ШАСТИРЫН ДЭД

1

1 Давидын хүү Соломон эрх мэдлээ хаант улсдаа бэхжүүлэв. Түүний Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байж, түүнийг ихэд өргөмжиллөө. 2 Соломон бүх израильчуудад болон мянгатын, зуутын дарга нарт, шүүгч нарт, бүх Израиль дахь удирдагч, гэрийн тэргүүлэгч бүрд зарлиг буулгав. 3 Тэгээд Соломон бүх чуулганы хамтаар Гибеон дахь шүтээний өндөрлөг уруу явсан бөгөөд учир нь ЭЗЭНий боол Мосегийн цөлд босгосон Бурханы майхан тэнд байжээ. 4 Гэвч Давид гэрээний авдарт зориулан Иерусалимд майхан бариад Бурханы авдрыг Кириат-иеаримаас тийш нь зөөсөн билээ. 5 Хурын ач, Урийн хүү Безалелын хийсэн хүрэл тахилын ширээ нь Гибеон дахь ЭЗЭНий асрын өмнө байлаа. Тиймээс Соломон чуулганы хамт түүнийг зорин очжээ. 6 Соломон тэнд ЭЗЭНий өмнө хурлын майханд байсан хүрэл тахилын ширээ уруу өгсөн очоод мянган шатаалт тахил өргөв. 7 Тэр шөнө Бурхан Соломонд үзэгдэж —Чи Надаас юу авахыг хүсэж байна вэ? Түүнийгээ Надаас гуйгтун хэмээн айлдав. 8 Соломон —Миний эцэг Давидад Та агуу их хайр энэрлийг хүртээсэн. Мөн намайг түүний оронд хаан болголоо. 9 Одоо Бурхан ЭЗЭН минь ээ, миний эцэг Давидад өгсөн Таны амлалт биелэгдлээ. Учир нь Та намайг газар дэлхийн шороо шиг үй олон ардуудын хаанаар томиллоо. 10 Энэ ард түмний өмнө би орж гарч байхад мэдлэг, билиг ухааныг надад өгөөч. Таны энэ агуу их ард түмнийг хэн удирдаж чадах билээ? гэв. 11 Бурхан түүнд —Чи эд баялаг, хөрөнгө зоорь, алдар хүнд, өстнүүдийнхээ үхлийг болон өөртөө урт насыг хүсэлгүй, харин чамайг хаанаар нь томилсон Миний ард түмнийг удирдахын тулд өөртөө мэдлэг, билиг ухааныг гуйн сэтгэлдээ ийн санаж байгаа учраас 12 мэдлэг, билиг ухаан нь чамд өгөгдөнө. Урьд хожид ямар ч хаадын эдэлж байгаагүй эд баялаг, хөрөнгө зоорь, алдар хүндийг Би чамд өгнө гэж айлдлаа. 13 Ингээд Соломон Гибеон дахь мөргөлийн өндөрлөгөөс, хурлын майхнаас хөдлөн Иерусалимд ирж, Израилийг захирлаа. 14 Соломон морин цэрэг болон тэрэгт цэргийг цуглуулахад, тэрэгт цэрэг нь мянга дөрвөн зуун, морин цэрэг нь арван хоёр мянган хүрч байв. Соломон тэднийг тэрэгт цэргийн хуаран бүхий хотууд болон хааны амьдардаг Иерусалим хотод хуваарилан байрлуулжээ. 15 Соломон хааны үед Иерусалимд алт, мөнгө чулуу шиг ердийн зүйл болж, хуш мод нам доор газрын инжрийн мод шиг элбэг болсон байлаа. 16 Соломон морьдоо Египет, Куегээс оруулж ирдэг бөгөөд хааны худалдаачид тэднийг Куегээс худалдан авдаг байв. 17 Тэд тэрэгнүүдийг Египетээс зургаан зуун шекелээр, морьдыг зуун тавин шекел мөнгөний үнэтэйгээр оруулж ирдэг бөгөөд түүнийгээ хетчүүдийн бүх хаад ба Сирийн хаадад зардаг байв.

2

1 Соломон ЭЗЭНий нэр алдарт зориулан сүм, өөртөө зориулан ордон босгохоор шийджээ. 2 Иймээс тэр ачаа зөөх далан мянга, ууланд чулуу бэлтгэх наян мянга, тэднийг хянах гурван мянга зургаан зуун хүнийг томилов. 3 Тэгээд Соломон Тирийн хаан Хирамд үг илгээн —Та миний эцэг Давидтай нөхөрлөн, ордонгоо барихад нь зориулж хуш мод илгээж байсан шигээ надад ч мөн тэгж хандаач. 4 Үзэгтүн, амралтын өдрүүд, шинэ сарны гэх мэт манай Бурхан ЭЗЭНий тогтоож өгсөн баяр ёслолуудын үеэр Түүний өмнө анхилуун үнэртнийг уугиулж, үргэлжид ил тавих талхыг тавьж, өглөө оройны шатаалт тахилуудыг өргөх ёстой. Үүний тулд би өөрийн Бурхан ЭЗЭНий нэр дээр өргөө босгож, Түүнд зориулах гэсэн юм. Энэ бол Израилийн мөнхийн үүрэг. 5 Манай Бурхан бүх бурхдаас агуу учир, миний барих гэж буй өргөө агуу байх учиртай. 6 Гэвч хэн Түүнд зориулан өргөө барьж чадах юм бэ? Учир нь тэнгэр болон дээд тэнгэр ч Түүнийг багтааж чадахгүй шүү дээ. Иймээс Түүний өмнө үнэртэн уугиулаад зогсохгүй, Түүнд өргөө барьж өгөх гэдэг би хэн юм бэ? 7 Алт, мөнгө, хүрэл, төмөр болон улаан, хөх ягаан, хүрэн улаан өнгийн бүс, зотонгоор юм хийх авъяастай, сийлбэрийн бүх төрөл, ямар ч загварын төсөл зургийг хэрхэн урлахыг мэддэг хүнийг над уруу илгээнэ үү? Тэр хүн чинь Иуда, Иерусалим дахь миний урчуудын хамт ажиллаг. Тэдгээр хүмүүсийг миний эцэг Давид бэлтгэсэн юм. 8 Мөн Ливанаас хуш, агар, арц модод илгээнэ үү? Таны зарц нар Ливаны моддыг хэрхэн унагахаа мэднэ гэдгийг би ойлгож байгаа. Миний хүмүүс таны хүмүүстэй хамт ажиллаж 9 надад их хэмжээгээр гуалин бэлтгэх болно. Учир нь миний барих гэж буй өргөө маш сүрлэг, гайхамшигтай болох ёстой. 10 Харагтун, гуалин бэлтгэдэг модчингууд болох таны зарц нарт би тээрэмдсэн буудай хорин мянган корыг, арвай хорин мянган корыг, дарс дөрвөн зуун жаран батыг, тос дөрвөн зуун жаран батыг өгье хэмээв. 11 Тирийн хаан Хирам Соломонд захидал илгээн хариулахдаа —ЭЗЭН Өөрийн ард түмнээ хайрладаг учир Тэр чамайг тэдний хаан болгожээ гэв. 12 Хирам цааш нь —Тэнгэр, газрыг бүтээсэн ЭЗЭНд өргөөг, өөртөө хааны ордон барих гэж буй ухаалаг, хашир энэ хүүг Давид хаанд заяасан Израилийн Бурхан болох ЭЗЭН магтагдах болтугай. 13 Одоо би чадварлаг, ухаантай Хирам-аби хэмээх хүнийг илгээе. 14 Тэрээр дан эмэгтэйн хөвгүүн бөгөөд эцэг нь тир хүн. Тэр хүн алт, мөнгө, хүрэл, төмөр, чулуу, мод болон хөх ягаан, хүрэн улаан, час улаан өнгийн бөс даавуу, маалинган даавуугаар юм хийх чадвартай, сийлбэрийн бүх төрөл, өөрт нь даалгасан ямар ч загварын зүйлийг хэрхэн урлахыг мэддэг юм. Түүнийг чи өөрийн урчуудтай болон миний эзэн, эцэг Давидынхаа хүмүүстэй хамт ажиллуул. 15 Одоо миний эзэн амласнаараа буудай, арвай, тос, дарсыг өөрийн зарц нартаа илгээнэ үү. 16 Бид танд хэрэгтэй ямар ч гуалинг Ливанаас тайран авч, тэднээр сал хийж тэнгисээр хөвүүлэн Иоппад хүргээд, та тэднийг Иерусалим уруу татан авна биз ээ хэмээв. 17 Түүний эцэг Давидын хийсэн тооллогыг дагаад Соломон Израилийн нутагт байсан бүх харь хүмүүсийг тоолсон бөгөөд зуун тавин гурван мянга зургаан зуун хүн байлаа. 18 Соломон тэдний далан мянгыг нь ачаа зөөхөд, наян мянгыг нь ууланд чулуу бэлтгэхэд, мөн уг хүмүүсийг ажиллуулахаар гурван мянга зургаан зуун хянагчдыг томилов.

3

1 Ингээд Соломон Иерусалимд Мориа уулан дээр ЭЗЭНий өргөөг барьж эхлэв. Иебус хүн Орнаны үтрэмд Давидын бэлтгэсэн газарт Давид эцэгт нь ЭЗЭН үзэгдсэн газар энэ юм. 2 Соломон хаанчлалынхаа дөрөв дэх жилийн хоёрдугаар сарын хоёр дахь өдөр барилгыг эхэлжээ. 3 Бурханы өргөөг барихаар Соломоны тавьсан сууриуд гэвэл, хуучны хэмжүүрээр тохойгоор хэмжсэн урт нь жаран тохой, өргөн нь хорин тохой байлаа. 4 Өргөөний өмнөх үүдний танхим өргөөний өргөнтэй адил хорин тохой урт бөгөөд өндөр нь зуун хорин тохой байв. Дотор талыг нь тэрээр шижир алтаар бүржээ. 5 Гол танхимыг тэрээр агар модоор доторлон, цэвэр алтаар бүрж, далдуу мод болон гинжнүүдээр чимэглэв. 6 Цааш нь тэрээр өргөөг эрдэнийн чулуугаар чимэглэв. Алт нь Парваимын алт байжээ. 7 Тэр бас гуалин, босго, хана, хаалгануудыг нь буюу бүх өргөөг алтаар бүрж, хананууд дээр херубуудыг сийлэв. 8 Тэрээр ариунаас ариун газрын танхимыг хийсэн юм. Үүний урт нь өргөөний өргөний дагуу хорин тохой бөгөөд өргөн нь мөн хорин тохой байв. Энэ танхимыг тэрээр зургаан зуун талантын хэмжээтэй цэвэр алтаар бүржээ. 9 Хадааснуудын жин нь тавин шекел алт болов. Тэр бас дээд өрөөнүүдийг алтаар бүрэв. 10 Дараа нь тэрээр ариунаас ариун газрын танхимд хос херубуудын баримал дүр бүтээгээд, түүнийг алтаар бүрэв. 11 Херубуудын далавчнуудын дэлгэлт хорин тохой байв. Нэгнийх нь нэг далавч нь таван тохой бөгөөд өргөөний наад талын хананд хүрч байхад, нөгөө далавч нь бас таван тохой бөгөөд нөгөө херубын далавчинд хүрч байв. 12 Нөгөө херубын нэг далавч нь таван тохой бөгөөд өргөөний цаад талын хананд хүрч байхад, нөгөө далавч нь бас таван тохой бөгөөд эхний херубын далавчинд хүрч байв. 13 Эдгээр херубуудын далавчнууд хорин тохой дэлгэгдсэн бөгөөд тэд гол танхим уруу харан хөл дээрээ зогсоцгоожээ. 14 Тэрээр улаан, хөх ягаан, хүрэн улаан өнгийн бөс, нарийн маалингаар хөшиг хийгээд, дээр нь херубуудыг урлав. 15 Тэр бас өргөөний урд талд зориулаад гучин таван тохой өндөр хос багана бүтээсэн бөгөөд багана бүрийн орой дээрх баганы толгой таван тохой байв. 16 Тэрээр дотоод ариун газарт гинжнүүд хийгээд, тэдгээрийг багануудын орой дээр байрлуулав. Тэрээр зуун сэмбэрүү урлан, гинжин дээр шигтгэв. 17 Тэр сүмийн өмнө багануудыг, нэгийг нь баруун талд, нөгөөг нь зүүн талд босгосон бөгөөд баруун талынхыг нь Иахин, зүүн талынхыг нь Боаз гэж нэрлэжээ.

4

1 Дараа нь тэр хорин тохой урт, хорин тохой өргөн, арван тохой өндөр хүрэл тахилын ширээ хийв. 2 Тэр бас амсраас амсар хүртлээ арван тохой бөгөөд бөөрөнхий хэлбэртэй, таван тохой өндөр, тойргийн урт нь гучин тохой хэмжээтэй цутгамал төмрөн тэнгис хийжээ. 3 Түүний доор болон бүх эргэн тойронд нь, тэнгисийг бүтнээр тойруулан арван тохойнд үхэр мэт дүрс байжээ. Үхрүүд хоёр эгнээгээр тэнгистэй хамт цутгагдаж хийгдсэн байв. 4 Тэнгис арван хоёр үхрэн дээр байсан бөгөөд гурав нь хойт зүг уруу, гурав нь баруун зүг уруу, гурав нь өмнө зүг уруу, гурав нь зүүн зүг уруу харсан байжээ. Тэнгис тэдний дээр тогтож, үхрүүд бүгд ууцаа дотогшоо харуулсан байв. 5 Тэнгисийн хананы зузаан нь алганы эн шиг бөгөөд амсар нь аяганы амсар шиг хэлбэртэй, сараана цэцгийн дэлбээ шиг байв. Багтаамж нь гурван мянган бат байв. 6 Тэр бас угаал үйлдэх арван сав хийгээд, шатаалт тахилд хэрэглэх зүйлсийг угааж зайлахын тулд тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулжээ. Харин тэнгис нь угаал үйлдэхээр тахилч нарт зориулагдсан байв. 7 Дараа нь зааварлагдсаных нь дагуу тэр арван алтан дэнлүүний суурь хийж, тэдгээрийг сүм дотор, тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулав. 8 Тэр бас арван ширээ хийгээд тэднийгээ сүм дотор, тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулав. Тэрээр зуун алтан хул аяга хийжээ. 9 Тэгээд тэр тахилч нарын хашаа, их хашаа болон хашааны хаалгуудыг хийж, тэдгээрийн хаалгуудыг хүрлээр бүрэв. 10 Тэрээр тэнгисийг өргөөний баруун талд, зүүн урд зүг уруу чиглүүлэн байрлуулав. 11 Хурам бас угаалгын сав, утгуур, хул аяга гэх мэтийг урлажээ. Ийнхүү Бурханы өргөөнд Соломон хааны төлөө хийсэн ажлуудыг Хурам дуусгалаа. Үүнд: 12 хос багана, тэдгээрийн оройд суулгасан хул хэлбэртэй баганы хоёр толгой, багануудын оройд буй баганы толгойнуудыг халхлах хоёр унжлага, 13 хоёр унжлагад зориулсан дөрвөн зуун сэмбэрүү буюу багануудын оройд буй хул хэлбэртэй баганы толгойг халхлах унжлага бүрд хоёр эгнээ сэмбэрүү зэрэг нь байв. 14 Тэр бас тавиурууд, тавиурууд дээр угаалгын сав, 15 мөн доороо арван хоёр үхэртэй нэг тэнгис хийв. 16 ЭЗЭНий өргөөнд, Соломон хаанд зориулан угаалгын сав, утгуур, сэрээ зэргийг Хурам-аби өнгөлсөн хүрлээр хийсэн юм. 17 Хаан эдгээр эд зүйлийг Суккот ба Заретаны хоорондох шаварлаг хөрстэй Иорданы хөндийд цутгаж хийв. 18 Ийнхүү Соломон эдгээр бүх эд хэрэглэлүүдийг асар ихээр хийжээ. Учир нь хүрлийн жинг тооцоолох аргагүй байжээ. 19 Соломон бас Бурханы өргөөнд байсан бүх зүйлсийг хийсэн бөгөөд алтан тахилын ширээ, дээрээ Оршихуйн талхтай ширээнүүд, 20 зааварлагдсаны дагуу дотоод ариун газрын өмнө асаах дэнлүүний сууриудыг шижир алтан дэнлүүнүүдийнх нь хамтаар, 21 шижир алтан цэцгүүд, дэнлүүнүүд, бахинууд, 22 шижир алтан чимхүүр, хул аяганууд, галын хорго болон бойпорууд, мөн өргөөний орох үүд, ариунаас ариун газарт орох дотоод хаалгануудыг нь, мөн өргөө буюу гол танхимын хаалгануудыг алтаар хийсэн билээ.

5

1 Ингээд ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны гүйцэтгэсэн бүх ажлууд дуусжээ. Соломон эцэг Давидынхаа зориулан өргөсөн зүйлс болох мөнгө, алт болон бүх сав суулгануудыг оруулж ирэн, тэдгээрийг Бурханы өргөөний эрдэнэсийн сангуудад тавьлаа. 2 Дараа нь ЭЗЭНий гэрээний авдрыг Давидын хот болох Сионоос залахаар Израилийн ахмадууд, Израилийн хөвгүүдийн эцгүүдийн бүлүүдийн удирдагчид болох овгуудын бүх тэргүүнүүдийг Соломон Иерусалимд цуглуулав. 3 Израилийн бүх эрчүүд баяр наадмаар буюу долдугаар сард хаан уруу цугларав. 4 Дараа нь Израилийн бүх ахмадууд ирж, левичүүд авдрыг өргөв. 5 Левийн тахилч нар авдар, хурлын майхан болон майхан дотор байсан бүх ариун сав суулгыг авчрав. 6 Соломон хаан болон түүнтэй хамт авдрын өмнө цугласан Израилийн бүх чуулган нь маш их хонь, үхрээр тахил өргөж байсан тул тэдгээрийг тоолж, тооцоолж бархааргүй байлаа. 7 Тэгээд тахилч нар ЭЗЭНий гэрээний авдрыг өргөөний дотоод ариун газар буюу ариунаас ариун газарт оруулан, херубуудын далавч доор байранд нь заллаа. 8 Учир нь херубууд далавчнуудаа авдрын байх газрын дээр дэлгэснээрээ авдар болон дамнуургуудыг нь халхалж байв. 9 Дамнуургууд маш урт байсан учир авдрын дамнуургуудын үзүүрүүд нь дотоод ариун газрын наанаас харагдаж байсан боловч гаднаас харагдахааргүй байв. Тэдгээр нь энэ өдрийг хүртэл тэнд байна. 10 Хоребт байхдаа Мосегийн оруулан хийсэн хоёр хавтангаас өөр зүйл авдар дотор байгаагүй. Израилийн хөвгүүд Египетээс гаргасны дараа ЭЗЭНий тэдэнтэй гэрээ байгуулсан газар бол Хореб юм. 11 Тахилч нар ариун газраас гарцгаахад (учир нь тэнд байсан бүх тахилч нар бүлэг хамааралгүйгээр өөрсдийгөө ариусгасан байв) 12 бүх Левийн дуучид буюу нарийн маалинган дээл өмссөн Асаф, Хеман, Иедутун нар болон тэдний хөвгүүд ба төрөл садангууд нь цан, босоо ятга, ятга хөгжим барин, бүрээ үлээж буй зуун хорин тахилч нарын хамт тахилын ширээний зүүн талд зогссон билээ. 13 Бүрээчид болон дуучид нэгэн дуугаар ЭЗЭНийг магтан, алдаршуулахаар дуулж байгаагаа сонсгож, бүрээ, цан, хөгжмийн зэмсгүүдтэй хавсарган өөрсдийн дуу хоолойгоо тэд өргөж, ЭЗЭНийг магтахдаа "Түүний хайр энэрэл үүрдийнх учир Тэр үнэхээр сайн" хэмээн дуулахад өргөө буюу ЭЗЭНий өргөө үүлээр дүүрэв. 14 ЭЗЭНий цог жавхлан Бурханы өргөөг дүүргэсэн учраас үүлнээс болж тахилч нар үйлчлэлээ хийхээр зогсож чадахгүй байлаа.

6

1 Дараа нь Соломон —ЭЗЭН Өөрийгөө өтгөн үүлэн дотор оршино гэж айлдсан билээ. 2 Танд сүрлэг сайхан өргөөг болон Таны үүрд мөнхөд орших газрыг би барьлаа хэмээв. 3 Дараа нь хаан эргэн харж, Израилийн mбүх чуулганыг зогсож байхад нь ерөөлөө. 4 Тэр хэлэхдээ —Миний эцэг Давидад Өөрийн амаар айлдсан бүхнээ Өөрийн мутраар биелүүлж өгсөн Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Тэр айлдахдаа 5 "Би Өөрийн ард түмнээ Египетийн газраас удирдан гаргасан өдрөөс хойш Өөрийн нэрийг байлгахаар өргөөг бариулахын тулд Израилийн бүх овгоос нэг ч хотыг Би сонгоогүй, мөн Миний ард түмэн болох Израилийг удирдах ямар ч хүнийг Би сонгоогүй юм. 6 Харин Би Өөрийн нэрийг тавихын тулд Иерусалимыг сонгож, Өөрийн ард түмэн Израилийг захируулахын тулд Давидыг сонгосон билээ" хэмээсэн юм. 7 Израилийн Бурхан болох ЭЗЭНий нэр алдрын төлөө өргөө барих гэсэн сэтгэл миний эцэг Давидын зүрхэнд байсан. 8 Харин ЭЗЭН миний эцэг Давидад хэлэхдээ "Миний нэр алдрын төлөө өргөө барих сэтгэл чиний зүрхэнд байсан учир маш сайн байна. 9 Гэсэн ч тэр өргөөг чи босгохгүй, харин чамд төрөх чиний хүү Миний нэр алдрын төлөө уг өргөөг барих болно" гэсэн билээ. 10 Өөрийн хэлсэн үгээ ЭЗЭН сая биелүүллээ. Учир нь ЭЗЭН амласны дагуу би өөрийн эцэг Давидын оронд өсөн гарч, Израилийн хаан ширээнд заларч, мөн Израилийн Бурхан болох ЭЗЭНий нэр алдрын төлөө өргөө барьлаа. 11 Израилийн хөвгүүдтэй ЭЗЭНий байгуулсан гэрээг хадгалсан авдрыг би энд залав хэмээв. 12 Дараа нь Соломон Израилийн бүх чуулганы өмнө, ЭЗЭНий тахилын ширээний урд зогсоод, гараа сунгав. 13 Соломон таван тохой урт, таван тохой өргөн, гурван тохой өндөр хүрэл тавцан хийгээд, хашааны голд байрлуулсан байжээ. Тэрээр тавцангийн дээр гарч, Израилийн бүх чуулганы өмнө өвдөг сөгдөн, тэнгэр өөд гараа сунгав. 14 Тэрээр —Израилийн Бурхан болох ЭЗЭН, бүх зүрх сэтгэлээрээ Таны өмнө алхдаг Өөрийн боолууддаа хайр энэрлээ үзүүлэн, гэрээгээ сахин хадгалдаг Тантай адил бурхан тэнгэрт ба газар дээр үгүй билээ. 15 Та Өөрийн боол миний эцэг Давидад амласнаа сахьсан. Үнэхээр Та Өөрийн амаараа хэлснээ энэ өдөр Өөрийнхөө мутраар биелүүлэв. 16 Тиймээс одоо, Израилийн Бурхан болох ЭЗЭН Өөрийн боол миний эцэг Давидад "Хэрэв чиний хөвгүүд өөрсдийн замууддаа анхаарч, Миний өмнө чиний амьдарсан шиг Миний хууль дотор замнах аваас, Израилийн хаан ширээнд суух хүн чамд тасрахгүй байх болно" гэж амласнаа сахина уу. 17 Тиймээс одоо Израилийн Бурхан болох ЭЗЭН, Та Өөрийн боол Давидад хэлсэн үгээ баталж өгөөч. 18 Гэвч Бурхан газар дээр хүн төрөлхтөнтэй хамт оршино гэж үү? Харагтун, тэнгэр болон хамгийн өндөр тэнгэр ч Таныг багтааж чадахгүй. Миний барьсан энэ өргөө хичнээн ч өчүүхэн юм бэ! 19 Гэсэн ч миний Бурхан ЭЗЭН, Та боолынхоо залбирал, гуйлтыг болгоон соёрхооч. Таны өмнө боолынхоо уйлан залбирах залбирлыг сонсоорой. 20 Таны боол энэ газар уруу харан залбирах залбирлыг сонсохын тулд энэ өргөө буюу Өөрийн нэрээ тэнд тавина гэж Таны хэлсэн тэр газар уруу Таны мэлмий өдөр ч, шөнө ч нээлттэй байх болтугай. 21 Таны боол болон Таны ард түмэн Израиль энэ газар уруу залбирах үед тэдний гуйлтыг сонсооч. Өөрийн орших газар болох тэнгэрээс сонсооч. Сонсоод, өршөөгөөч. 22 Хэрэв хүн хөршийнхээ эсрэг нүгэл үйлдээд, тангараг тавихаар болоод, ирж, энэ өргөөнд Таны тахилын ширээний өмнө тангараглавал, 23 Та тэнгэрээс сонсон, үйлдэл хийж, Өөрийн боолуудаа шүүгээч. Бузар хүнийг өөрийнх нь толгой дээр өөрийнх нь үйлдлийг буулгаснаар шийтгэж, зөв шударга хүнд өөрийнх нь зөв шударга байдлын дагуу өгснөөр түүнийг зөвтгөнө үү. 24 Таны ард түмэн Израиль Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж дайсандаа ялагдаад, Тан уруу эргэж, Таны нэрийг хүлээн зөвшөөрч, залбирч, энэ өргөөнд Таны өмнө гуйх аваас, 25 Та тэнгэрээс сонсож, Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, тэдэнд болон эцэг өвгөдөд нь өгсөн газар уруу тэднийг буцаан ирүүлээрэй. 26 Тэд Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж тэнгэр хаагдан, хур бороогүй болоход тэд энэ газар уруу залбирч, Таны нэрийг хүлээн зөвшөөрч, Та тэднийг зовоох үед нүглээсээ эргэвэл 27 Та тэнгэрт сонсон, Өөрийн боолуудын болон Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, тэдний явбал зохих сайн замыг тэдэнд заан өгөөч. Та Өөрийн ард түмэнд өв болгон өгсөн газартаа хур бороог буулгаарай. 28 Хэрэв энэ нутагт өлсгөлөн, тахал, гангийн салхи, эсвэл хөгц, царцаа, эсвэл дэвхрэг байж, тэдний дайснууд тэднийг хотуудынх нь нутагт бүслэн авч, ямар ч гай гамшиг, ямар ч өвчин зовлон нөмрөх үед, 29 хүн бүр өөрийн зовлон шаналал, өвчингөө ойлгоод, энэ өргөө уруу гараа сунгасан хэн нэгэн хүн, эсвэл Таны ард түмэн Израилийн ямар ч залбирал гуйлтыг 30 Та Өөрийн орших газар болох тэнгэрээс сонсон, уучилж, зөвхөн Та хүний хөвгүүдийн зүрх сэтгэлийг мэдэх учраас зүрхийг нь мэдэх тэдэнд Та хүн бүрд нь өөрийнх нь үйлдлийн дагуу өгөөрэй. 31 Ингэснээр бидний эцэг өвгөдөд Таны өгсөн энэ газарт тэд амьдрах бүх хугацаанд Таны замуудаар алхалж байхын тулд тэд Танаас эмээх болно. 32 Түүнчлэн Таны ард түмэн Израильд үл харьяалагдах харь хүний хувьд гэвэл, тэр Таны аугаа нэр алдар, Таны хүчит гар, Таны сунгасан мутрын төлөө хол газраас ирээд, тэд ирж, энэ өргөө уруу залбирвал, 33 Та Өөрийн орших газар болох тэнгэрээс сонсож, тэр харь хүний Таныг дуудсан бүхний дагуу үйлдэж болгоогоорой. Ингэснээр дэлхийн бүх хүмүүс Таны нэрийг мэдэж, Таны ард түмэн Израиль шиг Танаас эмээн, миний барьсан энэ өргөө Таны нэрээр дуудагдсан болохыг тэд мэдэх болно. 34 Таны ард түмэн өөрсдийн дайснуудын эсрэг тулалдахаар явах үед, Та тэднийг ямар ч замаар илгээсэн ч, тэд Таны сонгосон энэ хот уруу болон Таны нэрд зориулан миний босгосон өргөө уруу хандан залбирах үед 35 Та тэнгэрээс тэдний залбирал, гуйлтыг сонсож, тэдний хэргийг шийдвэрлэж өгөөрэй. 36 Тэд Таны эсрэг нүгэл үйлдэж (учир нь нүгэл үйлддэггүй нэг ч хүн байдаггүй), Та тэдэнд уурлан, тэднийг дайсанд тушаан, хол ойрын нутагт тэдэнд олзлуулан явуулах үед, 37 тэд олзлуулан аваачигдсан нутагтаа ухааран, гэмшин, олзлолынхоо газарт Танд хандан "Бид нүгэл үйлдэж, гэм бурууг хийж, бузар зүйл үйлдлээ" гэж гуйх аваас, 38 тэд олзлуулан аваачигдсан нутагтаа буюу олзлолынхоо газарт бүх зүрх сэтгэл, санаа бодлоороо Тан уруу эргэж, эцэг өвгөдөд нь Таны өгсөн газар, Таны сонгосон хот болон Таны нэрд зориулан миний барьсан өргөө уруу залбирвал, 39 Та Өөрийн орших газар болох тэнгэрээс тэдний залбирал, гуйлтыг сонсож, тэдний хэргийг шийдвэрлэж, Таны эсрэг нүгэл үйлдсэн Өөрийн ард түмнээ уучилж өгөөч. 40 Өө, Бурхан минь, энэ газарт өргөсөн залбиралд Таны мэлмий тунгалаг байж, таны чих сонор анхаараасай гэж би залбирч байна. 41 Тийм учраас, Өө, ЭЗЭН Бурхан, Та одоо босоод, Өөрийн хүч чадлын авдартай хамт Өөрийн амрах газарт залраач. Өө, ЭЗЭН Бурхан минь, Өөрийн тахилч нарыг авралаар хувцаслаж, Өөрийн бурханлаг хүмүүсийг сайн зүйлсэд баясгаач. 42 Өө, ЭЗЭН Бурхан минь, Таны тослогдсон нэгний нүүрийг бүү эргүүлээч. Өөрийн боол Давидад үзүүлсэн хайр энэрлээ дурсан санаач гэв.

7

1 Соломоныг залбирч дуусахад тэнгэрээс гал буун ирж, шатаалт тахил болон өргөлүүдийг шатаасан бөгөөд ЭЗЭНий яруу алдар өргөөг дүүргэв. 2 ЭЗЭНий яруу алдар ЭЗЭНий өргөөг дүүргэснээс болж тахилч нар ЭЗЭНий өргөө уруу нэвтрэн орж чадахгүй байлаа. 3 Гал доош буун ирж, ЭЗЭНий яруу алдар өргөөний дээр залрахыг үзээд Израилийн бүх хөвгүүд чулуун зам дээр нүүрээрээ газар харан бөхийн, мөргөж, ЭЗЭНд магтаалыг өргөж, —Тэр үнэхээр сайн, Түүний хайр энэрэл үнэхээр үүрдийнх гэцгээв. 4 Тэгээд хаан болон бүх хүмүүс ЭЗЭНий өмнө тахил өргөв. 5 Соломон хаан хорин хоёр мянган үхэр, зуун хорин мянган хониор тахил өргөв. Ингэж хаан ба бүх ард түмэн ЭЗЭНий өргөөг зориуллаа. 6 Тахилч нар байраа эзлэн, левичүүд ч бас ЭЗЭНд магтаалыг өргөхөөр Давид хааны зохиосон, ЭЗЭНд зориулагдах хөгжмийн зэмсгүүдтэй зогсов. "Учир нь Түүний хайр энэрэл үүрдийнх". Тэрээр тэдгээрийн тусламжтайгаар магтаал өргөж байсан билээ. Тахилч нар нөгөө талд бүрээ үлээж байсан бөгөөд бүх Израиль зогсож байв. 7 Дараа нь ЭЗЭНий өргөөний өмнө байрлах хашааны төвийг Соломон ариусгав. Тэнд Соломон шатаалт тахилууд болон эвийн тахилуудын өөхийг өргөжээ. Учир нь Соломоны хийсэн хүрэл тахилын ширээ нь шатаалт тахил, идээн өргөл болон өөхийг багтааж чадахгүй байлаа. 8 Ийнхүү Соломон болон түүнтэй хамт бүх Израиль буюу Хаматын хоолойноос Египетийн горхи хүртэлх асар их чуулган тэр үед долоо хоног баяр наадмыг сахив. 9 Тэд тахилын ширээний зориулалтыг болон баяр наадмыг долоон өдөр сахьсан тул найм дахь өдөр нь тэд ёслолын чуулганыг явуулав. 10 Тэгээд долдугаар сарын хорин гурав дахь өдөр тэрээр ард түмнээ майхан, майхан уруу нь буцаав. Өөрийн ард түмэн Израильд болон Давид, Соломон нарт үзүүлсэн ЭЗЭНий сайн сайханд баярлан хөөрч, сэтгэлдээ жаргалтайгаар тэд явцгаав. 11 Ингээд Соломон ЭЗЭНий өргөө, хааны ордныг дуусгаж, ЭЗЭНий өргөө болон өөрийн ордон дотор хийхээр төлөвлөсөн бүхнээ амжилттайгаар хийж гүйцээв. 12 ЭЗЭН шөнөөр Соломонд үзэгдэж, түүнд хандан —Би чиний залбирлыг сонсож, энэ газрыг Өөртөө зориулан тахилын өргөө болгон сонгож авлаа. 13 Хэрэв Би бороо оруулахгүйгээр тэнгэрийг хааж, эсвэл энэ газрыг хоосруулахыг Би царцаануудад тушааж, эсвэл Өөрийн ард түмний дунд тахал илгээх үед 14 Миний нэрээр дуудагдсан Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган, залбирч, Миний нүүрийг эрэлхийлж, бузар муу замуудаасаа эргэх аваас, Би тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан, тэдний газар нутгийг эдгээнэ. 15 Энэ газарт өргөгдөх залбиралд Миний мэлмий тунгалаг, Миний чих сонор байх болно. 16 Миний нэр тэнд үүрд мөнхөд байхын тулд Би энэ өргөөг сонгоод, ариусгасан бөгөөд Миний мэлмий, Миний зүрх сэтгэл тэнд үргэлж байх болно. 17 Хэрэв чи Миний өмнө эцэг Давид шигээ явж, Миний чамд тушаасан бүгдийн дагуу үйлдэн, Миний зарлиг, Миний тогтоолыг сахивал, 18 чиний эцэг Давидтай гэрээ байгуулан, "Израильд захирагч байх хүнээр чи дутагдахгүй" гэж айлдсанаараа Би чиний хааны сэнтийг тогтооно. 19 Гэвч чи хэрэв эргэж, чиний өмнө тавьсан Миний зарлиг, Миний тушаалуудыг умартан, явж, өөр бурхдад үйлчилж, тэдэнд мөргөвөл, 20 Би чамд өгсөн Өөрийн газар нутгаас чамайг зайлуулж, мөн Өөрийн нэр алдрын төлөө ариусгасан энэ өргөөг Би Өөрийн мэлмийнээс зайлуулж, Би үүнийг бүх ард түмнүүдийн дунд сургамж, жишээ болгоно. 21 Энэ өргөмжлөгдсөн өргөөний хувьд ч гэсэн, хажуугаар нь зорчин өнгөрөх хүн бүр гайхан, "ЭЗЭН юунд энэ газар, энэ өргөөг ийм болгож орхисон юм бол доо?" гэж харуусах болно. 22 Тэд хэлэхдээ "Учир нь өөрсдийг нь Египет газраас авчирсан, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг тэд умартан, өөр бурхдыг үрчлэн авч, тэдэнд мөргөн, тэдэнд үйлчилсэн билээ. Тиймээс Тэр энэ бүх гай гамшгийг тэдэн дээр буулгасан юм" гэх болно хэмээн айлдав.

8

1 Соломон ЭЗЭНий өргөө болон өөрийн гэрийг барьсан хорин жилийн төгсгөлд 2 Хурамын өөрт нь өгсөн хотуудыг тэрээр барьж босгон, Израилийн хөвгүүдийг тэнд суурьшуулав. 3 Дараа нь Соломон Хамат-зоба уруу явж, түүнийг эзлэв. 4 Тэр Тадморыг цөлд босгож, Хаматад бүх нөөц хангамжийн хотуудыг барив. 5 Тэрээр бас дээд, доод Бет-хорон болон хана, хэрэм, түгжээ бүхий бэхлэгдсэн хотуудыг босгов. 6 Баалатыг, Соломонд харьяалагддаг бүх нөөц хангамжийн хотуудыг, тэрэгтэнгүүд болон морьтонгуудын хотуудыг, мөн Иерусалимд ч, Ливанд ч, өөрт нь захирагдах бүх нутагт байгуулахаар Соломоны таалалд нийцсэн бүгдийг барьж босголоо. 7 Израилийнх бус буюу хетчүүд, аморичууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудаас үлдсэн бүх хүмүүс 8 тухайлбал, Израилийн хөвгүүдийн устгалгүй тэр нутагт үлдээсэн хүмүүсийн үр садыг Соломон энэ өдрийг хүртэл албадлагын ажилчид болгожээ. 9 Харин Соломон Израилийн хөвгүүдээс өөрийн ажилдаа боол болгоогүй. Тэд дайчид, түүний тэргүүн ахмадууд, түүний тэрэг, морьтонгуудын жанжид байжээ. 10 Эдгээр нь Соломон Хааны хоёр зуун тавин түшмэд байв. Тэд ард түмнийг захирдаг байлаа. 11 Дараа нь Соломон Давидын хотоос Фараоны охиныг өөрт нь зориулан босгосон гэрт авчрав. Учир нь Соломон "Миний эхнэр Израилийн хаан Давидын гэрт заларч болохгүй. Яагаад гэвэл ЭЗЭНий авдар орсон газар бол ариун газар юм" хэмээв. 12 Үүдний танхимийн урд талд өөрөө босгосон ЭЗЭНий тахилын ширээн дээр Соломон ЭЗЭНд зориулан шатаалт тахилуудыг өргөжээ. 13 Үүнийг өдөр тутмын журмын дагуу, Мосегийн хуулийн дагуу амралтын өдрүүд, шинэ сар болон жил бүрийн гурван баяр болох Исгээгүй Талхны Баяр, Долоо хоногуудын Баяр, Майхан Баяруудын үед тахилуудыг өргөдөг байлаа. 14 Давид эцгийнхээ тогтоосон журмын дагуу тэрээр үйлчлэлд нь тааруулан тахилч нарын бүлгүүдийг, мөн магтаалын үүрэг болон өдөр тутмын журмын дагуу тахилч нарт туслах зэрэгт левичүүдийг, мөн хаалгачдыг бүлгүүдээр нь хаалга бүр дээр томилов. Учир нь Бурханы хүн Давид ийн тушаасан юм. 15 Левичүүд, тахилч нарт хандсан агуулахуудын талаарх болон бусад хэргийн талаарх хааны уг тушаалыг тэд зөрчсөнгүй. 16 Ийнхүү ЭЗЭНий өргөөний суурийг тавьсан өдрөөс эхлээд барилгын ажил дуустал Соломоны бүх ажил явагдсаар байв. Ингэж ЭЗЭНий өргөө баригдаж дуусав. 17 Дараа нь Соломон Езион-гебер болон Едомын нутаг дахь тэнгисийн эргийн Елот уруу явав. 18 Хурам зарц нараараа дамжуулан хөлөг онгоцнууд болон далай сайн мэддэг зарц нараа Соломонд явуулав. Тэд Соломоны зарц нарын хамт Офир уруу явж, тэндээс дөрвөн зуун тавин талант алтыг авч, Соломон хаанд авчирсан юм.

9

1 Шебагийн хатан хаан Соломоны алдар цууг сонсоод, бэрх хүнд асуултаар Соломоныг сорьж үзэхийн тулд Иерусалимд иржээ. Түүнд асар олон шивэгчингүүд, амттан болон их хэмжээний алт, эрдэнэсийн чулуунуудыг тэгнүүлсэн тэмээнүүд байв. Тэрээр Соломон уруу ирсэн хойно зүрх сэтгэлдээ байсан бүгдийн тухай түүнтэй ярилцсан юм. 2 Соломон түүний бүх асуултад хариулжээ. Соломоноос нууцлагдсан, хатанд тайлбарлаж өгөөгүй нэг ч зүйл үлдсэнгүй. 3 Шебагийн хатан хаан нь Соломоны мэргэн ухаан, түүний барьсан ордон, 4 хааны ширээн дэх хоол, түшмэдийнх сууж буй байдал, сайд нарынх нь ажил, тэдний өмссөн ёслолын хувцас, сөнч нар болон тэдний өмсгөл, ЭЗЭНий өргөөнд ордог шатыг хараад бахдан алмайрчээ. 5 Тэгээд тэрээр хаанд —Таны үгс болон таны мэргэн ухааны талаар өөрийн нутагт байхдаа сонссон мэдээ үнэхээр үнэн байжээ. 6 Гэсэн ч би өөрөө ирж, үүнийг нүдээрээ үзэх хүртлээ тэдний үгэнд итгээгүй юм. Харагтун, миний сонссон зүйл бол таны мэргэн ухааны хагас хугас нь л байж. Таны тухай миний сонссон мэдээнээс энэ нь илүү ажээ. 7 Таны ард түмэн, таны өмнө үргэлж зогсож, мэргэн ухааныг тань сонордох таны түшмэд ямар ерөөлтэй хүмүүс вэ! 8 Таны Бурхан ЭЗЭНий төлөө таныг Өөрийн сэнтийнд залснаараа таныг таалсан Таны Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Таны Бурхан израильчуудыг мөнхөд тогтоон, хайрласан учир цэх шулуун, зөв шударга байдлыг засаглуулахын тулд таныг хаан болгосон ажээ гэж хэлэв. 9 Тэгээд тэрээр хаанд зуун хорин талант алт, маш их хэмжээний амтлагч болон эрдэнийн чулуунуудыг бэлэглэв. Шебагийн хатан хаанаас Соломон хаанд бэлэглэсэн шиг тийм их амтлагч хэзээ ч байгаагүй билээ. 10 Офироос алт тээн авчирсан Хурамын зарц нар болон Соломоны зарц нар мөн улаан мод, эрдэнэсийн чулуунуудыг авч ирэв. 11 Хаан улаан модоор ЭЗЭНий өргөө болон хааны ордны шатнуудыг, мөн дуучдад зориулан ятга ба босоо ятгуудыг хийв. Тэдгээртэй адил зүйлсийг урд өмнө Иуда нутагт хараагүй билээ. 12 Соломон хаан Шебагийн хатан хаанд түүний авчирсан бэлгийн хариуд бэлэг бэлдсэнээс гадна түүний хүссэн бүхнийг өгчээ. Тэгээд хатан хаан эргэж, өөрийн зарц нарын хамт төрөлх нутаг уруугаа буцлаа. 13 Нэг жилд Соломоны хүлээн авдаг байсан алтны жин нь зургаан зуун жаран зургаан талант байв. 14 Дээрх алт нь худалдаачид, наймаачдын авчирж байсан алтнаас гадна байв. Мөн Арабын бүх хаад болон орон нутгийн захирагчид Соломонд алт мөнгө авчирдаг байв. 15 Соломон хаан давтмал алтаар хоёр зуун том бамбай хийсэн бөгөөд том бамбай бүрд зургаан зуун шекел давтмал алт оржээ. 16 Тэрээр давтмал алтаар гурван зуун бамбай хийж, бамбай бүрд гурван зуун шекел алт ашигласан бөгөөд хаан эдгээрийг Ливаны ойн гэртээ хадгалав. 17 Үүнээс гадна хаан зааны ясаар асар том сэнтий урлан, түүнийг шижир алтаар бүрэв. 18 Сэнтий нь зургаан гишгүүртэй, түүнд залгаа алтадсан хөлийн тавиуртай, мөн суудлын хоёр талд түшлэгтэй бөгөөд түшлэг бүрийн хажууд тус тус арслангийн баримал байв. 19 Зургаан гишгүүрийн хоёр захад хоёр арслангийн барималтай буюу нийт арван хоёр арслангийн баримал тавиастай байжээ. Өөр ямар ч хаант улсад үүний адил зүйл урлаж байсангүй. 20 Соломон хааны жүнз болон хундаганууд бүгд алтан бөгөөд Ливаны ойн гэрийн бүх сав суулганууд шижир алтаар хийгдсэн байв. Соломоны өдрүүдэд мөнгө үнэ цэнэтэйд тооцогддоггүй байв. 21 Хурамын зарц нарын хамт Таршиш уруу аялдаг хөлөг онгоцнууд хаанд байв. Гурван жилд нэг удаа Таршишийн хөлөг онгоцнууд алт, мөнгө, зааны яс, сармагчин, тогос тээн авчирдаг байжээ. 22 Иинхүү Соломон хаан эд баялаг, мэргэн ухаанаараа дэлхийн бүх хаадаас үлэмж агуу болов. 23 Бурхан түүний зүрхэнд өгсөн билиг ухааныг нь сонсох гэж дэлхийн бүх хаад Соломонд бараалхахыг хүсэмжилдэг байлаа. 24 Ирж буй хүн бүр өөрийн бэлэг болох алт, мөнгөн эдлэл, хувцас, зэвсэг, амтлагч, морьд, луусыг авчирж байсан бөгөөд энэ нь жилээс жилд нэмэгдсээр байлаа. 25 Соломон морьд, тэрэгнүүдэд зориулсан дөрвөн мянган жүчээтэй, мөн арван хоёр мянган морьтонтой байв. Тэрээр тэднийг тэрэгт цэргийн хотууд болон хааны хамт Иерусалим хотод хуваарилан байрлуулжээ. 26 Евфрат мөрнөөс филистчүүдийн нутаг хүртэл, цаашилбал Египетийн хил хүртэлх бүх хаадыг Соломон захирдаг байв. 27 Хаан мөнгийг Иерусалимд чулуу шиг ердийн зүйл болгож, хуш модыг нам доор газрын инжрийн мод шиг элбэг болгосон билээ. 28 Египет болон бүх орнуудаас тэд Соломонд морьд авчирдаг байлаа. 29 Соломоны бусад үйлсийг, эхнээс нь дуустал нь эш үзүүлэгч Натаны тэмдэглэлд, шилон хүн Ахиагийн эш үзүүллэгт болон Небатын хүү Иеробоамын талаар үзмэрч Иддогийн харсан үзэгдлүүдэд бичээгүй гэж үү? 30 Соломон дөчин жил Иерусалимд бүх Израилийг захирлаа. 31 Соломон эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, өөрийн эцэг Давидын хотод оршуулагджээ. Түүний хүү Рехобоам түүний оронд хаанчлав.

10

1 Ингээд бүх израильчууд Рехобоамыг хаан болгох гэж Шехемд цугларсан учраас Рехобоам ч Шехемд очив. 2 Небатын хүү Иеробоам үүнийг сонсоод (учир тэрээр Соломон хааны өмнөөс зугтан Египетдээ байв), Египетээс буцаж ирэв. 3 Ингээд тэд хүн илгээж Иеробоамыг дуудуулжээ. Иеробоам ба бүх Израиль ирээд Рехобоамд бараалхахдаа — 4 Таны эцэг бидний буулгыг хүнд болгосон. Тийм учраас одоо бидний дээр тохсон хүнд буулга болон эцгийнхээ бэрх алба татварыг хөнгөлж өгөөч. Тэгвэл бид танд үйлчилнэ гэв. 5 Рехобоам тэдэнд —Гурван өдрийн дараа над уруу дахин ирэгтүн гэж тушаав. Ингээд ард түмэн явцгаав. 6 Амьд байх үед нь эцэг Соломонд нь үйлчилж байсан ахмадуудтай Рехобоам хаан зөвлөлдөн, —Энэ ард түмэнд ямар хариу өгөхийг та нар надад зөвлөх вэ? гэж асуув. 7 Тэд Рехобоамд хариулан —Хэрэв та энэ ард түмэнд сайнаар хандан, тэдний сэтгэлд нийцүүлж, тэдэнд эелдэг үгсийг хэлбэл энэ ард түмэн үүрд таны боол болох юм гэж зөвлөв. 8 Гэвч түүнд өгсөн ахмадуудын зөвлөгөөг тэр үл хайхран, өөртэй нь хамт өсөж, өөрт нь үйлчилж ирсэн залуучуудтай зөвлөлдөв. 9 Тэрээр тэдэнд —Энэ ард түмэн "Бидний дээр тохсон эцгийнхээ буулгыг хөнгөлж өгөөч" гэж хэлж байхад тэдэнд ямар хариулт өгөхийг та нар надад зөвлөхсөн бол? гэв. 10 Түүнтэй хамт өссөн залуус түүнд —Чамд хандан "Таны эцэг бидний буулгыг хүнд хүчир болгосон, харин та үүнийг хөнгөлж өг" гэж шаардаж буй энэ ард түмэнд хариулахдаа "Миний чигчий хуруу эцгийн минь ууцнаас ч бүдүүн юм. 11 Миний эцэг та нарт хүнд буулга үүрүүлсэн бол, би түүнийг чинь илүү хүнд болгоно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно" гэж хэлээрэй гэв. 12 Хаан —Гурав дахь өдөр над уруу буцаж ир гэж тушаасны дагуу Иеробоам ба бүх ард түмэн гурав дахь өдөр Рехобоамд бараалхав. 13 Рехобоам хаан ахмадуудын зөвлөгөөг үл хайхран, ард түмэнд хатуу ширүүнээр хариуллаа. 14 Тэрээр залуусын зөвлөсний дагуу тэдэнд хариулан —Миний эцэг та нарын буулгыг хүнд болгосон бол, би дээр нь нэмэх болно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол, би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно гэж хэлэв. 15 Хаан ард түмнийг сонссонгүй. Учир нь ЭЗЭН шилон хүн Ахиагаар дамжуулан, Небатын хүү Иеробоамд хэлсэн үгээ тогтоохын тулд Бурхан бүх зүйлийг эргүүлсэн юм. 16 Өөрсдийг нь хаан сонсохгүй байгааг бүх израильчууд хараад, ард түмэн хаанд хариулан —Давидын дотор бидэнд ямар хувь байгаа вэ? Иессийн хүүгээс залгамжлан авах өв бидэнд байхгүй. Израиль аа, хүн бүр өөр өөрсдийн майхан уруу буцацгаа. Давид аа, одоо чи өөрийнхөө гэрийг л харж ханд гэцгээв. Ингээд бүх израильчууд өөр өөрсдийн майхан уруу одоцгоов. 17 Гэвч Иудагийн хотуудад амьдарч байсан Израилийн хөвгүүд Рехобоамын захиргаан доор үлджээ. 18 Дараа нь албадлагын хөдөлмөрийн захирагч Хадорамыг Рехобоам хаан илгээсэн боловч Израилийн хөвгүүд түүн уруу чулуу шидлэн алжээ. Рехобоам Хаан ч шалавхан тэргэндээ суун, Иерусалим уруу зугтлаа. 19 Израильчууд энэ өдрийг хүртэл Давидын гэрийнхэнтэй тэрсэлсээр байгаа юм.

11

1 Рехобоам Иерусалимд ирээд, өөрийн хаанчлалыг дахин сэргээхийн тулд Израилийн эсрэг дайтахаар Иуда, Бениамины гэрийнхнийг буюу зуун наян мянган дайчид болох шилмэл эрсийн цуглуулав. 2 Гэвч Бурханы хүн Шемаиад ЭЗЭНий үг ирж, — 3 Чи Иудагийн хаан болох Соломоны хүү Рехобоам болон Иуда, Бениамин дахь бүх израильчуудад хандан 4 "ЭЗЭН ийнхүү айлдаж байна «Та нар явж, эсвэл өөрсдийн төрөл садангуудын эсрэг дайтах ёсгүй. Энэ зүйл Надаас учир хүн бүр өөр өөрсдийн гэр уруу харигтун» хэмээв" гэж хэл гэжээ. Тэд ЭЗЭНий үгийг сонсоод, Иеробоамын эсрэг хөдлөхөө болин буцацгаав. 5 Рехобоам Иерусалимд амьдран, Иудад хамгаалалтын хотууд босгов. 6 Ингээд тэрээр Бетлехем, Етам, Текоа, 7 Бет-зур, Соко, Адуллам, 8 Гат, Марешан, Зиф, 9 Адораим, Лахиш, Азека, 10 Зора, Аиалон, Хеброныг босгов. Эдгээр нь Иуда, Бениамин дахь бэхлэгдсэн хотууд юм. 11 Тэр мөн бэхлэлтүүдийг хүчирхэгжүүлэн, тэдгээрийн дотор хүнс, тос, дарсны агуулахуудыг болон түшмэдийг байрлуулжээ. 12 Тэрээр хот бүрийг бамбай, жаднуудаар ханган, асар ихээр хүчирхэгжүүлэв. Ийнхүү Иуда, Бениаминыг тэр барьж байлаа. 13 Үүнээс гадна, бүх Израильд байсан тахилч нар болон левичүүд өөрсдийн бүх бүс нутгуудаас түүнтэй хамт зогссон юм. 14 Левичүүд өөрсдийн бэлчээр нутаг, эзэмшлүүдээ орхин, Иуда болон Иерусалим уруу ирцгээв. Учир нь Иеробоам болон түүний хөвгүүд тэднийг ЭЗЭНд тахилчаар үйлчлэх үйлчлэлээс нь хасжээ. 15 Тэрээр мөргөлийн өндөрлөгүүдэд болон өөрийн хийсэн ямаа, тугалын дүрснүүдэд зориулан хувийн тахилч нарыг бий болгов. 16 Израилийн Бурхан ЭЗЭНийг хайхаар зүрх сэтгэлээ хандуулсан, Израилийн бүх овгуудаас гаралтай хүмүүс эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНд тахил өргөхөөр тэднийг даган Иерусалимд ирцгээв. 17 Тэд Иудагийн хаанчлалыг хүчирхэгжүүлэн, гурван жилийн турш Соломоны хүү Рехобоамыг дэмжив. Учир нь тэд гурван жил Давид болон Соломоны замаар замнасан юм. 18 Дараа нь Рехобоам Давидын хүү Иеримотын охин, мөн Иессийн хүү Елиабын охин Абихаилын охин Махалатыг эхнэрээ болгов. 19 Тэрээр түүнд хөвгүүд төрүүлж өгсөн нь Иеуш, Шемариа, Захам нар юм. 20 Түүний дараа Рехобоам Абсаломын охин Маакаг авав. Тэрээр түүнд Абиа, Аттаи, Зиза, Шеломит нарыг төрүүлж өгчээ. 21 Рехобоам бусад бүх эхнэр, татвар эмсээсээ илүүгээр Абсаломын охин Маакад хайртай байв. Рехобоам арван найман эхнэр, жаран татвар эмстэй байсан бөгөөд хорин найман хүү, жаран охидын эцэг болсон юм. 22 Рехобоам Маакагийн хүү Абиаг ах дүүсийнх нь дунд тэргүүн болгон удирдагчаар томилсон бөгөөд түүнийг хаан болгох санаатай байлаа. 23 Тэрээр мэргэн зүйл үйлдэн, хөвгүүдийнхээ заримыг Иуда болон Бениамины бүх нутаг дэвсгэр даяар бүх бэхлэгдсэн хотууд уруу тараан суулгаж, хоол хүнсийг нь хангалттайгаар өгчээ. Тэрээр хөвгүүддээ олон эхнэр хайж байлаа.

12

1 Рехобоамын хаанчлал батжин, хүчирхэгжсэнд тэр өөрөө болон түүний хамт бүх Израиль ЭЗЭНий хуулийг умартав. 2 Рехобоам хааны тав дахь жилд тэд ЭЗЭНд итгэлгүй хандсан тул Египетийн хаан Шишак Иерусалимыг довтлохоор 3 мянга хоёр зуун тэрэг, жаран мянган морин цэрэгтэйгээр ирэв. Түүний хамт Египетээс тоо томшгүй луб, сукки, етиоп хүмүүс ирэв. 4 Тэр Иудагийн бэхлэгдсэн хотуудыг эзлэн авч, Иерусалим хүртэл довтлов. 5 Шишакаас болоод Иерусалимд цугларсан Рехобоам болон Иудагийн ноёд уруу эш үзүүлэгч Шемаиа ирж, тэдэнд —ЭЗЭН ийн айлдахдаа "Та нар Намайг умартсан учраас Би ч мөн та нарыг Шишакт өгөн умартсан" хэмээв гэж хэлэв. 6 Тиймээс Израилийн ноёд болон хаан өөрсдийгөө даруу болгон, —ЭЗЭН бол зөв шударга гэцгээв. 7 Тэд өөрсдийгөө даруу болгосныг ЭЗЭН үзээд, Түүний үг Шемаиад ирж айлдахдаа —Тэд өөрсдийгөө даруу болгосон, тиймээс Би тэднийг устгахгүй. Харин тэдэнд бага зэрэг авралыг хайрлаж, Миний уур хилэн Иерусалимын дээр Шишакаар дамжин цутгагдахгүй. 8 Гэвч тэд түүний боол болж, ингэснээрээ Надад үйлчлэх болон улс орнуудын хаанчлалуудад үйлчлэх хоёрын хоорондох ялгааг тэд ойлгох болно гэлээ. 9 Египетийн хаан Шишак Иерусалимын эсрэг довтлон ирж, ЭЗЭНий өргөөний болон хааны ордны эрдэнэсийг олзлон авчээ. Тэрээр бүхнийг авсан төдийгүй Соломоны хийсэн алтан бамбайнуудыг ч хүртэл хаман оджээ. 10 Тэгэхэд Рехобоам хаан тэдгээрийн оронд гуулин бамбай урлан, хааны ордны хаалгыг хамгаалдаг харуулын дарга нарт тэдгээрийг даатгав. 11 Хаан ЭЗЭНий өргөөнд орж ирэх болгонд харуулууд ирж, тэр гуулин бамбайнуудыг өргөн явах бөгөөд дараа нь тэдгээрийг харуулын өрөөнд буцаан тавих болжээ. 12 Тэрээр өөрийгөө даруу болгоход ЭЗЭНий уур хилэн түүнээс эргэж, түүнийг бүр мөсөн сүйрүүлсэнгүй. Мөн Иудад нөхцөл байдал сайжрав. 13 Рехобоам хаан Иерусалимд хүчирхэгжин, ноёрхжээ. Рехобоам ноёрхож эхлэхдээ дөчин нэгэн настай байсан бөгөөд Өөрийн нэрийг тэнд байлгахын тулд Израилийн бүх овгуудаас ЭЗЭНий сонгосон хот болох Иерусалимд арван долоон жил хаанчилжээ. Түүний эх нь аммон эмэгтэй Наама байжээ. 14 Тэрээр ЭЗЭНийг хайхаар зүрх сэтгэлээ чиглүүлээгүй учир бузар мууг үйлдсэн юм. 15 Рехобоамын үйлсийг эхнээс нь дуустал, угийн бичгийнх тэмдэглэлийн дагуу эш үзүүлэгч Шемаиа, үзмэрч Иддо нарын тэмдэглэлд бичээгүй гэж үү? Рехобоам, Иеробоам нарын хооронд дайнууд үргэлжилсээр байв. 16 Рехобоам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод оршуулагдав. Түүний хүү Абиа түүний оронд хаан болов.

13

1 Иеробоам хааны арван наймдугаар жилд Абиа Иудагийн хаан болжээ. 2 Тэрээр Иерусалимд гурван жилийн турш хаанчлав. Түүний эх нь Гибеагийн Уриелийн охин Микаиа байв. Абиа, Иеробоам нарын хооронд дайн болж байв. 3 Абиа дөрвөн зуун мянган шилмэл эрс болох зоригт дайчидтай тулааныг эхлүүлж байхад, Иеробоам түүний эсрэг найман зуун мянган шилмэл эрэлхэг дайчидтайгаар тулааны байрлалаа эзэлж байв. 4 Тэгээд Ефраимын уулархаг нутагт оршдог Земараим уулан дээр Абиа зогсоод, —Иеробоам болон бүх Израиль аа, намайг сонсогтун. 5 Израилийн Бурхан ЭЗЭН, Израилийг захирах эрхийг давсан гэрээгээр Давид болон түүний хөвгүүдэд мөнхөд өгснийг та нар мэдэхгүй гэж үү? 6 Гэвч Давидын хүү Соломоны зарц болох Небатын хөвгүүн Иеробоам босож, эзнийхээ эсрэг тэрслэв. 7 Түүн уруу хамгийн олиггүй, үл бүтэх хүмүүс ирэн нийлжээ. Соломоны хүү Рехобоам балчир, туршлагагүй, өөрийгөө хамгаалж чадахааргүй байхад түүний хувьд тэд хэтэрхий хүчтэй байлаа. 8 Одоо та нар Давидын хөвгүүдээр удирдуулсан ЭЗЭНий хаанчлалыг эсэргүүцэх санаатай байна. Та нар үй олноороо ирж, өөрсдөд чинь зориулан бурхад болгон Иеробоамын бүтээсэн алтан тугалуудаа авчирж байна. 9 Та нар ЭЗЭНий тахилч нар болох Аароны хөвгүүд болон левичүүдийг хөөн зайлуулж, өөр газруудын ард түмнүүдийн адилаар өөрсөддөө зориулан тахилч нарыг томилсон бус уу? Өөрийгөө ариусгахаар нэг залуу бух, долоон хуцыг авчран ирэх хүн ч гэсэн бурхад бус зүйлсийн тахилч болж болдог гэнэ. 10 Харин бидний хувьд гэвэл, ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд бид Түүнийг умартаагүй. Аароны хөвгүүд ЭЗЭНд тахилч нарын үүргийг гүйцэтгэн, левичүүд тэдний ажилд тусалдаг. 11 Өглөө, орой бүр тэд ЭЗЭНд шатаалт тахилуудыг өргөн, анхилуун утлагыг уугиулж, ил тавих талхыг цэвэрхэн ширээн дээр тавьдаг бөгөөд алтан дэнлүүний суурийг дэнлүүнүүдийнх нь хамт үдэш бүр асаахад бэлэн байдаг. Учир нь бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий хариуцлагыг сахьдаг, харин та нар Түүнийг умартсан билээ. 12 Одоо харагтун, Бурхан бидний тэргүүн дээр залран, бидэнтэй хамт байгаа бөгөөд та нарын эсрэг түгшүүрийн дохио өгөхөөр Түүний тахилч нар ч дохионы бүрээнүүдтэйгээ энд байна. Өө Израилийн хөвгүүд ээ, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНий эсрэг бүү дайтагтун. Учир нь та нар амжилтад хүрэхгүй шүү дээ хэмээв. 13 Харин Иеробоам тэднийг араас нь цохихын тулд нуувч бэлтгэжээ. Ингээд Иудагийн урд талд Израиль, ар талд нь нуувч байв. 14 Иудачууд эргэмэгц, харагтун, урд, араасаа зэрэг довтлуулжээ. Иймээс иудачууд ЭЗЭНд хашхиран, тахилч нар бүрээнүүдээ үлээв. 15 Тэгээд Иудагийн эрчүүд дайны уухай хадаав. Тэднийг дайны уухай хадаамагц Бурхан Иеробоам болон бүх израильчуудыг Абиа болон иудачуудын өмнө бут цохьжээ. 16 Израилийн хөвгүүд Иудагийн өмнө зугтсанд, Бурхан тэднийг иудачуудын гарт өгөв. 17 Абиа болон түүний хүмүүс тэднийг үй олноор нь хядан устгаж, Израилийн таван зуун мянган шилдэг дайчдыг алав. 18 Тэр үед Израилийн хөвгүүд ялагдсан бөгөөд Иудагийн хөвгүүд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд итгэсэн учраас ялжээ. 19 Абиа Иеробоамыг нэхэн хөөж, түүнээс зарим хотууд болох Бетелийг гацаануудынх нь хамт, Иешанаг гацаануудынх нь хамт болон Ефроныг гацаануудынх нь хамт булаан авав. 20 Абиагийн өдрүүдэд Иеробоам хүчээ сэргэж чадсангүй. ЭЗЭН түүнийг цохьсонд тэрээр үхэв. 21 Харин Абиа хүчирхэгжсэн билээ. Тэр өөртөө арван дөрвөн эхнэр авч, хорин хоёр хүү, арван зургаан охидын эцэг болов. 22 Абиагийн бусад үйлс буюу түүний үгс, түүний замууд эш үзүүлэгч Иддогийн тайлбарт бичигдсэн билээ.

14

1 Абиа эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг Давидын хотод оршуулжээ. Түүний хүү Аса оронд нь хаан болов. Түүний амьдралын өдрүүдэд арван жилийн турш газар нутаг амар амгалан байв. 2 Аса өөрийн Бурхан ЭЗЭНий мэлмийд зөв, сайныг үйлдэв. 3 Учир нь тэрээр харийн тахилын ширээнүүд, мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, онгон багануудыг нурааж, Ашерагийн модон шонг цавчин хаяж, 4 эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг хайн, хууль тушаалуудыг сахихыг иудачуудад тушаав. 5 Тэрээр бас Иудагийн бүх хотуудаас мөргөлийн өндөрлөгүүд болон утлагын тахилын ширээнүүдийг зайлуулав. Түүний удирдлага доор хаанчлал амар амгалан байв. 6 Газар нутаг амар амгалан байсан тул тэрээр Иудад бэхлэлт бүхий хотуудыг босгов. ЭЗЭН түүнд амралт өгсөн учир тэдгээр он жилүүдийн туршид хэн ч түүнтэй дайтсангүй юм. 7 Тэрээр Иудад хандан —Эдгээр хотуудыг босгож, тэдгээрийг хана хэрэм, цамхаг, хаалга, түгжээ зэргээр тойруулцгаая. Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНийг эрэн хайсан тул энэ газар биднийх хэвээрээ. Бид Түүнийг хайсан бөгөөд Тэрээр бидний эргэн тойронд бидэнд амралтыг өглөө гэв. Ингээд тэд барьж босгоод, амжилт олжээ. 8 Том бамбай, жад үүрсэн, Иудагаас гаралтай гурван зуун мянган цэрэг болон бамбай, нум сум эзэмшсэн, Бениаминаас гаралтай хоёр зуун наян мянган цэрэг Асад байсан юм. Тэд бүгд эрэлхэг дайчид байв. 9 Етиоп хүн Зера тэдний эсрэг нэг сая цэрэг, гурван зуун тэрэгтэй довтлон, Марешад хүрч ирэв. 10 Аса түүнийг угтахаар хөдөлж, тэд Мареша дахь Зефатагийн хөндийд тулалдахаар байрлалаа эзлэв. 11 Аса өөрийн Бурхан ЭЗЭНийг дуудан, "ЭЗЭН, хүчирхэг болон сул дорой хоёрын хоорондох тулалдаанд Танаас өөр тусалдаг хэн ч байхгүй. Иймээс бидний Бурхан ЭЗЭН, бидэнд туслаач. Учир нь бид Танд итгэж, Таны нэрээр энэ үй олон дайсны эсрэг ирсэн билээ. Өө, ЭЗЭН, Та бол бидний Бурхан. Нэг ч хүн Таныг бүү дийлэг" хэмээжээ. 12 ЭЗЭН етиопчуудыг Асагийн өмнө болон иудачуудын өмнө бут цохьсон бөгөөд тэд зугтав. 13 Аса болон түүнтэй хамт байсан хүмүүс тэднийг Герар хүртэл хөөв. Етиопчууд ЭЗЭНий өмнө болон Түүний цэргийн өмнө устсан тул маш олон етиопчууд үхэж, тэд дахин сэргээгдээгүй. Иудачууд асар их олзтой харьлаа. 14 ЭЗЭНий айдас нутгийнхан дээр буусан учир иудачууд Герарын эргэн тойрны бүх хотуудыг устгажээ. Тэдгээр хотуудад асар их баялаг байсан тул тэд бүгдийг нь дээрэмдсэн юм. 15 Тэд мөн мал сүрэг эзэмшигчдийг алж, асар олон тооны хонь, тэмээг дээрэмджээ. Дараа нь тэд Иерусалимд буцаж ирэв.

15

1 Бурханы Сүнс Одедын хүү Азариа дээр ирсэнд 2 тэрээр Асатай уулзахаар явж, түүнд —Аса болон бүх Иуда, Бениамин аа, намайг сонс. Та нар ЭЗЭНтэй хамт байх үед Тэрээр та нартай хамт байна. Хэрэв та нар Түүнийг хайвал, Тэрээр та нарт олдоно. Харин та нар Түүнийг умартах аваас Тэр та нарыг умартах болно. 3 Олон өдрүүдийн туршид Израиль үнэн Бурхангүй, сургах тахилчгүй, хуульгүй байсан билээ. 4 Гэвч өөрсдийн зовлон шаналал дотор тэд Израилийн Бурхан ЭЗЭН уруу эргэж, Түүнийг хайсан бөгөөд Тэр тэдэнд олдсон юм. 5 Тэр үеүдэд гарч, орсон хүмүүст амар амгалан үгүй байлаа. Учир нь газар нутгуудын оршин суугчдыг тэр их үймээн самуун зовоон шаналгаж байсан юм. 6 Нэг үндэстнийг нөгөө үндэстэн, нэг хотыг нөгөө хот бяцлан устгаж байв. Учир нь Бурхан тэднийг бүх төрлийн зовлон гамшгаар зовоов. 7 Харин та нар тууштай байж, бүү зүрх алд. Та нарын ажил шагналтай юм гэв. 8 Эш үзүүлэгч Одедын хүү Азариагийн өгүүлсэн эдгээр үгс болон эш үзүүллэгийг сонсоод Аса зоригжин, Иуда, Бениамины бүх газар нутаг болон Ефраимын уулархаг нутгаас эзлэн авсан хотуудаасаа бузар шүтээнүүдийг зайлуулжээ. Дараа нь ЭЗЭНий үүдний танхимын урд талд байсан ЭЗЭНий тахилын ширээг тэр сэргээн босгов. 9 Тэрээр бүх Иуда, Бениамин болон тэдэнтэй хамт амьдарч байсан Ефраим, Манассе, Симеоны хүмүүсийг цуглуулав. Асагийн Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байгааг хараад олон хүмүүс Израилиас түүн уруу урважээ. 10 Ингээд тэд Асагийн хаанчлалын арван тав дахь жилийн гуравдугаар сард Иерусалимд цугларчээ. 11 Тэр өдөр тэд авчирсан олзноос долоон зуун үхэр, долоон мянган хонийг ЭЗЭНд тахил болгон өргөжээ. 12 Тэд бүх зүрх, сэтгэлээрээ эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг эрэлхийлэхээр гэрээнд оров. 13 Израилийн Бурхан ЭЗЭНийг эрэлхийлэхгүй хэн боловч, их бага, эр эм гэлгүй алуулах ёстой байв. 14 Үүнээс гадна, тэд чанга дуу, хашхирах дуу, бүрээ, эвэр бүрээтэйгээр ЭЗЭНд тангараг өргөжээ. 15 Энэ тангаргаас болж бүх иудачууд баясан хөөрч байлаа. Учир нь тэд бүх зүрх сэтгэлээрээ тангараглаж, Түүнийг үнэхээр эрэлхийлсэн бөгөөд Тэр тэдэнд олдсон болой. ЭЗЭН тэдэнд бүх талд амралтыг өгөв. 16 Тэр бас Аса хааны эх Маакаг эх хатны суудлаас зайлуулжээ. Учир нь тэр Ашера мэт жигшүүрт хөргийг бүтээсэн юм. Аса түүний жигшүүрт хөргийг цавчин, түүнийг бяцлаж, Кидрон горхины дэргэд шатаав. 17 Гэвч мөргөлийн өндөрлөгүүд Израилиас зайлуулагдсангүй. Харин Асагийн зүрх сэтгэл амьдралынх нь турш гэм буруугүй байв. 18 Тэрээр Бурханы өргөө уруу эцгийнхээ болон өөрийн зориулан өргөсөн эд зүйлс болох алт, мөнгө, сав суулгуудыг оруулан тавив. 19 Асагийн хаанчлалын гучин тав дахь жил хүртэл ямар ч дайн гарсангүй.

16

1 Асагийн хаанчлалын гучин зургаа дахь жилд Израилийн хаан Бааша Иудаг довтлон ирж, Иудагийн хаан Асагийн газар уруу хэн боловч орж, гарахааргүй болохоор Рамад бэхлэлт босгов. 2 Тэгэхэд ЭЗЭНий өргөө болон хааны ордны эрдэнэсийн сангуудаас Аса алт, мөнгө авчруулан, Дамаскт амьдарч байсан Арамын хаан Бен-хададад илгээн, — 3 Миний эцэг, таны эцэг нарын хооронд байсан шиг тийм гэрээг хоорондоо байгуулъя. Харагтун, би танд энэ алт, мөнгийг илгээсэн билээ. Израилийн хаан Баашатай тогтоосон гэрээгээ цуцлан, түүнийг надаас холдуулахад туслаач гэж уламжлуулав. 4 Бен-хадад, Аса хааныг сонсож, Израилийн хотуудыг довтлохоор өөрийн цэргийн жанжнуудыг илгээн, Ион, Дан, Абел-маим болон Нафталийн бүх нөөц хангамжийн хотуудыг эзлэн авлаа. 5 Бааша үүнийг дуулаад, Рамаг бэхлэн барихаа больж, ажлаа зогсоов. 6 Ингэмэгц Аса хаан бүх иудачуудыг авчран, тэд Баашагийн барилгад хэрэглэж байсан Рамагийн чулуу, дүнз моднуудыг авч явав. Аса хаан түүгээр нь Геба, Мизпаг бэхлэв. 7 Тэр үед үзмэрч Ханани Иудагийн хаан Аса уруу ирж, түүнд —Чи өөрийн Бурхан ЭЗЭНд найдалгүй, Арамын хаанд найдсан учраас Арамын хааны цэргүүд чиний гараас нэгэнт мултарчээ. 8 Етиопчууд, лубчууд асар олон тэрэг, морьдтой агуу том цэрэг байгаагүй гэж үү? Хэдий тийм байсан ч, чи ЭЗЭНд найдсан учраас Тэрээр дайсныг чинь чиний гарт оруулсан юм. 9 Учир нь Өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг болохоор ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явдаг юм. Чи энэ удаа мунхаг үйл хийлээ. Үнэнээр одооноос эхлэн чи ямагт дайн тулаантай байх болно гэж хэлэв. 10 Аса үзмэрчид уурлан, түүнийг шоронд хийв. Учир нь энэ явдлаас болж тэрээр түүнд хилэгнэсэн билээ. Мөн Аса яг тэр үед зарим хүмүүсийг хавчив. 11 Асагийн үйлс эхнийхээсээ сүүлийнх хүртэл, харагтун, Израиль болон Иудагийн Хаадын Номд тэмдэглэгдсэн билээ. 12 Хаанчлалынхаа гучин ес дэх жилд Аса хөлдөө өвчтэй болжээ. Түүний өвчин хүнд байсан боловч өвчин дотроо ч хүртэл тэрээр ЭЗЭНийг хайлгүй, харин эмч нарт хандав. 13 Аса хаанчлалынхаа дөчин нэг дэх жилд нас барж, эцэг өвгөдийнхөө хамт нойрсов. 14 Тэд түүнийг өөрийнх нь булшинд оршууллаа. Тэр булшийг Аса өөртөө зориулан Давидын хотод ухуулсан юм. Тэд түүнийг сүрчиг хийгчдийн жороор найруулсан төрөл бүрийн үнэртэнгүүдээр дүүргэсэн амралтын газар хэвтүүлээд, түүнд зориулан асар том гал асаажээ.

17

1 Түүний хүү Иехошафат түүний оронд хаан болоод, Израильд өөрийн байр сууриа бат болгов. 2 Тэрээр Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудад цэргүүд тавьж, Иудагийн газарт болон эцэг Асагийнхаа эзлэн авсан Ефраимын хотуудад цэргийн ангиудыг байрлуулав. 3 Иехошафат Баалд мөргөлгүй, өөрийн эцэг өвөг Давидын эртний өдрүүдийн жишээг дагаж байсан тул ЭЗЭН түүнтэй хамт байв. 4 Харин тэрээр өөрийн эцэгийн Бурханыг эрэлхийлэн, Түүний тушаалуудыг дагасан бөгөөд Израилийн адил үйлдээгүй юм. 5 Иймээс ЭЗЭН хаанчлалыг түүний мэдэлд оруулж, бүх Иуда Иехошафатад алба гувчуур авчирсанд, тэрээр үлэмж баялаг, нэр хүндтэй байв. 6 Тэрээр ЭЗЭНий замуудаар үлэмж бахархан, Иудагаас мөргөлийн өндөрлөгүүд болон Ашерагийн модон шонг дахин зайлуулсан юм. 7 Дараа нь хаанчлалынхаа гурав дахь жилд өөрийнхөө түшмэд болох Иудагийн хотуудад заах Бен-хаил, Обадиа, Зехариа, Нетанел, Микаиа нарыг тэр илгээв. 8 Мөн тэдний хамт левичүүдийг, мөн Шемаиа, Нетаниа, Зебадиа, Асахел, Шемирамот, Иехонатан, Адониа, Тобиа, Тобадониа гэх левичүүдийг, мөн тэдний хамт тахилч Елишама, Иехорам нарыг явуулав. 9 Тэд ЭЗЭНий хуулийн номыг өөртөө авч яван, Иудад заажээ. Тэд Иудагийн бүх хотуудаар явж, ард түмний дунд заав. 10 Иудагийн эргэн тойронд буй бүх улсуудын хаанчлалууд дээр ЭЗЭНий айдас байсан бөгөөд тэд Иехошафатын эсрэг дайтсангүй. 11 Филистчүүдийн зарим нь Иехошафатад алба татвар болгон мөнгө, бэлэг сэлт авчрав. Мөн арабууд түүнд долоон мянга долоон зуун хуц, долоон мянга долоон зуун ямаатай сүрэг өгчээ. 12 Иехошафат улам хүчирхэгжиж, Иудад бэхлэлт цайз болон нөөц хангамжийн хотуудыг барьж байгуулав. 13 Түүнд Иудагийн хотуудад маш их хангамж, мөн Иерусалимд дайчин, зоригт эрсүүд байлаа. 14 Энэ нь тэдний эцгүүдийн бүлүүдийн дагуух тэдний жагсаал байв. Иудагаас мянгатын дарга Адна жанжин болж, түүнтэй хамт гурван зуун мянган эрэлхэг дайчид байв. 15 Түүний дараах нь жанжин Иоханан болон түүнтэй хамт хоёр зуун наян мянган дайчид байв. 16 Түүний дараах нь ЭЗЭНий төлөө сайн дураар гарсан, Зихрийн хүү Амасиа бөгөөд түүнтэй хамт хоёр зуун мянган эрэлхэг дайчид байв. 17 Бениаминаас эрэлхэг дайчин Елиада бөгөөд түүнтэй хамт нум, бамбайгаар зэвсэглэгдсэн хоёр зуун мянган дайчид байв. 18 Түүний дараах нь Иехозабад бөгөөд түүнтэй хамт дайнд зэвсэглэгдсэн зуун наян мянган дайчид байв. 19 Эдгээр нь бүх Иуда даяар бэхлэгдсэн хотуудад хааны байрлуулсан хүмүүсээс гадна хаанд үйлчилсэн хүмүүс юм.

18

1 Иехошафат асар их эд баялаг, нэр хүндтэй байв. Тэрээр Ахабтай ураг холбосноороо түүнтэй нэгдэв. 2 Хэдэн жилийн дараа тэрээр Самарид Ахабтай уулзахаар явав. Ахаб түүнд болон түүнтэй хамт ирсэн хүмүүст зориулан маш олон хонь, үхрийг алж, Рамот-гилеадын эсрэг явж дайтахаар түүнийг ятгав. 3 Израилийн хаан Ахаб Иудагийн хаан Иехошафатад хандан —Чи надтай хамт Рамот-гилеадын эсрэг байлдахаар явах уу? гэхэд Иехошафат түүнд —Би бол чи, миний хүмүүс бол чиний хүмүүс бөгөөд бид тулаанд тантай хамт байх болно гэв. 4 Үүнээс гадна, Иехошафат Израилийн хаанд —Эхлээд ЭЗЭНий үгийг мэдэхийн тулд асууж өгөөч гэж хэлэв. 5 Тэгэхэд Израилийн хаан дөрвөн зуун эш үзүүлэгчдийг цуглуулаад, тэднээс —Бид Рамот-гилеадын эсрэг байлдахаар мордох уу, эсвэл би түдгэлзэх үү? хэмээн асуусанд тэд —Явагтун. Учир нь Бурхан тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав. 6 Гэвч Иехошафат —Бидэнд асуучихаар ЭЗЭНий өөр нэг эш үзүүлэгч энд алга уу? хэмээн асуулаа. 7 Израилийн хаан Иехошафатад —ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг хэзээ ч эш үзүүлдэггүй, харин үргэлж бузар мууг хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр бол Имлагийн хүү Микаиа юм хэмээн өгүүлжээ. Харин Иехошафат түүнд —Хаан хүн ингэж ярьж боломгүй гэжээ. 8 Тэгэхэд Израилийн хаан түшмэлээ дуудан, —Имлагийн хүү Микаиаг хурдан авч ирэгтүн хэмээн тушаав. 9 Тэр үед Израилийн хаан болон Иудагийн хаан Иехошафат нар ёслолын дээлээ өмсөн, Самари хотын хаалганы үүдэнд, үтрэмд өөр өөрсдийн сэнтийнд заларсан байв. Эш үзүүлэгчид бүгд тэдний өмнө эш үзүүлцгээж байлаа. 10 Хенаанагийн хүү Зедекиа өөртөө төмөр эврүүдийг хийж, —ЭЗЭН ийн айлдаж байна. "Эдгээрээр та арамейчуудыг устаж дуустал нь нэвт сүлбэгтүн" хэмээв гэжээ. 11 Бүх эш үзүүлэгчид —Рамот-гилеад уруу явж, ялагтун. Учир нь ЭЗЭН тэр хотыг хааны гарт өгнө гэж эш үзүүлцгээж байлаа. 12 Микаиаг дуудахаар явсан элч түүнд хандан —Харагтун, эш үзүүлэгчдийн үгс хааны таалалд ижил нийцэж байна. Таны үгс ч гэсэн тэдний үгтэй адил байж, хааны таалалд нийцүүлэгтүн гэв. 13 Харин Микаиа —ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Миний Бурхан юу хэлснийг би ярих болно гэлээ. 14 Тэрээр хааны өмнө ирэхэд, хаан түүнээс —Микаиа, бид Рамот-гилеадыг довтлохоор хөдлөх үү, эсвэл би татгалзах уу? гэж асуусанд Микаиа түүнд —Явж, ялагтун. Учир нь тэд таны гарт өгөгдөх болно гэжээ 15 Хаан түүнд —ЭЗЭНий нэр дээр надад зөвхөн үнэнээс өөр юуг ч хэлэхгүй байхыг би чамаас хичнээн гуйх юм бэ? хэмээв. 16 Микаиа хариуд нь —Бүх Израиль хоньчингүй хоньд мэт уулсын оройгоор тархан явахыг би харсан билээ. ЭЗЭН айлдахдаа "Тэдэнд эзэн байхгүй. Тэд бүгд өөр өөрсдийн гэр уруу амар тайван харьцгааг" гэв хэмээн өчлөө. 17 Тэгэхэд Израилийн хаан Иехошафатад —Тэр миний тухай сайн юм эш үзүүлдэггүй, харин бузар мууг л эш үзүүлдэг гэж би чамд хэлсэн биш бил үү? гэв. 18 Микаиа —Тийм учраас ЭЗЭНий үгийг сонсогтун. ЭЗЭН сэнтийндээ залран, Түүний баруун, зүүн талаар тэнгэрийн бүх дайчид хүрээлэн зогсож байхыг би харсан юм. 19 ЭЗЭН "Хэн Израилийн хаан Ахабыг явуулж, Рамот-гилеадад унагахаар уруу татах вэ?" хэмээн асуулаа. Нэг нь "Би тэгье" гэхэд нөгөө нь өөр юм хэлж байлаа. 20 Тэгтэл нэг сүнс урагш гарч ирэн, ЭЗЭНий өмнө зогсоод, "Би түүнийг уруу татъя" гэсэнд ЭЗЭН түүнээс "Яаж?" хэмээн асуув. 21 Тэрээр хариуд нь "Би явж, түүний бүх эш үзүүлэгчдийн аманд хуурдаг сүнс болно" гэв. ЭЗЭН түүнд "Чи түүнийг уруу татаж, ятгагтун. Явж, үүнийгээ хийгтүн" хэмээлээ. 22 Тиймээс одоо үзэгтүн, ЭЗЭН эдгээр эш үзүүлэгчдийн тань аманд хуурдаг сүнсийг хийсэн билээ. Учир нь ЭЗЭН таны эсрэг гай гамшгийг тунхаглажээ гэв. 23 Тэгэхэд Хенаанагийн хүү Зедекиа дөхөн ирж, Микаиагийн хацрыг алгадаад —ЭЗЭНий Сүнс чамд ярихаар надаас яаж ирсэн бэ? гэв. 24 Микаиа —Үзэгтүн, дотоод өрөө уруу нуугдахаар орох тэр өдөр чи ойлгоно гэв. 25 Израилийн хаан —Микаиаг аваад, хотын захирагч Амон болон хааны хүү Иоаш уруу буцаагтун. 26 Мөн "Хаан тушаахдаа «Намайг эсэн мэнд буцан иртэл энэ хүнийг шоронд байлган, зөвхөн талх усаар хомсхон тэжээ» гэж байна" гэж хэл гэв. 27 Микаиа —Хэрэв та үнэхээр эсэн мэнд буцаж ирвэл ЭЗЭН надаар дамжуулан яриагүй гэсэн үг гээд, —Бүх ард түмэн, сонсогтун гэв. 28 Ингээд Израилийн хаан, Иудагийн хаан Иехошафат нар Рамот-гилеадын эсрэг хөдлөв. 29 Израилийн хаан Иехошафатад хандан —Би зүсээ хувиргаад, тулалдаанд орно, харин та өөрийн нөмрөгүүдээ өмсөгтүн гэв. Израилийн хаан зүсээ хувиргаад, тэд тулалдаанд орлоо. 30 Арамын хаан морин тэрэгнүүдийнхээ ахмадуудад тушаан, —Та нар бага томтой нь бүү тулалд, харин зөвхөн Израилийн хаантай л тулалдагтун гэв. 31 Морин тэргийн ахмадууд Иехошафатыг хараад, —Тэр хүн Израилийн хаан байна гээд, түүнтэй тулалдахаар эргэлээ. Харин Иехошафат хашхирсанд ЭЗЭН түүнд тусалж, Бурхан тэднийг түүнээс холдуулав. 32 Морин тэргийн ахмадууд түүнийг Израилийн хаан биш болохыг мэдэнгүүтээ түүнийг хөөхөө болин эргэв. 33 Нэгэн цэрэг нум сумаараа харваад орхитол, Израилийн хааныг хуягных нь завсраар оножээ. Хаан морин тэрэгний хөтөчид —Эргээрэй, намайг тулалдааны талбараас авч гар. Би хүнд шархадлаа гэж хэлэв. 34 Тэр өдрийн тулаан ширүүсэж, Израилийн хаан арамейчуудын өмнө тэргэн дотроо орой болтол тэргээ налж байгаад, нар жаргахад нас барлаа.

19

1 Тэгээд Иудагийн хаан Иехошафат Иерусалим дахь өөрийн гэртээ эсэн мэнд буцаж ирэв. 2 Үзмэрч Хананигийн хүү Иехү түүнийг угтахаар гарч ирээд, Иехошафат хаанд —Та харгис муу хүмүүст туслан, ЭЗЭНийг үзэн ядагчдыг хайрласнаараа ЭЗЭНээс ирэх уур хилэнг өөр дээрээ буулгах гэж үү? 3 Гэвч танд зарим сайн зүйлс бий, учир нь та энэ газраас Ашеротыг зайлуулан, зүрх сэтгэлээ Бурханыг эрэлхийлэхэд хандуулсан юм гэв. 4 Ингээд Иехошафат Иерусалимд амьдран, Беершебагаас Ефраимын уулархаг нутаг хүртэлх ард түмний дундуур дахин явж, тэднийг эцэг өвгөдийнх нь Бурхан болох ЭЗЭН уруу буцаан авчирсан. 5 Тэрээр газар нутагт, Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудад буюу хот тус бүрд шүүгчдийг томилов. 6 Тэрээр шүүгчдэд хандан —Юу хийж байгаагаа эргэцүүлэгтүн. Учир нь та нар хүний төлөө бус, харин шүүхийн шийдвэр гаргаж байхад чинь та нартай хамт байдаг ЭЗЭНий төлөө шүүдэг билээ. 7 Тийм учраас ЭЗЭНээс эмээх сэтгэл та нарын дээр байх болтугай. Хийж буй зүйлдээ маш хянуур ханд. Учир нь бидний Бурхан ЭЗЭН зөв шударга бус болон ялгаварлах байдал, хээл хахууль авах явдалд оролцохгүй юм хэмээв. 8 Мөн Иерусалимд Иехошафат зарим левичүүд, тахилч нар болон Израилийн эцгүүдийн бүлүүдийн зарим тэргүүлэгчдийг ЭЗЭНий шүүлтийн төлөө бөгөөд Иерусалимын оршин суугчдын дундах маргаануудыг шийдвэрлүүлэхээр томилов. 9 Тэгээд тэр тэдэнд даалган, —Та нар ЭЗЭНээс эмээх сэтгэл дотор, итгэлтэйгээр, мөн чин зүрх сэтгэлээр үүнийг үйлдэгтүн. 10 Өөрийн хотууддаа амьдардаг та нарын ах дүүсээс цус цусны хоорондох, хууль, тушаал, зарлиг болон тогтоолын дундах ямар нэгэн маргаан та нарт ирвэл, тэд ЭЗЭНий өмнө гэм буруугүй байж, та нарын дээр болон ах дүүсийн чинь дээр уур хилэн буухгүйн тулд та нар тэдэнд анхааруулах ёстой. Та нар ийнхүү үйлдэх ёстой бөгөөд та нар гэм буруугүй байх болно. 11 Харагтун, ЭЗЭНд хамаатай бүхэнд ахлах тахилч Амариа та нарыг захирч, хаанд хамаатай бүхэнд Иудагийн гэрийн захирагч, Ишмаелын хүү Зебадиа та нарыг захирах болно. Мөн левичүүд та нарын өмнөх түшмэд байх болно. Шийдэмгий үйлдэгтүн. ЭЗЭН цэх шулуун хүнтэй хамт байх болтугай гэв.

20

1 Үүний дараа Моабын хөвгүүд, Аммоны хөвгүүд зарим меуничүүдийн хамтаар Иехошафатын эсрэг дайтахаар ирэв. 2 Хэсэг хүн ирж, Иехошафатад мэдээлж, —Далайн чанадаас, Арамаас асар их цэрэг таны эсрэг ирж байна. Харагтун, тэд Хазазон-тамарт (тэр нь Енгеди) байна гэв. 3 Иехошафат айж, ЭЗЭНийг эрэлхийлэхээр анхаарлаа хандуулан, бүх Иуда даяар мацаг барилтыг зарлав. 4 Ингээд ЭЗЭНээс тусламж хүсэхээр иудачууд хамтдаа цугларчээ. ЭЗЭНийг хайхаар тэд бүр Иудагийн бүх хотуудаас ирэв. 5 Тэгээд Иехошафат Иуда болон Иерусалимын чуулганы дунд, ЭЗЭНий өргөөнд шинэ хашааны өмнө зогсоод, 6 залбиран —Бидний эцэг өвгөдийн Бурхан, ЭЗЭН, Та тэнгэрүүд дэх Бурхан юм бус уу? Та үндэстнүүдийн бүх хаанчлалуудыг захирагч юм бус уу? Хэн ч Таны эсрэг зогсож чадахгүйн тулд хүч чадал Таны мутарт байдаг. 7 Бидний Бурхан, Та энэ нутгийнхныг Өөрийн ард түмэн Израилийн өмнөөс хөөн зайлуулж, газар нутгийг нь Өөрийн анд найз Абрахамын үр удамд мөнхөд өгөөгүй юм гэж үү? 8 Тэд энд амьдарч, Таны нэрийн төлөө Танд энд ариун газрыг барьж, 9 "Бидний дээр илд, шийтгэл, тахал, өлсгөлөн зэрэг бузар муу юмс буух аваас, бид энэ өргөөний урд, Таны өмнө зогсоод (учир нь Таны нэр энэ өргөөнд байгаа), зовлон шаналлынхаа дундаас Тан уруу хашхирах бөгөөд Та сонсож, биднийг аврах болно" гэсэн билээ. 10 Одоо харагтун, израильчуудыг Египетийн газраас гарах үед Та Аммон, Моаб болон Сеир уулын хөвгүүдийг устгахыг тэдэнд зөвшөөрөөгүй (израильчууд эргэж, тэднийг устгаагүй). 11 Та бидэнд өв болгон өгсөн Таны эзэмшлээс биднийг хөөн зайлуулах гэж ирж байгаагаараа тэд бидэнд хэрхэн хариулж байгааг хараач. 12 Өө, бидний Бурхан, Та тэднийг шийтгэхгүй юм гэж үү? Учир нь бидний эсрэг ирж буй энэ асар их цэргийн өмнө бид сул дорой билээ. Бид юу хийхээ ч мэдэхгүй байна, харин бидний хараа Тан дээр байна гэжээ. 13 Бүх иудачууд өөрсдийн нялх үрс, эхнэрүүд, хүүхдүүдийнхээ хамт ЭЗЭНий өмнө зогсож байв. 14 Тэгтэл чуулганы дунд ЭЗЭНий Сүнс Асафын хөвгүүдээс гаралтай леви хүн Маттаниагийн дөч, Иеиелийн гуч, Бенаиагийн ач, Зехариагийн хүү Иахазиел дээр буун иржээ. 15 Тэрээр —Бүх Иуда, Иерусалимын оршин суугчид болон Иехошафат хаан аа, сонсоцгоо. ЭЗЭН та нарт ийн айлдахдаа "Энэ асар их цэргээс болж бүү айж, бүү зүрх алдагтун. Учир нь энэ тулаан та нарынх биш, харин Бурханых юм. 16 Маргааш тэдний өөдөөс явагтун. Харагтун, тэд Зизийн өгсүүр замаар гарч ирэх бөгөөд та нар тэднийг Иеруелийн цөлийн өмнүүр хөндийн адгаас олох болно. 17 Та нар энэ тулалдаанд дайтах хэрэггүй. Өө, Иуда болон Иерусалим аа, өөрсдийгөө жагсаан, зогсоож, та нарын төлөөх ЭЗЭНий авралыг харагтун" гэв. Бүү айж, бүү зүрх алдагтун. Маргааш тэдэнтэй нүүрээрээ тулгарахаар яв, учир нь ЭЗЭН та нартай хамт байна" хэмээв. 18 Иехошафат нүүрээ газар уруу харуулан тэргүүнээ бөхийлгөсөн бөгөөд бүх иудачууд болон Иерусалимын оршин суугчид ЭЗЭНий өмнө унаж, ЭЗЭНд мөргөв. 19 Кохатчуудын болон корачуудын хөвгүүдээс гаралтай левичүүд маш чанга дуу хоолойгоор Израилийн Бурхан ЭЗЭНийг магтахаар зогслоо. 20 Тэд өглөө эртлэн босоод, Текоагийн цөл уруу хөдлөв. Тэднийг хөдлөхөд Иехошафат босож, —Иуда болон Иерусалимын оршин суугчид аа, намайг сонсоцгоо. Итгэл найдвараа өөрсдийн Бурхан ЭЗЭНий дотор тавь, тэгвэл та нар байгуулагдах болно. Итгэл найдвараа Түүний эш үзүүлэгчдийн дотор тавьж, амжилт ологтун гэв. 21 Тэгээд тэрээр хүмүүстэй зөвлөлдөөд, ЭЗЭНд дуулж, ариун хувцас өмсөн Түүнийг магтах хүмүүсийг томилжээ. Тэд цэргүүдийн өмнө яван, —ЭЗЭНий хайр энэрэл үүрд мөнх тул Түүнд талархал өргөе гэж дуулж байлаа. 22 Тэднийг дуулж, магтаж эхэлмэгц, Иудагийн эсрэг ирсэн Аммон, Моаб болон Сеир уулын хөвгүүдийн эсрэг ЭЗЭН отох нуувчуудыг тавьсанд тэд сүйрцгээв. 23 Аммон болон Моабын хөвгүүд Сеир уулынхны эсрэг босож, тэднийг хүйс тэмтрэв. Тэд сеирийнхнийг устгаж дуусгасны дараа нэг нэгнээ устгахад тусалжээ. 24 Иудачууд цөлийн харуулын цамхаг уруу ирээд, мөнөөх асар их цэргийг хартал, тэд газраар дүүрэн хүүр болон хэвтэж, хэн ч амь гараагүй байв. 25 Иехошафат өөрийн хүмүүстэйгээ олзоо авахаар ирэхдээ эд зүйл, хувцас болон үнэт зүйлс зэрэг дааж чадахааргүй их юмсыг олов. Тэнд маш их юм байсан учраас тэд гурван хоногийн турш олз авч байв. 26 Тэгээд дөрөв дэх өдөр тэд Беракагийн хөндийд цугласан бөгөөд тэнд тэд ЭЗЭНийг магтсан билээ. Тиймээс тэд тэр газрыг өнөөдрийг хүртэл "Беракагийн Хөндий" хэмээн нэрлэсэн билээ. 27 Иуда болон Иерусалимын бүх хүмүүс Иехошафатаар тэргүүлүүлэн Иерусалим уруу баяр хөөртэйгөөр буцжээ. Учир нь ЭЗЭН тэднийг дайсных нь ялагдалд баярлуулсан юм. 28 Тэд Иерусалимд ЭЗЭНий өргөө уруу босоо ятга, ятга, бүрээн дуутай ирсэн юм. 29 Израилийн дайснуудын эсрэг ЭЗЭН Өөрөө дайтсаныг тэд сонсоод, дэлхийн бүх хаанчлалууд дээр Бурханы айдас нөмрөн байв. 30 Ийнхүү Иехошафатын хаанчлал амар амгалан байв. Учир нь түүний Бурхан бүх талд түүнд амралтыг өгсөн юм. 31 Иехошафат Иудаг захирав. Тэрээр хаан болохдоо гучин таван настай байсан бөгөөд хорин таван жил Иерусалимд хаанчилжээ. Түүний эх нь Шилхийн охин Азуба байв. 32 Тэрээр өөрийн эцэг Асагийн замаас гаралгүй замнаж, ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлджээ. 33 Харин мөргөлийн өндөрлөгүүд устаагүй. Ард түмэн зүрх сэтгэлээ өөрсдийн эцэг өвгөдийн Бурхан уруу хараахан хандуулаагүй байв. 34 Иехошафатын бусад үйлс эхнээсээ төгстөл хүртэл, харагтун, тэд Израилийн Хаадын Номд бичигдсэн Хананигийн хүү Иехүгийн шастирт тэмдэглэгдсэн юм. 35 Үүний дараа Иудагийн хаан Иехошафат Израилийн хаан Ахазиатай нэгдэв. Ингэснээрээ тэр бузар муу хэрэг хийв. 36 Таршиш уруу явах хөлөг онгоцнуудыг хийхийн тулд Иехошафат түүнтэй нэгдэж, тэд Езион-геберт онгоцнуудыг хийв. 37 Тэгэхэд Марешагийн Додавахугийн хүү Елиезер Иехошафатын эсрэг эш үзүүлж, —Чи Ахазиатай нэгдсэн учир ЭЗЭН чиний ажлыг нураалаа гэв. Тиймээс хөлөг онгоцнууд нь сүйрч, Таршиш уруу явж чадсангүй.

21

1 Иехошафат эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэдний хамт Давидын хотод оршуулагдсан бөгөөд түүний хүү Иехорам түүний оронд хаан болов. 2 Түүнд ах дүүс байсан бөгөөд тэд Иехошафатын хөвгүүд болох Азариа, Иехиел, Зехариа, Азариаху, Михаел, Шефатиа нар болой. Эдгээр нь бүгд Израилийн хаан Иехошафатын хөвгүүд байв. 3 Тэдний эцэг алт, мөнгө, үнэт зүйлс бүхий олон бэлгүүдийн хамтаар Иудагийн бэхлэгдсэн хотуудыг тэдэнд өгсөн боловч, хаант улсаа Иехорамд өгөв. Учир нь тэрээр ууган хүү байв. 4 Иехорам эцгийнхээ хаанчлалын эрхийг гартаа авмагц, өөрийгөө аюулгүй байлгах үүднээс бүх ах дүүсээ, бас Израилийн зарим удирдагчдыг илдээр хороов. 5 Иехорам хаан болохдоо гучин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд найман жил хаанчилжээ. 6 Тэрээр Ахабын гэрийн адил Израилийн хаадын замаар явсан (учир нь Ахабын охин түүний эхнэр байжээ) бөгөөд ЭЗЭНий мэлмийд хорон мууг үйлдэв. 7 Гэсэн ч Давидтай тогтоосон гэрээнээсээ болж, мөн Давид болон түүний хөвгүүдэд дэнлүүг мөнхөд өгнө гэж Өөрөө нэгэнт амласан тул Давидын гэрийг устгахыг ЭЗЭН хүссэнгүй. 8 Иехорамын өдрүүдэд Едом Иудагийн захиргааг эсэргүүцэн босож, өөрсөддөө хааныг тавьжээ. 9 Тэгэхэд Иехорам цэргийн дарга нар болон бүх тэрэгнүүдтэйгээ гатлав. Тэрээр шөнөөр босож, өөрийг нь болон тэрэгнүүдийн дарга нарыг хүрээлж байсан едомчуудын цохьжээ. 10 Едом энэ өдрийг хүртэл Иудаг эсэргүүцлээ. Яг тэр үед Либна түүнийн ноёрхлыг эсэргүүцэв. Учир нь тэрээр эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг умартсан билээ. 11 Үүнээс гадна, тэрээр Иудагийн уулс дээр мөргөлийн өндөрлөгүүдийг босгон, Иерусалимын оршин суугчдыг завхайруулж, Иудаг төөрүүлэв. 12 Тэгтэл эш үзүүлэгч Елиагаас түүнд захидал ирж, уламжлахдаа "Чиний эцэг өвөг Давидын Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна «Чи өөрийн эцэг Иехошафат болон Иудагийн хаан Асагийн замаар замналгүй, 13 харин Израилийн хаадын замаар замнаж, Ахабын гэр завхайрсны адил Иуда болон Иерусалимын оршин суугчдыг завхайруулж, бас чиний гэр бүл болох чамаас илүү сайн байсан ах дүүсээ алсан учраас 14 харагтун, ЭЗЭН чиний хүмүүсийг, чиний хөвгүүд, эхнэрүүд болон бүх эзэмшлийг агуу их гай гамшгаар цохих гэж байна. 15 Өвчингөөс болж чиний гэдэс дотор өдрөөс өдөрт гарч ирэх болтол, чи маш хүнд гэдэсний өвчингөөр шаналах болно» гэв" гэсэн билээ. 16 Тэгээд Иехороамын эсрэг ЭЗЭН филистчүүдийн болон етиопчуудтай хиллэдэг арабуудын сүнсийг хөдөлгөсөнд, 17 тэд Иудагийн эсрэг довтлон ирж, түүн уруу цөмрөн орж, хааны гэрээс олдсон бүх эд зүйлс, түүний хүүхдүүд болон эхнэрүүдийг нь авч одов. Түүний хөвгүүдийн отгон нь болох Иехоахазаас өөр хөвгүүд түүнд үлдсэнгүй. 18 Энэ бүхний дараа ЭЗЭН гэдэс доторт нь эдгэршгүй өвчнөөр түүнийг цохив. 19 Цаг хугацаа өнгөрөхөд хоёр жилийн дараа өвчнөөс нь болж түүний гэдэс дотор цуван гарч, тэрээр аймшигтайгаар тарчлан үхлээ. Хүмүүс эцэгт нь зориулсан шиг түүнд зориулан гал асаасангүй. 20 Тэрээр хаан болохдоо гучин хоёр настай байсан бөгөөд найман жил Иерусалимд хаанчилжээ. Түүний үхэлд хэн ч харамсаагүй бөгөөд тэд түүнийг Давидын хотод оршуулсан боловч хаадын булшнуудад хийгээгүй.

22

1 Арабуудын хамт хуаран уруу дайран ирсэн дээрэмчдийн бүлэг бүх ууган хөвгүүдийг нь алсан тул Иерусалимын оршин суугчид түүний отгон хүү Ахазиаг оронд нь хаанаар өргөмжлөв. Ингээд Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа хаанчилж эхэлжээ. 2 Ахазиа хаан болохдоо хорин хоёр настай байсан бөгөөд нэг жил Иерусалимд хаанчлав. Түүний эхийг Омрийн ач охин Аталиа гэдэг байв. 3 Ахазиа бас Ахабын гэрийн замаар замнасан юм. Учир нь түүний эх түүнийг бузар мууг үйлдэхэд зөвлөгч нь болж байв. 4 Тэрээр Ахабын гэрийн адил ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Учир нь түүний эцгийн үхлийн дараа өөрийнх нь сүйрэл хүртэл тэд түүний зөвлөх болж байв. 5 Тэр бас тэдний зөвлөгөөгөөр явж, Израилийн хаан Ахабын хүү Иехорамтай хамт Рамот-гилеадад Арамын хаан Хазаелын эсрэг тулалдахаар явжээ. Харин арамейчууд Иорамыг шархдуулжээ. 6 Иймээс Арамын хаан Хазаелын эсрэг тулалдаж байхад нь Рамад арамейчуудын өөрт нь учруулсан шархыг эдгээхээр тэрээр Иезреел уруу буцав. Ахабын хүү Иехорам өвчтэй байсан тул Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа Иезреелд түүнтэй уулзахаар явжээ. 7 Ахазиа Иорам уруу явсанд түүний сүйрэл Бурханаас ирсэн юм. Учир нь тэр тэнд ирмэгц, Иехорамын хамт Нимшийн хүү Иехүгийн эсрэг хөдөлжээ. Ахабын гэрийг тастуулахаар Иехүг ЭЗЭН тосолсон байв. 8 Иехү Ахабын гэр дээр шийтгэлийг гүйцэлдүүлэх үедээ Иудагийн хааны хөвгүүд болон Ахазиагийн ах дүүсийн хөвгүүд Ахазиад үйлчилж байгааг олж хараад, тэднийг хороов. 9 Тэр мөн Ахазиаг хайн, тэд түүнийг Самарид нуугдаж байхад нь барьж авав. Тэд түүнийг Иехү уруу авчран, алаад, оршуулав. Учир нь тэд "Тэр хүн бол ЭЗЭНийг бүх зүрх сэтгэлээрээ эрэлхийлж байсан Иехошафатын хүү юм" гэцгээж байв. Хаанчлалын эрхийг барих хүн Ахазиагийн гэрээс нэг ч үлдсэнгүй. 10 Өөрийн хүүг үхсэнийг Ахазиагийн эх Аталиа хараад, босож Иудагийн гэрийн хааны удмын бүх хөвгүүдийг устгав. 11 Харин хааны охин Иехошабеат Ахазиагийн хүү Иоашийг авч, алуулж байсан хааны хөвгүүдийн дундаас хулгайлан, түүнийг асрагчтай нь хамт унтлагын өрөөнд байлгав. Ийнхүү Иехорам хааны охин, тахилч Иехоиадагийн эхнэр Иехошабеат (учир нь Иехошабеат нь Ахазиагийн эгч байв) түүнийг Аталиагаас нуун, түүнд алуулсангүй. 12 Аталиа уг газрыг захирч байх хооронд тэрээр тэдний хамт Бурханы өргөөнд зургаан жил нуугдаж байв.

23

1 Долоо дахь жил Иехоиада өөрийгөө хүчирхэгжүүлэн, зуутын дарга нар болох Иерохамын хүү Азариа, Иохананы хүү Ишмаел, Обедын хүү Азариа, Адаиагийн хүү Маасеиа, Зихрийн хүү Елишафат нарыг авч, тэдэнтэй гэрээ тогтоов. 2 Тэд Иуда даяар явж, Иудагийн бүх хотуудаас левичүүдийг, мөн Израилийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчдийг цуглуулав. Тэд Иерусалимд ирцгээв. 3 Тэгээд бүх чуулган хаантай Бурханы өргөөнд гэрээ байгуулав. Иехоиада тэдэнд —Харагтун, Давидын хөвгүүдийн талаар ЭЗЭН айлдсаны дагуу хааны хүү хаанчлах болой. 4 Та нарын хийх зүйл бол энэ юм. Амралтын өдөр ирдэг тахилч нар болон левичүүд та бүгдийн гуравны нэг нь дааман хаалганы сахиулууд болог. 5 Гуравны нэг нь хааны ордонд, мөн гуравны нэг нь Суурийн Дааман хаалган дээр байгтун. Бүх ард олон ЭЗЭНий өргөөний хашаанд байгтун. 6 Харин тахилч нар болон үйлчилж буй левичүүдээс өөр нэг ч хүнийг ЭЗЭНий өргөөнд бүү нэвтрүүл. Тэд ариун учраас нэвтрэн орж болно. Бүх хүмүүс ЭЗЭНий үүргийг сахигтун. 7 Леви хүн бүр зэвсгээ гартаа авч хааныг хүрээлэн зогсох болно. Өргөөнд нэвтэрсэн хэнийг ч болов алагтун. Хаантныг орж, гарахад ийм байгтун гэв. 8 Ингээд левичүүд болон бүх иудачууд тахилч Иехоиадагийн тушаасан бүгдийг ёсоор гүйцэтгэжээ. Тахилч Иехоиада аль ч бүлгийг тараагаагүй учир тэдний хүн бүр амралтын өдөр орж ирдэг, гардаг эрсээ дагуулан ирэв. 9 Тэгээд тахилч Иехоиада зуутын дарга нарт Бурханы өргөөн дэх, Давид хааных байсан жаднууд болон том, жижиг бамбайнууд өгчээ. 10 Тэрээр хүн бүрийн гарт нь зэвсгийг нь бариулаад, өргөөний баруун талаас зүүн тал хүртэл хааныг хүрээлүүлэн тахилын ширээ болон өргөөний хажуугаар бүх хүнийг зогсоосон юм. 11 Тэгээд тэд хааны хүүг гарган ирж, түүнд титэм өмсгөн, гэрчлэл өгч, түүнийг хаан болгов. Иехоиада болон түүний хөвгүүд түүнд тос цутган, —Хаан мөнх наслах болтугай! гэцгээв. 12 Аталиа ард түмний гүйлдэх болон хааныг магтах дуу чимээг сонсоод, хүмүүс уруу ЭЗЭНий өргөөнд орж иржээ. 13 Түүнийг харахад, хаан хажуудаа ахмадууд болон бүрээчдийн хамт орох үүдэнд баганы дэргэд зогсож байв. Тэр газрын бүх ард түмэн баярлалдан, бүрээнүүдээ хүнгэнүүлж, дуучид хөгжимдөн магтаалыг удирдаж байв. Тэгэхэд Аталиа хувцсаа ураад, —Тэрслэлт! Тэрслэлт! хэмээжээ. 14 Тахилч Иехоиада цэргийг захирахаар томилогдсон зуутын дарга нарыг авчраад, тэдэнд —Тэр эмийг хүрээний дундаас гарга. Түүнийг дагах хэнийг ч бай илдээр цавчин алагтун хэмээн тушаав. Тахилч —Тэр эмийг ЭЗЭНий өргөөнд бүү алагтун гэв. 15 Ингээд тэд түүнийг баривчлан, хааны гэрийн Морьт Хаалганы орох үүд уруу авчраад, тэнд тэр эмийг цаазалжээ. 16 Дараа нь Иехоиада өөрөө бүх ард түмэн болон хааны хооронд тэд ЭЗЭНий ард түмэн байх болно гэсэн гэрээ байгуулсан юм. 17 Бүх ард түмэн Баалын сүм уруу очин, түүнийг буулган нурааж, Баалын тахилын ширээнүүд болон хөргүүдийг нь хэлтэрхий болтол эвдэж, Баалын тахилч Маттаныг тахилын ширээнүүдийн өмнө алжээ. 18 Үүнээс гадна, Иехоиада ЭЗЭНий өргөөний түшмэдийг Левийн тахилч нарын эрх мэдэлд оруулав. Эдгээр тахилч нарт Давид ЭЗЭНий өргөөг хариуцуулсан юм. Мосегийн хуульд бичигдсэнчлэн, ЭЗЭНий шатаалт тахилуудыг Давидын зааврын дагуу баяр хөөртэйгөөр, дуулалтайгаар өргөх нь тэдний үүрэг байв. 19 Ямар нэг талаар цэвэр бус хэн ч дотогш орж болохгүйн тулд тэрээр ЭЗЭНий өргөөний хаалганы сахиулуудыг томилов. 20 Тэрээр зуутын дарга нар, язгууртнууд, ард түмний удирдагчдыг болон тэр газрын бүх ард түмнийг дагуулан, хааныг ЭЗЭНий өргөөнөөс аван, дээд дааман хаалгаар нэвтрэн хааны гэрт ирэв. Тэд хааны сэнтийнд хааныг залжээ. 21 Тэр газрын бүх ард түмэн баярлалдан хөөрч, хот нам гүм байв. Учир нь тэд Аталиаг илдээр цавчин алсан билээ.

24

1 Иоаш хаанаар өргөмжлөгдөхдөө долоон настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд дөчин жил хаанчилжээ. Түүний эхийг Беершебагаас гаралтай Зибиа гэдэг байв. 2 Тахилч Иехоиадагийн бүх өдрүүдийн турш Иоаш ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв. 3 Иехоиада түүнд хоёр эхнэр авч өгсөн бөгөөд тэр хөвгүүд, охидын эцэг болов. 4 Үүний дараа Иоаш ЭЗЭНий өргөөг сэргээн босгохоор шийджээ. 5 Тэрээр тахилч нар болон левичүүдийг цуглуулан, тэдэнд —Иудагийн хотууд уруу явцгаа. Жил бүр өөрсдийн Бурханы өргөөг сэргээн босгоход зориулж бүх Израилиас мөнгө цуглуул. Та нар энэ хэргийг түргэн гүйцэтгэгтүн хэмээв. Гэвч левичүүд хурдан хөдөлсөнгүй. 6 Иймээс тэргүүн тахилч Иехоиадаг хаан дуудан, түүнд хандан —Яагаад та гэрчлэлийн майхны төлөө Израилийн чуулган дээр ЭЗЭНий боол Мосегийн ноогдуулсан алба гувчуурыг Иуда, Иерусалимаас авчрахыг левичүүдээс шаардахгүй байна вэ? гэв. 7 Юу гэвэл балмад Аталиагийн хөвгүүд Бурханы өргөөнд цөмрөн орж, ЭЗЭНий өргөөний ариун эд зүйлсийг ч хүртэл Баалд ашигласан байлаа. 8 Ингээд хаан тушаасанд тэд авдрыг хийж, түүнийг гадна талд ЭЗЭНий өргөөний дааман хаалганы дэргэд тавив. 9 Цөлд Бурханы боол Мосегийн Израильд ноогдуулсан алба гувчуурыг ЭЗЭНд авчрахыг Иуда, Иерусалимд тэд тунхагласан билээ. 10 Бүх түшмэд болон бүх ард түмэн баясан, өөрсдийн алба гувчуурыг авчирж хайрцаг уруу хаясаар түүнийг дүүргэжээ. 11 Левичүүд хааны түшмэд уруу хайрцгийг авчрах бүрд, мөн тэнд маш их мөнгө байхыг харах үед хааны гүүш болон тэргүүн тахилчийн түшмэл ирж, хайрцгийг хоослон суллаж, буцаан байранд нь тавьдаг байв. Тэд өдөр бүр ийнхүү ажиллаж, маш их мөнгө хураалаа. 12 Хаан, Иехоиада нар уг мөнгийг ЭЗЭНий өргөөний үйлчлэлийн ажлыг хийж байсан хүмүүст өгөв. Тэд ЭЗЭНий өргөөг сэргээн засварлахын тулд чулуучид, мужаанууд болон төмөр, хүрлээр урлах ажилчдыг хөлсөлсөн билээ. 13 Ажилчид хөдөлмөрлөсөөр, сэргээн босголтын ажил ч тэдний гарт урагшилж, тэд Бурханы өргөөг хэлбэр төрхийнх нь дагуу засварлаж, бат бөх болголоо. 14 Тэд ажлаа дуусгаад, үлдсэн мөнгийг хаан, Иехоиада нарын өмнө авчиржээ. Уг мөнгийг ЭЗЭНий өргөөний эд зүйлс буюу үйлчлэл болон шатаалт тахилд зориулах эд зүйлс, алт мөнгөн сав, эд зүйлсийг хийхэд ашигласан билээ. Тэд Иехоиадагийн бүх өдрүүдэд ЭЗЭНий өргөөнд үргэлжлүүлэн шатаалт тахилуудыг өргөсөөр байв. 15 Иехоиада насныхаа тоог гүйцээгээд үхэв. Нас эцэслэхдээ тэрээр зуун гучин настай байлаа. 16 Тэд түүнийг Давидын хотод хаадын дунд оршуулсан билээ. Учир нь тэрээр Израильд болон Бурхан ба Түүний өргөөнд сайныг үйлджээ. 17 Гэвч Иехоиадаг нас барсны дараа Иудагийн түшмэд ирж, хаанд мэхийсэнд хаан тэднийг сонсов. 18 Тэд эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНий өргөөг орхин, Ашерагийн модон шон болон шүтээнүүдэд үйлчлэв. Тэдний энэ гэм буруугийн улмаас Иуда болон Иерусалим дээр уур хилэн буун ирэв. 19 Гэсэн ч тэднийг ЭЗЭН уруу буцаан авчрахын тулд Тэрээр тэдэн уруу эш үзүүлэгчдийг илгээв. Эш үзүүлэгчид тэдний эсрэг гэрчилсэн хэдий ч тэд сонссонгүй. 20 Тэгэхэд Бурханы Сүнс тахилч Иехоиадагийн хүү Зехариа дээр буужээ. Тэрээр ардуудын дээр зогсоод, тэдэнд хандан —Бурхан ийн айлджээ. "Та нар яагаад ЭЗЭНий тушаалуудыг зөрчин, амжилт олохгүй байна вэ? Та нар ЭЗЭНийг умартсан учраас Тэр бас та нарыг умартсан билээ" хэмээв гэж хэлжээ. 21 Тиймээс хүмүүс түүний эсрэг хуйвалдаж, хааны тушаалаар ЭЗЭНий өргөөний хашаан дотор түүн уруу үхтэл нь чулуу шидэв. 22 Түүний эцэг Иехоиадагийн өөрт нь үзүүлж байсан энэрлийг Иоаш хаан дурсан саналгүй, харин хүүг нь алжээ. Зехариа үхэхдээ —ЭЗЭН хараад, өшөө авах болтугай хэмээжээ. 23 Дараа жилийн эхэнд арамейчуудын цэрэг Иоашийн эсрэг дайран ирэв. Тэд Иуда болон Иерусалимд хүрч ирээд, ард түмний дундаас хүмүүсийн бүх түшмэдийг алж, бүх олз омгоо Дамаскийн хаан уруу илгээжээ. 24 Үнэндээ арамейчуудын цэрэг цөөхөн тооны дайчидтай байв. Гэтэл иудачууд эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНийг умартсан учраас ЭЗЭН үлэмж их цэргийг нь арамейчуудын гарт оруулж өгчээ. Ингээд тэд Иоашийн дээр шийтгэлийг гүйцэлдүүлжээ. 25 Тэд түүнээс салан явахад (түүнийг хүнд өвчтэйгөөр орхин одов) өөрийн зарц нар нь тахилч Иехоиадагийн хүүгийн цуснаас болж түүний эсрэг хуйвалдаж, орондоо байхад нь түүнийг алжээ. Ингээд Иоаш үхсэн бөгөөд тэд түүнийг Давидын хотод оршуулсан боловч, түүнийг хаадын булшнуудад оршуулсангүй. 26 Түүний эсрэг хуйвалдсан хүмүүс гэвэл, Аммон эмэгтэй Шимеатын хүү Забад, моаб эмэгтэй Шимрийн хүү Иехозабад нар юм. 27 Түүний хөвгүүд, түүний эсрэг гарсан олон зөнгүүд болон Бурханы өргөөг сэргээн засварласан тухай Хаадын Номын тайлбарт бичигдсэн юм. Дараа нь түүний хүү Амазиа түүний оронд хаан болов.

25

1 Амазиа хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд хорин есөн жил хаанчилжээ. Түүний эхийг Иерусалимын хүн Иехоаддан гэдэг байв. 2 Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдсэн боловч бүх зүрх сэтгэлээсээ үйлдсэнгүй. 3 Хаанчлал түүний гарт чанга атгаастай болмогц тэрээр хаан эцгийг нь хороосон зарц нараа цаазлав. 4 Харин тэдний хүүхдүүдийг тэр цаазлалгүй, ЭЗЭНий тушаасан Мосегийн номд буюу хуульд "Хөвгүүдээс болж эцгүүдийг нь алж болохгүй, мөн эцгүүдээс болж хөвгүүдийг нь ч алж болохгүй. Харин хүн бүр өөрийнхөө нүглийн төлөө л алагдах болой" гэж бичигдсэний дагуу үйлджээ. 5 Үүнээс гадна, Амазиа иудачуудыг цуглуулан, тэднийг Иуда, Бениамин даяар эцгүүдийнх нь бүлүүдийн дагуу мянгат болон зуутын дарга нарт захируулав. Тэрээр хорь ба түүнээс дээш насны эрчүүдийн тооллого хийж, дайнд явах чадвартай, жад болон бамбай эзэмшсэн гурван зуун мянган шилдэг эрс болохыг нь олж мэдэв. 6 Тэр бас Израилиас зуун мянган эрэлхэг дайчдыг зуун мөнгөн талантаар хөлслөн авав. 7 Гэвч Бурханы хүн түүн уруу ирж, —Өө, хаантан, Израилийн цэргийг өөртэйгөө хамт бүү явуулаач. Учир нь ЭЗЭН Израильтай буюу Ефраимын хөвгүүдийн хэнтэй нь ч хамт байдаггүй юм. 8 Харин хэрвээ чи явбал, түүнийг үйлд, тулаанд хүчтэй бай. Гэсэн ч Бурхан дайсны өмнө чамайг дорд оруулна. Учир нь туслах болон дорд оруулах эрх Бурханд бий гэв. 9 Амазиа Бурханы хүнд хандан —Гэвч Израилийн цэргүүдэд миний өгсөн зуун талант мөнгийг бид яах вэ? гэсэнд Бурханы хүн хариулахдаа —Чамд үүнээс хамаагүй их өгөх юм ЭЗЭНд бий гэв. 10 Тэгээд Амазиа тэднийг буюу Ефраимаас түүн уруу ирсэн цэргүүдийг гэр уруугаа харихаар тараан явуулжээ. Үүнээс болж Иудагийн эсрэг тэдний уур дүрэлзэж, тэд уурандаа шатсаар гэртээ харьцгаав. 11 Амазиа хүчирхэгжин, хүмүүсээ урагш удирдан, Давст Хөндий уруу хөдөлж, Сеирийн хөвгүүдээс арван мянган хүнийг алав. 12 Иудагийн хөвгүүд бас арван мянган хүнийг амьдаар нь олзлон авч, тэднийг хадан цохионы орой уруу аваачаад, тэднийг бяцартал тэндээс доошоо чулуудав. 13 Гэвч Амазиагийн өөртэйгөө хамт дайнд явахыг болиулаад буцаан илгээсэн цэргүүд Самариас Бет-хорон хүртэлх Иудагийн хотуудыг дээрэмдэж, гурван мянган хүнийг алж, маш их зүйлс олзлов. 14 Амазиа едомчуудыг хядсаны дараа ирэхдээ Сеирийн хөвгүүдийн бурхдыг авчран, тэдгээрийг өөрийн бурхдаа болгож, тэдгээрийн өмнө мэхийн сөгдөж, тэдэнд утлага уугиулав. 15 Тэгэхэд ЭЗЭНий уур хилэн Амазиагийн эсрэг шатаж, Тэрээр түүнд эш үзүүлэгчийг илгээн, —Чиний гараас өөрсдийн ард түмнээ авраагүй тэр хүмүүсийн бурхдыг чи юунд эрэлхийлсэн бэ? гэж хэлүүлэв. 16 Түүнийг хаантай ярих зуур хаан түүнд —Бид чамайг хааны зөвлөхөөр томилсон бил үү? Зогс! Яагаад чи алуулахаар юм хийж байгаа вэ? гэв. Эш үзүүлэгч зогсоод, —Чи үүнийг үйлдэж, миний зөвлөгөөг сонсоогүй учраас Бурхан чамайг устгахаар төлөвлөснийг би мэднэ гэв. 17 Тэгэхэд Иудагийн хаан Амазиа зөвлөгөөг хүлээн авч, Иехүгийн ач, Иехоахазын хүү Израилийн хаан Иоашт элч илгээн, —Ирэгтүн, нүүр нүүрээрээ тулъя гэв. 18 Израилийн хаан Иоаш Иудагийн хаан Амазиад хүн илгээн, —Ливанд байсан өргөст бут Ливанд байсан хуш модонд элч илгээн, "Охиноо миний хүүд өгч, гэрлүүлээч" гэжээ. Гэвч Ливанд байсан зэрлэг араатан түүгээр өнгөрөн явж, өргөст бутыг гишгэн дэвсэлжээ. 19 Чи хэлэхдээ "Харагтун, би Едомыг ялсан юм" гэв. Чиний зүрх ихэрхэл дотор бардам болжээ. Одоо гэртээ байгтун. Чи өөрийгөө болон өөртэйгөө хамт Иудаг унагах гэж юунд төвөг удна вэ? хэмээв. 20 Гэвч Амазиа сонссонгүй. Учир нь тэд Едомын бурхдыг эрэлхийлсэн тул Тэрээр тэднийг Иоашийн гарт оруулахын тулд Бурхан ийн үйлдсэн юм. 21 Ингээд Израилийн хаан Иоаш хөдлөн, Иудад харьяалагдах Бет-шемешт Иудагийн хаан Амазиатай нүүр нүүрээрээ тулгарав. 22 Иуда Израильд ялагдан, хүн бүр нь өөр өөрсдийн майхан уруу зугтаав. 23 Тэгээд Израилийн хаан Иоаш Иехоахазын ач, Иоашийн хүү Иудагийн хаан Амазиаг Бет-шемешт олзлон аваад, түүнийг Иерусалимд авчран, Иерусалимын хэрмийг Ефраимын Дааман хаалганаас Булангийн Дааман хаалга хүртэл буюу дөрвөн зуун тохой газрыг нураав. 24 Бурханы өргөөнд Обед-едомын халамжинд болон хааны гэрийн эрдэнэсийн санд байсан бүх алт, мөнгө болон бүх сав суулгыг тэр дээрэмдэж, мөн хүмүүсийг олзлон авч, Самари уруу буцжээ. 25 Иудагийн хаан Иоашийн хүү Амазиа Иехоахазын хүү Израилийн хаан Иоашийг нас барсны дараа арван таван жил амьдрав. 26 Амазиагийн бусад үйлс эхнийхээсээ сүүлийнх хүртлээ, харагтун, тэдгээр нь Иуда, Израилийн Хаадын Номд тэмдэглэгдээгүй гэж үү? 27 ЭЗЭНийг дагахаас Амазиа эргэсэн цагаас эхлэн Иерусалимд хүмүүс түүний эсрэг хуйвалдсанд тэрээр Лахиш уруу зугтав. Гэвч тэд Лахиш уруу түүний араас хүн илгээн, түүнийг тэнд алжээ. 28 Тэгээд тэд шарилыг нь морин дээр авчирж, түүнийг эцэг өвгөдийнх нь хамт Иудагийн хотод оршуулсан билээ.

26

1 Иудагийн бүх ард түмэн арван зургаан настай байсан Уззиаг эцэг Амазиагийнх нь оронд хаанаар өргөмжилжээ. 2 Тэрээр хааныг эцэг өвгөдийнхөө хамт нойрссоны дараа Елотыг босгон, Иудад нэгтгэв. 3 Уззиа хаан болохдоо арван зургаа настай байсан бөгөөд Иерусалимд тавин хоёр жил хаанчилжээ. Түүний эхийг Иерусалимын хүн Иехилиа гэдэг байв. 4 Тэр өөрийн эцэг Амазиагийн хийсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв. 5 Бурханы үзэгдлээр дамжуулан ухаарал авсан Зехариагийн өдрүүдэд тэрээр Бурханыг эрэлхийлсээр байв. Тэрээр ЭЗЭНийг эрэлхийлэх тусам Бурхан түүнийг амжилттай байлгав. 6 Тэр явж, филистчүүдийн эсрэг дайн хийж, Гатын хэрэм, Иабнегийн хэрэм, Ашдодын хэрмийг нураав. Тэрээр Ашдодын нутагт болон филистчүүдийн дунд хотууд барьж босгов. 7 Бурхан түүнд филистчүүдийн эсрэг, Гур-баалд амьдарч байсан арабуудын эсрэг, мөн меуничүүдийн эсрэг дайтахад туслав. 8 Бас аммончууд Уззиад алба гувчуур барьж, тэрээр маш хүчтэй болсон тул түүний нэр алдар Египетийн хил хязгаарт ч хүрэв. 9 Үүнээс гадна, Уззиа Иерусалимд Булангийн Дааман хаалга, Хөндийн Дааман хаалга болон булангийн тулгуур багана дээр цамхгуудыг барьж, бэхлэв. 10 Тэрээр цөлд цамхгууд босгож, чулуу ухаж олон нөөцлүүр хийв. Учир нь нам дор газарт ч, тал газарт ч түүнд мал сүрэг асар их байв. Тэрээр газар хөрсөнд хайртай байсан учраас уулархаг нутаг болон үржил шимтэй талбайнуудад тариачид, усан үзэмчдийг байлгав. 11 Үүнээс гадна, Уззиад дайтахад бэлэн цэрэг байсан бөгөөд тэд хааны түшмэдийн нэг болох Хананиагийн удирдлага доор буй гүүш Иеиел, түшмэд Маасеиа нарын явуулсан тооллогын дагуух бүлгүүдээрээ тулаанд гардаг байв. 12 Гэр бүлүүдийн тэргүүлэгчид болох эрэлхэг дайчид нийтдээ хоёр мянга зургаан зуун хүн байлаа. 13 Тэдний удирдлага доор дайсны эсрэг хаанд дэмжлэг үзүүлэхээр агуу хүчээр тулалдах чадвартай гурван зуун долоон мянга таван зуун хүний бүрэлдэхүүнтэй шилдэг цэрэг байв. 14 Үүнээс гадна, Уззиа бүх цэрэгтээ зориулан бамбай, жад, дуулга, хуяг, нум сум болон чулуу дүүгүүрдэх хэрэгслүүдийг бэлдэж өгсөн билээ. 15 Иерусалимд тэрээр уран дархчуудын зохион бүтээсэн дайтах хэрэгслүүдийг хийжээ. Тэдгээр нь сум болон том чулуунууд харвуулах зорилгоор булангууд, цамхгууд дээр байрлуулагдах байв. Ингээд түүний нэр алдар алс хол түгэж, тэрээр хүчирхэг болтлоо асар ихээр тэтгүүлж байлаа. 16 Гэвч хүчирхэг болмогц зүрх сэтгэл нь ихэд бардам болсноос болж тэрээр завхарч, өөрийн Бурхан ЭЗЭНд итгэлгүй хандав. Тэрээр утлагын тахилын ширээн дээр утлага уугиулахаар ЭЗЭНий сүмд орсон юм. 17 Түүний араас тахилч Азариа болон түүнтэй хамт зоригт эрс болох ЭЗЭНий наян тахилч нар орсон билээ. 18 Тэд Уззиа хааныг эсэргүүцэж, түүнд —Уззиа, ЭЗЭНд утлага уугиулах нь чиний үүрэг биш, харин утлага уугиулахаар ариусгагдсан Аароны хөвгүүд болох тахилч нарын үүрэг юм. Ариун газраас гарагтун, учир нь чи итгэлгүй бөгөөд ЭЗЭН Бурханаас хүндлэл хүртэхгүй гэв. 19 Харин Уззиа утлага уугиулах бойпорыг гартаа барин, уурлан хилэгнэжээ. Түүнийг тахилч нарт уурлан хилэгнэж байх үед духан дээр нь уяман өвчин гарчээ. Энэ нь тахилч нарын өмнө ЭЗЭНий өргөөнд, утлага уугиулдаг тахилын ширээний хажууд болсон билээ. 20 Ахлах тахилч Азариа болон бүх тахилч нар түүн уруу хартал духан дээр нь уяман өвчин байв. Тэд түүнийг тэндээс түргэхэн гаргав. ЭЗЭН түүнийг цохьсон учраас Уззиа өөрөө ч гарах гэж яаравчлав. 21 Уззиа хаан үхэх өдрөө хүртэл уяман өвчтэй байв. Тэрээр ЭЗЭНий өргөөнөөс таслагдсан тул уяман өвчинтэйгөөр тустай гэрт амьдарч байв. Түүний хүү Иотам хааны гэрийг захиран, улс орныхоо хүмүүсийг шүүв. 22 Уззиагийн бусад үйлсийг эхнээс нь дуустал Амозын хүү эш үзүүлэгч Исаиа бичсэн билээ. 23 Ингээд Уззиа эцэг өвгөдийнхөө хамт нойрссонд, тэд түүнийг хаадад харьяалагдах булшны талбайд эцэг өвгөдийнх нь хамт оршуулжээ. Ингэхдээ тэд —Тэр бол уяман өвчтэй гэжээ. Түүний хүү Иотам түүний оронд хаан болов.

27

1 Иотам хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилжээ. Түүний эхийг Задокийн охин Иеруша гэдэг байв. 2 Тэрээр өөрийн эцэг Уззиагийн хийсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв. Харин тэрээр ЭЗЭНий сүмд ороогүй. Гэвч ард түмэн завхарсан үйлээ үргэлжлүүлсээр л байв. 3 Тэрээр ЭЗЭНий өргөөний дээд хаалгыг, мөн Офелын хэрмийн маш урт хэсгийг барьж босгов. 4 Үүнээс гадна, тэрээр Иудагийн уулархаг нутагт хотууд босгож, модтой толгодууд дээр бэхлэлт, цамхгуудыг барив. 5 Тэр бас аммончуудын хаантай тулалдаж, тэднийг дийлсэн бөгөөд аммончууд тэр жилийн турш түүнд нэг зуун талант мөнгө, арван мянган кор улаан буудай, арван мянган кор арвай өгчээ. Аммончууд бас хоёр, гурав дахь жил яг тийм хэмжээгээр түүнд төлжээ. 6 Иотам өөрийн замуудаа өөрийн Бурхан ЭЗЭНийхээ өмнө эмх цэгцтэй болгосон учраас хүчирхэгжсэн юм. 7 Иотамын бусад үйлс буюу түүний бүх дайн болон бүх ажлууд, харагтун, тэдгээр нь Израиль, Иудагийн Хаадын Номд тэмдэглэгдсэн билээ. 8 Хаан болохдоо тэрээр хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчлав. 9 Иотам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүний Давидын хотод оршуулжээ. Түүний хүү Ахаз түүний оронд хаан болов.

28

1 Ахаз хаан болох үедээ хорин настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилжээ. Ахаз өөрийн өвөг эцэг Давид шиг ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдсэнгүй. 2 Харин тэрээр Израилийн хаадын замаар замнасан юм. Тэр бас Баалуудад зориулан цутгамал хөргүүд хийв. 3 Үүнээс гадна, Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн бузар заншлын дагуу тэрээр Бен-хинномын хөндийд утлага уугиулж, өөрийн хөвгүүдийг галд шатаав. 4 Тэрээр мөргөлийн өндөрлөг, толгод болон ногоон мод бүрийн доор утлага уугиулан, тахил өргөв. 5 Тийм учраас түүний Бурхан ЭЗЭН түүнийг Арамын хааны гарт тушаав. Тэд түүнийг ялж, түүнээс үлэмж тооны ардуудыг олзлон авч, Дамаскт аваачив. Түүнд хүнд хохирол учруулсан Израилийн хааны гарт тэр бас орсон юм. 6 Ремалиагийн хүү Пека ганц өдрийн дотор Иудад зуун хорин мянган хүнийг буюу бүх зоригт эрсийг хядсан юм. Учир нь тэд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг умартсан билээ. 7 Ефраимын хүчит эр Зихри нь хааны хүү Маасеиаг, гэрийн захирагч Азрикамыг болон хааны удаах хүн Елканаг алжээ. 8 Израилийн хөвгүүд өөрсдийн ах дүүсээс хоёр зуун мянган эмэгтэйчүүд, хөвгүүд, охидыг олзлон явав. Бас тэднээс асар их зүйлсийг дээрэмдэн, түүнийгээ Самарид авчрав. 9 Харин тэнд Одед гэгч ЭЗЭНий эш үзүүлэгч байжээ. Тэрээр Самарид ирсэн цэргүүдийг угтахаар очиж, тэдэнд —Харагтун, та нарын эцэг өвгөдийн Бурхан ЭЗЭН Иудад уурласан учраас тэднийг та нарын гарт оруулсан бөгөөд та нар тэднийг тэнгэрт тулсан харгислалаар хядлаа. 10 Одоо та нар Иуда, Иерусалимын хүмүүсийг өөрсөддөө эрэгтэй, эмэгтэй боолууд болгон захирахаар төлөвлөж байгаа. Үнэхээр ЭЗЭН Бурханыхаа эсрэг хандсан нүгэл хилэнц та нарт өөрсдөд чинь байхгүй гэж үү? 11 Иймээс одоо, намайг сонсож, ах дүүсээсээ олзлон авчирсан хүмүүсийг буцаацгаа. Юу гэвэл ЭЗЭНий шатаж буй уур хилэн та нарын эсрэг байна гэв. 12 Тэгэхэд Ефраимын хөвгүүдийн тэргүүлэгчдийн зарим нь буюу Иохананы хүү Азариа, Мешиллемотын хүү Берехиа, Шаллумын хүү Иехизкиа, Хадлаин хүү Амаса нар тулалдаанаас буцаж ирж байгаа цэргүүдийн эсрэг босож, 13 тэдэнд —Та нар олзлогсдыг энд авчрах ёсгүй. Учир нь та нар бидний нүгэл, гэм буруу дээр нэмэн ЭЗЭНий эсрэг гэм бурууг бидний дээр буулгахыг төлөвлөж байна. Бидний гэм буруу үлэмж их байгаа учраас Түүний дүрэлзсэн уур Израилийн эсрэг юм гэцгээв. 14 Ингээд зэвсэглэсэн эрчүүд олзлогсдыг ба дээрэмдсэн зүйлсээ түшмэд болон бүх чуулганы өмнө орхив. 15 Тэгээд дээр нэр дурьдагдсан хүмүүс босож, олзлогсдыг авч, нүцгэн нэгнийг нь олзны хувцсаар хувцаслажээ. Мөн тэдэнд хувцас, шаахай өгч, хооллоод уух юм өгч, тосоор тослон, бүх нялх балчируудыг нь илжгэн дээр суулган хөтөлж, дал модны хот Иериход ах дүүс уруу нь авчрав. Дараа нь тэд Самари уруу буцацгаажээ. 16 Тэр үед Ахаз хаан Ассирийн хаад уруу тусламж хүсэн хүн илгээв. 17 Учир нь дахин едомчууд ирж, Иудаг довтлон, олзлогсдыг авч явжээ. 18 Бас филистчүүд нам дор газрын болон Иудагийн Негевийн хотуудыг түрэмгийлж, Бет-шемеш, Аиалон, Гедерот, Соког гацаануудынх нь хамт, Тимнаг гацаануудынх нь хамт, Гимзог гацаануудынх нь хамт эзлэн авч, тэнд суурьшжээ. 19 ЭЗЭН Иудаг Израилийн хаан Ахазаас болж дорд болгов. Учир нь тэрээр Иудад хяналтгүй байдлыг гарган, ЭЗЭНд туйлын итгэлгүй байв. 20 Иймээс Ассирийн хаан Тилгат-пилнесер түүний эсрэг довтлон ирж, түүнийг хүчирхэгжүүлэхийн оронд бүр ч дарамтлав. 21 Хэдийгээр Ахаз ЭЗЭНий өргөө, хааны болон ноёдын ордноос хувь авч, түүнийг Ассирийн хаанд өгсөн боловч энэ нь түүнд тус болсонгүй. 22 Өөрийнхөө зовлон шаналлын үед энэхүү Ахаз Хаан ЭЗЭНд улам итгэлгүй болжээ. 23 Учир нь тэрээр өөрийг нь ялсан Дамаскийн бурхдад тахил өргөн, —Арамын хаадын бурхад тэдэнд тусалсан учраас тэднээр өөртөө туслуулахын тулд би тэдгээр бурхдад тахил өргөх болно гэв. Харин тэдгээр нь түүний болон бүх Израилийн бүдрүүлэгч болжээ. 24 Үүнээс гадна, Ахаз Бурханы өргөөний сав суулгыг хаман цуглуулаад, тэдгээрийг хэсэг болгон цавчив. Тэрээр ЭЗЭНий өргөөний хаалгуудыг хааж, Иерусалимын булан бүрд өөртөө зориулан тахилын ширээнүүдийг босгов. 25 Иудагийн хот бүрд тэрээр өөр бурхдад утлага уугиулахаар мөргөлийн өндөрлөгүүдийг байгуулж, эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНийг уурлахад хүргэсэн юм. 26 Түүний бусад үйлс болон бүх замнал нь эхнээсээ төгстөл хүртэл, харагтун, тэдгээр нь Иуда болон Израилийн Хаадын Номд тэмдэглэгдсэн билээ. 27 Ингээд Ахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг Иерусалим хотод оршуулжээ. Тэд түүнийг Израилийн хаадын булшинд хийгээгүй юм. Түүний хүү Хезекиа түүний оронд хаанчлав.

29

1 Хезекиа хаан болохдоо хорин таван настай байв. Тэрээр Иерусалимд хорин есөн жил хаанчилжээ. Түүний эхийг Зехариагийн охин Абиа гэдэг байв. 2 Тэр өөрийн өвөг эцэг Давидын хийсэн бүхнийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв. 3 Хаанчлалынхаа анхны жилийн нэг дэх сард тэрээр ЭЗЭНий өргөөний хаалгуудыг онгойлгож, тэдгээрийг засварлав. 4 Тэрээр тахилч нар болон левичүүдийг авчран, тэднийг зүүн талын талбайд цуглуулжээ. 5 Тэгээд тэдэнд —Левичүүд ээ, намайг сонсогтун. Одоо өөрсдийгөө, мөн эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНий өргөөг ариусгаж, ариун газраас бузар зүйлсийг гаргагтун. 6 Учир нь бидний эцэг өвгөд итгэлгүй байж, бидний Бурхан ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэн, Түүнийг умартан, ЭЗЭНий орших газраас нүүрээ буруулан, нуруугаа харуулсан билээ. 7 Тэд бас үүдний танхимын хаалгуудыг хааж, дэнлүүнүүдийг гаргаж, Израилийн Бурханд зориулан ариун газарт утлагыг уугиулж, шатаалт тахилуудыг өргөсөнгүй. 8 Тиймээс ЭЗЭНий уур хилэн Иуда, Иерусалимын эсрэг хандан, Тэрээр тэднийг айдас, түгшүүр, зэвүүцлийн бай болгосон. Үүнийг та нар өөрсдийн нүдээр үзсэн билээ. 9 Харагтун, үүнээс болж бидний өвөг эцгүүд илдэнд унацгааж, бидний хөвгүүд, охид болон эхнэрүүд олзлогдсон юм. 10 Израилийн Бурхан ЭЗЭНтэй гэрээ байгуулах санаа миний зүрхэнд байна. Ингэвэл Түүний дүрэлзсэн уур биднээс эргэх биз. 11 Хөвгүүд минь ээ, одоо бүү хайхрамжгүй бай. Учир нь ЭЗЭН та нарыг Өөрийнхөө өмнө зогсоож, Өөртөө үйлчлүүлэн, үйлчлэгчид нь болж, утлага уугиулахаар сонгосон билээ хэмээв. 12 Тэгээд левичүүд босоход кохатчуудын хөвгүүдээс Амасаигийн хүү Махат, Азариагийн хүү Иоел нар, Мерарийн хөвгүүдээс Абдийн хүү Киш, Иехаллелелийн хүү Азариа нар, гершончуудаас Зиммагийн хүү Иоа, Иоагийн хүү Еден нар, 13 Елизафаны хөвгүүдээс Шимри, Иеиел нар, Асафын хөвгүүдээс Зехариа, Маттаниа нар, 14 Хеманы хөвгүүдээс Иехиел, Шимеи нар, Иедутуны хөвгүүдээс Шемаиа, Уззиел нар байв. 15 Тэд ах дүүсээ цуглуулан, өөрсдийгөө ариусгаад, ЭЗЭНий үгийн дагуух хааны тушаалаар ЭЗЭНий өргөөг цэвэрлэхээр оржээ. 16 Тахилч нар ЭЗЭНий өргөөний дотоод хэсгийг цэвэрлэхээр тийшээ орцгоогоод, ЭЗЭНий сүмээс олдсон бүх бузар зүйлсийг тэд ЭЗЭНий өргөөний хашаанд гарган хаяв. Тэгээд левичүүд үүнийг Кидроны хөндий уруу аваачихаар явав. 17 Ариусгах ажлыг тэд нэгдүгээр сарын эхний өдөр эхэлсэн бөгөөд тэр сарынхаа найм дахь өдөр тэд ЭЗЭНий үүдний танхимд оржээ. Тэгээд тэд ЭЗЭНий өргөөг найман өдрийн дотор ариусган, нэгдүгээр сарын арван зургаа дахь өдөр дуусгав. 18 Тэгээд тэд Хезекиа хаан уруу очиж, —Бид ЭЗЭНий өргөөг бүхэлд нь буюу шатаалт тахилын ширээг бүх л эд зүйлсийнх нь хамт, мөн ил тавих талхны ширээг бүх л эд зүйлсийнх нь хамт цэвэрлэлээ. 19 Үүнээс гадна, Ахаз хаан өөрийн хаанчлалын туршид итгэлгүй байдал дотроо хэрэггүй гээд хаясан бүх эд зүйлсийг бид бэлтгэн ариусгалаа. Харагтун, тэдгээр зүйлс ЭЗЭНий тахилын ширээний өмнө байна гэж айлтгав. 20 Тэгээд Хезекиа хаан эртлэн босож, хотын ноёдыг цуглуулаад, ЭЗЭНий өргөө уруу явав. 21 Хаанчлал, ариун газар болон Иудагийн төлөө нүглийн төлөөх тахил болгохоор долоон бух, долоон хуц, долоон хурга, долоон ухныг тэд авчиржээ. Тэдгээрийг ЭЗЭНий тахилын ширээн дээр өргөхийг Аароны хөвгүүд болох тахилч нарт тэр тушаав. 22 Ингээд тэд бухнуудыг алж, тахилч нар цуснаас нь авч, тахилын ширээн дээр цацав. Тэд бас хуцнуудыг алж, цусыг нь тахилын ширээн дээр цацав. Тэд бас хургануудыг алж, цусыг нь тахилын ширээн дээр цацав. 23 Дараа нь тэд нүглийн төлөөх тахилын ухнуудыг хаан болон чуулганы өмнө авчраад, тэд гараа дээр нь тавьцгаав. 24 Тахилч нар ухнуудыг алаад, бүх Израилийн төлөө эвлэрүүллийг гүйцэтгэхээр тэдгээрийн цусаар тахилын ширээг цэвэршүүлэв. Учир нь хаан бүх Израилийн төлөө шатаалт болон нүглийн төлөөх тахил өргөхийг тушаасан билээ. 25 Тэгээд Давид, мөн хааны үзмэрч Гад болон эш үзүүлэгч Натаны тушаалын дагуу тэрээр ЭЗЭНий өргөөнд левичүүдийг хэнгэрэг, босоо ятга, ятга хөгжимтэйгээр зогсоов. Учир нь энэ тушаал ЭЗЭНээс, Түүний эш үзүүлэгчдээр дамжуулсан ирсэн байв. 26 Левичүүд Давидын хөгжмийн зэмсгүүдийг барьж, тахилч нар бүрээтэйгээ зогсоцгоов. 27 Дараа нь тахилын ширээн дээр шатаалт тахил өргөх тушаалыг Хезекиа буулгав. Шатаалт тахил эхэлмэгц, Израилийн хаан Давидын хөгжмийн зэмсгүүдийг дагалдуулсан бүрээнүүдийн хамт ЭЗЭНд өргөх дуу бас эхэллээ. 28 Бүх чуулганыг мөргөж байх зуур дуучид бас дуулж, бүрээнүүд хүнгэнэж байв. Энэ бүхэн шатаалт тахилыг дуустал үргэлжилсэн юм. 29 Шатаалт тахилуудын төгсгөлд хаан болон түүнтэй хамт байгч бүхэн мэхийн сөгдөж, мөргөцгөөв. 30 Үүнээс гадна, Давид болон үзмэрч Асафын үгсээр ЭЗЭНд магтаалуудыг дуулахыг Хезекиа хаан болон түшмэд нь левичүүдэд тушаажээ. Тэд магтаалуудыг баяр хөөртэйгөөр дуулж, мэхийн сөгдөж, мөргөв. 31 Дараа нь Хезекиа —Өөрсдийгөө ЭЗЭНд ариусгасан та нар одоо ойртон ирж, тахилуудыг болон талархлын өргөлүүдийг ЭЗЭНий өргөөнд авчрагтун хэмээв. Чуулган нь тахилууд болон талархлын өргөлүүдийг авчирсан бөгөөд зарим хүмүүс сайн дураараа шатаалт тахилуудыг ч авчиржээ. 32 Чуулганы авчирсан шатаалт тахилуудын тоо толгой нь далан бух, зуун хуц, хоёр зуун хурга байв. Эдгээр нь бүгд ЭЗЭНд өргөх шатаалт тахилд зориулагдсан байлаа. 33 Ариусгагдсан зүйлс нь зургаан зуун бух, гурван мянган хонь болсон. 34 Гэвч тахилч нар маш цөөдөж, бүх шатаалт тахилуудын арьсыг өвчиж чадахгүй байлаа. Тийм учраас ажил бүрэн дуустал, мөн бусад тахилч нар өөрсдийгөө ариусгаж дуустал тэдний ах дүүс болох левичүүд тэдэнд тусалцгаав. Учир нь левичүүд өөрсдийгөө ариусгахдаа тахилч нарыг бодвол илүү ухамсартай хандсан байв. 35 Тэнд мөн олон шатаалт тахилууд эвийн тахилуудын өөх болон шатаалт тахилуудад зориулсан ундаан өргөлүүдийн хамт байлаа. 36 Тэгээд Хезекиа болон бүх ард түмэн Бурхан хүмүүст юу бэлдсэнийг хараад баярлан хөөрцгөөв. Учир нь энэ зүйл гэнэт тохиолдсон юм.

30

1 Хезекиа бүх Израиль, Иуда уруу хүн илгээж, мөн Ефраим болон Манассе уруу захидал бичиж, Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэхээр Иерусалим дахь ЭЗЭНий өргөө уруу ирэхийг тэднээс хүсэв. 2 Хаан, түүний ноёд болон Иерусалим дахь бүх чуулган Дээгүүр Өнгөрөх баярыг хоёрдугаар сард тэмдэглэхээр шийдсэний шалтгаан нь 3 тахилч нар өөрсдийгөө хүрэлцэхүйц тоогоор ариусгаагүй, мөн хүмүүс ч Иерусалимд цуглараагүйгээс болж тэд уг баярыг тухайн үед тэмдэглэж чадаагүйтэй холбоотой юм. 4 Ингэх нь хаан болон бүх чуулганы нүдэнд зөв хэмээн тооцогдов. 5 Иймээс Израилийн Бурхан ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг Иерусалимд тэмдэглэхээр тэднийг ирүүлэх тунхгийг Беершебагаас Дан хүртэлх бүх Израиль даяар тараан зарлах зарлигийг тэд гаргав. Учир нь энд бичигдсэн шигээр ийм олон тооны хүнтэйгээр тэд энэ баярыг тэмдэглэж байгаагүй билээ. 6 Зарлагууд хааны тушаалын дагуу хаан болон түүний ноёдын гараас авсан захидлуудыг тээн бүх Израиль, Иуда даяар явж, "Өө, Израилийн хөвгүүд ээ, Абрахам, Исаак, Израилийн Бурхан болох ЭЗЭН уруу эргэгтүн. Ингэвэл Ассирийн хаадын савраас зайлан, үлдсэн та нар уруу Тэр эргэнэ. 7 Эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд итгэлгүй хандаж байсан эцгүүд болон ах нар шигээ бүү бай. Та нарын харж байгаагаар Тэрээр тэднийг аймшигтай болгосон билээ. 8 Өөрсдийн эцгүүд шиг хүзүүгээ бүү хатууруул, харин ЭЗЭНд гараа өгч, Түүний мөнхөд ариусгасан Түүний ариун газарт орж, Түүний дүрэлзсэн уур та нараас эргэхийн тулд ЭЗЭН Бурхандаа үйлчлэгтүн. 9 Хэрэв та нар ЭЗЭН уруу буцаж ирвэл, та нарын ах дүүс болон хөвгүүд өөрсдийг нь олзлон явсан хүмүүсийн өмнө өршөөлийг олж, энэ нутагт буцаж ирэх болно. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН нигүүлсэнгүй болоод өршөөнгүй бөгөөд та нар Түүн уруу буцаж ирвэл та нараас нүүрээ буруулахгүй" хэмээсэн. 10 Зарлагууд Ефраим болон Манассегийн нутаг даяар, Зебулуны чанад хүртэл хотоос хот дамжин явсан боловч хүмүүс тэднийг жигшин инээлдэж, доромжилж байв. 11 Хэдий тийм боловч Ашер, Манассе, Зебулуны зарим хүмүүс өөрсдийгөө даруу болгон, Иерусалимд ирцгээв. 12 ЭЗЭНий үгээр хаан болон ноёдын тушаасныг гүйцэтгэх нэг зүрх сэтгэлийг тэдэнд өгөхийн тулд Бурханы мутар Иудагийн дээр бас байв. 13 Хоёрдугаар сард Исгээгүй Талхны Баярыг тэмдэглэхээр олон хүмүүс буюу асар том чуулган Иерусалимд цугларчээ. 14 Тэд босоод, Иерусалимд байсан тахилын ширээнүүдийг зайлуулжээ. Тэд бас утлагын тахилын ширээнүүдийг холдуулан, Кидрон горхи уруу хаяв. 15 Тэгээд хоёрдугаар сарын арван дөрвөнд тэд Дээгүүр Өнгөрөх баярын хургануудыг нядлав. Тахилч нар болон левичүүд өөрсдөөсөө ичиж, өөрсдийгөө ариусгаад, ЭЗЭНий өргөөнд шатаалт тахилуудыг авчрав. 16 Тэд Бурханы хүн Мосегийн хуулийн дагуу өөрсдийн ёсын дагуу өөрсдийн байр байрандаа зогсоцгоов. Тахилч нар левичүүдийн гараас хүлээн авсан цусыг цацжээ. 17 Тэнд чуулганы дунд өөрсдийгөө ариусгаагүй олон хүн байсан учраас тэднийг ЭЗЭНд ариусгахын тулд бузар байсан хүн нэг бүрийн төлөө левичүүд Дээгүүр Өнгөрөх баярын хургануудыг нядлав. 18 Ард түмний нэлээд нь буюу Ефраим, Манассе, Иссахар болон Зебулунаас ирсэн олон хүн өөрсдийгөө цэвэршүүлээгүй боловч Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг дээр бичигдсэнээс өөрөөр идэцгээж байв. Хезекиа тэдний төлөө залбиран, —Сайн ЭЗЭН уучлаг. 19 Хэдийгээр ариун газрын цэвэршүүлэлтийн журмын дагуу биш ч гэсэн эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭН болох Бурханыг эрэлхийлэхээр өөрийн зүрх сэтгэлийг бэлдэгч хүн бүрийг уучлаг гэв. 20 Иймээс ЭЗЭН Хезекиаг сонсоод, ард түмнийг эдгээв. 21 Иерусалимд байсан Израилийн хөвгүүд Исгээгүй Талхны Баярыг долоо хоногийн турш маш их баяр хөөртэйгээр тэмдэглэсэн бөгөөд левичүүд болон тахилч нар ЭЗЭНд чанга хөгжмөөр тоглож ЭЗЭНийг өдөр алгасалгүй магтав. 22 Дараа нь, ЭЗЭНий зүйлсүүдэд саруул ойлголтоор хандагч бүх левичүүдэд Хезекиа урмын үгсийг хэлжээ. Ингээд тэд эвийн тахилуудыг өргөн, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд талархан товлосон долоон өдрийн турш идэцгээв. 23 Тэгээд чуулган бүхэлдээ баярыг дахин долоо хоног тэмдэглэхээр шийдсэнээр тэд баяр хөөртэйгөөр дахин долоо хоног тэмдэглэцгээв. 24 Учир нь Иудагийн хаан Хезекиа чуулганд зориулан мянган бух, долоон мянган хонийг хандивласан бөгөөд ноёд ч чуулганд зориулан мянган бух, арван мянган хонийг хандивласан билээ. Мөн асар олон тооны тахилч нар өөрсдийгөө ариусгав. 25 Иудагийн бүх чуулган нь тахилч нар, левичүүд болон Израилиас ирсэн бүх чуулганы хамт, мөн Израиль газраас ирсэн болон Иудад амьдардаг харийнхны аль алинтай нь хамт баярлан хөөрцгөөжээ. 26 Давидын хүү Израилийн хаан Соломоны өдрүүдээс хойш Иерусалимд үүнтэй адил юм болж байгаагүй учраас Иерусалимд асар их баяр хөөр болж байлаа. 27 Дараа нь Левийн тахилч нар босож, ард түмнийг ерөөв. Тэдний дуу сонсогдож, тэдний залбирал Түүний ариун оршихуй болох тэнгэрт хүрсэн ажээ.

31

1 Энэ бүхэн дууссаны дараа тэнд байсан бүх израильчууд Иудагийн хотууд уруу явж, бүх Иуда, Бениамин даяар болон Ефраим, Манассед буй багануудыг хэсэглэн бутлаж, Ашерагийн модон шонг цавчин, мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийг нураан, тэр бүгдийг устгаж дуусгав. Дараа нь Израилийн бүх хөвгүүд өөрсдийн хотууд уруу, хүн бүр өөрийн эзэмшил уруу харьцгаав. 2 Тэгээд шатаалт тахилууд, эвийн тахилуудыг өргөхийн тулд, мөн ЭЗЭНий хүрээ буудлын дааман хаалганууд дээр үйлчилж, талархал өргөн, магтахын тулд тахилч нар, левичүүдийн хүн нэг бүрийг өөрийнх нь үйлчлэлийн дагуу бүлэг бүлгээр нь үүрэгт ажилд Хезекиа томилов. 3 Тэр бас өөрийн эд зүйлсээс шатаалт тахилуудад, тухайлбал, ЭЗЭНий хуульд бичигдсэнчлэн, өглөө, оройны шатаалт тахилууд, амралтын өдрүүд, шинэ сарууд болон товлогдсон баяр ёслолуудад зориулагдсан шатаалт тахилуудад хааны хувийг тогтоожээ. 4 Тахилч нар болон левичүүд өөрсдийгөө ЭЗЭНий хуульд зориулахын тулд тэдэнд тохирсон хувийг өгөхийг Иерусалимд амьдарч байсан иргэдэд хаан бас тушаав. 5 Захирамж гарч тархмагц, Израилийн хөвгүүд үр тарианы анхны үр жимс, шинэ дарс, тос, зөгийн бал болон газрын бүх бүтээгдэхүүнийг арвин хэмжээгээр хангав. Тэд бүх зүйлсийнхээ аравны нэгийг асар их хэмжээгээр авчрав. 6 Иудагийн хотуудад амьдарч байсан Иуда болон Израилийн хөвгүүд үхэр, хониныхоо аравны нэгийг, мөн өөрсдийн Бурхан ЭЗЭНд ариусгагдсан ариун бэлгүүдийн аравны нэгийг авчирж, овоолон тавив. 7 Гурав дугаар сард тэд овоонууд босгож эхлээд, долдугаар сард дуусгав. 8 Хезекиа болон захирагчид ирж, овоонуудыг хараад, ЭЗЭН болон Түүний ард түмэн болох Израилийг ерөөв. 9 Дараа нь уг овоонуудын талаар Хезекиа тахилч нар болон левичүүдээс асуув. 10 Задокийн гэрийн ахлах тахилч Азариа түүнд хариулан, —ЭЗЭНий өргөөнд хандивуудыг авчирж эхэлснээс хойш бидэнд идэх юм хангалттай байсан бөгөөд илүү гарсан нь ч элбэг үлдэв. Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнийг ерөөсөн бөгөөд энэ үлэмж хэмжээний зүйл илүү гарсан юм гэв. 11 Тэгээд Хезекиа тэдэнд ЭЗЭНий өргөөн дотор өрөөнүүд бэлтгэхийг тушаасанд, тэд бэлтгэв. 12 Тэд хандивууд, аравны нэгүүд болон ариусгагдсан зүйлсийг итгэлтэйгээр авчиржээ. Леви хүн Конаниа тэдгээрийг хариуцсан түшмэл, түүний дүү Шимеи удаах хүн нь болов. 13 Хезекиа хаан томилсноор Иехиел, Азазиа, Нахат, Асахел, Иеримот, Иозабад, Елиел, Исмахиа, Махат, Бенаиа нар Конаниа, Шимеи нарын эрх мэдэл доор байх харгалзагчид болсон бөгөөд Бурханы өргөөнд ахлах түшмэл нь Азариа байв. 14 Зүүн талын дааман хаалганы сахиул, Леви хүн Имнагийн хүү Коре ЭЗЭНд зориулсан хандивыг болон хамгийн ариун зүйлсийг тогтоохоор Бурханд өргөх сайн дурын өргөлүүдийг хариуцдаг байв. 15 Тахилч нарын хотуудад түүний эрх мэдэл доор Еден, Миниамин, Иешуа, Шемаиа, Амариа, Шеканиа нар байв. Тэд өөрсдийн ах дүүс нарт бүлгүүдийн дагуу, том жижгийг аль алинд хувиудыг нь итгэлтэйгээр өгдөг байв. 16 Угийн бичигт тэмдэглэгдсэнийг нь үл харгалзан гучин наснаас дээших эрс буюу өдөр бүрийн үүргээ гүйцэтгэхээр ЭЗЭНий өргөөнд орж байсан хүн бүрд бүлгийнхээ дагуу гүйцэтгэсэн ажил үүргийн төлөө уг хувиуд тараагдаж байв. 17 Мөн эцгүүдийнхээ бүлүүдийн дагуу угийн бичигт тэмдэглэгдсэн тахилч нар, хорин наснаас дээших левичүүдэд, тэдний үүрэг болон бүлгүүдийн дагуу хувийг өгчээ. 18 Угийн бичгийн тэмдэглэлүүдэд бүхий л чуулганы балчир хүүхдүүд, эхнэрүүд, хөвгүүд болон охидыг багтаасан байлаа. Учир нь тэд ариун байдал дотор өөрсдийгөө итгэлтэйгээр ариусгажээ. 19 Мөн хотуудынхаа бэлчээр газрууд дахь тахилч нар болох Аароны хөвгүүдийн төлөө, эсвэл хот нэг бүрд, тахилч нарын дотроос бүх эрчүүдэд, левичүүдийн дотроос угийн бичигт тэмдэглэгдсэн хүн бүрд хувь тараах хүмүүсийг нэрсээр нь тогтоосон юм. 20 Хезекиа бүх Иуда даяар ийнхүү үйлдэв. Тэрээр өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө сайн, зөв, үнэн болох зүйлсийг хийжээ. 21 Өөрийн Бурханыг эрэлхийлэн, хууль ба тушаал дотор Бурханы өргөөний үйлчлэлд эхлүүлсэн ажил бүрээ тэрээр бүх зүрх сэтгэлээсээ хийж, амжилт олж байв.

32

1 Эдгээр итгэлт үйлсийн дараа Ассирийн хаан Сеннахериб ирж, Иудаг довтлон, бэхлэгдсэн хотуудыг бүслэн авч, тэдгээрийг өөртөө эзлэн авахаар санажээ. 2 Сеннахериб ирснийг, мөн Иерусалимд дайтахаар төлөвлөж байгааг нь Хезекиа хараад, 3 өөрийн түшмэд болон дайчидтайгаа хамтран хотын гадна байдаг булгуудаас усыг таслахаар шийдсэнд, тэд түүнд туслав. 4 Ингээд олон хүмүүс цугларан, дүүргээр урсдаг бүх булаг, сувгуудыг зогсоож, —Ассирийн хаан ирж, энэ их усыг яагаад олж эзэмших ёстой юм бэ? гэцгээв. 5 Тэрээр урам авч, нурсан байсан бүх хэрмийг сэргээн босгож, дээр нь цамхгуудыг байрлуулаад, өөр гаднах ханыг барьж, Давидын хот дахь Миллог батжуулан, их хэмжээний зэвсэг, бамбайнуудыг хийв. 6 Тэрээр ард түмнийг захирах цэргийн дарга нарыг томилоод, хотын дааман хаалган дээрх талбайд өөр уруугаа цуглуулаад, тэднийг урамшуулан ярихдаа — 7 Тууштай бөгөөд зоригтой байгтун. Ассирийн хаанаас, түүнтэй хамт байгаа энэ бүх түмнүүдээс бүү эмээ, бүү зүрх алдагтун. Учир нь бидэнтэй хамт байгаа нэгэн нь түүнтэй хамт байгаа нэгнээс агуу юм. 8 Түүнтэй хамт зөвхөн махан гар, харин бидэнтэй хамт бидэнд туслах болон тулалдаанд минь байлдах бидний Бурхан ЭЗЭН байна гэв. Тэгээд ард түмэн Иудагийн хаан Хезекиагийн үгэнд найджээ. 9 Үүний дараа Ассирийн хаан Сеннахериб Лахиш хотыг бүх цэргийн хүчээрээ бүслэн байх үедээ Иерусалим уруу өөрийн зарц нарыг Иудагийн хаан Хезекиа болон Иерусалимд байсан бүх иудачуудын эсрэг илгээж, — 10 Ассирийн хаан Сеннахериб ийн хэлж байна. "Та нар юунд итгэж, бүслэгдсэн Иерусалимд үлдэнэ вэ? 11 Өөрсдийгөө өлсгөж, цангаан үхэлд хүргээсэй гэж «Бидний Бурхан ЭЗЭН биднийг Ассирийн хааны гараас аварна» хэмээн Хезекиа та нарыг төөрөгдүүлж байгаа бус уу? 12 Өнөөх Хезекиа чинь Түүний мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийг зайлуулаад, Иуда, Иерусалимд хандан «Та нар нэг тахилын ширээний өмнө мөргөж, түүн дээр л утлага уугиулах болой» гэсэн юм биш үү? 13 Би болоод миний эцэг өвгөд газар нутгийн бүх ард түмнүүдэд юу хийснийг та нар мэдэхгүй гэж үү? Тэрхүү газар нутгуудын үндэстнүүдийн бурхад миний гараас өөрийн газар нутгаа аварч чадах байсан уу? 14 Миний эцэг өвгөдийн бүрмөсөн устгасан тэдгээр үндэстнүүдийн бүх бурхдын дотроос өөрийн ард түмнээ миний гараас аварч чадах хэн байсан бэ? Тэгэхэд та нарын Бурхан та нарыг миний гараас аварч чадна гэж үү? 15 Тиймээс одоо, Хезекиад ингэж бүү мэхлэгд, бүү төөрөгд, мөн түүнд бүү итгэ. Учир нь ямар ч үндэстэн, хаанчлалын ямар ч бурхан өөрийн ард түмнээ миний гараас, эсвэл миний эцэг өвгөдийн гараас аварч чадсангүй. Тэгвэл та нарын Бурхан та нарыг миний гараас яаж аврах юм бол?" хэмээв гэж хэлүүлжээ. 16 Түүний зарц нар ЭЗЭН Бурханы эсрэг болон Түүний зарц Хезекиагийн эсрэг цаашлан ярьцгаав. 17 Тэр мөн Израилийн Бурхан ЭЗЭНийг доромжлохоор "Газар нутгуудын үндэстнүүдийн бурхад өөрсдийн ард түмнээ миний гараас аварч чадаагүй шиг, Хезекиагийн Бурхан ч гэсэн Өөрийн ард түмнийг миний гараас аварч чадахгүй" гэж Түүний эсрэг ярихаар захидлуудыг бичив. 18 Тэд хэрэм дээр байсан Иерусалимын хүмүүсийг айлган сүрдүүлэх гэж тэдэн уруу үүнийгээ иуда хэлээр чанга дуугаар хашхирав. Ингэснээр тэд хотыг авах санаатай байв. 19 Тэд Иерусалимын Бурханы тухай хүний гарын бүтээл болох дэлхийн ард түмнүүдийн бурхдын тухай ярьж байгаа юм шиг ярилаа. 20 Харин Хезекиа хаан болон Амозын хүү эш үзүүлэгч Исаиа үүний талаар залбиран, тэнгэр өөд хашхирцгаав. 21 ЭЗЭН тэнгэр элчээ илгээн, Ассирийн хааны хуаранд бүх хүчит дайчид, жанжнууд, түшмэдийг алуулжээ. Ингээд тэрээр ичгүүртэйгээр өөрийн нутаг уруугаа буцав. Тэр өөрийн бурхны сүмд орох үед өөрийнх нь хүүхдүүдийн зарим нь түүнийг тэнд нь илдээр алжээ. 22 ЭЗЭН Хезекиаг болон Иерусалимын оршин суугчдыг Ассирийн хаан Сеннахерибын гараас, мөн бусад бүхний гараас аварч, тэднийг тал бүрд нь удирджээ. 23 Олон хүмүүс Иерусалимд ЭЗЭНд бэлэг сэлт, Иудагийн хаан Хезекиад шилмэл бэлгүүдийг авчиржээ. Үүнээс хойш тэрээр бүх үндэстний өмнө өргөмжлөгдсөн билээ. 24 Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болжээ. Тэрээр ЭЗЭНд залбирсанд ЭЗЭН түүнд айлдаж, тэмдэг өгөв. 25 Харин Хезекиа хүлээж авсан ашгаасаа буцааж өгсөнгүй. Учир нь түүний зүрх бардам болжээ. Иймээс уур хилэн түүний дээр болон Иуда, Иерусалимын дээр буув. 26 Харин Хезекиа болон Иерусалимын оршин суугчид зүрхнийхээ бардамналыг номхруулсан учраас ЭЗЭНий уур хилэн тэдний дээр Хезекиагийн өдрүүдэд буусангүй. 27 Хезекиад үлэмж их баялаг, нэр хүнд байв. Тэр өөртөө зориулан мөнгө, алт, үнэт чулуу, амтлагч, бамбай болон бүх төрлийн үнэт эд зүйлсүүдийн эрдэнэсийн сангуудыг, 28 мөн үр тарианы бүтээгдэхүүн, дарс, тосны агуулахуудыг байгуулж, мөн бүх төрлийн үхрийн хороо, хонины хашаануудыг барьжээ. 29 Тэр өөртөө зориулан хотууд байгуулж, хонь, үхэр сүргийг үй түмээр нь эзэмшжээ. Учир нь Бурхан түүнд асар их баялгийг өгсөн билээ. 30 Гихоны усны дээд урсгалыг зогсоож, Давидын хотын баруун тал уруу урсгасан хүн нь Хезекиа байв. Хезекиа хийсэн бүгддээ амжилт олжээ. 31 Уг газарт болсон гайхамшгийн талаар асуухаар түүн уруу илгээгдсэн Вавилоны захирагчдын төлөөлөгчдийн хэрэгт л Хезекиагийн зүрх сэтгэлд байсан бүхнийг мэдэж, түүнийг зөвхөн сорихын тулд Бурхан түүнийг ганцааранг нь орхисон юм. 32 Хезекиагийн бусад үйлс, түүний итгэлийн үйлдлүүд, харагтун, тэдгээр нь Амозын хүү эш үзүүлэгч Исаиагийн үзэгдэлд, Израиль ба Иудагийн Хаадын Номд бичигдсэн билээ. 33 Ингээд Хезекиа эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэд түүнийг Давидын хөвгүүдийн булшны дээд хэсэгт оршуулав. Бүх Иуда болон Иерусалимын оршин суугчид түүнийг үхэхэд нь хүндэтгэв. Түүний хүү Манассе түүний оронд хаан болов.

33

1 Манассе хаан болохдоо арван хоёр настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд тавин таван жил хаанчлав. 2 Тэрээр Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн бузрын дагуу ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдсэн билээ. 3 Тэр өөрийн эцэг Хезекиагийн нураан хаясан мөргөлийн өндөрлөгүүдийг сэргээн барьж, Баалуудад зориулан тахилын ширээнүүд босгон, Ашерагийн модон шонг бүтээж, бас тэнгэрийн бүх эрхэст мөргөн, үйлчлэв. 4 Тэрээр ЭЗЭНий өргөө дотор тахилын ширээнүүд босгов. Энэ өргөөний талаар "Миний нэр Иерусалимд үүрд байх болой" гэж ЭЗЭН айлдсан юм. 5 Тэрээр ЭЗЭНий өргөөний хоёр хашаанд тэнгэрийн бүх эрхэст зориулан тахилын ширээнүүд босгов. 6 Тэр өөрийн хөвгүүдийг Бен-хинномын хөндийд гал дундуур явуулан, ид шид үйлдэж, илбэ сурч, мэргэ төлөг ашиглаж, сүнс дуудагчид болон хар домч нартай холбогдсон. ЭЗЭНий мэлмийд үлэмж их бузар мууг үйлдсэнээрээ тэрээр ЭЗЭНийг уурлахад хүргэжээ. 7 Дараа нь тэр өөрийн бүтээсэн шүтээний сийлмэл хөргийг Бурханы өргөө дотор байрлуулав. Энэ өргөөний тухай Давидад болон түүний хүү Соломонд Бурхан айлдахдаа "Би Израилийн бүх овгуудаас сонгосон энэ өргөө болон Иерусалимд Би Өөрийн нэрийг үүрд мөнхөд тавих болно. 8 Хэрвээ Мосегээр дамжуулан өгөгдсөн хууль, зарлигууд болон тогтоолуудын дагуу тэд Миний тушаасан болгоныг сахин үйлдэж байвал Би та нарын эцэг өвгөдөд тогтоож өгсөн газар нутгаас Израилийн хөлийг дахин гаргахгүй" гэсэн билээ. 9 Ийнхүү Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий устгасан үндэстнүүдээс ч илүү бузар мууг хийлгүүлэн Иуда болон Иерусалимын оршин суугчдыг Манассе төөрөгдүүлсэн юм. 10 Манассед болон түүний ард түмэнд ЭЗЭН айлдсан боловч тэд анхаарсангүй. 11 Тиймээс тэдний эсрэг Ассирийн хааны их цэргийн жанжнуудыг ЭЗЭН авчирсан бөгөөд тэд Манассег дэгээнүүдээр барьж, хүрэл гав гинжээр хүлж, Вавилон уруу авч явав. 12 Зовлон зүдгүүрт орсон хойно тэр өөрийн Бурхан ЭЗЭН уруу хандаж, эцэг өвгөдийнхөө Бурханы өмнө өөрийгөө ихэд дорд болгов. 13 Манассе Түүнд залбирахад, гуйлтанд нь Тэрээр сэтгэл хөдөлж, түүний хүсэлтийг сонсож, түүнийг Иерусалимд уруу, өөрийнх нь хаант улс уруу дахин авчиржээ. Ингээд ЭЗЭН бол Бурхан мөн гэдгийг Манассе мэдсэн билээ. 14 Үүний дараа хөндийд буюу Гихоны баруун талд Загсан Хаалганы үүд хүртэл тэрээр Давидын хотын гаднах хэрмийг босгов. Тэрээр Офелыг уг хэрмээр хүрээлүүлсэн бөгөөд хэрмийг маш өндөр барив. Дараа нь Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудад тэрээр цэргийн дарга нарыг байрлуулав. 15 Тэр бас ЭЗЭНий өргөөнөөс харийн бурхад, шүтээнүүдийг зайлуулж, ЭЗЭНий өргөөний уул болон Иерусалимд өөрийн босгосон тахилын ширээнүүдийг ч зайлуулан, хотын гадна гаргаж хаяжээ. 16 Тэрээр ЭЗЭНий тахилын ширээг босгон, дээр нь эвийн тахилууд болон талархлын тахилуудыг өргөв. Мөн Израилийн Бурхан ЭЗЭНд үйлчлэхийг Иудад тэр тушаав. 17 Тэгсэн хэдий ч ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр зөвхөн өөрсдийн Бурхан ЭЗЭНд тахил өргөсөөр байв. 18 Манассегийн бусад үйлс, Бурхандаа хандсан түүний залбирлууд болон Израилийн Бурхан ЭЗЭНий нэрээр түүнтэй ярьж байсан үзмэрчдийн үгс зэрэг нь Израилийн хаадын тэмдэглэлүүдийн дунд бий. 19 Бас түүний залбирлууд болон хэрхэн Бурханд хүсэлт тавьж байсан нь, түүний бүх нүглүүд, түүний итгэлгүй байдал, өөрийгөө дорд болгохоос өмнө түүний мөргөлийн өндөрлөгүүд босгож, Ашерагийн модон шон ба сийлмэл хөргүүдийг зоож байсан газрууд зэрэг нь Хозаин тэмдэглэлүүдэд бичигдсэн юм. 20 Ингээд Манассе эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг өөрийнх нь гэрт оршуулжээ. Түүний хүү Амон түүний оронд хаан болжээ. 21 Амон хаан болохдоо хорин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд хоёр жил хаанчлав. 22 Тэр өөрийн эцэг Манассегийн үйлдсэний адил ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэж, өөрийн эцэг Манассегийн бүтээсэн бүх сийлмэл хөргүүдэд Амон тахил өргөж, тэдгээрт үйлчлэв. 23 Үүнээс гадна, өөрийн эцэг Манассегийн үйлдсэний адил тэрээр ЭЗЭНий өмнө өөрийгөө дорд болгосонгүй, харин Амон гэм бурууг арвижуулсан юм. 24 Эцэст нь түүний зарц нар түүнийг эсрэг хуйвалдаж, түүнийг өөрийнх нь гэрт алав. 25 Гэвч тэр газрын ард түмэн Амон хааны эсрэг хуйвалдагчдыг бүгдийг нь алж, түүний оронд түүний хүү Иосиаг хаанаар өргөмжилжээ.

34

1 Иосиа хаан болохдоо найман настай байсан бөгөөд Иерусалимд гучин нэгэн жил хаанчлав. 2 Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэн, өөрийн өвөг эцэг Давидын замаар замнасан бөгөөд зүүн, баруун тийш хазайсангүй. 3 Хаанчлалынхаа найм дахь жилд, залуухан байхдаа тэрээр өвөг эцэг Давидынхаа Бурханыг эрэлхийлж эхлэв. Арван хоёр дахь жилд тэрээр Иуда болон Иерусалимыг мөргөлийн өндөрлөгүүд, Ашерагийн модон шон болон сийлмэл, цутгамал хөргүүдээс цэвэрлэж эхэлсэн юм. 4 Тэд түүний өмнө Баалуудын тахилын ширээнүүдийг нурааж, өндөрт байрлуулсан утлагын тахилын ширээнүүдийг тэр цавчин унагав. Бас Ашерагийн модон шон, сийлмэл болон цутгамал хөргүүдийг тэрээр хэсэглэн бутлаад, нунтаг болтол үүрүүлэн, тэдгээрт тахил өргөж байсан хүмүүсийн булшнууд дээгүүр тараав. 5 Тэгээд тэрээр тахилч нарын ясыг тахилын ширээнүүд дээр нь шатааж, Иуда болон Иерусалимыг цэвэршүүлэв. 6 Манассе, Ефраим, Симеоны хотуудад болон Нафталийг хүртэл, эргэн тойрных нь балгаснуудад ч гэсэн 7 тэр тахилын ширээнүүдийг нурааж, Ашерагийн модон шон болон сийлмэл шүтээнүүдийг нунтаглан бутлаад, Израиль газар нутаг даяар утлагын тахилын ширээнүүдийг цавчин хаяв. Тэгээд тэрээр Иерусалим уруу буцав. 8 Тэрээр газар нутаг болон өргөөг цэвэрлэсэн байх үед буюу хаанчлалынхаа арван найм дахь жилд өөрийн Бурхан ЭЗЭНий өргөөг засварлуулахаар тэрээр Азалиагийн хүү Шафан, хотын түшмэл Маасеиа, хэрэг хөтлөгч Иоахазын хүү Иоа нарыг илгээв. 9 Тэд тэргүүн тахилч Хилкиа уруу очоод, Бурханы өргөө уруу авчирсан мөнгийг тушаажээ. Уг мөнгийг левичүүд болох хаалганы сахиулууд Манассе, Ефраим болон Израилийн бүх үлдэгсдээс, мөн бүх Иуда, Бениамин болон Иерусалимын оршин суугчдаас цуглуулсан байв. 10 Тэд уг мөнгийг ЭЗЭНий өргөөг хариуцан ажиллаж буй хүмүүсийн гарт өгсөн бөгөөд ЭЗЭНий өргөөнд ажиллаж байсан ажилчид өргөөг сэргээн барьж, засварлахад хэрэглэсэн юм. 11 Тэр мөнгийг тэд зассан чулуу, залгахад ашиглах гуалинг худалдаж авахад, мөн Иудагийн хаадын сүйрэлд хүргэсэн барилгуудад дүнзнүүд хийхэд зориулж мужаанууд, барилгачдад эргүүлэн өгчээ. 12 Хүмүүс нь ажлаа итгэлтэйгээр хийв. Тэднийг хянаж байсан даамлууд нь Мерарийн хөвгүүдээс гаралтай левичүүд болох Иахат, Обадиа нар, Кохатын хөвгүүдээс гаралтай Зехариа, Мешуллам нар болон бүгдээрээ хөгжмийн зэмсэгт гарамгай хүмүүс болох левичүүд байв. 13 Тэд бас хүнд юм зөөгчдийг хариуцаж, мэргэжил бүрийн бүх ажилчдыг хянаж байв. Левичүүдээс зарим нь гүүш, түшмэд болон дааман хаалганы сахиулуудын үүргийг гүйцэтгэж байв. 14 ЭЗЭНий өргөө дотор авчирсан мөнгийг тэд авчирж байх үед Мосегээр дамжуулан өгсөн ЭЗЭНий хуулийн номыг тахилч Хилкиа олжээ. 15 Хилкиа хариулан гүүш Шафанд —Би ЭЗЭНий өргөөнд хуулийн ном оллоо гэв. Хилкиа тэр номыг Шафанд өгчээ. 16 Тэгээд Шафан номыг хаанд авчран, түүнд цаашлуулан мэдээлэхдээ —Таны зарц нарт даалгагдсан бүхнийг тэд гүйцэтгэж байгаа. 17 Тэд бас ЭЗЭНий өргөөнөөс олдсон мөнгийг хоослон гаргаж, түүнийг хянагчид болон ажилчдын гарт даатгав гэв. 18 Үүнээс гадна гүүш Шафан хаанд хэлэхдээ —Тахилч Хилкиа надад нэг ном өгсөн гэв. Шафан уг номоос хааны өмнө уншжээ. 19 Хаан тэрхүү хуулийн үгсийг сонсоод өөрийн хувцсаа урав. 20 Дараа нь Хилкиа, Шафаны хүү Ахикам, Микагийн хүү Абдон, гүүш Шафан болон хааны зарц Асаиа нарт хаан тушаахдаа — 21 Явцгааж, миний төлөө болон Израиль ба Иудад үлдсэн хүмүүсийн төлөө олдсон номын үгсийн талаар ЭЗЭНээс асуугтун. Энэ номд бичигдсэн бүхний дагуу үйлдэхээр ЭЗЭНий үгийг бидний эцэг өвгөд сахиагүй учраас бидний дээр асгарсан ЭЗЭНий уур хилэн агуу ажээ гэв. 22 Тэгээд Хилкиа болон хааны илгээсэн хүмүүс Шаллумын эхнэр эш үзүүлэгч эмэгтэй Хулда уруу явав. Шаллум нь Хасрагийн ач, Токхатын хүү бөгөөд хувцасны агуулахын сахиул юм. (Хулда Иерусалимд хоёрдугаар дүүрэгт амьдардаг байв). Тэд мөнөөх зүйлийн талаар түүнтэй ярилцжээ. 23 Тэрээр тэдэнд —Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Та нарыг Над уруу илгээсэн хүнд хэлэгтүн. 24 ЭЗЭН айлдахдаа «Үзэгтүн, Би энэ газар болон эндхийн оршин суугчид дээр бузар мууг буюу Иудагийн хааны өмнө тэдний уншсан тэрхүү номд бичигдсэн бүх хараалуудыг авчирж байна. 25 Яагаад гэвэл өөрсдийн гарын бүх ажлуудаар Намайг уурлахад хүргэхээр тэд Намайг умартан, өөр бурхдад утлага уугиулсан билээ. Тиймээс Миний уур хилэн энэ газар дээр цутгагдах бөгөөд унтрахгүй» гэж байна" хэмээв. 26 Харин ЭЗЭНээс асуулгахаар та нарыг илгээсэн Иудагийн хаанд та нар үүнийг хэлэх болно. "Чиний сонссон үгсийг Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. 27 «Чиний зүрх зөөлөн байж, энэ газар болон эндхийн оршин суугчдын эсрэг хэлсэн Түүний үгсийг сонсоод Бурханы өмнө чи өөрийгөө даруу болгосон бөгөөд Миний өмнө чи өөрийгөө даруу болгож, хувцсаа уран, Миний өмнө уйлсан учир Би чамайг үнэхээр сонслоо» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 28 «Үзэгтүн, Би чамайг чиний эцэг өвгөд уруу аваачин, чи булшиндаа амар тайвнаар очих болно. Энэ газар болон эндхийн оршин суугчид дээр Миний авчрах бүх бүзар мууг чиний нүд үзэхгүй» гэсэн" гэх болно гэв. Тэд хариу үгийг хаанд дамжуулав. 29 Дараа нь хаан нь хүн илгээж, Иуда болон Иерусалимын бүх ахмадуудыг цуглуулав. 30 Хаан ба Иудагийн бүх эрчүүд, Иерусалимын оршин суугчид, тахилч нар, левичүүд болон хамгийн агуугаас хамгийн бага хүртэлх бүх ард түмэн ЭЗЭНий өргөө уруу явав. ЭЗЭНий өргөөнөөс олдсон гэрээний номын бүх үгсийг тэднийг сонсголд хаан уншив. 31 Тэгээд хаан өөрийн байрандаа зогсоод, ЭЗЭНий араас явж, Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг өөрийн бүх зүрх сэтгэлээрээ сахьж, энэ номд бичигдсэн гэрээний үгсийг хэрэгжүүлнэ гэж ЭЗЭНий өмнө гэрээ байгуулжээ. 32 Үүнээс гадна, Иерусалимд ба Бениаминд байсан бүх хүмүүсийг тэр өөртэйгөө хамт зогсоов. Тиймээс Иерусалимын оршин суугчид эцэг өвгөдийнхөө Бурхан болох Бурханы гэрээний дагуу үйлджээ. 33 Иосиа Израилийн хөвгүүдэд харьяалагдах бүх газар нутгаас бүх бузрыг зайлуулаад, Израильд буй бүх хүмүүсийг өөрсдийн Бурхан ЭЗЭНд үйлчлүүлэв. Түүний амьдралынх нь туршид тэд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг дагахаас эргээгүй юм.

35

1 Дараа нь Иосиа ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг Иерусалимд тэмдэглэж, нэгдүгээр сарын арван дөрвөнд тэд Дээгүүр Өнгөрөх баярын хургануудыг төхөөрөв. 2 Тэрээр тахилч нарыг үүрэгт ажилд нь оруулан, ЭЗЭНий өргөөнд үйлчлэхэд нь тэднийг урамшуулав. 3 Тэр бас бүх израильчуудыг сургадаг бөгөөд ЭЗЭНд ариун байсан левичүүдэд хандан —Ариун авдрыг Израилийн хаан Давидын хүү Соломоны барьсан өргөөнд оруулан залагтун. Энэ нь дахиж мөрөн дээрх ачаа болохгүй. Одоо өөрсдийн Бурхан ЭЗЭНд болон Түүний ард түмэн Израильд үйлчлэгтүн. 4 Израилийн хаан Давид болон түүний хүү Соломоны бичээсийн дагуу өөрсдийн бүлгүүд дэх эцгүүдийнхээ бүлүүдээр бэлтгэгтүн. 5 Үүнээс гадна, өөрсдийн ах дүүс болох эгэл ардуудын эцгүүдийн бүлүүдийн хэсгүүдийн дагуу, мөн левичүүдийн дагуу эцгүүдийн бүлүүдийн бүлгээр ариун газарт зогс. 6 Дээгүүр Өнгөрөх баярын хургануудыг төхөөрч, өөрсдийгөө ариусгаж, Мосегээр дамжуулсан ЭЗЭНий үгийн дагуу хийхэд нь өөрсдийн ах дүүсийг бэлтгэгтүн хэмээв. 7 Иосиа байсан бүх хүмүүст болох эгэл ардуудад Дээгүүр Өнгөрөх баярын тахилуудад зориулан хургануудын сүргүүд ба залуу ямаануудыг хандивласан бөгөөд гучин мянга дээр гурван мянган бух нэмжээ. Тэдгээр нь хааны өмч байв. 8 Түүний түшмэд бас ардуудад, тахилч нарт болон левичүүдэд сайн дурын өргөлийг тараав. Бурханы өргөөний түшмэд болох Хилкиа, Зехариа, Иехиел нар Дээгүүр Өнгөрөх баярын өргөлд зориулан хоёр мянга зургаан зууг ба гурван зуун бухыг тахилч нарт өгчээ. 9 Левичүүдийн түшмэд болох Конаниа, түүний ах дүүс Шемаиа, Нетанел нар, Хашабиа, Иеиел, Иозабад нар Дээгүүр Өнгөрөх баярын өргөлд зориулан таван мянгыг ба таван зуун бухыг левичүүдэд тараан өгсөн юм. 10 Ингээд үйлчлэл бэлтгэгдсэнд хааны тушаалын дагуу тахилч нар өөрсдийн байрлалуудад, мөн левичүүд өөрсдийн хэсгүүдээр зогсоцгоов. 11 Тэд Дээгүүр Өнгөрөх баярын хургануудыг төхөөж, тахилч нар тэдний гараас цусыг цацах хооронд, левичүүд арьсыг нь өвчив. 12 Дараа нь, эгэл ардуудын эцгүүдийн бүлүүдийн хэсгүүдэд өгөхийн тулд тэд шатаалт тахилуудыг тустай тавив. Тэдгээрийг Мосегийн номд бичигдсэний дагуу ЭЗЭНд барих байв. Бухнуудыг мөн адил өгөв. 13 Ингээд тэд Дээгүүр Өнгөрөх баярын хургануудыг зааврын дагуу гал дээр шарж, ариун зүйлсийг тогоо, том тоогоонууд, савнуудад чанаад, бүх эгэл ардуудад түргэхэн шиг аваачжээ. 14 Үүний дараа тэд өөрсөддөө болон тахилч нарт зориулан бэлтгэв. Учир нь тахилч нар болох Аароны хөвгүүд шатаалт тахилууд ба өөхийг шөнө хүртэл өргөжээ. Тийм учраас левичүүд өөрсөддөө ба Аароны хөвгүүд болох тахилч нарт зориулан бэлдсэн юм. 15 Асафын хөвгүүд болох дуучид ч гэсэн Давид, Асаф, Хеман болон хааны үзмэрч Иедутуны тушаалын дагуу өөрсдийн байрлалаа эзэлж байв. Мөн өөр өөрсдийн дааман хаалган дээрх сахиулууд өөрсдийн үйлчлэлээс холдох шаардлага гарсангүй. Учир нь тэдний ах дүүс болох левичүүд тэдэнд зориулан бэлтгэсэн байлаа. 16 Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэж, Иосиа хааны тушаалаар ЭЗЭНий тахилын ширээн дээр шатаалт тахилуудыг өргөхөөр ЭЗЭНий бүх үйлчлэл тэр өдөртөө бэлтгэгдсэн байв. 17 Ингээд тэнд байсан Израилийн хөвгүүд тэр үед Дээгүүр Өнгөрөх баярыг, мөн Исгээгүй Талхны Баярыг долоон өдөр тэмдэглэжээ. 18 Үүнтэй адил Дээгүүр Өнгөрөх баярыг эш үзүүлэгч Самуелын үеэс хойш тэмдэглэж байсангүй. Мөн Израилийн хаадын нэг нь ч тахилч нар, левичүүд, тэнд байсан бүх Иуда, Израиль болон Иерусалимын оршин суугчдын хамт Иосиагийн үйлдсэний адил тийм Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэж байгаагүй билээ. 19 Иосиагийн хаанчлалын арван найм дахь жилд энэ Дээгүүр Өнгөрөх баяр тэмдэглэгдсэн юм. 20 Энэ бүгдийн дараа буюу Иосиа сүмийг янзалсны дараа Египетийн хаан Неко дайтахаар Евфрат дахь Каршемишт ирсэн бөгөөд Иосиа түүнийг довтлохоор явлаа. 21 Гэвч Неко түүн уруу элч нарыг илгээн, —Иудагийн хаантан, бид бие биетэйгээ юу хийх билээ? Өнөөдөр чиний эсрэг бус, харин миний дайтаж буй гэрийн эсрэг явж байгаа бөгөөд Бурхан надад яаравчлахыг тушаав. Өөрийгөө Түүгээр устгуулахгүйн тулд өөрийгөө бодон надтай хамт байгаа Бурханд саад хийхээ болигтун гэв. 22 Харин Иосиа түүнээс эргэлгүй, түүнтэй дайтахаар зүсээ хувиргав. Тэрээр Бурханы амаас гарсан Некогийн үгийг ч сонсолгүй, харин Мегиддогийн талд тулалдахаар ирэв. 23 Харваачид Иосиа хааныг харван оносонд, хаан зарц нартаа —Би хүнд шархадсан болохоор намайг аваад яв гэв. 24 Тиймээс зарц нар нь түүнийг тэрэгнээс нь буулган авч, өөрт нь байсан хоёр дахь тэргэнд тавин, Иерусалимд авч ирэхэд тэрээр тэнд үхэж, эцэг өвгөдийнхөө булшинд оршуулагдсан билээ. Бүх Иуда ба Иерусалим Иосиагийн төлөө гашууджээ. 25 Дараа нь Иеремиа Иосиад зориулан гашуудлын дуу дуулжээ. Бүх эр, эм дуучид энэ өдрийг хүртэл өөрсдийн гашуудлууддаа Иосиагийн тухай өгүүлдэг юм. Тэд нар тэдгээрийг Израильд зарлиг болгожээ. Харагтун, тэдгээр нь бас Гашуудлуудын дотор бичигдсэн юм. 26 Иосиагийн бусад үйлс болон ЭЗЭНий хуульд бичигдсэнчлэн түүний итгэлийн үйлдлүүд, 27 түүний үйлс эхнээсээ дуустал, харагтун, тэдгээр нь Израиль ба Иудагийн Хаадын Номд бичигдсэн юм.

36

1 Тэгээд тэр газрын ард түмэн Иосиагийн хүү Иоахазыг авч, эцгийнх нь оронд Иерусалимд хаан болгон өргөмжлөв. 2 Иоахаз хаан болохдоо хорин гурван настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд гурван сар хаанчилжээ. 3 Дараа нь Египетийн хаан түүнийг Иерусалимд буулган авч, газар нутагт нь зуун талант мөнгө, нэг талант алтны хэмжээтэй торгууль ноогдуулав. 4 Египетийн хаан, түүний ах Елиакимыг Иуда ба Иерусалимын хаан болгож, түүний нэрийг Иехоиаким болгон өөрчилжээ. Харин дүү Иоахазыг нь Неко аваад Египетэд аваачив. 5 Иехоиаким хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Тэрээр өөрийн Бурхан ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдсэн билээ. 6 Вавилоны хаан Небухаднезар түүний эсрэг довтлон ирж, түүнийг Вавилон уруу авч явахаар хүрэл гинжээр хүлэв. 7 Небухаднезар бас ЭЗЭНий өргөөний эд зүйлсээс Вавилон уруу аваачаад, тэдгээрийг Вавилон дахь сүмдээ тавив. 8 Иехоиакимын бусад үйлс, түүний хийсэн бузар зүйлс, түүний эсрэг олдсон бүх юмс, харагтун, тэдгээр нь Израиль ба Иудагийн Хаадын Номд бичигдсэн юм. Түүний хүү Иехоиахин түүний оронд хаан болжээ. 9 Иехоиахин хаан болохдоо найман настай байж, Иерусалимд гурван сар арван өдөр хаанчилсан бөгөөд тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. 10 Дараа жилийн эхэнд Небухаднезар хаан хүн илгээн, түүнийг ЭЗЭНий өргөөний үнэт эд зүйлсийг хамт Вавилон уруу авчирсан бөгөөд түүний хамаатан болох Зедекиаг Иуда ба Иерусалимын хаан болгов. 11 Зедекиа хаан болохдоо хорин нэгэн настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. 12 Тэрээр өөрийн Бурхан ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдсэн юм. ЭЗЭНий төлөө ярьсан эш үзүүлэгч Иеремиагийн өмнө ч тэр өөрийгөө даруу болгоогүй юм. 13 Зедекиа бас Өөрийг нь Бурханаар тангараглуулсан Небухаднезар хааны эсрэг тэрслэн босов. Гэвч тэрээр Израилийн Бурхан ЭЗЭН уруу эргэхийн эсрэг зүрхээ хатууруулж, хүзүүгээ ч хатуу болгов. 14 Цаашилбал, тахилч нарын бүх түшмэд болон ард түмэн үндэстнүүдийн бүх бузар юмсыг даган маш итгэлгүй байв. Иерусалимд ариусгасан ЭЗЭНий өргөөг тэд бузарлажээ. 15 Тэдний эцэг өвгөдийн Бурхан болох ЭЗЭН Өөрийн элч нараараа дамжуулан тэдэнд дахин дахин үг илгээж байв. Учир нь Тэрээр Өөрийн ард түмэн болон Өөрийн орших газрыг энэрсэн билээ. 16 Гэвч ЭЗЭНий уур хилэн Өөрийн ард түмний эсрэг хөдөлж, ямар ч арга байхгүй болох хүртэл тэд Бурханы элч нарыг элэглэн доромжилж, Түүний үгийг жигшин, Түүний эш үзүүлэгчдийг тохуурхсан юм. 17 Тиймээс Тэрээр тэдний эсрэг халдеичуудын хааныг авчирсанд тэр нь тэдний залуусыг ариун газрынх нь өргөөнд илдээр цавчин алж, залуучууд онгон охидыг ч, хөгшид нялхсыг ч өршөөгөөгүй юм. Тэрээр бүгдийг түүний гарт тушаав. 18 Бурханы өргөөний эд зүйлсийг их бага гэлгүй, ЭЗЭНий өргөөний эрдэнэс болон хаан ба түүний түшмэдийн эрдэнэсийг бүгдийг тэрээр Вавилон уруу авчиржээ. 19 Дараа нь тэд Бурханы өргөөг шатааж, Иерусалимын хэрмийг нурааж, бүх бэхлэгдсэн барилгуудыг нь галдан шатааж, бүх үнэт эд зүйлсийг нь устгасан юм. 20 Илднээс амь гарагсдыг тэрээр Вавилон уруу авч явжээ. Персийн хаант улсын ноёрхлыг хүртэл тэд түүнд болон хөвгүүдэд нь боолууд болцгоосон байв. 21 Энэ нь Иеремиагийн амаар дамжуулсан ЭЗЭНий үгийг биелүүлэхийн тулд тэр газар нутаг амралтын өдрүүдээ эдэлж дуустал байв. Хоосролынхоо бүх өдрүүддээ буюу далан жил гүйцтэл уг газар амралтын өдрийг сахьсан юм. 22 Иеремиагийн амаар дамжуулсан ЭЗЭНий үгийг биелүүлэхийн тулд Персийн хаан Корешийн нэг дэх жилд Персийн хаан Корешийн сүнсийг ЭЗЭН хөдөлгөсөнд тэрээр хаанчлал даяараа тунхаглал илгээж, бичихдээ 23 "Персийн хаан Кореш ингэж айлдаж байна. «Тэнгэрийн Бурхан ЭЗЭН надад дэлхийн бүх хаанчлалуудыг өгч, Иуда дахь Иерусалимд Түүнд зориулан өргөө бариулахаар намайг Тэр томиллоо. Түүний бүх хүмүүсээс та нарын дунд байх хэн ч бай, түүний Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байж, тэр хүн яваг»" хэмээсэн болой.