хэвтэн унтав. Харагтун, нэгэн тэнгэр элч түүнд хүрч, —Бос, идэгтүн гэжээ. 6 Елиа харвал түүний толгойн хавьд халуун чулуунууд дээр жигнэсэн талх, ваартай ус байжээ. Тэрээр идэж уучихаад дахиад л хэвтэв. 7 ЭЗЭНий тэнгэр элч хоёр дахь удаагаа дахин ирээд, түүнд хүрч, —Босоод идэж ав. Учир нь энэ аялал чиний хувьд дэндүү хүнд юм гэв. 8 Тэрээр босоод, идэж уулаа. Тэр хоолны хүчээр дөчин өдөр, дөчин шөнө Бурханы уул болох Хореб уруу явлаа. 9 Елиа тэнд агуйд орж шөнийг өнгөрөөв. ЭЗЭНий үг түүнд ирж, ЭЗЭН түүнд —Елиа, чи энд юу хийж байгаа юм бэ? гэв. 10 Тэрээр —Би түмэн цэргийн Бурхан ЭЗЭНд маш их зүтгэсээр ирсэн. Израилийн хөвгүүд Таны гэрээг умартаж, Таны тахилын ширээнүүдийг нураан, Таны эш үзүүлэгчдийг илдээр цавчин алсан билээ. Одоо ганцхан би л үлдээд байна. Тэд миний амийг авахын тулд намайг хайж байна хэмээн өчив. 11 ЭЗЭН —Гарч ирээд, уулан дээр ЭЗЭНий өмнө зогсогтун гэж айлдлаа. Харагтун, ЭЗЭН хажуугаар нь өнгөрөв. Асар их хүчтэй салхи ЭЗЭНий өмнөх уулсыг цуулж, хаднуудыг хэсэглэн буталж байсан боловч тэр салхин дотор ЭЗЭН байсангүй. Салхи өнгөрөн одсоны дараа газар хөдөлсөн боловч тэр газар хөдлөлтийн дотор ч ЭЗЭН байсангүй. 12 Газар хөдлөлтийн дараа гал гарсан боловч ЭЗЭН гал дотор байсангүй. Харин гал гарсны дараа намуун хүнгэнэх дуу гарлаа. 13 Елиа тэр дууг сонсмогц нүүрээ нөмрөгөөрөө ороон, агуйн аманд гарч зогсов. Харагтун, дуу чимээ түүнд ирээд, —Елиа, чи энд юу хийж байгаа юм бэ? хэмээв. 14 Елиа —Би түмэн цэргийн Бурхан ЭЗЭНд маш их зүтгэсээр ирсэн. Израилийн хөвгүүд Таны гэрээг умартан, Таны тахилын ширээнүүдийг нурааж, Таны эш үзүүлэгчдийг илдээр цавчин алсан билээ. Одоо ганцхан би л үлдээд байна. Тэд миний амийг авахын тулд намайг хайж байна хэмээн өчив. 15 ЭЗЭН түүнд —Яв, Дамаскийн цөл уруу явах замаараа буц. Чи Хазаелыг Арамын хаанаар томилон тослох болно. 16 Мөн Нимшийн хүү Иехүг Израилийн хаанаар томилон тослож, бас Абел-мехолагийн Шафатын хүү Елишаг өөрийнхөө оронд эш үзүүлэгчээр томилон тослох болно. 17 Хазаелын илднээс зугтсан хүн Иехүгийн гарт орж үхэх болно. Иехүгийн илднээс зугтсан хүн Елишагийн гарт орж үхэх болно. 18 Гэсэн ч Би Израильд долоон мянган хүн үлдээх бөгөөд тэд бүгд Баалын өмнө өвдөг сөгдөөгүй, түүнийг үнсээгүй хүмүүс юм гэж айлдав. 19 Елиа тэндээс хөдөлж, Шафатын хүү Елишаг олж авлаа. Тэр үед Елиша буулгатай арван хоёр хос үхрээр талбайгаа хагалж, өөрөө арван хоёр дахь хос үхрийн араас даган явж байв. Елиа Елишагийн дэргэд очоод, өөрийн нөмрөгөө түүнд нөмөргөв. 20 Елиша үхрүүдээ орхиод, Елиагийн хойноос гүйн, —Би аав ээжийгээ үнсчихээд таныг даган явахыг зөвшөөрнө үү гэв. Елиа түүнд —Харигтун. Би яах билээ гэж хариулав. 21 Тэрээр Елиаг дагахаа больж, хос үхрийг авч, тахил болгон, буулгыг нь эвдэн түлж, үхрийн махыг чанаад, хүмүүст өгсөнд тэд идэцгээв. Түүний дараа тэрээр босож, Елиша Елиаг даган явж, Елиад үйлчлэв.

20

1 Арамын хаан Бен-хадад бүх цэргээ цуглуулав. Түүнтэй хамт гучин хоёр хаад, морьд болон тэрэгнүүд цугласан байв. Тэрээр Самари хотыг бүслэн байлдав. 2 Тэрээр хот уруу элч нарыг илгээж, Израилийн хаан Ахабт хандан "Бен-хадад ийнхүү хэлж байна. 3 «Чиний алт, мөнгө минийх. Чиний хамгийн үзэсгэлэнтэй эхнэр, хүүхдүүд ч бас минийх» гэсэн" гэж хэлүүлжээ. 4 Израилийн хаан хариу үг илгээн —Хаан эзэн минь ээ, таны үгээр болох болтугай. Би болон миний эзэмшиж байгаа бүх юмс таных билээ гэв. 5 Тэгэхэд элч нар Ахаб уруу буцаж ирэн, —Бен-хадад ийнхүү хэлж байна. "Өмнө нь би чамд «Чи надад алт, мөнгө, эхнэр, хүүхдүүдээ өг» гэсэн үг илгээсэн билээ. 6 Харин маргааш яг энэ цагийн орчимд би өөрийн түшмэдээ чам уруу илгээх болно. Тэд чиний гэр болон түшмэдийн чинь гэрийг нэгжиж, чиний хувьд үнэтэй гэгдэх юм болгоныг чинь тэд авч явах болно" гэв. 7 Израилийн хаан улсынхаа бүх ахмадуудыг цуглуулан, —Энэ хүн ямар хэцүү зүйл шаардаж буйг хараач? Тэрээр над уруу элч илгээн миний эхнэр хүүхдийг болон алт мөнгийг авахыг хүсэхэд би татгалзсангүй гэжээ. 8 Бүх ахмадуудад болон бүх хүмүүс Ахабт —Түүнийг бүү сонс, түүнд бүү зөвшөөр гэлцэв. 9 Ахаб Бен-хададын элч нарт —Хаан эзэнд минь "Зарцдаа илгээсэн таны анхны бүх шаардлагыг би зөвшөөрөх болно. Харин энэ удаагийн шаардлагыг би биелүүлж чадахгүй" гэж дамжуул гэв. Элч нар явцгааж, Бен-хададад үүнийг сонордуулав. 10 Бен-хадад Ахаб уруу элч нарыг явуулан, —Хэрэв намайг дагаж буй хүн бүрд атга атгаар оногдох шороо Самарид үлдэх аваас бурхад минь намайг цээрлүүлэг. Бүр илүү гай гамшиг учруулах болтугай гэж хэлүүлэв. 11 Израилийн хаан хариулахдаа —Хаандаа "Хуяг дуулгаа өмсөж буй хүн хуяг дуулгаа тайлж буй хүн шиг бүү сайрхаг" гэж хэл гэв. 12 Бен-хадад бусад хаадын хамт цацартаа архидан байх үедээ энэ үгийг сонсмогц түшмэддээ —Тулалдаанд бэлтгэцгээ гэж тушаав. Ингээд тэд хотын эсрэг довтлоход бэлтгэцгээлээ. 13 Тэр үед нэгэн эш үзүүлэгч Израилийн хаан Ахабт ирэн, —ЭЗЭН ийн айлдаж байна. "Чи ийм их цэргийг үзсэн үү? Харагтун. Өнөөдөр би тэднийг чиний гарт оруулж, чи Миний ЭЗЭН мөн болохыг мэднэ" хэмээв гэж хэлэв. 14 Ахаб —Хэнээр үүнийг хийлгэх вэ? гэсэнд эш үзүүлэгч —ЭЗЭН ийн айлдаж байна. "Мужуудын захирагчдын дундах залуусаар үүнийг хийлгэнэ" хэмээв гэж хариулав. Тэгэхэд Ахаб —Хэн тулааныг эхлүүлэх вэ? гэсэнд эш үзүүлэгч —Та гэж хариулав. 15 Ингээд Ахаб мужуудын захирагчдын дундаас залуусыг цуглуулахад хоёр зуун гучин хоёр хүн байв. Тэдний дараа тэрээр бүх хүмүүсийг буюу Израилийн бүх хөвгүүдийг цуглуулахад долоон мянган хүн байв. 16 Ахабын цэргүүд үд дунд довтолгоогоо эхэлжээ. Тэр үед Бен-хадад өөрт нь тусалж буй гучин хоёр хаадын хамт цацартаа архидан согтуурч байлаа. 17 Мужуудын захирагчдын дундах залуу тэргүүлэн хөдлөв. Бен-хадад туршуулуудыг илгээхэд тэд —Самариас хүмүүс гарч, ирж байна гэж мэдэгджээ. 18 Бен-хадад —Тэд найрамдахаар ирсэн ч бай, дайтахаар ирсэн ч бай тэднийг амьдаар нь барьж ав гэж тушаав. 19 Мужуудын захирагчдын дундах залуус араасаа цэргүүдийг дагуулан хотоос гарчээ. 20 Тэд тус бүр нэг дайсныг алжээ. Арамейчууд зугтаж, израильчууд тэдний хойноос хөөлөө. Арамын хаан Бен-хадад морин цэргүүдийн хамт мориндоо мордон зугтжээ. 21 Израилийн хаан довтолж морьд болон тэрэгнүүдийг цохьсон бөгөөд арамейчуудыг үй олноор устгав. 22 Тэгэхэд эш үзүүлэгч Израилийн хаанд ойртон ирж, түүнд —Явж, өөрийн хүчийг сэлбээд, юу хийх ёстойгоо харан хүлээгтүн. Ирэх жилийн эхэнд Арамын хаан чиний эсрэг довтлон ирнэ гэв. 23 Арамын хааны түшмэд хаандаа —Тэдний бурхад уулын бурхад учир тэд биднээс хүчтэй байсан юм. Харин тэдэнтэй тал газарт тулалдахыг бидэнд зөвшөөрвөл бид үнэхээр тэднээс хүчтэй байх болно. 24 Үүнийг хийгтүн. Бүх хаадыг тушаалаас нь буулган, оронд нь өөр ахмадуудыг тавь. 25 Алдсан цэргээ, морийг мориор, тэргийг тэргээр нь нөхөж цуглуул. Тэгээд израильчуудтай тал газарт тулалдах бөгөөд бид үнэхээр тэднээс хүчтэй байх болно гэв. Хаан тэднийг сонсож, тийнхүү хийв. 26 Дараагийн жилийн эхэнд Бен-хадад арамейчуудыг цуглуулан, Израилийн эсрэг дайтахаар Афек уруу явлаа. 27 Израилийн хөвгүүд ч цугларан, хоол хүнсээр хангуулан, тэдэнтэй уулзахаар явлаа. Израилийн хөвгүүд тэдний өмнө хоёр хэсэг багахан ямаан сүрэг шиг хуарагнав. Харин арамейчууд тал газрыг дүүргэсэн. 28 Тэгэхэд Бурханы хүн ойртон ирж, Израилийн хаанд хандан —ЭЗЭН ийнхүү айлдаж байна. "Арамейчууд «ЭЗЭН бол уулын бурхан болохоос тал газрын бурхан биш» гэж хэлсэн учир Би энэ их цэргийг чиний гарт өгнө. Тэгээд Намайг ЭЗЭН мөн гэдгийг чи мэдэх болно" хэмээв гэж хэллээ. 29 Долоо хоногийн турш тэд бие биенийхээ эсрэг хуарагнан байв. Долоо дахь өдөр тулалдаан эхэлж Израилийн хөвгүүд нэг өдрийн дотор арамейчуудаас зуун мянган явган цэргийг устгалаа. 30 Харин үлдэгсэд нь Афек хот уруу зугтсан бөгөөд үлдсэн хорин долоон мянган цэргийн дээр хотын хана нуран уналаа. Бен-хадад зугтан, хот дотор нэгэн дотоод танхим уруу орсон байв. 31 Түшмэд нь түүнд —Харагтун. Израилийн гэрийн хаадыг өршөөлт хаад гэж бид сонссон юм. Бид ууц нуруундаа таар өмсөж, толгойдоо олс уяад, Израилийн хаан уруу гарч очъё. Тэрээр таны амийг өршөөж магадгүй гэж зөвлөв. 32 Тэд ууц нуруундаа таар бүсэлж, толгойдоо олс уяж, Израилийн хаанд хүрч очоод, —Таны боол Бен-хадад "Миний амийг өршөөгөөч" хэмээн гуйж байна гэв. Ахаб хаан —Тэр одоог хүртэл амьд байгаа юм уу? Тэр бол миний дүү шүү гэж хэлэв. 33 Тэд үүнийг сайны тэмдэг гэж үзэн, даруй үгийг нь өлгөн авч, —Таны дүү Бен-хадад мөн гэлцэхэд нь хаан —Явж, түүнийг авчир гэж тушаав. Бен-хадад түүн уруу гарч ирэхэд, хаан түүнийг морин тэргэндээ суулгалаа. 34 Бен-хадад түүнд —Миний эцэг чиний эцгээс авсан хотуудыг би буцааж өгөх болно. Мөн Самарид миний эцгийн байгуулсан шиг тийм гудамжнуудыг Дамаскт чи байгуулаарай хэмээв. Ахаб —Би чамайг энэ гэрээгээр чинь суллая гэв. Тэрээр түүнтэй гэрээ байгуулж, түүнийг явууллаа. 35 Эш үзүүлэгчдийн хөвгүүдийн нэг нь нөгөөдөө ЭЗЭНий үгээр —Намайг цохиоч гэсэн боловч нөгөө эр түүнийг цохихоос татгалзав. 36 Тэгэхээр нь өнөөх эш үзүүлэгч түүнд —Чи ЭЗЭНий дуу хоолойг сонсоогүй тул надаас салан явах үедээ чи арсланд бариулан алуулна гэв. Нөгөө эр түүнээс салан одонгуут л арслан гарч ирээд түүнийг барьж алжээ. 37 Дараа нь өнөөх эш үзүүлэгч өөр нэг хүнийг олоод, —Намайг цохиоч гэж гуйсанд нөгөө хүн эш үзүүлэгчийг цохин шархдуулав. 38 Эш үзүүлэгч тэндээс холдож, нүднийхээ дээгүүр боолт ороон зүсээ хувиргаад, замын хажууд хааныг хүлээн зогсов. 39 Хаан хажуугаар өнгөрөх үед, тэрээр хааныг дуудан хашхирч —Таны боол би дайны талбар дээр очсон билээ. Тэгтэл нэг хүн надад олзны хүнийг дагуулан ирээд, "Энэ хүнийг манаж бай. Хэрэв ямар нэг шалтгаанаар энэ хүн зугтвал чиний амь түүний амийн оронд байх болно, эсвэл чи нэг мөнгөн талант төлөх хэрэгтэй" гэсэн билээ. 40 Таны боол энд ч, тэнд ч ажиллаад завгүй байх үед өнөөх хүн зугтаж одсон юм гэв. Израилийн хаан түүнд —Чи өөрөө ингэж шийдсэн тул чамд ирэх шийтгэл ийнхүү байх болтугай гэв. 41 Тэгтэл эш үзүүлэгч нүднээсээ боолтыг мултлан авахад Израилийн хаан түүнийг эш үзүүлэгчдийн нэг болохыг нь танилаа. 42 Тэрээр хаанд —ЭЗЭН ингэж айлдаж байна. "Миний устгахаар шийдсэн хүнийг чи гараасаа мултлан явуулсан тул чиний амь түүний амийн оронд өгөгдөж, мөн чиний ард түмэн түүний ард түмний оронд мөхөх болно" хэмээсэн гэлээ. 43 Израилийн хаан дүнсгэр царайлан, уцаартайгаар гэр уруугаа явж, Самарид ирлээ.

21

1 Түүний дараа ийм нэгэн явдал боллоо. Иезреел хүн Набот нь Иезреелд, Самарийн хаан Ахабын ордны хажууд усан үзмийн цэцэрлэгтэй байжээ. 2 Ахаб Наботад хандан —Таны усан үзмийн цэцэрлэг миний гэртэй ойр тул түүнийг надад өгөөч. Би түүнийг ногооны тариалан болгох гэсэн юм. Би чамд энэ усан үзмийн цэцэрлэгээс илүү сайхныг өгье. Та хүсэж байвал түүний өртгийг мөнгөөр ч төлж болно гэв. 3 Гэвч Набот Ахабт —Эцэг өвгөдийнхөө өмчийг танд өгөх явдлаас ЭЗЭН намайг хол байлгаг гэв. 4 "Эцэг өвгөдийнхөө өвийг би танд өгөхгүй" гэж Иезреел хүн Наботын хэлсэн үгнээс болж Ахаб гэртээ их л дүнсгэр, уцаарлан орж ирэв. Тэрээр орон дээрээ хэвтэж, нүүрээ буруулан хоол ч идсэнгүй. 5 Харин түүний эхнэр Иезебел түүн уруу ирээд, —Юунд чиний сэтгэл дүнсийгээд, чи хоол идэхгүй байгаа юм бэ? гэлээ. 6 Хаан түүнд —Би иезреел хүн Наботтай ярилцаж, түүнд "Усан үзмийн цэцэрлэгээ надад мөнгөөр худалдаач. Эсвэл чамд таалагдвал оронд нь би чамд өөр усан үзмийн цэцэрлэг өгье" гэсэн боловч тэрээр "Би чамд усан үзмийн цэцэрлэгээ өгөхгүй" гэв гэж хариулав. 7 Түүний эхнэр Иезебел түүнд —Чи одоо Израилийг захирч байгаа юм биш үү? Бос, талх ид, зүрх сэтгэлээ баясга. Иезреел хүн Наботын усан үзмийн цэцэрлэгийг би чамд авч өгөх болно гэж хэлэв. 8 Иезебел Ахабын нэрээр захидлууд бичээд, тамгаар нь лацдан Наботтай хамт хотод нь амьдарч байсан ахмадуудад болон язгууртнуудад эдгээр захидлуудыг илгээв. 9 Тэрээр захидлууд дотроо ингэж бичсэн байлаа. "Мацаг барих өдрийг тунхаглан Наботыг хүмүүсийн тэргүүнд суулга. 10 Түүний хажууд хоёр үл бүтэх хүнийг суулгаж, тэд нараар Наботын эсрэг «Чи Бурханыг болон хааныг хараасан» гэж гэрчлүүл. Тэгээд түүнийг гаргаж, чулуудан ал" гэсэн байв. 11 Түүний хотын хүмүүс болох ахмадууд ба язгууртнууд Иезебелийн өөрсдөд нь илгээсэн үгийн дагуу буюу түүний захианд бичсэний дагуу үйлджээ. 12 Тэд мацаг барих өдрийг тунхаглан, Наботыг хүмүүсийн тэргүүнд суулгав. 13 Тэгтэл хоёр үл бүтэх хүн орж ирж, түүний өмнө суув. Тэгээд өнөөх үл бүтэх этгээд нь Наботын эсрэг хүмүүсийн өмнө гэрчлэл хийж, —Набот Бурхан ба хааныг хараасан юм гэв. Тэд Наботыг хотоос гадагш гарган түүн уруу чулуу шидлэн алжээ. 14 Ингээд тэд —Набот уруу чулуу шидэж алжээ хэмээх үгийг Иезебелд илгээжээ. 15 Набот чулуугаар шидүүлэн алуулсан гэдгийг Иезебел сонсоод Ахабт хандан —Босогтун. Иезреел хүн Наботын мөнгөөр өгөхөөс татгалзаад байсан усан үзмийн цэцэрлэгийг өмчлөн аваарай. Учир нь Набот амьд биш, үхсэн билээ гэв. 16 Набот үхсэнийг сонсоод Ахаб босож, иезреел хүн Наботын усан үзмийн цэцэрлэгийг өөрийн болгохоор явав. 17 Тэгэхэд ЭЗЭНий үг тишбе хүн Елиад ирж айлдсан нь — 18 Босогтун. Самарид байгаа Израилийн хаан Ахабтай уулзахаар явагтун. Тэр одоо Наботын усан үзмийн цэцэрлэгийг өөрийн болгон авахаар тэр газарт очоод байгаа. 19 Чи түүнтэй ярихдаа "ЭЗЭН ийн айлдаж байна. «Чи алчихаад, мөн эд хөрөнгийг нь авах нь уу?»". Чи бас түүнд "ЭЗЭН ийн айлдаж байна. «Наботын цусыг ноход долоож буй тэр газарт, чиний цусыг ч бас ноход долоох болно»" гэж хэлээрэй хэмээжээ. 20 Ахаб Елиад —Өө миний дайсан, чи намайг олоод ирэв үү? гэсэнд Елиа —Би чамайг оллоо. Учир нь ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэхээр чи өөрийгөө худалдсан билээ. 21 Үзэгтүн. Би чам дээр гай гамшгийг буулган, чамайг бүр мөсөн шүүрдэн хаях болно. Израиль дахь чөлөөт, боол нь хамаагүй бүх эрчүүдийг Ахабаас би тастан хаях болно. 22 Чи Израилиар гэм үйлдүүлэн, Миний уурыг хүргэсэн учир Би чиний гэрийг Небатын хүү Иеробоамын гэр шиг, бас Ахиагийн хүү Баашагийн гэр шиг болгоно. 23 ЭЗЭН бас Иезебелийн тухай айлдахдаа "Иезреелийн хэрмийн дэргэд ноход Иезебелийг зулгаах болно" гэв. 24 Ахабт хамаарах хүмүүсээс хэн нэгэн хот дотор үхэх аваас хүүрийг нь ноход идэж, талд үхсэн нэгнийг нь огторгуйн шувууд тоншин идэх болно гэж хэлэв. 25 Ахабтай адил эхнэр Иезебелийнхээ уруу таталтанд автан ЭЗЭНий мэлмийн өмнө бузар муу үйл хийхээр өөрийгөө худалдсан хүн урд өмнө байгаагүй билээ. 26 Израилийн хөвгүүдийн өмнө ЭЗЭНий хөөн зайлуулсан аморичуудын бүхий л үйлдлийн дагуу Ахаб шүтээнд мөргөхдөө маш бузар зүйлийг хийсэн юм. 27 Ахаб эдгээр үгийг сонсмогцоо хувцсаа уран, таар өмсөж, мацаг барин, тааран хувцастайгаа хэвтэж, цөхрөн явах болжээ. 28 Тэр үед ЭЗЭНий үг тишбе хүн Елиад ирж — 29 Миний өмнө Ахаб өөрийгөө хичнээн даруу болгосныг чи харж байна уу? Тэр өөрийгөө Миний өмнө даруу болгосон тул Би түүнийг амьд байхад нь гай гамшиг буулгахгүй, харин түүний хүүгийн үед гэр дээр нь гай зовлон авчирна гэв.

22

1 Арам Израилийн хооронд дайн дажин бололгүй гурван жил өнгөрөв. 2 Гурав дахь жил нь Иудагийн хаан Иехошафат Израилийн хааныг зорьж ирэв. 3 Израилийн хаан өөрийн түшмэддээ —Рамот-гилеад бидэнд харьяалагддаг боловч түүнийг Арамын хааны гараас авах гэж бид юу ч хийхгүй байсаар байгааг та нар мэдэх үү? гэв. 4 Тэрээр Иехошафатад хандан —Рамот-гилеадад байлдахаар чи надтай хамт явах уу? гэхэд Иехошафат Израилийн хаанд —Би бол чи, миний хүмүүс бол чиний хүмүүс бөгөөд миний морьд ч чиний морьд мэт билээ гэв. 5 Үүнээс гадна, Иехошафат Израилийн хаанд —Эхлээд ЭЗЭНий үгийг мэдэхийн тулд асууж өгөөч гэж хэлэв. 6 Тэгэхэд Израилийн хаан дөрвөн зуугаад эш үзүүлэгчдийг хамтад нь цуглуулаад, тэднээс —Би Рамот-гилеадын эсрэг байлдахаар мордох уу, эсвэл түдгэлзэх үү? хэмээн асуусанд тэд —Явагтун. Учир нь ЭЗЭН тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав. 7 Гэвч Иехошафат —Бидэнд асуучихаар ЭЗЭНий өөр нэг эш үзүүлэгч энд алга уу? хэмээн асуулаа. 8 Израилийн хаан Иехошафатад —ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг эш үзүүлж байгаагүй, харин бузар мууг хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр бол Имлахын хүү Микаиа юм хэмээн өгүүлжээ. Харин Иехошафат түүнд —Хаан хүн ингэж ярьж боломгүй гэжээ. 9 Тэгэхэд Израилийн хаан түшмэлээ дуудан, —Имлахын хүү Микаиаг хурдан авч ирэгтүн хэмээн тушаав. 10 Тэр үед Израилийн хаан болон Иудагийн хаан Иехошафат нар ёслолын дээлээ өмсөн, Самари хотын хаалганы үүдэнд, үтрэмд өөр өөрсдийн сэнтийнд заларсан байв. Эш үзүүлэгчид бүгд л тэдний өмнө эш үзүүлцгээж байлаа. 11 Хенаанагийн хүү Зедекиа өөртөө төмөр эврүүдийг хийж, —ЭЗЭН ийн айлдаж байна. "Эдгээрээр та арамейчуудыг устгаж дуустал нь нэвт сүлбэгтүн" хэмээв гэжээ. 12 Бүх эш үзүүлэгчид —Рамот-гилеад уруу явж, амжилт ол. Учир нь ЭЗЭН тэр хотыг хааны гарт өгнө гэж эш үзүүлцгээж байлаа. 13 Микаиаг дуудахаар явсан элч түүнд хандан —Харагтун, эш үзүүлэгчдийн үгс хааны таалалд ижил нийцэж байна. Таны үгс ч тэдний нэгний үгтэй адил байж, хааны таалалд нийцүүлэгтүн гэв. 14 Харин Микаиа —ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. ЭЗЭНий надад юу хэлснийг би ярих болно гэлээ. 15 Түүнийг хааны өмнө ирэхэд, хаан түүнээс —Микаиа, бид Рамот-гилеадыг довтлохоор хөдлөх үү, эсвэл татгалзах уу? гэж асуусанд Микаиа түүнд —Явж, ялагтун. ЭЗЭН тэр газрыг хааны гарт өгөх болно гэжээ. 16 Хаан түүнд —ЭЗЭНий нэр дээр надад зөвхөн үнэнээс өөр юуг ч хэлэхгүй байхыг би чамд хичнээн гуйх юм бэ? хэмээв. 17 Микаиа хариуд нь —Бүх Израиль хоньчингүй хоньд мэт уулсын оройгоор тархан явахыг би харсан билээ. ЭЗЭН айлдахдаа "Тэдэнд эзэн байхгүй. Тэд бүгд өөр өөрсдийн гэр уруу амар тайван харьцгааг" гэв хэмээн өчлөө. 18 Тэгэхэд Израилийн хаан Иехошафатад —Тэр миний тухай сайн юм эш үзүүлдэггүй, харин бузар мууг л эш үзүүлдэг гэж би чамд хэлсэн биш бил үү? гэв. 19 Микаиа —Тийм учраас ЭЗЭНий үгийг сонсогтун. ЭЗЭН сэнтийндээ залран, Түүний хажуугаар баруун, зүүн талаар тэнгэрийн бүх дайчид хүрээлэн зогсож байхыг би харсан юм. 20 ЭЗЭН "Хэн Ахабыг явуулж, Рамот-гилеадад унагахаар уруу татах вэ?" хэмээн асуулаа. Нэг нь "Би тэгье" гэхэд нөгөө нь өөр юм хэлж байлаа. 21 Тэгтэл нэг сүнс урагш гарч ирэн, ЭЗЭНий өмнө зогсоод, "Би түүнийг уруу татъя" хэмээв. 22 ЭЗЭН түүнээс "Яаж?" хэмээн асуухад тэрээр хариуд нь "Би явж, түүний бүх эш үзүүлэгчдийн аманд хуурдаг сүнс болно" гэв. ЭЗЭН түүнд "Чи түүнийг уруу татаж, ятгагтун. Явж, үүнийгээ хийгтүн" хэмээлээ. 23 Тиймээс одоо үзэгтүн, ЭЗЭН эдгээр бүх эш үзүүлэгчдийн тань аманд хуурдаг сүнсийг хийсэн билээ. ЭЗЭН таны эсрэг гай гамшгийг тунхаглажээ гэв. 24 Тэгэхэд Хенаанагийн хүү Зедекиа дөхөн ирж, Микаиагийн хацрыг алгадаад —ЭЗЭНий Сүнс чамд ярихаар надаас яаж ирсэн бэ? гэв. 25 Микаиа —Үзэгтүн, дотоод өрөө уруу нуугдахаар орох тэр өдөр чи ойлгоно гэв. 26 Израилийн хаан —Микаиаг аваад, хотын захирагч Амон болон хааны хүү Иоаш уруу буцаагтун. 27 Мөн "Хаан тушаахдаа «Намайг эсэн мэнд буцан иртэл энэ хүнийг шоронд байлган, зөвхөн талх усаар хомсхон тэжээ» гэж байна" гэж хэл гэв. 28 Микаиа —Хэрэв та үнэхээр эсэн мэнд буцаж ирвэл ЭЗЭН надаар дамжуулан яриагүй гэсэн үг гээд, —Бүх ард түмэн, сонсогтун гэв. 29 Ингээд Израилийн хаан, Иудагийн хаан Иехошафат нар Рамот-гилеадын эсрэг хөдлөв. 30 Израилийн хаан Иехошафатад хандан —Би зүсээ хувиргаад, тулалдаанд орно, харин та өөрийн нөмрөгүүдээ өмсөгтүн гэв. Израилийн хаан зүсээ хувиргаад тулалдаанд орлоо. 31 Арамын хаан морин тэрэгнүүдийнхээ гучин хоёр ахмадуудад тушаан, —Та нар бага томтой нь бүү тулалд, харин зөвхөн Израилийн хаантай л тулалдагтун гэв. 32 Морин тэрэгний ахмадууд Иехошафатыг хараад, —Тэр хүн Израилийн хаан мөн байна гээд түүнтэй тулалдахаар эргэтэл Иехошафат хашхирчээ. 33 Морин тэрэгний ахмадууд түүнийг Израилийн хаан биш болохыг мэдэнгүүтээ түүнийг хөөхөө болин эргэв. 34 Нэгэн цэрэг нум сумаараа харваад орхитол, Израилийн хааныг хуягных нь завсраар оножээ. Хаан морин тэрэгнийхээ хөтөчид —Эргээрэй, намайг тулалдааны талбараас авч гар. Би хүнд шархадлаа гэж хэлэв. 35 Тэр өдөр тулаан ширүүсэж, хаан арамейчуудын өмнө тэргэн дотроо тэргээ налж байгаад, орой болоход нас барлаа. Шархнаас нь урсах цус тэрэгний ёроолд тунасан байв. 36 Тэгтэл нар шингэхийн алдад —Бүгд өөр өөрийн хот уруу, тус тусын нутаг уруу явцгаа гэх дуу бүх л цэргийн хуарангаар тархав. 37 Хаан үхэж, хүмүүс түүнийг Самарид авчран оршуулжээ. 38 Тэд Самарийн цөөрмийн дэргэд хааны тэргийг угаахад ноход түүний цусыг долоож байсан нь ЭЗЭНий хэлсэн үгийн дагуу болсон юм. (Тэнд янхнууд усанд ордог байв.) 39 Ахабын бусад үйлс, хийсэн бүх ажлууд, түүний босгон барьсан зааны ясан ордон болон бүх хотуудын тухай Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү? 40 Ахаб эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүний хүү Ахазиа орыг нь залгамжлан, хаан болжээ. 41 Израилийн хаан Ахабын дөрөвдүгээр жилд Асагийн хүү Иехошафат Иудагийн хаан болов. 42 Иехошафат хаан болохдоо гучин таван настай байсан бөгөөд хорин таван жил Иерусалимд хаанчлав. Түүний ээж нь Шилхийн охин Азуба юм. 43 Иехошафат өөрийн эцэг Асагийн бүх замаар замнаж, ЭЗЭНий мэлмийн өмнө зөвийг үйлдсэнээрээ тэр замаас гажаагүй. Гэвч тэрээр мөргөлийн өндөрлөгүүдийг устгаж зайлуулаагүй бөгөөд ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөн, утлага уугиулсаар л байв. 44 Иехошафат мөн Израилийн хаантай эв найрамдлыг тогтоов. 45 Иехошафатын бусад үйлс түүний үзүүлсэн хүч чадал, хэрхэн дайтан тулалдсан зэрэг нь Иудагийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү? 46 Эцэг Асагийнх нь үед үлдсэн содомчуудыг Иехошафат нутгаасаа хөөн гаргасан юм. 47 Тэр үед Едомд хаан байгаагүй бөгөөд захирагч нь хаанчилдаг байв. 48 Иехошафат Офироос алт авчруулахаар Таршишийн усан онгоцнуудыг босгосон боловч тэдгээр нь Езион-деберт сүйрсэн учир явж чадсангүй. 49 Тэгэхэд Ахабын хүү Ахазиа Иехошафатад —Миний зарц нарыг өөрийнхөө зарц нарын хамт хөлөг онгоцоороо явуулаач хэмээсэн боловч Иехошафат хүсээгүй юм. 50 Иехошафат эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, эцэг Давидынхаа хотод эцэг өвгөдтэйгөө оршуулагджээ. Түүний орыг залгамжлан хүү Иехорам нь хаан болов. 51 Иудагийн хаан Иехошафатын арван долдугаар жилд Ахабын хүү Ахазиа нь Самарид Израилийн хаан болов. Тэрээр хоёр жил Израилийг захирчээ. 52 Тэрээр ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэн өөрийн эцэг, эх болон Израилийг гэмд унагасан Небатын хүү Иеробоамын замаар замнасан юм. 53 Тэрээр Баалд үйлчлэн, мөргөж, эцгийнхээ хийсэн бүхнээр ЭЗЭН Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэжээ.