1 Бидний Аврагч Бурхан ба бидний найдвар болох Христ Есүсийн тушаалаар Христ Есүсийн элч болсон Паулаас 2 итгэл доторх миний жинхэнэ хүүхэд Тимотод: Эцэг Бурхан болон бидний Эзэн Христ Есүсээс нигүүлсэл, өршөөл, амар тайван нь байх болтугай. 3 Би Македони уруу явахдаа, Ефест үлдээч гэж чамаас хичээнгүйлэн гуйсны учир нь чи зарим хүмүүст хандан өөр хачин сургаал заахгүй байхыг, 4 итгэлээр буй Бурханы үйлчлэлд хүргэхээсээ илүү маргаан мэтгэлцээнд хүргэдэг үл төгсөх угийн бичгүүд болон үлгэр домгуудад анхаарлаа хандуулахгүй байхыг тушаахын тулд юм. 5 Харин бидний тушаалын зорилго нь цэвэр зүрхнээс гарах хайр, сайн мөс чанар болон чин үнэнч итгэл юм. 6 Зарим хүмүүс эдгээрээс няцаж, дэмий ярианд хэлбийн оржээ. 7 Ингэхдээ тэд юу хэлж, юуны талаар итгэлтэйгээр баталж байгаагаа ч ойлгодоггүй боловч Хуулийн багш байхыг хүсдэг аж. 8 Хэрэв хэн нэгэн үүнийг ёсоор нь хэрэглэвэл Хууль нь сайн гэдгийг бид мэднэ. 9 Хууль нь зөв хүнд зориулагдаагүй, харин хуульгүй болон тэрслүү хүмүүс, бурханлаг бус болон нүгэлтнүүд, ариун бус болон бузар хүмүүс, эцэг эхээ алдаг хүмүүс, алуурчид, 10 садар самуун хүмүүс, ижил хүйстэнтэйгээ явалдагчид, хүний хулгайч нар, худалч хүмүүс, тангаргаасаа няцагч хүмүүс болон эрүүл сургаалын эсрэг байгч алив бүхэнд зориулагджээ. 11 Энэ нь надад даалгагдсан, Бурханы алдарт сайн мэдээний дагуу юм. 12 Намайг хүчирхэгжүүлсэн бидний Эзэн Христ Есүст би талархдаг. Яагаад гэвэл Тэр намайг итгэмжит гэж үзээд үйлчлэл дээр тавьсан. 13 Хэдийгээр би урьд нь доромжлогч, хавчигч, дээрэнгүй хүн байсан боловч өршөөлийг үзлээ. Учир нь би итгэлгүй байдал дотор мэдэхгүйгээр үйлдсэн юм. 14 Христ Есүс доторх хайр ба итгэлийн хамт бидний Эзэний нигүүлсэл нь бялхлаас илүү байв. 15 Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн гэдэг нь итгэмжит үг мөн. Тэдгээр нүгэлтнүүдийн эхнийх нь би байна. 16 Тиймээс мөнх амийн төлөө Өөрт нь итгэх хүмүүст үлгэр дуурайл болгон Есүс Христ Өөрийн төгс тэвчээрээ эхлээд надад харуулахын тулд би өршөөлийг олж авсан юм. 17 Үеүдийн Хаан, үхэшгүй, үл үзэгдэх цорын ганц Бурханд хүндлэл ба алдар нь үеийн үед байх болтугай. Амен. 18 Миний хүүхэд Тимот оо, чиний тухай урьд нь эш үзүүлсний дагуу тэдгээрээр чи сайн тэмцлээр тэмцэгтүн хэмээн би энэ тушаалыг чамд даалгаж байна. 19 Ингэхдээ итгэл, сайн мөс чанараа сахь. Зарим хүн эдгээрийг эсэргүүцэн, итгэлийн хувьд сүйрсэн хөлөг онгоц мэт болжээ. 20 Тэдний дунд Хуменай, Александр нар байна. Бурханыг доромжлохгүй байхад сургахын тулд би тэднийг Сатанд тушаасан.
1 Тиймд юуны өмнө би гуйя. Гуйлт, залбирал, хүсэлт болон талархлаа бүх хүмүүсийн төлөө үйлд. 2 Хаадын төлөө, эрх мэдлийг баригч бүх хүний төлөө үйлд. Тэгвэл бид бүхий л бурханлаг ба хүндлэлтэйгээр амар тайван, түвшин амьдралаар амьдрах юм. 3 Энэ нь бидний Аврагч Бурханы мэлмийд сайн бөгөөд тааламжтай. 4 Тэрээр бүх хүмүүсийг аврагдаасай, үнэний мэдлэг уруу ирээсэй гэж хүсдэг. 5 Учир нь ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хооронд ганц зууч байна. Тэр нь хүн болох Христ Есүс билээ. 6 Тэр Өөрийгөө бүгдийн төлөө золиос болгон өгсөн. Гэрчлэл нь өөрийнхөө зохистой цагт өгөгдөв. 7 Үүний төлөө би тунхаглагч ба элчээр, (Би үнэнээр хэлж байна. Худлаа яриагүй байна) итгэл хийгээд үнэн дотор Харь үндэстнүүдийн багшаар томилогдсон билээ. 8 Иймд би эрчүүдийг уур хилэнгүй, маргалдалгүйгээр, ариун гараа өргөж, газар бүрд залбираасай гэж хүсдэг. 9 Үүний адилаар эмэгтэйчүүд зохистой хувцаслан өөрсдийгөө даруу, түвшин байдлаар чимэн, сүлжсэн үс, алт, сувдаар, эсвэл үнэтэй хувцсаар биш, 10 харин Бурханаас эмээгч эмэгтэйд зохистой сайн үйлсээр чимэгтүн. 11 Эмэгтэй хүн дуугүй байн, бүрэн дуулгавартайгаар суралц. 12 Харин эмэгтэй хүн заах, эсвэл эр хүнийг захирах эрх мэдэлтэй байхыг би зөвшөөрөхгүй. Харин дуугүй байхыг зөвшөөрдөг. 13 Учир нь эхлээд Адам, дараа нь Ева бүтээгдсэн билээ. 14 Адам мэхлэгдээгүй. Харин эмэгтэй нь мэхлэгдэж, гэм буруу дотор унасан юм. 15 Гэвч хэрэв эмэгтэйчүүд итгэл, хайр дотор ба зохистой байн ариусал дотор цаашид байх аваас эмэгтэй нь хүүхэд төрүүлэхээрээ аврагдана.
1 Энэ бол итгэмжит үг. Хэрэв хэн нэгэн нь харгалзагч болохыг эрмэлзвэл, тэр сайн ажлыг хүсдэг хүн байна. 2 Тиймээс харгалзагч нь гэм зэмгүй байж, нэг эхнэрийн нөхөр, биеэ барьдаг, хэрсүү, хүндэтгэл хүлээсэн, зочломтгой ба заах чадвартай, 3 дарсанд шунахайрдаггүй, зодоон ч биш, харин дөлгөөн, хэрүүлч биш, мөнгөнд дурладаггүй байх ёстой. 4 Тэр өөрийн гэрийг сайн захирдаг, бүхий л хүндлэлтэйгээр эрхшээлд хүүхдүүдээ байлгадаг хүн байх 5 (Хэрэв хүн өөрийн гэрийг хэрхэн захирахыг мэдэхгүй бол яаж Бурханы чуулганыг халамжлах билээ?) 6 бөгөөд шинэ итгэгч байж болохгүй. Эс бөгөөс тэр хүн биеэ тоох вий, диаволын шийтгэлд унах вий. 7 Тэрээр буруутгалд хийгээд диаволын урхинд орчихгүйн тулд гадна байгсдаас өөрийнхөө талаар сайн гэрчлэлтэй байх ёстой. 8 Үүнчлэн үйлчлэгчид хүндэтгэлтэй хүмүүс байх ёстой. Тэд хоёр хэлтэй биш, дарсанд шунахайрдаггүй, бузар олз ашиг хайдаггүй бөгөөд 9 итгэлийн нууцыг цэвэр мөс чанараар сахих учиртай. 10 Эхлээд эдгээр нь шалгагдаг. Тэгээд хэрэв тэд гэм зэмгүй бол үйлчлэгчид болог. 11 Түүнчлэн эмэгтэйчүүд нь хүндэтгэлтэй, хов жив хөөцөлддөггүй, тэвчээртэй, бүх юманд итгэмжтэй байх ёстой. 12 Үйлчлэгч хүн нэг л эхнэрийн нөхөр байх ёстой бөгөөд хүүхдүүдээ болон өөрийн гэр бүлийг сайн захирдаг хүмүүс байг. 13 Учир нь сайн үйлчилсэн хүмүүс нь сайн байр суурийг олдог бөгөөд Христ Есүст итгэх итгэлдээ үлэмж их зоригтой болдог. 14 Удахгүй чам дээр очно гэдэгт найдан, эдгээр зүйлийг би чамд бичиж байна. 15 Хэрэв би саатвал, үнэний багана ба суурь болсон амьд Бурханы чуулган болох Бурханы гэр бүл дотор хүн биеэ яаж авч явах ёстойг чамд мэдүүлэхийн тулд бичлээ. 16 Бурханлаг байдлын нууц нь агуу гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрнө. Махан биеэр илчлэгдсэн Тэр нь Сүнс дотор зөвтгөгдсөн, Тэнгэрт элч нарт харагдсан, Үндэстнүүдийн дунд тунхаглагдсан, Ертөнцөд итгэгдсэн, Алдар дотор дээш авагдсан юм.
1 Харин хожмын цагт зарим нь итгэлээ орхиж, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн номлолд анхаарлаа хандуулна гэж Сүнс тодорхой хэлдэг. 2 Тэд өөрсдийн мөс чанартаа халуун төмрөөр тамгалагдан хоёр нүүр гарган худал ярьж, 3 гэр бүл болохыг хориглодог, мөн итгэгч нар болон үнэнийг мэдсэн хүмүүс талархалтайгаар хүртэж байг хэмээн Бурханы бүтээсэн хоол хүнсийг цээрлэхийг албаддаг хүмүүс болно. 4 Яагаад гэвэл Бурханаар бүтээгдсэн юм бүхэн сайхан. Хэрэв тэдгээрийг талархалтайгаар хүлээн авсан бол гологдох ямар ч зүйл байхгүй. 5 Учир нь энэ нь Бурханы үгээр ба залбирлаар ариусгагддаг. 6 Чи ах дүүсээ эдгээр зүйлсэд хандуулбал, чи өөрийн дагаж буй эрүүл сургаалын болон итгэлийн үгсээр тэжээгдэн Христ Есүсийн сайн үйлчлэгч байх болно. 7 Харин олиггүй, эмгэдийн үлгэрүүдийг бүү зөвшөөр. Нөгөө талаар өөрийгөө бурханлаг байдлын зорилгын төлөө дасгалжуул. 8 Учир нь биеийн дасгал нь өчүүхэн тус болох юм. Харин одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт бүхий бурханлаг байдал нь бүх зүйлд тустай. 9 Энэ нь итгэмжит үг мөн. 10 Учир нь бид үүний төлөө ажилладаг, зүтгэдэг. Яагаад гэвэл бүх хүмүүсийн, ялангуяа итгэгчдийн Аврагч болох амьд Бурханд бид өөрсдийн найдвараа тавьсан юм. 11 Эдгээр зүйлийг тушаа, зааж сургагтун. 12 Хэн ч чамайг залуу хүн хэмээн дорд бүү үзэг. Харин чи итгэгч хүмүүст үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл бол. 13 Намайг очтол уншлага, ятгалга ба сургаалд санаа тавьж ажиллаарай. 14 Чамд байгаа сүнслэг бэлгийг бүү үл хайхар. Энэ нь ахлагчид гар тавихад эш үзүүллэгээр дамжуулж чамд соёрхогдсон юм. 15 Ахиц дэвшил чинь бүгдэд илэрхий болохын тулд эдгээрт санаа тавь. Тэдгээрийн дотор бай. 16 Өөртөө ба сургаалдаа анхаарлаа нарийн хандуул. Эдгээр зүйлд туйлбартай бай. Учир нь үүнийг хийхдээ чи өөрийгөө болон чамайг сонсогчийн хэн хэнийг нь аварна.
1 Настай эрийг бүү ширүүн зэмлэ. Харин эцэг шигээ ятга. Залуусыг ах дүү шигээ, 2 настай эмэгтэйчүүдийг эхчүүд шигээ, залуу эмэгтэйчүүдийг эгч дүү шигээ үзэж, бүх цэвэр ариун байдал дотор ханд. 3 Үнэхээр ганц бие бэлэвсэн эмэгтэйчүүдийг хүндэлж бай. 4 Хэрэв хэн нэг бэлэвсэн эмэгтэй үр хүүхэд, эсвэл ач гучтай бол тэднийг юуны өмнө өөрсдийн төрсөн гэр бүлийнхнийг хүндлэхэд болон эцэг эхийнхээ ачийг хариулахад суралцуул. Учир нь энэ нь Бурханы өмнө тааламжтай. 5 Ганцаараа үлдсэн ганц бие бэлэвсэн эмэгтэй өөрийн найдварыг Бурханд тавьсан бөгөөд өдөр шөнөгүй байнга гуйж, залбирдаг. 6 Харин зугаа цэнгэл дотор амьдрагч бэлэвсэн эмэгтэй нь амьд боловч үхсэн байна. 7 Тэднийг гэм зэмгүй байлгахын тулд эдгээрийг тушаа. 8 Харин хэрэв хэн нэгэн нь өөрийнхнийгөө, ялангуяа төрсөн гэр бүлийнхээ хүмүүсийг тэтгэхгүй байвал тэр хүн итгэлийг үгүйсгэсэн хэрэг болох бөгөөд итгэгч бус хүнээс ч бүр дор юм. 9 Бэлэвсэн эмэгтэйн жагсаалтад орох эмэгтэй нь нэг хүний эхнэр байсан бөгөөд жараас доошгүй настай, 10 сайн үйлсээрээ гэрчлэгдсэн, үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлсэн, танихгүй хүмүүст зочломтгой байж, ариун хүмүүсийн хөлийг угаасан, зовсон хүмүүст тусламж үзүүлсэн ба аливаа сайн үйлсэд өөрийгөө зориулсан байх учиртай. 11 Харин залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг жагсаалтад оруулахыг бүү зөвшөөр. Учир нь тэд Христийг үл ойшоож тачаангуй хүсэлдээ автахлаар гэрлэхийг хүсдэг. 12 Тэд анхныхаа итгэлийг хойш нь тавьсан учир шийтгэл хүлээнэ. 13 Үүний зэрэгцээ тэд айлаас айлд хэсүүчлэн, ажилгүй залхуу болоход суралцдаг. Зөвхөн залхуу болоод зогсохгүй, бас хов жив ярьдаг, бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцдог байна. Ингэхдээ ярих ёсгүй юмсыг ярьдаг аж. 14 Тиймээс би залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг гэрлэж, хүүхэд төрүүлж, гэрээ сахьж, буруутгах далим дайсанд өгөхгүй байгаасай гэж хүсэж байна. 15 Учир нь зарим бэлэвсэн эмэгтэйчүүд хэдийнээ Сатаныг дагахаар эргэжээ. 16 Хэрэв хэн нэгэн итгэгч эмэгтэйд өөрөөс нь хамааралтай бэлэвсэн эмэгтэйчүүд байвал чуулганд дарамт болголгүй тэдэнд тусал. Тэгвэл чуулган үнэхээр ганц бие бэлэвсэн эмэгтэйчүүдэд туслах болно. 17 Сайн удирдаж байгаа ахлагчид, ялангуяа үг ба сургаал дотор шаргуу ажиллаж буй хүмүүс хоёр дахин хүндэтгэл авах зохистой хэмээн үз. 18 Учир нь Судар "Буудай цайруулж байгаа үхрийн аманд хошуувч бүү хий", "Ажилчин хөлсөө авах нь зохистой" гэж хэлдэг. 19 Хоёр, эсвэл гурван гэрч байхгүй л бол ахлагчийн эсрэг буруутгалыг бүү хүлээж ав. 20 Нүгэл үйлдсээр байгаа хүмүүсийг бүгдийн өмнө зэмлэ. Тэгвэл бусад нь мөн эмээх болно. 21 Юуг ч ялгавар үзлээр хийлгүй, тал тохой таталгүйгээр эдгээрийг сахихыг Бурхан ба Христ Есүс, сонгогдсон тэнгэр элч нарын өмнө би чамд чухалчлан захья. 22 Хэн дээр ч яаран гараа бүү тавь. Бусдын нүгэлд ч бүү оролц. Өөрийгөө цэвэр байлга. 23 Үүнээс хойш зөвхөн ус битгий уу. Харин ходоод чинь байнга тааруу байдаг тул бага зэрэг дарс хэрэглэ. 24 Зарим хүмүүсийн нүгэл тэднийг шүүгдэхээс нь өмнө бүр илэрхий болжээ. Харин заримынх нь хожим илрэх болно. 25 Үүнтэй адил сайн үйлс нь илэрхий юм. Сайн бус үйлс нь далдлагдаж чадахгүй юм.
1 Боол мэт буулган дор байгаа бүх хүмүүс өөрсдийн эздээ хүндэлбэл зохистой хэмээн үз. Тэгснээр Бурханы нэр ба сургаал муу хэлэгдэхгүй. 2 Итгэгч эзэнтэй боолууд нь эзнийгээ ах дүү хэмээн хүндлэхгүй байж болохгүй. Харин ч тэдэнд бүр илүү үйлчил. Яагаад гэвэл үр ашгийг нь хүртэгчид нь хайрлагдагсад ба итгэгчид шүү дээ. Эдгээрийг заа, сэнхрүүл. 3 Хэрэв хэн нэгэн нь өөр сургаал заавал, мөн бидний Эзэн Есүс Христийн эрүүл үгс ба бурханлаг байдалд тохирох сургаалтай санал нэгдэхгүй байвал, 4 тэр хүн биеэ тоосон, юу ч ойлгодоггүй хүн байна. Харин тэр маргаантай асуудлууд, үгсийн талаар маргаан хийдэг өвчтэй аж. Эдгээрээс атаархал, маргаан, гүтгэлэг болон бузар хардалт, 5 ялзарсан оюун ухаантай, үнэнгүй болсон, бурханлаг байдлыг ашиг хонжоо олох хэрэгсэл гэж боддог хүмүүсийн хоорондох байнгын маргаан гардаг байна. 6 Харин бурханлаг байдал ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа байвал энэ нь агуу ашиг мөн. 7 Учир нь бид ертөнцөд юуг ч авчраагүй. Мэдээж бид эндээс юуг ч бас авч гарч чадахгүй. 8 Хэрэв бидэнд хоол хүнс, хувцас хунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно. 9 Харин баяжих хүсэлтэй хүмүүс сорилтод ба урхи, мөн зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд унадаг. Эдгээр нь хүмүүсийг үгүйрэл ба сүйрэлд хүргэдэг. 10 Учир нь мөнгөний хайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс мөн. Зарим хүмүүс үүнийг хүссэнээр итгэлээсээ төөрөн одож, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ. 11 Харин Бурханы эр хүн ээ, чи энэ бүгдээс зайлсхий. Зөв байдал, бурханлаг байдал, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн занг эрхэмлэ. 12 Итгэлийн сайн тэмцлээр тэмц. Мөнх амийг барьж ав. Чи мөнх амь уруу дуудагдсан бөгөөд олон гэрч нарын өмнө сайн гэрчлэл хийсэн. 13 Бүх юмсад амийг өгөгч Бурханы өмнө би чамд тушааж байна. Мөн Понти Пилатын өмнө сайн гэрчлэлийг гэрчлэн айлдсан Христ Есүсийн өмнө би чамд тушааж байна. 14 Бидний Эзэн Есүс Христийг үзэгдэх хүртэл чи тушаалыг алдаа гаргалгүй, гэм зэмгүйгээр сахь. 15 Ерөөлт бөгөөд цорын ганц хэмжээлшгүй Эрхэт, хаадын Хаан, эздийн Эзэн нь зохистой цагт үүнийг харуулна. 16 Тэр ганцаараа үхэшгүй мөнхийг эзэмшдэг бөгөөд хүршгүй гэрлийн дотор оршдог. Ямар ч хүн Түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй. Түүнд хүндэтгэл ба мөнх хүч нь байх болтугай! Амен. 17 Чи энэ үеийн ертөнцийн баячуудад хандан биеэ бүү тоо, эд хөрөнгөний тодорхойгүй байдалд найдвар бүү тавь, харин биднийг баясаж цэнгэх бүх зүйлсээр элбэг хангадаг Бурханд найд хэмээн тушаа. 18 Сайныг үйлдэж, сайн үйлсээрээ баян болж, өглөгч бөгөөд хуваалцахад бэлэн бай хэмээн тэдэнд тушаа. 19 Ингэхдээ тэд ирээдүйн төлөө өөрсөддөө сайн үндэс суурийн эрдэнэсийг хурааснаараа жинхэнэ аминд хүрэх юм. 20 Тимот оо, чамд хариуцуулсныг хамгаал. Дэмий хоосон үг ярианаас хийгээд "мэдлэг" гэж хуурамчаар нэрлэгдсэн зүйлийн эсэргүүцлийн номлолоос зайлсхий. 21 Зарим нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр итгэлээсээ төөрсөн. Нигүүлсэл та нарт байх болтугай.