2 САМУЕЛ

1

1 Саулыг нас нөгчсөний дараа Давид амалекчуудыг бут цохиод буцаж ирэхдээ хоёр хоног Зиклагт байрлав. 2 Гурав дахь өдөр нь нэгэн хүн Саулын хуарангаас ирэв. Түүний хувцас нь урагдаж, толгой нь тоос шороонд дарагдсан байв. Тэр Давид уруу дөхөн ирээд, газарт унан, сунаж мөргөв. 3 Тэгэхэд Давид түүнээс —Чи хаанаас ирэв? гэж асуухад тэр Давидад —Би Израилийн хуарангаас зугтаж ирлээ гэв. 4 Давид түүнд —Юу болж өнгөрөв? Надад хэлээч гэхэд тэр —Хүмүүс тулалдааны талбараас зугтааж, бас олон ардууд унан үхэцгээв. Саул болон түүний хөвгүүн Ионатан ч бас үхэв гэв. 5 Мэдээ хүргэж ирсэн тэр залууд хандан Давид —Саул болон түүний хөвгүүн Ионатан үхсэн гэдгийг чи хэрхэн мэдэв? гэв. 6 Давидад өгүүлсэн тэр залуу —Намайг тохиолдлоор Гилбоа ууланд байгаад харах үед Саул жадаа түшиж байв. Тэрэгнүүд болон морин цэргүүд ардхан нь хөөж байв. 7 Саул эргэж, намайг хараад дуудахад нь би "Би энд байна" хэмээн хариулсан. 8 Саул надаас "Чи хэн бэ?" гэж асуусанд би "Амалек хүн байна" хэмээсэн билээ. 9 Саул надад "Миний дэргэд ирээд, намайг алагтун. Би амьсгаатай байгаа хэдий ч зовж байна" хэмээн өгүүлэв. 10 Тийнхүү би түүний дэргэд очиж, түүнийг алав. Учир нь тэр унасныхаа дараа амьд байж чадахгүй гэдгийг би мэдэв. Би түүний толгой дахь титэм, гар дахь бугуйвчийг нь авч, энд эзэндээ авчирлаа гэв. 11 Давид хувцсаа зууран урсанд, түүний хамт байсан бүх хүн мөн тэгэв. 12 Илдээр алуулсан Саул, түүний хөвгүүн Ионатан, ЭЗЭНий хүмүүс болон Израилийн гэрийн төлөө тэд гашуудан, уйлж, үдэш болтол мацаг барив. 13 Давид мэдээ хүргэж ирсэн залуугаас —Чи хаанахын хүн бэ? гэхэд залуу хариулан —Би харь хүн болох амалек хүний хүү гэв. 14 Тэгэхэд нь Давид —Чи ЭЗЭНий тосолсон хүнийг алахаар гар сунгахаас юунд айсангүй вэ? гэв. 15 Давид залуусынхаа нэгийг дуудан, —Очиж түүнийг алагтун гэсэнд, тэрээр түүнийг цохиж алав. 16 Давид түүнд —Чиний цус толгой дээр чинь бууг. Учир нь чиний ам "Би ЭЗЭНий тосолсон хүнийг алав" гэж хэлээд өөрийн чинь эсрэг гэрчлэв гэсэн гэв. 17 Дараа нь Саул болон түүний хөвгүүн Ионатаны төлөө Давид энэхүү гашуудлын дууг дуулж, 18 энэхүү нумын дууг Иудагийн хөвгүүдэд сургахыг тэдэнд тушаав. Энэ нь Иашарын номд бичигдсэн ажээ. 19 "Өө, Израиль аа, үзэсгэлэнт байдал чинь чиний өндөрлөг газруудад алагдав. Хүчтэнүүд хэрхэн алагдсан билээ! 20 Филистчүүдийн охидыг баярлуулан, хөвч хөндүүлээгүй хүний охидыг бардамнуулахгүйн тулд үүнийг Гатад бүү мэдүүл, Ашкелоны гудамжинд ч бүү тунхагла. 21 Өө, Гилбоагийн уулс аа, та нарын дээр шүүдэр бүү унаг, бороо бүү орог, мөн талаар дүүрэн өргөл ч бүү байг. Учир нь тэнд хүчтэний бамбай, Саулын эс тослогдсон бамбай бузарлагдав. 22 Амь үрэгдэгсдийн цус, хүчтэнүүдийн өөхнөөс Ионатаны нум хойшоо эргээгүй, Саулын илд ч хоосон буцаагүй. 23 Саул болон Ионатан амьдралдаа хоорондоо тааламжтай, мөн хайрлагдсан хүмүүс байсан бөгөөд үхэхдээ ч тэд салсангүй. Тэд бүргэдээс ч хурдан, арслангаас ч хүчтэй байв. 24 Өө, Израилийн охид оо, та нарыг час улаан дээлээр гоён хувцаслаж, өмсгөлийн чинь дээр алтан чимгийг зүүж өгсөн Саулын төлөө уйлагтун. 25 Тулалдааны дунд хүчтэнүүд хэрхэн унасан билээ! Ионатан өндөрлөг газруудад чинь алагдав. 26 Ах Ионатан минь, таны төлөө би зовон шаналж байна. Та надад маш тааламжтай байв. Намайг гэсэн таны хайр надад бүсгүй хүний хайраас илүү гайхамшигтай байв. 27 Хүчтэнүүд унан, дайны зэвсэг хэрхэн мөхөв!".

2

1 Үүний дараа Давид ЭЗЭНээс лавлан —Би Иудагийн хотуудын нэг уруу явах уу? гэж асуухад ЭЗЭН түүнд —Явагтун хэмээн тушаав. Ийнхүү Давид —Би хаашаа явах вэ? хэмээн асуухад ЭЗЭН —Хеброн уруу хэмээн айлдав. 2 Тэгээд Давид өөрийн хоёр эхнэр болох иезреел эмэгтэй Ахиноам болон Набалын эхнэр байсан кармел эмэгтэй Абигаил нартай хамт тийш явав. 3 Давид өөртэйгөө хамт байсан хүмүүсийг гэр бүлүүдийнх нь хамт дагуулж явав. Тэд Хеброны хотуудад амьдарлаа. 4 Дараа нь Иудагийн эрчүүд ирж, тэнд Давидыг Иудагийн гэрийн хаан болгон тослов. Тэд Давидад —Иабеш-гилеадын хүмүүс Саулыг оршуулсан билээ гэж хэлэв. 5 Давид Иабеш-гилеадын хүмүүст элч нарыг илгээн, тэдэнд ийн хэлүүлэв. —Та нар өөрсдийн эзэн Саулд энэрэнгүй сэтгэл гаргаж, түүнийг оршуулсан тул та нар ЭЗЭНээр ерөөгдөх болтугай! 6 Одоо ЭЗЭН та нарт үнэн болоод хайр энэрлийг үзүүлэх болтугай. Та нар ийм үйл хийсэн тул би ч гэсэн та нарт сайныг үйлдэх болно. 7 Тийм учраас одоо гараа чангалж, эр зоригтой байгтун. Учир нь та нарын эзэн Саул нас барсан, мөн Иудагийн гэр намайг өөрийн хаанаа болгон тосолсон билээ гэв. 8 Харин Саулын цэргийн жанжин, Нерийн хүү Абнер нь Саулын хүү Иш-бошетыг Маханаим уруу аваачив. 9 Тэр түүнийг Гилеад, ашурчууд, Иезреел, Ефраим, Бениамин төдийгүй хамаг Израилийн хаан болгов. 10 Саулын хүү Иш-бошет нь Израилийн хаан болох үедээ дөчин настай байсан бөгөөд хоёр жил хаанчлав. Гэлээ ч Иудагийн гэр Давидыг дагав. 11 Давидын Хебронд Иудагийн гэрийн хаан байсан хугацаа нь долоон жил зургаан сар байв. 12 Нерийн хүү Абнер Саулын хүү Иш-бошетын зарц нарын хамт Маханаимаас гарч, Гибеоныг чиглэв. 13 Зеруиагийн хөвгүүн Иоаб Давидын зарц нарын хамт гарч яван, тэд Гибеоны цөөрмийн дэргэд тулгарчээ. Тэдний нэг нь цөөрмийн наад эрэгт, нөгөө нь цөөрмийн цаад эрэгт буув. 14 Абнер Иоабт —Залуусыг гарган өөрсдийнхөө өмнө тэмцэлдүүлье гэсэнд Иоаб —Гаргая гэв. 15 Тэгээд хүмүүс босож тоолуулахад Бениамин ба Саулын хөвгүүн Иш-бошетын талаас арван хоёр хүн, Давидын зарц нараас арван хоёр хүн байлаа. 16 Хүн бүр өөр өөрсдийнхөө өрсөлдөгчийн толгойгоос зууран, бие биенийхээ хавирга уруу илд дүрэн, хамт унацгаав. Тиймээс Гибеонд байдаг тэр газрыг Хелкат-хаззурим хэмээн нэрлэв. 17 Тэр өдөр ширүүн тулалдаан болж, Абнер болон Израилийн эрчүүд Давидын зарц нарт цохигдов. 18 Зеруиагийн гурван хөвгүүн Иоаб, Абишаи, Асахел нар тэнд байв. Асахел нь талын зээр мэт хурдан хөлтэй байв. 19 Асахел Абнерын араас хөөн, баруун тийш ч зүүн тийш ч, эргэхгүй байв. 20 Абнер эргэн хараад, —Энэ чинь Асахел чи мөн үү? гэхэд, тэр —Тийм ээ, би байна гэж хариулав. 21 Ийнхүү Абнер түүнд —Баруун, эсвэл зүүн тийшээ эргэн залуусын нэгийг барьж, түүнээс олзыг нь өөртөө авагтун гэв. Гэвч Асахел нь Абнерыг хөөхөө больж, буцахыг хүссэнгүй. 22 Абнер дахин Асахелд —Намайг хөөхөө больж, эргэгтүн. Би чамайг яагаад алах ёстой билээ? Тэгвэл би яаж чиний ах Иоаб уруу харж чадах юм бэ? гэв. 23 Гэвч Асахел замаасаа буцахаас татгалзлаа. Тийм учраас Абнер жадны үзүүрээр түүний хэвлий уруу нэвт хатгасанд жад нуруунаас нь гарав. Асахел тэнд унаж, газар дээрээ үхлээ. Асахелын унаж, үхсэн газарт ирсэн хүмүүс бүгд зогссоор байв. 24 Харин Иоаб болон Абишаи Абнерын араас хөөв. Нар жаргаж байхад тэд Гибеоны цөлийн замд байдаг Гиахын наана орших Аммагийн даваанд ирцгээв. 25 Бениамины хөвгүүд Абнерын ард цугларан, нэг бүлэг болж, нэгэн давааны оройд зогсов. 26 Дараа нь Абнер Иоабыг дуудан —Илд нь мөнхөд цөлмөх гэж үү? Энэ нь эцэстээ бэрх болно гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Ах дүү нарыгаа хөөхөө зогсоож буцах талаар чи хүмүүстээ тушаахгүй хир удах гэсэн юм бэ? гэв. 27 Иоаб —Бурханы амьд буйгаар тангараглая, хэрэв чи хэлээгүй бол үнэхээр цэргүүд маргааш өглөө болтол ах дүү нараа хөөхөө зогсоохгүй байх байсан шүү гэв. 28 Ингээд Иоаб эвэр бүрээгээ үлээсэнд бүх хүмүүс зогсон, Израилийн араас хөөхөө зогсоож, тулалдахаа ч болив. 29 Абнер болон түүний эрчүүд тэр шөнийн турш Арабагаар дамжин өнгөрөөд, Иорданыг гатлан, өглөөний турш алхсаар Маханаимд ирлээ. 30 Тэгэхэд Иоаб Абнерыг хөөхөө болив. Түүнийг бүх хүмүүсээ хамтад нь цуглуулсанд Асахелаас гадна Давидын арван есөн зарц алга байв. 31 Харин Давидын зарц нар Бениаминаас болон Абнерын эрчүүдээс олныг цохьсонд гурван зуун жаран хүнийг алсан байв. 32 Тэд Асахелыг авч, Бетлехемд байрлаж байсан эцгийнх нь хадан булшинд оршуулав. Тэгээд Иоаб болон түүний эрчүүд шөнөжингөө явсаар, үүр цайх үед Хебронд хүрчээ.

3

1 Саулын гэр болон Давидын гэрийн хооронд урт удаан дайн үргэлжлэв. Давид улам хүчирхэгжиж, харин Саулын гэр улам доройтсоор байлаа. 2 Хебронд Давидын хөвгүүд төрөв. Ууган хөвгүүн нь иезреел эмэгтэй Ахиноамаас төрсөн Амнон юм. 3 Удаах хөвгүүн нь кармел хүн Набалын бэлэвсэрсэн эхнэр Абигаилаас төрсөн Хилеаб. Гурав дахь хөвгүүн нь Гешурын хаан Талмаин охин Маахагийн хөвгүүн Абсалом юм. 4 Дөрөв дэх хөвгүүн нь Хаггитын хөвгүүн Адониа, тав дахь хөвгүүн нь Абиталын хөвгүүн Шефатиа, 5 зургаа дахь хөвгүүн нь Давидын эхнэр Еглагаас төрсөн Итреам юм. Тэд Давидын хөвгүүд болж Хебронд төрсөн юм. 6 Саулын гэр болон Давидын гэрийн хооронд дайн болох зуур Абнер Саулын гэрт өөрийгөө улам батжуулж байв. 7 Саулд Ризпа гэдэг татвар эм байсан бөгөөд Аиагийн охин байв. Иш-бошет Абнерт —Чи яагаад эцгийн минь татвар эм уруу ороод байна? гэв. 8 Абнер Иш-бошетын хэлсэн үгэнд ихэд уурсаж, —Би Иудад харьяалагдах нохойн толгой юм уу? Өнөөдөр би чиний эцэг Саулын гэр, түүний ах дүү болон нөхдөд энэрэнгүй хандаж, та нарыг Давидын гарт тушаагаагүй атал, чи өнөөдөр тэр эмээс болж намайг зэмлэж байна. 9 ЭЗЭН Давидад тангарагласны дагуу хэрэв би түүнд эс гүйцэлдүүлэх бол Бурхан Абнерыг улам ихээр шийтгэх болтугай. 10 Саулын гэрээс хаанчлалыг шилжүүлж, Давидын хаан ширээг Данаас Беершеба хүртэл, Израиль болон Иудагийн дээр тогтоохгүй бол шийтгэх болтугай гэв. 11 Иш-бошет Абнерт ганц ч үг хариулж зүрхэлсэнгүй. Учир нь тэр Абнераас айж байлаа. 12 Дараа нь Абнер өөрийнхөө өмнөөс Давид уруу элч нарыг илгээж, —Энэ газар хэнийх вэ? Надтай гэрээгээ байгуулагтун. Бүх Израилийг чам уруу авчрахад миний гар чамтай хамт байх болно гэж хэлүүлэв. 13 Давид —Сайн байна! Би чамтай гэрээ байгуулъя. Гэхдээ чамаас нэг зүйлийг би шаардаж байна. Юу гэвэл, чи надтай уулзахаар ирэхдээ Саулын охин Михалыг дагуулж авчрахаас нааш миний нүүрийг харах ёсгүй гэв. 14 Тэгээд Давид Саулын хүү Иш-бошетэд элч нарыг илгээн, —Филистчүүдийн зуун хөвчний арьсаар сүй тавьсан миний эхнэр Михалыг надад буцааж өгөгтүн гэж хэлүүлэв. 15 Иш-бошет хүн илгээж, тэр эмэгтэйг түүний нөхөр болох Лаишийн хөвгүүн Палтиелаас буцааж авав. 16 Харин нөхөр нь тэр эмэгтэйг уйлан дагаж, Бахурим хүртэл явжээ. Тэгээд Абнер түүнд —Яв, буцагтун гэсэнд тэр буцав. 17 Абнер Израилийн ахлагчидтай зөвлөлдөн, —Та нар эртнээс Давидыг өөрсдийн хаан болгохыг хүсэж байсан. 18 Одоо үүнийгээ биелүүлэгтүн. Учир нь ЭЗЭН Давидын талаар айлдахдаа "Өөрийн зарц Давидын гараар би Өөрийн ард түмэн Израилийг филистчүүдийн хийгээд хамаг дайсных нь савраас аварна" гэж айлдсан билээ гэв. 19 Абнер бас Бениаминыг сонсож байхад ярив. Үүний хажуугаар Хебронд буй Давидын сонсголд Израиль болон хамаг Бениамины гэрийн хувьд сайн сайхан бүх зүйлсийг дуулгахаар явлаа. 20 Тэгээд Абнер хорин хүнийг дагуулан Хебронд буй Давид уруу иржээ. Абнер болон түүний хамт буй хүмүүст зориулан Давид найр хийв. 21 Абнер Давидад —Надад босон явж, хамаг Израилийг эзэн хаандаа цуглуулахыг зөвшөөрөөч. Тэд тантай гэрээ байгуулж, Та сэтгэлийнхээ хүссэн бүхний хаан болох болтугай гэв. Ийнхүү Давид Абнерыг илгээсэнд тэр амар амгалан гарч одов. 22 Тэгтэл Давид болон Иоабын зарц нар аян дайралтаас их олзтой буцаж ирэв. Гэвч Давид Абнерыг илгээсэн бөгөөд тэрээр амар тайван явж одсон тул Абнер Давидын хамт Хебронд байсангүй. 23 Иоаб болон түүнтэй хамт байсан бүх цэргүүд буцаж ирэхэд хүмүүс түүнд —Нерийн хүү Абнер хаан уруу ирээд, хаан Абнерыг явуулсанд, тэр амар тайван явав гэж хэлэв. 24 Тэгэхэд Иоаб хаанд бараалхан —Та юу хийчих нь энэ вэ? Абнер тан дээр ирсэн атал, яагаад та түүнийг буцааж явуулав? Тэр одоо явж одсон билээ. 25 Нерийн хүү Абнерыг та мэднэ шүү дээ. Тэр таныг мэхэлж, орж гарахыг тань харуулдан, хийж байгаа бүхнийг тань мэдэхийн тулд ирсэн билээ гэв. 26 Иоаб Давидын өргөөнөөс гараад, Абнерын араас элч нарыг илгээн, тэд түүнийг Сирагийн худгаас буцааж авчрав. Гэвч Давид үүнийг мэдсэнгүй. 27 Ингээд Абнерыг Хебронд буцаж ирэхэд, Иоаб түүнтэй хувьчлан ярихаар хаалганы төв хэсэг уруу түүнийг аваачиж, өөрийн дүү Асахелын цусны өшөөг авахаар хэвлий уруу хатгаж алав. 28 Үүний дараа нь Давид энэ тухай сонсоод —Нерийн хүү Абнерын цусны тухайд бол би болоод миний хаанчлал ЭЗЭНий өмнө мөнхөд гэмгүй. 29 Түүний цус нь Иоабын толгой дээр болон эцгийнх нь бүх гэрийн дээр буух болтугай. Идээ ялгаруулагчид, уяман өвчтөнүүд, таяг тулагчид, илдэнд цохигдон унагсад, талхаар дутагсад Иоабын гэрээс бүү салах болтугай гэв. 30 Абнер дүү Асахелыг нь Гибеоны тулалдаанд алсан тул, Иоаб болон түүний дүү Абишаи нар Абнерыг алсан ажээ. 31 Тэгээд Давид Иоаб болон түүнтэй хамт байсан хамаг ардуудад —Хувцсаа урж, таар өмсөж, Абнерын өмнө гашуудагтун гэв. Давид хаан өөрөө авсны араас алхлаа. 32 Ингээд тэд Абнерыг Хебронд оршуулав. Хаан Абнерын булшин дээр чангаар уйлж, хамаг ардууд ч уйлалдав. 33 Хаан Абнерт зориулан гашуудлын дууг дуулж, —Мунхгийн үхэлтэй адил Абнер үхэх ёстой байв уу? 34 Чиний гар хүлэгдээгүй, чиний хөл ч дөнгөлөгдөөгүй байсан. Муу явдалтны өмнө унахын адил чи унав гэв. Хамаг ардууд түүний төлөө дахин гашуудан уйлалдав. 35 Дараа нь өдрийн цаг байсаар байтал Давидыг талх идүүлэх гэж ятгахаар хамаг ардууд ирэв. Харин Давид тангараглаж, —Хэрэв нар жаргахаас өмнө би талх, эсвэл ямар нэгэн юмыг амсвал, Бурхан намайг ихээр шийтгэх болтугай гэв. 36 Хамаг ардууд үүнийг ажиглахад хааны үйлдсэн хамаг хэрэг ардуудын таалалд нийцдэг байсны адилаар энэ нь ч мөн тэдний таалалд нийцэв. 37 Ингээд Нерийн хүү Абнерыг алах нь хааны хүсэл байгаагүй юм байна гэдгийг хамаг ардууд болон бүх Израиль тэр өдөр мэдэцгээлээ. 38 Дараа нь хаан зарц нартаа —Өнөөдөр Израильд ноён болоод агуу хүн уналаа гэдгийг та нар мэдэхгүй байна уу? 39 Би тослогдсон хаан атал өнөөдөр дорой байна. Зеруиагийн хөвгүүд болох эдгээр хүмүүс намайг хүнд байдалд оруулж байна. Мууг үйлдэгч нэгэнд муу үйлийнх нь дагуу ЭЗЭН хүртээх болтугай гэв.

4

1 Абнерыг Хебронд нас нөгчсөнийг Саулын хүү Иш-бошет сонсоод, зориг нь мохож, хамаг Израиль ч сандрав. 2 Саулын хүүд дээрэм хийдэг бүлгүүдийг удирддаг хоёр захирагч байв. Нэгнийх нэр нь Баана, нөгөөгийнх нь нэр нь Рехаб гэдэг байлаа. Тэд хоёулаа Бениамин хөвгүүдээс гаралтай, Беерот хүн Риммоны хөвгүүд байв. (Учир нь Бееротыг ч бас Бениамины нэгэн хэсэг хэмээн үздэг байв. 3 Беерот хүмүүс Гиттаим уруу зугтан ирж, энэ өдрийг хүртэл тэнд харийнхан болжээ.) 4 Саулын хүү Ионатанд нэгэн хөл муутай хөвгүүн байв. Саул болон Ионатаны тухай мэдээ Иезреелээс ирэх үед тэр хүү таван настай байжээ. Асрагч нь түүнийг тэврэн зугтсан бөгөөд яарч байх үедээ хүүг унагаснаас болж хүү хөлгүй болжээ. Тэр хүүгийн нэрийг Мефибошет гэдэг байв. 5 Беерот хүн Риммоны хөвгүүд болох Рехаб, Баана нар өдрийн халуунд Иш-бошетын гэрт ирэх үед, Иш-бошет үдийнхээ амралтыг эдэлж байв. 6 Тэд улаан буудай авах гэж буй мэт гэрийн голд очиж, түүний хэвлий уруу цохив. Тэгээд Рехаб болон түүний ах Баана нар зугтацгаав. 7 Тэднийг гэрт орох үед Иш-бошет нойрсох танхимдаа орон дотроо хэвтэж байсанд, тэд түүнийг цохиж алаад, толгойг нь огтолж авав. Тэд толгойг нь аваад, шөнөжингөө Арабагийн замаар явав. 8 Тэгээд тэд Иш-бошетын толгойг Хебронд буй Давидад авчран, хаанд —Харагтун, энэ бол таны аминд заналхийлж байсан таны дайсан Саулын хүү Иш-бошетын толгой. ЭЗЭН өнөөдөр Саул болон түүний үр удмаас эзэн хааны минь төлөө өшөө ийнхүү авахуулав гэж айлтгав. 9 Беерот хүн Риммоны хөвгүүд болох Рехаб болон түүний ах Баана нарт Давид хариулан —Миний амийг хамаг зовлонгоос ангижруулж өгсөн ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. 10 Нэгэн хүн надад "Харагтун. Саул үхэв" хэмээн мэдэгдэж, өөрийгөө сайн мэдээ авчирлаа хэмээн бодоход нь би түүнийг барьж, Зиклагт алав. Тэр нь мэдээнийх нь төлөө түүнд өгсөн шагнал байлаа. 11 Тэр тусмаа хорон мууг үйлдэгч хүмүүс зөв шударга хүнийг өөрийнх нь гэрт, өөрийнх нь орон дээр алсан байхад, одоо би цусыг нь та нарын гараас шаардаж, та нарыг хорвоогоос арчиж хаяхгүй юм гэж үү? гэв. 12 Тэгээд Давидыг залууст тушаахад, залуус нь тэднийг алж, гар хөлийг нь цавчин, тэдгээрийг Хебронд цөөрмийн дэргэд дүүжлэн тавив. Харин тэд Иш-бошетын толгойг авч, Хеброн дахь Абнерын булшинд оршуулав.

5

1 Израилийн бүх овгууд Хебронд Давид дээр ирж, —Харагтун, бид таны мах цусны тасархай билээ. 2 Урьд нь Саул бидний хаан байх үед ч та Израилийг тулалдаанд удирдаж байсан. Тэгээд ЭЗЭН танд "Чи Миний ард түмэн болох Израилийг хариулж, чи Израилийн удирдагч болно" гэж айлдсан хэмээн өгүүлэв. 3 Ингээд Израилийн бүх ахлагчид Хебронд хаан дээр ирж, Давид хаан Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэгээд тэд Давидыг тослон, Израилийн хаан болгов. 4 Давид гучин насандаа хаан болж, дөчин жил хаанчлав. 5 Тэр Хебронд Иудаг долоон жил зургаан сар, Иерусалимд бүх Израиль болон Иудаг гучин гурван жил захирчээ. 6 Хаан өөрийн хүмүүсийн хамт нутгийн уугуул хүмүүс болох иебусчуудын эсрэг Иерусалим уруу ирэхэд, тэд Давидад —Чи энд орж ирэхгүй. Харин сохор, доголон нь ч чамайг хөөж гаргана гэв. Тэд Давидыг ийшээ нэвтэрч чадахгүй хэмээн санаж байлаа. 7 Гэвч Давид Сионы цайзыг эзлэн авав. Энэ нь Давидын хот юм. 8 Тэр өдөр Давид —Иебусчуудыг алах гэсэн хүн бүр усан сувгаар явж, Давидын үзэн яддаг доголон, сохорт хүрч оч хэмээв. Үүний тулд "Сохор, доголон нь гэрт орж болохгүй" гэж тэд хэлдэг юм. 9 Ингээд Давид тэр цайзад сууж, түүнийгээ Давидын хот хэмээн нэрлэх болов. Давид Миллогоос дотогш нь тойруулан барив. 10 Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байсан учраас Давид улам улам хүчирхэгжсэн билээ. 11 Тирийн хаан Хирам Давид уруу хуш мод, мужаан, чулуучидтай хамт элч нарыг илгээв. Тэд Давидад гэр барьж өгөв. 12 ЭЗЭН өөрийг нь Израилийн хаан болгон тогтоож, Өөрийн ард түмэн Израилийн төлөө хаанчлалыг нь өргөмжилснийг Давид ойлгов. 13 Хеброноос ирсний дараа Давид Иерусалимаас дахин олон эхнэр болон татвар эмс авав. Давидад олон хөвгүүд, охид төрөв. 14 Иерусалимд төрсөн түүний хүүхдүүдийн нэрс гэвэл: Шаммуа, Шобаб, Натан, Соломон, 15 Ибхар, Елишуа, Нефег, Иафиа, 16 Елишама, Елиада, Елифелет нар юм. 17 Хүмүүс Давидыг тослон, Израилийн хаан болгосныг филистчүүд сонсоод бүх филистчүүд Давидыг хайж олохоор ирэв. Давид энэ тухай сонсоод цайз уруу явав. 18 Филистчүүд ирж, Рефаимын хөндийгөөр тархан байрлав. 19 Тэгэхэд Давид ЭЗЭНээс лавлан —Филистчүүдийн эсрэг би хөдлөх үү? Та миний гарт тэднийг тушааж өгөх үү? гэж асуухад ЭЗЭН Давидад —Явагтун! Учир нь филистчүүдийг чиний гарт Би заавал тушаана гэж айлдав. 20 Ингээд Давид Баал-перазим уруу ирж, тэнд тэднийг хиаруулав. Тэр —ЭЗЭН миний өмнө дайснуудыг минь үерийн ус мэт хэмх татлаа гэв. Тиймээс Давид тэр газрыг Баал-перазим хэмээн нэрлэжээ. 21 Тэд тэнд шүтээнүүдээ орхисонд Давид болон түүний хүмүүс тэдгээрийг нь авч явлаа. 22 Филистчүүд дахин нэг удаа ирж, Рефаимын хөндийд тархан байрлав. 23 Давид ЭЗЭНээс лавлахад ЭЗЭН —Чи шууд чиглэн явж болохгүй. Тэдний араар тойрч яван, ялам модны төглийн өмнө тэднийг дайр. 24 Ялам модны төглийн дээгүүр алхах чимээг сонсмогц чи дайрагтун. Учир нь ЭЗЭН филистчүүдийн цэргийг дайрахаар чиний түрүүнд гарсан байна гэв. 25 Тэгэхэд Давид ЭЗЭНий өөрт нь тушаасан ёсоор тийнхүү үйлдэж, Гебагаас Гезерийг хүртэл филистчүүдийг цохив.

6

1 Давид Израилийн гучин мянган шилдэг эрсийг бүгдийг нь дахин цуглуулав. 2 Давид босож, херубуудын дээр залрагч түмэн цэргийн ЭЗЭНий нэрээр дуудагдсан Бурханы авдрыг авчрахаар өөртэйгөө хамт байсан бүх хүмүүстэйгээ Баале-иуда уруу явав. 3 Толгодын дээр байх Абинадабын гэрээс авчрахын тулд тэд Бурханы авдрыг шинэ тэргэн дээр тавив. Абинадабын хөвгүүд болох Узза, Ахио нар шинэ тэргийг хөтөлж явлаа. 4 Толгодын дээр байх Абинадабын гэрээс тэд Бурханы авдрыг шинэ тэргээр зөөж ирсэн бөгөөд Ахио авдрын урд алхаж явжээ. 5 Тэр үед Давид болон Израилийн бүх гэр гацуур модон хөгжмийн зэвсгүүд болон ятга, лир, хэнгэрэг, товшуур, цан дуугарган ЭЗЭНий өмнө баярлаж байв. 6 Харин тэд Наконы үтрэмд ирэх үед үхэр нь Бурханы авдрыг унагаах шахсан тул Узза түүн уруу хүрч, бариад авав. 7 ЭЗЭНий уур хилэн Уззагийн эсрэг шатаж, Бурхан хүндэтгэлгүй байдлаас нь болж түүнийг тэр газарт цохьсонд тэрээр Бурханы авдрын дэргэд үхэв. 8 ЭЗЭН Уззад хилэгнэсэнд Давид уурлав. Тэр газар өнөөдрийг хүртэл Перез-узза хэмээн нэрлэгддэг. 9 Тэр өдөр Давид ЭЗЭНээс айн —ЭЗЭНий авдар надад хэрхэн ирж болох билээ? гэв. 10 Давид ЭЗЭНий авдрыг Давидын хотод шилжүүлэн, өөрийн хамт байлгахыг хүссэнгүй. Харин түүнийг гит хүн Обед-едомын гэрт хүргэв. 11 Ийнхүү ЭЗЭНий авдар Гит хүн Обед-едомын гэрт гурван сар үлдэв. ЭЗЭН Обед-едомыг болон хамаг гэрийнхнийг нь ерөөв. 12 Давид хаанд —Бурханы авдраас болж ЭЗЭН Обед-едомын гэр болон түүнд харьяалагддаг хамаг юмыг ерөөсөн гэж мэдэгдлээ. Давид явж, Бурханы авдрыг Обед-едомын гэрээс Давидын хот уруу баяртайгаар авч ирэв. 13 ЭЗЭНий авдрыг дамжлагч хүмүүс зургаан алхам явсны дараа Давид үхэр болон тарган тугалаар тахил өргөв. 14 Давид ЭЗЭНий өмнө бүхий л чадлаараа бүжиглэв. Давид маалинган ефод өмссөн байлаа. 15 Ийнхүү Давид болон Израилийн хамаг гэр уухайлан, эвэр бүрээ хүнгэнүүлсээр ЭЗЭНий авдрыг авчирж байлаа. 16 ЭЗЭНий авдар Давидын хотод орж ирэх үед Саулын охин Михал цонхоор харж, Давид хааныг ЭЗЭНий өмнө цовхчин бүжиглэхийг үзээд зүрх сэтгэл дотроо түүнийг басамжлав. 17 Ингээд тэд ЭЗЭНий авдрыг авчран, түүнд зориулан Давидын босгосон майхны дотор түүнийг байранд нь залав. Давид ЭЗЭНий өмнө шатаалт тахилууд болон эвийн тахилуудыг өргөв. 18 Давид шатаалт тахил болон эвийн тахилыг өргөж дуусаад түмэн цэргийн ЭЗЭНий нэрээр ардуудыг ерөөв. 19 Цаашлаад тэр хамаг ардууд, эрэгтэй ба эмэгтэй Израилийн бүх олон түмэнд хишиг хүртээн, хүн бүрд нэг талх, шарсан мах, атга үзэм өгөв. Дараа нь хамаг ардууд гэр гэртээ харив. 20 Харин Давид гэр бүлийнхнээ ерөөхөөр буцаж ирэхэд, Саулын охин Михал Давидыг угтахаар гарч ирээд, —Израилийн хаан өнөөдөр ямар их онцгойров? Мунхаг хүмүүсийн нэг нь ичгүүргүйгээр нүцгэлдгийн адил өнөөдөр тэр зарц нарынхаа шивэгчдийн нүдний өмнө нүцгэллээ гэв. 21 Ингэхэд Давид Михалд —Чиний эцэг болон түүний хамаг гэрийн дээгүүр намайг сонгож, намайг ЭЗЭНий ард түмэн болох Израилийн хаан болгон томилсон ЭЗЭНий өмнө л би бүжиглэсэн. Тийм учраас би ЭЗЭНий өмнө баярлах л болно. 22 Би үүнээс илүү доромжлогдож, өөрийн нүдэнд даруу харагдсан ч, харин чиний хэлсэн тэдгээр шивэгчдэд хүндлэгдэх болно гэв. 23 Саулын охин Михал насан эцэс болтлоо үр хүүхэдгүй байв.

7

1 Хаан өөрийн гэрт амьдран, ЭЗЭН түүнийг эргэн тойрны бүх дайснуудаас нь хамгаалж, тайвшралыг өгсөн тэр үед 2 хаан эш үзүүлэгч Натанд ийн өгүүлэв. —Харагтун, би хуш модон гэрт заларч байхад Бурханы авдар майхны хөшгөн дунд оршин байна гэв. 3 Натан хаанд —Явж, оюун бодолдоо байгаа бүхнээ үйлдэгтүн. Учир нь ЭЗЭН тантай хамт байна гэв. 4 Гэтэл тэр шөнө ЭЗЭНий үг Натанд ирж, — 5 Яв, Миний боол Давидад өгүүлэгтүн. "ЭЗЭН ингэж айлдаж байна. «Надад оршин суух өргөөг барьж өгөх нь чи мөн гэж үү? 6 Учир нь Би Египетээс Израилийн хөвгүүдийг гаргасан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд заларсан удаагүй, харин би майханд буюу асарт аялж байв. 7 Би Израилийн бүх хөвгүүдтэй явж ирсэн ямар ч газарт, Өөрийн ард түмэн Израилийг хариул хэмээн тушаасан Израилийн овгуудын нэгд нь "Яагаад та нар Надад хуш модоор өргөө барьсангүй вэ?" хэмээн хэлсэн гэж үү?» гэж хэлэгтүн. 8 Тийм учраас одоо чи Миний боол Давидад ингэж хэлэгтүн. "Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Миний ард түмэн Израилийн захирагч болгохын тулд Би чамайг бэлчээрээс хонин сүрэг хариулж байхад авсан. 9 Чамайг хаана ч явсан Би чамтай хамт байж, чиний өмнөөс хамаг дайснуудыг чинь устгав. Газар дээрх агуу хүмүүсийн нэрийн адил Би чамд агуу нэр өгнө. 10 Би Өөрийн ард түмэн Израильд газар нутаг тогтоож, тэднийг тэнд суулгана. Тэд өөрсдийн газарт суун, дахин үймээн самуунд ч автахгүй, муу хүмүүс тэднийг урьдынх шиг зовоохоо ч болино. 11 Миний ард түмэн Израилийг удирдахыг Би шүүгчдэд тушаасан өдрөөс хойш Би чамайг хамаг дайснуудаас чинь хамгаалж, амраана. ЭЗЭН мөн чамд гэр бий болгохыг чамд мэдүүлж байна. 12 Чиний өдрүүд дуусаж, чи эцэг өвгөдийнхөө хамт нойрсох үед Би чамаас гарах үрийг чинь чиний дараа босгож, түүний хаанчлалыг тогтооно. 13 Тэр Миний нэрийн төлөө өргөө босгож, Би түүний хаанчлалын суудлыг мөнхөд тогтооно. 14 Би түүний эцэг болж, тэр Миний хөвгүүн болно. Тэр гэм бурууг үйлдвэл, Би хүний таяг, хүний хөвгүүний ташуураар түүнийг засан хүмүүжүүлнэ. 15 Гэвч чиний өмнөөс Миний зайлуулж өгсөн Саулаас Би хайр энэрлээ авсны адил Миний хайр энэрэл түүнээс салахгүй. 16 Чиний гэр болон чиний хаанчлал Миний өмнө мөнхөд үргэлжилж, чиний хаан ширээ мөнхөд тогтоно» гэв" хэмээгээрэй гэж айлдав. 17 Натан эдгээр бүх үгс болон бүх зөнгийн дагуу Давидад дамжуулав. 18 Давид хаан дотогш орон, ЭЗЭНий өмнө суугаад, —Эзэн БУРХАН минь, би хэн болоод бас миний гэр юу болоод Та намайг энэ хүртэл авчирсан юм бэ? 19 Гэлээ ч энэ нь Таны мэлмийд чухал биш байсан, Эзэн БУРХАН минь! Учир нь Өөрийнхөө боолын гэрийн алс ирээдүйн талаар Та айлдлаа. Энэ нь хүний заншил юм, Эзэн БУРХАН минь. 20 Давид Танд үүнээс илүү өөр юу хэлэх вэ? Учир нь Та Өөрийн боолоо мэддэг билээ, Эзэн БУРХАН минь! 21 Өөрийн үгийн төлөө, Өөрийн зүрх сэтгэлийнхээ дагуу Өөрийнхөө боолд мэдүүлэхийн тулд Та энэ бүх агуу үйлийг хийв. 22 Ийм учраас Эзэн БУРХАН минь, Та бол агуу билээ. Бидний чихээрээ сонссоны дагуу Тантай адил нь хэн ч үгүй бөгөөд Танаас өөр Бурхан байхгүй билээ. 23 Таны ард түмэн Израиль шиг ямар үндэстэн газар дээр байна вэ? Бурхан ирж, Өөрийн ард түмнийг өөртөө зориулан аварч, Өөртөө нэр алдрыг авч, Өөртөө зориулан Египетээс буюу бусад улс үндэстнүүд, тэдний бурхдаас аварсан Өөрийн ард түмний өмнө Та Өөрийнхөө төлөө агуу үйлс бүтээн Өөрийн газар нутагтаа сүрдмээр зүйлсийг хийв. 24 Учир нь Та Өөрийн ард түмэн Израилийг Өөртөө зориулан үүрд мөнхөд ард түмнээ болгон тогтоов. ЭЗЭН минь, Та тэдний Бурхан болов. 25 Тиймээс одоо, ЭЗЭН Бурхан минь, Та Өөрийн боол болон гэрийнх нь талаар хэлсэн үгээ үүрд баталж, Өөрийн хэлсний дагуу үйлдэгтүн. 26 Таны нэр мөнхөд дээдлэгдэж, "Түмэн цэргийн ЭЗЭН бол Израилийн Бурхан" хэмээн хэлэгдэх болтугай. Таны боол Давидын гэр Таны өмнө тогтох болтугай. 27 Учир нь түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан Та Өөрийнхөө боолд нэгэн илчлэлт өгч, "Би чамд гэр барьж өгнө" гэж айлдсан билээ. Тийм учраас боол тань Танд энэ залбирлыг залбирах урам зоригийг олов. 28 Эзэн БУРХАН минь, Та бол Бурхан бөгөөд Таны үгс үнэн юм. Та энэ сайн зүйлийг Өөрийнхөө боолд амласан билээ. 29 Тиймээс одоо боолынхоо гэрийг ерөөх нь Таны таалалд нийцэх болтугай. Энэ нь Таны өмнө үүрд мөнхөд үргэлжлэх болтугай. Учир нь Эзэн БУРХАН минь, Та айлдсан билээ. Таны ерөөлөөр боолын тань гэр мөнхөд ерөөгдөх болтугай гэв.

8

1 Түүний дараа Давид филистчүүдийг ялж, тэднийг номхтгов. Давид филистчүүдийн гараас гол хотын хяналтыг булаан авав. 2 Тэр Моабыг ялаад, тэднийг газарт хэвтүүлж шугамаар хэмжив. Хоёр шугамаар хэмжигдсэн нь үхэж, нэг бүтэн шугамаар хэмжсэн хүнээ амьд үлдээв. Моабчууд Давидын боол болж, алба гувчуур төлцгөөв. 3 Дараа нь Давид Зобагийн хаан Рехобын хүү Хададезерыг Евфрат мөрний хөндийд ноёрхлоо сэргээхээр ирэхэд нь ялав. 4 Давид түүний мянга долоон зуун морин цэрэг, хорин мянган явган цэргийг олзлон авав. Давид түүний тэрэгний морьдын шөрмөсийг нь огтолж, харин зуун тэргэнд хангалттай хэмжээний морьдыг үлдээв. 5 Дамаскийн сиричүүд нь Зобагийн хаан Хададезерт туслахаар ирсэнд, Давид хорин хоёр мянган сиричүүдийг алав. 6 Тэгээд Давид Дамаскийн сиричүүдийн дунд цэргийн ангиудаа байрлуулаад, сиричүүд Давидын боол болж, алба гувчуур төлцгөөв. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав. 7 Хададезерын зарц нарын зөөж явсан алтан бамбайнуудыг Давид булаан авч, Иерусалимд авчирлаа. 8 Хададезерын хотууд болох Бета болон Беротаигаас Давид хаан их хэмжээний зэсийг дээрэмджээ. 9 Хададезерын хамаг цэргийг Давид бут цохьсон гэдгийг Хаматын хаан Тои сонсоод, 10 Хададезерын эсрэг тулалдаж, түүнийг ялсан учраас Давид хааны амрыг нь эрэн, ерөөл хүргүүлэхээр Тои, хүү Иорамаа илгээв. Учир нь Хададезер Тоитой дайтаж байсан юм. Иорам ирэхдээ алт, мөнгө, хүрэл эд зүйлс авчрав. 11 Давид хаан тэдгээрийг нь өөрийн эзэлсэн бүх улсуудаас зориулан авсан алт, мөнгөнүүдтэй хамт ЭЗЭНд зориулав. 12 Тэдгээр нь Сири, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд, Амалекаас, мөн Зобагийн хаан Рехобын хүү Хададезерээс олзлон авсан юмс зэрэг байв. 13 Давид Давст Хөндийд арван найман мянган сиричүүдийг алсан тулаанаас буцахдаа өөрийн нэрийг дуурсгав. 14 Тэр Едомд цэргийн ангиудаа байрлуулав. Бүх Едомд цэргийн ангиуд байрлуулснаар бүх едомчууд Давидын боол болов. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав. 15 Ийнхүү Давид бүх Израилийг захирч, ард түмнээ зөв шударгаар засаглаж байлаа. 16 Зеруиагийн хүү Иоаб цэргийн жанжин, Ахилудын хүү Иехошафат бичээч, 17 Ахитубын хүү Задок болон Абиатарын хүү Ахимелех нар тахилч, Сераиа хэрэг хөтлөгч, 18 Иехоиадагийн хүү Бенаиа нь херетчүүд болон пелетчүүдийн захирагч, Давидын хөвгүүд зөвлөх сайдууд болов.

9

1 Дараа нь Давид —Саулын гэрээс амьд үлдсэн хүн байхгүй юу? Би Ионатаны төлөө тэр хүнд энэрэл үзүүлэх юмсан гэв. 2 Зиба гэдэг нэртэй, Саулын гэрийн зарц байсан бөгөөд түүнийг Давид дээр дуудаж ирүүлэв. Хаан түүнээс —Чи Зиба мөн үү? гэхэд тэр —Таны боол би байна гэв. 3 Хаан —Саулын гэрээс хэн нэгэн нь үлдээгүй юу? Би түүнд Бурханы энэрлийг үзүүлмээр байна гэв. Зиба хаанд —Ионатаны хөлгүй хүү нь бий гэв. 4 Хаан түүнээс —Тэр хаана байна? гэж асуухад Зиба хаанд —Ло-дебарт байдаг Аммиелын хүү Махирын гэрт байгаа гэж хариулав. 5 Тэгээд Давид Хаан хүн илгээн, Ло-дебараас Аммиелын хүү Махирын гэрээс түүнийг авчруулав. 6 Саулын ач, Ионатаны хүү Мефибошет Давид дээр ирж, нүүрээрээ газар унан мөргөв. Давид —Мефибошет гэхэд тэр —Таны боол би энд байна гэв. 7 Давид түүнд —Бүү эмээ! Би чиний эцэг Ионатаны төлөө чамд энэрлийг заавал үзүүлж, чиний өвөг эцэг Саулын бүх газрыг чамд эргүүлж өгнө. Чи миний ширээнд тогтмол хооллох болно гэв. 8 Мефибошет дахин мөргөн —Үхсэн нохой мэт боол би чинь хэн болоод таны халамжийг хүртэнэ вэ? гэв. 9 Тэгэхэд Саулын боол Зибаг хаан дуудаж, —Саулд болон түүний бүхэл гэрт харьяалагдах хамаг юмыг би чиний эзний ач хүүд өглөө. 10 Танай эзний ач хүү хоол хүнстэй золгохын тулд чи өөрөө хөвгүүд болон боолуудтайгаа түүнд зориулан газрыг хагалж, үр жимсийг нь авчирж өгч бай. Гэлээ ч эзний чинь ач хүү Мефибошет миний ширээнд тогтмол хооллох болно гэв. Зиба арван таван хөвгүүд, хорин боолтой ажээ. 11 Тэгэхэд Зиба хаанд —Хаан эзний минь боолдоо тушаасан бүгдийн дагуу боол тань гүйцэтгэх болно гэв. Ингээд Мефибошет хааны хөвгүүдийн нэг адил Давидын ширээнд хооллох болов. 12 Мефибошетод Миха хэмээх нэртэй балчир хөвгүүн байв. Зибагийн гэрт амьдардаг бүгд Мефибошетын зарц нар болов. 13 Ингээд Мефибошет хааны ширээнд тогтмол хооллодог байсан тул Иерусалимд амьдрав. Тэр хоёр хөлгүй байв.

10

1 Үүний дараа аммончуудын хаан нас нөгчсөн бөгөөд хүү Ханун нь хаан суудлыг залгав. 2 Тэгэхэд Давид —Эцэг нь надад энэрлийг үзүүлсний адил, би Нахашийн хүү Ханунд энэрлийг үзүүлье хэмээгээд, эцгийнх нь тухайд түүнийг тайвшруулахаар хэсэг зарц нараа явуулав. Харин Давидын зарц нар аммончуудын нутагт ирэхэд, 3 аммончуудын ноёд өөрсдийн эзэн Ханунд —Тань уруу тайтгаруулагчдыг илгээснээрээ Давид эцгийг тань хүндэлж байна гэж та бодож байна уу? Энэ хотыг тагнан туршиж, унагаах гэж Давид тань уруу зарц нараа явуулсан бус уу? гэв. 4 Ийнхүү Ханун Давидын зарц нарыг барьж, тэдний сахлын талыг нь хусаад, хувцсыг нь ташаа хүртэл нь цуулан, буцааж явуулав. 5 Тэд энэ тухай Давидад хэлсэнд тэр тэднийг угтуулахаар хүн явуулав. Учир нь тэр хүмүүс үлэмж доромжлогджээ. Хаан —Та нар сахлаа ургатал Иериход байж байгаад дараа нь буцацгаа гэв. 6 Аммоны хөвгүүд Давидад жигшигдэх болсноо хараад хүмүүсийг илгээн Бет-рехобын сиричүүд болон Зобагийн сиричүүд болох хорин мянган явган цэргийг, Маакагийн хааныг нэг мянган цэргийн хамт, мөн арван хоёр мянган эрчүүдийн хамт Тобын хүмүүсийг хөлслөн авав. 7 Давид үүнийг сонсоод, Иоаб болон хамаг цэргүүд, хүчит эрсээ илгээв. 8 Аммоны хөвгүүд гарч ирэн, хотын хаалган дээр байлдааны жагсаалаар зогсоход Зоба болон Рехобын сиричүүд, мөн Тоб болон Маакагийн хүмүүс тусдаа талд байрлав. 9 Тулалдааны талбар түүний урд талд, мөн ард талд байгааг Иоаб хараад, Израилийн бүх шилдэг эрсээс сонгон, тэднийг сиричүүдийн эсрэг жагсаан байрлуулав. 10 Харин үлдсэн хүмүүсээ тэр өөрийн дүү Абишаигийн гарт даатган, Аммоны хөвгүүдийн эсрэг жагсаан байрлуулав. 11 Иоаб —Хэрэв сиричүүд надаас хэт илүү хүчтэй бол чи надад тусал. Харин хэрэв Аммоны хөвгүүд чамаас хэт илүү хүчтэй бол би чамд туслахаар очих болно. 12 Хүчтэй байгтун. Ард түмнийхээ төлөө хийгээд Бурханыхаа хотуудын төлөө зоригтой гэдгээ үзүүлье. ЭЗЭН Өөрийн мэлмийд юу сайн гэснээ үйлдэх болтугай гэв. 13 Ингээд Иоаб болон түүнтэй хамт байсан цэргүүд сиричүүдтэй тулалдахаар ойртсонд сиричүүд зугтав. 14 Аммоны хөвгүүд сиричүүдийн зугтахыг хараад өөрсдөө бас Абишаигийн урдаас зугтаж хот уруу оров. Тэгээд Иоаб Аммоны хөвгүүдтэй дайтахаас буцан, Иерусалимд ирэв. 15 Сиричүүд өөрсдийгөө Израильд ялагдсаныг хараад, өөрсдийнхөө хүмүүсийг цуглуулав. 16 Хададезер хүмүүсийг илгээн, Евфрат мөрний чанад дахь сиричүүдийг авчруулсанд тэд Хеламд ирэв. Хададезерын цэргийн жанжин Шобах тэднийг удирдав. 17 Энэ тухай Давидад хэлсэнд тэр хамаг Израилийг цуглуулж, Иорданыг гатлан, Хеламд ирэв. Сиричүүд Давидтай нүүр учран, түүний эсрэг тулалдахаар жагсацгаав. 18 Гэвч сиричүүд Израилийн урьдаас зугтаасан бөгөөд Давид сиричүүдээс долоон зуун тэрэгт цэрэг болон дөчин мянган морьт цэргийг алж, цэргийн жанжин Шобахыг цохьсонд тэр тэндээ үхэв. 19 Хададезерын харьяаны бүх хаад Израильд ялагдсанаа хараад, Израильтай энхийг тогтоон, тэдэнд үйлчлэх болов. Сиричүүд үүнээс хойш Аммоны хөвгүүдэд туслахаасаа айдаг болжээ.

11

1 Хавар хаад дайнд морддог үед Давид Иоабыг зарц нарынхаа хамт болон бүх Израилийг илгээхэд, тэд Аммоны хөвгүүдийг устгаж, Раббаг бүслэв. Харин Давид Иерусалимд үлджээ. 2 Нэгэн үдэш Давид орноосоо босож, хааны гэрийн дээвэр дээгүүр алхалж байгаад, угаал үйлдэж буй нэгэн эмэгтэйг дээвэр дээрээс харав. Тэр эмэгтэй төрхөөрөө ихэд үзэсгэлэнтэй байжээ. 3 Давид хүн явуулж, тэр эмэгтэйн тухай лавлан асуухад, нэг нь —Энэ чинь хит хүн Уриагийн эхнэр, Елиамын охин Батшеба биш үү? гэв. 4 Давид элч нарыг явуулж, түүнийг авчруулав. Эмэгтэй түүн дээр ирсэнд Давид түүнтэй унтав. Тэр эмэгтэй бузраас цэвэршээд, өөрийн гэрт буцав. 5 Эмэгтэй жирэмсэн болоод, Давид уруу хүн явуулж, —Би жирэмсэн боллоо гэж хэлүүлэв. 6 Давид Иоаб уруу хүн явуулж, —Хит хүн Уриаг над уруу ирүүл гэж хэлүүлэв. Ийнхүү Иоаб Уриаг Давид уруу явуулав. 7 Уриа түүн дээр ирэхэд, Давид түүнээс Иоаб болон хүмүүсийн сайн сайхан ба тулалдааны байдлын талаар асуув. 8 Тэгээд Давид Уриад —Гэртээ харьж, хөлөө угаагтун гэв. Уриа хааны гэрээс гарч явсанд, хаан түүний араас бэлэг илгээв. 9 Гэвч Уриа хааны гэрийн хатавчинд эзнийхээ хамаг зарц нарын хамт унтаж, гэртээ харьсангүй. 10 Хүмүүс Давидад —Уриа гэртээ хариагүй гэж хэлэхэд, тэр Уриад —Чи аян замаас ирээгүй гэж үү? Юунд чи гэртээ харьсангүй вэ? гэв. 11 Уриа Давидад —Бурханы авдар, Израиль болон Иуда нар майханд орогнож, миний эзэн Иоаб болон эзний минь зарц нар задгай талд хэвтэж байхад би гэртээ идэж уун, эхнэртэйгээ унтахаар очиж чадна гэж үү? Таны амиар болон таны сүнсний амиар тангараглая. Би огтхон ч тийм зүйл хийхгүй гэв. 12 Иймд Давид Уриад —Өнөөдөр ч мөн энд байгтун. Маргааш би чамайг явуулъя гэв. Ингээд Уриа тэр өдөр болон дараа өдөр нь Иерусалимд үлдэв. 13 Давид түүнийг урьж, өөрийн өмнө идүүлж, уулгасаар согтоов. Үдэш Уриа гарч яван эзнийхээ зарц нартай хамт өөрийн дэвсгэр дээр унтав. Харин тэр гэртээ харьсангүй. 14 Өглөө болоход Давид Иоабт захидал бичиж, Уриагийн гараар илгээв. 15 Тэр захидалдаа бичихдээ —Уриаг хамгийн ширүүн тулалдааны тэргүүн эгнээнд тавьж, түүнийг орхин холдогтун. Тэгвэл тэр цохигдон үхнэ гэсэн байлаа. 16 Ийнхүү Иоаб хотыг ажиглан, эр зоригтой дайснууд байгаа гэж мэдсэн газарт Уриаг тавив. 17 Хотын хүмүүс гарч ирэн, Иоабын эсрэг тулалдахад, Давидын зарц нарын дундаас зарим нь алагдсан бөгөөд хит хүн Уриа ч мөн үхэв. 18 Тэгээд Иоаб хүн илгээн, тулалдааны бүх үйл явдлыг Давидад мэдэгдэв. 19 Тэр элчид тушааж, —Тулалдааны бүх үйл явдлыг хаанд хэлж дуусахад, 20 хэрэв хаан хилэгнэж, "Яагаад та нар тулалдахаар хот уруу тийм ойрхон очив? Хэрмэн дээрээс тэд харваж болно гэдгийг та нар мэддэггүй юм уу? 21 Иеруббешетийн хүү Абимелехийг хэн цохиж алсан бэ? Нэгэн эм хэрмэн дээрээс тээрмийн чулууг унагаж, Тебезэд түүнийг алсан бус уу? Яагаад та нар хэрмэнд тийм ойрхон очив?" хэмээн чамайг загнавал чи "Таны зарц хит хүн Уриа ч үхэв" гэж хэлэгтүн гэв. 22 Ингээд элч хөдлөн ирж, Иоабын хэл гэсэн бүгдийг Давидад мэдээлэв. 23 Элч Давидад —Дайснууд бидний эсрэг давуу хүчээр байлдан, биднийг довтлон хээр талд гарч ирсэн боловч бид тэднийг хаалганы үүд хүртэл шахав. 24 Үүнээс гадна, хэрмэн дээрээс харваачид таны зарц нарыг харваж, хааны зарим зарц нар үхэж, мөн таны зарц Хит хүн Уриа ч үхэв гэж өчив. 25 Тэгэхэд Давид элчид —Чи Иоабт ийнхүү дамжуул. "Илд хэнийг ч залгидаг учраас энэ хэрэгт санаа бүү зовогтун. Хотын эсрэг довтолгоогоо ширүүсгэж, хотыг арчин хая" гэж хэлж, түүний урмыг сэргээ гэв. 26 Нөхөр Уриа нь үхсэн гэдгийг Уриагийн эхнэр сонсоод, нөхрийнхөө төлөө гашуудав. 27 Гашуудлын үе өнгөрөхөд Давид хүн явуулж, тэр эмэгтэйг гэртээ авчруулав. Тэр эмэгтэй түүний эхнэр болж, түүнд нэгэн хүү төрүүлэв. Гэвч Давидын үйлдсэн хэрэг нь ЭЗЭНий өмнө бузар муу байв.

12

1 Дараа нь ЭЗЭН Натаныг Давид уруу илгээв. Тэр Давид дээр ирж, —Нэгэн хотод хоёр хүн байжээ. Нэг нь баян, нөгөө нь ядуу хүн байв. 2 Баян хүн нь маш олон хонь болон үхэр сүрэгтэй байжээ. 3 Харин ядууд нь өөрөө худалдан авч тэжээсэн нэг бяцхан охин хурганаас өөр юу ч үгүй юмсанжээ. Хурга түүнтэй болон хүүхдүүдтэй нь хамт өсөн бойжиж, талхнаас нь идэж, аяганаас нь ууж, өвөрт нь унтаж, тэр хүнд яг л охины адил байв. 4 Нэгэн өдөр баян хүнийд аянчин ирэв. Өөр дээр нь ирсэн аянчинд зориулан өөрийн хонь болон үхэр сүргээс төхөөрөхийг баян хүн хүссэнгүй. Харин тэр ядуу хүний охин хургыг авч, өөр дээр нь ирсэн хүнд зориулан төхөөрчээ гэв. 5 Тэгэхэд Давид тэр хүнд ихэд хилэгнэж, Натанд хандан —ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Үүнийг үйлдсэн хүн үхэх ёстой. 6 Тэр хүнд энэрэх сэтгэл байсангүй бөгөөд ийм хэрэг үйлдсэн учраас тэр хүн охин хурганы төлөө дөрөв дахин төлөх хэрэгтэй гэв. 7 Тэгэхэд Натан Давидад —Чи бол тэр хүн! Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Чамайг Израилийн хаанаар тослон томилсон бөгөөд Саулын гараас аварч гаргасан нь Би билээ. 8 Би бас чамд эзний чинь гэрийг мөн түүний эхнэрүүдийг халамжинд чинь өгч, Израиль болон Иудагийн гэрийг ч чамд өгөв. Хэрэв энэ нь дэндүү багадсан бол Би чамд энэ мэт зүйлсийг илүү ихээр нэмж өгөх байсан! 9 Юунд чи ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдэн түүний үгийг үл тоомсорлов? Чи хит хүн Уриаг илдээр алж, түүний эхнэрийг өөрийн эхнэр болгон авч, түүнийг Аммоны хөвгүүдийн илдээр алуулав. 10 Тийм учраас одоо чиний гэрээс хэзээ ч илд салахгүй. Учир нь чи Намайг үл тоомсорлож, хит хүн Уриагийн эхнэрийг өөрийн эхнэр болгон авсан билээ" гэв. 11 ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, чиний эсрэг гай зовлонг Би гэрийнхнээс чинь өсгөнө. Би бүр чиний нүдний өмнө эхнэрүүдийг чинь авч, хамтрагчид чинь өгнө. Тэр хүн гэгээн цагаан өдөр чиний эхнэрүүдтэй унтах болно. 12 Чи үүнийг нууцаар үйлдсэн бол, Би хамаг Израилийн өмнө, нарны доор энэ хэргийг үйлдэнэ" гэв хэмээн хэлэв. 13 Тэгэхэд Давид Натанд —Би ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэв гэв. Натан Давидад —ЭЗЭН мөн чиний нүглийг зайлуулсан. Чи үхэхгүй. 14 Харин хийсэн энэ хэргээрээ чи ЭЗЭНий дайснуудад доромжлох боломжийг өгсөн тул чиний хүү ч заавал үхнэ гэв. 15 Ингээд Натан гэр өөдөө буцав. Уриагийн бэлэвсэн эхнэрийн Давидад төрүүлсэн хүүг ЭЗЭН цохьсонд, тэр хүү хүнд өвчинд нэрвэгдэв. 16 Тийм учраас Давид тэр хүүхдийн төлөө Бурханаас гуйн, мацаг барьж, явж, шөнөжингөө газар хэвтэв. 17 Түүний гэрийнхний ахлагчид дэргэд нь зогсон, түүнийг газраас босгох гэсэн боловч Давид босохыг хүссэнгүй бөгөөд тэдэнтэй хамт хоол ч идсэнгүй. 18 Долоо дахь өдөр хүүхэд нь нас баржээ. Давидын зарц нар хүүхдийг нас барсныг Давидад хэлэхээс айж байв. Учир нь "Хүүг амьд байх үед бид хааныг ятгахад тэр бидний үгийг сонсоогүй. Хаан өөртөө ямар нэгэн муу юм хийж магадгүй тул хүүхэд нь нас барсныг хаанд яаж хэлэх вэ?" гэлцэж байв. 19 Харин Давид зарц нарынхаа шивнэлдэхийг хараад, хүүхэд нас барсныг ойлголоо. Ийнхүү Давид зарц нараасаа —Хүү нас барсан уу? гэж асуухад тэд —Тийм ээ, тэр нас барав гэв. 20 Ингээд Давид газраас босож, угаал үйлдэн, биеэ тослоод, хувцсаа сольжээ. Тэр ЭЗЭНий өргөөнд орж, хүндэтгэн мөргөв. Дараа нь гэртээ харин, хоол бэлтгүүлж, идэв. 21 Тэгтэл зарц нар нь —Таны үйлдсэн энэ хэрэг ямар учиртай юм бэ? Хүүхэд амьд байхад та мацаг барьж, уйлж байсан, харин хүүхэд нас барахад та босож, хоол идлээ гэлцэв. 22 Давид —Хүүг амьд байх үед би мацаг барин, уйлж байсан нь "ЭЗЭН намайг нигүүлсэж, хүүг амьдруулах магад" хэмээн санасны учир юм. 23 Гэтэл одоо хүүхэд нас барчихлаа. Би юундаа мацаг барих ёстой билээ? Би түүнийг дахин эргүүлж авчирж чадах уу? Би түүн уруу очих болно. Гэвч тэр над дээр эргэж ирэхгүй гэв. 24 Тэгээд Давид эхнэр Батшебагаа тайтгаруулан, түүн дээр орон, түүнтэй унтав. Тэр эмэгтэй хүү төрүүлсэнд түүнийг Соломон хэмээн нэрлэв. ЭЗЭН одоо түүнийг хайрласан бөгөөд 25 эш үзүүлэгч Натанаар үг илгээн, ЭЗЭНий төлөө түүнийг Иедидиа хэмээн нэрлэлээ. 26 Иоаб Аммоны хөвгүүдийн Раббагийн эсрэг тулалдан, хаан хотыг эзэлж авав. 27 Иоаб Давидад элч нарыг илгээн —Би Раббагийн эсрэг дайтан, усны хотыг хүртэл эзлэн авав. 28 Тийм учраас одоо, ардуудаас үлдсэн хүмүүсийг хамтад нь цуглуулж, тэр хотын эсрэг хуарагнан, түүнийг эзлэн авагтун. Эс тэгвээс би өөрөө энэ хотыг эзэлж аван, энэ хот миний нэрээр нэрлэгдэх болно гэж хэлүүлэв. 29 Иймээс Давид бүх хүмүүсээ цуглуулж, Рабба уруу очин, түүний эсрэг дайтан, хотыг эзэлж авав. 30 Тэгээд тэдний хааны титмийг толгойгоос нь авав. Титмийн хүнд нь нэг талант алт бөгөөд үнэт чулуу суулгасан байв. Тэр титмийг Давидын толгойд өмсгөв. Тэр хотоос Давид маш их хэмжээний зүйлсийг олз болгон авав. 31 Давид бас тэр хотод байсан хүмүүсийг авчран, хөрөө, хурц төмөр зэмсэг болон төмөр сүхээр хийх ажилд тавьж, тоосго цохиулав. Аммоны хөвгүүдийн бүх хотуудад Давид энэ мэтээр үйлдэв. Тэгээд Давид болон хамаг ардууд Иерусалим уруу буцав.

13

1 Түүний дараа ийм явдал болов. Давидын хүү Абсаломд Тамар нэртэй маш үзэсгэлэнт бүсгүй дүү байсан бөгөөд Давидын хүү Амнон түүнд дурлажээ. 2 Амнон дүү бүсгүй Тамараас болж маш их бачимдсаны улмаас өвдөв. Учир нь Тамар онгон байсан бөгөөд Амнон түүнд ямар нэг юм хийнэ гэхэд хэцүү санагдаж байв. 3 Гэвч Амнонд нэгэн найз байсан нь Давидын ах Шимеагийн хүү Ионадаб хэмээх нэртэй байлаа. Ионадаб нь их заль мэхтэй хүн байв. 4 Тэр Амнонд —Хааны хүү минь, юунд та өдөр бүр ийм дарамттай байна вэ? Та надад хэлэхгүй юм уу? гэхэд, Амнон түүнд —Би ах Абсаломынхаа дүү Тамарт дурлав гэв. 5 Тэгэхэд Ионадаб түүнд —Орондоо хэвтэж, өвчтэй мэт дүр үзүүл. Эцэг чинь чамайг эргэхээр ирэхэд нь түүнд "Дүү бүсгүй Тамарыг ирүүлж, миний нүдний өмнө хоол ундыг минь бэлдүүлээч. Би үүнийг нь харж, Тамарын гараас идмээр байна" гэж хэл гэв. 6 Ийнхүү Амнон хэвтэж, өвчтэй мэт дүр үзүүлэв. Хаан түүнийг эргэхээр ирэхэд нь Амнон хаанд —Дүү бүсгүй Тамарыг ирүүлж, миний нүдний өмнө надад хэдэн боов хийлгүүлж, надад түүний гараас идэхийг зөвшөөрч өгөөч гэв. 7 Тэгэхэд Давид Тамарыг авчруулахаар гэр уруу хүн явуулж, —Амнон ахынхаа гэрт очиж, түүнд хоол хийж өгөгтүн гэж хэлүүлэв. 8 Ийнхүү Тамар Амнон ахынхаа гэрт ирэхэд, тэр хэвтэж байв. Тамар зуурсан гурил авч нухаад, нүднийх нь өмнө боов хийж жигнэв. 9 Тэр эмэгтэй тогоог авч, түүний өмнө боовыг тавьсан боловч, Амнон идэхээс татгалзав. Амнон —Бүгд эндээс гарцгаа гэсэнд бүгд өрөөнөөс нь гарав. 10 Дараа нь Амнон Тамарт —Хоолыг унтлагын өрөөнд авчир. Би чиний гараас л иднэ гэв. Тамар өөрийн хийсэн боовыг Амнон ахынхаа унтлагын өрөөнд авч очив. 11 Амнонд идүүлэхээр боовыг авчиртал, Амнон түүнийг тэврэн авч, —Дүү минь, надтай унт гэв. 12 Харин Тамар —Болохгүй, ах минь. Намайг бүү доромжлооч. Израильд ийм зүйл хийдэггүй шүү дээ. Ийм ичгүүргүй хэрэг бүү үйлдээч! 13 Ийм ичгүүртэйгээр би хааш явах вэ? Та ч гэсэн Израилийн мунхгуудын нэг мэт тооцогдоно шүү дээ. Иймээс одоо хаанд айлтгагтун. Учир нь тэр намайг танаас харамлахгүй гэв. 14 Гэвч Амнон түүний үгийг сонссонгүй. Амнон түүнээс илүү хүчтэй байсан тул түүнийг доромжлон, түүнтэй унтав. 15 Дараа нь Амнон түүнийг маш ихээр үзэн ядав. Тэр үзэн ядалт нь түүнийг хайрлаж байсан хайраас нь ч илүү хүчтэй байв. Амнон тэр эмэгтэйд —Босоод, зайл! гэв. 16 Харин Тамар түүнд —Үгүй. Намайг хөөж гаргах нь таны надад үйлдсэн муу хэргээс ч илүүгээр буруу шүү дээ гэсэн боловч, тэр Тамарын хэлэхийг сонссонгүй. 17 Тэгээд Амнон зарц залуугаа дуудан, —Энэ хүүхнийг надаас хөөж гаргаад, үүдээ түгж гэж тушаав. 18 Тамар урт ханцуйтай хувцас өмссөн байв. Хааны онгон гүнжүүд ийм хувцас өмсдөг байлаа. Амноны зарц түүнийг хөөж гаргаад, үүдээ түгжив. 19 Тамар толгой дээрээ үнс тавин, өмссөн урт ханцуйтай хувцсаа урж, толгой дээрээ гараа тавин, чангаар орилсоор явав. 20 Түүний ах Абсалом түүнд —Чиний ах Амнон чамтай хамт байсан уу? Харин одоо, дүү минь, дуугүй бай. Тэр чиний ах шүү дээ. Энэ явдлыг зүрх сэтгэлдээ бүү хадгал гэв. Ийнхүү Тамар нь Абсалом ахынхаа гэрт үлдээд, ганцаараа амьдрав. 21 Давид хаан эдгээр бүх хэргүүдийн талаар сонсоод ихэд уурлан хилэгнэв. 22 Харин Абсалом Амнонд энэ хэргийн талаар сайн муу юу ч ярьсангүй. Охин дүү Тамарыг нь доромжилсон учир Амноныг Абсалом үзэн ядаж байв. 23 Түүнээс хойш бүтэн хоёр жилийн дараа Абсалом Ефраимын ойролцоо Баал-хазорт хонины ноос хяргах баяр хийн, хааны бүх хөвгүүдийг урив. 24 Абсалом хаанд бараалхан, —Харагтун, боол тань ноос хяргах баяр хийх учир хаан өөрийн зарц нарын хамт зарц надтай хамт яваач гэв. 25 Гэвч хаан Абсаломд —Үгүй, хүү минь, бид бүгдээрээ явах хэрэггүй. Учир нь бид чамд дарамт болж магадгүй гэв. Хэдийгээр Абсалом ятгасан ч Давид явсангүй, харин түүнийг ерөөв. 26 Тэгэхэд нь Абсалом —Тэгвэл миний ах Амноныг бидэнтэй хамт явуулаач гэхэд, хаан түүнээс —Яагаад тэр чамтай явах ёстой билээ? гэж асуув. 27 Гэвч Абсалом түүнийг ятгахад тэр Амнон болон хааны бүх хөвгүүдийг түүнтэй хамт явуулав. 28 Абсалом зарц нартаа тушааж, —Одоо анхаар! Амноны зүрх дарсанд хөгжих үед, мөн би та нарт "Амноныг цохигтун" хэмээн өгүүлмэгц түүнийг алагтун. Бүү айгтун. Би өөрөө та нарт тушааж байгаа бус уу? Хүчтэй, зоригтой бай гэв. 29 Абсаломын зарц нар тушаасан ёсоор нь Амноныг алсан билээ. Тэгэхэд хааны бүх хөвгүүд босож, өөр өөрийн луусыг унан зугтацгаав. 30 Тэднийг замдаа явж байх үед Давидад —Абсалом нь хааны бүх хөвгүүдийг цохин алав. Тэднээс нэг нь ч амьд үлдсэнгүй гэх мэдээ ирэв. 31 Тэгэхэд хаан босож, хувцсаа уран, газарт хэвтэв. Түүний бүх зарц нар дэргэд нь хувцсаа уран зогсож байв. 32 Давидын ах Шимеагийн хүү Ионадаб хариулан —Хааны хөвгүүд болох тэдгээр залуус бүгд алагдав хэмээн эзэнтэн минь бүү бод. Амнон л үхэв. Учир нь дүү охин Тамарыг нь Амнон доромжилсон өдрөөс Абсаломын санаа тодорхой байсан юм. 33 Тийм учраас одоо "Хааны бүх хөвгүүд алагдав" хэмээх энэ мэдээг эзэн хаан минь зүрхэндээ бүү байлга. Учир нь ганцхан Амнон л үхэв гэв. 34 Абсалом зугтлаа. Харуул залуу нүдээ өргөн харахад, түүний арын уулын хажуугийн замаар олон хүн ирж явав. 35 Ионадаб хаанд —Харагтун, хааны хөвгүүд ирчихээд байна. Таны боолын хэлсний дагуу болжээ хэмээв. 36 Түүнийг ийнхүү айлтгамагц хааны хөвгүүд орж ирж, чанга дуугаар уйлалдав. Мөн хаан болон түүний хамаг зарц нар ихэд гашуудан уйлалдав. 37 Абсалом зугтан Гешурын хаан Аммихудын хүү Талмаи уруу очжээ. Давид хүүгийнхээ хойноос өдөр бүр гашуудан гуниглаж байв. 38 Ийнхүү Абсалом зугтан Гешурт очоод, тэнд гурван жилийн турш байв. 39 Давид Хааны зүрх сэтгэл Абсаломын хойноос явахыг эрмэлзэж байв. Учир нь Амнон нас барснаас хойш түүний тухайд Давид тайвширсан байлаа.

14

1 Хааны зүрх Абсаломын хойноос санаашран буйг Зеруиагийн хүү Иоаб ойлгов. 2 Ингээд Иоаб Текоа уруу хүн явуулж, тэндээс мэргэн ухаалаг эмэгтэйг авчруулаад, түүнд —Чи гашуудаж буй хүний дүр үзүүлж, яг одоо гашуудлын хувцас өмсөж, биедээ тос түрхэхгүй, харин талийгаачийн араас олон өдөр эмгэнэж буй эмэгтэй мэт бологтун. 3 Дараа нь хаан дээр очин, ийнхүү айлтгагтун гэв. Ингээд Иоаб тэр эмэгтэйд хэлэх үгсийг нь зааж өгөв. 4 Текоагийн эмэгтэй хаанд ярихдаа, нүүрээрээ газар шаан унаж, сунан мөргөөд —Тусалж хайрла, хаантан минь гэв. 5 Хаан тэр эмэгтэйгээс —Ямар зовлон чамд учрав? гэж асуухад, тэр эмэгтэй хариулан —Үнэндээ би бэлэвсэн эмэгтэй, нөхөр минь нас барсан билээ. 6 Шивэгчин тань хоёр хүүтэй байсан. Гэвч тэр хоёр хээр талд хоорондоо тэмцэлдэхэд тэр хоёрыг салгах хүн нэг ч байгаагүй учир нэг нь нөгөөгөө цохиж алав. 7 Тэгтэл бүх л гэрийнхэн шивэгчин миний эсрэг босож, "Ахыгаа алсан хүнийг бидэнд тушаагтун. Түүнд алагдсан ахынх нь амийн төлөө бид түүнийг алж, бас энэ гэрийн удмыг тасалъя" гэцгээв. Тэд ингэснээрээ надад үлдсэн ганц очийг минь унтрааж, газар дээр нөхрөөс минь нэрийг нь ч, үр удмыг нь ч үлдээхгүй болгох юм гэж айлтгав. 8 Тэгэхэд Хаан эмэгтэйд —Гэртээ харь. Чиний энэ хэргийн талаар би зарлиг буулгах болно гэж хэлэв. 9 Текоагийн эмэгтэй хаанд —Хаан эзэн минь ээ, гэм буруу нь над дээр болон эцгийн минь гэр дээр буух болтугай. Харин хаан хийгээд, түүний хаан ширээ нь гэмгүй гэв. 10 Ингэсэнд хаан —Чамд хэн гомдоллоно, түүнийг над дээр авчрагтун. Тэр цаашид чамд гар хүрэхгүй гэж хэлэв. 11 Тэгэхэд тэр эмэгтэй —Хаан та өөрийн Бурхан ЭЗЭНээ санах болтугай. Ингэснээр цусан өшөө авагч нь устгах ажлаа үргэлжлүүлэхээ больж магад. Эс тэгвээс тэд хүүг минь устгана шүү дээ гэхэд, хаан —ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Хүүгийн чинь толгойн нэг ширхэг ч үс газарт унахгүй гэж хэлэв. 12 Тэгтэл тэр эмэгтэй —Өөрийн эзэн хаанд ганц үг айлтгахыг шивэгчин надад зөвшөөрч хайрла гэсэнд хаан —Айлтгагтун! гэжээ. 13 Эмэгтэй —Тэгвэл юунд та Бурханы хүмүүсийн эсрэг ийм зүйлийг сэтгэнэ вэ? Учир нь ингэж хэлснээрээ хөөсөн хүнээ буцааж авчирдаггүй тул хаан өөрийгөө гэмтэй хүн болгож байна. 14 Учир нь бид үхэх нь гарцаагүй бөгөөд газарт асгагдаад, дахин цуглуулж үл чадах устай адил юм. Гэлээ ч Бурхан амь тасалдаггүй, харин хөөгдсөн хүнийг Өөрөөсөө зайлуулахгүйн тулд арга замуудыг төлөвлөдөг. 15 Би энэ хэргийг хаан эзэндээ хэлэхээр ирсэн учир нь гэвэл хүмүүс намайг айлган сүрдүүлснээс юм. Ингээд таны шивэгчин би "Хаантанд хэлж үзье. Хаантан шивэгчнийхээ хүслийг биелүүлж магад. 16 Учир нь хаантан сонсож, намайг болон хүүг минь Бурханы өвөөс таслан устгах хүний гараас шивэгчнээ аврах болно" гэв. 17 Тэгээд шивэгчин тань "Миний эзэн хааны үг намайг тайтгаруулах болтугай. Учир нь Бурханы тэнгэр элч шиг миний эзэн хаан сайн мууг ялгадаг билээ. Таны Бурхан ЭЗЭН тантай хамт байх болтугай" гэж хэлсэн билээ гэв. 18 Дараа нь хаан тэр эмэгтэйд хариулан, —Миний асуух гэж байгаа зүйлсээс та юуг ч надаас бүү нуугаарай гэв. Эмэгтэй —Хаан эзэн минь, өгүүлэгтүн гэв. 19 Ийнхүү хаан —Энэ бүгдэд Иоабын гар оролцсон уу? гэхэд эмэгтэй хариулан —Хаан эзэн минь, таны амьд буйгаар тангараглая. Хаан эзэний минь хэлснээс хэн ч баруун, зүүн тийш эргэж чадахгүй. Үнэхээр таны зарц Иоаб надад тушаасан ба тэр хүн л хэлэх энэ бүх үгсийг шивэгчинд тань зааж өгсөн билээ. 20 Уг хэргийн явцыг өөрчлөхийн тулд таны зарц Иоаб ийм зүйлийг үйлдэв. Харин миний эзэн Бурханы тэнгэр элч мэт мэргэн бөгөөд энэ газар дээрх бүх зүйлсийг мэддэг билээ гэв. 21 Тэгэхэд хаан Иоабт —Харагтун, би үүнийг заавал үйлдэх болно. Тийм учраас явж, залуу хүн Абсаломыг буцааж авчрагтун гэв. 22 Иоаб нүүрээрээ газар шаан унаж, сунан мөргөж, хааныг ерөөв. Тэгээд Иоаб —Хаан эзэн минь ээ, хаан боолынхоо хүсэлтийг биелүүлж өгсөн тул өнөөдөр таны боол би таны тааллыг олсноо мэдэв гэжээ. 23 Тийнхүү Иоаб босоод, Гешур уруу явж, Абсаломыг Иерусалимд авчрав. 24 Харин хаан —Түүнийг гэрт нь аваач. Нүүрийг нь надад бүү харуул гэж хэлэв. Ингээд Абсалом хааны нүүрийг ч үзэлгүй гэртээ харив. 25 Бүх Израилийн хаана нь ч Абсаломтай адил тийм сайхан гэж магтагдах хүн үгүй байв. Хөлийн улнаас нь толгой дээрх титэм хүртэл нь түүнд өө сэв байсангүй. 26 Түүнийг үсээ хусуулахад, (Дээрээс нь хүндээр дардаг байсан учир жил бүрийн сүүлчээр тэр үсээ хусуулдаг байв) тэр толгойн үсээ хааны хэмжүүрээр хэмжихэд хоёр зуун шекел болдог байв. 27 Абсаломд гурван хөвгүүн, нэг охин төрөв. Охины нэрийг Тамар гэдэг байсан бөгөөд тэр үзэсгэлэнт гоо эмэгтэй байв. 28 Абсалом Иерусалимд бүтэн хоёр жил амьдрахдаа хаантай нэг ч удаа уулзсангүй. 29 Дараа нь Абсалом Иоабыг хаан уруу илгээхээр түүн уруу хүн явуулсан боловч, тэр ирсэнгүй. Тиймээс Абсалом дахин хоёр дахь удаагаа хүн явуулахад ч Иоаб ирэхгүй л байв. 30 Тийм учраас Абсалом зарц нартаа —Харагтун, Иоабын тариалангийн талбай миний талбайн хажууд байгаа бөгөөд тэнд арвай тарьсан байна. Явж, түүнийг нь галдан шатаагтун гэхэд Абсаломын зарц нар тариалангийн талбайд гал тавив. 31 Тэгэхэд Иоаб босож, Абсаломын гэрт ирэн түүнд —Чиний зарц нар юунд миний тариалангийн талбайг галдан шатаав? гэв. 32 Абсалом Иоабт —Харагтун, би чам уруу хүн явуулж "Би таныг хаан уруу илгээж «Юунд намайг Гешураас буцааж ирүүлэв? Тэнд байсаар байх нь надад дээр байсан юм» хэмээн хэлүүлэхээр та энд ирэгтүн" хэмээн хэлүүлсэн бус уу? Тийм учраас одоо би хаантай уулзаж, хэрэв надад гэм нүгэл байвал, тэр намайг алах болтугай гэв. 33 Ийнхүү Иоаб хаан дээр очин айлтгасанд, хаан Абсаломыг дуудав. Абсалом хаанд бараалхаж, хааны өмнө нүүрээрээ газарт хүртэл сунан мөргөхөд, хаан Абсаломыг үнсэв.

15

1 Үүний дараа Абсалом өөртөө хөсөг тэрэг болон морьд бэлтгэж, мөн өөрийнхөө урд гүйлгэх тавин хүнтэй болов. 2 Абсалом өглөө эртлэн босож, хаалгаар өнгөрөх замын дэргэд зогсдог байв. Хаанаар шүүлгэхийн тулд ирж буй заргатай хүн байвал Абсалом тэднийг дуудан, —Чи аль хотын хүн бэ? гэхэд уг хүн —Таны боол би Израилийн ийм овгийн хүн байна хэмээн хариулдаг байв. 3 Тэгэхэд нь Абсалом түүнд —Харагтун. Чиний зарга сайн хийгээд зөв юм. Харин хааны зүгээс чиний хэргийг сонсох хүн нэг ч байхгүй хэмээн өгүүлдэг байв. 4 Үүнээс гадна Абсалом —Аяа, хэн нэгэн намайг энэ улсын шүүгчээр томилдогсон бол хэрэг зарга бүхий хүн бүр над дээр ирэхэд би түүнийг нь шударгаар шүүх байсан гэдэг байв. 5 Хэн нэгэн түүн дээр ойртон ирж, сунан мөргөх гэвэл тэр гараа сунган, тэр хүнийг тэвэрч үнсдэг байжээ. 6 Шүүгдэхийн тулд хаан дээр ирсэн бүх Израильтай Абсалом ийм маягаар харьцдаг байв. Ийнхүү Абсалом Израилийн хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэн авав. 7 Дөчин жил өнгөрөхөд Абсалом хаанд —ЭЗЭНд өргөсөн тангаргаа би биелүүлэхийн тулд намайг Хеброн уруу явуулаач. 8 Таны боол би Сирийн Гешурт байхдаа "Хэрэв ЭЗЭН намайг үнэхээр Иерусалимд буцаан авчирвал би ЭЗЭНд үйлчлэх болно" хэмээн тангарагласан юм гэв. 9 Хаан түүнд —Амар амгалан яваарай хэмээн айлдсанд тэрээр босож Хеброн уруу явав. 10 Гэхдээ Абсалом Израилийн бүхий л овог аймгуудаар тагнуул илгээж, —Эвэр бүрээний дууг сонсонгуутаа та нар "Абсалом бол Хеброн дахь хаан юм" хэмээгтүн гэж хэлүүлэв. 11 Тэгээд хоёр зуун хүн Абсаломын хамт Иерусалимаас явав. Тэдгээр хүмүүс уригдаж явсан бөгөөд юу болж байгааг ч мэдээгүй, гэмгүй хүмүүс байв. 12 Абсалом тахил өргөж байх зуураа хүн явуулж, Давидын зөвлөх Гиллон хүн Ахитофелыг, өөрийнх нь хот Гилогоос дуудаж авчрав. Абсаломтай нэгдэн нийлэх хүмүүсийн тоо өссөөр байсан тул хуйвалдаан ч хүчтэй байв. 13 Тэгэхэд Давид дээр нэгэн элч ирж, —Израилийн хүмүүсийн сэтгэл зүрх Абсаломтай хамт байна хэмээн өгүүлэв. 14 Тэгэхэд Давид Иерусалимд өөртэй нь хамт байсан бүх зарц нартаа —Зугтацгаая. Эс тэгвээс бидний хэн нь ч Абсаломаас зугтааж оргож чадахгүй. Хурдалъя. Тэр биднийг үтэр гүйцэж, гай учруулан, илдний ирээр энэ хотыг дайрах вий гэж хэлэв. 15 Хааны зарц нар хаанд —Миний хаан эзэн тааллаараа юу хэлнэ, тэр бүхнийг бид биелүүлэхэд бэлэн байна гэцгээв. 16 Ингээд хаан гарч явахад, гэрийнхэн нь бүгд түүнийг даган гарав. Харин хаан гэрээ сахиулахаар арван бага эхнэрээ үлдээв. 17 Хаан болон түүнтэй хамт байсан бүх хүмүүс гарч, сүүлчийн гэрийн дэргэд зогсов. 18 Хамаг зарц нар нь хааны хажуугаар өнгөрөн, бүх херетчүүд болон бүх пелетчүүд, хаантай хамт Гатаас ирсэн зургаан зуун гит хүмүүс бүгд хааны өмнүүр явж өнгөрөв. 19 Хаан гит хүн Иттаид —Юунд чи бас бидэнтэй хамт явна вэ? Чи харь хүн бөгөөд бас цагаачин учир буцаж, хаантайгаа хамт үлд. 20 Чи дөнгөж өчигдөр л ирсэн, тэгээд чамайг өнөөдөр өөрсдийн хамт хэрэн хэсүүлэх хэрэг үү? Учир нь би эндээс хаашаа ч хамаагүй аялах юм. Чи өөрийн ах дүүс нараа аваад буц. Өршөөл болон үнэн нь чамтай хамт байх болтугай гэв. 21 Иттаи хаанд хариулан —ЭЗЭНий амьд буйгаар болон эзэн хааны амьд буйгаар тангараглая. Миний эзэн хаан амьд ч байсан, үхсэн ч байсан, хаа байгаа газар нь боол би тантай хамт байна гэв. 22 Тиймээс Давид Иттаид —Явж, өнгөрөгтүн гэв. Ингээд гит хүн Иттаи, хамаг хүмүүс болон өөртэй нь хамт байсан бүхий л хөвгүүдийн хамтаар явж өнгөрөв. 23 Орон даяар ардууд чанга дуугаар гашуудан байх үед хүмүүс явж өнгөрөв. Хаан Кидрон горхийг гатлан бүх ардууд ч цөлийн зам тийш гатлан гарав. 24 Мөн Задок бүх Леви хүмүүсийн хамт Бурханы гэрээний авдрыг авчраад, буулган тавив. Мөн Абиатар ирж, хамаг ардуудыг хотоос гарч дуустал нь байв. 25 Хаан Задокт —Бурханы авдрыг хот уруу буцаан аваач. Хэрэв би ЭЗЭНий өмнө тааллыг нь олбол, ЭЗЭН намайг дахин буцааж авчран, авдар болон Өөрийн оршихуйг үзүүлэх болно. 26 Хэрэв Тэр "Би чамайг сайнаар таалдаггүй" хэмээн өгүүлбээс, үзтүгэй, би энд байна. Тэр надад тааллаараа үйлдэх болтугай гэв. 27 Хаан тахилч Задокт —Чи үзмэрч биш үү? Чи хоёр хөвгүүн болох өөрийнхөө хөвгүүн Ахимааз болон Абиатарын хөвгүүн Ионатаныг дагуулан амар тайван хот уруугаа буцагтун. 28 Би та нараас мэдээ ирэн иртэл, цөлийн замд хүлээнэ гэв. 29 Задок болон Абиатар нар Бурханы авдрыг Иерусалим уруу буцааж, тэнд нь үлдээв. 30 Давид Чидун Уул өөд өгсөхдөө, толгойгоо бүтээн, уйлан, хөл нүцгэн явав. Мөн түүнтэй хамт байсан хамаг ардууд толгойгоо бүтээж, уйлан явав. 31 Хэн нэгэн нь Давидад —Абсаломтай хуйвалдагчдын дунд Ахитофел байна гэж хэлэхэд, Давид —ЭЗЭН минь, Ахитофелын зөвлөгөөг мунхаг болгож өгөөч гэж би залбирч байна гэв. 32 Бурханд мөргөл үйлдэх газар болсон уулын оройд Давидыг ирэх үед хувцсаа урж, толгой дээрээ шороо цацсан архет хүн Хушаи Давидтай уулзав. 33 Давид түүнд —Хэрэв чи надтай хамт явбал чи надад тээр болно. 34 Хэрэв чи хот уруу буцаж, Абсаломд "Хаантан минь, би таны зарц болъё. Урьд эцгийн тань зарц байсны адил одоо би таны зарц болъё" гэж хэлбэл чи Ахитофелын зөвлөгөөг миний төлөө бүтэлгүй болгож чадна. 35 Тэнд тахилч Задок болон Абиатар нар ч чамтай хамт байгаа биш үү? Чи хааны гэрээс сонссон болгоноо тахилч Задок болон Абиатар нарт дамжуулагтун. 36 Тэдний хоёр хөвгүүн нь буюу Задокийн хөвгүүн Ахимааз, Абиатарын хөвгүүн Ионатан нар тэнд тэдэнтэй хамт бий. Сонссон болгоноо надад тэднээр дамжуулсугай гэв. 37 Тэгээд Давидын нөхөр Хушаи хот уруу буцав. Тэр үед Абсалом ч Иерусалимд ирэв.

16

1 Давид уулын оройгоос цааш жаахан доошлов. Харвал, Мефибошетын зарц Зиба хааныг угтахаар ирж байв. Тэр эмээллэсэн хос илжгэн дээр хоёр зуун ширхэг талх, хатаасан үзэм зуун багц, зуны зуун жимс, нэг тулам усан үзмийн дарс ачсан байв. 2 Хаан Зибагаас —Чи юунд эдгээр зүйлсийг авч ирнэ вэ? гэж асуухад Зиба —Илжигнүүд нь хааны гэрийнхэнд унаа, талх болон зуны жимс нь залуу хүмүүст идэх хоол, усан үзмийн дарс нь цөлд эцсэн хүмүүст уух ундаа болох юм гэв. 3 Хаан —Эзний чинь хөвгүүн хаа байна? гэхэд Зиба хаанд —Тэр "Өнөөдөр Израилийн гэр эцгийн минь хаанчлалыг надад эргүүлж өгнө" хэмээн өгүүлээд, Иерусалимд үлдсэн гэв. 4 Хаан Зибад —Үзэгтүн, Мефибошетын хамаг юмс нь чинийх гэхэд, Зиба —Эзэн хаантан минь, таны тааллыг би олох болтугай хэмээн мөргөн гуйя гэжээ. 5 Давид хаан Бахуримд хүрч ирэхэд, Саулын гэрийн нэгэн ургийн Герагийн хөвгүүн Шимеи гэгч нэгэн хүн хараалын үгс урсгасаар гарч ирэв. 6 Тэгээд тэр Давид болон Давид хааны хамаг зарц нар уруу чулуу шидэв. Ардууд болон хамаг хүчит эрчүүд хааны баруун, зүүн талд байв. 7 Шимеи —Зайл, тонил. Цус урсгадаг, зохисгүй хүн! хэмээн хараав. 8 Саулын гэрийн урссан бүх цусыг ЭЗЭН чам дээр буцааж буулгав. Чи түүний оронд хаан болсон билээ. Чиний хөвгүүн Абсаломын гарт хаан ширээг чинь ЭЗЭН шилжүүлэв. Чи цус урсгагч учир чи өөрийнхөө бузар муу үйлсдээ ороогдов гэж хараав. 9 Зеруиагийн хөвгүүн Абишаи хаанд —Энэ үхсэн нохой яахлаараа миний эзэн хааныг хараадаг билээ? Очиж, түүний толгойг тастахыг надад зөвшөөрөөч гэж хэлэв. 10 Хаан —Зеруиагийн хөвгүүд ээ, би та нарыг яах вэ? Хэрэв ЭЗЭН түүнд "Давидыг хараа" гэж хэлээд, тэр хараасан бол "Чи юунд ингэв?" гэж хэн хэлэх юм бэ? хэмээн айлдав. 11 Тэгээд Давид Абишаи болон бүх зарц нартаа —Харагтун, надаас төрсөн хүү минь миний амийг эрж байхад, энэ бениамин хүний хувьд бол тэр тусмаа аргагүй юм. Түүнийг орхи. ЭЗЭН түүнд тушаасан тул тэр харааж л байг. 12 ЭЗЭН миний зовлонт байдлыг харж, өнөөдөр түүний хараалын оронд надад сайныг буцааж магад гэв. 13 Давид болон түүний хүмүүс замдаа гарав. Шимеи Давидтай зэрэгцэн уулын бэлээр явангаа харааж, чулуугаар шидэн, шороо цацаж байв. 14 Хаан, мөн түүнтэй хамт явсан хамаг ардууд эцэж ядарсан тул тэнд түр амрав. 15 Абсалом болон бүх хүн ард, израильчууд бүгд Иерусалим хотод орж ирэв. Ахитофел ч мөн түүнтэй хамт ирэв. 16 Давидын нөхөр архет хүн Хушаи Абсалом дээр ирж, тэрээр Абсаломд —Хаантан мөнх наслах болтугай! Хаантан мандтугай! гэв. 17 Абсалом Хушаид —Нөхөртөө чин үнэнч байгаа чинь энэ үү? Юуны учир чи нөхөртэйгөө хамт явсангүй вэ? гэж асуув. 18 Хушаи Абсаломд хариулан —Үгүй, ЭЗЭН болон энэ ард түмэн, бүх израильчууд хэнийг сонгосон байна, би түүнийх болж, мөн түүнтэй хамт байх болно. 19 Тэгээд ч би хэнд үйлчлэх байсан юм бэ? Хүүгийнх нь өмнө би үйлчлэх ёстой биш үү? Би эцгийн тань өмнө үйлчилсэн шиг, мөн таны төлөө зүтгэнэ гэв. 20 Абсалом Ахитофелд —Та зөвлөөч. Бид яах ёстой вэ? гэв. 21 Ахитофел Абсаломд —Гэрээ сахиулахаар эцгийнхээ үлдээсэн бага эхнэрүүд уруу орогтун. Таныг эцэгтээ үзэн ядагдах зүйл хийснийг бүх Израиль сонсоно. Тантай хамт байгаа бүх хүмүүсийн гар нь ч хүчтэй болно гэв. 22 Ингээд Абсаломд зориулж, дээвэр дээр майхан барьж, бүх Израилийн нүдний өмнө Абсалом эцгийнхээ бага эхнэрүүдийн гэрт оров. 23 Тэр цагт Ахитофелын зөвлөсөн зөвлөгөө нь хүн Бурханы зарлигийг асууж олсон үг адил байв. Иймээс Ахитофелын хамаг зөвлөгөө нь Давидад, мөн Абсаломд үнэлэгддэг байлаа.

17

1 Цаашилбал Ахитофел Абсаломд —Арван хоёр мянган хүнийг шилж авч босоод, энэ шөнө Давидыг нэхэн хөөхийг зөвшөөрнө үү. 2 Түүнийг эцэж, тэнхээ алдсан байх үед нь би түүн уруу дайрч, түүнтэй хамт байгаа бүх хүмүүс зугтах болтол түүнийг айлгая. Тэгээд би ганцхан хааныг нь алъя. 3 Би хамаг ардуудыг тан дээр буцааж авчирна. Хүн бүрийн буцаж ирэх нь таны хайж буй ганцхан хүнээс шалтгаалж байна. Тэгсний дараа хүн бүхэн амар тайван байх болно гэж хэлэв. 4 Энэ үг Абсалом болон Израилийн бүх ахлагчдад таалагдав. 5 Гэвч Абсалом —Архет хүн Хушаиг мөн дууд. Тэр юу гэж хэлэхийг нь сонсъё гэв. 6 Хушаи Абсалом дээр очиход, Абсалом түүнд ийнхүү өгүүлэв. —Ахитофел ингэж хэллээ. Бид түүний үгээр болох уу, үгүй юу? Хэрэв үгүй бол, чи үгээ хэлнэ үү? гэв. 7 Хушаи Абсаломд —Энэ удаа Ахитофел сайн зөвлөгөө өгсөнгүй гэв. 8 Тэгээд цааш нь Хушаи —Хээр талд бамбаруушаа булаалгасан эвшийн адил эцэг чинь болон түүний цэргүүд нь догшин, хүчтэй эрчүүд гэдгийг чи мэднэ. Чиний эцэг дайнд мэргэшсэн гаргууд хүн. Тэрээр ардуудтай хамт шөнийг өнгөрүүлэхгүй. 9 Одоо тэр нэг агуйд, эсвэл ондоо газарт нуугдаж байгаа. Хэрэв таны цэргүүдийг тэр довтолбол, үүнийг сонссон хүн бүр "Абсаломыг дагалдагч цэргүүдийн дотор алуулсан хүмүүс байна" гэж хэлнэ. 10 Тэгвэл арслан адил зоригтой хүний ч зүрх мохно. Чиний эцэг бол хүчит хүн бөгөөд түүнийг дагалдагчид нь эрэлхэг, зоригтой хүмүүс гэдгийг Израиль даяар мэднэ. 11 Харин Данаас Бершеба хүртэлх далайн хөвөөний элс мэт үй олон израильчуудыг бүгдийг нь цуглуулж, та өөрөө тулалдаанд гарагтун гэж би зөвлөх байна. 12 Түүнийг олж болохоор нэг газарт бид түүн уруу очиж, шүүдэр газар унах мэт түүнийг бид нөмрөн авч, түүнийг болон хамт буй хамаг цэргүүдийн нэгийг нь ч амьд үлдээхгүй. 13 Хэрэв тэрээр аль нэгэн хотод орогновол, бүх Израиль тэр хот уруу олс авчран, тэнд ганц ч чулуу үлдэхгүй болтол нь тэр хотыг хөндий хүртэл чирнэ гэв. 14 Абсалом болон Израилийн хамаг ардууд —Архет хүн Хушаин зөвлөгөө нь Ахитофелын өгсөн зөвлөгөөнөөс илүү дээр юм гэцгээв. Учир нь ЭЗЭН Абсаломд гай учруулахын тулд Ахитофелын сайн зөвлөгөөг ЭЗЭН бүтэлгүй болгохоор шийдсэн ажээ. 15 Хушаи тахилч Задок болон Абиатар нарт —Ахитофел нь Абсалом болон Израилийн ахлагчдад ингэж зөвлөсөн бөгөөд, харин би ийм зөвлөгөө өгөв. 16 Тиймээс одоо яаралтай хүн явуулж, Давидад "Энэ шөнө цөлийн замд бүү хоноглоорой. Харин ямар ч байсан тэр газрыг гатлан яв. Эс тэгвээс хаан болоод хамт буй хамаг хүмүүс нь алагдах вий" хэмээн хэл гэв. 17 Ионатан болон Ахимааз Ен-Рогелд байв. Тэд хотод нэвтэрч, харагдаж болохгүй байсан учир нэгэн шивэгчин эмэгтэй очиж, тэдэнд хэлсэнд, тэд Давид хаанд хэл хүргэхээр болов. 18 Гэтэл нэг эрэгтэй хүүхэд тэднийг хараад Абсаломд хэлэв. Иймд тэр хоёр яаравчлан явсаар, Бахуримд нэгэн хүний гэрт очив. Тэр хүн хашаандаа худагтай бөгөөд тэд түүн дотор оров. 19 Эмэгтэй бүтээлэг авч ирэн, худгийн амыг бүтээж, түүний дээр буудай тараан цацаж, юу ч мэдэгдэхгүй болгов. 20 Абсаломын зарц нар тэр эмэгтэйн гэрт ирж —Ахимааз болон Ионатан нар хаана байна вэ? гэхэд, тэр эмэгтэй —Тэд горхи гатлаад явсан гэв. Тэд эрж хайсан боловч олж чадалгүй Иерусалим уруу буцав. 21 Тэднийг явсны хойно тэр хоёр худгаас гарч ирэн, Давид хаанд хэл хүргэхээр явав. Тэд Давидад —Голыг түргэн гатлагтун. Учир нь Ахитофел та нарын эсрэг ингэж зөвлөсөн байна гэв. 22 Тэгээд Давид болон түүнтэй хамт байсан хүмүүс бүгд хөдлөн, Иордан голыг гатлав. Үүр цайх үеэр Иордан голыг гатлаагүй хүн нэг ч байсангүй. 23 Ахитофел өөрийнх нь зөвлөгөөг дагаагүйг хараад, илжгээ эмээллэн, төрөлх хот уруугаа гэртээ буцаж ирэн, гэрээ янзлан, өөрийгөө боймолж үхсэнд эцгийнх нь булшинд оршуулав. 24 Тэгээд Давид Маханаимд ирэв. Абсалом болон түүнтэй хамт байсан Израилийн хүмүүс бүгд Иордан голыг гатлав. 25 Абсалом Иоабын оронд Амасаг цэргийн удирдагчаар томилсон байв. Амаса бол Иоабын эх Зеруиагийн дүү, Нахашийн охин Абигаилтай гэрлэсэн Итра хэмээгч Израиль хүний хөвгүүн байв. 26 Ингээд Израиль болон Абсалом нь Гилеадын нутагт буудаллав. 27 Давидыг Маханаимд ирэхэд, Раббагийн Аммоны хөвгүүдээс Нахашийн хөвгүүн Шоби болон Ло-дебарын Аммиелын хөвгүүн Махир, Рогелимын гилеад хүн Барзиллаи нар 28 дэвсгэр, аяга, ваар, буудай, арвай, гурил, шар будаа, шош, буурцаг, хатаасан үр, 29 зөгийн бал, ээдэм, хонь, бяслаг зэргийг Давид болон түүнтэй хамт явагчдын хүнсэнд авч ирэв. Учир нь тэд хүмүүсийг цөлд өлсөж ядран цангаж буй хэмээн боджээ.

18

1 Давид өөртэй нь хамт байсан хүмүүсээ тоолж, тэдний дээр мянгатын дарга, зуутын дарга нарыг томилов. 2 Давид хүмүүсийнхээ гуравны нэгийг Иоабын удирдлаганд, гуравны нэгийг Иоабын дүү, Зеруиагийн хөвгүүн Абишаин удирдлаганд, үлдсэн гуравны нэгийг гит хүн Иттаин удирдлаганд хуваарилав. Хаан хүмүүст —Миний бие бас та бүхэнтэй хамт явах болно гэв. 3 Харин хүмүүс —Та явж болохгүй. Учир нь бид зугтвал, тэд биднийг хайхрахгүй. Бидний хагас нь үхсэн ч тэд биднийг хайхрахгүй. Харин та бидний түмэн хүнтэй тэнцэнэ. Тиймийн тул та хотоос бидэнд туслахад бэлэн байх нь дээр гэв. 4 Хаан тэдэнд —Аль нь та нарт хамгийн дээр санагдана, түүгээр чинь болъё гэв. Тэгээд хаан хаалганы дэргэд зогсож, бүх хүмүүс зуут, мянгатаараа гарч явцгаав. 5 Хаан Иоаб, Абишаи, Иттаи нарт —Миний төлөө залуу Абсаломд зөөлөн хандаарай гэж тушаав. Цэргийн бүх удирдагчдад Абсаломын талаар хааны тийнхүү тушаасныг бүх хүмүүс сонсов. 6 Ингээд хүмүүс израильчуудын эсрэг тулалдахаар дайны талбар уруу явцгаав. Тулалдаан Ефраимын ойд болов. 7 Израилийн ардууд тэнд Давидын зарц нарт цохигдон ялагдаж, тэр өдөр үй олон хүн буюу хорин мянган хүн тэнд алагдав. 8 Тэнд хийсэн тулалдаан бүх нутгаар тархаж, тэр өдөр илдэнд алагдсан хүнээс илүү ойд алагдсан хүн нь олон байв. 9 Абсалом Давидын зарц нартай тааралдав. Абсалом луус унасан байсан бөгөөд, луус нь том царс модны саглагар мөчрийн доогуур өнгөртөл, Абсаломын толгой нь царс модонд орооцолдон, тэрээр тэнгэр газар хоёрын хооронд дүүжлэгдэв. Харин тэр зуур унаж байсан луус нь чигээрээ явсаар л байв. 10 Нэгэн хүн түүнийг хараад Иоабт —Абсаломыг царс модонд өлгөгдсөн байхыг нь би харлаа гэж хэлэв. 11 Иоаб тэр хүнд —Чи түүнийг харсан байж, яагаад түүнийг газар дээр нь цохиж алсангүй вэ? Тэгсэн бол би чамд арван мөнгөн зоос болон бүс өгөх байв гэхэд, 12 тэр Иоабт —Би мянган мөнгө авах байсан ч хааны хөвгүүнд гар хүрэхгүй. Биднийг сонсож байхад, хаан танд болон Абишаи, Иттаи нарт "Миний төлөө залуу Абсаломыг хамгаалаарай" хэмээн тушаасан билээ. 13 Хэрэв би түүнд хорон санаагаар хандсан бол, (хаанаас юу ч нуугдаж чаддаггүй) та өөрөө хол хөндий зогсох байсан гэж өгүүлэв. 14 Иоаб —Би энд чамтай цаг дэмий үрмээргүй байна хэмээн өгүүлээд, гартаа гурван жад аваад, амьдаараа царс модны дунд өлгөгдсөн байсан Абсаломын зүрхэнд зоов. 15 Иоабын зэвсэг барьж явсан арван залуус ч Абсаломыг тойрч түүнийг цохиж алав. 16 Иоаб эвэр бүрээ үлээж, дуугаргахад хүмүүс израильчуудыг мөшгөн хөөхөө зогсоож, буцаж ирэв. Учир нь Иоаб ардуудыг татан зогсоов. 17 Тэгээд тэд Абсаломыг авч, ойд гүнзгий нүхэнд хаяад, түүний дээрээс чулуу овоолон маш том овоо босгов. Хамаг израильчууд өөр өөрсдийн майхан уруу зугтацгаав. 18 Абсалом амьд байхдаа өөртөө нэгэн баганыг Хааны Хөндийд босгосон бөгөөд тэр —Миний нэрийг хадгалах хүү надад байхгүй гэдэг байв. Өнөөдрийг хүртэл тэр багана Абсаломын хөшөө хэмээн дуудагддаг. 19 Задокийн хөвгүүн Ахимааз —Би хаан дээр гүйж очоод, дайснуудынх нь гараас түүнийг ЭЗЭН чөлөөлсөн гэдгийг мэдэгдье гэв. 20 Харин Иоаб түүнд —Өнөөдөр чи мэдээ хүргэж болохгүй, харин ондоо өдөр мэдээ хүргэж болно. Хааны хөвгүүн үхсэн тул өнөөдөр чи ямар ч мэдээ хүргэх ёсгүй гэв. 21 Иоаб куши хүнд —Явж, чи юу харснаа хаанд мэдээл гэв. Куши хүн Иоабт мэхийгээд, гүйж одов. 22 Задокийн хөвгүүн Ахимааз дахин нэг удаа Иоабт —Юу болсон ч би бас куши хүний араас гүйе л дээ гэхэд, Иоаб —Хүү минь. Явлаа гээд шагнал хүртэхгүйгээс хойш чи гүйгээд яах юм бэ? гэв. — 23 Гэвч ямар ч атугай би гүйнэ гэхэд, Иоаб —Гүй, гүй хэмээн өгүүлэв. Ахимааз тэгш тал газраар гүйж, куши хүнийг гүйцэж түрүүлэв. 24 Давид хоёр хаалганы хооронд сууж байв. Харуул цайзын хаалганы дээвэр дээгүүр явснаа, нүдээ өргөн харахад, нэгэн эрэгтэй хүн гүйн ирж байв. 25 Харуул хааныг дуудан, айлтгасанд хаан —Ганц хүн байгаа бол, баяртай мэдээ буй заа гэв. Өнөөх хүн улам улам ойртов. 26 Тэгтэл харуул бас нэгэн хүнийг гүйн ирж байхыг харав. Харуул хаалгачид —Бас нэгэн хүн ганцаараа гүйн ирж байна гэхэд, хаан —Тэр ч бас баяртай мэдээ авчирж байгаа гэв. 27 Харуул өгүүлэн —Түрүүнд нь гүйж байгаа нь Задокийн хөвгүүн Ахимаазын гүйхтэй төстэй харагдана гэхэд хаан —Тэр бол сайн хүн. Сайн мэдээ авчирдаг хүн гэв. 28 Ахимааз чанга дуугаар хаанд —Бүгд сайн хэмээн өгүүлээд, газарт хөсөр унан, хаанд мөргөв. Тэрээр —Миний эзэн хааныг эсэргүүцсэн хүнийг тушааж өгсөн таны Бурхан ЭЗЭН ивээлтэй еэ гэв. 29 Хаан —Залуу Абсалом мэнд үү? хэмээн асуухад, Ахимааз —Иоаб хааны зарц нарыг илгээх үед зарц би нэгэн их шуугиан дэгдэхийг харсан ба юу болсныг мэдсэнгүй гэв. 30 Тэгэхэд хаан —Хажуу тийш болж, энд зогс гэв. Тэрээр хажуу тийш болж, хөдлөлгүй зогсов. 31 Тэр үед куши хүн хүрч ирэн —Хаан эзэнд баяртай мэдээ дуулгая. ЭЗЭН өнөөдөр таныг эсэргүүцэгч хамаг хүмүүсийн гараас таныг чөлөөллөө гэв. 32 Хаан куши хүнд —Залуу Абсалом мэнд үү? гэхэд, куши хүн —Хаантны дайснууд болон муу санаа өвөрлөн таныг эсэргүүцэгчид нь тэр залуугийн адил болох болтугай гэв. 33 Тэгэхэд хааны сэтгэл нь гүн хямарч, хаалганы дээрх өрөөнд орон уйлав. Тэрээр уйлан холхиж —Миний хөвгүүн Абсалом минь, хүү минь. Миний хөвгүүн Абсалом минь. Чиний оронд би үхсэн бол дээр байсан юм. Абсалом хүү минь, хүү минь хэмээж байв.

19

1 Энэ нь Иоабт —Одоо хаан Абсаломын төлөө уйлан гашуудаж байна гэж мэдэгдэв. 2 Хаан хөвгүүнийхээ тулд гашуудаж байгааг хүмүүс дуулсан учир, тэр өдрийн ялалт нь хамаг ардуудын эмгэнэл болон хувирав. 3 Дайнаас зугтаж, басамжлагдан доромжлогдсон хүмүүс нууцаар буцаж ирдгийн адил, тэр өдөр хүмүүс хотод сэмхэн нууцаар орж ирэв. 4 Хаан нүүрээ бүтээн чанга дуугаар —Миний хүү Абсалом. Абсалом оо. Хүү минь. Хүү минь хэмээн орилон хашхирч байв. 5 Иоаб хааны гэрт очин, хаанд —Та өнөөдөр таны амь болон таны охид хөвгүүдийн чинь амь, мөн таны эхнэрүүд болон татвар эмсийн чинь амийг аварсан өөрийнхөө бүх зарц нарыг гутаалаа. 6 Учир нь та өөрийг тань үзэн яддаг хүмүүсийг хайрлаж, өөрийг тань хайрладаг хүмүүсийг үзэн ядлаа. Та өнөөдөр жанжнууд чинь болон зарц нар чинь таны хувьд юу ч биш гэдгийг харуулав. Хэрэв өнөөдөр Абсалом амьд байгаад, бид зугтан, бүгд үхсэн бол энэ нь таны таалалд нийцэх байсныг би энэ өдөр мэдлээ. 7 Тийм учраас одоо босож, гадагш гаран, зарц нартайгаа эвээр яриач. Би ЭЗЭНээр тангараглая. Та гадагш гарахгүй бол, энэ шөнө нэг ч хүн тантай хамт байхгүй. Тэгээд энэ нь таныг залуу байхаас эдүгээ хүртэл танд учирсан ямар ч гай зовлонгоос муу байх болно гэв. 8 Ингээд хаан босож, хаалганы дэргэд суув. Тэд бүх хүнд —Хараач. Хаан хаалганы хажууд сууж байна гэхэд, бүх хүмүүс хааны өмнө ирэв. Израиль хүмүүс тус бүр өөрсдийн майхан уруу зугтааж буцсан байв. 9 Израилийн бүх овгуудаар хүмүүс —Хаан биднийг дайсны гараас, филистчүүдийн савраас аварч гаргасан. Харин одоо хаан Абсаломаас болж газар нутгаасаа зугтав. 10 Бидний тосолж хаан болгосон Абсалом тулалдаанд нас барав. Гэтэл одоо та нар яагаад хааныг буцаан авчрах талаар дуугаа хураана вэ? гэж маргалдаж байв. 11 Давид хаан тахилч Задок болон Абиатарт хүн явуулж —Иудагийн ахлагчдад ингэж хэл. "Хамаг Израилийн хэлэлцэн байгаа нь хааны чихэнд, бүр гэрт нь хүртэл хүрсэн атал та нар юунд хаанаа ордонд нь буцаан авчрахад сүүл барина вэ? 12 Та нар бол миний ах дүүс, мах цусны минь тасархай. Тийн атал юунд хааныг буцаан авчрахад сүүл барьж байна вэ?" 13 Бас Амасад "Чи миний мах цусны тасархай бус уу? Хэрэв чи Иоабын оронд үргэлж миний цэргийн жанжин эс болбол, Бурхан намайг үүнээс илүү шийтгэх болтугай" гэж хэлүүлэв. 14 Ингээд Давид хамаг иудачуудыг нэг хүний зүрх мэт өөртөө хандуулав. Иудачууд хаанд хүн явуулж —Та болоод зарц нар тань буцаж ирнэ үү хэмээн хэлүүлэв. 15 Тэгээд хаан буцаж, Иордан голд хүрэхэд, иудачууд хааныг угтан, Иордан голыг гатлуулахын тулд Гилгалд ирэв. 16 Бахуримын Бениамин хүн Герагийн хөвгүүн Шимеи, Давид хааныг угтахаар яаран, иудачуудын хамт ирэв. 17 Түүний хамт мянган Бениамин эрс, мөн Саулын гэрийн зарц Зиба ч арван таван хөвгүүн, хорин зарц нараа дагуулан хааны өмнө Иордан голд ирэв. 18 Ингээд тэд хааны гэрийнхнийг гол гатлуулахын тулд болон түүний таалалд нийцэх зүйлийг хийхээр гармаар гаталсаар байв. Герагийн хөвгүүн Шимеи Иордан голыг гаталж байхдаа, хааны өмнө газарт хөсөр унав. 19 Тэрээр хаанд —Эзэн минь, намайг гэмтэй гэж бүү үзээч. Хаантан минь, Иерусалимаас гарч явсан тэр өдөр боол миний үйлдсэн гэмийг бүү зүрхэндээ хадгалан санаарай. 20 Боол би нүгэл үйлдсэнээ мэдэх учир, харагтун, өнөөдөр би Иосефын гэрээс хамгийн түрүүнд хаан эзнээ угтахаар ирэв гэв. 21 Зеруиагийн хөвгүүн Абишаи хариулж —ЭЗЭНий тосолсон хүнийг хараасан тул Шимеи үхэх ёсгүй гэж үү? гэв. 22 Гэвч Давид —Зеруиагийн хөвгүүд минь. Энэ бол миний хэрэг. Та нар өнөөдөр надад дайсагнаж байна. Би өнөөдөр Израилийн хаан мөн гэдгээ мэдэхгүй учир Израильд хүн алах ёстой гэж үү? гэж хэлэв. 23 Тэгээд хаан Шимеид —Чи үхэхгүй хэмээн айлдаж, түүнд тангараглав. 24 Саулын хөвгүүн Мефибошет хааныг угтахаар ирэв. Тэрээр хааныг гарч явсан өдрөөс эхлэн амар мэнд буцаж ирсэн өдөр хүртэл өөрийн хөлөө арчлалгүй, сахлаа хусаагүй, хувцсаа ч угаагаагүй ажээ. 25 Хааныг угтахаар түүнийг Иерусалимаас ирсэн үед хаан түүнээс —Мефибошет, чи юунд надтай хамт явсангүй вэ? гэж асуув. 26 Тэр —Хаан эзэн минь, зарц минь намайг мэхлэв. Боол би хөлгүй учир "Би илжиг эмээллэн унаж, хаантай хамт явъя" гэж хэлсэн юм. 27 Гэтэл тэр боол намайг эзэн хаанд гүжирдэв. Гэвч миний эзэн хаан Бурханы тэнгэр элч мэт тул та өөрийн тааллаар бологтун. 28 Эцгийн минь гэрийнхэн бүгд хааны өмнө юу ч биш, үхвэл таарах хүмүүс байсан боловч, боол намайг та өөрийнхөө хоолны ширээнд хооллох хүмүүсийн дунд оруулав. Тиймээс би хаанд дахин гомдоллох ямар эрхтэй юм бэ? гэв. 29 Хаан түүнд —Чи юунд өөрийнхөө хэргийг ярина вэ? Чамд болон Зибад газар хувааж өгнө гэж би шийдсэн гэж хэлэв. 30 Мефибошет хаанд —Хаантан амар мэнд гэртээ буцаж ирснээс хойш тэр бүгдийг нь аваг гэв. 31 Гилеад хүн Барзиллаи Рогелимоос Иордан голд хааныг үдэн гаргахын тулд хаантай хамт Иордан гол хүртэл явав. 32 Барзиллаи бол наян настай, их хөгшин хүн байв. Тэрээр ихэд баян хүн байсан учир Маханаимд байх зуур нь хааныг хүнсээр хангаж байв. 33 Хаан Барзиллаид —Надтай хамт гатлан явагтун. Иерусалимд надтай хамт байхад би таныг идэх хүнсээр хангах болно гэв. 34 Гэвч Барзиллаи хаанд —Хаантай хамт Иерусалимд очсон ч би хэдий удаан наслах билээ? 35 Би одоо наян настай болов. Би сайн, мууг ялгаж чадах уу? Юу идэж, уухаа би амталж үзэж чадна гэж үү? Дуучин эрс, эмсийн хоолойг сонсож чадна гэж үү? Ийм учир боол би эзэн хаанд тээр болохгүй гэж үү? 36 Боол би хаантай хамт Иордан голыг гаталж, жаахан яваад буцъя. Хаан яасан гэж надад ийм шагнал хайрлана вэ? 37 Би өөрийнхөө хотод, эцэг эхийнхээ булшны ойр үхмээр байгаа учир боол намайг буцаагаач. Гэсэн хэдий ч таны зарц Кимхам энд байна. Тэр миний эзэн хаантай хамт гатлан яваг. Та түүний хувьд тааллынхаа дагуу болтугай! гэж хэлэв. 38 Хаан —Кимхам надтай хамт гатлан явах болно. Би түүнд чиний таалалд нийцсэн зүйлийг хийх болно. Чи надаас юу хүснэ, түүнийг чинь би биелүүлж өгье гэв. 39 Ингээд хүмүүс бүгдээрээ Иордан голыг гатлав. Хаан ч мөн адил гатлав. Хаан Барзиллаиг үнсэж, түүнийг ерөөхөд, тэр хот уруугаа буцав. 40 Хаан Гилгал уруу явж, Кимхам болон Иудагийн бүх ардууд, израильчуудын хагас нь хааныг дагалдан явав. 41 Гэтэл тэнд израильчууд бүгд хаан дээр ирээд —Бидний ах дүүс болох иудачууд нь юуны тулд таныг булааж, хаан хийгээд түүний гэрийнхэн бас хаантай хамт Давидын хүмүүсийг Иордан голыг гатлуулан авчрав? гэв. 42 Иудагийн бүх хүмүүс израильчуудад —Яагаад гэвэл хаан бол бидний ойрын төрөл юм. Та нар юунд энэ талаар уурлана вэ? Хааныхаас бид хооллосон уу? Эсвэл бид ямар нэгэн зүйл өөрсөддөө авч үлдсэн үү? гэв. 43 Израильчууд иудачуудад хариулж —Бид хаанд арван хувьтай билээ. Тийм учраас Давидад ч та нараас илүү байх ёстой. Тийн атал юуны учир биднийг үл тоомсорлоно вэ? Хаантнаа буцаан залах гэж эхэлж хэлэлцсэн нь бид бус уу? гэв. Гэвч иудачуудын үг нь израильчуудын үгнээс илүү хатуу байлаа.

20

1 Бениамин хүн Бихрийн хөвгүүн Шеба гэгч нэгэн үймээн дэгдээгч тэнд байв. Тэр эвэр бүрээ үлээн —Давидад өгөх хувь гэж бидэнд байхгүй. Иессийн хөвгүүнээс залгамжлан авах өв бидэнд үгүй. Израиль аа, хүн бүр тус тусынхаа майхан уруугаа буцацгаа гэж байв. 2 Ийнхүү Израилийн бүх хүмүүс Давидыг дагахаа больж, Бихрийн хөвгүүн Шебаг дагав. Гэвч иудачууд Иордан голоос Иерусалим хүртэл өөрсдийн хааны дэргэд баттай үлдэв. 3 Давид Иерусалимд буй гэртээ ирэв. Хаан гэрээ сахиулахаар үлдээсэн арван бага эхнэрүүдээ авч, хянагчаар харгалзуулан тэжээж байв. Гэвч хаан тэдэн уруу очсонгүй. Тэгээд тэд бэлэвсэн эмэгтэй мэт амьдарч, үхэн үхтлээ түгжигдмэл байв. 4 Хаан Амасад —Иуда хүмүүсийг гурав хоногийн дотор дуудан цуглуул. Чи өөрөө мөн энд байж байгаарай гэв. 5 Тэгээд Амаса Иуда хүмүүсийг дуудахаар явсан боловч тогтоосон хугацаанд хийсэнгүй, удаашруулав. 6 Давид Абишаид —Одоо, бидэнд Бихрийн хөвгүүн Шеба Абсаломаас ч илүү гайтай боллоо. Чи миний цэргүүдийг дагуулж, түүнийг мөшгөн хөө. Эс тэгвээс тэр бэхлэгдсэн хотод орогнож, бидний хяналтаас гарч магад гэв. 7 Тэгээд Иоабын эрчүүд, Херет болон Пелетийн бүх хүчит эрчүүдийн хамт түүний араас хөдлөв. Тэд Бихрийн хөвгүүн Шебаг нэхэн хөөхөөр Иерусалимаас гарав. 8 Тэднийг Гибеон дахь нэгэн бул чулууны дэргэд байхад, Амаса тэдэнтэй уулзахаар ирэв. Иоаб цэргийн хувцсаа өмссөн байсан бөгөөд хуйтай илдээ ташаандаа зүүсэн байв. Тэгээд түүнийг урагшаа алхахад, илд нь сугарав. 9 Иоаб Амасад —Ах минь, та амар байна уу? хэмээн өгүүлээд, Амасаг үнсэхээр баруун гараараа сахлыг нь атгав. 10 Харин Амаса Иоабын гарт буй илдийг эсэргүүцэх зэвсэггүй байв. Иоаб түүний хэвлий уруу дүрсэнд, гэдэс нь газарт гоожив. Тэгээд түүнийг дахин дүрсэнгүй. Амаса ч үхэв. Дараа нь Иоаб болон түүний дүү Абишаи нар Бихрийн хөвгүүн Шебаг нэхэн хөөв. 11 Иоабын залуусын нэг нь Амасагийн дэргэд зогсоод —Иоабыг таашааж, Давидын төлөө явах хүн байвал, Иоабыг дагагтун гэв. 12 Амаса замын голд цусандаа хутгалдан хэвтэж байв. Тэр залуу бүх хүмүүсийн хөдөлгөөнгүй зогсохыг хараад, Амасаг замаас тал газар уруу аваачив. Түүний хажуугаар өнгөрөгч бүгд хөдөлгөөнгүй зогсохыг хараад, түүнийг дээлээр бүтээв. 13 Амасаг замаас холдуулмагц, Бихрийн хөвгүүн Шебаг хөөхөөр бүгд Иоабын араас дагав. 14 Шеба Абел хүртэл, бүр Бет-Маака, Бер хүртэл Израилийн бүх овог аймгуудаар явав. Тэд цугларан нэгдэж, түүний араас дагалаа. 15 Хүмүүс түүний орогносон Абел, Бет-маакаг бүслэн ирж хотын харалдаа далан босгов. Энэ нь бэхлэлт болгон босгосон хамгаалалтын хажууд байв. Иоабтай хамт байсан бүх хүмүүс хэрмийг эвдэж нураахыг оролдов. 16 Тэр үед тэр хотоос нэгэн ухаалаг эмэгтэй —Сонсооч, сонсооч. "Нааш ир. Чамд хэлэх юм байна" гэж Иоабт хэлээч гэж хашхирав. 17 Иоабыг түүн уруу ойртоход, тэр эмэгтэй —Чи Иоаб мөн үү? хэмээн асуув. Тэрээр —Би байна гэхэд, тэр эмэгтэй —Шивэгчин миний үгийг сонсооч гэхэд —Би сонсож байна гэв. 18 Тэгээд тэр эмэгтэй ийнхүү ярив. —Урьд хүмүүс "Тэд Абелд зөвлөлдөх нь лавтай" гэж хэлэн маргааныг эцэслэдэг байв. 19 Би Израилийн энхийг сахьдаг, үнэнч итгэлт хүмүүсийн нэг. Чи Израилийн эх болох хотыг устгах гэж байна. Чи юуны учир ЭЗЭНий өвийг залгих нь вэ? гэв. 20 Иоаб хариуд нь —Огт тийм бус. Хоосруулж устгах гэдэг нь надаас хол байг! 21 Хэргийн учир үүнд биш юм. Харин Бихрийн хөвгүүн Шеба гэгч Ефраимын уулархаг нутгийн нэгэн хүн Давид хааныг эсэргүүцэв. Зөвхөн түүнийг тушааж өгвөл би энэ хотоос холдоно гэхэд тэр эмэгтэй Иоабт —Түүний толгойг хэрэмний дээрээс чам уруу шидэн унагаая гэв. 22 Тэр эмэгтэй ухаалгаар хамаг ардууд дээр очив. Тэд Бихрийн хөвгүүн Шебагийн толгойг огтолж, Иоаб уруу шидэв. Тэгээд Иоаб эвэр бүрээ үлээхэд, хүмүүс хотоос таран явж, тус тусынхаа майхан уруу буцацгаав. Иоаб ч мөн адил Иерусалим уруу хаан дээр буцаж ирэв. 23 Иоаб Израилийн бүхий л цэргийн удирдагч болов. Иехоиадагийн хөвгүүн Бенаиа херетчүүд болон пелетчүүдийн удирдагч байв. 24 Адорам албадлагын ажил хянагч, Ахилудын хөвгүүн Иехошафат бичээч, 25 Шева гүүш, Задок болон Абиатар нар тахилч, 26 иар хүн Ира Давидын тахилч байв.

21

1 Давидын үед жил дараалан гурван жилийн турш өлсгөлөн болсонд Давид ЭЗЭНий оршихуйг эрэлхийлэв. Тэгээд ЭЗЭН —Энэ нь Гибеон хүмүүсийг алсан Саул болон түүний цуст гэрээс болсон юм гэв. 2 Тэгээд хаан Гибеон хүмүүсийг дуудан тэдэнтэй ярив. (Гибеончууд бол Израилийн хөвгүүд биш, харин аморичуудаас үлдсэн хүмүүс бөгөөд Израилийн хөвгүүд тэдэнтэй гэрээ байгуулсан боловч Саул израильчууд болон иудачуудад таашаагдахын тулд тэднийг устгахаар эрмэлзэж байв). 3 Тэгээд Давид Гибеон хүмүүст —Би та нарын төлөө юу хийх ёстой вэ? Намайг юу төлбөл, та нар ЭЗЭНий өвийг ерөөж болох вэ? гэхэд 4 гибеончууд түүнд —Саул болон түүний гэрээс алт мөнгө авах хэрэг бидэнд байхгүй. Мөн Израильд ч хэн нэгнийг алах бодол бидэнд алга гэхэд, Давид —Би та нарын юу хүссэнийг хийж өгөх болно гэв. 5 Тэгэхэд тэд хаанд —Биднийг Израилийн газар нутгаас үлдээлгүй устгахаар төлөвлөж байсан хүнийх нь хувьд, 6 хөвгүүдээс нь долоон хүнийг бидэнд тушааж өгөгтүн. Бид ЭЗЭНээр сонгогдсон Саулын Гибеад, ЭЗЭНий өмнө тэднийг дүүжлэн алах болно гэхэд, хаан —Тэднийг та нарт өгөх болно гэв. 7 Гэвч хаан Саулын хөвгүүн болох Ионатаны хөвгүүн Мефибошетыг үлдээв. Давид болон Саулын хөвгүүн Ионатаны хооронд ЭЗЭНд тангарагласан тангаргийн улмаас амьд үлдээжээ. 8 Тэгээд хаан Аиагийн охин Ризпагийн Саулд төрүүлж өгсөн хоёр хөвгүүн буюу Армони, Мефибошет, мөн Саулын охин Мерабын Мехолат хүн Барзиллаин хөвгүүн Адриелд төрүүлж өгсөн таван хөвгүүдийг авч, 9 гибеончуудын гарт өгөв. Тийнхүү тэднийг ЭЗЭНий өмнө, уулан дээр дүүжилж алав. Ингээд долоон хүн хамтдаа үхэв. Тэд арвай хураах үеийн эхний өдрүүдэд алагджээ. 10 Аиагийн охин Ризпа таар авч, хадан дээр дэвсэн суугаад ургац хураахаас авахуулан тэнгэрээс бороо тэдэн дээр орох хүртэл, өдөр нь тэнгэрийн шувууг, шөнө нь хээрийн араатныг үргээн тэдний цогцост ойртуулсангүй. 11 Саулын татвар эм, Аиагийн охин Ризпагийн юу хийснийг Давидад хэлэхэд, 12 тэр явж, филистчүүд Саулыг Гилбоад алсан өдрөө, Бет-Шаны талбайд Саул, Ионатаныг дүүжлэхэд, тэндээс тэднийг хулгайлан авсан Иабиш-гилеадын хүмүүсээс Давид тэр хоёрын ясыг авав. 13 Давид Саулын болон түүний хөвгүүн Ионатаны ясыг тэндээс авчрав. Мөн дүүжлэгдэн үхсэн хүмүүсийн ясыг ч тэд цуглуулав. 14 Ингээд тэд хааны тушаасан ёсоор бүгдийг үйлдэн, Саул болон түүний хөвгүүн Ионатаны ясыг Бениамины нутгийн Зела дахь эцэг Кишийнх нь булшинд оршуулав. Түүний дараа энэ нутгийн талаарх залбирал болон гуйлт Бурханд хүрэв. 15 Филистчүүд дахин Израильтай дайтав. Давид зарц нартайгаа хамт явж, филистчүүдтэй тулалдах зуур Давид эцэж ядарсан байлаа. 16 Рафагийн (Аварга биетний удам) удмын нэг хүн Ишби-Беноб Давидыг алъя гэсэн бодолтой байв. Түүний жадны хүнд нь гурван зуун шекел хүрэл бөгөөд тэр шинэхэн илд зүүсэн байв. 17 Гэвч Зеруиагийн хөвгүүн Абишаи Давидад туслан, филистчүүдийг цохиж, түүнийг алав. Тэр үед Давидын цэргүүд түүнд тангараглан —Израилийн гэрлийг унтраахгүйн тул та дахин бидэнтэй хамт тулалдаанд бүү гарагтун гэж өгүүлэв. 18 Түүний дараа Гобд, филистчүүдтэй дахин тулалдаж, куши хүн Сиббекаи Рафагийн (Аварга биетний удам) удмын Сафыг алав. 19 Дахиад Гобд филистчүүдтэй тулалдахад, Бетлехемийн хүн Иаре-Орегимын хөвгүүн Елханан, гит хүн Голиатыг алав. Голиатын жадны иш нь нэхмэлчний гогдогч мод мэт байв. 20 Бас Гатад дахин тулалдаан болоход тэнд гар, хөлийнх нь хуруунууд нь зургаа, бөгөөд бүгд нийлээд хорин дөрвөн хуруутай аварга биетэн эр байлаа. Тэр ч мөн Рафагийн (Аварга биетний удам) удам байв. 21 Тэрээр Израилийг доромжилсонд Давидын ах, Шимеигийн хөвгүүн Ионатан түүнийг цохиж алав. 22 Гатад Рафагийн (Аварга биетний удам) удмынханд төрсөн эдгээр дөрвөн хүн Давид болон түүний цэргүүдийн гарт алагдав.

22

1 ЭЗЭН өөрийг нь хамаг дайснуудынх нь болон Саулын гараас аварсан өдөр Давид энэ дууг ЭЗЭНд дуулав. 2 Тэр ийнхүү дуулав. —ЭЗЭН бол миний хад, миний цайз, миний аврагч. 3 Миний хоргоддог хад болох Бурхан минь. Миний бамбай, авралын эвэр, цайз хэрэм, хоргодох газар. Аврагч минь, Та намайг балмад явдлаас хамгаалдаг билээ. 4 Магтаал хүндэтгэлийн ЭЗЭНийг дуудахад дайснуудаасаа би аврагддаг. 5 Учир нь үхлийн давалгаа намайг хүрээлэн, сүйрлийн гол намайг айлгав. 6 Үхэгсдийн орны уяа намайг хэрж, үхлийн тор над уруу чиглэв. 7 Би зовж шаналж байхдаа ЭЗЭНийг дуудсан. Тийм ээ, би Бурхан уруугаа хашхирсан билээ. Тэр Өөрийнхөө дуганаас миний дууг сонсон, миний тусламж гуйн хашхирах нь Түүний сонорт хүрэв. 8 Тэгтэл газар доргин хөдлөв. Тэр хилэгнэсэн учир тэнгэрийн суурь ч доргин чичрэв. 9 Түүний хамраас утаа гарч, амнаас нь цөлмөн залгих гал гаран, түүгээр нүүрс асан шатаж байв. 10 Тэр тэнгэрийг бөхийлгөн, хөл дороо түнэр харанхуйгаар бууж ирэв. 11 Тэр нэгэн херуб хөлөглөн нисэж, салхиар жигүүрлэн, далавчин дээр үзэгдэв. 12 Тэр Өөрийгөө тойруулан харанхуйг бүрхүүл болгож, их хэмжээний ус хийгээд зузаан үүлс бий болгов. 13 Түүний өмнөх гялбаанаас нүүрс асан шатав. 14 ЭЗЭН тэнгэрээс аянга цахилуулан, Хамгийн Дээд Нэгэн нь дуугарав. 15 Тэр сум тавьж, дайснуудаа тараан, аянга гялбуулж, тэднийг будлиулав. 16 ЭЗЭНий зэмлэл, Түүний хамрын амьсгалаар далайн ёроол ил харагдаж, ертөнцийн суурь ил гарав. 17 Тэр дээрээс явуулж, намайг авч, их уснаас татан гаргав. 18 Тэр хүчит дайснуудаас болон өшин хорсогчдоос намайг аврав. Учир нь тэд надаас үлэмж хүчтэй байв. 19 Надад гай гамшиг тохиолдсон өдөр тэд надтай нүүр тулгарсан боловч ЭЗЭН миний тулгуур байлаа. 20 Тэр намайг хайрладаг учир намайг мөн өргөн уудам газарт авчран, намайг аварсан билээ. 21 ЭЗЭН миний зөв шударга явдлын дагуу намайг шагнан, гарын минь цэвэр ариун байдлын төлөө намайг урамшуулав. 22 Учир нь би Бурханы эсрэг бузар муу зүйл үйлдэлгүй ЭЗЭНий замаар явсан. 23 Түүний бүх заавар өмнө минь байж, Түүний тогтоолуудаас нь би холдоогүй билээ. 24 Би Түүний өмнө гэм зэмгүй бөгөөд нүглээс өөрийгөө хол байлгав. 25 Тийм учраас Түүний өмнө зөв шударга болон цэвэр ариун байсан тул ЭЗЭН намайг шагнаж урамшуулсан юм. 26 Өгөөмөр хүнд Та Өөрийнхөө өгөөмрийг, гэм зэмгүй хүнд Та Өөрийнхөө төгс болохоо харуулдаг. 27 Цэвэр ариун явдалтай хүнд Та Өөрийнхөө ариуныг, тэрслүү хүнд Өөрийнхөө овжин гярхайг харуулдаг. 28 Та шаналан зовж буй ардуудыг авардаг. Бардамнагчдад хараагаа чиглүүлж, тэднийг номхруулдаг. 29 ЭЗЭН минь, Та миний гэрэл учраас ЭЗЭН харанхуйг минь гэрэлтүүлдэг. 30 Танаар би цэргийн хуаранг дайрч, Бурханыхаа хүчээр би хэрмийг давж чаддаг. 31 Бурханы хувьд, Түүний зам төгс. ЭЗЭНий Үг шалгагдсан билээ. Түүнд хоргодогч бүхэнд Тэр бамбай болдог. 32 ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ? Бидний Бурханаас өөр хэн хад юм бэ? 33 Бурхан бол миний хүчит цайз бөгөөд Тэр шударга хүнийг Өөрийнхөө замаар хөтөлдөг. 34 Тэр хөлийг минь гөрөөсний хөл мэт болгон, намайг өндөрлөг газар дээр аваачдаг. 35 Тэр гарыг минь тулалдаанд бэлтгэдэг. Ингэснээр гар минь хүрэл нумыг тахийлгаж чаддаг. 36 Та надад мөн авралын бамбайг өгсөн билээ. Таны тусламж намайг агуу болгов. 37 Та алхааг минь томсгож, хөл минь халтирсангүй. 38 Би дайснаа хөөж устган, тэднийг сөнөх хүртэл нь эргэж буцаж байсангүй. 39 Тэднийг босгож ирүүлэхгүйн тулд би тэднийг цөлмөж сөнөөв. Тэгээд тэд миний хөл доор унасан билээ. 40 Тулалдахад Та надад хүч чадал бүслүүлж, намайг эсэргүүцэн босогчдыг хөлд минь хөсөр унагав. 41 Та мөн дайснуудын минь нурууг над уруу харуулав. Намайг үзэн ядагчдыг би устгав. 42 Тэд харуулдавч, тэднийг хэн ч аварсангүй. Тэд ЭЗЭНд хандсан боловч, Тэр хариу өгсөнгүй. 43 Би тэднийг газрын тоос мэт бут цохин, гудамжны шавхай мэт нухчин дэвслэв. 44 Та намайг хүмүүсийн минь маргаанаас аварч, намайг үндэстнүүдийн тэргүүн байлгасаар байв. Миний үл мэдэх хүмүүс ч надад үйлчлэв. 45 Харь үндэстэн надад зусардан, тэд сонсонгуутаа миний зарлигийг үг дуугүй дагадаг. 46 Харь хүмүүс зүрх алдаж, цайзаасаа чичрэн гарч ирдэг. 47 ЭЗЭН амьд. Ерөөгдөх болтугай, миний хад! Өргөмжлөгдөх болтугай, авралын минь хад болох Бурхан! 48 Миний өмнөөс өшөө авдаг, хүмүүсийг миний эрхэн дор оруулдаг Бурхан, 49 Та намайг дайснуудаас минь гарган авчирдаг Бурхан. Та намайг эсэргүүцэн босогчдын дээр өргөмжлөн босгож, харгис хүнээс намайг аварсан билээ. 50 Тийм учраас ЭЗЭН Танд үндэстнүүдийн дундаас талархлыг өргөж, Таны нэрийг магтан дуулъя. 51 Тэр бол Өөрийнхөө хаанд авралын цамхаг бөгөөд Өөрийнхөө тосолсон нэгэндээ, Давид болон түүний үр удамд хайр өршөөлийг үүрд мөнх үзүүлдэг гэж дуулав.

23

1 Эдгээр нь Давидын сүүлчийн үгс юм. Өндөрт өргөмжлөгдөж, Бурханаар тослогдсон, Израилийн яруу дууллыг бичигч, Иессийн хөвгүүн Давид тунхаглаж байна. — 2 ЭЗЭНий Сүнс надаар дамжуулан айлдав. Түүний үг миний хэлэн дээр буй. 3 Израилийн Бурхан зарлиг болов. Израилийн хад надад өгүүлэв. "Бурханаас айн эмээж, зөв шударгаар хүмүүсийг захирдаг нэгэн нь 4 наран мандах өглөөний гэрэл, үүлгүй цэлмэг өглөө, борооны дараах нарнаар газарт ургах нялх ногоо мэт". 5 Бүгд эмхлэгдсэн, найдвартай, үүрд мөнхийн гэрээг Тэр надтай байгуулсан учир миний гэр Бурханы хувьд ч мөн ийм бус гэж үү? Бурхан үнэхээр миний хамаг аврал болон хүслийг өсгөхгүй гэж үү? 6 Харин нүгэл хилэнцэт хүн бүр гараар барьж болохгүй өргөст харгана мэт хаягдана. 7 Тэдэнд хүрэх хүн төмөр болон жадны ишээр хүрэх хэрэгтэй. Тэгээд тэд газартаа бүрмөсөн шатаагдах ёстой гэв. 8 Эдгээр нь Давидын хүчит эрсийн нэрс юм. Гурван хүчит эрийн тэргүүн тахемон хүн Иошеб-Башебет. Тэр нэг удаа найман зуун хүн алсан учир Езни хүн Адино гэж мөн дуудагддаг байв. 9 Түүний удаах хүн нь тулалдахаар цугларсан филистчүүдийг доромжлоод, Израилийн эрчүүд хойшоо ухран явахад, Давидтай хамт байсан гурван хүчит эрийн нэг болох Ахох хүн Додогийн хөвгүүн Елеазар байв. 10 Тэр босож, гараа эцэж цуцтал, гар нь илдэнд наалдан салахгүй болтлоо филистчүүдийг цохиж алсан юм. ЭЗЭН тэр өдөр их ялалтыг авчирсан ба түүний араас хүмүүс буцаж ирсэн нь алагдсан хүмүүсийн хүүрийг зөвхөн цөлмөхийн тулд байв. 11 Түүний удаах нь харар хүн Агегийн хөвгүүн Шамма байв. Шош их ургасан нэгэн хэсэг газар филистчүүд хороо болон цугларахад, хүмүүс филистчүүдээс зугтав. 12 Тэрээр тэр хэсэг газрын гол дунд зогсон хамгаалж, филистчүүдийг цохиж алав. Ийнхүү ЭЗЭН их ялалтыг авчрав. 13 Филистчүүдийн нэг хороо цэрэг Рефаимын хөндийд хуарагнаж байх зуур, ургац хураах үед гучин хүчит эрчүүдээс гурав нь Адулламын агуй уруу, Давид дээр ирэв. 14 Филистчүүдийн хуаран Бетлехемд байх үед Давид бэхлэлтдээ байв. 15 Давид нэгэн зүйлийг ихэд хүсэмжлэн —Хаалганы дэргэдэх Бетлехемийн худгийн уснаас уух ус хэн нэг нь надад өгдөг ч бол гэж хэлэв. 16 Тиймээс гурван хүчит эр филистчүүдийн хуаранг нэвтрэн гарч, хаалганы дэргэдэх Бетлехемийн худгаас ус утган авч, Давидад авчрав. Гэтэл Давид түүнийг уулгүй, асгаж ЭЗЭНд өргөөд, — 17 ЭЗЭН минь, би үүнийг ууж үл чадна. Амиа золиослон явсан хүмүүсийн цусыг уух гэж үү? гээд усыг уусангүй. Гурван хүчит эр энэ мэт хэргийг үйлдсэн ажээ. 18 Зеруиагийн хөвгүүн Иоабын ах Абишаи нь тэдгээр гурван хүчит эрийн толгойлогч нь байв. Тэрээр жадаа өргөж, гурван зуун хүнийг алсан ба тэр гурван хүний адил нэртэй байв. 19 Тэр тэдгээр гучаас хамгийн хүндтэй нь байсан тул тэдний захирагч болжээ. Гэлээ ч тэр гурван хүчит эрийн тоонд ордоггүй байв. 20 Баатарлаг үйлс бүтээсэн Кабзилын зоригт хүний хөвгүүн буюу Иехоиадагийн хөвгүүн Бенаиа Моабын Ариелын хоёр хөвгүүнийг алжээ. Мөн цас бударсан өдөр агуйд орж, арслан алсан ажээ. 21 Тэрээр бас Египетийн нэгэн аварга эрийг алав. Тэр Египет гартаа жадтай байв. Харин тэр саваа модтой ирж, египет хүний гараас жадыг нь булаан аваад, тэр жадаар өөрийг нь алав. 22 Иехоиадагийн хөвгүүн Бенаиа эдгээр үйлсийг хийсэн бөгөөд нөгөө гурван хүчит эрийн адил алдартай байв. 23 Тэрээр тэдгээр гучийн дунд хүндэтгэл хүлээсэн хүн байсан боловч тэр гуравт хүрээгүй юм. Давид түүнийг өөрийн бие хамгаалагчдын толгойлогч болгов. 24 Тэдгээр гучийн дунд: Иоабын ах Асахел, Бетлехемийн Додогийн хөвгүүн Елханан, 25 харод хүн Шамма, харод хүн Елика, 26 палт хүн Хелез, текоит хүн Икешийн хөвгүүн Ира, 27 анатот хүн Абиезер, хушаат хүн Мебуннаи, 28 ахох хүн Залмон, нетофат хүн Махараи, 29 нетофат хүн Баанагийн хөвгүүн Хелеб, Бениамин овгийн Гибеагийн Рибаин хөвгүүн Иттаи, 30 ператон хүн Бенаиа, Нахле-Гаашийн Иддаи, 31 арбат хүн Аби-Албон, бархум хүн Азмавет, 32 шаалбон хүн Елиахба, Яшены хөвгүүд, Ионатан, 33 харар хүн Шамма, арар хүн Шарарын хөвгүүн Ахиам, 34 маакат хүний хөвгүүн Ахасбаин хөвгүүн Елифелет, гилон хүн Ахитофелын хөвгүүн Елиам, 35 кармел хүн Хезро, арби хүн Паараи, 36 Зобагийн Натаны хөвгүүн Игал, гад хүн Бани, 37 аммон хүн Зелек, Зеруиагийн хөвгүүн Иоабын зэвсэг баригч беерот хүн Нахараи, 38 итри хүн Ира, итри хүн Гареб, 39 хит хүн Уриа буюу бүгд гучин долоон хүн байв.

24

1 ЭЗЭНий хилэн дахин Израилийн эсрэг дүрэлзэв. ЭЗЭН —Явж, Израиль болон Иудагийн хүн амыг тоол хэмээн тэдний эсрэг Давидыг ятгав. 2 Хаан өөртэй нь хамт байсан цэргийн жанжин Иоабт —Данаас Беершеба хүртэл Израилийн бүх овгуудаар одоо явж, хүмүүсийг тоолж бүртгэн надад хүмүүсийн тоог мэдээл гэсэнд 3 Иоаб хаанд —Таны Бурхан ЭЗЭН эдгээр ардуудыг одоогийнхоос зуу дахин өсгөх болтугай! Эзэн хаантан минь, үүнийг өөрийнхөө нүдээр үзэх болтугай! Гэвч эзэн хаантан минь, юуны учир үүнийг хүснэ вэ? гэв. 4 Гэсэн хэдий ч хаан Иоаб болон цэргийн удирдагчдыг ятгаж чадав. Ингээд Иоаб болон цэргийн удирдагчид Израилийн ард түмнийг тоолохоор хаанаас салж одов. 5 Тэгээд тэд Иордан голыг гатлан, Иазерын зүг Гадын хөндийн дунд байдаг хотын баруун талд байдаг Ароерт буудаллав. 6 Дараа нь тэд Гилеад болон Тахтим-ходшигийн нутаг уруу явж бас Дан-иаан уруу явж, Сидоныг тойров. 7 Тэгээд Тирийн цайзад очин, хивичүүд, канаанчуудын бүх хотуудаар яван, тэндээс Иудагийн өмнөд хэсэг уруу явж, Беершебад ирэв. 8 Тэд бүх нутгаар явж, есөн сар хорь хоногийн дараа Иерусалимд буцаж ирэв. 9 Тэгээд Иоаб улсын хүн амын тооллогын бүртгэлийг хаанд өгөв. Израильд илд баригч зоригт эрчүүд найман зуун мянга, Иудагийн цэргүүд таван зуун мянган хүн байв. 10 Давид ард түмнээ тоолсны дараа сэтгэл нь шаналж, ЭЗЭНд —Би энэ хийсэн зүйлээрээ их нүгэл үйлдэв. Харин одоо ЭЗЭН минь, Өөрийнхөө зарцын нүглийг өршөөн хэлтрүүлээч. Би үнэхээр мунхаг хэрэг үйлдэв гэж залбирав. 11 Давидыг өглөө босоход ЭЗЭНий үг Давидын үзмэрч болох эш үзүүлэгч Гад дээр ирж, ийнхүү зарлиг болов. — 12 Явж, Давидад "ЭЗЭН зарлиг болж байна. Би чамд гурван зүйл өгөх болно. Эдгээрээс чи нэгийг нь сонго, тэгээд Би чамд үйлдэх болно" гэж хэлэгтүн гэв. 13 Тэгээд Гад Давид дээр ирж, түүнд ийнхүү өгүүлэв. —Нутагт чинь долоон жил өлсгөлөн ирүүлэх үү? Эсвэл дайснууд чинь чамайг мөрдөн мөшгөх үед чи тэднээс гурван сарын турш зугтах уу? Эсвэл нутагт чинь гурван өдрийн турш өвчин тахал дэлгэрүүлэх үү? Үүнийг тунгаан бодоод, намайг илгээсэн Түүнд ямар хариу авч буцахыг надад хэлээрэй гэв. 14 Давид Гадад —Би асар их шаналж байна. ЭЗЭНий өршөөл агуу учир Түүний гарт өөрсдийгөө даатгая. Харин намайг хүний гарт битгий өгөөч гэв. 15 Тийнхүү ЭЗЭН тэр өглөөнөөс тогтоосон цаг хүртэл Израильд өвчин тахал тарааж, Данаас Беершеба хүртэл хүн ардаас далан мянгыг үхүүлэв. 16 Тэнгэр элч Иерусалим уруу гараа сунган, түүнийг устгах гэтэл ЭЗЭН гай зовлон учруулахаа больж, ардуудыг устгаж байсан тэнгэр элчид зарлиг болон —Одоо хангалттай. Одоо гараа амраа гэв. ЭЗЭНий тэнгэр элч иебус хүн Арунагийн үтрэмийн дэргэд байв. 17 Хүн ардыг устган талж байсан тэнгэр элчийг хараад Давид ЭЗЭНд —Нүгэл үйлдэн, буруу зүйл хийсэн нь би билээ. Харин энэ хонин сүрэг чухам юу үйлдсэн юм бэ? Таны мутар над дээр болон миний эцгийн гэр дээр буугтун гэв. 18 Тэгээд тэр өдөр Гад Давид дээр ирж, түүнд —Явж, иебус хүн Арунагийн үтрэм дээр, ЭЗЭНд зориулж тахилын ширээ босгогтун гэв. 19 Тэгээд Давид Гадын хэлсэн ёсоор, ЭЗЭНий тушаасны дагуу явлаа. 20 Ингээд Арунаг доош харахад, хаан зарц нартайгаа хамт түүний зүг ирж явах нь харагдав. Аруна гарч ирэн газарт хөсөр унан, хаанд мөргөв. 21 Тэгээд Аруна —Эзэн хаан минь, та юуны учир боол над дээр ирэв гэхэд Давид —Хүмүүсээс гай гамшгийг буцаан татуулахын тулд чиний үтрэмийг худалдан авч, ЭЗЭНд тахилын ширээ босгох гэсэн юм гэж хэлэв. 22 Аруна Давидад —Эзэн хаантан минь, санаанд чинь нийцэх бүгдийг авч өргөгтүн. Хараач! Энд шатаалт тахилд зориулах үхэр байна. Түлэх түлээнд тариа цайруулагч тэрэг, мөн үхрийн буулга байна. 23 Хаантан минь, Аруна бүгдийг хаанд өргөн барья гээд Аруна хаанд —Таны Бурхан ЭЗЭН таны өргөлийг хүлээн авах болтугай гэв. 24 Харин хаан Арунад —Үгүй, би заавал үнээр нь чамаас худалдаж авна. Учир нь би үнийг нь төлөөгүй зүйлээр Бурхан ЭЗЭНд шатаалт тахил өргөхгүй гээд Давид үтрэм болон үхрийг тавин шекел мөнгөөр худалдан авав. 25 Ингээд Давид тэнд ЭЗЭНд тахилын ширээ засаж, шатаалт тахил болон эвийн тахилыг өргөв. Ийнхүү ЭЗЭН энэ улсын залбирлыг сонсон, гай гамшиг Израилиас татагдан авагдав.