1 Ефраимын уулархаг нутгийн Раматаим-зофим нутагт Елкана гэдэг нэртэй хүн байжээ. Тэр хүн Иерохамын хүү, Елихугийн ач, Тохугийн гуч, Ефраим хүн Зуфын жич байв. 2 Елкана хоёр эхнэртэй байсан бөгөөд нэгнийх нь нэр Ханна, нөгөөгийнх нь нэр Пенинна гэдэг байв. Пенинна хүүхэдтэй, Ханна хүүхэдгүй байжээ. 3 Тэр хүн жил бүр Шилод түмэн цэргийн ЭЗЭНд мөргөж, тахил өргөхөөр төрөлх хотоосоо явдаг байлаа. Тэнд Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар ЭЗЭНий тахилч нар байв. 4 Елкана тахил өргөх өдрөө эхнэр Пенинна болон түүний бүх хөвгүүд, охидод хувь хүртээдэг байжээ. 5 Харин Ханнад хоёр хувь илүүг өгдөг байв. Учир нь тэр Ханнад хайртай байсан боловч ЭЗЭН түүний хэвлийг хаасан ажээ. 6 ЭЗЭН хэвлийг нь хаасан учир түүнтэй өрсөлдөгч Пенинна түүнийг бухимдуулахын тулд өддөг байв. 7 Жил бүр тэгдэг байсан бөгөөд Ханна ЭЗЭНий өргөөнд очих болгонд Пенинна түүнийг өддөг байв. Тийм учраас Ханна уйлан, хоол унд ч иддэггүй байжээ. 8 Тэгэхэд түүний нөхөр Елкана түүнд —Ханна, чи юунд уйлж, яагаад хоол, унд ч идэхгүй байна вэ? Юунд зүрх сэтгэл нь уйтгарлана вэ? Би чамд арван хөвгүүнээс дээргүй юү? гэв. 9 Шилод хоол унд идэж ууж дууссаны дараа Ханна босов. Тэр үед тахилч Ели ЭЗЭНий сүмийн хаалганы дэргэдэх суудал дээр сууж байсан билээ. 10 Ихэд шаналсан Ханна ЭЗЭНд залбиран, гашуунаар уйлж байв. 11 Тэр тангараглан, —Түмэн цэргийн ЭЗЭН минь, хэрэв Та шивэгчнийхээ зовлонг үзэж, намайг санан, шивэгчнээ үл мартан, харин Өөрийн шивэгчиндээ хөвгүүнийг өгвөл, би тэр хөвгүүнийг амьдралынх нь бүх өдрийн туршид ЭЗЭНд өгөх бөгөөд түүний толгойд тонгорог ч хүргэхгүй гэв. 12 Ханна ЭЗЭНий өмнө үргэлжлүүлэн залбирч байхад Ели түүний амыг ажиглан харж байв. 13 Ханна зүрх сэтгэл дотроо залбирч, зөвхөн уруул нь хөдөлж, харин дуу нь гарахгүй байсан юм. Тиймээс Ели түүнийг согтуу байна хэмээн боджээ. 14 Ели түүнд —Хэдий болтол чи согтуу байх юм бэ? Дарснаасаа сал гэв. 15 Гэвч Ханна хариуд нь —Үгүй, эзэн минь, миний сүнс шаналж байна. Би дарс ч, архи ч уугаагүй, харин ЭЗЭНий өмнө сэтгэлээ илчилж байна. 16 Шивэгчнээ олиггүй эмэгтэй гэж бүү үзэгтүн. Учир нь сэтгэл ихээр зовниж, өдөөн хатгуулсаар байгаа тул, би өдий хүртэл залбирлаа хэмээлээ. 17 Тэгэхэд Ели хариулан, —Амар амгалан явагтун! Израилийн Бурхан чиний гуйсан гуйлтыг биелүүлэх болтугай! гэв. 18 Тэр эмэгтэй —Шивэгчин тань таны өмнө тааллыг олох болтугай! гэв. Ийнхүү тэр эмэгтэй буцан явж, хоол унд идэж, түүний нүүр царай нь уйтгар гуниггүй болов. 19 Дараагийн өглөө нь тэд эрт босож, ЭЗЭНий өмнө мөргөөд, Рамад байдаг өөрсдийн гэр уруу буцаж ирцгээв. Елкана өөрийн эхнэр Ханнатай унтсан ба ЭЗЭН түүнийг санав. 20 Ханна жирэмсэлсний дараа цаг нь болоход хөвгүүн төрүүллээ. —Би энэ хөвгүүнийг ЭЗЭНээс гуйсан юм гэж өгүүлээд түүнийг Самуел гэж нэрлэв. 21 Дараа нь Елкана амлалтаа биелүүлэн жилийн тахилыг ЭЗЭНд өргөхөөр гэр бүлийн хамт явах боллоо. 22 Харин Ханна нөхөртөө —Энэ хөвгүүнийг хөхнөөс гарах хүртэл би тийшээ явахгүй. Дараа нь би түүнийг дагуулан явж, ЭЗЭНий өмнө аваачиж, тэнд үүрд үлдээнэ хэмээн өгүүлээд явсангүй. 23 Нөхөр Елкана нь түүнд —Чи тааллаараа бол. Хөвгүүнийг хөхнөөс гартал нь энд үлд. Зөвхөн ЭЗЭН үгээр батлах болтугай! гэв. Тийнхүү тэр эмэгтэй үлдэж, хөвгүүнийг хөхнөөс гартал нь хөхүүлж тэжээв. 24 Хөвгүүнийг хөхнөөс гармагц, хэдийгээр тэр нялхаараа байсан боловч Ханна түүнийг мөн гурван настай бух, нэг ефа гурил, нэг тулам дарс авч, Шилод буй ЭЗЭНий өргөөнд түүнийг дагуулан ирэв. 25 Тэгээд тэд бухаа нядалж, хүүг Елид авчирж өгөв. 26 Ханна өгүүлэв. —Эзэн минь ээ! Таны амьд буйгаар тангараглая, Эзэн минь. Би энд, таны дэргэд зогсон ЭЗЭНд залбирч байсан эмэгтэй байна. 27 Энэ хөвгүүний төлөө би залбирсан юм. Өөрөөс нь гуйсан миний гуйлтыг ЭЗЭН биелүүлж өгсөн билээ. 28 Тиймээс би ч мөн энэ хөвгүүнийг нэгэнт ЭЗЭНд зориулсан юм. Энэ хөвгүүн амьд байх цагтаа ЭЗЭНд зориулагдав гэв. Тэр тэнд ЭЗЭНд мөргөв.
1 Дараа нь Ханна залбиран, —Миний зүрх ЭЗЭНд баярлана. Би Таны авралд баясдаг учир миний ам дайснуудынхаа эсрэг зоригтойгоор ярьж, эвэр минь ЭЗЭНд өргөгдөнө. 2 ЭЗЭНтэй адил ариун хэн ч байхгүй. Үнэхээр Тан шиг хэн ч үгүй, мөн бидний Бурхан адил хад гэж байхгүй. 3 Ихэд бардамнан бүү онгирогтун. Ихэмсэг үгсийг амнаасаа бүү гаргагтун. Учир нь ЭЗЭН бол хамгийг мэдэгч Бурхан бөгөөд Тэрээр үйлсийг дэнсэлнэ. 4 Хүчтэний нум хугарч, харин дорой нь хүчийг агсана. 5 Цатгалан байсан нь талхны төлөө өөрсдийгөө хөлсөлцгөөж, харин өлсгөлөн байсан нь өлсөхөө больжээ. Хүүсэр эмэгтэй ч хүртэл долоо төрж, харин олон хүүхэдтэй эмэгтэй зовно. 6 ЭЗЭН үхүүлдэг, бас амьдруулдаг. Үхэгсдийн оронд унагадаг, бас босгодог. 7 ЭЗЭН хоосруулдаг, бас баяжуулдаг. Тэр дорд болгодог, бас өргөмжилдөг. 8 Тэр ядуу нэгнийг шорооноос босгож, үгээгүй нэгнийг үнсэн овооноос өргөж, тэднийг ноёдын хамт суулган, тэдэнд алдрын суудлыг өвлүүлнэ. Учир нь ертөнцийн багана нь ЭЗЭНийх бөгөөд түүний дээр ЭЗЭН дэлхийг тогтоов. 9 ЭЗЭН бурханлаг хүмүүсийнхээ хөлийг хамгаалдаг, харин бузар хүмүүс харанхуйд дуугүй болгогдоно. Учир нь хүн хүчээр үл ялдаг. 10 ЭЗЭНтэй сөргөлдөгчид юу ч үгүй устгагдана. Тэдний эсрэг ЭЗЭН тэнгэрээс аянга буулгана. ЭЗЭН дэлхийн хязгаар хүртэл шүүх болно. Тэр Өөрийн хаанд хүч чадлыг өгч, Өөрийн тосолсон Нэгэний эврийг өргөмжилнө гэв. 11 Дараа нь Елкана Рамад байдаг өөрийн гэртээ харив. Харин хөвгүүн нь тахилч Елигийн өмнө ЭЗЭНд үйлчлэв. 12 Елигийн хөвгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд ЭЗЭНийг мэддэггүй байв. 13 Мөн тахилч нар ард түмэнтэй ингэж харьцдаг байв. Хэн нэгэн хүн тахил өргөх үед, мах чанаж байхад нь тахилчийн зарц гурван салаа сэрээг гартаа барин, хүрч ирдэг байв. 14 Түүгээрээ тогоо, сав, хайруулын таваг, хувин уруу хатгаж, сэрээнд зоогдсон бүхнийг тахилч өөртөө авдаг байв. Тэд Шилод ирсэн бүх израильчуудад ингэж ханддаг байлаа. 15 Түүнээс гадна, хүмүүсийг өөх шатаахаас өмнө тахилчийн зарц ирэн, өргөж буй хүнд —Тахилч нарт шарах мах өг. Тахилч чамаас чанасан мах авахгүй, зөвхөн түүхий мах авна гэдэг байв. 16 Хэрэв тэр хүн түүнд —Эхлээд өөх бүгд шатаг, дараа нь хүссэнээ авагтун гэж хэлбэл тахилчийн зарц —Үгүй, чи үүнийг надад одоо өг. Эс тэгвээс би хүчээр авна гэдэг байв. 17 Ийнхүү эдгээр хөвгүүдийн нүгэл нь ЭЗЭНий өмнө асар их байлаа. Учир нь хүмүүс ЭЗЭНий өргөлийг жигшив. 18 Балчир хөвгүүн Самуел маалинган ефод өмсөн, ЭЗЭНий өмнө үйлчилж байв. 19 Самуелын эх нь түүнд зориулан бяцхан хувцас хийж, жил бүрийн тахил өргөхөөр нөхрийнхөө хамт ирэхдээ жил бүр түүнийгээ авчирж өгдөг байв. 20 Тэгэхэд Елкана болон түүний эхнэрийг Ели ерөөн, —ЭЗЭНд зориулсан хөвгүүний оронд ЭЗЭН энэ эмэгтэйгээс чамд хүүхдүүдийг өгөх болтугай! гэдэг байв. Тэгээд тэд өөрийн гэрт буцдаг байв. 21 ЭЗЭН Ханнаг эргэж, тэрээр жирэмслэн гурван хөвгүүн, хоёр охин төрүүлжээ. Балчир хөвгүүн Самуел ЭЗЭНий өмнө өсөн торнив. 22 Ели их настай болжээ. Өөрийн хөвгүүд нь бүх Израильд юу үйлдэж байгааг, бас хурлын майхны үүдэнд үйлчлэгч эмстэй тэд хэрхэн унтдаг тухай Ели сонсов. 23 Тэрээр хөвгүүддээ —Та нар ийм хэрэг буюу эдгээр бүх ардуудаас сонсож байгаа муу ёрын хэргийг юунд үйлдэнэ вэ? 24 Хүүхдүүд минь, ингэж болохгүй. ЭЗЭНий хүмүүсийн дунд тархаж буй, надад сонсогдсон мэдээ нь сайн юм огт биш. 25 Хэрэв нэг хүн нөгөө хүнийхээ эсрэг нүгэл үйлдвэл, Бурхан түүний төлөө зуучилна. Харин хэрэв хүн ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдвэл хэн түүний төлөө зуучлах вэ? хэмээн сургамжлав. Гэвч тэд эцгийнхээ үгийг сонссонгүй. Учир нь ЭЗЭН тэднийг үхүүлэх гэж байв. 26 Балчир хөвгүүн Самуел улам өсөж торнин, ЭЗЭНд болон хүмүүст хайрлагдав. 27 Тэгэхэд Бурханы хүн Елид ирж, түүнд —ЭЗЭН ийнхүү айлдаж байна "Чиний эцгийн гэр Египетэд Фараоны гэрийн боолчлолд байхад Би Өөрийгөө тэдэнд илэрхийлсэн бус уу? 28 Миний тахилч нар байж Миний тахилын ширээнд очиж, утлагыг шатааж, Миний өмнө ефодыг өмсүүлэхийн тулд Би Израилийн хамаг овгуудаас тэднийг сонгосон бус уу? Израилийн хөвгүүдийн галаар өргөдөг бүх өргөлүүдийг Би чиний эцгийн гэрт өгсөн бус уу? 29 Та нар яагаад Миний орших газарт Миний тушааснаар үйлдэгддэг, Надад өргөсөн өргөл, тахилуудад хөнгөн хандаж, бас Миний ард түмэн Израилийн тахил бүрийн хамгийн сайнаар нь өөрсдийгөө таргалуулснаар өөрийнхөө хөвгүүдийг Надаас илүүд үзэж байна вэ?". 30 Тиймийн тул Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлдаж байна. "Чиний гэр болон чиний эцгийн гэр Миний өмнө мөнхөд явна хэмээн Би чин үнэнээр өгүүлсэн билээ. Харин одоо ЭЗЭН айлдахдаа "Энэ нь Надаас хол байг! Учир нь Намайг хүндэтгэдэг хүнийг Би хүндэтгэнэ. Намайг жигшигчдийг Би үл хайхарна. 31 Харагтун, Би чиний болон чиний эцгийн гэрийн хүчийг тасалж, чиний гэрт хөгшин настай хүн үгүй болох өдөр айсуй. 32 Израилийн төлөө Миний хийдэг бүх сайн сайхны дунд Миний орших газар гамшиг болохыг чи үзнэ. Чиний гэрт хэзээ ч хөгшин настай хүн байхгүй болно. 33 Гэсэн ч Би танайхнаас бүх хүнийг Өөрийн тахилын ширээнээс зайлуулахгүй нь уйлснаас болж чиний нүд сохорч, сэтгэл чинь гансрахын тулд билээ. Чиний гэрийнхэн бүгд ид залуугаараа нас барна. 34 Чиний хоёр хүү Хофни, Финехас нарт тохиолдох зүйл нь чамд тэмдэг болно. Тэр хоёр нэг өдөр үхнэ. 35 Гэвч Миний зүрх болон Миний сэтгэлд байгаа зүйлсийн дагуу үйлдэх үнэнч тахилчийг Би Өөрийнхөө төлөө өргөмжилнө. Би түүнд бат бэх гэрийг барьж өгнө. Тэр үргэлж Миний тосолсон хүний өмнө алхах болно. 36 Чиний гэрт амьд үлдэгсэд бүгд хэсэг мөнгө, зүсэм талхны төлөө ирж, түүнд өвдөг сөгдөн, «Зүсэм талхтай болохын тулд тахилчийн ямар нэгэн ажлыг надад өгөөч» хэмээн гуйх болно" гэсэн гэв.
1 Балчир хөвгүүн Самуел Елигийн өмнө ЭЗЭНд үйлчилж байв. Тэр үед ЭЗЭНий үг ховор, үзэгдлүүд ч цөөн байв. 2 Тэр үед Ели өөрийн газартаа хэвтэж байхад (Нүд нь муудаж эхэлсэн бөгөөд тэрээр сайн харж чадахгүй болсон байв.) 3 мөн Бурханы дэнлүү хараахан унтраагүй үед, Бурханы авдар орших ЭЗЭНий сүмд Самуел хэвтэж байв. 4 ЭЗЭН Самуелыг дуудахад —Би энд байна гэж тэр хэлэв. 5 Тэгээд тэр Ели уруу гүйж очин, —Та намайг дуудсан тул би энд байна гэж өгүүлэв. Харин Ели —Би дуудаагүй. Буцаж яваад хэвтэгтүн гэсэнд Самуел буцаж яваад хэвтэв. 6 ЭЗЭН дахин —Самуел! гэж дуудав. Тиймээс Самуел босож, Ели уруу очин, —Та намайг дуудсан тул би энд байна гэв. Гэвч Ели —Би дуудаагүй. Хүү минь, буцаад хэвтэгтүн хэмээн өгүүлэв. 7 Самуел ЭЗЭНийг хараахан мэддэггүй, ЭЗЭНий үг ч түүнд хараахан илэрхийлэгдээгүй байжээ. 8 Ийнхүү ЭЗЭН гурав дахь удаа Самуелыг дахин дуудахад Самуел босож, Ели уруу очин, —Та намайг дуудсан учир би энд байна хэмээн өгүүлэв. Тэгэхэд балчир хөвгүүнийг ЭЗЭН дуудаж байжээ гэдгийг Ели ойлгов. 9 Ели Самуелд —Явж, хэвт. Хэрэв Тэр чамайг дуудвал "ЭЗЭН минь, айлдаж хайрла. Боол тань сонсож байна" хэмээн өгүүлэгтүн гэв. Ингээд Самуел явж, орондоо хэвтэв. 10 Тэгэхэд нь ЭЗЭН ирж, дэргэд нь зогсоод, урьдын адил —Самуел аа, Самуел аа! гэж дуудав. Самуел —Айлдаж хайрла. Боол тань сонсож байна хэмээн өгүүлэв. 11 ЭЗЭН Самуелд айлдахдаа —Харагтун! Би Израильд нэгэн зүйлийг үйлдэх гэж байна. Түүнийг сонссон бүх хүмүүсийн хоёр чих нь хангинах болно. 12 Тэр өдөр Би Елигийн гэрийн талаар Өөрийн өгүүлсэн бүхнийг эхнээс нь дуустал түүний эсрэг гүйцэтгэнэ. 13 Түүний хөвгүүд өөрсөддөө хараал авчирсан бөгөөд тэр тэднийг зэмлээгүй тул өөрийнх нь мэдсэн гэм нүглийн төлөө түүний гэрийг мөнхөд шийтгэхээр зэхэж байгаа хэмээн Би түүнд айлдсан билээ. 14 Тиймээс Елигийн гэрийн гэм нүгэл нь өргөл, эсвэл тахилаар хэзээ ч цагаатгагдахгүй гэж Би Елигийн гэрт тангараглав гэв. 15 Ийнхүү Самуел өглөө хүртэл унтлаа. Дараа нь ЭЗЭНий өргөөний хаалгыг тэр нээв. Гэвч Самуел энэхүү үзэгдлийг Елид хэлэхээс айж байлаа. 16 Дараа нь Ели Самуелыг дуудаж, —Миний хүү, Самуел аа гэв. Самуел —Би энд байна гэж хариуллаа. 17 Ели —ЭЗЭН чамд айлдсан үг нь юу вэ? Надаас бүү нуугаач. Чамд айлдсан үгсээс ганцыг нь ч гэсэн чи надаас нуувал, Бурхан чамд тэр үгсийн дагуу болон түүнээс ч илүүгээр хандах болтугай гэв. 18 Ийнхүү Самуел юу ч нуулгүй бүгдийг түүнд ярив. Тэгэхэд Ели —Тэр бол ЭЗЭН мөн. Түүнд таалагдсан бүгдийг Тэр үйлдэх болтугай! гэв. 19 Самуелыг ийнхүү өсөж торниход ЭЗЭН түүнтэй хамт байсан ба түүний үгнээс нэгийг нь ч биелэгдээгүй эс хоцров. 20 Данаас Беершеба хүртэлх бүх Израиль Самуелыг ЭЗЭНий эш үзүүлэгч мөн болохыг мэдэв. 21 ЭЗЭН Шилод дахин үзэгдэв. Учир нь ЭЗЭНий айлдсан үгээр Эзэн Шилод Өөрийгөө Самуелд илчлэв.
1 Ийнхүү Самуелын үг Израиль даяар тархав. Израиль филистчүүдтэй тулалдахаар гарч, Ебенезерийн дэргэд буудаллав. Филистчүүд ч Афект буудаллав. 2 Филистчүүд Израильтай уулзан тулалдахаар жагсаалаар иржээ. Тулаан газар авахад, Израиль филистчүүдэд ялагдсан ба филистчүүд дайны талбарт дөрвөн мянга орчим хүнийг алав. 3 Ард олныг хуаранд буцаж ирэхэд Израилийн ахлагчид —ЭЗЭН яагаад өнөөдөр биднийг филистчүүдийн өмнө ялагдалд хүргэв? Шилогоос ЭЗЭНий гэрээний авдрыг өөрсөддөө авчиръя. Тэр нь бидний дунд ирж, биднийг дайснуудын гараас аврах юм хэмээн өгүүлжээ. 4 Тиймээс ард олон Шило уруу хүмүүсийг явуулж, херубуудын дээр орших түмэн цэргийн ЭЗЭНий гэрээний авдрыг тэндээс авч ирэв. Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар Бурханы гэрээний авдрын хамт тэнд байлаа. 5 ЭЗЭНий гэрээний авдрыг хуаранд авчрахад, газар доргитол бүх Израиль уухайлан хашхирав. 6 Филистчүүд тэр их уухайлах дууг сонсоод, —Еврейчүүдийн хуаранд гарсан ийм уухайлах дуу нь юу вэ? гэлцэв. Тэгээд ЭЗЭНий гэрээний авдар хуаранд ирснийг тэд мэдлээ. 7 Филистчүүд —Бурхан тэдний хуаранд залран ирэв хэмээн өгүүлж айцгаав. Тэгээд —Бидэнд гай ирэв. Урьд нь ийм юм тохиолдож байгаагүй. 8 Бидэнд гай ирэв. Хэн биднийг эдгээр хүчит бурхдын мутраас аврах вэ? Эдгээр нь египетчүүдийг цөлд элдэв төрлийн гамшгаар устгасан бурхад мөн билээ. 9 Филистчүүд ээ, эрэлхэг, зоригтой байгтун. Эс тэгвээс еврейчүүд та нарын боол байсны адил та нар еврейчүүдийн боол болно. Эрэлхэг байж, тулалдагтун гэлцэв. 10 Тэгээд филистчүүд тулалдсанд Израиль ялагдан, хүн бүр майхан уруугаа зугтав. Израилиас гучин мянган явган цэрэг алагдсан нь аймшигтай том аллага байлаа. 11 ЭЗЭНий авдар булаагдаж, Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар үхэв. 12 Нэгэн Бениамин хүн байлдааны тэргүүн шугамаас зугтан тэр өдрөө Шилод ирэв. Тэр хувцсаа урж, толгойдоо шороо цацсан байв. 13 Түүнийг ирэхэд Ели замын хажуугийн сандал дээр суун, түүний зүрх Бурханы авдрын төлөө түгшиж байсан учир тэр хичээнгүйлэн харуулдаж байлаа. Тэр хүн хот уруу орж мэдээг дуулгахад, хотынхон бүгд уйлалдан бархиралдав. 14 Ели уйлалдан бархиралдах дууг сонсоод, —Энэ юун дуу шуугиан бэ? хэмээн асуухад, өнөөх хүн яаравчлан ирээд, Елид мэдүүлэв. 15 Ели ерэн найман настай, түүний нүд нь харанхуйлан, юм үзэхээ больсон байв. 16 Тэр хүн Елид —Би байлдааны тэргүүн шугамаас ирээд байгаа нэгэн байна. Би өнөөдөр дайны талбараас зугтаж ирлээ гэсэнд Ели —Юу болсон бэ? Хүү минь гэж асуув. 17 Тэгэхэд мэдээ хүргэж ирсэн хүн —Израиль филистчүүдээс зугтааж, олны дунд аймшигтай том аллага болж, таны хоёр хүү Хофни, Финехас нар үхэж, Бурханы авдар булаагдав гэж хариуллаа. 18 Тэрээр Бурханы авдрын тухай дурьдахад Ели хаалганы хажууд суудлаасаа гэдрэгээ унан, хүзүүгээ хугалж үхэв. Учир нь тэр өндөр настай, хүнд биетэй байжээ. Тэр дөчин жилийн турш Израилийг шүүв. 19 Түүний бэр буюу Финехасын эхнэр нь жирэмсэн, төрөх дөхсөн байлаа. Бурханы авдар булаагдаж, хадам эцэг нь болон нөхөр нь үхсэн тухай мэдээг сонсонгуутаа тэр сөхөрч унан, хүүхдээ төрүүлэв. Учир нь төрөх өвдөлт нь эхэлсэн билээ. 20 Тэр эмэгтэйг үхэх гэж байхад хажууд нь байсан эмэгтэйчүүд —Бүү айгтун. Чи хөвгүүн төрүүлэв гэж хэлсэн боловч тэр хариу ч хэлсэнгүй, анхаарсан ч үгүй. 21 Бурханы авдар булаагдаж, хадам эцэг нь болон нөхөр нь үхсэн тул тэр эмэгтэй —Алдар нь Израилиас салав гээд хөвгүүнийг Ихабод гэж нэрлэв. 22 Тэр эмэгтэй —Бурханы авдар булаагдсан учир алдар нь Израилиас салав хэмээн өгүүлэв.
1 Филистчүүд Бурханы авдрыг олзлон аваад, түүнийг Ебенезерээс Ашдод хот уруу авчрав. 2 Дараа нь филистчүүд Бурханы авдрыг Дагоны дуганд авчран, Дагоны дэргэд тавив. 3 Ашдодчууд дараагийн өглөө эртлэн босож харвал, Дагон ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт уначихсан байв. Тэд Дагоныг авч, байранд нь дахин тавив. 4 Гэвч тэд дараагийн өглөө нь эрт босон харвал, Дагон ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт уначихсан байв. Дагоны толгой болон хоёр гар нь тасарч босгоны дэргэд байсан ба Дагоны их бие нь л үлдсэн байв. 5 Тиймээс Дагоны тахилч нар Дагоны дуганд ирэгч хэн боловч өнөөг хүртэл Ашдодод байдаг Дагоны босгыг алхсангүй. 6 ЭЗЭНий мутар ашдодчуудын дээр хүндээр дарж, Тэр Ашдод болон түүний хязгаар нутгийн хүмүүсийг сүйрүүлж, хавдар өвчнөөр цохив. 7 Ашдодын хүмүүс үүнийг үзээд —Израилийн Бурханы авдрыг бидний дунд үлдээж болохгүй. Учир нь тэр Бурханы мутар бидний дээр болон бидний бурхан Дагонд гай зовлон учруулсан билээ гэцгээв. 8 Тэгээд тэд хүмүүсийг явуулж, Филистийн бүх ноёдыг цуглуулан, —Израилийн Бурханы авдрыг бид яах вэ? гэж асуув. Тэд —Израилийн Бурханы авдрыг Гатад аваачъя хэмээв. Тэд Израилийн Бурханы авдрыг аваачив. 9 Түүнийг Гатад аваачсаны дараа Бурханы мутар энэ хотын эсрэг аймшигтай үймээн авчран, Бурхан энэ хотын хүмүүсийг хөгшин, залуугүй зовоож, тэд бүгд хавдар өвчтэй болов. 10 Тэд Бурханы авдрыг Екрон уруу илгээв. Бурханы авдар Екронд хүрсэнд екрончууд хашхиралдан, —Тэд Израилийн Бурханы авдрыг бидэн уруу авчирсан нь биднийг болон манай ард олныг үхүүлэхийн тулд юм гэцгээв. 11 Тийм учраас тэд хүмүүсийг илгээж, Филистийн хамаг ноёдыг цуглуулан, —Биднийг болон манай ард олныг үхүүлэхгүйн тулд Израилийн Бурханы авдрыг байсан газар уруу нь буцаан явуулагтун хэмээн шаардав. Учир нь хот даяар үхлийн үймээн самуун байв. Бурханы мутар тэнд маш хүндээр тэднийг дарж байв. 12 Үхээгүй хүмүүс нь хавдар өвчинд баригдаж, хотын орь дуу тэнгэрт хадав.
1 ЭЗЭНий авдар филистчүүдийн нутагт долоон сар байлаа. 2 Филистчүүд тахилч нар болон мэргэч төлөгчдийг дуудан, —Бид ЭЗЭНий авдрыг яах вэ? Түүнийг байсан газарт нь яаж буцаахыг бидэнд зааж өгөөч гэжээ. 3 Тэд —Хэрвээ та нар Израилийн Бурханы авдрыг буцаах бол юу ч үгүй хоосон буцааж болохгүй. Харин та нар Түүнд гэмийн тахилыг заавал өргөгтүн! Тэгвэл та нар эдгэрч, Бурханы мутар та нараас яагаад салахгүй байгааг та нар мэдэх болно гэв. 4 Тэгэхэд хүмүүс —Бидний Түүнд өргөх гэмийн тахил нь юу байх вэ? гэж асуув. Тэд —Филистийн ноёдын тоогоор таван алтан хавдар өвчин, таван алтан хулгана хий. Учир нь та бүгдийн дээр болон танай ноёдын дээр нэг л гамшиг буусан билээ. 5 Та нар хавдар өвчнийхөө болон энэ газрыг хоосруулагч хулганыхаа дүрсүүдийг хийж, Израилийн Бурханыг алдаршуулбал, магадгүй та нараас, та нарын бурхдаас, мөн энэ нутгаас Бурхан мутраа холдуулна буй заа. 6 Яагаад та нар египетчүүд болон Фараон сэтгэлээ хатууруулсны адил сэтгэлээ хатууруулна вэ? Бурхан тэдэнд хатуугаар хандахад тэд Израиль хүмүүсийг явуулсан бус уу? 7 Тийм учраас одоо нэг шинэ тэрэг болон буулганд оруулж байгаагүй, тугалтай хоёр үнээг авч бэлтгэ. Үнээнүүдийг тэргэнд хөллөн, тугалуудыг нь салгаж, тугалын хашаанд хий. 8 ЭЗЭНий авдрыг авч, тэргэн дээр тавь. Гэмийн тахил болгон Бурханд буцаах алтан эдлэлээ хайрцагт хийж, авдрын хажууд тавь. Дараа нь үүнийг зөнд нь явуулагтун. 9 Тэр авдар нутгийнхаа замаар Бет-шемеш уруу явахыг харвал, Бурхан бидэнд энэ их гай зовлонг учруулсан гэсэн үг билээ. Харин хэрэв эс явбал биднийг цохьсон нь Түүний мутар биш, энэ нь бидэнд санамсаргүй тохиолдов гэдгийг бид мэдэх болно гэв. 10 Хүмүүс тийнхүү үйлдэж, тугалтай хоёр үнээ авч, тэргэнд хөллөн, тугалуудыг нь тугалын хашаанд хийж түгжжээ. 11 Тэд ЭЗЭНий авдрыг бас алтан хулганууд болон хавдрынхаа дүрсүүдийг хийсэн хайрцгийг тэргэн дээр тавив. 12 Үнээнүүд Бет-шемешийн зүг уруу чигээрээ явж, нэг замаа даган мөөрсөөр цаашлан, баруун тийш ч, зүүн тийш ч эргэсэнгүй. Филистийн ноёд Бет-шемешийн хил хязгаар хүртэл тэдний араас дагаж явав. 13 Бет-шемешийн хүмүүс хөндийд улаан буудайныхаа ургацыг хурааж байгаад, нүдээ өргөн авдрыг харцгаав. Тэд авдрыг хараад ихэд баярлав. 14 Өнөө тэрэг Бет-шемеш хүн Иошуагийн талбайд ирж, нэгэн бул чулууны дэргэд зогсов. Тэр хүмүүс тэрэгний модыг хагалан, үнээнүүдийг ЭЗЭНд шатаалт тахил болгон өргөв. 15 Левичүүд ЭЗЭНий авдар болон түүнтэй хамт байсан алтан эдлэл хийсэн хайрцгийг авч, тэдгээрийг бул чулуун дээр тавив. Бет-шемешийн хүмүүс тэр өдөр ЭЗЭНд шатаалт тахилууд болон өргөгдсөн өргөлүүдийг өргөлөө. 16 Филистийн таван ноён үүнийг үзээд, тэр өдөртөө Екрон уруу буцав. 17 Филистчүүд гэмийн тахил болгон ЭЗЭНд буцаан өгсөн хавдар өвчний алтан дүрсүүд гэвэл нэг нь Ашдодын төлөө, нэг нь Газын төлөө, нэг нь Ашкелоны төлөө, нэг нь Гатын төлөө, нэг нь Екроны төлөө байв. 18 Бас алтан хулганууд нь таван ноёнд харьяалагдах филистчүүдийн бүх хотууд болох бэхлэлттэй хотоос орон нутгийн тосгод хүртэлх хотуудын тооны дагуу байв. ЭЗЭНий авдрыг тавьсан бул чулуу нь өнөөдрийг хүртэл Бет-шемеш хүн Иошуагийн талбайд гэрчлэл болон буй ажээ. 19 Бет-шемешийн хүмүүс ЭЗЭНий авдрын доторхыг харсан тул ЭЗЭН тэдний заримыг цохиж алав. ЭЗЭН ардуудаас тавин мянга далан хүнийг цохиж алав. ЭЗЭН ардуудыг өршөөлгүй хядсанд ардууд гашуудав. 20 Бет-шемешийн хүмүүс —Энэ ариун Бурхан, ЭЗЭНий өмнө хэн зогсож чадах вэ? Тэр Бурхан биднээс хэн уруу очих вэ? гэцгээв. 21 Тиймээс тэд Кириат-иеаримын оршин суугчид уруу элч нарыг илгээж —Филистчүүд ЭЗЭНий авдрыг буцааж авчирлаа. Та нар ирж, үүнийг өөртөө авагтун гэв.
1 Кириат-иеаримын хүмүүс ирж, ЭЗЭНий авдрыг авч, толгод дээрх Абинадабын гэрт авчрав. Түүний хүү Елеазарыг ЭЗЭНий авдрыг хамгаалуулахаар ариусгасан билээ. 2 Авдар Кириат-иеаримд үлдсэн өдрөөс хойш удаан хугацаа өнгөрч, хорин жил болов. Израилийн бүх гэр ЭЗЭНийг санагалзан гашуудлаа. 3 Тэр үед Самуел Израилийн бүх гэртэй ярин, —Хэрэв та нар бүх зүрх сэтгэлээрээ ЭЗЭНд эргэн хандаж байгаа бол, та нар дотроосоо харийн бурхад болон Аштаротыг зайлуулан, зүрх сэтгэлээ ЭЗЭНд хандуулан, зөвхөн Түүнд л үйлчил. ЭЗЭН та нарыг филистчүүдийн гараас аварна гэв. 4 Тийнхүү Израилийн хөвгүүд Баалууд болон Аштаротыг зайлуулан, зөвхөн ЭЗЭНд үйлчлэв. 5 Тэгэхэд Самуел —Бүх Израилийг Мизпад цуглуулагтун! Би та нарын төлөө ЭЗЭНд залбирна гэв. 6 Тэд Мизпад цугларч, ус татаж, ЭЗЭНий өмнө асган, тэр өдөр мацаг барин, —Бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн билээ гэв. Самуел Мизпад Израилийн хөвгүүдийг шүүв. 7 Израилийн хөвгүүдийн Мизпад цугласан тухай филистчүүд сонсоод, филистчүүдийн ноёд Израилийн эсрэг хөдлөв. Израилийн хөвгүүд үүнийг сонсоод, филистчүүдээс айв. 8 Израилийн хөвгүүд Самуелд —Тэр биднийг филистчүүдийн савраас аврахын тулд бидний Бурхан ЭЗЭН уруу бидний төлөө хашхирсаар байгтун гэв. 9 Самуел нэг нялх хурга авч, түүнийг бүхлээр нь шатаан, шатаалт тахил болгон ЭЗЭНд өргөв. Самуел Израилийн төлөө ЭЗЭНд хашхирахад ЭЗЭН түүнд хариулав. 10 Самуел шатаалт тахил өргөж байсан бөгөөд филистчүүд Израильтай тулалдахаар дөхөж ирэв. Гэвч ЭЗЭН тэр өдөр филистчүүдийн дээрээс хүчит аянга буулгаж, тэднийг самгардуулсанд, тэд Израилийн өмнө бут цохигдов. 11 Израилийн эрчүүд Мизпагаас гарч, филистчүүдийг хөөн, Бет-карын бэл хүртэл тэднийг цохив. 12 Дараа нь Самуел нэг чулуу авч, Мизпа Шен хоёрын дунд тавиад, түүнийг Ебенезер гэж нэрлэн, —ЭЗЭН бидэнд энэ газар хүртэл туслав гэжээ. 13 Ийнхүү филистчүүд ялагдаж, Израилийн хязгаар уруу дахин халдаж орж ирсэнгүй. Самуелын амьд байх бүх өдрүүдэд ЭЗЭНий мутар филистчүүдийн эсрэг байв. 14 Израилиас филистчүүдийн булааж авсан Екроноос Гат хүртэлх хотууд Израильд буцан нэгдэв. Израиль филистчүүдийн савраас газар нутгаа чөлөөллөө. Тийнхүү Израиль болон аморичуудын хооронд амар тайван байв. 15 Самуел амьдралынхаа бүх өдрүүдийн турш Израилийг захирчээ. 16 Тэрээр жил бүр Бетел, Гилгал, Мизпагаар тойрон, эдгээр бүх газруудад Израилийг шүүв. 17 Дараа нь Рамад буцдаг байжээ. Учир нь түүний гэр тэнд байв. Тэнд Израилийг тэр шүүв. Тэр тэнд ЭЗЭНд тахилын ширээ босгов.
1 Самуел өндөр настай болж, өөрийн хөвгүүдийг Израилийн шүүгчид болгон томилов. 2 Ууган хөвгүүнийх нь нэр Иоел, удаах хөвгүүнийх нь нэр Абиа байсан бөгөөд тэд Беершебад шүүгчид байв. 3 Харин түүний хөвгүүд нь эцгийнхээ замаар явалгүй, шударга бус олз ашиг хайн эргэж, хээл хахууль аван, шударга ёсыг гажуудуулав. 4 Израилийн бүх ахлагчид цугларан, Рама дахь Самуел уруу иржээ. 5 Тэд түүнд —Та одоо настай болов. Таны хөвгүүд ч таны замаар явахгүй байна. Одоо бусад улсуудын адил биднийг захирах хааныг бидэнд томилж өгнө үү? гэв. 6 Тэд —Биднийг захирах хааныг бидэнд өгнө үү? гэж хэлсэн нь Самуелын сэтгэлд нийцсэнгүй. Самуел ЭЗЭНд залбирлаа. 7 ЭЗЭН Самуелд —Ард олны чамд өгүүлэх бүхний талаарх тэдний дуу хоолойг сонсогтун. Учир нь тэд чамайг үл хэрэгсэж байгаа юм биш, харин тэднийг захирах хаан байхаас Намайг эсэргүүцэж байгаа хэрэг юм. 8 Би тэднийг Египетээс гаргасан өдрөөс өнөөдрийг хүртэл тэдний хийсэн бүх үйлстэй адил тэд Намайг орхин, өөр бурхдад үйлчилсээр ирэв. Тэд чамд мөн адил үйлдэж байна. 9 Тэгэхлээр одоо тэдний дууг сонсогтун. Харин чи тэдэнд хатуу сануулж, тэднийг захирах хааны эрхийг тэдэнд мэдүүлэгтүн хэмээн зарлиг айлджээ. 10 Тийнхүү өөрөөс нь хааныг хүссэн ард түмэнд Самуел ЭЗЭНий бүх үгсийг өгүүлэв. 11 Тэр хэлэхдээ —Та нарыг захирах хааны эрх нь ийм байх юм. Хаан та нарын хөвгүүдийг авч, тэднийг өөрийн морин тэрэгнүүдэд суулган, мориндоо мордуулан, тэд хааны морин тэрэгнүүдийн өмнө явах болно. 12 Хаан өөрийнхөө төлөө мянгат болон тавьтын дарга нарыг томилж, зарим хүнээр газраа хагалуулан, тариагаа хураалгаж, зэр зэвсгээ болон тэрэгнийхээ тоноглолыг хийлгүүлнэ. 13 Хаан бас та нарын охидыг авч, тэд нараар үнэртнийг бэлдүүлэн, хоол хийлгүүлэн, талх бариулна. 14 Хаан та нарын тариалангийн талбай, усан үзмийн болон чидун модны талбайнуудаас хамгийн сайныг авч, өөрийн зарц нарт өгнө. 15 Тэр та нарын үр тариа болон усан үзмийн аравны нэгийг авч, өөрийн түшмэд, зарц нартаа өгнө. 16 Хаан бас та нарын эрэгтэй, эмэгтэй боолууд, хамгийн ажилсаг залуус, илжгийг авч, тэдгээрийг өөрийнхөө ажилд хэрэглэнэ. 17 Тэр та нарын хонин сүргүүдээс аравны нэгийг авч, та нар өөрсдөө түүний боолууд болно. 18 Тэр өдөр болоход та нар өөрсөддөө зориулж сонгосон хаанаас болж хашхирсан ч, тэр өдөр ЭЗЭН та нарт хариу өгөхгүй гэв. 19 Гэсэн ч ард олон Самуелын үгийг сонсохоос татгалзан, —Үгүй. Харин биднийг захирах хаан байх ёстой. 20 Бид ч бусад бүх улс үндэстний адил байж, манай хаан биднийг захирч, бидний тэргүүнд явж, тулалдааныг минь удирдах болтугай гэцгээв. 21 Самуел ард олны өгүүлэх бүх үгсийг сонсоод, тэдгээрийг ЭЗЭНд давтан хэлжээ. 22 ЭЗЭН Самуелд айлдан —Тэдний дуу хоолойг сонсож, тэдэнд хааныг томилогтун хэмээв. Тийнхүү Самуел Израилийн эрчүүдэд —Хүн бүр өөр өөрсдийн хот уруу буцагтун гэж хэлэв.
1 Бениамин овгийн Киш гэдэг нэртэй хүн байжээ. Киш бол Абиелын хөвгүүн, Зерорын ач, Бехоратын гуч, Афиагийн жич, бениаминчуудын хөвгүүн бөгөөд эр зоригтой хүн байв. 2 Киш нэг хүүтэй бөгөөд түүний нэрийг Саул гэдэг байв. Саул бол шилдэг, сайхан залуу бөгөөд Израилийн хөвгүүдийн дотор түүнээс илүү сайхан залуу үгүй байв. Тэр бүх ардуудаас мөрөөрөө илүү өндөр байлаа. 3 Нэг удаа Саулын эцэг Кишийн илжигнүүд нь алга болжээ. Киш өөрийн хүү Саулд —Зарц нараас нэгийг дагуулан босож, илжигнүүдээ эрэхээр яв гэжээ. 4 Тэд Ефраимын уулархаг нутгаар, бас Шалишагийн нутгаар дамжин явсан боловч илжигнүүдээ олсонгүй. Дараа нь тэд Шалимын нутгаар явсан боловч илжигнүүд тэнд байсангүй. Тэгээд тэр Бениамины нутгаар яваад ч илжигнүүдээ олсонгүй. 5 Тэд Зуфын нутагт ирэхэд Саул зарцдаа —Одоо буцацгаая. Эс тэгвэл эцэг маань илжигнүүддээ биш, харин бидэнд санаа зовох болно гэв. 6 Зарц нь түүнд —Хүлээгтүн. Энэ хотод Бурханы хүн бий. Тэр бол хүндтэй хүн. Тэр хүний хэлсэн бүгд нь заавал биелдэг. Одоо тийшээ явцгаая. Бидний явах ёстой аян замын талаар тэр хэлж өгч магадгүй юм гэв. 7 Тэгэхэд Саул зарцдаа —Харин хэрэв бид очвол, тэр хүнд юу аваачиж өгөх вэ? Бидний богцон дахь талх ч дуусчихсан. Бурханы хүнд барих бэлэг ч байхгүй. Бидэнд юу байгаа билээ? гэв. 8 Зарц нь Саулд дахин хариулж, —Харагтун. Миний гарт мөнгөн шекелийн дөрөвний нэг байна. Би үүнийг Бурханы хүнд өгч, тэр бидэнд явах замыг минь зааж өгнө гэв. 9 (Урьд Израильд хэн нэгэн хүн Бурханы хүслийг асуухаар очихдоо "Үзмэрчид очъё" гэдэг байжээ. Одоогийн эш үзүүлэгчийг урьдын цагт үзмэрч гэдэг байв.) 10 Тэгээд Саул зарцдаа —Зөв ярьж байна. Одоо явцгаая гэв. Ингээд Бурханы хүн байгаа хот уруу тэд явцгаав. 11 Тэд хот уруу өгсөн явахдаа ус авахаар гарч явсан залуу эмэгтэйчүүдтэй уулзан, тэдэнд —Үзмэрч энд байгаа юу? гэж асуув. 12 Тэд хариулан —Тийм ээ, тэр та нарын урд явж байна. Одоо хурдлагтун, ард олон өнөөдөр мөргөлийн өндөрлөг дээр тахил өргөх тул тэр өнөөдөр хотод ирсэн юм. 13 Та нар хот уруу ормогц, түүнийг мөргөлийн өндөрлөг өөд гарч, зоог барихын өмнө түүнтэй уулзах болно. Учир нь тэр тахилыг ерөөх ёстой болохоор түүнийг ирэх хүртэл ард олон зоог барихгүй. Ерөөсний дараа уригдагсад зоог барьж эхэлдэг юм. Тийм учраас одоо явж, түүнтэй уулзагтун гэв. 14 Тийнхүү тэд хот уруу явцгаав. Тэднийг хотод хүрэх үед Самуел мөргөлийн өндөрлөг өөд гарахаар явж байсан бөгөөд тэднийг чиглэн ирсэн билээ. 15 Саулыг ирэхээс нэг өдрийн өмнө ЭЗЭН Самуелд нэгэн зүйлийг илчилж, — 16 Маргааш өдийд Би чам уруу Бениамины нутгаас нэг хүнийг явуулна. Чи түүнийг Миний ард түмэн Израилийг захирах ноён болгон тосол. Тэр Миний ард түмнийг филистчүүдийн савраас аврах болно. Учир нь Миний ард түмний хашхирах дуу Надад хүрч, Би Өөрийн ард түмнээ энэрэв гэжээ. 17 Самуел Саулыг харах үед ЭЗЭН түүнд —Харагтун, Миний чамд хэлсэн хүн энэ байна. Энэ хүн Миний ард түмнийг захирна гэж мэдүүлэв. 18 Саул хаалганы дэргэд Самуел уруу ойртож ирээд, —Үзмэрчийн гэр хаана байгааг надад хэлж өгнө үү гэв. 19 Самуел Саулд хариулан, —Би үзмэрч байна. Миний өмнө ороод мөргөлийн өндөрлөг өөд явагтун. Учир нь өнөөдөр чи надтай хамт хоол идэх болно. Маргааш өглөө би чамайг явуулъя. Чиний зүрх сэтгэлд байгаа бүгдийг хэлэх болно. 20 Гурван хоногийн өмнө алга болсон илжигнүүдийнхээ төлөө бүү санаа зовогтун. Учир нь тэднийг олсон билээ. Израилийн бүхий л хүсэл тэмүүлэл хэний төлөө байна вэ? Энэ нь чиний төлөө болон эцгийн чинь бүх гэрийнхний төлөө бус уу? гэж хэлэв. 21 Саул хариуд нь —Би Израилийн овгуудын дотроос хамгийн бага нь болох Бениамины хөвгүүн бөгөөд миний гэр бүл Бениамин овгийн бүх гэр бүл дотроос хамгийн дорой нь бус уу? Юунд та надад ийнхүү өгүүлнэ вэ? гэв. 22 Тэгээд Самуел Саул болон түүний зарцыг танхимд дагуулан орж, уригдсан гуч орчим эрчүүдийн тэргүүн суудалд суулгав. 23 Самуел тогоочид —Миний чамд өгч "Үүнийг хойш тавь" гэж хэлсэн хувийг авчрагтун гэжээ. 24 Тогооч нь гуя болон түүний дээрх махыг гарган, Саулын өмнө тавив. Самуел хэлэхдээ —Чамд үлдээсэн зүйл энэ байна. Үүнийг өмнөө тавин, зооглогтун. Би зочдыг урьсан гэж хэлснээсээ хойш чамд зориулан үүнийг хойш тавьсан юм гэв. Ийнхүү тэр өдөр Саул Самуелтай хамт хооллов. 25 Тэд мөргөлийн өндөрлөгөөс хот уруу бууж ирээд, Самуел Саултай дээвэр дээр ярилцав. 26 Тэд өглөө эрт бослоо. Үүр цайхад Самуел дээвэр дээр Саулыг дуудан, —Босогтун. Би чамайг үдэж өгье гэв. Саул босож, Самуелтай хамт гудамжинд гарав. 27 Тэд хотын зах уруу явж байхад Самуел Саулд —Биднээс түрүүлээд явахыг зарцдаа хэлэгтүн. Харин чи энд зогсож бай. Би чамд Бурханы үгийг мэдүүлье гэж хэлэв.
1 Дараа нь Самуел савтай тос авч, Саулын толгой дээр цутган, түүнийг үнсээд, —ЭЗЭН Өөрийн өвийн захирагч болгон чамайг тосолсон бус уу? 2 Чи өнөөдөр надаас салж явахдаа Бениамины нутагт Зелза дахь Рахелын булшны дэргэд хоёр хүнтэй уулзана. Тэд чамд "Чиний хайхаар явсан илжигнүүдийг олсон билээ. Харагтун, чиний эцэг илжигнүүддээ санаа зовохоо болин «Би хүүгээ яаж олох вэ?» гэж асууж, та нарын араас санаа зовж байна" гэж хэлэх болно. 3 Чи тэндээс цааш явж, Таборын царс мод хүрэхэд, тэнд Бетел дэх Бурхан уруу явж буй гурван хүнтэй уулзана. Нэг нь гурван ишиг, нөгөө нь гурван талх, гурав дахь нь нэг тулам дарс авч явж байгаа. 4 Тэд чиний мэндийг асууж, чамд хоёр талх өгнө. Чи гараас нь талхыг авна. 5 Дараа нь Филистийн харуулын анги байрладаг, Бурханы даваанд чи хүрнэ. Чамайг тэнд хотод ирмэгц, түрүүндээ ятга, хэнгэрэг, бишгүүр, хуур хөгжим дуугарган, мөргөлийн өндөрлөгөөс бууж байгаа хэсэг эш үзүүлэгчид чамтай уулзана. Тэд эш үзүүлцгээх болно. 6 Тэгэхэд ЭЗЭНий Сүнс чиний дээр хүчтэй бууж, чи тэдэнтэй хамт эш үзүүлж, өөр хүн болж өөрчлөгдөнө. 7 Эдгээр тэмдгүүд чамд ирэхэд, юу дуртайгаа үйлдэгтүн. Учир нь Бурхан чамтай хамт байна. 8 Чи надаас түрүүлж Гилгал уруу уруудна. Харагтун, би шатаалт тахилууд болон эвийн тахилуудыг өргөхөөр чам уруу уруудаж очно. Намайг чам уруу очтол чи тэнд долоо хоног хүлээнэ. Би чиний хийх бүгдийг зааж өгнө гэж хэлжээ. 9 Саул Самуелыг орхин салж явсан тэр үед Бурхан Саулын зүрхийг өөрчлөв. Тэдгээр бүх тэмдгүүд тэр өдөртөө биелэгдэв. 10 Тэд нөгөө даваанд хүрэхэд хэсэг эш үзүүлэгчид түүнтэй тааралдаж, Бурханы Сүнс түүний дээр хүчтэй буусанд тэр ч тэдний дунд эш үзүүлэв. 11 Саулыг урьдаас мэддэг бүх хүмүүс түүнийг одоо эш үзүүлэгчидтэй хамт эш үзүүлж байхыг хараад өөр хоорондоо —Кишийн хөвгүүнд юу тохиолдов? Саул бас эш үзүүлэгчдийн нэг гэж үү? гэлцэв. 12 Тэнд байсан нэгэн хүн —Тэдний эцэг нь хэн бэ? гэв. Тийм учраас —Саул ч бас эш үзүүлэгчдийн нэг гэж үү? гэдэг хэллэг гарчээ. 13 Саул эш үзүүлж дуусаад, мөргөлийн өндөрлөг уруу ирэв. 14 Саулын авга ах түүнээс болон түүний зарцаас —Та нар хаашаа явав? гэхэд Саул —Илжигнүүдээ хайхаар явлаа. Олдохгүй болохоор нь Самуел дээр очоод ирлээ гэж хэлэв. 15 Саулын авга ах нь —Самуелын та нарт юу хэлснийг надад хэлээч гэв. 16 Саул авга ахдаа —Илжигнүүд олдов гэдгийг тэр бидэнд мэдүүлэв гэв. Гэвч Самуелын дурьдсан хаанчлалын талаар Саул авга ахдаа хэлсэнгүй. 17 Үүний дараа Самуел ард олныг Мизпад ЭЗЭН уруу дуудан цуглуулсан билээ. 18 Тэрээр Израилийн хөвгүүдэд —Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлдаж байна. "Би Израилийг Египетээс гаргаж, та нарыг египетчүүдийн савраас болон та нарыг дарлаж байсан бүх хаанчлалуудын савраас аварсан билээ" гэв. 19 Гэтэл бүхий л гай гамшиг, зовлонгоос чинь авардаг өөрсдийнхөө Бурханаас та нар өнөөдөр татгалзсан билээ. Гэсэн ч та нар "Бидний дээр хааныг тавигтун!" гэцгээсэн. Тийм учраас одоо Бурханы өмнө овог болон ураг төрлөөрөө зогсогтун гэж хэлэв. 20 Ингээд Самуел Израилийн бүх овгуудыг ойртуулан дуудуулсан бөгөөд Бениамины овог шавгаар сонгогдов. 21 Дараа нь тэр Бениамины овгийг ураг ургаар нь ойртуулсан бөгөөд Матрийн ураг сонгогдсон билээ. Кишийн хөвгүүн Саул сонгогдов. Харин хүмүүс Саулыг эрж хайсан боловч олсонгүй. 22 Тийм учраас хүмүүс ЭЗЭНээс —Тэр хүн энд ирсэн үү? гэж дахин асуув. ЭЗЭН —Харагтун, тэр ачаан дотор нуугдаж байна гэв. 23 Хүмүүс гүйн очиж, түүнийг тэндээс дагуулан ирэв. Саул ард олны дунд зогсоход, ард олны дундаас мөрөөрөө өндөр байв. 24 Самуел ард түмэнд —ЭЗЭНий сонгосон энэ хүнийг та нар харж байна уу? Үнэхээр бүх ард түмний дунд энэ хүнтэй эн зэрэгцэх хүн үгүй билээ гэж хэлэв. Тиймээс бүх хүмүүс баярлан уухайлж, —Хаан мандтугай! гэв. 25 Дараа нь Самуел ард олонд хаанчлалын тогтоолуудыг мэдүүлж, тэдгээрийг номд бичин, ЭЗЭНий өмнө тавив. Самуел бүх ард олныг гэр гэрт нь буцаав. 26 Саул ч бас Гибеа дахь гэр уруугаа буцлаа. Бурхан зүрхэнд нь хүрсэн эр зоригт хүмүүс түүнийг дагаж явжээ. 27 Харин зарим үл бүтэх этгээдүүд —Энэ хүн биднийг яаж аврах юм бэ? хэмээн түүнийг басамжилж, түүнд ямар ч бэлэг авчирсангүй. Харин Саул дуугүй байв.
1 Аммон хүн Нахаш хүрч ирж, Иабеш-гилеадыг бүслэв. Иабешийн бүх хүмүүс Нахашт —Бидэнтэй гэрээ байгуулбал, бид танд үйлчилье гэцгээв. 2 Харин Аммон хүн Нахаш тэдэнд —Дараах журмаар би та нартай гэрээ байгуулна. Та нарын бүгдийн чинь баруун нүдийг ухаж аван, ингэснээрээ бүх Израиль дээр зэмлэл болгоё гэж хэлэв. 3 Иабешийн ахлагчид түүнд —Израилийн нутаг даяар элч нарыг явуулахын тулд бидэнд долоо хоногийн хугацаа өгөгтүн! Хэрэв биднийг хэн ч аврахгүй бол бид чам уруу гарч очъё гэв. 4 Тэгээд элч нар Саулын Гибеа уруу ирж, тэндхийн бүх хүмүүст эдгээр үгсийг дуулгасанд бүх хүмүүс чанга дуугаар уйлалдав. 5 Саул үхрээ туун, талбайгаас буцаж ирж байв. Саул —Хүмүүс уйлалдаад, юу болж байгаа юм бэ? гэж асуусанд тэд Иабешийн хүмүүсийн үгсийг түүнд хэлж өгөв. 6 Саулыг эдгээр үгсийг сонсоход, Бурханы Сүнс Саулын дээр хүчтэй буув. Саул маш их ууртай болов. 7 Тэр буулгатай үхрүүдийг авч, цавчин хуваагаад, элч нарын гараар Израилийн нутаг даяар илгээж, —Саул болон Самуелын араас үл дагагчийн үхэр үүнтэй адил болно гэж хэлүүлэв. Ард олон ЭЗЭНээс айж, нэгэн хүн мэт ирцгээв. 8 Саул тэднийг Безект тоолов. Израилийн хөвгүүд гурван зуун мянга, Иудагийн эрчүүд гучин мянга байв. 9 Тэд ирсэн элч нарт —Иабеш-гилеадын хүмүүст ийнхүү хэлэгтүн. "Маргааш үд дунд та нар аврагдах болно" гэж хэл гэв. Тийнхүү элч нар буцаж ирэн Иабешийн хүмүүст мэдэгдэхэд, тэд баярлав. 10 Тэгээд Иабешийн хүмүүс —Маргааш бид та нар уруу гарч очно. Та нар өөрсдийн тааллаар биднийг яахаа мэдэгтүн гэж өгүүлэв. 11 Дараагийн өглөө Саул хүмүүсээ гурван анги болгон хуваав. Өглөөний харуулын үеэр тэд хуаран уруу нь цөмрөн орж, үд хүртэл аммончуудыг хядав. Амьд үлдсэн хүмүүс нь бутран тарж, нэг дор хоёр хүн хамт үлдсэнгүй. 12 Тэгэхэд ард олон Самуелд —Өмнө нь Саул биднийг захирах уу?" гэж хэлсэн хүн хаа байна? Тэр хүмүүсийг авчрагтун. Бид тэднийг алах болно гэлцэв. 13 Гэвч Саул —Өнөөдөр хүн алж болохгүй. Учир нь өнөөдөр ЭЗЭН Израильд авралыг гүйцэлдүүлэв гэв. 14 Тэгээд Самуел ардуудад —Гилгал уруу явцгаая. Тэнд очин хаанчлалыг шинэчилцгээе гэж хэлэв. 15 Тийнхүү бүх ардууд Гилгал уруу явж, тэнд Гилгалд ЭЗЭНий өмнө тэд Саулыг хаан болгов. Тэд тэндээ бас ЭЗЭНий өмнө эвийн тахилын өргөлүүдийг өргөж, Саул болон Израилийн бүх хүмүүс аугаа ихээр баярлацгаав.
1 Тэгээд Самуел бүх Израильд хандан —Харагтун! Та нарын надад хэлсэн бүгдийг би сонсож, та нарын дээр хааныг томилов. 2 Одоо та нарын өмнө алхаж яваа хаан энэ байна. Харин Би өтөлж, үс минь бууралтлаа. Мөн миний хөвгүүд ч та нартай хамт байна. Би залуу наснаасаа энэ өдрийг хүртэл та нарын өмнө явлаа. 3 Би энд байна. ЭЗЭНий өмнө болон тослогдсон нэгнийх нь өмнө миний эсрэг гэрчлэгтүн. Би хэний үхрийг, эсвэл хэний илжгийг авсан бэ? Эсвэл би хэнийг хууран мэхэлсэн бэ? Би хэнийг зовоон дарлаж, хэний гараас хээл хахууль авч, өөрийн нүдийг тагласан бэ? Хэрэв тийн аваас, би та нарт буцааж өгье гэв. 4 Хүмүүс —Та биднийг хууран мэхлээгүй, зовоон дарлаагүй, хэний ч гараас юу ч аваагүй гэцгээв. 5 Самуел тэдэнд —Та нар миний гараас юу ч олоогүй явдлын тухайд өнөөдөр та нарын дунд ЭЗЭН гэрч болж, ЭЗЭНий тосолсон хүн мөн гэрч болж байна гэхэд тэд түүнд —Тэр бол гэрч мөн гэцгээв. 6 Тэгэхэд Самуел ард олонд —Мосе, Аарон нарыг томилж, та нарын эцэг өвгөдийг Египетээс авчирсан нь ЭЗЭН мөн юм. 7 Тиймээс одоо босогтун. Та нарт болон та нарын эцэг өвгөдөд үйлдсэн ЭЗЭНий бүх зөв үйлсийн талаар би ЭЗЭНий өмнө та нартай хэлэлцье. 8 Иаковыг Египетэд очсон үед та нарын эцэг өвгөд ЭЗЭНд хашхирсанд та нарын эцэг өвгөдийг Египетээс гаргаж, энэ газарт суурьшуулсан Мосе, Аарон хоёрыг ЭЗЭН илгээв. 9 Гэвч тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНийг мартсанд ЭЗЭН тэднийг Азорын цэргийн жанжин Сисерагийн гарт, филистчүүдийн гарт болон Моабын хааны гарт тушаахад тэд тэдний эсрэг дайтаж байв. 10 Тэд ЭЗЭНд хашхиран "Бид ЭЗЭНийг орхиж, Баалууд болон Аштаротад үйлчилсэн учраас нүгэл үйлджээ. Харин одоо дайсны маань гараас биднийг аварч өгөөч. Бид Танд үйлчилнэ" гэж гуйсан билээ. 11 Тэгэхэд ЭЗЭН Иеруббаал, Бедан, Иефта болон Самуел нарыг илгээж, та нарыг тойрон хүрээлж байсан дайснуудын чинь гараас аварсан билээ. Тэгээд та нар амар тайван амьдарч ирэв. 12 Та нар Аммоны хаан Нахаш та нарын эсрэг ирэхийг хараад, хэдийгээр Бурхан ЭЗЭН хаан чинь байсаар атал "Үгүй, биднийг хаан захирах ёстой" гэж та нар надад хэлэв. 13 Одоо тийм учраас та нарын хүсэж сонгосон хаан энд байна. Харагтун, ЭЗЭН та нарын дээр хааныг тавив. 14 Хэрэв та нар ЭЗЭНээс эмээж, Түүнд үйлчилж, Түүний дууг сонсож, ЭЗЭНий тушаалыг үл эсэргүүцэх бол та нар ч, та нарыг захирах хаан ч Бурхан ЭЗЭНээ дагах болно. 15 Хэрэв та нар ЭЗЭНий дууг үл сонсож, харин ЭЗЭНий тушаалыг эсэргүүцэх аваас, ЭЗЭНий мутар та нарын эцэг өвгөдийн эсрэг байсны адил та нарын ч эсрэг байх болно. 16 Одоо ч гэсэн зогсож, ЭЗЭН та нарын нүдний өмнө үйлдэх энэ их агуу үйлсийг үзэгтүн! 17 Өнөөдөр улаан буудай хураах цаг бус уу? Би ЭЗЭНийг дуудахад, ЭЗЭН аянга цахилгаантай бороо оруулна. Та нар өөрсөддөө хааныг гуйснаар ЭЗЭНий мэлмийн өмнө үйлдсэн бузар муу чинь аугаа их байна гэдгээ ойлгож, ухаарах болно гэв. 18 Тийнхүү Самуел ЭЗЭНийг дуудахад ЭЗЭН тэр өдөр аянга цахилгаантай бороо оруулав. Бүх хүмүүс ЭЗЭН болон Самуелаас маш их айжээ. 19 Тэгээд бүх хүмүүс Самуелд —Бид өөрсөддөө хааныг гуйснаараа өөрсдийн бүх нүгэл дээр энэ бузрыг нэмсэн тул биднийг үхүүлэхгүйн тулд боол биднийхээ төлөө Бурхан ЭЗЭНдээ залбираач гэцгээв. 20 Самуел хүмүүст —Бүү айгтун. Та нар энэ бүх нүглийг нэгэнт үйлдэв. Гэсэн ч та нар ЭЗЭНийг дагахаас эргэхгүй, харин бүх зүрхнээсээ ЭЗЭНд үйлчлэгтүн. 21 Хэрэг үл болох, аврал өгөхгүй, дэмий юмыг дагаж, замаасаа бүү салагтун! Тэд бол дэмий учраас та нарт ямар ч тус болохгүй бөгөөд та нарыг аврахгүй. 22 Учир нь Бурхан агуу нэрийнхээ төлөө Өөрийн ард түмнийг орхихгүй. Учир нь ЭЗЭН та нарыг Өөрийнхөө ард түмэн болгохдоо баяртай байв. 23 Үүнээс гадна, би та нарын төлөө залбирахгүйгээс болж ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэх нь надаас хол байг. Харин би та нарт сайн зөв замыг заана. 24 Зөвхөн ЭЗЭНээс эмээж, бүх зүрхнээсээ үнэн дотор Түүнд үйлчлэгтүн! ЭЗЭН та нарт ямар агуу их зүйлс үйлдсэнийг санагтун! 25 Харин хэрэв та нар буруу зүйлс үйлдсээр байвал, та нар ч, та нарын хаан ч устгагдах болно гэжээ.
1 Саул дөчин насандаа хаан болов. Тэр Израилийг гучин хоёр жил захирав. 2 Саул өөртөө Израилиас гурван мянган эрчүүдийг сонгон авснаас хоёр мянга нь түүнтэй хамт Михмаш болон Бетелийн уулархаг нутагт байсан ба нөгөө нэг мянга нь Ионатантай хамт Бениамины Гибеад байв. Харин үлдсэн хүмүүсийг тэр өөр өөрсдийн майхан уруу нь буцаав. 3 Ионатан Гебад байсан филистчүүдийн харуулын ангийг цохьсон билээ. Филистчүүд үүнийг сонсов. Тэгэхэд Саул орон даяар эвэр бүрээ үлээж, —Еврейчүүд сонсогтун! хэмээн зарлав. 4 Саулыг филистчүүдийн харуулын ангийг цохиж, филистчүүд Израилийг үзэн ядах болсон гэсэн мэдээг бүх Израиль сонслоо. Ард олон Гилгалд байгаа Саул дээр дуудагдан цугларав. 5 Филистчүүд Израильтай байлдахаар цугласан нь гурван мянган тэрэг, зургаан мянган морин цэрэг ба далайн эргийн элс мэт тоо томшгүй олон хүмүүс байв. Тэд ирж, Бет-авены зүүн талд, Михмашт буудаллав. 6 Израиль хүмүүс (ард олон ихээр шахагдсан байв) аюулд учирсныг хараад агуй, хавцал, хадны завсар, газар доорх нүх, худагт нуугдав. 7 Мөн зарим еврейчүүд Иорданыг гаталж, Гад болон Гилеадын нутагт очжээ. Харин Саул Гилгалд байсаар байсан ба түүнийг дагасан бүх хүмүүс чичирч байв. 8 Самуелын тогтоосон хугацаа болох долоо хоног Саул хүлээсэн боловч Самуел Гилгалд ирсэнгүй. Хүмүүс түүнийг орхин тарцгааж байв. 9 Тийнхүү Саул —Шатаалт тахил болон эвийн тахилуудыг надад авчрагтун гэж хэлэв. Тэгээд тэр шатаалт тахил өргөв. 10 Түүнийг шатаалт тахил өргөж дуусаад харахад, Самуел ирэв. Саул түүнийг угтан мэндчилэхээр гарчээ. 11 Харин Самуел —Чи юу хийчихсэн бэ? гэж асуухад, Саул —Хүмүүс намайг орхин, бас та ч тогтоосон хугацаандаа ирсэнгүй бөгөөд филистчүүд Михмашт цугларсныг би үзсэн билээ. 12 Тиймээс би "Одоохон филистчүүд Гилгалд миний эсрэг ирцгээх болно, харин би ЭЗЭНий тааллыг гуйгаагүй" гэв. Тиймээс би аргагүй шатаалт тахил өргөв гэж хариулав. 13 Самуел Саулд —Чи мунхаг хэрэг үйлдэв. Чи Бурхан ЭЗЭНийхээ чамд тушаасан тушаалыг сахьсангүй. Тэгээгүй байсан бол одоо ЭЗЭН Израильд чиний хаанчлалыг мөнхөд тогтоох байсан. 14 Гэвч одоо чиний хаанчлал тогтохгүй. ЭЗЭН Өөртөө Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүнийг олж, тэр хүнийг Өөрийн ард түмний удирдагчаар томилсон. Учир нь ЭЗЭН чамд тушаасныг чи биелүүлсэнгүй гэв. 15 Тэгээд Самуел босож, Гилгалаас Бениамины Гибеад очив. Саул өөртэйгөө хамт байгаа хүмүүсийг тоолбол, зургаан зуугаад хүн байв. 16 Саул болон түүний хүү Ионатан болон тэдэнтэй хамт байсан хүмүүс Бениамины Гебад байхад филистчүүд Михмашт буудалласан хэвээр байв. 17 Филистчүүдийн буудлаас гурван анги болон хуваагдаж, дээрэмчид гарав. Нэг анги нь Офрагийн замаар, Шуалын газрыг чиглэн, 18 нөгөө анги нь Бет-хороны замыг чиглэн, гурав дахь анги нь цөлийн зүгт буй Зебоимын хөндий хязгаар замыг чиглэн гарчээ. 19 Израиль бүх нутгийн хаана нь ч төмрийн дархан байхгүй байв. Учир нь —Тэгэхгүй бол еврейчүүд илд, жад хийх болно гэж филистчүүд хэлжээ. 20 Тиймээс бүх Израиль анжис, зээтүү, сүх, хадуураа ирлүүлэхийн тулд филистчүүд уруу очдог байжээ. 21 Анжис, зээтүү, сэрээ, сүх болон хадуурыг ирлэхэд гуравны хоёртой тэнцэх үнийг төлдөг байв. 22 Тулалдааны өдөр Саул болон Ионатантай хамт байсан ард олны хэнийх нь ч гарт илд ч, жад ч байсангүй. Харин Саул болон түүний хөвгүүн Ионатанд л байв. 23 Филистчүүдийн цэргийн анги Михмашийн гармаар гарав.
1 Нэг өдөр Саулын хөвгүүн Ионатан зэвсэг баригч залуудаа —Явцгаая, нөгөө талд байгаа филистчүүдийн цэргийн анги уруу гатлан очъё гэж хэлэв. Харин энэ тухай Ионатан эцэгтээ мэдэгдсэнгүй. 2 Саул Гибеагийн Мигрон дахь анар модны дор байв. Түүнтэй хамт зургаан зуу орчим хүн байлаа. 3 Шило дахь ЭЗЭНий тахилч байсан Елигийн гуч, Финехасын ач, Ихабодын ах, Ахитубын хөвгүүн Ахиа ефод өмсөж байв. Ионатаны явсныг хүмүүс мэдээгүй байв. 4 Ионатан филистчүүдийн цэргийн анги уруу гатлан очих гэсэн гармын хоёр талд хадан хавцал байсан ба нэг талын хавцлыг Бозез, нөгөө талын хавцлыг Сене гэдэг байжээ. 5 Нэг талын хавцал нь Михмашийн харалдаа хойд талд, нөгөө талын хавцал нь Гебагийн харалдаа өмнөд талд байв. 6 Ионатан зэвсэг баригч залуудаа —Явцгаая. Эдгээр хөвч хөндүүлээгүй хүмүүсийн цэргийн анги уруу гатлан очъё. Бурхан бидний төлөө ажиллаж магадгүй. Олон хүнээр ч, цөөн хүнээр ч аврахад ЭЗЭНд саад болох зүйл үгүй гэж хэлэв. 7 Зэвсэг баригч залуу нь түүнд —Зүрхнийхээ тааллаараа үйлдэгтүн. Явагтун, би таны хүслээр тантай хамт байна гэв. 8 Ионатан —Харагтун, бид тэр хүмүүс уруу гатлан очиж, тэдэнд өөрсдийгөө илчилье. 9 Хэрэв тэд бидэнд "Бид та нар уруу очтол хүлээгтүн" гэж хэлбэл, бид өөрсдийн байх газарт байж, тэдэн уруу очихгүй. 10 Хэрэв тэд "Бидэн уруу ирэгтүн" гэвэл, бид явж очъё. Учир нь ЭЗЭН тэднийг бидний гарт өгсөн билээ. Энэ нь бидэнд тэмдэг болог гэж хэлэв. 11 Тэр хоёр филистчүүдийн цэргийн ангид өөрсдийгөө илчлэхэд, филистчүүд —Харагтун. Еврей хүмүүс нуугдаж байсан нүхнүүдээсээ гарч ирж байна гэв. 12 Тиймээс цэргийн ангийн хүмүүс Ионатан ба зэвсэг баригч уруу хашхиран, —Бидэн уруу ирэгтүн. Бид та нарт нэг юм хэлье гэв. Ионатан зэвсэг баригчдаа —Намайг дагаад явагтун. Учир нь ЭЗЭН тэднийг Израилийн гарт өгөв гэв. 13 Тэгээд Ионатан гар хөлөөрөө авирч түүний зэвсэг баригч араас нь дагав. Филистчүүд Ионатаны өмнө ч унаж, зэвсэг баригч нь ч мөн түүний араас заримыг нь алав. 14 Эхний дайралтаараа Ионатан зэвсэг баригчтайгаа хамт хагас акр газарт хорин хүнийг алав. 15 Хуаранд ч, талд ч, бүх хүмүүсийн дунд айдас нөмөрлөө. Цэргийн анги болон дээрэмчид ч хүртэл чичирч, мөн газар хөдөлснөөс болж аугаа айдас тэднийг нөмрөв. 16 Бениамины Гибеад байгаа Саулын харуулуудыг харахад, тоо томшгүй хүмүүс тарж бутран, нааш цааш гүйлдэж байхыг харав. 17 Саул хамт байсан хүмүүстээ —Өөрсдийгөө тоологтун. Бидний дундаас хэн гарч явсныг харагтун гэж хэлэв. Тэд өөрсдийгөө тоолоход, Ионатан болон түүний зэвсэг баригч хоёр алга байжээ. 18 Саул Ахиад —Бурханы авдрыг энд авчрагтун гэв. Тэр үед Бурханы авдар Израилийн хөвгүүдтэй байв. 19 Саулыг тахилчтай ярилцаж байх зуур филистчүүдийн хуаран дахь үймээн үргэлжлэн, улам ихсэв. Саул тахилч нарт —Гараа авагтун гэж хэлэв. 20 Саул болон түүнтэй хамт байсан бүх хүмүүс цуглаж, дайны талбар дээр очоод хартал филист хүн бүр бие биенийхээ эсрэг илд зөрүүлэн тэнд маш их үймээн самуун болж байв. 21 Урьд филистчүүдийн талд байсан, тэдэнтэй хамт хуаранд ирсэн Еврей хүмүүс хүртэл Саул болон Ионатантай хамт байсан израильчуудтай хамтрахаар эргэн ирцгээв. 22 Ефраимын уулархаг нутагт нуугдаж байсан бүх Израиль хүмүүс филистчүүдийг зугтаасныг сонсоод тэд ч хүртэл тулалдаанд орж филистчүүдийг гэзэг даран хөөв. 23 Ийнхүү тэр өдөр ЭЗЭН Израилийг аварч, тулалдаан Бет-авенаас ч цаашаа үргэлжлэв. 24 Тэр өдөр Израилийн эрчүүд ихэд зүдрэв. Учир нь Саул ард олныг тангараглуулан, —Оройн цагаас өмнө, намайг дайснаасаа өшөөгөө авах хүртэл хоол идсэн аливаа хүн хараагдах болтугай! хэмээн өгүүлэв. Тиймээс хэн ч хоол амссангүй. 25 Нутгийн хүмүүс бүгдээрээ ой уруу ороход тэнд газар дээр зөгийн бал байв. 26 Хүмүүсийг ой уруу ороод харахад зөгийн бал урсаж байсан боловч нэг ч хүн түүнд гар хүрч, гараа амандаа хийсэнгүй. Учир нь хүмүүс тангаргаас айж байв. 27 Харин эцэг нь ард олныг тангараглуулсныг Ионатан сонсоогүй байжээ. Тийм учраас гартаа барьсан таягийн үзүүрийг тэр зөгийн балын сархинагт хийж, зөгийн бал аван гараа амандаа хийхэд, нүд нь гэрэлтэв. 28 Тэгэхэд ардуудын нэг —Таны эцэг ард олныг хатуугаар тангараглуулан "Өнөөдөр хоол идсэн хүн хараагдах болтугай" хэмээн өгүүлсэн билээ гэв. Ард олон ядарсан байв. 29 Тэгээд Ионатан —Миний эцэг энэ улсыг ядраажээ. Би энэ зөгийн балаас жаахан идэхэд миний нүд яаж гэрэлтэж байгааг харагтун. 30 Хэрэв өнөөдөр хүмүүс дайснаас олзолсон олзноосоо дураар идсэн бол ямар ихээр гэрэлтэх байсан бол. Өдий болтол олон филистчүүд алагдаагүй байна хэмээн өгүүлэв. 31 Тэд тэр өдөртөө Михмашаас Аиалон хүртэл филистчүүдийг цохив. Хүмүүс ихэд туйлдсан байв. 32 Хүмүүс олзны юмс уруу шуналтайгаар дайрч, хонь, үхэр, тугалыг барьж, тэр газарт нядалж, тэдгээрийг цустай нь идэв. 33 Дараа нь тэд Саулд —Харагтун. Хүмүүс цустай нь идсэнээрээ ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж байна хэмээн мэдүүлэв. Саул —Та нар итгэл эвдсэн үйлдэл хийжээ. Одоохон над уруу бул чулуу өнхрүүлж авчрагтун гэв. 34 Саул —Хүмүүсийн дунд таран явж, тэдэнд ийн хэлэгтүн "Та нар өөр өөрсдийн үхэр, хонийг над уруу авчирж, энд түүнийг нядалж идэгтүн. Цустай нь идэж ЭЗЭНий эсрэг нүгэл бүү үйлдэгтүн" хэмээн хэл гэж өгүүлэв. Ийнхүү бүх хүмүүс тэр шөнө тус бүр өөрийн үхрийг авчирж, тэнд нядлав. 35 Саул ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгов. Энэ нь түүний ЭЗЭНд зориулан босгосон анхны тахилын ширээ байв. 36 Саул —Шөнөөр филистчүүдийг хөөн явцгааж, үүр цайтал тэднийг дээрэмдэн, тэднээс нэг ч хүнийг үлдээхгүй байцгаая гэхэд ардууд —Та тааллаараа үйлдэгтүн хэмээв. Тиймээс тахилч —Энд Бурханд ойртоцгооё гэв. 37 Саул Бурханаас асуун, —Би филистчүүдийг хөөх үү? Та тэднийг Израилийн гарт өгөх үү? хэмээн асуув. Гэвч Бурхан тэр өдөр Саулд хариулсангүй. 38 Саул —Ард олны ахлагчид аа, та нар бүгд ойртон ирэгтүн. Энэ нүглийг өнөөдөр яаж үйлдсэнийг шалгаж үз. 39 Израилийг авардаг Бурханы амьд буйгаар тангараглая. Үүнийг миний хөвгүүн Ионатан үйлдсэн байсан ч, тэр заавал үхэх болно хэмээв. Гэвч ард олны дотроос түүнд хариулах нэг ч хүн байсангүй. 40 Саул Израилийн бүх хүмүүст —Та нар нэг талд зогсогтун. Би өөрийн хөвгүүн Ионатантай хамт нөгөө талд гаръя гэхэд ардууд Саулд —Та тааллаараа үйлдэгтүн гэв. 41 Саул Израилийн Бурхан ЭЗЭНд —Зөвийг үзүүлэгтүн хэмээн өгүүлэв. Ионатан, Саул хоёр авагдаж, ард олон зөвдөв. 42 Тэгээд Саул —Миний хөвгүүн Ионатан бид хоёрын дунд шавга хаяач гэхэд Ионатан шавгаар авагдав. 43 Саул Ионатанд —Юу үйлдсэнээ надад өгүүлэгтүн гэхэд Ионатан түүнд хариулан, —Би гартаа байсан таягийн үзүүрээр жаахан зөгийн бал авч, үнэхээр амссан. Би энд байна. Одоо би үхэх ёстой гэв. 44 Саул —Ионатан! Чи заавал үхэх ёстой. Эс тэгвээс Бурхан намайг шийтгэх болтугай! хэмээн өгүүлэв. 45 Гэвч ард олон Саулд —Энэ агуу их ялалтыг Израильд авчирсан Ионатан үхэх гэж үү? Ийм юм хол байг. ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Түүний толгойн ганц ширхэг үс ч газарт унахгүй. Учир нь тэр өнөөдөр Бурхантай хамт үүнийг үйлдэв гэлцэв. Ийнхүү ард олон Ионатаныг аварч, тэр үхсэнгүй. 46 Саул филистчүүдийг мөрдөн хөөхөө зогсоож, филистчүүд нутаг уруугаа явцгаав. 47 Саул Израилийн хаан болсноосоо хойш тэднийг хүрээлж байсан бүх дайснууд болох Моаб, Аммоны хөвгүүд, Едомд, Зобагийн хаад болон филистчүүдтэй тулалдаж, хаана ч явсан тэднийг шийтгэж байв. 48 Тэр эр зориг гарган, амалекчуудыг устгаж, Израилийг дээрэмчдийн савраас аврав. 49 Саулын хөвгүүд бол Ионатан, Ишви, Малхи-шуа бөгөөд хоёр охиных нь нэр эгчийнх нь Мераб, дүүгийнх нь Михал. 50 Саулын эхнэрийн нэр нь Ахиноам бөгөөд Ахимаазын охин байв. Цэргийн жанжин нь Нерийн хөвгүүн Саулын авга ах Абнер байв. 51 Киш нь Саулын эцэг бөгөөд Абнерын эцэг Нер нь Абиелын хөвгүүн байлаа. 52 Саулын амьдралын өдрүүдийн туршид филистчүүдийн эсрэг ширүүн тэмцэл явагдаж байв. Эр зоригтой, чадалтай хүнийг хараад, Саул үүнийг өөртөө авдаг байв.
1 Самуел Саулд —Чамайг Өөрийн ард түмэн Израилийн хаан болгон, тослуулахаар ЭЗЭН намайг илгээсэн. Тийм учраас одоо ЭЗЭНий зарлигийг сонсогтун. 2 Түмэн цэргийн ЭЗЭН ийнхүү айлдаж байна. "Израиль Египетээс гарах замд Амалек түүний эсрэг довтолсон учир Израильд үйлдсэн зүйлийнх нь төлөө Би түүнийг шийтгэнэ. 3 Одоо явж, амалекчуудыг бут цохиж, тэдний хамаг юмсыг устгаж, түүнийг бүү өршөөгтүн. Эр, эм, нялхас хүүхдийг нь ч, үхэр ба хонь, тэмээ ба илжиг зэргийг бүгдийг нь ал" хэмээв гэж хэлэв. 4 Тэгээд Саул ард түмнээ дуудаж, Телаимд тэднийг тоолоход, хоёр зуун мянган явган цэрэг, арван мянган Иудагийн эрчүүд байв. 5 Саул Амалекийн хот уруу ирж, талд хүлээж бүгэв. 6 Саул кенчүүдэд —Явцгаа, би та нарыг тэдэнтэй хамт хөнөөхгүйн тулд амалекчуудын дундаас салж, явагтун. Учир нь та нар Израилийн бүх ард олныг Египетээс гарч явах үед тэдэнд элэгсэг хандсан билээ хэмээн өгүүлэв. Тийнхүү кенчүүд амалекчуудын дундаас салж явав. 7 Ийнхүү Саул Хавилагаас Египетийн зүүн талд буй Шурын хязгаар хүртэл амалекчуудыг бут цохив. 8 Тэрээр амалекчуудын хаан Агагийг амьдаар нь олзолж, ард олныг нь үлдээлгүйгээр илдийн ирээр хүйс тэмтрэв. 9 Харин Саул ба түүний ард олон нь Агаг болон хамгийн сайн хонь, үхэр, тарган тугал хурга ба сайн бүхнийг өршөөж, тэр бүгдийг бүрмөсөн устгахыг үл хүссэн юм. Харин тэд зөвхөн хэрэггүй, үнэ цэнэгүй зүйлсийг бүрмөсөн устгав. 10 Тэр үед Самуелд ЭЗЭНий үг ирж, — 11 Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний тушаалыг үл сахив гэв. Самуел санаа зовж, шөнөжингөө ЭЗЭНд хандан уйлав. 12 Самуел Саултай уулзахаар өглөө эрт босов. Нэгэн хүн Самуелд —Саул Кармелд ирж, тэнд өөрийн алдар хүндэд зориулж хөшөө босгов. Тэндээсээ эргэж, Гилгал уруу явлаа хэмээн өгүүлжээ. 13 Самуел Саул уруу очиход Саул түүнд —ЭЗЭН таныг ивээх болтугай! Би ЭЗЭНий тушаалыг сахилаа хэмээн өгүүлэв. 14 Харин Самуел —Тэгвэл миний чихэнд буй хонины майлаан, надад сонсогдож байгаа үхрийн мөөрөлдөөн чухам юу вэ? гэв. 15 Саул —Тэдгээрийг амалекчуудаас авчирсан юм. Учир нь хүмүүс хонь, үхрийн хамгийн сайныг үлдээсэн нь таны Бурхан ЭЗЭНд тахил өргөхийн тулд юм. Гэвч бусдыг нь бид бүрмөсөн устгав хэмээн өгүүллээ. 16 Самуел Саулд —Хүлээгтүн. Урьд шөнө ЭЗЭН надад юу гэж айлдсаныг чамд мэдүүлье гэхэд Саул түүнд —Яригтун хэмээв. 17 Самуел —Хэдийгээр чи өөрийгөө өчүүхэн хэмээн санаж байсан боловч, Израилийн овгуудын тэргүүн болсон бус уу? ЭЗЭН чамайг Израилийн хаан болгож, тосолсон билээ. 18 ЭЗЭН чамайг аян замд илгээн, "Явж, нүгэлтнүүд болох амалекчуудыг устган, тэднийг бүрмөсөн устаж дуустал нь тулалд" гэсэн. 19 Чи юунд ЭЗЭНий дуу хоолойг үл дагаж, харин олзыг шүүрэн авч, ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв? гэжээ. 20 Саул Самуелд —Би ЭЗЭНий дуу хоолойг дагаж, ЭЗЭНий намайг илгээсэн аян замд явсан билээ. Би Амалекийн хаан Агагийг олзлон авчирж, амалекчуудыг бүр мөсөн устгасан билээ. 21 Гэвч ард олон Гилгалд таны Бурхан ЭЗЭНд тахил өргөхийн тулд устгахаар зориулагдсан юмнуудаас шилмэлийг нь хонь, үхэр буюу олзноос заримыг авчирсан билээ хэмээн өгүүлэв. 22 Самуел —ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь ЭЗЭНд шатаалт тахил, өргөлүүдийг өргөж баярлуулахаас илүү бус уу? Харагтун, дуулгавартай дагах нь тахил өргөхөөс илүү, сонсож дагах нь хуцын өөхнөөс илүү. 23 Учир нь тэрслэх нь ид шидийн нүгэл адил, захирагдахгүй байх нь гэм ба шүтээнд мөргөхтэй адил билээ. Чи ЭЗЭНий үгээс татгалзсан тул ЭЗЭН бас чамайг хаан байлгахаас татгалзлаа хэмээн өгүүлэв. 24 Саул Самуелд —Би нүгэл үйлдэв. Би ард олноос айж, тэдний үгийг дагасан учраас ЭЗЭНий тушаал болон таны үгийг үнэхээр зөрчлөө. 25 Тиймээс одоо миний нүглийг уучилж, надтай хамт буцагтун. Би ЭЗЭНд мөргөл үйлдье хэмээн өгүүлэв. 26 Гэвч Самуел Саулд —Би чамтай хамт буцахгүй. Учир нь чи ЭЗЭНий үгээс татгалзсан бөгөөд ЭЗЭН ч чамайг Израилийн хаан байлгахаас татгалзсан билээ гэв. 27 Самуел явахаар эргэтэл Саул Самуелын дээлийн хормойноос зуурч урав. 28 Самуел түүнд —ЭЗЭН өнөөдөр чамаас Израилийн хаанчлалыг таслан авч, түүнийг чамаас илүү сайн, чиний хөршид өгөв. 29 Мөн Израилийн Алдар худал ярихгүй, санаагаа ч өөрчлөхгүй. Учир нь Тэр хүнтэй огт адилгүй бөгөөд санаагаа өөрчилдөггүй хэмээв. 30 Саул —Би нүгэл үйлдэв. Гэвч одоо миний ард олны ахлагчид болон Израилийн өмнө намайг хүндэлж, надтай хамт буцаж, Бурхан ЭЗЭНд мөргөл үйлдүүлж өгнө үү? хэмээн гуйв. 31 Тийнхүү Самуел Саулыг даган хамт буцав. Саул ЭЗЭНд мөргөл үйлдлээ. 32 Түүний дараа Самуел —Амалекчуудын хаан Агагийг над уруу авчрагтун гэв. Агаг түүн уруу баяртайгаар ирж, —Үхлийн зовлон үнэхээр өнгөрлөө хэмээн хэлэв. 33 Самуел —Чиний илд эмэгтэйчүүдийг хүүхэдгүй болгосны адил, эмэгтэйчүүдийн дундаас чиний эх хүүхэдгүй болно хэмээн өгүүлэв. Самуел Агагийг ЭЗЭНий өмнө Гилгалд тас цавчив. 34 Самуел Рама уруу явж, харин Саул нь Саулын Гибеад байдаг гэр уруугаа буцлаа. 35 Самуел нас барах өдөр хүртлээ Саулыг дахин харсангүй. Гэвч Самуел Саулын тухайд ихэд гашуудаж байв. ЭЗЭН ч Саулыг Израилийн хаан болгосондоо харамсав.
1 ЭЗЭН Самуелд айлдаж —Би Саулыг Израилийн хаан байлгахаас нэгэнт татгалзсан учир чи хэдий хүртэл Саулын хойноос гашуудах юм бэ? Эвэртээ тос дүүргэн явагтун. Би чамайг Бетлехемийн хүн Иесси уруу илгээе. Учир нь Би түүний хөвгүүдийн дундаас Өөртөө хааныг сонгосон билээ гэв. 2 Харин Самуел —Би яаж явах вэ? Саул үүний тухай сонсвол намайг алах болно гэв. ЭЗЭН айлдахдаа —Чи эм тугал авч, "ЭЗЭНд тахил өргөхөөр ирлээ" гэж хэлэгтүн. 3 Тахил өргөхдөө Иессиг уригтун. Чиний юу хийхийг Би чамд зааж өгнө. Чи Миний төлөө Миний харуулах хүнд тос цутгагтун! гэв. 4 Ийнхүү Самуел ЭЗЭНий айлдсаныг үйлдэж, Бетлехем уруу ирэв. Хотын ахлагчид түүнийг угтахаар чичирсээр гарч ирэн, —Та энхийн хэргээр ирэв үү? хэмээн өгүүлэв. 5 Самуел —Энхийн хэргээр би ЭЗЭНд тахил өргөхөөр ирлээ. Биеэ ариусган, надтай хамт тахил өргөхөөр ирэгтүн хэмээв. Тэр мөн Иесси болон түүний хөвгүүдийг ариусган, тэднийг тахил өргөхөд урив. 6 Тэднийг орж ирэхэд Самуел Елиабыг хараад —Үнэхээр ЭЗЭНий тослогдсон хүн Өөрийнх нь өмнө байна хэмээн бодов. 7 Гэвч ЭЗЭН Самуелд айлдан —Түүний гаднах байдлыг болон нурууны өндрийг нь бүү харагтун. Би түүнийг үл тоов. Учир нь Бурхан хүнтэй адил хардаггүй. Хүн гаднах төрхийг хардаг бол ЭЗЭН зүрхийг нь хардаг гэв. 8 Тэгэхэд Иесси Абинадабыг дуудан Самуелын урдуур явуулав. Самуел —ЭЗЭН энэ хүнийг ч мөн сонгоогүй байна хэмээн өгүүлэв. 9 Дараагаар Иесси Шаммаг урдуур явуулсан боловч Самуел —ЭЗЭН энэ хүнийг ч мөн сонгоогүй байна хэмээн өгүүлэв. 10 Ийнхүү Иесси долоон хөвгүүнээ Самуелын урдуур явуулсан боловч Самуел Иессид —ЭЗЭН эднийг сонгоогүй гэж өгүүлэв. 11 Самуел Иессид —Хөвгүүд чинь бүгд энд байна уу? гэхэд Иесси —Отгон хөвгүүн минь үлдсэн. Харагтун, тэр хонио хариулж байгаа гэв. Тэгэхэд Самуел Иессид —Хүн явуулж, тэр хөвгүүнийг авчрагтун. Тэр хөвгүүнийг энд иртэл, бид суухгүй хэмээн өгүүлэв. 12 Иесси хүн явуулж, түүнийг авчруулав. Тэр улаа бутарсан, сайхан нүдтэй, сайхан төрхтэй хөвгүүн байв. ЭЗЭН айлдахдаа —Босож, түүнийг тослогтун. Энэ бол тэр хүн мөн гэв. 13 Тэгэхэд Самуел эвэртэй тосыг авч, ах нарынх нь дунд түүнийг тослов. Тэр өдрөөс эхлэн ЭЗЭНий Сүнс Давидын дээр хүчтэй буув. Самуел босож Рама уруу буцав. 14 ЭЗЭНий Сүнс Саулаас салсан бөгөөд ЭЗЭНээс ирсэн муу сүнс түүнийг айлган сүрдүүлэв. 15 Саулын түшмэд түүнд —Харагтун, Бурханаас ирсэн муу сүнс таныг айлган сүрдүүлж байна. 16 Эзэнтэн минь, өөрийнхөө өмнө байгаа зарц нартаа тушаагтун. Босоо ятга чадварлаг тоглодог хүнийг зарц нараараа эрж хайлгуулагтун. Бурханаас ирсэн муу сүнс тань дээр байхад тэрээр ятгаа өөрийн гараар тогловол та тайвшрах болно хэмээн өгүүлэв. 17 Саул зарц нартаа —Надад чадварлаг тоглодог хүнийг олж, над уруу авчрагтун хэмээв. 18 Тэгтэл нэг залуу зарц нь —Харагтун, би Бетлехемийн Иессийн хөвгүүнийг харсан. Тэрээр чадварлаг хөгжимчин, эр зоригт дайчин хүн, үгэнд ухаалаг, сайхан залуу билээ. ЭЗЭН түүнтэй хамт байгаа хэмээн хариулав. 19 Саул Иессид элч нарыг илгээж, —Чи өөрийн хөвгүүн хоньчин Давидыг над уруу явуулагтун хэмээн хэлүүлэв. 20 Иесси нэг илжиг авч, нэг талх, нэг тулам усан үзмийн дарс, нэг ишгийг ачин, өөрийн хүү Давидаар тэдгээрийг Саул уруу илгээв. 21 Давид Саул дээр ирж, түүнд үйлчлэв. Саул түүнийг ихэд хайрлан, Давид Саулын зэвсэг баригч болов. 22 Саул Иессид хүн явуулж, —Давид одоо миний өмнө зогсог. Учир нь тэр миний таалалд нийцэв хэмээн хэлүүлэв. 23 Бурханаас муу сүнс Саулд ирэх болгонд Давид босоо ятга авч, өөрийн гараар тоглоход Саулд хүч тэнхээ эргэн ирж, тайвшран муу сүнс түүнээс ангижирдаг байв.
1 Филистчүүд байлдахаар цэргээ цуглуулав. Тэд Иудад харьяалагддаг Сокод цуглаж, Соко болон Азекагийн дунд буй Ефес-Даммимд буудаллав. 2 Саул болон Израилийн эрчүүд цуглаж, Елагийн хөндийд буудаллан, филистчүүдтэй тулалдахаар жагсан ирцгээв. 3 Филистчүүд нэг талын уулан дээр, Израиль нөгөө талын уулан дээр байсан бөгөөд тэдний дунд хөндий байрлаж байв. 4 Тэгэхэд филистчүүдийн цэргүүдээс ирүүл дайчин гарч ирэв. Түүнийг Гатаас ирсэн Голиат гэдэг бөгөөд түүний өндөр нь зургаан тохой нэг сөөм байжээ. 5 Тэрээр толгойдоо зэс дуулга, биедээ таван мянган зэс шекелийн жинтэй хайрст хуяг өмссөн байв. 6 Тэр хөлдөө зэс өвдгөвчтэй бөгөөд мөрөндөө зэс бамбай үүрсэн байв. 7 Түүний жадны иш нь нэхмэлчний гогдогч мод мэт, жадны үзүүр нь зургаан зуун төмөр шекелийн жинтэй байв. Түүний бамбай үүрэгч бас өмнө нь явдаг байв. 8 Голиат зогсож, Израилийн цэргүүд уруу хашхиран —Та нар юунд жагсаж ирэв? Би филист хүн, харин та нар Саулын боолууд биш үү? Өөрсдөөсөө нэг хүнийг сонгож над уруу явуулагтун. 9 Хэрэв тэр хүн надтай тулалдан, намайг алж чадах бол бид та нарын боол болъё. Харин хэрэв би түүнийг ялж албал, та нар бидний боол болж, бидэнд үйлчлэгтүн гэв. 10 Филист хүн цааш нь —Өнөөдөр би Израилийн хуаранг доромжилж байна. Нэг хүнийг явуулагтун. Халз тулалдъя гэв. 11 Саул болон бүх Израиль энэ филист хүний үгийг сонсоод зориг нь мохож, тэд ихэд айв. 12 Давид бол Иуда дахь Бетлехемийн Ефрат хүн Иесси гэдэг нэртэй хүний хөвгүүн байв. Иесси найман хөвгүүнтэй байжээ. Тэрээр Саулын үед настай, хөгшин болсон байв. 13 Иессийн гурван том хөвгүүн нь Саулыг даган дайнд явсан байв. Дайнд явсан гурван хөвгүүнийх нь нэрс гэвэл ууган нь Елиаб, удаах нь Абинадаб, дараах нь Шамма гэдэг байв. 14 Давид отгон хөвгүүн нь байлаа. Гурван том хүү нь Саулыг дагаж явжээ. 15 Харин Давид Бетлехемд байгаа эцгийнхээ хонийг хариулахын тулд Саул уруу ирэн, очин байв. 16 Өнөө филист хүн дөчин өдрийн турш өглөө, үдэш бүр гарч ирэн өөрийгөө харуулдаг байв. 17 Тэгтэл Иесси хөвгүүн Давиддаа —Ах нартаа зориулж нэг ефа хуурсан будаа, эдгээр арван ширхэг талхыг авч хуаран уруу ах нар уруугаа гүйн оч. 18 Мөн энэ арван ширхэг бяслагийг мянгатын даргад нь хүргэж өгөөд, ах нарынхаа мэндийг мэдээд тэднээс мэдээ авч ир. 19 Учир нь Саул хийгээд ах нар чинь бас бүх Израиль эрчүүд Елагийн хөндийд филистчүүдтэй тулалдаж байгаа юм хэмээн өгүүлэв. 20 Давид өглөө эрт босож, хонин сүргээ хөлсний хоньчинд даатгаад хүнсийг аваад, Иессийн тушааснаар явав. Түүнийг хуарангийн тойрогт ирэхэд цэргүүд уухайлан хашхирч, жагсаалаар гарцгааж байв. 21 Израиль болон филистчүүдийн цэргүүд өөд өөдөөсөө жагсаалаар ирцгээв. 22 Тэгэхэд Давид авчирсан юмаа харуулд үлдээгээд, байлдааны шугам уруу гүйж, ах нарынхаа мэндийг асуухаар очив. 23 Давидыг ах нартайгаа ярилцаж байх яг тэр үед ирүүл дайчин, Голиат гэдэг нэртэй Гатын филист хүн, филистчүүдийн цэрэг жагсаалаас гарч ирэн, урьдын адил үгсийг хэлэхэд Давид түүнийг сонсов. 24 Израилийн бүх эрчүүд тэр хүнийг хараад, түүнээс ихэд айн зугтав. 25 Израилийн эрчүүд —Тэр гарч ирж байгаа хүнийг харав уу? Тэр үнэхээр Израилийг доромжлохоор гарч ирж байна. Түүнийг алсан хүнийг хаан их баялгаар шагнан, түүнд өөрийн охиныг өгч, түүний эцгийн гэрийг Израильд чөлөөлөх болно хэмээв. 26 Тэгэхэд Давид хажуудаа зогсож байсан хүмүүстэй ярин, —Энэ филист хүнийг алж, Израилиас зэмлэлийг арилгах хүнийг яах вэ? Хөвч хөндүүлээгүй энэ филист хүн амьд Бурханы цэргийг доромжлохоор хэн юм бэ? хэмээн өгүүлэв. 27 Хүмүүс түрүүнд хэлсний адилаар —Түүнийг алсан хүнийг ингэх болно хэмээн хариулав. 28 Түүний том ах Елиаб Давидыг хүмүүстэй ярьж байхыг сонсжээ. Елиаб Давидад ихэд уурлан, —Чи яах гэж наашаа ирэв? Талд байгаа хэдэн хонио чи хэнд орхиод ирэв? Би чиний их зан, муу санааг чинь мэднэ. Чи тулалдааныг үзэхээр ирсэн биз дээ? хэмээн загнав. 29 Харин Давид —Би сая юу хийсэн юм бэ? Би зүгээр юм асууж болдоггүй юм уу? хэмээн өгүүлэв. 30 Давид Елиабаас өөр хүн уруу эргэж, өнөөх л зүйлийг асуув. Хүмүүс түрүүчийн нэгэн адил хариу өгөв. 31 Давидын хэлсэн үгийг хүмүүс сонсоод, Саулд мэдүүлсэнд Саул Давидыг дуудан авчруулав. 32 Давид Саулд —Тэр хүнээс болж хэн ч сэтгэлээр бүү унагтун. Таны боол би явж, тэр филист хүнтэй тулалдъя гэсэн. 33 Тэгэхэд Саул Давидад —Чи тэр филист хүн уруу очиж түүнтэй тулалдаж чадахгүй. Учир нь чи бол залуу, харин тэр бол залуугаасаа цэргийн хүн байсан юм гэв. 34 Гэвч Давид Саулд —Таны боол би эцгийнхээ хонийг хариулж байсан. Арслан, эсвэл баавгай ирээд, хонин сүргээс минь хурга авч явбал, 35 би араас нь хөөн очиж, түүнийг довтолж, хургаа авардаг байв. Хэрэв тэр над уруу дайрвал би сахлаас нь шүүрэн авч, түүнийг цохиж алдаг байв. 36 Таны боол би арслан, баавгайн аль алиныг нь алсан билээ. Тэр хөвч хөндүүлээгүй филист хүн ч амьд Бурханы цэргийг доромжилсноос хойш тэдгээртэй нэгэн адил болох болно хэмээн өгүүлэв. 37 Давид цааш нь —Арслан, баавгайн савраас намайг аварсан ЭЗЭН тэр филист хүний гараас ч намайг аварна гэв. Саул Давидад —Явагтун. ЭЗЭН чамтай хамт байх болтугай хэмээн өгүүлэв. 38 Тэгээд Саул Давидыг өөрийнхөө хувцсаар хувцаслаж, толгойд нь зэс дуулгаа өмсгөж, биед нь хуягаа өмсгөв. 39 Давид Саулын хуягны гадуур Саулын илдийг бүслээд, сураагүй учир алхаж үзэв. Ийнхүү Давид Саулд —Сураагүй учир би үүнийг өмсөн явж чадахгүй нь гээд өмсгөлийг нь тайлжээ. 40 Тэр өөрийнхөө таягийг гартаа авч, горхиноос өөртөө таван мөлгөр чулуу шилж аваад, өөрийнхөө хонины уутанд хийж, дүүгүүрээ гартаа барин, өнөөх филист хүн уруу явав. 41 Тэгэхэд филист хүн ч бамбай баригчаа урдаа зогсоон, Давид уруу ойртож ирэв. 42 Филист хүн харж, Давидыг үзээд түүнийг үл тоомсорлов. Учир нь Давид залуухан, улаа бутарсан, сайхан төрхтэй хөвгүүн байв. 43 Филист хүн Давидад —Чи юунд таяг барьж над уруу ирэв? Би нохой юм уу? гэв. Филист хүн өөрийнхөө бурхдаар Давидыг хараав. 44 Филист хүн Давидад —Нааш ир, би чиний махыг огторгуйн шувууд, хээрийн араатанд өгье хэмээн занав. 45 Давид филист хүнд —Чи илд, бамбай, жад барьж над уруу ирж байгаа бол, харин би чиний доромжилсон Израилийн бүх цэргийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭНий нэрээр чам уруу ирж байна. 46 Өнөөдөр ЭЗЭН чамайг миний гарт өгнө. Би чамайг алаад, чиний толгойг биенээс чинь таслан авна. Өнөөдөр би филист цэргүүдийн хүүрийг огторгуйн шувууд, хээрийн зэрлэг араатанд өгнө. Бүх улс Израильд Бурхан байна гэдгийг мэдэх болно. 47 Энэ цугласан олон ч ЭЗЭН илд, жад хэрэглэлгүй аварна гэдгийг мэдэх буй заа. Энэ тулалдаан бол ЭЗЭНийх бөгөөд ЭЗЭН та нарыг бидний гарт өгнө хэмээв. 48 Филист хүн босож, Давидтай барилцахаар өөдөөс нь ойртож ирэхэд Давид ч филист хүнтэй нүүр тулахаар тулалдааны шугам уруу яаран гүйж ирлээ. 49 Давид уутанд гараа хийж, нэг чулуу аван дүүгүүрээр дүүгүүрдэн, филист хүний духыг онов. Чулуу дух уруу нь зоогдоход тэр нүүрээрээ газар шаан унав. 50 Ийнхүү Давид дүүгүүр болон нэг чулуугаар мөнөөх филист хүнийг ялав. Давидын гарт илд үгүй байтал филист хүнийг тэр цохиж алав. 51 Давид гүйж очин, тэр филист хүний дээр гарч, түүний илдийг хуйнаас нь сугалан авч, түүнийг алан, толгойг нь илдээр цавчин таслав. Өөрсдийн ирүүл дайчин үхсэнийг филистчүүд үзээд зугтацгаав. 52 Израиль болон Иуда хүмүүс босож, уухайлан хашхирч, филистчүүдийг хөндий, Екроны хаалга хүртэл хөөв. Шаараимаас Гат болон Екрон хүртэлх замаар алагдсан филистчүүд унацгаасан байв. 53 Израилийн хөвгүүд филистчүүдийг хөөхөө болин буцаж ирээд, филистчүүдийн хуарангуудыг дээрэмдэв. 54 Дараа нь Давид нөгөө филист хүний толгойг авч, Иерусалимд авч ирсэн ба харин зэвсгийг нь майхандаа тавив. 55 Саул Давидыг тэрхүү филист хүний эсрэг гарч явахыг хараад цэргийн жанжин Абнераас —Абнер аа, энэ залуу хэний хөвгүүн бэ? хэмээн асуув. Абнер —Хаантан минь, таны амиар тангараглая. Би мэдэхгүй гэв. 56 Тэгээд хаан —Чи тэр залууг хэний хөвгүүн болохийг асуугтун хэмээн тушаав. 57 Давид тэр филист хүнийг алаад буцаж ирсэнд Абнер түүнийг Саулын өмнө дагуулан очив. Давид филист хүний толгойг гартаа барьсан байв. 58 Саул Давидаас —Залуу минь, чи хэний хөвгүүн бэ? хэмээн асуусанд Давид —Би таны боол Бетлехемийн хүн Иессийн хөвгүүн юм хэмээн хариулжээ.
1 Давид Саултай ярилцаж дуусахад, Ионатаны сэтгэл Давидын сэтгэлтэй нийцэв. Ионатан Давидыг өөрийн адил хайрлалаа. 2 Саул тэр өдөр Давидыг үлдээн, эцгийнх нь гэрт буцаасангүй билээ. 3 Ионатан Давидыг өөрийн адил хайрласан тул Давидтай гэрээ байгуулав. 4 Ионатан өмсөж байсан гадуур дээлээ тайлж, өөрийн хуяг дуулгыг илд, нум сум бүс зэргийн хамт Давидад өгөв. 5 Ийнхүү Давид Саулын илгээсэн газар бүрд явж, ялалт байгуулсанд Саул түүнийг дайчдынхаа ахлагч болгов. Энэ нь бүх ард түмний болон Саулын зарц нарын ч таалалд нийцэв. 6 Давид өнөөх филист хүнийг устгаад, бүгдээр буцаж ирж байхад эмэгтэйчүүд Израилийн бүх хотуудаас гарч ирэн, хэнгэрэг барин, дуу дуулж бүжиглэн, баяртайгаар, хөгжмийн зэвсэг барин Саул хааныг угтав. 7 Эмэгтэйчүүд хөгжим тоглон, —Саул мянгыг алж, Давид түмийг алав хэмээн дуулалдав. 8 Тэгэхэд энэ үг Саулын дургүйг хүргэсэн тул тэр ихэд уурлан, —Тэд Давидад түмийг хамааруулж, надад мянгыг өгөв. Одоо түүнд хаанчлал л дутуу байна уу? хэмээн хэлжээ. 9 Тэр өдрөөс хойш Саул Давидыг сэжиглэн харах болов. 10 Дараа өдөр нь Бурханаас ирсэн муу сүнс Саул уруу хүчтэй дайрч, Давид урьдын адил ятгаа гартаа авч тоглох мөчид тэр гэр дотроо солиоров. Саулын гарт жад байв. 11 Саул "Давидыг хананд хадъя" гэж бодоод тэр жадыг шидэв. Гэтэл Давид түүнээс хоёр удаа зайлав. 12 Саул Давидаас айж байв. Учир нь ЭЗЭН Саулаас салж, Давидтай хамт байв. 13 Тийм учраас Саул Давидыг өөрөөсөө зайлуулж, түүнийг мянгатын даргаар тавив. Давид хүмүүсийн тэргүүнд зогсон удирдаж байв. 14 ЭЗЭН Давидтай хамт байсан учир тэр бүх юманд агуу амжилтыг олж байв. 15 Давид агуу их амжилт олж буйг үзээд Саул түүнээс маш их айж байлаа. 16 Харин бүх Израиль болон Иуда Давидыг хайрлав. Учир нь тэр тэдний тэргүүнд зогсон удирдаж байв. 17 Дараа нь Саул Давидад —Энэ бол миний том охин Мераб. Үүнийг чамд эхнэр болгон өгье. Зөвхөн миний төлөө зоригтой байж, ЭЗЭНий тулалдаанд тулалдагтун хэмээн өгүүлэв. Учир нь Саул —Миний гар бус, харин филистчүүдийн гар Давидын эсрэг байг хэмээн санасан ажээ. 18 Гэвч Давид Саулд —Би хэн билээ? Миний амьдрал, миний эцгийн гэр бүл ч Израильд юу билээ? Би яаж хааны хүргэн болох вэ? хэмээн өгүүлэв. 19 Ингээд Саулын охин Мерабыг Давидад өгөх байтал Мехолат хүн Адриелд эхнэр болгон өгсөн ажээ. 20 Саулын охин Мехал Давидад хайртай болсныг Саулд мэдэгдэхэд Саул түүнийг хүлээн зөвшөөрөв. 21 Саул —Мехал Давидад урхи болж, филистчүүдийн гар түүний эсрэг болохын тулд Мехалыг түүнд өгье хэмээн бодов. Тийм учраас Саул Давидад —Өнөөдөр чи хоёр дахь удаагаа миний хүргэн болж болно гэв. 22 Тэгээд Саул зарц нартаа тушаан —Давидад нууцаар ингэж хэл. "Харагтун. Хаан таныг таалж, түүний зарц нар нь ч бүгд таныг хайрлаж байна. Тиймээс хааны хүргэн бологтун" гэж ятга хэмээв. 23 Ийнхүү Саулын зарц нар эдгээр үгсийг Давидад дуулгав. Гэвч Давид —Би ядуу хүн бөгөөд дорд гаралтай болохоор хааны хүргэн болох нь хялбар зүйл гэж та нар санаж байна уу? гэв. 24 Саулын зарц нар Давидын хэлсэн эдгээр үгсийг Саулд мэдүүлсэн билээ. 25 Тэгэхэд Саул —Та нар Давидад ийнхүү хэлэгтүн. "Хаан дайснаасаа өшөөгөө авахын тулд зуун филист хүний хөвчний арьснаас өөр юуг ч инж болгон авахыг хүсэхгүй байна" гэсэн хэмээн өгүүлэв. Саул Давидыг филистчүүдийн гараар хорлуулахыг төлөвлөн санаархаж байв. 26 Саулын зарц нар эдгээр үгсийг Давидад мэдүүлэхэд, хааны хүргэн болох энэ болзол түүнд таалагдав. Тогтоосон хугацаа дуусахаас өмнө 27 Давид босож, хүмүүстэйгээ хамт явж, филистчүүдийн дундаас хоёр зуун хүнийг цохиж алсан билээ. Давид тэдний хөвчний арьсыг авчирж, хааны хүргэн болохын тулд тэдгээрийн тоо ёсоор нь хаанд өгөв. Ийнхүү Саул охин Мехалаагаа Давидад эхнэр болгон өгчээ. 28 ЭЗЭН Давидтай хамт байгааг болон өөрийнх нь охин Мехал Давидад хайртайг Саул харж мэдээд 29 Давидаас улам их айв. Тийнхүү насан туршдаа Саул Давидын өстөн болжээ. 30 Филистчүүдийн ноёд дайтахаар ирэх бүрд Давид Саулын бүх түшмэдээс илүү мэргэн ханддаг байв. Иймээс түүний нэр улам ихээр алдаршив.
1 Саул өөрийн хөвгүүн Ионатан болон бүх зарц нартаа Давидыг алахыг тушаав. Гэвч Саулын хөвгүүн Ионатан Давидад их хайртай байжээ. 2 Тийм учраас Ионатан Давидад —Миний эцэг Саул чамайг алахаар санаархаж байна. Тиймээс өглөө болгоомжтой байж, далд газар нуугдагтун. 3 Би гадагш гарч, чиний байгаа талбайд эцгийнхээ дэргэд зогсон, чиний тухай эцэгтэйгээ ярина. Хэрвээ би ямар нэг юм мэдэх бол чамд мэдүүлье гэжээ. 4 Дараа нь Ионатан эцэг Саулдаа Давидыг сайшаан ярьж, —Тэр таны эсрэг нүгэл үйлдээгүй бөгөөд түүний үйлдсэн нь танд их ашигтай болж байсан хойно хаантан та өөрийн боол Давидынхаа эсрэг нүгэл бүү үйлдэгтүн. 5 Учир нь тэр амиа үл хайрлан, филист хүнийг цохин устгаж, ЭЗЭН бүх Израильд агуу их авралыг хайрлав. Та үүнийг үзээд баяссан билээ. Гэтэл одоо та яагаад ямар ч шалтгаангүйгээр Давидыг алж, гэмгүй хүний цусны эсрэг нүгэл үйлдэх гэж байгаа юм бэ? гэв. 6 Саул Ионатаны хэлэхийг сонсоод, тангараглан —ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Тэр алуулагдахгүй хэмээн өгүүлэв. 7 Тэгээд Ионатан Давидыг дуудан, эдгээр бүх үгийг түүнд мэдүүлэв. Ионатан Давидыг Саул уруу дагуулан очсонд, Давид урьдын адил Саулд үйлчлэв. 8 Дахин дайн эхлэхэд Давид явж, филистчүүдтэй тулалдан, тэднийг ихээр хядсанд тэд Давидаас зугтав. 9 Саул өөрийн гэрт гартаа жад барин сууж, Давид Саулын дэргэд өөрийн гараараа босоо ятгаар тоглож байтал ЭЗЭНээс ирсэн муу сүнс Саулыг дайрав. 10 Саул жадаар Давидыг хананд хадах гэтэл Давид Саулаас биеэ зайлуулсанд Саулын жад хананд зоогдов. Давид тэр шөнөдөө оргон зайлав. 11 Дараа нь Саул Давидын гэр уруу элч нарыг илгээн, түүнийг мануулж, өглөө болохоор түүнийг алах гэж байв. Гэтэл Давидын эхнэр Мехал Давидад —Өнөө шөнө чи амиа аврахгүй бол маргааш алуулна гэв. 12 Ийнхүү Мехал түүнийг цонхоор буулгасанд тэрээр гадагш гараад зугтаж, зайлав. 13 Мехал гэрийн шүтээнийг авч, түүнийг орон дээр тавьж, толгой дээр нь хэдэн ямааны үс тавин, түүнийг хувцсаараа бүтээв. 14 Саул Давидыг бариулахаар элч нарыг илгээсэнд Мехал —Тэр өвчтэй гэж хэлэв. 15 Тэгэхэд Саул Давидтай уулзахаар элч нарыг илгээж —Түүнийг ор дэвсгэртэй нь надад авчрагтун. Би түүнийг ална гэв. 16 Элч нар орж үзвэл толгой дээрээ хэдэн ямааны үстэй гэрийн шүтээн орон дээр нь байв. 17 Саул Мехалд —Юунд чи намайг ингэж хуурч, миний дайсныг оргуулж, зугтаалгав? гэхэд Мехал Саулд —Тэр "Намайг явуулаач. Би яаж чамайг алах вэ?" гэж надад хэлсэн юм хэмээн өгүүлэв. 18 Давид оргон зугтааж, Рама уруу Самуел дээр ирж, Саул өөрт нь үйлдсэн бүгдийг Самуелд өгүүлэв. Тэрээр Самуелтай хамт Наиотод очиж суув. 19 Нэг хүн Саулд —Давид Рамагийн Наиотод байна хэмээн мэдүүлэв. 20 Тэгээд Саул Давидыг бариулахаар элч нарыг илгээв. Гэвч хэсэг эш үзүүлэгчид эш үзүүлэн, Самуел тэднийг удирдаж байхыг элч нар хараад Бурханы Сүнс Саулын элч нарт ирэхэд тэд ч мөн адил эш үзүүлэв. 21 Саулд энэ тухай мэдэгдсэнд тэр өөр элч нарыг илгээсэн бөгөөд тэд ч мөн адил эш үзүүлэв. Ийнхүү Саул гурав дахь удаагаа дахин элч нарыг илгээсэнд тэд ч мөн адил эш үзүүлэв. 22 Тэгээд Саул өөрөө Рама уруу явж Сехуд байдаг нэгэн том худаг уруу ирэв. —Самуел, Давид нар хаана байна? хэмээн Саул асуусанд нэг хүн —Тэд одоо Рамагийн Наиотод байна хэмээн өгүүлэв. 23 Саул тэндээс Рамагийн Наиот уруу явсан ба түүнд Бурханы Сүнс ирж, тэрээр Рамагийн Наиотод хүртэл үргэлжлүүлэн эш үзүүлж явав. 24 Тэр бас хувцсаа тайлж, өдөржин шөнөжин Самуелын өмнө нүцгэн хэвтэж эш үзүүлэв. Тиймээс —Саул ч бас эш үзүүлэгч юм уу? гэлцэв.
1 Давид Рамагийн Наиотоос зугтан, Ионатан уруу ирж, —Би ямар хэрэг хийсэн юм бэ? Надад ямар гэм буруу байна вэ? Би таны эцэгт ямар нүгэл үйлдсэн болоод тэр миний амийг эрнэ вэ? хэмээн өгүүлэв. 2 Ионатан түүнд —Тийм явдал хол байг. Чи алагдах ёсгүй. Миний эцэг их бага ямар ч хэргийг надад дуулгалгүй үйлддэггүй юм. Тэгэхлээр энэ хэргийг миний эцэг надаас яагаад нуух билээ? Тийм юм байхгүй хэмээн өгүүлэв. 3 Гэсэн ч Давид дахин тангараглан —Намайг таны нүдэнд тааллыг олсон гэдгийг таны эцэг сайн мэднэ. Тэр "Ионатаныг гомдоохгүйн тулд энэ хэргийг түүнд мэдүүлэхгүй байгтун" хэмээн хэлсэн билээ. Гэвч ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар үнэхээр тангараглаж байна. Үхэл бид хоёрын хооронд ганц алхмын зай буй хэмээн өгүүлэв. 4 Ионатан Давидад —Чиний хэлсэн бүгдийг би чиний төлөө гүйцэтгэе гэв. 5 Тиймээс Давид Ионатанд —Маргааш шинэ сарын баяр тул би хаантай хамт зоогийн ширээнд суух ёстой. Гэвч намайг явуулж өгөөч. Гурав дахь өдрийн үдэш хүртэл хээр талд нуугдъя. 6 Хэрэв таны эцэг намайг асуусаар л байвал "Давид Бетлехем хот уруугаа түргэн явахаар надаас гуйсан юм. Учир нь тэнд түүний бүх төрлийнхний төлөө жилийн тахил өргөх ёслол болох ажээ" хэмээн өгүүлэгтүн. 7 Хэрэв таны эцэг "Сайн" гэж хэлбэл таны боол аврагдана. Харин хэрэв тэр ихээр хилэгнэвэл тэр надад хор учруулахаар шийджээ гэдэгт итгэ. 8 Иймээс өөрийн боолдоо энэрэнгүй хандаач. Учир нь та ЭЗЭНд тангараглан өөрийн боолтой гэрээ байгуулсан билээ. Гэвч хэрэв надад гэм буруу байвал та өөрөө намайг алагтун. Намайг эцэгтээ аваачиж өгөх ямар хэрэг танд байна вэ? гэв. 9 Ионатан —Тийм явдал чамаас хол байг. Миний эцэг чамд гай болохоор шийджээ гэдгийг лавтай мэдвэл би чамд мэдүүлэхгүй орхих юм гэж үү? гэхэд 10 Давид Ионатанд —Хэрэв таны эцэг танд хатуу хариу өгвөл хэн надад мэдүүлэх вэ? гэв. 11 Ионатан Давидад —Явъя, хээр талд гаръя гэв. Тэгээд тэд хоёулаа хээр гарав. 12 Тэгэхэд Ионатан Давидад —Израилийн Бурхан, ЭЗЭН гэрч болог. Би маргааш эсвэл нөгөөдөр өдий үед эцгийнхээ санааг тандаж мэдье. Хэрэв Давидын талаар сайхан сэтгэлтэй байвал би хүн илгээж, чамд дуулгахгүй гэж үү? 13 Хэрэв миний эцэг чамд гай болохоор шийдсэн байвал түүнийг чамд дуулгалгүй, чамайг аюулгүйгээр зугтаалгахгүй бол ЭЗЭН Ионатаныг ийнхүү болон үүнээс ч илүү шийтгэх болтугай. ЭЗЭН миний эцэгтэй хамт байсны адил чамтай ч хамт байх болтугай. 14 Би амьд хэвээр байвал намайг үхүүлэхгүй байлгахаар ЭЗЭНий хайр энэрлийг чи надад үзүүлэхгүй гэж үү? 15 ЭЗЭН Давидын дайснаас нэгийг ч үлдээлгүй газрын хөрснөөс устгасан үед ч чи өөрийн хайр энэрлийг миний гэрээс үүрд салгахгүй байх болтугай хэмээн өгүүлэв. 16 Ионатан Давидын гэртэй гэрээ байгуулаад —ЭЗЭН Давидын дайснуудын гараас үүнийг нэхэх болтугай! гэв. 17 Ионатан Давидад хайртай байсан тул түүгээр дахин тангараглуулав. Учир нь Ионатан өөрийн амийг хайрлах адил Давидыг хайрладаг байжээ. 18 Ионатан Давидад —Маргааш шинэ сарын баяр. Чиний суудал хоосон байх тул чамайг байхгүй гэдгийг мэдэх болно. 19 Гурван өдөр болоход чи гарч яван, урьд нь нуугдаж байсан нөгөө газартаа очиж, Езелийн чулууны дэргэд байгтун. 20 Би бай харваж буй мэт тэр зүг уруу гурван сум тавина. 21 Би нэгэн хөвгүүнийг явуулж, "Явж, сумнуудыг олж ир" гэж хэлнэ. Хэрэв би хөвгүүнд тусгайлан "Хар, сум чиний наад талд байна. Түүнийг авч ир" гэж хэлбэл, чи гарч ирээрэй. Учир нь ЭЗЭНий амьд буйгаар тангараглая, чамд ямар ч гай тотгор, аюул байхгүй. 22 Харин хэрэв би залууд "Хар, сум чиний цаад талд байна" гэж хэлбэл чи яваарай. Учир нь ЭЗЭН чамайг явуулж байна. 23 Чи бид хоёрын ярьсан зүйлийн тухайд бол, харагтун, ЭЗЭН чи бид хоёрын хооронд мөнхөд байна гэж хэлэв. 24 Ингээд Давид хээр талд нуугдав. Шинэ сарын баяр болоход, хаан зоогийн ширээнд суулаа. 25 Хаан заншил ёсоороо хананы дэргэд өөрийн суудалдаа суув. Ионатан босож, Абнер Саулын хажууд суусан ба Давидын суудал хоосон байв. 26 Гэсэн ч Саул тэр өдөр юу ч хэлсэнгүй. Учир нь тэр —Түүнд санаандгүй зүйл тохиолдож, тэр биеэ бузарласан биз хэмээн санажээ. 27 Дараагийн өдөр, шинэ сарын баярын хоёр дахь өдөр ч Давидын суудал хоосон байв. Ингээд Саул өөрийн хөвгүүн Ионатанаас —Яагаад Иессийн хөвгүүн өчигдөр ч, өнөөдөр ч зоогонд ирсэнгүй вэ? хэмээн асуув. 28 Тэгэхэд Ионатан Саулд —Давид Бетлехем уруу явахаар надаас ихэд гуйсан юм. 29 Тэр "Манай төрөл төрөгсөд тэр хотод тахил өргөх ёстой бөгөөд миний ах намайг ирэхийг тушаасан учраас намайг явуулж өгнө үү? Хэрэв би тааллыг тань олсон бол намайг явуулж, ах нартай минь уулзуулахыг гуйя" хэмээн хэлсэн билээ. Тийм учраас хааны зоогийн ширээнд Давид ирээгүй юм хэмээн хариулав. 30 Саул Ионатанд ихэд хилэгнэн —Бузар тэрслүү эмийн хүү! Чи Иессийн хөвгүүнтэй шадарлаж, өөрийгөө шившиглэн, эхийгээ ичгүүр болгож байгааг чинь би мэдэхгүй гэж бодож байна уу? 31 Иессийн хөвгүүн энэ газар дээр амьд байгаа цагт чи ч, чиний хаанчлал ч тогтохгүй. Тийм учраас одоо хүн илгээж, түүнийг надад авчир. Тэр заавал үхэх ёстой хэмээн өгүүлэв. 32 Харин Ионатан эцэг Саулдаа хариулан, —Яагаад тэр хүнийг алах ёстой юм бэ? Тэр хүн юу үйлдсэн юм бэ? хэмээн өгүүлэв. 33 Тэгэхэд Саул Ионатаныг алахаар түүн уруу жад шидэв. Ийнхүү эцэг нь Давидыг алахаар шийдсэнийг Ионатан мэджээ. 34 Ионатан ихэд уурлан зоогийн ширээнээс босож, шинэ сарын баярын хоёр дахь өдөр зоог барьсангүй. Учир нь түүний эцэг Давидыг доромжилсонд Давидын төлөө сэтгэл нь зовж байв. 35 Өглөө болоход Ионатан бяцхан хөвгүүнийг дагуулан Давидтай болзохоор хээр тал уруу гарч явав. 36 Тэр хөвгүүнд —Миний харвах гэж байгаа сумыг олж ир гэв. Хөвгүүнийг гүйж одоход Ионатан тэр хөвгүүний араас сумаа тавив. 37 Ионатаны сум харвасан газарт тэр хөвгүүн хүрч очиход Ионатан хөвгүүний араас дуудан, —Сум чиний цаана чинь байна хэмээн хашхиран өгүүлэв. 38 Ионатан хөвгүүний араас дуудаж —Хурдал, түргэл, зогсож болохгүй гэв. Ионатаны хөвгүүн сумыг авч, эзэн уруугаа ирэв. 39 Гэвч хөвгүүн юу ч мэдээгүй ба зөвхөн Ионатан, Давид хоёр л учрыг мэдэж байлаа. 40 Ионатан өөрийнхөө зэвсгийг хөвгүүнд өгч —Үүнийг хот уруу авч яв гэж өгүүлэв. 41 Хөвгүүнийг явахад Давид өмнө зүгээс гарч ирэн, нүүрээрээ газар шаан унаж, гурван удаа мөргөв. Тэд бие биенээ үнсэж, хамтдаа уйлсан ба Давид илүү ихээр уйлав. 42 Ионатан Давидад —Тайван явагтун. Чи бид хоёр "ЭЗЭН чи бид хоёрын дунд болон миний үр удам ба чиний үр удмын хооронд мөнхөд байх болтугай" хэмээн өгүүлж ЭЗЭНий нэрээр бие биендээ тангарагласан билээ гэв. Тэгээд Давид босож явав. Ионатан хот уруу буцаж явжээ.
1 Давид Нобт, тахилч Ахимелех уруу очив. Ахимелех Давидтай уулзахдаа дагжин чичирч, түүнд —Яагаад та хэнтэй ч биш, ганцаараа явж байна вэ? хэмээн асуув. 2 Давид тахилч Ахимелехт —Хаан нэг хэргийг тушааж, "Чамайг илгээж, чамд тушаах зүйлийг нэг ч хүнд мэдүүлж болохгүй" Би залуустай нэгэн газарт уулзахаар болзов" гэсэн. 3 Тийм учраас одоо чамд юу байгаа вэ? Таван талх ч хамаагүй, юу байгаагаа надад өгөөч гэв. 4 Тахилч Давидад хариулан, —Миний гарт жирийн талх алга. Гэсэн ч ариусгасан талх бий бөгөөд эмэгтэйчүүдтэй хавьтаагүй эрчүүд идэж болох юм гэв. 5 Давид тахилч нарт хариулан, —Үнэхээр намайг гарснаас хойш өдий хүртэл манайхан эмэгтэйчүүдийг цээрлэж ирсэн бөгөөд хэдийгээр энэ жирийн аялал боловч залуучуудын бие нь бузартаагүй. Өнөөдөр ч гэсэн бузартаагүй хэмээн өгүүлэв. 6 Тийнхүү тахилч түүнд ариусгасан талхыг өгөв. Учир нь тэнд оронд нь халуун талх тавихаар ЭЗЭНий өмнөөс салгаж авсан оршихуйн талхнаас өөр талх байсангүй. 7 Тэр өдөр Саулын боолуудын нэг нь тэнд ЭЗЭНий өмнө саатан үлдсэн байв. Түүний нэрийг едом хүн Доег гэдэг байсан бөгөөд тэр Саулын хоньчдын ахлагч байв. 8 Давид Ахимелехт —Энд чиний гарт жад, илд байхгүй юм уу? Би өөрийн илдээ ч, зэвсгээ ч авчраагүй. Учир нь хааны тушаал яаралтай байв гэв. 9 Тэгэхэд тахилч —Елагийн хөндийд чиний алсан филист хүн Голиатын илдийг үзэгтүн. Тэр нь Ефодын ард даавуунд ороолттой байгаа. Хэрэв хүсвэл түүнийг өөртөө авагтун. Энд түүнээс өөр юм байхгүй хэмээн өгүүлэв. Давид —Тэр илд шиг өөр илд байхгүй. Түүнийг надад өгөгтүн гэв. 10 Дараа нь Давид босож, тэр өдөр Саулаас зугтан, Гатын хаан Ахиш уруу очив. 11 Гэтэл зарц нар нь Ахишт —Энэ хүн тэр нутгийн хаан Давид гэдэг нь биш үү? Тэд түүний тухай "Саул мянгыг алж, Давид түмийг алав" хэмээн дуулж бүжиглэдэг биш үү? гэцгээв. 12 Давид энэ үгийг зүрхэндээ хүлээн авч, Гатын хаан Ахишаас ихэд эмээв. 13 Ийнхүү Давид тэдний өмнө эрүүл саруул ухаантайгаа нуун, галзуу солиотой юм шиг байн, хаалганы үүдэнд юм сараачин, сахал уруугаа шүлсээ гоожуулав. 14 Тэгэхэд Ахиш зарц нартаа —Та нарын харж байгаа энэ хүн галзуу солиотой юм шиг байна. Юунд та нар түүнийг над уруу авчрав? 15 Би галзуу солиотой хүнээр дутлаа гээд миний өмнө галзуу солиотой хүнийг үзүүлэхээр та нар авчрав уу? Энэ хүнийг миний гэрт оруулах гээ юү? хэмээн өгүүлэв.
1 Давид тэндээс явж, Адулламын агуй уруу зугтав. Түүний ах нар болон түүний эцгийн гэрийнхэн бүгд үүнийг сонсоод Давидын байгаа газар уруу ирэв. 2 Зовсон, өрөнд орсон, сэтгэлээр унасан бүх хүмүүс Давид дээр цугларч ирсэн бөгөөд Давид тэдний дээр удирдагч болов. Ийнхүү дөрвөн зуугаад хүн түүнтэй хамт байв. 3 Давид тэндээс Моабын Мизпад очиж, Моабын хаанд —Бурхан надад юу хийж өгөхийг мэдэх хүртэл миний эцэг эх хоёрыг өөрсөдтэйгөө хамт байлгаач гэж гуйв. 4 Ингээд Давид эцэг эхийгээ Моабын хаантай хамт орхисонд эцэг эх нь Давидыг бэхлэлтэд амьдрах хугацаанд хааныд амьдрав. 5 Эш үзүүлэгч Гад Давидад —Бэхлэлтэд бүү нуугд. Босож, Иудагийн нутаг уруу явагтун хэмээн өгүүлсэнд Давид тэндээс гарч, Херетийн ой уруу явав. 6 Давид болон түүнтэй хамт байсан хүмүүс олдсон тухай Саул сонсов. Тэр үед Саул Гибеад, сухай модны доор, өндөрлөг газар гартаа жад барин сууж байв. Бүх зарц түшмэд нь түүнийг тойрон зогсож байв. 7 Саул тойрон байсан зарц нартаа —Сонсогтун, бениаминчууд аа! Иессийн хөвгүүн бас та бүгдэд тариалангийн ба усан үзмийн талбай өгч, бүгдийг чинь мянгатын болон зуутын дарга болгох уу? 8 Учир нь та нар бүгд миний эсрэг хуйвалдсан билээ. Миний хүү Иессийн хүүтэй гэрээ байгуулахад надад дуулгасан хүн үгүй, эдүгээ ч миний төлөө сэтгэл нь өвдсөн, эсвэл миний хүү боолыг минь миний эсрэг болгосныг ч надад дуулгах хүн байхгүй байна хэмээн зэмлэв. 9 Тэгтэл Саулын зарц нарын дэргэд зогсож байсан Едом хүн Доег —Иессийн хөвгүүнийг Нобт, Ахитубын хөвгүүн Ахимелех уруу ирснийг би харсан билээ. 10 Ахимелех түүний тухай ЭЗЭНээс асууж, түүнд хоол хүнс өгч, филист хүн Голиатын илдийг түүнд өгсөн хэмээн өгүүлэв. 11 Хаан нэг хүн илгээж, Ахитубын хөвгүүн тахилч Ахимелех болон түүний эцгийн гэрийнхэн болох Нобт байгаа тахилч нарыг дуудуулсанд тэд бүгд хаан уруу ирэв. 12 Саул —Ахитубын хөвгүүн ээ, одоо сонсогтун гэсэнд тэр —Эзэн минь, би энд байна гэв. 13 Тэгэхэд Саул түүнд —Юунд чи Иессийн хөвгүүнтэй хамт миний эсрэг хуйвалдаан зохиож, чи түүнд талх, илд өгч, өнөөдөр байгаа шиг миний эсрэг тэрслэн, бүгэж отоход нь туслан түүний тухай Бурханаас асуув? гэв. 14 Ахимелех хаанд хариулан, —Таны зарц нарын дотор Давид шиг үнэнч хүн хэн байна вэ? Давид бол хааны хүргэн, таны харуулын дарга, таны гэрт хүндтэй хүн юм. 15 Би түүний төлөө өнөөдөр л Бурханаас асууж эхэлсэн үү? Энэ нь надаас хол байг! Таны боол энэ бүх хэргийн тухай огт мэдэхгүй учраас намайг, эсвэл миний эцгийн гэрийнхнээс хэнийг ч хаан та бүү гүтгээч хэмээн өгүүлэв. 16 Гэвч хаан —Ахимелех ээ, чи заавал үхэх ёстой. Чи болон чиний эцгийн гэрийнхэн бүгд үхэх болно хэмээн өгүүлэв. 17 Хаан дэргэд нь зогсож байсан бие хамгаалагч нартаа —Явж очоод, ЭЗЭНий тахилч нарыг алагтун. Учир нь тэд Давидтай нийлж, мөн түүний оргосныг мэдсээр байж надад мэдэгдсэнгүй билээ гэв. Гэвч хааны зарц нар ЭЗЭНий тахилч нарт гар хүрч алахыг хүссэнгүй. 18 Тэгэхэд хаан Доегт —Чи явж очоод, тахилч нар уруу дайрагтун гэсэнд едом хүн Доег явж очоод, тахилч нар уруу дайрч, тэр өдөр маалинган ефод өмссөн наян таван хүнийг алав. 19 Тэр тахилч нарын хот Нобыг, тэндхийн эрэгтэй эмэгтэй, нялхас хүүхэд, мөн үхэр, илжиг болон хонийг нь илдний ирээр устгав. 20 Гэвч Ахитубын ач, Ахимелехийн нэгэн хөвгүүн Абиатар гэгч хүн зугтан, Давидын араас ирэв. 21 Саул ЭЗЭНий тахилч нарыг хөнөөснийг Абиатар Давидад мэдэгдэв. 22 Тэгэхэд Давид Абиатарт —Тэр өдөр едом хүн Доегийг тэнд байхаар нь тэр лав Саулд мэдэгдэнэ гэдгийг би мэдэж байсан билээ. Би чиний эцгийн бүх гэрийнхэнд үхэл авчирлаа. 23 Надтай хамт байгтун. Бүү ай. Учир нь миний амийг эрж буй хүн чиний ч амийг эрж байгаа тул надтай хамт чи аюулгүй байна хэмээн өгүүлэв.
1 Нэг хүн Давидад —Филистчүүд Кеилагийн эсрэг дайрч, үтрэмийг дээрэмдэж байна гэж мэдэгдэв. 2 Тэгээд Давид ЭЗЭНээс лавлан —Би очиж эдгээр филистчүүд уруу довтлох уу? хэмээн асуухад ЭЗЭН Давидад —Явагтун, филистчүүд уруу довтолж, Кеилаг аврагтун хэмээн айлдав. 3 Гэтэл Давидын хүмүүс өөрт нь —Харагтун, бид энд Иудад байгаа атлаа айж байна. Хэрэв бид Кеила уруу филистчүүдийн цэргийн эсрэг явбал ямар их айх бол хэмээн өгүүлэв. 4 Тэгэхэд Давид дахин ЭЗЭНээс асуув. ЭЗЭН түүнд хариу болгож, —Босож, Кеила уруу явагтун. Учир нь Би филистчүүдийг чиний гарт өгнө хэмээн айлдав. 5 Ийнхүү Давид өөрийн хүмүүсийн хамт Кеилад очиж, филистчүүдтэй тулалдан, тэдний мал сүргийг булаан тууж, филистчүүдийг маш ихээр цохин алав. Ингэж Давид Кеилагийн оршин суугчдыг аврав. 6 Ахимелехийн хөвгүүн Абиатар Давид уруу Кеилад байхад нь зугтаж ирэхдээ гартаа ефод авчирсан байв. 7 Давид Кеилад ирсэн гэдгийг Саулд мэдэгдсэнд тэр —Бурхан түүнийг миний гарт өгөв. Учир нь Давид давхар хаалга, цуургатай хотод орсноороо өөрөө өөрийгөө түгжлээ хэмээн өгүүлэв. 8 Ийнхүү Саул Кеила уруу явж, Давид болон түүний хүмүүсийг бүслэн дайтахаар бүх ард олныг дуудаж цуглуулав. 9 Саулыг өөрт нь хор хөнөөл хийх гэж байгааг Давид мэдсэн байлаа. Иймээс тахилч Абиатарт —Ефодыг авч ирэгтүн хэмээн өгүүлэв. 10 Тэгээд Давид —Израилийн Бурхан, ЭЗЭН минь ээ, Саул Кеилад ирж, надаас болж энэ хотыг устгах гэж байгаа гэдгийг Таны боол лавтай сонслоо. 11 Кеилагийн хүмүүс намайг түүний гарт өгөх үү? Таны боол сонссоны адил Саул хүрч ирэх үү? Израилийн Бурхан, ЭЗЭН минь ээ, эдгээрийг боолдоо мэдүүлж хайрлаач хэмээсэнд ЭЗЭН —Тэр ирнэ хэмээн айлдав. 12 Дараа нь Давид —Кеилагийн хүмүүс намайг болон миний хүмүүсийг Саулын гарт өгөх үү? гэсэнд ЭЗЭН —Тэд чамайг өгнө хэмээн айлдав. 13 Тэгэхэд Давид болон түүний зургаан зуугаад хүмүүс босон, Кеилагаас гарч, газар сайгүй тэнүүчлэв. Давидыг Кеилагаас оргосныг Саулд мэдэгдсэнд тэр мөрдөхөө зогсоов. 14 Давид цөл газар бэхлэлтүүдэд хоргодож, мөн Зифийн цөлд уулархаг газарт саатаж байв. Саул Давидыг өдөр бүр эрж хайж байсан боловч Бурхан Давидыг Саулын гарт өгсөнгүй. 15 Давид Зифийн цөлд, Хорешт байхдаа Саул өөрийнх нь амийг авахын тулд гарсныг мэдсэн билээ. 16 Саулын хөвгүүн Ионатан босож, Хорешт буй Давид уруу очиж, Бурханы дотор Давидыг зоригжуулав. 17 Тэрээр Давидад —Бүү айгтун. Учир нь миний эцэг Саулын гар чамд хүрэхгүй бөгөөд чи Израилийн хаан болж, би чиний дараа зогсох хүн болно. Миний эцэг Саул ч энэ тухай мэдэж байгаа хэмээн өгүүлэв. 18 Ингээд тэр хоёр ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав. Давид Хорешт үлдэж, Ионатан өөрийн гэр уруу буцав. 19 Тэгэхэд зифчүүд Гибеа дахь Саулд ирж, —Давид Иешимоны өмнө зүгт байрладаг Хахилагийн давааны Хореш дахь бэхлэлтэд бидний хамт нуугдаж байгаа бус уу? 20 Одоо тэгэхлээр хаан минь, сэтгэлийнхээ хүслээ биелүүлж хүрч ирэгтүн. Харин бид түүнийг хааны гарт тушаана хэмээн өгүүлэв. 21 Саул —ЭЗЭН та нарыг ивээх болтугай. Учир нь та нар намайг өрөвдөн хайрласан билээ. 22 Одоо явж, илүү тодорхой болгон, түүний очдог газар болон тэнд түүнийг харсан хүн бий эсэхийг сайтар шалгаж үзэгтүн. Учир нь түүнийг маш зальтай хүн гэж би сонссон. 23 Тиймээс харж, түүний хоргодон нуугдаж байгаа бүх газруудын талаар мэдэж, баттай үнэн мэдээг аваад буцаж ирэгтүн. Тэр үед би та нартай хамт явъя. Хэрэв тэр энэ нутагт байгаа бол би түүнийг Иудагийн бүх мянгатуудын дотроос ч эрж хайя хэмээн өгүүлэв. 24 Ингээд тэд босож, Саулаас урьтан Зиф уруу явав. Давид болон түүний хүмүүс Иешимоны өмнө зүгт байрлах Арабад, Маоны цөлд байв. 25 Саул болон түүний хүмүүс Давидыг эрж хайхаар гарахад энэ тухай Давидад мэдэгдсэнд тэрээр Маоны цөлд үлдэн, хадтай газар уруу ирж буув. Саул үүнийг сонсоод Давидыг Маоны цөлд мөшгөн хөөв. 26 Саул уулын нэг талаар Давид болон түүний хүмүүс уулын нөгөө талаар явав. Давид Саулаас зайлах гэж яарч байв. Учир нь Саул болон түүний хүмүүс Давидыг хүмүүстэй нь хамт барихаар бүслэж байв. 27 Гэтэл нэгэн элч Саулд ирж, —Хурдан ирэгтүн. Филистчүүд нутаг уруу довтолж ирлээ хэмээн мэдэгдэв. 28 Ийнхүү Саул Давидыг мөшгөхөө больж, филистчүүдийг угтан тулалдахаар явав. Ийм учраас тэд энэ газрыг —Зайлан зугтаалгасан хад гэж нэрлэжээ. 29 Давид тэндээс явж, Енгедийн бэхлэлтүүдэд хоргодов.
1 Саул филистчүүдийг мөшгөн хөөгөөд, буцан ирэхэд нь —Давид одоо Енгедийн цөлд байна гэдгийг мэдэгдэв. 2 Тэгээд Саул бүх Израилиас гурван мянган сонгодог хүнийг авч, Давид болон түүний хүмүүсийг эрж хайхаар Янгирын хаднуудын урдуур явав. 3 Тэрээр замдаа хонины хашаатай газарт ирсэн ба тэнд агуй байсанд Саул бие засахаар тийш оров. Энэ үед Давид болон түүний хүмүүс тэр агуйн мухарт сууцгааж байв. 4 Давидын хүмүүс өөрт нь —ЭЗЭН танд "Харагтун. Би чиний дайсныг гарт чинь өгөх гэж байна. Түүнийг өөрийн дураар болгогтун" хэмээн айлдсан тэр цаг өдөр нь болов гэсэн билээ. Давид босож Саулын дээлийн хормойг сэмхэн огтолж авав. 5 Үүний дараа Давид Саулын дээлийн хормойноос огтолж авсандаа сэтгэл нь ихэд зовов. 6 Тэрээр хүмүүстээ —ЭЗЭН байгаа тул, ЭЗЭНий тосолсон өөрийн эзэнд би ийнхүү хандан, тэр ЭЗЭНий тосолсон хүн тул түүний эсрэг гараа сунгасан ийм хэрэг надаас хол байг хэмээн өгүүлэв. 7 Давид ингэж өгүүлээд хүмүүсээ ятган, Саул уруу дайрахыг тэдэнд зөвшөөрсөнгүй. Саул ч босож, агуйгаас гарч, замдаа гарав. 8 Үүний дараа Давид босож, агуйгаас гарч, Саулын араас дуудан —Эзэн хаан минь! гэв. Саулыг эргэж харахад Давид нүүрээрээ газарт хүртэл мэхийн, сунан мөргөв. 9 Давид Саулд —Та юунд "Давид таныг хорлох гэж байна" гэж хэлдэг хүмүүсийн үгэнд итгэж байгаа юм бэ? 10 Үнэндээ өнөөдөр энэ агуйд ЭЗЭН таныг миний гарт өгснийг энэ өдөр та харсан билээ. Зарим маань таныг алъя хэмээсэн боловч би таныг өрөвдөж, "Би өөрийн эзний эсрэг гар сунгахгүй, учир нь тэр бол ЭЗЭНий тосолсон хүн" хэмээн өгүүлсэн билээ. 11 Эцэг минь, миний гарт байгаа өөрийнхөө дээлийн хормойг сайн харагтун. Учир нь би таны дээлийн хормойг огтолж авсан боловч таныг алаагүй энэ зүйлээр надад хорон санаа, тэрслэх байдал байхгүй бөгөөд би танд нүгэл үйлдээгүй гэдгийг лавтай мэдэгтүн. Тийм атал та миний амийг авахаар эрж байна. 12 ЭЗЭН та бид хоёрыг шүүж, ЭЗЭН танаас өшөөг минь авах болтугай. Харин миний гар таны эсрэг байхгүй. 13 Эртний цэцэн үгэнд "Нүгэлтнээс нүгэл гардаг" гэдэг билээ. Харин би танд гар хүрэхгүй. 14 Израилийн хаан хэний араас ирсэн бэ? Та хэнийг хөөн мөшгөж байна вэ? Энэ чинь үхсэн нохой нэг бөөсний араас хөөсөнтэй адил. 15 Тийм учраас ЭЗЭН шүүгч болж, та бид хоёрын хоорондохыг шийдэж, Тэр миний гомдлыг хараад шийдэж, таны гараас намайг аврах болтугай хэмээн өгүүлэв. 16 Давид Саулд ингэж хэлсний дараа Саул —Давид хүү минь, энэ чиний дуу юу? гээд, эхэр татан чангаар уйлав. 17 Тэр Давидад —Чи надаас илүү зөвт байна. Учир нь чи надад сайн хандаж байтал би чамд муу хандав. 18 Чи надад сайныг үйлдэж байсныг, мөн ЭЗЭН намайг чиний гарт тушаасан атал чи намайг алсангүй гэдгээ өнөөдөр надад мэдүүллээ. 19 Өөрийн дайсныг олсон хүн түүнийг зүгээр суллан тавих уу? Тийм учраас чиний өнөөдөр надад үйлдсэн хэргийн төлөө ЭЗЭН чамайг сайн сайхнаар шагнах болтугай! 20 Харагтун, чи заавал хаан болж, чиний гарт л Израилийн хаанчлал тогтоно гэдгийг би лавтай мэднэ. 21 Миний дараа үлдэх миний үр удмыг чи устгахгүй, миний нэрийг миний эцгийн гэрээс таслахгүй гэдгийг ЭЗЭНээр надад тангараглагтун хэмээн өгүүлэв. 22 Давид үүнийг Саулд тангараглав. Саул өөрийн гэртээ буцаж, харин Давид болон түүний хүмүүс бэхлэлт уруу явав.
1 Самуел нас эцэслэв. Бүх Израиль цугларч, түүний төлөө гашуудан, түүнийг Рама дахь гэрт нь оршууллаа. Давид босож, Параны цөл уруу явав. 2 Кармелд эдлэн газартай нэгэн хүн Маонд байжээ. Тэрээр маш их баян хүн бөгөөд гурван мянган хонь, нэг мянган ямаатай байв. Тэр хүн Кармелд хониныхоо ноосыг хяргаж байх зуур 3 (тэр хүний нэрийг Набал, түүний эхнэрийн нэрийг Абигаил гэдэг байв. Өнөөх эмэгтэй ухаан саруул, гоо үзэсгэлэнтэй байсан боловч нөхөр нь зөрүүд, муухай зантай байжээ. Тэр калеб хүн ажээ.) 4 Давид Набалыг хонио хяргаж байгааг цөлд сонсов. 5 Ийнхүү Давид арван залууг илгээж, тэдэнд хэлэхдээ —Кармел өөд явж, Набалтай уулзан, миний нэрийн өмнөөс түүний мэндийг асуу. 6 Та нар ингэж мэндчилэгтүн. "Урт удаан наслаарай. Та амар амгалан байх болтугай. Таны гэр бүлийн хүмүүс амар амгалан байх болтугай. Таны гэсэн бүх юмс амар амгалан байх болтугай. 7 Хонины ноос хяргагчид танайд байна гэж би сонслоо. Урьд танай хоньчид бидэнтэй хамт байх үед бид тэднийг гомдоогоогүй бөгөөд тэднийг Кармелд байх хооронд юу нь ч алга болоогүй. 8 Та өөрийн залуусаас асуувал тэд тэгж хэлэх болно. Тиймээс миний залуусыг ивээж өгнө үү. Учир нь бид баярын өдөр ирсэн билээ. Таны боолууд болон таны хүү Давидад таны гарт байгаа юуг ч хамаагүй өгнө үү?" гэж хэл гэв. 9 Давидын залуус тэнд ирцгээж, хэлсэн бүх үгсийн дагуу Давидын нэрийн өмнөөс Набалд хэлэн хариуг хүлээв. 10 Харин Набал Давидын зарц нарт хариулахдаа —Давид гэж хэн юм бэ? Иессийн хөвгүүн гэж хэн юм бэ? Одоо эзнээсээ зугтаах боолууд олон боллоо. 11 Хонины ноос хяргагчиддаа зориулж нядалсан энэ мах, ус болон талхаа хаанаас ирсэн нь үл мэдэгдэх хүмүүст би өгөх ёстой болж байна уу? хэмээн өгүүлэв. 12 Тэгэхэд Давидын залуус ирсэн замаараа буцаж ирцгээн эдгээр бүх үгсийг Давидад мэдүүлэв. 13 Давид хүмүүстээ —Хүн бүр өөрсдийн илдээ биедээ зүүгтүн хэмээн тушаасанд хүн бүр илдээ зүүв. Давид ч бас илдээ зүүн, дөрвөн зуугаад хүн Давидыг дагаж яван, хоёр зуун хүн ачаа бараагаа харж үлдэв. 14 Гэтэл Набалын эхнэр Абигаилд залуусынх нь нэг нь мэдүүлэн —Харагтун, бидний эзэнд мэнд хүргэхийн тулд Давид цөлөөс элч нарыг илгээсэнд манай эзэн тэднийг харааж зүхэв. 15 Гэсэн ч тэдгээр хүмүүс бидэнд их сайн хандаж, биднийг гомдоогоогүй, бас бид тэдэнтэй хамт хээр талд байхад бидний юу ч алга болоогүй билээ. 16 Биднийг тэдэнтэй хамт хонь хариулж байх үед өдөр ч, шөнө ч тэдгээр хүмүүс бидэнд хана цайз мэт болж байв. 17 Тиймээс одоо та яавал зохихыг бодож мэдэгтүн. Учир нь гай зовлон бидний эзэн болон түүний бүх гэрийнхнийг дайрах нь гарцаагүй боллоо. Эзэнтэн бол үнэхээр өөдгүй хүн тул хэн ч түүнтэй ярьж чадахгүй хэмээн өгүүлэв. 18 Абигаил хоёр зуун талх, хоёр тулам дарс, аль хэдийнээ бэлтгэгдсэн таван хонь, таван хэмжүүр хуурсан тариа, зуун боодол үзэм, хоёр зуун боодол инжир тус тусыг яаран авч, тэдгээрийг илжигнүүд дээр аваачив. 19 Тэр өөрийн залуустаа —Миний өмнө яв. Би та нарын араас явж байна гэв. Гэвч тэр эмэгтэй өөрийн нөхөр Набалд юу ч хэлсэнгүй. 20 Тэр илжгээ унаж, уулын нугачаагаар бууж ирэх үед Давид болон түүний хүмүүс түүн уруу бууж ирж байсан бөгөөд тэд уулзлаа. 21 Давид —Би цөлд тэр хүний хамаг хөрөнгийг хамгаалж байхдаа тэр хүнд харьяалагдах бүхнээс ганц нь ч алга болоогүй. Үнэхээр энэ бүгд огт дэмий байжээ. Тэр надад сайныг муугаар хариулав. 22 Хэрэв маргааш өглөө хүртэл түүнд харьяалагдах хүмүүсийн дотроос ганц ч эрэгтэй хүнийг үлдээвэл Бурхан Давидын дайснуудыг ийнхүү бөгөөд үүнээс ч улам ихээр шийтгэх болтугай хэмээн хэлээд байсан ажээ. 23 Абигаил Давидыг харангуутаа яаран, илжигнээсээ бууж, Давидын өмнө нүүрээрээ унаж, мөргөв. 24 Тэр эмэгтэй Давидын хөлд унан, —Эзэнтэн минь, зөвхөн миний буруу. Өөрийн шивэгчнийг яриулж, өчгийг нь сонсоно уу. 25 Тэр өөдгүй хүн Набалыг эзэнтэн минь бүү хайхрагтун. Учир нь тэр өөрийнхөө нэртэй адил хүн. Түүний нэрийг Набал гэдэг бөгөөд мунхаг байдал түүнтэй хамт билээ. Харин таны шивэгчин би эзэнтний илгээсэн залуусыг хараагүй юм. 26 Тийм учраас одоо эзэнтэн минь, ЭЗЭНий амьд буйгаар болон амьд буйгаар тангараглая. ЭЗЭН таныг цус урсгахаар явахыг зогсоож, таны гараар өшөө авахыг нэгэнт болиулсан тул эзэнтэнд минь хор хөнөөл болохыг хүсэгчид болон дайснууд тань Набалтай адил болох болтугай. 27 Эзэнтэндээ авчирсан шивэгчний тань энэхүү бэлгийг эзэнтнийг минь дагалдаж буй залууст өгөх болтугай. 28 Та шивэгчнийхээ нүглийг өршөөн соёрх. ЭЗЭН заавал эзэнтэнд минь бат бэх гэрийг барьж өгнө. Учир нь эзэнтэн минь ЭЗЭНий дайныг хийж байгаа билээ. Таны амьдралын бүхэл өдрүүдэд бузар муу юм байхгүй. 29 Хэрэв хэн нэгэн хүн босон, таныг мөшгөн хөөж, таны амийг авахаар эрсэн ч миний эзэнтний амийг таны Бурхан ЭЗЭН амийн уутанд хийж уях болно. Харин таны дайснуудын амийг ЭЗЭН дүүгүүрт хийж шидэх мэт байх болно. 30 ЭЗЭН таны тухай амласан сайн сайхан бүгдийнхээ дагуу эзэнтэнд минь гүйцэтгэж, таныг Израилийн удирдагчаар томилох цагт 31 шалтгаангүйгээр цус урсгаж, эзэнтэн минь өөрийнхөө төлөө өшөө авсан эдгээр зүйлс нь эзэнтний минь зүрхэнд саад тотгор болон гашуудал болохгүй байх болтугай. ЭЗЭН, эзэнтнийг минь сайн сайхан болгоход өөрийн шивэгчнийг санагтун хэмээн өгүүлэв. 32 Давид Абигаилд —Өнөөдөр чамайг надтай уулзуулахаар явуулсан Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. 33 Мөн чиний саруул ухаан магтагдах болтугай. Намайг өнөөдөр цус урсгахаас болон өөрийнхөө гараар өөрийн өшөөг авахаас болиулсан чи магтагдах болтугай. 34 Намайг чамд хор хөнөөл хийхийг болиулсан Израилийн Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Хэрэв надтай уулзахаар чи яаран ирээгүй бол үнэхээр үүр цайх хүртэл Набалд ганц ч эрэгтэй хүн үлдэхгүй байх байсан хэмээн өгүүлэв. 35 Ийнхүү Давид Абигаилын гараас түүний авчирсан юмыг авч, тэр эмэгтэйд —Гэртээ тайван буцагтун. Харагтун, би чиний өгүүлснийг сонсож, чиний гуйлтыг хүлээн авлаа хэмээн өгүүлэв. 36 Тэгээд Абигаил Набал уруу буцаж ирэхэд Набал өөрийн гэртээ хааны найр шиг найр хийж байв. Набал ихэд согтуу байсан болохоор сэтгэл нь хангалуун байв. Тиймээс Абигаил үүр цайх хүртэл түүнд юу ч ярьсангүй. 37 Харин өглөө болж Набалын согтуу гарахад эхнэр нь түүнд тэдгээр зүйлсүүдийн тухай ярьсанд түүний зүрх нь мөхөж, чулуу мэт болов. 38 Арваад хоногийн дараа ЭЗЭН Набалыг цохьсонд тэр үхэв. 39 Давид Набалыг үхсэнийг сонсоод, —Набалын гарт доромжлогдсон миний өшөөг авч, Өөрийн боолоо бузар мууг үйлдэхээс зогсоосон ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН Набалын нүглийг түүний толгойд хариулав хэмээн өгүүлэв. Тэгээд Давид хүн илгээж, Абигаилыг эхнэрээ болгох гэж байгаа тухай хэлүүлэв. 40 Давидын зарц нар Кармел дахь Абигаил уруу ирж, түүнд —Давид чамайг эхнэрээ болгон авахын тулд биднийг илгээв хэмээн өгүүлэв. 41 Тэр эмэгтэй босож, нүүрээрээ газарт хүртэл мэхийн, —Харагтун, шивэгчин тань эзэнтнийхээ зарц нарын хөлийг угаах боол эмэгтэй чинь билээ хэмээн өгүүлэв. 42 Абигаил яаран босож, өөрийн таван шивэгчнийхээ хамт илжгээ унан Давидын элч нарын араас дагаж яван, Давидын эхнэр болов. 43 Давид мөн Иезреелийн Ахиноамыг авсан байсан тул тэд хоёулаа Давидын эхнэр болов. 44 Саул Давидын эхнэр байсан өөрийн охин Мехалыг Галлимаас гаралтай Лаишийн хөвгүүн Палтид өгчээ.
1 Гибеад байсан Саул уруу зифчүүд ирж, —Давид Иешимоны урд талд байдаг Хахилагийн толгодод нуугдаж байгаа бус уу? хэмээн өгүүлэв. 2 Саул босож, Израилийн гурван мянган шилмэл эрчүүдийг авч, Зифийн цөлд байгаа Давидыг эрэхээр Зифийн цөл уруу хөдлөв. 3 Саул Иешимоны урд талд, замын дэргэд орших Хахилагийн толгод дээр буудаллав. Энэ үед Давид цөлд байв. Саулыг өөрийг нь мөрдөж цөлд ирснийг хараад 4 Давид туршуулуудыг явуулж, Саулыг үнэхээр ирж байгааг мэдэв. 5 Дараа нь Давид Саулын буудалласан газарт ирж, Саул болон түүний цэргийн жанжин Нерийн хөвгүүн Абнер нарын унтдаг газрыг харав. Саул буудлын дунд унтаж, хүмүүс нь түүнийг тойрон байрлажээ. 6 Тэгээд Давид хит хүн Ахимелех болон Зеруиагийн хөвгүүн Иоабын дүү Абишаи нарт хандан —Хэн надтай хамт Саул уруу, буудал уруу явах вэ? гэсэнд Абишаи —Би тантай хамт явна хэмээн хариулав. 7 Ийнхүү Давид, Абишаи хоёр шөнөөр хүмүүс уруу очоод харахад Саул буудлын дунд унтаж байсан ба түүний жад толгойнх нь хажууд газарт зоолттой байв. Абнер болон хүмүүс нь түүнийг тойрон унтаж байв. 8 Тэгэхэд Абишаи Давидад —Бурхан өнөөдөр таны дайсныг гарт тань өгчээ. Тийм учраас энэ жадаар түүнийг нэгмөсөн газарт хатгаж алахыг надад зөвшөөрнө үү. Би хоёр дахин хатгахгүй хэмээн өгүүлэв. 9 Гэвч Давид Абишаид —Түүнийг бүү алагтун. ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар далайчихаад хэн гэм буруугүй үлдэж чадах вэ? гэв. 10 Давид бас хэлэхдээ —ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. ЭЗЭН түүнийг заавал устгана, эсвэл түүний үхэх өдөр ирнэ, эсвэл тулалдаанд явж устгагдана. 11 Би ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар далайхыг ЭЗЭН хорих болтугай. Харин одоо толгойнх нь хажууд байгаа жад, устай савыг аваад явъя хэмээн өгүүлэв. 12 Тэгээд Давид Саулын толгойн хажуугаас жад ба устай савыг авч, явсан боловч харсан хүн, мэдсэн хүн, сэрсэн хүн байсангүй. ЭЗЭНээс ирсэн гүн нойр тэдний дээр байсан учир тэд бүгд унтаж байв. 13 Дараа нь Давид нөгөө тал уруу явж, хол зайнд уулын орой дээр гарав. Тэдний хооронд их зайтай байсан билээ. 14 Давид хүмүүсийг болон Нерийн хөвгүүн Абнерыг дуудан, —Абнер аа, чи хариулахгүй юу? гэхэд Абнер —Хааныг дууддаг чи хэн бэ? хэмээн хариулав. 15 Ийнхүү Давид Абнерт —Чи эр хүн бус уу? Израильд чамтай эн зэрэгцэх хүн байна уу? Яагаад чи өөрийн эзэн хааныгаа хамгаалсангүй вэ? Учир нь чиний эзэн хааныг хороохоор нэгэн хүн ирсэн билээ. 16 Чиний хийсэн зүйл сайн биш. ЭЗЭНий амьд буйгаар тангараглан өгүүлэхэд, та нар үхвэл зохилтой. Учир нь та нар өөрсдийн эзэн, ЭЗЭНий тосолсон хүнийг хамгаалсангүй. Одоо хааны толгойн хажууд байсан хааны жад ба савтай ус хаана байгааг харагтун хэмээн өгүүлэв. 17 Тэгэхэд Саул Давидын дууг танин —Миний хүү Давид аа, энэ чиний дуу юу? гэхэд Давид —Миний дуу байна, эзэн. Хаан минь! хэмээн хариулав. 18 Тэр бас —Яагаад эзэн минь өөрийн боолын араас мөшгөнө вэ? Би юу үйлдэв? Эсвэл миний гарт ямар бузар муу юм байна вэ? 19 Тийм учраас одоо миний эзэн хаан өөрийн боолын хэлэхийг сонсож соёрхоно уу. Хэрэв ЭЗЭН таныг миний эсрэг болгосон бол, Тэр тахилыг хүлээн авах болтугай. Харин тэр нь хүмүүсийн хэрэг бол ЭЗЭНий өмнө тэд хараагдах болтугай. Учир нь тэд намайг өнөөдөр ЭЗЭНий өв залгамжлалтай холбоогүй болгон хөөж явуулан, "Явж бусад бурхдад үйлчил" хэмээн өгүүлж байгаа хэрэг юм. 20 ЭЗЭНий оршихуйгаас холдоход миний цус газарт бүү урсаасай. Учир нь Израилийн хаан ууланд ятуу шувуу агнаж байгаа нэгэнтэй адил ганцхан нохой бөөс эрэхээр гарсан билээ хэмээн өгүүлэв. 21 Тэгэхэд Саул —Би нүгэл үйлдэв. Буцаж ирэгтүн, хүү Давид минь! Би дахин чамд гай тотгор учруулахгүй. Учир нь өнөөдөр миний амь чамд үнэтэй байв. Би мунхаг зүйл үйлдэж, том алдаа гаргалаа гэв. 22 Давид хариулан —Харагтун, хааны жад энэ байна! Залуусынхаа нэгийг илгээж, үүнийг авагтун. 23 ЭЗЭН хүн бүрийг зөвт болон итгэлтэй байдлаар нь шагнах болно. ЭЗЭН өнөөдөр таныг миний гарт өгсөн боловч би ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гараа далайхаасаа татгалзсан билээ. 24 Харагтун, миний нүдэнд өнөөдөр таны амь ихэд үнэтэй байсны адил ЭЗЭНий мэлмийд миний амь ихэд үнэтэй байх болтугай. Мөн ЭЗЭН намайг хамаг зовлонгоос аврах болтугай хэмээн өгүүлэв. 25 Дараа нь Саул Давидад —Миний хүү Давид аа, чи ивээгдэх болтугай. Чи их хэргийг бүтээж, үнэхээр амжилт олох болно гэв. Ингээд Давид өөрийн аяныг үргэлжлүүлж, Саул гэр уруугаа буцав.
1 Давид өөртөө —Би нэгэн өдөр Саулын гарт устгагдах байх. Филистчүүдийн нутагт зугтаж очихоос өөр арга надад алга. Тэгвэл Саул намайг Израилийн хязгаар нутаг даяар эрж хайхаас цөхөрч, ингээд би түүний гараас зугтана хэмээн өгүүлэв. 2 Тэгээд Давид босож, өөртэйгөө хамт байсан зургаан зуун хүнээ дагуулан Гатын хаан Маохын хөвгүүн Ахиш уруу очив. 3 Давид болон түүний хүмүүс өөрсдийн гэр бүлүүдийн хамт Гатад Ахишийн хамт суув. Давид хоёр эхнэр, Иезреел эмэгтэй Ахиноам болон Набалын эхнэр байсан Кармел эмэгтэй Абигаилтай хамт байв. 4 Давидыг Гат уруу зугтсаныг Саулд мэдэгдсэнд Саул дахин Давидыг мөшгөсөнгүй. 5 Дараа нь Давид Ахишт —Хэрвээ би одоо таны тааллыг олсон бол, уг нутгийн нэг хотод нэг газрыг надад өгч, тэнд намайг суулгаж өгнө үү. Боол чинь хааны хотод тантай хамт яагаад суух ёстой билээ? хэмээн өгүүлэв. 6 Ийнхүү Ахиш тэр өдөр Зиклагийг Давидад өгөв. Тийнхүү Зиклаг нь өнөөдрийг хүртэл Иудагийн хаадын мэдэлд байдаг ажээ. 7 Филистчүүдийн нутагт Давидын суусан хоногийн тоо гэвэл нэг жил дөрвөн сар байв. 8 Давид өөрийн хүмүүсийн хамт явж, гешурчууд, гирзичүүд болон амалекчуудыг дайран тонов. Тэд эртнээс Египетийн нутаг хүртэлх Шурын хязгаар нутагт сууж байв. 9 Давид эдгээр нутаг уруу дайрч, нэг ч эрэгтэй, эмэгтэй хүнийг амьд үлдээлгүй, хонь, үхэр, илжиг, тэмээн сүргүүд болон хувцас зэргийг булаан авч, дараа нь буцаж Ахиш уруу ирэв. 10 Ахиш —Өнөөдөр чи хэн уруу дайран тоносон бэ? гэж асуухад нь Давид —Иудагийн Негев, Иерахмеелийн Негев, Кенийн Негев зэргийн эсрэг гэж хариулдаг байв. 11 Давид нэг ч эрэгтэй, эмэгтэй хүнийг амьд үлдээлгүй, Гатад ганц ч хүнийг дагуулж ирсэнгүй. —Эс тэгвэл тэд "Давид ийм хэрэг үйлдэж филистчүүдийн нутагт сууж байхдаа үргэлж ийм хэрэг үйлдэж байв" хэмээн өгүүлж, бидний тухай мэдэгдэх вий гэж байв. 12 Ийнхүү Ахиш Давидад итгэн, —Давид өөрийн ард түмэн Израилийн дунд жигшигдэх хэргийг үйлдэж байгаа тул тэр мөнхөд миний боол болно хэмээн бодож байв.
1 Тэр үед филистчүүд Израилийн эсрэг тулалдахаар цэргийн хуарангуудаа цуглуулав. Ахиш Давидад —Чи болон чиний хүмүүс надтай хамт тулалдаанд явна гэдгийг сайтар мэдэгтүн хэмээн өгүүлэв. 2 Давид Ахишт —Их сайн байна. Таны боол юу хийж чадахыг та мэдэх болно гэв. Тэгэхэд Ахиш Давидад —Сайн байна. Би чамайг бүх насаар чинь өөрийн бие хамгаалагчаар томилно гэв. 3 Самуел нас эцэслэсэнд бүх Израиль түүний төлөө гашуудаж, түүнийг өөрийнх нь хот болох Рамад оршуулав. Саул мэргэч төлөгч нарыг өөрийн нутгаас хөөв. 4 Филистчүүд цуглан ирж, Шунемд хуарагнан буудалласанд Саул бүх Израилийг цуглуулан, Гилбоад хуарагнан буув. 5 Саул филистчүүдийн хуаранг үзээд ихэд айж, зүрх нь чичрэв. 6 Саул ЭЗЭНээс асуусанд ЭЗЭН түүнд зүүдээр ч, Уримээр ч, эш үзүүлэгчээр ч хариу өгсөнгүй. 7 Тэгэхэд Саул өөрийн зарц нартаа —Надад төлөгч эмийг эрж ологтун. Би түүнд очиж тэр эмээс асууя гэв. Зарц нар нь Саулд —Ен-дорт нэгэн төлөгч эм бий гэлээ. 8 Саул хувцсаа сольж зүсээ хувиргаад, хоёр хүнийг дагуулан, тэр эм дээр шөнөөр очив. Тэр —Надад мэргэлж, миний нэрлэх хүнийг дуудаж өгөгтүн гэв. 9 Гэтэл тэр эм түүнд —Саул энэ нутгаас мэргэч төлөгч нарыг хөөж гаргасныг чи мэднэ. Тийн атал яагаад чи миний аминд урхи тавьж, намайг үхүүлэх гэв? хэмээн загнав. 10 Саул тэр эмд ЭЗЭНээр тангараглан, —ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Энэ хэргээс болж чамд ямар ч шийтгэл оноогдохгүй гэж өгүүлэв. 11 Тэгэхэд тэр эм —Би хэнийг дуудаж өгөх вэ? гэсэнд Саул —Надад Самуелыг дуудаж өгөөч гэв. 12 Тэр эм Самуелыг үзэнгүүтээ чанга дуугаар хашхирав. Тэгээд тэр эм Саулд —Та юунд намайг мэхлэв? Та Саул байна? гэв. 13 Хаан тэр эмд —Бүү айгтун. Харин чи юу харж байна вэ? гэв. Тэр эм Саулд —Бурханлаг нэгэн нь газраас гарч ирэхийг би харж байна гэв. 14 Саул тэр эмээс —Түүний дүр төрх нь ямар вэ? гэж асуусанд тэр эм —Настай хүн гарч ирж байна. Тэр дээлтэй юм гэв. Тэр нь Самуел байсныг Саул мэдээд, нүүрээрээ газар хүртэл мэхийн, хүндэтгэл үзүүлэв. 15 Самуел Саулд —Юунд чи намайг дуудаж, надад төвөг болов? гэхэд Саул хариулан —Би маш их зовж байна. Филистчүүд намайг дайрахаар ирж байхад Бурхан надаас салсан бөгөөд эш үзүүлэгчдээр ч, зүүдээр ч надад хариу өгөхгүй байна. Тийм учраас яах ёстойг минь мэдүүлж өгөхийн тулд би таныг дуудлаа гэв. 16 Самуел —ЭЗЭН чамаас салж, чиний дайсан болсон атал чи юунд надаас асууж байна вэ? 17 ЭЗЭН надаар дамжуулан айлдсаныхаа дагуу гүйцэтгэсэн билээ. ЭЗЭН чиний гараас хаанчлалыг салган авч, чиний хөрш Давидад өгсөн билээ. 18 Чи ЭЗЭНийг дагалгүй, догшин уур хилэнгээр нь Амалекийг шийтгээгүй учраас ЭЗЭН өнөөдөр чамд үүнийг үйлдэж байна. 19 Түүгээр ч барахгүй ЭЗЭН бас Израилийг чамтай хамт филистчүүдийн гарт өгнө. Тийм учраас маргааш чи болон чиний хөвгүүд надтай хамт байх болно. Үнэхээр ЭЗЭН Израилийн цэргүүдийг филистчүүдийн гарт өгнө хэмээн өгүүлэв. 20 Тэгж хэлмэгц Саул газар гулдайн унаж, Самуелын үгнээс болж ихэд айлаа. Мөн тэр өдөржин, шөнөжин юу ч идээгүй байсан тул түүнд хүч тэнхээ байсангүй. 21 Өнөөх эм Саул уруу ирж, Саулыг ихэд айсан байхыг хараад, түүнд —Таны шивэгчин таныг дагалаа. Би өөрийн амиараа дэнчин тавьж, таны өгүүлсэн үгийг сонслоо. 22 Тиймээс одоо та шивэгчнийхээ үгийг ч гэсэн сонсогтун. Таны өмнө зүсэм талх тавихыг зөвшөөрөөч. Үүнийг идэж буцах замдаа хүч орно уу гэв. 23 Харин Саул үүнээс татгалзан, —Би идэхгүй гэв. Гэвч түүний зарц нар өнөөх эмэгтэйн хамт түүнийг ятгасанд Саул тэдний үгийг сонсов. Тэрээр газраас босож, дэвсгэр дээр суув. 24 Тэр эмэгтэйн гэрт тарган тугал байсанд түүнийг яаран нядлав. Тэр эмэгтэй гурил зууран, хөрөнгөгүй талх барив. 25 Тэр үүнийг Саул болон түүний зарц нарын өмнө тавьсанд тэд идэв. Тэр орой тэд босож явав.
1 Филистчүүд бүх цэргээ Афект цуглуулах үед, израильчууд Иезреел дэх булгийн дэргэд буудаллав. 2 Филистчүүдийн ноёд зуут, мянгатаараа өнгөрөн явахад, Давид болон түүний хүмүүс ч Ахиштай хамт тэдний араас явав. 3 Тэгэхэд филистчүүдийн удирдагчид —Эдгээр еврейчүүд энд юу хийж байгаа юм бэ? хэмээн асуув. Ахиш филистчүүдийн удирдагчдад —Энэ хүн Израилийн хаан Саулын зарц Давид биш үү? Тэр надтай хамт нэг хоёр жил байсан бөгөөд тэр над уруу оргож ирснээс хойш эдүгээ хүртэл би түүнээс ямар нэгэн гэм бурууг олоогүй хэмээн өгүүлэв. 4 Гэвч филистчүүдийн удирдагчид Ахишт уурлаж, түүнд хандан —Энэ хүнийг бидэнтэй хамт тулалдаанд явуулалгүй, таны түүнийг суурьшуулсан газар уруу нь буцаагтун. Эс тэгвэл тулалдааны үед тэд бидний дайсан болж болзошгүй. Энд байгаа хүмүүсийн толгойгоор биш бол энэ хүн яаж эзнийхээ өршөөлийг олох вэ? 5 Энэ хүн "Саул мянгыг алж, Давид түмийг алав" хэмээн дуулагддаг Давид биш үү? хэмээв. 6 Тэгээд Ахиш Давидыг дуудан, —ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Чи зөвт байжээ. Надтай хамт цэргийг удирдаж байгаа чинь миний таалалд нийцэв. Учир нь чамайг над уруу ирснээс хойш өдий хүртэл би чамаас ямар ч бузар муу юм олсонгүй. Харин эдгээр ноёдод чи таалагдахгүй байна. 7 Тийм учраас филистчүүдийн ноёдын дургүйг хүргэхгүйн тулд эргэж, тайван буцагтун! хэмээн өгүүлэв. 8 Давид Ахишт —Гэвч би юу үйлдсэн юм бэ? Таны өмнө ирсэн өдрөөс хойш өдий хүртэл таны боол ямар алдаа гаргаснаас болж би эзэн хааныхаа дайснуудтай тулалдахаар явж болохгүй билээ? хэмээн асуув. 9 Харин Ахиш Давидад хариулан —Чи Бурханы тэнгэр элч адил миний нүдэнд зөв гэдгийг би мэдэж байна. Харин филистчүүдийн ноёд "Тэр бидэнтэй хамт тулалдаанд явж болохгүй" хэмээн хэлсэн билээ. 10 Чи өөртэйгөө хамт ирсэн, эзнийхээ зарц нарын хамт маргааш өглөө эрт босонгуутаа, үүр цайхаар буцагтун хэмээн өгүүлэв. 11 Ийнхүү Давид болон түүний хүмүүс өглөө нь филистчүүдийн газарт буцахаар эртлэн босов. Филистчүүд Иезреел уруу явлаа.
1 Давид болон түүний хүмүүсийг гурван хоногийн дараа Зиклагт буцаж ирэхэд амалекчууд Негев болон Зиклаг уруу довтолсон байв. Тэд Зиклагийг эзлэн авч, галдан шатаасан байжээ. 2 Тэд эмэгтэйчүүд болон тэнд байсан бүхнийг, жижиг ч бай, том ч бай бүх хүний нэгийг нь ч алалгүйгээр олзлон авч, өөрийн нутаг уруугаа явсан байлаа. 3 Давид болон түүний хүмүүс хотод ирээд харахад хотыг галдан шатаачихсан, эхнэр хүүхдүүд, охидыг нь аваад явчихсан байв. 4 Тэгэхэд Давид болон түүнтэй хамт байсан хүмүүс дуугаа өндөрсгөн уйлах ч тэнхээгүй болтлоо цурхиран уйлав. 5 Давидын хоёр эхнэр болох Иезреел эмэгтэй Ахиноам болон Набалын эхнэр байсан Кармел эмэгтэй Абигаил нарыг ч олзлон явсан байв. 6 Түүнээс гадна, ардууд бүгд өөрсдийн хөвгүүд охидынхоо төлөө сэтгэлдээ гашуудаж байсан тул Давид уруу чулуу шидэж алахаар ярилцаж байсан учраас Давид ихэд зовов. Гэвч Давид өөрийн Бурхан ЭЗЭНээр өөрийгөө зоригжуулав. 7 Дараа нь Давид Ахимелехийн хөвгүүн тахилч Абиатарт хандан —Ефодыг авч ирэгтүн хэмээн гуйсанд Абиатар Давидад ефодыг авчирж өгөв. 8 Давид ЭЗЭНээс лавлан, —Эдгээр дээрэмчдийн бүлгийг би мөрдөх үү? Би тэднийг хөөж гүйцэх үү? хэмээн асуухад ЭЗЭН түүнд —Мөрдөгтүн, Чи тэднийг заавал хөөж гүйцэн, бүхнийг аварч чадна хэмээн хариулав. 9 Тэгээд Давид зургаан зуун хүний хамт явж, Бесор горхи уруу хүрч ирэхэд зарим нь тэнд үлдэв. 10 Бесор горхийг гаталж чадахгүй болтлоо туйлдсан хоёр зуун хүн тэндээ үлдсэн учир Давид дөрвөн зуун хүний хамт цааш мөрдөн хөөв. 11 Тэд хээрээс нэгэн Египет хүнийг олж, түүнийг Давид уруу дагуулж ирэв. Тэд түүнд талх идүүлж, ус уулгахад, тэр идэж уув. 12 Тэд түүнд хэсэг хатаасан инжир, хоёр боодол үзэм өгсөнд тэр тэдгээрийг идэн, тэнхээ оров. Учир нь тэр гурван өдөр, гурван шөнө талх идэж, ус уугаагүй ажээ. 13 Давид түүнээс —Чи хэнийх вэ? Хаанаас ирсэн бэ? хэмээн асуухад —Би египет залуу бөгөөд амалек хүний боол юм. Намайг гурав хоногийн өмнө өвчин тусахад эзэн маань намайг орхиж явсан юм. 14 Бид керетчүүдийн Негев, Иудад харьяалагдах газар болон Калебын Негев уруу довтлон тонож, Зиклагийг галдан шатаасан юм хэмээн өгүүлэв. 15 Тэгэхэд Давид түүнд —Тэдгээр дээрэмчдийн бүлэг уруу чи газарчилж чадах уу? хэмээн асуухад —Намайг алахгүй, эсвэл миний эзний гарт өгөхгүй гэдгээ Бурханаар надад тангараглагтун. Тэгвэл би таныг тэдгээр дээрэмчдийн бүлэг уруу аваачиж өгье гэж хариулав. 16 Тэр Давидыг аваачихад, харагтун, амалекчууд газраар дүүрэн тархаж, филистчүүдийн газар болон Иудагийн газраас олзлон авсан асар их зүйлсээс болж, идэж уун, бүжиглэлдэж байлаа. 17 Давид үүрийн гэгээнээс дараагийн өдрийн орой нь хүртэл тэднийг хядав. Тэмээ унаж зугтсан дөрвөн зуун залуусаас өөр тэдний нэг ч хүн зугтаж чадсангүй. 18 Ийнхүү амалекчуудад булаалгасан бүх зүйлсээ Давид эргүүлж авч, өөрийн хоёр эхнэрийг ч аварчээ. 19 Тэдний зүйлсээс жижиг ч, том ч, хөвгүүд ч, охид ч, олзлуулсан юмс ч, тэдэнд булаалгасан зүйлсийн нэг нь ч алдагдсангүй. Давид тэр бүхнийг буцааж авав. 20 Ийнхүү Давид сүргийн эхэнд хүмүүсийн тууж байсан бүх хонь, үхрийг олзолж авлаа. Тэд —Энэ бол Давидын олз хэмээн өгүүлж байлаа. 21 Бесор горхины дэргэд үлдсэн, Давидыг дагаж чадахгүй болтлоо туйлдсан хоёр зуун хүн уруу хүрч ирэхэд тэд Давидыг болон түүний хүмүүсийг угтахаар гарч ирэв. Давид тэдгээр хүмүүст ойртож очин, тэдэнтэй мэндчилэв. 22 Тэр үед Давидтай хамт явсан хүмүүсийн дотроос хорон санаатай ба үл бүтэх бүх хүмүүс ам амандаа —Тэд бидэнтэй хамт яваагүй учир зөвхөн өөрсдийнхөө эхнэр хүүхдийг л авч яваг. Бид эргүүлж авсан олзноосоо тэдэнтэй хуваалцахгүй хэмээн өгүүлжээ. 23 Тэгэхэд Давид —Ах дүү нар минь, биднийг хамгаалж, бидний эсрэг ирсэн дээрэмчдийн бүлгийг бидний гарт тушаасан ЭЗЭНий бидэнд өгсөн юмсыг ингэж болохгүй. 24 Ийм хэргийн тухайд та нарын хэлэхийг хэн сонсох вэ? Тулалдаанд явсан хүмүүсийн хувь нь ачаа барааны дэргэд байсан хүмүүсийн хувьтай адилхан. Тэд адилхан хуваах ёстой хэмээн өгүүлэв. 25 Тэр өдрөөс хойш Давид үүнийг Израилийн төлөөх зарлиг тогтоол болгосон нь эдүгээ хүртэл мөрдөгдөж иржээ. 26 Давид Зиклагт ирээд, өөрийн найз нөхөд болох Иудагийн ахлагчдад олзны юмсаас илгээн, —Харагтун, энэ бол ЭЗЭНий дайснуудын олзноос та нарт бэлэг болгох юмс билээ. 27 Эдгээр нь Бетел, Негевийн Рамот болон Иаттирт байсан хүмүүст, 28 мөн Ароер, Сифмот болон Ештемоад байсан хүмүүст, 29 мөн Ракал, иерахмеелчүүдийн хотууд болон кенчүүдийн хотуудад байсан хүмүүст, 30 мөн Хорма, Бор-ашан болон Атахад байсан хүмүүст, 31 мөн Хебронд байсан хүмүүст хийгээд Давид ба түүний хүмүүсийн явж дассан бүх газрын хүмүүст билээ хэмээн хэлүүлэв.
1 Филистчүүд Израилийн эсрэг тулалдахад, Израилийн эрчүүд филистчүүдээс зугтаж, Гилбоа ууланд хиаран унав. 2 Филистчүүд Саул болон түүний хөвгүүдийг гүйцэн авч, Саулын хөвгүүн болох Ионатан, Абинадаб, Малхи-шуа нарыг алав. 3 Саулын эсрэг тулалдаан хүчтэй болж, нум сумаар харвагчид түүнийг харвасанд тэр суманд оногдон хүнд үхэрхдав. 4 Тэгэхэд Саул өөрийн зэвсэг үүрэгчдээ —Чи илдээ сугалан намайг хатгаж ал. Эс тэгвэл хөвч хөндүүлээгүй эдгээр хүмүүс ирж, намайг хатган алж, доромжлол болгох болно хэмээн өгүүлэв. Гэвч зэвсэг баригч нь ихэд айж байсан тул үүнийг гүйцэтгэж чадсангүй. Тиймээс Саул илдээ авч, дээрээс нь унав. 5 Зэвсэг баригч нь Саулыг үхсэнийг үзээд өөрийнхөө илдний дээрээс унаж, Саулын дэргэд үхэв. 6 Ийнхүү тэр өдөр Саул гурван хөвгүүнтэйгээ, зэвсэг баригчтайгаа болон бүх хүмүүсийнхээ хамт үхэв. 7 Хөндийн нөгөө талд болон Иордан голын цаад талд байсан Израиль хүмүүс Израилийн эрчүүдийг зугтааж, Саул болон түүний хөвгүүдийн үхсэнийг хараад хотуудыг орхиж, зайлав. Тэгээд филистчүүд ирж тэнд суужээ. 8 Дараа өдөр нь филистчүүд алагдагсдыг тонохоор ирэхдээ Саул болон түүний гурван хөвгүүнийг Гилбоа ууланд үхсэн байхыг олов. 9 Тэд Саулын толгойг огтлон, зэвсгийг нь мултлан авч, өөрсдийн шүтээнүүдийн сүм болон ардуудад сайхан мэдээг хүргэхээр тэдгээрийг Филистийн бүх нутагт илгээв. 10 Тэд Саулын зэвсгийг Аштаротын сүмд тавьж, түүний цогцсыг Бет-шаны хананд өлгөв. 11 Иабеш-Гилеадын оршин суугчид филистчүүдийн Саулд юу хийснийг сонсоод, 12 бүх эр зоригт баатрууд нь босож, бүхэл шөнийн туршид алхсаар Саул болон түүний хөвгүүдийн цогцсыг Бет-Шаны хананаас авч, Иабешт авчран, тэнд шатаав. 13 Тэгээд тэдний ясыг авч, Иабеш дахь сухай модны доор оршуулан, долоо хоног мацаг барив.