ЕСТЕР

1

1 Энэ нь Энэтхэгээс Етиоп хүртэлх зуун хорин долоон мужийг хаанчилж байсан Ахашверошийн өдрүүдэд болов. 2 Хаан Ахашверошийн нийслэл Суса дахь өөрийн хаан суудалдаа залрах тэр өдрүүдэд буюу 3 хаанчлалынхаа гурав дахь жилд тэрээр өөрийн бүх ноён, бараа бологчид, Персийн болон Медийн цэргийн дарга нар, язгууртнууд өөрийнх нь мужуудыг захирах ноёдыг өөрийнхөө өмнө байлган найр хийв. 4 Тэгээд тэрээр хааны яруу алдрынхаа баян чинээлгийг болон өөрийн аугаа цог жавхлангийнхаа сүр хүчийг олон өдрийн турш, зуун наян хоног харуулав. 5 Эдгээр өдрүүдийг дуусахад хаан нийслэл Суса хотод байсан бүх хүмүүст, хамгийн аугаа ихээс хамгийн өчүүхэнд нь хүртэл зориулан хааны ордны цэцэрлэгийн хашаанд долоо хоног үргэлжилсэн найр хийв. 6 Тэнд нил өнгийн нарийн маалинган уяануудаар мөнгөн гархинуудтай болон гантиган багануудтай холбогдсон цагаан болон хөх ягаан өнгийн нарийн маалинган хөшигнүүд байв. Мөн эрээн чулуу, гантиг, тана болон эрдэнийн чулуунуудыг шигтгэн зассан зам дээр алт, мөнгөөр хийсэн буйдангууд байлаа. 7 Янз бүрийн төрлийн алтан саванд уух юмаар үйлчилж байсан бөгөөд хааны элбэг дэлбэгийн дагуу хааны дарс элбэг хүрэлцэхүйц байв. 8 Уух нь хуулийн дагуу байсан бөгөөд хэн ч албадахгүй байв. Учир нь хүн нэг бүр өөрийнхөө хүслийн дагуу байж болно хэмээн хаан ордныхоо түшмэдэд тушаал буулгасан аж. 9 Хатан Вашти мөн Хаан Ахашверошийн ордонд эмэгтэйчүүдэд зориулан найр хийв. 10 Долоо дахь өдөр хааны зүрх дарсанд баясах үедээ, хаан Ахашверошийн өмнө үйлчилж байсан долоон тайган хүн болох Мехуман, Бизта, Харбона, Бигта, Абагта, Зетар ба Каркас нарт ийн тушаав. 11 Хатан Ваштийн гоо үзэсгэлэнг ард түмэн болон ноёдод харуулахын тулд түүнийг хатных нь титэмтэйгээр хааны өмнө авчрахыг тушаав. Учир нь тэр ихэд үзэсгэлэнтэй ажээ. 12 Гэвч Хатан Вашти тайгануудаар дамжуулсан хааны тушаалаар ирэхээс татгалзав. Тэгэхэд хаан ихэд уурсан, цээжин дотор нь хилэн дүрэлзэв. 13 Тэгээд хаан цаг үе ойлгодог мэргэн хүмүүстэй ярилцан (Учир нь хууль болоод шударга ёсыг мэддэг бүхний өмнө хааны ярих нь ёс заншил байв. 14 Перс болон Медийн долоон ноён хааны шадрууд Каршена, Шетар, Адмата, Таршиш, Мерес, Марсена ба Мемукан нар нь хаанд ойр бөгөөд хаант улсынхаа дотор эхний байранд суудаг.) — 15 Тайгануудаар дамжуулсан хаан Ахашверошийн тушаалыг дагаагүй хатан Ваштиг хуулийн дагуу хэрхэх ёстой вэ? хэмээсэнд, 16 хаан болон ноёдын өмнө Мемукан ийн өгүүлэв. —Хатан Вашти зөвхөн хааны өмнө бурууг үйлдээд зогсоогүй, мөн хаан Ахашверошийн бүх мужууд дахь ноёд болон бүх ард түмний өмнө бурууг үйлдэв. 17 Учир нь хатны үйлдэл нь бүх эмэгтэйчүүдэд мэдэгдэхэд энэ нь тэднийг "Хаан Ахашверош хатан Ваштиг өөрийн өмнө авчрахыг тушаахад тэр ирээгүй" гэж хэлэн нөхрүүддээ хүндэтгэлгүй хандахад хүргэх болно. 18 Энэ өдөр хатны үйлдлийг сонссон Перс болон Медийн сурвалжит эмэгтэйчүүд мөн ийм байдлаар хааны бүх ноёдтой ярих бөгөөд жигшил зэвүүцэл болон уур хилэн их болох болно. 19 Хэрэв хаан үүнийг таалбал зарлиг гаргаг! Мөн энэ нь хүчингүй болгуулахгүйн тулд Вашти нь хаан Ахашверошийн өмнө цаашид ирэх ёсгүйг Перс болон Медийн хуульд бичигдэг. Мөн хаан түүний хатны байр суурийг түүнээс илүү зохистой хүнд нь өгөг! 20 Тэгээд хааны гаргах зарлиг нь түүний бүх аугаа хаант улс даяар тунхаглагдахад бүх эмэгтэйчүүд нөхрүүдээ, том ч, жижиг ч хүндлэх болно. 21 Энэ үг хаан болон түүний ноёдын таалалд нийцэж, Мемуканы санал болгосончлон хаан үйлдэв. 22 Тэгээд тэр хааны бүх мужуудад, тус тусынх нь бичиг үсгээр, ард түмэн бүрд өөрсдийн нь хэлээр эр хүн бүр өөрийн гэртээ эзэн байж, өөрийн ард түмнийхээ хэлээр яригч байх ёстой хэмээсэн захидлуудыг илгээв.

2

1 Эдгээр зүйлсийн дараа хаан Ахашверошийн уур хилэн намдахад, тэр Ваштиг болон түүний юу хийснийг, мөн түүний эсрэг ямар зарлиг гаргаснаа санав. 2 Тэгэхэд түүнд үйлчилж байсан хааны бараа бологчид ийн хэлэв. —Хаанд үзэсгэлэнтэй онгон охидыг эрж олог. 3 Хаан өөрийн хаанчлалын бүх мужуудаар хянагч нарыг томилж, тэд үзэсгэлэнтэй онгон охин бүрийг нийслэл Суса уруу эмэгтэйчүүдийн байр уруу эмэгтэйчүүдийг хариуцаж байсан хааны тайган Хегаин халамжинд цуглуулж авчраг. Тэгээд тэдэнд оо энгэсгийг нь өгсүгэй! 4 Тэгээд хааны таалалд нийцсэн залуу эмэгтэйг Ваштийн оронд хатан болгог гэв. Энэ хэрэг хааны таалалд нийцсэн бөгөөд тэр түүнчлэн үйлдэв. 5 Нийслэл Сусад бениамин хүн Кишийн хүү, Шимеигийн хүү, Иаирын хүү Мордехаи хэмээгч нэгэн иудей хүн байв. 6 Тэр нь Вавилоны хаан Небухаднезарын цөлсөн Иудагийн хаан Иекониатай хамт цөлөгдсөн олзлогсодтой цуг Иерусалимаас цөллөгт ирсэн хүн юм. 7 Тэгээд тэр авга ахынхаа охин Хадассаг буюу Естерийг хүмүүжүүлж байв. Учир нь тэр охин эцэг эхгүй ажээ. Тэр залуу эмэгтэй бие галбир, царай зүсээр үзэсгэлэнтэй байсан бөгөөд эцэг эхийг нь нас барахад Мордехаи түүнийг охиноо болгон авчээ. 8 Хааны тушаал болон зарлиг зарлагдан, олон залуу эмэгтэйчүүд нийслэл Суса уруу Хегаин халамжинд цуглацгааж байхад Естер хааны ордон уруу эмэгтэйчүүдийг хариуцаж байсан Хегаин халамжинд хүргэгджээ. 9 Тэр залуу эмэгтэй түүний таалалд нийцэж, ивээлийг нь олов. Тиймээс тэр Естерийг оо энгэсгээр болон хүнсээр түргэн хангаж, түүнд хааны ордноос долоон шилмэл шивэгчнийг өгөн, түүнийг болон шивэгчдийг нь хааны эхнэрүүдийн байрны хамгийн сайн газар уруу шилжүүлэв. 10 Естер өөрийн ард түмнээ ч, садан төрлөө ч илчилсэнгүй. Учир нь Мордехаи түүнд тэднийг илчилж болохгүй хэмээн захижээ. 11 Тэгээд Мордехаи өдөр бүр хааны эхнэрүүдийн байрны хашааны өмнүүр Естерийн ямар байгааг болон юу болж байгааг мэдэх гэж урагшаа хойшоо холхидог байв. 12 Залуу эмэгтэй бүрийн хаан Ахашверош уруу очих ээлж болоход тэр эмэгтэйчүүдэд зориулагдсан арван хоёр сарын гоо сайхны үйлчлэлийг гүйцээх ёстой байв. Мирийн тосны зургаан сар, мөн эмэгтэйчүүдийн үнэртэн ба оо энгэсгийн зургаан сар ажээ. 13 Залуу эмэгтэй нь хаан уруу ийм байдлаар орох ёстой. Эмэгтэйчүүдийн байрнаас хааны ордон уруу түүний авч явахыг хүссэн бүхэн нь түүнд өгөгдөх юм. 14 Орой нь тэрээр очоод, өглөө нь эмэгтэйчүүдийн хоёр дахь байр уруу буцаж, татвар эмсийг хариуцаж байсан хааны тайган Шаашгазын халамжинд очно. Тэгээд хаан тэр эмэгтэйг таалж, нэрийг нь дуудахаас нааш тэр дахин хаанд бараалхдаггүй ажээ. 15 Өөрийг нь охиноо болгож авсан Мордехаин авга ах Абихаилын охин Естерийн хаан уруу очих ээлж ирэхэд эмэгтэйчүүдийг хариуцаж байсан хааны тайган Хегаин зөвлөснөөс өөр зүйлийг тэр гуйсангүй. Тэгээд Естер өөрийг нь харсан бүхний нүдэнд тааллыг олов. 16 Ингээд Естерийг Тебет буюу аравдугаар сард түүний хаанчлалын долоо дахь жилд хааны ордонд Хаан Ахашверош дээр авчрав. 17 Хаан Естерийг бүх эмэгтэйчүүдээс илүү хайрлаж, Естер түүний таалал хийгээд энэрлийг бусад бүх онгон охидоос илүү олсон тул хаан хатны титмийг Естерийн толгойд өмсгөж, түүнийг Ваштийн оронд хатан болгов. 18 Дараа нь хаан их найр буюу Естерийн найрыг өөрийн бүх ноён болон албан хаагчдад зориулан хийсэн бөгөөд мөн мужууддаа амралтын өдрийг зарлан, өөрийн өгөөмөр зангаар бэлгүүдийг өгөв. 19 Тэгээд онгон охидыг хамтдаа хоёр дахь удаагаа цуглахад Мордехаи нь хааны дааман хаалганы тушаа сууж байв. 20 Естер Мордехаин тушаасанчлан, үндэс угсаагаа ч, ард түмнээ ч хараахан мэдэгдээгүй байв. Учир нь Естер Мордехаин үгийг, түүний халамжинд байх үеийнх шигээ л дагаж байв. 21 Тэр өдрүүдэд Мордехаиг хааны дааман хаалганы тушаа сууж байхад хаалгыг сахьж байсан хааны албаны хүмүүсээс хоёр нь буюу Бигтан, Тереш нар уурлан, хаан Ахашверошт халдахаар зэхэв. 22 Гэвч хуйвалдааныг Мордехаи мэдээд, хатан Естерд хэлэхэд Естер үүнийг хаанд Мордехаин нэрээр мэдэгдэв. 23 Хуйвалдааныг шалгаж, үнэн байсан нь мэдэгдэхэд, тэд хоёул дүүжлүүрт дүүжлэгдэв. Энэ нь хааны өмнө Судрын номд бичигджээ.

3

1 Энэ явдлын дараа хаан Ахашверош нь агаг хүн Хаммедатагийн хүү Хаманыг алба ахиулан, эрх мэдлийг нь түүнтэй хамт буй ноёдоос дээгүүр тогтоон түүнийг дэвшүүлэв. 2 Хааны дааман хаалганы дэргэдэх хааны бүх үйлчлэгчид Хаманд хүндэтгэл үзүүлэн бөхийв. Учир нь хаан түүний тухайд тийн зарлигджээ. Харин Мордехаи бөхийсөн ч үгүй, хүндэтгэл ч үзүүлсэн ч үгүй. 3 Тэгэхэд хааны дааман хаалганы дэргэд байдаг хааны үйлчлэгчид Мордехаид —Чи яагаад хааны зарлигийг зөрчинө вэ? гэв. 4 Тэд түүнд өдөр болгон хэлсэн ч Мордехаи тэднийг сонсдоггүй байв. Тиймээс тэд Мордехаин шалтгаан тэсэх эсэхийг харахаар Хаманд мэдүүлэв. Учир нь Мордехаи тэдэнд өөрийгөө иудей хүн хэмээн хэлжээ. 5 Мордехаиг өөрт нь бөхийх ч үгүй, хүндэтгэл үзүүлэх ч үгүй байгааг үзээд Хаман уур хилэнгээр дүүрэв. 6 Гэвч тэр Мордехаид ганцааранд нь халдахыг үл тоомсорлов. Учир нь тэд түүнд Мордехаин ард түмэн нь хэн болохыг хэлсэн учир Хаман Ахашверошийн бүх хаант улсаар тархсан Мордехаин ард түмэн, бүх иудейчүүдийг устгахаар санаархав. 7 Хаан Ахашверошийн арван хоёр дахь жилд Нисан сар буюу нэгдүгээр сард Хаманы өмнө өдрөөс өдөрт, сараас сард Адар буюу арван хоёрдугаар сарыг хүртэл пур хэмээх шавгыг орхин шодов. 8 Тэгээд хаан Ахашверошт Хаман ийн хэлэв. —Таны хаанчлалын бүх мужуудын ард түмнүүдийн дунд тарж сарнисан нэгэн ард түмэн байна. Тэдний хууль нь бусад ард түмнүүдийн хуулиудаас өөр бөгөөд тэд хааны хуулиудыг сахьдаггүй юм. Тиймээс тэднийг байлгах нь хаанд тустай бус болой. 9 Хэрэв хаан үүнийг таалбал, тэднийг устгах зарлиг гаргатугай. Тэгээд би арван мянган мөнгөн талантыг хааны санд оруулахын тулд хааны ажлыг хэрэгжүүлэгчдийн гарт тушаана гэв. 10 Тэгэхэд хаан гараасаа өөрийн тамгат бөгжөө авч иудейчүүдийн дайсан агаг хүн, Хаммедатагийн хүү Хаманд өгөв. 11 Мөн хаан Хаманд —Мөнгө чинийх, тэр хүмүүс ч мөн адил. Чи тэдний тухайд тааллаараа болох болтугай гэв. 12 Тэгээд хааны гүүш нар нэгдүгээр сарын арван гурав дахь өдөр дуудагдан Хаманы тушаасныг хааны ноёд, муж бүрийн захирагчдад, ард түмэн бүрийн ноён нарт муж бүрд өөр өөрсдийнх нь бичгээр, ард түмэн бүрд өөрсдийнх нь хэлээр хаан Ахашверошийн нэрээр бичин илгээж хааны тамгат бөгжөөр тамгалжээ. 13 Адар сар буюу арван хоёрдугаар сарын арван гурав дахь өдөр нэг өдрийн дотор эмэгтэйчүүд болон хүүхдүүд, хөгшин залуу бүх иудейчүүдийг хүйс тэмтэрч, алж устгахын тулд болон тэдний эд хөрөнгийг олзлон авахын тулд хааны бүх мужуудад зарлагуудаар захидал илгээв. 14 Муж бүрд хуульчлан гаргах зарлигийн хуулбарыг энэ өдрийн төлөө бэлэн байлгахын тулд бүх ард түмэнд нийтлэв. 15 Нийслэл Сусад зарлиг гарч байх хооронд хааны тушаалаар дайчлагдсан зарлагууд гарч явцгаав. Мөн хаан болон Хаман уухаар сууцгаах үед Суса хот үймэн сандарч байв.

4

1 Мордехаи болсон бүх зүйлсийг мэдээд, хувцсаа уран, үнс болон таар углаж, хотын дунд гарч чанга дуугаар гашуунаар уйлав. 2 Тэрээр хааны дааман хаалга хүртэл явав. Учир нь таар угласан хэн ч хааны дааман хаалгаар орох ёсгүй байв. 3 Хааны тушаал болон зарлиг хүрсэн муж бүхэнд иудейчүүд мацаг барин, уйлалдан орилж ихэд гашуудан, үнс болон таар углав. 4 Тэгтэл Естерийн шивэгчид болон тайганууд ирж түүнд хэлэхэд, хатан ихэд зовон шаналав. Тэгээд тэр Мордехаин таарыг тайлуулахын тулд түүнд өмсгөх хувцас илгээсэн ч Мордехаи тэдгээрийг авсангүй. 5 Тэгэхэд Естер өөрийг нь халамжлуулахаар хааны томилсон түүний тайгануудаас Хатахыг дуудан, энэ нь юу болоод яагаад ийм юм болов гэдгийг мэдүүлэхээр түүнийг Мордехаи дээр оч гэж тушаав. 6 Тэгээд Хатах хааны дааман хаалганы өмнөх хотын талбай уруу Мордехаи дээр очив. 7 Мордехаи өөрт нь тохиолдсон бүхнийг болон Хаман иудейчүүдийг устгасны төлөө хааны сан хөмрөгт төлөхөөр амласан мөнгөний яг нарийн тоог түүнд хэлэв. 8 Мордехаи мөн түүнд тэднийг устгахын тулд Сусад гаргасан зарлигийн эх бичгийн хуулбарыг Естерд үзүүлж түүнд мэдэгдэхийн тулд өгч, түүнийг хаан уруу орж ивээлийг нь гуйж өөрийн ард түмнийхээ төлөө гуйхыг тушаав. 9 Тэгээд Хатах буцаж ирэн Мордехаин үгийг Естерд хэлэв. 10 Тэгэхэд Естер Хатахад хандаж, түүнийг Мордехаид ийн хариу хэлэхийг тушаав. — 11 Дуудагдаагүй ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн хааны дотоод ордонд орсон бол амьд үлдэхгүй, хаан очирт алтан таягаа түүн уруу сунгаагүй л бол тэр нь үхэх ёстой гэсэн ганц хууль байдаг гэдгийг хааны бүх зарц нар болон хааны мужуудын ард түмэн мэднэ. Тэгээд би эдгээр гучин хоногийн турш хаан дээр очихоор дуудагдаагүй байна. 12 Тэд Естерийн үгийг Мордехаид хэлэв. 13 Мордехаи Естерд ингэж хариул гэж тэдэнд хэлэв. —Хааны ордонд байгаа чи бүх иудейчүүдээс илүүгээр мултарч чадна гэж бүү сана. 14 Учир нь хэрэв чи энэ үед чимээгүй байвал өөр газраас иудейчүүдийн аврал болоод тусламж бий болж, чи болон чиний эцгийн гэр сөнөнө. Чи үүн шиг ийм цагийн төлөө л хааны эрх дарханд хүрсэн ч юм бил үү хэн мэдэх вэ? 15 Тэгэхэд Естер Мордехаид ингэж хариул гэж тэдэнд хэлэв. — 16 Явж, Сусад байгаа бүх иудейчүүдийг цуглуулж, миний төлөө мацаг барь! Шөнө ч, өдөр ч гурван хоногийн турш бүү ид, бүү уу. Би болон миний шивэгчид ч мөн ийм байдлаар мацаг барина. Энэ нь хуулийн дагуу биш ч би хаан дээр орно. Хэрэв би үхэх бол үхнэ. 17 Тэгээд Мордехаи явж Естерийн өөрт нь тушаасанчлан үйлдэв.

5

1 Гурав дахь өдөр нь Естер хатныхаа хувцсыг өмсөн, хааны дотоод ордонд хааны өрөөнүүдийн өмнө зогсоход ордны үүдний өөдөөс харсан өрөөндөө хааны сэнтийндээ хаан залран байв. 2 Хаан Естер хатныг ордон дотор зогсож байгааг харсанд Естер хааны тааллыг олж, хаан Естер уруу гартаа барьсан очирт алтан таягаа сунгав. Тэгэхэд Естер ойртон очиж, очирт таягийн үзүүрт хүрэв. 3 Тэгээд хаан түүнд —Хатан Естер чамайг юу зовоов? Чи юу хүсэж байна вэ? Хаант улсын тал ч байсан чамд өгөгдөх болно гэв. 4 Тэгэхэд Естер —Хэрэв хаан таалах аваас, хаан болон Хаман энэ өдөр миний түүнд бэлтгэсэн найрт ирэгтүн гэж хэлэв. 5 Хаан —Бид Естерийн хүслийн дагуу үйлдэхийн тулд Хаманыг түргэн авчир гэв. Тэгээд хаан болон Хаман Естерийн бэлдсэн найрт ирэв. 6 Тэд найран дээр дарс ууж байх үед хаан Естерд —Чиний гуйлт юу вэ? Чамд түүнийг чинь өгөх болно. Чи юу хүсэж байна вэ? Хаант улсын тал ч байсан түүнийг гүйцэлдүүлэх болно гэж хэлэв. 7 Естер хариуд нь —Миний гуйлт болон хүсэлт бол, 8 хэрэв би хааны тааллыг олсон бол, хэрэв хаан миний гуйлтыг гүйцэлдүүлж миний хүссэнийг хийхийг таалбал, хаан болон Хаман миний тэдэнд бэлдэх найрт ирэгтүн! Тэгээд маргааш би хааны хэлснийг хийнэ гэв. 9 Тэгээд Хаман тэр өдөр баяртай, өндөр сэтгэлтэй гарч явлаа. Харин Хаман хааны дааман хаалганы дэргэд Мордехаиг болон тэр түүний өмнө босохгүй, сүрдэн чичрэхгүй байгааг хараад Хаман Мордехаид уурлан хилэгнэв. 10 Гэсэн хэдий ч Хаман биеэ барьж, гэр өөдөө яван, найз нөхөд болон эхнэр Зерешээ дуудуулахаар илгээв. 11 Тэгээд Хаман тэдэнд өөрийн эд баялгийн сүр жавхланг хөвгүүдийнхээ өнөр олныг, мөн хаан түүнийг дөвийлгөсөн тохиолдол бүрийг түүнийг ноёд болон зарц нараас дээгүүр албанд дэвшүүлснийг өгүүлэв. 12 Хаман мөн —Естер хатан хүртэл өөрийн бэлдсэн найртаа хаантай хамт надаас өөр хэнийг ч ирүүлээгүй, мөн маргааш ч бас тэр намайг хааны хамт урьсан. 13 Гэлээ ч би иудей хүн Мордехаиг хааны дааман хаалганы дэргэд суугааг харах бүр энэ бүхэн миний сэтгэлд нийцэхгүй юм хэмээв. 14 Тэгтэл эхнэр Зереш болон бүх найз нар нь —Тавин тохой өндөр дүүжлүүр хийлгээд өглөө нь Мордехаиг түүн дээр дүүжлэхийг хаанаас гуй. Тэгээд хаантай хамт найрт баяр хөөртэй оч! гэж хэлэхэд энэ зөвлөгөө Хаманд таалагдаж, тэрээр дүүжлүүр хийлгэв.

6

1 Хаан тэр шөнийн туршид унтаж чадсангүй тул бичлэгийн ном, он дарааллын бичгийг авчрах тушаал өгч, тэдгээрийг хааны өмнө уншив. 2 Тэндээс сахиул байсан тайгануудын хоёр нь болох Бигтана, Гереш нарын талаар болон хаан Ахашверошт халдах гэсэн тэдний оролдлогын талаар Мордехаин мэдээлэл бичигдсэн байсныг олов. 3 Тэгээд хаан —Үүний төлөө Мордехаид ямар нэр алдар болон хүндэтгэл олгосон бэ? гэхэд хажууд нь байсан хааны зарц нар, түүнд —Түүний төлөө юу ч хийгээгүй байгаа гэв. 4 Хаан —Ордонд хэн байна вэ? гэв. Тэгэхэд Хаман Мордехаид бэлдсэн дүүжлүүртээ түүнийг дүүжлүүлэх тухай хаантай ярихаар хааны ордны гадаад өргөөнд дөнгөж орж ирээд байв. 5 Хааны зарц нар түүнд —Үзэгтүн! Хаман ордон дотор зогсож байна гэхэд хаан —Түүнийг оруул! гэв. 6 Тэгээд Хаман орж ирэхэд хаан —Хааны хүндэтгэл үзүүлэхийг хүсэж буй хүний төлөө юу хийх ёстой вэ? гэхэд Хаман өөртөө "Хаан хэнийг надаас илүү хүндлэхийг хүсэх билээ?" гэж өгүүлэв. 7 Тэгээд Хаман хаанд —Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд 8 хааны өмссөн дээл, толгойд нь хааны титэм тавьсан хааны унаж байсан морийг тэднээр авчруулж, 9 дээл болон морийг хааны хамгийн тэргүүн ноёдын нэгэнд өгч, хаан хүндэтгэлээ үзүүлэхийг хүссэн хүнийг хувцаслуулаад, түүнийг морь унуулан хотын талбайгаар хөтлөн явж, өмнө нь "Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг хүссэн хүнд ийн үйлдэгдэнэ" хэмээн тунхаглаг! гэв. 10 Тэгэхэд хаан Хаманд —Өөрийнхөө хэлснээр дээл болон морийг түргэн авч, хааны хаалганы дэргэд сууж буй иудей Мордехаид тийн үйлд! Өөрийнхөө хэлсэн бүх зүйлсээс алийг нь ч бүү орхиорой! гэв. 11 Тиймээс Хаман дээл болон морийг авч, Мордехаиг хувцаслаад, түүнийг морь унуулан хотын талбайгаар хөтлөн, өмнө нь —Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг хүсэж буй хүнд ийн үйлдэгдэнэ гэж тунхаглав. 12 Тэгээд Мордехаи хааны дааман хаалга уруу буцав. Харин Хаман толгойгоо бүтээн гашуудаж, гэр уруугаа яарав. 13 Хаман өөрт тохиолдсон бүгдийг эхнэр Зерештээ болон бүх нөхөддөө ярив. Тэгэхэд түүний мэргэн хүмүүс болон эхнэр Зереш нар —Чиний өмнө нь доройтож эхэлсэн Мордехаи нь иудей гаралтай бол, чи түүнийг дийлж чадахгүй, харин түүний өмнө лавтай унах болно гэв. 14 Тэднийг түүнтэй ярьж байх үед, хааны тайганууд хүрэлцэн ирж, Хаманыг Естерийн бэлдсэн найрт яаран авч одов.

7

1 Тэгээд хаан болон Хаман Естер хатантай хамт дарс уухаар ирцгээв. 2 Хоёр дахь өдөр нь найран дээр тэд дарсаа ууж байхдаа хаан Естерд —Хатан Естер ээ, чиний гуйлт юу вэ? Түүнийг чинь чамд өгөх болно. Чи юу хүсэж байна? Хаант улсын тал ч байсан, түүнийг чинь гүйцэлдүүлэх болно гэв. 3 Тэгэхэд Хатан Естер ийн хариулав. —Хэрэв би таны тааллыг тань олсон бол хаантан минь, хэрэв үүнийг хаан таалбал, миний амь гуйлт минь болж, миний ард түмэн хүсэлт минь болж өгөгдөг! 4 Учир нь бид, би ч, миний ард түмэн ч устгагдаж, алагдаж, хүйс тэмтрэгдэхээр худалдагдаад байна. Хэрэв бид ердөө эр, эм боолууд болон худалдагдсан бол, энэ нь хааныг уурлуулмаар зүйл биш учир би дуугүй байх байсан. 5 Тэгэхэд Хаан Ахашверош хатан Естерээс —Тэр чинь хэн бэ? Ийн үйлдэхийг зүрхлэгч тэр хүн хаана байна вэ? гэж асуув. 6 Естер —Дайсан болон өстөн бол энэ хорон санаат Хаман! гэв. Тэгэхэд Хаман хаан болон хатны өмнө айв. 7 Тэгэхэд хаан хилэгнэн, дарс уухаа больж босоод ордны цэцэрлэг уруу оров. Харин Хаман хатан Естерээс амиа гуйхаар үлдэв. Учир нь хаан түүний эсрэг хор хөнөөлийг тогтоосныг тэр харжээ. 8 Тэгээд хаан ордны цэцэрлэгээс дарс ууж байсан газар уруугаа буцаж ирэхэд, хаман Естерийн хэвтэж байсан буйдан дээр унаж байв. Тэгтэл хаан —Миний ордонд тэр намайг байхад хатныг бүр хүчирхийлэх нь үү? гэв. Хаан эдгээр үгсийг хэлэхэд, тэд Хаманы нүүрийг бүтээв. 9 Тэгэхэд хааны өмнө байсан хааны тайгануудын нэг Харбона —Үзэгтүн! Хаманы байшингийн дэргэд хааны төлөө сайныг өгүүлсэн Мордехаид Хаманы бэлдсэн тавин тохой өндөр дүүжлүүр байна! гэхэд, хаан —Түүн дээр түүнийг дүүжил! гэв. 10 Тийн тэд Хаманыг өөрийнх нь Мордехаид бэлдсэн дүүжлүүрт дүүжлэн, хааны уур хилэн намжив.

8

1 Тэр өдөр хаан Ахашверош иудейчүүдийн дайсан Хаманы гэрийг хатан Естерд өгсөн бөгөөд Мордехаи хааны өмнө ирэв. Учир нь Естер өөрийнх нь хувьд тэр хэн байсныг илчилсэн ажээ. 2 Тэгээд Хаманаас авсан өөрийн тамгат бөгжөө хаан сугалан авч Мордехаид өгөв. Естер Мордехаиг Хаманы гэрийнхний захирагчаар томилов. 3 Тэгээд Естер хаантай дахин хөлд нь унан уйлж, агаг хүн Хаманы хорон муу төлөвлөгөөг болон иудейчүүдийн эсрэг түүний санаачилсан хуйвалдааныг болиулахыг түүнээс гуйв. 4 Хаан очирт алтан таягаа Естер уруу сунгав. Тиймээс Естер босон, хааны өмнө зогсов. 5 Дараа нь тэр ийн хэлэв. —Хэрэв хаан үүнийг таалбал, хэрэв би хааны өмнө тааллыг нь олсон бол, мөн энэ хэрэг хаанд зөв санагдан, би түүний нүдэнд тааламжит болох аваас агаг хүн, Хаммедатагийн хүү Хаманы санаачилсан, хааны бүх мужууд дахь иудейчүүдийг устгахаар бичсэн захидлуудыг хүчингүй болгох зарлиг бичигдэг. 6 Учир нь би миний ард түмэнд учрах аюулыг хэрхэн харж тэвчих билээ? Мөн би өөрийнхөө төрөл садны сүйрлийг хэрхэн харж тэвчих билээ? гэв. 7 Тиймээс хаан Ахашверош хатан Естерд болон иудей хүн Мордехаид ийн хэлэв. —Үзэгтүн! Би Хаманы гэрийг Естерд өгсөн бөгөөд Хаман иудейчүүдийн эсрэг гар сунгасан учир түүнийг тэд дүүжлүүрт дүүжилсэн. 8 Одоо та нар зохистой гэж үзсэн зүйлээ хааны нэр дээр иудейчүүдэд хандан бичиж, хааны тамгат бөгжөөр тамгал! Учир нь хааны нэр дээр бичигдсэн, хааны тамгат бөгжөөр тамгалагдсан зарлиг нь хүчингүй болдоггүй. 9 Тэгээд тэр цагт буюу гуравдугаар сард (энэ нь Сиван сар юм), хорин гуравны өдөр хааны гүүш нарыг дуудан, Энэтхэгээс Етиоп хүртэл үргэлжлэх зуун хорин долоон мужийн иудейчүүд, эрх баригчид, захирагчид, амбан захирагчдад иудейчүүдэд өөрсдийнх нь бичиг үсэг болон хэлээр бичүүлэхээс гадна муж бүрд өөрсдийнх нь бичиг үсгээр, ард түмэн бүрд өөрсдийнх нь хэлээр Мордехаин тушаасан бүгдийн дагуу бичүүлэв. 10 Тэгээд тэр хаан Ахашверошийн нэр дээр зарлигийг бичиж, хааны тамгат бөгжөөр тамгалан, захидлуудыг хааны морьдын жүчээний хурдан хүлгүүдийг унасан зарлагуудаар илгээв. 11 Уг захидлуудад хаан хот бүрд буй иудейчүүдийг цуглан өөрсдийн амиа хамгаалах, мөн өөрсдийг нь довтолж болох аль нэг мужийн ч юм уу, ард түмний цэргийг хүүхэд эмэгтэйчүүдийг оруулан устгах, алах, хүйс тэмтрэх, мөн тэдний олзыг тонон дээрэмдэх эрхийг, 12 нэг өдөрт хаан Ахашверошийн бүх мужуудад арван хоёрдугаар сарын (тэр нь Адар сар) арван гурав дахь өдөрт олгов. 13 Муж бүрд хууль болгон гарах зарлигийн хуулбар нь иудейчүүдийг дайснуудаасаа өшөөгөө авахад бэлэн байлгахын тулд бүх ард түмэнд мэдэгдэв. 14 Хааны зарлигаар дайчлагдсан зарлагууд яаравчлан хааны морьдыг унан гарцгаав. Нийслэл Сусад зарлиг тунхаглагдав. 15 Хааны дэргэдээс Мордехаи хааны хөх, цагаан дээлтэй, том алтан титэмтэй, нарийн маалинган нил ягаан хувцастай гарч ирэхэд Суса хот ихэд баясан хашхиралдав. 16 Иудейчүүдийн хувьд энэ нь гэрэл гэгээ, баяр хөөр, баясгалан, хүндэтгэл байв. 17 Муж бүрд, хот бүрд, хааны тушаал болон зарлиг хүрсэн газар бүхэнд иудейчүүдийн хувьд баяр хөөр, баясгалан болж найр, ёслолын өдөр болов. Нутгийн ард олны олонх нь иудейчүүд болов. Учир нь иудейчүүдээс айх айдас тэднийг нөмөрчээ.

9

1 Хааны тушаал, зарлигийг гүйцэтгэхэд бараг бэлэн болсон арван хоёрдугаар сарын (энэ нь Адар сар юм) арван гурав дахь өдөр, иудейчүүдийн дайснууд тэднийг эзэгнэхээр горилж байсан тэр өдөр энэ нь эсрэгээр эргэж, иудейчүүд өөрсдийг нь үзэн ядагчдыг эзэгнэв. 2 Хаан Ахашверошийн бүх муж даяар иудейчүүд тус тусын хотуудад өөрсдийг нь хорлохыг хүсэгчдэд халдахаар цуглацгаасан бөгөөд хэн ч тэдний эсрэг зогсож чадсангүй. Учир нь тэднээс айх айдас бүх ард түмнийг нөмрөв. 3 Мужуудын бүх амбан захирагчид, эрх баригчид, захирагчид болон хааны ажлыг гүйцэтгэж байсан хүмүүс хүртэл иудейчүүдэд туслав. Учир нь Мордехаигаас айх айдас тэднийг нөмөрчээ. 4 Үнэхээр Мордехаи хааны өргөөнд нэртэй цуутай байсан бөгөөд түүний нэр алдар бүх муж даяар түгэн таржээ. Учир нь Мордехаи улам бүр нэртэй цуутай болов. 5 Тийнхүү иудейчүүд бүх дайснуудаа илдний ирээр хүйс тэмтрэн устгав. Тэд өөрсдийнхөө өшөөтнүүдийн эсрэг дураараа үйлдэв. 6 Нийслэл Сусад, иудейчүүд таван зуун хүнийг алж устгав. 7 Мөн Паршандата, Далфон, Аспата, 8 Пората, Адалиа, Аридата, 9 Пармашта, Арисаи, Аридаи, болон Ваизата нарыг буюу 10 иудейчүүдийн дайсан Хаммедагийн хүү Хаманы арван хөвгүүнийг алсан боловч тэд олзонд гар эс хүрэв. 11 Тэр өдөр нийслэл Сусад алагдагсдын тоог хаанд мэдээлэв. 12 Тэгээд хаан хатан Естерд —Иудейчүүд нийслэл Сусад таван зуун хүнийг болон Хаманы арван хөвгүүнийг алсан байна. Тэгвэл тэд хааны бусад мужуудад юуг үйлдээд байгаа бол? Одоо чи юуг гуйх вэ? Энэ нь ч бас чамд өгөгдөнө. Чи өөр юуг хүсэх вэ? Түүнийг чинь гүйцэлдүүлэх болно гэв. 13 Тэгэхэд Естер —Хэрэв үүнийг хаан таалбал, өнөөдрийн зарлиг ёсоор үйлдэх нь маргааш мөн Сусад буй иудейчүүдэд зөвшөөрөгдөг. Хаманы арван хөвгүүн ч дүүжлүүрт дүүжлэгдэг гэж хэлэв. 14 Ингээд хаан тийнхүү үйлдэг хэмээн зарлиг болж, зарлиг нь Сусад гарч, Хаманы арван хөвгүүнийг дүүжлэв. 15 Сусын иудейчүүд Адар сарын арван дөрөв дэх өдөр мөн цуглацгаан, Сусад гурван зуун хүнийг алсан боловч тэд тонуул үйлдсэнгүй. 16 Мөн хааны мужуудын бусад иудейчүүд өөрсдийн амиа хамгаалж, дайснуудаасаа ангижран, өөрсдийн өшөөтнүүдээс далан таван мянгыг алахаар цугларав. Гэвч тэд тонуул үйлдсэнгүй. 17 Энэ нь Адар сарын арван гурав дахь өдөр болсон бөгөөд арван дөрөв дэх өдөр нь тэд амарч, энэ өдрийг найр наадам баярын өдөр болгов. 18 Харин Сусын иудейчүүд тэр сарын арван гурав дахь болон арван дөрөв дэх өдөр цугларч, арван тав дахь өдөр нь амарцгаан, энэ өдрийг найр наадам баярын өдөр болгов. 19 Тиймээс захын хотуудад амьдрагч хөдөө нутгийн иудейчүүд Адар сарын арван дөрөв дэх өдрийг баясах, найр наадам, баяр цэнгээн хийн цайлах, бие биедээ идээний хувийг илгээх амралтын өдөр болгодог. 20 Тэгээд Мордехаи эдгээр явдлуудыг тэмдэглэж, хаан Ахашверошийн хол, ойрын бүх мужуудад амьдрагч бүх иудейчүүдэд захидлуудыг илгээв. 21 (Захидлууддаа тэр) жил бүрийн Адар сарын арван дөрөв дэх өдөр, мөн сарын арван тав дахь өдрийг тэмдэглэхийг үүрэг болгов. 22 Учир нь тэдгээр өдрүүдэд иудейчүүд дайснаасаа ангижирсан ба энэ сар нь тэдний хувьд уй гашуугаас баяр хөөр, гашуудлаас цэнгэлийн өдөр болсон тул тэд эдгээр өдрүүдийг найр наадам, баяр цэнгээн, мөн идээний хувийг бие биендээ илгээх болон ядуучуудад бэлэг өгөх өдрүүд болгох ёстой. 23 Тийнхүү иудейчүүд өөрсдийн хийж эхэлсэн байснаа болон Мордехаин тэдэнд бичсэн зүйлийг үүрэг болгон авав. 24 Учир нь агаг хүн, Хаммедагийн хүү, бүх иудейчүүдийн дайсан Хаман иудейчүүдийг устгахаар тэдний эсрэг төлөвлөн, тэднийг устган сүйрүүлэхээр Пур буюу шавга орхин шодсон билээ. 25 Гэвч энэ нь хаанд хүрэхэд хаан иудейчүүдийн эсрэг Хаманы санаачилсан хорон муу төлөвлөгөө нь өөрийнх нь толгой дээр буух ёстой гэж үзэн, мөн түүнийг болоод хөвгүүдийг нь дүүжлүүрт дүүжлэх ёстой хэмээн захидлаар тушаав. 26 Тиймээс тэд энэхүү өдрүүдийг Пурын нэрээр Пурим хэмээн нэрлэв. Мөн энэ захидал дахь зааврууд буюу тэд энэ тухайд үзсэн болон тэдэнд тохиолдсон зүйлсээс болж 27 иудейчүүд өөрсөддөө, өөрсдийн үр удамдаа болон тэдэнтэй нэгдсэн бүхэнд жил бүрийн тогтоосон цаг болоод ёс журмынхаа дагуу эдгээр хоёр өдрийг тэмдэглэхээ орхигдуулахгүйн тулд заншил болгон тогтоов. 28 Эдгээр өдрүүдийг үеийн үед гэр бүл, муж болон хот бүр дурсан санаж, тэмдэглэх ёстой. Пуримийн эдгээр өдрүүд нь иудейчүүдийн дунд тэмдэглэгдэхээ болих ч юм уу, эсвэл тэдний үр удмын дурсамжаас арилах ёсгүй. 29 Тэгэхэд Абихаилын охин Хатан Естер иудей Мордехаитай хамт Пуримийн тухай хоёр дахь захидлыг батлахаар бүрэн эрхтэйгээр бичив. 30 Тэр Ахашверошийн хаант улсын зуун хорин долоон мужууд уруу бүх иудейчүүдэд захидлуудыг ялангуяа амар амгалан болон үнэний үгсийг илгээв. 31 Энэ нь тогтоосон цагуудад Пуримийн эдгээр өдрүүдийг иудей Мордехаи болон хатан Естер нараас тэдэнд тогтоосонтой адил тэд өөрсөддөө болон өөрсдийн үр удамдаа өөрсдийн мацаг барих болон гашуудах үеийн тухайд заан тогтоосонтой адил тогтоохын тулд юм. 32 Ийнхүү Естерийн зарлиг нь Пуримийн талаар эдгээр заншлуудыг тогтоосон бөгөөд энэ нь номд бичигдэв.

10

1 Хаан Ахашверош газар нутагтаа болон далайн эрэг хавийн нутагтаа ч алба гувчуур оногдуулав. 2 Түүний эрх мэдэл болон хүч чадлын бүх үйлсийн тухай, мөн Мордехаид хаанаас дэвшүүлж хүртээсэн алдар гавъяаны бүрэн илтгэл, энэ бүхэн нь Персийн болон Медийн Хаадын Судрын (он дарааллын) Номд бичигдээгүй гэж үү? 3 Учир нь иудей Мордехаи нь хаан Ахашверошийн удаах хүн байсан ба иудейчүүдийн дунд онцгой нэр төртэйн гадна, өөрийн садан төрлийн тааллыг олсон, ард түмнийхээ сайн сайхныг эрэлхийлж, өөрийн бүхэл үндэстнийхээ аз жаргалын төлөө ярьдаг хүн байлаа.