ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ

1

1 Өөрсдийн гэрийнхнийг дагуулж Иаковтай хамт Египетэд очсон Израилийн хөвгүүдийн нэрс гэвэл, 2 Реубен, Симеон, Леви ба Иуда, 3 Иссахар, Зебулун ба Бениамин, 4 Дан ба Нафтали, Гад ба Ашер нар юм. 5 Иаковын үр удам бүгд далан хүн байв. Харин Иосеф Египетэд байсан. 6 Иосеф, түүний ах дүү нар болон тэр үеийнхэн бүгд нас барав. 7 Гэвч Израилийн хөвгүүд өсөн, улам үржиж, олшрон, онцгой хүчтэй болж, тэр газрыг дүүргэв. 8 Иосефыг мэдэхгүй шинэ хаан Египетэд гарч ирэв. 9 Тэр өөрийн ард түмэнд —Үзэгтүн! Израилийн хөвгүүдийн ард түмэн биднээс олон, бас хүчтэй боллоо. 10 Тэдэнд нарийн ухаанаар хандацгаая. Тэгэхгүй бол тэд олон болж, дайн гарах үед биднийг үзэн яддаг хүмүүстэй нийлж, бидний эсрэг байлдаж, энэ газраас гарах болно гэв. 11 Тиймээс тэднийг хүнд хүчир ажлаар зовоохын тулд тэдний дээр ажлын дарга нарыг тавив. Тэд Фараонд зориулж Питом болон Раамсес гэдэг агуулах хотуудыг барив. 12 Гэвч тэднийг хэдий чинээ зовоох тусам тэд төдий чинээ үржиж, улам бүр тархлаа. Тиймээс египетчүүд Израилийн хөвгүүдээс болж айдаст автав. 13 Египетчүүд Израилийн хөвгүүдийг хүнд хүчир ажилд албадан шахав. 14 Тэдэнд оноосон хүнд хүчир ажлууд болох шавар зуурах, тоосго цохих болон хээрийн янз бүрийн ажлаар египетчүүд тэдний амьдралыг гашуун зовлонтой болгов. 15 Дараа нь Египетийн хаан Шифра ба Пуа гэдэг еврей эх баригчдад — 16 Та нар еврей эмэгтэйчүүдийг эх барих үедээ, төрөх сандал дээр тэднийг ажиглаж байгаад, хэрэв хүү төрвөл үхүүлж, харин охин төрвөл амьд үлдээ гэв. 17 Харин эх баригчид Бурханаас эмээж, Египетийн хааны тушааснаар хийлгүй, харин хөвгүүдийг амьд үлдээв. 18 Тиймээс Египетийн хаан эх баригчдыг дуудаж, тэдэнд —Та нар юунд ийм юм хийж, хөвгүүдийг амьд үлдээв? гэв. 19 Эх баригчид Фараонд —Еврей эмэгтэйчүүд египет эмэгтэйчүүдтэй адилгүй юм. Тэд эрүүл чийрэг болохоор эх баригчийг ирэхээс өмнө төрсөн байдаг гэж хариулав. 20 Иймээс Бурхан эх баригчдад сайнаар хандсан. Ард түмэн олширч маш хүчирхэг болов. 21 Эх баригчид Бурханаас эмээсэн тул Тэр тэдэнд гэр бүл бий болгон өгөв. 22 Тэгэхэд Фараон бүх ард түмэндээ —Шинээр төрсөн хүү бүрийг та нар Нил мөрөнд хаяж, охин бүрийг амьд үлдээ гэж тушаав.

2

1 Левийн гэрийн нэгэн хүн явж, Левийн охиныг авав. 2 Тэр эмэгтэй жирэмсэлж хүү төрүүлсэн бөгөөд хүүгийнхээ сайхныг үзэхдээ түүнийг гурван сар нуув. 3 Гэвч түүнийг цаашид нууж чадахгүй болмогцоо түүнд зориулан зэгсэн сагс авч, барагшин болон давирхайгаар бүрэв. Тэр түүн дотор хүүхдээ хийж, Нилийн эргийн зэгсэн дунд тавив. 4 Хүүд юу тохиолдохыг мэдэхийн тулд түүний эгч зайдуу зогсож байв. 5 Фараоны охин усанд орохоор Нил уруу ирж, түүний шивэгчид Нилийн эргээр явцгааж байв. Зэгсэн дунд сагс байхыг тэр хараад, шивэгчнээ илгээж түүнийг авчрууллаа. 6 Тэр нээж харсанд, нэгэн хүү уйлж байлаа. Тэр түүнийг өрөвдөн —Энэ бол еврейчүүдийн хүүхдүүдийн нэг нь байна гэж хэлэв. 7 Түүний эгч нь Фараоны охинд —Би явж, еврей эмэгтэйчүүдээс таны төлөө хүүхдийг асрах асрагчийг дуудах уу? гэв. 8 Фараоны охин түүнд —Яв! гэхэд, охин явж, хүүхдийн эхийг дуудлаа. 9 Фараоны охин түүнд —Энэ хүүхдийг авч, надад асарч өг. Би чамд хөлсийг нь өгнө гэв. Тэгээд тэр эмэгтэй, хүүхдийг авч асрав. 10 Хүүхдийг өсөж том болоход, эмэгтэй түүнийг Фараоны охинд аваачсан бөгөөд тэр түүний хүү болов. Тэрээр хүүг Мосе гэж нэрлээд —Учир нь би түүнийг уснаас гаргаж авсан юм гэж өгүүлжээ. 11 Мосе өсөж том болоод нэгэн өдөр өөрийн ах дүү нар уруу очиж, тэдний хүнд хүчир ажлыг харав. Өөрийнх нь ах дүү болох нэг еврей хүнийг египет хүн зодож байхыг тэр үзэв. 12 Тэр ийш тийш хараад, хүнгүй байхыг үзмэгцээ, мөнөөх египет хүнийг алж, түүнийг элсэнд нуув. 13 Түүнийг дараа өдөр нь очиход, хоёр еврей хүн зодолдож байгаа үзэгдэв. Тэр буруутанд хандан —Чи юунд хөршөө зодно вэ? гэсэнд, 14 харин нөгөө хүн —Хэн чамайг бидний дээр захирагч, эсвэл шүүгчээр тавьсан юм бэ? Чи египет хүнийг алсан шигээ намайг бас алах гэж байна уу? гэсэнд, Мосе айж —Хэрэг үнэхээр илэрчээ гэж хэлэв. 15 Фараон энэ хэргийн тухай сонсоод, Мосег алахаар эрлээ. Харин Мосе Фараоны нүднээс зугтаж, Мидиан газарт амьдрав. Тэр худгийн дэргэд суулаа. 16 Мидианы тахилч долоон охинтой ажээ. Тэд ус татахаар ирээд, эцгийнхээ хонин сүргийг услахын тулд онгоцнуудыг дүүргэв. 17 Гэтэл хоньчид ирээд тэднийг хөөхөд Мосе босож, охидод туслаад, хонин сүргийг нь услав. 18 Тэд өөрсдийн эцэг Реуелд ирэхэд, тэр —Өнөөдөр та нар юунд ийм хурдан ирэв? гэж асуув. 19 Тэд —Нэг египет хүн биднийг хоньчдын гараас хамгаалсан. Түүгээр ч барахгүй, тэр бидэнд ус татан өгч, хонин сүргийг усалсан гэжээ. 20 Тэр охиддоо —Тэр хүн хаана байна? Та нар яагаад түүнийг орхив? Түүнийг дуудаад дайлагтун! гэж хэлэв. 21 Мосе тэр хүнтэй хамт амьдрахыг зөвшөөрсөн бөгөөд Реуел өөрийн охин Зиппораг Мосед өгчээ. 22 Тэгээд тэр хүү төрүүлсэнд, Мосе түүнд Гершом гэдэг нэр өгөөд —Би хүний газарт харь хүн болсон юм гэж хэлэв. 23 Урт хугацаа өнгөрч, Египетийн хаан нас барав. Израилийн хөвгүүд боолчлолоос болж санаа алдан, уйлжээ. Боолчлолоос болж тусламж гуйсан тэдний хашхираан Бурханд хүрэв. 24 Бурхан тэдний ёолох дууг сонсож, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан Өөрийн гэрээг санав. 25 Бурхан Израилийн хөвгүүдийг харж анхаарав.

3

1 Мосе өөрийн хадам эцэг Мидианы тахилч Иетрогийн хонин сүргийг хариулж байв. Тэр сүргийг цөлийн баруун талд аваачиж, Бурханы уул Хоребт хүрчээ. 2 ЭЗЭНий тэнгэр элч бутан дотроос галын дөл дунд түүнд үзэгдэв. Үзэгтүн, бутанд гал дүрэлзэж байсан боловч бут шатахгүй байгааг Мосе харлаа. 3 Тэгээд Мосе —Бут яагаад шатахгүй байгаа энэ гайхамшигт үзэгдлийг одоо би очиж харах ёстой гэлээ. 4 Түүний харахаар эргэхийг ЭЗЭН хараад, бутны дундаас Бурхан түүнийг дуудан —Мосе! Мосе! гэсэнд, тэр —Би энд байна гэж өгүүлэв. 5 Тэгтэл Тэр —Наашаа бүү ойрт! Чиний зогсож байгаа газар бол ариун газар учраас чи хөлөөсөө шаахайгаа тайл гэж айлдав. 6 Мөн —Би чиний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан гэж айлдсанд, Мосе Бурханыг үзэхээс айж, нүүрээ нуув. 7 ЭЗЭН —Египетэд байгаа Өөрийн ард түмний зовлонг Би сайтар харж, дарлагчдаас нь болсон тэдний хашхирааныг сонслоо. Учир нь Би тэдний зовлонг мэдсэн. 8 Тиймээс тэднийг египетчүүдийн гараас чөлөөлж, тэр газраас гарган, канаан, хит, амори, периз, хиви, болон иебусчуудын газар болох сүү балаар бялхсан сайхан уудам нутаг уруу аваачихаар Би бууж ирлээ. 9 Үзэгтүн, Израилийн хөвгүүдийн хашхираан Надад хүрсэн. Цаашилбал египетчүүд тэднийг хэрхэн дарлаж байгааг ч Би харсан. 10 Тиймээс, одоо нааш ир. Би чамайг Фараон уруу илгээж, чамаар Өөрийн ард түмэн болох Израилийн хөвгүүдийг Египетээс авчруулъя гэв. 11 Гэвч Мосе Бурханд —Фараон уруу очиж, Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах гэдэг би хэн юм бэ? гэж хэлсэнд, 12 Тэр —Би чамтай заавал хамт байна. Чи ард түмнийг Египетээс гарган авчраад, та нар энэ ууланд Бурханд мөргөнө. Энэ нь чамд Миний чамайг илгээсний тэмдэг болно гэж айлдав. 13 Тэгэхэд Мосе Бурханд —Хараач. Би Израилийн хөвгүүд уруу очиж, тэдэнд "Та нарын өвөг дээдсийн Бурхан намайг та нар уруу илгээв" гэж хэлэхэд, тэд надаас "Түүний нэр хэн бэ?" гэж асуувал, би тэдэнд юу гэж хэлэх вэ? гэв. 14 Бурхан Мосед —Би бол "Би байдаг" гэв. Тэгээд Тэр —Израилийн хөвгүүдэд чи "«Би байдаг» намайг та нар уруу илгээв" гэж хэл гэлээ. 15 Цааш нь Бурхан Мосед —Израилийн хөвгүүдэд чи "Та нарын өвөг дээдсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан болох ЭЗЭН намайг та нар уруу илгээв" гэж хэл. Энэ бол мөнхөд Миний нэр бөгөөд үеийн үед Миний дурсгалт нэр юм. 16 Явж, Израилийн ахмадуудыг хамтад нь цуглуулан "Та нарын өвөг дээдсийн Бурхан, Абрахам, Исаак, Иаковын Бурхан ЭЗЭН надад үзэгдэн «Би та нарыг үнэхээр анхаарч, Египетэд та нарт юу тохиолдсоныг харав. 17 Тиймээс та нарыг Египетийн зовлонгоос гаргаж, сүү балаар бялхсан нутаг канаан, хит, амори, периз, хиви, иебусчуудын нутаг уруу аваачна гэж Би айлдлаа»" гэж хэл. 18 Тэд чиний үгийг сонсоно. Чи Израилийн ахмадуудтай хамт Египетийн хаан уруу очоод "Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН бидэнтэй уулзсан. Тиймээс одоо бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд тахил өргөхийн тулд цөл уруу гурван өдрийн аянд явахыг бидэнд зөвшөөрөөч!" гэж хэл. 19 Харин хүчит мутраар цохихоос нааш Египетийн хаан та нарын явахыг зөвшөөрөхгүйг Би мэдэж байна. 20 Би Өөрийн мутраа сунгаж, Египетийн голд үйлдэх бүхий л гайхамшгуудаараа тэр улсыг цохьсны дараа тэр та нарыг явуулна. 21 Би египетчүүдийн нүдэн дээр энэ ард түмэнд хайр энэрлийг соёрхох болно. Та нар явахдаа гар хоосон явахгүй. 22 Харин эмэгтэй хүн бүр хөршөөсөө болон гэрт нь амьдардаг эмэгтэйгээс алт, мөнгөн эдлэл ба хувцас гуйж аваад, хөвгүүд охиддоо өмсгөж зүүлгэ. Ингэж та нар египетчүүдийг тонох болно гэв.

4

1 Тэгэхэд Мосе хариулан —Хэрэв тэд надад итгэхгүй, миний үгийг сонсохгүй бол яах вэ? Учир нь тэд "ЭЗЭН чамд үзэгдээгүй" гэж хэлж магадгүй гэв. 2 ЭЗЭН түүнээс —Чиний гарт байгаа чинь юу вэ? гэж асуухад, тэр —Таяг гэж хариулсанд 3 Тэр —Түүнийгээ газар хая гэж айлдав. Тэр таягаа газар хаяхад, таяг нь могой болсонд Мосе түүнээс зугтав. 4 Харин ЭЗЭН Мосед —Гараа сунган сүүлнээс нь барь гэлээ. Тэр гараа сунган түүнийг барихад, могой гарт нь таяг болов. — 5 Энэ нь тэдний өвөг дээдсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан ЭЗЭН чамд үзэгдсэнийг тэдэнд итгүүлэхийн тулд юм гэж айлдав. 6 ЭЗЭН цааш нь түүнд —Одоо гараа өвөртөө хий гэв. Тэр өвөртөө гараа хийгээд гаргаж ирэхэд, гар нь цас шиг цагаарч уяман өвчтэй болсон байв. 7 ЭЗЭН —Гараа дахиад өвөртөө хий! гэв. Тэр өвөртөө гараа дахин хийгээд өврөөсөө гаргаж ирэхэд, гар нь биеийнх нь бусад хэсэг шиг эрүүл болсон байлаа. — 8 Хэрвээ тэд чамд итгэхгүй, эхний тэмдгийн дуу хоолойг сонсохгүй бол дараагийн тэмдгийн дуу хоолойнд итгэж болох юм. 9 Харин хэрэв тэд энэ хоёр тэмдэгт ч үл итгэж, чиний үгийг сонсохгүй бол чи Нилээс ус авч, хуурай газарт асга. Нилээс чиний авсан ус хуурай газарт цус болно гэв. 10 Мосе ЭЗЭНд —Эзэн минь, өчигдөр ч, уржигдар ч, Та зарцтайгаа ярьж эхэлснээс хойш ч, би хэзээ ч уран үгтэй байгаагүй. Учир нь би хэл яриа муу, модон хэлтэй хүн гэж хариулав. 11 ЭЗЭН түүнд —Хэн хүний амыг бүтээсэн бэ? Хэн хүнийг хэлгүй, эсвэл дүлий, хараатай, эсвэл сохор болгодог вэ? ЭЗЭН Би биш гэж үү? 12 Тиймээс одоо яв! Би Өөрөө чиний амтай хамт байж, чиний юу хэлэхийг чамд заана гэв. 13 Харин тэр —Өө, Эзэн, Та хүссэн хүнээ явуулаач! гэсэнд 14 ЭЗЭНий уур хилэн Мосегийн эсрэг бадарч —Леви хүн Аарон гэдэг ах чамд байхгүй юу? Тэр хэл яриа сайтайг Би мэднэ. Үзэгтүн, тэр чамтай уулзахаар гарч ирж байна. Тэр чамайг хараад зүрхэндээ баярлана. 15 Чи түүнтэй ярьж, үгээ хэлж өг. Би чиний болон түүний амтай хамт байна. Би та нарын юу хийхийг чинь та нарт заана. 16 Тэр чиний оронд ард түмэнтэй ярина. Тэр чиний амыг орлоно. Чи түүнд Бурхан шиг байна. 17 Чи энэ таягийг гартаа барьж, үүгээр тэмдгүүдийг үйлдэнэ гэж айлдав. 18 Тэгээд Мосе тэндээс холдож, хадам эцэг Иетрогийнд буцан очоод, түүнд —Би Египетэд байгаа өөрийн ах дүү нар уруу буцан очиж, тэдний амьд эсэхийг хармаар байгаа тул намайг явуулаач гэсэнд Иетро Мосед —Амар тайван яв даа гэж хэлэв. 19 Мидианд ЭЗЭН Мосед хандан —Египет уруу буцан оч. Чиний амийг эрэлхийлж байсан бүх хүн үхсэн гэж айлдав. 20 Ингээд Мосе эхнэр, хөвгүүдээ авч тэднийг илжиг унуулаад, Египет нутаг уруу буцан явав. Бурханы таягийг Мосе гартаа авлаа. 21 ЭЗЭН Мосед —Чи Египетэд буцаж очоод, гарт чинь Миний өгсөн бүх гайхамшгийг Фараоны өмнө үйлд. Харин Би түүний зүрхийг хатуу болгох бөгөөд тэр ард түмнийг явуулахгүй. 22 Тэгэхэд чи Фараонд "ЭЗЭН ингэж айлдаж байна. «Израиль бол Миний хүү, Миний ууган хөвгүүн. 23 Тиймээс Би чамд "Миний хүүг явуул. Тэр Надад үйлчлэг" гэсэн боловч чи түүнийг явуулахаас татгалзсан. Үзэгтүн, Би чиний хүүг, ууган хөвгүүнийг чинь ална»" хэмээн хэл гэв. 24 Зам дахь хоноглох газарт ЭЗЭН түүнтэй уулзаад, түүнийг үхүүлэх гэв. 25 Тэгэхэд Зиппора цахиур чулуу авч, хүүгийнхээ хөвчний арьсыг огтлоод, түүнийг Мосегийн хөлд хаяж, —Чи үнэхээр миний цусан нөхөр гэж хэлэв. 26 Тэгэхэд Тэр Мосег тавив. Тэр үед Зиппора "Чи цусан нөхөр мөн" гэж хэлсэн нь хөвч хөндөлтөөс болсон юм. 27 ЭЗЭН Ааронд —Цөлд Мосетэй уулзахаар явагтун гэв. Тэр явж, Бурханы ууланд түүнтэй уулзаж, түүнийг үнсэв. 28 Мосе өөрийг нь илгээсэн ЭЗЭНий бүх үг ба өөрт нь тушаасан бүх тэмдгүүдийг Ааронд хэлэв. 29 Мосе, Аарон нар хамт явж, Израилийн хөвгүүдийн бүх ахмадуудыг цуглуулаад, 30 ЭЗЭНий Мосед айлдсан бүх үгсийг Аарон ярив. Дараа нь тэр ард түмний өмнө тэмдгүүдийг үзүүлэв. 31 Тэгэхэд ард түмэн итгэв. ЭЗЭН Израилийн хөвгүүдийг анхаарч, тэдний зовлонг харсныг тэд сонсоод, доош бөхийж, мөргөлөө.

5

1 Үүний дараа Мосе, Аарон нар Фараонд очиж —Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлдаж байна. "Миний ард түмнийг явуул. Тэд цөлд Надад баярын ёслол үйлдэг" гэж хэлэв. 2 Харин Фараон —ЭЗЭН гэгч хэн болоод, Израилийг явуул гэсэн Түүний үгийг Би дагах ёстой юм бэ? Би ЭЗЭНийг мэдэхгүй, Израилийг ч явуулахгүй гэж хэлэв. 3 Тэд —Еврейчүүдийн Бурхан бидэнтэй уулзсан. Цөл уруу гурван өдрийн аянд биднийг явуулаач. Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд тахил өргөе. Эс тэгвэл Тэр бидэн дээр тахал болон сэлэмтэй бууна гэцгээв. 4 Харин Египетийн хаан тэдэнд —Мосе, Аарон нар аа! Та нар юунд ард түмнийг ажлаас нь хөндийрүүлнэ вэ? Явж өөрсдийнхөө ажлыг хий гэв. 5 Фараон —Хар, энэ газрын ард түмэн эдүгээ маш олон. Та нар тэдний ажлыг зогсоож байна гэж бас хэлэв. 6 Ингээд тэр өдөр Фараон ард түмний дээр буй ажлын дарга нар болон харгалзагчдад зарлиг буулгаж, — 7 Та нар ард түмэнд тоосго хийхэд нь зориулж урьдынх шигээ сүрэл өгдгөө цаашид боль. Тэд явж, өөрсөддөө сүрэл хурааг. 8 Харин тэдний урьд хийж байсан тоосгыг тэр тоогоор нь хийлгэ. Та нар тоог нь бүү хас. Тэд залхуу учир "Биднийг явуулаач. Өөрсдийн Бурханд тахил өргөе" гэж хашхирч байна. 9 Тэдний ажлыг бүр хүнд болговол тэд түүнийгээ хийж, худал үгсийг анхаарахаа болино гэв. 10 Ингээд ард түмний ажлын дарга нар ба харгалзагчид гарч ирэн, ард түмэнд —Фараон ингэж хэллээ. "Би та нарт сүрэл өгөхгүй. 11 Та нар явж, олдох газраас нь өөрсөддөө сүрэл түүцгээ. Харин та нарын ажлаас огтхон ч хасахгүй" гэв. 12 Ард түмэн сүрлийн оронд тарианы ёзоор түүхийн тулд Египетийн бүх нутгаар тархав. 13 Ажлын дарга нар тэднийг шавдуулж, —Та нарт сүрэл байсан үе шиг өөрсдийнхөө ажлыг, өдрийнхөө хэргийг өдөрт нь гүйцэтгэ гэв. 14 Израилийн хөвгүүдийн харгалзагчид зодуулж —Та нар өчигдөр, өнөөдөр яагаад урьдын адил тоогоор тоосго хийж гүйцэтгээгүй вэ? гэж асуугдав. Тэднийг Фараоны ажлын дарга нар томилсон ажээ. 15 Израилийн хөвгүүдийн харгалзагчид явж, Фараонд —Та яагаад өөрийнхөө боолуудад ингэж хандана вэ? 16 Таны боолуудад ямар ч сүрэл өгөхгүй атлаа "Тоосго хий" гэж тэд хэлж байна. Үзэгтүн, таны боолууд зодуулж байгаад таны ард түмэн буруутай гэж гомдол мэдүүлэв. 17 Харин тэр —Та нар залхуу, залхуу байна. Тиймээс та нар "Биднийг явуулаач. ЭЗЭНд тахил өргөе" гэцгээж байна. 18 Тиймээс одоо явж ажиллацгаа. Та нарт сүрэл өгөхгүй боловч та нар тогтоосон хэмжээгээр тоосго хийх ёстой гэж хэлэв. 19 "Та нар өдөр бүрийн тоосгыг огтхон ч хасах ёсгүй" гэснийг Израилийн хөвгүүдийн харгалзагчид сонсоод, өөрсдөд нь уй гашуу учирсныг мэдэв. 20 Тэд Фараоныхаас гарч ирээд, тэднийг хүлээн зогсож байсан Мосе, Аарон нартай тааралдав. 21 Тэд Мосе, Аарон нарт —Та нар Фараон болон түүний зарц нарын нүдэнд биднийг жигшүүрт зүйл болгон, биднийг алуулах гэж тэдний гарт сэлэм өгч байгаа тул ЭЗЭН та нарыг хараад шүүх болтугай! гэж хэлэв. 22 Мосе ЭЗЭНд буцан ирж, —Өө, Эзэн, Та яагаад энэ ард түмнийг ийм гайд учруулсан бэ? Та юунд намайг явуулсан юм бэ? 23 Би Таны нэрээр ярихаар Фараон уруу ирсэн тэр цагаас хойш энэ ард түмэнд тэр их гай тарив. Та Өөрийнхөө ард түмнийг огтхон ч аварсангүй гэж өгүүлэв.

6

1 ЭЗЭН Мосед —Намайг Фараонд юу хийхийг одоо чи харна. Миний хүчит мутраас болж тэр тэднийг явуулна. Миний хүчит мутраас болж тэр тэднийг нутгаасаа хөөх болно гэв. 2 Бурхан цааш нь Мосетэй ярин, түүнд —Би бол ЭЗЭН. 3 Би Абрахам, Исаак, Иаковд Төгс хүчит Бурханаар илэрсэн. Харин ЭЗЭН гэдэг Өөрийнхөө нэрээр Би Өөрийгөө тэдэнд мэдүүлээгүй. 4 Би мөн тэдэнд Канаан газар буюу тэнүүчилж байсан газрыг нь өгөхөөр Өөрийн гэрээг тэдэнтэй байгуулсан. 5 Би Египетийн боолчлолд орсон Израилийн хөвгүүдийн уй гашууг сонсож, Өөрийн гэрээг саналаа. 6 Тиймээс Израилийн хөвгүүдэд ингэж хэл. "Би бол ЭЗЭН. Египетчүүдийн хүнд ачаан доороос Би та нарыг гаргаж, тэдний боолчлолоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан мутар болон аугаа шийтгэлүүдээр Би та нарыг аварна. 7 Тэгээд Би та нарыг Өөрийнхөө ард түмэн болгож, Би та нарын Бурхан болно. Би бол та нарыг египетчүүдийн хүнд ачаан доороос гаргасан та нарын Бурхан ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно. 8 Би Абрахам, Исаак, Иаковд өгөхөөр тангарагласан тэр газар уруу та нарыг аваачиж, түүнийг та нарт өв болгон өгнө. Би бол ЭЗЭН" гэж айлдав. 9 Мосе үүнийг Израилийн хөвгүүдэд уламжилсан боловч тэд гомдсон сэтгэл болон хүнд ажлаас болж Мосег сонссонгүй. 10 ЭЗЭН Мосед хандан — 11 Явж, Израилийн хөвгүүдийг нутгаасаа явуулахыг Египетийн хаан Фараонд хэл гэв. 12 Гэвч Мосе ЭЗЭНий өмнө —Үзэгтүн, Израилийн хөвгүүд намайг сонсоогүй байхад Фараон намайг хэрхэн сонсох билээ. Учир нь би уран цэцэн ярьж чадахгүй гэв. 13 ЭЗЭН Мосе, Аарон нарт хэлж, Египетийн нутгаас Израилийн хөвгүүдийг авчрахын тулд Израилийн хөвгүүд болон Египетийн хаан Фараоны талаарх үүргийг тэдэнд өгөв. 14 Эдгээр нь тэдний эцгүүдийн гэрүүдийн тэргүүлэгчид болой. Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь Ханох, Паллу, Хезрон, Карми нар юм. Тэд Реубений ургууд билээ. 15 Симеоны хөвгүүд нь Иемуел, Иамин, Охад, Иахин, Зохар болон Канаан эмэгтэйн хөвгүүн Шаул нар юм. Тэд Симеоны ургууд билээ. 16 Левийн хөвгүүдийн нэрс нь насныхаа эрэмбээр Гершон, Кохат, Мерари бөгөөд Леви зуун гучин долоо насалжээ. 17 Гершоны хөвгүүд нь ургуудынхаа эрэмбээр Либни, Шимеи нар билээ. 18 Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел бөгөөд Кохат зуун гучин гурав насалжээ. 19 Мерарийн хөвгүүд нь Махли, Муши нар юм. Тэд үеийн дагуу левичүүдийн ургууд билээ. 20 Амрам нь авга эгч Иохебедыг өөрийн эхнэр болгон авсан. Тэр эмэгтэй түүнд Аарон болон Мосег төрүүлжээ. Амрам зуун гучин долоо насалжээ. 21 Изхарын хөвгүүд нь Кора, Нефег, Зихри нар билээ. 22 Уззиелийн хөвгүүд нь Мишаел, Елзафан, Ситри нар билээ. 23 Аарон нь Амминадабын охин, Нахшоны дүү Елишебаг эхнэрээ болгон авсан. Тэр эмэгтэй түүнд Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг төрүүлэв. 24 Корагийн хөвгүүд нь Ассир, Елкана, Абиасаф нар юм. Тэд корачуудын ургууд билээ. 25 Аароны хүү Елеазар нь Путиелийн охидын нэгийг эхнэр болгон авсан. Тэр эмэгтэй түүнд Финехасыг төрүүлсэн. Тэд ургуудынхаа ёсоор левичүүдийн эцгүүдийн гэрүүдийн тэргүүлэгчид билээ. 26 "Израилийн хөвгүүдийг цэргийн эрэмбээр Египетийн газраас гарга" гэж ЭЗЭН Аарон, Мосе нарт айлдсан билээ. 27 Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах талаар Египетийн хаан Фараонд хэлсэн хүмүүс бол Мосе, Аарон билээ. 28 Египетийн нутагт ЭЗЭН Мосед айлдсан тэр өдөр 29 ЭЗЭН Мосед хандан —Би бол ЭЗЭН. Миний чамд айлдсан бүхнийг Египетийн хаан Фараонд хэл гэв. 30 Гэвч Мосе ЭЗЭНий өмнө —Үзэгтүн, би уран цэцэн ярьж чадахгүй. Намайг Фараон яаж сонсох билээ? гэж хэлэв.

7

1 ЭЗЭН Мосед —Үз. Би чамайг Фараонд Бурхан шиг болгосон. Чиний ах Аарон эш үзүүлэгч чинь болно. 2 Миний чамд тушаасан бүхнийг чи хэл. Чиний ах Аарон "Израилийн хөвгүүдийг нутгаасаа явуул" хэмээн Фараонд хэлэх болно. 3 Гэвч Би Фараоны зүрхийг хатууруулж, Өөрийн тэмдэг ба Өөрийн гайхамшгуудыг Египетэд олон болгоно. 4 Фараон та нарыг сонсохгүй үед Би Өөрийн мутрыг Египет дээр тавьж, аугаа шийтгэлүүдээр дамжуулж, Өөрийн цэргүүд болох Өөрийн ард түмэн Израилийн хөвгүүдийг Египетийн нутгаас гаргана. 5 Би Өөрийн мутраа Египет дээр сунгаж, Израилийн хөвгүүдийг тэдний дундаас гаргахад египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэв. 6 ЭЗЭНий өөрсдөд нь тушаасан ёсоор Мосе, Аарон нар үүнийг хийв. Тэд тийнхүү хийв. 7 Тэд Фараонд хэлэх үед Мосе наян настай, Аарон наян гурван настай байв. 8 ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин — 9 Фараон та нарыг " Гайхамшиг үзүүл" гэвэл, чи Ааронд "Таягаа авч, могой болгохоор Фараоны өмнө түүнийг хая" гэж хэл хэмээн айлдав. 10 Мосе, Аарон нар Фараон уруу очиж, ЭЗЭНий тушаасан ёсоор яг тийнхүү үйлдэв. Аарон таягаа Фараон ба түүний зарц нарын өмнө хаяхад тэр нь могой болов. 11 Фараон ч бас мэргэд ба илбэчдийг дуудав. Египетийн илбэчид ч бас өөрсдийн илбээрээ нэгэн адил үйлдэв. 12 Тэд бүгдээрээ өөрсдийн таягуудаа хаяж, тэдгээр нь могой болсон боловч Аароны таяг тэдний таягуудыг залгив. 13 Гэсэн ч Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй. 14 ЭЗЭН Мосед —Фараоны зүрх хатуу юм. Тэр ард түмнийг явуулахаас татгалзаж байна. 15 Өглөө Фараон уруу оч. Түүнийг ус уруу ирэхэд, түүнтэй уулзахаар чи Нилийн эрэг дээр зогс. Могой болсон таягаа чи гартаа барь. 16 Чи түүнд "Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН намайг чам уруу илгээж «Миний ард түмнийг явуул. Тэд цөлд Надад үйлчилнэ» гэсэн. Харагтун. Гэтэл чи одоо болтол сонссонгүй. 17 Иймээс ЭЗЭН айлдаж байна. «Чи үүгээр Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Үзэгтүн, би гартаа байгаа таягаараа Нилийн усыг цохиход тэр нь цус болно. 18 Нилд буй загас үхэж, Нил мөрөн өмхийрч, египетчүүд Нилээс ус уухад хэцүү болно»" гэж хэл хэмээн айлджээ. 19 ЭЗЭН Мосед —Чи Ааронд "Таягаа авч, гараа Египетийн усан дээгүүр, тэдний гол мөрөн, горхи, цөөрөм, бүх усан сангууд дээгүүр сунга. Тэдгээр нь бүгд цус болог. Египетийн бүх нутаг даяар модон, чулуун саванд цус байх болно" гэж хэл хэмээн айлдав. 20 Мосе, Аарон нар ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэв. Тэр таягаа өргөж, Фараон ба түүний зарц нарын нүдний өмнө Нилийн усыг цохьсонд, Нилийн бүх ус нь цус болон хувирав. 21 Нилийн загас үхэж, Нил өмхийрсөнд, египетчүүд Нилийн уснаас ууж чадахгүй болсон. Египетийн бүх газарт цус байв. 22 Гэвч Египетийн илбэчид ч илбээрээ түүн шиг үйлдсэнд, Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй. 23 Фараон буцаж ордондоо оров. Тэр үүнд зүрхээ хандуулсангүй. 24 Египетчүүд бүгдээрээ Нилийн уснаас ууж чадахгүй болсон учир, уух ус олохын тулд Нилийн эргэн тойронд газар ухав. 25 ЭЗЭН Нилийг цохьсноос хойш долоо хоног өнгөрөв.

8

1 ЭЗЭН Мосед —Фараонд очиж, түүнд "ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ. 2 Хэрэв чи тэднийг явуулахаас татгалзвал, Би чиний бүх нутаг дэвсгэрийг мэлхийгээр цохино. 3 Нил мэлхийгээр дүүрч, тэдгээр нь гарч ирээд, чиний ордонд, чиний унтлагын өрөөнд, орон дээр чинь, чиний зарц нарын гэрт ба ард түмэнд чинь, чиний зууханд, гурилын саванд орно. 4 Чамд, чиний ард түмэнд болон чиний бүх зарц нарт мэлхий гарч ирнэ»" гэж хэл хэмээн айлдав. 5 ЭЗЭН Мосед —Ааронд "Таягтай гараа гол мөрөн, горхи, цөөрмүүдийн дээгүүр сунгаж, Египетийн нутагт мэлхий оруул" гэж хэл хэмээв. 6 Аарон гараа Египетийн усан дээгүүр сунгасанд, мэлхийнүүд гарч ирээд Египетийн нутгийг бүрхэв. 7 Илбэчид ч илбээрээ түүн шиг үйлдэж, Египетийн нутагт мэлхий орууллаа. 8 Фараон нь Мосе, Аарон нарыг дуудаж —Надаас болон миний ард түмнээс мэлхийг зайлуулаач гэж ЭЗЭНээс гуй. Би ард түмнийг явуулж, ЭЗЭНд тахил өргүүлье гэж хэлэв. 9 Мосе Фараонд —Таны төлөө болон таны зарц нар, таны ард түмний төлөө гуйж, та нараас болон гэрүүдээс чинь мэлхийг зайлуулан зөвхөн Нилд үлдээхийн төлөө би хэзээ гуйхыг хэлэх завшааныг танд өгье гэв. 10 Тэр —Маргааш гэж хэлэв. Мосе —Бидний Бурхан ЭЗЭН шиг нэгэн байхгүй гэдгийг танд мэдүүлэхийн тулд таны хэлснээр байх болтугай. 11 Та болон танай гэрүүд, таны түшмэд, таны ард түмнээс мэлхий зайлж, зөвхөн Нилд л үлдэнэ гэж хариулав. 12 Мосе, Аарон нар Фараоныхаас гараад, Фараонд учруулсан мэлхийн талаар Мосе ЭЗЭНээс хашхиран гуйв. 13 ЭЗЭН Мосегийн үгийн дагуу үйлдэв. Мэлхийнүүд гэр, хашаа болон талбайнуудаас гарч үхэцгээв. 14 Хүмүүс тэднийг цуглуулж овоолсонд, газар өмхийрөв. 15 Гэвч амар амгалан болсныг Фараон үзээд, зүрхээ хатууруулж, ЭЗЭНий айлдсанчлан тэднийг сонссонгүй. 16 ЭЗЭН Мосед —Ааронд "Таягаа сунган газрын тоосыг цохь. Тэр нь Египетийн бүх нутаг даяар бөөс болох болтугай" гэж хэл хэмээв. 17 Тэд тийнхүү үйлдэв. Аарон таягаа барьсан гараа сунган, газрын тоосыг цохиход, бөөснүүд хүн, малд шавав. Египетийн бүх нутаг даяар газрын бүх тоос нь бөөс болон хувирсан. 18 Илбэчид илбээрээ бөөс гаргах гэж оролдсон боловч чадсангүй. Бөөснүүд хүн, малд шавав. 19 Илбэчид Фараонд —Энэ бол Бурханы хуруу гэж хэлжээ. Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй. 20 ЭЗЭН Мосед —Өглөө эрт босож, Фараоныг усанд ирэхэд нь түүний өмнө очоод түүнд "ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ. 21 Хэрвээ чи Миний ард түмнийг явуулахгүй бол Би чамд болон чиний зарц нар, чиний ард түмэнд болон танай гэрүүд уруу бөөн ялааг явуулна. Египетчүүдийн гэрүүд, мөн тэдний амьдардаг газар нь бөөн ялаагаар дүүрнэ. 22 Харин тэр өдөр Би Өөрийн ард түмний байгаа Гошен газрыг тусгаарлан, тэнд ямар ч ялаан сүрэг байлгахгүй. Ингэснээр ЭЗЭН Би энэ газар нутагт байгаа гэдгийг чамд мэдүүлэх болно. 23 Би Өөрийн ард түмэн ба чиний ард түмний хооронд зааг тавина. Энэ тэмдэг маргааш биелэх болно»" гэж хэл хэмээн айлдав. 24 ЭЗЭН тийнхүү үйлджээ. Тоо томшгүй бөөн ялаа Фараоны ордон болон түүний зарц нарын гэр, Египетийн бүх газарт ирэв. Асар олон ялаанаас болж газар хоосров. 25 Фараон нь Мосе, Аарон нарыг дуудан —Явж, энэ газарт өөрсдийн Бурханд тахил өргө гэж хэлэв. 26 Мосе —Тэгж болохгүй. Бид египетчүүдийн жигшдэг юмсыг өөрсдийн Бурхан ЭЗЭНд өргөх болно. Хэрэв бид египетчүүдийн нүдэн дээр, тэдний жигшдэг юмсыг өргөвөл, тэд биднийг чулуугаар цохих биш үү? 27 Бид цөл уруу гурван өдрийн аянд явж, өөрсдийн Бурхан ЭЗЭНд Түүний тушаасанчлан тахил өргөх ёстой гэж хэлэв. 28 Фараон —Би та нарыг явуулна. Та нар цөлд өөрсдийн Бурхан ЭЗЭНдээ тахил өргөөрэй. Харин та нар битгий их хол яваарай. Миний төлөө гуйгаач гэв. 29 Мосе —Үзэгтүн, би танайхаас гармагцаа ЭЗЭНээс гуйна. Тэгвэл маргааш бөөн ялаа Фараон болон түүний зарц нар, түүний ард түмнээс зайлна. Харин Фараон ард түмнийг ЭЗЭНд тахил өргүүлэхээр явуулалгүй дахин бүү мэхлээрэй гэж хэлэв. 30 Мосе Фараоныхаас явж, ЭЗЭНээс гуйв. 31 ЭЗЭН Мосегийн хэлсэн ёсоор үйлдэж, бөөн ялааг Фараон болон түүний зарц нар, түүний ард түмнээс зайлуулж, нэгийг ч үлдээсэнгүй. 32 Гэвч Фараон энэ удаа ч мөн зүрхээ хатууруулан, ард түмнийг явуулсангүй.

9

1 ЭЗЭН Мосед —Фараонд очиж, түүнд "Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ. 2 Хэрэв чи тэднийг явуулахаас татгалзаж, барьсаар байвал 3 ЭЗЭНий мутар хээр байгаа чиний мал сүрэг, адуу, илжиг, тэмээ, үхэр, хонин дээр чинь аймшигт тахал өвчнөөр бууна. 4 Харин ЭЗЭН Израилийн мал болон Египетийн малыг зааглаж, Израилийн хөвгүүдийн бүх малаас нэг нь ч үхэхгүй»" гэж хэл хэмээн айлдав. 5 ЭЗЭН цаг товлож, —Маргааш ЭЗЭН үүнийг энэ газарт үйлдэнэ гэж айлдав. 6 Дараагийн өдөр ЭЗЭН үүнийг үйлдсэнд, Египетийн бүх мал үхэв. Харин Израилийн хөвгүүдийн малаас нэг нь ч үхсэнгүй. 7 Фараон хүн илгээж, Израилийн малаас нэг нь ч үхээгүйг мэдэв. Гэвч Фараоны зүрх хатуурч, ард түмнийг явуулсангүй. 8 ЭЗЭН Мосе, Аарон нарт —Зуухны үнснээс хоёр алгандаа дүүргэн авч, Фараоны нүдний өмнө Мосе түүнийг тэнгэр өөд цацаг. 9 Тэр үнс Египетийн бүх нутагт тоос болж, Египетийн бүх нутаг даяар хүн, малд идээт яр халдаана гэж айлдав. 10 Тэд зуухнаас үнс аван, Фараоны өмнө зогслоо. Мосе түүнийг тэнгэр өөд цацсанд хүн, малд идээт яр халдав. 11 Илбэчид ч идээт ярнаас болж Мосегийн өмнө зогсож чадсангүй. Яагаад гэвэл илбэчдэд, бүх египетчүүдэд идээт яр халдсан болой. 12 ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулав. Мосед ЭЗЭНий айлдсанчлан, тэр тэднийг сонссонгүй. 13 ЭЗЭН Мосед —Өглөө эрт босож, Фараоны өмнө зогсож, түүнд "Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ. 14 Учир нь энэ удаа Би Өөрийн бүх гамшгийг чиний зүрхэнд болон, чиний зарц нарт, чиний ард түмэн дээр илгээнэ. Ингэснээр бүх дэлхийд Надтай адил хэн ч байхгүйг чи мэдэх болно. 15 Би мутраа сунгаж, чамайг болон чиний ард түмнийг тахлаар цохьсон бол чи дэлхийгээс устгагдах байсан. 16 Харин Би Өөрийн хүчийг чамд үзүүлж, Өөрийн нэрийг бүх дэлхий даяар тунхаглахын тулд, үүний төлөө чамайг босгосон юм. 17 Гэвч чи Миний ард түмнийг явуулахгүй, тэдний эсрэг өөрийгөө өргөмжилсөөр байна. 18 Үзэгтүн, Египет үүссэн цагаасаа хойш өдий хүртэл үзээгүй хүчтэй мөндрийг Би маргааш яг энэ цагийн орчимд оруулна. 19 Одоо тийм учраас хүн илгээж, өөрийн мал сүрэг ба хээр байгаа бүх юмсаа аюулгүй газар аваач. Хээр үлдэж, гэрт хариагүй бүх хүн, мал мөндөр буухад үхнэ»" гэж хэл хэмээн айлдав. 20 Фараоны зарц нарын зарим нь ЭЗЭНий үгээс айж, өөрсдийн боол, малыг гэртээ бөөгнүүлэв. 21 Харин ЭЗЭНий үгийг ойшоогоогүй нь өөрсдийн боол, малыг хээр орхив. 22 ЭЗЭН Мосед —Тэнгэр өөд гараа сунгаж, Египетийн бүх газарт Египетийн бүх нутаг даяар хүн, мал, тариалангийн талбайд ургасан бүхэн дээр мөндөр оруул гэж айлдав. 23 Мосе таягаа тэнгэр өөд сунгахад, ЭЗЭН аянга, мөндрийг илгээсэн ба газарт гал цацрав. ЭЗЭН Египетийн нутагт мөндөр орууллаа. 24 Тэнд үндэстэн үүссэнээс хойш байгаагүй аймшигт мөндөр Египетийн бүх нутагт оров. Мөндрийн голд үргэлжлүүлэн гал цахилж байлаа. 25 Египетийн бүх нутаг даяар хээр байсан хүн, малыг бүгдийг нь мөндөр цохив. Мөн тариалангийн бүх ургамлыг цохиж, хээрийн бүх модыг хугачив. 26 Зөвхөн Израилийн хөвгүүдийн амьдарч байсан Гошен газарт мөндөр орсонгүй. 27 Мосе, Аарон нарыг дуудахаар Фараон хүн илгээж, тэдэнд —Энэ удаа би нүгэл үйлдлээ. ЭЗЭН бол зөв шударга. Би болон миний ард түмэн бузар муу билээ. 28 ЭЗЭНээс гуйгаач. Учир нь Бурханы аянга, мөндөр хангалттай их орлоо. Би та нарыг явуулна. Та нар цаашид энд үлдэхгүй гэж хэлэв. 29 Мосе түүнд —Би хотоос гармагцаа гараа ЭЗЭН уруу сунгана. Аянга зогсож, мөндөр орохоо болино. Тэгэхэд та газар дэлхий ЭЗЭНийх юм гэдгийг мэдэх болно. 30 Гэхдээ та болон таны зарц нар одоогоор ЭЗЭН Бурханаас айхгүй байгаа гэдгийг би мэдэж байна гэж хэлэв. 31 (Тэгэхэд арвай боловсорч, маалинга цэцэглэж байсан учир маалинга арвай сүйтгэгдэв. 32 Харин улаан буудай, хөц буудай нь ургаагүй байсан учир сүйтгэгдсэнгүй.) 33 Мосе Фараоноос салан хотоос гарч, ЭЗЭН уруу гараа сунгалаа. Аянга, мөндөр зогсож, газарт бороо цутгахаа болив. 34 Бороо, мөндөр, аянга зогссоныг Фараон хараад, зарц нарынхаа хамтаар дахин нүгэл үйлдэн, зүрхээ хатууруулав. 35 Фараоны зүрх хатуурч, ЭЗЭН Мосегээр дамжуулан айлдсанчлан, Израилийн хөвгүүдийг явуулсангүй.

10

1 ЭЗЭН Мосед —Фараон уруу оч. Учир нь Би түүний зүрх болон зарц нарынх нь зүрхийг хатууруулсан. Ингэснээр Би Өөрийн эдгээр тэмдгүүдийг тэдний дунд тавьж, 2 мөн Би египетчүүдийг хэрхэн элэг доог болгож, Би тэдний дунд хэрхэн тэмдгүүдээ тавьсныг та нар үр хүүхэд, ач нарынхаа чихэнд сонордуулна. Ингэснээр та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв. 3 Мосе, Аарон нар Фараонд очиж, түүнд —Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Чи хэдий удаан Миний өмнө номхрохоос татгалзсаар байх вэ? Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ. 4 Хэрэв чи Миний ард түмнийг явуулахаас татгалзвал, Би маргааш чиний нутаг дэвсгэрт царцаа оруулна. 5 Хэн ч газрыг харж чадахгүй болтол тэд газрын гадаргууг бүрхэнэ. Мөндөрт цохигдоогүй үлдсэн талбайг чинь тэд цөлмөж, хээр ургаж байгаа та нарын бүх моддыг иднэ. 6 Тэд та нарын гэрүүд, чиний бүх зарц нарын гэр, бүх египетчүүдийн гэрийг дүүргэнэ. Энэ нь чиний эцэг, өвөг дээдэс энэ газар амьдарсан өдрөөс өнөөг хүртэл үзэгдээгүй зүйл болно" гэж хэлсэн. Мосе эргэж Фараоныхаас гарав. 7 Фараоны зарц нар нь түүнд —Энэ хүн хэр удаан бидэнд урхи болох юм бэ? Хүмүүсийг нь явуулаач. Тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНдээ үйлчлэг. Египет сөнөсөн болохыг та ойлгохгүй байна гэж үү? гэв. 8 Мосе, Аарон нарыг Фараонд буцаан авчирсанд, тэр тэдэнд —Явцгаа. Өөрсдийнхөө Бурхан ЭЗЭНд үйлчил. Хэн, хэн явах вэ? гэхэд, 9 Мосе —Бид ЭЗЭНд баяр тэмдэглэх ёстой учраас өөрсдийн багачууд ба хөгшид, өөрсдийн хөвгүүд ба охидтойгоо, мөн өөрсдийн хонь, үхэр сүргээ авч явах болно гэж хэлэв. 10 Фараон тэдэнд —Би та нарыг багачуудтай чинь хамт явуулбал ЭЗЭН та нартай хамт байх болтугай. Харагтун! Та нар хорон санаатай юм. 11 Тэгэхгүй! Та нар хүссэн ёсоороо эрчүүд нь явж, ЭЗЭНд үйлчлэг гэж хэлэв. Тэгээд тэд Фараоныхаас хөөгдөв. 12 ЭЗЭН Мосед —Гараа Египетийн газар дээгүүр сунгаж, Египетийн нутагт царцаанууд оруулж, мөндрөөс үлдсэн бүхнийг, тариалангийн бүх ургамлыг идүүл гэж айлдав. 13 Мосе Египетийн газар дээгүүр таягаа өргөхөд, ЭЗЭН дорны салхийг өдөржин, шөнөжин уг нутаг уруу салхилуулав. Өглөө болоход дорны салхи царцаануудыг авчирсан байв. 14 Царцаанууд Египетийн бүх газарт орж, Египетийн бүх нутаг дэвсгэрт үй олноороо тархав. Хэзээ ч урьд өмнө байгаагүй бөгөөд хойшид ч байхгүй тийм их царцаа байв. 15 Газрыг харанхуйлтал тэд бүх л газрын гадаргууг бүрхэв. Мөндрөөс үлдсэн тариалангийн аливаа ургамал, модны бүх жимсийг тэд идсэн. Египетийн бүх газар даяар мод болон тариалангийн талбайн ургамалд ногоон юм юу ч үлдсэнгүй. 16 Мосе, Аарон нарыг Фараон яаралтай дуудан —Би та нарын Бурхан ЭЗЭН болон та нарын эсрэг нүгэл үйлдлээ. 17 Тийм учраас зөвхөн энэ удаа миний нүглийг уучилж, надаас зөвхөн энэ үхлийг зайлуулахын тулд өөрсдийн Бурхан ЭЗЭНээс гуйж өгөөч гэв. 18 Мосе Фараоныхаас гарч, ЭЗЭНээс гуйв. 19 ЭЗЭН салхийг өөрчлөн өрнийн хүчит салхи болгосонд царцаанууд Улаан тэнгис уруу хөөгдөв. Египетийн бүх нутагт нэг ч царцаа үлдсэнгүй. 20 Харин ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулсанд, тэр Израилийн хөвгүүдийг явуулсангүй. 21 ЭЗЭН Мосед —Египетийн газар дээгүүр харанхуй нөмрөхийн тулд гараа тэнгэр өөд сунга гэж айлдав. 22 Мосе гараа тэнгэр өөд сунгахад, Египетийн бүх нутагт гурван өдрийн турш түнэр харанхуй болов. 23 Гурван өдрийн турш тэд нэг нэгнийгээ харсангүй, хэн ч байрнаасаа боссонгүй. Харин Израилийн бүх хөвгүүдийн амьдарч байгаа газар гэрэлтэй байв. 24 Фараон Мосег дуудаж, —Яв, ЭЗЭНд үйлчил. Харин та нарын хонь ба үхэр сүрэг чинь үлдэг. Хүүхдүүд чинь ч та нартай хамт яваг гэж хэлэв. 25 Мосе —Бид ЭЗЭН Бурхандаа тахил өргөх учраас та шатаалт тахил ба өргөлүүдийг бидний гарт өгөх ёстой. 26 Тийм учраас бидний мал ч гэсэн бидэнтэй хамт явна. Бид тэдний заримыг нь авч, өөрсдийн Бурхан ЭЗЭНд үйлчлэх тул нэг ч туурайтан үлдэх ёсгүй. Мөн тэнд очих хүртэл бид юугаар ЭЗЭНд үйлчлэхийг өөрсдөө ч мэдэхгүй байна гэж хэлэв. 27 ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулсанд, тэр тэднийг явуулахыг хүссэнгүй. 28 Фараон түүнд —Надаас зайл. Миний нүүрийг дахин үзэхээс болгоомжил. Чи миний нүүрийг харсан өдөртөө л үхэх болно гэв. 29 Мосе —Та зөв ярьж байна. Би таны нүүрийг дахин харахгүй гэж хэлэв.

11

1 ЭЗЭН Мосед —Би бас нэг гамшгийг Фараон хийгээд Египет дээр авчирна. Үүний дараа л тэр та нарыг эндээс явуулна. Тэр та нарыг явуулахдаа эндээс бүрмөсөн хөөн гаргана. 2 "Эрэгтэй, эмэгтэй хүн бүр хөршөөсөө мөнгөн эдлэл, алтан эдлэлийг гуйгтун" хэмээн ард түмэнд сонсго хэмээв. 3 ЭЗЭН египет хүмүүсийн нүдний өмнө ард түмнийг таалан соёрхож, Мосе нь Египет улсад Фараоны зарц нар хийгээд ард түмний нүдэнд үлэмж агуу болов. 4 Мосе —ЭЗЭН ингэж айлдаж байна. "Шөнө дунд Би Египетийн дундуур явна. 5 Сэнтийндээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлэн, тээрмийн ард байгч шивэгчний ууган хүүг хүртэл, мөн бүх малын анхны төл буюу Египетийн газрын бүх анх төрөгсөд үхэх болно. 6 Египетийн бүх нутагт урьд өмнө байгаагүй, бас хойшид хэзээ ч үл гарах аугаа уйлаан майлаан болно. 7 Харин Израилийн хөвгүүдийн хүн малынх нь ч эсрэг нохой хуцаж боргохгүй. Ингэснээр ЭЗЭН Египет ба Израилийн хооронд зааг тавьсныг та нар мэдэх болно". 8 Таны эдгээр бүх зарц нар над уруу ирээд, надад мөргөж "Та болон таны хөлд байгч бүх ард түмэн гарч яваач" гэцгээсний дараа л би гарна гээд маш хилэгнэн, Фараоныхаас гарав. 9 ЭЗЭН Мосед —Фараон та нарыг сонсохгүй. Тиймээс Миний гайхамшгууд Египетийн нутагт олон болно хэмээв. 10 Мосе, Аарон нар эдгээр бүх гайхамшгуудыг Фараоны өмнө үйлдсэн боловч, ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулсан тул тэр Израилийн хөвгүүдийг өөрийн нутгаас явуулсангүй.

12

1 ЭЗЭН Египетийн нутагт Мосе, Аарон нарт — 2 Энэ сар нь та нарт саруудын эхлэл болно. Энэ нь та нарт жилийн тэргүүн сар байх болно. 3 Израилийн бүх чуулганд ийнхүү хэл. "Энэ сарын арванд хүн бүр эцгийнхээ бүлийн дагуу өөрсөддөө нэг хургыг ав. Бүл бүрийн төлөө нэг хургыг ав. 4 Хэрэв хурга авахад ам бүл дэндүү цөөхөн байвал хамгийн ойрхон хөрштэйгөө хамтран, хүмүүсийнхээ тооны дагуу нэг хургыг аваад, хүн бүрийн идэх хэмжээгээр хургыг хуваа. 5 Та нарын хурга өө сэвгүй, нэг настай эр хурга байх ёстой. Та нар түүнийгээ хонь, эсвэл ямаанаас ав. 6 Уг сарын арван дөрвөн хүртэл түүнийг байлгаж, нар шингэх үед Израилийн бүх чуулганы цуглаан нь тэдгээрийг нядал. 7 Тэд бас цуснаас нь авч, тэрхүү хургыг идэх айлын хаалганы баруун зүүн хатавчинд ба тотгонд цуснаас нь нялах ёстой. 8 Тэд галд шарсан махыг нь исгээгүй талх ба гашуун ногоотой хамт тэр шөнөдөө идэх ёстой. 9 Түүний аль ч хэсгийг нь түүхийгээр, эсвэл бүхлээр нь усанд чанаж идэж болохгүй. Харин түүний толгой, гуяыг гэдэс дотортой нь галд шаран ид. 10 Та нар түүний аль ч хэсгийг өглөө болтол үлдээж болохгүй. Өглөө болоход үлдсэнийг нь галд шатаа. 11 Та нар түүнийг идэхдээ бүсээ бүсэлж, хөлдөө шаахайгаа углаад, гартаа таягаа бариад, яаравчлан ид. Энэ бол ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баяр юм. 12 Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн бүх бурхдад ял шийтгэл буулгана. Би бол ЭЗЭН. 13 Цус нь та нарын байгаа гэр дээр та нарын төлөө тэмдэг болно. Би Египет газрыг цохих үед цусыг хараад, та нарын дээгүүр өнгөрөх учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй. 14 Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон, үе уламжлан түүнийг улиран үргэлжлэх зарлиг болгон тэмдэглэ. 15 Та нар долоо хоног исгээгүй талхыг идэх ёстой бөгөөд эхний өдөрт хөрөнгийг өөрсдийн гэрээс зайлуул. Эхний өдрөөс долоо дахь өдөр хүртэл ямар нэг исгэсэн зүйлийг идэгч аливаа хүн Израилиас таслагдах болно. 16 Эхний өдөрт болон долоо дахь өдөрт ариун цуглаан хий. Энэ өдрүүдэд хүн бүрийн идэх юмыг л бэлдэхээс өөр ямар ч ажил та нар бүү хий. 17 Та нар бас Исгээгүй Талхны баярыг тэмдэглэ. Учир нь яг энэ өдөр Би та нарын цэргийг Египетийн нутгаас гаргасан юм. Тиймээс та нар энэ өдрийг үе уламжлан, улиран үргэлжлэх зарлиг болгон тэмдэглэ. 18 Тэргүүн сард, уг сарын арван дөрөвний үдшээс хорин нэгний үдэш хүртэл та нар исгээгүй талхыг идэх ёстой. 19 Долоон хоногийн туршид та нарын гэрүүдэд ямар ч хөрөнгө бүү олдог. Учир нь аливаа исгэсэн юмыг идэгч нь харь хүн ч бай, нутгийн уугуул хүн ч бай, тэр хүн Израилийн чуулганаас таслагдана. 20 Та нар исгэсэн ямар ч юмыг бүү ид. Та нар оршин буй бүх газартаа исгээгүй талх ид" гэв. 21 Мосе Израилийн бүх ахмадуудыг дуудан, тэдэнд —Явцгаа. Өөрсдийн бүлийн дагуу өөрсөддөө хурга авч, Дээгүүр Өнгөрөх баярын хургыг нядал. 22 Та нар багцалсан хиссоп аваад, саван доторх цусанд дүрээд, тэрхүү саван доторх цуснаас хаалганы тотго ба хоёр хатавчинд түрх. Өглөө болтол нэг ч хүн өөрийн гэрийн хаалганы гадна бүү гар. 23 ЭЗЭН египетчүүдийг цохихоор өнгөрөх болно. Хаалганы тотго ба хоёр хатавчин дахь цусыг хараад ЭЗЭН уг хаалган дээгүүр өнгөрч, та нарыг цохихоор гэрт чинь орохыг устгагчид зөвшөөрөхгүй. 24 Та нар энэ үйл явдлыг өөрсөддөө болон үр хүүхдүүддээ зарлиг болгож мөнхөд тэмдэглэ. 25 ЭЗЭН амласан ёсоороо та нарт өгөх тэр газар уруу орох үедээ та нар энэ ёслолыг тэмдэглэ. 26 Та нарын хүүхдүүд "Энэ ёслол ямар учиртай юм бэ?" гэж хэлэх үед 27 та нар "Энэ бол ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баярын тахил юм. Тэр египетчүүдийг цохих үедээ Египетэд байгаа Израилийн хөвгүүдийн гэрч нарын дээгүүр өнгөрч, бидний гэр орныг аварсан" гэж хэл хэмээсэнд, ард түмэн доош мэхийн, хүндэтгэн мөргөв. 28 Израилийн хөвгүүд явж, Мосе, Аарон нарт ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдсэн билээ. 29 Шөнө дөлөөр, сэнтийндээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлээд, гянданд хоригдож байгаа хүний ууган хүүг хүртэл, мөн малын бүх анхны төл, Египет газар дахь бүх анхны төрөгсдийг ЭЗЭН цохилоо. 30 Тэр шөнө Фараон хийгээд түүний бүх зарц нар, бүх египетчүүд боссон бөгөөд Египетэд асар их уйлаан майлаан боллоо. Учир нь үхэл хагацал нүүрлээгүй нэг ч айл тэнд байсангүй. 31 Шөнө Фараон Мосе, Аарон нарыг дуудаж —Та нар болон Израилийн хөвгүүд босож, миний ард түмний дундаас зайл. Та нар хэлснээрээ явж, ЭЗЭНд үйлчил. 32 Та нар хэлснээрээ хонио, үхрээ аваад яв. Мөн намайг ч ерөөгөөч гэв. 33 Египетчүүд —Бид бүгд үхэх нь гээд, ард түмнийг яаруулан, нутгаасаа бушуухан гаргах гэв. 34 Тиймээс ард түмэн исгээгүй зуурсан гурилыг хийсэн савнуудаа хувцсандаа боогоод, мөрөн дээрээ үүрэв. 35 Израилийн хөвгүүд Мосегийн үгээр үйлдэв. Тэд египетчүүдээс мөнгөн эдлэл, алтан эдлэл болон хувцас нэхжээ. 36 ЭЗЭН египетчүүдийн нүдэнд ард түмнээ таалан соёрхсонд, тэдний нэхсэнээр египетчүүд өгсөн. Тийнхүү тэд египетчүүдийг дээрэмдсэн билээ. 37 Израилийн хөвгүүд Рамесесаас Суккотод хүрэхэд, хүүхдүүдээс гадна, зургаан зуун мянга орчим явган цэрэг эрс байсан. 38 Холилдсон үй олон хүмүүс, хонь, үхэр, асар олон тооны мал сүрэг тэдэнтэй хамт гарав. 39 Тэд Египетээс авч гарсан зуурсан гурилаараа исгээгүй талх хийжээ. Учир нь тэд Египетээс хөөгдөн гарч, саатах боломжгүй байсан бөгөөд өөрсөддөө ямар ч хоол бэлтгэж чадаагүй юм. 40 Израилийн хөвгүүд Египетэд нутагласнаас хойш дөрвөн зуун гучин жил болжээ. 41 Дөрвөн зуун гучин жилийн эцэст, яг энэ өдөр ЭЗЭНий бүх цэргүүд Египетийн нутгаас гарав. 42 Энэ бол Египетийн нутгаас тэднийг гаргасны төлөө ЭЗЭНд баяр тэмдэглэх шөнө юм. Энэ шөнө бол Израилийн бүх хөвгүүдийн үе уламжлан бэлэгшээх ЭЗЭНд зориулагдсан шөнө юм. 43 ЭЗЭН Мосе, Аарон нарт —Дээгүүр Өнгөрөх баярын ёс нь ийм байна. Ямар ч харь хүн үүнээс идэж болохгүй. 44 Харин та нарын мөнгөөр худалдаж авсан боол чинь хөвч хөндүүлсний дараа үүнээс идэж болно. 45 Түр оршин суугч, эсвэл хөлсний зарц үүнээс идэж болохгүй. 46 Үүнийг нэг гэр дотор идэх ёстой. Та нар махнаас нь ямар ч хэсгийг гэрээс гадагш гаргаж болохгүй, ямар ч ясыг нь хугалж болохгүй. 47 Израилийн бүх чуулган үүнийг үйлдэгтүн. 48 Хэрэв та нартай хамт явж байгаа харь хүн ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэе гэвэл, түүний бүх эр хүйстэнгүүд хөвч хөндүүлсний дараа тэрээр үүнийг үйлдэхээр ойртог. Тэр хүн уугуул нутгийнхантай адил болно. Харин хөвч хөндүүлээгүй ямар ч хүн үүнээс идэж болохгүй. 49 Уугуул нутгийнханд болон та нарын дунд аялагч харь хүнд нэг л хууль байг гэж айлдав. 50 Бүх Израилийн хөвгүүд Мосе, Аарон нарт ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэв. 51 Яг тэр өдөр ЭЗЭН Израилийн хөвгүүдийг цэргийн бүлгүүдийнх нь дагуу Египетийн нутгаас гаргав.

13

1 ЭЗЭН Мосед хандан, — 2 Израилийн хөвгүүдийн доторх, хүн, малын хэвлий бүрийн анхны төрөгсдийг, ууган үр бүрийг Надад ариусга. Энэ нь Минийх гэж айлдав. 3 Мосе ард түмэнд —Египетээс, боолчлолын гэрээс гарсан энэ өдрийг дурсан сана. Учир нь ЭЗЭН та нарыг хүчирхэг мутраар энэ газраас гаргасан. Исгэсэн ямар ч зүйлийг идэж болохгүй. 4 Абиб сарын энэ өдөр та нар гарсан. 5 ЭЗЭНий та нарт өгөхөөр өвөг дээдэст чинь тангарагласан тэр газар буюу канаанчууд, хитчүүд, аморичууд, хивичүүд, иебусчуудын нутаг, сүү зөгийн балаар бялхсан газарт ЭЗЭН та нарыг аваачих үед та нар энэ сард энэ ёслолыг тэмдэглэх ёстой. 6 Долоон өдрийн турш та нар исгээгүй талхыг идэж, долоо дахь өдөр ЭЗЭНд зориулж баяр хийгтүн. 7 Долоон өдрийн турш исгээгүй талхыг ид. Өөрсдийнхөө дунд болон бүх хил хязгаарынхаа дотор өөрсдийнхөө дунд та нар исгэх хөрөнгийг бүү байлга. 8 Тэр өдөр чи хүүдээ "Намайг Египетээс гарахад ЭЗЭН миний төлөө үйлдсэн үйлсээс болж ингэсэн юм" гэж хэл. 9 Үүнийг өөрийн гарт өөртөө тэмдэг болгон, хоёр нүдний хоорондох сануулга болгож, ЭЗЭНий хуулийг амандаа байлга. Учир нь хүчит мутраараа ЭЗЭН чамайг Египетээс гаргасан билээ. 10 Тийм учраас жил бүр, товлосон цагт нь энэ зарлигийг сахь. 11 ЭЗЭН чамд болон чиний өвөг дээдэст тангарагласан ёсоороо чамайг канаанчуудын нутаг уруу аваачин, тэр газрыг чамд өгөх үед 12 чи хэвлий бүрийн ууган үр болон өөрт байгаа мал бүрийн анхны төлийг ЭЗЭНд зориул. Эр хүйстэн нь ЭЗЭНийх юм. 13 Харин илжигний анхны төл бүрийг хургаар золигтун. Хэрэв золихгүй гэвэл түүний хүзүүг нь хугал. Чиний хөвгүүдийн дундаас хүний аливаа ууган үрийг чи золь. 14 Хожим чиний хүү чамаас "Энэ юу вэ?" гэж асуувал, чи түүнд "Хүчит мутраар ЭЗЭН биднийг Египетээс, боолчлолын гэрээс гаргасан. 15 Фараон биднийг явуулахгүй зөрүүдлэн татгалзсан үед Египетийн нутаг дахь аливаа анх төрөгсдийг, хүний ууган болон малын анхны төл бүрийг ЭЗЭН алсан. Тийм учраас би хэвлий бүрийн эр хүйстэй ууган болгоныг ЭЗЭНд тахил болгон өргөж, харин хөвгүүдийнхээ ууган бүрийг би зольдог" гэж хэл. 16 Үүнийг гартаа тэмдэг болгон, хоёр нүдний хоорондох сахиус болго. Учир нь мутрынхаа хүчээр ЭЗЭН биднийг Египетээс гаргасан юм гэв. 17 Фараон ард түмнийг явуулахад филистчүүдийн газрын зам ойрхон байсан боловч Бурхан тэднийг тэр замаар удирдсангүй. Учир нь Бурхан —Ард түмэн дайнтай тулгарвал, санаа бодлоо хувиргаж, Египет уруу буцах вий гэж айлдсан. 18 Харин Бурхан ард түмнийг цөлийн замаар тойруулан Улаан Тэнгис уруу удирдав. Израилийн хөвгүүд Египетийн газраас жагсаалаар цувран гарлаа. 19 Мосе өөртөө Иосефын ясыг авлаа. Учир нь Иосеф Израилийн хөвгүүдээр хатуу тангараглуулаад, "Бурхан заавал та нарт санаа тавина. Та нар миний ясыг өөрсдийнхөө хамт эндээс авч яваарай" гэсэн юм. 20 Тэд Суккотоос хөдөлж, цөлийн захад байх Етамд буудаллав. 21 ЭЗЭН тэдний замыг заахаар өдөр нь үүлэн баганаар байж, тэднийг гэрэлтүүлэхээр шөнө нь галан баганаар байж, тэднийг өдөр шөнөгүй явуулахын тулд тэдний өмнө явж байлаа. 22 Өдөр нь үүлэн багана, шөнө нь галан багана ард түмний өмнөөс зайлсангүй.

14

1 ЭЗЭН Мосед айлдан — 2 Эргэж, Мигдол ба тэнгисийн дунд, Пи-хахиротын өмнө буудалла гэж чи Израилийн хөвгүүдэд хэл. Та нар Баал-зефоны харалдаа эсрэг талд, далайн эрэгт буудалла. 3 Фараон Израилийн хөвгүүдийн талаар "Тэд тэр газарт төөрч, цөлд мухардсан" гэж бодно. 4 Ийнхүү Би Фараоны зүрхийг хатууруулж, тэр тэдний хойноос хөөнө. Би Фараон болон түүний бүх цэргээр дамжуулан алдаршиж, египетчүүд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв. Тэд тийнхүү хийв. 5 Ард түмэн зугтсан тухай Египетийн хаанд хэлсэнд Фараон болон түүний зарц нарын зүрх ард түмний эсрэг болон хувирч, тэд —Бид Израилийг өөрсөддөө үйлчлүүлэлгүй явуулснаараа юу хийчих нь энэ вэ? гэцгээв. 6 Фараон тэргээ бэлтгэж, өөрийн хүмүүсээ авав. 7 Зургаан зуун шилдэг тэрэг болон Египетийн бүх тэргийг тэр авав. Тэрэг бүхэн даргатай байв. 8 ЭЗЭН Египетийн хаан Фараоны зүрхийг хатууруулсанд тэр Израилийн хөвгүүдийн хойноос хөөв. Израилийн хөвгүүд зоригтойгоор явж байлаа. 9 Фараоны бүх морьд, тэрэгнүүд, түүний морьтонгууд ба цэргүүдийн хамтаар египетчүүд израильчуудыг хөөсөөр Баал-зефоны өмнө талд, Пи-хахиротын хажууд далайн эрэгт буудаллаж байхад нь египетчүүд тэднийг гүйцэв. 10 Фараон ойртон ирэхэд өөрсдийнх нь хойноос египетчүүдийн хөөж явааг Израилийн хөвгүүд харав. Израилийн хөвгүүд ихэд айж, ЭЗЭН уруу хандан хашхирцгаав. 11 Тэд Мосед —Египетэд оршуулгын газар байхгүй гэж та биднийг цөлд үхүүлэхээр авчирсан уу? Та юунд биднийг Египетээс гаргаж, бидэнд ийнхүү хандсан юм бэ? 12 Бид Египетэд байхдаа "Биднийг орхи. Бид египетчүүдэд үйлчилж л байя" гэж танд хэлээгүй бил үү? Учир нь цөлд үхсэнээс египетчүүдэд үйлчилж байсан нь бидэнд дээр байсан юм гэцгээв. 13 Мосе ард түмэнд —Бүү айцгаа! Бат зогсож, ЭЗЭНий авралыг харцгаа. Тэр өнөөдөр үүнийг та нарын төлөө гүйцэтгэх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа египетчүүдийг та нар дахин хэзээ ч харахгүй. 14 ЭЗЭН та нарын төлөө байлдана. Та нар чимээгүй бай! гэж хэлэв. 15 ЭЗЭН Мосед —Чи юунд Над уруу хашхирна вэ? Урагшаа яв гэж Израилийн хөвгүүдэд хэл. 16 Чиний хувьд, чи таягаа өргөж, гараа далай дээгүүр сунган, түүнийг хуваа. Израилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар нэвтэрнэ. 17 Миний хувьд, Би египетчүүдийн зүрхийг хатууруулахад египетчүүд тэдний хойноос орно. Би Фараон болон түүний бүх цэргүүд, түүний тэрэгнүүд болон морин цэргүүдээр дамжуулан алдарших болно. 18 Би Фараон болон түүний тэрэгнүүд, түүний морин цэргүүдээр дамжуулан алдаршихад египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэж айлдав. 19 Израилийн хуарангийн өмнө явж байсан Бурханы тэнгэр элч хөдөлж, тэдний ард очсон. Үүлэн багана тэдний өмнөөс хөдөлж, тэдний ард очив. 20 Үүлэн багана Египетийн хуаран ба Израилийн хуарангийн хооронд орж зогссонд, нэг талд нь үүл ба харанхуй байж, нөгөө талыг шөнөжин гэрэлтүүлэв. Иймээс шөнийн турш нэг нь нөгөөдөө ойртсонгүй. 21 Мосе гараа далай дээгүүр сунгав. ЭЗЭН шөнийн турш дорны хүчит салхиар далайн усыг ухраасанд, ус хуваагдаж, хуурай газар гарав. 22 Израилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар явахад, ус тэдний баруун зүүн талд хана мэт байв. 23 Египетчүүд араас нь хөөж, Фараоны бүх морьд, түүний тэрэгнүүд ба морин цэргүүд тэдний араас далайн гол уруу оров. 24 Үүрийн гэгээнээр гал ба үүлэн багана дотроос ЭЗЭН Египетийн цэргүүдийг үзээд, тэднийг самууралд оруулав. 25 Тэр тэдний тэрэгний дугуйг мулталж, жолоодоход хэцүү болгов. Египетчүүд —Израилиас зугтацгаая. Учир нь ЭЗЭН тэдний төлөө египетчүүдийн эсрэг тулалдаж байна гэцгээв. 26 ЭЗЭН Мосед —Далайн дээгүүр гараа сунгаж, египетчүүд болон тэдний тэрэгнүүд, тэдний морин цэргүүд дээр усыг буцаагтун гэв. 27 Мосе далайн дээгүүр гараа сунгалаа. Египетчүүдийг ус сөрөн зугтаж байхад нь үүрийн гэгээнээр далай буцаж хэвэндээ оров. ЭЗЭН египетчүүдийг далайн дунд живүүлэв. 28 Ус буцан ирж, тэрэгнүүд ба морин цэргүүд, израильчуудын хойноос далай уруу орсон Фараоны бүх цэргүүдийг бүрхэн авсанд, тэднээс нэг нь ч үлдсэнгүй. 29 Харин Израилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар явж, ус тэдний баруун зүүн талд хана мэт байв. 30 Ийнхүү ЭЗЭН тэр өдөр Израилийг египетчүүдийн гараас аварлаа. Далайн эрэг дээрх египетчүүдийн цогцсуудыг Израиль харав. 31 Египетчүүдийн эсрэг ЭЗЭНий үйлдсэн агуу хүчийг израильчууд хараад, ард түмэн ЭЗЭНээс эмээн, ЭЗЭН болон Түүний зарц Мосед итгэв.

15

1 Тэгээд Мосе ба Израилийн хөвгүүд ЭЗЭНд энэ дууг дуулжээ. —Би ЭЗЭНд дуулъя. Учир нь Тэр өндөрт өргөмжлөгджээ. Морь болон морьтонг Тэр далайд хаясан юм. 2 ЭЗЭН бол миний хүч ба дуу. Тэр миний аврал болсон. Энэ бол миний Бурхан, би Түүнийг магтах болно. Миний эцгийн Бурхан, би Түүнийг өргөмжилнө. 3 ЭЗЭН бол дайчин, Түүний нэр бол ЭЗЭН билээ. 4 Фараоны тэрэгнүүд болон түүний цэргүүдийг Тэр далайд хаясан. Түүний шилдэг дарга нар нь Улаан тэнгист живэв. 5 Их ус тэднийг бүрхсэнд, тэд гүн уруу чулуу шиг далдрав. 6 Өө, ЭЗЭН, Таны баруун мутар хүч чадал дотор сүр жавхлантай билээ. Өө, ЭЗЭН, Таны баруун мутар дайсныг устгав. 7 Агуу их сүр жавхлангаараа Та Өөрийн чинь эсрэг босогчдыг хөмрөв. Та шатаж буй уур хилэнгээ гаргаж, тэднийг сүрэл шиг шатаав. 8 Таны хамрын амьсгалаар ус бөөгнөрч, урсгал ус овоо мэт босож, далайн гүн дэх уснууд царцсан. 9 Дайсан "Би хөөж гүйцээд, олзоо хуваана. Тэдний эсрэг би хүслээ хангана. Би сэлмээ сугалан, тэднийг гараараа сөнөөнө" гэв. 10 Та Өөрийн салхиар үлээсэнд, далай тэднийг нөмрөв. Их усанд тэд тугалга мэт живэв. 11 Өө, ЭЗЭН, бурхдын дунд Тан шиг хэн байна вэ? Ариун байдалдаа сүр жавхлантай, магтаал дотор аймшиг төрүүлмээр, гайхамшгуудыг бүтээгч Тан шиг хэн байна вэ? 12 Та баруун мутраа сунгасанд, газар тэднийг залгив. 13 Та зольсон ард түмнээ хайр энэрлээрээ удирдаж, Өөрийн хүчээр Та тэднийг ариун орон уруугаа дагуулсан. 14 Ард түмнүүд сонсоод чичирч, Филистийн оршин суугчид аймшигт автагдав. 15 Едомын тэргүүлэгчид түгшиж, Моабын удирдагчид айн дагжиж, Канааны бүх оршин суугчид хайлан урсав. 16 Айдас хүйдэс тэднийг нөмөрчээ. Өө, ЭЗЭН, Таны ард түмэн дайран өнгөрөх хүртэл, Таны худалдаж авсан ард түмэн дайран өнгөрөх хүртэл Таны мутрын агуу хүчээр тэд чулуу шиг чимээгүй байна. 17 Та тэднийг авчран Өөрийн өв болох ууланд тарина. Өө, ЭЗЭН, энэ бол Та Өөрөө суухаар бэлтгэсэн газар билээ. Өө, Эзэн, энэ бол Та Өөрийн гараараа байгуулсан ариун газар билээ. 18 ЭЗЭН үүрд мөнх хаанчилна. 19 Фараоны морьд, түүний тэрэгнүүд болон түүний морин цэргүүд далай уруу ороход, ЭЗЭН тэдний дээр далайн усыг эргүүлж буулгав. Харин Израилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар явав. 20 Аароны эгч, эш үзүүлэгч Мириам гартаа хэнгэрэг авахад, бүх эмэгтэйчүүд түүнийг даган хэнгэрэг авч, бүжиглэв. 21 Мириам тэдэнд хариулан —ЭЗЭНд дуулъя! Учир нь Тэр өндөрт өргөмжлөгдсөн. Морь болон морьтныг нь Тэр далайд хаясан юм гэв. 22 Мосе израильчуудыг удирдаж, тэд Улаан тэнгисээс Шурын цөл уруу оров. Тэд цөлөөр гурван өдөр явсан бөгөөд ус олсонгүй. 23 Марад ирээд тэд Марагийн усыг ууж чадсангүй. Учир нь ус шорвог байв. Тийм учраас энэ газар Мара гэж нэрлэгджээ. 24 Ард түмэн Мосед гомдоллон —Бид юу уух вэ? гэцгээв. 25 Мосе ЭЗЭН уруу хашхирсанд ЭЗЭН түүнд нэг модыг үзүүлэв. Тэр түүнийг усанд хаясанд, ус амтлаг болов. Тэнд Тэр тэдний төлөө тогтоол, хуулийг өгч, тэднийг сорив. 26 Тэр —Хэрэв та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг анхааралтай сонсож, Түүний мэлмийд зөвийг үйлдэж, Түүний тушаалуудад чих тавьж, Түүний бүх тогтоолыг сахивал, Би египетчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь ч та нарт буулгахгүй. Учир нь ЭЗЭН Би бол та нарыг эдгээгч билээ гэв. 27 Тэд Елимд ирэхэд, тэнд усны арван хоёр ундарга, далан далдуу мод байсан. Тэд тэнд усны дэргэд буудаллав.

16

1 Израилийн хөвгүүдийн бүх чуулган Елимээс хөдөлж, Египетээс гарснаас хойш хоёр дахь сарын арван тав дахь хоногт Елим болон Синаи уулын хоорондох Син цөлд хүрэв. 2 Израилийн хөвгүүдийн бүх чуулган цөлд Мосе, Аарон нарын эсрэг гомдоллов. 3 Израилийн хөвгүүд тэдэнд —Бид Египетийн нутагт махтай тогооны хажууд сууж, цадталаа талх иддэг байх үедээ ЭЗЭНий мутраар үхсэн нь дээр байж. Та нар бүх чуулганыг өлсгөлөнгөөр алах гэж биднийг энэ цөл уруу авчрав гэв. 4 ЭЗЭН Мосед —Үзэгтүн, Би та нарт тэнгэрээс талхыг оруулна. Ард түмэн гарч, өдөр бүр хоногийнхоо хэрэгцээгээр цуглуул. Тийнхүү тэд Миний хууль дотор алхах нь уу, үгүй юү гэдгийг Би сорих болно. 5 Тэд өдөр бүр хураадгаасаа хоёр дахин ихийг зургаа дахь өдөрт хурааж бэлтгэг гэв. 6 Мосе, Аарон нар Израилийн бүх хөвгүүдэд —ЭЗЭН та нарыг Египетийн газраас гаргасныг та нар энэ үдэш мэдэх болно. 7 Та нар ЭЗЭНий алдрыг өглөө харна. Учир нь Өөрийнх нь эсрэг гаргасан та нарын гомдлыг ЭЗЭН сонсдог. Бид хэн болоод та нар бидний эсрэг гомдоллоод байгаа юм бэ? гэв. 8 Мосе —ЭЗЭН орой нь та нарт идэх мах өгч, өглөө нь та нарт цадтал талх өгнө. Учир нь Өөрийнх нь эсрэг гаргасан та нарын гомдлыг ЭЗЭН сонсдог. Бид юу юм бэ? Та нарын гомдол бол бидний эсрэг биш, харин ЭЗЭНий эсрэг юм гэв. 9 Мосе Ааронд —Израилийн хөвгүүдийн бүх чуулганд "ЭЗЭНий өмнө ойртон ир. Учир нь Тэр та нарын гомдлыг сонссон" гэж хэл гэв. 10 Аарон Израилийн хөвгүүдийн бүх чуулганд хэлэхэд, тэд цөл уруу хартал ЭЗЭНий цог жавхлан үүлэн дунд үзэгдэв. 11 ЭЗЭН Мосед — 12 Израилийн хөвгүүдийн гомдлыг Би сонссон. Тэдэнд "Үдшийн бүрийгээр та нар мах идэж, өглөө талхаар цадах болно. Би бол та нарын Бурхан ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно" гэж хэл гэв. 13 Орой болоход бөднө шувууд нисэж ирээд, хуаранг бүрхэв. Өглөө нь хуарангийн эргэн тойронд шүүдэр буусан байв. 14 Шүүдэр арилахад цөлийн гадаргуу дээр жижиг, бөөрөнхий хяруу шиг жижигхэн зүйл газар дээр байв. 15 Израилийн хөвгүүд түүнийг хараад, юу болохыг нь мэдэхгүй учир бие биенээсээ —Энэ юу вэ? гэж асууцгаав. Мосе тэдэнд —Энэ бол ЭЗЭНий та нарт идүүлэхээр өгсөн талх юм. 16 ЭЗЭН "Хүн бүр идэх хэмжээгээрээ үүнээс цуглуул. Майхандаа байгаа хүний тоогоор, нэг хүнд нэг омер байхаар авагтун" гэж тушаасан гэв. 17 Израилийн хөвгүүд тийнхүү үйлдэв. Харин зарим нь их, зарим нь бага хураав. 18 Тэд түүнийгээ омероор хэмжихэд, их хураасан нь илүү гарсангүй, бага хураасан нь дутсангүй. Хүн бүр идэх хэмжээгээрээ хураажээ. 19 Мосе тэдэнд —Нэг ч хүн үүнээс өглөө хүртэл үлдээж болохгүй гэж хэлсэн. 20 Гэвч тэд Мосег сонссонгүй. Зарим нь үүнээс хэсгийг өглөө хүртэл хадгалсанд тэр нь өтөөр дүүрч өмхийрсөн. Мосе тэдэнд уурлав. 21 Тэд өглөө бүр, хүн бүр идэх хэмжээгээрээ түүнийг хураадаг байв. Харин нар дээшлэн халуу шатахад, тэр нь хайлдаг байв. 22 Зургаа дахь өдөр тэд хоёр дахин их хоол буюу хүн бүр хоёр омерийг хураав. Чуулганы бүх удирдагчид ирж, Мосед мэдүүлэхэд 23 тэр тэдэнд —ЭЗЭН ингэж айлдсан. "Маргааш амралтын өдөр, ЭЗЭНий ариун амралтын өдөр. Та нар жигнэхээ жигнэж, чанахаа чана! Үлдсэн бүхнийг өглөө хүртэл хадгал" гэж хэлэв. 24 Тэд Мосегийн зааварласан ёсоор үүнийг өглөө болтол хадгалсанд, тэр нь өмхийрч өтсөнгүй. 25 Мосе —Өнөөдөр үүнийг ид. Учир нь өнөөдөр бол ЭЗЭНий ариун өдөр. Өнөөдөр та нар түүнийг газраас олохгүй. 26 Зургаан өдөр та нар түүнийг хураа. Харин долоо дахь өдөр нь амралтын өдөр тул юу ч байхгүй гэв. 27 Ард түмнээс зарим нь долоо дахь өдөр хурааж авахаар гарсан боловч тэд юу ч олсонгүй. 28 ЭЗЭН Мосед —Хэдий хүртэл та нар Миний хууль, Миний тогтоолуудыг сахихаас татгалзах юм бэ? 29 Хар. ЭЗЭН та нарт амралтын өдрийг өгсөн. Тийм учраас зургаа дахь өдөрт Тэр та нарт хоёр өдрийн талхыг өгдөг. Хүн бүр байрандаа байж, хэн ч долоо дахь өдөр өөрийн байрнаас бүү гар гэв. 30 Тиймээс ард түмэн долоо дахь өдөр амрав. 31 Израилийн гэрийнхэн түүнийг манна гэж нэрлэжээ. Тэр нь кориандрын үр мэт цагаан бөгөөд амт нь зөгийн балтай боов мэт байв. 32 Мосе —ЭЗЭН ингэж тушаасан. "Үүнээс нэг бүтэн омерийг авч, үе уламжлан хадгал. Ингэснээр Би та нарыг Египетийн нутгаас гаргаж, цөлд та нарыг тэжээж байсан талхыг тэд харах юм" гэв. 33 Мосе Ааронд —Ваар авч, дотор нь нэг бүтэн омер манна хий. Түүнийг ЭЗЭНий өмнө тавьж, үе уламжлан хадгал гэв. 34 ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор Аарон Гэрчлэлийн өмнө түүнийг тавьж хадгалав. 35 Израилийн хөвгүүд хүн оршин суудаг газар очих хүртэл дөчин жил манна иджээ. Канаан нутгийн хязгаарт очих хүртэл тэд маннаг идсэн билээ. 36 (Нэг омер нь ефагийн аравны нэг юм.)

17

1 Дараа нь Израилийн хөвгүүдийн бүх чуулган ЭЗЭНий тушаалаар аялан Син цөлөөс хөдлөн явсаар, Рефидимд буудаллав. Тэнд ард түмэнд уух ус байсангүй. 2 Тиймээс ард түмэн Мосетэй маргалдаж —Бидэнд уух ус өг гэсэнд, Мосе тэдэнд —Та нар яагаад надтай маргалдаж байна вэ? Та нар яагаад ЭЗЭНийг сорьж байна вэ? гэв. 3 Харин ард түмэн тэнд ус хүсэн цангаж, Мосегийн эсрэг гомдоллон —Та юунд биднийг Египетээс авчран, биднийг болон бидний үр хүүхдийг, мал сүргийг минь цангаан алах гэж байна вэ? гэлцэв. 4 Мосе ЭЗЭНд хашхиран, —Би энэ ард түмнийг яах вэ? Жаахан удвал тэд над уруу чулуу шидэх болно гэв. 5 Тэгэхэд ЭЗЭН Мосед —Чи ард түмний өмнө гарч, Израилийн ахмадуудаас заримыг нь дагуулан яв. Тэгэхдээ Нил мөрнийг цохьсон таягаа гартаа авч яв. 6 Үзэгтүн, Би Хоребын хадан дээр чиний өмнө зогсох болно. Чи хадыг цохь. Тэгвэл тэндээс ус гарч, ард түмэн уух болно гэв. Мосе Израилийн ахмадуудын нүдний өмнө тэр ёсоор үйлдэв. 7 Мосе тэр газрыг Масса ба Мериба гэж нэрлэв. Учир нь Израилийн хөвгүүд маргалдсан бөгөөд, —ЭЗЭН бидний дунд байна уу, үгүй юү? хэмээн ЭЗЭНийг сорьсон юм. 8 Дараа нь Амалек ирж, Рефидимд Израилийн эсрэг байлдав. 9 Тиймээс Мосе Иошуад —Өөрсдийнхөө төлөө эрчүүдийг сонгон авч, Амалекийн эсрэг байлдахаар яв. Маргааш би гартаа Бурханы таягийг бариад, толгодын орой дээр зогсоно гэв. 10 Иошуа Мосегийн хэлсэн ёсоор үйлдэж, Амалекийн эсрэг байлдав. Мосе, Аарон ба Хур нар толгодын орой дээр гарлаа. 11 Мосе гараа өргөхөд Израиль ялж, буулгахад Амалек ялж байв. 12 Гэвч Мосегийн гар цуцжээ. Тэгэхэд тэд чулуу авч, түүнд тавьж өгөхөд, тэр чулуун дээр суув. Аарон, Хур нар түүний гарыг нэг нь нэг талаас, нөгөө нь нөгөө талаас нь түшив. Тийнхүү нар жаргах хүртэл түүний гар тогтвортой байв. 13 Ингээд Амалек болон түүний ард түмнийг Иошуа илдний ирээр ялав. 14 ЭЗЭН Мосед —Үүнийг дурсгал болгон номд бичиж, Иошуад цээжлүүл. Учир нь Би Амалекийн дурсамжийг тэнгэрийн доороос бүрэн арилгана гэв. 15 Мосе тахилын ширээ барьж, түүнийгээ "ЭЗЭН бол миний туг" гэж нэрлээд, — 16 ЭЗЭНий сэнтий дээр буй гар. ЭЗЭН Амалектай үеийн үед дайтна гэж хэлэв.

18

1 ЭЗЭН Израилийг Египетээс хэрхэн гаргасан ба Бурхан Мосед болон Өөрийн ард түмэн Израильд юу хийснийг бүгдийг нь Мосегийн хадам эцэг, Мидианы тахилч Иетро сонссон. 2 Мосегийн хадам эцэг Иетро, Мосегийн явуулсан эхнэр Зиппораг нь 3 болон хоёр хүүг нь авав. Тэдний нэгнийх нь нэрийг Гершом гэдэг аж. Учир нь Мосе —Би хүний газарт харь хүн болсон гэжээ. 4 Нөгөөгийнх нь нэрийг Елиезер гэдэг аж. Учир нь Мосе —Миний эцгийн Бурхан миний тусламж байсан бөгөөд намайг Фараоны илднээс аварсан гэжээ. 5 Мосегийн хадам эцэг Иетро, түүний эхнэр, хөвгүүдтэй нь хамт цөлд түүн дээр хүрч ирэв. Тэнд Мосе Бурханы ууланд буудалласан байв. 6 Тэр Мосед —Чиний хадам эцэг Иетро би чиний эхнэр, хоёр хүүтэй чинь хамт чам уруу ирж байна гэж мэдэгдэв. 7 Тэгэхэд Мосе хадам эцгээ тосохоор гарч, мэхийн, түүнийг үнсэв. Тэд амар мэндээ мэдэлцсэний дараа майханд орцгоов. 8 Мосе хадам эцэгтээ Израилийн төлөө Фараонд ба египетчүүдэд ЭЗЭНий үйлдсэн бүхнийг болон аян замд тохиолдсон бүх хэцүү бэрхшээлийн тухай, ЭЗЭН тэднийг хэрхэн аварсан тухай ярив. 9 Израилийг египетчүүдийн гараас аврах үед тэдэнд хандсан ЭЗЭНий бүх сайн сайханд Иетро баярлав. 10 Тиймээс Иетро —Та нарыг египетчүүдийн гараас, Фараоны гараас аварч, ард түмнийг египетчүүдийн гар доороос аварсан ЭЗЭН магтагдах болтугай. 11 Үргэлж ихэрхдэг тэднийг ялсан учир ЭЗЭН бол бүх бурхдаас илүү агуу юм гэдгийг би одоо мэдлээ гэв. 12 Тэгээд Мосегийн хадам эцэг Иетро нь Бурханд зориулан шатаалт тахил, өргөлүүдийг авлаа. Бурханы өмнө Мосегийн хадам эцэгтэй хамт талх идэхээр Аарон Израилийн бүх ахмадуудтай цуг ирэв. 13 Дараа өдөр нь Мосе ард түмнийг шүүхээр сууж, ард түмэн өглөөнөөс орой хүртэл Мосегийн өмнө зогсов. 14 Ард түмний төлөө түүний хийж байгаа бүхнийг Мосегийн хадам эцэг хараад —Ард түмний төлөө хийж байгаа чиний энэ ажил чинь юу юм бэ? Яагаад бүх ард түмэн өглөөнөөс орой хүртэл чиний өмнө зогсож байхад, чи ганцаараа сууж байна вэ? гэж асуув. 15 Мосе хадам эцэгтээ хандан —Яагаад гэвэл ард түмэн Бурханаас асуухаар над уруу ирдэг. 16 Тэд маргаантай бол над уруу ирж, би уг хүн ба түүний хөршийн хоорондохыг шүүн, Бурханы зарлиг болон хуулиудыг мэдүүлдэг гэв. 17 Мосегийн хадам эцэг түүнд —Чиний хийж байгаа зүйл чинь сайн биш юм. 18 Чи ч, чамтай хамт байгаа энэ ард түмэн ч зайлшгүй зүдэрнэ. Учир нь энэ үүрэг чиний хувьд дэндүү хүнд билээ. Чи үүнийг ганцаараа хийж чадахгүй. 19 Одоо намайг сонс. Би чамд зөвлөгөө өгье. Бурхан чамтай хамт байг. Чи ард түмний төлөө Бурханы өмнө байж, хэрэг заргуудыг Бурханд авчир. 20 Тэгээд тэдэнд зарлиг болон хуулиудыг зааж, явах ёстой замыг нь болон хийх ёстой ажлыг нь тэдэнд мэдүүл. 21 Түүгээр барахгүй чи бүх ард түмний дотроос Бурханаас эмээдэг чадварлаг хүмүүсийг болон буруугаар олсон олзыг үзэн яддаг шударга хүмүүсийг сонгож аваад, тэднийг ард түмний дээр мянгатын дарга, зуутын дарга, тавьтын дарга, аравтын даргаар тавь. 22 Тэд ард түмнийг бүхий л цагт шүүг. Аливаа том хэргийг тэд чамд авчирж, харин аливаа жижиг хэргийг өөрсдөө шүүг. Тэгвэл тэд ачаанаас чинь үүрэлцэж, чамд хялбар болно. 23 Хэрэв чи энэ зүйлийг хийж, Бурхан чамд тушаавал, чи зогсох чадвартай байх болно. Бас энэ ард түмэн бүгдээрээ өөрийн нутагтаа амар амгалан явах болно гэж хэлэв. 24 Тийнхүү Мосе хадам эцгийнхээ үгийг сонсоод, түүний хэлсэн бүхнийг хийв. 25 Мосе бүх Израилиас чадварлаг хүмүүсийг сонгож, мянгатын дарга, зуутын дарга, тавьтын дарга, аравтын даргаар тавьж, тэднийг ард түмний тэргүүлэгчид болгов. 26 Тэд бүхий л цагт ард түмнийг шүүв. Ярвигтай хэргийг тэд Мосед авчирж, харин аливаа жижиг хэргийг өөрсдөө шүүв. 27 Дараа нь Мосе хадам эцгээ үдэж явууллаа. Хадам эцэг нь нутаг уруугаа буцав.

19

1 Израилийн хөвгүүд Египет газраас гарснаас хойш гурав дахь сарын яг тэр өдөр Синаин цөлд хүрэв. 2 Тэд Рефидимээс хөдөлж, Синаин цөлд хүрч, цөлд буудаллав. Израильчууд тэндээ нэгэн уулын өвөрт буудаллав. 3 Мосе Бурхан уруу өгсөн очсонд, ЭЗЭН түүнийг уулаас дуудан —Чи Иаковын гэрт, Израилийн хөвгүүдэд ингэж хэл. 4 "Би египетчүүдэд хэрхэн хандаж, та нарыг бүргэдийн жигүүр дээр тээн, яаж Өөртөө авчирсныг та нар өөрсдөө харсан. 5 Одоо хэрэв та нар Миний дуу хоолойг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахивал та нар бүх ард түмнүүдийн дундах Миний эзэмшил болно. Учир нь бүх дэлхий Минийх. 6 Та нар Надад тахилч нарын хаанчлал, ариун үндэстэн болно". Эдгээр үгсийг чи Израилийн хөвгүүдэд хэл гэв. 7 Тийнхүү Мосе ирж, ард түмний ахмадуудыг дуудан, өөрт нь ЭЗЭНий тушаасан эдгээр бүх үгсийг тэдэнд хэлэв. 8 Бүх ард түмэн нийтээрээ —ЭЗЭНий айлдсан бүхнийг бид биелүүлнэ гэцгээв. Мосе ард түмний үгийг ЭЗЭНд дамжуулав. 9 ЭЗЭН Мосед —Үзэгтүн, Миний чамтай ярихыг ард түмэнд сонсгож, тэднийг чамд үүрд итгүүлэхийн тулд Би чам уруу өтгөн үүлээр очно гэв. Мосе ард түмний үгийг ЭЗЭНд хэлэв. 10 Бас ЭЗЭН Мосед —Ард түмэн уруу очиж, тэднийг өнөөдөр, маргааш ариусган хувцсыг нь угаалга. 11 Тэднийг гурав дахь өдөрт бэлтгэ. Учир нь гурав дахь өдөрт ЭЗЭН бүх ард түмний нүдний өмнө Синаи уулан дээр бууж ирнэ. 12 Чи ард түмний төлөө уулын эргэн тойронд хүрээ татаад, "Уулан дээр гарах буюу хормойд нь хүрэхээс болгоомжил. Ууланд хүрсэн аливаа хүнийг заавал алах ёстой. 13 Тэр хүнд гар хүрч болохгүй. Харин түүнийг чулуугаар шидэж, эсвэл сумаар харвах ёстой. Хүн ч бай, мал ч бай амьд үлдэх ёсгүй" гэж хэл. Хуцын эврэн бүрээ удаан хүнгэнэхэд тэд уул өөд гарч ир гэв. 14 Тийнхүү Мосе уулаас буун ирж, ард түмнийг ариусгав. Тэд өөрсдийн хувцсыг угаав. 15 Мосе ард түмэнд —Гурав дахь өдөрт бэлтгэцгээ. Эмэгтэй хүнд бүү ойрт гэв. 16 Гурав дахь өдрийн өглөө уулыг өтгөн үүл бүрхэн, тэнгэр дуугарч, аянга цахилгаан цахилж, асар хүчтэй бүрээн дуу хүнгэнэсэнд хуаранд байсан бүх ард түмэн дагжин чичрэв. 17 Бурхантай уулзахаар Мосе ард түмнийг хуарангаас дагуулан гарч, тэд уулын бэлд зогслоо. 18 Бурхан галаар буун ирсэн учир Синаи уул бүхэлдээ утаанд автав. Утаа нь зуухны утаа шиг хөөрч, уул бүхэлдээ асар хүчтэй доргиж байлаа. 19 Дараа нь бүрээн дуу улам улмаар чангарахад Мосе ярьж, Бурхан аянга мэт дуугаар түүнд хариулав. 20 ЭЗЭН Синаи уулан дээр, уулын орой дээр залран буусан. ЭЗЭН Мосег уулын орой уруу дуудсанд Мосе очив. 21 ЭЗЭН Мосед —Бууж очоод, ард түмэнд хатуу анхааруул. Тэд ЭЗЭНийг үзэх гэж дайрч, олноороо үхэх вий. 22 ЭЗЭНд ойртон ирэх тахилч нар бас өөрсдийгөө ариусгаг. Эс тэгвэл ЭЗЭН тэдний эсрэг дайрна гэв. 23 Мосе ЭЗЭНд —Ард түмэн Синаи ууланд гарч чадахгүй. Учир нь Та "Уулыг тойруулан хүрээ татаж, уулыг ариусга" гэж анхааруулсан билээ гэв. 24 Тэгэхэд ЭЗЭН түүнд —Бууж очоод, Ааронтай хамт гарч ир. Харин тахилч нар ба ард түмэн ЭЗЭНд ойртохоор бүү дайраг. Эс тэгвэл Тэр тэдэн уруу дайрна гэв. 25 Тиймээс Мосе ард түмэн уруу бууж, тэдэнд хэлэв.

20

1 Бурхан энэ бүх үгсийг айлдсан нь — 2 Би бол чамайг боолчлолын гэрээс, Египетийн нутгаас гаргасан чиний Бурхан ЭЗЭН байна. 3 Чи Надаас өөр бурхадтай байж болохгүй. 4 Чи өөртөө зориулан шүтээн эсвэл дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан доторх юмны ямар нэг дүрсийг бүү хий. 5 Чи тэдэнд мөргөж, тэдэнд үйлчилж болохгүй. Учир нь чиний Бурхан ЭЗЭН Би бол хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл эцгүүдийнх нь нүглийн шийтгэлийг буулгадаг. 6 Харин Намайг хайрлаж, Миний тушаалыг сахигчдад мянган үед нь хүртэл хайр энэрлээ үзүүлдэг. 7 Чи өөрийн Бурхан ЭЗЭНий нэрийг дэмий бүү дурд. Учир нь ЭЗЭН Өөрийнх нь нэрийг дэмий дурдагчийг шийтгэлгүй орхихгүй. 8 Амралтын өдрийг ариунаар сахихын тулд санагтун. 9 Зургаан өдөр чи хөдөлмөрлөж, бүх ажлаа хий. 10 Харин долоо дахь өдөр бол чиний Бурхан ЭЗЭНий амралт тул чи болон чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, чиний мал, танайд байгаа зочин ямар ч ажил хийж болохгүй. 11 Учир нь ЭЗЭН тэнгэр, газар, далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг зургаан өдөрт бүтээж, долоо дахь өдөрт амарсан. Тиймээс ЭЗЭН Амралтын өдрийг ерөөн, тэр өдрийг ариун болгосон юм. 12 Эцэг эхээ хүндэл. Тэгвэл чиний Бурхан ЭЗЭНий чамд өгсөн газар дээр чи урт наслах болно. 13 Чи хүн бүү ал. 14 Чи бүү завхайр. 15 Чи бүү хулгайл. 16 Чи хөршийнхөө эсрэг худал бүү гэрчил. 17 Чи хөршийнхөө гэр оронд бүү шунахайр. Чи хөршийнхөө эхнэр болон түүний зарц, түүний шивэгчин, түүний үхэр, түүний илжиг, хөршийнхөө юунд ч бүү шунахайр гэв. 18 Бүх ард түмэн тэнгэрийн дуу, аянгын гялбаа, бүрээн дуу, утаа багширсан уулыг харангуутаа айн дагжиж, холдон зогсоод, 19 Мосед —Та бидэнтэй яриач. Бид сонсоно. Харин Бурхан бидэнтэй бүү яриг. Эс тэгвэл бид үхэх нь гэв. 20 Мосе ард түмэнд —Бүү айцгаа. Учир нь Бурхан та нарыг шалгахын тулд, мөн та нарыг нүгэл бүү үйлдээсэй гэсэндээ Түүнээс эмээхүйг та нарт байлгахын тулд ирсэн юм гэв. 21 Бурханы байгаа түнэр харанхуй уруу Мосе ойртон очих үед ард түмэн хол зогсож байв. 22 ЭЗЭН Мосед —Чи Израилийн хөвгүүдэд ингэж хэл. "Би тэнгэрээс та нартай ярихыг та нар өөрсдөө харлаа. 23 Та нар Надаас өөр бурхдыг бүү хий. Мөнгөн бурхад, эсвэл алтан бурхдыг өөрсөддөө зориулж бүү хий. 24 Та нар Надад зориулан шороогоор тахилын ширээ босгож, дээр нь өөрсдийн шатаалт тахил, эвийн тахилыг, өөрсдийн хонь ба үхрүүдийг өргө. Би Өөрийн нэрээ сануулах газар бүрд та нар дээр очиж, та нарыг ерөөнө. 25 Хэрэв та нар Надад зориулан чулуугаар тахилын ширээ хийх гэвэл цавчсан чулуугаар бүү өр. Учир нь та нар чулууг багажаар засвал түүнийг бузарлах болно. 26 Та нар Миний тахилын ширээ уруу шатаар бүү гар. Энэ нь та нарын нүцгэн бие түүн дээр үзэгдэхгүй байхын тулд юм.

21

1 Чиний тэдэнд тогтоох хуулиуд нь эдгээр юм. 2 Хэрэв чи еврей боол худалдан авбал, тэр зургаан жил зарагдах ёстой. Харин долоо дахь жилдээ тэр хөлс мөнгө төлөлгүйгээр чөлөөлөгдөнө. 3 Тэр ганцаараа ирвэл ганцаараа явах ёстой. Хэрэв тэр эхнэртэй бол эхнэр нь түүнтэй хамт явна. 4 Хэрэв эзэн нь түүнд эхнэр өгч, эхнэр нь түүнд хөвгүүд, охидыг төрүүлбэл эхнэр хүүхдүүд нь эзний харьяат тул тэр ганцаараа явах ёстой. 5 Гэвч хэрэв боол «Би эзэндээ болон эхнэр, хүүхдүүддээ хайртай. Би чөлөөлөгдөж явахгүй» гэж үнэхээр хэлбэл, 6 эзэн нь түүнийг Бурханы өмнө авч очоод, дараа нь түүнийг хаалга эсвэл хатавчинд аваач. Эзэн нь түүний чихийг шөвгөөр цоолж, тэр насан турш эзэндээ үйлчлэх ёстой. 7 Хэрэв хүн охиноо шивэгчин болгон худалдвал тэр нь эрэгтэй боол шиг чөлөөлөгдөх эрхгүй. 8 Хэрвээ эзэн нь түүнийг өөртөө зориулан сонгож авсан боловч тэрээр эзнийхээ нүдэнд таалагдахгүй бол эзэн нь түүнийг чөлөөлж явуулах ёстой. Эзэн нь түүнд шударга бус хандсанаас болж түүнийг харь хүмүүст худалдах эрхгүй. 9 Хэрэв түүнийг хүүдээ зориулж сонгон авбал түүнтэй охин шигээ харьцах ёстой. 10 Тэр өөртөө өөр эхнэр авсан ч анхны эхнэрээ хоол, хувцсаар хангаж, эр эмийн харьцаатай байх ёстой. 11 Хэрэв тэр эдгээр гурван зүйлийг биелүүлэхгүй бол анхны эхнэр нь ямар ч мөнгөгүйгээр юу ч авалгүй явах ёстой. 12 Хүн цохиж алагчийг заавал алах ёстой. 13 Хэрэв тэр нөгөө хүнийг отоогүй, харин Бурхан түүний гарт цаад хүнийг унагасан бол түүний зугтаах газрыг Би та нарт тогтоож өгнө. 14 Хэрэв хүн хөршөө алахаар төлөвлөж, санаатайгаар түүний эсрэг үйлдвэл тэр хүнийг Миний тахилын ширээнээс аваад ал. 15 Эцэг эхээ цохигчийг заавал алах ёстой. 16 Хүн хулгайлагч түүнийгээ зарсан ч бай, эсвэл хулгайлагдсан хүн нь түүний эзэмшлээс олдсон ч бай, хулгайчийг заавал алах ёстой. 17 Эцэг эхээ хараагчийг заавал алах ёстой. 18 Хэрэв хүмүүс хэрэлдээд нэг нь нөгөөгөө чулуу, эсвэл нударгаараа цохиж, нөгөө нь үхэлгүй харин хэвтэрт ороод, 19 дахин босож, таягтай гадуур явж чадвал цохьсон хүн нь шийтгэгдэхгүй явах ёстой. Харин нөгөө хүний алдсан хугацааны хохирлыг тэрээр нөхөн төлж, түүнийг бүрэн эдгэртэл асрамжилна. 20 Хэрэв хүн өөрийн боол эсвэл шивэгчнээ саваагаар цохиж, тэр боол гарт нь үхвэл эзэн нь шийтгүүлэх ёстой. 21 Харин хэрвээ боол нь нэг, хоёр өдөр амьд байвал, ямар ч өшөө авах ёсгүй. Учир нь тэр эзний өмч мөн. 22 Хэрвээ хүмүүс хоорондоо зодолдож байгаад жирэмсэн эмэгтэйг цохиход, хүүхэд нь зулбасан хэдий ч ямар ч гэмтэл байхгүй бол түүнийг мөнөөх эмэгтэйн нөхрийн шаардсанаар торгож, шүүгчдийн шийдсэнээр төлбөр төлүүлнэ. 23 Харин хэрэв өөр ямар нэгэн гэмтэл учирсан бол амийг амиар, 24 нүдийг нүдээр, шүдийг шүдээр, гарыг гараар, хөлийг хөлөөр, 25 түлэгдэлтийг түлэгдэлтээр, шархыг шархаар, бэртэнгийг бэртэнгээр төлнө. 26 Хэрэв хүн өөрийн боол, эсвэл шивэгчнийхээ нүдийг цохиж гэмтээвэл нүднийх нь оронд түүнийг чөлөөлөх ёстой. 27 Мөн хэрэв боол, эсвэл шивэгчнийхээ шүдийг цохиж унагавал шүднийх нь оронд түүнийг чөлөөлөх ёстой. 28 Хэрэв эрэгтэй, эсвэл эмэгтэй хүнийг үхэр мөргөж албал, уг үхэр уруу чулуу чулуудаж ал. Махыг нь идэж болохгүй. Харин үхрийн эзэн нь шийтгүүлэлгүй явна. 29 Харин хэрэв үхэр урьд нь мөргөдөг байсан бөгөөд эзэнд нь сануулж байсан боловч үхрээ хашиж хориогүйгээс болж эрэгтэй, эсвэл эмэгтэй хүн мөргүүлж үхвэл, уг үхэр уруу чулуу шидэж, бас эзнийг нь ч алах ёстой. 30 Хэрэв түүнд мөнгөн төлөөс ноогдуулбал, тэр өөрийн амийг аврахын төлөө ноогдсон төлөөсийг хэд ч бай төлнө. 31 Үхэр нь эрэгтэй, эсвэл эмэгтэй хүүхдийг мөргөвөл энэ хуулийн ёсоор хийнэ. 32 Хэрэв боол, эсвэл шивэгчнийг үхэр мөргөвөл үхрийн эзэн боолын эзэнд гучин шекел мөнгө төлнө. Харин үхэр уруу чулуу шидэх ёстой. 33 Хэрэв хүн нүхийг нээж, эсвэл нүх ухаад түүнийгээ буцааж дараагүйгээс болж үхэр, эсвэл илжиг нүхэнд нь унавал, 34 нүхний эзэн нөхөн төлбөр өгөх ёстой. Тэр малын эзэнд мөнгө өгөх бөгөөд үхсэн мал түүнийх болно. 35 Хэрэв нэг хүний үхэр бусдын үхрийг мөргөж албал, тэд амьд үхрийг худалдаж, мөнгийг нь хувааж авах бөгөөд бас үхсэн үхрийг ч хувааж авах ёстой. 36 Хэрэв уг үхэр урьд нь мөргөдөг байсан нь мэдэгдсэн бөгөөд эзэн нь үхрээ хашиж хориогүй бол тэрээр үхрийг нь амьд үхрээр төлж, харин үхсэн үхрийг өөртөө авна.

22

1 Хэрэв хүн, үхэр эсвэл хонь хулгайлж нядалбал, эсвэл зарвал тэрээр үхрийг таван үхрээр, хонийг дөрвөн хониор төлнө. 2 Хэрэв хулгайч үйлдэл дээрээ баригдан, цохиулж үхвэл түүний төлөө цус урсгасан гэмийн шийтгэл байхгүй. 3 Харин түүний дээр нар гарсан байсан бол түүний төлөө цус урсгасан гэмийн шийтгэл байна. Хулгайч заавал нөхөн төлөх ёстой. Хэрэв түүнд юу ч байхгүй бол хулгай хийснийх нь төлөө түүнийг худалдах ёстой. 4 Хэрэв хулгайлсан юм нь түүний эзэмшил газраас амьдаар олдвол үхэр, илжиг, эсвэл хонины аль нь ч бай хулгайч хоёр нугалж төлөх ёстой. 5 Хэрэв хүн тариалангийн талбай, эсвэл усан үзмийн цэцэрлэгт малаа бэлчээрлүүлж байгаад сул тавьснаас болж мал нь өөр хүний тариалангийн талбай, эсвэл усан үзмийн цэцэрлэгт бэлчвэл малын эзэн хамгийн сайн тариалангийн талбай болон усан үзмийн цэцэрлэгээр нөхөн төлөх ёстой. 6 Хэрэв гал гарч, үүргэний бутанд авалцаж, хураасан тариа, эсвэл хадаагүй тариа, эсвэл тариалангийн талбайг шатаавал тэр галыг тавигч нь заавал нөхөн төлөх ёстой. 7 Хэрэв хүн мөнгө, эсвэл эд зүйлсээ хадгалуулахаар хөршдөө өгөхөд тэр нь хөршийнх нь гэрээс хулгайлагдсан тохиолдолд хэрэв хулгайч баригдах аваас эзэнд нь хоёр нугалж төлөх ёстой. 8 Харин хулгайч олдоогүй бол гэрийн эзэн шүүгч дээр очиж, хөршийнхөө эд хөрөнгөнд гар хүрсэн эсэхээ шүүлгэх ёстой. 9 Үхэр, илжиг, хонь, хувцас хунар, эсвэл "Энэ минийх" гэж хэн нэгнийх нь хэлэх аливаа алдагдсан зүйл болох итгэл эвдсэн тохиолдол болгонд хоёр тал заргаа шүүгчдийн өмнө авчрах ёстой. Шүүгчдийн буруутгасан хүн нь хөршдөө хоёр нугалж төлнө. 10 Хэрэв хүн илжиг, үхэр, хонь ба бусад малаа хадгалуулахаар хөршдөө өгөхөд тэр нь хэн ч хараагүй байхад үхэх, гэмтэх эсвэл алга болох аваас 11 хөршийнхөө өмчид гар хүрээгүй гэдгээ тэр хоёр хоёулаа ЭЗЭНий өмнө тангараглах ёстой. Малын эзэн тэр тангаргийг хүлээн авч, нөгөө хүн нөхөн төлөх ёсгүй. 12 Хэрэв уг мал түүнээс хулгайлагдсан бол тэрээр эзэнд нь нөхөн төлөх ёстой. 13 Хэрэв уг мал нь тастагдсан бол нотолгоо болгон авчрах ёстой. Тастагдсан малын төлөө тэрээр нөхөн төлбөр өгөхгүй. 14 Хэрэв хүн хөршөөсөө ямар нэгэн юм зээлж аваад тэр нь эзнийх нь үгүйд гэмтэх, эсвэл үхвэл зээлсэн хүн бүрэн нөхөн төлөх ёстой. 15 Хэрэв эзэн нь хамт байсан бол төлөхгүй. Хэрэв хөлсөлж авсан байвал тэрхүү хөлс нь түүний үнэ нь болно. 16 Хэрэв хүн сүй тавиагүй онгон бүсгүйг уруу татаж, түүнтэй унтвал бүсгүйн төлөө инж өгч, түүнийг эхнэрээ болгон авах ёстой. 17 Хэрэв бүсгүйн эцэг охиноо түүнд өгөхөөс эрс татгалзвал, тэр инжтэй тэнцэх мөнгийг өгөх ёстой. 18 Удганыг бүү амьд байлга. 19 Мал амьтантай хавьтагчид заавал үхэх ёстой. 20 ЭЗЭНээс өөр бурхдад тахил өргөгчийг алах ёстой. 21 Харийн хүнийг бүү буруутга, бүү дарла. Учир нь та нар Египетийн нутагт харь хүмүүс байсан. 22 Та нар аливаа бэлэвсэн эмэгтэй, эсвэл өнчин хүүхдийг бүү зовоо. 23 Хэрэв та нар тэднийг зовоогоод, тэд Над уруу хашхирвал Би тэдний уй гашууг сонсож, 24 Миний уур хилэн дүрэлзэж, Би та нарыг илдээр ална. Та нарын эхнэрүүд бэлэвсэрч, та нарын хүүхдүүд өнчрөх болно. 25 Хэрэв чи Миний ард түмэнд буюу дунд чинь буй ядуу хүнд мөнгө зээлдүүлбэл, түүнтэй зээл олгогч хүн шиг харьцаж болохгүй. Чи түүнээс зээлийн хүүг бүү шаард. 26 Хэрэв чи хөршийнхөө хувцсыг барьцаанд авбал нар шингэхээс өмнө түүнд буцааж өг. 27 Учир нь тэр бол түүний цорын ганц бүтээлэг нь, биеийнх нь хувцас билээ. Тэр хүн өөр юу нөмөрч унтах вэ? Тэр Над уруу хашхирахад Би сонсох болно. Учир нь Би нигүүлсэнгүй билээ. 28 Бурханыг бүү хараа. Өөрийн ард түмний захирагчийг бүү хараа. 29 Чи өөрийн ургац ба өөрийн усан үзмийн дарснаас өргөх өргөлийг бүү хойшлуул. Хөвгүүдийнхээ ууганыг нь чи Надад өгөх ёстой. 30 Чи өөрийн үхэр болон хонинуудад ч ийнхүү үйлд. Долоон өдөр тэднийг эхтэй нь хамт байлгаж, найм дахь өдөрт нь Надад өг. 31 Та нар Надад зориулагдсан ариун хүмүүс байх ёстой. Тийм учраас хээр талд хэсэглэн тастчуулсан амьтны махыг та нар бүү ид. Түүнийг нохдод хаяж өг.

23

1 Чи худал мэдүүлэг бүү өг. Хорон муу хүнтэй гар барин хуурамч гэрч болж болохгүй. 2 Олныг дагалдан мууг үйлдэж болохгүй. Шударга ёсыг завхруулахын тулд олныг дагаж шүүхэд бүү гэрчил. 3 Шүүх дээр ядуу хүнийг бүү ялгаварла. 4 Хэрэв дайсныхаа төөрсөн үхэр, илжигтэй тааралдвал, түүнийг заавал эзэнд нь буцаан аваачиж өг. 5 Хэрэв чамайг үзэн яддаг хүний илжиг ачаандаа дарагдан хэвтэж байхыг чи харвал түүнийг бүү орхи. Чи тэр хүнд заавал тусалж, илжгийг нь чөлөөл. 6 Ядуу хүнийг шүүхдээ шударга ёсыг бүү гажуудуул. 7 Худал заргаас хол байж, гэмгүй эсвэл зөвт хүнийг бүү ал. Учир нь Би гэмтэнг зөвтгөн цагаатгахгүй. 8 Чи хахууль бүү ав. Учир нь хахууль хүний харааг сохолж, шударга хүний үгийг гуйвуулна. 9 Чи харь хүнийг бүү дарла. Та нар ч Египет газарт харийн хүмүүс байсан учраас харь хүний сэтгэлийг мэднэ. 10 Чи зургаан жил газраа тариалж, ургацыг нь хураа. 11 Харин долоо дахь жилд газрыг хагалалгүй амраа. Чиний ард түмний ядуус хооллог. Тэдний үлдээсэн аливаа зүйлсийг нь хээрийн амьтад идэг. Өөрийн усан үзмийн болон чидун модны цэцэрлэгт ч ийнхүү үйлд. 12 Зургаан өдөр чи ажлаа хийж, харин долоо дахь өдөрт ажлаа зогсоо. Чиний үхэр, илжиг амарч, чиний шивэгчний хүү, мөн харийн хүн сэргэг. 13 Миний чамд айлдсан бүхнийг анхааралтайгаар сахь. Өөр бурхдын нэрийг дурьдаж ч болохгүй, амнаас чинь сонсогдож ч болохгүй. 14 Жилд гурван удаа та нар Надад баярыг тэмдэглэ. 15 Чи Исгээгүй Талхны Баярыг сахь. Миний чамд тушаасан ёсоор, Абиб сарын товлосон үед чи долоо хоногийн турш исгээгүй талх ид. Учир нь тэр сард чи Египетээс гарсан. Миний өмнө хэн ч гар хоосон үзэгдэж болохгүй. 16 Чи талбайд тарьсан хөдөлмөрийнхөө анхны үр жимсээр Ургацын баярыг сахь. Мөн чи өөрийн хөдөлмөрийн үр жимсийг хураахдаа, жилийн эцэст Ургац Хураалтын Баярыг сахь. 17 Жилд гурван удаа танай бүх эрчүүд Эзэн БУРХАНы өмнө үзэгдэх ёстой. 18 Чи Миний тахилын цусыг исгэсэн талхтай хамт бүү өргө. Миний баярын өөхийг өглөө болтол бүү хонуул. 19 Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг өөрийн Бурхан ЭЗЭНий гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана. 20 Үзэгтүн, замд чамайг хамгаалахын тулд, Миний бэлтгэсэн газар уруу чамайг аваачихын тулд Би чиний өмнө тэнгэр элчийг явуулах гэж байна. 21 Түүний өмнө анхааралтай байж, дуу хоолойг нь дуулгавартай дага. Түүний өмнөөс бүү тэрсэл. Учир нь Миний нэр түүний дотор байгаа тул тэр чиний хилэнцийг уучлахгүй. 22 Харин хэрэв чи түүний дуу хоолойг үнэхээр дуулгавартай дагаж, Миний айлдсан бүхнийг үйлдвэл, Би дайсанд чинь дайсан, өстөнд чинь өстөн болно. 23 Миний тэнгэр элч чиний өмнө явж, чамайг аморичууд, хитчүүд, перизчүүд, канаанчууд, хивичүүд, иебусчуудын нутагт аваачна. Би тэднийг бүрмөсөн устгах болно. 24 Чи тэдний бурхдад бүү мөргө, бүү үйлчил. Тэдний үйлсийг ч бүү дуурай. Харин чи тэднийг бүрмөсөн нурааж, тэдний чулуун багануудыг хэсэглэн бутал. 25 Чи өөрийн Бурхан ЭЗЭНд үйлчил. Тэгвэл Тэр чиний талх, усыг ерөөх болно. Би та нарын дундаас өвчин эмгэгийг зайлуулна. 26 Чиний газарт дутуу төрдөг, эсвэл хүүсэр хүн байхгүй болно. Би чиний насны тоог гүйцээнэ. 27 Би Өөрийн аймшгийг чиний өмнө явуулж, чиний очих газрын бүх ард түмнийг самууралд унаган, бүх дайсны чинь нурууг чамд харуулах болно. 28 Чиний өмнөөс хивичүүд, канаанчууд, хитчүүдийг зайлуулахын тулд Би чиний өмнө хэдгэнүүдийг явуулна. 29 Би ганцхан жилийн дотор тэднийг чиний өмнөөс зайлуулахгүй. Учир нь газар нутаг эзгүйрч, хээрийн араатнууд чиний хувьд олшрох вий. 30 Чи өсөн үржиж, тэр нутгийг эзэмших хүртэл Би тэднийг чиний өмнөөс бага багаар зайлуулна. 31 Би чиний хил хязгаарыг Улаан тэнгисээс филистчүүдийн тэнгис хүртэл, цөлөөс Евфрат мөрөн хүртэл тогтооно. Учир нь тэрхүү газар нутгийн оршин суугчдыг Би чиний гарт тушаана. Чи өөрийнхөө өмнөөс тэднийг зайлуулна. 32 Чи тэдэнтэй, эсвэл тэдний бурхадтай ямар ч гэрээ байгуулж болохгүй. 33 Тэд чиний газарт амьдрах ёсгүй. Эс тэгвэл тэд чамайг Миний эсрэг нүгэл үйлдэхэд хүргэх болно. Учир нь чи тэдний бурхдад үйлчилбэл, энэ нь үнэхээр чамд урхи болно.

24

1 Дараа нь Тэр Мосед —Чи Аарон, Надаб, Абиху болон Израилийн ахмадуудаас далан хүний хамт ЭЗЭН өөд ирж, алсаас мөргө. 2 Зөвхөн Мосе л ЭЗЭНд ойрт. Харин бусад нь ойртох ёсгүй. Ард түмэн ч түүнтэй хамт ирэх ёсгүй гэв. 3 Мосе ирж, ЭЗЭНий бүх үгс болон бүх тогтоолуудыг ард түмэнд дамжуулав. Ард түмэн бүгдээрээ нэгэн дуугаар —ЭЗЭНий айлдсан бүх үгсийг бид даган биелүүлнэ гэж хариулцгаав. 4 Мосе ЭЗЭНий бүх үгсийг бичин тэмдэглэжээ. Тэгээд тэр өглөө эрт босоод, уулын бэлд Израилийн арван хоёр овогт зориулан арван хоёр баганын хамт тахилын ширээ босголоо. 5 Израилийн хөвгүүдээс залуусыг тэр илгээн, шатаалт тахилыг, бас залуу бухнуудаар эвийн тахилыг ЭЗЭНд өргөв. 6 Мосе цусны хагасыг нь авч, савнуудад хийн, хагасыг нь тахилын ширээн дээгүүр цацав. 7 Тэгээд Мосе гэрээний номыг авч, ард түмэнд уншиж сонсгов. Тэд —ЭЗЭНий айлдсан бүгдийг бид даган биелүүлж, дуулгавартай байх болно гэцгээв. 8 Тиймээс Мосе цусыг авч, ард түмний дээгүүр цацан, —Эдгээр бүх үгсийн дагуу ЭЗЭНий та нартай байгуулсан гэрээний цусыг үзэгтүн гэв. 9 Дараа нь Мосе Аарон, Надаб, Абиху болон Израилийн ахмадуудаас далан хүнтэй хамт дээшээ гарч, 10 Израилийн Бурханыг үзэв. Түүний хөлийн доор нь тэнгэр мэт цэлмэг, индранилаар зассан мэт юм байлаа. 11 Гэсэн ч Тэр Израилийн хөвгүүдийн хүндэт хүмүүсийн эсрэг мутраа сунгаагүй бөгөөд тэд Бурханыг үзэцгээж бас идэж ууцгаав. 12 ЭЗЭН Мосед —Чи ууланд гарч, Над уруу ирээд, энд бай. Би чамд чулуун хавтанг хууль ба тушаалын хамт өгье. Тэдгээрийг Би тэдэнд заавар болгон бичсэн юм гэв. 13 Тиймээс Мосе өөрийн зарц Иошуатай хамт босож, Бурханы уул уруу гарлаа. 14 Харин ахмадуудад хандан тэр —Биднийг буцаж иртэл та нар энд хүлээж бай. Үзэгтүн, Аарон, Хур нар та нартай хамт байгаа тул хэн нэгэнд ямар нэг хэрэг гарвал тэдэнд ханд гэв. 15 Тэгээд Мосе ууланд гарсан бөгөөд уулыг үүл бүрхэв. 16 ЭЗЭНий цог жавхлан Синаи ууланд тогтон байж, үүл зургаан өдрийн турш уулыг бүрхлээ. Долоо дахь өдөр нь Тэр үүлэн дундаас Мосег дуудав. 17 Израилийн хөвгүүдийн нүдэнд ЭЗЭНий цог жавхлангийн төрх нь уулын орой дээрх дүрэлзэн буй гал мэт байлаа. 18 Мосе үүлэн дунд орж, уул өөд гарав. Мосе уулан дээр дөчин өдөр, дөчин шөнө байлаа.

25

1 Тэгээд ЭЗЭН Мосед айлдсан нь — 2 Надад зориулан хандив авчир хэмээн Израилийн хөвгүүдэд хэл. Зүрхэндээ хөтлөгддөг хүн бүрээс Надад өгснийг ав. 3 Чиний тэднээс авах хандив нь: алт, мөнгө, хүрэл, 4 хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас, 5 улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс, хуайс мод, 6 гэрэлтүүлгийн тос, тослох тос ба анхилуун утлагад зориулсан амтлагч, 7 оникс чулуунууд, ефод болон цээживчинд суулгах чулуунууд болой. 8 Би тэдний дунд оршин байхын тулд Надад зориулан тэд ариун газрыг бариг. 9 Асар болон түүний бүх эд зүйлсийн загвар болгон Миний чамд үзүүлэх бүхний дагуу чи түүнийг барь. 10 Тэд хуайс модоор урт нь хоёр тохой хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой хагас авдар хийг. 11 Чи авдрыг шижир алтаар бүр. Түүний дотор, гадна талыг бүрээд түүнийг тойруулан алтан эмжээр хий. 12 Чи түүнд зориулж дөрвөн алтан гархи цутган, авдрын дөрвөн хөл дээр нь байрлуул. Нэг талд нь хоёр гархи, нөгөө талд нь хоёр гархи байна. 13 Чи хуайс модоор дамнуурга хийж, алтаар бүр. 14 Тэдгээрээр авдрыг өргөхийн тулд авдрын хажуу талын гархинуудад дамнуургуудыг шургуул. 15 Дамнуургууд нь авдрын гархинд байх ёстой бөгөөд тэдгээрийг салгаж болохгүй. 16 Миний чамд өгөх гэрчлэлийг чи авдар дотор хий. 17 Чи өршөөлийн суудлыг шижир алтаар хий. Түүний уртыг нь хоёр тохой хагас, өргөнийг нь нэг тохой хагасаар хий. 18 Өршөөлийн суудлын хоёр үзүүрт хоёр херубыг алтаар давтан хий. 19 Нэг херубыг нэг үзүүрт, нөгөө херубыг нөгөө үзүүрт хий. Херубуудыг өршөөлийн суудалтай нэгтгэн хоёр үзүүрт нь хий. 20 Херубуудын далавчнууд дээш дэлгэгдэн, өршөөлийн суудлыг бүрхэн байх бөгөөд бие биен уруугаа харж байх ёстой. Херубуудын нүүр нь өршөөлийн суудал уруу харсан байна. 21 Өршөөлийн суудлыг чи авдран дээр тавьж, Миний чамд өгөх гэрчлэлийг авдар дотор хий. 22 Тэнд Би чамтай уулзана. Гэрчлэлийн авдран дээр буй хоёр херубуудын хоорондоос, өршөөлийн суудлын дээрээс Би Израилийн хөвгүүдийн төлөө чамд тушаах бүх зүйлийг Би чамд айлдана. 23 Чи хуайс модоор хоёр тохой урттай, нэг тохой өргөнтэй, нэг тохой хагас өндөртэй ширээ хий. 24 Чи түүнийг шижир алтаар бүрж, түүнийг тойруулан алтан эмжээр хий. 25 Ширээнд зориулан түүнийг тойруулаад алганы энгээр хөвөө хийж, түүнийг тойруулан хөвөөг нь алтаар эмж. 26 Түүнд зориулж чи дөрвөн алтан цагираг хийж, дөрвөн хөлийнх нь дөрвөн өнцөгт нь тэдгээрийг байрлуул. 27 Цагиргууд нь ширээг зөөх дамнуургуудын тогтоогч болж, хөвөөнд ойр байх ёстой. 28 Чи хуайс модоор дамнуургуудыг хийж, алтаар бүр. Тэдгээрээр ширээг зөөх болно. 29 Чи ундаан өргөлийг хийх таваг, сав, аяга, хундагыг нь шижир алтаар хий. 30 Чи ширээн дээр Оршихуйн талхыг тавьж байнга Миний өмнө байлга. 31 Дараа нь чи шижир алтаар дэнлүүний суурийг хий. Дэнлүүний суурь болон суурь, ишийг давтаж, түүний хундага, түүний болцуу ба түүний цэцгүүдийг түүнтэй нэгтгэн холбо. 32 Дэнлүүний суурийн хажуугаас зургаан салаа гарах бөгөөд гурван салаа нь түүний нэг хажуугаас, гурван салаа нь түүний нөгөө хажуугаас гарна. 33 Гурван хундага нь нэг салаан дахь гүйлсийн дэлбээнүүд буюу болцуу ба цэцэг хэлбэртэй хийгдэг. Мөн гурван хундага нь нөгөө салаан дахь гүйлсийн дэлбээнүүд буюу болцуу ба цэцэг хэлбэртэй хийгдэг. Дэнлүүний сууриас гарсан зургаан салааны хувьд адил хий. 34 Дэнлүүний сууринд гүйлсийн дэлбээнүүдийн хэлбэртэй буюу болцуу ба цэцэгтэй нь адил дөрвөн хундага хий. 35 Дэнлүүний сууриас гарсан зургаан салааны хувьд үүнээс гарсан эхний хос салааны доор нэг болцуу байж, хоёр дахь хос салааны доор нэг болцуу байж, гурав дахь хос салааны доор нэг болцуу байна. 36 Тэдгээрийн болцуунууд ба салаанууд нь дэнлүүний суурьтайгаа нэгдмэл байна. Энэ бүгд шижир алтаар давтаж хийгдсэн нэг бүтээл болно. 37 Дараа нь чи түүний долоон дэнлүүг хий. Тэдгээр нь өмнөх орчноо гэрэлтүүлэхийн тулд байрлуулагдах ёстой. 38 Галын чимхүүр ба тавиуруудыг нь шижир алтаар хий. 39 Дэнлүүний суурийг эдгээр бүх хэрэгслийн хамт нэг талантын шижир алтаар хий. 40 Чамд уулан дээр үзүүлсэн загварын дагуу тэднийг хийхийг анхаар.

26

1 Цааш нь чи нарийн нэхсэн маалинга болон хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар арван бүрээстэй асар хийгтүн. Эдгээрийг чи уран хүний урлал болох херубуудын хамтаар хийлгэгтүн. 2 Бүрээс бүрийн урт нь хорин найман тохой, бүрээс бүрийн өргөн нь дөрвөн тохой бөгөөд бүх бүрээс ижил хэмжээтэй байна. 3 Таван бүрээс нь хоорондоо холбогдох бөгөөд нөгөө тав нь хоорондоо холбогдсон байх ёстой. 4 Эхний хэсгийн гадна талын бүрээсний болон хоёр дахь хэсгийн гадна талын бүрээсний зах дээр хөх өнгийн гогцоонуудыг хий. 5 Нэг бүрээсэнд тавин гогцоо, хоёр дахь хэсгийн бүрээсний захад тавин гогцоог хий. Эдгээр гогцоонууд нь бие биеийнхээ харалдаа байх ёстой. 6 Тавин алтан гархи үйлдэн, уг гархинуудаар бүрээснүүдийг хооронд нь холбогтун. Ингэснээр асар нь нэгдмэл болно. 7 Дараа нь чи асрын дээгүүр бүтээх майхны арван нэгэн бүрээсийг ямааны хялгасаар хийгтүн. 8 Бүрээс бүрийн урт нь гучин тохой, бүрээс бүрийн өргөн нь дөрвөн тохой бөгөөд арван нэгэн бүрээс нь ижил хэмжээтэй байх ёстой. 9 Бүрээснүүдийн тавыг нь хооронд нь холбон, нөгөө зургааг нь хооронд нь холбон майхны урд талд зургадугаар бүрээсийг давхарлан тавь. 10 Эхний хэсгийн гадна талын бүрээсний зах дээр тавин гогцоо, хоёр дахь хэсгийн гадна талын бүрээсний зах дээр тавин гогцоо хий. 11 Тавин хүрэл гархийг хийж, гархинуудыг гогцоонуудад оруулан, майхныг хооронд нь холбогтун. Ингэснээр энэ нь нэг болно. 12 Майхны бүрээсний үлдсэн унжсан хэсэг буюу үлдсэн хагас бүрээсийг асрын ар талд унжуулагтун. 13 Майхны бүрээсний уртаас үлдсэн хэсэг буюу нэг тал дахь тохой, мөн нөгөө тал дахь тохой нь асрын хоёр талаар унжин түүнийг бүтээх ёстой. 14 Улаанаар будсан хуцын арьсаар майхны бүтээлгийг хийгтүн. Дээгүүр нь далайн гахайн арьсан бүтээлгийг хий. 15 Дараа нь хуайс модоор асарт зориулан дүнзнүүдийг босоогоор нь хий. 16 Дүнз тус бүрийн урт нь арван тохой, дүнз бүрийн өргөн нь нэг тохой хагас. 17 Дүнз тус бүрд нэг нь нөгөөгийнхөө зэргэлдээ хоёр углуурга байх агаад асрын бүх дүнзийг чи ийнхүү хийгтүн. 18 Тэгээд асарт зориулж өмнө талд нь байх хорин дүнзийг хий. 19 Хорин дүнзэн доор дөчин мөнгөн углуур, нэг дүнзний хоёр углуургад зориулан уг дүнзний доор хоёр углуур, нөгөө дүнзний хоёр углуургад зориулан тухайн дүнзний доор хоёр углуурыг хийгтүн. 20 Асрын хоёрдугаар тал буюу хойд талд нь хорин дүнзийг 21 дөчин мөнгөн углуурын хамт, нэг дүнзний доор хоёр углуур, нөгөө дүнзний доор хоёр углуур 22 асрын ар тал буюу баруун талд зориулан зургаан дүнз хийгтүн. 23 Асрын ар талын булангуудад хоёр дүнз хий. 24 Тэдгээр нь доод талаасаа орой хүртэл давхарлагдан, нэг цагирагтай байх бөгөөд хоёр талдаа тийнхүү байх ёстой. Тэд хоёр буланг гаргах юм. 25 Тэнд арван зургаан мөнгөн углуур бүхий найман дүнз байх ёстой. Нэг дүнзэн доор хоёр углуур, нөгөө дүнзэн доор хоёр углуур байна. 26 Дараа нь хуайс модоор асрын нэг талын дүнзнүүдэд зориулан таван хөндлөвч мод хий. 27 Асрын нөгөө талын дүнзнүүдэд зориулан таван хөндлөвч мод, мөн асрын ар тал буюу баруун талд зориулсан таван хөндлөвч мод хийгтүн. 28 Дүнзнүүдийн голд байх дундах хөндлөвч мод нь нэг захаас нөгөө зах хүртэл үргэлжлэх ёстой. 29 Дүнзнүүдийг алтаар бүрэгтүн. Мөн хөндлөвч моддыг тогтоох алтан цагиргуудыг хийж, хөндлөвч моддыг алтаар бүрэгтүн. 30 Тэгээд чамд уулан дээр үзүүлсэн зургийн дагуу чи асрыг хий. 31 Дараа нь чи нарийн нэхсэн маалинга, хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар хөшиг хий. Үүнийг уран хүний урлал болох херубуудтай хамт хийлгэ. 32 Хөшигнүүдийг алтаар бүрсэн хуайс модон дөрвөн баганаас өлгө. Дэгээнүүд нь бас алтан байх ёстой. Баганууд нь дөрвөн мөнгөн углуур дээр байрлах ёстой. 33 Чи хөшгийг гархинуудаас өлгөн, хөшигний дотор талд гэрчлэлийн авдрыг оруул. Хөшиг нь ариун газар ба ариунаас ариун газрыг хооронд нь зааглах болно. 34 Ариунаас ариун газар дахь гэрчлэлийн авдран дээр чи өршөөлийн суудлыг тавигтун. 35 Ширээг хөшигний гадна талд тавьж, дэнлүүний суурийг ширээний эсрэг талд буюу асрын өмнө талд тавь. Ширээг хойд талд нь тавигтун. 36 Майхны үүдэнд хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар нэхмэл дэлгэц хийгтүн. 37 Дэлгэцэнд зориулан хуайс модоор таван багана хийж алтаар бүр. Тэдний дэгээнүүд нь мөн алтан байна. Тэдгээрт зориулан таван хүрэл углуур цутга.

27

1 Чи хуайс модоор тахилын ширээг хий. Уг ширээний урт нь таван тохой, өргөн нь таван тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь гурван тохой байна. 2 Ширээний дөрвөн өнцөгт эврүүдийг нь хий. Тэдгээр нь ширээтэйгээ нэгдмэл байх бөгөөд түүнийг хүрлээр бүр. 3 Үнсийг нь авч хаяхад зориулсан сав, утгуур, угаагуурууд, сэрээ болон бойпоруудыг хий. Түүний бүх хэрэгслийг хүрлээр үйлдэгтүн. 4 Тэгээд хүрэл сараалжин тор үйлдэгтүн. Торон дээр дөрвөн өнцөгт нь дөрвөн хүрэл цагираг хий. 5 Чи торыг тахилын ширээний амсрын доор, тахилын ширээний голд хүрэхээр доошлуулан тавь. 6 Тахилын ширээнд зориулан хуайс модоор дамнуургуудыг хийж хүрлээр бүрэгтүн. 7 Тахилын ширээг зөөж байхад дамнуургууд хоёр талд нь байхын тулд дамнуургуудыг цагиргуудад шургуул. 8 Уулан дээр чамд үзүүлсэн ёсоор дамнуургуудыг дотор талдаа хөндий зүсмэл модоор хий. Тэд үүнийг ингэж хийг. 9 Чи асрын хашааг хийгтүн. Өмнө тал нь зуун тохой урттай нарийн нэхсэн маалингаар хийгдсэн хөшигтэй байна. 10 Түүний баганууд хорь байх бөгөөд хорин хүрэл углууртай байна. Баганы дэгээнүүд болоод тэдгээрийн холбоосууд нь мөнгөн байх ёстой. 11 Үүнтэй адил уртаараа умард талд зуун тохой урттай хөшиг болон хорин хүрэл углууртай хорин багана байна. Баганы дэгээнүүд болон холбоосууд нь мөнгөн байна. 12 Хашааны өргөнөөр баруун талд тавин тохой хөшиг арван багана, арван углууртай хамт байна. 13 Хашааны өргөн нь зүүн талд тавин тохой байна. 14 Хаалганы нэг талын хөшиг нь арван таван тохой бөгөөд гурван багана, гурван углууртай байна. 15 Нөгөө талд арван таван тохой хөшиг гурван багана, гурван углууртай байна. 16 Хашааны хаалганд хөх, ягаан, час улаан өнгөтэй даавуу болон нарийн нэхсэн маалингаар нэхэгдсэн хорин тохой дэлгэц байна. Тэр нь дөрвөн багана, дөрвөн углууртай байна. 17 Хашааны эргэн тойрон дахь бүх баганууд мөнгөн холбоосуудаар тоноглогдсон байна. Тэдгээрийн дэгээнүүд нь мөнгө, углуурнууд нь хүрэл байна. 18 Хашааны урт нь зуун тохой, өргөн нь нийтдээ тавин тохой, өндөр нь таван тохой, нарийн нэхсэн маалингаар хийгдсэн ба тэдгээрийн углуурууд нь хүрэл байна. 19 Асрын бүх үйлчлэлд хэрэглэгдэх бүх хэрэгсэл, бүх гадас болон хашааны бүх гадас хүрэл байна. 20 Дэнлүүг үргэлжид асааж байхын тулд гэрэлтүүлгэнд зориулан чидун жимснээс шахсан цэвэр тосыг чамд авчрах үүргийг чи Израилийн хөвгүүдэд өг. 21 Хурлын майханд, гэрчлэлийн урд буй хөшигний гадна талд Аарон ба түүний хөвгүүд оройноос өглөө хүртэл ЭЗЭНий өмнө үүнийг ёсоор нь сахих ёстой. Энэ нь Израилийн хөвгүүдэд тэдний үе удмыг дамжин мөнхийн ёслол байх болтугай.

28

1 Надад тахилч болгон үйлчлүүлэхээр Израилийн хөвгүүдийн дундаас өөрийн ах Аарон ба түүний хөвгүүд болох Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг хамтад нь өөрийнхөө дэргэд байлгагтун. 2 Өөрийн ах Аароны алдар ба үзэсгэлэнд зориулан ариун хувцас хий. 3 Аарон нь Надад тахилчаар үйлчлэхийн тулд, түүнийг ариусгахаар хувцас хийхийг мэргэн ухааны сүнсээр Миний дүүргэсэн бүх уран хүмүүст хандаж өгүүлэгтүн. 4 Тэдний хийх хувцас нь цээживч, ефод, нөмрөг, нэхмэл дотуур дээл, малгай ба бүс болно. Аарон нь Надад тахилчаар үйлчлэхийн тулд тэд чиний ахад болон түүний хөвгүүдэд ариун хувцас хийх ёстой. 5 Тэд алт ба хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалингыг аваг. 6 Тэд бас алт, хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн нэхсэн маалингаар уран хүний урлал болох ефод хийгтүн. 7 Ефод нь холбогдсон байхын тулд түүний хоёр үзүүртэй холбоотой хоёр мөрөвч байх ёстой. 8 Ефодын дээрх уран нэхсэн бүс нь алт, хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн нэхсэн маалингаар ефодтой ижил хийгдсэн байх ёстой. 9 Чи хоёр оникс чулууг авч, дээр нь Израилийн хөвгүүдийн нэрсийг сийлэгтүн. 10 Тэдний төрсөн дарааллаар нь нэг чулуун дээр зургаан нэр, нөгөө чулуун дээр үлдсэн зургаан нэрийг сийл. 11 Үнэт чулуу засагч хүн тамга сийлэхтэй адил, чи Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу хоёр чулууг сийлэн, алтан хүрээтэй сууринд суулгагтун. 12 Чи хоёр чулууг Израилийн хөвгүүдэд дурсгалын чулуу болгон ефодын мөрөвч дээр хадах бөгөөд Аарон тэдний нэрсийг ЭЗЭНий өмнө хоёр мөрөн дээрээ дурсгал болгон тээнэ. 13 Чи алтаар хүрээтэй суурь хий. 14 Мөн шижир алтан хоёр гинж сүлжин хийж, хүрээтэй суурин дээр тогтоо. 15 Чи уран хүний урлал болох шүүхийн цээживчийг хий. Үүнийг чи ефодыг хийсний адил алт, хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар үйлдэгтүн. 16 Тэр нь нэг сөөм урт, нэг сөөм өргөн дөрвөлжин бөгөөд хоёр давхарласан байна. 17 Түүний дээр чи дөрвөн эгнээгээр чулуун шигтгээ хий. Нэг дэх эгнээнд бадмаараг, молор, маргад, 18 хоёр дахь эгнээнд оюу, индранил, очир алмааз, 19 гурав дахь эгнээнд нал эрдэнэ, гартаам, ягаан болор, 20 дөрөв дэх эгнээнд биндэрьяа, оникс, хаш чулуу байна. Эдгээрийг алтан хүрээн дотор суулгах ёстой. 21 Чулуунууд нь Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу буюу тэдний нэрсийн дагуу арван хоёр байх ёстой. Арван хоёр овгийн нэг бүрийг чулуу тус бүр дээр тамга мэт сийлнэ. 22 Чи цээживчин дээр шижир алтаар сүлжмэл олс шиг гинж хий. 23 Цээживчин дээр хоёр алтан цагираг хийж, цээживчний хоёр үзүүрт холбогтун. 24 Хоёр алтан оосрыг цээживчний үзүүрүүдэд байх хоёр цагирагт холбо. 25 Хоёр оосрын нөгөө үзүүрүүдийг хоёр алтан хүрээтэй сууринд холбож, тэдгээрийг ефодын урд талд түүний мөрөвчтэй холбо. 26 Чи хоёр алтан цагираг хийж, тэдгээрийг ефодын дотор тал уруу харсан цээживчний хоёр өнцгийн ирмэгт хад. 27 Хоёр алтан цагираг хийж, ефодын өмнө талд хоёр мөрөвчнийх нь доор, залгаасны ойролцоо ефодын уран нэхсэн бүсний дээд талд хад. 28 Тэд цээживчний цагиргийг ефодын цагирагтай хөх оосроор холбог. Ингэснээр цээживч нь ефодын уран нэхсэн бүсний дээр байж, ефодоос салахгүй юм. 29 Аарон ариун газарт орохдоо Израилийн хөвгүүдийн нэрсийг ЭЗЭНий өмнө мөнхийн дурсгал болгон шүүхийн цээживчинд зүрхэн дээрээ авч явах ёстой. 30 Шүүхийн цээживчин дотор Урим ба Туммимийг хий. Аароныг ЭЗЭНий өмнө ороход тэдгээр нь түүний зүрхэн дээр байх болно. Израилийн хөвгүүдийн шүүлтийг Аарон зүрхэндээ ЭЗЭНий өмнө үргэлж авч явах болно. 31 Чи ефодын нөмрөгийг бүхэлд нь хөх өнгөөр үйлд. 32 Түүний оройн хэсгийн голд амсар гарга. Амсрыг урагдуулахгүйн тулд хөө хуягны амсар шиг тойруулан сүлжиж захла. 33 Түүний хормойг тойруулан хөх, ягаан болон час улаан материалаар анаруудыг хийж, тэдгээрийн хооронд алтан хонхнуудыг тойруулан хий. 34 Нөмрөгийн хормойд, эргэн тойронд нь алтан хонх, анар, алтан хонх, анар байхаар хийгтүн. 35 Аароныг үйлчлэх үед үүнийг өмсгөсөн байх бөгөөд тэр үхэхгүйн тулд ЭЗЭНий өмнө ариун газарт орж гарахад хонхны жингэнэх нь сонсогдоно. 36 Чи бас шижир алтаар пайз хий. Пайзан дээр тамганы сийлбэр шиг "ЭЗЭНд ариун" гэж сийлэгтүн. 37 Түүнийг малгайн дээр урд талд нь байлгахын тулд хөх уяагаар бэхлэгтүн. 38 Тэр нь Аароны духан дээр байна. Израилийн хөвгүүдийн бүх ариун бэлэгтэй холбоотой ариусгагдсан ариун юмсын гэм бурууг Аарон үүрэх болно. Тэд ЭЗЭНий өмнө хүлээн авахуулахын тулд энэ нь үргэлж түүний духан дээр байх ёстой. 39 Чи нарийн маалинга нэхэн өнгө алагласан дотуур дээл болон нарийн маалинган малгай хий. Чи нэхмэлчний бүтээл болох бүсийг хий. 40 Аароны хөвгүүдийн алдар ба үзэсгэлэнд зориулан дотуур дээл, бүс болон малгай хийгтүн. 41 Тэгээд чи өөрийн ах Ааронд болон түүний хөвгүүдэд тэдгээр хувцсыг өмсгөн, тэднийг Надад тахилч нараар үйлчлүүлэхийн тулд тослон, тэдэнд сахил хүртээн ариусгагтун. 42 Нүцгэн биеийг нь халхлах маалинган дотуур өмдийг тэдэнд хий. Тэр дотуур өмд нь ууцнаас гуя хүртэл хүрэх ёстой. 43 Аарон ба түүний хөвгүүд хурлын майханд орохдоо, эсвэл ариун газарт үйлчлэхээр тахилын ширээнд хүрч очихдоо гэм нүгэлд унан үхэхгүйн тулд тэдгээр хувцсыг өмсөх ёстой. Энэ нь түүнд болон түүний хойч үр удамд үүрд мөнхийн тогтоол байх болтугай.

29

1 Надад тахилч болгон үйлчлүүлэхийн тулд тэднийг ариусгахаар чи үүнийг тэдэнд үйлд. Нэг залуу бух, өө сэвгүй хоёр хуц, 2 улаан буудайн дээд гурилаар хийсэн исгээгүй талх, тостой бялуу болон тосонд багсарсан боов авагтун. 3 Эдгээрийг чи нэг сагсанд хийж, бух ба хоёр хуцын хамт авч ирэгтүн. 4 Дараа нь чи Аарон болон түүний хөвгүүдийг хурлын майхны үүдэнд авчирж, усаар угаа. 5 Чи хувцаснуудыг авч, Ааронд дотуур дээл, ефодын нөмрөг, ефод, цээживчийг өмсгөн, ефодын уран нэхсэн бүсээр бүслэгтүн. 6 Түүний толгойд малгай өмсгөж, дээр нь ариун титмийг тавигтун. 7 Дараа нь чи тослох тос авч, толгой дээр нь асган, түүнийг тосол. 8 Чи хөвгүүдийг нь авчран, тэдэнд дотуур дээл өмсгө. 9 Аарон болон түүний хөвгүүдэд чи бүс бүслүүлж, толгойн өмсгөл өмсгөгтүн. Тэд мөнхийн тогтоолоор тахилчийн үйлчлэлтэй байх ёстой. Тийнхүү чи Аарон болон түүний хөвгүүдэд сахил хүртээ. 10 Тэгээд чи хурлын майхны өмнө бухыг авчран, Аарон хийгээд түүний хөвгүүд бухын толгой дээр гараа тавина. 11 Тэгээд хурлын майхны үүдэнд ЭЗЭНий өмнө чи бухыг нядлагтун. 12 Чи бухын цуснаас авч, тахилын ширээний эврүүдэд хуруугаараа түрх. Бүх цусыг тахилын ширээний суурь уруу асгагтун. 13 Бүх дотор өөх, өнчин элэг, хоёр бөөр болон тэдгээрийн дээрх өөхийг авч, тахилын ширээн дээр шатаан уугиулагтун. 14 Харин бухын мах, арьс, сэвсийг хуарангийн гадна талд галд шатаагтун. Энэ бол нүглийн тахил юм. 15 Чи бас нэг хуцыг авч, Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавина. 16 Чи хуцыг төхөөрч, цусыг нь аваад, тахилын ширээн дээр тойруулан цацагтун. 17 Дараа нь чи өнөөх хуцыг эвдэн, түүний гэдэс дотор болон гуяыг нь угааж, мөчнүүдийг толгойтой нь хамт тавигтун. 18 Хуцыг бүхэлд нь тахилын ширээн дээр шатаан уугиулагтун. Энэ бол ЭЗЭНд өргөх шатаалт тахил юм. Энэ бол тайвшруулах тааламжит үнэр буюу ЭЗЭНд галаар өргөх тахил юм. 19 Дараа нь чи хоёр дахь хуцыг авч, Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавина. 20 Чи хуцыг төхөөрч, цуснаас нь авч, Аарон болон түүний хөвгүүдийн баруун чихний омог, баруун гарынх нь эрхий хуруу болон баруун хөлийнх нь эрхий хуруун дээр түрхэж, үлдсэн цусыг тахилын ширээн дээр тойруулан цацагтун. 21 Дараа нь чи тахилын ширээн дээрх цус болон тослох тосноос авч, Аарон ба түүний хувцас, түүний хөвгүүд ба хувцаснууд дээр нь цац. Ингэснээр тэр ба түүний хувцас, түүний хөвгүүд ба хувцаснууд нь ариусгагдана. 22 Чи бас хуцын өөх, сүүл, дотор өөх, өнчин элэг, хоёр бөөр ба тэдгээрийн дээрх өөх, баруун гуяыг авч (Учир нь энэ бол сахил хүртээх ёсны хуц юм), 23 ЭЗЭНий өмнө тавигдсан исгээгүй талхны сагснаас нэг бин, тостой хольсон нэг бин, нэг боовыг авч, 24 эдгээрийг бүгдийг нь Аарон хийгээд түүний хөвгүүдийн гарт тавьж ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон далла. 25 Чи тэдгээрийг тэдний гараас авч, ЭЗЭНий өмнө тайвшруулах тааламжит үнэрт зориулан шатаалт тахилын хамт тахилын ширээн дээр шатаан уугиул. Энэ бол ЭЗЭНд галаар өргөх тахил юм. 26 Дараа нь чи Аароны сахил хүртээх ёслолд авчирсан хуцын өвчүүг авч, түүнийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон далла. Энэ нь чиний хувь байх болно. 27 Ааронд зориулсан болон түүний хөвгүүдэд зориулсан сахил хүртээх ёслолын хуцаас даллах өргөлийн даллагдсан өвчүү ба хандивын өргөгдсөн гуяыг ариусга. 28 Энэ нь Израилийн хөвгүүдээс Аарон болон түүний хөвгүүдэд зориулсан тэдний мөнхийн хувь болно. Учир нь энэ бол хандив юм. Энэ нь Израилийн хөвгүүдээс эвийн тахилын өргөлөөс авах хандив байх бөгөөд ЭЗЭНд өргөх тэдний хандив юм. 29 Аароны ариун хувцаснууд нь түүний хойч хөвгүүдэд шилжих ба тэд эдгээрээр тослогдон, сахил хүртэх болно. 30 Түүний оронд тахилч болж байгаа хөвгүүдийнх нь нэг ариун газарт үйлчлэхээр хурлын майханд орохдоо эдгээр хувцсыг долоо хоногийн турш өмсөх ёстой. 31 Чи сахил хүртээх ёслолын хуцыг авч, махыг нь ариун газарт чанагтун. 32 Аарон болон түүний хөвгүүд хуцын мах, сагсан дахь талхыг хурлын майхны үүдэнд иднэ. 33 Тийнхүү тэдний сахил хүртэх ба ариусах ёслол дээр эвлэрүүллийг хийсэн тэдгээр юмсыг тэд идэх ёстой. Харин тэдгээр нь ариун учраас гадны хүмүүс идэж болохгүй. 34 Хэрэв сахил хүртээх ёслолын махнаас, эсвэл талхнаас өглөө болтол үлдвэл чи үлдэгдлийг нь галд шатаагтун. Тэр нь ариун учраас идэж болохгүй. 35 Тийнхүү Миний чамд тушаасан бүхний дагуу чи Аарон болон түүний хөвгүүдэд үйлд. Чи долоо хоногийн турш тэдэнд сахил хүртээ. 36 Өдөр бүр чи эвлэрүүлэлд зориулан нүглийн төлөөх тахил болгон нэг бух өргө. Түүний төлөө эвлэрүүллийг хийх үед тахилын ширээг цэвэршүүл. Чи түүнийг ариусгахаар тослогтун. 37 Долоон хоногийн турш чи тахилын ширээнд зориулан эвлэрүүллийг хийж, түүнийг ариусга. Тэгээд тахилын ширээ нь хамгийн ариун болох бөгөөд тахилын ширээнд хүрсэн аливаа юмс ариун болно. 38 Тахилын ширээн дээр үргэлжлүүлэн өдөр бүр өргөх зүйл бол хоёр хурга болно. 39 Нэг хургыг чи өглөө өргөж, нөгөө хургыг үдшийн бүрийгээр өргөгтүн. 40 Тэнд нэг хурганы хамт шахсан тосны хинийн дөрөвний нэгтэй хольсон ефагийн аравны нэгэн сайн гурил болон ундаан өргөлд зориулан хинийн дөрөвний нэгэн дарс байх ёстой. 41 Нөгөө хургыг чи үдшийн бүрийгээр өргөх бөгөөд түүнтэй хамт өглөөнийх шиг идээн өргөл, ундаан өргөлийг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр ба галаар өргөх тахил болгон өргөгтүн. 42 Энэ нь ЭЗЭНий өмнө хурлын майхны үүдэнд үеийн үед үргэлжлэх шатаалт тахил байх болно. Тэнд Би чамтай уулзаж ярилцах юм. 43 Би тэнд Израилийн хөвгүүдтэй уулзах бөгөөд энэ газар Миний цог жавхлангаар ариусгагдана. 44 Би хурлын майхан хийгээд тахилын ширээг ариусгана. Надад тахилч нар болж үйлчлэх Аарон хийгээд түүний хөвгүүдийг Би ариусгана. 45 Би Израилийн хөвгүүдийн дунд оршиж, тэдний Бурхан болно. 46 Би бол тэдний дунд оршихын тулд Египетийн газраас тэднийг авчирсан, тэдний Бурхан ЭЗЭН мөн гэдгийг тэд мэдэх болно. Би бол тэдний Бурхан ЭЗЭН юм.

30

1 Цаашилбал, чи хуайс модоор утлага уугиулах газар болгон тахилын ширээг хийгтүн. 2 Түүний урт нь нэг тохой, өргөн нь нэг тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь хоёр тохой ба эврүүд нь түүнтэй нэгдмэл байна. 3 Уг тахилын ширээг буюу түүний оройг нь, бүх хажуу талуудыг нь тойруулан, эврүүдийг нь шижир алтаар бүрэгтүн. Чи бүхэлд нь тойруулан алтан эмжээр хий. 4 Түүний эмжээрийн доор, хоёр алтан цагираг үйлд. Ингэхдээ хоёр эсрэг талын хананд нь хийж, тахилын ширээг зөөх дамнуургыг тэдгээрт шургуул. 5 Хуайс модоор дамнуургуудыг нь хийж, алтаар бүрэгтүн. 6 Энэ тахилын ширээг гэрчлэлийн авдрын ойролцоох хөшигний өмнө буюу Миний чамтай уулзах газар болох гэрчлэлийн авдрын дээрх өршөөлийн суудлын өмнө талд тавь. 7 Аарон түүн дээр анхилуун утлагыг уугиулна. Өглөө бүр дэнлүүнүүдийг асаахдаа тэр түүнийг уугиулах ёстой. 8 Аарон үдшийн бүрийгээр дэнлүүнүүдийг асаахдаа утлагыг уугиулна. Үеийн үед ЭЗЭНий өмнө мөнхийн утлага байх ёстой. 9 Чи энэхүү тахилын ширээн дээр ёс бус утлага, шатаалт тахил, эсвэл идээн өргөлүүдийг бүү өргө. Түүн дээр ундаан өргөлийг бүү асга. 10 Аарон нь түүний эврүүд дээр жилд нэг удаа эвлэрүүллийг хийнэ. Түүн дээр тэр эвлэрүүллийн нүглийн төлөөх тахилын цусаар жилд нэг удаа эвлэрүүллийг үеийн үед хийх ёстой. Энэ нь ЭЗЭНд хамгийн ариун байх болно. 11 Бас ЭЗЭН Мосед хандан, айлдсан нь — 12 Чи Израилийн хөвгүүдийг тоолохоор тооллого хийх үед хүн бүр өөрийнхөө төлөө золиосыг ЭЗЭНд өгөх ёстой. Энэ нь тэднийг чи тоолох үед тэдний дунд ямар ч гамшиг байлгахгүйн тулд юм. 13 Тоологдсон хүн бүр ариун газрын шекелийн дагуу хагас шекелийг (шекел нь хорин гератай тэнцүү) өгөх ёстой. Хагас шекел нь ЭЗЭНд хандив болох юм. 14 Хорь болон түүнээс дээш насны тоологдсон хүн бүр ЭЗЭНд хандивыг өгнө. 15 Та нар өөрсдийнхөө төлөө эвлэрүүллийг хийхээр ЭЗЭНд хандив өгч байхдаа баян хүн хагас шекелээс ихийг, ядуу нь багыг өгөх ёсгүй. 16 Чи Израилийн хөвгүүдээс эвлэрүүллийн мөнгийг авч, хурлын майхны үйлчлэлд өг. Ингэснээр өөрсдийнхөө төлөө эвлэрүүллийг хийх нь ЭЗЭНий өмнө Израилийн хөвгүүдэд дурсгал болох юм гэв. 17 ЭЗЭН Мосед айлдахдаа — 18 Чи бас угаалга хийхэд зориулан хүрлээр угаалгын сав болон суурийг нь хийж, түүнийг хурлын майхан ба тахилын ширээний хооронд тавьж, дотор нь ус хий. 19 Аарон болон түүний хөвгүүд гар, хөлөө тэр савнаас угааг. 20 Тэд хурлын майханд нэвтрэхдээ, эсвэл ЭЗЭНд өргөх тахилыг шатаан уугиулах үйлчлэлийг хийхээр тахилын ширээнд ойртохдоо үхэхгүйн тулд усаар угаах ёстой. 21 Тиймээс тэд үхэхгүйн тулд гар хөлөө угаах ёстой. Энэ нь Аарон хийгээд түүний үр удамд үеийн үед мөнхийн зарлиг байх болно гэв. 22 ЭЗЭН цааш нь Мосед айлдан — 23 Чи бас өөртөө дараах хамгийн сайн амтлагчийг авагтун. Үүнд: шингэн миррээс таван зуун шекел, анхилуун шанц хоёр дахин багыг буюу хоёр зуун тавин шекел, анхилуун нишингээс хоёр зуун тавин шекел, 24 ариун газрын шекелийн дагуу кассигаас таван зууг, чидун тосноос нэг хин. 25 Эдгээрээр чи сүрчиг найруулагчдын бүтээгдэхүүн болох сүрчигний хольц буюу ариун тослох тосыг хийгтүн. Энэ нь ариун тослох тос болно. 26 Үүгээр чи хурлын майхан хийгээд гэрчлэлийн авдрыг тосол. 27 Мөн ширээ ба түүний бүх хэрэгслүүд, дэнлүүний суурь ба түүний хэрэгслүүд, утлагын тахилын ширээ, 28 шатаалт тахилын ширээ ба түүний бүх хэрэгслүүд, угаалгын сав ба түүний суурийг тослогтун. 29 Бас эдгээрийг хамгийн ариун болгохын тулд чи тэднийг ариусга. Тэдэнд хүрсэн юм бүхэн ариун болно. 30 Аарон хийгээд түүний хөвгүүд Надад тахилчаар үйлчлэх учраас чи тэднийг тослон, ариусгагтун. 31 Чи Израилийн хөвгүүдэд хандан ийн хэл. "Энэ нь үеийн үед Миний төлөөх ариун тосолгооны тос болно. 32 Үүнийг хүний бие дээр бүү асга, мөн үүнтэй ижил найрлагатай зүйлийг бүү хий. Энэ бол ариун бөгөөд та нарт ч ариун байх ёстой. 33 Үүний адилаар найруулж, эсвэл эгэл жирийн хүнд үүнээс түрхсэн хэн боловч өөрийн ард түмнээс таслагдах болно" гэлээ. 34 Дараа нь ЭЗЭН Мосед —Өөртөө зориулан амтлагч, стакте, ониха, халвана болон цэвэр гүглээс ижил хэмжээгээр авагтун. 35 Үүгээр чи сүрчиг найруулагчдын бүтээл болох сүрчиг буюу давстай, цэвэр, ариун утлагыг үйлдэгтүн. 36 Тэдгээрийн заримыг чи маш сайн бутлан нүдэж, Миний чамтай уулзах газар болох хурлын майхны доторх гэрчлэлийн өмнө түүнээс нэг хэсгийг тавигтун. Энэ нь чамд хамгийн ариун байх ёстой. 37 Ийм найрлагаар хийсэн утлагыг өөртөө зориулж бүү үйлдэгтүн. Энэ нь ЭЗЭНий төлөө чамд ариун байх ёстой. 38 Үүнтэй адилыг сүрчиг болгон хэрэглэхээр хийсэн хэн боловч өөрийн ард түмнээс таслагдана гэж айлдав.

31

1 ЭЗЭН Мосед айлдан — 2 Харагтун, Би Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалелыг нэрээр нь дуудсан билээ. 3 Би түүнийг мэргэн ухаан, ойлголт, мэдлэг, бүх талын ур чадварт Бурханы Сүнсээр дүүргэсэн нь 4 алт, мөнгө, хүрлээр уран хийцтэй зүйлсийг хийлгэж, 5 суулгах чулуунуудыг засуулж, мод сийлүүлэхийн тулд ба түүнийг бүх талын ур чадвараар ажиллуулахын тулд билээ. 6 Харагтун, Би Өөрөө Дан овгийн Ахисамахын хүү Охолиабыг түүний хамт томилсон юм. Миний чамд тушаасан бүхнийг хийлгэхээр Би ур чадвартай бүх хүмүүсийн зүрхэнд ур чадварыг өгсөн. 7 Хурлын майхан, гэрчлэлийн авдар ба түүн дээрх өршөөлийн суудал, майхны бүх тавилга, 8 бас ширээ, түүний хэрэгслүүд, шижир алтан дэнлүүний суурийг түүний бүх хэрэгсэлтэй нь хамт, утлагын тахилын ширээ, 9 бас шатаалт тахилын ширээ, түүний бүх хэрэгслүүд, угаалгын сав ба түүний суурь, 10 нэхмэл хувцас болох тахилч Аароны ариун хувцас ба түүний хөвгүүдийн тахилчийн үүрэг гүйцэтгэхдээ өмсөх хувцаснуудыг, 11 бас тослох тос, ариун газарт зориулсан анхилуун утлагыг Миний чамд тушаасан бүхний дагуу тэд үйлдэг гэв. 12 ЭЗЭН Мосед айлдан — 13 Чи Израилийн хөвгүүдэд хэл. "Та нар Миний амралтын өдрүүдийг заавал сахигтун. Энэ бол үеийн үед Би болон та нарын хоорондох тэмдэг мөн бөгөөд Би бол та нарыг ариусгагч ЭЗЭН гэдгийг та нарт мэдүүлэх болно. 14 Иймээс та нар амралтын өдрийг сахигтун. Юу гэвэл энэ нь та нарт ариун юм. Үүнийг бузарласан хүн бүр үхэх ёстой. Энэ өдөрт ямар нэг ажил хийдэг хэн боловч өөрийн ард түмний дундаас таслагдана. 15 Зургаан өдрийн туршид ажил хийж болно. Харин долоо дахь өдөр нь ЭЗЭНд ариун болоод бүтэн амрах амралтын өдөр билээ. Амралтын өдөр ямар нэг ажил хийдэг хэн боловч заавал үхэх ёстой. 16 Тиймээс Израилийн хөвгүүд амралтын өдрийг үеийн үед мөнхийн гэрээ болгон тэмдэглэхийн тулд амралтын өдрийг сахигтун". 17 Энэ бол Би болон Израилийн хөвгүүдийн хоорондох мөнхөд байх тэмдэг юм. Юу гэвэл зургаан өдрийн дотор ЭЗЭН тэнгэр газрыг бүтээж, харин долоо дахь өдөрт ажлаа зогсоон, сэргэсэн билээ гэв. 18 Тэр Мосетэй Синаи уулан дээр ярилцаж дуусаад, түүнд гэрчлэлийн хоёр хавтан болох Бурханы хуруугаар бичигдсэн чулуун хавтангуудыг өгөв.

32

1 Мосег уулаас бууж ирэлгүй саатсныг ард түмэн харахдаа, Аароныг тойрон цугларч, түүнд —Бос. Бидний өмнө явах бурхныг бидэнд бүтээж өг. Учир нь биднийг Египетийн нутгаас гаргасан хүн болох энэ Мосед юу тохиолдсоныг бид мэдэхгүй байна гэж хэлэв. 2 Аарон тэдэнд —Эхнэр, хөвгүүд, охидынхоо чихэнд байгаа алтан ээмгүүдийг тайлж, надад авчир гэв. 3 Бүх ард түмэн чихнээсээ алтан ээмгүүдээ тайлж, Ааронд авчрав. 4 Аарон тэдний гараас тэдгээрийг нь авч, сийлбэрийн багажаар урлан цутгамал тугалын дүр бүтээв. Тэд —Израильчууд аа, энэ бол та нарыг Египетийн нутгаас гаргасан та нарын бурхан юм гэцгээв. 5 Аарон үүнийг үзээд, тугалын өмнө тахилын ширээ босгож, —Маргааш ЭЗЭНд зориулсан баяр наадам болно гэв. 6 Тиймээс дараа өдөр нь тэд эртлэн босож, шатаалт тахилууд өргөж, эвийн тахилуудыг авчрав. Ард түмэн идэж уухаар сууцгааж, тоглож наадахаар босоцгоов. 7 ЭЗЭН Мосед —Доошоо буу. Учир нь Египет газраас чиний гаргасан ард түмэн чинь өөрсдийгөө завхруулжээ. 8 Миний тэдэнд тушаасан замаас тэд хурдан эргэжээ. Тэд өөрсөддөө цутгамал тугал бүтээж, түүнд мөргөж, түүнд тахил өргөөд, "Израильчууд аа, энэ бол та нарыг Египетийн нутгаас гаргасан та нарын бурхан юм" гэцгээж байна гэв. 9 ЭЗЭН Мосед —Би энэ ард түмнийг харлаа. Үзэгтүн, тэд зөрүүд ард түмэн байна. 10 Одоо Миний уур хилэн тэдний эсрэг шатаж, Би тэднийг устгах учраас Намайг орхи. Би чамайг агуу үндэстэн болгоно гэж айлдав. 11 Тэгэхэд Мосе өөрийн Бурхан ЭЗЭНээс гуйж —ЭЗЭН, агуу хүч, хүчирхэг мутраар Египетийн нутгаас гаргасан Өөрийнхөө ард түмний эсрэг Таны уур хилэн яагаад шатна вэ? 12 "Тэднийг ууланд алж, газрын хөрснөөс устгахын тулд Тэр тэднийг хорон муу санаагаар гаргасан юм" гэж египетчүүд яагаад ярих ёстой билээ? Шатаж буй хилэнгээсээ эргэж, Өөрийн ард түмэнд хөнөөлт үйл учруулах санаагаа өөрчлөөч. 13 Өөрийн зарц Абрахам, Исаак, Израилийг санаач. Та тэдэнд Өөрөөрөө тангараглан "Би чиний үр удмыг тэнгэрийн од шиг олон болгож, амласан бүх газраа чиний үр удамд өгч, тэд үүнийг үүрд өвлөх болно" гэж айлдсан шүү дээ гэв. 14 Тиймээс ЭЗЭН Өөрийн ард түмэн дээр буулгана гэж айлдсан хөнөөлт санаагаа өөрчлөв. 15 Тэгээд Мосе буцаж уулаас буув. Гэрчлэлийн хоёр хавтан түүний гарт байсан бөгөөд тэдгээр нь хоёулаа ар өвөргүй бичигдсэн байв. 16 Уг хавтангууд нь Бурханы бүтээл бөгөөд бичээс нь хавтангууд дээр сийлсэн Бурханы бичээс байжээ. 17 Иошуа ард түмний хашхиралдах шуугианыг сонсоод, Мосед —Хуаранд тулалдах чимээ гарч байна гэсэнд 18 Мосе —Энэ бол ялалтын уухайлах дуу биш, ялагдлын хашхирах дуу ч бишээ. Харин дуулалдаж буй чимээг би сонсож байна гэв. 19 Мосе хуаранд ойртмогц тугал ба бүжиглэж байгаа хүмүүсийг харав. Мосегийн уур дүрэлзэн, гараасаа хавтангуудыг хаяж, уулын бэлд тэдгээрийг бутлав. 20 Тэр тэдний хийсэн тугалыг авч, галд шатааж, нунтаглаж бутлаад, усны мандал уруу цацан тарааж, тэр усыг Израилийн хөвгүүдэд уулгав. 21 Мосе Ааронд —Энэ ард түмэн чамайг яаснаас болж чи энэ ард түмний дээр ийм агуу нүгэл авчрав? гэхэд 22 Аарон —Миний эзэний уур хилэн бүү дүрэлзэг. Энэ ард түмэн бузар мууд өртөмтгий гэдгийг та мэднэ. 23 Тэд надад "Бидэнд зориулж бидний өмнө явах бурхныг бүтээ. Учир нь биднийг Египетийн нутгаас гаргасан хүн болох Мосед юу тохиолдсоныг бид мэдэхгүй байна" гэж хэлсэн. 24 Би тэдэнд "Алттай хүмүүс нь түүнийгээ тайлж өг" гэж хэлсэн. Тиймээс тэд алтнуудаа надад өгсөнд, би тэдгээрийг нь галд хаясан бөгөөд энэ тугал гарч ирсэн юм гэж хариулав. 25 Ард түмэн эмх замбараагүй болсныг Мосе харав. Учир нь Аарон тэднийг замбараагүй болгож, дайснуудынх нь дунд ичгүүртэй болгожээ. 26 Мосе хуарангийн хаалган дээр зогсож —ЭЗЭНий төлөө байгч хэн боловч над уруу ир! гэж хэлсэнд, Левийн бүх хөвгүүд цугларч, түүн дээр ирэв. 27 Мосе тэдэнд —Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Та нараас хүн бүхэн илдээ ташаандаа зүүж, хуарангийн нэг хаалганаас нөгөө хаалганы хооронд нааш цааш явж, хүн бүр ах дүүгээ, найз нөхрөө, хөршөө ал!" гэж хэлэв. 28 Левийн хөвгүүд Мосегийн зааварласнаар үйлдсэнд, тэр өдөр ард түмнээс гурван мянга орчим хүн алагджээ. 29 Тэгээд Мосе —Тэр өнөөдөр та нарт ерөөлийг соёрхохын тулд өнөөдөр өөрсдийгөө ЭЗЭНд зориул. Учир нь хүн бүр өөрийн хүү ба ах дүүгийнхээ эсрэг байсан гэв. 30 Дараагийн өдөр Мосе ард түмэнд —Та нар өөрсдөө аймшигт нүгэл үйлдсэн. Одоо би ЭЗЭН өөд очъё. Би та нарын нүглийн төлөөх эвлэрүүллийг хийж чадаж магадгүй гэж хэлэв. 31 Тэгээд Мосе ЭЗЭНд буцаж очин —Аяа, энэ ард түмэн аймшигт нүгэл үйлджээ. Тэд өөрсөддөө алтан бурхан бүтээжээ. 32 Хэрвээ одоо Та хүсвэл тэдний нүглийг уучлаач. Хэрвээ үгүй бол Та Өөрийнхөө бичсэн номоос намайг арилгаач! гэж гуйв. 33 ЭЗЭН Мосед —Миний эсрэг нүгэл үйлдсэн хэнийг боловч Би Өөрийнхөө номоос арилгана. 34 Харин одоо явж, Миний чамд айлдсан газар уруу ард түмнийг удирд. Үзэгтүн, Миний тэнгэр элч чиний өмнө явна. Гэвч Би Өөрийн шийтгэх өдөрт тэднийг нүглийнх нь төлөө шийтгэнэ гэв. 35 Тэгээд Аароны бүтээсэн тугалд тэдний үйлдсэн үйлээс болж ЭЗЭН ард түмнийг цохив.

33

1 ЭЗЭН Мосед —Чи болон Египетийн газраас чиний гаргасан ард түмэн эндээс хөдлөн явж, Абрахам, Исаак, Иаковд "Чиний үр удамд Би үүнийг өгнө" гэж Миний тангарагласан нутаг уруу оч. 2 Би чиний өмнө тэнгэр элчийг явуулж, канаанчууд, аморичууд, хитчүүд, перизчүүд, хивичүүд, иебусчуудыг хөөнө. 3 Сүү, балаар бялхсан нутаг уруу яв. Та нар зөрүүд ард түмэн учраас Би та нарын дунд явахгүй. Эс бөгөөс Би та нарыг замд хөнөөнө гэв. 4 Ард түмэн энэ гунигт үгийг сонсоод, гашуудан, хэн нь ч гоёл чимэглэлээ зүүсэнгүй. 5 Учир нь ЭЗЭН Мосед "Израилийн хөвгүүдэд «Та нар зөрүүд ард түмэн. Би та нарын дунд ганц хормын төдийд явбал, та нарыг сөнөөж магадгүй. Одоо тэгэхлээр та нар гоёл чимэглэлээ тайл. Би та нарыг яахыгаа шийднэ» гэж хэл" хэмээн айлдсан юм. 6 Иймээс Израилийн хөвгүүд Хореб уулаас цааш явахдаа гоёл чимэглэлээ тайлав. 7 Мосе майхан авч, хуарангийн гадна хуарангаас нэлээд зайдуу барьж, түүнийгээ хурлын майхан гэж нэрлэв. ЭЗЭНийг хайсан хүн бүр хуарангийн гадна байгаа хурлын майханд очдог болов. 8 Мосег майхан уруу явах бүрд, бүх ард түмэн босон хүн бүр өөрийн майхны аманд зогсож, Мосег майханд ортол түүний араас ширтэн хардаг байв. 9 Мосег майханд орох бүрд үүлэн багана буун ирж, майхны аманд тогтдог байлаа. ЭЗЭН Мосетэй ярьдаг байв. 10 Бүх ард түмэн майхны аманд тогтон буй үүлэн баганыг харахдаа, хүн бүр өөрийн майхны аманд босож, мөргөдөг байв. 11 Ийнхүү хүн анд нөхөртэйгөө ярьж байгаа мэт, ЭЗЭН Мосетэй нүүр нүүрээрээ тулан ярьдаг байлаа. Мосе хуаран уруу буцах хүртэл түүний зарц залуу, Нуны хүү Иошуа майхнаас холддоггүй байв. 12 Дараа нь Мосе ЭЗЭНд —Хараач, Та надад "Энэ ард түмнийг авчир" гэж айлддаг атлаа надтай хамт хэнийг явуулахаа Та Өөрөө надад мэдүүлээгүй. Түүнээс гадна Та "Би чамайг нэрээр чинь мэднэ. Мөн чи Миний мэлмийд тааллыг олсон" гэж айлдсан. 13 Одоо тэгэхлээр би Танд залбиръя. Хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон юм бол Өөрийнхөө замуудыг надад мэдүүлээч, би Таныг мэдье. Ингэснээр би Таны мэлмийд тааллыг олох юм. Энэ үндэстэн Таны ард түмэн гэдгийг ч харгалзан үзээч гэв. 14 Тэр —Миний оршихуй чамтай хамт явж, Би чамд амралтыг өгнө гэв. 15 Дараа нь Мосе Түүнд —Хэрэв Таны оршихуй бидэнтэй хамт явахгүй бол биднийг эндээс бүү явуулаач. 16 Тэгэхгүй бол, би болон Таны ард түмэн Таны мэлмийд тааллыг олсон нь юугаар мэдэгдэх вэ? Та бидэнтэй хамт явж би болон Таны ард түмэн бид газрын хөрсөн дээр буй бүх ард түмнээс ялгагдсанаар мэдэгдэх биш үү? гэв. 17 ЭЗЭН Мосед —Чиний хэлсэн энэ зүйлийг Би бас хийнэ. Учир нь чи Миний мэлмийд тааллыг олсон, Би чамайг нэрээр чинь мэддэг гэж айлдав. 18 Тэгэхэд Мосе —Өөрийнхөө цог жавхланг надад үзүүлээч гэж би Танд залбиръя гэжээ. 19 Тэр —Би Өөрөө Өөрийнхөө бүх сайн сайхныг чиний өмнүүр өнгөрүүлж, ЭЗЭНий нэрийг чиний өмнө тунхаглана. Би нигүүлсэх хүнээ нигүүлсэж, өрөвдөх хүнээ өрөвдөх болно гэв. 20 Гэвч Тэр —Чи Миний царайг харж чадахгүй. Учир нь Намайг хараад, амьд байж чадах хүн байхгүй гэж айлдав. 21 ЭЗЭН —Харагтун, Миний дэргэд нэгэн газар байна. Чи тэнд хадан дээр зогс. 22 Миний цог жавхлан өнгөрөх үед Би чамайг хадны хөндийд оруулж, Өөрийгөө өнгөрөх хүртлээ чамайг мутраараа халхална. 23 Дараа нь Би мутраа авч, чи Миний ард талыг харна. Харин Миний нүүр харагдахгүй гэв.

34

1 ЭЗЭН Мосед айлдан —Урьдын адил хоёр чулуун хавтанг өөртөө зориулан бэлтгэ. Чиний буталсан түрүүчийн хавтангууд дээр байсан үгсийг Би эдгээр хавтангууд дээр бичнэ. 2 Тиймээс өглөө гэхэд бэлэн болгоод, өглөө Синаи ууланд гарч ирж, уулын оройд Миний өмнө ир. 3 Чамтай хамт хэн ч гарч ирж болохгүй, ууланд нэг ч хүн үзэгдэж болохгүй. Мал сүрэг ч уулын өмнө бэлчиж болохгүй гэв. 4 Тиймээс Мосе урьдын адил хоёр чулуун хавтанг бэлтгэж, өглөө эрт босоод, ЭЗЭНий тушаасан ёсоор Синаи ууланд гарав. Тэр гартаа хоёр чулуун хавтанг барьжээ. 5 ЭЗЭН үүлэн дотор буун ирж, Мосег ЭЗЭНий нэрийг дуудсанаар тэнд түүнтэй хамт зогсов. 6 Дараа нь ЭЗЭН түүний урдуур өнгөрч —ЭЗЭН, ЭЗЭН Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам билээ. 7 Тэр энэрэл хайрыг мянган үеийн турш хадгалж, гэмт хэрэг, гэм буруу, нүглийг уучилдаг. Гэсэн ч Тэр гэмтнийг шийтгэлгүй орхихгүй. Эцгүүдийн гэм бурууг гурав, дөрөв дэх үеийг хүртэл үр хүүхэд, ач нарт нь буулгадаг гэж тунхаглав. 8 Мосе газарт доош бөхийн мөргөхөөр яаравчлав. 9 Тэр —Эзэн минь, хэрвээ одоо би Таны мэлмийд тааллыг олсон бол би залбирч байна. Хэдийгээр ард түмэн тийм зөрүүд боловч Эзэнийг бидний дунд хамт явуулж, бидний гэм буруу болон нүглийг уучилж, Өөрийн эзэмшил болгон биднийг аваач гэж хэлэв. 10 Тэгэхэд Бурхан —Харагтун, Би гэрээ байгуулах гэж байна. Бүх дэлхийд ямар ч үндэстний дунд бүтээгдээгүй гайхамшгуудыг Би чиний бүх ард түмний өмнө үйлдэнэ. Чиний дунд нь амьдарч байгаа ард түмэн бүгдээрээ ЭЗЭНий үйлсийг харах болно. Учир нь Миний чамд хийх гэж байгаа үйлс нь аймшигтай юм. 11 Энэ өдөр Миний чамд юу тушааж байгааг сахихыг анхаар. Би чиний урдаас аморичууд, канаанчууд, хитчүүд, перизчүүд, хивичүүд, иебусчуудыг хөөж гаргана. 12 Чи очиж буй газрынхаа оршин суугчидтай ямар ч гэрээ байгуулж болохгүй гэдгийг анхаар. Эс тэгвэл энэ нь та нарын дундах урхи болно. 13 Харин чи тэдний тахилын ширээнүүдийг нурааж, тэдний чулуун багануудыг бяцлаж, тэдний Ашерын модон шонгуудыг нь цавч. 14 (Чи өөр ямар ч бурханд мөргөж болохгүй. Учир нь Хардагч нэртэй ЭЗЭН бол хартай Бурхан билээ). 15 Чи тэр газрын оршин суугчидтай гэрээ байгуулж, тэд өөрсдийн бурхадтай завхайрч, өөрсдийн бурхдад тахил өргөөд, тэр тахилаасаа ид хэмээн хэн нэгэн нь чамайг урих вий. 16 Чи тэдний охидоос хөвгүүддээ авч, тэдний охид нь бурхадтайгаа завхайрч, бас чиний хөвгүүдийг бурхадтайгаа завхайруулах вий. 17 Чи өөртөө ямар ч цутгамал бурхдыг бүү хий. 18 Чи Исгээгүй Талхны Баярыг сахь. Миний чамд тушаасан ёсоор, Абиб сарын товлосон үед чи долоон өдрийн турш исгээгүй талх ид. Учир нь Абиб сард чи Египетээс гарсан. 19 Хэвлий бүрийн ууган үр ба үхэр, хонины анхны төл болох бүх эр мал Минийх. 20 Илжигний анхны төлийг хургаар золигтун. Хэрвээ золихгүй гэвэл түүний хүзүүг нь хугал. Чи хөвгүүдийнхээ ууган үр бүгдийг золь. Миний өмнө хэн ч гар хоосон үзэгдэж болохгүй. 21 Чи зургаан өдөр ажиллаж, харин долоо дахь өдөрт амар. Газар хагалах, ургац хураах үед ч амар. 22 Долоо Хоногуудын Баяр буюу улаан буудайн ургацын анхны үрийн баярыг тэмдэглэ. Жилийн эцэст Ургац Хураалтын Баярыг тэмдэглэ. 23 Жилд гурван удаа танай бүх эрчүүд Израилийн Бурхан, Эзэн БУРХАНы өмнө үзэгдэх ёстой. 24 Учир нь Би үндэстнүүдийг чиний урдаас хөөж, хил хязгаарыг чинь өргөн уудам болгоно. Жилд гурван удаа чи өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө үзэгдэхээр ирэх тэр үед ямар ч хүн чиний газарт шунахайрахгүй. 25 Чи Миний тахилын цусыг исгэсэн талхтай хамт бүү өргө. Дээгүүр Өнгөрөх Баярын тахилыг ч өглөө болтол бүү үлдээ. 26 Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг өөрийн Бурхан ЭЗЭНий гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана гэв. 27 Дараа нь ЭЗЭН Мосед —Эдгээр үгсийг бичиж ав. Учир нь эдгээр үгсийн дагуу Би чамтай болон Израильтай гэрээ байгуулсан билээ гэв. 28 Мосе тэнд ЭЗЭНтэй хамт дөчин өдөр, дөчин шөнө байлаа. Тэр талх ч идсэнгүй, ус ч уусангүй. Арван Хууль буюу гэрээний үгсийг хавтангууд дээр тэр бичив. 29 (Мосег уулаас бууж ирж байхад гэрчлэлийн хоёр хавтан түүний гарт байв.) Түүнтэй ярьснаас болж нүүрнийх нь арьс гэрэлтсэнийг Мосе Синаи уулаас бууж ирж байхдаа мэдсэнгүй. 30 Тиймээс Аарон ба Израилийн бүх хөвгүүд Мосег харан, түүний нүүрний арьс гэрэлтсэнийг үзээд, түүнд ойртохоос айв. 31 Мосе тэднийг дуудсанд, Аарон болон цуглаан дахь бүх захирагчид түүн уруу ирж, Мосе тэдэнтэй ярилцав. 32 Үүний дараа Израилийн бүх хөвгүүд ойртон ирэв. Синаи уулан дээр ЭЗЭНий өөрт нь айлдсан болгоныг үйлдэхийг Мосе тэдэнд тушаав. 33 Мосе тэдэнтэй ярьж дуусаад, нүүрэн дээрээ бүтээлэг тавив. 34 Харин Мосе ЭЗЭНтэй ярихаар Түүний өмнө очих бүрд, гарах хүртлээ бүтээлгээ авдаг байсан. Тэр гарч ирээд, юу тушаасныг Израилийн хөвгүүдэд дамжуулах болгонд 35 Мосегийн нүүрийг буюу түүний нүүрний арьс гэрэлтсэнийг Израилийн хөвгүүд хардаг байв. Тиймээс ЭЗЭНтэй ярилцахаар орох хүртлээ Мосе нүүрээ дахин бүтээдэг байв.

35

1 Тэгээд Мосе Израилийн хөвгүүдийн бүх цуглааныг хуралдуулан, тэдэнд —ЭЗЭН та нарт эдгээр зүйлсийг хий гэж тушаасан. 2 Зургаан өдөр ажлаа хийгээд, харин долоо дахь өдрийг ЭЗЭНд бүрэн амрах амралтын өдөр буюу ариун өдөр болго. Энэ өдөр аливаа ажил хийдэг хэн боловч үхэх ёстой. 3 Амралтын өдөр та нар өөрсдийн ямар ч гэр оронд гал асааж болохгүй гэв. 4 Мосе Израилийн хөвгүүдийн бүх цуглаанд хандаж —ЭЗЭН энэ зүйлийг тушаасан. 5 "Өөрсдийнхөө дундаас ЭЗЭНд хандив ав. Зүрхнээсээ өгөхийг хүссэн хүн түүнийгээ ЭЗЭНий хандив болгон авчраг. Тэдгээр нь: алт, мөнгө, хүрэл, 6 хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас, 7 улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс, хуайс мод, 8 гэрэлтүүлгийн тос, тослох тос ба анхилуун утлагад зориулсан амтлагч, 9 оникс чулуунууд, ефод болон цээживчинд суулгах чулуунууд болой. 10 Та нарын дундаас ур дүйтэй хүн болгон ирж, ЭЗЭНий тушаасан бүхнийг хийтүгэй. 11 Үүнд: асар болон түүний майхан, түүний бүтээлэг, гогцоонууд, дүнзнүүд, хөндлөвч модод, баганууд ба углууруудыг нь, 12 авдар болон түүний дамнуургууд, өршөөлийн суудал, дэлгэцийн бүрээсийг, 13 ширээ болон түүний дамнуургууд, түүний бүх хэрэгслүүд болон Оршихуйн талхыг, 14 мөн гэрэлтүүлгэнд зориулсан дэнлүүний суурь болон түүний хэрэгслүүд, дэнлүүнүүд, дэнлүүний тосыг, 15 утлагын тахилын ширээ болон түүний дамнуургууд, тослох тос болон анхилуун утлага, асрын орох үүдний дэлгэцийг, 16 шатаалт тахилын ширээг хүрэл тортой нь хамт, түүний дамнуургууд, түүний бүх хэрэгслүүд, угаагуур ба түүний суурийг, 17 хашааны өлгүүр, түүний баганууд болон углуурууд, мөн хашааны хаалганы дэлгэцийг, 18 асрын гадаснууд ба хашааны гадаснууд болон тэдгээрийн оосруудыг, 19 ариун газарт үйлчлэхэд зориулж сүлжмэл хувцас, тахилч Ааронд болон тахилч нар болж үйлчлэхэд нь зориулж түүний хөвгүүдэд нь ариун хувцаснуудыг хийтүгэй" гэв. 20 Тэгээд Израилийн хөвгүүдийн бүх цуглаан Мосегийн өмнөөс холдоцгоов. 21 Зүрх нь хөдөлсөн хүн бүр, сүнсэндээ хөтлөгдсөн хүн бүр ирж, хурлын майхны ажилд болон бүх үйлчлэлд нь, мөн ариун хувцаснуудад зориулж ЭЗЭНд хандивыг авчрав. 22 Зүрх сэтгэлээсээ өгөхийг хүссэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс ирж, зүүлт, ээмэг, бөгж, бугуйвч зэрэг бүх алтан эдлэлүүдээ авчрав. ЭЗЭНд алтаар өргөл өргөсөн хүн бүр ийнхүү үйлдэв. 23 Хөх, ягаан, час улаан өнгийн даавуутай болон нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас, улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс эзэмшдэг хүн болгон тэднийгээ авчрав. 24 Мөнгө, хүрлээр хандив өргөж чадах хүн болгон ЭЗЭНд хандивыг авчрав. Үйлчлэлийн ямар нэгэн ажилд зориулах хуайс модтой байсан хүн бүр түүнийгээ авчрав. 25 Үйлэнд уран бүх эмэгтэйчүүд гараараа ээрч, ээрсэн болгоноо авчирсан нь хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалинга байлаа. 26 Зүрх нь хөдөлсөн бүх эмэгтэйчүүд ямааны хялгасыг урнаар ээрэв. 27 Захирагчид ефод болон цээживчинд суулгах чулуунууд болон оникс чулуунуудыг, 28 гэрэлтүүлгэнд болон тослох тосонд мөн анхилуун утлагад зориулан амтлагч болон тосыг авчрав. 29 ЭЗЭНий хийгтүн гэж Мосегээр дамжуулан тушаасан бүх ажлуудад зориулах даавууг авчрахаар зүрхэндээ хөтлөгдсөн израильчууд, эрэгтэй ба эмэгтэй бүх хүмүүс ЭЗЭНд сайн дурын өргөлийг авчрав. 30 Тэгээд Мосе Израилийн хөвгүүдэд —Үзэгтүн, ЭЗЭН Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалелыг нэрээр нь дуудав. 31 Тэрээр түүнийг мэргэн ухаан, ойлголт, мэдлэг болон бүх ур чадварт Бурханы Сүнсээр дүүргэсэн нь 32 алт, мөнгө, хүрлээр уран хийцийн ажил хийлгэж, 33 суулгах чулуунуудыг засах, модоор сийлэх аливаа зохион бүтээх ажлыг хийлгэхийн тулд юм. 34 Тэрээр заах чадварыг Дан овгийн Ахисамахын хүү Охолиаб тэр хоёрын зүрхэнд өгчээ. 35 Сийлбэрчин, зохион бүтээгчийн, хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалинган дээр хатгах, бүхий л ажлыг гүйцэтгэх, загварыг зохиох аливаа ажлыг хийх ур чадвараар ЭЗЭН тэднийг дүүргэв.

36

1 Ариун газрын бүтцийн бүх ажлыг хэрхэн гүйцэтгэхийг мэдэх мэргэн ухаан, ойлголтыг ЭЗЭНээс авсан Безалел, Охолиаб болон ур дүйтэй хүн болгон ЭЗЭНий тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэх болно гэв. 2 Тэгээд Безалел, Охолиаб болон ЭЗЭНий ур чадвар өгсөн ур дүйтэй хүн болгоныг зүрх нь хөдөлсөн хүн бүрийг Мосе үүнийг гүйцэтгэх ажилд дуудав. 3 Тэгээд ариун газрын бүтцийн ажлыг гүйцэтгэхэд зориулж Израилийн хөвгүүдийн авчирсан бүх хандивыг тэд Мосегээс хүлээн авлаа. Өглөө бүр хүмүүс түүнд сайн дурын өргөлүүд авчирсаар байлаа. 4 Ариун газрын бүх ажлыг хийж байсан бүх урчууд тус бүр хийж байсан ажлаасаа ирцгээж, 5 Мосед —Биднийг хийгтүн гэж ЭЗЭН тушаасан босголтын ажилд хангалттай хүрэх хэрэгцээнээс илүүг ард түмэн авчирж байна гэв. 6 Тиймээс Мосе зарлиг гаргаж, хуаран даяар —Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ямар ч хүн цаашид ариун газрын хандивт зориулж юу ч бүү хийтүгэй гэсэн тунхаг явуулав. Ийнхүү ард түмэн илүү ихийг нэмж авчрахаа болив. 7 Учир нь тэдэнд байсан материал нь хангалттай байсан ба бүх ажлыг дуусгахад шаардагдах хэмжээнээс ч илүү их байв. 8 Ажлыг гүйцэтгэж байсан хүмүүсийн дундаас бүх урчууд нь арван бүрээстэй асрыг хийв. Безалел тэдгээрийг нарийн нэхсэн маалинга, хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар уран хүний урлал болох херубуудын хамт бүтээжээ. 9 Бүрээс нэг бүрийн урт нь хорин найман тохой, өргөн нь дөрвөн тохой бөгөөд бүх бүрээснүүд ижил хэмжээтэй байв. 10 Тэр таван бүрээсийг нэг нэгтэй нь холбоод, нөгөө таван бүрээсийг нэг нэгтэй нь холбов. 11 Эхний хэсгийн гадна талын бүрээсийн захад хөх өнгийн гогцоо хийж, хоёр дахь хэсгийн гадна талын бүрээсэнд мөн үүнчлэн хийлээ. 12 Тэрээр нэг бүрээсэнд тавин гогцоог, хоёр дахь хэсгийн бүрээсний захад тавин гогцоо хийв. Гогцоонууд бие биенийхээ харалдаа байв. 13 Тэгээд тэр тавин алтан гархи хийж, бүрээснүүдийг хооронд нь гархинуудаар холбосон тул асар нь нэг болов. 14 Мөн асрын дээгүүрх майханд зориулан тэрээр ямааны хялгасаар бүрээснүүд хийв. Тэр нийтдээ арван нэгэн бүрээс хийсэн байлаа. 15 Бүрээс нэг бүрийн урт нь гучин тохой, өргөн нь дөрвөн тохой байсан ба арван нэгэн бүрээс бүгд ижил хэмжээтэй байв. 16 Тэр таван бүрээсийг хооронд нь холбож, нөгөө зургаан бүрээсийг ч хооронд нь холбов. 17 Цаашилбал, тэр эхний хэсгийн гадна талын бүрээсний захад тавин гогцоо хийж, хоёр дахь хэсгийн гадна талын бүрээсний захад тавин гогцоо хийв. 18 Майхныг нэг болгон хамтад нь холбохын тулд тэрээр тавин хүрэл гархи хийжээ. 19 Майхны бүтээлгийг тэрээр улаанаар будсан хуцын арьсаар хийж, дээгүүр нь далайн гахайн арьсан бүтээлгийг тавив. 20 Тэгээд тэр асрын дүнзнүүдийг хуайс модоор босоогоор нь хийв. 21 Дүнз тус бүрийн урт нь арван тохой, өргөн нь нэг тохой хагас байв. 22 Дүнз тус бүрд нэг нь нөгөөгийнхөө зэргэлдээ хоёр углуурга байсан ба асрын бүх дүнзийг тэрээр тэгж хийв. 23 Тэр асрын дүнзнүүдийг хийв. Өмнөд талд хорин дүнз байлаа. 24 Хорин дүнзний доор дөчин мөнгөн углуур, нэг дүнзний доорх хоёр углууранд нь зориулж хоёр углуурыг мөн нөгөө дүнзний доорх хоёр углуургад зориулж хоёр углуур хийв. 25 Тэгээд асрын хоёр дахь талд буюу хойд талд нь тэр хорин дүнз хийжээ. 26 Мөн тэдгээрийн дөчин мөнгөн углуур, хоёрыг нь нэг дүнзний доор, хоёрыг нь нөгөө дүнзний доор хийв. 27 Асрын ар тал буюу баруун талд нь тэр зургаан дүнз хийжээ. 28 Асрын ар талын булангуудад тэр хоёр дүнз хийв. 29 Тэдгээр нь доод талаасаа орой хүртэл давхарлагдан, нэг цагирагтай байлаа. Ийнхүү хоёр буланд тэр хоёуланд нь тэгж үйлдэв. 30 Арван зургаан мөнгөн углууртай найман дүнз байсан ба дүнз тус бүрийн доор хоёр углуур байв. 31 Дараа нь тэр хуайс модоор хөндлөвч мод хийж, тавыг нь асрын нэг талын дүнзнүүдэд зориулж хийв. 32 Таван хөндлөвч модыг асрын нөгөө талын дүнзнүүдэд зориулж хийн, мөн таван хөндлөвч модыг баруун тал буюу ар талд асрын дүнзнүүдэд зориулж хийв. 33 Тэр голын хөндлөвч модыг дүнзнүүдийн дундуур нэг захаас нөгөө зах хүрэхээр хийв. 34 Тэгээд тэр дүнзнүүдээ алтаар бүрээд, хөндлөвч моддыг тогтоох алтан цагиргуудыг хийв. Хөндлөвч моддыг алтаар бүрэв. 35 Цаашаа тэр хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар хөшиг хийв. Үүнийг тэр уран хүний урлал болох херубуудын хамт хийв. 36 Түүнд зориулаад тэрээр хуайс модоор дөрвөн багана хийгээд тэдгээрийг алтаар бүрж, мөн дэгээнүүдийг нь алтаар хийв. Багануудад зориулан дөрвөн мөнгөн углуурыг цутгав. 37 Тэр майхны үүдэнд зориулж хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар дэлгэц хийв. Эдгээрийг нэхмэлчид хийжээ. 38 Мөн тэрээр түүний таван багануудыг дэгээнүүдтэй нь хамт хийж, тэдгээрийн оройнуудыг нь болон холбоосуудыг нь алтаар бүрэв. Харин таван углуур нь хүрлээр бүтээгджээ.

37

1 Безалел хуайс модоор авдар хийсэн бөгөөд түүний урт нь хоёр тохой хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой хагас ажээ. 2 Тэр түүнийг дотор гаднагүй шижир алтаар бүрээд, түүнийг бүхэлд нь тойруулан алтан эмжээр хийжээ. 3 Тэр авдарт зориулж дөрвөн хөл дээр нь дөрвөн алтан цагиргуудыг, нэг талд нь хоёр цагираг, нөгөө талд нь хоёр цагираг байхаар хийжээ. 4 Тэгээд хуайс модоор дамнуургууд хийж, тэдгээрийг шижир алтаар бүрэв. 5 Авдрыг зөөхийн тулд дамнуургуудаа авдрын хажуу талууд дахь цагиргуудад хийв. 6 Тэр шижир алтаар өршөөлийн суудлыг хийсэн бөгөөд түүний урт нь хоёр тохой хагас, өргөн нь нэг тохой хагас ажээ. 7 Тэр хоёр алтан херубуудыг хийсэн. Тэдгээрийг өршөөлийн суудлын хоёр үзүүрт давтан хийв. 8 Нэг херубыг нэг захад нь, нөгөө херубыг нөгөө захад нь буюу херубуудыг хоёр үзүүрт нь өршөөлийн суудалтай нэгтгэн хийв. 9 Херубуудын далавчнууд дээш дэлгэгдсэн бөгөөд далавчаараа өршөөлийн суудлыг бүрхсэн байв. Тэдний нүүр нь бие бие уруугаа харсан ба херубууд нь өршөөлийн суудал уруу харсан байв. 10 Тэгээд тэр хуайс модоор урт нь хоёр тохой, өргөн нь нэг тохой, өндөр нь нэг тохой хагас ширээ хийв. 11 Тэрээр түүнийг шижир алтаар бүрж, бүхэлд нь тойруулан алтан эмжээр хийв. 12 Мөн түүнийг бүхэлд нь тойруулан алганы энгээр хөвөө хийв. Хөвөөг бүхэлд нь захлан алтан эмжээр хийв. 13 Тэр түүнд дөрвөн алтан цагираг цутгаад, тэднийг дөрвөн хөлийнх нь дөрвөн өнцөгт нь байрлуулав. 14 Хөвөөний дэргэд цагиргууд буюу ширээг зөөх дамнуургуудад зориулсан тогтоогчууд байжээ. 15 Ширээг зөөх дамнуургуудыг тэр хуайс модоор хийж, тэднийг алтаар бүрэв. 16 Ширээн дээрх хэрэгслүүд болох ундаан өргөлийг хийх таваг, сав, аяга, хундага мэтийг тэр шижир алтаар хийжээ. 17 Тэгээд тэр шижир алтаар дэнлүүний суурийг бүтээв. Тэрээр дэнлүүний суурь болон суурь ба ишийг давтаж түүний хундаганууд, болцуунууд, цэцгүүдийг түүнтэй нэгтгэн холбов. 18 Дэнлүүний суурийн хажуугаас нь гарах зургаан салаа байсан бөгөөд нэг хажуугаас нь дэнлүүний суурийн гурван салаа гарч ирж, нөгөө талаас нь дэнлүүний суурийн гурван салаа гарч ирж байв. 19 Гурван хундага нь нэг салаан дахь болцуу ба цэцэг мэт гүйлсийн дэлбээнүүдийн хэлбэртэй хийгджээ. Нөгөө гурван хундага нь нөгөө салаан дахь болцуу ба цэцэг мэт гүйлсийн дэлбээнүүдийн хэлбэртэй хийгджээ. Дэнлүүний сууриас гарч ирэх зургаан салааны хувьд ийм байв. 20 Дэнлүүний сууринд гүйлсийн дэлбээнүүдийн хэлбэртэй буюу болцуу ба цэцэгтэй нь адил дөрвөн хундага байлаа. 21 Дэнлүүний сууриас гарах зургаан салааны хувьд үүнээс гарсан эхний хос салааны доор нэг болцуу, хоёр дахь хос салааны доор нэг болцуу, гурав дахь хос салааны доор нэг болцуу байв. 22 Тэдгээрийн болцуунууд болон салаанууд нь дэнлүүний суурьтайгаа нэгдмэл байв. Бүхэлдээ энэ нь шижир алтаар давтаж хийгдсэн нэг бүтээл байжээ. 23 Тэр түүний долоон дэнлүүг галын чимхүүр ба тавиуруудтай нь хамт шижир алтаар хийв. 24 Дэнлүүний суурь болон бүх хэрэгслийг нь нэг талант шижир алтаар бүтээв. 25 Тэгээд тэр хуайс модоор утлагын тахилын ширээг хийсэн ба эврүүд нь түүнтэй нэгдмэл байв. Түүний урт нь нэг тохой, өргөн нь нэг тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь хоёр тохой байв. 26 Тэрээр оройг нь болон хажуу талуудыг нь бүхэлд нь тойруулаад, эврүүдийнх нь хамтаар уг тахилын ширээг шижир алтаар бүрэв. Тэр бүхэлд нь тойруулан алтан эмжээр хийв. 27 Түүнийг зөөх дамнуургуудыг тогтоох хоёр алтан цагиргийг эмжээрийнх нь доор, хоёр эсрэг талд нь хийжээ. 28 Тэрээр хуайс модоор дамнуургуудыг хийж, тэднийг алтаар бүрэв. 29 Тэрээр ариун тослох тос болон сүрчиг найруулагчдын бүтээгдэхүүн болох цэвэр, анхилуун утлагыг амтлагчаар хийв.

38

1 Тэгээд тэр хуайс модоор шатаалт тахилын ширээг хийв. Түүний урт нь таван тохой, өргөн нь таван тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь гурван тохой ажээ. 2 Тэрээр дөрвөн өнцөгт нь эврүүдийг нь хийв. Эврүүд нь түүнтэй нэгдмэл байсан ба тэр түүнийг хүрлээр бүрэв. 3 Тэгээд тэр тахилын ширээний бүх л хэрэгслүүд болох савнууд, утгуурууд, угаагуурууд, махны дэгээнүүд ба бойпоруудыг нь хийв. 4 Тэрээр тахилын ширээнд зориулж түүний амсрынх нь доор тахилын ширээний голд хүрэхээр хүрэл сараалжин торыг доошлуулж тавихаар хийв. 5 Мөн хүрэл торын дөрвөн буланд тэр дамнуургуудын тогтоогч болгон дөрвөн цагираг цутгажээ. 6 Тэрээр хуайс модоор дөрвөн дамнуургыг хийж тэдгээрийг хүрлээр бүрэв. 7 Тахилын ширээг зөөх дамнуургуудыг түүний хажуу талууд дахь цагиргуудад суулгав. Дамнуургыг дотор талдаа хөндий банзаар хийжээ. 8 Цаашлаад, тэр хүрэл суурьтай угаалгын савыг хүрлээр хийв. Хурлын майхны үүдэнд үйлчилдэг эмэгтэйчүүдийн тольнуудаар түүнийг бүтээсэн билээ. 9 Тэгээд тэр хашааг босгожээ. Өмнө талд хашааны хөшигнүүд нь нарийн нэхсэн маалингаар хийгдсэн бөгөөд нэг зуун тохой байв. 10 Хорин багана нь болон хорин углуур нь хүрлээр хийгдсэн ба багануудын дэгээнүүд болоод холбоосууд нь мөнгөн ажээ. 11 Хойд тал нь нэг зуун тохой байсан ба хорин багана, хорин углуур нь хүрэл бөгөөд баганы дэгээнүүд, холбоосууд нь мөнгөн аж. 12 Баруун талд нь арван багана болон тэдний арван углуургатай хамт тавин тохой хөшигнүүд хийв. Баганы дэгээнүүд болон холбоосууд нь мөнгөөр бүтсэн байна. 13 Зүүн талд нь тавин тохойг хийв. 14 Хаалганы нэг талын хөшиг нь гурван багана болон гурван углууртайгаа арван таван тохой байв. 15 Нөгөө талынх мөн үүний адил байв. Хашааны хаалганы хоёр тал тус бүрд нь гурван багана болон гурван углууртайгаа арван таван тохой хөшиг байлаа. 16 Хашааны эргэн тойрон дахь бүх хөшигнүүдийг нарийн нэхсэн маалингаар хийжээ. 17 Багануудад зориулсан углуурууд нь хүрэл бөгөөд багануудын дэгээнүүд болон холбоосууд нь мөнгөн ажээ. Оройнуудыг нь мөнгөөр бүрж, хашааны бүх баганууд мөнгөн холбоосуудаар тоноглогдсон байна. 18 Хашааны хаалганы дэлгэц нь нэхмэлчдийн урлал бөгөөд хөх, ягаан, час улаан даавуу болон нарийн нэхсэн маалингаар хийгдсэн байв. Хашааны хөшигнүүдийн адил түүний урт нь хорин тохой, өндөр нь таван тохой байв. 19 Дөрвөн баганууд болон дөрвөн углуурууд нь хүрэл бөгөөд дэгээнүүд болон холбоосууд нь мөнгөн ажээ. Оройнуудыг нь мөнгөөр бүржээ. 20 Асрын болон хашааны эргэн тойрон дахь бүх гадаснууд нь хүрэл байв. 21 Энэ бол гэрчлэлийн асарт зориулсан зүйлсийн тоо бөгөөд эдгээр нь левичүүдийн үйлчлэлд зориулагдан, Мосегийн тушаасны дагуу тэргүүн тахилч Аароны хөвгүүн Итамарын гараар тоологдсон билээ. 22 Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалел нь ЭЗЭНий Мосед тушаасан бүхнийг хийв. 23 Түүнтэй хамт сийлбэрчин, хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн маалингын нэхмэлчин, уран хүн Охолиаб гэгч Дан овгийн Ахисамахын хөвгүүн байв. 24 Энэхүү ажилд буюу ариун газрын бүх ажилд зарцуулагдсан бүх алт болон даллах өргөлийн алт нь ариун газрын шекелийн дагуу хорин есөн талант, долоон зуун гучин шекел байв. 25 Цуглаанаас тоологдсон хүмүүсийн мөнгө нь ариун газрын шекелийн дагуу зуун талант, мянга долоон зуун далан таван шекел байв. 26 Хорь болон түүнээс дээш насны зургаан зуун гурван мянга таван зуун тавин эрчүүдийн төлөө буюу тоологдсон хүний тоонд орсон хүн нэг бүрээс нэг бекаг (энэ нь ариун газрын шекелийн дагуу хагас шекел юм) авав. 27 Зуун талант мөнгө нь ариун газрын болон хөшигний углууруудыг цутгахад зориулагдсан бөгөөд нэг зуун талант нь нэг зуун углууранд буюу нэг талант нь нэг углууранд зарцуулагджээ. 28 Тэрээр нэг мянга долоон зуун далан таван шекелээр багануудын дэгээнүүдийг хийж, оройнуудыг нь бүрж, тэдэнд холбоос хийв. 29 Даллах өргөлийн хүрэл нь далан талант, хоёр мянга дөрвөн зуун шекел байв. 30 Түүгээр тэр хурлын майхны үүдэнд зориулж углууруудыг, хүрэл тахилын ширээг, хүрэл торыг нь, бас тахилын ширээний бүх хэрэгслүүдийг хийжээ. 31 Мөн эргэн тойрон дахь хашааны углууруудыг, хашааны хаалганы углууруудыг, асрын болон эргэн тойрон дахь хашааны бүх гадаснуудыг хүрлээр хийсэн байв.

39

1 Цаашлаад, ариун газарт үйлчлэх үйлчлэлд зориулан тэд ЭЗЭНий Мосед тушаасны дагуу хөх, ягаан, час улаан даавуугаар нарийн сүлжсэн хувцас хийсэн бөгөөд бас Ааронд ариун хувцас хийв. 2 Тэрээр алт болон хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалингаар ефод хийв. 3 Тэгээд хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалингатай хамт сүлжихийн тулд тэд гөлмөн алтыг давтан цохиж, нарийн утас болгон зүсэж, уран хүний ажлыг хийв. 4 Тэд ефодод холбогдох хоёр мөрөвчийг хийсэн ба дээд талын хоёр өнцөгт нь холбожээ. 5 Ефодын дээрх уран сүлжигдсэн бүс нь ЭЗЭНий Мосед тушаасны дагуу алт, хөх, ягаан, час улаан даавуу болон нарийн нэхсэн маалингаар ефодтой адил хийгджээ. 6 Тэд оникс чулуунуудыг алтан хүрээтэй сууринд суулгажээ. Тэдгээр нь Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу тамганы сийлбэр мэт сийлэгдэв. 7 ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэднийг Израилийн хөвгүүдийн төлөөх дурсгалын чулуунууд болгож ефодын мөрөвчин дээр суулгав. 8 Тэрээр уран хүний урлал болох цээживчийг ефодын уран хийцтэй адил алт, хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар хийв. 9 Тэр нь дөрвөлжин байв. Тэд цээживчийг хоёр давхарласан бөгөөд урт нь нэг сөөм, өргөн нь нэг сөөм болов. 10 Тэд түүн дээр дөрвөн эгнээ чулуунуудыг суулгав. Эхний эгнээнд бадмаараг, молор, маргад, 11 хоёр дахь эгнээнд оюу, индранил ба очир алмааз, 12 гурав дахь эгнээнд нал эрдэнэ, гартаам ба ягаан болор, 13 дөрөв дэх эгнээнд биндэрьяа, оникс, хаш чулуу байв. Тэд эдгээрийг суулгахдаа алтан хүрээтэй сууринд суулгажээ. 14 Чулуунууд нь Израилийн хөвгүүдийн нэрсийн тоогоор байв. Эдгээр нь нэрсийнх нь тоогоор арван хоёр бөгөөд тус бүр дээр нь арван хоёр овгийн нэрсээс тамганы сийлбэрээр сийлбэрлэсэн байв. 15 Тэд цээживчин дээр шижир алтаар сүлжмэл олс мэт гинжийг хийв. 16 Тэд хоёр алтан хүрээтэй суурь, хоёр алтан цагираг хийгээд хоёр цагиргаа цээживчний хоёр үзүүрт холбов. 17 Дараа нь тэд хоёр алтан оосроо цээживчний үзүүрүүд дэх хоёр цагирагт холбов. 18 Тэд хоёр оосорныхоо нөгөө хоёр үзүүрийг хоёр алтан хүрээтэй сууринд холбож, тэдгээрийг ефодын урд талд түүний мөрөвчтэй холбов. 19 Тэд хоёр алтан цагираг хийж, тэдгээрийг цээживчний хоёр өнцөгт, ефодын зэрэгцээ байсан дотоод ирмэгт нь хадав. 20 Цаашлаад, тэд хоёр алтан цагираг хийж, ефодын өмнө талд, хоёр мөрөвчнийх нь доор залгаасны ойролцоо, ефодын нэхмэл бүсний дээд талд хадлаа. 21 ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэд цээживчний цагиргуудыг ефодын цагиргуудтай хөх оосроор холбов. Ингэснээр цээживч нь ефодын нэхсэн бүсний дээр байж, ефодоос салахгүй болов. 22 Дараа нь тэр ефодын нөмрөгийг бүхэлд нь хөх өнгөөр нэхэж хийв. 23 Нөмрөгийн амсрыг хөө хуягны амсар шиг оройн хэсгийн голд гаргаж, урагдуулахгүйн тулд амсрыг тойруулан сүлжиж захлав. 24 Тэд нөмрөгийн хормойд хөх, ягаан, час улаан өнгийн материал болон нэхсэн маалингаар анарууд хийв. 25 Тэд бас шижир алтаар хонхнууд хийж, нөмрөгийн хормойг тойруулан анаруудын завсар хийв. 26 ЭЗЭНий Мосед тушаасны дагуу үйлчлэлд зориулж нөмрөгийн хормойг тойруулан хонх болоод анаруудыг солбиулан хийв. 27 Тэд Аарон болон хөвгүүдэд нь зориулж нарийн нэхсэн маалингаар дотуур дээл, 28 нарийн маалинган малгай, мөн толгойн чимэглэсэн өмсгөл ба нарийн нэхсэн маалинган дотуур өмд, 29 нэхмэлчний ажил болох хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалинган бүсийг ЭЗЭНий Мосед тушаасны дагуу хийлээ. 30 Тэгээд тэд шижир алтаар ариун титмийн пайзыг хийж, тамганы сийлбэртэй адил "ЭЗЭНд ариун" гэж бичив. 31 ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэд үүнийг малгайн дээд талд холбохын тулд хөх уяаг уяв. 32 Ингэснээр хурлын майхны асрын бүх ажил дуусжээ. Израилийн хөвгүүд ЭЗЭНий Мосед тушаасан бүхний дагуу хийв. Тэд ийнхүү хийв. 33 Тэд асрыг Мосед авчрав. Үүнд: майхан ба түүний бүх тоноглол болох гархинууд, дүнзнүүд, хөндлөвч модод, баганууд, углуургууд, 34 улаанаар будсан хуцын арьсан бүтээлэг, далайн гахайн арьсан бүтээлэг болон дэлгэмэл хөшиг, 35 гэрчлэлийн авдар, түүний дамнуургууд ба өршөөлийн суудал, 36 ширээ болон түүний бүх хэрэгслүүд, Оршихуйн талх, 37 шижир алтан дэнлүүний суурь, түүний дэнлүүнүүдийг (дэс дарааллаар нь) бүхий л хэрэгсэл, гэрэлтүүлгийн тос, 38 алтан тахилын ширээ, тослох тос, анхилуун утлага болон майхны үүдний хөшиг, 39 хүрэл тахилын ширээ, түүний хүрэл тор, түүний дамнуургууд болон түүний бүхий л хэрэгслүүд, угаалгын сав болон суурь, 40 хашааны хөшиг, түүний баганууд бас углуурууд, хашааны хаалганы дэлгэц, түүний оосрууд, түүний гадаснууд болон асрын үйлчлэлд буюу хурлын майханд зориулсан бүх тоноглолуудыг, 41 мөн ариун газарт үйлчлэхэд зориулж нэхмэл хувцас болон тахилч Аароны ариун хувцас ба тахилчаар үйлчлэх хөвгүүдийнх нь хувцсыг авчрав. 42 Тийнхүү Израилийн хөвгүүд бүх ажлыг ЭЗЭНий Мосед тушаасан бүхний дагуу хийжээ. 43 Мосе бүх ажлыг шалгав. Үзэгтүн, тэд үүнийг ЭЗЭНий тушаасан ёсоор хийсэн байв. Тиймээс Мосе тэднийг ерөөв.

40

1 Тэгээд ЭЗЭН Мосед хандан, — 2 Эхний сарын эхний өдөрт чи хурлын майхны асрыг босгох ёстой. 3 Тэгээд чи тэнд гэрчлэлийн авдрыг байрлуулж, авдрыг хөшгөөр далдал. 4 Чи ширээг дотогш оруулж, үүнд хамаарагдах зүйлсийг цэгцэл. Чи дэнлүүний суурийг оруулаад, дэнлүүнүүдийг нь суулга. 5 Цаашлаад, чи гэрчлэлийн авдрын өмнө утлагын алтан тахилын ширээг тавиад, асрын үүдний хөшгийг тат. 6 Тэгээд хурлын майхны асрын үүдний өмнө шатаалт тахилын ширээг байрлуул. 7 Угаалгын савыг хурлын майхан ба тахилын ширээний хооронд тавьж, дотор нь ус хийгтүн. 8 Чи эргэн тойрных нь хашааг барьж, хашааны хаалганд хөшиг өлгө. 9 Тэгээд чи тослох тос авч, асар болоод түүний доторх бүх зүйлсийг тослоод, түүнийг болон бүх хэрэгслүүдийг нь ариусга. Тэр нь ариун байх болно. 10 Чи шатаалт тахилын ширээ болон бүх хэрэгслийг нь тослож, тахилын ширээг ариусга. Тахилын ширээ нь хамгийн ариун байх болно. 11 Чи угаах сав болон суурийг нь тослоод ариусга. 12 Тэгээд чи Аарон болон хөвгүүдийг нь хурлын майхны үүдэнд авчран, тэднийг усаар угаагтун. 13 Аарон Надад тахилчаар үйлчлэхийн тулд чи түүнд ариун хувцас өмсгөөд, түүнийг тослож ариусга. 14 Тэгээд чи түүний хөвгүүдийг авчирж, тэдэнд дотуур дээл өмсгө. 15 Тэд Надад тахилчаар үйлчлэхийн тулд чи тэдний эцгийг нь тосолсон шигээ тэднийг тосол. Тэдний тосолгоо нь үеийн үед мөнхөд тахилчийн ажилд тэдний төлөө байх болно гэж айлдав. 16 Ийнхүү Мосе үйлдэв. Мосе ЭЗЭНий тушаасан бүхний дагуу тэгж үйлдэв. 17 Хоёр дахь жилийн эхний сард, уг сарын анхны өдөр асрыг босгов. 18 Мосе асрыг босгоод, углууруудыг нь суулгаж, дүнзнүүдийг нь босгон, хөндлөвч моддыг нь хийж, багануудыг нь босголоо. 19 ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэрээр асрын дээгүүр майхныг татаж, дээр нь майхны бүтээлгийг тавив. 20 Дараа нь тэр гэрчлэлийг авч, авдарт хийгээд, дамнуургуудыг нь авдартай холбоод, дээр нь өршөөлийн суудлыг тавив. 21 Тэгээд тэрээр авдрыг асар дотор оруулж, ЭЗЭНий Мосед тушаасны дагуу дэлгэц болгон хөшгийг өлгөөд, гэрчлэлийн авдрыг далдлав. 22 Дараа нь хөшигний гадна, асрын хойд талд, хурлын майхан дотор тэрээр ширээг байрлуулав. 23 ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэрээр ЭЗЭНий өмнө ширээн дээр талхыг дэс дараатайгаар тавив. 24 Дараа нь ширээний эсрэг зүгт асрын өмнө талд, хурлын майхан дотор дэнлүүний суурийг тавив. 25 ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэрээр ЭЗЭНий өмнө дэнлүүнүүдийг асаалаа. 26 Дараа нь тэр хурлын майхан дотор хөшигний өмнө алтан тахилын ширээг байрлуулав. 27 ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэрээр анхилуун утлагыг түүн дээр шатаав. 28 Тэгээд тэр асрын үүдэнд хөшиг өлгөв. 29 ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэр хурлын майхны асрын үүдний өмнө шатаалт тахилын ширээг байрлуулж, түүн дээр шатаалт тахил болон идээн өргөлийг өргөв. 30 Тэгээд тэр угаалгын савыг хурлын майхан ба тахилын ширээний хооронд байрлуулж, угаалганд зориулан дотор нь ус хийв. 31 Мосе, Аарон болон хөвгүүд нь гар, хөлөө түүнд угаав. 32 Тэд хурлын майханд орохдоо, мөн тахилын ширээнд ойртохдоо ЭЗЭНий Мосед тушаасны дагуу угаалга хийдэг байв. 33 Тэгээд асар болон тахилын ширээг бүхэлд нь тойруулан тэр хашаа босгож, хашааны хаалганд хөшиг өлгөв. Ингээд Мосе ажлаа дуусгалаа. 34 Тэгтэл хурлын майхныг үүл бүрхэн, ЭЗЭНий цог жавхлан асрыг дүүргэлээ. 35 ЭЗЭНий цог жавхлан асрыг дүүргэж, дээр нь үүл багшран суусан тул Мосе хурлын майхан уруу орж чадахгүй байв. 36 Тэдний бүх аяны туршид үүл асрын дээрээс дээш өргөгдөх болгонд Израилийн хөвгүүд хөдлөн, 37 харин үүл дээш өргөгдөхгүй бол дээш өргөгдөх өдрийг хүртэл тэд хөдөлдөггүй байлаа. 38 Учир нь тэдний бүх аяны туршид Израилийн бүх гэрийн нүдэн дээр ЭЗЭНий үүл өдөр нь асрын дээр байж, шөнө нь үүлэн дотор гал үзэгдэв.