1 ПЕТР

1

1 Есүс Христийн элч Петрээс Понт, Галат, Каппадок, Ази болон Битун нутгуудаар тархсан, түр суурьшигч нарт: 2 Та нар бол Бурханы урьдаас мэдэх мэдлэгийн дагуу, Сүнсний ариусгалаар Есүс Христэд дуулгавартай байхын тулд болон Түүний цусаар цацуулахын тулд сонгогдсон билээ. Нигүүлсэл ба амар тайван нь та нарт арвижих болтугай. 3 Бидний Эзэн Есүс Христийн Бурхан болон Эцэг магтагдах болтугай. Учир нь Бурхан Өөрийн агуу их өршөөлөөрөө Есүс Христийн үхэгсдээс амилсан амилалтаар дамжуулан биднийг амьд найдвар уруу, 4 мөхөшгүй, бузартаагүй, алга болчихгүй бөгөөд та нарын төлөө тэнгэрт хадгалагдсан өв уруу дахин төрүүлсэн. 5 Эцсийн үед илэрхийлэгдэхэд бэлэн буй авралын төлөө та нар итгэлээрээ Бурханы хүчээр хамгаалагдсан ажээ. 6 Хэдийгээр та нар эдүгээ түр зуур шаардлагатай бол элдвийн зовлонг эдэлж байгаа ч гэсэн үүндээ үлэмж баярладаг. 7 Ингэснээр та нарын итгэлийн баталгаа нь - галаар тунгаагдах боловч мөхөх алтнаас ч - илүү үнэтэй байн, Есүс Христийн илчлэлт дээр магтаал, алдар, хүндэтгэлд хүрэх юм. 8 Та нар Түүнийг хараагүй боловч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа боловч, Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг. 9 Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авна. 10 Энэхүү авралын тухайд гэвэл, та нарт ирэх нигүүлслийн тухай эш үзүүлцгээсэн эш үзүүлэгчид анхааралтай судалж, лавлан, 11 өөрсдийнх нь дунд байсан Христийн Сүнс аль үе болон хэнийг заасныг нягтлан судалжээ. Учир нь Христийн зовлонгууд болон дараа нь байх алдруудыг Тэр урьдаас айлдсан байжээ. 12 Тэнгэрээс илгээгдсэн Ариун Сүнсээр та нарт сайн мэдээг номлосон хүмүүсээр дамжуулан эдүгээ та нарт тунхаглагдсан эдгээр зүйлсэд эш үзүүлэгчид өөрсөддөө бус, харин та нарт үйлчилж байсан нь тэдэнд илчлэгдсэн юм. Тэнгэр элч нар ч эдгээр зүйлсийг харахыг хүсдэг. 13 Тиймээс та нар оюун санаагаа үйлдэлд бэлтгэж, эрүүл ухаантай байж, Есүс Христийн илчлэлт дээр та нарт өгөгдөх нигүүлсэлд найдвараа бүрэн тавь. 14 Дуулгавартай хүүхдүүдийнхээ хувьд, мэдэхгүй байхад чинь та нарт байсан урьдын хүсэл тачаалдаа бүү нийцүүл. 15 Харин та нарыг дуудсан Ариун Нэгэний адил өөрсдийн бүх л зан байдалдаа бас ариун байгтун. 16 Яагаад гэвэл "Би ариун учраас та нар ариун байгтун" гэж бичигдсэн юм. 17 Хэрэв та нар хүн бүрийг үйлсийнх нь дагуу ялгаварлалгүй шүүдэг Нэгэнийг Эцэг гэж дууддаг юм бол, дэлхий дээр байх хугацаандаа эмээн биеэ авч яв. 18 Ингэхдээ та нар эцэг өвгөдөөсөө өвлөсөн өөрсдийн утгагүй амьдралаас алт, мөнгө мэтийн устах зүйлсээр золигдсон бус, 19 харин үнэт цусаар, Христийн цус болох гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганы цусаар золигдсон гэдгээ мэдэгтүн. 20 Учир нь Тэр ертөнцийн сууриас өмнө урьдаас мэдэгдсэн боловч цаг хугацааны төгсгөлд та нарын төлөө үзэгдлээ. 21 Та нар Түүгээр дамжуулан Бурханд итгэгчид юм. Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулж, Түүнд алдрыг өгчээ. Ингэснээр та нарын итгэл ба найдвар Бурханд байх юм. 22 Та нар үнэнд дуулгавартай байн чин сэтгэлээс ах дүүсээ хайрлахын тулд сэтгэлээ ариусгасан учир бие биенээ зүрх сэтгэлээсээ халуунаар хайрлагтун. 23 Учир нь та нар устах үрээс бус, харин үл устах үрээс буюу Бурханы амьд, оршин буй үгээр дамжуулан дахин төрсөн билээ. 24 Учир нь "Бүх махан бие болбоос өвс мэт бөгөөд Бүхий л алдар нь өвс ногооны цэцэг мэт. Өвс ганддаг, цэцэг унадаг. 25 Харин Эзэний үг мөнхөд оршино". Энэ нь та нарт тунхаглагдсан үг мөн.

2

1 Тиймээс та нар бүх л өс хонзон, заль мэх, хоёр нүүр гаргах явдал, атаа жөтөө болон гүтгэлэг бүхнийг хажуу тийш нь тавин, 2 нялх хүүхдүүд шиг үгийн цэвэр сүүг хүс. Ингэснээр та нар үүгээр авралд өсөх юм. 3 Хэрэв та нар үнэхээр Эзэний энэрлийг амссан юм бол... . 4 Хүмүүст гологдсон боловч, харин Бурханы өмнө сонгогдсон, үнэт, амьд чулуу мэт Түүн уруу ирэн, 5 та нар ч мөн амьд чулуунууд мэт Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжит сүнслэг тахилуудыг өргөхийн тулд ариун тахилчийн үүргийн төлөө сүнслэг байшин болон баригдаж байна. 6 Энэ нь Сударт "Харагтун. Би Сионд сонгогдсон, Булангийн үнэт чулууг тавина. Түүнд итгэгч хүн ичгүүрт орохгүй" хэмээн агуулагдсан байдаг. 7 Тиймээс энэхүү хүндэтгэл нь итгэгч та нарын төлөө ажээ. Харин үл итгэгчдэд "Барилгачдын голсон чулуу нь булангийн чулуу болов" 8 гээд "Бүдрүүлэх Чулуу, тээглэх Хад болсон юм" гэжээ. Учир нь тэд үгэнд дуулгаваргүй байдгаас болж бүдэрдэг бөгөөд үүнд тэд томилогдсон аж. 9 Харин та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний давуу чанаруудыг та нар тунхаглах юм. 10 Учир нь та нар урьд нь ард түмэн биш байсан боловч, та нар одоо Бурханы ард түмэн болжээ. Та нар өршөөлийг хүртээгүй байсан боловч одоо та нар өршөөлийг хүртсэн байна. 11 Хайрт хүмүүс ээ, сэтгэлийн чинь эсрэг дайн хийдэг махан биеийн хүсэл тачаалуудыг цээрлэхийг харь хүмүүс болон түр хугацаагаар байгч та нараас би гуйя. 12 Харь үндэстнүүдийн дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг хорон мууг үйлдэгчид хэмээн гүтгэвч, эцэст нь та нарын сайн үйлсийг хараад Түүнийг ирэх өдөр Бурханыг алдаршуулах болно. 13 Эзэний төлөө өөрсдийгөө аливаа хүний ёсонд захируул. Эрх мэдэл бүхий нэгэн болох хаанд ч юмуу, 14 эсвэл зөвийг үйлдэгчдийг магтаж, мууг үйлдэгчдийг шийтгэхийн тулд түүгээр илгээгдсэн захирагчдад ч захируул. 15 Сайныг үйлдсэнээрээ та нар мунхаг хүмүүсийн мэдлэггүй байдлыг дуугүй болгох нь Бурханы хүсэл юм. 16 Чөлөөт хүмүүс мэт бай. Эрх чөлөөгөө муу муухайг далдлах халхавч болгон бүү ашигла, харин Бурханы зарц мэт үүнийг ашигла. 17 Бүх хүнийг хүндэл. Ахан дүүсийн барилдлагааг хайрла. Бурханаас эмээ. Хааныг хүндэл. 18 Боолчууд аа, бүхий л хүндлэлээр зөвхөн сайн, дөлгөөн төдийгүй, бас шударга бус авирлагч эзэддээ ч захирагд. 19 Учир нь хэрэв хүн шударга бусаар зовохдоо Бурханд ханддаг мөс чанараасаа болж тэвчвэл энэ нь тааллыг олдог. 20 Хэрэв та нар нүгэл үйлдээд ширүүн нударгад өртөхдөө тэвчлээ ч, үүнд ямар гавъяа байх билээ? Харин хэрэв та нар зөвийг үйлдээд зовохдоо, үүнийг хүлцэн тэвчвэл, энэ нь Бурханы тааллыг олдог. 21 Учир нь та нар энэхүү зорилгын төлөө дуудагдсан билээ. Яагаад гэвэл та нарыг Өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайллыг үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн. 22 Тэр нүгэл үйлдээгүй, Түүний аманд ямар ч заль мэх олдоогүй. 23 Тэр зүхэгдэж байхдаа, хариуд нь зүхээгүй. Тэр зовон тарчилж байхдаа заналхийлээгүй, харин шударгаар шүүдэг Нэгэнд Өөрийгөө даатгасаар байлаа. 24 Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ. 25 Учир нь та нар хонь мэт төөрсөөр байсан боловч эдүгээ сэтгэлийн чинь Хоньчин болон Харгалзагчид буцаж ирэв.

3

1 Түүнчлэн эхнэрүүд ээ, та нар нөхөртөө захирагд. Ингэх нь нөхрүүдийн чинь зарим нь үгийг дагахгүй байгаа ч гэсэн, тэд үггүйгээр, эхнэрүүдийнхээ биеэ авч явах байдлаар аврагдана. 2 Тэд та нарын журамт байдал болоод эелдэг зан байдлыг чинь ажиглана шүү дээ. 3 Та нарын үс сүлжилт, алтан эдлэл зүүх, эсвэл хувцаслалт гэх мэт чимэглэл чинь зөвхөн гадна талын үзэмж бүү байг. 4 Харин Бурханы өмнө асар үнэтэй болох дөлгөөн болон даруу сүнсний мөхөшгүй чанараар чимсэн зүрхний нуугдмал хүн нь та нарын чимэглэл байг. 5 Учир нь түүнчлэн урьд цагт Бурханд найдвараа тавьсан ариун эмэгтэйчүүд ч нөхрүүддээ захирагдан өөрсдийгөө гоёдог байв. 6 Түүнчлэн Сара Абрахамыг эзэн гэж дуудан, дуулгавартай дагасан юм. Хэрэв та нар ямар ч аюулаас айхгүйгээр зөвийг үйлдвэл, тэр эмэгтэйн хүүхдүүд болно. 7 Нөхрүүд ээ, эхнэр чинь эмэгтэй хүн тул түүнийг өөрөөсөө сул дорой сав мэт үзэн та нар ч мөн адил эхнэртэйгээ ойлголцож амьдар. Амийн нигүүлслийн хамтран өвлөгчийнх нь хувьд түүнийг хүндэтгэ. Ингэвэл та нарын залбиралд саад тотгор учрахгүй. 8 Эцэст нь, бүгд эв найртай, энэрэнгүй, ахан дүүсэг, эелдэг бөгөөд сүнс дотор даруу байцгаа. 9 Ерөөлийг өвлүүлэх зорилгын үүднээс та нарыг дуудсан тул та нар мууг муугаар, эсвэл доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөөгтүн. 10 Учир нь "Амиа хайрлаж, сайн өдрүүдийг үзэхийг хүсдэг хүн Бузар муугаас хэлээ, заль мэхийн үгсээс уруулаа хорьж болиул. 11 Тэгээд бузар муугаас эргэж, сайныг үйлд. Амар тайвныг хай, түүнийг мөшгө. 12 Учир нь Эзэний мэлмий зөвт хүмүүс дээр байдаг. Түүний чих тэдний залбиралд анхаарал тавьдаг. Харин Эзэний царай бузар мууг үйлдэгчдийн эсрэг байдаг" гэжээ. 13 Хэрэв та нар сайны төлөө хичээн зүтгэх аваас хэн та нарт хор учруулах юм бэ? 14 Харин та нар зөвт байдлын төлөө зовлон эдлэхэд хүртэл хүрлээ ч, та нар ерөөлтэй. Тэдний сүрдүүлгээс бүү ай, бүү зов. 15 Харин та нарын доторх найдварын талаар асуух хүн бүрд хариу өгөхөд, гэхдээ дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэйгээр өгөхөд ямагт бэлэн байн Христийг Эзэн хэмээж зүрхэндээ тусгаарлан нандигна. 16 Мөн сайн мөс чанартай бай. Ингэснээр Христ доторх та нарын сайнаар биеэ авч явахыг муучлагчид та нарыг гүтгэсэн зүйлдээ ичих болно. 17 Хэрэв Бурхан таалах аваас та нар мууг үйлдсэнийхээ төлөө зовсноос зөвийг үйлдсэнийхээ төлөө зовсон нь дээр. 18 Учир нь Христ ч биднийг Бурханд аваачихын тулд зөвт нь зөвт бус хүмүүсийн оронд нэг удаа нүглийн төлөө үхсэн. Ингэхдээ махан бие дотор үхэж, сүнс дотор амилуулагдав. 19 Тэрхүү сүнсээр Христ явж, шоронд байгаа сүнснүүдэд тунхаглажээ. 20 Ноагийн өдрүүдэд хөвөгч авдрыг баригдаж байх үед Бурханы тэвчээр нь хүлээсээр байхад эдгээр сүнснүүд нь урьд дуулгаваргүй байв. Тэрхүү хөвөгч авдарт цөөн буюу найман хүн байж, уснаас эсэн мэнд гарчээ. 21 Үүний дүрслэл болох баптисм нь эдүгээ та нарыг авардаг. Баптисм нь махан биеийн бузрыг арилгадаг юм биш, харин Бурханы өмнө сайн мөс чанарын амлалт бөгөөд Есүс Христийн амилалтаар дамжуулан авардаг. 22 Тэрээр Өөрийнх нь эрхэнд тэнгэр элч нар, эрх мэдлүүд болон хүчнүүд захирагдсаны дараа тэнгэрт очоод Бурханы баруун гарт байгаа билээ.

4

1 Иймээс Христ нэгэнтээ махан биеэрээ зовсон тул та нар ч гэсэн ижил зорилгоор өөрсдийгөө зэвсэглэ. Яагаад гэвэл махан биеэрээ зовсон нэгэн нь нүгэл хийхээ больсон. 2 Энэ нь биеэрээ амьдрах үлдсэн хугацаандаа цаашид хүний хүсэл тачаалын төлөө бус, харин Бурханы хүслийн төлөө амьдрахын тулд юм. 3 Учир нь хэдийнээ өнгөрөн одсон үе бол завхайрал, тачаал, архидалт, утга учиргүй найрлан цэнгэх явдал болон ёс бусын шүтээнд мөргөх явдлыг мөшгөн, Харь үндэстнүүдийн хүслийг гүйцэлдүүлэхэд нь та нарын хувьд хангалттай байсан. 4 Энэ бүхэнд тэд та нарыг өөрсөдтэй нь хамт дураараа дургих явдалд холбогдоогүйд гайхширч, муу хэлдэг. 5 Гэвч тэд амьд болоод үхэгсдийг шүүхэд бэлэн байгч Түүнд тайлагнах болно. 6 Учир нь энэ зорилгын үүднээс сайн мэдээ үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан. Ингэснээр тэд махан биеэрээ хүмүүсийн адил шүүгдсэн боловч, Бурханы хүслийн дагуу сүнс дотор амьд байх юм. 7 Бүх юмсын төгсгөл ойр ирчихээд байна. Тиймээс зөв шүүн тунгааж, залбиралдаа эрүүл байгтун. 8 Юуны өмнө, бие биенээ халуунаар хайрла. Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг далдалдаг юм. 9 Гомдлохгүйгээр бие биендээ зочломтгой бай. 10 Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биендээ Бурханы олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд шиг үйлчил. 11 Ярьдаг хүн нь Бурханы үгийг яаж хэлдэгчлэн яриг. Үйлчилдэг хүн нь Бурханаас тэтгэгддэг хүчээр үйлдэг. Тэгээд бүх зүйлсэд Есүс Христээр дамжуулан Бурхан алдаршуулагдах юм. Есүс Христэд алдар ба ноёрхол нь үеийн үед байх болтугай. Амен. 12 Хайртай хүмүүс минь, та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтод ямар нэгэн хачирхалтай юм та нарт тохиолдсон мэт бүү гайх. 13 Харин та нар Христийн зовлонгуудыг хуваалцдагтаа баярла. Ингэснээр мөн Христийн алдар илчлэгдэхэд та нар баяр хөөртэйгөөр баярлах юм. 14 Хэрэв та нар Христийн нэрээс болж зүхэгдвэл ерөөлтэй. Учир нь алдрын ба Бурханы Сүнс та нарын дээр оршдог. 15 Та нараас хэн нь ч алуурчин, эсвэл хулгайч, эсвэл хорон мууг үйлдэгч юм уу, эсвэл бусдын хэрэгт хошуу дүрдэг нэгэн мэт бүү зовог. 16 Хэрэв Христийнх гэдгээсээ болж зовдог бол бүү ич. Харин энэхүү нэрээрээ Бурханыг алдаршуул. 17 Яагаад гэвэл шүүлт Бурханы гэр бүлээс эхлэх цаг нь болжээ. Хэрэв энэ нь биднээс эхэлбэл Бурханы сайн мэдээг дагадаггүй хүмүүсийн төгсгөл юу болох вэ? 18 Хэрэв зөвт хүн арай гэж аврагдах юм бол, бурхангүй хүн болон нүгэлтэн яах болж байна? 19 Тиймээс Бурханы хүслийн дагуу зовогсод зөвийг үйлдэхдээ итгэмжит Бүтээгчид сэтгэлээ даатгаг.

5

1 Тиймээс би та нарын ахлагч, Христийн зовлонгуудын гэрч болон илчлэгдэх алдрыг хуваалцагч болохынхоо хувьд та нарын дундах ахлагчдыг ятгаж байна. 2 Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул. Ингэхдээ албадлагаар бус, харин сайн дураараа, Бурханы хүслийн дагуу харгалзан, хомхой ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр, 3 өөрсдөд чинь даалгасан хүмүүсийг ноёлох бус, харин хонин сүрэгтээ үлгэр дуурайл болон хариул. 4 Тэгээд Ахлах Хоньчинг үзэгдэхэд та нар алдрын гандашгүй титмийг хүлээн авна. 5 Залуус аа, та нар мөн түүнчлэн ахлагчиддаа захирагд. Та бүгд бие биендээ даруу хандах байдлаар өөрсдийгөө хувцасла. Учир нь Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлслээ өгдөг. 6 Иймд Бурханы хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө. 7 Тэр та нарын төлөө санаа зовдог учраас бүх зовнилоо Түүнд үүрүүл. 8 Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг. 9 Харин дэлхийд буй ах дүү нар чинь адилхан зовлонг эдэлж байгааг мэдэн түүнийг бат итгэлээрээ эсэргүүц. 10 Христ дотор та нарыг Өөрийн мөнх алдар уруу дуудсан, бүх нигүүлслийн Бурхан Өөрөө та нарыг түр зуур зовсны дараа та нарыг төгс болгож, бататгаж, бэхжүүлэн байгуулах болно. 11 Ноёрхол нь үеийн үед Түүнд байх болтугай. Амен. 12 Энэ бол Бурханы жинхэнэ нигүүлсэл гэдгийг би та нарт гэрчилж, сургамжлан бидний итгэмжит ах дүү болох (би тэгж үздэг) Силуанаар дамжуулан товчхон бичлээ. Энэ нигүүлсэл дотор бат зогс. 13 Та нартай хамт сонгогдсон Вавилон дахь чуулган болоод мөн миний хүү Марк та нарт мэнд дамжуулж байна. 14 Хайрын үнсэлтээр бие биетэйгээ мэндчилэгтүн. Христ доторх та бүгдэд амар амгалан нь байх болтугай.