1 Бурханы хүслээр Христ Есүсийн элч болсон Паул болон дүү Тимот нараас Коринт дахь Бурханы чуулганд болон Ахай даяар байгч бүх ариун хүмүүст; 2 Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл болон амар тайван нь та нарт байх болтугай. 3 Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэр бол өршөөлийн Эцэг, мөн бүх тайвшралын Бурхан мөн. 4 Бурхан биднийг тайвшруулсан тэрхүү тайвшралаар бид аливаа зовлонд орогсдыг тайвшруулах чадвартай байхын тулд Тэр биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг юм. 5 Учир нь Христийн зовлонгууд бидэнд арвин байдгийн адил түүнчлэн бидний тайвшрал ч мөн Христээр дамжуулан арвин байдаг. 6 Хэрэв бид зовж байгаа бол энэ нь та нарын тайвшрал хийгээд авралын төлөө юм. Хэрэв бид тайвшруулагдаж байгаа бол энэ нь та нарын тайвшралын төлөө билээ. Энэ тайвшрал нь бид ч гэсэн эдэлдэг тэрхүү ижил зовлонгуудыг тэвчээртэйгээр тэсвэрлэхэд үр нөлөөтэй байдаг. 7 Та нарын талаарх бидний найдвар бат билээ. Та нар бол бидний зовлонг хуваалцагчид төдийгүй тайвшралыг минь ч хуваалцагчид мөн гэдгийг бид мэднэ. 8 Ах дүү нар аа, Азид байхад бидэнд учирсан зовлонг, бид хүч чадлаасаа хэтэрсэн хүнд дарамтанд байснаас амьд үлдэх горьдлого маань ч тасарсныг та нар мэдээгүй байхыг бид хүсэхгүй байна. 9 Бид өөрсөддөө бус, харин үхэгсдийг амилуулдаг Бурханд найдахын тулд бид өөрсдийнхөө дотор үхлийн ялтай байсан. 10 Тэр биднийг тийм аймшигт үхлээс аварсан бөгөөд аврах болно. Тэр биднийг дахиж аварна гэж бид Түүнд өөрсдийн найдвараа тавьсан байв. 11 Залбирлаараа та нар ч мөн бидэнд тусалдаг. Тэгэхээр хүмүүсийн залбирлаар бидэнд соёрхогдсон бэлгээс болж бидний төлөө олон хүн талархал өргөх болно. 12 Учир нь бидний сайрхал энэ болой. Бид энэ ертөнцөд, ялангуяа та нарын дунд биеэ авч явахдаа Бурханы ариун байдал ба бурханлаг чин сэтгэл дотор, махан биеийн мэргэн ухаанаар бус, харин Бурханы нигүүлсэл дотор байсан юм. Үүнийг бидний мөс чанар гэрчилнэ. 13 Та нарын уншиж, ойлгодгоос өөр юмыг бид та нарт бичдэггүй. Та нар эцсийг хүртэл ойлгоно гэдэгт би найдаж байна. 14 Та нар биднийг зарим талаар ойлгосон шиг, [бидний] Эзэн Есүсийн өдөр бид та нарын, та нар бидний сайрхал болно. 15 Энэхүү итгэлээр би эхлээд та нар уруу очихыг хүссэн нь та нар хоёр удаа нигүүлслийг аваасай гэсэнд юм. 16 Би танайхаар дайрч Македонид очиж, Македониос дахин та нар уруу ирээд, Иудей уруу та нарын туслалцаатайгаар явах гэсэн юм. 17 Иймд би үүнийг хийе гэж бодохдоо хэлбэлзээгүй биз дээ? Эсвэл би юм төлөвлөхдөө махан биеийнхээ дагуу төлөвлөж, түүнчлэн нэг дор "За, за", "Үгүй, үгүй" гэдэг гэж үү? 18 Харин Бурхан бол итгэмжитийн адил бидний үг та нарт "За ба үгүй" байгаагүй юм. 19 Учир нь биднээр, тухайлбал надаар болон Силванаар, Тимотоор та нарын дунд тунхаглагдсан Бурханы Хүү, Христ Есүс нь "За ба үгүй" байгаагүй. Харин Түүний дотор "За" байгаа юм. 20 Учир нь Бурханы бүх амлалт Түүний дотор "За" гэдэг. Тиймд бид Бурханы алдрын тулд Түүгээр дамжуулан "Амен" гэдэг. 21 Христ дотор биднийг та нартай хамт бататгаж тосолсон Тэр бол Бурхан мөн. 22 Бас Тэр биднийг тамгалсан бөгөөд бидний зүрхэнд Сүнсийг барьцаа болгон өгсөн аж. 23 Би дахиж Коринтод очоогүй нь та нарыг хэлтрүүлэхийн тулд агаад үүний тулд би Бурханыг сэтгэлдээ гэрч болгон дууддаг. 24 Бид та нарын итгэлийг захирдаггүй. Харин бид та нарын баяр баясгалангийн төлөө та нартай хамтран ажиллагч юм. Учир нь та нар итгэлээрээ бат зогсдог.
1 Гэвч та нар уруу дахин уй гашуу болж очихоо больё гэж би хувьдаа шийдлээ. 2 Учир нь хэрэв би та нарыг гашуудуулбал миний гашуудуулсан тэр хүмүүсээс өөр хэн намайг баярлуулах вэ? 3 Намайг очих үед баярлуулах ёстой хүмүүс намайг гашуудуулах вий гэсэндээ би та нарт үүнийг бичсэн юм. Миний баяр баясгалан бол та бүгдийн баяр баясгалан мөн гэдэгт би та бүгдэд итгэдэг. 4 Та нарыг гашуудуулъя гэсэндээ бус, харин надад байгаа та нарын төлөө гэсэн хайрыг та нарт мэдүүлэхийн тулд үлэмж зовлонгоос, бачимдах зүрхнээсээ би нулимс унаган та нарт бичсэн юм. 5 Хэрэв хэн нэг чинь гашуудуулсан бол тэр хүн зөвхөн намайг гашуудуулсан бус, харин ямар нэгэн хэмжээгээр та бүгдийг ч гэсэн гашуудуулсан байх. Би хэтрүүлж хэлээгүй. 6 Тийм хүнд олонхын зүгээс гарсан энэ шийтгэл хангалттай. 7 Иймээс тэр хүнийг уй гашууд хэт автуулчихгүйн тулд харин ч та нар түүнийг уучилж, тайвшруулах нь дээр юм. 8 Тиймд түүний төлөө хайраа бататгахыг та нараас би хичээнгүйлэн гуйя. 9 Та нар бүх зүйлийн дотор дуулгавартай байдаг эсэхийн баталгааг чинь мэдэхийн тулд би ийнхүү бичсэн. 10 Та нар хэн нэгнийг ямар нэгэн юмаар нь уучилбал, би бас уучилна. Хэрэв би хэн нэгнийг ямар нэг юмаар нь уучилсан бол та нарын төлөө Христийн оршихуйд уучилсан билээ. 11 Ингэсэн нь биднийг Сатан мэхэлж далимдуулах вий гэсэндээ юм. Учир нь түүний хөнөөх санааг бид ямар мэдэхгүй биш. 12 Христийн сайн мэдээний төлөө намайг Тройд ирэхэд Эзэн өмнө маань хаалгыг нээсэн байсан. 13 Би өөрийн дүү Титийг олоогүйдээ сүнс минь амарсангүй. Харин ч тэдэнтэй салах ёс гүйцэтгээд, би Македонийг зорин явсан юм. 14 Харин Бурханд талархлууд нь өргөгдөх болтугай. Тэр нь биднийг Христ дотор ямагт ялуулдаг бөгөөд Түүний тухай мэдлэгийн анхилуун үнэрийг хаа сайгүй биднээр анхилуулдаг. 15 Яагаад гэвэл бид аврагдаж буй болон мөхөж буй хүмүүсийн дотор Бурханд зориулсан Христийн анхилуун үнэр мөн. 16 Нэгэнд нь аминаас амь дахь үнэр авай. Нөгөөд нь үхлээс үхэл дэх үнэр авай. Хэн эдгээрт чадвартай вэ? 17 Бид Бурханы үгийг олонх шиг үүргийн худалдаа болгогч бус, харин Бурханаас гарсан шиг, Бурханы өмнө чин сэтгэлээсээ Христ дотор ярьдаг.
1 Бид өөрсдийгөө дахин магтаж эхлэх үү? Эсвэл зарим хүмүүсийн адил та нарт үзүүлэх эсвэл та нараас бичсэн итгэмжлэлийн захиа бидэнд хэрэгтэй юу? 2 Та нар бол бидний зүрхэнд бичигдэж, бүх хүнээр уншигдаж, мэдэгддэг захиа минь шүү дээ. 3 Та нар бол бидний үйлчлэлээр Христийн захиа хэмээн танигдсан билээ. Энэхүү захиа бэхээр бус, харин амьд Бурханы Сүнсээр, чулуун самбарт бус, харин махан биеийн зүрхний самбарт бичигдсэн юм. 4 Бидэнд Христээр дамжуулан Бурханд хандах тийм бат итгэл байдаг. 5 Бид ямар нэгэн юмыг өөрсдөөсөө гаргадаг юм шиг шаардаж чадахгүй. Харин бидний чадвар Бурханаас гардаг юм. 6 Тэр биднийг үсгээр бус, харин Сүнсээр шинэ гэрээний үйлчлэгчид байх чадвартай болгожээ. Учир нь үсэг бол хөнөөдөг, харин Сүнс бол амь өгдөг аж. 7 Хэрэв хадан дээр үсгээр сийлэгдсэн үхлийн үйлчлэл ч гэсэн алдартайгаар ирж, Израилийн хөвгүүд Мосегийн нүүрэн дэх түр зуурын цог жавхлангийн улмаас түүний царайг харж чадахгүй байсан юм бол, 8 Сүнсний үйлчлэл нь илүү алдартай байх бус уу? 9 Учир нь хэрэв ял зэмлэлийн үйлчлэл нь алдартай байх аваас зөвт байдлын үйлчлэл нь алдар дотор үлэмж их бялхсан байна. 10 Учир нь урьд алдартай байсан зүйл нь давамгай алдраас болж хэдийнээ алдаргүй болжээ. 11 Хэрэв түр зуурынх нь алдартай байсан бол мөнх үлдэх нь үлэмж их алдартай байна. 12 Иймээс бид тийм найдвартай байж, үнэнхүү зоригтойгоор хэлдэг. 13 Бид Мосе шиг биш юм. Аажимдаа байхгүй болох зүйлийнхээ төгсгөлийг Израилийн хөвгүүдэд харуулахгүйн тулд тэр нүүрээ бүтээлгээр халхалсан. 14 Харин тэдний ухаан санаа хатуурсан ажээ. Тэгээд яг энэ өдрийг хүртэл хуучин гэрээг уншихад нь ч өнөөх бүтээлэг авагдалгүй үлджээ. Яагаад гэвэл тэр нь Христ дотор л зайлуулагдана. 15 Энэ өдрийг хүртэл Мосег унших бүрд тэдний зүрхэн дээр бүтээлэг тавиастай байдаг. 16 Гэвч хүн Эзэнд хандаж эргэх бүрд бүтээлэг авагддаг. 17 Эзэн бол Сүнс мөн. Эзэний Сүнс хаана байна, тэнд эрх чөлөө байдаг. 18 Харин бид бүгд бүтээлэггүй нүүрээр Эзэний алдрыг тусган харуулдаг. Сүнс болох Эзэн биднийг алдраас алдарт Өөртэйгөө ижил дүрээр өөрчилдөг билээ.
1 Тиймд бид өршөөлийг хүлээн авч, энэ үйлчлэлтэй болсноор зүрх алдахгүй. 2 Бид ичгүүрийн улмаас нууцлагдсан юмсыг үл хэрэгсэж, заль мэхээр явалгүй, Бурханы үгийг будлиулалгүй, харин үнэний илрэлээр өөрсдийгөө Бурханы өмнө хүн бүрийн мөс чанарт сайшаана. 3 Хэрэв бидний сайн мэдээ нууцлагдсан бол энэ нь мөхөж буй хүмүүсийн хувьд нууцлагдсан хэрэг. 4 Энэ үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын сайн мэдээний гэрлийг үзэж чадахгүй болжээ. 5 Учир нь бид өөрсдийгөө тунхагладаггүй, харин Христ Есүсийг Эзэн гэж тунхагладаг. Мөн өөрсдийгөө Есүсийн төлөөх та нарын боолууд гэж тунхагладаг юм. 6 Яагаад гэвэл "Харанхуйгаас гэрэл гэрэлтэг" гэж айлдсан Бурхан бол Христийн нүүрэн дэх Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн мөн. 7 Хүчний давамгайлал нь биднээс биш, харин Бурханых байхын тулд бид энэхүү баялгийг шавар савнуудад тээдэг. 8 Бид бүх талаараа зовдог боловч няцардаггүй. Сандардаг боловч цөхөрдөггүй. 9 Хавчигддаг боловч хаягддаггүй, цохигддог боловч мөхдөггүй. 10 Бид биедээ Есүсийн үхлийг үргэлж тээж явдаг. Ингэвэл Есүсийн амь мөн бидний бие дотор илэрхийлэгдэх юм. 11 Амьд байгаа бид Есүсийн төлөө үхэлд байнга тушаагддаг. Ингэвэл Есүсийн амь мөн бидний үхлийн махан бие дотор илэрхийлэгдэх болно. 12 Тийнхүү үхэл бидний дотор ажилладагчлан, амь нь та нарын дотор ажилладаг. 13 "Би итгэсэн. Тиймээс би ярьсан" гэж бичигдсэний дагуу бидэнд ч адилхан итгэлийн сүнс байж, бид ч гэсэн итгэдэг. Тиймээс бид бас ярьдаг юм. 14 Эзэн Есүсийг амилуулсан Нэгэн биднийг ч бас Есүстэй хамт амилуулж, биднийг та нарын хамт Өөрийнхөө өмнө аваачна гэдгийг бид мэддэг. 15 Учир нь бүх юмс та нарын төлөө байдаг билээ. Энэ нь нигүүлсэл улам олон хүнд нэмэгдэж, Бурханд алдар хийгээд талархлыг бялхсанаар өргөхийн тулд юм. 16 Тиймээс бид зүрх алддаггүй. Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаа ч доторх хүн маань өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна. 17 Учир нь цаг зуурын ялихгүй зовлон нь бидэнд мөнх алдрыг үлэмж арвинаар бий болгож байна. 18 Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол түр зуурынх, харин үл үзэгдэх юмс бол мөнх билээ.
1 Учир нь хэрэв бидний газар дахь гэр болох майхан нурах аваас бидэнд гараар баригдаагүй, тэнгэрт мөнх байх, Бурханы барилга буйг бид мэддэг. 2 Учир нь бид тэнгэрээс буй бидний орших оронг өмсөхийг их хүсэж, энэ майханд ёолон байдаг. 3 Хэрэв бид хувцасласан байх аваас нүцгэнээр олдохгүй. 4 Учир нь бид энэ майхандаа байх зуураа дарамттай байж, ёолдог юм. Яагаад гэвэл үхлийн бие нь амиар залгигдсан байхын тулд бид тайлахыг бус, өмсөхийг хүсдэг юм. 5 Эдүгээ биднийг энэхүү зорилгын төлөө бэлдсэн нь бидэнд Сүнсийг барьцаа болгон өгсөн Бурхан мөн. 6 Тиймээс бид үргэлж урамтай байдаг бөгөөд бие дотроо суух зуураа Эзэнээс хол байгаагаа мэддэг юм. 7 Учир нь бид үзэгдэж байгаагаар бус, харин итгэлээр алхаж байна. 8 Бид урамтай байдаг бөгөөд биеэсээ холдон явж, Эзэнтэй хамт гэртээ байх нь хавьгүй дээр гэж боддог. 9 Тиймд гэртээ байсан ч, гэрээсээ холдсон ч Түүнд таалагдах нь бидний эрмэлзэл билээ. 10 Учир нь хүн бүр мууг ч бай, сайныг ч бай, юу үйлдсэнийхээ төлөө биеэрээ хариугаа авахын тулд бид бүгдээрээ Христийн шүүхийн суудлын өмнө гарч ирэх ёстой. 11 Иймээс бид Эзэнээс эмээхүйг мэдэж, хүмүүсийг ятгадаг. Бид Бурханд ил тод болсон билээ. Мөн та нарын мөс чанарын дотор ч бид ил тод болсон гэж би найддаг. 12 Бид өөрсдийгөө дахиж та нарт сайшаах гээгүй. Харин биднээр бахархах боломжийг та нарт өгч байна. Ингэвэл зүрхэнд байгаагаараа бус, харин гаднах төрхөөрөө бахархдаг тэдгээр хүмүүст та нар хэлэх хариутай болно шүү дээ. 13 Учир нь хэрэв бид ухаанаа алдсан бол энэ нь Бурханы төлөө юм. Хэрэв бид эрүүл ухаантай байгаа бол энэ нь та нарын төлөө юм. 14 Нэг нь бүх хүмүүсийн төлөө үхсэн тул бүгд үхсэн гэж бид ятгагдсан тул Христийн хайр биднийг албаддаг. 15 Тэр бүгдийн төлөө үхсэн учраас амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө үхээд, амилуулагдсан Түүний төлөө амьдрах ёстой. 16 Иймд үүнээс хойш бид хэнийг ч махан биеийн дагуу үзэхгүй. Хэдийгээр бид Христийг махан биеийн дагуу мэддэг байсан ч гэсэн эдүгээ бид Түүнийг дахиад тийм байдлаар нь мэдэхгүй. 17 Тиймээс хэрэв хэн нэгэн хүн Христ дотор байвал тэр хүн шинэ бүтээл мөн. Хуучин юмс нь өнгөрчээ. Харагтун, шинэ болсон байна. 18 Бүх юмс Бурханаас байгаа юм. Тэр Христээр биднийг Өөртэйгөө эвлэрүүлж, бидэнд эвлэрлийн үйлчлэлийг өгсөн байна. 19 Яагаад гэвэл Бурхан дэлхийг Христ дотор Өөртэйгөө эвлэрүүлж, хүмүүсийн гэм бурууг үл харгалзсан бөгөөд эвлэрлийн үгийг бидэнд даалгасан билээ. 20 Иймээс бид Христийн төлөөх элчин сайд нар юм. Бурхан биднээр дамжуулж ятгаж байгаачлан бид Христийн төлөө та нараас гуйя. Бурхантай эвлэрцгээ. 21 Тэр нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө нүгэл болгосон юм. Тэгснээр бид Түүний дотор Бурханы хүртээх зөвт байдал болох юм.
1 Бурхантай хамтран ажиллаж байгаа бид та нараас хичээнгүйлэн гуйя. Бурханы нигүүлслийг бүү дэмий хоосон аваарай. 2 Учир нь Тэр "Би тааламжтай цагт чамайг сонссон. Авралын өдөрт Би чамд тусалсан" гэж айлддаг. Харагтун, одоо бол "Тааламжтай цаг" байна. Харагтун, одоо бол "Авралын өдөр" байна. 3 Үйлчлэл муучлагдах вий хэмээн бид хэнд ч юугаар ч саад тавьдаггүй. 4 Харин бид өөрсдийгөө Бурханы үйлчлэгчид хэмээн бүхний дотор баталдаг юм. Үлэмж хүлцэл, зовлон, гачигдал, дарамтан дотор, 5 зодуур, шорон, үймээн самуун, ажил хөдөлмөр, нойргүйдэл болон өлсгөлөн дотор, 6 цэвэр байдал, мэдлэг, тэвчээр, нинжин сэтгэл, Ариун Сүнс, жинхэнэ хайр дотор, 7 үнэний үг болон Бурханы хүч дотор, баруун ба зүүн гар дахь зөвт байдлын зэвсгүүдээрээ, 8 алдар хийгээд доромжлолоор, муу, сайн хэлэгдсэнээрээ тийн баталдаг. Мэхлэгчид шиг боловч үнэнч, 9 цуутай биш юм шиг боловч цуутай, үхэгсэд шиг боловч харагтун, бид амьд, цээрлүүлэгдсэн юм шиг боловч алуулаагүй, 10 гутрангуй юм шиг боловч үргэлж баяр хөөртэй, ядуу хоосон юм шиг боловч олон хүнийг баян болгогчид, юу ч байхгүй юм шиг боловч бүгдийг эзэмшигчид мөн. 11 Коринтчууд аа, бид та нартай чөлөөтэй ярьсан. Бидний зүрх өргөнөөр нээгдсэн байна. 12 Та нар бидэн дотор баригдаагүй. Харин та нар дотроо баригдсан аж. 13 Хариуд нь "Та нар ч гэсэн өргөнөөр нээлттэй бай" гэж би хүүхдүүддээ хэлдэгчлэн та нарт хэлж байна. 14 Үл итгэгчдийн хамт нэг буулганд бүү орогтун. Зөвт байдал ба ёс бус нь яаж хамтрах билээ? Гэрэл ба харанхуйн хооронд ямар нөхөрлөл байдаг билээ? 15 Христ ба Белиалын хооронд ямар зохицол байх билээ? Итгэгч хүн итгэгч бус хүнтэй юугаараа адил билээ? 16 Бурханы сүм ба шүтээнүүдийн хооронд ямар зөвшилцөл байх билээ? Учир нь бид амьд Бурханы сүм мөн. Бурхан айлдахдаа "«Би тэдний дотор оршино, Би тэдний дунд алхана. Би тэдний Бурхан болно. Тэд Миний ард түмэн болно. 17 Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай» гэж Эзэн айлддаг. «Бузар юманд бүү хүр. Би та нарыг хүлээн авч, 18 Та нарын Эцэг чинь болно. Та нар ч Миний хөвгүүд, охид болно» гэж Төгс хүчит Эзэн айлддаг" гэжээ.
1 Хайрт хүмүүс минь, эдгээр амлалтууд байгаа тул бид өөрсдийгөө махан биеийн ба сүнсний бүх л бузар булайгаас цэвэрлэе. Ингэхдээ Бурханаас эмээж, ариун байдлыг төгс болгоё. 2 Бидэнд зориулж зүрх сэтгэлдээ өрөө гарга. Бид хэнийг ч буруутгаагүй, хэнийг ч завхруулаагүй, хэнийг ч мэхлээгүй. 3 Та нарыг зэмлэх гэж би хэлээгүй. Учир нь хамтдаа үхэж, хамтдаа амьд байхын тулд та нар бидний зүрхэнд байдаг гэж би урьд нь хэлсэн. 4 Би та нарын өмнө асар их зориг гаргаж байна. Та нарын талаарх миний сайрхал үлэмж их билээ. Би тайвшралаар дүүрсэн юм. Өөрсдийн бүх зовлонгууд дотор би баяр хөөрөөр бялхаж байна. 5 Бид Македонид очсон ч гэсэн бидний махан бие амарсангүй. Гэвч бид тал бүрээсээ зовлон амсаж, гаднаа тэмцэлтэй, дотроо айдастай байв. 6 Гэвч дарамтанд байгсдыг тайвшруулагч Бурхан Титийн ирэлтээр биднийг тайвшруулав. 7 Зөвхөн түүний ирэлтээр ч бус, мөн та нараас болж тайвширсан түүний тайвшралаар юм. Миний төлөөх та нарын хүсэл тэмүүлэл, уй гашуу, зүтгэлийн талаар тэр бидэнд мэдэгдсэн тул би бүр улам илүү баярласан юм. 8 Хэрэв би та нарыг захидлаараа гашуудуулсан бол үүндээ харамсахгүй байна. Учир нь тэр захидал хэдийгээр түр зуур ч гэлээ та нарыг гашуудуулсан гэдгийг би мэдээд үнэндээ харамссан. 9 Та нарыг гашуудуулсандаа бус, харин гэмштэл чинь гашуудуулсандаа би одоо баярлаж байна. Учир нь биднээс болж ямар ч хохирол амсахгүйн тулд та нар Бурханы хүслийн дагуу гашуудсан юм. 10 Бурханы хүслийн дагуух гашуудал нь үл харамсах гэмшлийг бий болгон авралд хүргэдэг аж. Харин ертөнцийн гашуудал нь үхлийг бий болгодог. 11 Энэхүү бурханлаг гашуудал нь та нарын дотор ямар хэрсүү байдал, зөвтгөл, эгдүүцэл, айдас, халуун хүсэл, зүтгэл, шийтгэл бий болгосныг харагтун. Та нар цэвэр гэдгээ энэ хэрэгт алив бүхнээр харууллаа. 12 Гэхдээ би гомдоогчийн төлөө бус, гомдогчийн ч төлөө бус, харин бидний төлөөх та нарын хичээл зүтгэлийг Бурханы өмнө өөрсдөд чинь мэдүүлэхийн тулд та нарт хандаж бичсэн юм шүү. 13 Тийм учраас бид тайвширсан. Бидний тайвшралын зэрэгцээ Титийн баяр хөөрөнд бид бүр ч их баярласан. Яагаад гэвэл түүний сүнс та бүгдээс болж сэргэсэн байв. 14 Хэрэв би түүнд та нарыг ямар нэгэн байдлаар магтсан байлаа ч би ичээгүй. Харин бид та нарт бүхнийг үнэнээр хэлсэн шиг түүнчлэн бидний сайрхал Титийн өмнө үнэн болов. 15 Та нар айж, дагжин байж түүнийг хүлээн авсан болон та бүгдийн дуулгавартай байдлыг тэр санахдаа зүрх нь улам бүр та нар уруу ханддаг. 16 Ямар ч юманд та нарт найддагтаа би баярладаг.
1 Ах дүү нар аа, Македоний чуулгануудад өгсөн Бурханы нигүүлслийн талаар та нарт мэдүүлэхийг бид хүсэж байна. 2 Зовлонгийн үлэмж хатуу сорилтод байхдаа тэдний баяр баясгалангийн бялхал, туйлын ядуу зүдүү байдал нь тэдний өглөгч зангийн баялагт бялхсан аж. 3 Учир нь тэд хэр чадлаараа болон хэрээсээ ч илүү, сайн дураараа өгснийг би гэрчилнэ. 4 Ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд оролцох ивээлийн талаар биднээс асар шаргуугаар гуйж, 5 бидний хүсэж байснаар бус, харин эхлээд тэд өөрсдийгөө Эзэнд, дараа нь Бурханы тааллын дагуу бидэнд өгсөн. 6 Иймээс урьдаас эхэлсэн шигээ энэхүү нигүүлсэнгүй ажлаа та нарын дотор дуусгахыг бид Титээс гуйсан юм. 7 Харин та нар юм бүхний дотор, итгэл, үг, мэдлэг, аливаа оролдлого, та нарт хандах бидний хайр дотор бялхам байдгийн адил энэхүү нигүүлсэнгүй ажилд ч гэсэн бялхам байгаарай. 8 Би үүнийг тушаал мэт биш, харин та нарын хайрын жинхэнэ байдлыг бусдын зүтгэлээр батлахын тулд хэлж байна. 9 Учир нь та нар бидний Эзэн Есүс Христийн нигүүлслийг мэднэ. Хэдийгээр Тэр баян байсан боловч Өөрийнхөө ядуурлаар та нарыг баян болгохын тулд та нарын төлөө Тэр ядуу болжээ. 10 Энэ нь та нарын төлөө тул би энэ зүйл дээр өөрийн бодлоо хэлье. Нэг жилийн өмнө та нар анхлан үүнийг хийхээр эхэлсэн төдийгүй, мөн ингэхийг хүссэн шүү дээ. 11 Харин одоо мөн үүнийгээ хийж дуусга. Үүнийг хүсэхдээ бэлэн байсан шигээ өөрсдийн хир чадлаараа мөн үүнийгээ дуусга. 12 Хэрэв бэлэн байдалтай байвал, байхгүй зүйлийн дагуу бус, байгаа зүйлийн дагуу энэ нь тааламжтай. 13 Бусдын хувьд хөнгөн болж, та нарт зовлон болоосой гэсэндээ бус, харин тэгш байхын үүднээс ингэв. 14 Өнөө цагт та нарын элбэг дэлбэг байдал тэдний хэрэгцээг хангаж байгаачлан тэдний элбэг дэлбэг байдал бас та нарыг хангах болно. Тэгэхлээр тэгш байх болно. 15 Энэ нь "Ихийг хураасан хүнд нь илүүдсэнгүй, багыг хураасан хүнд нь дутсангүй" гэж бичсэнчлэн юм. 16 Харин та нарын төлөө гэсэн адилхан зүтгэлийг Титийн зүрхэнд өгсөн Бурханд талархал байх болтугай. 17 Яагаад гэвэл тэр бидний гуйлтыг хүлээн авсан төдийгүй өөрөө ихэд хичээж, сайн дураараа та нар уруу явсан. 18 Бид түүнтэй хамт нэгэн дүүг илгээлээ. Түүнийг сайн мэдээний төлөө бүх чуулганууд магтдаг. 19 Зөвхөн энэ ч биш, мөн бидний хүслийг үзүүлэхийн тулд болон Эзэний Өөрийнх нь алдрын төлөө бидний үйлчилж буй энэхүү нигүүлсэнгүй ажилд хамт явуулахаар түүнийг чуулганууд томилсон. 20 Бидний үйлчилж буй энэхүү өгөөмөр бэлэг сэлтийн ажилд хэн нэг нь биднийг гутаах вий гэснээс ийнхүү урьдчилан сэргийлсэн юм. 21 Учир нь бид зөвхөн Эзэний өмнө төдийгүй мөн хүмүүсийн өмнө хүндлүүштэй зүйлсийг ч анхаарч үздэг. 22 Бид тэдний хамт нэг дүүгээ илгээв. Бид түүний зүтгэлийг нь олон удаа зүйл бүрээр сорьсон. Одоо тэр та нарт ихэд итгэдэг тул бүр ч их зүтгэлтэй болсон. 23 Титийн хувьд гэвэл, тэр бол миний анд нөхөр бөгөөд та нарын дунд буй хамтран зүтгэгч мөн. Ах дүү нарын хувьд гэвэл, тэд бол чуулгануудын элч нар бөгөөд Христийн алдар мөн. 24 Иймд та нар өөрсдийн хайрын болон та нарын талаарх бидний сайрхлын баталгааг чуулгануудын өмнө тэдэнд ил тод үзүүл.
1 Үнэндээ ариун хүмүүст хандсан энэ үйлчлэлийн талаар та нарт бичих нь надад илүүц юм. 2 Учир нь би та нарын бэлэн байдлыг мэднэ. Та нарын үүгээр чинь би македоничуудад сайрхдаг. "Ахай ноднингоос эхэлж бэлтгэгдсэн" гэж би хэлсэн бөгөөд та нарын зүтгэл тэдний олонхыг хөдөлгөсөн билээ. 3 Миний хэлж байснаар та нар бэлдээсэй гэсэндээ би ах дүүсийг илгээлээ. Та нарын талаарх бидний бахархал энэ хэрэгт хоосон болчих вий. 4 Хэрэв надтай хамт македоничуудын хэн нэг нь ирж, та нарын бэлтгэлгүй байгааг олж харвал, та нараар барахгүй бид ч энэ итгэл найдвар дотор ичгүүртэй байдалд орох болно. 5 Тиймд та нарын хэдийнээ амласан өглөгийг урьдаас бэлэн болгуулахын тулд та нар дээр түрүүлээд очооч гэж ах дүү нарыг ятгах шаардлагатай хэмээн би үзлээ. Тэгвэл энэ нь харам сэтгэлийн өглөг бус, харин өгөөмөр сэтгэлийн өглөг байх болно. 6 Тэгэхлээр ийм байна. Хармыг тарьдаг хүн хармыг хураана. Өгөөмрөөр тарьдаг хүн өгөөмрөөр хураана. 7 Хүн бүр зүрхэндээ шийдсэнчлэн дурамжхан бус, албадлага бусаар өгөгтүн. Учир нь Бурхан урамтайгаар өгөгчийг хайрладаг. 8 Бурхан бүх нигүүлслийг та нарт бялхаах чадалтай. Тийнхүү та нар үргэлж юм бүхэнд бүрэн хангалуун байдалтай байж, алив сайн үйлд элбэг баян байх болно. 9 Энэ тухай "Тэр тараасан, ядууст өгсөн. Түүний зөвт байдал мөнхөд байна" гэж бичсэн ажгуу. 10 Тариачинд үрийг, хоолонд талхыг бэлдэн өгдөг Тэрээр та нарыг ханган, тарих үрийг чинь өсгөх бөгөөд та нарын зөвт байдлын ургацыг арвижуулах болно. 11 Та нар их өгөөмөр байдлын төлөө юм бүхэнд баяжих болно. Энэ нь биднээр дамжуулан Бурханд өргөх талархлуудыг бий болгодог. 12 Яагаад гэвэл энэ үйлчлэлийн үүрэг нь зөвхөн ариун хүмүүсийн хэрэгцээг хангадаг төдийгүй, харин ч Бурханд өргөх арвин талархлуудаар мөн бялхдаг. 13 Энэхүү үйлчлэлээр өгөгдсөн баталгааны улмаас тэд Христийн сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн дуулгавартай байдлын чинь төлөө, мөн тэдэнд болон бүх хүнд өгсөн та нарын хандивын өгөөмөр сэтгэлийн төлөө Бурханыг алдаршуулах болно. 14 Тэд та нарын төлөөх залбирлаараа ч та нар уруу тэмүүлдэг. Учир нь Бурханы хэмжээлшгүй нигүүлсэл та нарын дотор байгаа юм. 15 Түүний зүйрлэшгүй бэлгийн төлөө Бурханд талархал байх болтугай.
1 Одоо Паул би өөрөө Христийн хүлцэл болон дөлгөөн байдлаар та нарыг ятгаж байна. Би та нартай нүүр учрахдаа хүлцэнгүй байгаад харин хол байхдаа зоригтой байдаг гэнэ. 2 Биднийг махан биеийнхээ дагуу явсан юм шиг боддог зарим хүмүүсийн эсрэг зоригтой байя гэж бодож байгаа итгэлтэйгээр дэргэд чинь байхдаа би зоригтой байхгүй байхын тулд та нараас гуйж байна. 3 Учир нь бид махан бие дотор алхдаг боловч, махан биеийн дагуу дайтдаггүй. 4 Учир нь бидний байлдааны зэвсэг бол махан биеийнх биш, харин цайзуудыг эвдэж нураах Бурханы хүчит зэвсгүүд юм. 5 Бид цэцэрхэл болон Бурханы мэдлэгийн эсрэг босогч аливаа өндөрлөг зүйлийг устгаж, ямар ч бодол санааг Христийн дуулгавартай байдалд олзлуулдаг. 6 Та нарын дуулгавартай байдал биелэгдмэгц бүх дуулгаваргүй байдлыг шийтгэхэд бид бэлэн байдаг. 7 Та нар юмсыг гадна байдлаар нь хардаг. Хэрэв хэн нэгэн хүн Христийнх мөн гэдэгтээ өөртөө итгэлтэй байдаг бол тэр өөрийнхөө дотор үүнийг дахиж нэг бодож үзэг. Тэр өөрийгөө Христийнх мөн гэдгийн адил бид ч бас мөн. 8 Та нарыг устгахын тулд бус, босгон байгуулахын тулд Эзэний бидэнд өгсөн эрх мэдлийн талаар би хальж сайрхсан ч ичихгүй. 9 Учир нь би та нарыг өөрийн захидлуудаар айлгадаг юм шиг санагдахыг хүсдэггүй. 10 Яагаад гэвэл тэд "Түүний захидлууд нь үнэндээ даацтай бөгөөд хүчтэй. Гэвч биеийн байдал нь сул дорой бөгөөд үг яриа нь ч зэвүүцмээр" гэж ярьдаг. 11 Тийн боддог нэг нь үүнийг мэдэж аваг. Юу гэвэл хол байхдаа бид захидлууд доторх үгэнд ямар байдаг шигээ хамт байх үедээ мөн ажил үйлсэд тийм байна. 12 Учир нь өөрсдийгөө магтдаг тэдгээр хүмүүсийн зарим нэгэнтэй нь бид өөрсдийгөө жиших юмуу харьцуулахыг зүрхэлдэггүй. Харин тэд өөрсдийгөө өөрсдөөрөө хэмжиж, өөрсдийгөө өөрсөдтэйгөө харьцуулдаг. Тэд ухаангүй ажээ. 13 Гэвч бид хэмжээнээсээ хэтэрч сайрхахгүй. Харин та нарт хүртэл хүрэхийн тулд Бурханы бидэнд хуваарилсан хэмжээнд л сайрхана. 14 Бид та нарт хүрээгүй юм шиг өөрсдөөрөө хэт сайрхаагүй. Үнэндээ та нарт хүртэл Христийн сайн мэдээтэй ирсэн нь бид билээ. 15 Бид хэмжээнээсээ хэтэрч сайрхаагүй. Энэ нь бусад хүмүүсийн хөдөлмөрөөр сайрхаагүй гэсэн үг юм. Та нарын итгэл өсөх тутам, та нарын дундах бидний үйл ажиллагааны цар хүрээ нь өргөснө. Энэ нь бидний найдвар юм. 16 Тиймд та нараас цааших нутгуудад ч гэсэн сайн мэдээг тунхагладаг бөгөөд бусдын талбарт хийж дуусгагдсан юмсаар бид сайрхдаггүй билээ. 17 Харин сайрхагч нь Эзэн дотор сайрхагтун. 18 Учир нь өөрийгөө магтагч хүн бус, харин Эзэний магтдаг хүн сайшаагдсан нь байна.
1 Бага зэргийн мунхаглал дотор минь намайг тэвчихийг хүсье. Намайг хүлцэн тэвчээрэй. 2 Би бурханлаг хардалтаар та нарыг хардаж байна. Учир нь би та нарыг ариун онгон охин мэт Христийн өмнө аваачихаар ганц нөхөртэй сүй тавиулсан. 3 Гэвч могой залиараа Еваг мэхэлсэн шигээ Христ уруу хандсан [цэвэр,] энгийн байдлаас та нарын санаа бодлуудыг төөрүүлчих вий гэхээс би айж байна. 4 Учир нь хэрэв хэн нэг нь очоод, бидний тунхаглаж байснаас өөр Есүсийг тунхаглахад, эсвэл та нарын хүлээн аваагүй өөр сүнсийг хүлээн авахад, эсвэл та нарын хүлээн зөвшөөрөөгүй өөр сайн мэдээг хүлээн авахад та нар дуртайяа тэвчдэг. 5 Би өөрийгөө хамгийн эрхэм тэдгээр элч нараас юугаараа ч дутахгүй гэж боддог. 6 Хэдийгээр үг яриагаараа эв дүйгүй ч, мэдлэгээрээ тийм бишээ. Бид үүнийг бүх юмсаар, тал бүрээр та нарт харуулсан. 7 Та нарыг өргөмжлөхийн тулд өөрийгөө даруу болгож, Бурханы сайн мэдээг та нарт үнэгүй тунхагласнаараа би нүгэл үйлдсэн хэрэг үү? 8 Та нарт үйлчлэхийн тулд би бусад чуулгануудыг цөлмөж хөлс авч байлаа. 9 Би та нарын дэргэд байхдаа юмаар дутагдахад хэнд ч төвөг удаагүй. Македониос ирсэн ах дүүс миний хэрэгцээг бүрэн хангасан. Алив зүйлээр та нарт дарамт болохгүйн тулд би өөрийгөө хичээж байсан бөгөөд хичээх ч болно. 10 Христийн үнэн миний дотор байгаачлан Ахайн нутгуудад хэн ч миний энэхүү сайрхлыг болиулахгүй. 11 Яагаад? Би та нарыг хайрладаггүй учраас уу? Бурхан мэддэг. 12 Гэвч би юу хийж байгаагаа үргэлжлүүлэн хийнэ. Ингэснээр өөрсдийнхөө сайрхаад байгаа зүйл дээр бидэнтэй адилхан гэж харагдах боломжийг хүсэж буй хүмүүсээс тэр боломжийг нь би таслах юм. 13 Учир нь ийм хүмүүс бол хуурамч элч нар, зальтай ажилчид, өөрсдийгөө Христийн элч нар болгон хувиргагчид аж. 14 Сатан ч өөрийгөө гэрлийн тэнгэр элч болгон хувиргадаг учраас гайхах юм алга. 15 Тиймээс хэрэв түүний зарц нар бас өөрсдийгөө зөвт байдлын зарц нар болгон хувиргах аваас энэ нь гайхмаар юм биш аж. Тэдний төгсгөл үйлсийнх нь дагуу байх болно. 16 Би дахин хэлье. Хэн ч намайг мунхаг гэж бүү бод. Хэрэв тэгж бодлоо гэхэд намайг мунхаг мэтээр хүлээн ав. Би бас жаахан сайрхмаар байна. 17 Миний ярьж буй зүйл нь Эзэний дагуу ярьж байгаа бус, харин мунхаг хүн мэт сайрхуу итгэлээр ярьж байгаа юм. 18 Олон хүн махан биеийн дагуу сайрхдаг тул би ч бас сайрхана. 19 Учир нь та нар ухаантай атлаа мунхаг хүмүүсийг баяртайгаар хүлцэн тэвчдэг. 20 Хэрэв хэн нэгэн хүн та нарыг боолчилж, цөлмөж, завшиж өөрийгөө өргөмжилж, нүүрэн дундуур чинь дэлсээд авбал та нар хүлцэн тэвчдэг шүү дээ. 21 Бид мөхөс байсан гэдгээ хэлэхэд надад ичгүүртэй. Харин хэн ч ямар ч юманд зориглодог. Би мунхаглан хэлье. Би ч зориглодог. 22 Тэд еврейчүүд үү? Би бас мөн. Тэд израильчууд уу? Би бас мөн. Тэд Абрахамын үр удам уу? Би бас мөн. 23 Тэд Христийн зарц нар уу? (Би ухаангүй мэт ярьж байна.) Би бүр ч илүү. Хөдөлмөрөөрөө ч илүү, хоригдсоноороо ч илүү бөгөөд тоо томшгүй жанчуулж, үргэлж үхлийн аюулд орж байлаа. 24 Иудейчүүд намайг таван удаа гучин ес ташуурдсан. 25 Намайг саваагаар гурвантаа жанчиж, нэг удаа над уруу чулуу шидэцгээж байв. Гурван удаа би усан онгоцны сүйрэлд өртөж, тэнгисийн гүнд өдөр, шөнийг өнгөрөөж байлаа. 26 Ахин дахин аялан явахдаа, гол мөрний аюул, дээрэмчдийн аюул, нутаг нэгтний аюул, Харь үндэстнүүдийн аюул, хотын аюул, говийн аюул, тэнгис дээрх аюул, хуурамч ах дүүсийн дунд байх аюул дундуур явж байсан бөгөөд 27 хөдөлмөр болон хүнд хэцүү байдал дотор байж, олон удаа унталгүй, өлсөж, цангаж, олонтаа хоол ундгүй байж, нүцгэрч, даарч хөрч байлаа. 28 Энэ бүгдээс гадна, би өдөр бүр бүх чуулгануудын төлөө зовних дарамтанд байна. 29 Хэн сул дорой байна, би сул дорой байгаагүйсэн бил үү? Хэн өдөөгдөв, би шатсан байгаагүйсэн бил үү? 30 Хэрэв би сайрхах хэрэгтэй бол өөрийнхөө мөхөс байдлаар сайрхах болно. 31 Үүрд мөнхөд магтагдах Бурхан, Эзэн Есүсийн Эцэг худал яриагүйг минь мэднэ. 32 Дамаскт Арет хааны захирагч намайг баривчлах гэж дамаскчуудын хотыг цагдаж байсан. 33 Би том сагсан дотор суугаад, цонхоор хана дагуулан буулгагдав. Ингэж түүний гараас мултарсан юм.
1 Хэдий ашиггүй боловч сайрхах нь зайлшгүй. Гэвч би Эзэний үзэгдэл болон илчлэлтүүдийн тухай хэлэх гэсэн юм. 2 Би Христ доторх нэгэн хүнийг мэднэ. Тэр арван дөрвөн жилийн өмнө гурав дахь тэнгэрт аваачигдсан юм. Бие дотроо юу, эсвэл биеийнхээ гадна уу гэдгийг нь би мэдэхгүй, харин Бурхан мэднэ. 3 Би тийм хүнийг - бие дотроо юу, эсвэл биеэсээ ангид уу гэдгийг нь би мэдэхгүй, харин Бурхан мэднэ - 4 Диваажинд аваачигдсаныг болон үгээр хэлшгүй, мөн хүний илэрхийлж боломгүй үгсийг сонссоныг мэднэ. 5 Би тэр хүний төлөө сайрхах болно. Харин би өөрийнхөө төлөө бол мөхөс байдлаасаа өөрөөр сайрхахгүй. 6 Хэрэв би сайрхахыг хүсвэл мунхаг болохгүй. Учир нь би үнэнийг ярина. Гэвч хэн нэгэн нь намайг надаас хардаг буюу сонсдогоосоо илүүгээр хэтрүүлж үнэлэх вий гэсэндээ би үүнээс түдгэлздэг юм. 7 Мөнөөх агуу гайхамшигт илчлэлтүүдээс болж, тэрхүү шалтгааны улмаас намайг өөрийгөө хэт дөвийлгэх вий хэмээн махан биед минь өргөс өгөгдсөн юм. Энэ нь намайг өөрийгөө хэт дөвийлгөхгүйн тулд намайг нударгалах Сатаны элч ажээ. 8 Үүнийг надаас салгаач гэж би энэ талаар Эзэнээс гурвантаа хүсэмжлэн гуйсан юм. 9 Тэр надад "Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөс байдал дотор [Миний] хүч бүрэн төгс болно" гэж айлдсан. Иймд би ихэд баяртайгаар мөхөс байдлуудаараа илүү сайрхана. Ингэх нь Христийн хүч миний дотор оршихын тулд билээ. 10 Иймд Христийн төлөө мөхөс байдал, доромжлол, гачигдал, хавчлага, хүнд байдал дотроо би баяртай байна. Учир нь би хэзээ мөхөс байна, тэр үед хүчтэй байдаг. 11 Би мунхаг болжээ. Та нар өөрсдөө намайг албадсан шүү дээ. Үнэндээ би та нараар магтуулах ёстой байсан юм. Хэдийгээр би юу ч биш боловч хамгийн эрхэм элч нараас юугаараа ч дутахгүй. 12 Элчийн шинж тэмдгүүд нь тэмдэг, гайхамшиг хийгээд хүчит үйлсээр дамжуулан та нарын дунд бүхий л тэвчээртэйгээр биелэгдсэн юм. 13 Би та нарт дарамт болоогүйгээс өөр юугаараа та нар бусад чуулгануудаас дутуу вэ? Та нар энэ бурууг минь уучлаарай. 14 Одоо би гурав дахь удаагаа та нар уруу очиход бэлэн боллоо. Би та нарын юмсыг бус, харин та нарыг эрж хайдаг тул та нарт дарамт болохгүй. Учир нь хүүхдүүд эцэг эхийнхээ төлөө биш, харин эцэг эх нь хүүхдүүдийнхээ төлөө баялгийг хураах ёстой. 15 Би ихэд баяртайгаар зарж үрэх бөгөөд та нарын сүнснүүдийн төлөө өөрийгөө ч гэсэн үрэх болно. Хэрэв би та нарыг илүүгээр хайрлавал өөрөө багаар хайрлагдах уу? 16 Тийм болог. Би та нарт дарамт болоогүй. Гэсэн хэдий ч та нар намайг зальтай нэгэн гээд өөрсдийг чинь мэхэлж авсан хэмээдэг. 17 Миний та нар уруу илгээсэн тэдгээр хүмүүсийн хэнээр нь дамжуулан би та нарыг завшсан бэ? 18 Би Титийг гуйж, түүнийг нэгэн дүүгийн хамт илгээсэн. Тит та нарыг завшсан уу? Бид нэг сүнсээр, нэг мөрөөр яваагүй гэж үү? 19 Бид өөрсдийгөө та нарын өмнө хамгаалж байна хэмээн та нар хэдийнээ бодож байгаа. Бид Бурханы өмнө Христ дотор ярьж байна. Хайрт хүмүүс ээ, энэ бүгд нь та нарыг байгуулахын тулд юм. 20 Би та нар уруу очих үед та нарыг хүссэнээрээ хараагүй, та нар намайг хүссэнээрээ хараагүй байх вий гэхээс айж байна. Эвдрэлцэл, атаархал, уур хилэн, маргаан, гүтгэлэг, цуурхал, их зан, үймээн самуун бүү байгаасай. 21 Мөн дахин очиход минь миний Бурхан намайг та нарын өмнө гутаах вий, мөн урьд нь нүгэл үйлдэн өөрсдийн үйлдсэн ариун бус, садар самуун, тачаангуй байдалдаа үл гэмшсэн олон хүнээс болж би гашуудах вий гэдгээс айж байна.
1 Би гурав дахь удаагаа та нар уруу очих гэж байна. Хоёр буюу гурван гэрчийн амаар үг бүр батлагдах болно. 2 Хоёр дахь удаагаа дэргэд чинь байхдаа сануулж хэлсэнчлэн, эдүгээ би хол байхдаа урьд нь нүгэл үйлдсэн болон бусад бүх хүмүүст урьдчилан хэлж байна. Хэрэв би дахиж очвол та нарыг өршөөхгүй. 3 Та нар миний дотор Христ ярьдаг эсэхийг батлах баталгааг эрж байна. Тэр та нарын хувьд мөхөс бус, харин та нарын дотор хүчтэй юм. 4 Учир нь Тэр мөхөс байдлаас болж цовдлогдсон боловч Бурханы хүчээр амьд байна. Бид мөн Түүний дотор мөхөс боловч та нарт хандсан Бурханы хүчээр Түүний хамт амьд байх болно. 5 Та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө батал. Эсвэл Есүс Христ та нарын дотор байгааг та нар өөрсдөө мэддэггүй юм уу? Та нар үнэхээр шалгалтандаа унадаггүй л юм бол.... 6 Харин бид шалгалтандаа унадаггүйг та нар мэдэх болно гэдэгт би итгэж байна. 7 Та нар бузар мууг бүү үйлдээсэй гэж Бурханд бид залбирдаг. Бид сайшаагдсан гэж санагдахын тулд бус, харин бид хэдий сайшаагдаагүй мэт санагдсан ч гэсэн та нар сайныг үйлдэхийн тулд залбирдаг юм. 8 Бид үнэний эсрэг юу ч хийж чадахгүй. Харин үнэний төлөө юу ч хийж чадна. 9 Бид мөхөс, та нар хүчтэй байхад л бид баярладаг. Та нар төгс төгөлдөр болоосой гэж бид бас залбирдаг. 10 Тийм учраас та нарын дэргэд байхдаа, нураахын тулд бус, байгуулахын тулд Эзэний надад өгсөн эрх мэдлийн дагуу ширүүн дориунаар хандахгүй гэсэндээ энэ бүхнийг би хол байхдаа бичиж байгаа юм. 11 Эцэст нь, ах дүү нар аа, баярлагтун. Өөрсдийгөө төгөлдөржүүл. Ятгалгыг ав. Адил санаатай байж, амар тайван амьдрагтун. Хайрын ба амар тайвны Бурхан та нартай хамт байх болно. 12 Ариун үнсэлтээр харилцан мэндчилээрэй. Ариун хүмүүс бүгд та нартай мэндчилж байна. 13 Эзэн Есүс Христийн нигүүлсэл, Бурханы хайр, Ариун Сүнсний нөхөрлөл та бүгдтэй хамт байх болтугай.