ХААДЫН ДЭД

1

1 Ахабыг нас барсны дараа Израилийн эсрэг Моаб босов. 2 Ахазиа Самарид дээд өрөөнийхөө сараалжаар унан бэртжээ. Тэрээр элч нарыг илгээн, тэдэнд —Явж, энэ өвчнөөс би ангижрах уу гэдгийг Екроны бурхан Баал-зебубаас асууж мэдэгтүн гэв. 3 Харин ЭЗЭНий тэнгэр элч тишбе хүн Елиад —Бос, Самарийн хааны элч нартай уулзахаар явж, тэдэнд "Израильд Бурхан байдаггүй болоод та нар Екроны бурхан Баал-зебубаас асуух гэж байна уу?" гэж хэл. 4 Тиймээс одоо ЭЗЭН ингэж айлдаж байна. "Чи хэвтсэн орноосоо буухгүй, харин чи гарцаагүй үхэх болно" гэв хэлэв. Тэгээд Елиа салж явлаа. 5 Элч нар хаан уруу буцаж ирсэнд тэр тэдэнд —Яагаад та нар буцаж ирэв? хэмээв. 6 Тэд түүнд —Нэгэн хүн бидэнтэй уулзахаар ирээд, бидэнд "Явж, та нарыг илгээсэн хаанд буцаж очоод, түүнд «ЭЗЭН ингэж айлдаж байна. "Израильд Бурхан байдаггүй болоод чи Екроны бурхан Баал-зебубаас асуухаар илгээж байна уу? Тиймээс чи хэвтсэн орноосоо буухгүй, харин гарцаагүй үхэх болно" хэмээв» гэж хэл" гэж хэлсэн гэцгээв. 7 Хаан тэдэнд —Та нартай уулзахаар ирж, эдгээр үгсийг та нарт хэлсэн тэр хүн ямаршуу төрхтэй байсан бэ? гэхэд 8 тэд хаандаа —Бүсэлхийгээрээ арьсан бүс бүсэлсэн, үсэрхэг хүн гэж хариулцгаав. Хаан —Тэр бол тишбе хүн Елиа байна хэмээн хэлэв. 9 Тэгээд тавьтын даргыг тавьтынх нь хамт Елиа уруу илгээв. Тэрээр түүн уруу өгсөн гарч харахад Елиа толгодын орой дээр сууж байлаа. Тэр түүнд —Бурханы хүн ээ, хаан "Бууж ирэгтүн!" гэж хэлүүллээ гэв. 10 Елиа өнөөх тавьтын даргад хандан —Хэрэв би Бурханы хүн мөн юм бол тэнгэрээс гал бууж, чамайг болон чиний тавьтыг шатааг гэв. Тэгтэл тэнгэрээс гал бууж, түүнийг болон түүний тавьтыг шатаав. 11 Тиймээс хаан тавьтын өөр даргыг тавьтынх нь хамт Елиа уруу дахиж илгээлээ. Тэр Елиад —Бурханы хүн ээ, хаан айлдахдаа "Түргэхэн буугаад ир" гэж байна гэв. 12 Елиа тэдэнд —Хэрэв би Бурханы хүн мөн юм бол тэнгэрээс гал бууж, чамайг болон чиний тавьтыг шатааг гэж хэлэв. Тэгтэл Бурханы гал тэнгэрээс бууж, түүнийг болон тавьтыг нь шатаав. 13 Тиймээс хаан дахиад гурав дахь тавьтын даргыг тавьтынх нь хамт илгээлээ. Гурав дахь тавьтын дарга дээшээ өгсөөд, Елиагийн өмнө өвдөг сөгдөж, түүнээс гуйн, —Бурханы хүн ээ, миний амь болон таны эдгээр тавин боолын амь насыг таалалдаа багтаагаач. 14 Харагтун тэнгэрээс гал бууж, түрүүчийн хоёр тавьтын даргыг тавьтуудтай нь хамт шатаасан билээ. Гэвч одоо миний амийг таалалдаа багтаагаач гэв. 15 ЭЗЭНий тэнгэр элч Елиад —Түүнтэй хамт буугтун. Түүнээс бүү айгтун гэж хэлэхэд Елиа босоод, түүнтэй хамт хаан уруу буун явлаа. 16 Тэгээд тэрээр хаанд —ЭЗЭН ингэж айлдаж байна "Екроны бурхан Баал-зебубаас асуулгахаар элч нарыг илгээсэн чинь Өөрийнх нь үгийг асуун мэдэж болох Бурхан Израильд байдаггүйгээс болсон уу? Тийм учраас чи өөрийн хэвтсэн орноосоо буухгүй, харин гарцаагүй үхэх болно" гэв гэжээ. 17 Ийнхүү Елиагийн хэлсэн ЭЗЭНий үгийн дагуу Ахазиа нас барав. Тэрээр хүүгүй байсан тул Иудагийн хаан Иехошафатын хүү Иехорамын хоёр дахь жилд Иехорам түүний оронд хаан болов. 18 Ахазиагийн хийсэн бусад үйлс Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

2

1 ЭЗЭН Елиаг хуй салхиар тэнгэр өөд авах гэж байх үед Елиа Елишатай хамт Гилгалаас явав. 2 Елиа Елишад —ЭЗЭН намайг Бетел хүртэл илгээсэн учир чи энд үлдээч гэсэн боловч Елиша —ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар тангараглаж байна. Би таныг орхихгүй гэв. Тиймээс тэд Бетел уруу явав. 3 Тэгтэл Бетел дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд Елиша уруу гарч ирээд, түүнд —ЭЗЭН эзнийг тань таны хажуугаас өнөөдөр авч явах болно гэдгийг та мэдэх үү? гэж хэлэв. Елиша хэлэхдээ —Тийм ээ, би мэднэ. Дуугүй байгтун гэв. 4 Елиа түүнд —ЭЗЭН намайг Иерихо уруу илгээсэн учир чи энд үлдээч гэсэн боловч Елиша —ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар тангараглаж байна. Би таныг орхихгүй гэж хэлэв. Тиймээс тэд Иериход ирлээ. 5 Иерихо дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд Елишад дөхөн ирээд, түүнд —ЭЗЭН эзнийг тань таны хажуугаас өнөөдөр авч явах болно гэдгийг та мэдэх үү? гэж хэлэв. Елиша хариулахдаа —Тийм ээ, би мэднэ, дуугүй байгтун гэв. 6 Тэгэхэд Елиа түүнд —ЭЗЭН намайг Иордан уруу илгээсэн учир чи энд үлдээч гэхэд Елиша —ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар тангараглаж байна. Би таныг орхихгүй гэв. Ингээд тэр хоёр цааш явав. 7 Тэр хоёрыг Иорданы дэргэд зогсох зуур эш үзүүлэгчдийн хөвгүүдээс тавин хүн ирж, харалдаа зайдуу зогсов. 8 Елиа нөмрөгөө авч эвхээд усыг цохиход тэр нь хоёр тийш хуваагдсанд тэр хоёр хуурай газраар гатлан гарлаа. 9 Тэд гаталж гарсны дараа Елиа Елишад —Би чамаас авагдахаас өмнө чиний төлөө би юу хийх ёстойг гуйгтун? гэсэнд Елиша —Таны сүнсийг хоёр дахин илүүгээр над дээр байлгаач гэв. 10 Тэр —Чи хэцүү юм гуйж байна. Хэрэв намайг чамаас авагдаж байхад чи намайг харвал энэ нь чиний төлөө биелнэ. Харин харахгүй бол энэ нь биелэхгүй гэв. 11 Тэднийг ярилцсаар явж байтал, харагтун, галт тэрэгнүүд болон галт морьд тэр хоёрыг салгав. Елиа хуй салхиар тэнгэр өөд одов. 12 Елиша үүнийг хараад —Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэгнүүд, тэдгээрийн морьтнуудаа! гэж хашхирав. Тэрээр Елиаг дахин харсангүй. Тэгээд тэр өөрийнхөө хувцсыг зууран хоёр хэсэг болгон урав. 13 Тэр мөн Елиагаас унасан түүний нөмрөгийг авч, буцаж, Иорданы эрэг дээр зогсов. 14 Елиагаас унасан түүний нөмрөгийг тэр аваад, усыг цохиж, —Елиагийн Бурхан, ЭЗЭН хаана байна вэ? гэв. Тэр бас усыг цохиход, тэр нь хоёр тийш болон хуваагдав. Елиша гаталж гарлаа. 15 Харалдаа Иерихо дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд түүнийг хараад, —Елиагийн сүнс Елиша дээр оршдог гэв. Тэд түүнтэй уулзахаар ирж, түүний өмнө газар бөхийв. 16 Тэд түүнд —Харагтун, таны зарц нарын хамт тавин хүчит эр байна. Тэдэнд явж, таны эзнийг хайхыг зөвшөөрөөч. ЭЗЭНий Сүнс түүнийг өргөн яваад зарим уулс дээр, эсвэл зарим хөндийнүүд уруу хаясан байж магадгүй гэлээ. Елиша —Бүү илгээгтүн гэж хэлэв. 17 Гэвч түүнийг ичтэл тэд ятгахад тэр —Илгээгтүн гэв. Иймээс тэд тавин эрсийг илгээв. Тэд гурван өдөр эрж хайсан боловч түүнийг олсонгүй. 18 Елишаг Иериход байх үед тэд түүн уруу буцаж иржээ. Тэр тэдэнд —Би та нарт "Битгий яв" гэж хэлээгүй юу? гэв. 19 Тэгтэл тэр хотын хүмүүс Елишад —Харагтун, энэ хотын байдал нь эзэн таны харж байгаачлан тааламжтай боловч ус нь муу, мөн газар нутаг нь үржил шимгүй юм гэв. 20 Елиша —Надад шинэ сав авчирж дотор нь давс хий гэв. Тэд түүнд авчрав. 21 Тэрээр усны ундарга уруу очин, түүн уруу давсаа асгаад, —ЭЗЭН ингэж айлдаж байна "Би энэ усыг цэвэршүүлсэн юм. Энд дахин үхэл ба үргүйдэл байхгүй болно гэв. 22 Ийнхүү Елишагийн хэлсэн үгийн дагуу ус цэвэршсэн нь өнөөдрийг хүртэл байна. 23 Дараа нь тэр тэндээс Бетел уруу явав. Түүнийг замаар явж байтал хотоос залуу хөвгүүд гарч ирээд, түүнийг дооглон, түүн уруу —Халзан толгойт оо, чи дээшээ яв. Халзан толгойт оо, чи дээшээ яв гэцгээв. 24 Тэрээр арагшаа харж, тэднийг хараад ЭЗЭНий нэрээр хараав. Тэгэхэд хоёр эм баавгай модон дотроос гарч ирээд, тэднээс дөчин хоёр хөвгүүдийг тастчин хаяв. 25 Тэр тэндээс Кармел уул уруу яваад, тэндээс Самари уруу буцав.

3

1 Иудагийн хаан Иехошафатын арван найм дахь жилд Ахабын хүү Иехорам Самарид Израилийн хаан болсон бөгөөд арван хоёр жил хаанчлав. 2 Хэдийгээр эцэг эх шигээ байгаагүй ч тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлджээ. Учир нь тэрээр эцгийнхээ бүтээсэн Баалын багануудыг зайлуулсан юм. 3 Хэдий тийм боловч Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс тэрээр зуурч аван, тэднийг орхисонгүй. 4 Моабын хаан Меша хоньчин байсан бөгөөд Израилийн хаанд зуун мянган хурга, зуун мянган хуцын ноосыг төлдөг байв. 5 Харин Ахабыг нас барахад Моабын хаан Израилийн хааныг эсрэг босов. 6 Тэр үед Иехорам хаан Самариас гарч, бүх Израилийг цуглуулав. 7 Дараа нь тэр явж, Иудагийн хаан Иехошафатад илгээхдээ —Моабын хаан миний эсрэг бослоо. Моабын эсрэг тулалдахаар чи надтай хамт явах уу? гэж хэлүүлэв. Тэр —Би явна. Би бол чи, миний хүмүүс бол чиний хүмүүс, миний морьд ч чиний морьд мэт билээ хэмээв. 8 Тэрээр —Бид аль замаар явах вэ? гэж асуухад Иехошафат —Едомын цөлийн замаар гэж хариулав. 9 Ингээд Израилийн хаан нь Иудагийн хаан болон Едомын хаантай хамт хөдлөв. Тэд долоо хоног аялан тойрсон бөгөөд тэнд цэрэгт болон тэдний араас яваа мал сүрэгт уух ус байхгүй байв. 10 Тэгтэл Израилийн хаан —Аяа! Моабын саварт өгөх гэж энэ гурван хааныг ЭЗЭН дууджээ гэж хэлэв. 11 Харин Иехошафат —Өөрөөр нь дамжуулан бид ЭЗЭНээс асууж болохоор ЭЗЭНий эш үзүүлэгч энд алга уу? гэв. Израилийн хааны зарц нарын нэг нь хариулж, —Шафатын хүү Елиша энд байна. Тэр Елиагийн гар дээр ус асгадаг байсан гэв. 12 Иехошафат —ЭЗЭНий үг түүнтэй хамт билээ гэжээ. Ингээд Израилийн хаан, Иехошафат болон Едомын хаад түүн уруу очив. 13 Елиша Израилийн хаанд —Би чамтай юугаараа холбоотой билээ? Чи эцгийнхээ эш үзүүлэгчид болон эхийнхээ эш үзүүлэгчид уруу яв гэв. Израилийн хаан түүнд —Үгүй, учир нь ЭЗЭН энэ гурван хааныг Моабын гарт өгөхөөр дуудсан юм гэв. 14 Елиша —Миний өмнө нь зогсдог түмэн цэргийн ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна. Би Иудагийн хаан Иехошафатын оршихуйг хүндлээгүй бол би чам уруу харах ч үгүй, чамайг харах ч үгүй байхсан. 15 Харин одоо надад чавхдаст хөгжим тоглодог хүнийг авчир гэв. Өнөөх хөгжимчин тоглож эхлэхэд ЭЗЭНий мутар Елишагийн дээр ирэв. 16 Тэр —ЭЗЭН айлдахдаа "Энэ хөндийг суваг шуудуугаар дүүргэгтүн" гэв. 17 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. "Та нар салхийг харахгүй, бороог ч үзэхгүй. Гэсэн ч та нар болон та нарын мал сүрэг, та нарын амьтад уухын тулд тэр хөндий усаар дүүрнэ. 18 Энэ нь ЭЗЭНий мэлмийд өчүүхэн зүйл юм. Тэрээр бас моабчуудыг та нарын гарт өгөх болно. 19 Тэгээд та нар бэхлэгдсэн болон шилмэл хот бүрийг цохиж, сайн мод болгоныг унагаж, усны бүх ундаргыг зогсоож, газар нутгийн сайн хэсэг бүрийг чулуугаар сүйтгэх болой" гэсэн гэв. 20 Өглөө тахил өргөх үед, үзэгтүн, Едомын замаар ус урсан ирж, тэр газар усаар дүүрсэн байлаа. 21 Өөрсдийнх нь эсрэг тулалдахаар хаад ирснийг бүх моабчууд сонсжээ. Зэвсэг барих чадвартай бүгд болон тэднээс дээш насны хүмүүс цугларан, хил дээрээ зогсов. 22 Тэд өглөө эрт босоход нарны туяа усан дээр гялбасан бөгөөд моабчууд харалдаах усыг цус мэт улаан гэж харав. 23 Тэгээд тэд —Энэ бол цус байна. Хаад гарцаагүй өөр хоорондоо тулалдаж, нэг нэгнээ хядсан байна. Тиймээс, Моаб аа, олз уруугаа! гэцгээлээ. 24 Харин тэд Израилийн хуаранд иртэл израильчууд босож, моабчуудыг цохьсон бөгөөд моабчууд тэдний өмнөөс зугтжээ. Тэд моабчуудыг хядсаар газар нутаг уруу орж урагшлав. 25 Ингээд тэд хотуудыг сүйтгэжээ. Тэдний хүн бүр нь сайн газар нутгийн хэсэг бүрд чулуу хаян түүнийг дүүргэв. Ингээд тэд усны бүх ундаргыг зогсоож, бүх сайн моддыг унагасаар, Кир-харасетад л чулуунуудыг нь үлдээлээ. Харин чулуу дүүгүүрдэгчид явж байгаад тэр газрыг цохив. 26 Өөрийнх нь хувьд тулалдаан дэндүү хатуу ширүүн болохыг Моабын хаан хараад, тэрээр өөрийнхөө хамт илд агсагч долоон зуун хүнийг аваад, Едомын хааны дундуур нэвтрэн гарах гэсэн боловч чадсангүй. 27 Тэгээд өөрийг нь залгамжлан хаанчлах ёстой байсан ууган хүүгээ тэр аваад, түүнийг хэрмийн дээр шатаалт тахил болгон өргөжээ. Израилийн эсрэг асар их уур хилэн бадарсанд израильчууд түүнээс салж, өөрсдийн нутаг уруугаа буцацгаалаа.

4

1 Эш үзүүлэгчдийн хөвгүүдийн эхнэрүүдээс нэгэн эмэгтэй Елиша уруу хашхиран, —Таны зарц болох миний нөхөр нас барсан бөгөөд түүнийг ЭЗЭНээс эмээдэг байсныг та мэдэх билээ. Зээлдүүлэгч миний хоёр хүүхдийг өөрийн боолоо болгон авахаар ирсэн юм гэжээ. 2 Елиша түүнд —Чиний төлөө би юу хийх вэ? Гэрт чамд юу байгааг надад хэлээч? гэв. Тэр эмэгтэй —Таны шивэгчинд нэг ваар тосноос өөр юу ч байхгүй хэмээв. 3 Тэгэхэд нь Елиша —Явж, бүх хөршүүдээсээ олон сав суулгыг буюу хоосон сав суулгыг зээлж авагтун. Битгий цөөхөн сав аваарай. 4 Чи дотогш орж, өөрийнхөө болон хөвгүүдийнхээ араас хаалгаа хааж, эдгээр бүх савнууддаа цутган хийж, дүүрснийг нь хажуу тийш тавих ёстой гэв. 5 Ингээд тэр эмэгтэй Елишаг орхин явж, өөрийн болон хөвгүүдийнхээ араас хаалгаа хаав. Тэд түүнд авчирж, тэрээр цутган хийж байлаа. 6 Савнууд дүүрэхэд тэрээр хүүдээ хандан —Надад өөр сав авчирж өгөөч гэсэнд хүү нь түүнд —Илүү ганц ч сав байхгүй гэв. Тос ч гарахаа болилоо. 7 Дараа нь тэр эмэгтэй ирж, Бурханы хүнд хэлсэн юм. Тэрээр —Явж, тосоо зараад, өрөө төлж, үлдсэнээр нь чи болон хөвгүүд чинь амьдарч болно гэв. 8 Нэгэн өдөр Елиша Шунем уруу явжээ. Тэнд нэгэн алдар нэртэй эмэгтэй байсан бөгөөд тэр түүнийг хоол зооглогтун хэмээн ятгажээ. Ингээд Елиша тэр газраар өнгөрөн явах болгондоо тэднийд хооллодог болжээ. 9 Тэр эмэгтэй нөхөртөө —Үзэгтүн, манайхаар үргэлж дайран өнгөрдөг тэр хүн бол Бурханы ариун хүн гэдгийг би мэдэж байна. 10 Ханатай дээд талын жижиг өрөө хийж, тэнд түүнд зориулан ор, ширээ, сандал, дэнлүүний суурь тавья. Тэр ирэхдээ тэнд орж байг гэв. 11 Нэгэн өдөр Елиша тэнд ирээд, дээд өрөөнд орж, амрав. 12 Тэгээд тэр өөрийн зарц Гехазид хандан —Тэр шунем эмэгтэйг дууд гэв. Гехази тэр эмэгтэйг дуудсанд өнөөх эмэгтэй Елишагийн өмнө зогсов. 13 Елиша Гехазид —Түүнд хэлэхдээ "Үзэгтүн, энэ бүх халамжаараа чи биднийг анхаарлаа. Би чиний төлөө юу хийх вэ? Чиний төлөө хаан, эсвэл цэргийн жанжинд ярих уу?" гээрэй гэв. Эмэгтэй хариулан —Би өөрийн ард түмний дунд амьдардаг гэжээ. 14 Иймээс Елиша —Тэгвэл түүний төлөө юу хийвэл зохих вэ? гэсэнд Гехази —Үнэндээ энэ эмэгтэй хүүхэдгүй бөгөөд түүний нөхөр нь хөгшин билээ гэв. 15 Тэрээр —Түүнийг дууд гэж хэлэв. Гехази түүнийг дуудсанд тэрээр үүдэнд зогсов. 16 Тэгэхэд Елиша —Ирэх жилийн энэ улиралд чи хүү тэврэх болно гэсэнд эмэгтэй —Үгүй, Бурханы хүн болох эзэн минь, та шивэгчиндээ бүү худал хэл хэмээв. 17 Елишагийн түүнд хэлснээр эмэгтэй жирэмсэн болж, дараа жилийн тэр улиралд хүү төрүүлжээ. 18 Хүүхэд өссөн хойно нэг өдөр тариа хураагчид уруу, эцэг уруугаа очив. 19 Тэрээр эцэгтээ —Миний толгой, миний толгой гэсэнд эцэг нь зарцдаа —Түүнийг эхэд нь аваачиж өг гэж хэлэв. 20 Зарц түүнийг эхэд нь авчирсанд хүү үд болтол эхийнхээ өвдөг дээр сууж байгаад нас баржээ. 21 Тэр эмэгтэй дээш гараад, Бурханы хүний орон дээр түүнийг хэвтүүлээд, араас нь хаагаад, гарав. 22 Тэгээд тэр нөхрөө дуудаад, —Зарц нараас нэгийг, мөн илжигнүүдээсээ нэгийг надад явуулаач. Би Бурханы хүн уруу гүйгээд ирье гэв. 23 Нөхөр нь —Чи юунд түүн уруу өнөөдөр явах гэв? Өнөөдөр чинь шинэ сар ч биш, амралтын өдөр ч биш шүү дээ гэсэнд эхнэр нь —Зүгээр гэж хариуллаа. 24 Тэгээд тэр эмэгтэй илжгээ эмээллэн, зарцдаа хандан —Жолоодон, урагш яв. Би чамд хэлэхээс нааш миний төлөө хурдаа битгий сааруулаарай гэв. 25 Ингээд өнөөх эмэгтэй явж, Кармел ууланд Бурханы хүн уруу ирлээ. Бурханы хүн тэр эмэгтэйг холоос хараад, өөрийн зарц Гехазид —Хараач, тэнд өнөөх шунем эмэгтэй явна. 26 Түүнтэй уулзахаар гүйж очоод, түүнээс "Чи сайн уу? Нөхөр чинь сайн уу? Хүүхэд сайн уу?" гэж асуугтун гэв. Эмэгтэй хариулахдаа —Сайн гэж хэлэв. 27 Эмэгтэй толгод уруу Бурханы хүн уруу ирээд, хөлөөс нь зуурч авав. Гехази түүнийг зайлуулах гэж ойртлоо. Харин Бурханы хүн —Түүнийг орхи, учир нь түүний сэтгэл дотор нь шаналж байна. ЭЗЭН үүнийг нь надаас нууцлан, надад хэлсэнгүй гэв. 28 Тэгтэл эмэгтэй —Би эзэнээсээ хүү гуйсан уу? Би "Намайг битгий хуураач" гэж хэлээгүй гэж үү? хэмээн хэллээ. 29 Тэгэхэд Елиша Гехазид —Ууцаараа бүсэлж, миний таягийг гартаа аваад, замаараа яв. Хэрэв чи хэн нэгэн хүнтэй дайралдвал түүнтэй бүү мэндлэгтүн. Хэрэв хэн нэгэн хүн чамтай мэндэлбэл түүнд хариу бүү өг. Миний таягийг хөвгүүний нүүрэн дээр тавигтун гэв. 30 Хөвгүүний эх нь —ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар тань тангараглаж байна. Би таныг орхин явахгүй гэв. Елиша босоод, тэр эмэгтэйг дагав. 31 Гехази тэднээс түрүүлэн явж, хөвгүүний нүүрэн дээр таягийг тавьсан боловч дуу чимээ ч, хариу ч байсангүй. Иймээс Гехази Елишатай уулзахаар буцаж ирээд, түүнд —Хүү сэргэсэнгүй гэв. 32 Елишаг гэрт орж ирэхэд, харагтун хүү үхсэн байсан бөгөөд орон дээр нь хэвтсэн байлаа. 33 Ингээд тэр дотогш ороод, хоёулангийнх нь араас хаалгаа хаагаад, ЭЗЭНд залбирав. 34 Тэрээр дээшээ очиж, хүүхдийн дээр хэвтэн, амаа хүүгийн аманд, нүдээ хүүгийн нүдэнд, гараа хүүгийн гар дээр тавьж, хүүгийн дээр сунан хэвтэв. Хүүхдийн бие махбод бүлээн болов. 35 Дараа нь Елиша буцаад, гэр дотор нааш цаашаа нэг удаа алхаж, дээшээ гарч, хүүгийн дээр сунан хэвтэв. Хүү долоон удаа найтаагаад, нүдээ нээв. 36 Елиша Гехазийг дуудаад, —Тэр шунем эмэгтэйг дууд гэв. Тэрээр тэр эмэгтэйг дуудлаа. Эмэгтэйг түүн дээр орж ирэхэд Елиша —Хүүгээ ав гэж хэлэв. 37 Тэгтэл эмэгтэй дотогш орж, түүний хөлд унан, газарт тултал мэхийгээд, хүүгээ аваад, гарч явлаа. 38 Елишаг Гилгал уруу буцаж ирэхэд газар нутагт өлсгөлөн байв. Эш үзүүлэгчдийн хөвгүүд түүний өмнө сууцгааж байхад тэрээр зарцдаа —Том тогоог тавьж, эш үзүүлэгчдийн хөвгүүдэд зориулан шөл буцалга гэж хэлэв. 39 Тэгтэл нэг нь ногоо цуглуулахаар талбай уруу гарч, зэрлэг ороонго ургамал олоод, түүнээс хормойгоо дүүртэл зэрлэг хулуу цуглуулан, буцаж ирээд, тэдгээрийг шөлтэй тогоондоо хэрчиж хийв. Учир нь тэд мэдээгүй ажээ. 40 Ингээд тэд хүмүүст идүүлэхээр аягалав. Тэд шөлнөөс идэж байтал хашхиран, —Бурханы хүн ээ, тогоон дотор үхэл байна гэцгээлээ. Тэд идэж чадахгүй байв. 41 Харин Елиша —Гурил аваад ир гээд түүнийг тогоонд хийгээд, —Хүмүүст аягалж өг, тэд идэцгээг гэж хэлэв. Тэгтэл тогоонд ямар ч хор байхгүй болсон байлаа. 42 Нэгэн хүн Баал-шалишагаас ирж, Бурханы хүнд ургацынхаа дээжээс талхыг, арвайн хорин талх болон тарианы шинэхэн түрүүг сагсандаа авч иржээ. Елиша —Хүмүүст өг, тэд идэцгээг хэмээв. 43 Зарц нь —Юу, би үүнийг зуун хүний өмнө тавих гэж үү? гэв. Харин Елиша —Хүмүүст өг, тэд идэцгээг. Учир нь ЭЗЭН айлдахдаа "Тэд идэцгээж, илүү гарна" хэмээж байна гэв. 44 Ингээд тэр тэдний өмнө тавихад, ЭЗЭНий үгийн дагуу тэд идэцгээж, илүү гарсан ажээ.

5

1 Арамын хааны цэргийн ахмад Нааман эзнийхээ өмнө агуу, хүндэтгэл хүлээсэн хүн байлаа. Учир нь түүгээр дамжуулан ЭЗЭН Арамд ялалтыг өгсөн ажээ. Тэр бас зоригтой дайчин эр байсан боловч уяман өвчтэй байв. 2 Арамейчууд бүлэглэн явж, Израилийн нутгаас нэгэн бяцхан охиныг олзлон авчиржээ. Тэр охин Нааманы эхнэрт үйлчилдэг байлаа. 3 Тэрээр эзэгтэйдээ —Самари дахь эш үзүүлэгчтэй эзэн минь уулзаасай гэж би хүсэх юм! Тэгвэл тэр түүний уяман өвчнийг эдгээхсэн гэв. 4 Нааман явж, эзэндээ бараалхан, —Израилийн нутгаас авчирсан тэр охин ингэж, ингэж хэлэв хэмээн айлтгав. 5 Тэгтэл Арамын хаан —Одоо яв. Би Израилийн хаанд захидал илгээх болно гэв. Нааман арван талант мөнгө, зургаан мянган алт, арван ээлжийн хувцас авч явлаа. 6 Тэрээр Израилийн хаанд захидал авчирсан бөгөөд түүн дотор "Энэ захидал чамд ирэх үед, харагтун, би өөрийн зарц Нааманыг уяман өвчнөөс нь чамаар эдгээлгэхийн тулд чам уруу илгээлээ" гэжээ. 7 Израилийн хаан уг захидлыг уншаад, хувцсаа уран, —Энэ хүнийг уяман өвчнөөс нь эдгээлгэхээр нөгөө нь надад үг илгээж байдаг нь би хүнийг үхүүлж, амьд байлгадаг Бурхан юм уу? Харин одоо тунгаан бодож, тэр миний эсрэг маргалдахыг хэрхэн оролдож байгааг хараач гэж хэлэв. 8 Израилийн хаан хувцсаа урж тастсаныг Бурханы хүн Елиша сонсоод, тэрээр хаанд илгээн, хэлүүлэхдээ —Юунд чи хувцсаа урсан бэ? Тэр хүнийг над уруу ирүүл. Израильд эш үзүүлэгч байдаг гэдгийг тэр мэдэх болно гэв. 9 Ингээд Нааман морьд, тэрэгнүүдтэйгээ ирж, Елишагийн гэрийн үүдэнд зогсов. 10 Елиша түүн уруу элч явуулан, —Явж, Иорданд долоон удаа угаа. Тэгвэл чиний бие махбод дахин сэргэж, цэвэр болно гэж хэлүүлэв. 11 Харин Нааман хилэгнэн уурлан явж, —Харагтун, "Тэр над уруу гарцаагүй гарч ирж, зогсоод, өөрийн Бурхан ЭЗЭНий нэрээр дуудан, өвчтэй газар дээр гараа даллан, уяман өвчнийг эдгээнэ" гэж би бодсон юм. 12 Дамаскийн голууд болох Абана, Фарпар зэрэг нь Израилийн бүх л уснаас илүү дээр биш гэж үү? Би тэдгээрийн дотор угаагаад, цэвэр болж болохгүй байсан гэж үү? гэв. Тэрээр эргэж, уурласаар буцав. 13 Тэгтэл зарц нар нь ойртож ирж, түүнтэй ярин, түүнд —Эцэг минь, тэр эш үзүүлэгч танд агуу зүйлсийг хэлсэн бол та хийхгүй байх байсан уу? Гэтэл тэр танд "Угааж, цэвэр бол" гэж байхад та хийхгүй гэж үү? гэцгээв. 14 Тиймээс Нааман явж, Бурханы хүний үгийн дагуу Иордан голд долоон удаа булхав. Түүний бие махбод нялх хүүхдийн бие махбод мэт дахин сэргэж, тэрээр цэвэр болжээ. 15 Тэрээр бүхий л бараа бологчдынхоо хамт Бурханы хүн уруу эргэж ирээд, Елишагийн өмнө зогсоод, —Үзэгтүн, бүх дэлхийд ямар ч Бурхан байдаггүй, зөвхөн Израильд байдгийг би одоо мэдлээ. Иймээс одоо өөрийн боолоосоо бэлэг хүлээн аваач гэжээ. 16 Харин Елиша —Миний өмнө нь зогсдог ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна. Би юу ч авахгүй гэлээ. Нааман авахуулахаар түүнийг ятгасан боловч тэр татгалзав. 17 Нааман —Хэрэв үгүй юм бол, та боолдоо хоёр луусанд ачих хэмжээний шороо ядаж өгөөч. Учир нь боол тань дахиж шатаалт тахил өргөхгүй, өөр бурхдыг ч тахихгүй. Харин ЭЗЭНд өргөх болно. 18 Дараах зүйл дээр боолыг тань ЭЗЭН уучлах болтугай. Миний эзэн мөргөл үйлдэхээр Риммоны дуганд орох үед тэр миний гарыг түшдэг бөгөөд би Риммоны дуганд бөхийдөг тул би Риммоны дуганд бөхийх үед таны боолыг ЭЗЭН энэ зүйл дээр уучлах болтугай гэв. 19 Елиша түүнд —Амар амгалан явагтун гэв. Ингээд Нааман түүнээс хэсэг зайнд холдов. 20 Харин Бурханы хүн Елишагийн зарц Гехази —Үзэгтүн, энэ арам хүн Нааманы авчирсан зүйлийг гараас нь аваагүйгээрээ миний эзэн түүнийг өршөөн хэлтрүүллээ. ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна. Би түүний араас гүйн очоод, түүнээс ямар нэгэн юм авъя гэж боджээ. 21 Ингээд Гехази Нааманыг нэхэн одов. Араас нь нэг хүн гүйн ирж байгааг Нааман хараад, түүнтэй уулзахаар тэрэгнээс буун ирж, —Бүх юм сайн уу? гэв. 22 Гехази —Бүх юм сайн. Миний эзэн намайг илгээж, хэлүүлэхдээ "Үзэгтүн, эш үзүүлэгчдийн хөвгүүдээс хоёр залуу Ефраимын уулархаг нутгаас над уруу дөнгөж сая ирлээ. Тэдэнд нэг талант мөнгө болон хоёр ээлжийн хувцас өгөөч" гэсэн билээ гэв. 23 Нааман —Хоёр талантыг авч хайрла гээд, Гехазийг ятгаад, хоёр талант мөнгийг хоёр ээлжийн хувцасны хамт хоёр уутанд боон хийж, хоёр зарцдаа өгөөд, тэд Гехазийн өмнө үүрэн явжээ. 24 Тэд толгод дээр ирээд Гехази өнөөх зүйлсийг тэдний гараас аван, гэртээ оруулан тавьж, тэр хүмүүсийг буцаасанд тэд явцгаав. 25 Харин өөрөө орж, эзнийхээ өмнө зогсов. Елиша түүнд —Гехази, чи хаана байв? гэхэд тэрээр —Таны зарц хаашаа ч яваагүй гэж хэлэв. 26 Тэгтэл Елиша түүнд —Нэгэн хүн чамтай уулзахаар тэрэгнээсээ бууж байсан үед миний зүрх гадагшаа яваагүй гэж үү? Одоо мөнгө, хувцас, чидун, усан үзмийн талбай, хонь, үхэр, эр эм боолууд зэргийг авах цаг гэж үү? 27 Тийм учраас Нааманы уяман өвчин чамд болон чиний үр удамд мөнхөд наалдах болой гэв. Тиймээс Елишагийн өмнөөс тэрээр цас шиг уяман өвчтэй гарч явжээ.

6

1 Эш үзүүлэгчдийн хөвгүүд Елишад хандан —Харагтун, тантай хамт бидний амьдарч байгаа газар бидэнд маш давчуу юм. 2 Биднийг Иордан уруу явуулаач. Бидний хүн бүр тэндээс гуалин мод авч, өөрсөддөө амьдрах газрыг тэнд барья гэлцсэнд Елиша —Явцгаа гэж хариулжээ. 3 Тэгэхэд нэг нь —Зарц нартайгаа хамт явж таалаач гэхэд Елиша —Би явна гэв. 4 Ингээд тэрээр тэдэнтэй хамт явлаа. Тэд Иорданд хүрч ирэхдээ моддыг цавчиж унагав. 5 Гэтэл нэг нь гуалин унагаж байтал сүхний толгой нь усанд унав. Тэрээр хашхирч, —Аяа, эзэн минь! Энэ нь зээлийн юм байсан гэв. 6 Тэгтэл Бурханы хүн —Сүх чинь хаана унасан бэ? гэж асуусанд тэр хүн түүнд тэр газрыг харуулаад, Елиша саваа тайраад тийшээ шидэж, төмрийг хөвүүлэв. 7 Тэрээр —Үүнийг гаргаж өөртөө ав гэж хэлсэнд тэр хүн гараа сунган сүхээ авав. 8 Арамын хаан Израилийн эсрэг тулалдаж байлаа. Тэр өөрийн түшмэдтэй зөвлөлдөн, —Ийм, ийм газруудад миний хуаран байх болно гэв. 9 Бурханы хүн Израилийн хаанд илгээн, —Арамейчууд тэнд ирж байгаа тул энэ газраар өнгөрөхөөс та нар болгоомжил гэж хэлүүлэв. 10 Бурханы хүний өөрт нь хэлж сануулсан тэр газар уруу Израилийн хаан хүн илгээв. Ингэж Елиша түүнд сануулсанд, тэрээр ганц, хоёр удаа ч бус өөрийгөө тэнд хамгаалав. 11 Үүнээс болоод Арамын хааны зүрх хилэгнэжээ. Тэрээр зарц нараа дуудан, тэдэнд —Бидний хэн нь Израилийн хааны талд байдгийг та нар надад хэлэх үү? гэв. 12 Зарц нарынх нь нэг —Үгүй, эзэн хаан минь, харин Израильд буй эш үзүүлэгч Елиша унтлагын өрөөндөө таны ярьсан үгсийг Израилийн хаанд хэлдэг юм хэмээн айлтгав. 13 Тиймээс Арамын хаан —Би хүн илгээж, түүнийг бариулахын тулд та нар явж, түүнийг хаа байгааг нь мэдэгтүн гэлээ. Тэгтэл хаанд —Үзэгтүн, тэр Дотанд байна гэж мэдэгджээ. 14 Тэрээр тийшээ морьд, тэрэгнүүд болон асар их цэргүүдийг илгээсэнд, тэд шөнөөр ирж, хотыг бүслэв. 15 Бурханы хүний зарц нар эрт босоод гадагш гартал, харагтун, морьд болон тэрэг бүхий их цэрэг хотыг бүсэлж байв. Зарц нь Елишад —Аяа, эзэн минь! Бид яах билээ? гэв. 16 Тэрээр хариулахдаа —Бүү айгтун. Учир нь бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм гэв. 17 Тэгээд Елиша залбиран, —Өө, ЭЗЭН, би залбирч байна, түүнд харуулахын тулд нүдийг нь нээгээч гэж хэлжээ. ЭЗЭН зарцын нүдийг нээж, тэр харав. Харагтун, Елишагийн бүхий л эргэн тойрон дахь уул нь галт морьд, тэргээр дүүрсэн байв. 18 Тэд түүн уруу буун ирэхэд Елиша ЭЗЭНд залбиран, —Энэ хүмүүсийг сохор болгооч, би залбирч байна гэв. Ингээд Елишагийн үгийн дагуу Тэр тэднийг сохор болгожээ. 19 Тэгээд Елиша тэдэнд —Энэ нь тэрхүү зам биш, энэ хот ч өнөөх хот биш. Намайг дагагтун, би та нарыг хайж буй тэр хүн уруу чинь аваачъя гэв. Елиша тэднийг Самари уруу авчрав. 20 Тэд Самарид хүрч ирэх үед Елиша —Өө, ЭЗЭН, тэдэнд харуулахын тулд эдгээрийн нүдийг нээгээч гэв. Ийнхүү ЭЗЭН тэдний нүдийг нээсэнд, тэд харав. Үзэгтүн, тэд Самарийн дунд байлаа. 21 Тэгэхэд Израилийн хаан тэднийг хараад Елишад —Эцэг минь, би тэднийг алах уу? Би тэднийг алах уу? гэв. 22 Елиша хариулахдаа —Чи алж болохгүй. Чи өөрийн илд, өөрийн нум сумаар олзолсон хүмүүсийг алах байсан гэж үү? Тэд идэж, уугаад, өөрсдийн эзэн уруу явахын тулд тэдний өмнө талх, ус тавигтун гэжээ. 23 Ингээд тэр тэдэнд зориулан их найрыг бэлтгэв. Идэж, уусных нь дараа тэр тэднийг явуулсанд, тэд өөрсдийн эзэн уруу буцав. Арамейчуудын дээрмийн бүлэглэлүүд Израилийн нутаг уруу дахин халдан ирсэнгүй. 24 Үүний дараа Арамын хаан Бен-хадад өөрийн бүх цэргээ цуглуулан, хөдөлж, Самариг бүслэв. 25 Самарид их өлсгөлөн болж байв. Үзэгтүн, илжигний толгой наян мөнгөөр, кабын дөрөвний нэг тагтааны баас таван мөнгөөр зарагдах хүртэл тэд хотыг бүслэв. 26 Израилийн хааныг хэрмэн дээгүүр өнгөрөн явж байтал, нэгэн эмэгтэй түүн уруу хашхирч, —Миний эзэн, хаантан, туслаач! гэв. 27 Хаан —Хэрэв ЭЗЭН чамд туслахгүй юм бол би хаанаасаа чамд туслах юм бэ? Үтрэмээс үү, эсвэл усан үзмийн шахуургаас уу? гэжээ. 28 Хаан түүнд —Чамд юу тохиолдов? гэхэд тэр эмэгтэй хариулан —Энэ эмэгтэй надад "Чи хүүгээ өгөөч. Өнөөдөр бид чиний хүүг идээд, маргааш миний хүүг идэцгээе" гэж хэлсэн билээ. 29 Ингээд бид миний хүүг чанаж, идсэн юм. Дараа өдөр нь би түүнд "Хүүгээ өг. Бид түүнийг идэцгээе" гэсэн боловч тэр эмэгтэй хүүгээ нуучихсан байв гэв. 30 Хаан тэр эмэгтэйн үгийг сонсоод, тэрээр хувцсаа уржээ. Тэр хэрмэн дээгүүр явж байсан бөгөөд ард түмэн хартал, үзэгтүн, хаан биедээ таар өмссөн байв. 31 Тэгээд хаан —Шафатын хүү Елишагийн толгой өнөөдөр мөрөн дээр нь үлдвэл Бурхан намайг ингэж болон үүнээс ч илүүгээр шийтгэх болтугай! гэв. 32 Елиша өөрийн гэрт ахмадуудтай хамт сууж байв. Хаан өөрийн өмнөөс хүн илгээжээ. Харин тэр элчийг өөр дээр нь ирэхээс өмнө Елиша ахмадуудад хандан —Энэ алуурчны хүү миний толгойг авахуулахаар хэрхэн хүн илгээснийг та нар харж байна уу? Харагтун, элчийг ирэхэд хаалгаа хааж, түүний өмнө хаалгаа хаалттай байлгагтун. Түүний ард эзнийх нь хөлийн чимээ байгаа бус уу? гэв. 33 Түүнийг ахмадуудтай ярилцаж байхад, харагтун, өнөөх элч түүн уруу ирж, —Үзэгтүн, энэ бузар муу нь ЭЗЭНээс ирсэн. Яагаад би ЭЗЭНийг цаашид хүлээх ёстой юм бэ? гэжээ.

7

1 Тэгтэл Елиша —ЭЗЭНий үгийг сонсогтун. ЭЗЭН айлдахдаа "Маргааш яг өдийд Самарийн дааман хаалган дээр нэг хэмжүүр сайн гурилыг нэг шекелээр, хоёр хэмжүүр арвайг нэг шекелээр зарах болно" гэж байна гэв. 2 Хааны гарын түшмэл хүн Бурханы хүнд хариулан, —Үзэгтүн, ЭЗЭН тэнгэрт цонхнуудыг хийсэн ч ийм юм байж болно гэж үү? гэжээ. Тэгэхэд Елиша —Үзэгтүн, чи үүнийг өөрийн нүдээр үзэх боловч чи үүнээс идэхгүй гэж хэлэв. 3 Дааман хаалганы үүдэн дээр уяман өвчтэй дөрвөн хүн байжээ. Тэд нэг нэгэндээ —Яагаад бид үхэх хүртлээ энд суух ёстой юм бэ? 4 Хэрэв бид "Хот уруу орцгооё" гэвэл хот дотор өлсгөлөн болсон тул бид тэнд үхэх болно. Хэрэв бид эндээ суувал мөн л үхнэ. Иймээс арамейчуудын хуаран уруу явцгаая. Хэрэв тэд биднийг амьд үлдээвэл бид амьдрах болно. Хэрэв тэд биднийг албал бид үхэх л болно гэлцэв. 5 Тэд арамейчуудын хуаран уруу явахаар үдшийн бүрэнхийгээр босов. Тэднийг арамейчуудын хуарангийн захад хүрч очтол, үзэгтүн, тэнд хэн ч байсангүй. 6 Учир нь Эзэн арамейчуудын цэргүүдэд тэрэг, морьдын дуу чимээ буюу агуу их цэргийн дуу чимээг сонсгосон бөгөөд тэд нэг нэгэндээ —Үзэгтүн, бидэн уруу дайрахаар Израилийн хаан бидний эсрэг хитчүүдийн хаад болон египетчүүдийн хаадыг хөлсөлсөн байна гэцгээв. 7 Тийм учраас тэд босож, үдшийн бүрэнхийгээр зугтан, майхнууд, морьд, илжигнүүдээ буюу хуарангаа байсан чигээр нь орхиод, амиа хөөн зугтсан ажээ. 8 Эдгээр уяман өвчтөнүүд хуарангийн захад хүрч ирээд нэг майханд орж, идэж уугаад, тэндээс алт, мөнгө, хувцас зөөж, далдлан нуужээ. Тэд буцаж ирэн, өөр нэгэн майханд нэвтрэн орж, тэндээс юм зөөж, далдлан нуужээ. 9 Дараа нь тэд бие биендээ —Бид зөв юм хийсэнгүй. Энэ өдөр бол сайн мэдээний өдөр атал бид дуугаа хураан байна. Хэрэв бид өглөөний гэгээ тустал хүлээвэл бидэн дээр шийтгэл буух болно. Тиймээс одоо явж, хааны гэрийнхэнд айлтгая гэцгээв. 10 Ингээд тэд ирж, хотын дааман хаалга сахигчдыг дуудан, тэдэнд —Бид арамейчуудын хуаранд очтол, үзэгтүн, тэнд хэн ч байсангүй, хүний дуу ч сонсогдсонгүй, зөвхөн морьд ба илжигнүүд уяатай, майхнууд нь ч байсан хэвээрээ байв гэв. 11 Дааман хаалганы сахиулууд дуудан, хааны гэрийнхний дунд айлтгалаа. 12 Тэгтэл хаан шөнөөр босоод, түшмэддээ хандан —Арамейчууд бидэнд юу хийснийг би та нарт одоо хэлье. Биднийг өлсөж байгааг тэд мэднэ. Тиймээс тэд "Хотоос гарахад нь бид тэднийг амьдаар нь олзолж, хот уруу нь орцгооё" гээд талд нуугдахаар хуаранг орхиж явсан юм гэж хэлжээ. 13 Зарц нарынх нь нэг —Хотод үлдсэн амьд буй морьдоос тавыг заримд өгөөч. Үзэгтүн, тэд хотод үлдсэн Израилийн бүхий л ард түмний адил юм. Үзэгтүн, тэд амь үрэгдсэн Израилийн бүхий л ард түмний адил юм. Тиймээс илгээж, харцгаая гэжээ. 14 Тиймээс тэд морьтой хоёр тэрэг авч, хаан тэднийг арамейчуудын цэргийн араас илгээн, —Явж, хар гэж хэлжээ. 15 Тэд араас нь Иордан уруу явсан бөгөөд үзэгтүн, бүх зам арамейчуудын яарахдаа хаясан хувцас, хэрэглэлээр дүүрсэн байв. Тэгээд элч нар буцаж ирээд, хаанд айлтгав. 16 Ингээд ард түмэн гарч, арамейчуудын хуаранг тонов. Тэгэхэд ЭЗЭНий үгийн дагуу нэг хэмжүүр сайн гурилыг нэг шекелээр, хоёр хэмжүүр арвайг нэг шекелээр худалдаалав. 17 Хаан өөрийн гарын түшмэлийг хотын дааман хаалгыг хариуцахаар томилжээ. Гэвч хүмүүс дааман хаалганы дэргэд түүнийг дайран гишгэчсэн бөгөөд тэрээр Бурханы хүний яг хэлсний дагуу үхэв. Хаан түүн уруу ирэх үед Бурханы хүн тэгж ярив. 18 Энэ нь Бурханы хүн хаанд "Маргааш өдийд Самарийн дааман хаалган дээр хоёр хэмжүүр арвай нэг шекелээр, нэг хэмжүүр сайн гурил нэг шекелээр зарагдах болно" гэж хэлсний дагуу болжээ. 19 Тэгэхэд хааны түшмэл Бурханы хүнд хариулан —Үзэгтүн, хэрэв ЭЗЭН тэнгэрт цонхнууд хийсэн ч ийм юм байж болно гэж үү? гэж хэлэв. Тэрээр —Үзэгтүн, чи үүнийг өөрийн нүдээр үзэх боловч чи түүнээс идэхгүй гэсэн билээ. 20 Ингээд түүнд энэ нь тохиолдож, хүмүүст хотын дааман хаалганы дэргэд түүнийг дайран гишгэцгээж, тэрээр үхсэн юм.

8

1 Хүүг нь амь оруулсан тэр нэгэн эмэгтэйд Елиша хандан, —Босож, гэр бүлийнхэнтэйгээ явж, түр оршин сууж болох газарт түр оршин суу. Учир нь ЭЗЭН өлсгөлөнг дуудсан бөгөөд тэр нь уг нутагт долоон жилийн турш байхаар ирнэ гэв. 2 Ийнхүү мөнөөх эмэгтэй босож, Бурханы хүний үгийн дагуу үйлдэж, гэр бүлийнхэнтэйгээ явж, долоон жилийн турш филистчүүдийн нутагт түр амьдрав. 3 Долоон жилийн эцэст мөнөөх эмэгтэй филистчүүдийн нутгаас буцаж ирэв. Тэр өөрийн гэр, өөрийн талбайн талаар хаанд хүсэлт гаргахаар явжээ. 4 Хаан —Елишагийн үйлдсэн бүх агуу зүйлсийг надад ярьж өгөөч хэмээн Бурханы хүний зарц Гехазитай ярьж байв. 5 Үхсэн нэгнийг Елиша хэрхэн амь оруулсан тухай хаанд ярьж байх үед нь, үзэгтүн, хүүг нь амь оруулсан тэрхүү эмэгтэй өөрийн гэр, өөрийн талбайн талаар хаанд хүсэлт гаргахаар иржээ. Гехази —Эзэн хаан минь, энэ чинь өнөөх эмэгтэй бөгөөд энэ чинь Елишагийн амь оруулсан, түүний хүү байна гэв. 6 Хаан эмэгтэйгээс асуухад тэр түүнд ярьж өглөө. Тиймээс хаан тэр эмэгтэйн төлөө нэгэн түшмэлийг томилон, —Энэ эмэгтэйнх байсан гэсэн бүхнийг болон нутгаа орхин явсан тэр өдрөөс нь өнөөг хүртэл талбайгаас гарсан бүх бүтээгдэхүүнийг буцаан өгөгтүн хэмээв. 7 Дараа нь Елиша Дамаскт ирэв. Арамын хаан Бен-хадад өвчтэй байсан бөгөөд түүнд —Бурханы хүн энд ирээд байна гэж мэдэгджээ. 8 Хаан Хазаелд хандан —Гартаа бэлэг авч, Бурханы хүнтэй уулзахаар явж, түүгээр дамжуулан ЭЗЭНээс "Энэ өвчнөөс би ангижрах болов уу?" гэж асуулга гэв. 9 Ингээд Хазаел түүнтэй уулзахаар явж, дөчин тэмээн ачаа болох Дамаскийн бүх төрлийн сайн зүйлээс гартаа бэлэг авчээ. Тэр ирээд, түүний өмнө зогсон, —Таны хүү Арамын хаан Бен-хадад намайг тан уруу илгээн, "Энэ өвчнөөс би ангижрах болов уу?" гэж хэлүүлсэн юм гэжээ. 10 Тэгэхэд Елиша түүнд —Явж, түүнд "Та заавал эдгэх болно" гэж хэл. Гэвч тэр гарцаагүй үхнэ гэдгийг ЭЗЭН надад үзүүлсэн юм гэв. 11 Тэрээр Хазаелыг ичтэл гөлрөн ширтжээ. Тэгээд Бурханы хүн уйлав. 12 Хазаел —Миний эзэн юунд уйлна вэ? гэж асуусанд Елиша —Учир нь Израилийн хөвгүүдэд чиний хийх бузар мууг би мэдэж байна. Тэдний бэхлэлтүүдийг чи галдаж, залуусыг нь илдээр хороон, нялхсыг нь хэмх бяцалж, жирэмсэн эмэгтэйчүүдийнх нь гэдсийг сийчих болно гэж хариулав. 13 Тэгэхэд Хазаел —Гэвч таны зарц тийм агуу зүйлийг хийдэг нохой юм уу? гэсэнд Елиша —Чамайг Арамын хаан болно гэдгийг ЭЗЭН надад үзүүлсэн юм гэж хариулав. 14 Ингээд тэр Елишаг орхин, эзэн уруугаа буцан ирсэн бөгөөд Бен-хадад түүнээс —Елиша чамд юу гэж хэлэв? гэсэнд тэрээр —Таныг заавал эдгэрнэ гэж тэр надад хэлсэн юм хэмээн хариуллаа. 15 Дараагийн өдөр нь тэрээр ширүүн алчуур аваад, усанд дүрж, Бен-хададын нүүрэн дээр дэлгэсэнд тэр үхжээ. Хазаел түүний оронд хаан болов. 16 Израилийн хаан Ахабын хүү Иорамын тав дахь жилд Иехошафат Иудагийн хаан байсан бөгөөд Иудагийн хаан Иехошафатын хүү Иехорам хаан болжээ. 17 Тэрээр хаан болохдоо гучин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд найман жил хаанчилжээ. 18 Тэрээр Ахабын гэрийн үйлдсэнтэй адил Израилийн хаадын замаар явав. Учир нь Ахабын охин түүний эхнэр болжээ. Тэрээр ЭЗЭНий мэлмийд хорон мууг үйлдэв. 19 Харин Өөрийн зарц Давидын төлөө хөвгүүдээр нь дамжуулан түүнд дэнлүүг үргэлж өгнө гэж Давидад Өөрөө нэгэнт амласан тул Иудаг устгахыг ЭЗЭН хүссэнгүй. 20 Түүний өдрүүдэд Едом Иудагийн гар дороос босож, өөрсөддөө хаан бий болгожээ. 21 Тэгэхэд Иорам ба түүнтэй хамт бүх тэрэгнүүд нь Заир уруу гатлан гарлаа. Тэрээр шөнөөр босож, өөрийг нь болон тэрэгнүүдийн дарга нарыг хүрээлсэн байсан едомчуудыг цохьсон боловч цэргүүд өөр өөрсдийн майхан уруугаа зугтан одоцгоов. 22 Едом энэ өдрийг хүртэл Иудаг эсэргүүцлээ. Яг тэр үед Либна эсэргүүцэн босжээ. 23 Иорамын бусад үйлс болон түүний үйлдсэн бүхэн Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 24 Иорам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд эцэг өвгөдийнхөө хамт Давидын хотод оршуулагдав. Түүний хүү Ахазиа оронд нь хаан болжээ. 25 Израилийн хаан Ахабын хүү Иорамын арван хоёр дахь жилд Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа хаанчилж эхлэв. 26 Ахазиа хаан болохдоо хорин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд нэг жил хаанчлав. Түүний эхийг Израилийн хаан Омрийн ач охин Аталиа гэдэг байв. 27 Ахазиа Ахабын гэрийн хүргэн байсан тул Ахабын гэрийнхний замаар замнан, Ахабын гэрийн адил ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлджээ. 28 Дараа нь тэрээр Ахабын хүү Иорамтай хамт Рамот-гилеадад Арамын хаан Хазаелын эсрэг тулалдахаар явсан бөгөөд арамейчууд Иорамыг шархдуулжээ. 29 Иймээс Арамын хаан Хазаелын эсрэг тулалдаж байхад нь Рамад арамейчуудын өөрт нь учруулсан шархыг эдгээхээр Иорам Хаан Иезреел уруу буцав. Тэгээд Ахабын хүү Иорам өвчтэй байсан тул Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа Иезреелд түүнтэй уулзахаар явжээ.

9

1 Эш үзүүлэгч Елиша эш үзүүлэгчдийн хөвгүүдийн нэгийг дуудаад, түүнд —Бүсээ ууцаараа бүсэлж, гартаа энэ тостой савыг барьж, Рамот-гилеад уруу яв. 2 Чи тэнд очоод, Нимшийн ач, Иехошафатын хүү Иехүг хайж олоод, дотогш орон, ах дүүсийнх нь дундаас түүнийг босгон, дотоод өрөө уруу дагуулан орогтун. 3 Тэгээд тостой саваа авч, толгой дээр нь тос цутган, "ЭЗЭН айлдахдаа «Би чамайг Израилийн хаан болгон тосоллоо» гэж байна" гэж хэлэгтүн. Дараа нь хаалгаа онгойлгоод, зугтагтун. Битгий хүлээ хэмээв. 4 Ингээд эш үзүүлэгчийн зарц болох тэр залуу Рамот-гилеад уруу явжээ. 5 Түүнийг ирэхэд, харагтун, цэргийн ахмадууд сууж байв. Тэрээр —Ахмад аа, танд хэлэх үг надад байна гэв. Иехү —Бидний хэнд нь юм бэ? хэмээн асуухад тэрээр —Ахмад аа, танд гэв. 6 Иехү босоод, гэрт ороход тэрээр түүний толгой дээр тос цутган, түүнд —Израилийн Бурхан, ЭЗЭН айлдахдаа "Би чамайг ЭЗЭНий ард түмэн болох Израилийн хаан болгон тосоллоо. 7 Иезебелийн гарт үрэгдсэн Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдийн цусны болон ЭЗЭНий бүх зарц нарын цусны өшөөг Би авахын тулд чи өөрийн эзэн Ахабын гэрийг цохигтун. 8 Учир нь Ахабын бүх гэр мөхөх ёстой. Израиль дахь боол ч бай, чөлөөт ч бай бүх эрэгтэй хүмүүсийг Би Ахабаас таслах болно. 9 Би Ахабын гэрийг Небатын хүү Иеробоамын гэртэй адил, мөн Ахиагийн хүү Баашагийн гэртэй адил болгоно. 10 Ноход Иезреелийн нутагт Иезебелийг идэх бөгөөд хэн ч түүнийг оршуулахгүй" гэж байна гэв. Тэгээд тэрээр хаалгаа онгойлгон зугтав. 11 Иехү эзнийхээ зарц нар дээр ороход нэг нь түүнээс —Бүх юм зүгээр үү? Тэр галзуу яагаад чам уруу ирсэн юм бэ? гэж асуув. Тэрээр тэдэнд —Та нар хүнийг болон түүний ярьсныг мэднэ шүү дээ гэв. 12 Тэд —Энэ чинь худал. Бидэнд одоохон хэлээч гэсэнд Иехү —Тэрээр надад ингэж, ингэж яриад, "ЭЗЭН айлдахдаа «Би чамайг Израилийн хаан болгон тосоллоо» гэж байна" гэж хэлсэн билээ гэв. 13 Тэгэхэд тэд яаравчлан, хүн бүр өөрийн хувцсаа авч, Иехүгийн хөлийн доор гишгэх газарт нь дэвсэн тавиад, бүрээ үлээн, —Иехү бол хаан гэцгээв. 14 Ингээд Нимшийн ач, Иехошафатын хүү Иехү Иорамын эсрэг хуйвалдав. Тэр үед Иорам бүх израильчуудын хамт Арамын хаан Хазаелын эсрэг Рамот-гилеадыг хамгаалж байлаа. 15 Харин Иорам хаан Арамын хаан Хазаелтай тулалдаж байхдаа арамейчуудаас олсон шархаа эдгээхээр Иезреел уруу буцаж ирсэн байлаа. Иймээс Иехү —Хэрэв та нарын санаа ийм байгаа бол, Иезреелд дуулгахаар хэн ч оргох юм уу хотыг орхин явж болохгүй хэмээв. 16 Тэгээд Иехү тэргэнд суугаад Иезреел уруу явав. Учир нь Иорам тэнд хэвтэж байсан билээ. Иудагийн хаан Ахазиа Иорамтай уулзахаар тэнд ирчихсэн байв. 17 Иезреелийн цамхаг дээр харуул зогсож байсан бөгөөд Иехүгийн цэргүүдийг ирж байгааг тэр хараад, —Би цэргүүдийг харж байна гэжээ. Иорам —Нэг морьтонг авч, тэднийг угтуулан илгээн, "Амар амгалан уу" хэмээн түүгээр асуулга гэв. 18 Ингээд морьтон эр түүнтэй уулзахаар явж, —Хаантан "Амар амгалан уу?" хэмээсэн билээ гэв. Иехү —Чи амар амгалантай ямар хамаатай вэ? Миний хойноос яв гэв. Харуул мэдээлэхдээ —Элч тэдэн уруу очсон боловч буцаж ирсэнгүй гэв. 19 Тэгэхэд хаан хоёр дахь морьтон эрийг илгээсэнд тэрээр тэдэн уруу ирээд, —Хаан "Амар амгалан уу?" гэж асууж байна гэв. Иехү —Чи амар амгалантай ямар холбоотой вэ? Миний хойноос яв хэмээн хариулав. 20 Харуул —Элч тэдэн уруу хүрч очсон боловч буцаж ирсэнгүй. Тэдний давхилт нь Нимшийн хүү Иехүгийн давхихтай адил юм. Учир нь тэрээр галзуурсан мэт давхидаг гэж мэдэгдэв. 21 Тэгэхэд Иорам —Бэлэн байгтун гэв. Тэд түүний тэргийг бэлтгэв. Израилийн хаан Иорам болон Иудагийн хаан Ахазиа тус тусын тэргэндээ суун, Иехүг угтахаар гарч, иезреел хүн Наботын эзэмшил дээр түүнтэй тулгарав. 22 Иорам Иехүг хараад —Иехү, амар амгалан уу? гэж асуусанд Иехү —Чиний эх Иезебелийн завхайрал болон түүний ид шидүүд олшрон байхад юун амар амгалан байх билээ? хэмээв. 23 Иорам эргэн зугтаад, Ахазиад —Хөөе, Ахазиа, урвалт гэв. 24 Иехү бүх хүчээрээ нумаа татаж, Иорамыг гарых нь хоорондуур харвав. Сум түүний зүрхийг нэвтлэн гарч, тэрээр тэргэн дотроо доошоо суув. 25 Тэгээд түүний түшмэл Бидкарт хандан —Түүнийг өргөж, иезреел хүн Наботын эзэмшлийн талбайд аваачин хаягтун. Учир нь түүний эцэг Ахабын араас чи бид хоёр даган явж байхад ЭЗЭН түүний эсрэг энэ зөнг тавьсанг би санаж байна. 26 "Набот болон түүний хөвгүүдийн цусыг өчигдөр Би үнэхээр харлаа" гэж ЭЗЭН айлдаж, "Би энэ эзэмшил дээр чамд эргүүлэн төлөх болно" гэсэн билээ. Тэгэхээр одоо ЭЗЭНий үгийн дагуу түүнийг авч, тэр эзэмшил дээр хаягтун гэв. 27 Иудагийн хаан Ахазиа хараад цэцэрлэгт гэрийн замаар зугтаав. Иехү түүний хойноос хөөн, —Түүнийг ч мөн тэргэн дотор нь харва гэж Иблеам дахь Гурын өгсүүр зам дээр хэлэв. Гэвч тэрээр Мегиддо уруу зугтан, тэндээ үхжээ. 28 Дараа нь зарц нар нь түүнийг тэргээр Иерусалим уруу аваачиж, түүнийг булшинд нь эцэг өвгөдийнх нь хамт Давидын хотод оршуулсан юм. 29 Ахабын хүү Иорамын арван нэг дэх жилд Ахазиа Иудагийн хаан болсон юм. 30 Иехү Иезреелд ирэх үед Иезебел сонсоод, нүдээ будан, толгойгоо чимэглээд, цонхоороо харав. 31 Иехү дааман хаалгаар орж ирж байхад Иезебел —Эзнийгээ хороосон Зимри, энэ чинь зөв гэж үү? хэмээсэн юм. 32 Тэгэхэд Иехү цонх уруу толгойгоо өргөн, —Хэн миний талд вэ? Хэн бэ? гэв. Хоёр гурван түшмэл түүн уруу харжээ. 33 Тэр —Түүнийг доош хаягтун хэмээв. Ингээд тэд түүнийг доошоо чулуудсан бөгөөд түүний цус ханан дээгүүр, моринд ч хүртэл цацагдав. Тэр түүнийг хөл дороо дэвсэлсэн юм. 34 Иехү дотогш ороод, ууж идлээ. Тэрээр —Одоо энэ хараагдсан эмийг харж, түүнийг оршуул. Учир нь тэрээр хааны охин юм гэв. 35 Тэд түүнийг оршуулахаар гарсан боловч түүнээс гавлынх нь яс, хөл, гарых нь сарвуунаас өөр юм олсонгүй. 36 Тиймээс тэд буцаж ирээд, Иехүд хэлжээ. Тэрээр —Энэ бол ЭЗЭНий үг юм. Тэрээр Өөрийн зарц тишбе хүн Елиагаар дамжуулан "Иезреелийн эзэмшилд ноход Иезебелийн махыг иднэ. 37 Иезебелийн хүүр нь Иезреелийн эзэмшлийн талбай дээрх хог мэт болж, хэн ч «Энэ бол Иезебел» гэж хэлж чадахгүй" гэсэн билээ гэв.

10

1 Ахабт Самарид далан хүү байв. Иехү захидлууд бичиж, тэдгээрийг Самари уруу, Иезреелийн захирагчид болох ахмадуудад, мөн Ахабын асрамжлагчдад илгээн, — 2 Одоо энэ захидал та нарт ирэнгүүт, та нарын эзний хөвгүүд нэгэнт та нартай хамт байгаа бөгөөд тэрэг, морьд, бэхлэгдсэн хот болон зэвсгүүд байгаа тул 3 өөрийн эзний хөвгүүдээс хамгийн сайн, хамгийн зохистойг сонгож, эцгийнх нь хаан ширээнд залан, эзнийхээ гэрийн төлөө тулалдагтун хэмээжээ. 4 Харин тэд ихэд айн, —Харагтун, хоёр хаан түүний өмнө зогсож чадаагүй юм. Тэгвэл бид хэрхэн зогсож чадах вэ? гэцгээв. 5 Ордны даамал, хотын захирагч, ахмадууд болон асрамжлагч нар Иехүд үг илгээн, —Бид таны боолууд билээ. Бидэнд хэлсэн бүгдийг тань бид гүйцэтгэнэ. Бид ямар ч хүнийг хаанаар өргөмжлөхгүй. Өөрийн таалалд нийцсэн зүйлийг үйлдэгтүн гэв. 6 Тэгэхэд Иехү хоёр дахь удаагаа тэдэнд захидал бичиж, —Хэрэв та нар миний талд бөгөөд миний дууг сонсох бол өөрсдийн эзний хөвгүүд болох эрчүүдийн толгойг авч, маргааш яг өдийд над уруу Иезреелд ирэгтүн гэжээ. Тэр үед хааны хөвгүүд болох далан хүн өөрсдийг нь өсгөж буй хотын хүндэт хүмүүсийн хамт байв. 7 Тэдэнд захидал ирэхэд тэд хааны хөвгүүд болох далан хүнийг барьж алаад, тэдний толгойнуудыг сагснуудад хийн, Иезреелд буй Иехү уруу илгээв. 8 Элч ирээд, түүнд —Тэд хааны хөвгүүдийн толгойнуудыг авчирлаа гэж мэдэгдэхэд, Иехү —Тэдгээрийг дааман хаалганы орох үүдэнд өглөө болтол хоёр хэсэг болгон овоологтун гэв. 9 Өглөө Иехү гадагшаа гарч зогсоод, бүх ард түмэнд хандан —Та нар гэмгүй. Үзэгтүн, би эзнийхээ эсрэг хуйвалдан, түүнийг алсан, харин энэ бүгдийг хэн алсан бэ? 10 Ахабын гэрийн тухайд ЭЗЭНий айлдсан Түүний үгнээс юу нь ч газарт унаагүй гэдгийг мэдэгтүн. Учир нь ЭЗЭН Өөрийн боол Елиагаар дамжуулан айлдсанаа гүйцэтгэсэн юм гэв. 11 Ингээд Иезреелд Ахабын гэрийнхнээс үлдсэн бүгдийг, түүний агуу хүмүүс, түүний дотны хүмүүс, түүний тахилч нарыг, түүнд нэг хүнийг ч үлдээлгүйгээр Иехү хяджээ. 12 Тэгээд Иехү босон хөдлөж, Самари уруу явав. Замд түүнийг хоньчдын Бет-екед байх зуур 13 Иудагийн хаан Ахазиагийн төрөл садангуудтай Иехү тааралдаж, —Та нар хэн бэ? хэмээв. Тэд —Бид Ахазиагийн төрөл садан юм. Бид хааны хөвгүүд болон эх хатны хөвгүүдийн мэндийг асуух гэж яваа гэж хариулав. 14 Иехү —Тэднийг амьдаар нь баригтун гэж тушаахад тэднийг амьдаар нь барьж, дөчин хоёр хүнийг Бет-екедийн нүхэнд хороов. Тэднээс хэнийг ч үлдээсэнгүй. 15 Тэрээр тэндээс холдохдоо өөртэй нь уулзахаар ирж буй Рехабын хүү Иехонадабтай уулзжээ. Иехү түүнтэй мэндлээд, түүнд —Миний зүрх чиний зүрхтэй хамт байгаачлан чиний зүрх зөв байна уу? гэхэд Иехонадаб —Тийм байна гэж хариулав. —Хэрэв тийм бол гараа өгөгтүн гэхэд тэрээр түүнд гараа өгсөнд Иехү түүнийг өөр уруугаа тэргэнд оруулав. 16 Иехү —Надтай хамт явж, ЭЗЭНий төлөөх миний зүтгэлийг харагтун гэв. Ингээд Иехү түүнийг тэргэндээ суулган явлаа. 17 Иехү Самарид ирээд Самарид Ахабт үлдсэн бүгдийг Елиад айлдсан ЭЗЭНий үгийн дагуу устгах хүртлээ алжээ. 18 Дараа нь Иехү бүх ард түмнийг цуглуулаад, тэдэнд —Ахаб Баалд жаахан л үйлчилсэн бол Иехү түүнд маш их үйлчилнэ. 19 Одоо Баалын бүх эш үзүүлэгчдийг, бүх мөргөгчид болон бүх тахилч нарыг нь цуглуул. Би Баалд үлэмж их тахил өргөх тул нэгийг нь ч бүү үлдээ. Үлдсэн хэн боловч амьд үлдэхгүй хэмээв. Харин Иехү Баалыг шүтэн бишрэгчдийг устгахын тулд ингэж залилан хэлжээ. 20 Иехү —Баалд зориулан ёслолын чуулганыг ариусгагтун гэсэнд тэд тунхаглав. 21 Тэгээд Иехү Израиль даяар хүн илгээсэн бөгөөд Баалын бүх мөргөгчид иржээ. Ирэлгүй үлдсэн нэг ч хүн байгаагүй юм. Тэд Баалын сүмд ороход Баалын сүм нэг захаас нөгөө зах хүртлээ дүүрсэн байв. 22 Иехү хувцасны агуулахыг хариуцсан хүнд —Баалын бүх мөргөгчдөд хувцас авчрагтун гэж тушаасанд өнөөх хүн тэдэнд хувцас авч ирэв. 23 Иехү, Рехабын хүү Иехонадабын хамт Баалын сүм уруу ороод, Баалын мөргөгчдөд хандан —Энд та нарын хамт ЭЗЭНий зарц нараас нэг ч хүн байхгүй, харин гагцхүү Баалыг мөргөгчид л байх эсэхийг олж харагтун гэв. 24 Тэгээд тэд өргөл болон шатаалт тахилуудыг өргөхөөр дотогш оров. Иехү өөртөө зориулаад наян хүнийг гадаа байрлуулан зогсоож, —Би та нарын гарт оруулах хүмүүсээс нэгэнд ч гэсэн зугтах боломж олгосон хэн боловч түүний оронд өөрийн амийг өгнө шүү гэж анхааруулав. 25 Тэгээд тэрээр шатаалт тахил өргөж дуусмагц Иехү харгалзагч ба хааны түшмэдэд хандан —Дотогш ороод тэднийг алагтун. Нэг ч хүнийг бүү гарга гэв. Тэд илдний ирээр тэднийг алав. Харгалзагчид болон хааны түшмэд гарган хаяж, Баалын сүмийн дотоод өрөө уруу оров. 26 Тэд Баалын сүмийн багануудыг гаргаад шатаав. 27 Тэд бас Баалын багануудыг хугалан, Баалын сүмийг нурааж, жорлон болгож орхисон нь энэ өдрийг хүртэл байгаа билээ. 28 Ийнхүү Иехү Израилиас Баалыг устгав. 29 Гэсэн хэдий ч Бетел ба Дан дахь алтан тугалууд буюу Израилиар нүгэл хийлгэсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс Иехү салж ангижирсангүй. 30 ЭЗЭН Иехүд —Миний мэлмийд зөвийг гүйцэтгэснээрээ чи сайныг үйлдэж, Миний зүрхэн дэх бүхний дагуу Ахабын гэрт үйлдсэн тул чиний дөрөв дэх үеийн хөвгүүд чинь Израилийн сэнтийнд заларна хэмээн айлджээ. 31 Гэвч Иехү бүх зүрх сэтгэлээсээ Израилийн Бурхан болох ЭЗЭНий хууль дотор алхахыг анхаарсангүй. Израилиар нүглийг үйлдүүлсэн Иеробоамын нүглүүдээс тэрээр салж ангижирсангүй. 32 Тэр өдрүүдэд ЭЗЭН Израилиас тасалж эхэлсэн юм. Хазаел Израилийн бүх газар нутагт тэднийг ялж байв. 33 Иорданы зүүнтэйд Гилеадын бүх нутгийг буюу гадчууд, реубенчүүд, манассечуудыг, мөн Арноны хөндий дэх Ареораас Гилеад, Башан зэргийг хүртэл ялав. 34 Иехүгийн бусад үйлс, түүний хийсэн бүгд, түүний хүч чадал зэрэг нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 35 Иехү эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг Самарид оршуулсан юм. Түүний хүү Иехоахаз түүний оронд хаан болов. 36 Иехүгийн Самарид Израилийг захирсан хугацаа нь хорин найман жил байлаа.

11

1 Өөрийн хүүг үхсэнийг Ахазиагийн эх Аталиа хараад, босож хааны удмын бүх хөвгүүдийг устгав. 2 Харин Иорам Хааны охин буюу Ахазиагийн эгч Иехошеба Ахазиагийн хүү Иоашийг авч, алуулж байсан хааны хөвгүүдийн дундаас хулгайлан, түүнийг асрагчтай нь хамт унтлагын өрөөндөө байлгав. Ингэж тэд түүнийг Аталиагаас нуун, тэр алуулсангүй. 3 Аталиа уг газрыг захирч байх хооронд тэрээр асрагчийнхаа хамт ЭЗЭНий өргөөнд зургаан жил нуугдаж байв. 4 Долоо дахь жил Иехоиада хүн илгээж, каричуудын болон хамгаалагчдын зуутын дарга нарыг авчирж, тэднийг өөр уруугаа ЭЗЭНий өргөөнд авчрав. Тэгээд тэрээр тэдэнтэй гэрээ байгуулан, ЭЗЭНий өргөөнд тэднийг тангараглуулж, тэдэнд хааны хүүг харуулав. 5 Тэрээр тэдэнд тушаан —Та нарын хийх зүйл энэ юм. Амралтын өдөр ирж, хааны гэрийг харгалздаг та бүгдийн гуравны нэг нь 6 (гуравны нэг нь бас Сур дааман хаалган дээр, мөн гуравны нэг нь хамгаалагчдын арын дааман хаалган дээр) хамгаалалтын төлөө ордныг харгалзах ёстой. 7 Амралтын өдөр гардаг бүх хүн буюу та нарын хоёр хэсэг нь хааны төлөө ЭЗЭНий өргөөг хамгаалагтун. 8 Тэгээд хүн бүр гартаа зэр зэвсгээ авч, та нар хааныг хүрээлэн зогс. Хүрээний дотор орогч хэнийг боловч алах ёстой. Гарч, орох бүрийд нь хаантай хамт байгтун гэв. 9 Зуутын дарга нар тахилч Иехоиадагийн тушаасан бүгдийг ёсоор гүйцэтгэв. Тэдний хүн бүр амралтын өдөр ордог, гардаг бүх эрсээ дагуулан тахилч Иехоиада уруу ирэв. 10 Тахилч зуутын дарга нарт ЭЗЭНий өргөөн дэх, Давид хааны жад, бамбайнуудыг өгөв. 11 Харуулын хүн бүр гартаа зэвсгээ бариад, өргөөний баруун талаас зүүн тал хүртэл хааныг хүрээлэн тахилын ширээ болон өргөөний хажуугаар зогсоцгоов. 12 Үүний дараа Иехоиада хааны хүүг гарган ирж, түүнд титэм өмсгөн, гэрчлэл өгөв. Тэд түүнийг хаан болгон тосолж, алга ташин, —Хаан мөнх наслаг! гэцгээв. 13 Аталиа харуулын болон хүмүүсийн дуу чимээг сонсоод, хүмүүс уруу ЭЗЭНий өргөөнд орж ирэв. 14 Түүнийг харахад, хаан дэргэдээ ахмадууд болон бүрээчдийг эгнүүлэн баганы дэргэд заншил ёсоор зогсож байв. Тэр газрын бүх ард түмэн баярлалдан, бүрээгээ хүнгэнүүлж байв. Тэгэхэд Аталиа хувцсаа ураад, —Тэрслэлт! Тэрслэлт! гэж хашхирав. 15 Тахилч Иехоиада цэргийг захирахаар томилогдсон зуутын дарга нарт тушаан, тэдэнд —Тэр эмийг хүрээний дундаас гарга. Түүнийг дагах хэнийг ч бай илдээр цавчин алагтун хэмээв. Учир нь тахилч "Тэр эмийг ЭЗЭНий өргөөнд бүү алагтун" гэжээ. 16 Ингээд тэд түүнийг баривчлан, түүнийг хааны гэрийн морьдын орох үүд уруу ирэхэд нь тэнд цаазлав. 17 Дараа нь Иехоиада ЭЗЭН, хаан болон ард түмний хооронд тэд ЭЗЭНий ард түмэн болно гэсэн гэрээ байгуулан, мөн хаан ба ард түмний хооронд ч байгуулжээ. 18 Тэр газрын бүх ард түмэн Баалын дуган уруу очин, түүнийг буулган нураажээ. Түүний тахилын ширээнүүд ба хөргүүдийг нь тэд юу ч үгүй болтол эвдэж, Баалын тахилч Маттаныг тахилын ширээнүүдийн өмнө алав. Тахилч ЭЗЭНий өргөөг хариуцуулан түшмэдийг томилов. 19 Тэрээр зуутын дарга, каричууд, хамгаалагчид болон тэр газрын бүх ард түмнийг дагуулжээ. Тэд хааныг ЭЗЭНий өргөөнөөс аваад, хамгаалагчдын дааман хаалганы замаар хааны ордонд ирэв. Тэрээр хаадын сэнтийнд заларчээ. 20 Ингээд тэр газрын бүх ард түмэн баярлалдан хөөрч, хот нам гүм байв. Учир нь тэд Аталиаг хааны ордонд илдээр цавчин алсан билээ. 21 Иехоаш хаанаар өргөмжлөгдөхдөө долоон настай байлаа.

12

1 Иехүгийн долоо дахь жилд Иехоаш хаан болсон бөгөөд тэрээр Иерусалимд дөчин жил хаанчилжээ. Түүний эхийг Беершебагийн Зибиа гэдэг байв. 2 Тахилч Иехоиада өөрт нь зааварлаж байсан бүх өдрүүдийнхээ туршид Иехоаш ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдсэн юм. 3 Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүд л зайлуулагдсангүй. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар байв. 4 Дараа нь Иехоаш тахилч нарт хандан —ЭЗЭНий өргөөнд авчирсан ариун зүйлсийн бүх мөнгийг буюу хүн бүрийн татварын мөнгө, мөн ЭЗЭНий өргөөнд авчрахаар зүрх нь өдөөсөн аливаа хүний бүх мөнгө зэрэг бэлэн мөнгийг 5 тахилч нар тус бүр өөрсдийн дотны хүмүүсээсээ аваг. Тэд өргөөнд олдсон аливаа эвдэрлийг засварлагтун гэв. 6 Гэвч Иехоаш хааны хорин гурав дахь жилд ч тахилч нар өргөөний эвдрэлийг засварласангүй байв. 7 Тэгэхэд Иехоаш хаан тахилч Иехоиада болон тахилч нарыг дуудан тэдэнд —Яагаад та нар өргөөний эвдрэлийг засварлахгүй байна вэ? Тиймээс одоо дотны хүмүүсээсээ мөнгө авахаа больж, харин үүнийгээ өргөөний эвдрэлийг засварлахад зарцуул гэв. 8 Ингээд ард түмнээс ч мөнгө авахаа больж, өргөөний эвдрэлийг засварлахаа болихыг тахилч нар зөвшөөрөв. 9 Харин тахилч Иехоиада нэг авдар авч, таган дээр нь нүх гаргаад, тэр авдраа ЭЗЭНий өргөөнд ордог хаалганы баруун талд тахилын ширээний хажууд тавьжээ. Босгыг хамгаалдаг тахилч нар ЭЗЭНий өргөөнд авчирсан бүх мөнгийг тэр авдарт хийв. 10 Авдран дотор маш их мөнгө байгааг хараад хааны гүүш, тэргүүн тахилч нар ирж, уутанд хийн, ЭЗЭНий өргөөнд олдсон мөнгийг тоолжээ. 11 Тооцоолсон мөнгөө тэд ажил хийгчид буюу ЭЗЭНий өргөөг хянагчдын гарт өгөв. Тэд үүнийг ЭЗЭНий өргөөнд ажиллаж байсан мужаанууд болон барилгачдын хөлсөнд өгчээ. 12 Мөн чулуучид, чулуу цавчигчдад ч өгчээ. Тэр мөнгө бас ЭЗЭНий өргөөний эвдрэлийг засварлахын тулд гуалин, зассан чулуу худалдан авахад, мөн өргөөг засварлахад хэрэгтэй бүгдийг авахад зарцуулагджээ. 13 Харин ЭЗЭНий өргөөнд авчирсан мөнгөөр ЭЗЭНий өргөөнд зориулаад мөнгөн аяга, чимхүүр, хул, бүрээ болон алт мөнгөн аливаа сав суулгануудыг хийгээгүй. 14 Учир нь тэд мөнгийг ажил хийгчдэд өгсөн бөгөөд түүгээр тэд ЭЗЭНий өргөөг засварлажээ. 15 Үүнээс гадна, ажил хийгчдэд хөлсийг нь өгүүлэхэд мөнгийг гарт нь хариуцуулсан хүмүүсээс тэд тайлан тооцоо шаардаагүй. Учир нь тэд итгэлтэйгээр үйлдэв. 16 Гэмийн төлөөх тахил болон нүглийн төлөөх тахилын мөнгийг ЭЗЭНий өргөөнд оруулахгүй. Тэр нь тахилч нарт зориулагджээ. 17 Тэр үед Арамын хаан Хазаел хөдлөн Гадын эсрэг дайтан түүнийг эзэлж аваад, Хазаел Иерусалим уруу явахаар чиглэв. 18 Иудагийн хаан Иехоаш нь Иудагийн хаад байсан эцэг өвгөд Иехошафат, Иехорам, Ахазиа нарынхаа зориулан өргөсөн бүх ариун эд юмсыг, өөрийн ариун эд юмсыг болон ЭЗЭНий өргөө ба хааны гэрийн эрдэнэсийн сангуудаас олдсон бүх алтыг Арамын хаан Хазаелд илгээв. Тэгэхэд л Хазаел Иерусалимаас холдон оджээ. 19 Иоашийн бусад үйлс болон түүний хийсэн бүх юм Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 20 Түүний зарц нь босож, хуйвалдаан зохион, Силла уруу явахад нь Миллогийн ордонд Иоашийг цохив. 21 Түүний зарц нар болох Шимеатын хүү Иозакар ба Шомерын хүү Иехошафат нар цохьсонд тэр үхэв. Тэд түүнийг эцэг өвгөдтэй нь хамт Давидын хотод оршуулж, түүний хүү Амазиа түүний байранд хаан болжээ.

13

1 Ахазиагийн хүү Иудагийн хаан Иоашийн хорин гурав дахь жилд Иехүгийн хүү Иехоахаз Самарид Израилийн хаан болж, арван долоон жил захирчээ. 2 Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдсэн бөгөөд Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглийг дагав. Тэрээр тэдгээрээс эргэсэнгүй. 3 Тиймээс ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг Арамын хаан Хазаелын гарт үргэлж өгч, мөн Хазаелын хүү Бен-хададын гарт тушаасаар байв. 4 Тэгэхэд Иехоахаз ЭЗЭНий тааллыг хүсэмжлэн гуйсанд ЭЗЭН түүнийг сонсов. Арамын хаан тэднийг хэрхэн дарлаж байгааг болон Израилийн зовлон шаналлыг Тэр харжээ. 5 ЭЗЭН Израильд чөлөөлөгчийг илгээсэнд тэд арамейчуудын гараас мултран гарчээ. Израилийн хөвгүүд урьдын адил өөрсдийн майхнууд дотор амьдарсан юм. 6 Хэдий тийм боловч тэд Израилиар нүгэл үйлдүүлсэн Иеробоамын гэрийн нүглүүдээс эргэсэнгүй, харин тэдгээрийн дотор явсан юм. Ашера ч Самарид хэвээрээ үлдэв. 7 Арамын хаан Иехоахазын цэргийг устган, үтрэмийн тоос шороо мэт болгож орхисон тул тэдэнд ердөө л тавин морьтон, арван тэрэг болон арван мянган явган цэрэг л үлджээ. 8 Иехоахазын бусад үйлс, түүний хийсэн бүх юм болон түүний хүч чадал Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 9 Иехоахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэд түүнийг Самарид оршуулав. Түүний хүү Иоаш түүний оронд хаан болов. 10 Иудагийн хаан Иоашийн гучин долоо дахь жилд Иехоахазын хүү Иехоаш Самарид Израилийн хаан болж, арван зургаан жил захирчээ. 11 Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын бүх нүглүүдээс тэр эргэлгүй, харин тэдгээрийн дотор явжээ. 12 Иоашийн бусад үйлс, түүний хийсэн бүх юм, Иудагийн хаан Амазиагийн эсрэг тулалдсан түүний хүч чадал зэрэг нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 13 Ингээд Иоаш эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, Иеробоам түүний сэнтийнд заларчээ. Иоаш Израилийн хаадтай хамт Самарид оршуулагджээ. 14 Елиша түүнийг үхэлд хүргэхээр өвчтэй болоход Израилийн хаан Иоаш түүн уруу ирээд, түүний өмнө уйлан, —Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэг ба түүний морьтон оо! гэв. 15 Елиша түүнд —Нум сумаа ав гэхэд тэрээр нум сумаа авав. 16 Тэгээд Елиша Израилийн хаанд —Гараа нуман дээр тавигтун гэхэд тэрээр гараа тавьсан бөгөөд дараа нь Елиша түүний гар дээр өөрийн гараа тавив. 17 Елиша —Зүүн зүг харсан цонхыг нээ хэмээхэд тэрээр онгойлгов. Дараа нь Елиша —Харвагтун! гэсэнд тэр харвав. Елиша —ЭЗЭНий ялалтын сум буюу Арамыг ялах ялалтын сум. Учир нь та нар Афект арамейчуудыг цохин, хүйс тэмтрэх болно гэв. 18 Дараа нь тэр —Сумнуудаа ав гэхэд хаан сумнуудаа авав. Тэрээр Израилийн хаанд —Газрыг цохигтун гэхэд хаан гурван удаа цохиод болив. 19 Иймээс Бурханы хүн түүнд уурлан, —Та тав юм уу, зургаан удаа цохих байсан юм. Тэгсэн бол та бүрэн устгаж дуустал Арамыг цохих байсан юм. Харин одоо та Арамыг гурван удаа цохих болно гэж хэлэв. 20 Елиша үхсэнд тэд түүнийг оршуулав. Моабын дээрмийн бүлгүүд тэр жилийн хавар газар нутагт нь халдав. 21 Тэд нэг удаа нэг хүнийг оршуулж байхад дээрэмчдийн бүлгийг харжээ. Тэд өнөөх хүнийг Елишагийн булшин дотор хаяжээ. Өнөөх хүн Елишагийн яснуудад хүрмэгц амь орон сэргэж, хөл дээрээ босов. 22 Иехоахазын бүхий л өдрүүдэд Арамын хаан Хазаел Израилийг дарангуйлав. 23 Гэвч ЭЗЭН израильчуудад нигүүлсэнгүй хандан, тэднийг өрөвдөн, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан Өөрийн гэрээнээс болж тэдэн уруу эргэсэн бөгөөд одоо хүртэл тэднийг устгаагүй, Өөрийнхөө оршихуйгаас ч зайлуулаагүй билээ. 24 Арамын хаан Хазаел үхэхэд түүний хүү Бен-хадад түүний оронд хаан болов. 25 Тэгэхэд Иехоахазын хүү Иехоаш Хазаелын хүү Бен-хададын гараас хотуудыг дахин авчээ. Эдгээр хотуудыг тэр Иехоашийн эцэг Иехоахазын гараас дайн хийж булаан авсан байсан юм. Иоаш гурван удаа Бен-хададыг дийлж, Израилийн хотуудыг буцаан авав.

14

1 Израилийн хаан Иоахазын хүү Иоашийн хоёр дахь жилд Иудагийн хаан Иоашийн хүү Амазиа хаан болов. 2 Тэрээр хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд хорин есөн жил хаанчилжээ. Түүний эхийг Иерусалимын Иехоаддин гэдэг байв. 3 Тэр ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдсэн боловч өвөг эцэг Давид шиг байсангүй. Тэрээр өөрийн эцэг Иоашийн хийсэн бүгдийг дуурайв. 4 Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүд зайлуулагдаагүй юм. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар л байв. 5 Хаанчлал түүний гарт чанга атгаастай болмогц тэрээр хаан эцгийг нь хороосон зарц нараа цаазлав. 6 Харин Мосегийн хуулийн номд бичигдсэний дагуу ЭЗЭН "Хөвгүүдээс болж эцгүүдийг нь алж болохгүй, мөн эцгүүдээс болж хөвгүүдийг нь ч алж болохгүй. Харин хүн бүр өөрийнхөө нүглийн төлөө л алагдах болой" гэж тушаасанчлан тэрхүү алуурчдын хөвгүүдийг тэрээр цаазалсангүй. 7 Тэрээр Давст Хөндийд арван мянган едомчуудыг алаад, Селаг дайтан эзэлж, түүнийг энэ өдрийг хүртэл Иоктеел хэмээн нэрлэв. 8 Дараа нь Амазиа Иехүгийн ач Иехоахазын хүү Израилийн хаан Иехоашт элч нарыг илгээн, —Ирэгтүн, нүүр нүүрээрээ тулъя хэмээв. 9 Израилийн хаан Иехоаш Иудагийн хаан Амазиад хүн илгээн —Ливанд байсан өргөст бут Ливанд байсан хуш модонд элч илгээн "Охиноо миний хүүд өгч, гэрлүүлээч" гэжээ. Гэвч Ливанд байсан зэрлэг араатан түүгээр өнгөрөн явж, өргөст бутыг гишгэн дэвсэлжээ. 10 Чи үнэхээр Едомыг ялсан бөгөөд чиний зүрх бардам болжээ. Сүр жавхландаа баясан, гэртээ байгтун. Чи өөрийгөө болон өөртэйгөө хамт Иудаг унагах гэж юунд төвөг удна вэ? хэмээв. 11 Гэвч Амазиа сонссонгүй. Ингээд Израилийн хаан Иехоаш хөдөлжээ. Тэр болон Иудагийн хаан Амазиа Иудад харьяалагддаг Бет-шемешт нүүр нүүрээрээ тулгарав. 12 Иуда Израильд ялагдан тэдний хүн бүр өөр өөрийн майхан уруугаа зугтаажээ. 13 Тэгээд Израилийн хаан Иехоаш Ахазиагийн ач, Иехоашийн хүү Иудагийн хаан Амазиаг Бет-шемешт олзлон аваад, Иерусалимд ирж, Иерусалимын хэрмийг Ефраимын Дааман Хаалганаас Булангийн Дааман Хаалга хүртэл буюу дөрвөн зуун тохой газрыг нураав. 14 Тэрээр ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн эрдэнэсийн сангуудаас олдсон бүх алт, мөнгө болон бүх сав суулгыг, мөн хүмүүсийг олзлон авч, Самари уруу буцжээ. 15 Иехоашийн хийсэн бусад үйлс, түүний хүч чадал хийгээд тэрээр Иудагийн хаан Амазиатай хэрхэн тулалдсан тухай Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 16 Ингээд Иехоаш эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Израилийн хаадын хамт Самарид оршуулагдсан юм. Түүний хүү Иеробоам түүний оронд хаан болов. 17 Иудагийн хаан Иоашийн хүү Амазиа Израилийн хаан Иехоахазын хүү Иехоашийг нас барсны дараа арван таван жил амьдрав. 18 Амазиагийн бусад үйлс Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 19 Иерусалимд хүмүүс түүний эсрэг хуйвалдсанд тэрээр Лахиш уруу зугтав. Гэвч тэд Лахиш уруу түүний араас хүн илгээн, түүнийг тэнд алжээ. 20 Тэгээд тэд шарилыг нь морин дээр авчирж, тэрээр Иерусалимд эцэг өвгөдийнхөө хамт Давидын хотод оршуулагдсан юм. 21 Иудагийн бүх ард түмэн арван зургаан настай Азариаг эцэг Амазиагийнх нь оронд хаанаар өргөмжилсөн билээ. 22 Тэрээр хааныг эцэг өвгөдийнхөө хамт нойрссоны дараа Елатыг босгон, Иудад нэгтгэв. 23 Иудагийн хаан Иоашийн хүү Амазиагийн арван тав дахь жилд Израилийн хаан Иоашийн хүү Иеробоам Самарид хаан болж, дөчин нэгэн жил захирав. 24 Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын бүх нүглүүдээс холдож зайлсангүй. 25 Өөрийн зарц, Гат-хеферт байсан, Амиттаин хүү эш үзүүлэгч Ионагаар дамжуулан айлдсан Израилийн Бурхан ЭЗЭНий үгийн дагуу тэрээр Израилийн хилийг Хаматын хоолойноос Арабын далай хүртэл сэргээн тогтоосон юм. 26 Учир нь Израилийн маш гашуун зовлон шаналлыг ЭЗЭН харжээ. Учир нь боол ч, чөлөөт хүн ч, Израильд туслах нэг ч хүн тэнд байхгүй болсон юм. 27 Израилийн нэрийг тэнгэрийн доороос арчин хаяна гэж ЭЗЭН айлдсангүй, харин Иоашийн хүү Иоробоамын гараар Тэр тэднийг аварсан болой. 28 Иеробоамын бусад үйлс, түүний үйлдсэн бүхэн, түүний хүч чадал болон тэрээр хэрхэн дайтаж, Иудад Дамаск ба Хаматыг Израилийн төлөө эргүүлэн авсан зэрэг нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 29 Иеробоам өөрийн эцэг өвгөд болох Израилийн хаадтай хамт нойрссон бөгөөд түүний хүү Зехариа түүний оронд хаан болжээ.

15

1 Израилийн хаан Иеробоамын хорин долоо дахь жилд Иудагийн хаан Амазиагийн хүү Азариа хаан болжээ. 2 Тэрээр хаан болохдоо арван зургаан настай байсан бөгөөд Иерусалимд тавин хоёр жил хаанчлав. Түүний эхийг Иерусалимын хүн Иеколиа гэдэг байв. 3 Тэр өөрийн эцэг Амазиагийн хийсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв. 4 Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулсангүй. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар байв. 5 ЭЗЭН хааныг цохьсонд тэрээр үхэх өдрөө хүртэл уяман өвчтэй байв. Хааны хүү Иотам өрх гэрээ толгойлон, нутгийн хүмүүсийг шүүж байх зуур тусдаа ордонд амьдарчээ. 6 Азариагийн бусад үйлс болон түүний хийсэн бүхэн Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 7 Азариа эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг эцэг өвгөдийнх нь хамт Давидын хотод оршуулсан юм. Түүний хүү Иотам түүний оронд хаан болов. 8 Иудагийн хаан Азариагийн гучин найм дахь жилд Иеробоамын хүү Зехариа Израилийн хаан болж Самарид зургаан сар захирав. 9 Тэр эцэг өвгөдийнхөө үйлдсэний адил ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс холдсонгүй. 10 Дараа нь Иабешийн хүү Шаллум түүний эсрэг хуйвалдаж, ард түмний өмнө түүнийг цохин алж, түүний байранд хаанчлав. 11 Зехариагийн бусад үйлс, харагтун, тэд Израилийн Хаадын Шастир Номд бичигдсэн билээ. 12 Энэ бол Иехүд хандан "Дөрөв дэх үе хүртэлх чиний хөвгүүд Израилийн хаан ширээнд суух болно" гэж айлдсан ЭЗЭНий үг юм. Энэ нь тийнхүү биелэгджээ. 13 Иабешийн хүү Шаллум, Иудагийн хаан Уззиагийн гучин ес дэх жилд хаан болж, Самарид нэг сар хаанчлав. 14 Дараа нь Гадийн хүү Менахем Тирзагаас хөдлөн Самарид ирж, Иабешийн хүү Шаллумыг Самарид цохин алж, түүний оронд хаан болов. 15 Шаллумын бусад үйлс болон түүний зохиосон хуйвалдаан, харагтун, тэдгээр нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдсэн юм. 16 Тэгээд Менахем Тифсаг, түүн дотор байсан бүх хүнийг болон Тирзагаас өгсүүлээд хил хязгаарыг нь цохьсон юм. Тэд нээж өгөөгүйгээс болж тэр бүх жирэмсэн эмэгтэйчүүдийг нь цохиж, сийчив. 17 Иудагийн хаан Азариагийн гучин ес дэх жилд Гадийн хүү Менахем Израилийн хаан болж, Самарид арван жил хаанчлав. 18 Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглээс бүх өдрүүдийнхээ туршид салсангүй. 19 Ассирийн хаан Пул тэр нутгийн эсрэг ирсэн бөгөөд түүний удирдлага доор хаанчлалыг бэхжүүлэхдээ түүний гарыг өөртэйгөө хамт байлгахын тулд Менахем Пулд мянган мөнгөн талант өгчээ. 20 Тэгээд Ассирийн хаанд төлөх гэж Израилиас буюу бүх баян хүчирхэг хүнээс, хүн тус бүрээс тавин шекел мөнгийг Менахем албадан гаргуулав. Тиймээс Ассирийн хаан тэр нутагт үлдэлгүй буцжээ. 21 Менахемын бусад үйлс болон түүний хийсэн бүхэн Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 22 Менахем эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүний хүү Пекахиа түүний оронд хаан болов. 23 Иудагийн хаан Азариагийн тавь дахь жилд Менахемын хүү Пекахиа Самарид Израилийн хаан болж, хоёр жил захирав. 24 Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс салсангүй. 25 Дараа нь түүний түшмэл болох Ремалиагийн хүү Пека түүний эсрэг хуйвалдаан зохиож, түүнийг Аргоб, Арие нарын хамт хааны гэрийн шилтгээнд, Самарид цохив. Пекагийн хамт гилеадчуудаас тавин эрс байсан бөгөөд тэрээр хааныг алж түүний оронд хаан болов. 26 Пекахиагийн бусад үйлс болон түүний хийсэн бүхэн, харагтун, тэдгээр нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдсэн юм. 27 Иудагийн хаан Азариагийн тавин хоёр дахь жилд Ремалиагийн хүү Пека Самарид Израилийн хаан болж, хорин жил хаанчлав. 28 Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс салсангүй. 29 Израилийн хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-пилесер ирж, Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галил буюу Нафталийн бүх газар нутгийг эзлэн авав. Тэрээр тэднийг Ассири уруу олзлон авч явжээ. 30 Елагийн хүү Хошеа Ремалиагийн хүү Пекагийн эсрэг хуйвалдаан зохиож, түүнийг цохиж алаад, Уззиагийн хүү Иотамын хорь дахь жилд түүний байранд хаан болов. 31 Пекагийн бусад үйлс болон түүний хийсэн бүхэн, харагтун, тэр нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдсэн юм. 32 Израилийн хаан Ремалиагийн хүү Пекагийн хоёр дахь жилд Иудагийн хаан Уззиагийн хүү Иотам хаан болов. 33 Тэрээр хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилсан юм. Түүний эхийг Задокийн охин Иеруша гэдэг байв. 34 Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв. Тэрээр өөрийн эцэг Уззиагийн хийсэн бүгдийг дуурайв. 35 Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүд зайлуулагдсангүй. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар байв. Тэрээр ЭЗЭНий өргөөний дээд хаалгыг босгосон юм. 36 Иудамын бусад үйлс болон түүний хийсэн бүхэн Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 37 Тэр өдрүүдэд Арамын хаан Резин болон Ремалиагийн хүү Пека нарыг Иудагийн эсрэг ЭЗЭН илгээж эхлэв. 38 Иотам эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, эцэг Давидынхаа хотод эцэг өвгөдийнхөө хамт оршуулагдав. Түүний хүү Ахаз түүний оронд хаан болов.

16

1 Ремалиагийн хүү Пекагийн арван долоо дахь жилд Иотамын хүү Иудагийн хаан Ахаз хаан болов. 2 Ахаз хаан болох үедээ хорин настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилжээ. Ахаз өөрийн өвөг эцэг Давид шиг өөрийн Бурхан ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдсэнгүй. 3 Харин тэрээр Израилийн хаадын замаар замнасан төдийгүй Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн бузар заншлын дагуу хүүгээ гал дундуур явуулсан ажээ. 4 Тэрээр мөргөлийн өндөрлөг, толгод болон ногоон мод бүрийн доор утлага уугиулан, тахил өргөв. 5 Дараа нь Арамын хаан Резин болон Ремалиагийн хүү Израилийн хаан Пека нар дайтахаар Иерусалим уруу иржээ. Тэд Ахазыг бүслэн авсан боловч дийлж чадахгүй байв. 6 Тэр үед Арамын хаан Резин Елатыг Арамд буцаасан бөгөөд иудейчүүдийг Елатаас бүгдийг нь гаргасан билээ. Арамейчууд Елатад ирж, энэ өдрийг хүртэл тэнд амьдарсан юм. 7 Ингэхэд Ахаз Ассирийн хаан Тиклат-пилесерт элч нарыг илгээн, —Би таны зарц болон таны хүү билээ. Ирж, миний эсрэг босож буй Арамын хаан болон Израилийн хааны гараас намайг аварч өгөөч хэмээн уламжлуулав. 8 Ахаз ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн эрдэнэсийн сангуудаас олдсон мөнгө алтыг авч, Ассирийн хаанд бэлэг илгээв. 9 Тиймээс Ассирийн хаан түүнийг сонсов. Ассирийн хаан Дамаскийн эсрэг хөдөлж, түүнийг эзлэн аваад, Кир уруу цөллөгт авч явж, Резинийг алжээ. 10 Ингээд Ахаз хаан Ассирийн хаан Тиклат-пилесертай уулзахаар Дамаск уруу явж, Дамаск дахь тахилын ширээг харав. Ахаз хаан уг тахилын ширээний хэв ба загварыг хийцийнх нь дагуу тахилч Уриад илгээв. 11 Ингээд тахилч Уриа тахилын ширээг бүтээв. Ахаз хааны Дамаскаас илгээсэн бүхний дагуу тахилч Уриа үүнийг Ахаз Хааныг Дамаскаас буцаж ирэхээс өмнө хийв. 12 Хаан Дамаскаас буцаж ирээд, тахилын ширээг харжээ. Тэгээд хаан тахилын ширээнд ойртон очоод, дээр нь гарч, 13 тахилын ширээн дээр өөрийн шатаалт тахил ба өөрийн идээн өргөлийг өргөж, өөрийн ундаан өргөлөө цутгаж, өөрийн эвийн тахилын цусыг цацав. 14 ЭЗЭНий өмнө байдаг хүрэл тахилын ширээг тэрээр өргөөний урд тал буюу тахилын ширээ ба ЭЗЭНий өргөөний хоорондоос авчирж, өөрийн тахилын ширээний хойд талд тавьжээ. 15 Тэгээд Ахаз хаан тахилч Уриад тушаан, —Өглөөний шатаалт тахил, үдшийн идээн өргөл, хааны шатаалт тахил болон түүний идээн өргөлийг энэ газрын бүх ард түмний шатаалт тахил, идээн өргөл ба ундаан өргөлүүдийн хамтаар том тахилын ширээн дээр өргө. Мөн түүн дээр шатаалт тахил болон тахилын бүх цусыг цац. Харин хүрэл тахилын ширээ надад залбиран асуухад минь хэрэглэгдэнэ гэв. 16 Ингээд тахилч Уриа Ахаз Хааны тушаасан бүгдийн дагуу биелүүлэв. 17 Дараа нь Ахаз хаан тавиуруудын самбаруудыг салгаад, угаалгын савыг нь авав. Тэр бас доор нь байсан хүрэл үхрүүдийн дээрээс тэнгисийг салган аваад, түүнийг чулуун тавцан дээр тавив. 18 Ассирийн хаанаас болж өргөө дотор тэдний барьсан амралтын өдөрт зориулсан жим болон хааны гадна хаалгыг тэрээр ЭЗЭНий өргөөнөөс зайлуулав. 19 Ахазын үйлдсэн бусад үйлс Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 20 Ингээд Ахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, эцэг өвгөдийнхөө хамт Давидын хотод оршуулагдав. Түүний хүү Хезекиа түүний оронд хаанчлав.

17

1 Иудагийн хаан Ахазын арван хоёр дахь жилд Елагийн хүү Хошеа Самарид Израилийн хаан болж, есөн жил хаанчлав. 2 Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдсэн боловч өөрийнх нь өмнө байсан Израилийн хаад шиг үйлдээгүй билээ. 3 Ассирийн хаан Шалманесер түүний эсрэг ирсэнд Хошеа түүний боол болж, түүнд алба гувчуур өгөв. 4 Гэвч Египетийн хаан Со уруу элч илгээн, жилээс жилд үйлдэж байсан шигээ Ассирийн хаанд алба гувчуур өргөхөө больсонд Хошеагийн хуйвалдааныг Ассирийн хаан мэджээ. Тиймээс Ассирийн хаан Хошеаг шоронд хорьжээ. 5 Тэгээд Ассирийн хаан бүх газрыг цөмрөн дайрч, Самари уруу очиж, түүнийг гурван жил бүсэлжээ. 6 Хошеагийн ес дэх жилд Ассирийн хаан Самариг эзэлж, израильчуудыг Ассири уруу цөллөгт авч яваад, тэднийг Гозан гол Хала ба Хаборт болон медечүүдийн хотуудад суурьшуулав. 7 Энэ нь Израилийн хөвгүүд өөрсдийг нь Египетийн хаан Фараоны гар дороос, Египетийн газраас гаргасан өөрсдийн Бурхан ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж, өөр бурхдаас эмээж, 8 Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн болон Израилийн хаадын бий болгосон ёс заншлуудаар явснаас болсон юм. 9 Израилийн хөвгүүд өөрсдийн Бурхан ЭЗЭНийхээ эсрэг зөв бус зүйлсийг нууцаар үйлдсэн билээ. Үүнээс гадна, харуулын цамхгаас эхлээд бэхлэгдсэн хот хүртэлх бүх суурингууддаа тэд өөрсөддөө зориулан мөргөлийн өндөрлөгүүдийг босгосон юм. 10 Тэд өөрсөддөө зориулан бүх өндөр толгод болон ногоон мод бүрийн доор баганууд ба ашерчуудыг босгож, 11 тэндээ тэдний өмнөөс ЭЗЭНий цөлөн авч явсан үндэстнүүд шиг тэд бүх мөргөлийн өндөрлөгүүд дээр утлага уугиулав. Тэд ЭЗЭНийг өдөөн бузар муу зүйлс хийв. 12 ЭЗЭНий тэдэнд "Та нар үүнийг үйлдэж болохгүй" гэж айлдсан шүтээнүүдэд тэд үйлчлэв. 13 Гэсэн хэдий ч ЭЗЭН Өөрийн бүх эш үзүүлэгчид болон үзмэрч бүрээр дамжуулан Израиль ба Иудад анхааруулж, —Өөрсдийн бузар муу замуудаас эргэж, та нарын эцэг өвгөдөд Миний тушаасан болон Өөрийн зарц нар эш үзүүлэгчдээр дамжуулан Миний та нарт илгээсэн бүх хуулийн дагуу Миний тушаал, Миний тогтоолуудыг сахигтун гэж айлдаж байв. 14 Гэвч тэд сонссонгүй, харин өөрсдийн Бурхан ЭЗЭНд итгээгүй эцэг өвгөд шигээ хүзүүгээ хатууруулсан билээ. 15 Тэд Түүний тогтоолууд, эцэг өвгөдтэй нь ЭЗЭНий байгуулсан гэрээ болон Тэр тэдэнд анхааруулж байсан Түүний сануулгуудаас татгалзжээ. Эдэнтэй адил үйлдэж болохгүй гэж ЭЗЭН өөрсдөд нь тушаасан, өөрсдийг нь хүрээлэн буй үндэстнүүдийн араас буюу хоосон юмыг тэд даган явж, өөрсдөө хоосон болжээ. 16 Тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНий бүх тушаалуудыг умартан, өөрсөддөө зориулан цутгасан хөргүүд болох хоёр тугалыг хийж, Ашераг бүтээж, тэнгэрийг бүх эрхэст мөргөж, Баалд үйлчлэв. 17 Тэд өөрсдийн хөвгүүд, охидоо гал дундуур гаргаж, мэргэ төлөг, илбэ шидийг хэрэгжүүлж, ЭЗЭНийг өдөөн Түүний мэлмийд бузар мууг үйлдэхээр өөрсдийгөө худалдав. 18 Иймээс ЭЗЭН Израильд маш их уурлан, тэднийг Өөрийн мэлмийнээс зайлуулав. Иуда овгоос өөр хэн ч үлдсэнгүй. 19 Иуда ч мөн өөрсдийн Бурхан ЭЗЭНий тушаалуудыг сахилгүй, харин Израилийн бий болгосон ёс заншлаар явав. 20 ЭЗЭН Израилийн бүх үр удмыг үгүйсгэж, тэднийг Өөрийн мэлмийнээс зайлуулах хүртлээ тэднийг зовоож, дээрэмчдийн гарт өгөв. 21 Тэрээр Израилийг Давидын гэрээс салгахад тэд Небатын хүү Иеробоамыг хаан болгожээ. Дараа нь Иеробоам Израилийг ЭЗЭНийг дагахаас холдуулж, тэднээр асар том нүгэл үйлдүүлэв. 22 Израилийн хөвгүүд Иеробоамын үйлдсэн бүх нүглүүд дотор явжээ. Тэд тэдгээрээс салсангүй. 23 Эцэст нь Өөрийн бүх боол эш үзүүлэгчдээр дамжуулан айлдсан ёсоороо ЭЗЭН Израилийг Өөрийн мэлмийнээс зайлуулжээ. Тиймээс Израиль нь өөрсдийн эх нутгаас Ассири уруу энэ өдрийг хүртэл цөллөгт аваачигдсан билээ. 24 Ассирийн хаан хүмүүсийг Вавилон, Кута, Авва, Хамат болон Сефар-ваимаас авчран, Израилийн хөвгүүдийн оронд Самарийн хотуудад суурьшуулав. Ингээд тэд Самарийг эзэмшин, хотуудад нь амьдрав. 25 Тэд тэндээ амьдарч эхлэхдээ ЭЗЭНээс эмээж байгаагүй. Тиймээс ЭЗЭН тэдний дунд арслангуудыг илгээн, тэднээс заримыг нь үхүүлэв. 26 Иймээс тэд Ассирийн хаанд хандан айлтгахдаа —Самарийн хотуудад таны цөлөн аваачсан үндэстнүүд тэр нутгийн бурхны ёс заншлыг мэдэхгүй байна. Иймээс тэр бурхан тэдний дунд арслангуудыг илгээж, харагтун, тэд тэр нутгийн бурхны ёс заншлыг мэдэхгүйгээс болж тэр арслангууд тэднийг алж байна гэв. 27 Тэгэхэд Ассирийн хаан —Цөллөгт авч явсан тахилч нарын нэгийг тийшээ авч, түүнийг явуулан тэнд амьдруул. Тэр тэдэнд тэр газрын бурхны ёс заншлыг заан сургаг гэж тушаав. 28 Тиймээс Самариас цөллөгт аваачигдсан тахилч нарын нэг ирж, Бетелд амьдран, тэд ЭЗЭНээс хэрхэн эмээх ёстойг тэдэнд заан сургав. 29 Гэвч үндэстэн бүр өөрсдийн бурхдыг бүтээсээр, тэднийгээ Самарийн хүмүүсийн босгосон мөргөлийн өндөрлөгүүдийн байрнуудад буюу үндэстэн бүр өөрсдийн амьдарч буй хотууддаа тавьжээ. 30 Вавилоны хүмүүс Суккот-бенотыг бүтээж, Кутын хүмүүс Нергалыг бүтээж, Хамат хүмүүс Ашимаг бүтээж, 31 аввачууд Нибхаз ба Тартакийг бүтээжээ. Сефарваимчууд Сефарваимын бурхад болох Адраммелех, Анаммелек нарт зориулан өөрсдийн үр хүүхдүүдээ галд шатаав. 32 Тэд бас ЭЗЭНээс эмээж, мөргөлийн өндөрлөгүүдийн байрнуудад тэдний төлөө үйлдэж байсан мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нарыг өөрсдийнхөө дундаас томилов. 33 Тэд ЭЗЭНээс эмээхийн хамт цөллөгт ирэхээс өмнөх өөрсдийн үндэстнийхээ ёс заншлын дагуу өөрсдийн бурхаддаа ч мөн үйлчилж байв. 34 Энэ өдрийг хүртэл тэд эртний ёс заншлынхаа дагуу үйлдэж ирлээ. Тэд ЭЗЭНээс ч эмээхгүй, өөрсдийн тогтоол, өөрсдийн зарлиг, хууль, эсвэл ЭЗЭНий Израиль хэмээн нэрлэсэн Иаковын хөвгүүдэд Түүний тушаасан тушаалуудыг ч тэд дагадаггүй. 35 ЭЗЭН тэдэнтэй гэрээ байгуулан, тэдэнд тушаан "Та нар өөр бурхдаас эмээж, тэдэнд мэхийж, тэдэнд үйлчилж, тэдэнд тахил өргөж болохгүй. 36 Харин агуу их хүчээр болон сунгасан мутраар та нарыг Египет газраас гаргасан ЭЗЭНээс та нар эмээж, Түүнд та нар мэхийж, Түүнд та нар тахил өргөгтүн. 37 Та нарт зориулаад Түүний бичсэн тогтоол, зарлиг, хууль болон тушаалуудыг та нар үүрд үйлдэхээр сахигтун. Та нар өөр бурхдаас бүү эмээгтүн. 38 Би та нартай байгуулсан гэрээг та нар мартаж ч болохгүй, өөр бурхдаас эмээж ч болохгүй. 39 Харин өөрсдийн Бурхан ЭЗЭНээс л та нар эмээх ёстой. Тэр та нарыг бүх дайснуудын чинь гараас чөлөөлөх болно" гэж айлдсан билээ. 40 Гэвч тэд сонссонгүй, харин өөрсдийн эртний заншлын дагуу үйлджээ. 41 Ийнхүү эдгээр үндэстнүүд ЭЗЭНээс эмээхийн хажуугаар өөрсдийн шүтээнүүддээ ч мөн үйлчлэв. Тэдний үр хүүхэд, ач гуч нар ч мөн адил өөрсдийн эцэг өвгөдийн үйлдлийг даган, өнөөдрийг хүртэл үйлдсээр байна.

18

1 Израилийн хаан Елагийн хүү Хошеагийн гурав дахь жилд Иудагийн хаан Ахазын хүү Хезекиа нь хаан болов. 2 Тэрээр хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд хорин есөн жил хаанчлав. Түүний эхийг Зехариагийн охин Аби гэдэг байв. 3 Тэр өөрийн өвөг эцэг Давидын хийсэн бүхнийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв. 4 Тэрээр мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, ариун багануудыг хэмхлэн, аштераг цавчин хаяжээ. Тэр бас Мосегийн хийсэн зэс могойг жижиглэн буталжээ. Учир нь тэр өдрүүдийг хүртэл Израилийн хөвгүүд тэрхүү зэс могойд утлага уугиулж байсан юм. Тэр нь Нехуштан гэгддэг байв. 5 Тэрээр Израилийн Бурхан болох ЭЗЭНд итгэж байв. Түүнээс өмнө ч, түүнээс хойш ч Иудагийн хаадын дотор түүн шиг хаан байгаагүй юм. 6 Учир нь тэрээр ЭЗЭНээс зуурч авсан байв. Тэрээр Түүнийг дагахаа болилгүй, харин ЭЗЭНий Мосед тушаасан тушаалуудыг сахьжээ. 7 ЭЗЭН түүнтэй хамт байсан тул тэр хаа явсан газартаа амжилт олж байв. Тэрээр Ассирийн хааны эсрэг тэрслэн, түүнд үйлчилсэнгүй. 8 Тэрээр Газ болон түүний газар нутгийг хүртэл, харуулын цамхгаас эхлэн бэхлэгдсэн хотыг хүртэл филистчүүдийг ялав. 9 Хезекиа хааны дөрөв дэх жил буюу Израилийн хаан Елагийн хүү Хошеагийн долоо дахь жилд Ассирийн хаан Шалманесер Самарийн эсрэг хөдлөн ирж, түүнийг бүслэн авав. 10 Гурав дахь жилийн шувтаргаар тэд уг хотыг эзлэв. Хезекиагийн зургаа дахь жил буюу Израилийн хаан Хошеагийн ес дэх жилд Самари эзлэгджээ. 11 Тэгээд Ассирийн хаан израильчуудыг цөллөгт авч явж, тэднийг Хала болон Гозаны гол Хаборт, мөн Медегийн хотуудад суурьшуулжээ. 12 Учир нь тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг дагалгүй, харин Түүний гэрээг болох ЭЗЭНий зарц Мосегийн тушаасан бүхнийг зөрчжээ. Тэд сонссон ч үгүй, хийсэн ч үгүй билээ. 13 Хезекиа хааны арван дөрөв дэх жилд Ассирийн хаан Сеннахериб Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудыг довтлон ирж, эзлэн авав. 14 Тиймээс Иудагийн хаан Хезекиа Лахишт байсан Ассирийн хаанд элч илгээн, "Би буруутай. Надаас холдооч. Та над дээр юу ч тавьсан би үүрэх болно" гэж хэлүүлэв. Тэгэхэд Ассирийн хаан Иудагийн хаан Хезекиагаас гурван зуун талант мөнгө, гучин талант алтыг шаарджээ. 15 Хезекиа түүнд ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн эрдэнэсийн сангаас олдсон бүх мөнгийг өгчээ. 16 Тэр үед Хезекиа ЭЗЭНий сүмийн хаалгануудаас болон өөрийн бүрүүлсэн босгонуудаас алтыг нь хуулж, Ассирийн хаанд өгөв. 17 Дараа нь Ассирийн хаан Лахишаас Иерусалим тийш Хезекиа хаан уруу Тартан, Раб-сарис, Рабшаке нарыг их цэргийн хамт илгээв. Тэд явсаар Иерусалимд хүрч ирэв. Тэд явсаар ирээд, угаагчийн газрын зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойролцоо зогслоо. 18 Тэд хааныг дуудахад, Хилкиагийн хөвгүүн ордны даамал Елиаким, гүүш Шебна, Асафын хөвгүүн хэрэг хөтлөгч Иоа нар тэдэн уруу гарч очив. 19 Рабшаке тэдэнд —Одоо Хезекиад хэл. "Агуу хаан болох Ассирийн хаан ийн хэлж байна. «Чамд байгаа энэ итгэл юу юм бэ? 20 Чи хэлэхдээ (гэвч эдгээр нь зөвхөн хоосон үгс юм) "Дайтахын тулд надад зөвлөгөө болон хүч бий" гэдэг билээ. Эдүгээ чи хэнд найдаж миний эсрэг тэрсэлсэн бэ? 21 Одоо харагтун, чи энэ хугарсан хулсан таяг болох Египетэд найдаж байна. Хэрэв хүн энэ таягийг түшвэл тэр нь алгыг нь шааж, цоо хатгана. Египетийн хаан Фараон өөрт нь түшиглэгч бүгдэд ингэж ханддаг. 22 Харин чи надад "Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд итгэдэг" гэж хэлж байгаа юм бол, тэр чинь Хезекиагийн "Та нар Иерусалим дахь энэ тахилын ширээний өмнө мөргөгтүн" гэж Иуда болон Иерусалимд хэлээд, зайлуулж байсан өнөөх мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийн Эзэн юм биш үү? 23 Тийм учраас одоо ирж, миний эзэн Ассирийн хаантай наймаа хий. Хэрвээ чи өөрөөсөө хангалттай хүмүүсийг гаргаж чадах юм бол би чамд тэдний унах хоёр мянган морийг өгье. 24 Тэгвэл чи миний эзний боолуудын дотроос хамгийн дорд түшмэлийг няцаан, тэрэг ба морин цэргийн талаар Египетэд найдаж яаж чадна вэ? 25 ЭЗЭНий зөвшөөрөлгүйгээр энэ газрыг устгахаар би довтлох байсан гэж үү? ЭЗЭН надад "Энэ газрын эсрэг явж, устга" гэж айлдсан билээ»" гэв. 26 Тэгэхэд Хилкиагийн хүү Елиаким болон Шебна, Иоа нар Рабшакед хандан —Эдүгээ та боолуудтайгаа арамей хэлээр яригтун. Бид ойлгоно. Хэрэм дээр байгаа хүмүүст сонсогдохоор иудей хэлээр бидэнтэй бүү яригтун гэв. 27 Харин Рабшаке тэдэнд —Эдгээр үгсийг хэлүүлэхийн тулд миний эзэн намайг зөвхөн танай эзэн хийгээд та нар уруу явуулсан гэж үү? Та нартай хамт өөрсдийн баасаа идэж, шээсээ уух тавилантай, хэрмэн дээр сууж байгаа тэдгээр хүмүүс уруу бас илгээгээгүй гэж үү? гэв. 28 Тэгээд Рабшаке босож зогсон иудей хэлээр чанга дуугаар —Агуу хаан болон Ассирийн хааны үгсийг сонсогтун. 29 Хаан ийн хэлж байна. "Хезекиад бүү мэхлэгдэгтүн. Учир нь тэр та нарыг миний гараас аварч чадахгүй. 30 Хезекиа та нарыг ЭЗЭНд итгүүлэхийн тулд «ЭЗЭН биднийг заавал аварна. Энэ хотыг Ассирийн хааны гарт өгөхгүй» гэж буй ятгалгад бүү ор. 31 Хезекиаг бүү сонс. Ассирийн хаан ингэж өгүүлж байна. «Та нар надтай найрамдан, над уруу гарч ирэгтүн. Та нар өөрсдийн усан үзэм, инжрийн модны жимсийг идэж, нөөцлүүрийнхээ уснаас ууцгаа. 32 Дараа нь би ирж, та нарыг танай төрөлх нутаг шиг үр тариа, шинэ дарс, талх, усан үзмийн тариалан болон зөгийн бал, чидун моддын нутагт аваачна. Ингэснээр та нар амьдарч, үхэхгүй» гэв. Харин Хезекиа та нарыг мэхлэн, «ЭЗЭН биднийг аварна» гэж байхад түүнийг бүү сонс. 33 Улс үндэстнүүдийн бурхдын дотроос Ассирийн хааны гараас газар нутгаа аварсан ямар нэгэн бурхан байна уу? 34 Хамат, Арпадын бурхад хаана байна вэ? Сефарваим, Хена, Иввагийн бурхад хаана байна? Тэд Самарийг миний гараас аварсан гэж үү? 35 Газруудын бүх бурхдын дотроос хэн нь миний гараас газар нутгаа аварсан юм бэ? Тэгэхэд ЭЗЭН миний гараас Иерусалимыг аварна гэж үү?" гэв. 36 Гэвч хүмүүс чимээгүй байж, түүнд нэг ч үг хариулсангүй. Учир нь хаан "Түүнд бүү хариулагтун" гэж тушаасан байлаа. 37 Тэгээд Хилкиагийн хүү ордны даамал Елиаким, гүүш Шебна, Асафын хүү хэрэг хөтлөгч Иоа нар уранхай хувцастайгаа Хезекиа уруу ирж, Рабшакегийн үгийг түүнд айлтгав.

19

1 Хезекиа хаан үүнийг сонсмогц, хувцсаа урж, таар нөмрөн, ЭЗЭНий өргөөнд оров. 2 Тэрээр ордны даамал Елиаким, гүүш Шебнаг тахилч нарын настангуудын хамт таар нөмөргөн, Амозын хүү эш үзүүлэгч Исаиа уруу илгээв. 3 Тэд Исаиад —Хезекиа ингэж хэлэв "Энэ өдөр бол зовлон, зэмлэл, гутамшгийн өдөр юм. Учир нь төрж буй хүүхэд умайн амсарт ирсэн боловч төрүүлэх чадвар алга. 4 Амьд Бурханыг доромжлохоор өөрийн эзэн Ассирийн хаанаас илгээгдсэн Рабшакегийн үгийг таны Бурхан ЭЗЭН сонсох биз. Таны Бурхан ЭЗЭН сонссон үгийнхээ төлөө түүнийг зэмлэнэ биз. Тиймээс үлдсэн амьд хүмүүсийн төлөө залбирлаа өргөөч" хэмээв гэжээ. 5 Ингээд Хезекиа хааны зарц нар Исаиа уруу ирэв. 6 Исаиа тэдэнд —Та нар эзэндээ ингэж хэлэгтүн. "ЭЗЭН ийн айлдаж байна «Намайг доромжилсон Ассирийн хааны боолуудын үгс буюу чамд сонсогдсон тэдгээр үгсээс болж бүү айгтун. 7 Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад, тэр нэг мэдээ сонсоод өөрийн нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана» хэмээв" гээрэй гэж хэлжээ. 8 Дараа нь Рабшаке буцаж ирээд, Ассирийн хаанд Лахишийг орхисныг сонсоод, түүнийг Либнагийн эсрэг дайтаж байхад нь олов. 9 Мөн Кушийн хаан Тирхакагийн тухайд —Үзэгтүн, тэр өөрийн чинь эсрэг дайтахаар хөдөлсөн гэхийг сонсоод, тэр Хезекиад элч нарыг илгээж, — 10 Иудагийн хаан Хезекиад та нар ингэж хэл. "Чиний итгэдэг Бурхан «Иерусалим Ассирийн хааны гарт өгөгдөхгүй» хэмээн чамайг бүү мэхлэг. 11 Үзэгтүн, Ассирийн хаад бүх газруудыг бүрэн устгаж, юу хийснийг нь чи сонссон билээ. Тэгэхээр чи аврагдана гэж үү? 12 Гозан, Харан, Резеф мөн Телассарт байсан Едений хөвгүүдийг миний эцэг өвгөд устгахад, тэр үндэстнүүдийн бурхад тэднийг аварсан уу? 13 Хаматын хаан, Арпадын хаан, Сефарваим хотын хаан болон Хена, Иввагийн хаад хаана байна?" гээрэй гэв. 14 Тэгээд Хезекиа элч нарын гараас захидлыг авч уншаад, ЭЗЭНий өргөө уруу явж, уг захидлыг ЭЗЭНий өмнө дэлгэв. 15 Хезекиа ЭЗЭНий өмнө залбиран, —Херубуудын дээр залрагч, Израилийн Бурхан болох ЭЗЭН, Та бол дэлхий дээрх бүх хаанчлалуудын ганц Бурхан мөн. Та тэнгэр, газрыг бүтээсэн билээ. 16 ЭЗЭН, чих тавин сонсооч. ЭЗЭН, мэлмий талбин хараач. Амьд Бурханыг доромжлохоор Сеннахерибын илгээсэн үгсийг сонсооч. 17 ЭЗЭН, Ассирийн хаад үнэхээр үндэстнүүдийг болон тэдний газар нутгийг сүйтгээд, 18 тэдний бурхдыг галд хаясан. Учир нь тэдгээр нь бурхад бус, харин хүний гарын бүтээл, мод, чулуу байв. Тиймээс тэд устсан билээ. 19 Бидний Бурхан ЭЗЭН, дэлхийн бүх хаанчлалуудад, ЭЗЭН, Та бол цорын ганц Бурхан гэдгийг мэдүүлэхийн тулд одоо биднийг түүний гараас авраач гэж би залбирч байна гэв. 20 Тэгээд Амозын хүү Исаиа Хезекиад илгээн, —Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Ассирийн хаан Сеннахерибын талаар чи Надад залбирсан учраас Би чамайг сонслоо" гэв. 21 Түүний эсрэг ЭЗЭНий айлдсан үг энэ юм. "Чамайг Сионы онгон охин басамжлан, элэглэв. Чиний араас Иерусалимын охин толгойгоо сэгсрэв. 22 Чи хэнийг басамжлан, доромжилсон бэ? Чи хэний эсрэг дуугаа өндөрсгөн, ихэмсгээр нүдээ өргөв? Израилийн Ариун Нэгэний эсрэг! 23 Чи элч нараараа дамжуулан Эзэнийг доромжилж, «Би өөрийн олон тэргээр уулсын өндөрлөгүүдэд, Ливаны хамгийн алслагдсан хэсгүүдэд хүрлээ. Би тэндхийн өндөр хуш, шилмэл нарс моддыг тас цавчлаа. Би түүний хамгийн өндөр оргил, хамгийн өтгөн ойд нэвтрэн орсон билээ. 24 Би малтаж, харийн ус ууж, хөлийнхөө улаар Египетийн бүх голыг хатаасан билээ» гэжээ. 25 Чи сонсоогүй юм уу? Би үүнийг өнө эртнээс төлөвлөж, дээр үед хийсэн юм. Чамаар бэхлэгдсэн хотуудыг нуранги балгас болгон эргүүлэхийн тулд одоо Би үүнийг биелүүлэхээр авчирлаа. 26 Ийм учраас тэдний оршин суугчид чадал дутаж, айн түгшиж, ичгүүрт орсон. Тэд хээр талын өвс, ногоо шиг, байшингийн орой дээрх ургаж нахиалахаасаа өмнө хатдаг өвс мэт болов. 27 Гэвч Би чиний суух, гарах, орохыг болон Миний эсрэг уурлахыг чинь ч мэднэ. 28 Чи миний эсрэг уурлаж, чиний дээрэлхүү зан Миний чихэнд хүрсэн учраас Би Өөрийн дөрийг чиний хамарт зүүж, амыг чинь хазаарлаж, ирсэн замаар чинь чамайг буцаана. 29 Тэгээд энэ нь чамд тэмдэг болно. Энэ жил чи юу ургасныг нь идэж, хоёр дахь жилд мөн түүнээс юу гарсныг нь идэж, гурав дахь жил нь тарьж хураан, усан үзэм тариалж, түүнийхээ үр жимсийг идэх болой. 30 Иудагийн гэрийн амьд үлдэгсэд дахин доогуураа үндэслэн, дээгүүрээ үр жимс гаргах болно. 31 Учир нь Иерусалимаас үлдэгсэд, Сион уулаас аврагдагсад гарч ирнэ. ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлнэ. 32 Тийм учраас Ассирийн хааны талаар ЭЗЭН ингэж айлдаж байна «Тэр энэ хот уруу ирэхгүй, нум сумаар ч харвахгүй. Хотын өмнө тэрээр бамбайтай ирэхгүй, бүслэлт овоо ч босгохгүй. 33 Тэр ирсэн замаараа буцах болно. Тэр энэ хот уруу ирэхгүй» гэв" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 34 "Учир нь Би Өөрийнхөө төлөө болон Миний зарц Давидын төлөө энэ хотыг аврахын тулд түүнийг хамгаалах болно" гэв гэж хэлжээ. 35 Тэр шөнө нь ЭЗЭНий тэнгэр элч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод хартал, тэд бүгд үхэцгээсэн байжээ. 36 Ингээд Ассирийн хаан Сеннахериб хөдлөн, буцаж, Ниневед амьдрав. 37 Түүнийг өөрийн Нисрох бурхны дугандаа мөргөл үйлдэж байхад нь Адраммелех, Шарезер нар түүнийг илдээр алаад, өөрсдөө Арарат нутаг уруу зугтав. Түүний оронд хүү Есархаддон нь хаан болжээ.

20

1 Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болжээ. Амозын хүү эш үзүүлэгч Исаиа түүн уруу ирээд, —ЭЗЭН ийн айлдаж байна. "Гэрээ засагтун. Учир нь чи амьдрахгүй, үхнэ" гэсэн гэв. 2 Тэгэхэд тэрээр нүүрээ хана уруу эргүүлэн, ЭЗЭНд залбирахдаа — 3 Өө, ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайн үйлийг үйлдэж байсныг одоо санаач гэж хэлээд, цурхиран уйлав. 4 Исаиаг дундах хашаанаас гарахаас өмнө ЭЗЭНий үг түүнд ирж, — 5 Буцаад явж, Миний ард түмний удирдагч Хезекиад "Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чамайг эдгээнэ. Гурав дахь өдөр чи ЭЗЭНий өргөө уруу очно. 6 Би чиний өдрүүд дээр арван таван жилийг нэмж, чамайг болон энэ хотыг Ассирийн хааны гараас аварна. Өөрийнхөө төлөө болон Миний зарц Давидын төлөө Би энэ хотыг хамгаална» гэв" гэж хэл хэмээн айлдлаа. 7 Тэгээд Исаиа —Инжрийн хатаамлыг тавь гэв. Тэд түүнийг аваад, хатгин дээр нь тавьсанд Хезекиа эдгэв. 8 Хезекиа Исаиад —ЭЗЭН намайг эдгээж, би гурав дахь өдөр нь ЭЗЭНий өргөө уруу явах болно гэсэн тэмдэг юу байх вэ? гэв. 9 Исаиа —Дараах зүйл нь ЭЗЭН Өөрийн айлдсан ёсоор хийхийн ЭЗЭНээс ирэх тэмдэг болно. Сүүдрийг арван алхмаар урагшлуулах уу, эсвэл арван алхмаар ухраах уу? гэв. 10 Хезекиа хариуд нь —Сүүдрийг арван алхмаар урагшлуулах нь амархан. Үгүй, харин сүүдрийг арван алхмаар буцаагтун гэж хэлжээ. 11 Эш үзүүлэгч Исаиа ЭЗЭНд хашхирсанд, Ахазын шатан дээгүүр өнгөрсөн сүүдрийг Тэрээр арван алхмаар буцаав. 12 Тэр үед Вавилоны хаан Баладаны хүү Беродах-баладан түүнийг өвчтэй байсныг дуулаад, Хезекиад захидал ба бэлэг илгээв. 13 Хезекиа үүнийг сонсоод, тэдэнд өөрийн бүх эрдэнэсийн сан, мөнгө, алт, амтлагч, үнэт тос, өөрийн зэвсгийн агуулах болон өөрийн эрдэнэсийн санд байсан бүгдийг үзүүлэв. Хезекиагийн тэдэнд үзүүлээгүй нэг ч зүйл түүний гэрт болон бүх эзэмшилд нь үлдсэнгүй. 14 Тэгэхэд эш үзүүлэгч Исаиа Хезекиа хаан уруу ирж, —Энэ хүмүүс юу ярьж байна вэ? Тэд хаанаас чамайг зорьж ирэв? гэж асуухад Хезекиа —Тэд алс холын орон, Вавилоноос ирсэн гэж хариулав. 15 Исаиа —Тэд таны гэрт юу үзэв? гэхэд Хезекиа —Тэд гэрт минь байгаа бүхнийг үзсэн. Тэдэнд үзүүлээгүй юм миний эрдэнэсийн санд байхгүй гэв. 16 Тэгэхэд Исаиа Хезекиад —ЭЗЭНий үгийг сонсогтун. 17 "Үзэгтүн, чиний гэрт байгаа бүхэн, чиний эцэг өвгөдийн энэ өдрийг хүртэл цуглуулсан бүхнийг Вавилон зөөх өдрүүд ирж байна. Юу ч үлдэхгүй" гэж ЭЗЭН айлдаж байна. 18 "Чиний үр удам, чиний төрүүлэх хөвгүүдээс зарим нь аваачигдана. Тэд Вавилоны хааны ордонд түшмэд болно" гэв гэжээ. 19 Тэгэхэд Хезекиа Исаиад —Таны хэлсэн ЭЗЭНий үг нь сайн юм гэв. Учир нь тэр "Хэрэв миний өдрүүдэд л амар амгалан, үнэн байвал болох юм бус уу?" гэж боджээ. 20 Хезекиагийн бусад үйлс, түүний бүх чадал, тэр хэрхэн цөөрөм болон ус түгээгүүрийн хоолойг байгуулж, хот уруу ус татсан зэрэг нь Иудагийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү? 21 Ингээд Хезекиа эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, түүний хүү Манассе түүний оронд хаан болов.

21

1 Манассе хаан болохдоо арван хоёр настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд тавин таван жил хаанчлав. Түүний эхийг Хефзиба гэдэг байв. 2 Тэрээр Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн бузрын дагуу ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлджээ. 3 Тэр өөрийн эцэг Хезекиагийн нураан хаясан мөргөлийн өндөрлөгүүдийг сэргээн барьж, Израилийн хаан Ахабын хийсэн шиг Баалд зориулан тахилын ширээг босгон, Ашераг бүтээж, бас тэнгэрийн бүх эрхэст мөргөн, үйлчлэв. 4 Тэрээр ЭЗЭНий өргөө дотор тахилын ширээнүүд босгов.Энэ өргөөний талаар "Иерусалимд Би Өөрийн нэрийг тавина" гэж ЭЗЭН айлдсан юм. 5 Тэрээр ЭЗЭНий өргөөний хоёр хашаанд тэнгэрийн бүх эрхэст зориулан тахилын ширээнүүд босгов. 6 Тэр өөрийн хөвгүүнийг гал дундуур явуулан, ид шидийг үйлдэж, мэргэ төлөг ашиглан, сүнс дуудагчид болон хар домч нартай холбогджээ. ЭЗЭНий мэлмийд үлэмж их бузар мууг үйлдсэнээрээ тэрээр ЭЗЭНийг уурлахад хүргэжээ. 7 Дараа нь тэр өөрийн бүтээсэн Ашерагийн сийлмэл хөргийг өргөө дотор байрлуулав. Энэ өргөөний тухай Давидад болон түүний хүү Соломонд ЭЗЭН айлдахдаа —Би Израилийн бүх овгуудаас сонгосон энэ өргөө болон Иерусалимд Би Өөрийн нэрийг үүрд мөнхөд тавих болно. 8 Хэрвээ тэд Миний тушаасан болгоны дагуу, мөн Миний боол Мосегийн тэдэнд тушаасан бүх хуулийн дагуу сахин үйлдэж байвал Би тэдний эцэг өвгөдөд өгсөн газар нутгаас Израилийн хөлийг дахин хэзээ ч тэнүүчлүүлэхгүй гэсэн билээ. 9 Гэвч тэд сонсоогүй бөгөөд Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий устгасан үндэстнүүдээс ч илүүгээр бузар мууг хийлгүүлэн Манассе тэднийг уруу татсан юм. 10 ЭЗЭН Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдээр дамжуулан айлдахдаа — 11 Иудагийн хаан Манассе өөрөөс нь өмнө байсан бүх аморичуудын хийснээс илүүгээр бузар мууг үйлдэн эдгээр бузар юмыг хийж, өөрийн шүтээнүүдээр Иудагаар нүгэл үйлдүүлсэн учраас 12 Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би Иерусалим болон Иуда дээр гамшгийг илгээх бөгөөд үүний талаар сонссон хэний ч бай хоёр чих нь хүнгэнэх болно. 13 Би Иерусалимын дээгүүр Самарийн олсыг болон Ахабын гэрийн тэгшлүүрийг татна. Хүн тавгаа арчаад, эргүүлэн хөмөрдөг шиг Би Иерусалимыг арчиж хаях болно. 14 Би Өөрийн өвийн үлдэгсдийг орхиж, тэднийг дайсных нь гарт өгөх бөгөөд тэд бүх дайснууддаа олз омог болно. 15 Учир нь тэдний эцэг өвгөд Египетээс гарсан өдрөөс эхлээд энэ өдрийг хүртэл тэд Миний мэлмийд бузар мууг үйлдэж, Намайг уурлахад хүргэж байсан юм" хэмээв гэжээ. 16 Үүнээс гадна, Иерусалимын нэг захаас нөгөө зах хүртэл дүүрэх болтлоо үлэмж их гэмгүй цусыг Манассе урсгасан билээ. Энэ нь ЭЗЭНий мэлмийд бузар мууг хийснээрээ Иудагаар нүгэл үйлдүүлсэн түүний нүглээс гадна хийгдсэн байв. 17 Манассегийн бусад үйлс болон түүний хийсэн бүхэн, түүний үйлдсэн нүглүүд Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 18 Манассе эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, өөрийн гэрийн цэцэрлэг болох Уззагийн цэцэрлэгт оршуулагджээ. Түүний хүү Амон түүний оронд хаан болжээ. 19 Амон хаан болохдоо хорин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд хоёр жил хаанчлав. Түүний эхийг Иотбагийн Харузын охин Мешуллемет гэдэг байв. 20 Тэр өөрийн эцэг Манассегийн үйлдсэний адил ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. 21 Учир нь тэр эцгийнхээ явсан бүх замаар замнаж, эцгийнхээ үйлчилж байсан шүтээнүүдэд үйлчилж, тэдгээрт мөргөсөн билээ. 22 Тэр эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг умартан, ЭЗЭНий замаар явсангүй. 23 Амоны зарц нар түүний эсрэг хуйвалдаж, хааныг өөрийнх нь гэрт алав. 24 Дараа нь тэр газрын ард түмэн Амон хааны эсрэг хуйвалдсан бүх хүнийг алж, түүний оронд түүний хүү Иосиаг хаанаар өргөмжилжээ. 25 Амоны хийсэн бусад үйлс Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 26 Тэрээр Уззагийн цэцэрлэг дэх өөрийн булшинд оршуулагджээ. Түүний хүү Иосиа түүний оронд хаан болсон юм.

22

1 Иосиа хаан болохдоо найман настай байсан бөгөөд Иерусалимд гучин нэгэн жил хаанчлав. Түүний эхийг Бозкатын Адаиагийн охин Иедида гэдэг байв. 2 Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэн, өөрийн өвөг эцэг Давидын бүх замаар замнаж, зүүн баруун уруу ч хазайгаагүй. 3 Иосиа хааны арван найм дахь жилд гүүш Мешулламын ач Азалиагийн хүү Шафаныг хаан ЭЗЭНий өргөө уруу илгээн, — 4 Дааман хаалганы сахиулуудын ард түмнээс цуглуулсан мөнгө болох ЭЗЭНий өргөөнд авчирсан мөнгийг тоолуулахын тулд тэргүүн тахилч Хилкиа уруу очигтун. 5 Тэр мөнгийг ЭЗЭНий өргөөг хариуцан ажиглаж буй хүмүүсийн гарт даатгаад, тэд түүнийг өргөөний эвдрэлийг засварлахаар ЭЗЭНий өргөөнд буй ажилчдад, 6 мужаанууд, барилгачид болон чулуучдад, мөн өргөөг засварлахаар гуалинг ба цавчсан чулуу худалдаж авахад зориулан өгөгтүн. 7 Тэд итгэлтэйгээр ханддаг тул тэдний гарт мөнгө даатгагдсан учраас тэдэнтэй ямар ч тооцоо бүү бод гэж хэлжээ. 8 Тэгээд тэргүүн тахилч Хилкиа Шафан гүүшид —Би ЭЗЭНий өргөөнд хуулийн ном оллоо гэв. Хилкиа тэр номыг Шафанд өгч уншуулав. 9 Гүүш Шафан хаанд бараалхаж, түүнд үг уламжлан —Таны зарц нар өргөөнөөс олдсон мөнгийг хоослон гаргаж, ЭЗЭНий өргөөг хянагч хүмүүсийн гарт даатгав гэв. 10 Үүнээс гадна гүүш Шафан хаанд —Тахилч Хилкиа надад нэг ном өгсөн гэв. Шафан уг номыг хааны өмнө уншжээ. 11 Хаан тэрхүү хуулийн номын үгсийг сонсоод, өөрийн хувцсаа урав. 12 Дараа нь тахилч Хилкиа, Шафаны хүү Ахикам, Микиагийн хүү Ахбор, гүүш Шафан болон хааны зарц Асаиа нарт тушаан — 13 Явцгааж, миний төлөө, ард түмэн болон бүх Иудагийн төлөө, олдсон номын үгсийн талаар ЭЗЭНээс асуугтун. Бидний талаар бичигдсэн бүхний дагуу үйлдэхээр энэ номын үгсийг бидний эцэг өвгөд сонсоогүй учраас бидний эсрэг шатаж буй ЭЗЭНий уур хилэн агуу ажээ гэв. 14 Тэгээд тахилч Хилкиа, Ахикам, Ахбор, Шафан, Асаиа нар Шаллумын эхнэр эш үзүүлэгч эмэгтэй Хулда уруу явав. Шаллум нь Хархасын ач, Тиквагийн хүү бөгөөд хувцасны агуулахын сахиул юм. (Хулда Иерусалимд хоёрдугаар дүүрэгт амьдардаг байв) Тэд түүнтэй ярилцжээ. 15 Тэрээр тэдэнд —Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Та нарыг над уруу илгээсэн хүнд хэлэгтүн. 16 ЭЗЭН айлдахдаа «Үзэгтүн, Би энэ газарт болон эндхийн оршин суугчид дээр бузар мууг буюу Иудагийн хааны уншсан тэрхүү номын бүх үгсийг авчирдаг. 17 Яагаад гэвэл тэд Намайг умартан, өөрсдийн гарын бүх ажлаар Намайг уурлахад хүргэхээр өөр бурхдад утлага уугиулсан билээ. Тиймээс Миний уур хилэн энэ газрын эсрэг шатаж байгаа бөгөөд унтрахгүй» гэж байна" хэмээв. 18 Харин ЭЗЭНээс асуулгахаар та нарыг илгээсэн Иудагийн хаанд та нар үүнийг хэлэгтүн. "Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Чиний сонссон үгсийг, 19 чиний зүрх зөөлөн байж, энэ газар болон эндхийн оршин суугчдын эсрэг Миний хэлснийг буюу тэд хоосрол ба хараал болно гэдгийг сонсоод ЭЗЭНий өмнө чи өөрийгөө даруу болгон, хувцсаа уран, Миний өмнө уйлсан учраас чамайг Би үнэхээр сонслоо» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 20 Тиймээс үзэгтүн, Би чамайг чиний эцэг өвгөд уруу аваачин, чи булшиндаа амар тайвнаар очих болно. Энэ газар дээр Миний авчрах бүх бузар мууг ч чиний нүд үзэхгүй» гэсэн" гээрэй гэв. Ингээд тэд хариу үгийг хаанд дамжуулав.

23

1 Дараа нь хаан хүн илгээж, тэд түүн уруу Иуда болон Иерусалимын бүх ахмадуудыг цуглуулав. 2 Хаан ба түүнтэй хамт Иудагийн бүх эрчүүд, Иерусалимын бүх оршин суугчид, мөн тахилч нар, эш үзүүлэгчид болон их, бага бүх ард түмэн ЭЗЭНий өргөө уруу явав. ЭЗЭНий өргөөнөөс олдсон гэрээний номын бүх үгсийг тэднийг сонсож байхад хаан уншив. 3 Хаан баганын хажууд зогсоод, ЭЗЭНий өмнө гэрээ байгуулан, ЭЗЭНий араас явж, өөрийн, Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг бүх зүрх, сэтгэлээр сахьж, энэ номд бичигдсэн уг гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэжээ. Бүх ард түмэн уг гэрээнд нэгджээ. 4 Дараа нь хаан тэргүүн тахилч Хилкиа, дэд тушаалын тахилч нар болон хаалгач нарт Баал, Ашера болон тэнгэрийн бүх эрхэст зориулан хийгдсэн бүх эдлэлүүдийг ЭЗЭНий сүмээс гаргахыг тушаав. Тэрээр тэдгээрийг Иерусалимын гадна Кидроны талд шатаан, үнсийг нь Бетелд аваачжээ. 5 Иудагийн хотууд болон Иерусалимын ойр орчимд мөргөлийн өндөрлөгүүд дээр утлага уугиулахаар Иудагийн хаадын томилсон шүтээнүүдийн тахилч нарыг, мөн Баал, нар, сар, оддын ордууд болон тэнгэрийн бүх эрхэст утлага уугиулагчдыг тэр хөөн зайлуулав. 6 Тэрээр ЭЗЭНий өргөөнөөс Ашераг Иерусалимын гадагш гарган Кидрон горхи уруу аваачаад, Кидрон горхины дэргэд түүнийг шатаан, үнс болгон бутлаж, үнсийг нь жирийн ардуудын булшин дээр цацжээ. 7 Тэр бас ЭЗЭНий өргөө дэх шүтээний янхан эрчүүдийн байрыг нураав. Тэнд эмэгтэйчүүд Ашерад зориулан хөшиг нэхэж байсан юм. 8 Дараа нь тэрээр Иудагийн хотуудаас бүх тахилч нарыг авчран, тахилч нар утлага уугиулж байсан мөргөлийн өндөрлөгүүдийг Гебагаас Беершеба хүртэл бузарлав. Тэрээр хотын захирагч Иошуагийн дааман хаалганы орох үүдэнд буюу хотын дааман хаалганы дэргэд зүүн талд байсан хаалганы мөргөлийн өндөрлөгүүдийг ч нураан хаясан юм. 9 Гэсэн ч мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нар Иерусалим дахь ЭЗЭНий тахилын ширээ уруу очоогүй, харин тэд өөрсдийнхөө ах дүүсийн дунд исгээгүй талх иджээ. 10 Тэр бас Хинномын хүүгийн хөндийд буй Тофетыг бузарласан нь ямар ч хүн өөрийн хүү, эсвэл охиноо Молехт зориулан гал дундуур гаргахгүй байхын тулд юм. 11 Тэрээр наранд зориулан Иудагийн хаадын өргөсөн морьдыг зайлуулав. Тэдгээр морьд ЭЗЭНий өргөөний үүдэнд, Натан-мелех түшмэлийн танхимын ойролцоох хашаанд байсан юм. Тэрээр нарны тэрэгнүүдийг галдан шатаав. 12 Ахазын дээд танхим буюу дээвэр дээрх Иудагийн хаадын бүтээсэн тахилын ширээнүүд болон ЭЗЭНий өргөөний хоёр хашаан дотор Манассегийн бүтээсэн тахилын ширээнүүдийг хаан нураав. Тэднийг хаан тэнд нь хэмхлэн, үнсийг нь Кидрон горхи уруу асгажээ. 13 Иерусалимын өмнө буюу сидончуудын бузар юм болох Ашторет, Моабын бузар юм болох Хемош, Аммоны хөвгүүдийн бузар юм болох Милком нарт зориулан Израилийн хаан Соломоны босгосон мөхлийн уулын баруун тал дахь мөргөлийн өндөрлөгүүдийг хаан бузарлажээ. 14 Тэрээр ариун багануудыг хэсэг болгон хугалж, Ашерагийн модон шонг цавчиж, тэдгээрийн газруудыг хүний ясаар дүүргэв. 15 Цаашилбал Бетел дэх тахилын ширээ, Израилиар нүгэл үйлдүүлсэн, Небатын хүү Иеробоамын барьсан мөргөлийн өндөрлөг болох тэр тахилын ширээ болон мөргөлийн өндөрлөгийг тэр нураав. Тэгээд түүний чулуунуудыг буулган, үнс болгож бутлаад, Ашераг шатаажээ. 16 Иосиа эргэхдээ тэнд уулан дээрх булшнуудыг хараад, хүн илгээн, булшнуудаас яснуудыг авчруулж, тэдгээрийг тахилын ширээн дээр шатаан, Бурханы хүний тунхагласан ЭЗЭНий үгийн дагуу уг тахилын ширээг бузарлажээ. 17 Дараа нь тэрээр —Миний харж буй энэ дурсгалын багана юу вэ? хэмээн асуусанд тэр хотын ард түмэн түүнд —Энэ бол Иудагаас ирж, Бетелийн тахилын ширээний эсрэг таны хийсэн эдгээр зүйлсийг тунхагласан Бурханы хүний булш гэцгээв. 18 Хаан —Түүнийг орхи. Түүний ясыг хэн ч бүү хөндөг гэв. Ингээд тэд түүний ясыг Самариас ирсэн эш үзүүлэгчийн ясны хамт хөндөлгүй орхив. 19 Иосиа бас Самарийн хотууд дахь мөргөлийн өндөрлөгүүдийн бүх байруудыг зайлуулсан билээ. Тэдгээрийг Израилийн хаад ЭЗЭНийг өдөөн хатгасаар босгосон юм. Тэрээр Бетелд үйлдсэнийхээ адилаар тэдэнд тийм юм үйлджээ. 20 Мөргөлийн өндөрлөгүүдийн бүх тахилч нарыг тэрээр тахилын ширээнүүд дээр алж, тэдгээрийн дээр хүний ясыг шатаав. Дараа нь тэрээр Иерусалим уруу буцав. 21 Тэгээд хаан бүх ард түмэнд —Гэрээний энэ номд бичигдсэнчлэн өөрийн Бурхан ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэгтүн хэмээн тушаав. 22 Израилийг шүүдэг байсан шүүгчдийн өдрүүдээс ч, Израиль болон Иудагийн хаадын бүх өдрүүдэд ч энэ мэт Дээгүүр Өнгөрөх баяр тэмдэглэгдэж байгаагүй билээ. 23 Харин Иосиа хааны арван найм дахь жилд Иерусалимд энэ Дээгүүр Өнгөрөх баярыг ЭЗЭНд сахьсан юм. 24 Үүнээс гадна, тахилч Хилкиагийн ЭЗЭНий өргөөнөөс олсон номд бичигдсэн хуулийн үгсийг батлахын тулд сүнс дуудагчид, шидтэнүүд, терафим, шүтээнүүд болон Иудагийн газар ба Иерусалимд харагдсан бүх л бузар юмсыг Иосиа хөөн зайлуулжээ. 25 Мосегийн бүх хуулийн дагуу өөрийн бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа ЭЗЭН уруу эргэсэн түүн шиг хаан түүний өмнө байгаагүй, түүнээс хойш ч гарсангүй юм. 26 Хэдий тийм боловч, Түүнийг хилэгнүүлсэн Манассегийн бүх өдөөлтүүдээс болж Иудагийн эсрэг шатсан Өөрийн асар их уур хилэнгийнхээ ширүүнээс ЭЗЭН эргэсэнгүй. 27 ЭЗЭН айлдахдаа —Би Израилийг зайлуулсан шигээ Иудаг ч мөн Өөрийн мэлмийнээс зайлуулах болно. Миний сонгосон энэ хот болох Иерусалимыг болон "Миний нэр тэнд байх болно" гэсэн сүмээ Би хаях болно хэмээв. 28 Иосиагийн бусад үйлс болон түүний хийсэн бүгд Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 29 Түүний өдрүүдэд Египетийн хаан Фараон Неко Ассирийн хаан уруу Евфрат мөрөн тийш очив. Иосиа хаан түүнтэй уулзахаар очтол түүнийг үзээд Мегиддод алав. 30 Түүний зарц нар түүний биеийг тэргэн дотор Мегиддогоос хүргэж Иерусалимд авч ирээд, өөрийнх нь булшинд оршуулжээ. Тэгээд тэр газрын ард түмэн Иосиагийн хүү Иехоахазыг авч, түүнийг тосолж, эцгийнх нь оронд түүнийг хаан болгон өргөмжлөв. 31 Иехоахаз хаан болохдоо хорин гурван настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд гурван сар хаанчилжээ. Түүний эхийг Либнагийн Иеремиагийн охин Хамутал гэдэг байв. 32 Тэрээр эцэг өвгөдийнхөө үйлдсэн бүхнийг дуурайн ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлджээ. 33 Фараон Неко түүнийг Хаматын газар дахь Риблад хорьсон нь тэрээр Иерусалимд захирч чадахгүй байхын тулд юм. Фараон уг газарт зуун талант мөнгө, нэг талант алтны хэмжээтэй торгууль ноогдуулав. 34 Фараон Неко Иосиагийн хүү Елиакимыг эцгийнх нь оронд хаан болгон өргөмжилж, түүний нэрийг Иехоиаким болгон өөрчилжээ. Харин Иехоахазыг Египетэд аваачин, тэр тэндээ үхэв. 35 Ингээд Иехоиаким Фараонд алт, мөнгийг өгчээ. Гэвч Фараоны тушаалаар мөнгийг өгөхийн тулд тэрээр уг нутгаас татвар авчээ. Фараон Некод өгөхийн тулд тэрээр тэр нутгийн ард түмнээс хүн бүрийн хөрөнгөний хэмжээний дагуу алт мөнгийг авав. 36 Иехоиаким хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Түүний эхийг Румагийн Педаиагийн охин Зебида гэдэг байв. 37 Тэрээр эцэг өвгөдийнхөө үйлдсэн бүхнийг дуурайн ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлджээ.

24

1 Түүний өдрүүдэд Вавилоны хаан Небухаднезар довтлон ирсэнд Иехоиаким гурван жил түүний боол болжээ. Дараа нь тэр эргэж, Небухаднезарын эсрэг босов. 2 ЭЗЭН түүний эсрэг халдеичуудын, арамейчуудын, моабчуудын болон аммончуудын бүлэглэлүүдийг илгээв. Ийнхүү Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдээр дамжуулан Түүний айлдсан ЭЗЭНий үгийн дагуу Иудаг устгахын тулд түүний эсрэг Тэрээр тэднийг илгээсэн юм. 3 Манассегийн үйлдсэн бүхний дагуу түүний нүглүүдээс болж ЭЗЭНий мэлмийнээс зайлуулагдах нь Иудагийн дээр ЭЗЭНий тушаалаар биеллээ олсон юм. 4 Энэ нь бас түүний урсгасан гэмгүй цусны төлөө байв. Учир нь тэрээр Иерусалимыг гэмгүй цусаар дүүргэсэн юм. Үүнийг ЭЗЭН уучлахгүй байсан билээ. 5 Иехоиакимын бусад үйлс болон түүний хийсэн бүгд Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 6 Ингээд Иехоиаким эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүний хүү Иехоиахин түүний оронд хаан болжээ. 7 Египетийн голоос Евфрат мөрөн хүртэлх Египетийн хаанд харьяалагдаж байсан бүхнийг Вавилоны хаан эзлэн авсан учир Египетийн хаан өөрийн нутгаас гадагш дахин гараагүй. 8 Иехоиахин хаан болохдоо арван найман настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд гурван сар хаанчлав. Түүний эхийг Иерусалимын Елнатаны охин Нехушта гэдэг байв. 9 Иехоиахин эцэг өвгөдийнхөө үйлдсэн бүхнийг дуурайн ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. 10 Тэр үед Вавилоны хаан Небухаднезарын боолууд Иерусалим уруу довтлон ирж, хотыг бүслэв. 11 Боолууд нь хотыг бүсэлсэн байх хооронд Вавилоны хаан Небухаднезар хүрч ирэв. 12 Иудагийн хаан Иехоиахин өөрөө болон түүний эх, зарц нар, ахмадууд, түшмэдийнхээ хамт Вавилоны хаан уруу гарч очив. Ингээд Вавилоны хаан түүнийг хаанчлалынх нь найм дахь жилд олзлон авав. 13 Небухаднезар тэндээс ЭЗЭНий өргөөний бүх эрдэнэс болон хааны гэрийн эрдэнэсийг авч яван, ЭЗЭНий айлдсан ёсоор ЭЗЭНий сүм дотор Израилийн хаан Соломоны бүтээсэн бүх алтан савнуудыг хэсэглэн цавчжээ. 14 Тэгээд тэрээр бүх Иерусалимыг болон бүх ахмадууд, бүх хүчирхэг зоригт эрсийг буюу арван мянган олзлогсдыг, мөн бүх гар урчууд ба дархчуудыг цөллөг уруу авч явжээ. Нутгийн үгээгүй ядуу хүмүүсээс өөр ямар ч хүн үлдсэнгүй. 15 Ийнхүү тэрээр Иехоиахиныг Вавилон уруу цөллөгт аваачив. Мөн хааны эх, хааны эхнэрүүд, түүний түшмэд болон тэр газрын удирдагч хүмүүсийг тэрээр Иерусалимаас Вавилон уруу цөллөгт авч явжээ. 16 Бүх баатар эрс долоон мянган хүн, гар урчууд ба дархчууд мянган хүн, бүгд дайнд шалгарсан хүчтэнүүд байсан бөгөөд тэднийг Вавилоны хаан Вавилон уруу цөллөгт аваачжээ. 17 Тэгээд Вавилоны хаан, Иехоиахины авга ах Маттаниаг түүний оронд хаан болгож, нэрийг нь Зедекиа болгон өөрчлөв. 18 Зедекиа хаан болохдоо хорин нэгэн настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Түүний эхийг Либнагийн Иеремиагийн охин Хамутал гэдэг байв. 19 Тэрээр Иехоиакимын үйлдсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. 20 ЭЗЭН тэднийг Өөрийн оршихуйгаас хөөх хүртэл Түүний уур хилэнгээр дамжуулан Иерусалим ба Иудад энэ нь биелжээ. Зедекиа Вавилоны хааны эсрэг тэрслэн босов.

25

1 Түүний хаанчлалын ес дэх жилийн аравдугаар сарын арванд Вавилоны хаан Небухаднезар өөрөө болон бүх цэргийнхээ хамт Иерусалимын эсрэг ирж, хотын харалдаа хуарагнан эргэн тойронд нь бүслэлтийн хэрэм босгожээ. 2 Ийнхүү Зедекиа Хааны арван нэг дэх жил болтол хот бүслэлтэнд байжээ. 3 Дөрөвдүгээр сарын есний өдөр тэр нутгийн ард түмэнд хоол хүнс байхгүй болтол хот доторх өлсгөлөн ихэд ширүүсжээ. 4 Тэгээд хот уруу цөмрөн орсон бөгөөд хотын эргэн тойронд халдеичууд байсан хэдий ч бүх дайчид хааны цэцэрлэгийн хажуугийн хоёр хананы хооронд байх хаалгаар дамжин шөнөөр зугтав. Тэд Арабагийн замаар явжээ. 5 Гэвч халдеичуудын цэрэг хааныг нэхэн хөөж, Иерихогийн талд түүнийг барьсан бөгөөд бүх цэргүүд нь түүнийг орхин тарав. 6 Тэгээд тэд хааныг олзлоод, Рибла дахь Вавилоны хаанд хүргэж ирэхэд, тэр түүнд ял оноов. 7 Тэд Зедекиагийн нүдний өмнө хөвгүүдийг нь цаазлан, дараа нь Зедекиагийн нүдийг ухаад, түүнийг хүрэл дөнгөөр хүлж, Вавилон уруу авчиржээ. 8 Тавдугаар сарын долоонд буюу Вавилоны хаан болох Небухаднезар хааны арван ес дэх жилд Вавилоны хааны зарц, бие хамгаалагч нарын ахмад Небузарадан Иерусалимд иржээ. 9 Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны гэр болон Иерусалимын бүх барилгуудыг шатаажээ. Хамгийн том өргөөг ч хүртэл тэр галдан шатаав. 10 Ингээд бие хамгаалагчдын ахмадтай халдеичуудын бүх цэрэг Иерусалимын эргэн тойрон дахь хэрмийг нураав. 11 Тэгээд хотод үлдсэн бусад хүмүүс, Вавилоны хаан уруу оргосон оргодлууд болон бусад ард олныг бие хамгаалагчдын ахмад Небузарадан цөллөгт авч явжээ. 12 Гэвч бие хамгаалагчдын ахмад тэр газрын үгээгүй ядуучуудаас заримыг усан үзмийн цэцэрлэгч болон газар хагалагчаар үлдээв. 13 ЭЗЭНий өргөөнд байсан хүрэл баганууд, мөн ЭЗЭНий өргөөнд байсан сууриуд ба хүрэл цутгамал тэнгис зэргийг халдеичууд хэсэг болгон эвдэлж, хүрлийг нь Вавилон уруу авч явжээ. 14 Тогоонууд, утгуур, чимхүүр, халбаганууд болон үйлчлэлд хэрэглэгдэж байсан бүх хүрэл савнуудыг тэд авч явжээ. 15 Бие хамгаалагч нарын ахмад мөн цэвэр алт, мөнгөн бойпорууд ба угаалгын савнуудыг авч явжээ. 16 ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны хийсэн хоёр багана, нэг цутгамал тэнгис болон сууриуд болох эдгээр бүх сав суулгануудын хүрэл нь хэмжээлшгүй их байжээ. 17 Нэг баганы өндөр нь арван найман тохой бөгөөд түүн дээр хүрэл толгой байв. Толгойн өндөр нь гурван тохой байв. Толгойг тойруулан тор ба анарууд бүгд хүрлээр хийгдсэн байв. Хоёр дахь багана эдгээрийн адил тортой байв. 18 Тэгээд бие хамгаалагч нарын ахмад нь ахлах тахилч Сераиа, дэд тахилч Зефаниа, сүмийн гурван түшмэлийн хамт авав. 19 Хотоос тэрээр дайчдыг хариуцагч нэг түшмэлийг, мөн хотоос олдсон хааны зөвлөгчдийн таван хүнийг, мөн тэр газрын ард түмнийг цуглуулдаг байсан цэргийн ахмадын гүүшийг, мөн хотоос олдсон нутгийн жаран хүнийг авч одов. 20 Бие хамгаалагчдын ахмад Небузарадан тэднийг аваад Риблад буй Вавилоны хаанд авч иржээ. 21 Тэгэхэд Вавилоны хаан тэднийг Хамат газрын Риблад цохин алжээ. Ийнхүү Иуда өөрийн газраас цөллөгт хөөгджээ. 22 Вавилоны хаан Небухаднезарын Иуда газарт үлдээсэн хүмүүсийг захируулахаар тэрээр Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилов. 23 Вавилоны хаан Гедалиаг томилсныг цэргийн бүх ахмадууд өөрсдийн хүмүүсийн хамт сонсоод тэд Мизпад Гедалиа уруу иржээ. Тэдгээр нь Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хүү Иохонан, Нетофат хүн Танхуметын хүү Сераиа, Маака хүний хүү Иазаниа нар бөгөөд тэдний хүмүүс болой. 24 Гедалиа тэдэнд болон тэдний хүмүүст тангараглан, —Халдеичуудын зарц нараас бүү айгтун. Энэ газартаа амьдарч, Вавилоны хаанд үйлчлэгтүн. Энэ нь та нарт өлзийтэй байх болно гэж тэдэнд хэлэв. 25 Гэвч долдугаар сард Елишамагийн ач Нетаниагийн хүү болох хааны ургийн Ишмаел арван эрсийн хамт ирээд, Гедалиаг цохиж, түүнийг Мизпад түүний хамт байсан иудейчүүд, халдеичуудын хамт алжээ. 26 Тэгээд их, бага гэлгүй бүх хүмүүс болон цэргийн ахмадууд босон Египет уруу оджээ. Учир нь тэд халдеичуудаас айж байв. 27 Иудагийн хаан Иехоиахины цөлөгдсөний дөчин долоо дахь жилд, арван хоёрдугаар сарын хорин долооны өдөр Вавилоны хаан Евил-меродах хаан суудалдаа заларсан тэр жилдээ Иудагийн хаан Иехоиахинг шоронгоос чөлөөлөв. 28 Тэрээр Иехоиахинтай элэгсэг дотноор ярилцан, Вавилонд өөртэй нь хамт байдаг хаадын сэнтийнээс илүү өндөр сэнтийнд Иехоиахинг суулгажээ. 29 Иехоиахин шоронгийн хувцсаа сольж, амьдралынхаа бүх өдрүүдийн турш хааны өмнө тогтмол зооглож байв. 30 Амьдралынх нь бүх өдрүүдийн туршид өдөр бүрийн хувь хишиг болох тогтмол тэтгэлгийг хаан түүнд ханган нийлүүлж байжээ.