1 Иудагийн хаан Иехоиакимын хаанчлалын гурав дахь жилд Вавилоны хаан Небухаднезар Иерусалимд ирж, хотыг бүслэн авав. 2 Иудагийн хаан Иехоиакимыг Бурханы өргөөний зарим савнуудын хамт Небухаднезарын гарт Эзэн өгсөнд, тэдгээрийг Шинарын нутаг уруу өөрийн бурхны гэрт авчран, бурхныхаа сан хөмрөгт тавив. 3 Тэгээд хаан тайгануудынхаа тэргүүн Ашпеназд, сурвалжит гэр бүлээс хийгээд язгууртнуудаас оролцуулан Израилийн хөвгүүдээс заримыг авчрахыг тушаав. 4 Тэд бие махбодын талаар согоггүй, үзэсгэлэн төгс, мэргэн ухааны бүх салбарт гаргууд хийгээд ойлгоц ба ялган салгах чадвар заяасан, хааны ордонд үйлчлэн зүтгэх чадвартай залуус байх ёстой байлаа. Хаан тэдэнд халдеичуудын хэл, уран зохиол заахыг тушаав. 5 Хаан тэдэнд өөрийн амттан шимттэн болон уудаг дарснаас өдөр бүр хувь хүртээн, гурван жил сургахаар тогтоосон. Хугацаа дуусахад тэд хааны хувийн үйлчлэлд орж зүтгэх байлаа. 6 Тэдний дунд Иудагийн хөвгүүдээс Даниел, Хананиа, Мишаел, Азариа нар байв. 7 Тайгануудын тэргүүн тэдэнд шинэ нэр өгөв. Тэрээр Даниелыг Белтешазар, Хананиаг Шадрах, Мишаелыг Мешах, Азариаг Абед-него гэж нэрлэв. 8 Харин хааны амттан шимттэнээс болон түүний уудаг дарснаас хувь хүртэн биеэ бузарлахгүй гэж Даниел сэтгэлдээ шийдэв. Тиймээс өөрийгөө бузарлахгүй байх талаар тэрээр тайгануудын тэргүүлэгчээс гуйв. 9 Бурхан Даниелд тайгануудын тэргүүлэгчээр дамжуулан хайр хийгээд өршөөлийг үзүүлэв. 10 Тайгануудын тэргүүлэгч Даниелд —Та нарын идээ, ундааг зааж өгсөн өөрийн эзэн хаанаас би айж байна. Та нарын нүүр царай үе тэнгийн чинь залуусын царайнаас ядруу байхыг тэр үзвэл юу болох вэ? Тэгвэл та нарын үйлдэл миний толгойг хааны өмнө цаазаар авахуулахад хүргэх юм хэмээв. 11 Гэвч Даниел, өөрийг нь болон Хананиа, Мишаел, Азариа нарыг харгалзуулахаар тайгануудын тэргүүний томилсон харгалзагчид хандан — 12 Та боолуудаа арван өдөр туршиж, бидэнд идэх ногоо, уух усыг хангаж өгөөч. 13 Тэгээд бидний царайг болон хааны шилмэл идээнээс идэгч залуусын царайг өөрөө харьцуулан үзэж, харсан зүйлсийнхээ дагуу боолуудаа яахаа өөрөө шийднэ үү хэмээн өгүүлэв. 14 Тэрээр энэ талаар сонсож, арван өдрийн турш тэднийг сорив. 15 Арван өдрийн эцэст харахад хааны амттан шимттэнээс хүртсэн бүх залуусаас тэд илүү тарган цатгалан, царай зүс нь илүү өнгөлөг байв. 16 Иймд харгалзагч тэдний шилмэл идээ, уух ёстой дарсыг нь өгөхөө больж, тэдэнд ногоо өгсөөр байлаа. 17 Энэ дөрвөн залууд Бурхан уран зохиол ба мэргэн ухааны бүх салбарт мэдлэг ба оюуны чадварыг өгөв. Даниел бүх төрлийн үзэгдэл хийгээд зүүдийг ойлгодог байлаа. 18 Тэднийг танилцуулахад бэлтгэхээр хааны тогтоосон өдрүүдийн эцэст тайгануудын тэргүүн тэднийг Небухаднезарт бараалхууллаа. 19 Хаан тэдэнтэй ярилцсанд, тэд бүгдийн дотроос Даниел, Хананиа, Мишаел, Азариа нартай эн тэнцэх хүн нэг ч байгаагүй. Тэд хааны хувийн үйлчлэлд орлоо. 20 Хаан тэдэнтэй мэргэн ухаан болон мэдлэгийн бүхий л асуудлаар зөвлөлдөж үзэхэд өөрийнх нь хаант улсын дотор буй хамаг илбэчин, зурхайч нараас арав дахин илүү болохыг нь олж мэдлээ. 21 Даниел Кореш хааны нэг дэх жил болтол байлаа.
1 Небухаднезарын хаанчлалын хоёр дахь жилд тэрээр хэдэн зүүд зүүдэлсний улмаас сэтгэл нь хямарч, нойр нь хулжих болжээ. 2 Хаан зүүднүүдээ тайлуулахын тулд илбэчид, зурхайчид, мэргэ төлөгчид, халдеичуудыг дуудах тушаал өгчээ. Тэд ирж, хааны өмнө зогсов. 3 Хаан тэдэнд —Би нэгэн зүүд зүүдлэв. Тэр зүүднийхээ учир тохиолыг ойлгохсон гэж сэтгэл минь шаналж байна гэв. 4 Халдеичууд хаанд арамей хэлээр —Хаан минь, мөнх насалтугай. Та боолууддаа зүүдээ яривал бид тайллыг нь айлтгая хэмээв. 5 Хаан халдеичуудад хариулан —Миний тушаал бат байна. Хэрэв та нар надад тэр зүүд болон түүний тайллыг эс мэдүүлбэл, та нарыг мөч мөчөөр чинь тастчин хаях бөгөөд та нарын гэрүүдийг овоолсон хог болгоно. 6 Харин та нар зүүд болон түүний тайллыг айлтгавал надаас бэлгүүд хийгээд шагнал ба аугаа хүндэтгэлийг хүртэх болно. Тиймээс зүүд ба тайллыг нь надад хэлэгтүн гэв. 7 Тэд хоёр дахиа хариулан, —Хаан та боолууддаа зүүдээ яригтун. Тэгвэл бид тайллыг нь айлтгая хэмээжээ. 8 Хаан —Та нар миний тушаал бат гэдгийг мэдсэн учир цаг хожихын тулд үнэ хаялцаж байгааг чинь би лавтай мэдэж байна. 9 Хэрэв та нар надад зүүдийг мэдүүлэхгүй бол та нарт зориулсан ганцхан зарлиг бий. Учир нь нөхцөл байдал өөрчлөгдөх хүртэл та нар миний өмнө худал ба мэхлэлийн үгсийг ярихаар хуйвалдсан байгаа. Тийм учраас надад зүүдийг яригтун. Тэгвэл та нарыг тайллыг нь айлтгаж чадна гэдгийг би мэдэх болно хэмээн хариулав. 10 Халдеичууд хаанд хариулан, —Үүнийг хаанд хэлж чадах хүн газар дэлхий дээр нэг ч үгүй, мөн ямар ч аугаа хаан, эсвэл удирдагч иймэрхүү зүйлийг ямар ч илбэчин, зурхайч, Халдеи хүнээс хэзээ ч асууж байгаагүй. 11 Түүгээр ч барахгүй хааны асуусан зүйл хэцүү бөгөөд үүнийг махан бодиор үл оршигч бурхдаас өөр хэн ч хаанд айлтгаж чадахгүй гэв. 12 Үүнээс болж хаан эгдүүцэж, маш их уурлаж хилэгнэн, Вавилоны бүх мэргэдийг устгахыг тушаав. 13 Мэргэдийг хөнөөх тухай зарлиг ч гарчээ. Даниел болон түүний нөхдийг хөнөөх гэж хайв. 14 Вавилоны мэргэдийг хөнөөн алахаар явж буй хааны бие хамгаалагчдын ахмад Ариохтай Даниел ухаалгаар, болгоомжтой ярилцав. 15 Тэрээр хааны ахмад Ариохаас асуун, —Хааны тушаал яагаад ийм хойшлуулшгүй байгаа юм бэ? гэсэнд, Ариох Даниелд энэ хэргийн талаар мэдүүлэв. 16 Даниел дотогш орж, хаанд зүүдний тайллыг айлтгахын тулд цаг хугацаа өгөхийг хаанаас гуйв. 17 Дараа нь Даниел гэртээ хариад, өөрийн нөхөд Хананиа, Мишаел, Азариа нарт энэ хэргийн талаар мэдүүлэв. 18 Даниел болон түүний нөхөд Вавилоны бусад мэргэдтэй хамт устгуулахгүйн тулд энэ нууцын талаар тэнгэрийн Бурханаас өршөөл авахаар гуйхыг Даниел тэднээс хүсэв. 19 Энэ нууц Даниелд шөнийн үзэгдэл дотор илчлэгджээ. Тэгээд Даниел тэнгэрийн Бурханыг магтав. 20 Даниел хэлэхдээ —Бурханы нэр үүрд мөнхөд магтагдах болтугай. Учир нь мэргэн ухаан хийгээд хүч чадал Түүнийх. 21 Цаг хугацаа болон эрин зуунуудыг өөрчилдөг нэгэн бол Тэр мөн. Тэрээр хаадыг босгож, унагадаг. Тэбээр мэргэдэд мэргэн ухааныг, ухаарагч хүмүүст мэдлэгийг өгдөг. 22 Тэр л гүн хийгээд нууц юмсыг илчилдэг. Тэрээр харанхуй дотор юу байдгийг мэддэг бөгөөд гэрэл Түүнтэй хамт оршдог. 23 Миний эцэг өвгөдийн Бурхан, Танд би талархал, магтаалыг өргөе. Учир нь Та надад мэргэн ухаан болон хүч чадлыг өгсөн билээ. Одоо ч гэсэн бидний Танаас гуйсан зүйлийг Та надад мэдүүлсэн юм. Та хааны шаардсан зүйлийг бидэнд мэдүүлсэн билээ гэв. 24 Тийм учраас Вавилоны мэргэдийг устгахаар хаанаар томилогдсон Ариох дээр Даниел очоод, —Вавилоны мэргэдийг бүү устгагтун! Намайг хааны өмнө аваач. Тэгвэл би зүүднийх нь тайллыг хаанд айлтгая гэв. 25 Тэгэхэд Ариох Даниелыг хааны өмнө хурдан дагуулж очоод, хаанд ийнхүү хэлэв. —Иудагаас ирсэн олзлогдогсдын дотроос хаанд зүүднийх нь тайллыг хэлж чадах хүнийг би оллоо. 26 Белтешазар хэмээх нэртэй Даниелд хандан хаан —Миний зүүдэлсэн зүүд болон түүний тайллыг чи надад мэдүүлж чадах уу? гэжээ. 27 Даниел хааны өмнө хариулан, —Хааны асуусан нууцыг мэргэд, зурхайчид, илбэчид, төлөгч нарын аль нь ч хаанд мэдүүлж чадахгүй. 28 Харин нууцуудыг илчилдэг Бурхан тэнгэрт байдаг бөгөөд хожмын өдрүүдэд юу тохиолдохыг Тэрээр Небухаднезар хаанд мэдүүлжээ. Таны зүүд буюу таныг орондоо байхад оюун санаанд тань үзсэн үзэгдэл ийм болой. 29 Хаан минь, та орондоо байх үед таны бодлууд ирээдүйд болох зүйлс уруу хандсан бөгөөд нууцуудыг илчилдэг Нэгэн танд юу болохыг мэдүүлсэн байна. 30 Гэвч надад энэ нууцыг мэдүүлсэн нь миний дотор буй мэргэн ухаан өөр амьд хүнийхээс илүү учраас бус, харин энэ тайллыг хаанд мэдүүлж, танд оюун бодолд чинь буй бодлуудыг ойлгуулахын тулд юм. 31 Хаан минь, таныг харж байтал нэгэн асар том баримал үзэгджээ. Ер бусын сүрлэг, агуу том тэр баримал нь таны өмнө байсан бөгөөд түүний дүрс нь аймшигтай байлаа. 32 Энэхүү баримлын толгой нь шижир алтаар, цээж ба хоёр гар нь мөнгөөр, хэвлий ба гуя нь хүрлээр, 33 шилбэ нь төмрөөр, тавхай нь төмөр болоод шаврын холимогоор хийгдсэн бөлгөө. 34 Таныг харсаар байхад хүний гар хүрэлгүйгээр нэгэн чулуу цавчигдаж, тэр баримлын төмөр шаврын холимогоос бүтсэн тавхай уруу нь цохиж, хэсэг болгон буталжээ. 35 Тэгээд төмөр, шавар, хүрэл, мөнгө, алт нь бүгд нэгэн зэрэг бутран, зун тээрэмдсэн тарианы хивэг мэт болжээ. Салхи түүнийг хийсгэж, ор мөргүй алга болгов. Харин тэр баримлыг бут цохьсон чулуу нь асар том уул болоод бүх дэлхийг дүүргэжээ. 36 Зүүд нь ийм байсан бөлгөө. Одоо бид зүүдний учрыг хааны өмнө хэлж өгье. 37 Хаан минь, та бол хаадын хаан. Тэнгэрийн Бурхан танд хаанчлал, эрх мэдэл, хүч чадал ба алдрыг өгсөн билээ. 38 Аливаа нутагт нутаглах хүний хөвгүүд, хээрийн араатан болон огторгуйн шувуудыг Тэрээр таны гарт өгч, захируулсан бөлгөө. Та бол тэрхүү алтан толгой мөн. 39 Танаас хойш таныхаас буурай нэгэн хаанчлал бий болох бөгөөд дараа нь гурав дахь хүрлэн хаанчлал гарч ирэн, бүх дэлхийг захирна. 40 Дараа нь төмөр мэт хүчтэй дөрөв дэх хаанчлал гарна. Төмөр нь хамаг юмыг эвдэж нураадгийн адил тэр хаанчлал бусад бүх хаанчлалыг хэсэг болгон бутлах болно. 41 Таны үзсэнээр төмөр ба шаврын хольцноос бүтсэн тавхай болон хөлийн хуруунууд бол хуваагдсан хаанчлал байх болно. Гэхдээ таны үзсэнээр төмөр нь жирийн шавартай холилдсонтой адил тэр хаанчлал төмрийн хүчтэй байх юм. 42 Хөлийн хуруунуудын нэг хэсэг нь төмөр, нөгөө хэсэг нь шавар байсны адил тэр хаанчлалын зарим хэсэг нь хүчтэй байх атал нөгөө хэсэг нь хэврэг байх болно. 43 Та төмрийг жирийн шавартай холилдсоныг үзсэн мэт тэдгээр нь хүний үрээр хоорондоо холилдох болно. Харин төмөр нь шавартай холилддоггүйн адил тэдгээр нь ч хоорондоо наалдахгүй юм. 44 Тэдгээр хаадын үед хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлалын эрх мэдэл нь бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм. 45 Хүний гар хүрэлгүйгээр уулаас нэгэн чулуу цавчигдан, төмөр, хүрэл, шавар, мөнгө, алтыг эвдлэхийг та үзсэн шиг ирээдүйд юу болох тухай агуу их Бурхан хаанд мэдүүлсэн юм. Энэ зүүд үнэн бөгөөд түүний тайлал нь итгэмжтэй юм хэмээн өгүүлэв. 46 Тэгэхэд Небухаднезар хаан нүүрээрээ газар унаж, Даниелд мэхийж ёслон, түүнд зориулан тахил өргөж, анхилуун утлага уугиулахыг тушаав. 47 Хаан Даниелд хариулан, —Чи энэ нууцыг илчилж чадсан болохоор үнэхээр чиний Бурхан бол бурхдын Бурхан, хаадын Эзэн бөгөөд нууцыг илчлэгч мөн билээ гэв. 48 Хаан Даниелыг дэвшүүлэн, түүнд олон агуу бэлгүүдийг өгөөд, Вавилоны бүх мужийг түүгээр захируулж, Вавилоны хамаг мэргэдийн тэргүүн захирагч болгов. 49 Даниел хаанд хүсэлт гаргасны дагуу Шадрах, Мешах, Абед-него нараар хаан Вавилоны мужийн удирдлагыг захируулав. Даниел хааны ордонд суусан бөлгөө.
1 Небухаднезар хаан алтан хөрөг бүтээсэн бөгөөд өндөр нь жаран тохой, өргөн нь зургаан тохой байжээ. Тэрээр түүнийг Вавилоны мужийн Дурагийн талд босгов. 2 Тэгээд Небухаднезар хаан өөрийн босгосон хөргийн нээлтийн ёслолд оролцуулахаар удирдагчид, ноёд, амбан, сайд, засаг дарга нар, жасын нярав, шүүгчид, бүх мужийн захирагчдыг цуглуулахаар зарлиг илгээжээ. 3 Ингээд удирдагчид, ноёд, амбан, сайд, засаг дарга нар, жасын нярав, шүүгчид, бүх мужийн захирагчид Небухаднезар хааны босгосон хөргийн нээлтийн ёслолд цуглаад, Небухаднезарын босгосон хөргийн өмнө зогсоцгоов. 4 Тунхаглагч чанга дуугаар тунхаглан —Ард түмэн, үндэстнүүд болон бүх хэлтнүүд ээ, та нарт тушаал өгөгдсөн билээ. 5 Та нар бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц сөгдөн, Небухаднезар хааны босгосон алтан хөрөгт мөргөгтүн. 6 Харин сөгдөж мөргөөгүй хэнийг ч болов дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаях болно гэв. 7 Тийм учраас бүх ард түмэн бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц, бүх ард түмэн, үндэстнүүд болон бүх хэлтнүүд сөгдөж, Небухаднезар хааны босгосон алтан хөрөгт мөргөв. 8 Тэр үед зарим халдеичууд ойртон ирж, иудейчүүдийг буруушаав. 9 Тэд Небухаднезар хаанд хариулан —Хаан минь, мөнх насалтугай! 10 Хаан минь, бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонссон хүн бүхэн сөгдөж, алтан хөрөгт мөргөхийг шаардсан зарлигийг та гаргасан билээ. 11 Гэвч сөгдөж мөргөөгүй хэнийг ч болов дүрэлзсэн галтай зууханд хаях болно. 12 Вавилоны мужийн удирдлагыг хариуцуулан таны томилсон Шадрах, Мешах, Абед-него зэрэг зарим иудейчүүд бий. Эдгээр хүмүүс хаан таныг үл ойшоон, таны бурхдад эс үйлчлэн, мөн таны босгосон алтан хөрөгт мөргөдөггүй гэв. 13 Тэгэхэд, хилэгнэн уурласан Небухаднезар хаан Шадрах, Мешах, Абед-него нарыг авчрахыг тушаасанд, тэд хааны өмнө хүргэгдэн ирэв. 14 Небухаднезар тэдэнд —Шадрах, Мешах, Абед-него нар аа, та нар миний бурхдад үйлчилдэггүй болоод миний босгосон алтан хөрөгт мөргөдөггүй гэдэг нь үнэн үү? 15 Та нар одоо бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн зэмсгийн дууг сонсмогц миний бүтээсэн хөрөгт мөргөхөд бэлэн байвал сайнсан. Харин та нар мөргөхгүй бол дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаягдана. Ямар бурхан миний гараас та нарыг аварч чадах билээ? гэв. 16 Шадрах, Мешах, Абед-него нар хаанд хариулан, —Небухаднезар аа, энэ хэргийн талаар танд хариулах хэрэг бидэнд байхгүй. 17 Нэгэнт ийм болсон бол, бидний үйлчилдэг Бурхан биднийг дүрэлзсэн галтай зуухнаас аварч чадах бөгөөд хаан минь, Тэр биднийг таны гараас аварна. 18 Харин хэрэв тэгэхгүй байсан ч, хаан минь, бид таны бурхдад үйлчлэхгүй, мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэдгийг та мэдтүгэй гэв. 19 Тэгэхэд Небухаднезар уур хилэнд автаж, Шадрах, Мешах, Абед-него нарт хандан царай нь хувирчээ. Зуухыг жирийн үеийнхээс долоо дахин хүчтэй галлахыг тэрээр тушаав. 20 Шадрах, Мешах, Абед-него нарыг хүлээд, дүрэлзсэн галтай зууханд хаяхыг цэргийнхэн дотроос зарим зоригт дайчдад тэр тушаав. 21 Тэгээд тэднийг өмд, дээл, толгойн өмсгөл болон бусад бүх хувцастай нь хүлж, дүрэлзсэн галтай зууханд хаяв. 22 Хааны тушаал яаралтай, зуух маш халуун байсан учраас Шадрах, Мешах, Абед-него нарыг авчирсан хүмүүсийг галын дөл шатааж алав. 23 Харин Шадрах, Мешах, Абед-него хэмээгдэх эдгээр гурван хүн хүлээтэй чигээрээ дүрэлзсэн галтай зуух уруу унав. 24 Дараа нь Небухаднезар хаан гайхаж, яаран босож ирлээ. Тэрээр өөрийн дээд түшмэдээс —Бид гурван хүн хүлж, гал уруу хаясан биш үү? гэж асуусанд, тэд хаанд хариулан —Тийм ээ, хаан минь гэв. 25 Хаан —Хараач! Хүлээсгүй, гэмтэлгүй дөрвөн хүн гал дунд явж байгааг би харж байна. Дөрөв дэх нь бурхдын хөвгүүн мэт төрхтэй юм гэв. 26 Небухаднезар дүрэлзсэн галтай зуухны хаалганд ойртож очоод, —Хамгийн Дээд Бурханы зарц нар болох Шадрах, Мешах, Абед-него нар аа, наашаа гарч, ойртон ирэгтүн гэжээ. Тэгэхэд Шадрах, Мешах, Абед-него нар гал дундаас гарч ирэв. 27 Бүх аймгийн удирдагчид, цэргийн ноёд, түшмэд хийгээд хааны зөвлөгч нар тойрон бүчиж, тэдгээр гурван хүнийг үзэхэд, тэдний бие галд гэмтээгүй, үс нь ч хуйхлагдаагүй, дээлийнх нь өнгө ч хувираагүй, тэднээс түлэнхий үнэр ч үнэртсэнгүй. 28 Небухаднезар —Шадрах, Мешах, Абед-него нарын Бурхан магтагдах болтугай. Тэрээр тэнгэр элчээ илгээж, Өөрт нь итгэдэг, хааны тушаалыг зөрчиж, өөрсдийн Бурханаас гадна өөр ямар ч бурханд үйлчлэхгүй бөгөөд мөргөхгүй гэж өөрсдийн биеийг тушаан өгсөн зарц нараа аварсан билээ. 29 Тиймээс Шадрах, Мешах, Абед-него нарын Бурханы эсрэг эвгүй юм ярих аливаа ард түмэн, үндэстэн, хэлтний биеийг мөч мөчөөр нь цавчин, гэрийг нь үнсэн товорго болгохыг би тушааж байна. Юу гэвэл ингэж аварч чадах өөр бурхан байхгүй юм гэв. 30 Тэгээд хаан Шадрах, Мешах, Абед-него нарыг Вавилоны мужид тушаал дэвшүүлэв.
1 Бүх дэлхийд амьдардаг бүх ард түмэн, үндэстэн, хэлтэнгүүдийн Небухаднезар хаан —Та нарын амар амгалан бялхах болтугай. 2 Хамгийн Дээд Бурханы надад үйлдсэн тэмдэг, гайхамшгуудыг тунхаглах нь зөв гэж би бодлоо. 3 Түүний тэмдгүүд ямар агуу вэ! Түүний гайхамшгууд ямар хүчирхэг вэ! Түүний хаанчлал бол үүрдийн хаанчлал, Түүний ноёрхол үеэс үед оршино. 4 Небухаднезар би өөрийн гэрт тайван байж, өөрийн орд харшид амгалан сууж байлаа. 5 Би нэгэн зүүд зүүдэлсэнд тэр нь намайг айлгажээ. Орондоо хэвтэх үед бий болсон эдгээр төсөөллүүд болон оюун бодолд минь буй үзэгдлүүд намайг түгшээсээр байлаа. 6 Иймээс зүүдний тайллыг надад мэдүүлэхийн тулд Вавилоны бүх мэргэдийг миний өмнө авчрахыг би тушаасан. 7 Илбэчид, зурхайчид, халдеичууд болон төлөгчид ирсэнд би тэдэнд зүүдээ хэлсэн боловч тэд надад тайллыг хэлж чадаагүй. 8 Гэвч эцэст нь миний бурхны нэрийн ёсоор Белтешазар гэж нэрлэгдсэн бөгөөд ариун бурхдын сүнстэй Даниел миний өмнө ирсэнд түүнд би зүүдээ хэлэхдээ, 9 "Илбэчдийн тэргүүн Белтешазар аа, ариун бурхдын сүнс чиний дотор байгаа бөгөөд ямар ч нууц чамайг мухардуулдаггүй гэдгийг би мэдэж байгаа хойно миний үзсэн зүүдний үзэгдлийг тайлалтай нь хамт надад хэлж өгөгтүн. 10 Би орондоо хэвтэж байх хооронд миний оюун ухаан дахь үзэгдлүүд ийм байлаа. Би харж байлаа, гэтэл харагтун, дэлхийн голд нэгэн мод ургасан бөгөөд агуу өндөр мод байв. 11 Тэр мод сүглийн ургаж, хатууран бүдүүрч, өндөр нь тэнгэрт тулсан бөгөөд дэлхийн зах хязгаарыг хүртэл харагдахаар том болов. 12 Түүний навчис сайхан, үр жимс нь элбэг бөгөөд түүн дээр бүх хүмүүст хүрэлцэхүйц идээ байв. Хээрийн араатнууд сүүдэрт нь хоргодож, огторгуйн шувууд мөчир дээр нь амьдарч, бүх амьд амьтад түүнээс хооллов. 13 Би орондоо хэвтэж байхдаа оюун ухаанд минь буй үзэгдэл дотор харахад ариун нэгэн, тэнгэр элч мэт харуул тэнгэрээс бууж иржээ. 14 Тэрээр хашхирч «Модыг цавчиж, мөчрүүдийг нь хярга. Навчсыг нь сэгсрэн унагаж, үр жимсийг нь тараан хая. Араатнуудыг доороос нь хөөж, шувуудыг мөчрөөс нь үргээ. 15 Гэвч хожуулыг нь үндэснүүдтэй нь хамт газарт үлдээ. Харин түүнийг төмөр ба хүрлэн татлагаар баглаж, хээрийн шинэхэн өвсөн дунд байлга. Тэрээр тэнгэрийн шүүдэрт норж, араатнуудтай хамт газрын өвсөн дунд байг. 16 Түүний оюун ухаан нь хүнийхээс өөрчлөгдөж, түүнд араатны оюун ухаан өгөгдөж, ийнхүү долоон цаг үеийг өнгөрүүлэг. 17 Энэ бол тэнгэр элч мэт харуулуудын зарлиг бөгөөд энэ нь ариун нэгнүүдийн гаргасан шийдвэр. Энэ нь Хамгийн Дээд Нэгэн хүн төрөлхтний хаанчлалыг захирч, Өөрийн хүссэн хүндээ түүнийг өгч, хамгийн доорд хүнийг ч гэсэн хаан ширээнд залдгийг хүмүүст мэдүүлэхийн тулд юм» гэв. 18 Энэ бол Небухаднезар хаан миний үзсэн зүүд юм. Одоо Белтешазар чи үүний тайллыг хэлж өг. Учир нь миний хаанчлалын мэргэдээс хэн нь ч үүний тайллыг надад хэлж чадсангүй. Харин ариун бурхдын сүнс чамд байгаа учир чи чадна" хэмээн өгүүлэв. 19 Тэгэхэд Белтешазар нэртэй Даниелын бодлууд өөрийг нь түгшээн тэрээр хэсэг зуур айн зогслоо. Хаан түүнд "Белтешазар аа, энэ зүүд эсвэл түүний тайлал чамайг бүү түгшээг" гэсэнд, Белтешазар хариулан "Эзэн минь, энэ зүүд таныг үзэн ядагчдад, тайлал нь таны дайснуудад хэрэгждэг ч болоосой. 20 Хаан таны үзсэн тэр мод буюу сүглийн ургаж, хатууран бүдүүрч, өндөр нь тэнгэрт тулж, дэлхийн зах хязгаар хүртэл харагдахаар том болсон бөгөөд 21 навчис нь сайхан, үр жимс нь элбэг бөгөөд бүх хүмүүст хүрэлцэхээр идээ болдог, хээрийн араатнууд сүүдэр доор нь хоргодож, огторгуйн шувууд мөчир дээр нь сууцгаасан тэр мод бол 22 хаан минь, та өөрөө мөн. Учир нь та агуу болж хүчирхэгжээд, таны сүр жавхлан тэнгэрт тулж, таны эрх мэдэл дэлхийн хязгаарт хүрсэн. 23 Хааны харсан ариун нэгэн, тэнгэр элч мэт харуул тэнгэрээс бууж ирээд, «Модыг цавчиж, устга. Зөвхөн түүний хожуулыг үндэснүүдтэй нь газарт үлдээж, харин төмөр ба хүрлэн татлагаар баглаж, хээрийн шинэхэн өвсний дунд байлга. Тэрээр тэнгэрийн шүүдэрт норж, хээрийн араатнуудтай хамт долоон цаг үеийг өнгөртөл байг» гэж хэлсэн. 24 Хаан минь, тайлал ийм байна. Миний эзэн хаанд ирсэн Хамгийн Дээд Нэгэний зарлиг энэ билээ. 25 Та хүмүүсээс хөөгдөж, таны орших газар хээрийн араатнуудтай хамт байж, та үхэр мэт өвс идэж, тэнгэрийн шүүдэрт норж, Хамгийн Дээд Нэгэн нь хүний хаанчлалыг захирч, Өөрийн хүссэн хүндээ түүнийг өгдгийг та ойлгох хүртлээ энэ мэтээр долоон үеийг өнгөрөөнө. 26 Модны хожуулыг үндэснүүдтэй нь үлдээ гэсэн зарлиг үүнтэй холбоотой бөгөөд захирдаг нь Тэнгэр гэдгийг та ухаарсны дараа таны хаанчлал бат тогтох болно. 27 Тиймээс хаан минь, миний зөвлөгөө танд таалагдах болтугай. Зөв шударгыг үйлдсэнээр нүглүүдээсээ салж, ядууст энэрэл үзүүлснээр гэм буруугаа арилгагтун. Тэгвэл таны хөгжил цэцэглэл уртсаж магадгүй" гэв. 28 Энэ бүх хэрэг Небухаднезар хаанд биелэв. 29 Арван хоёр сарын дараа тэрээр Вавилоны орд харшийн дээвэр дээр зугаалж байлаа. 30 Хаан "Би өөрийн агуу их хүчээрээ, өөрийн сүр жавхлангийн алдрын төлөө өөрийн хот болгож өөрөө бүтээн босгосон агуу их Вавилон энэ биш үү?" гэлээ. 31 Энэ үг хааны аманд байх зуур тэнгэрээс нэг дуу гарч, "Небухаднезар хаан аа, чамд үүнийг хэлье. Хэмжээлшгүй эрх мэдлийг чамаас зайлуулсан бөгөөд 32 чи хүмүүсээс хөөгдөж, чиний орших газар хээрийн араатнуудтай хамт байх болно. Чи үхэр мэт өвс идэж, Хамгийн Дээд Нэгэн хүний хаанчлалыг захирч, Өөрийн хүссэн хүндээ түүнийг өгдгийг чи ойлгох хүртлээ энэ мэтээр долоон үеийг өнгөрөөх болно" гэв. 33 Тэр даруй Небухаднезарын талаарх энэ үг биелэлээ олжээ. Тэрээр хүмүүсээс хөөгдөж, үхэр мэт өвс идэж эхлэн, үс нь бүргэдийн өд мэт, хумс нь шувууны савар мэт болон ургатал түүний бие тэнгэрийн шүүдэрт норжээ. 34 Харин тэр цаг үеийн эцэст Небухаднезар би тэнгэр өөд өлийн харсан бөгөөд миний саруул ухаан надад эргэж ирсэнд, би Хамгийн Дээд Нэгэнийг магтаж, мөнхөд оршдог Түүнийг хүндэтгэн магтав. Учир нь Түүний эрх мэдэл мөнхийн эрх мэдэл бөгөөд Түүний хаанчлал үеийн үед оршино. 35 Газар дэлхийн бүх оршин суугчид юу ч биш гэж тооцогддог. Харин Тэрээр тэнгэрийн цэргүүдэд ч, газар дэлхийн оршин суугчдын дунд ч гэсэн Өөрийн хүслээр үйлддэг. Хэн ч Түүний мутрыг хорьж чадахгүй бөгөөд "Та юу хийсэн юм бэ?" гэж асуух хүн нэг ч үгүй. 36 Тэр үед миний саруул ухаан надад эргэн иржээ. Миний хаанчлалын алдрын төлөө миний нэр алдар болон сүр жавхлан надад эргэн ирэв. Миний зөвлөгчид болон сурвалжит гаралтай хүмүүс намайг эрэлхийлжээ. Ийнхүү миний хэмжээлшгүй эрх надад дахин өгөгдөж, агуу байдал надад нэмэгдэв. 37 Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан, өргөмжлөн, хүндэлж байна. Учир нь Түүний бүх үйлс үнэн бөгөөд Түүний замууд зөв билээ. Тэрээр бардам явж буй хүнийг даруу болгож чадна.
1 Белшазар хаан өөрийн мянган язгууртанд зориулан их найр хийж, мянган язгууртантай хамт дарс ууж байв. 2 Белшазар дарс амсаад, Иерусалимд байсан сүмээс өөрийн эцэг Небухаднезарын авчирсан алт, мөнгөн жүнзнүүдээр хаан, түүний язгууртнууд, түүний хатад болон түүний татвар эмсийг уулгахын тулд тэдгээрийг авчруулахыг тушаав. 3 Тэгээд тэд Иерусалим дахь Бурханы өргөө болох сүмээс авагдсан алтан жүнзнүүдийг авчирсанд, хаан, түүний язгууртнууд, түүний хатад болон түүний татвар эмс түүгээр уув. 4 Тэд дарс уугаад алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуугаар хийсэн бурхдыг магтав. 5 Гэнэт хүний гарын хуруунууд гарч ирэн, дэнлүүний эсрэг талд хааны ордны ханын шаваасан дээр бичиж эхлэв. Хаан бичиж байгаа гарын арыг харав. 6 Тэгэхэд хааны царай цонхийж, бодлууд нь түүнийг түгшээж, ташааных нь үе мөч нь суларч, өвдөг нь чичирч эхлэв. 7 Хаан зурхайчид, халдеичууд, төлөгчдийг ирүүлэхийг хүсэн чанга хашхирав. Хаан Вавилоны мэргэдэд хандан —Энэ бичээсийг уншиж, утгыг нь тайлбарлаж чадах хэнд ч болов нил ягаан өнгийн дээл өмсгөж, хүзүүнд нь алтан гинж зүүлгэж, хаанчлалын гурав дахь захирагчийн эрх мэдлийг өгнө гэв. 8 Тэгэхэд хааны бүх мэргэд орж ирсэн боловч тэд бичээсийг уншиж, эсвэл утгыг нь хаанд тайлбарлаж чадсангүй. 9 Тиймээс Белшазар хаан илүү ихээр түгшиж, царай нь улам цонхийн, язгууртнууд нь ч тэвдлээ. 10 Хаан хийгээд язгууртнуудын үгийг дуулаад эх хатан найрын танхимд орж ирлээ. Эх хатан өгүүлэн, —Хаан минь, мөнх насалтугай! Бодолдоо бүү түш, царайгаа бүү цонхийлго. 11 Таны хаанчлалд ариун бурхдын сүнстэй нэгэн хүн бий. Таны эцгийн үед тэр хүнд саруул ухаан, оюун билиг байсан бөгөөд мэргэн ухаан нь бурхдынхтай адил байв. Небухаднезар хаан, таны хаан эцэг түүнийг зурхайчид, илбэчид, халдеичууд болон төлөгч нарын тэргүүнээр томилсон. 12 Хаанаас Белтешазар гэдэг нэр хайрласан тэр Даниелд ер бусын сүнс, оюун билиг ба мэдлэг, мөн зүүдийг тайлж, учир битүүлэг юмсыг нээж, хэцүү асуудлыг шийдвэрлэх авъяас өгөгдсөн байсан. Даниелыг одоо дуудагтун, тэгвэл тэрээр утгыг тайлбарлаж өгнө гэв. 13 Тэгээд Даниелыг хааны өмнө авчрав. Хаан Даниелд хандан —Миний хаан эцэг Иудагаас авчирсан Иудагийн олзлогдогсдын нэг Даниел чи мөн үү? 14 Чамд бурхдын сүнс байгаа бөгөөд саруул ухаан, оюун билиг, ер бусын мэргэн ухаан чамд байдаг тухай би сонссон юм. 15 Энэ бичээсийг уншиж, утгыг нь надад мэдүүлэхээр олон мэргэд ба зурхайчид миний өмнө ирсэн боловч тэд үгийн утгыг айлтгаж чадсангүй. 16 Харин чи утгыг тайлбарлаж, хэцүү асуудлыг шийдвэрлэж чаддаг тухай би өөрөө сонссон. Хэрэв чи энэ бичээсийг уншиж, түүний утгыг нь надад мэдүүлж чадвал, чамд нил ягаан өнгийн дээл өмсгөж, чиний хүзүүнд алтан гинж зүүлгэж, хаанчлалд гурав дахь захирагчийн эрх мэдлийг чи авах болно гэв. 17 Тэгэхэд Даниел хаанд хариулан, —Бэлгүүдээ өөртөө үлдээж, эсвэл шагналаа өөр хэн нэгэнд өгөгтүн. Тийм боловч хааны төлөө би энэ бичээсийг уншиж, утгыг нь мэдүүлж өгье. 18 Хаан минь. Хамгийн Дээд Бурхан нь таны эцэг Небухаднезарт улс гүрэн, хэмжээлшгүй эрх мэдэл, сүр жавхлан, нэр алдрыг болон сүр хүчийг өгсөн. 19 Бурханы түүнд өгсөн сүр жавхлангаас болж бүх ард түмэн, үндэстэн, хэлтэн түүний өмнө эмээн чичирч байв. Тэр хүссэнээ хороож, хүссэнээ амьд үлдээж, хүссэнээ өргөж бас хүссэнээ дорд болгодог байв. 20 Харин түүний зүрх ихэмсэг болж, түүний сэтгэл маш бардам болсноос тэрээр дээрэнгүй загнах үедээ хаан ширээнээсээ хаягдаж, сүр жавхлан нь түүнээс зайлав. 21 Тэрээр бас хүмүүсээс хөөгдөж, зүрх сэтгэл нь хээрийн араатных шиг болж, амьдрах газар нь зэрлэг илжигтэй хамт болов. Тэрээр үхэр шиг өвс идэж, бие нь тэнгэрийн шүүдэрт норсон бөгөөд Хамгийн Дээд Бурхан хүний хаанчлалыг захирч, Өөрийн хүссэн хүндээ л түүнийг захируулдгийг мэдтэлээ ингэж амьдарсан. 22 Гэвч түүний хүү Белшазар аа, та энэ бүгдийг мэдсэн хэрнээ зүрх сэтгэлээ даруу байлгасангүй. 23 Харин та тэнгэрийн Эзэний эсрэг өөрийгөө өргөмжилсөн. Тэд Түүний өргөөний жүнзийг таны өмнө авчруулж, та болон таны язгууртнууд, таны хатад, таны татвар эмс түүгээр дарс уужээ. Мөн юу ч үздэггүй, юу ч сонсдоггүй, юу ч ойлгодоггүй алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуун бурхдыг магтжээ. Харин таны амь амьсгалыг болон таны замыг мутартаа атгаж барьдаг Бурханыг та алдаршуулсангүй. 24 Иймээс Тэрээр мөнөөх гарыг илгээж, энэ бичээсийг бичжээ. 25 Бичигдсэн зүйл нь ийм байна. "Мене, мене, текел, уфарсин". 26 Түүний утга нь гэвэл: "Мене" гэдэг нь Бурхан таны хаанчлалын хоног хугацааг тоолж, түүнийг дуусгасан. 27 "Текел" гэдэг нь хаан таныг жинлүүр дээр хэмжсэнд та хэмжээнд хүрсэнгүй. 28 "Перес" гэдэг нь таны хаанчлал хуваагдаж, Меде ба Персүүдэд шилжиж очсон гэсэн утгатай хэмээв. 29 Тэр үед Белшазар тушаал буулган, Даниелд нил ягаан өнгийн дээл өмсгөж, түүний хүзүүнд алтан гинж зүүлгэн, түүнийг хаанчлалын гурав дахь захирагчийн эрх мэдэлтэй болсныг тунхаглав. 30 Тэр шөнө Халдеин хаан Белшазар алагджээ. 31 Меде хүн Дариус жаран хоёр орчим настайдаа хаанчлалыг авсан билээ.
1 Хаанчлал даяараа зуун хорин аймгийн захирагчийг томилж, тэдэнд бүх хаанчлалыг хариуцуулах нь Дариусын таалалд нийцэв. 2 Мөн тэдний дээр гурван сайдыг томилсон бөгөөд (тэдний нэг нь Даниел юм). Учир нь хаанд ямар нэг төвөг учруулахгүйн тулд аймгийн захирагчид сайд нарт тайлан гаргах ёстой байлаа. 3 Тэгэхэд өнөөх Даниел ер бусын сүнсийг авсан тул сайд нар, аймгийн захирагчдаас тодорч эхэлсэн бөгөөд хаан түүгээр бүх хаанчлалыг захируулахаар төлөвлөж байв. 4 Иймээс сайд нар болон аймгийн захирагчид улсын албаны талаар Даниелыг буруутгах үндсийг эрсэн боловч ямар ч буруутгах үндэс, ямар ч завхрал олсонгүй. Харин ч тэр итгэмжтэй байсан болоод түүнээс ямар ч хайхрамжгүй байдал, эсвэл гашуудал олдсонгүй. 5 Тэгээд тэр хүмүүс —Энэ Даниелаас өөрийнх нь Бурханы хуулийн талаар л олохгүй бол түүнийг буруутгах үндсийг бид олохгүй нь гэж хэлэлцэв. 6 Тэгээд эдгээр сайд нар болон аймгийн захирагчид хуйвалдан, хаанд очиж, —Дариус хаан минь, мөнх насалтугай! 7 Хаанчлалын бүх сайд, аймгийн захирагчид, цэргийн ноёд, зөвлөгчид ба түшмэд хэлэлцээд, хаанаас нэгэн тогтоол гаргаж, тушаал мөрдүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Энэ нь гуч хоногийн туршид хаантан минь, танаас өөр аль нэг бурханд, эсвэл хүнд гуйлтаа өргөсөн этгээд арслангийн нүхэнд хаягдах болно гэсэн тогтоол юм. 8 Хаан минь, одоо энэ тушаалыг гаргаж, Меде, Персийн хувиршгүй хуулийн ёсоор түүнийг дахин өөрчлөхгүйн тулд энэ албан бичиг дээр гарын үсгээ зурагтун гэв. 9 Тиймээс Дариус хаан албан бичиг буюу тушаал дээр гарын үсгээ зурав. 10 Тэрхүү албан бичигт гарын үсэг зурсныг Даниел мэдсэн үед гэртээ ороод, (дээд давхрын өрөөндөө тэрээр Иерусалимын зүг уруу харсан онгорхой цонхтой байлаа) урьд хийж байсан ёсоор өдөр бүр гурван удаа өвдөг сөгдөн, Бурханыхаа өмнө залбиран, талархал өргөж байлаа. 11 Тэр хүмүүс хуйвалдан ирж, Даниелыг Бурханыхаа өмнө гуйлт хүсэлтээ өргөж байхыг олж харав. 12 Тэд хаанд очин, хааны тушаалын тухай сануулж —Хаантан минь, гуч хоногийн туршид танаас өөр аль нэг бурханд, эсвэл хүнд гуйлтаа өргөсөн хэнийг ч болов арслангийн нүхэнд хаях болно гэсэн тушаалд гарын үсгээ зурсан биш үү? гэсэнд, хаан хариулан —Энэ тунхаглал Меде, Персийн хувиршгүй хуулийн ёсоор үнэн зүйл юм гэв. 13 Тэгэхэд тэд хаанд хариулан, —Иудагаас ирсэн олзлогдогсдын хүмүүсийн нэг Даниел, хаан минь, таныг болон таны гарын үсгээ зурсан зарлигийг ч үл ойшоон, өдөрт гурван удаа гуйлтаа өргөсөөр л байна гэв. 14 Хаан энэ тунхаглалыг сонсонгуутаа гүн уй гашууд автаж, Даниелыг аврахаар оюун санаагаа чиглүүлжээ. Даниелыг хэлтрүүлэхээр тэрээр нар жаргатал бүх хүчээ гаргав. 15 Дараа нь тэр хүмүүс хуйвалдан, хаан дээр ирээд, —Хаантан минь, Меде, Персийн хуулийн ёсоор хааны тогтоосон тушаал, эсвэл тогтоол өөрчлөгдөж болдоггүй гэдгийг мэдтүгэй! гэв. 16 Тэгээд хаан зарлиг буулгаж, Даниелыг авчирж, арслангийн нүхэнд хаяв. Хаан Даниелд —Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чинь чамайг Өөрөө аврах болно гэв. 17 Чулуу өнхрүүлэн авчирж, нүхний амыг таглав. Даниелын талаар юу ч өөрчлөхгүй байхын тулд хаан өөрийн болон өөрийн язгууртнуудын тамган бөгжөөр түүнийг тамгалж лацдав. 18 Хаан ордон уруу буцаад, мацаг барин шөнийг өнгөрүүлсэн бөгөөд ямар ч зугаацуулах зүйлийг үзээгүй, нойр нь ч хулжжээ. 19 Ингээд хаан үүрээр, өдөр эхэлж байхад босож, арслангийн нүх уруу яаран очив. 20 Тэрээр Даниел уруу, нүх уруу дөхөж очоод зовсон дуугаар хашхирч, Даниелыг дуудаж —Амьд Бурханы зарц Даниел аа. Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чамайг арслангаас аварч чадав уу? гэв. 21 Даниел хаанд хариулан —Хаантан минь, мөнх насалтугай! 22 Миний Бурхан тэнгэр элчээ илгээж, арслангуудын амыг тагласан бөгөөд арслангууд надад хор учруулсангүй. Харин ч би Түүний өмнө гэмгүйд тооцогдож, бас хаан минь, танд ямар ч гэм хийгээгүй гэв. 23 Хаан маш их баярлаж, Даниелыг нүхнээс гаргахыг тушаасан. Даниелыг нүхнээс гаргаж ирэхэд түүний биед ямар нэг гэмтэл байсангүй. Яагаад гэвэл тэр өөрийн Бурханд итгэсэн бөлгөө. 24 Дараа нь хаан зарлиг буулгаж, Даниелыг хилс гүтгэсэн хүмүүсийг авчран, тэднийг эхнэр хүүхдүүдтэй нь хамт арслангийн нүхэнд хаяв. Тэд нүхний ёроолд хүрээгүй байхад арслангууд тэднийг дарж, бүх ясыг нь хугалан буталжээ. 25 Тэгээд Дариус хаан бүх газар нутагт амьдарч байсан бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэнд захидал бичиж, «Та нарын амар амгалан бялхах болтугай. 26 Миний хаанчлалын хэсэг бүрд хүмүүс Даниелын Бурханы өмнө эмээн чичрэгтүн гэдгийг би тушааж байна. Яагаад гэвэл Тэрбээр амьд Бурхан бөгөөд үүрд мөнх хувиршгүй. Түүний хаанчлал устгагдашгүй хаанчлал, Түүний эрх мэдэл мөнхөд байх болно. 27 Тэрээр тэнгэр ба газарт аварч, чөлөөлж, Гайхамшиг болон тэмдгүүдийг үйлддэг. Тэрээр бас Даниелыг арслангийн савраас аварсан билээ» хэмээв. 28 Ийнхүү Дариус болон Персийн Корешийн хаанчилсан үед Даниел амжилт олсоор байв.
1 Вавилоны хаан Белшазарын нэг дэх жилд Даниел хэвтэж байхдаа орондоо зүүд зүүдэлж, оюун ухаан дотроо үзэгдэл харав. Тэрээр зүүдээ бичиж үлдээн, доорх зүйлсийг ярив. 2 Даниел —Шөнө би үзэгдэл харж байхад, тэнгэрийн дөрвөн салхи их далайг оволзуулж байв. 3 Өөр хоорондоо адилгүй дөрвөн аварга араатан далайгаас гарч ирэв. 4 Эхнийх нь арслан шиг бөгөөд бүргэдийн жигүүртэй бөлгөө. Түүний жигүүрүүд таслагдаж, тэрээр газраас хөөрөн босоод, хүн шиг хоёр хөл дээрээ зогсох хүртэл би харсаар байлаа. Түүнд хүний оюун ухаан өгөгдөв. 5 Харагтун, дараагийн хоёр дахь араатан нь баавгай шиг төрхтэй байв. Тэр хажуулдан босож байсан бөгөөд аман дотор нь, шүднийх нь завсар гурван хавирга зуусан байв. Тэд түүнд "Босоод, их мах ид" гэв. 6 Үүний дараа би харсаар байтал, харагтун ирвэс шиг өөр нэгэн араатан нуруундаа шувууны дөрвөн далавчтай байв. Тэр араатан бас дөрвөн толгойтой байсан ба түүнд эрх мэдэл өгөгдөв. 7 Үүний дараа би шөнийн үзэгдэлдээ цааш харвал дөрөв дэх араатан нь аймшигтай, айдас төрүүлмээр асар хүчтэй байлаа. Тэр нь том төмөр шүдтэй байв. Тэр нь залгиж, эвдэж, үлдсэнийг нь хөлөөрөө гишгэв. Энэ нь урьд байсан бусад бүх араатнуудаас ялгаатай бөгөөд арван эвэртэй байв. 8 Би тэдгээр эврүүдийг ажиглаж байтал тэдний дундаас өөр нэгэн жижиг эвэр ургаж, түрүүчийн эврүүдээс гурав нь түүний өмнө үндсээрээ булгарав. Харагтун, энэ жижиг эвэр хүний нүд шиг нүдтэй бөгөөд ихээр бардамнан ярих амтай болов. 9 Намайг харсаар байтал сэнтийнүүд тавигдаж, Эртний Нэгэн Өөрийн суудалд залрав. Түүний хувцас цас шиг цагаан, Түүний толгойн үс нь цэвэр ноос шиг байв. Түүний сэнтий галын дөл шиг, дугуйнууд нь дүрэлзсэн гал шиг байв. 10 Түүний өмнөөс галтай мөрөн гарч ирэн урсав. Үй түмээрээ Түүнд үйлчилж, Үй түмээрээ Түүний өмнө зогсоцгоож байлаа. Шүүлт эхлэн, номууд дэлгэгдэв. 11 Эврийн ярьж буй бардам үгсийн дуунаас болж би харсаар байлаа. Араатан алагдаж, түүний бие нь устгагдан, дүрэлзсэн галд хаягдах хүртэл би харсаар байлаа. 12 Үлдсэн араатнуудын хувьд гэвэл тэдний эрх мэдэл булаагдсан боловч товлосон цаг иртэл тэдний амь хэлтрэв. 13 Би шөнийн үзэгдлийг харсаар байсан бөгөөд, Харагтун, Хүний Хүү шиг Нэгэн тэнгэрийн үүлсийг хөлөглөн ирж, Тэрээр Эртний Нэгэнд очоод, Түүнд бараалхав. 14 Түүнд эрх мэдэл, сүр жавхлан ба хаанчлал өгөгдөж, Бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэн Түүнд үйлчлэв. Түүний ноёрхол үүрдийн ноёрхол бөгөөд өнгөрөн одохгүй. Түүний хаанчлал нь устахгүй хаанчлал юм. 15 Харин Даниел би сэтгэл дотроо шаналж, миний оюун бодол доторх үзэгдлүүд намайг түгшээсээр байлаа. 16 Би хажууд зогсогчдын нэгэнд дөхөж очоод, түүнээс энэ бүх явдлын үнэн учрыг асууж эхэллээ. Тэр надад эдгээр зүйлсийн учрыг тайлбарлаж хэлэв. 17 "Эдгээр дөрвөн аварга араатан бол газраас босох дөрвөн хаан юм. 18 Харин Дээдийн Дээд Нэгэний ариун хүмүүс хаанчлалыг авч, ирэх бүх үеийн турш үүрд эзэмшинэ" гэв. 19 Дараа нь бусад араатнуудаас ялгаатай, нэн аймшигтай, төмөр шүдтэй, хүрэл хумстай, залгилж, буталж, үлдсэнийг нь хөлөөрөө гишгэсэн дөрөв дэх араатны үнэн учрыг мэдэхийг би хүссэн. 20 Мөн түүний толгойн арван эвэр болон өмнө нь анхныхаас гурван эвэр унасан өөр нэг эвэр буюу нүдтэй, аугаа их бардам үг хэлдэг амтай, гадна төрхөөрөө бусдаасаа илүү том харагдсан эвэр зэргийн учрыг мэдэхийг хүслээ. 21 Намайг харсаар байхад тэр эвэр ариун хүмүүстэй тулалдан дайтаж, тэднийг дийлж байсан бөгөөд 22 Эртний Нэгэн ирж, Дээдийн Дээд Нэгэний ариун хүмүүсийн төлөө шүүлт явуулж, ариун хүмүүс хаанчлалыг залгамжлах цаг ирэх хүртэл энэ зүйл үргэлжилсэн юм. 23 Тэрээр ийн хэлжээ. "Дөрөв дэх араатан бол газар дээрх дөрөв дэх хаанчлал байх бөгөөд тэр нь бусад бүх хаанчлалаас ялгаран, бүх дэлхийг залгиж, талхалж, эвдэх болно. 24 Арван эвэр бол тэр хаанчлалаас босох арван хаан юм. Тэдний дараа урьд нь байгсдаас ялгаатай, өөр нэгэн хаан босоод гурван хааныг дарах болно. 25 Тэрээр Хамгийн Дээд Нэгэний эсрэг ярьж, Дээдийн Дээд Нэгэний ариун хүмүүсийг дийлэх болно. Тэрээр цаг үе болон хуульд өөрчлөлт оруулахыг оролдох болно. Ариун хүмүүс нэг цаг үе, цаг үеүд, хагас цаг үеийн турш түүний гарт тушаагдана. 26 Харин шүүлт эхлэх бөгөөд түүний эрх мэдэл булаагдаж, бүрмөсөн устгагдаж мөнхөд сөнөнө. 27 Тэгээд бүхэл тэнгэрийн доорхи хамаг хаанчлалын дээд засаг, эрх мэдэл болон агуу байдал нь Дээдийн Дээд Нэгэний ариун хүмүүсийн ард түмэнд өгөгдөх болно. Түүний хаанчлал нь үүрдийн хаанчлал байх бөгөөд бүх эрх мэдлүүд Түүнд үйлчилж, захирагдан дагах болно" гэв. 28 Үүгээр илчлэлт дуусав. Даниел, миний бодлууд намайг ихэд түгшээж, царай маань цонхийсон боловч энэ явдлыг би дотроо хадгалав.
1 Белшазар хааны ноёрхлын гурав дахь жилд, анхны үзэгдлээс хойш Даниел надад дахин нэгэн үзэгдэл үзэгдэв. 2 Би үзэгдлийг үзэж байхдаа Елам аймгийн Суса цайзад байсан. Би өөрөө үзэгдэл дотор Улаи голын эрэгт байв. 3 Би нүдээ дээшлүүлэн харахад, голын эрэг дээр хоёр эвэртэй хуц зогсож байв. Хоёр эвэр урт байсан боловч хожим ургасан эвэр нь нөгөөгөөсөө илүү урт бөлгөө. 4 Намайг харахад тэр хуц баруун, хойд, өмнө зүг уруу мөргөж байсан бөгөөд түүнийг дийлэх өөр араатан нэг ч үгүй, мөн түүний хүчнээс аврах хэн ч байхгүй, харин тэрээр хүссэнээ хийж, өөрийгөө өргөмжлөв. 5 Би үүнийг ажиглаж байтал нэгэн ухна баруун зүгээс, бүх дэлхийг тойрон хөл нь газар хүрэлгүй ирэв. Ухны нүдний хооронд нэг онцгой эвэр байв. 6 Голын эрэг дээр зогсож байхад нь миний харсан хоёр эвэртэй хуц уруу тэрээр ойртож, хүчтэй уур хилэнгээр түүн уруу дайрав. 7 Тэрээр өнөөх хуцанд ойртож ирэхийг би харсан. Ухна түүнд хилэгнэсэн байлаа. Тэрээр түүнийг мөргөж, хоёр эврийг нь хугалсан бөгөөд хуц түүнийг эсэргүүцэх хүчгүй байв. Ухна хуцыг газар чулуудаж, дээр нь гишгэчсэн бөгөөд хуцыг ухны хүчнээс аврах хэн ч байхгүй байлаа. 8 Тэгээд ухна өөрийгөө онцгой өргөмжиллөө. Гэвч тэрээр хүчирхэг болмогц том эвэр нь хугаран унаж, оронд нь онцгой дөрвөн эвэр тэнгэрийн дөрвөн салхийг чиглэн ургав. 9 Тэдгээрийн доторх нэг эврээс нэгэн жижиг эвэр гарч, өмнө, дорно зүг ба Үзэсгэлэнт Орныг чиглэн онцгой том болов. 10 Тэрээр тэнгэрийн цэрэгт хүрэхээр ургаж, цэргүүд хийгээд оддын заримыг газарт унагаж, уландаа гишгэв. 11 Тэрээр өөрийгөө тэнгэрийн цэргийн Жанжинтай адил болгохоор өргөмжилж, Түүнээс өдөр бүрийн тахилыг холдуулж, Түүний ариун газрыг сүйтгэв. 12 Нүглээс болж тэнгэрийн цэргүүд өдөр бүрийн тахилын хамтаар эвэрт өргөгдөх болно. Эвэр үнэнийг газар хаяж, дураараа авирлан, амжилт олсоор байх болно. 13 Тэгээд би нэгэн ариун хүний өгүүлэхийг сонсов. Мөн өгүүлж буй ариун хүнд өөр нэгэн ариун хүн —Ариун газар болон тэнгэрийн цэргүүд хоёрыг гишгэгдэхийг зөвшөөрүүлэхийн тулд нүгэл айдсыг төрүүлсээр байхад өдөр бүрийн тахилын тухай энэхүү үзэгдэл хэдий болтол үргэлжлэх вэ? гэв. 14 Тэрээр надад —Хоёр мянга гурван зуун өглөө ба үдшийн туршид. Тэгсний дараа ариун газар зохистойгоор дахин сэргээгдэнэ гэв. 15 Даниел би энэ үзэгдлийг үзээд, түүний утгыг ойлгохоор хайв. Харагтун, хүн шиг дүрстэй нэгэн миний өмнө зогсож байв. 16 Улаи голын эргийн дундаас хүний дуу гарч, тэрээр дуудаж, —Габриел аа. Энэ хүнд үзэгдлийг тайлбарла гэхийг би сонсов. 17 Тэгээд тэр миний зогсож байсан газарт дөхөж ирсэнд, би айж, нүүрээрээ газар унав. Тэр надад —Хүний хүү, энэ үзэгдэл төгсгөлийн цагт хамаарч байгаа гэдгийг ойлгогтун гэв. 18 Түүнийг надтай ярьж байх зуур, би нүүрээ газарт нааж, гүн нойронд автав. Гэвч тэр надад гараа хүргэж, намайг цэх шулуун босгосон. 19 Тэрээр —Харагтун, хилэнгийн сүүлчийн цагт юу болохыг би чамд мэдэгдэх гэж байна. Учир нь энэ үзэгдэл төгсгөлийн тогтоогдсон цагт хамаарч байна. 20 Чиний үзсэн хоёр эвэртэй хуц бол Меде болон Персийн хаадыг төлөөлж байна. 21 Үс ихтэй ухна бол Грекийн хаанчлалыг төлөөлж байгаа бөгөөд нүднийх нь хоорондох том эвэр бол түүний анхны хаан бөлгөө. 22 Хугарсан эвэр болон оронд нь ургасан дөрвөн эвэр бол тэр үндэстнээс боссон боловч анхных шиг хүчтэй байгаагүй дөрвөн хаанчлалыг төлөөлж байна. 23 Эдгээрийн ноёрхлын төгсгөл үед нүгэлтнүүд илүү харгис болох үед, ичгүүргүй, нууц явуулгад гарамгай нэгэн хаан гарч ирнэ. 24 Тэр өөрийнхөө хүчээр бус, аугаа хүчтэй болно. Тэр асар их хэмжээгээр эвдэж, амжилт олон дураараа дургих болно. Тэрээр хүчтэнүүдийг болон ариун хүмүүсийг сөнөөнө. 25 Тэрээр хэрсүү ухаанаараа хууран мэхлэлтийг хөгжүүлэхэд нөлөөлнө. Тэрээр зүрх сэтгэлдээ бардамнаж, Амар тайван байхад нь олон хүнийг сүйтгэх болно. Тэрээр бүр Жононгуудын Жононг эсэргүүцэн босох боловч Хүний гарын оролцоогүйгээр сөнөх болно. 26 Дээр өгүүлсэн өглөө ба үдшийн тухай үзэгдэл бол үнэн. Харин энэ үзэгдлийг нууцлан хадгал. Учир нь энэ нь ирээдүй дэх олон хоногт хамаарна гэв. 27 Дараа нь Даниел би эцэж, хэдэн өдөр өвдлөө. Тэгээд дахин босож, хааны албыг хашсан. Гэвч би үзэгдлийн талаар их гайхсан бөгөөд түүний учрыг тайлбарлах хэн ч байгаагүй.
1 Халдеичуудын хаанчлалын хаан болсон, Меде овгийн Ахашверошийн хүү Дариусын анхдугаар жилд буюу 2 түүний ноёрхлын анхдугаар жилд Даниел би ЭЗЭНий үгээр эш үзүүлэгч Иеремиад илэрхийлэгдсэн Иерусалимын хоосрол дуустал үргэлжлэх жилийн тоог буюу далан жил байгаа гэдгийг номоос мэдсэн. 3 Тиймээс би залбирал ба гуйлтаараа мацаг барьж, таар өмсөж, өөр дээрээ үнс асган, Эзэн Бурханыг хайхаар, Түүн уруу хичээнгүйлэн хандсан. 4 Би өөрийн Бурхан ЭЗЭНд залбирч, хүлээн зөвшөөрч, хэлсэн нь —Ээ халаг, Эзэн минь, агуу, айдас төрөм Бурхан минь. Таныг хайрлаж, Таны тушаалуудыг сахигчдад Та гэрээ болон хайр энэрлээ өгдөг. 5 Бид нүгэл үйлдэж, гэм бурууд холбогдож, харгис үйлс хийж, тэрсэлж, түүгээр ч барахгүй Таны тушаал ба тогтоолуудаас холдсон. 6 Түүнээс гадна манай хаад, манай жононгууд, манай өвөг дээдэс болон газар нутгийн бүх ард түмэнд Таны нэрээр ярьсан Таны зарц нар болох эш үзүүлэгч нарыг бид сонсоогүй. 7 Эзэн минь, үнэн зөв нь Таных. Харин өнөөдрийнх шиг ичгүүр нь биднийх. Үүнд Иуда хүмүүст, Иерусалимын оршин суугчдад болон бүх Израильд буюу ойр хол байгчдад ба Таны эсрэг хийсэн тэдний итгэлгүй үйлсийнх нь төлөө Таны хөөсөн бүх оронд байгаа тэдэнд хамаарна. 8 Эзэн минь, бид Таны эсрэг нүгэл үйлдсэн учраас ичгүүр нь биднийх, манай хаад, манай жононгууд, манай өвөг дээдсийнх. 9 Учир нь бид Түүний эсрэг тэрсэлсэн учир энэрэл уучлал нь бидний Бурхан Эзэнд бий. 10 Бурхан Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдээр дамжуулан бидний өмнө тогтоож өгсөн сургаалыг нь даган алхах гэж ЭЗЭН Бурханыхаа дууг бид дагаагүй. 11 Харин ч бүх Израиль Таны хуулийг зөрчин, Таны дуу хоолойг дагалгүй зам буруулсан. Тиймээс Бурханы зарц Мосегийн хуульд бичигдсэн тангаргийн хамт, хараал нь бидний дээр буужээ. Учир нь бид Түүний эсрэг нүгэл үйлдсэн юм. 12 Бидэнд агуу их гамшгийг авчрахаар бидний эсрэг болон биднийг захирдаг захирагчдын эсрэг айлдсан үгээ тэр баталжээ. Учир нь Иерусалимд үйлдэгдсэн шиг ийм явдал тэнгэрийн дор хаана ч тохиолдож байгаагүй. 13 Мосегийн хуульд бичигдсэнээр энэ бүх гамшиг бидэн дээр буусан билээ. Гэсэн ч бид өөрсдийн гэм буруугаас эргэж, Таны үнэнд анхаарал тавилгүй ЭЗЭН Бурханыхаа тааллыг хүсэмжлэн хайгаагүй. 14 Тийм учраас ЭЗЭН гамшгийг хадгалан хурааж, бидний дээр буулгасан. Юу гэвэл бидний Бурхан ЭЗЭН Өөрийн үйлдсэн бүх хэрэгтээ зөв шударга байдаг юм. Харин бид Түүний дуу хоолойг дагаагүй. 15 Харин одоо хүчирхэг мутраар Өөрийнхөө ард түмнийг Египетийн нутгаас хөтөлж гарган, Өөрийгөө өнөөдрийнх шиг нэр алдартай болгосон бидний Бурхан Эзэн минь, бид нүгэл үйлдэж, харгисаар амьдарсан. 16 Эзэн минь, Таны бүх үнэн зөв үйлсийн дагуу Та Өөрийн хот Иерусалимаас буюу Өөрийн ариун уулаас уур хилэнгээ буцааж аваач. Учир нь бидний нүгэл болон бидний эцэг өвгөдийн гэм буруугаас болж Иерусалим ба Таны ард түмэн бидний эргэн тойрны бүх улсуудад ичгүүр гутамшиг болсон юм. 17 Тиймээс одоо бидний Бурхан аа, Өөрийн зарцын залбирал болон түүний гуйлтыг сонсоод, Эзэн минь, Өөрийн төлөө, Өөрийн нүүрний гэрлийг Таны хоосорсон ариун газарт тусгаач. 18 Бурхан минь ээ, сонороо талбиж, сонсооч! Мэлмийгээ нээж, бидний хоосрол ба Таны нэрээр нэрлэгдсэн хотыг хараач. Учир нь бид өөрсдийн үнэн зөвийн төлөө биш, харин Таны агуу энэрлийн төлөө Таны өмнө гуйлтаа өргөж байна. 19 Эзэн минь, сонсооч! Эзэн минь, өршөөгөөч! Эзэн минь, сонсоод, үйлдээч! Бурхан минь ээ, Өөрийнхөө төлөө хийх үйлээ бүү хойшлуулаач. Учир нь Таны хот болон Таны ард түмэн Таны нэрээр нэрлэгдсэн билээ гэв. 20 Би ярьж, залбирч, өөрийн болон өөрийн ард түмэн Израилийн нүглийг хүлээн зөвшөөрч, миний Бурханы ариун уулын төлөө өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө гуйлтаа өргөсөөр, 21 би залбирал дотор ярьсаар байтал, түрүүчийн үзэгдэл дунд миний үзсэн хүн Габриел, оройн тахилын үед намайг ихэд ядарсан байхад над дээр ирэв. 22 Тэрээр надад заавар өгч, надтай ярин, —Даниел аа. Би чамд хэрсүү ухаан, ойлголтыг өгөхөөр ирсэн. 23 Чамайг гуйж эхлэхэд зарлиг гарсан бөгөөд чамд мэдүүлэхээр ирлээ. Чи энэ мэдээг сайн бодож, үзэгдлийг ойлго. 24 Чиний ард түмэн болон чиний ариун хотын төлөө буюу хилэнцийг дуусгаж, нүглийг төгсгөж, гэм буруугийн төлөө эвлэрүүллийг бүтээж, мөнхийн зөв шударга байдлыг тогтоож, үзэгдэл ба эш үзүүллэгийг битүүмжилж, хамгийн ариун газрыг тослохын тулд далан долоон хоног тогтоогдсон юм. 25 Иерусалимыг сэргээн барьж босгохоор зарлиг гарах цагаас эхлээд Жонон Мессиа ирэх хүртэл долоон долоон хоног болон жаран хоёр долоон хоног байх болно гэдгийг чи мэдэж ухаар. Зовлонгийн цагт ч гэсэн Иерусалим хэрэм, далантайгаа сэргээн босгогдоно. 26 Тэгээд жаран хоёр долоон хоногийн дараа Мессиа таслагдах бөгөөд юу ч үгүй болно. Хожим ирэх жононгийн ард түмэн хот ба ариун газрыг эвдэх болно. Түүний төгсгөл нь үерээр ирж, бүр эцэс хүртэл тэнд дайн үргэлжилж, хоосрол нь тогтоогдсон билээ. 27 Тэрээр олон хүмүүстэй нэг долоон хоногийн турш бат гэрээ байгуулна. Гэвч долоон хоногийн дунд тэрээр тахил болон идээн өргөлийг хориглоно. Бузрын жигүүр дээр жигшүүрийг авчрагч нэгэн ирж, тогтоогдсон бүрэн эвдрэлийг хүртэл буюу жигшүүрийг авчрагч нэгэн дээр цутгагдах хүртэл байна гэв.
1 Персийн хаан Корешийн гурав дахь жилд Белтешазар хэмээн нэрлэгдсэн Даниелд нэгэн үг илчлэгдэв. Энэ үг үнэн бөгөөд их зөрчлийн тухай байсан боловч тэрээр энэ үгийг ойлгож, энэ үзэгдлийг ч ухаарав. 2 Тэр өдрүүдэд Даниел би бүтэн гурван долоо хоног гашууджээ. 3 Бүтэн гурван долоо хоног дуустал би амтат хоол ч идсэнгүй, мах ба дарс ч амандаа хүргэсэнгүй, ямар ч тос түрхсэнгүй. 4 Эхний сарын хорин дөрөв дэх өдөр би Тигр хэмээх их мөрний эрэг дээр зогсож байгаад, 5 нүдээ дээш өргөн харахад, маалинган хувцас өмсөж, Уфазын шижир алтан бүс бүсэлсэн нэгэн хүн үзэгдэв. 6 Мөн түүний бие нь биндэрьяа чулуу шиг, царай нь аянгын дүртэй, нүд нь дүрэлзсэн бамбар шиг, гар ба хөл нь өнгөлсөн хүрлийн гялбаа шиг, бас дуу хоолой нь түмэн хүний дуу мэт бөлгөө. 7 Даниел би л ганцаараа энэ үзэгдлийг харсан. Тэгэхэд надтай хамт байсан хүмүүс энэ үзэгдлийг хараагүй боловч тэднийг агуу их айдас нөмөрч, тэд зугтан нуугдацгаасан билээ. 8 Тиймээс би ганцаараа үлдэж, энэ агуу үзэгдлийг харсан. Гэсэн ч миний дотор тамир тэнхээ алга болж, царай минь өнгө алдан зэвхийрч, надад хүч чадал үлдсэнгүй. 9 Ингээд би түүний үгийг сонссон. Түүний үгийг сонсонгуут би нүүрээрээ газар унаж, гүн нойронд автав. 10 Харагтун, нэгэн гар надад хүрсэнд, би чичирсээр өвдөг ба гарынхаа алган дээр босов. 11 Тэрээр надад —Ихэд хүндлэгддэг Даниел аа, чамд хэлэх гэж буй миний үгийг ойлгож, цэх шулуун зогсогтун. Юу гэвэл би чам уруу илгээгдсэн юм гэв. Тэр надад энэ үгийг хэлэхэд би чичирсээр босов. 12 Тэрээр надад —Бүү ай, Даниел аа. Учир нь үүнийг ойлгож авахаар, мөн өөрийн Бурханы өмнө өөрийгөө дорд тавихаар зүрхэндээ шийдсэн анхны өдрөөс чинь чиний үгсийг Бурхан сонссон учир би үгэнд чинь хариулахаар ирлээ. 13 Гэвч Персийн хаант улсын жонон намайг хорин нэгэн өдөр эсэргүүцсэн. Харин тэргүүн жононгуудын нэг болох Михаел надад туслахаар ирсэн. Учир нь би тэнд Персийн хаадтай хамт үлдсэн байв. 14 Хожмын өдрүүдэд чиний ард түмэнд юу тохиолдох тухай чамд ойлгуулахаар би одоо ирлээ. Учир нь энэ үзэгдэл ирээдүйн өдрүүдэд хамаарна гэв. 15 Тэрээр надад эдгээр үгийг хэлэнгүүт би нүүрээрээ газар ширтэн, дуугүй болсон. 16 Хүний хүү шиг дүрстэй нэгэн уруулд минь хүрч байв. Тэгэхэд би амаа нээж, миний өмнө зогссон түүнд хандан —Эзэн минь ээ, үзэгдлээс болж миний дээр зовлон шаналал ирж, надад ямар ч хүч үгүй боллоо. 17 Учир нь эзэний минь ийм зарц миний эзэнтэй хэрхэн ярьж чадах билээ? Миний хувьд гэвэл, одоо надад ямар ч тамир тэнхээ үлдээгүй, амьсгал ч үгүй болсон гэв. 18 Тэгэхэд хүний дүртэй тэр нэгэн надад дахин хүрч, намайг чадалтай болгов. 19 Тэрээр —Ихэд хүндлэгддэг хүн ээ, бүү ай. Амар амгалан чамд байг. Зоригийг ав, зоригтой болтугай! гэв. Тэр надад ингэж хэлэнгүүт би хүч тэнхээтэй болж, —Миний эзэн та намайг хүч тэнхээтэй болгосон учир ярьж хайрла гэв. 20 Тэгээд тэрээр —Би чам уруу юуны тулд ирснийг чи ойлгож байна уу? Гэвч би одоо Персийн жононтой байлдахаар буцах ёстой. Тиймээс би явлаа, харин харагтун, Грекийн жонон ирэх гэж байгаа. 21 Гэвч үнэний бичээст юу гэж бичигдсэнийг би чамд хэлнэ. Гэсэн ч танай жонон Михаелаас өөр, эдгээр хүчнүүдийн эсрэг надтай хамт бат зогсох хүн байхгүй юм гэв.
— 1 Меде хүн Дариусын анхдугаар жилд би түүнийг зоригжуулагч болон хамгаалагч болохын тулд боссон. 2 Одоо би чамд үнэнийг хэлье. Харагтун, Перст гурван өөр хаан босож, дараа нь тэд бүгдээс хамаагүй илүү баялагтай дөрөв дэх хаан гарч ирнэ. Тэрээр эд хөрөнгөөрөө хүчтэй болмогцоо, бүхэл хаант улсыг Грекийн ноёрхлын эсрэг болгож өдөөнө. 3 Хүчирхэг хаан гарч, агуу их эрх мэдлээр захирч, өөрийн хүссэн зүйлээ үйлдэх болно. 4 Харин түүнийг оргилдоо хүрмэгц, хаанчлал нь нураагдаж, ертөнцийн дөрвөн зүгт хуваагдана. Энэ нь түүний үр удамд хүртэхгүй, түүний олж авсан эрх мэдлийн дагуу ч хуваагдахгүй, мөн түүний улс гүрэн үндсээрээ таслагдаж, бусдад очно. 5 Дараа нь Өмнө зүгийн хаан өөрийн жононгуудын нэгэнтэй хамт хүчтэй болох бөгөөд тэр жонон түүнээс илүү хүчтэй болж эрх мэдлийг олно. Түүний эрх мэдэл үнэхээр агуу их болно. 6 Хэдэн жилийн дараа тэд түншилж, Өмнө зүгийн хааны охин эвийн гэрээ байгуулахын тулд Умард зүгийн хаанд очно. Харин гүнж хүчээ ч хадгалахгүй, хаан ч мөн хүчээ үлдээхгүй. Харин тэр өдрүүдэд гүнж болон түүнийг авчрагч, түүний эцэг, түүнийг дэмжигчид бүгд хороогдоно. 7 Харин гүнжийн удам угсааны нэг хүн оронд нь гарч ирээд, Умард зүгийн хааны цэргийн эсрэг босож, цайзад нь цөмрөн орж, тэдний эсрэг байлдаж хүчээ харуулна. 8 Тэгээд тэдний бурхад, мөн төмөр шүтээн, нандин алт мөнгөн савнуудыг тэрээр Египет уруу олзлон аваачиж, хэдэн жилийн туршид Умард зүгийн хааныг дайрахгүй. 9 Дараа нь Умард зүгийн хаан Өмнө зүгийн хааны эзэмшил нутагт нэвтрэн орох боловч өөрийн нутагтаа буцна. 10 Түүний хөвгүүд дайнд бэлтгэж, асар олон цэргийг тоо томшгүйгээр цуглуулна. Тэдгээрийн нэг нь үерийн ус шиг бууж ирээд, хальж, Өмнө зүгийн хааны бат цайзыг хүртэл дахин довтолно. 11 Өмнө зүгийн хаан хилэгнэн уурлаж, Умард зүгийн хаантай тулалдахаар очно. Умард зүгийн хаан тоо томшгүй их цэргийг цуглуулах боловч, тэдгээр нь Өмнө зүгийн хааны гарт автагдана. 12 Тоо томшгүй цэргийг олзолсны дараа, Өмнө зүгийн хааны зүрх омог дээрэнгүй болж, түм түмээр устгах боловч ялалтад хүрэхгүй. 13 Учир нь Умард зүгийн хаан дахин урьдынхаас илүү олон цэргийг цуглуулж, хэдэн жилийн дараа бүрэн зэвсэглэсэн их цэрэгтэйгээ дахин довтолно. 14 Тэр үед олон хүн Өмнө зүгийн хааны эсрэг босно. Чиний ард түмний дундаас тэрслүү хүмүүс үзэгдлийг биелүүлэх гэж өөрсдийгөө өргөмжлөх боловч тэд унах болно. 15 Тэгээд Умард зүгийн хаан ирж, бүслэлтийн овоо босгож, бат бэхлэгдсэн хотыг эзлэн авна. Өмнө зүгийн хүчнүүд буюу шилдэг цэргүүд нь хүртэл түүнийг дийлж чадахгүй. Учир нь эсэргүүцэх хүч хүрэхгүй байх болно. 16 Харин эсрэг ирэх хэн ч болов дураараа авирлах бөгөөд түүнийг дийлэх чадалтай хүн олдохгүй. Тэрээр гартаа хоосролыг барин Үзэсгэлэнт Оронд хэсэг зуур байх болно. 17 Тэрээр бүхэл хаанчлалынхаа хүчийг барин ирж, эв найрамдлын гэрээг хэрэгжүүлэн, улсыг нь сөнөөхийн тулд түүнд эмэгтэйн охиныг өгнө. Гэвч тэр нь түүнд туслахгүй, түүний талд ч орохгүй. 18 Дараа нь тэрээр нүүрээ далайн арлууд уруу хандуулж, тэднээс олныг эзлэн авна. Харин нэгэн жанжин нь түүний зэвүүцлийг зогсоож, зэвүүцлийг нь өөрийнх нь эсрэг эргүүлнэ. 19 Ингээд тэр өөрийн улсын цайзууд уруу нүүрээ эргүүлэх боловч, бүдэрч унан, дахин харагдахгүй болно. 20 Дараа нь түүний оронд гарч ирэх нэгэн өөрийн хаанчлалын Эрдэнэ уруу дарлагчдыг явуулах болно. Гэсэн ч хэдэн өдрийн дараа хилэнгээр юм уу, дайны талбарт бус тэрээр алагдана. 21 Түүний оронд хаанчлахын хүндэтгэлийг олоогүй жигшүүрт хүн гарч ирэх боловч тэрээр амар амгалангийн цагт ирж, нууц явуулгаар хаанчлалыг хүлнэ. 22 Үерийн ус шиг халих хүчнүүд түүний өмнө хамагдан цохигдож, гэрээний жонон ч мөн устгагдана. 23 Түүнтэй гэрээ хэлэлцээр байгуулсны дараа тэрээр мэхэлсээр байх бөгөөд бага ард түмнээр их хүчийг олно. 24 Амар амгалангийн цагийг далимдуулж тэрээр ноёрхлын хамгийн баян газарт нэвтрэн орж, эцгүүдийнхээ болон өвөг дээдсийнхээ хийгээгүй зүйлийг гүйцэлдүүлнэ. Тэрээр дээрэмдэн булааж авсан, олзолж авсан зүйлс ба эд баялгийг өөрийн хүмүүст тарааж өгнө. Тэр хуйвалдаанаараа цайзуудыг эзлэх боловч энэ нь хэсэг зуур л явагдана. 25 Тэрээр их цэргийг дагуулан, өөрийн сүр хүч болон сэтгэл зоригийг Өмнө зүгийн хааны эсрэг илэрхийлнэ. Өмнө зүгийн хаан ч дайтахаар ихэд олон, маш хүчтэй цэргийг бэлтгэх боловч түүний эсрэг гарсан хуйвалдаануудаас болж дийлж чадахгүй. 26 Түүний шилмэл идээг хүртэгсэд өөрийг нь хөнөөж, түүний цэрэг бутрах боловч олон хүн алагдана. 27 Хоёр хаан сэтгэлдээ бузрыг тээж, нэг ширээнд сууж байхдаа бие биендээ худал хэлнэ. Харин тэр нь амжилтад хүрэхгүй. Яагаад гэвэл эцэс нь тогтоогдсон цагт ирэх болно. 28 Тэгээд тэрбээр их олз баялагтай нутаг уруугаа буцах болно. Харин түүний зүрх сэтгэл ариун гэрээний эсрэг байх бөгөөд тэрээр үйлдлээ хийгээд, нутагтаа буцна. 29 Тогтоогдсон цагт тэрээр буцаж ирэн, Өмнө зүг уруу явах боловч энэ удаагийн аян нь өмнөхтэй нь адилгүй байна. 30 Учир нь Киттимийн хөлөг онгоцнууд түүний эсрэг дайрна. Тийм учраас тэрээр зүрхээ алдан буцаж, ариун гэрээнд хилэгнэн, үйлдлээ хийнэ. Тэрээр буцаж ирээд ариун гэрээг үл ойшоогчдыг дээдэлнэ. 31 Түүний цэргүүд босож, ариун газрын цайзыг бузарлаж, өдөр бүрийн тахилыг хориглоно. Тэд хоосролын бузар юмыг тогтоож тавина. 32 Тэрээр гэрээнд тэрслэгчдийг ялдам үгсээр бурхангүй байдалд эргүүлнэ. Харин өөрийн Бурханыг мэдэгч ард түмэн хүчирхэг болж, үйлдэл хийнэ. 33 Ард түмний дундаас хэрсүү ухаантнууд олон хүнд ойлголтыг өгөх боловч тэд олон өдрийн туршид сэлмийн ирэнд унаж, галын дөлөнд шатаагдаж, олзлогдон тонуулна. 34 Тэд доройтон унах үедээ бага зэрэг л тусламж авна. Олон хүмүүс хоёр нүүр гарган тэдэнтэй нэгдэнэ. 35 Хэрсүү ухаантай зарим нь доройтон унах боловч энэ нь тэд эцсийн цаг хүртэл цэвэрлэгдэж, ариусгагдаж, шинэчлэгдэхийн тулд юм. Учир нь тогтоогдсон цаг хараахан болоогүй байна. 36 Тэгээд нэг хаан хүссэнээ хийж, өөрийгөө аливаа бурхнаас илүү дээдлэн өргөмжилж, бурхдын Бурханы эсрэг доромжлолыг ярих болно. Уур хилэн зогсох хүртэл тэрээр амжилт олно. Учир нь тогтоогдсон зүйл биелэгдэх болно. 37 Тэрээр өвөг дээдсийнхээ бурхад, эмэгтэйчүүдийн хүсэмжилсэн зүйлс болон бусад ямар ч бурхдыг үл хүндэтгэнэ. Тэрээр өөрийгөө л тэр бүхнээс дээгүүр өргөмжилнө. 38 Харин оронд нь тэрээр бат бэх цайзуудын бурхныг буюу эцэг өвгөдийнхөө мэддэггүй байсан бурхныг алт, мөнгө, үнэт чулуу, эрдэнэсээр тахин хүндэтгэнэ. 39 Тэрээр харийн бурхны тусламжтайгаар хамгийн бат цайзуудын эсрэг довтолно. Өөрийг нь хүлээн зөвшөөрөгчдөд тэрбээр агуу хүндэтгэл үзүүлж, тэднээр олон түмнийг захируулж, шагнал болгон тэдэнд газрыг хувааж өгнө. 40 Эцсийн цагт Өмнө зүгийн хаан түүнтэй мөргөлдөх бөгөөд Умард зүгийн хаан тэрэг, морьт цэрэг болон олон хөлөг онгоцоор шуурга мэт түүний эсрэг дайрна. Тэрээр олон улсад халдаж, үерийн ус шиг халин өнгөрнө. 41 Тэрээр бас Үзэсгэлэнт Оронд нэвтрэн орох бөгөөд олон улсыг устгана. Харин Едом, Моаб болон Аммоны хөвгүүдийн шилдэг хүмүүс түүний гараас аврагдана. 42 Дараа нь тэрээр бусад улсуудын эсрэг гараа сунгах бөгөөд Египет ч түүний гараас мултарч үл чадна. 43 Харин тэрээр нууцлагдсан алт, мөнгө болон Египетийн бүх үнэт эрх мэдлийг гартаа авна. Ливичүүд ба етиопчууд түүний хөлийн доор мөлхөцгөөх болно. 44 Гэвч Дорно ба Умард зүгээс ирсэн цуу үгс түүнийг зовоох бөгөөд тэрээр олон түмнийг хядаж устгахаар уур хилэнтэйгээр гарах болно. 45 Тэрээр тэнгис ба үзэсгэлэнт Ариун Уулын дунд өөрийн ноёрхлын танхимын цацрыг босгоно. Харин түүний төгсгөл ирэх бөгөөд хэн ч түүнд туслахгүй.
1 Тэр үед чиний ард түмний хөвгүүдийг хамгаалдаг агуу жонон Михаел босно. Энэ үндэстэн үүссэн цагаас тэр үе хүртэл хэзээ ч байгаагүй хүнд цаг болно. Тэр үед чиний ард түмний дундаас номд бичигдсэн бүгд аврагдах болно. 2 Газрын шороонд булагдсан нойрсогчдоос олон нь сэрж, нэг хэсэг нь мөнх амь уруу, харин нөгөө хэсэг нь ичгүүр болон мөнхийн жигшил уруу явна. 3 Хэрсүү ухаантай нь тэнгэрийн мандлын гэрэл шиг туяарч, олныг зөв шударга байдалд авчрагчид нь од мэт үүрд мөнх гэрэлтэх болно. 4 Харин Даниел чи, цаг хугацааны төгсгөл хүртэл эдгээр үгсийг битүүмжилж, энэ номыг лацдагтун. Олон хүн нааш цааш яван, мэдлэг өсөн нэмэгдэнэ гэж хэлэв. 5 Тэгэхэд Даниел би харахад хоёр өөр хүн байсан бөгөөд нэг нь голын наад эрэгт, нөгөө нь голын цаад эрэгт зогсож байв. 6 Тэдний нэг нь голын усан дээр зогсогч, маалинган хувцастай хүнд хандан —Эдгээр гайхамшгуудын эцэс болтол хэр удах вэ? гэв. 7 Голын усан дээр зогсогч, маалинган хувцастай хүн баруун болон зүүн гараа тэнгэр өөд сунгаад, мөнхөд амьдрагч Нэгэний нэрээр тангараглан —Тэр нь цаг үе, цаг үеүд, хагас цаг үе болно гэхийг би сонслоо. Тэд ариун хүмүүсийн хүчийг нурааж дууссаны дараа энэ бүх явдал төгсөнө гэж бас өгүүлсэн. 8 Харин би сонссон боловч ойлгож чадсангүй. Тиймээс би —Эзэн минь, энэ бүх явдлын үр дүн юу болох вэ? гэж асуув. 9 Тэрээр —Даниел аа, өөрийнхөө замаар явагтун. Учир нь эдгээр үгс эцсийн цаг хүртэл битүүмжлэгдэн, лацдагдсан юм. 10 Олон хүн шинэчлэгдэн, ариусгагдаж, цэвэршүүлэгдэнэ. Харин хилэнцэт хүмүүс хилэнцээ үйлдэнэ. Хилэнцэт хүмүүсийн нэг нь ч ойлгохгүй, харин хэрсүү ухаантнууд ойлгоно. 11 Өдөр бүрийн тахил хориглогдож, хоосролын бузар юм тавигдах цагаас нэг мянга хоёр зуун ерэн өдөр болно. 12 Хүлээн хүлээсээр нэг мянга гурван зуун гучин таван өдөрт хүрсэн нь ерөөлтэй еэ! 13 Харин чиний хувьд гэвэл, өөрийнхөө замаар эцэс хүртэл яв. Тэгвэл чи амгаланд орж, цаг үеийн эцэст хувиа хүртэхээр дахин босох болно гэв.