1 Гуч дахь жилийн дөрөвдүгээр сарын тавны өдөр намайг Хебар голын дэргэд цөлөгдөгсдийн дунд байсан үед тэнгэр нээгдэж, би Бурханы үзэгдлүүдийг үзэв. 2 (Иехоиахин хааны цөллөгийн тав дахь жил байв. Тэр сарын таванд 3 халдеичуудын нутгийн Хебар голын дэргэд Бузын хөвгүүн тахилч Езекиелд ЭЗЭНий үг тодорхойгоор иржээ. Тэнд ЭЗЭНий мутар нь түүний дээр ирэв). 4 Намайг харж байхад, харагтун, умардаас салхи, шуурга үргэлжлүүлэн урагш гялбах галтай асар том үүл ирж байсан. Түүнийг тойрон хурц гэрэл байж, голд нь галын доторх улайссан төмөр мэт нэгэн зүйл байв. 5 Түүн дотор дөрвөн амьд биестэй төстэй дүрсүүд үзэгдсэн. Тэдний дүрс нь энэ байв. Тэд хүмүүний дүрстэй байв. 6 Тэдний тус бүр нь дөрвөн нүүр, дөрвөн далавчтай байв. 7 Тэдний хөл нь цэх, хөлийн ул нь тугалын туурай мэт бөгөөд тэд өнгөлсөн хүрэл адил гялалзаж байв. 8 Далавчнуудынх нь доор, тэдний дөрвөн талд нь хүний сарвуу байв. Тэр дөрвийн нүүр болон далавчнуудын хувьд гэвэл, 9 тэдний далавчнууд нь хоорондоо шүргэн, тэднийг хөдөлж байхад нүүрнүүд нь эргэхгүй байсан бөгөөд тус бүр чигээрээ урагшилсан. 10 Тэдний нүүрнүүдийн дүрс нь гэвэл, тус бүр хүний нүүртэй байв. Тэд дөрвүүлээ баруун талдаа арслангийн нүүртэй, зүүн талдаа бухын нүүртэй, мөн дөрвүүлээ бүргэдийн нүүртэй байв. 11 Тэдний нүүрнүүд нь ийм байв. Тэдний далавчнууд нь дээд талаасаа дэлгэгдэн, тус бүр нь нөгөө биедээ шүргэсэн хоёр далавчтай ба биеэ бүрхсэн хоёр далавчтай байв. 12 Тэд тус бүр чигээрээ урагшилсан. Сүнсний явах гэж байсан ямар ч газарт тэд явж, явах үедээ эс эргэв. 13 Амьд биесийн голд, галд шатаж буй нүүрс мэт, амьд биетнүүдийн дунд нааш, цааш хөдөлж буй бамбарууд мэт харагдах нэг юм байв. Гал нь гэрэлтэй байсан ба тэр галаас аянга гялбаж байв. 14 Амьд биес аянгын сумнууд мэт нааш цааш гүйлдэж байв. 15 Намайг амьд биесийг харж байхад, харагтун, тэдгээр дөрвөн амьд биесийн дэргэд, дөрвүүлэнгийнх нь тус бүрд зориулагдсан нэг дугуй газар дээр байв. 16 Дугуйнуудын гадна төрх болон хийц нь гялалзсан биндэрьяа мэт бөгөөд тэд дөрвүүл адил хэлбэртэй байв. Тэдний гадна төрх ба хийц нь нэг дугуй нөгөө дугуйны дотор байгаа мэт байв. 17 Тэд хөдлөх бүрдээ өөрсдийн дөрвөн зүгийн аль нэгэн уруу чиглэн явж, хөдлөх үедээ тэд эс эргэнэ. 18 Тэдний мөөрнүүдийн хувьд гэвэл, тэд сүрлэг болоод аймшигтай бөгөөд тэр дөрвөн дугуйны мөөрүүдийг тойрон дүүрэн нүд байв. 19 Амьд биес хөдлөх бүрд дугуйнууд тэдэнтэй хамт хөдөлж, мөн амьд биес газраас дээш өргөгдөх бүрд дугуйнууд ч бас өргөгддөг байв. 20 Сүнсний явах гэж байсан ямар ч газарт тэд тэр чиглэлд явсан. Дугуйнууд нь тэдний дэргэд ойрхон өргөгдөв. Учир нь амьд биесийн сүнс нь дугуйнуудын дотор байсан ажээ. 21 Тэдгээрийг явах бүрд эдгээр ч явж, тэдгээрийг тогтуун зогсох бүрд эдгээр ч тогтуун зогсох ажээ. Тэдгээрийг газраас өргөгдөх бүрд дугуйнууд тэдний дэргэд ойрхон өргөгдөв. Учир нь амьд биесийн сүнс нь дугуйнуудын дотор байсан ажээ. 22 Амьд биесийн толгой дээгүүр нь уудам зай мэт, тэдний толгой дээгүүр дэлгэгдсэн гялалзах болор мэт нэгэн зүйл байв. 23 Уудам зайн доор тэдний далавчууд нь, нэг нь нөгөөгийнхөө зүгт, шулуухан сунгагдсан байв. Тус бүр нь өөрийнхөө биеийг нэг талд ба нөгөө талд бүтээсэн хоёр далавчуудтай байв. 24 Тэднийг явах үед бялхсан их усны чимээ адил Төгс Хүчит Нэгэний дуу мэт тэдний далавчнуудын чимээг, хуарангийн чимээ мэт хөл үймээний чимээг би мөн сонсов. Тэд тогтуун зогсох бүрдээ далавчнуудаа буулгав. 25 Тэдний толгой дээрх уудам зайн дээрээс дуу гарсан. Тэд тогтуун зогсох бүрдээ далавчнуудаа буулгав. 26 Тэдний толгой дээр байсан уудам зайн дээд талд гадна төрхөөрөө сапфир чулуу мэт сэнтийтэй төстэй нэгэн юм байжээ. Сэнтийтэй төстэй уг юмны дээр өндөрт хүний төрхтэй дүрс байв. 27 Тэгээд Түүний ууц болон түүнээс дээших төрхнөөс нь дотроо ба эргэн тойрондоо гал мэт харагдах улайссан төмөр мэт юмыг би ажигласан ба Түүний ууц болон түүнээс дооших төрхнөөс нь гал мэт юмыг би харсан. Түүний эргэн тойронд туяа байв. 28 Бороотой өдөр үүлэн дотор байдаг солонгын төрхтэй адил эргэн тойрных нь туяаны төрх нь тийнхүү байв. ЭЗЭНий цог жавхлангийн төстэй байдлын төрх нь тийм байв. Би түүнийг хармагцаа нүүрээрээ хөсөр унасан бөгөөд айлдах дууг сонсов.
1 Тэгээд Тэр надад —Хүний хүү, Би чамтай ярихын тулд хөл дээрээ босогтун гэв. 2 Түүнийг надад ярьж байхад над уруу Сүнс орж, намайг хөл дээр минь босгов. Тэр надад айлдахыг би сонсов. 3 Тэгээд Тэр надад —Хүний хүү, Би чамайг Израилийн хөвгүүд уруу, Миний эсрэг тэрсэлсэн тэрслүү ард түмэн уруу илгээж байна. Тэд ч, тэдний өвөг дээдэс ч яг энэ өдрийг хүртэл Миний эсрэг зөрчил гаргасан. 4 Зөрүүд ба гөжүүд хүүхдүүд болох тэдэн уруу Би чамайг илгээж байна. Чи тэдэнд "Эзэн БУРХАН ийнхүү айлдсан" хэмээн хэл. 5 Тэдний хувьд, тэд бол тэрслүү гэр тул сонссон ч, эсвэл үл сонссон ч тэдний дунд эш үзүүлэгч байсан гэдгийг тэд мэдэх болно. 6 Хүний хүү чи хэдийгээр өргөст халгай ба үүргэнүүд чамтай хамт байж, чи хилэнцэт хорхойнууд дээр суулаа ч гэсэн тэднээс болон тэдний үгсээс бүү ай. Тэд бол тэрслүү гэр тул тэдний үгсээс ч бүү ай, тэдний өмнө ч бүү сүрд. 7 Тэд сонссон ч, эсвэл үл сонссон ч чи Миний үгсийг тэдэнд хэлэх ёстой. Учир нь тэд бол тэрслүү юм. 8 Одоо хүний хүү чи Миний чамд айлдаж буй зүйлийг сонс. Тэрхүү тэрслүү гэрийн адил бүү тэрслүү бай. Амаа нээж, Миний чамд өгч буй юмыг ид гэв. 9 Тэгээд намайг харахад, үзэгтүн, миний зүг мутар сунгагдан, түүний дотор нэгэн хуйлмал ном байв. 10 Тэр үүнийг миний урд дэлгэхэд энэ нь ар өвөртөө бичигдсэн байсан бөгөөд түүн дээр гашуудал, уйлаан, зовлонгууд бичигдсэн байв.
1 Тэгээд Тэр надад —Хүний хүү, чи олсон юмаа ид. Энэ хуйлмал номыг идээд явж, Израилийн гэрт мэдүүл гэв. 2 Тиймээс би амаа нээж, Тэр надад энэ хуйлмал номыг идүүлсэн. 3 Тэр надад —Хүний хүү, Миний чамд өгч буй энэ хуйлмал номоор гэдсээ тэжээж, биеэ дүүргэгтүн гэв. Тэгээд би түүнийг идсэнд, тэр нь миний аманд бал мэт чихэрлэг байв. 4 Тэгээд Тэр надад —Хүний хүү, Израилийн гэр уруу очин, Миний үгсээр тэдэнд хэл. 5 Учир нь чи ойлгомжгүй яриатай, эсвэл хэцүү хэлтэй ард түмэн уруу илгээгдээгүй. Харин Израилийн гэр уруу илгээгдэж байна. 6 Чи үгийг нь ойлгож чадахгүй, ойлгомжгүй яриатай, эсвэл хэцүү хэлтэй олон ард түмэн уруу илгээгдэж буй бус, харин чамайг сонсох ёстой хүмүүс уруу Би чамайг илгээсэн. 7 Гэсэн ч Израилийн гэр Намайг сонсох хүсэлгүй байдгаас хойш чамайг ч сонсох хүсэлгүй байх болно. Үнэхээр Израилийн хамаг гэр бол зөрүүд ба гөжүүд юм. 8 Харагтун. Би чиний нүүрийг тэдний нүүрнүүдийн адил хатуу болгон, чиний духыг тэдний духнуудын адил хатуу болгосон. 9 Би чиний духыг цахиураас ч хатуу очир алмааз мэт болгосон. Тэд хэдийгээр тэрслүү гэр боловч тэднээс бүү ай, тэдний өмнө бүү сүрд гэв. 10 Түүнээс гадна, Тэр надад —Хүний хүү, Миний чамд хэлэх бүх үгийг минь чи зүрхэндээ авч, сайтар сонс. 11 Цөлөгдөгсөд уруу, чиний ард түмний хөвгүүд уруу явж, тэдэнд ярьж, тэд сонссон ч, эсвэл эс сонссон ч "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна" хэмээн тэдэнд хэл гэв. 12 Дараа нь Сүнс намайг өргөсөнд, миний ард —Өөрийнхөө газарт ЭЗЭНий цог жавхлан магтагдах болтугай гэсэн нижигнэсэн их дууг би сонсов. 13 Тэгээд би хоорондоо шүргэлцэх амьд биесийн далавчнуудын дууг болон тэдний дэргэдэх дугуйнуудын дууг, бүр их нижигнэсэн дуу чимээг сонсов. 14 Тиймээс Сүнс намайг өргөж, зайлуулан авсан. Би өөрийн сүнсний уур хилэн дотор гаслан явлаа. ЭЗЭНий мутар миний дээр хүчтэй байв. 15 Тэгээд би Тел-абиб дахь Хебар голын дэргэд амьдарч байсан цөлөгдөгсөд уруу ирж, тэдний амьдарч байсан газарт долоо хоног сууж, тэдний дунд айдас төрүүлж байв. 16 Долоо хоногийн эцэст ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа — 17 Хүний хүү, Би чамайг Израилийн гэрийн харуулаар томиллоо. Чи Миний амнаас үг сонсох бүрд, Миний өмнөөс тэдэнд сануулгыг өг. 18 Би хорон муу явдалтанд "Чи заавал үхнэ" хэмээн айлдах үед хэрэв чи түүнд сануулалгүй, эсвэл амьдрахын тулд хорон муу замаасаа эргэх ёстойг хорон муу явдалтанд сануулан хэлэхгүй аваас, тэр хорон муу явдалтан өөрийн гэм буруу дотор үхэх болно. Гэвч түүний цусыг Би чиний гараас нэхнэ. 19 Гэсэн ч хэрэв чи хорон муу явдалтанд сануулсан ч тэрээр хорон муу явдлаасаа, хорон муу замаасаа эргэхгүй аваас, тэр өөрийн гэм буруу дотор үхэх болно. Харин чи өөрийгөө аварсан юм. 20 Дахиад хэрэв зөвт хүн өөрийн зөвт байдлаас эргэж гэм бурууг үйлдэх бөгөөд Би түүний өмнө саад тавих аваас, тэр үхэх болно. Чи түүнд сануулаагүй учир тэр өөрийн нүглийн дотор үхэж, түүний үйлдсэн зөв үйлс ч дурсагдахгүй. Гэвч түүний цусыг Би чиний гараас нэхнэ. 21 Харин хэрэв чи зөвт хүн нүглийг үйлдэх ёсгүй хэмээн сануулаад, тэр нь нүглийг эс үйлдэх аваас, тэр хүн сануулгыг авсан учир үнэхээр амьдрах болно. Чи өөрийгөө аварсан гэв. 22 Тэнд ЭЗЭНий мутар миний дээр байсан ба Тэр надад —Бос, тал уруу гарч яв. Тэнд Би чамд айлдана гэв. 23 Тиймээс би босож, тал уруу гарч явав. Харагтун, Хебар голын дэргэд миний үзсэн цог жавхлантай адил ЭЗЭНий цог жавхлан тэнд зогсож байв. Би нүүрээрээ унав. 24 Тэгээд Сүнс над уруу орж, намайг хөл дээр минь босгов. Тэр надтай ярьж, айлдсан нь —Явж, өөрийгөө гэртээ түгж. 25 Хүний хүү чиний хувьд, тэд чамд олс хийж, чамайг түүгээр хүлэх болно. Ингэснээр чи тэдний дундаас гарч явж чадахгүй болох юм. 26 Үүнээс гадна, Би чиний хэлийг тагнайд чинь наалдуулна. Ингэснээр чи хэлгүй болж, тэднийг зэмлэдэг хүн байж чадахгүй болох юм. Учир нь тэд бол тэрслүү гэр юм. 27 Гэвч Би чамд айлдах үед, Би чиний амыг нээж, чи тэдэнд "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна" хэмээн өгүүлэх болно. Сонсогч нь сонсог, татгалзагч нь татгалзаг. Учир нь тэд бол тэрслүү гэр юм.
1 Одоо хүний хүү чи өөртөө нэг тоосгыг авч, өөрийнхөө өмнө тавиад, түүн дээр нэгэн хотыг, Иерусалимыг сийлэгтүн. 2 Тэгээд түүний эсрэг бүслэлтийг байгуулж, бүслэх ханыг барьж, овоог босгон, хуарангуудыг байгуулж, түүнийг тойруулаад хэрэм эвдэгчийг байрлуул. 3 Дараа нь төмрөн тавгийг авч, түүнийг хот ба өөрийнхөө хооронд төмөр хэрэм мэт босгож, энэ хотыг бүсэлж, түүнийг хүрээлж буйтай адил нүүрээ түүн уруу хандуул. Энэ бол Израилийн гэрт өгөх тэмдэг юм. 4 Чиний хувьд гэвэл, зүүн талаараа хэвтэж, Израилийн гэрийн гэм бурууг тэр тал дээр тавь. Чиний хажуулдан хэвтэх хоногийн тоогоор чи тэдний гэм бурууг үүрэх болно. 5 Учир нь тэдний гэм буруугийн жилүүдэд дүйцүүлэн гурван зуун ерэн хоногийг буюу хоногуудын тоог Би чамд товлосон. Ийнхүү чи Израилийн гэрийн гэм бурууг үүрэх ёстой. 6 Чи үүнийг дуусгасан үедээ хоёр дахь удаагаа, баруун талаараа хэвтэж, Иудагийн гэрийн гэм бурууг үүрэх ёстой. Би нэг жилийг нэг хоног болгон, чамд дөчин хоногийг товлосон. 7 Тэгээд чи Иерусалимын бүслэлт уруу нүүрээ хандуулж, нүцгэн гараа сунган, түүний эсрэг эш үзүүл. 8 Одоо харагтун. Би чамайг олсоор хүлэх болно. Ингэснээр чи бүслэлтийн хоногуудыг дуусгах хүртэл нэг талаас нөгөө уруугаа эргэж чадахгүй болно. 9 Гэвч чиний хувьд гэвэл, улаан буудай, арвай, вандуй, зарам, хар будаа ба шар будааг авч, тэдгээрийг нэгэн саванд хийж, түүгээр өөртөө талх хий. Чи түүнийг хажуулдан хэвтэх хоногуудын тоогоор, гурван зуун ер хоногийн турш идэх ёстой. 10 Чиний идэх хүнс нь жингээрээ хоногт хорин шекел байх ёстой. Чи үүнийг цагаас цагт идэх ёстой. 11 Чиний уух ус нь хэмжээгээрээ хиний зургааны нэг байж, чи түүнийг цагаас цагт уух ёстой. 12 Чи үүнийг арвайн талх мэт болгож, тэдний нүдний өмнө хүний баасаар шарж ид гэв. 13 Тэгээд ЭЗЭН —Ийнхүү Би тэднийг цөлөх үндэстнүүдийн дунд Израилийн хөвгүүд өөрсдийн бузар талхыг идэх болно гэж айлдав. 14 Гэвч би —Өө Эзэн БУРХАН. Харагтун, би хэзээ ч бузартаагүй. Би залуу наснаасаа эхлэн эдүгээ хүртэл хүүр, эсвэл араатанд тастчуулсан сэгийг хэзээ ч идсэнгүй. Мөн бузар ямар ч мах миний аманд ороогүй гэв. 15 Тэгээд Тэр надад —Хар, би чамд хүний баасны оронд үхрийн аргалыг өгье. Чи түүгээр өөрийн талхыг бэлдэгтүн гэв. 16 Түүнээс гадна, Тэр надад —Хүний хүү, харагтун. Би Иерусалимд талхны нөөцийг үгүй болгох гэж байна. Тэд талхыг жинлэн зовнилтойгоор идэж, усыг хэмжиж айдастайгаар уух болно. 17 Учир нь талх, ус хомс болно. Тэд бие биеэ хирдхийлгэсэн, өөрсдийн гэм буруу дотроо турж эцсэн байх болно.
1 Хүний хүү чиний хувьд, хурц илдийг авч, түүнийг үсчний тонгорог мэт толгой ба сахлаа хусахад хэрэглэ. Дараа нь жинлэх жинлүүрийг авч, үсийг хуваа. 2 Гуравны нэгийг нь бүслэлтийн өдрүүд дуусах үед, хотын дунд галд шатаа. Тэгээд чи гуравны нэгийг нь авч, хотыг тойруулан түүнийг илдээр цавчиж, үлдсэн гуравны нэгийг салхинд хийсгэ. Би тэдний араас илдийг хуйнаас нь сугалах болно. 3 Мөн тэднээс цөөн хэдийг авч, тэднийг нөмрөгийнхөө хормойд уя. 4 Дахин тэдний заримыг авч, тэднийг галд хаяж, галд шатаа. Түүнээс Израилийн хамаг гэрт гал тарна. 5 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Энэ бол Иерусалим. Би түүнийг үндэстнүүдийн төвд тавьж, түүнийг улсуудаар хүрээлүүлэв. 6 Гэвч тэр Миний зарлигуудыг үндэстнүүдээс ч илүүгээр, Миний тогтоолуудыг түүнийг хүрээлсэн улсуудаас ч илүүгээр эсэргүүцэв. Учир нь тэд Миний зарлигуудыг үл тоомсорлон, Миний тогтоолуудын дотор алхсангүй". 7 Тийм учраас Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Та нарыг тойрон буй үндэстнүүдээс ч илүү их самуурал та нарт байгаа бөгөөд та нар Миний тогтоолуудын дотор явалгүй, Миний зарлигуудыг сахилгүй, та нарыг тойрч буй үндэстнүүдийн тогтоолыг сахиагүй учир" 8 тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун, Би, одоо Би ч чиний эсрэг байгаа бөгөөд үндэстнүүдийн нүдний өмнө Би та нарын дунд шүүлт явуулна. 9 Та нарын хамаг жигшүүрүүдийн төлөө, Би эдүгээ хүртэл үйлдээгүй, дахин хэзээ ч үл үйлдэх хэргийг та нарын дунд үйлдэх болно. 10 Тийм учраас та нарын дунд эцгүүд нь хөвгүүдээ идэж, хөвгүүд нь эцгүүдээ идэх болно. Учир нь Би чам дээр шүүлт явуулж, чиний бүх үлдэгсдийг дөрвөн зүгт тараана". 11 Эзэн БУРХАН тунхаглаж байна. "Тиймээс Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Үнэхээр чи өөрийн бүх бузар шүтээнүүд болон бүх жигшүүрүүдээр Миний ариун газрыг бузарласан учир Би ч бас холдуулах ба Миний мэлмий өрөвдөхгүй, Би өршөөхгүй. 12 Та нарын гуравны нэг нь гай гамшгаар үхэж, эсвэл чиний дунд өлсгөлөнгөөр устах болно. Гуравны нэг нь чиний эргэн тойронд илдэнд алагдаж, гуравны нэгийг Би зүг бүрд тарааж, тэдний араас илдийг хуйнаас нь сугална. 13 Ийнхүү Миний уур гүйцэж, Би тэднээр Өөрийн хилэнг хангаж, Би тайтгарах болно. ЭЗЭН Би Өөрийн зүтгэл дотор айлдсаныг тэд, Намайг Өөрийн хилэнг тэдний дээр гүйцээсэн тэр үед л мэдэх болно. 14 Түүгээр ч барахгүй, Би чамайг хажуугаар өнгөрөх бүхний нүдний өмнө, эргэн тойрны чинь үндэстнүүдийн дунд эзгүйрэл, зэмлэл болгоно. 15 Тиймээс Би уур, хилэн болон ширүүн зэмлэлүүдээр чиний эсрэг шүүлт явуулах үед энэ нь чамайг тойрогч үндэстнүүдэд доромжлол, илчлэлт, сануулга болон айдсыг төрүүлэгч зүйл болно. ЭЗЭН Би айлдлаа. 16 Та нарыг устгахаар Миний явуулах хүмүүсийн сүйрэлд зориулагдаж байсан өлсгөлөнгийн хорт сумыг Би тэдний эсрэг харвах үед Би та нарын өлсгөлөнг улам идэвхжүүлж, талхны нөөцгүй болгоно. 17 Түүнээс гадна, Би та нарт өлсгөлөн хийгээд зэрлэг араатныг илгээнэ. Тэд та нарыг хүүхдүүдээс чинь хагацаана. Гай гамшиг болон цус урсгалт мөн та нарыг дайран өнгөрч, Би та нарын дээр илдийг авчирна. ЭЗЭН Би айлдлаа" гэв.
1 ЭЗЭНий үг надад ирж, — 2 Хүний хүү, Израилийн уулсын зүг нүүрээ хандуулан, тэдний эсрэг эш үзүүл. 3 "Израилийн уулсаа, Эзэн БУРХАНы үгийг сонс. Эзэн БУРХАН уулс, толгод, жалгууд хийгээд хөндийнүүдэд хандан ийнхүү айлдаж байна. «Харагтун. Би Өөрөө та нарын дээр илдийг авчрах гэж байна. Би та нарын мөргөлийн өндөрлөгүүдийг устгах болно. 4 Тиймээс та нарын тахилын ширээнүүд хоосорч, утлагын тахилын ширээнүүд чинь бутарна. Би алагдсан хүмүүсийг чинь та нарын шүтээнүүдийн өмнө унагана. 5 Би мөн Израилийн хөвгүүдийн цогцсуудыг тэдний шүтээнүүдийн өмнө тавьж, та нарын яснуудыг тахилын ширээнүүдийн чинь эргэн тойронд тараана. 6 Та нарын бүх оршин суух газруудад хотууд балгас болж, мөргөлийн өндөрлөгүүд хоосорно. Энэ нь танай тахилын ширээнүүд хаягдан эзгүйрч, та нарын шүтээнүүд эвдрэн эцэс болж, та нарын утлагын тахилын ширээнүүд цавчигдан унаж, та нарын ажлууд арчигдахын тулд юм. 7 Алагдсан хүмүүс та нарын дунд унах бөгөөд та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 8 Харин Би үлдэгсдийг үлдээнэ. Та нарыг улсуудын дунд тараасан үед илднээс зугтаагчид үндэстнүүдийн дунд та нарт байх болно. 9 Тэгээд та нарын доторх зугтаагчид нь олзлогдон аваачигдсан үндэстнүүдийнхээ дунд Намайг болон Надаас эргэсэн тэдний завхай сэтгэл шүтээнүүдийнхээ араас садарлах тэдний нүднээс болж Би хэрхэн шаналсныг санана. Тэд өөрсдийн үйлдсэн хорон муу үйлс, өөрсдийн бүх жигшүүрүүдийн төлөө өөрсдийнхөө нүдэнд өөрсдийгөө жигших болно. 10 Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэднэ. Би энэ өвчнийг тэдэнд учруулна хэмээн дэмий хэлээгүй юм»". 11 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Алгаа ташин, хөлөө дэвслэн ингэж хэл. «Илд, өлсгөлөн, хийгээд гамшгаар унах Израилийн гэрийн хамаг хорон муу жигшүүрт юмсын улмаас гаслантай яа! 12 Хол байгч нь гамшгаар үхэж, ойр байгч нь илдэнд алагдаж, үлдэгсэд нь ба бүслэгдсэн нь өлсгөлөнгөөр үхнэ. Ийнхүү Би Өөрийн хилэнгээ тэдэнд гүйцэтгэнэ. 13 Тэдний алагдсан хүмүүс нь тэдний тахилын ширээнүүдийг тойроод шүтээнүүдийнх нь дунд, аливаа өндөр толгод дээр, хамаг уулсын орой дээр аливаа ногоон модны доор, аливаа навчит царсны доор буюу өөрсдийнх нь хамаг шүтээнүүдэд тайвшруулах тааламжит үнэрийг өргөсөн газарт нь хэвтэх үед та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 14 Тиймээс тэдний оршин суух бүх газар даяар Би Өөрийн мутраа тэдний эсрэг сунгаж, Дибла уруу чиглэсэн цөлөөс илүүгээр тэр газрыг эзгүйрүүлэн, зэлүүд болгоно. Ийнхүү тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно»".
1 Түүнээс гадна, ЭЗЭНий үг надад ирж, айлдан — 2 Хүний хүү, чи Израилийн нутагт Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна гэж хэл. "Төгсгөл! Газрын дөрвөн өнцөгт төгсгөл ирж байна. 3 Эдүгээ төгсгөл нь чиний дээр байгаа бөгөөд Би Өөрийн уур хилэнг чиний эсрэг илгээх болно. Би чамайг зам мөрийн чинь дагуу шүүж, чиний хамаг жигшүүрийг чиний дээр авчирна. 4 Учир нь Миний мэлмий чамайг өрөвдөхгүй, Би чамайг хэлтрүүлэхгүй. Харин Би чиний замуудыг чиний дээр авчирж, чиний жигшүүрүүд та нарын дунд байх болно. Тэгэхэд та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно". 5 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. —Гай гамшиг, зөвхөн гай гамшиг. Харагтун, энэ нь ирж байна! 6 Төгсгөл ирж байна. Төгсгөл ирэв. Энэ нь чиний эсрэг сэрсэн. Харагтун, энэ нь иржээ! 7 Дэлхийн оршин суугчид аа, чиний дээр мөхөл чинь иржээ. Цаг нь ирэв. Тэр өдөр ойрхон бөгөөд баяр хөөрийн уухайгаас илүүгээр уулс дээр хөл үймээн болж байна. 8 Эдүгээ Би уураа чам дээр хоромхон зуур асгаж, Өөрийн хилэнг чиний эсрэг гүйцээнэ. Би чамайг зам мөрийн чинь дагуу шүүж, чиний дээр хамаг жигшүүрүүдийг чинь авчирна. 9 Миний мэлмий өрөвдөн харахгүй, Би хэлтрүүлэхгүй. Та нарын жигшүүрүүд дунд чинь байсаар байх үед Би зам мөрийн чинь дагуу чамд буцаан төлөх болно. Тэгэхэд ЭЗЭН Би цохиж байгааг та нар мэдэх болно. 10 Харагтун, тэр өдөр! Харагтун, тэр ирж байна! Чиний мөхөл гарч ирлээ. Таяг нахиалж, их зан цэцэглэсэн. 11 Хүчирхийлэл нь хорон муугийн таяг болтол өссөн. Тэдний хэн нь ч, тэдний хурсан олны хэн нь ч тэдний баялгаас юу ч үгүй болж, тэдний дундах алдартай ямар ч юм үлдэхгүй. 12 Тэр цаг ирэв. Тэр өдөр хүрээд ирлээ. Худалдан авагч нь бүү баясаг. Худалдагч нь бүү гашуудаг. Учир нь хилэн нь тэдний бүх олон түмний эсрэг байна. 13 Үнэхээр тэд хоёулаа амьд байх зуур худалдагч нь зарсан юмаа буцааж авахгүй. Учир нь тэдний бүх олон түмний тухай үзэгдэл нь зайлуулагдахгүй бөгөөд тэдний хэн нь ч гэм буруугаар өөрийн амьдралаа батжуулахгүй. 14 Тэд бүрээ үлээж бүгдийг бэлэн болгосон ч хэн ч тулалдаанд үл орно. Учир нь Миний хилэн нь тэдний бүх олон түмний эсрэг юм. 15 Илд нь гадна байж, гамшиг, өлсгөлөн нь дотор байна. Талд байгч нь илдэнд алагдаж, мөн хотод байгчдыг нь өлсгөлөн, гамшиг устгах болно. 16 Түүгээр барахгүй тэдний амьд үлдэгсэд нь зугтсан үед ч, тэд хөндийн тагтаанууд адил хүн бүр өөрсдийн гэм бурууд гашуудан, ууланд байх болно. 17 Хамаг гар суларч, хамаг өвдөг ус мэт болно. 18 Тэд өөрсдийгөө таараар ороон, айдас жихүүдэс тэднийг эзэмдэнэ. Бүх нүүрнүүд дээр ичгүүр байж, бүх толгой нь халзан болно. 19 Тэд өөрсдийн мөнгийг гудамжнууд уруу чулуудаж, тэдний алт нь жигшүүрт зүйл болно. ЭЗЭНий хилэнгийн өдөрт тэдний мөнгө, алт тэднийг чөлөөлж чадахгүй. Тэд идэх дур хүслээ цатгаж үл чадах бөгөөд өөрсдийн ходооднуудыг дүүргэж үл чадна. Учир нь тэдний гэм буруу нь бүдрэх шалтаг болсон юм. 20 Тэд Түүний хээ чимэглэлийг сайрхал болгож, түүгээр өөрсдийн бузар ба жигшүүрт юмсын хөргүүдийг бүтээв. Тиймээс Би түүнийг тэдэнд жигшүүрт юм болгоно. 21 Би түүнийг харь хүмүүсийн гарт дээрмийн эд зүйлс мэт өгч, дэлхийн хорон муу үйлстэнд олз болгон тушааж, тэд түүнийг бузарлана. 22 Би бас тэднээс нүүрээ буруулж, тэд Миний нууц газрыг бузарлана. Дараа нь дээрэмчид орж, түүнийг бузарлана. 23 Гинж хий. Учир нь газар нутаг цуст аллагаар дүүрэн, хот нь хүчирхийллээр дүүрэн байна. 24 Тиймээс Би үндэстнүүдийн хамгийн мууг нь авчирж, тэдний гэрүүдийг эзлүүлнэ. Би бас хүчит нэгний бардамналыг зогсоож, тэдний ариун газрууд бузарлагдана. 25 Зовлон ирэхэд тэд энх амгаланг эрэх боловч, тэр нь байхгүй. 26 Гай гамшгийн дээр гай гамшиг ирж, цуурхал нь цуурхал дээр нэмэгдэнэ. Тэгээд тэд эш үзүүлэгчээс үзэгдлийг эрэх боловч тахилчаас хууль нь, ахмадуудаас зөвлөгөө нь алдагдана. 27 Хаан гашуудаж, ноёд нь айдсыг өмсөх бөгөөд нутгийн ард түмний гарууд чичирнэ. Тэдний байгаа байдлынх нь дагуу Би тэдэнтэй харьцаж, тэдний шүүлтүүдээр нь Би тэднийг шүүх болно. Тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно".
1 Зургаа дахь жилийн зургадугаар сарын тавны өдөр, би гэртээ сууж байсан ба Иудагийн ахмадууд миний өмнө сууж байлаа. Тэр үед Эзэн БУРХАНы мутар тэнд миний дээр буув. 2 Тэгэхэд би харсан бөгөөд харагтун, хүний дүртэй төстэй зүйл үзэгдэв. Түүний ууцнаас дооших нь гал мэт, Түүний ууцнаас дээших нь улайссан төмөр мэт харагдав. 3 Тэр гарын дүрс мэт юмыг сунган, миний толгой дээрх туг үснээс барив. Тэгэхэд Сүнс намайг газар тэнгэрийн хооронд өргөж, Бурханы үзэгдлүүдийн дотор намайг Иерусалим уруу авч яван, атаархал төрүүлэгч атаархлын шүтээний суудал байрлах дотор хашааны хойд хаалганы үүдэнд авчрав. 4 Харагтун, талд миний үзсэн дүрстэй адил Израилийн Бурханы цог жавхлан нь тэнд байв. 5 Тэгээд Тэр надад —Хүний хүү, одоо хойд зүг уруу нүдээ өргө гэв. Тийнхүү би хойд зүг уруу нүдээ өргөн харахад, харагтун, тахилын ширээт хаалганы хойд талд үүдэнд атаархлын тэр шүтээн байв. 6 Тэгээд Тэр надад —Хүний хүү, чи тэдний юу үйлдэж буйг болон Би Өөрийн ариун газраас хол байхаар Израилийн гэрийн энд үйлдэж буй аугаа жигшүүрүүдийг харж байна уу? Гэсэн ч чи үүнээс илүү их жигшүүрт хэргийг харах болно гэв. 7 Дараа нь Тэр намайг хашааны үүдэнд авчрав. Намайг харахад, харагтун, хананд нэгэн нүх байв. 8 Тэр надад —Хүний хүү, одоо ханыг нүхэл гэв. Тиймээс би ханыг нүхлэхэд, харагтун, нэгэн үүд байв. 9 Тэгээд Тэр надад —Дотогш орж, тэдний энд үйлдэж буй бузар жигшүүрт юмсыг хар гэв. 10 Тиймээс би орж харахад, харагтун, мөлхөгчдийн аливаа хэлбэр болон араатан амьтад болон бузар зүйлийг Израилийн гэрийн хамаг шүтээнүүдтэй хамт эргэн тойронд ханан дээр сийлсэн байв. 11 Израилийн гэрийн далан ахмадууд өөрсдийнхөө дунд зогсож буй Шафаны хүү Иаазаниатай хамт тэдний урд зогсож байсан. Хүн бүр гартаа бойпор барьж, утлагын үүлэн анхилуун үнэр уугиж байв. 12 Тэгээд Тэр надад —Хүний хүү, чи Израилийн гэрийн ахмадууд харанхуйд, хүн бүр өөрийн сийлмэл хөргийн өрөөнд юу үйлдэж буйг харав уу? Учир нь тэд "ЭЗЭН биднийг хардаггүй. ЭЗЭН энэ нутгийг орхив" хэмээдэг гэв. 13 Тэр надад —Гэсэн ч чи тэдний үйлдэж буй илүү их жигшүүрт хэргийг харах болно гэв. 14 Дараа нь Тэр намайг ЭЗЭНий өргөөний хойшоо харсан хаалганы үүд уруу авчирлаа. Харагтун, эмэгтэйчүүд Таммузын төлөө уйлан тэнд сууцгааж байв. 15 Тэр надад —Хүний хүү, чи харсан уу? Гэсэн ч чи эдгээрээс ч илүү их жигшүүрт хэргийг харах болно гэв. 16 Дараа нь тэр намайг ЭЗЭНий өргөөний дотоод хашаан дотор авчрав. Харагтун, үүдний танхим болон тахилын ширээний хооронд нуруугаа ЭЗЭНий сүм уруу, нүүрээ зүүн зүгт харуулсан хорин тав орчим хүн ЭЗЭНий сүмийн үүдэнд байлаа. Тэд зүүн зүгт наранд мөргөж байв. 17 Тэр надад —Хүний хүү, чи үүнийг харж байна уу? Иудагийн гэрийнхэн энэ газрыг хүчирхийллээр дүүргэж, Намайг давтан давтан уцаарлуулснаараа тэдний энд үйлдсэн жигшүүрт хэргийг үйлдэх нь тэдний хувьд хэтэрхий хөнгөн байна гэж үү? Харагтун, тэд өөрсдийн хамарт мөчир хатгаж байна. 18 Тийм учраас Би үнэхээр хилэн дотор үйлдэнэ. Миний мэлмий өрөвдөхгүй, Би хэлтрүүлэхгүй. Тэд Миний чихэнд чанга дуугаар хашхирсан ч Би тэднийг сонсохгүй гэсэн.
1 Тэгээд Тэр миний чихэнд чанга дуугаар хашхиран —Хотыг сүйтгэгчид ээ, хүн бүр өөрийн сөнөөгч зэвсгийг гартаа барин ойртон ирцгээ гэж айлдав. 2 Харагтун, зургаан эрэгтэй хүн, тус бүр гартаа хэмхлэх зэвсгийг барин хойд зүг уруу харсан дээд хаалгаар орж ирэв. Тэдний дунд маалинган хувцас өмссөн, бүсэлхийдээ бичгийн хэрэглэлтэй нэгэн хүн байв. Тэд орж ирээд, хүрэл тахилын ширээний дэргэд зогсов. 3 Тэгээд херубын дээр байсан Израилийн Бурханы цог жавхлан нь түүнээс дээш хөөрч, сүмийн босгонд ирэв. Тэр бүсэлхийдээ бичгийн хэрэглэлтэй, маалинган хувцас өмссөн хүнийг дуудсан. 4 ЭЗЭН түүнд —Хотын дундуур, бүр Иерусалимын дундуур явж, энэ хот дотор үйлдэгдэж буй хамаг жигшүүрт хэргээс болж санаа алдаж, ёолон буй хүмүүсийн духан дээр тэмдэг тавь гэв. 5 Харин намайг сонсож байхад бусад хүмүүст Тэр айлдсан нь —Түүний араас даган хотын дундуур явж, цохигтун. Та нарын нүд өрөвдөж болохгүй, хэлтрүүлж болохгүй. 6 Хөгшчүүл, залуус, залуу эмэгтэйчүүд, хүүхдүүдийг болон эмэгтэйчүүдийг ч хүйс тэмтэр. Гэвч тэмдэгтэй хүмүүст бүү хүр. Та нар Миний ариун газраас эхлэгтүн. Тийнхүү тэд сүмийн өмнө байсан ахмадуудаас эхлэв. 7 Тэр тэдэнд —Сүмийг бузарлаж, хашаануудыг алагдагсдаар дүүргэ. Явцгаа гэв. Тийнхүү тэд гарч яван, хот доторх хүмүүсийг цохиж алав. 8 Тэд хүмүүсийг цохин алж байхад би ганцаараа үлдэн нүүрээрээ унаад —Ээ халаг, Эзэн БУРХАН, Та Иерусалимын дээр Өөрийн хилэнгээ асгаснаараа Израилийн хамаг үлдэгсдийг устгаж байна уу? гэж хашхирлаа. 9 Тэгэхэд Тэр надад —Израилийн болон Иудагийн гэрийн гэм буруу нь маш их, үлэмж бөгөөд газар нь цусаар дүүрч, хот нь ч гажуудлаар дүүрэн байна. Учир тэд "ЭЗЭН энэ нутгийг орхив. ЭЗЭН хардаггүй" хэмээн хэлдэг. 10 Харин Миний хувьд гэвэл, Миний мэлмий өрөвдөхгүй, Би хэлтрүүлэхгүй. Гэвч Би тэдний байгаа байдлыг өөрсдийнх нь толгой дээр буцаана гэв. 11 Дараа нь харагтун, бүсэлхийдээ бичгийн хэрэглэл бүсэлж, маалинган хувцас өмссөн тэр хүн ийнхүү мэдүүлэн, —Таны надад тушаасан ёсоор би гүйцэтгэв гэв.
1 Тэгээд би харахад, үзэгтүн, херубуудын толгой дээрх уудам зайд төрхөөрөө сэнтийтэй төстэй индранил чулуу адил юм байсан бөгөөд тэдний дээр үзэгдэв. 2 Тэр маалинган хувцас өмссөн хүнд хандан —Херубуудын доор буй эргэлдэгч дугуйнуудын хооронд нэвтрэн орж, херубуудын дундаас галтай нүүрсээр гараа дүүргэн, хотын дээгүүр цац гэж айлдав. Намайг харж байхад тэр дотогш оров. 3 Тэр хүнийг нэвтрэн ороход херубууд нь сүмийн баруун талд зогсож байсан. Дотоод хашааг үүл дүүргэсэн байв. 4 Дараа нь ЭЗЭНий цог жавхлан херубаас дээшлэн, сүмийн босгыг чиглэсэн бөгөөд сүм үүлээр дүүрч, хашаа нь ЭЗЭНий цог жавхлангийн туяагаар дүүрэв. 5 Түүнээс гадна, херубуудын далавчны чимээ нь Төгс хүчит Бурханы ярих үеийн дуу хоолой мэт гаднах хашаанд хүртэл сонсогдов. 6 Тэр маалинган хувцас өмссөн хүнд тушаан —Эргэлдэгч дугуйнуудын хоорондоос, херубуудын хоорондоос галыг ав хэмээн айлдах үед тэр нэвтрэн орж, дугуйны дэргэд зогсов. 7 Тэгэхэд херуб нь херубуудын дунд байсан гал уруу херубуудын хоорондоос гараа сунган, галаас авч, маалинган хувцас өмссөн хүний хоёр гар дээр түүнийг тавив. Тэр түүнийг аваад гарав. 8 Херубууд нь далавчныхаа доор хүний гарын дүрстэй адил юмтай мэт үзэгдэв. 9 Тэгээд намайг харахад, үзэгтүн, херубуудын дэргэд дөрвөн дугуй, херуб болгоны дэргэд нэг нэг дугуй байжээ. Дугуйнуудын төрх нь Таршишийн (молор эрдэнийн) чулууны гялбаа мэт харагдаж байв. 10 Тэдний дүрсийн хувьд гэвэл, тэд дөрвүүлээ адилхан бөгөөд нэг дугуй нь нөгөө дугуйны дотор буй мэт байв. 11 Тэд хөдлөхдөө, дөрвөн зүгийнхээ аль уруу ч чиглэн явах үед эс эргэв. Харин тэд явах үедээ эргэлгүйгээр, хандсан зүгтээ даган явж байв. 12 Тэдний бүхий л бие, тэдний нуруу, гарууд, далавчнууд нь, бас тэр дөрөвт харьяалагдах дугуйнууд нь эргэн тойрондоо дүүрэн нүдтэй байв. 13 Намайг сонсож байхад тэдгээр эргэлдэгч дугуйнууд дуудагджээ. 14 Тус бүр дөрвөн нүүртэй байв. Эхний нүүр нь херубын нүүр, хоёр дахь нүүр нь хүний нүүр, гурав дахь нь арслангийн нүүр бөгөөд дөрөв дэх нь бүргэдийн нүүр байв. 15 Тэгээд херубууд нь дээш босов. Тэд бол Хебар голын дэргэд миний үзсэн амьд биес юм. 16 Херубуудыг явахад дугуйнууд ч хажууд нь явдаг. Мөн херубуудыг газраас хөөрөхөөр далавчнуудаа дэлгэхэд дугуйнууд ч тэдний дэргэдээс эргэж салсангүй. 17 Херубуудыг тогтуун зогсох үед дугуйнууд ч тогтуун зогсож, тэднийг дээшээ хөөрөхөд дугуйнууд ч тэдэнтэй хамт хөөрөв. Учир нь амьд биесийн сүнс нь тэдний дотор байсан юм. 18 Тэгээд ЭЗЭНий цог жавхлан сүмийн босгоноос салж, херубуудын дээр зогсов. 19 Херубууд нь одохдоо миний нүдний өмнө тэд далавчаа дэлгэн дэргэдээ дугуйнуудтай хамт газраас дээш хөөрөв. Тэд ЭЗЭНий өргөөний зүүн хаалганы орох үүдэнд зогсоход Израилийн Бурханы цог жавхлан нь тэдний дээр эргэлдэв. 20 Тэдгээр нь Хебар голын дэргэд Израилийн Бурханы доор миний үзсэн амьд биес юм. Тиймээс би тэднийг херубууд мөн болохыг мэдэв. 21 Тэд тус бүр дөрвөн нүүртэй, тус бүр дөрвөн далавчтай байв. Тэдний далавчны доор хүний гар мэт хэлбэртэй юм байв. 22 Тэдгээрийн нүүрний төрх нь гэвэл, Хебар голын дэргэд миний үзсэн тэдгээр төрх царайтай адил байв. Тус бүр чигээрээ урагшлав.
1 Түүнээс гадна Сүнс намайг өргөж, ЭЗЭНий өргөөний зүүн зүг харсан зүүн хаалганд авчрав. Харагтун, хаалганы үүдэнд хорин таван хүн байсан бөгөөд ард түмний удирдагч Аззурын хүү Иаазаниа, Бенаиагийн хүү Пелатиа нар тэдний дунд байхыг би үзэв. 2 Тэр надад —Хүний хүү, эдгээр хүмүүс бол энэ хотод гэм бурууг сэдэж, хорон муу зөвлөгөөг өгч, 3 "Байшин барих нь ойртсон бус уу? Энэ хот бол тогоо, бид бол мах мөн" хэмээдэг. 4 Тиймээс тэдний эсрэг эш үзүүл, хүний хүү, эш үзүүл гэв. 5 Тэгээд ЭЗЭНий Сүнс над дээр бууж, Тэр надад —"ЭЗЭН ийнхүү айлдаж байна" хэмээн өгүүл. "Израилийн гэр ээ, та нар ингэж бодож байгаа. Учир нь Би та нарын бодлуудыг мэднэ. 6 Та нар энэ хотод алагдагсдыгаа олшруулсан бөгөөд гудамжнуудыг нь тэдгээрээр дүүргэж байна". 7 Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Хотын дунд та нарын тавьсан үхдэл нь мах бөгөөд энэ хот бол тогоо юм. Гэвч Би та нарыг тэндээс гаргана. 8 Та нар илднээс айсан. Тиймээс Би та нарын дээр илдийг авчирна хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна. 9 Би та нарыг хотын дундаас гаргаж, харийнхны гарт тушаах ба та нарын эсрэг шүүлтийг гүйцэтгэнэ. 10 Та нар илдээр алагдана. Би та нарыг Израилийн хил хүртэл шүүнэ. Тиймээс та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 11 Энэ хот та нарт зориулан тогоо болохгүй, та нар ч түүний доторх мах болохгүй. Харин Би Израилийн хил хүртэл та нарыг шүүнэ. 12 Тийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Учир нь та нар Миний дүрмээр явалгүй, Миний зарлигийг гүйцэлдүүлэлгүй, харин та нарын эргэн тойронд буй үндэстнүүдийн зарлигийн дагуу үйлдсэн юм" гэв. 13 Ийнхүү намайг эш үзүүлж байхад Бенаиагийн хүү Пелатиа үхэв. Тэгээд би нүүрээрээ унан, чанга дуугаар хашхиран —Ээ халаг, Эзэн БУРХАН. Та Израилийн үлдэгсдийг бүрэн устгах гэж үү? гэв. 14 Тэгэхэд ЭЗЭНий үг надад ирж, — 15 Хүний хүү, чиний ах дүү нар, чиний хамаатан, чамтай хамт цөлөгдөгсөд, Израилийн бүхэл гэр, тэд бүгдэд, Иерусалимын оршин суугчдад "ЭЗЭНээс хол явагтун. Энэ газар нь бидэнд эзэмшил болгон өгөгдсөн юм" хэмээн өгүүл. 16 Тиймийн тулд "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би тэднийг алс хол, үндэстнүүдийн дунд шилжүүлж, улсуудын дунд тараасан боловч Би тэдний очсон улсуудад түр хугацаанд ч тэдний төлөө ариун газар нь болж байв»". 17 Тиймийн тулд "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би та нарыг ард түмнүүдээс цуглуулж, та нарын тараагдсан улсууд дотроос та нарыг буцаах бөгөөд Израилийн газрыг Би та нарт өгнө»". 18 Тэднийг тэнд ирэх цагт тэд хамаг жигшүүрт юмс болон хамаг бузар юмсаа тэндээс зайлуулна. 19 Би тэдэнд ганц зүрхийг өгч, тэдний дотор шинэ сүнсийг тавина. Би тэдний махан биеэс чулуун зүрхийг авч, тэдэнд махан зүрхийг өгнө. 20 Энэ нь тэд Миний дүрэм дотор явж, Миний зарлигийг сахин, түүнийг үйлдэхийн тулд юм. Тэгээд тэд Миний ард түмэн болж Би тэдний Бурхан болно. 21 Харин бузар явдал, жигшүүрт юмсынхаа араас зүрхэндээ хөтлөгддөг хүмүүсийн хувьд гэвэл, тэдний байгаа байдлыг толгой дээр нь буулгана хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна гэв. 22 Тэгээд херубууд далавчаа дэлгэхэд дугуйнууд ч тэдэнтэй хамт байсан ба Израилийн Бурханы цог жавхлан нь тэдний дээр эргэлдэв. 23 ЭЗЭНий цог жавхлан хотын дундаас хөөрөн гарч, хотын зүүн талд буй уулан дээр тогтов. 24 Сүнс намайг өргөж, Бурханы Сүнсээр үзэгдэл дотор намайг Халдеид цөлөгдөгсөд уруу авчрав. Тиймээс миний үзсэн үзэгдэл намайг орхив. 25 Дараа нь ЭЗЭНий надад үзүүлсэн бүгдийг Би цөлөгдөгсдөд өгүүлэв.
1 Тэгээд ЭЗЭНий үг надад ирж, — 2 Хүний хүү чи тэрслүү гэрийн дунд амьдарч байна. Тэд бол тэрслүү гэр учраас харах нүдтэй боловч эс харж, сонсох чихтэй боловч үл сонсдог. 3 Тийм учраас хүний хүү чи өөртөө цөлөгдөхөд зориулан ачааг бэлдэж, тэднийг харж байхад нь өдрөөр цөллөгт яв. Бүр тэднийг харж байхад нь өөрийнхөө газраас өөр газар уруу цөллөгт яв. Тэд тэрслүү гэр боловч ойлгож магадгүй. 4 Өөрийн ачааг өдрөөр тэднийг харж байхад нь цөллөгийн ачаа мэт гарга. Дараа нь чи цөллөгт явж буй хүмүүсийн адил тэднийг харж байхад нь үдшээр гарч яв. 5 Тэднийг харж байхад хананд нүх гаргаж, түүгээр гарч яв. 6 Тэднийг харж байхад ачаагаа мөрөндөө үүрч, харанхуйд авч яв. Би чамайг Израилийн гэрт зориулсан тэмдэг болгож тавьсан учир чи газрыг харж чадахгүй байхаар нүүрээ бүтээх ёстой гэв. 7 Тийнхүү би тушаасан ёсоор хийлээ. Өдрөөр би өөрийн ачааг цөллөгийн ачаа мэт гаргасан. Тэгээд үдэш нь би өөрийнхөө гараар ханыг нүхэлсэн. Би харанхуйд гарч, тэднийг харж байхад нь ачаагаа мөрөн дээрээ үүрэн явлаа. 8 Өглөө нь ЭЗЭНий үг надад ирж, — 9 Хүний хүү, тэрслүү гэр болох Израилийн гэр чамд "Чи юуг үйлдэж байна вэ?" хэмээн хэлээгүй юү? 10 Тэдэнд "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Энэ зөн нь Иерусалим дахь ноён хийгээд тэнд буй Израилийн хамаг гэрт хамаатай юм»" хэмээн өгүүл. 11 Бас "Би та нарт тэмдэг болно. Миний үйлдсэн шиг тэдэнд ч мөн үйлдэгдэнэ. Тэд олзлогдогсод болж цөллөгт явна" гэж хэл. 12 Тэдний дунд буй ноён харанхуйд ачаагаа мөрөндөө үүрэн, гарч явна. Гарч явахын тулд тэд хананд нүх гаргана. Тэр нүүрээ бүтээх болно. Ингэснээр тэр өөрийн нүдээр газрыг харж чадахгүй. 13 Би бас түүний дээр Өөрийн торыг хаяж, тэр Миний урхинд орно. Тэгээд Би түүнийг халдеичуудын нутаг дахь Вавилонд аваачна. Тэрээр тэнд үхэх боловч тэр газрыг үзэхгүй. 14 Түүнийг хүрээлэгч бүгдийг, туслагчид болон түүний цэргүүдийг Би зүг бүрд тараах болно. Би тэдний араас илдийг сугалах болно. 15 Тийнхүү Би тэднийг үндэстнүүдийн дунд тарааж, улсуудын дунд түгээх үед тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 16 Гэвч тэд очих үндэстнүүдийнхээ дунд өөрсдийн хамаг жигшүүрт юмсаа ярихын тулд Би тэднээс цөөхөн хүнийг илд, өлсгөлөн болон тахлаас хэлтрүүлэх болно. Тэгснээр тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх юм гэв. 17 Түүнээс гадна, ЭЗЭНий үг надад ирж, — 18 Хүний хүү, чичрэн байж талхаа идэн, дагжин, зовниж усаа уу. 19 Дараа нь нутгийн ард түмэнд "Израилийн нутаг дахь Иерусалимын оршин суугчдын тухай Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тэд түгшүүртэйгээр талхаа идэж, айдастайгаар усаа уух болно. Учир нь, тэдний нутаг нь тэнд амьдрагч бүгдийн хүчирхийллээс болж өөрийн элбэг байдлаа тонуулах болно. 20 Хүмүүсийн сууж байсан хотууд балгас болж, газар нь эзгүйрнэ. Тиймээс та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно»" хэмээн өгүүл гэлээ. 21 Дараа нь ЭЗЭНий үг надад ирж, — 22 Хүний хүү, Израиль нутгийн тухай "Өдрүүд урт ба аливаа үзэгдэл үгүй болно" хэмээн өгүүлж буй танай хүмүүст байдаг тэр зүйр үг нь юу вэ? 23 Тиймийн тул тэдэнд "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би энэ зүйр үгийг болиулна. Тэгснээр тэд үүнийг цаашид зүйр үг болгон Израильд хэрэглэхээ болино». Харин «Өдрүүд нь аливаа үзэгдлийн биелэлтэй хамт ойртож байна» хэмээн тэдэнд хэл. 24 Учир нь цаашид ямар ч хуурамч үзэгдэл, зусардах мэргэ төлөг Израилийн гэрийн дотор үгүй болно. 25 Учир нь ЭЗЭН Би айлдаж, Миний айлдсан үг болгон биелэгдэх болно. Энэ нь огтхон ч удаашрахгүй. Учир нь тэрслүү гэр ээ, чиний өдрүүдэд Би үгээ айлдаж, түүнийгээ биелүүлнэ» хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна" гэж өгүүл гэсэн. 26 Бас цааш нь ЭЗЭНий үг надад ирж, — 27 Хүний хүү, харагтун, Израилийн гэр "Түүний үздэг үзэгдэл нь одоогоос олон жилийн хойших үеийнх бөгөөд тэр алс ирээдүйн тухай эш үзүүлж буй" хэмээн ярьж байна. 28 Тиймийн тул тэдэнд "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Миний үгсийн аль нь ч хойшид удаашрахгүй. Миний айлдах ямар ч үг биелэгдсэн байх болно»" хэмээн өгүүл гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна гэж өгүүл хэмээв.
1 Тэгээд ЭЗЭНий үг надад ирж, — 2 Хүний хүү, эш үзүүлж буй Израилийн эш үзүүлэгчдийн эсрэг эш үзүүлж, өөрсдийн зүрхнээсээ эш үзүүлж буй хүмүүст хандан "ЭЗЭНий үгийг сонсогтун! 3 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Юуг ч үзээгүй атал өөрийн сүнсийг дагаж буй мунхаг эш үзүүлэгчид хөөрхий еэ. 4 Израиль аа, чиний эш үзүүлэгчид чинь балгасан дахь үнэгүүд адил байсан. 5 Та нар цөмөрхийнүүд уруу ч ороогүй, ЭЗЭНий өдөр тулалдаанд бат зогсохын тулд Израилийн гэрийг тойруулан хана ч босгоогүй. 6 Тэд худал хуурмагийг үзэж, ЭЗЭН тэднийг илгээгээгүй байхад "ЭЗЭН тунхаглаж байна" хэмээн хэлж худал мэргэ төлгийг үйлдэж байна. Гэсэн ч тэд өөрсдийн үгсийн биелэлтэд найдаж байна. 7 Намайг айлдаагүй байхад "ЭЗЭН тунхаглаж байна" гэж хэлэх үедээ та нар хуурмаг үзэгдлийг үзэж, худал мэргэ төлгийг хэлсэн бус уу?»" гэв. 8 Тиймийн тул Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. —Та нар худал хуурмагийг өгүүлж, худлыг үзсэн учир, тиймээс харагтун, Би та нарын эсрэг байна гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. — 9 Тиймээс Миний мутар нь хуурмаг үзэгдлийг үзэж, худал мэргэ төлгийг ярьж буй эш үзүүлэгчдийн эсрэг байх болно. Тэд Миний ард түмний зөвлөлд байх газаргүй болж, тэд Израилийн гэрийн цадигт ч бичигдэхгүй, Израилийн газарт ч орохгүй. Энэ нь та нар Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэдэхийн тулд юм. 10 Энэ нь амар тайван биш атал "Амар тайван" хэмээн өгүүлж Миний ард түмнийг мэхэлсэн учраас гэдэг нь мэдээж юм. Хэн нэгэн нь ханыг барихад харагтун, тэд түүнийг шохойдно. 11 Тиймээс түүнийг шохойдогчдод энэ нь нурах болно гэдгийг хэл. Аадар бороо орно. Мөн мөндөр та нар унацгаа. Ширүүн салхи гарах болно. 12 Харагтун. Тэгэхэд хана нь нурж унахад "Та нар үүнийг шохойдсон бус уу?" хэмээн та нараас асуух бус уу?. 13 Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. —Би Өөрийн хилэн дотор ширүүн салхийг гаргана. Тэнд бас Миний ууран дотор аадар бороо, мөн үүнийг хилэн дотор залгих мөндөр ч байх болно. 14 Тиймээс Би шохойдсон ханыг чинь нурааж, түүнийг доошоо газарт унагана. Ингэснээр түүний суурь нь ил гарна. Хана нурахад та нар түүний дунд устах болно. Та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 15 Тийнхүү Би хана болон түүнийг шохойдогчид дээр Өөрийн хилэнг гүйцээнэ. Би та нарт "Хана ч алга болж, түүнийг шохойдогчид байхгүй болов. 16 Мөн Иерусалимд эш үзүүлэн, амар тайван биш атал түүнд зориулан амар тайвны үзэгдлийг үзэж байсан Израилийн эш үзүүлэгчид ч алга болов" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. — 17 Одоо хүний хүү чи өөрийн зүрхнээсээ эш үзүүлж буй, чиний ард түмний охидын эсрэг царайгаа хандуул. Тэдний эсрэг эш үзүүлж, 18 "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Бүх бугуйнд шидэт уяаг оёж, амийг нь авлахаар янз бүрийн өндөртэй хүмүүсийн толгойд зориулан гивлүүр хийгч эмэгтэйчүүд гаслантай яа. Та нар Миний ард түмний амийг авлаад, харин бусдын амийг өөрсөддөө хадгалах уу? 19 Худлыг сонсож буй Миний ард түмэнд худал хэлснээрээ үхэх ёсгүй хүмүүсийг үхүүлж, амьдрах ёсгүй хүмүүсийг амьдруулахаар атга арвай, зүсэм талхны төлөө та нар Намайг Миний ард түмэнд бузарлав»" гэж өгүүл. 20 Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. —Харагтун, тэнд шувуу мэт амийг авлах та нарын шидэт уяаны эсрэг Би байгаа бөгөөд Би тэдгээрийг та нарын гараас тасална. Та нарын шувуу мэт агнах тэдгээр амиудыг ч хүртэл, тэднийг Би явуулах болно. 21 Би бас та нарын гивлүүрүүдийг хуу татаж, Өөрийн ард түмнийг та нарын гараас чөлөөлнө. Тэд авлагдахаар та нарын гарт хойшид байхгүй байх болно. Та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 22 Учир нь Би түүнийг гашуудуулаагүй байхад та нар зөвт хүнийг худал хуурмагаар мохоосон атлаа, харин хорон муу үйлстэнийг өөрийнх нь хорон муу замаас салгалгүй, амиа хамгаалахгүй байхад урамшуулсан. 23 Тиймийн тулд эмэгтэйчүүд та нар цаашид хуурмаг үзэгдлийг үзээгүй, эсвэл мэргэ төлгийг үйлдэхгүй. Би Өөрийн ард түмнийг та нарын гараас чөлөөлнө. Ийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
1 Дараа нь Израилийн зарим ахмадууд над уруу ирж, миний өмнө суув. 2 ЭЗЭНий үг надад ирж, — 3 Хүний хүү, эдгээр хүмүүс шүтээнүүдээ өөрсдийн зүрхнүүдэд байрлуулж, өөрсдийн гэм буруугийн бүдрэх чулууг өөрсдийн нүүрнүүдийн яг өмнө тавьжээ. Би ер нь тэднээр асуугдах ёстой гэж үү? 4 Тиймийн тулд тэдэнтэй ярьж, тэдэнд "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Зүрхэндээ өөрийн шүтээнүүдийг байрлуулж, өөрийн гэм буруугийн бүдрэх чулууг өөрийнхөө нүүрний өмнө тавиад эш үзүүлэгч уруу ирдэг, Израилийн гэрийн ямар ч хүнд ЭЗЭН Би шүтээнүүдийнх нь тоо томшгүй байдлаар нь түүнд хариулахаар авчрагдах болно. 5 Энэ нь өөрсдийн бүх шүтээнүүдээр дамжуулан Надаас тусгаарласан Израилийн гэрийн зүрхнүүдийг барьж байхын тулд юм»". 6 Тиймийн тулд Израилийн гэрт өгүүл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Гэмшиж, өөрсдийн шүтээнүүдээс эргэж, өөрсдийн хамаг жигшүүрт зүйлсээс нүүрээ буруул. 7 Учир нь Израилийн гэрийнхнээс, эсвэл Израильд буй цагаачдаас хэн нэг нь өөрийгөө Надаас салгаж, зүрхэндээ шүтээнүүдээ байрлуулж, өөрийн гэм буруугийн бүдрэх чулууг яг нүүрнийхээ өмнө тавиад, өөрийнхөө төлөө Надаас асуухаар эш үзүүлэгч уруу ирвэл ЭЗЭН Би түүнд хариулахаар Өөрийн биеэр авчрагдах болно. 8 Би Өөрийн нүүрийг тэр хүний эсрэг хандуулж, түүнийг тэмдэг, зүйр үг болгож, Өөрийн ард түмний дундаас түүнийг таслах болно. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 9 Харин, хэрэв эш үзүүлэгч үг хэлэхээр ятгагдсан бол тэр эш үзүүлэгчийг ятгасан нь ЭЗЭН Би бөгөөд Би түүний эсрэг мутраа сунгаж, Өөрийн ард түмэн Израилийн дундаас түүнийг устгах болно. 10 Тэд өөрсдийн гэм буруугийн шийтгэлийг үүрэх болно. Асуугчийн гэм буруугийн адил эш үзүүлэгчийн гэм буруу нь түүнчлэн байх болно. 11 Энэ нь Израилийн гэр хойшид Надаас төөрөлгүй, өөрсдийн хамаг нүглээр өөрсдийгөө хойшид бузарлахгүйн тулд юм. Ийнхүү тэд Миний ард түмэн, Би тэдний Бурхан болно»" хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна. 12 Дараа нь ЭЗЭНий үг надад ирж, — 13 Хүний хүү, хэрвээ улс орон итгэлгүй байдал гарган Миний эсрэг нүглүүдийг үйлдэж, Би түүний эсрэг мутраа сунгаж, талхных нь нөөцийг устгаж, түүний эсрэг өлсгөлөн илгээж, хүн, амьтдын аль алиныг нь түүнээс таслан устгах аваас, 14 эдгээр гурван хүн болох Ноа, Даниел болон Иов нар түүний дунд байсан ч, өөрсдийнхөө зөвт байдлаар тэд өөрсдийгөө л аварч чадах байсан юм хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна. 15 Хэрэв Би газраар догшин араатнуудыг явуулж, тэд түүнийг үр хүүхдүүдээс нь хагацааж, тэр нь эзгүйрэн, ингэснээр араатнуудаас болж түүгээр дайран өнгөрөх хүн үгүй болбол, 16 түүний дунд эдгээр гурван хүн байсан ч, Би амьд буйгаараа тангараглая. Тэд өөрсдийн хөвгүүдийг ч, охидыг ч аварч үл чадна. Зөвхөн тэд өөрсдөө л аврагдах байсан. Харин тэр нутаг эзгүйрнэ гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 17 Эсвэл Би тэр улс дээр илдийг авчирж "Илд нь улсыг дайран өнгөрч, тэндээс хүн ба амьтныг таслаг" хэмээн айлдсан байх аваас, 18 эдгээр гурван хүн түүний дунд байсан ч, Би амьд буйгаараа тангараглая, тэд өөрсдийн хөвгүүдийг ч, охидыг ч аварч үл чадна. Харин зөвхөн тэд өөрсдөө л аврагдах байсан хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна. 19 Эсвэл, хэрвээ Би тэр улсын эсрэг гамшиг явуулж, хүн ба амьтныг тэндээс таслахын тулд цусан дотор Өөрийн хилэнгээ түүн уруу цутгавал, 20 Ноа, Даниел, Иов нар түүний дунд байсан ч, Би амьд буйгаараа тангараглая, тэд өөрсдийн хөвгүүдийг ч, охидыг ч аварч үл чадна. Тэд өөрсдийн зөвт байдлаар зөвхөн өөрсдийгөө л аварч чадах байсан хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна. 21 Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. —Хүн, амьтныг түүнээс таслахын тулд Би Өөрийн дөрвөн хүнд шийтгэл болох илд, өлсгөлөн, зэрлэг араатан, гай гамшгийг Иерусалимд хэр их илгээх юм бэ? 22 Гэсэн ч харагтун! Гадагш гаргагдах хөвгүүд охид хоёулаа, үлдэгсэд тэнд үлдэх болно. Харагтун, тэд та нар уруу ирэх гэж байгаа бөгөөд та нар тэдний байдал болон үйлдлийг үзэх болно. Тэгэхэд Иерусалим дээр Миний авчирсан гай зовлон, Миний тэнд авчирсан бүх зүйлсийн төлөө та нар тайвшруулагдах болно. 23 Дараа нь та нар тэдний байдал болон үйлдлийг үзэх үед тэд та нарыг тайвшруулна. Учир нь түүнд үйлдсэн ямар ч юмыг Би дэмий хоосноор үйлдээгүй гэдгийг та нар мэдэх болно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
1 Дараа нь ЭЗЭНий үг надад ирж, — 2 Хүний хүү, ойн моддын дундах мөчрийн модноос усан үзмийн мод юугаар илүү билээ? 3 Ямар нэгэн зүйл хийхээр түүнээс мод авч, эсвэл ямар нэгэн савыг өлгөх дэгээг хүмүүс түүнээс авч чадах уу? 4 Хэрвээ энэ нь түлээ болгогдон галд хаягдаж, гал түүний хоёр үзүүрийг шатааж, түүний дунд хэсэг нь нүүрс болсон бол, тэгвэл тэр нь ямар нэгэн юманд ашигтай байх уу? 5 Харагтун, тэр нь бүтэн байх зуур түүгээр юу ч хийдэггүй байтал, тэгэх тусмаа галд түүнийг шатааж, тэр нүүрс болбол, түүгээр ямар нэг юм хийж чадна гэж үү? 6 Тиймийн тул Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Галд Миний түлээ болгон өгсөн, ойн моддын дундах усан үзмийн мод адил, тийнхүү Би Иерусалимын оршин суугчдыг өгсөн. 7 Би Өөрийн нүүрээ тэдний эсрэг хандуулав. Тэд галаас гарч ирсэн ч гал тэднийг шатаах болно. Би нүүрээ тэдний эсрэг хандуулсан үед та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 8 Тийнхүү тэд итгэмжгүйгээр үйлдсэн тул Би газрыг хоосруулах болно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
1 Дараа нь ЭЗЭНий үг надад ирж, — 2 Хүний хүү, Иерусалимд өөрийнх нь жигшүүрт юмсыг мэдүүлж, 3 хэлэгтүн. "Эзэн БУРХАН Иерусалимд ийнхүү айлдаж байна. «Чиний уг гарал хийгээд чиний төрөлт нь канаанчуудын газраас бөгөөд чиний эцэг бол амори хүн, чиний эх бол хит хүн байсан. 4 Чиний төрөлтийн хувьд гэвэл, чамайг төрсөн өдөрт чиний хүй ч таслагдаагүй, цэвэрлэхийн тулд чамайг усаар ч угаагаагүй. Чи давсаар ч үрүүлээгүй, даавуугаар ч өлгийдүүлээгүй. 5 Чамайг өрөвдөн эдгээр үйлийн нэгийг ч болов чамд үйлдэхээр нэг ч нүд чамайг энэрэн хараагүй. Харин чамайг хээр талд хаясан. Учир нь чи төрсөн өдөртөө жигшигджээ. 6 Би чиний дэргэдүүр өнгөрч, чамайг цусандаа тийчлэн байхыг харсан үед, чамайг цустай хэвээр байхад чинь Би чамд "Амьдар" хэмээсэн. Чамайг цустай хэвээр байхад чинь Би чамд "Амьдар" хэмээн айлдсан билээ. 7 Би чамайг хээрийн өвс ногоо адил тоо томшгүй болгов. Тэгээд чи өсөөд, өндөр болж, сайхан чимэглэл зүүх насанд хүрчээ. Хөх чинь ургаж, үс чинь ургаж гүйцэв. Гэсэн ч чи нүцгэн, шалдан байв. 8 Би чиний хажуугаар өнгөрч, чамайг харсанд, харагтун, чи хайрлуулах насан дээр байжээ. Тиймээс Би хормойгоо чиний дээгүүр дэлгэж чиний нүцгэнийг бүтээсэн. Би бас чамд тангараглан, чамайг Минийх болгохоор чамтай гэрээнд нэгдсэн» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 9 «Тэгээд Би чамайг усанд булхан, чамаас цусыг чинь угаан, чамайг тосоор тосолжээ. 10 Би бас чамайг хатгамалтай хувцсаар хувцаслаж, чиний хөлд далайн гахайн арьсан шаахайг өмсгөсөн. Би чамайг нарийн маалингаар ороож, торгоор бүтээв. 11 Би чамайг чимэглэлүүдээр гоёж, чиний гарт бугуйвчийг хийж, чиний хүзүүнд зүүлт зүүлгэсэн. 12 Би бас хамарт чинь гархи хийж, чихэнд чинь ээмэг зүүн, толгой дээр чинь үзэсгэлэнт титмийг тавив. 13 Ийнхүү чи алт, мөнгөөр гоёж, өмсгөл чинь нарийн маалинга, торгон болон хатгамалтай даавуугаар хийгджээ. Чи сайн гурил, зөгийн бал, тосыг идэв. Тиймээс чи ихэд үзэсгэлэн гоо, тэргүүн алдартай болсон. 14 Дараа нь чиний гоо үзэсгэлэнгээс болж чиний нэр алдар үндэстнүүдийн дунд тархав. Учир нь Миний чамд соёрхсон Миний сүр жавхлангаас болж энэ нь төгс байсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 15 «Гэвч чи гоо үзэсгэлэндээ итгэж, өөрийн нэр алдраас болж садар самууныг үйлдэн, хажуугаар өнгөрөгч болгон дээр завхайрлаа асгасан. 16 Чи өөрийн зарим хувцаснуудыг авч, янз бүрийн өнгөтэй мөргөлийн өндөрлөгүүдийг өөрсөддөө бүтээж, тэдний дээр бий болох ёсгүй, тохиолдох ёсгүй садар самууныг үйлдэв. 17 Чи бас Миний чамд өгсөн Миний алт, Миний мөнгөөр хийсэн үзэсгэлэнт эрдэнэсийг авч, өөртөө зориулан садар самуун үйлдэхээр эрэгтэй хөрөг дүрс хийсэн. 18 Дараа нь чи өөрийн хатгамалтай хувцаснуудыг авч, тэднийг бүтээн, Миний тос болон Миний утлагыг тэдний өмнө өргөв. 19 Мөн чамд өгсөн Миний талх хийгээд чамайг тэжээсэн сайн гурил, тос болон зөгийн балыг чи тэдний өмнө тайвшруулах тааламжит үнэр болгож өргөв. Тийнхүү энэ нь тохиолдов» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 20 «Үүнээс гадна, Надад төрүүлсэн өөрийн хөвгүүд, охидыг чи авч, идүүлэхийн тулд шүтээнүүдэд тэднийг тахив. Чиний садар самуун нь өчүүхэн хэрэг байсан уу? 21 Чи Миний хүүхдүүдийг нядалж, тэднийг гал дундуур гаргаж, шүтээнүүдэд өргөсөн. 22 Чиний бүх жигшүүрт юмс, садар самуунаас гадна чи нүцгэн, шалдан цусандаа тийчлэн байсныг болон өөрийн залуу насны өдрүүдийг санаагүй. 23 Тэгээд өөрийн бүх хорон муу явдлын хойно ("Чи золгүй еэ, золгүй еэ" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.), 24 чи өөртөө бунхан барьж, талбай болгонд өөртөө зориулан мөргөлийн өндөрлөгүүдийг босгосон. 25 Гудамж болгоны үзүүрт чи өөртөө мөргөлийн өндөрлөгүүд барьж, өөрийн гоо үзэсгэлэнг жигшүүрт зүйл болгон, садар самуунаа ихэсгэхээр хажуугаар өнгөрөгч болгон уруу хөлөө сунгасан. 26 Бас өөрийн тачаангүй хөршүүд болох египетчүүдтэй садар самууныг үйлдэн, Намайг уурлуулахаар садар самуунаа олшруулсан. 27 Одоо харагтун. Би чиний эсрэг мутраа сунган, чиний хүнсний хангамжийг хассан. Чамайг үзэн яддаг, чиний ёс журамгүй байдлаас ичсэн филистчүүдийн охидын хүсэлд Би чамайг тушаасан. 28 Түүгээр ч барахгүй, чи ханаагүй учраас ассиричуудтай садар самууныг үйлдэв. Чи тэдэнтэй садар самууныг үйлдсэн ч бас ханаагүй. 29 Чи бас худалдаачдын газар болох Халдеитай садар самууныг үлэмж ихээр үйлдсэн боловч үүгээр ч чи ханасангүй»". 30 "Чи эдгээр бүх зүйлс болох ичгүүргүй янхан эмийн үйлдлийг хийж байхад чиний зүрх юутай их доройтов оо" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 31 "Чи гудамж болгоны эхэнд өөрийн бунхнаа барьж, талбай болгонд өөрийн мөргөлийн өндөрлөгүүдийг хийж байхдаа мөнгийг басамжилснаар чи янхантай адил байгаагүй. 32 Чи бол нөхрийнхөө оронд танихгүй эрийг авдаг завхай эхнэр юм. 33 Эрчүүд бүх янхан эмсэд бэлэг өгдөг атал, харин чи өөртэйгөө завхайруулахын төлөө өөр уруугаа зүг бүрээс ирүүлэхээр тэднийг хахуульдахын тулд чи өөрийн бүх хайртууддаа бэлгүүд өгдөг. 34 Ийнхүү чи өөрийн садар самуун дотор тэдгээр эмсээс ялгаатай юм. Чи мөнгийг өгдөг, чамд мөнгө өгдөггүй учир хэн ч чинийх шиг завхайрдаггүй. Ийнхүү чи ялгаатай юм". 35 Тийм учраас янхан аа, ЭЗЭНий үгийг сонс. 36 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Чи өөрийн амрагуудтайгаа, өөрийн бүх жигшүүрт шүтээнүүдтэйгээ садарласнаар өөрийнхөө тачаангуй байдлыг асгаж, нүцгэн биеэ дэлгэсэн учраас, мөн шүтээнүүдэд чиний өгсөн хөвгүүдийн чинь цусны төлөө, 37 тиймийн тулд харагтун, Би одоо чиний таашаал авсан бүх амрагуудыг чинь, бүр чиний хайрлаж байсан, чиний үзэн ядаж байсан бүгдийг цуглуулна. Тиймээс Би тэднийг чиний эсрэг зүг бүрээс цуглуулж, тэдэнд чиний нүцгэн биеийг бүхэлд нь харуулахын тулд чиний нүцгэнийг тэдэнд дэлгэх болно. 38 Тийнхүү завхайрлыг үйлдсэн, эсвэл цус урсгасан эмийг шүүдэг мэт чамайг Би шүүх болно. Би чам дээр хилэнгийн хардалтын цусыг авчирна. 39 Мөн Би чамайг амрагуудын чинь гарт өгч, тэд чиний бунхнуудыг эвдэж мөргөлийн өндөрлөгүүдийг чинь нурааж, чиний хувцсыг тайчин, үнэт эдлэлийг чинь булаан авч, чамайг нүцгэн, шалдан орхино. 40 Тэд олон түмнийг чиний эсрэг турхирч, чамайг чулуугаар чулуудаж, сэлмүүдээрээ чамайг тастчина. 41 Тэд чиний гэрүүдийг галдан шатааж, олон эмсийн нүдэн дээр чамайг шүүнэ. Тэгээд Би чиний садар самууныг зогсоож, цаашид чи амрагууддаа хөлс төлөхөө болино. 42 Тиймээс Би чиний эсрэг буй уур хилэнгээ номхруулж, Миний хардалт чамаас салж, Би тайтгаран цаашид уурлахгүй. 43 Чи залуу насныхаа өдрүүдийг санаагүй, харин эдгээр бүх зүйлсээр Намайг хилэгнүүлсэн тул, харагтун, Би үүний хариуд чиний байгаа байдлыг толгой дээр чинь авчирна" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. "Ингэснээр чи бусад бүх жигшүүрт юмс дээрээ нэмэн энэ ёс бус явдлыг үйлдэхгүй юм. 44 Харагтун, зүйр үгийг иш татагч хүн болгон чиний тухай энэхүү зүйр үгийг иш татан «Эх нь шийр алаг бол охин нь бөөр алаг» гэж хэлэх болно. 45 Өөрийн нөхөр, хүүхдээ жигшсэн эхийн охин нь чи мөн. Өөрсдийн нөхөр, хүүхдүүдээ жигшсэн эгч дүүсийн эгч дүү бол чи мөн. Чиний эх бол хит хүн, чиний эцэг бол амори хүн билээ. 46 Эдүгээ чиний эгч бол охидынхоо хамт чиний хойд зүгт амьдарч буй Самари юм. Чиний охин дүү бол охидынхоо хамт чиний урд зүгт амьдарч буй Содом юм. 47 Гэсэн ч чи тэдний замаар ердөө алхаагүй, тэдний жигшүүрт үйлсийг дуурайгаагүй. Гэвч энэ нь өчүүхэн зүйл мэт, чи өөрийн бүх хандлагаараа тэднээс илүүгээр завхайрлыг үйлдэв". 48 Эзэн БУРХАН тунхаглаж байна. "Би амьд байгаатай адил, чиний дүү Содом хийгээд түүний охид нь чи болон чиний охидын хийсэн шиг зүйлсийг хийгээгүй. 49 Харагтун, чиний дүү Содомын гэм нь энэ байсан юм. Тэр болон түүний охид бардам зан, элбэг дэлбэг хоол, назгай тайван байдалтай байсан боловч ядууст, үгээгүйчүүдэд туслаагүй. 50 Тийнхүү тэд ихэрхүү байсан бөгөөд Миний өмнө жигшүүрт үйлсийг үйлдсэн. Тийм учир Би хармагцаа тэднийг зайлуулсан. 51 Түүгээр ч барахгүй Самари ч чиний нүглүүдийн хагасыг нь ч эс үйлдэв. Учир нь чи тэднээс илүүгээр жигшүүрт үйлсээ олшруулсан. Тийнхүү чи үйлдсэн хамаг жигшүүрт үйлсээрээ өөрийн эгч дүүсийг зөв болгон харуулав. 52 Мөн өөрийн ичгүүрийг үүрсэн бөгөөд үүгээрээ чи эгч дүүсийнхээ хувьд шүүлтийг тааламжит болгов. Чиний үйлдсэн нүглүүд нь тэднийхээс илүү жигшүүртэй учраас тэд чамаас илүү зөв юм. Тийм ээ, бас ичиж зовон, ичгүүрээ үүр. Үүгээрээ чи эгч дүүсээ зөв болгон харуулсан. 53 Тэгэвч Би Содом болон түүний охидыг, Самари болон түүний охидыг олзноос сэргээн, мөн тэдний хамт чамайг өөрийг чинь олзноос гаргана. 54 Энэ нь чи тэдний хувь тайтгарал болох үедээ өөрийн гутамшгийг үүрч, үйлдсэн бүхнийхээ төлөө ичгүүрийг амсахын тулд юм. 55 Чиний эгч дүүс болох Содом охидтойгоо хамт, Самари охидтойгоо хамт өөрсдийн урьдын газарт буцаж, бас чи охидтойгоо хамт өөрийн урьдын газартаа буцаж ирнэ. 56 Чиний бардамналын өдөрт чиний охин дүү Содомын нэр уруулаас чинь дурсагдаагүйтэй адил, 57 (энэ нь чиний хорон муу дэлгэгдсэнээс өмнө) одоо чи Едомын охид болон түүний эргэн тойрон дахь бүхний, чамайг тойрон зэвүүцэх филистчүүдийн охидын зэмлэл болж байна. 58 Чи өөрийн завхай явдал болон жигшүүрт үйлсийг төрүүлжээ" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 59 Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Би бас чиний үйлдсэнчлэн чамд үйлдэнэ. Чи гэрээг зөрчсөнөөрөө тангаргийг жигшсэн. 60 Гэсэн ч чиний залуу насны өдрүүдэд чамтай байгуулсан Өөрийн гэрээгээ Би санаж, чамтай мөнхийн гэрээг байгуулна. 61 Тэгээд чи өөрийн замуудыг санаж, өөрийн эгч дүүс болох эгч ба охин дүү хоёрыг хүлээн авахдаа чи ичих болно. Би тэднийг чамд охид болгон өгөх боловч энэ нь чиний гэрээнээс болоогүй юм. 62 Ийнхүү Би чамтай Өөрийн гэрээг байгуулах бөгөөд чи Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 63 Энэ нь чиний үйлдсэн бүхний төлөө Би чамайг уучлах цагт, чи санан ичиж, өөрийн доромжлолоос болж дахин хэзээ ч амаа нээхгүйн тулд юм" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
1 ЭЗЭНий үг надад ирж, — 2 Хүний хүү, Израилийн гэрт тааврыг таалгаж, сургаалт зүйрлэлийг өгүүлэн, 3 "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Том далавчтай, урт жигүүртэй, олон өнгийн их өдтэй маш том бүргэд Ливанд нисэн ирж, хуш модны оройг авч одов. 4 Тэр түүний залуу мөчрүүдийн оройг таслан авч, түүнийг наймаачдын газарт авчрав. Тэр түүнийг худалдаачдын хотод тавив. 5 Тэр бас газрын зарим үрийг авч, түүнийг үржил шимтэй газарт суулгасан. Тэр түүнийг их усны дэргэд байрлуулжээ. Тэр түүнийг уд мод адил суулгав. 6 Дараа нь тэр нахиалж, өөр уруу нь харсан мөчрүүдтэй намхан саглагар усан үзмийн мод болжээ. Харин түүний үндэс нь доороо үлдэв. Ийнхүү тэр нь усан үзмийн мод болж, салаануудыг гаргаж, мөчрүүдийг сунгажээ. 7 Гэвч том далавчтай, их өдтэй өөр нэгэн маш том бүргэд байв. Харагтун, тэр бүргэдээр услуулахын тулд энэ усан үзмийн мод нь түүний зүгт өөрийнхөө үндсээ хандуулж, өөрийн таригдсан мандлаасаа өөрийнхөө мөчрүүдээ тэр бүргэдийн зүг сунгав. 8 Мөчрүүдийг ургуулж, жимснүүдийг гарган, гайхмаар сайхан усан үзмийн мод болохын тулд энэ нь элбэг усны дэргэд шимтэй газарт суулгагдсан шүү дээ»" хэмээгтүн. 9 Хэлэгтүн, "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тэр нь өтгөн ургах уу? Тэр түүний үндсийг сугалж, түүний жимсийг таслах бус уу? Ингэвэл усан үзмийн мод хатаж, бүх нахиалах навчнууд нь гандах юм. Аугаа хүчээр ч, олон хүнээр ч тэр нь үндэснээсээ дахин босож чадахгүй. 10 Харагтун, тэр таригдсан боловч өтгөн ургах уу? Дорны салхи түүнийг цохиход л тэр нь бүрмөсөн хатаж, ургасан мандалдаа хатах бус уу»" гэжээ. 11 Үүнээс гадна, ЭЗЭНий үг надад ирж, — 12 Одоо тэрслүү гэрт хэл. Эдгээр зүйлс нь юу болохыг та нар мэдэхгүй гэж үү? Харагтун. Вавилоны хаан Иерусалимд ирж, хаан хийгээд ноёдыг нь авч, Вавилонд өөртөө тэднийг авчрав. 13 Тэр сурвалжит гэр бүлээс нэгийг авч, түүнийг тангараг доор оруулан, түүнтэй гэрээ байгуулжээ. Тэр бас газрын хүчтэнүүдийг аваад явав. 14 Энэ нь уг хаанчлал өөрийгөө өргөмжлөхгүй, харин өөрийн гэрээг үргэлжлүүлэхийн тулд сахьж, эрхшээлд байхын тулд юм. 15 Гэтэл тэр түүний эсрэг тэрсэлж, морьд болон олон цэргийг авахын тулд элч нарыг Египет уруу илгээв. Тэр амжилт олох уу? Ийм зүйлсийг хийдэг тэр амь мултрах уу? Тэр үнэхээр гэрээг зөрчин амь мултарч чадах уу? 16 Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Үнэхээр өөрийг нь сэнтийнд залсан хааны орон болох Вавилонд түүнтэй хийсэн тангаргийг жигшиж, гэрээг зөрчсөний учир тэр үхэх болно" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 17 "Олон амийг таслахаар тэд далан ухаж, бүслэх ханыг босгож байхад хүчирхэг нөхөр нь, Фараон их цэргийнхээ хамт түүнд дайтахад нь туслахгүй. 18 Одоо тэр гэрээг зөрчсөнөөрөө тангаргийг жигшив. Харагтун, тэр өөрийн үнэнч зүтгэлийг амласан боловч эдгээр бүх зүйлсийг үйлдэв. Тэр амь мултрахгүй" гэв. 19 Тийм учраас Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Үнэхээр түүний жигшсэн Миний тангараг, түүний зөрчсөн Миний гэрээг Би түүний толгой дээр оноох болно. 20 Би түүний дээр Өөрийн торыг дэлгэж, тэр Миний урхинд баригдах болно. Дараа нь Би түүнийг Вавилон уруу аваачин, Миний эсрэг түүний үйлдсэн үнэнч бус үйлдлийн төлөө тэнд түүнийг шүүх болно. 21 Түүний бүх цэргийн доторх хамаг шилмэл эрс илдэнд алагдаж, үлдэгсэд нь зүг бүрд тараагдана. ЭЗЭН Би айлдсаныг та нар мэдэх болно". 22 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. —Би бас хуш модны сүрлэг оройгоос мөчир авч, түүнийг тарих болно. Би түүний залуу мөчрүүдийн хамгийн оройгоос зөөлөн мөчрийг зулгааж, өндөр, сүрлэг уулан дээр тарих болно. 23 Тэр нь гишүүг дэлгэж, жимс гарган, сүрлэг хуш мод болохын тулд Израилийн өндөр ууланд Би түүнийг суулгана. Түүний доор төрөл бүрийн шувууд үүрлэнэ. Тэд түүний мөчрүүдийн сүүдэрт үүрлэх болно. 24 Хээрийн бүх модод Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Би өндөр модыг нам болгож, намхан модыг өндөр болгож, ногоон модыг хувхайруулж, хатсан модыг сагсайлган ургуулдаг. Би бол ЭЗЭН. Би айлдсан бөгөөд Би үүнийг үйлдэнэ.
1 Дараа нь ЭЗЭНий үг надад ирж, — 2 Израилийн газрын тухай "Эцгүүд нь гашуун усан үзмийг идэж, харин хүүхдүүдийнх нь шүд мохно" хэмээх энэхүү зүйр үгийг та нар өгүүлснээрээ юуг хэлэхийг хүсдэг вэ? 3 Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Та нар үнэхээр энэ зүйр үгийг Израильд дахин хэрэглэхгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 4 "Харагтун, бүх сэтгэлүүд Минийх юм. Эцгийн сүнс, хөвгүүний сүнстэй адил Минийх юм. Нүглийг үйлдэгч сэтгэл нь үхэх болно. 5 Гэвч хэрэв хүн нь зөвт бөгөөд шударга, үнэн зөвийг үйлдэн, 6 уулын бунхан дээр үл идэн, Израилийн гэрийн шүтээнүүд уруу нүдээ өргөлгүй, хөршийнхөө эхнэрийг эс бузарлан, сарын тэмдгийнх нь үед эмэгтэйд хүрдэггүй бол, 7 хэрэв хүн хэнийг ч үл дарлан, харин өртөнд барьцааных нь юмыг буцааж өгдөг бол, дээрэм тонуул хийдэггүй, харин өлссөн хүнд өөрийн талхыг өгч, нүцгэн хүнд хувцас нөмөргөдөг бол, 8 хэрэв тэр мөнгийг хүүтэй зээлүүлдэггүй, эсвэл өсгөж авдаггүй бол, хэрэв тэр өөрийн гараа гэм буруугаас татаж, хүн хүний хооронд үнэн шүүхийг гүйцэлдүүлдэг бол, 9 хэрэв тэр итгэлтэйгээр хандахын тулд Миний тогтоол болон Миний зарлигаар алхдаг бол тийм хүн зөвт хүн бөгөөд заавал амьдарна" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 10 "Дараа нь тэр цус урсгадаг, эдгээр зүйлсийн алийг нь ч ах дүүдээ хийдэг хэрцгий хүүтэй болж болох юм. 11 Хэдийгээр тэр өөрөө эдгээр зүйлсийн алийг нь ч хийгээгүй боловч хүү нь уулын бунхан дээр хүртэл идэж, хөршийнхөө эхнэрийг бузарлаж, 12 ядуу болон үгээгүйг дарлан, дээрэм тонуул хийж, барьцааг буцаадаггүй, харин шүтээнүүд уруу нүдээ өргөж, жигшүүрт хэргийг үйлддэг, 13 мөнгийг хүүтэйгээр зээлүүлж, өсгөж авдаг. Тэр амьдрах уу? Тэр амьдрахгүй. Тэр эдгээр бүх жигшүүрт юмсыг үйлдсэн учир тэр заавал үхэх болно. Түүний цус түүний өөрийнх нь толгой дээр байх болно. 14 Одоо харагтун, эцгийнхээ үйлдсэн бүх нүглийг ажигласан бөгөөд ажиглахдаа түүнчлэн үйлдээгүй хүүтэй хүн байжээ. 15 Тэр уулын бунхан дээр үл идэн, Израилийн гэрийн шүтээнүүд уруу нүдээ үл өргөн, хөршийнхөө эхнэрийг эс бузарлан, 16 хэнийг ч үл дарлан, барьцааны юмыг үл даран, дээрэм тонуул хийлгүй, харин өлссөн хүнд өөрийн талхыг өгч, нүцгэнд хувцас нөмөргөн, 17 тэр ядуучуудаас гараа аван, хүү эсвэл нэмэгдлийг үл аван, харин Миний зарлигийг гүйцэлдүүлж, Миний тогтоолыг дагаж явдаг. Тэр эцгийнхээ гэм буруугийн төлөө үхэхгүй, заавал амьдарна. 18 Түүний эцгийн хувьд гэвэл, тэр авилгалыг үйлдэн, ах дүүгээ тонон, өөрийн ард түмний дунд сайн бусыг үйлдсэн учраас харагтун, тэр өөрийн гэм буруугийн төлөө үхнэ. 19 Гэсэн ч та нар «Яагаад хүү нь эцгийнхээ гэм буруугийн төлөөх шийтгэлийг эс үүрнэ вэ?» хэмээн өгүүлдэг. Хүү нь шударга, үнэн зөвийг үйлдэн, Миний хамаг тогтоолыг сахин тэдгээрийг үйлдсэн үед тэр заавал амьдарна. 20 Нүглийг үйлдэгч нь үхэх болно. Хүү нь эцгийнхээ гэм буруугийн төлөөх шийтгэлийг үүрэхгүй, эцэг нь ч хүүгийнхээ гэм буруугийн төлөөх шийтгэлийг үүрэхгүй. Зөвт хүний зөв байдал өөр дээр нь байж, хорон муу хүний хорон муу байдал өөр дээр нь үлдэнэ. 21 Гэвч хэрэв хорон муу хүн өөрийн үйлдсэн хамаг нүглээс эргэж, Миний бүх тогтоолыг сахин, шударга, үнэн зөвийг үйлдэх аваас тэр нь заавал амьдарна. Тэр үхэхгүй. 22 Түүний үйлдсэн хамаг хилэнц нь түүний эсрэг үл дурсагдана. Түүний үйлдсэн үнэн зөвөөс болж тэр амьдарна. 23 Хорон муу хүнийг өөрийнхөө замаас эргэж, амьдрахаас нь илүүгээр түүний үхэлд Би баярлана гэж үү? гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 24 Гэвч зөвт хүн өөрийн үнэн зөвөөс эргэж, хууль бусыг үйлдэж, хорон муу хүний хийх хамаг жигшүүрт хэргийн дагуу үйлдэх аваас тэр нь амьдрах уу? Түүний үйлдсэн бүх зөвт хэргүүд нь түүний үйлдсэн урвалт болон нүглийн төлөө үл дурсагдана. Тэдний төлөө тэр үхэх болно. 25 Гэсэн ч та нар "Эзэний зам нь зөв бус юм" хэмээн өгүүлдэг. Одоо сонсогтун, Израилийн гэр ээ! Миний зам нь зөв бус гэж үү? Зөв бус нь та нарын замууд бус уу? 26 Зөвт хүн өөрийн үнэн зөвөөс эргэж, хууль бусыг үйлдэж, түүнээсээ болж үхэх аваас тэр нь өөрийн үйлдсэн хууль бусын төлөө л үхэх болно. 27 Дахин хорон муу хүн өөрийн үйлдсэн хорон муугаас эргэж, шударга хийгээд үнэн зөвийг хэрэгжүүлэх аваас тэр өөрийн амийг аврах болно. 28 Тэр эргэцүүлээд, өөрийн үйлдсэн хамаг гэм буруугаас эргэсэн учраас тэр заавал амьдарна. Тэр үхэхгүй. 29 Гэвч Израилийн гэр "Эзэний зам нь зөв бус" хэмээн өгүүлдэг. Израилийн гэр ээ, Миний замууд зөв бус гэж үү? Зөв бус нь та нарын замууд бус уу? 30 "Тиймийн тулд Израилийн гэр ээ, Би та нарыг хүн бүрийнх нь байгаа байдлын дагуу шүүнэ" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. "Хууль бус нь та нарт бүдрэх чулуу болчихгүйн тулд гэмшиж, өөрсдийн бүх гэм буруугаас эргэ. 31 Үйлдсэн хамаг гэм буруугаа чи өөрөөсөө зайлуулж, өөрийгөө шинэ зүрх, шинэ сүнстэй болго. Учир нь Израилийн гэр ээ, яагаад чи үхнэ вэ? 32 Учир нь Би үхэгсдийн хэнийх нь ч үхэлд баярладаггүй" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. "Тиймээс гэмшиж, амьдар".
1 Чиний хувьд, Израилийн ноёдын төлөө гашуудлыг дуулж, 2 "Чиний эх хэн байсан бэ? Арслангуудын дундах эм арслан! Тэр залуу арслангуудын дунд хэвтэж, гүегүүдээ өсгөсөн. 3 Тэрээр гүегүүдээсээ нэгийг өсгөсөнд, тэр нь арслан болж, олзоо тастчихыг сурчээ. Тэр хүмүүсийг идэв. 4 Тэгээд үндэстнүүд түүний тухай сонсжээ. Тэр арслан тэдний нүхэнд баригдахад, тэд түүнийг дэгээгээр чирч Египетийн газар уруу авчрав. 5 Эм арслан хүлээж цөхрөөд, найдвар нь алдагдсаныг мэдэхдээ, тэрээр гүегүүдээсээ өөр нэгийг авч, залуу арслан болгов. 6 Тэр арслангуудын дундуур хэрэн явжээ. Тэр залуу арслан болоод, олзоо тастчихыг сурчээ. Тэр хүмүүсийг идэв. 7 Тэр тэдний бэхлэгдсэн цамхгуудыг нурааж, хотуудыг нь балгас болгов. Түүний архирах дуунаас болж, газар болон түүгээр дүүрэн буй юмс балмагджээ. 8 Дараа нь үндэстнүүд өөрсдийн мужуудаас бүх талуудаас түүний эсрэг дайрч, түүн дээр өөрсдийн торыг хаяв. Тэр арслан тэдний нүхэнд унаж баригдав. 9 Тэд түүнийг дэгээтэй торонд хийгээд, Вавилоны хаанд аваачив. Түүний дууг Израилийн ууланд дахин сонсогдуулахгүйн тулд тэд агнуурын торонд түүнийг оруулав. 10 Чиний эх бол усан үзмийн төгөлд чинь усны дэргэд суулгасан усан үзмийн мод адил байжээ. Бялхам их устай учир энэ нь ургац ихтэй, сагсайсан мөчрүүдтэй байв. 11 Тэр нь захирагчдын очирт таяг болохуйц хүчит мөчрүүдтэй байсан бөгөөд түүний өндөр нь үүлнээс дээгүүр өргөгдсөн. Тиймээс энэ нь өөрийн бөөн мөчрүүдтэй хамт бүрэн өндрөөрөө үзэгдэж байсан. 12 Гэвч тэр нь хилэнгээр сугалагдав. Тэр нь газарт хаягдав. Дорны салхи түүний жимсийг хатаажээ. Түүний хүчит мөчир ч хугалагдсанаар хувхайрав. Гал түүнийг шатаажээ. 13 Одоо тэр нь цөлд, хуурай ба ангасан газарт суулгагджээ. 14 Түүний мөчрөөс гал гарч, түүний залуу мөчир болон жимсийг шатаав. Ингэснээр түүнд захирагчийн очирт таяг болох хүчит мөчир байхгүй болов". Энэ бол гашуудал бөгөөд гашуудал болов.
1 Долоо дахь оны тавдугаар сард, уг сарын арванд Израилийн хэсэг ахмадууд ЭЗЭНээс асуухаар ирж, миний өмнө суув. 2 ЭЗЭНий үг надад ирж, — 3 Хүний хүү, Израилийн ахмадуудтай ярилцан тэдэнд ингэж хэлэгтүн. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Та нар Надаас асуухаар ирсэн үү? Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Би та нараар асуугдахгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна". 4 Чи тэднийг шүүх үү, хүний хүү чи тэднийг шүүх үү? Тэдэнд өвөг дээдсийнх нь жигшүүрт үйлсийг мэдүүлж, 5 тэдэнд "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би Израилийг сонгон, Иаковын гэрийн үр удамд тангараглан, Египетийн нутагт Өөрийгөө тэдэнд мэдүүлсэн тэр өдөрт Би бол та нарын Бурхан ЭЗЭН хэмээн айлдаж тэдэнд тангараглах үед, 6 тэднийг Египетийн нутгаас авчирж, тэдний төлөө Миний сонгосон бүх газруудын алдар нь болох сүү балаар урсах тэр газарт оруулахыг Би тэдэнд тэр өдөр тангараглав. 7 Би тэдэнд "Та нарын хүн бүр өөрийнхөө нүдний өмнөх бузар юмсыг зайлуулж, Египетийн шүтээнүүдээр өөрсдийгөө бүү бузарла. Би бол та нарын Бурхан ЭЗЭН мөн" гэж айлдсан. 8 Гэвч тэд Миний эсрэг тэрсэлж, Намайг сонсохыг хүсээгүй. Тэд өөрсдийнхөө нүдний өмнөх бузар юмсыг зайлуулахгүй, Египетийн шүтээнүүдийг ч орхисонгүй. Тэгээд Би Египетийн нутгийн дунд тэдний эсрэг хандсан Өөрийн уурыг гүйцээхийн тулд Өөрийнхөө хилэнг тэдний дээр цутгахаар шийдсэн. 9 Дунд нь тэдний сууж буй үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийн нэрийг бузарлуулахгүйн тулд Би Өөрийн нэрийн төлөө үйлдэв. Би үндэстнүүдийн нүдний өмнө тэднийг Египетийн нутгаас гаргаснаараа тэдэнд Өөрийгөө мэдүүлсэн. 10 Ийнхүү Би тэднийг Египетийн нутгаас гаргаж, цөлд авчирсан. 11 Би тэдэнд Өөрийн тогтоолуудыг өгч, Өөрийн зарлигуудын тухай, хэрвээ хүн тэдгээрийг биелүүлбэл амьдарна хэмээн тэдэнд мэдүүлэв. 12 Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН мөн гэдгийг тэдэнд мэдүүлэхээр Би болон тэдний хооронд тэмдэг болгож, Би Өөрийн амралтын өдрүүдийг тэдэнд бас өгсөн. 13 Гэвч Израилийн гэр цөлд Миний эсрэг тэрслэв. Тэд Миний тогтоолоор явсангүй. Хэрвээ хүн тэдгээрийг сахивал амьдрах ёстой Миний зарлигийг ч татгалзсан. Миний амралтын өдрийг тэд ихэд бузарлав. Тэгээд Би тэднийг устгахын тулд Өөрийнхөө хилэнг тэдний дээрээс цөлд асгасан. 14 Гэвч тэднийг дагуулан гаргахыг харж байсан үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийн нэрийг бузарлуулахгүйн тулд Би Өөрийн нэрийн төлөө үйлдэв. 15 Бас Миний тэдэнд өгсөн сүү балаар урсдаг бүх газруудын алдар нь болох тэрхүү газарт Би тэднийг оруулахгүй гэж тэдэнд Би цөлд тангараглав. 16 Учир нь тэд Миний зарлигууд болон Миний тогтоолуудаас татгалзаж тэднийг үл дагасан. Тэд Миний амралтын өдрийг бузарласан. Учир нь тэдний зүрх нь үргэлжид шүтээнүүдийн араас дагав. 17 Гэсэн ч Миний мэлмий тэднийг устгахын оронд өрөвдөж, Би тэднийг цөлд хүйс тэмтэрчихээгүй. 18 Би цөлд тэдний хүүхдүүдэд "Та нар эцгүүдийнхээ тогтоолуудаар явалгүй, тэдний зарлигийг сахилгүй, тэдний шүтээнүүдээр өөрсдийгөө бүү бузарла. 19 Би бол та нарын Бурхан ЭЗЭН. Миний тогтоолоор явж, Миний зарлигийг сахьж, тэднийг дага. 20 Миний амралтын өдрийг ариун байлга. Та нар Намайг өөрсдийн чинь Бурхан ЭЗЭН гэдгийг мэдэхийн тулд эдгээр нь та нар болон Миний хооронд тэмдэг болох болно" хэмээв. 21 Гэтэл хүүхдүүд нь Миний эсрэг тэрсэлсэн. Тэд Миний тогтоолоор үл явж, хэрэв хүн түүнийг үйлдвэл, амьдрах ёстой Миний зарлигийг дагахыг хичээгээгүй. Тэд Миний амралтын өдрийг бузарлав. Тиймээс цөлд тэдний эсрэг Өөрийн уурыг гүйцээхийн тулд Би тэдний дээр Өөрийнхөө хилэгнэлийг цутгахаар шийдсэн. 22 Гэвч Би мутраа татаж, тэднийг дагуулан гаргахыг харж байсан үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийнхөө нэрийг бузарлуулахгүйн тулд Би Өөрийн нэрийн төлөө үйлдсэн. 23 Тэднийг үндэстнүүдийн дунд цацаж, улсуудын дунд тэднийг тараах болно хэмээн Би бас цөлд тэдэнд тангараглав. 24 Учир нь тэд Миний зарлигуудыг сахилгүй, харин Миний тогтоолуудаас татгалзаж, Миний амралтын өдрийг бузарласан ба тэдний нүд нь эцгүүдийнхээ шүтээнүүд дээр байв. 25 Би бас сайн бус тогтоолуудыг болон түүгээр амьдарч үл чадах зарлигуудыг тэдэнд өгөв. 26 Тэд өөрсдийнхөө бүх ууган төрөгсдийг гал дундуур гаргасан тэрхүү өргөлөөс нь болж Би тэднийг бузар хэмээн зарласан. Ингэснээр Би тэднийг эзгүйрүүлэх бөгөөд энэ нь тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэхийн тулд юм»". 27 Тиймийн тул хүний хүү, Израилийн гэрт өгүүлэн, тэдэнд хэл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Гэсэн ч үүгээрээ л та нарын өвөг дээдэс Миний эсрэг урваснаараа Намайг доромжлов. 28 Миний тэдэнд өгөхөөр тангарагласан газарт Би тэднийг авчрахад, тэд өндөр толгод бүрийг, саглагар мод бүрийг үзээд, тэнд өөрсдийнхөө тахилуудыг өргөн, өөрсдийн өргөлийн уур уцаарыг өргөн барив. Тэнд бас тэд өөрсдийн тайвшруулах тааламжит үнэрийг хийж, ундаан өргөлөө асгасан. 29 Тэгээд Би тэдэнд "Та нарын очдог өндөр газар юу вэ?" гэв. Тиймээс энэ өдрийг хүртэл түүний нэрийг Бама хэмээн дуудаж байсан»". 30 Тиймийн тулд Израилийн гэрт өгүүл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Та нар эцгүүдийнхээ байдлыг дуурайж өөрсдийгөө бузарлаж, тэдний жигшүүрт юмсыг дуурайж садар самууныг үйлдэх үү? 31 Та нар өргөлүүдээ өргөж, өөрсдийн хөвгүүдээ гал дундуур гаргаж байхдаа та нар энэ өдрийг хүртэл өөрсдийгөө бүх шүтээнүүдээрээ бузарлаж буй. Израилийн гэр ээ, Би та нараар асуугдах ёстой юу? Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Би та нараар асуугдахгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 32 «Та нар "Бид мод, чулуунд мөргөж буй үндэстнүүд, газрын овгуудтай адил байх болно" хэмээн өгүүлэхэд та нарын бодолд буй зүйлс биелэхгүй. 33 Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Үнэхээр хүчит мутраараа ба сунгасан гараараа, цутгасан хилэнгээрээ Би та нарыг хаанчлах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 34 «Би хүчит мутар болон сунгасан гар, цутгасан хилэнгээр та нарыг ард түмнүүдийн дундаас авчирж, мөн та нарын тараагдсан газруудаас та нарыг цуглуулна. 35 Би та нарыг ард түмнүүдийн цөлд авчирж, тэнд нүүр нүүрээрээ та нартай шүүхэд орно. 36 Би та нарын эцгүүдийг Египет нутгийн цөлд шүүсний адил тийнхүү Би та нарыг шүүнэ» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 37 «Би та нарыг таяган доогуур явуулж, та нарыг гэрээний хүлээсэнд оруулна. 38 Би та нарын дотроос тэрслэгчид болон Миний эсрэг гэм бурууг үйлдэгсдийг хөөнө. Би тэднийг түр сууж буй газраас нь гаргах боловч тэд Израилийн нутагт орохгүй. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 39 Израилийн гэр ээ, чиний хувьд гэвэл, явж хүн бүр өөрийн шүтээнүүддээ үйлчил. Харин хожим та нар үнэхээр Намайг сонсож, цаашид өөрсдийн өргөл, өөрсдийн шүтээнүүдээр Миний ариун нэрийг бузарлахгүй» гэж Эзэн БУРХАН айлдаж байна. 40 Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Учир нь Миний ариун уул, Израилийн өндөр уулан дээр, тэнд Израилийн хамаг гэр, тэд бүгд тэр газарт Надад үйлчлэх болно. Тэнд Би тэднийг хүлээн авч, та нарын бүх ариун юмсын хамт хандив болон бэлгүүдийн чинь хамгийн шилмэлийг хайх болно. 41 Та нарыг ард түмнүүдийн дундаас гаргаж, тараагдсан газруудаас чинь цуглуулах цагт Би та нарыг тайвшруулах тааламжит үнэр мэт хүлээж авна. Үндэстнүүдийн нүдэн дээр та нарын дунд Би Өөрийгөө ариун гэдгээ нотолно. 42 Би та нарыг эцгүүдэд чинь өгөхөөр тангарагласан газар болох Израилийн нутаг уруу авчрах цагт та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 43 Өөрсдийгөө бузарласан өөрсдийн замуудаа болон өөрсдийн үйлдлээ тэнд та нар санах болно. Та нар өөрсдийн үйлдсэн хамаг хорон муу зүйлсийн төлөө өөрсдийн нүдэндээ жигшигдэх болно. 44 Израилийн гэр ээ, Би та нартай муу явдлаар чинь, эсвэл завхарсан үйлсийн чинь дагуу бус, харин Өөрийн нэрийн төлөө та нартай харьцах үед та нар намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна". 45 Одоо ЭЗЭНий үг надад ирж, — 46 Хүний хүү, Теманы зүгт нүүрээ чиглүүлж, өмнөдийн эсрэг өгүүлэн, Негевийн ойтой газрын эсрэг эш үзүүл. 47 Негевийн ойд "ЭЗЭНий үгийг сонсогтун. Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би чиний дотор гал асаах гэж байна. Тэр гал чиний доторх хамаг ногоон модыг хатсан мод бүрийн адилаар шатаана. Дүрэлзсэн дөл нь унтралгүй, өмнөдөөс умард хүртэл газрын гадарга бүхэлдээ түүгээр шатаагдана. 48 ЭЗЭН Би түүнийг шатаасан гэдгийг бүх махан бие харах болно. Түүнийг унтраахгүй» гэж өгүүл" гэв. 49 Тэгээд би —Өө Эзэн БУРХАН. Тэд миний тухай "Тэр зөвхөн сургаалт зүйрлэлийг өгүүлэгч бус уу?" хэмээн хэлэв гэлээ.
1 ЭЗЭНий үг надад ирж, — 2 Хүний хүү, нүүрээ Иерусалимын зүг харуулж, ариун газруудын эсрэг өгүүлэн, Израилийн газрын эсрэг эш үзүүлэгтүн. 3 Израилийн газарт "ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би та нарын эсрэг байна. Би Өөрийн илдийг хуйнаас нь сугалж, та нарын дотроос зөвт хүнийг, хорон муу хүнийг тасална. 4 Би та нарын дотроос зөвт хүнийг, хорон муу хүнийг устгах учир Миний илд хуйнаасаа сугарч өмнөдөөс умард хүртэл бүх махан биеийн эсрэг явна. 5 Тийнхүү ЭЗЭН Би Өөрийн илдийг хуйнаас нь сугалсан гэдгийг бүх махан бие мэдэх болно. Илд дахин хуйндаа орохгүй»". 6 Харин хүний хүү чиний хувьд гэвэл, элэг эмтрэм, гашуун зовлонтойгоор гасал, тэдний нүдэн дээр гасал. 7 Тэд чамд "Юунд чи гасална вэ?" хэмээн өгүүлбэл, чи "Ирж буй мэдээний учир юм. Хамаг зүрх хайлж, бүх гар суларч, хамаг сүнс доройтож, бүх өвдөг ус мэт хүчгүй болно. Харагтун, тэр нь ирж буй бөгөөд учрах болно" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна» гэв. 8 Дахиад ЭЗЭНий үг надад ирж, 9 «Хүний хүү эш үзүүл. "ЭЗЭН ийнхүү айлдаж байна" гэж өгүүл. Илд, илд хурцлагдаж, өнгөлөгдсөн. 10 Аллага үйлдэхийн төлөө хурцлагдаж, цахилгаан мэт гялбахын тулд өнгөлөгдөв. Миний хүүгийн таяг нь мод бүрийг жигшиж байна. Бид баясах юм уу? 11 Түүнийг гарт бариулахын тулд өнгөлүүлэхээр өгөгдсөн. Алуурчны гарт өгөгдөх илд хурцлагдаж, өнгөлөгдөв. 12 Хүний хүү хашхиран, хашхиран уйл. Учир нь тэр Миний ард түмний эсрэг, Израилийн бүх түшмэдийн эсрэг юм. Тэднийг Миний ард түмэнтэй хамт илдэнд өгсөн учраас гуяа цохь. 13 Учир нь энд сорилт буй. Жигшигч таяг ч хүртэл цаашид байхгүй байвал юу болох вэ?» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 14 «Тиймээс хүний хүү эш үзүүлэн алгаа таш. Аллагын илдийг гурав дахь удаагаа хоёр дахин том болго. Энэ бол тэднийг хүрээлсэн, агуу том аллагын илд юм. 15 Энэ нь тэдний зүрхнүүд хайлж, тэдний бүх дааман хаалгууд дээр олон хүмүүс унахын тулд юм. Надад гялалзсан илд өгөгдсөн. Өө! Үүнийг аянга мэт цохихоор бүтээж, алахад бэлэн болгож ирлэсэн. 16 Өөртөө хурцыг үзүүл, баруун тийш яв. Өөрийгөө байрлуул. Чиний үзүүр зүглэсэн болгонд зүүн тийш яв. 17 Би бас алга ташиж, Өөрийн хилэнгээ намдаана. ЭЗЭН Би айлдлаа. 18 ЭЗЭНий үг надад ирж, — 19 Хүний хүү, чиний хувьд гэвэл, Вавилоны хааны илд ирэхийн тулд хоёр зам тавь. Тэдгээр нь хоёулаа нэг газраас гарах болно. Тэмдгийг үйлд. Түүнийг хот уруу чиглэх замын эхэнд тавь. 20 Аммоны хөвгүүдийн Рабба уруу, эсвэл Иуда уруу бэхлэгдсэн Иерусалимын дотор орох илдэнд зориулсан замыг чи тэмдэглэх ёстой. 21 Учир нь Вавилоны хаан мэргэ төлгийг ашиглахаар замын уулзвар дээр, хоёр замын эхэнд зогсож байна. Тэрээр сумаа сэгсэрч, гэрийн шүтээнүүдээс асууж, элгийг харж байна. 22 "Иерусалим уруу" гэсэн мэргэ төлөг түүний баруун гарт таарч, тэрээр хэрэм эвдэгчийг тавьж, аллагыг тушааж ам нээн, чанга дуугаар уухайлан, хэрэм эвдэгчүүдийг дааман хаалганы зүг чиглүүлж овоо босгож, далан ухна. 23 Энэ нь тэдэнд өөрсдийнх нь нүдэн дэх худал мэргэ төлөг мэт байх болно. Тэд ёс төдий л тангараг тавьсан. Гэвч тэр гэм бурууг сануулсан нь тэд баривчлагдахын тулд юм. 24 Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Та нар хууль бус байдлаа сануулсан учир үүгээрээ та нарын гэм буруу дэлгэгдсэн. Ингэснээр та нарын бүх нүглүүд хамаг үйлдлүүдэд чинь үзэгдэнэ. Та нар санах болсон учир та нар газартай хамт баривчлагдана. 25 Эцсийн шийтгэлийн цагт, өдөр нь ирсэн Израилийн ноён болох хорон муу нэгэн, алагдсан нэгэн чи" 26 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "малгайг авч, титмийг тайл. Энэ нь цаашид урьдынх шигээ байхгүй. Дорд нэгнийг өргөмжил, өндөрт буй нэгнийг дорд үз. 27 Би түүнийг балгас, балгас, балгас болгоно. Үүнийг эзэмших эрхтэй Нэгэнийг ирэх хүртэл, тэр нь хойшид байхгүй бөгөөд Би үүнийг Түүнд өгнө". 28 Хүний хүү эш үзүүлэн "Эзэн БУРХАН Аммоны хөвгүүд болон тэдний доромжлолын тухай ийнхүү айлдаж байна" хэмээн өгүүл. "Илд, илд сугалагдсан, тэр нь аянга мэт байхын тулд, залгихын тулд аллагад зориулан өнгөлөгдсөн. 29 Энэ нь (тэд чамд зориулан хуурамч үзэгдлүүдийг үзэж байх зуур, тэд чамд зориулан худал хуурмагийг урьдчилан хэлж байх зуур) өдөр нь ирсэн, алагдсан хорон муугийн хүзүүнүүд дээр, эцсийн шийтгэлийн өдөрт чамайг байрлуулахын тулд юм. 30 Түүнийг хуйнд нь буцаа. Чиний бүтээгдсэн газарт, чиний үүссэн газарт Би чамайг шүүнэ. 31 Би чиний дээрээс Өөрийн зэвүүцлээ асгана. Би Өөрийн хилэнгийн галаар чамайг үлээж, устгахдаа чадварлаг, харгис хүмүүсийн гарт Би чамайг тушаана. 32 Чи галд түлээ болно. Чиний цус нутгийн голд байх болно. Чи дурсагдахгүй, учир нь ЭЗЭН Би айлдсан юм".
1 Дараа нь ЭЗЭНий үг надад ирж, — 2 Чи, хүний хүү чи шүүх үү, цуст хотыг чи шүүх үү? Тэгвээс түүнд бүх жигшүүрт үйлсийг нь мэдүүл. 3 Чи хэл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Өөрийнх нь цаг ирэхийн тулд өөрийн голд цусыг урсгаж, бузарлагдахын тулд өөрийн сонирхлын эсрэг шүтээнүүдийг үйлддэг хот оо! 4 Чи өөрийнхөө урсгасан цусаар гэмтэй болж, өөрийнхөө үйлдсэн шүтээнүүдээрээ өөрийгөө бузарласан. Тийнхүү чи өөрийн өдрийг ойртуулж, өөрийн жилүүдэд хүрч ирэв. Тиймээс Би чамайг үндэстнүүдэд зэмлэл, хамаг газруудад элэглэл болгосон. 5 Чиний ойр байгч ч, хол байгч нь ч үймээнээр дүүрэн муу нэр хүндийн чинь төлөө чамайг шоолох болно. 6 Харагтун, өөр өөрсдийнхөө эрх мэдлийн дагуух Израилийн захирагчид цус урсгах зорилгын төлөө дунд чинь байсан. 7 Тэд чиний дунд эцэг эхийг тоомсорлоогүй. Чиний голд тэд түр суугч хүмүүсийг дарласан. Чиний дотор тэд эцэггүй өнчин, бэлэвснийг буруутгасан. 8 Чи Миний ариун юмсыг жигшиж, Миний амралтын өдрийг бузарлав. 9 Цус урсгах зорилготой алуурчид чиний дунд байж, чиний дотор тэд уулын бунхнуудад иджээ. Чиний голд тэд завхай явдлыг үйлдэв. 10 Чиний дотор тэд эцгүүдийнхээ нүцгэнийг дэлгэжээ. Чиний дотор тэд сарын тэмдгийн бузартлаар бузартсан эмийг хүчирхийлэв. 11 Нэг нь хөршийнхөө эхнэртэй жигшүүрт хэргийг үйлдэж, нөгөө нь завхайран бэрээ бузарлажээ. Нөгөө нь чиний дотор эцгийнхээ охиныг буюу өөрийн эгч дүүг хүчирхийлэв. 12 Чиний дотор тэд цус урсгахын тулд хахууль авсан. Чи зээлийн хүү болон ашгийг авч, дарлалаар ашиг олохын төлөө хөршөө бүрэлгэсэн. Чи Намайг мартсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 13 «Одоо харагтун, Би чиний олж авсан шударга бус ашиг болон чиний дунд буй цус урсгалтыг Өөрийн мутраар цохих болно. 14 Би чамтай харьцах өдрүүдэд чиний зүрх тэсэж, чиний гар хүчтэй байж чадах уу? ЭЗЭН Би айлдсан бөгөөд үйлдэнэ. 15 Би чамайг үндэстнүүдийн дунд цацаж, Би чамайг улсуудаар тарааж, Би бузрыг чинь чамаас шатаана. 16 Чи өөрийгөө үндэстнүүдийн нүдний өмнө бузарлаж, Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»" гэсэн. 17 ЭЗЭНий үг надад ирж, — 18 Хүний хүү, Израилийн гэр Надад хаягдал хольц болов. Тэд бүгд зуухан дахь хүрэл, тугалга, төмөр ба хар тугалга бөгөөд мөнгөний хольц юм. 19 Тиймийн тул Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Та нар бүгд хольц болсон учир тиймийн тулд, харагтун, Би та нарыг Иерусалимын голд цуглуулах гэж байна. 20 Тэд мөнгө, хүрэл, төмөр, хар тугалга, тугалгыг галаар хөөрөгдөн хайлуулахаар зууханд цуглуулдгийн адил Би Өөрийн уур ба Өөрийн хилэнгээр та нарыг цуглуулж, та нарыг тэнд байлгаж хайлуулна. 21 Би та нарыг цуглуулж, Өөрийн хилэнгийн галаар та нарыг үлээж, та нар түүний голд хайлуулагдах болно. 22 Мөнгө зуухан дотор хайлуулагддагийн адил та нар ч түүний голд хайлуулагдана. Тэгээд ЭЗЭН Би та нарын дээрээс хилэнгээ асгасан гэдгийг та нар мэдэх болно". 23 ЭЗЭНий үг надад ирж, — 24 Хүний хүү түүнд хэл. "Чи бол зэвүүцлийн өдөрт цэвэршээгүй, услагдаагүй газар юм." 25 Тэнд олзоо зулгааж буй архирагч арслан адил түүний голд түүний эш үзүүлэгчдийн хуйвалдаан байна. Тэд амиудыг залгилсан. Тэд эрдэнэс болон үнэт зүйлсийг авчихсан. Тэд түүний голд бэлэвсэн эхнэрүүдийг олноор бий болгов. 26 Түүний тахилч нар Миний хуулийг хэрцгийгээр зөрчиж, Миний ариун юмсыг бузарлав. Тэд ариун болон жигшүүрийг хооронд нь эс ялган, бузар болон цэврийн ялгааг заасангүй. Тэд Миний амралтын өдрөөс нүдээ нууж, Би тэдний дунд жигшигдсэн юм. 27 Түүний дотор ноёд нь цус урсган, шударга бус ашиг олохын тулд амиудыг устгаснаараа олзоо зулгааж буй чононууд адил юм. 28 Түүний эш үзүүлэгчид хуурамч үзэгдлийг үзэж, тэдний төлөө худлыг урьдчилан хэлж, ЭЗЭН айлдаагүй атал "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна" хэмээн өгүүлснээрээ тэдэнд шохой түрхэв. 29 Газрын ард түмэн дарлалыг үйлдэж, дээрэм тонуул хийж, ядуу болон үгээгүй хүмүүсийг буруутгаж, түр суугч хүмүүсийг шударга бусаар дарлав. 30 Би түүнийг устгахгүйн тулд энэ нутгийн төлөө Миний өмнө цоорхойд зогсож, хэрмийг барих хүнийг тэдний дундаас хайсан боловч ганцыг ч олсонгүй. 31 Тийнхүү Би тэдний дээрээс Өөрийн зэвүүцлийг асгалаа. Би Өөрийн уурын галаар тэднийг шатаалаа. Тэдний явдлыг Би тэдний толгой дээр хариулав» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
1 ЭЗЭНий үг надад дахин ирж, — 2 Хүний хүү, нэгэн эхийн охид болох хоёр эмэгтэй байжээ. 3 Тэд Египетэд завхайрлыг үйлджээ. Тэд залуу насандаа завхайрлыг үйлдсэн. Тэнд тэдний хөх нь үнгэгдэж дарагдан, тэдний онгон хэнхдэг цээж нь хөндөгджээ. 4 Тэдний нэрс нь гэвэл, эгчийг нь Охола, дүүг нь Охолиба гэдэг юм. Тэд Минийх болж, хөвгүүд болон охидыг төрүүлэв. Тэдний нэрсийн хувьд гэвэл, Охола нь Самари, Охолиба нь Иерусалим юм. 5 Охола нь Минийх байхдаа садар самууныг үйлдэж, өөрийн амрагууд болох хөрш ассиричуудтай янаглав. 6 Тэд нил өнгийн хувцсыг өмссөн бөгөөд захирагчид хийгээд түшмэд нь, тэд бүгд хүсэл татсан залуу эрчүүд, морьд унасан морьтонгууд байв. 7 Тэр эм тэдэнтэй садар самууныг үйлдэв. Тэд бүгд Ассирийн шилмэл эрс байв. Тачаадан тэр дагасан бүхнээрээ, бүх шүтээнүүдээрээ тэр өөрийгөө бузарлав. 8 Тэр эм Египетийн үеэс садар самуун явдлаа орхисонгүй. Учир нь түүний залуу насанд эрчүүд түүнтэй унтаж, түүний онгон цээжийг хөндөж, түүнд хуял тачаалаа гаргаж байв. 9 Тиймийн тулд Би түүнийг амрагуудынх нь гарт буюу түүний тачаадан дагаж байсан ассиричуудын гарт тушаав. 10 Тэд түүний нүцгэнийг дэлгэсэн. Тэд түүний хөвгүүд, охидыг авч, харин түүнийг илдээр алав. Ийнхүү тэр эмэгтэйчүүдийн дунд зүйр үг болж, тэд түүнд шүүлтийг буулгав. 11 Түүний охин дүү Охолиба нь үүнийг үзсэн атал уур тачаалаараа эгчээсээ үлэмж илүү байсан. Түүний садар самуун явдал нь эгчийнх нь садар самуун явдлаас үлэмж их байв. 12 Тэр ассиричуудтай янаглав. Тэд ойр байдаг гоёмсог хувцасласан захирагчид, түшмэд бөгөөд тэд бүгд хүсэл татсан залуу эрчүүд, морьд унасан морьтонгууд байв. 13 Тэр эм өөрийгөө бузарлахыг Би үзсэн ба тэд хоёулаа адил замаар явав. 14 Тэгээд тэр өөрийн садар самуун явдлыг улам ихэсгэсэн. Ханан дээр дүрслэгдсэн хүмүүс болох час улаанаар зурагдсан Халдеи хүмүүсийн хөргүүдийг тэр үзэв. 15 Тэд бүсэлхийгээрээ бүс бүсэлж, толгойдоо унжсан малгай өмсөж, бүгд цэргийн жанжид мэт, тэдний төрсөн нутаг Халдеи газрын вавилончууд мэт харагдав. 16 Тэр эм тэднийг харахдаа, тэдний хойноос тачаадан, Халдеи уруу тэдэнд элч нарыг илгээв. 17 Тэгээд вавилончууд тэр эмийн дурлалын орон дээр ирж, өөрсдийн садар самуунаараа тэр эмийг бузарлав. Тэр тэднээр бузарлагдмагц түүний сэтгэл тэднийг жигшив. 18 Тэр эм өөрийн садар самууныг болон өөрийн нүцгэн биеийг дэлгэв. Тэгээд Би эгчийг нь жигшсэнтэй адил түүнийг ч бас жигшив. 19 Гэсэн ч тэр эм Египетийн газарт садар самууныг үйлдэж байсан залуу насны өдрүүдээ санан өөрийн садар самуун явдлыг улам их болгов. 20 Илжигний махан бие адил махан биетэй, морины хүч адил хүчтэй тэдний нууц амрагуудын хойноос тэр тачаадав. 21 Ийнхүү египетчүүд чиний залуу үеийн хөхнөөс болж чиний хэнхдэг цээжийг хөндөж байсан залуу насныхаа завхай явдлыг чи хүсэмжилсэн юм. 22 Тиймийн тулд Охолиба, Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун, Би чиний хөндийрсөн амрагуудыг чинь босгож, тэднийг зүг бүрээс чиний эсрэг авчирна. 23 Тэд вавилончууд, бүх халдеичууд, Пекод, Шоа, Коа хийгээд тэдний хамт бүх ассиричууд юм. Тэд бол хүсэл татсан залуу эрчүүд, бүгдээрээ захирагчид ба түшмэд, жанжид, алдар цуутай хүмүүс бөгөөд бүгдээрээ морьд хөлөглөгчид юм. 24 Тэд зэр зэвсэг тэрэгнүүд, мухлаг тэрэгнүүд болон үй олон хүмүүсийн хамт чиний эсрэг дайтахаар ирэх болно. Тэд халхавч, бамбай, дуулгатайгаар чиний эсрэг тал бүрд байрлана. Би тэдэнд шүүлтийг үйлдэхэд, тэд өөрсдийн заншлаар чамайг шүүнэ. 25 Тэд чамтай хилэгнэн харьцахын тулд Би Өөрийн хардалтыг чиний эсрэг тавих болно. Тэд чиний хамар, чихийг огтолно. Чиний үлдэгсэд илдэнд унана. Тэд чиний хөвгүүд, охидыг авах бөгөөд үлдэгсэд чинь галд шатаагдах болно. 26 Тэд чиний хувцсыг тайлж, чиний үзэсгэлэнтэй үнэт эдлэлийг булааж авна. 27 Тийнхүү Египетийн нутгаас авчирсан чиний тачаал болон чиний садар самууныг чамаас таслахын тулд Би үйлдэнэ. Ингэснээр чи тэдэн уруу нүдээ эс өргөн, Египетийг дахин санахгүй". 28 Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун, чамайг Би үзэн яддаг хүмүүсийн чинь гарт, чиний хөндийрсэн хүмүүсийн гарт тушаана. 29 Тэд чамтай үзэн ядалтаар харьцаж, чиний бүх өмч хөрөнгийг булаан авч, чамайг шалдан нүцгэн орхино. Чиний садар самууны нүцгэн байдал, чиний садар самуун ба тачаалын нүцгэн байдал дэлгэгдэх болно. 30 Чи үндэстнүүдтэй садар самууныг үйлдэж, тэдний шүтээнүүдээр өөрийгөө бузарласан учраас эдгээр зүйлс чамд өгөгдөнө. 31 Чи эгчийнхээ замаар явсан учраас Би түүний аягыг чиний гарт өгнө". 32 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. Чи эгчийнхээ гүн, өргөн аягатайг уух болно. Чи шоологдож, доог тохуу болно. Энэ аяга нь ихийг агуулдаг. 33 Чи согтуурал, гунигаар дүүрнэ. Энэ нь айдас, эзгүйрлийн аяга, чиний эгч Самарийн аяга. 34 Чи үүнийг ууж хатаана. Дараа нь чи аяганы хэлтэрхийнүүдийг мэрж, хөхөө урж тастчина. Учир нь Би айлдсан юм" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 35 Тийм учраас Эзэн БУРХАН ийнхүү айлджээ. "Чи Намайг мартаж, Намайг нурууныхаа ар уруу хаясан учир одоо чи өөрийн янаглал болон садар самуун явдлынхаа шийтгэлийг үүр". 36 Түүнээс гадна, ЭЗЭН надад —Хүний хүү чи Охола, Охолибаг шүүх үү? Тийн аваас жигшүүрт үйлсийг нь тэдэнд мэдүүл. 37 Учир нь тэд завхайрлыг үйлдэж, тэдний гар нь цусанд будагдсан юм. Тийнхүү тэд өөрсдийн шүтээнүүдтэй завхайрч, түүгээр ч барахгүй Надад төрүүлж өгсөн хөвгүүдээ шүтээнүүдэд хоол болгохоор гал дундуур гаргав. 38 Дахин, тэд Надад ийм хэргийг үйлдсэн. Тэд тэр өдөртөө Миний ариун газрыг бохирдуулж, Миний амралтын өдрийг бузарлав. 39 Учир нь тэд өөрсдийн шүтээнүүдэд зориулан хүүхдүүдээ алсан тэр өдөртөө л Миний ариун газрыг бузарлахаар орж ирсэн. Мөн тэд Миний өргөөн дотор ийнхүү үйлдэв. 40 Түүнээс гадна тэд алс холоос ирэх хүмүүс уруу элч нарыг илгээв. Тэднийг ирэхэд чи тэдний төлөө биеэ угааж, нүдээ будаж, өөрийгөө зүүлтүүдээр гоёсон. 41 Өмнөө ширээ зассан тансаг буйдан дээр чи хэвтэж, түүн дээр Миний утлага хийгээд Миний тосыг тавьсан юм. 42 Санаа амар үй олон хүний чимээ түүнтэй хамт байжээ. Жирийн хүмүүстэй хамт цөлөөс архичдыг авчирчээ. Тэд эмэгтэйчүүдийн гарт бугуйвчнуудыг зүүж, толгой дээр нь үзэсгэлэнт титмүүдийг өмсгөв. 43 Тэгээд завхайрлыг үйлдэж эцсэн тэр эмийн тухай Би "Тэр эмийг ийм байхад тэд түүнтэй завхайрлыг үйлдэх болов уу?" гэж айлдсан. 44 Гэвч тэд янхан уруу очихын адил тэр эм уруу очив. Тийнхүү тэд тачаангуй эмс Охола, Охолиба нар уруу очив. 45 Гэвч зөвт хүмүүс болох тэд тэдгээр эмсийг завхай эмийг шүүх шүүлтээр, цус урсгасан эмийг шүүх шүүлтээр шүүх болно. Учир нь тэд завхай эмс бөгөөд тэдний гар цусанд будагдсан юм. 46 Эзэн БУРХАН ийнхүү айлджээ. "Тэдний эсрэг олон түмнийг авчирж, тэднийг айдас ба олзонд өгье. 47 Олон түмэн тэр эмсийг чулуугаар чулуудан, илдээрээ цавчиж, тэдний хөвгүүд, охидыг алж гэрүүдийг нь галдан шатаана. 48 Тийнхүү Би энэ нутгаас завхайрлыг тасална. Энэ нь хамаг эмэгтэйчүүдэд сургамж болж, та нарын үйлдсэнтэй адил завхай үйлдлийг үл үйлдүүлэхийн тулд юм. 49 Та нарын завхай үйлдэл та нарын дээрээс бууж, та нар өөрсдийн шүтээнүүдээсээ болж шийтгэл үүрэх болно. Тийнхүү та нар Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэдэх болно".
1 Ес дэх жилийн аравдугаар сард, уг сарын арванд ЭЗЭНий үг надад ирж, — 2 Хүний хүү, яг энэ өдрийг, энэхүү өдрийн нэрийг бич. Яг энэ өдөр Вавилоны хаан Иерусалимын эсрэг бүслэлт босголоо. 3 Тэрслүү гэрт сургаалт зүйрлэлийг өгүүлэн, тэдэнд "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тогоогоо тавьж, түүнийг тавиад бас дотор нь ус хий. 4 Түүний дотор аливаа сайн хэсгүүдийг, гуя хааг хийж, шилсэн яснуудаар дүүргэ. 5 Хонин сүргээс шилдэгийг ав. Мөн тогоон доор түлээ овоол. Үүнийгээ сайтар чана. Доторх яснуудыг нь буцалга». 6 Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Цуст хот, зэв нь үл арилах зэвтэй тогоо золгүй еэ. Түүнээс хэсэг хэсгийг сонголгүйгээр гарга. 7 Учир нь түүний цус голд нь байна. Тэр түүнийгээ нүцгэн хадан дээр урсгажээ. Тэр цусаа шороонд хучигдахаар газарт асгасангүй. 8 Өшөө авах хилэн гарч ирэхээр, Би түүний цусыг далдлуулахгүйн тулд нүцгэн хадан дээр урсгасан». 9 Тиймийн тулд, Эзэн БУРХАН ийнхүү айлджээ. «Цуст хот золгүй еэ! Би бас овоолсныг агуу их болгоно. 10 Модон дээр овоолон, гал ноцоож, махыг сайтар чанаж, халуун ногоог хутга. Яснууд нь шатаагдаг. 11 Хоосон тогоог нүүрсэн дээр тавь. Ингэснээр тэр халж, хүрэл нь гялалзан, доторх бохир заваан нь хайлж, зэв нь арилах юм. 12 Тэр Намайг нөр их хөдөлмөрөөр ядраажээ. Гэсэн ч түүний үлэмж их зэв нь түүнээс арилсангүй. Түүний зэв нь гал дотор байг! 13 Чиний бохир заваан нь завхай юм. Учир нь Би чамайг цэвэршүүлсэн атал чи цэвэр бус байгаа бөгөөд Би чам дээр Өөрийн хилэнг гүйцээх хүртэл чи өөрийн бохир заваанаас цэвэршүүлэгдэхгүй. 14 ЭЗЭН Би айлдав. Энэ нь ирж буй бөгөөд Би үйлдэх болно. Би зөөлрөхгүй, Би өрөвдөхгүй, Би харамсахгүй. Чиний замууд болон үйлсийн чинь дагуу Би чамайг шүүнэ» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна". 15 Тэгээд ЭЗЭНий үг надад ирж, — 16 Хүний хүү харагтун, Би нэг үлээлтээр чиний нүдний хүслэнг чамаас авах гэж байна. Гэвч чи гаслах ёсгүй, уйлах ёсгүй, чиний нулимс урсах ёсгүй. 17 Чимээгүй гашууд. Үхэгсдийн төлөө бүү гасал. Толгойдоо даавуу ороож, хөлдөө гутал өмс. Сахлаа бүү бүтээ. Хүмүүсийн талхыг бүү ид гэв. 18 Тиймээс өглөө нь би хүмүүст ярьж, үдэш нь миний эхнэр үхэв. Өглөө нь би тушаагдсан ёсоор үйлдэв. 19 Хүмүүс надаас —Чиний үйлдэж буй эдгээр зүйлс бидний хувьд ямар учиртай болохыг чи бидэнд хэлж өгөхгүй юм уу? гэж асуув. 20 Тэгээд би тэдэнд —ЭЗЭНий үг надад ирж, 21 "Израилийн гэрт өгүүл. «Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун. Та нарын хүч чадлын бахархал, нүдний чинь хүслэн, сэтгэлийн чинь баясгалан болох Өөрийн ариун газрыг Би бузарлах гэж байна. Та нарын ардаа орхисон хөвгүүд, охид илдэнд алагдана. 22 Та нар Миний үйлдсэн адил үйлдэх болно. Та нар сахлаа бүтээхгүй, хүмүүсийн талхыг идэхгүй. 23 Та нар толгойдоо даавуу ороож, хөлдөө гутал өмсөнө. Та нар гаслахгүй, уйлахгүй. Харин өөрсдийн хууль бусын дотор ялзран, бие биендээ гашуудах болно. 24 Тийнхүү Езекиел нь та нарт тэмдэг болно. Түүний үйлдсэн бүхний дагуу та нар ч үйлдэх болно. Энэ биелэхэд та нар Намайг Эзэн БУРХАН мөн гэдгийг мэдэх болно"». 25 "Хүний хүү, чиний хувьд гэвэл, Би тэдний бардамналын баясгалан, тэдний нүдний хүслэн, тэдний зүрхний баясал болох тэдний бат цайз болон тэдний хөвгүүд охидыг авах тэр өдөрт, 26 тэр өдөр амь мултарсан нэгэн чиний чихэнд мэдээг мэдүүлэхээр чамд ирэх бус уу? 27 Тэр өдөр амь мултарч ирсэн тэр хүнд чиний ам нээгдэж, чи ярин, цаашид хэлгүй байхгүй. Тийнхүү чи тэдэнд тэмдэг болж, тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно".
1 ЭЗЭНий үг надад ирж, — 2 Хүний хүү Аммоны хөвгүүдийн зүгт нүүрээ хандуулж, тэдний эсрэг эш үзүүлэн, 3 Аммоны хөвгүүдэд өгүүл. "Эзэн БУРХАНы үгийг сонс! Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Миний ариун газар бузарлагдсан үед, Израилийн газар эзгүйрсэн үед, Иудагийн гэр цөлөгдөн явсан үед та нар тэдний эсрэг "ха ха" хэмээсэн учраас, 4 тиймийн тулд харагтун, Би та нарыг дорны хөвгүүдэд өмч болгон өгөх гэж байгаа бөгөөд тэд чиний дунд хуарангаа барьж, чиний дунд сууцаа босгон, чиний үр жимсийг идэж, чиний сүүг уух болно. 5 Би Раббаг тэмээний бэлчээр, Аммоны хөвгүүдийг хонины хэвтэр болгоно. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно». 6 Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Та нар алгаа ташиж, хөлөө дэвсэлж, Израилийн нутгийн эсрэг сэтгэлийн хамаг элэглэлтэйгээр баяссан учир, 7 тиймийн тулд харагтун, Би та нарын эсрэг Өөрийн мутраа сунгаж, та нарыг үндэстнүүдэд олз болгон өгнө. Би та нарыг ард түмнүүдээс таслан, та нарыг газруудаас устгана. Би та нарыг сөнөөнө. Ийнхүү та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно». 8 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Моаб болон Сеир нь "Харагтун, Иудагийн гэр нь бүх үндэстнүүдтэй адил юм" хэмээсэн учраас, 9 тиймийн тулд, харагтун, Би тэр нутгийн алдар нь болох Бет-иешимот, Баал-меон ба Кириатаим, түүний хил хязгаар дахь хотуудыг, Моабын хотуудын хажуу бөөрийг нээх гэж байна. 10 Би түүнийг Аммоны хөвгүүдийн хамт дорны хөвгүүдэд өмч болгон өгөх бөгөөд энэ нь Аммоны хөвгүүд үндэстнүүдийн дунд дурсагдахгүй байхын тулд юм. 11 Тийнхүү Би Моабт шүүх ажиллагааг хэрэгжүүлэх ба тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно». 12 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Едом нь өшөө авснаараа Иудагийн гэрийн эсрэг үйлдсэн бөгөөд эмгэнэлт гэмд унаж, өөрсдийгөө тэдний дээр өширхөгч болгосон учир» 13 тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би бас Едомын эсрэг мутраа сунгаж, түүнээс хүн амьтныг таслах болно. Би түүнийг балгас болгоно. Теманаас Дедан хүртэл тэд илдэнд унана. 14 Миний ард түмэн Израилийн гараар Би Едомоос өшөөгөө авах болно. Тийм учраас тэд Миний уурын дагуу, Миний хилэнгийн дагуу Едомд үйлдэх болно. Тийнхүү тэд Миний өшөө авалтыг мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 15 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Филистчүүд өс хонзон дотор үйлдэж, үүрдийн дайсагналаар устгахын тулд сэтгэлийн бахдалтайгаар өшөө авсан учир» 16 тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би филистчүүдийн эсрэг мутраа сунгаж, херетчүүдийг ч хүртэл таслан, далайн эргийн үлдэгсдийг ч устгана. 17 Би тэдний дээр хилэгнэлийн зэмлэлтэй хамт агуу өшөө авалтыг гүйцэлдүүлэх болно. Би тэдний дээр Өөрийнхөө өшөө авалтыг тавих үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»" гэв.
1 Арван нэг дэх жилийн, тэр сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж, — 2 Хүний хүү Тир нь Иерусалимын тухай "Ха-ха, ард түмнүүдийн дааман хаалга нь эвдэрсэн. Тэр нь надад нээгдэв. Тэр нь балгас болж байхад би дүүргэгдэнэ" хэмээсэн учраас, 3 тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун, Тир ээ. Би чиний эсрэг байна. Далай нь давалгаагаа туун авчирдаг шиг Би олон улсуудыг чиний эсрэг авчрах болно. 4 Тэд Тирийн хэрмийг эвдэж, түүний цамхгуудыг нураана. Би түүний нурангийг түүний дээрээс хусаж, түүнийг нүцгэн хад болгоно. 5 Тир нь далайн дунд тор тавих газар болно. Учир нь Би айлдсан юм" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. "Тэр нь үндэстнүүдийн олз болно. 6 Мөн эх газарт буй түүний охид илдэнд алагдаж, тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно"». 7 Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би умардаас хаадын хаан болох Вавилоны хаан Небухаднезарыг морьд, тэрэгнүүд, морин цэргүүд, аугаа их цэрэгтэй нь хамт Тир уруу авчрах болно. 8 Тэр нь эх газарт буй чиний охидыг илдээр ална. Тэр чиний эсрэг бүслэлтийн хэрмийг хийж, далан байгуулж, чиний эсрэг маш том халхавчийг босгоно. 9 Өөрийнх нь хэрэм эвдэгчийн цохилтыг тэр чиний хэрмийн эсрэг чиглүүлж, цамхгуудыг чинь тэр өөрийн сүхээр эвдэх болно. 10 Түүний тоо томшгүй их морьдоос болж тэдний босгосон тоос чамайг хучна. Нурсан хотод орж буй хүн шиг тэрээр чиний хэрмийн дааман хаалгаар ороход морьт цэрэг, тэрэгнүүд, төмөр тэрэгний чимээгээр чиний хэрэм доргих болно. 11 Морьдынхоо туурайгаар тэр чиний хамаг гудамжнуудыг талхлах болно. Тэр чиний ард түмнийг илдээр ална. Чиний хүчирхэг баганууд газарт унана. 12 Тэд чиний баялгийг дээрэмдэж, эд барааг олзолж, чиний хэрмүүдийг нураан, тохилог байшингуудыг чинь эвдэж, чиний чулуу, дүнз, нурангийг усанд хаях болно. 13 Тиймээс Би чиний дуунуудын аялгууг тасалж, босоо ятгын дуу ч цаашид сонсогдохгүй. 14 Би чамайг нүцгэн хад болгоно. Чи тор тавих газар болно. Чамайг дахин босгохгүй. Учир нь ЭЗЭН Би айлдсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 15 Эзэн БУРХАН Тирт ийнхүү айлдаж байна. «Шархдагсад ёолж, чиний голд аллага үргэлжилж байхад чиний нурж унах чимээгээр далайн эргүүд чичрэхгүй гэж үү? 16 Тэгээд далайн бүх ноёд сэнтийнүүдээсээ бууж, нөмрөгүүдээ тайлж, нэхмэл хувцаснуудаа хуу татна. Тэд өөрсдийгөө айдсаар хувцаслана. Тэд шороон дээр суун, мөч бүрд чичирч, чамайг харан дагжина. 17 Тэд чиний тухай гашуудлын дууг эхэлж, чамд хандан "Суурьшсан нэгэн, далайд хүчирхэг байсан нэр цуутай хот оо! Өөрийн айдсыг бүх оршин суугчид дээрээ тохсон тэр нэгэн, чи далайгаас яаж устсан бэ? 18 Эдүгээ чамайг нуран унах өдөрт далайн эргүүд чичирнэ. Тийм ээ, чиний өнгөрөхийг хараад далайд ойр эрэг газрууд айх болно"». 19 Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би чамайг оршин суугчгүй хотууд мэт эзгүйрсэн хот болгох үед Би чиний дээр гүнийг гаргаж, их уснууд чамайг бүрхэх үед 20 Би чамайг эртний хүмүүс уруу нүхэнд орогсодтой хамт доошоо унагана. Чамайг оршин суугчтай болгохгүйн тулд Би чамайг нүхэнд орогсодтой хамт, эртний зэлүүд нутаг мэт газрын нам хэсгүүдэд суулгана. Харин Би амьдын газарт алдрыг тавих болно. 21 Би чиний дээр айдсыг авчирж, чи хойшид байхаа болино. Чамайг хайх боловч, дахин хэзээ ч чи олдохгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
1 Түүнээс гадна ЭЗЭНий үг надад ирж, — 2 Хүний хүү чи Тирийн тухай гашуудлыг гарга. 3 Далайн үүдэнд оршиж, олон эргүүдийн хүмүүсийн худалдааны газар болох Тирт өгүүл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тир ээ. "Би төгс үзэсгэлэнтэй юм" хэмээн чи өгүүлэв. 4 Чиний хил хязгаар нь далайн зүрхэнд буй, чамайг босгогчид чиний үзэсгэлэнг төгс болгов. 5 Тэд Сенирийн гацуур модоор чиний хамаг банзнуудыг хийж, тэд чамд шураг хийхээр Ливаны хуш модыг авав. 6 Башаны царс модоор тэд чамд сэлүүрүүдийг хийж, Киприйн арлуудын нарс модоор хийсэн чиний тавцанг тэд зааны соёогоор шигтгэсэн. 7 Чиний дарвуул нь Египетийн нэхмэл маалингаар хийгдсэн ба энэ нь чиний ялгах тэмдэг болов. Чиний сүүдрэвч нь Елишагийн арлуудаас авчирсан хөх, нил ягаан өнгийн бөс даавуу байжээ. 8 Сидон, Арвадын оршин суугчид чиний сэлүүрчид байв. Тир ээ, чиний мэргэн хүмүүс онгоцон дотор чиний залуурчид байв. 9 Гебалын ахмадууд болон түүний мэргэн хүмүүс нь чамтай хамт чиний эвдрэлийг засаж байв. Далайн хамаг онгоц болон тэдний усан цэргүүд нь чиний худалдаа наймаанд оролцохын тулд чамтай хамт байв. 10 Перс, Луд ба Пут нь чиний цэрэгт, чиний дайчдын дунд байв. Тэд чиний дотор бамбай, дуулгыг зүүжээ. Тэд чиний сүр жавхланг нэмэв. 11 Арвадын хөвгүүд болон чиний цэргүүд эргэн тойронд чиний хэрмэн дээр байсан бөгөөд гаммадчууд чиний цамхагт байв. Тэд эргэн тойронд чиний хэрмэн дээр бамбайнуудаа өлгөж, чиний үзэсгэлэнг төгс болгосон. 12 Бүх төрлийн эд баялгаар дүүрэн байсан учраас Таршиш нь чиний худалдан авагч байсан. Тэд чиний барааг мөнгө, төмөр, цагаан тугалга ба хар тугалгаар худалдан авч байв. 13 Иаван, Тубал, Мешех нар чиний худалдаачид байсан. Хүний амь, хүрэл саваар тэд чиний барааг солилцож байв. 14 Бет-тогармагаас ирсэн хүмүүс чиний эд барааны үнэд морьд, дайны морьд, илжигнүүдийг өгсөн. 15 Деданы хөвгүүд чиний худалдаачид байсан. Олон эрэг хавийн газрууд чиний зах зээл болж байсан. Тэд зааны яс, хар модыг төлбөр болгон чамд авчирж байв. 16 Чиний барааны элбэг дэлбэгээс болж Арам нь чиний худалдан авагч байсан. Тэд чиний барааг маргад чулуу, нил өнгийн бөс, нэхсэн даавуу, нарийн маалинга, шүр хийгээд бадмаараг чулуугаар худалдан авч байв. 17 Иуда болон Израиль нь чиний худалдаачид байсан. Тэд чиний барааг Миннитийн улаан буудай, боов, зөгийн бал, тос болон гавраар худалдан авч байсан. 18 Чиний барааны элбэгээс болж, бүх төрлийн баялаг эрдэнэсийн элбэгээс болж, Хелбоны дарс болон цагаан ноосноос болж Дамаск нь чиний худалдан авагч байсан. 19 Ведан ба Иаван нь Узалаас чиний барааны үнийг төлж байсан. Чиний барааны дотор ширэм, шанц болон амтат чихрийн нишингэ байв. 20 Дедан нь эмээлийн тохмоор чамтай худалдаа хийж байв. 21 Араб болон Кедарын хамаг ноёд хурганууд, хуцнууд болон ямаануудаар чиний худалдан авагчид байсан. 22 Шеба ба Раамагийн худалдаачид чамтай худалдаа хийж байсан. Тэд чиний барааг бүх төрлийн халуун ногооны дээдээр, бүх төрлийн эрдэнийн чулуу ба алтаар төлж байсан. 23 Харан, Канне, Еден, Шебагийн наймаачид, Асшур болон Хилмад нар чамтай худалдаа хийж байв. 24 Тэд чамтай тансаг дээлүүд, хөх өнгийн хувцаснууд, нэхмэл бөс болон эрээн хивс, чанга гөрсөн олсоор худалдаа хийж байв. 25 Таршишийн онгоцнууд нь чиний барааг зөөж байв. Чи дүүрч, далайн зүрхэнд ихэд алдаршив. 26 Чиний сэлүүрчид чамайг их усанд хүргэж, дорны салхи чамайг далайн дунд цохиж эвдэв. 27 Чиний сүйрлийн өдөрт чиний баялаг, чиний ачаа, чиний эд бараа, чиний далайчид, чиний залуурчид, чиний эвдрэлийг засагчид, чиний барааны худалдаачид, чиний дотор буй бүх дайчид, чиний дунд буй хамаг чуулгантай хамт далайн дунд живэх болно. 28 Залуурчдын хашхирах дуунд бэлчээр нутгууд доргих болно. 29 Сэлүүрийг баригч бүх далайчид ба тэнгисийн залуурчид хөлөг онгоцнуудаасаа буух болно. Тэд газар дээр зогсоно. 30 Тэд чиний төлөө дуу хоолойгоо сонсгон, гашуунаар уйлах болно. Тэд өөрсдийнхөө толгойдоо шороо цацан, үнсэн дотор хөлбөрөх болно. 31 Бас тэд чиний төлөө өөрсдийгөө халзан болгож, өөрсдийгөө таараар хувцаслана. Тэд чиний төлөө сэтгэл шимшрэм гашуудан уйлах болно. 32 Түүнээс гадна уйлах дуундаа тэд чиний төлөө гашуудлын дууг гарган, гашуудан дуулах болно. "Хэн Тиртэй адил, хэн түүнтэй адил далайн дунд чимээгүй байна вэ? 33 Чиний ачаанууд далайгаас гарахад чи олон ард түмнүүдийг цатгажээ. Өөрийнхөө баялаг эрдэнэс болон эд барааны элбэг дэлбэгээр чи газрын хаадыг баяжуулав. 34 Одоо чи усны гүнд далайгаар сүйтгэгдэхэд чиний эд бараа болон чиний хамаг чуулган чиний голд унав. 35 Эргийн газруудын хамаг оршин суугчид чамайг харан гайхаж байна. Тэдний хаад нь ихэд айж байна. Тэдний царай нь түгшүүрт автжээ. 36 Ард түмнүүдийн дундах худалдаачид чам уруу исгэрч, чи айдас түгшүүр болж, хойшид байхгүй болно"»" гэв.
1 ЭЗЭНий үг надад дахин ирж, 2 —Хүний хүү Тирийн ноёнд өгүүл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Чиний зүрх бардамнан, чи "Би бол бурхан, би далайн зүрхэнд бурхдын суудалд залардаг" хэмээн өгүүлсэн. Гэвч чи хүн бөгөөд Бурхан биш байж өөрийн зүрхийг Бурханы зүрхтэй адил болгосон учир 3 (Харагтун, чи Даниелаас ч илүү мэргэн билээ. Чамаас далдлагдах ямар ч нууц байхгүй. 4 Мэргэн ухаан, ойлголтоороо чи өөртөө баялгийг олж авсан ба өөрийнхөө эрдэнэсийн санд алт, мөнгийг олж авав. 5 Аугаа мэргэн ухаан, наймаагаараа чи баялгаа ихэсгэж, чиний баялаг эрдэнэсээс болж зүрх чинь бардамнав.) 6 тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Чи өөрийн зүрхийг Бурханы зүрхтэй адил болгосон учраас, 7 тиймээс харагтун, Би чиний дээр харь хүмүүсийг үндэстнүүдээс хамгийн хэрцгийг нь авчрах болно. Тэд чиний мэргэн ухааны үзэсгэлэнгийн эсрэг илдээ сугалж, чиний сүр жавхланг бузарлах болно. 8 Тэд чамайг доошоо нүхэнд хаях болно. Чи далайн зүрхэнд алуулагсдын үхлээр үхэх болно. 9 Чамайг шархдуулагчийн гарт чи Бурхан биш, хүн атлаа өөрийг чинь алах алуурчны өмнө «Би бол Бурхан» хэмээн өгүүлсээр байх уу? 10 Чи харь хүмүүсийн гараар, хөвч хөндүүлээгүй хүний үхлээр үхэх болно. Учир нь Би айлдсан юм" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна»". 11 Дахин ЭЗЭНий үг надад ирж, — 12 Хүний хүү, Тирийн хааны тухай гашуудлын дууг гарган, түүнд өгүүл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Чамд мэргэн ухаанаар бялхсан, үзэсгэлэн төгс бүрэн төгөлдөр тамга байв. 13 Чи Бурханы цэцэрлэг Еденд байв. Эрдэнэсийн чулуу бүр чамайг бүрхэж байв. Бадмаараг, молор, алмааз, биндэрьяа, оникс, хаш, индранил, оюу болон маргад байв. Чиний дотор чиний хүрээ ба углуургууд алтаар урлагдсан байв. Чамайг бүтээсэн өдөрт тэдгээр нь бэлтгэгдсэн байв. 14 Чи бол халхалдаг тослогдсон херуб байсан ба Би чамайг байрлуулсан. Чи Бурханы ариун ууланд байлаа. Чи галт чулуунуудын дундуур явав. 15 Чамайг бүтээсэн өдрөөс эхлэн чиний дотор зөвт бус нь олдох хүртэл чи өөрийн замууддаа гэмгүй байв. 16 Чиний наймааны хөгжлөөр чи дотроосоо хүчирхийллээр дүүрч, чи нүглийг үйлдэв. Тиймээс Би чамайг Бурханы уулаас бузартсан юм мэт хөөсөн. Халхлагч херуб аа, Би чамайг галт чулуунуудын дундаас устгав. 17 Чиний гоо үзэсгэлэнгээс болж зүрх чинь бардамнав. Чи сүр жавхлангаасаа болж цэцэн ухаанаа завхруулсан. Би чамайг газарт хаяж, хаадад чамайг харуулахын тулд тэдний өмнө тавьсан. 18 Өөрийн тоо томшгүй хууль бус явдал ба зөв бус наймаагаар чи ариун газруудаа бузарлав. Тиймээс Би чиний дотроос гал гаргаж, тэр нь чамайг шатаасан. Чамайг харагч бүхний нүдэн дээр Би чамайг газрын үнс болгов. 19 Ард түмнүүдийн дунд чамайг мэддэг бүгд чамаас болж чичрэв. Чи айдаст автаж, хойшид байхгүй болно»". 20 ЭЗЭНий үг надад ирж, — 21 Хүний хүү Сидоны зүг нүүрээ хандуулан түүний эсрэг эш үзүүл. 22 "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Сидон оо. Харагтун, Би чиний эсрэг байна. Би чиний дотор алдаршуулагдах болно. Би түүн дээр шүүлтийг буулгаж, Өөрийн ариун байдлаа түүнд үзүүлэх үед тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 23 Учир нь Би түүн уруу тахлыг илгээж, түүний гудамжинд цусыг урсгана. Түүн уруу зүг бүрээс дайрах илдэнд шархдагсад түүний голд унана. Тэгээд тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 24 Израилийн гэрийн хувьд, тэдний эргэн тойрон дахь тэднийг жигшигчдээс хатгах өргөс, эсвэл өвтгөх үүргэнэ хойшид байхгүй болно. Тэгээд тэд Намайг Эзэн БУРХАН мөн гэдгийг мэдэх болно». 25 "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би тэдний тараагдсан улсуудынх нь дундаас Израилийн гэрийг цуглуулж, үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийн ариун байдлыг тэдний дотор үзүүлэх үед, тэгэхэд тэд Миний зарц Иаковд Миний өгсөн газарт суух болно. 26 Тэд тэнд аюулгүй суух болно. Би тэдний эргэн тойронд тэднийг жигшигчид дээр шүүлтийг буулгах цагт, тэд байшингуудыг барьж, усан үзмийн цэцэрлэгүүд байгуулж, аюулгүй амьдрах болно. Тэгээд тэд Намайг тэдний Бурхан ЭЗЭН гэдгийг мэдэх болно»".
1 Арав дахь жилийн аравдугаар сард, уг сарын арван хоёрны өдөр ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа — 2 Хүний хүү Египетийн хаан Фараоны эсрэг нүүрээ чиглүүлэн, түүний эсрэг болон бүхэл Египетийн эсрэг эш үзүүлэн, 3 яригтун. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Египетийн хаан Фараон, харагтун, Би чиний эсрэг байна. Чи бол өөрийн голуудын дунд хэвтээд, "Миний гол бол минийх юм. Би өөрөө үүнийг бүтээв" хэмээсэн агуу мангас юм. 4 Би чиний эрүүнд дэгээ зоож, голуудын чинь загаснуудыг чиний хайрсанд наалдуулах болно. Би чамайг голуудын чинь дундаас гаргах бөгөөд чиний голуудын бүх загаснууд чиний хайрсанд наалдах болно. 5 Би чамайг болон чиний голуудын хамаг загасыг цөлд хаях болно. Чи хээр талд унах болно. Чи үл цуглуулагдан, үл нийлүүлэгдэнэ. Би чамайг газрын араатан хийгээд огторгуйн шувуудад хоол болгон өгөх болно. 6 Тэгэхэд Египетийн бүх оршин суугчид Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Учир нь тэд Израилийн гэрийнхний хувьд зөвхөн хулсан таяг мэт л байв. 7 Тэд чамайг гараараа барихад чи хугарч, тэдний хамаг гаруудыг урав. Тэд чамайг түшихэд чи хугарч тэдний хамаг ууцыг нь ганхуулав». 8 Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би чам дээр илд авчирж, чамаас хүн, амьтныг таслах болно. 9 Египетийн газар нь эзгүйрэн, балгас болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Чи "Нил бол минийх юм. Би үүнийг бүтээв" хэмээн өгүүлсэн учраас, 10 тиймийн тулд харагтун, Би чиний эсрэг болон чиний голын эсрэг байна. Би Египетийн газрыг Мигдолоос Сиене хүртэл бүр Етиопийн хил хүртэл бүрмөсөн балгас, эзгүйрэл болгоно. 11 Хүний хөл ч түүгээр өнгөрөхгүй, араатны хөл ч түүгээр өнгөрөхгүй. Тэр нь дөчин жилийн турш оршин суугчгүй байх болно. 12 Тиймээс Би Египетийн газрыг хоосорсон газруудын дунд хоосруулж, түүний хотууд ч дөчин жилийн турш балгас болсон хотуудын дунд хоосрох юм. Би египетчүүдийг үндэстнүүдийн дунд тарааж, улсууд уруу хөөж тараана. 13 Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдахдаа «Дөчин жилийн эцэст Би египетчүүдийн тараагдсан ард түмнүүдийн дундаас тэднийг цуглуулах болно. 14 Би Египетийн олзлогдогсдыг эргүүлж, тэдний уугуул нутаг Патрос газарт буцаана. Тэд тэнд дорд хаант улс болно. 15 Тэр нь хаанчлалуудын хамгийн дорд болж, дахин хэзээ ч өөрийгөө үндэстнүүдийн дээр өргөмжлөхөө болино. Үндэстнүүдийг захирахгүй болтол нь Би тэднийг тийм жижиг болгох болно. 16 Тэр хэзээ ч дахин Израилийн гэрийн итгэл найдвар байхаа больж, тэдний Египет уруу эргэснийх нь гэм бурууг сануулах болно. Тэгэхэд тэд Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэдэх болно»" гэв. 17 Хорин долоо дахь жилийн нэгдүгээр сард, уг сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж, — 18 Хүний хүү Тирийн эсрэг Вавилоны хаан Небухаднезар өөрийн цэргүүдийг нөр их хөдөлмөрлүүлэв. Бүх толгойнууд халзан болж, бүх мөрнүүд шалбарав. Гэвч тэр болон түүний цэргүүд Тирийн эсрэг үйлдсэн нөр их хөдөлмөрийнхөө төлөө ямар ч шан хөлсгүй байв. 19 Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би Вавилоны хаан Небухаднезарт Египетийн газрыг өгөх болно. Тэрээр түүний баялгийг авч одон, юмсыг нь тонон, олзыг нь булаана. Тэр нь түүний цэргүүдийн хөлс шан болох болно. 20 Түүний үйлдсэн хөдөлмөрийн хөлс болгож түүнд Би Египетийн газрыг өгөх болно. Учир нь тэд Миний төлөө үйлдсэн юм» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 21 Тэр өдөр Би Израилийн гэрийн төлөө нэг эврийг ургуулж, тэдний голд Би чиний амыг нээх болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв.
1 ЭЗЭНий үг дахин надад ирж, — 2 Хүний хүү эш үзүүлж, өгүүл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Уйл. "Тэр өдөр гаслантай яа." 3 Учир нь тэр өдөр ойрхон, бүр ЭЗЭНий өдөр ойрхон байна. Энэ нь үүлтэй өдөр, үндэстнүүдийн хувьд мөхлийн цаг байх болно. 4 Египет дээр илд бууж, Етиопт зовлон зүдгүүр болно. Египетэд алагдагсад унах үед тэд түүний баялгийг авч одон түүний сууриуд нь нуран унах болно. 5 Етиоп, Пут, Луд, бүх Араб, Ливи болон гэрээний нутгийн хөвгүүд тэдэнтэй хамт илдэнд унах болно». 6 ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Үнэхээр, Египетийг түшиглэгчид унаж, түүний хүч чадлын бахархал нь доош унана. Мигдолоос Сиене хүртэл тэд түүний дотор илдэнд алагдах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 7 «Тэд эзгүйрсэн улсуудын дунд эзгүйрч, түүний хотууд нь ч сүйтгэгдсэн хотуудын дунд байх болно. 8 Би Египетэд гал тавьж, түүний бүх туслагчид нь устгагдах цагт тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 9 Амар тайван буй Етиопийг айлгахаар тэр өдөр Надаас элч нар онгоцоор илгээгдэнэ. Египетийн өдрийнх шиг тийм зовлон зүдгүүр тэдэн дээр байх болно. Учир нь харагтун, тэр ирж байна». 10 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би Вавилоны хаан Небухаднезарын гараар Египетийн олон түмнийг үгүй болгоно. 11 Тэр болон түүнтэй хамт түүний ардууд болох хамгийн харгис үндэстнүүд тэр газрыг устгахын тулд орж ирэх болно. Тэд Египетийн эсрэг илднүүдээ сугалж, тэр газрыг алагдагсдаар дүүргэх болно. 12 Түүнээс гадна, Би Нилийн сувгуудыг хатаан, хорон муу хүмүүсийн гарт уг нутгийг худалдах болно. Би харь хүмүүсийн гараар тэр нутаг болон тэндэх хамаг юмсыг эзгүйрүүлэх болно. ЭЗЭН Би айлдсан юм». 13 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би бас шүтээнүүдийг эвдэж, Мемфисээс хөргүүдийг үгүй болгоно. Египетийн нутагт дахин ноён гарахгүй. Би Египетийн газарт айдсыг өгөх болно. 14 Би Патросыг хоосруулж, Зоанд гал тавьж, Тебест шүүлтийг буулгана. 15 Би Египетийн цайз Синд хилэнгээ асгаж, Тебесийн олон түмнийг таслах болно. 16 Би Египетэд гал тавина. Син нь зовлон зүдгүүр дотор тарчлах болно. Тебес эвдэрч, Мемфис нь өдөр бүр гай гамшигтай байх болно. 17 Он болон Пи-бесетийн залуус илдэнд унах бөгөөд эмэгтэйчүүд нь олзлогдох болно. 18 Би Техафнехест Египетийн буулгыг эвдэх үед тэнд өдөр нь харанхуй байх болно. Түүний хүч чадлын бахархал нь дотроо алга болно. Түүнийг үүл бүрхэж, охид нь олзлогдоно. 19 Тийнхүү Би Египет дээр шүүлтийг буулгах ба тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»". 20 Арван нэг дэх жилийн нэгдүгээр сард, уг сарын долоонд ЭЗЭНий үг надад ирж, — 21 Хүний хүү, Би Египетийн хаан Фараоны гарыг хугалав. Харагтун, тэр нь эмчлэгдэхийн тулд үл ороогдож, илдийг авахад хүчтэй байхаар үл боогдсон юм. 22 Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун, Би Египетийн хаан Фараоны эсрэг байгаа бөгөөд түүний эрүүл болон хугарсан гаруудыг хоёуланг нь хугалж, түүний гараас илдийг нь унагаах болно. 23 Би египетчүүдийг үндэстнүүдийн дунд тарааж, улсуудын дунд хөөх болно. 24 Учир нь Би Вавилоны хааны гарыг тэнхрүүлж, түүний гарт Өөрийн илдийг өгөх болно. Би Фараоны гарыг хугалах болно. Ингэснээр тэр шархадсан хүн ёолох адил Вавилоны хааны өмнө ёолох болно. 25 Тийнхүү Би Вавилоны хааны гарыг хүчтэй болгож, харин Фараоны гар унжих болно. Би Вавилоны хааны гарт Өөрийн илдийг өгч, тэр түүнийг Египетийн газрын эсрэг хандуулах үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 26 Би египетчүүдийг үндэстнүүдийн дунд тарааж, тэднийг улсуудын дунд хөөн зайлуулах үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно".
1 Арван нэг дэх жилийн гуравдугаар сард, уг сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж, — 2 Хүний хүү, Египетийн хаан Фараон болон түүний олон түмэнд өгүүл. "Чи өөрийн сүр жавхлангаар хэнтэй зэрэгцэх вэ? 3 Харагтун, Ассири нь Ливанд хуш байсан бөгөөд тэр үзэсгэлэнтэй мөчир, ой модны сүүдэртэй болон маш өндөр, түүний орой нь үүлэн дунд байжээ. 4 Ус түүнийг ургуулж, газрын гүн түүнийг өндөр болгов. Тэр голуудынхаа хамт суулгагдсан газрынхаа эргэн тойронд үргэлжлэн сунаж, хээр талын хамаг модод уруу сувгуудаа илгээв. 5 Тийм учраас түүний өндөр нь хээр талын хамаг моддынхоос ч илүү өндөр байсан ба түүний илгээсэн арвин их уснаас болж түүний гишүүд нь олон болж, мөчрүүд нь урт болжээ. 6 Түүний гишүүд дотор тэнгэрийн бүх шувууд үүрлэж, түүний мөчрүүдийн доор хээрийн бүх араатан төрж, бүх аугаа үндэстнүүд түүний сүүдэрт амьдрав. 7 Тиймээс тэр нь өөрийнхөө аугаа байдал дотроо, мөчрүүдийнхээ уртаар үзэсгэлэнтэй болов. Учир нь түүний үндэснүүд арвин их ус уруу сунасан юм. 8 Бурханы цэцэрлэгийн хушнууд ч түүнтэй зэрэгцэх нь үгүй. Нарснууд ч түүний гишүүтэй харьцуулшгүй. Агар мод ч түүний мөчрүүдтэй ч адилтгагдашгүй. Бурханы цэцэрлэгт буй ямар ч мод үзэсгэлэнгээрээ түүнтэй харьцуулшгүй байв. 9 Би түүнийг үй түмэн мөчрүүдтэй нь хамт үзэсгэлэнтэй болгож, Бурханы цэцэрлэгт байсан Едений хамаг модод түүнд атаархав. 10 Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тэрээр өндөр болж, оройгоо үүлэн дунд хүргэж, түүний зүрх нь сүрлэг байдлаараа бардамнасан учир, 11 тиймийн тулд Би түүнийг үндэстнүүдийг дарангуйлагчийн гарт тушаана. Тэрээр түүнийг бүрэн шийтгэнэ. Түүний хорон муу явдлынх нь дагуу Би түүнийг хөөн зайлуулав. 12 Харь үндэстний харгислагчид түүнийг таслан, хаяв. Түүний мөчрүүд нь уулсууд дээр, хамаг хөндийнүүдэд унаж, түүний гишүүд нь нутгийн хамаг жалгууд дотор хугалагдав. Дэлхийн бүх ард түмнүүд энэ модны сүүдэр дороос гарч яван, түүнийг орхив. 13 Түүний нуранги дээр тэнгэрийн бүх шувууд оршиж, түүний унасан мөчрүүд дээр хээрийн бүх араатан байх болно. 14 Энэ нь усны дэргэдэх бүх модод өөрийнхөө өндрөөрөө бардамнахгүйн тулд, оройгоо үүлэн дунд хүргэхгүйн тулд, сайтар услагдсан хүчит модод өндрөөрөө цэх босохгүйн тулд юм. Учир нь тэд бүгд үхэлд, газар доорхид, хүний хөвгүүдийн дунд, нүхэнд орогчидтой хамт өгөгдсөн билээ». 15 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тэр нь доошоо Үхэгсдийн оронд орох өдөр Би гашуудуулсан. Би түүнийг гүн усаар хааж, голуудыг нь гэдрэг татсан. Түүний арвин их уснууд зогсоогдов. Би түүний төлөө Ливаныг гашуудуулж, хээр талын хамаг модод түүнээс болж хатаж үгүй болов. 16 Би түүнийг нүхэнд орогсодтой хамт Үхэгсдийн оронд буулгах цагт түүний унах дуугаар Би үндэстнүүдийг чичрүүлэв. Едений хамаг сайн услагдсан мод, Ливаны шилмэл сайн мод газрын доор амруулагдав. 17 Тэд бас Үхэгсдийн орон уруу, илдэнд алагдагсад уруу буун оров. Түүний хүч чадал нь болж байсан хүмүүс үндэстнүүдийн дунд түүний сүүдэрт амьдарсан. 18 Едений моддын дундаас алдар болон аугаа байдлаараа чи алинтай нь тийм адил вэ? Гэсэн ч чи Едений моддын хамт газрын доор унагаагдах болно. Чи илдэнд алагсадтай хамт хөвч хөндүүлээгүй хүмүүсийн голд хэвтэх болно. Фараон болон түүний хамаг олон түмэн тийм байна»" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
1 Арван хоёр дахь жилийн арван хоёрдугаар сард, уг сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж, — 2 Хүний хүү, Египетийн хаан Фараоны төлөө гашуудлыг гарган, тэдэнд "Чи өөрийгөө үндэстнүүдийн залуу арслантай харьцуулсан. Гэтэл чи далайн мангастай адил юм. Чи голууд дотроо хага яран, хөлөөрөө усыг булингартуулж, тэдний голуудыг бохиртуулав" гэж хэл». 3 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Одоо Би олон ард түмнүүдийн чуулгантай хамт чиний дээр Өөрийн торыг хаяж, тэд чамайг Миний тороор дээш татах болно. 4 Би чамайг газарт хаяж, хээр тал уруу хөөнө. Би тэнгэрийн бүх шувуудыг чам дээр оршоон, бүх газрын араатнуудыг чамаар цатгах болно. 5 Чиний махан биеийг уулсын дээр тавьж, чиний баасаар хөндийнүүдийг дүүргэх болно. 6 Уулсад тултал нь Би бас чамаас гоожсон цусыг газарт уулгах болно. Жалганууд ч чамаар дүүрэх болно. 7 Би чамайг сөнөөх цагт тэнгэрийг халхалж, оддыг нь бөхөөнө. Би нарыг үүлээр далдлан, сар ч гэрлээ өгөхгүй. 8 Огторгуй дахь гэрэлтэгч хамаг гэрлийг Би чам дээр харанхуй болгож, чиний газарт харанхуйг тогтоох болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 9 «Би бас үндэстнүүдийн дунд, чиний үл мэдэх улсууд уруу чиний сүйрлийг аваачих үед олон ард түмнүүдийн зүрхийг зовоох болно. 10 Би олон ард түмнүүдийг чамайг харж балмагдуулна. Тэдний өмнө Өөрийнхөө илдийг далайх үед тэдний хаад нь ч чамаас ихэд айна. Чамайг унах өдөрт хүн бүр өөрийнхөө амийн төлөө, тэд мөч бүрд чичрэх болно». 11 Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Вавилоны хааны илд нь чам дээр бууна. 12 Хүчтэнүүдийн илдээр Би чиний олон түмнийг унагах болно. Тэд бүгд үндэстнүүдийн харгис хүмүүс нь билээ. Тэд Египетийн бахархлыг сүйтгэж, түүний хамаг ард олон нь устгагдах болно. 13 Би бас түүний хамаг үхэр сүргийг их усны дэргэдээс устгах болно. Хүний хөл нь усыг дахин үл булингартуулна. 14 Тэгээд Би тэдний уснуудыг тогтуун болгож, голуудыг нь тос мэт урсгах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 15 «Би Египетийн нутгийг хоосруулж, дүүргэгдэж байсан юмсаараа газар ядуурахад, тэнд амьдардаг бүхнийг устгах цагт тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 16 Энэ бол гашуудал бөгөөд тэд үүнийг дуулах ёстой. Үндэстнүүдийн охид үүнийг дуулах ёстой. Египет болон түүний хамаг олон түмний төлөө тэд үүнийг дуулах ёстой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 17 Арван хоёр дахь жилийн тэр сарын арван таванд ЭЗЭНий үг надад ирж, — 18 «Хүний хүү, Египетийн олон түмний төлөө гасал. Түүнийг болон хүчирхэг гүрнүүдийн охидыг нүхэнд орогсодтой хамт доод ертөнцөд буулга. 19 "Чи үзэсгэлэнгээрээ хэнээс давуу вэ? Доош явж, хөвч хөндүүлээгүй хүмүүстэй хамт ороо зас". 20 Тэд илдэнд алагдагсдын дунд унах болно. Тэр улс илдэнд тушаагдсан юм. Тэд түүнийг болон түүний бүх олон түмнийг аваад явсан. 21 Хүчтэнүүдийн дотроос хүчтэн нь тэр улс ба түүний туслагчдын тухай Үхэгсдийн орны дундаас ярьж, "Тэд доош явсан, тэд илдэнд алагдсан хөвч хөндүүлээгүй хүмүүстэй хамт хөдөлгөөнгүй хэвтэж байна". 22 Ассири болон түүний хамтрагчид тэнд байна. Булшнууд нь түүний эргэн тойронд байна. Тэд бүгд алагдагсад бөгөөд илдэнд унасан билээ. 23 Тэдний булшнууд нь нүхний хамгийн цаад мухарт байгаа бөгөөд хамтрагчид нь түүний булшны эргэн тойронд байна. Амьдын газарт айдсыг тараагчид болох тэд бүгд алагдаж, илдэнд унасан байна. 24 Елам тэнд байгаа бөгөөд түүний хамаг олон түмэн нь түүний булшны эргэн тойронд байна. Тэд бүгд алагдагсад бөгөөд илдэнд унасан, хөвч хөндүүлээгүй хүмүүс юм. Тэд газрын хамгийн доод хэсэгт очсон. Амьдын газарт тэд айдсыг төрүүлэгчид юм. Тэд нүхэнд орогсодтой хамт өөрсдийн ичгүүрийг үүрсэн. 25 Тэд түүнд зориулан түүний бүх олон түмэнтэй хамт алагдагсдын хооронд ор зассан. Түүний булшнууд үүнийг тойрон байна. Тэд бүгд хөвч хөндүүлээгүй бөгөөд илдэнд алагдсан. Хэдийгээр тэд амьдын газарт айдсыг төрүүлсэн боловч тэд нүхэнд орогсодтой хамт өөрсдийн ичгүүрийг үүрсэн. Тэд алагдагсдын хооронд тавигдав. 26 Мешех, Тубал ба тэдний бүх олон түмэн нь тэнд байгаа. Булшнууд нь тэднийг хүрээлж байна. Тэд бүгд хэдийгээр амьдын газарт айдсыг төрүүлж байсан ч илдэнд алагдсан хөвч хөндүүлээгүй хүмүүс билээ. 27 Дайтах зэвсэгтэйгээ Үхэгсдийн орон уруу явсан толгойнх нь доор илднүүд нь тавигдсан, хөвч хөндүүлээгүй унасан баатруудын дэргэд ч тэд хэвтээгүй юм. Харин хэдийгээр нэгэн цагт эдгээр баатруудын аймшиг нь амьдын газарт байсан ч, тэдний хууль бус явдлын шийтгэл нь тэдний ясан дээр тавигдсан буй. 28 Гэвч хөвч хөндүүлээгүй хүмүүсийн дунд чи эвдрэгдэж, илдэнд алагдагсадтай хамт хэвтэх болно. 29 Тэнд бас Едом ба түүний хаад, хамаг ноёд нь байна. Тэд өөрсдийн бүх чадлын төлөө илдэнд алагсадтай хамт хэвтүүлэгдсэн. Тэд хөвч хөндүүлээгүй хүмүүстэй болон нүхэнд орогсодтой хамт хэвтэх болно. 30 Тэнд бас умардын тэргүүнүүд бүгдээрээ болон өөрсдийнхөө чадлаас гарсан аймшгийг үл хайхран, ичгүүр дотор алагсадтай хамт доошоо буусан бүх сидончууд байна. Тийнхүү тэд хөвч хөндүүлээгүй хүмүүс бөгөөд илдэнд алагдагсадтай хамт хэвтэж, нүхэнд орогсодтой хамт өөрсдийн ичгүүрийг үүрсэн юм. 31 Фараон тэдгээрийг хараад, илдэнд алагдсан өөрийн хамаг олон түмэн, бүр Фараон болон бүх цэргүүдийнхээ төлөө тайвшруулагдах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 32 «Хэдийгээр Би амьдын газарт түүнээс айх аймшгийг төрүүлсэн ч, тэрээр Фараон болон түүний хамаг олон түмэн нь хөвч хөндүүлээгүй хүмүүсийн хооронд илдэнд алагдагсадтай хамт хэвтэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
1 ЭЗЭНий үг надад ирж, — 2 Хүний хүү, өөрийнхөө ард түмний хөвгүүдтэй ярьж "Хэрэв Би нэг улс дээр илд авчирж, тэр улсын ардууд өөрсдийнхөө дундаас нэг хүнийг сонгож, өөрсдийн харуул болгох аваас, 3 улс дээр нь илд ирж байхыг тэр хүн хармагц бүрээ үлээж, ардуудад сэрэмжлүүлэг өгвөл, 4 тэгээд хэн нэгэн нь бүрээний дууг сонссон боловч сэрэмжлүүлгийг эс авбал, илд ирж түүнийг аваад явбал түүний цус өөрийнх нь толгой дээр байх болно. 5 Тэр бүрээний дууг сонссон боловч сэрэмжлүүлгийг аваагүй юм. Түүний цус өөр дээр нь байх болно. Гэвч хэрвээ тэр сэрэмжлүүлгийг хүлээн авсан бол өөрийн амиа аврах байсан юм. 6 Гэвч хэрвээ харуул нь илд ирж буйг хараад бүрээ үлээлгүй, ард түмэнд сэрэмжлүүлэг өгөөгүй бол илд ирж, тэдний дотроос хэн нэгийг авбал тэр хүн нь өөрийн хууль бусын төлөө авагдсан юм. Харин түүний цусыг Би харуулын гараас нэхэх болно" гэж хэл. 7 Хүний хүү чиний хувьд гэвэл, Би чамайг Израилийн гэрийн төлөө харуул болгон томилсон. Тиймээс чи Миний амнаас гарах үгийг сонсоод, Надаас өгөх сэрэмжлүүлгийг тэдэнд өгөх болно. 8 Би хорон муу хүнд "Хорон муу хүн ээ, чи заавал үхэх болно" хэмээн айлдах үед чи тэр хорон муу хүнд өөрийнх нь замаас эргэхийг сануулан хэлэхгүй бол тэр хорон муу хүн өөрийн хууль бус үйлсийн дотор үхэх боловч, харин түүний цусыг Би чиний гараас нэхэх болно. 9 Харин хэрвээ чи өөрийн талаас тэр хорон муу хүнд замаасаа эргэхийг сэрэмжлүүлсэн боловч тэрээр замаасаа эргэхгүй бол тэр өөрийн хууль бус үйлсийн дотор үхэх болно. Гэвч чи өөрийн амийг аварсан билээ. 10 Хүний хүү чиний хувьд гэвэл, Израилийн гэрт өгүүл. "Та нар ийнхүү ярьж «Үнэнээр бидний гэм буруу, бидний нүгэл нь бидэн дээр буй. Бид түүний дотор ялзарч байна. Тэгвэл бид яаж амьд үлдэх вэ?» хэмээв". 11 Тэдэнд өгүүл. "Би Өөрийн амьд буйгаар тангараглая" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. "Би хорон муу хүний үхэлд огтхон ч баярлахгүй. Харин хорон муу хүн замаасаа эргэж, амьдрахад Би баярлах болно. Өөрийн муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ, Израилийн гэр ээ?" 12 Хүний хүү чи нутгийнхандаа "Зөвт хүний зөв байдал нь ч түүний гэм буруугийн өдөрт түүнийг үл аварна. Хорон муу хүний хорон муу үйлдлийн хувьд, тэрээр хорон муугаасаа эргэх өдөрт түүнээсээ болж бүдрэхгүй. Тэгэхэд зөвт хүн ч нүглийг үйлдэх өдөрт өөрийнхөө зөвөөр амьдарч үл чадна." гэж хэл. 13 Би зөвт хүнд түүнийг заавал амьдарна гэж айлдсан боловч тэрээр өөрийн зөвт байдалд хэт найдсаар хууль бусыг үйлдвээс түүний зөв үйлсийн нэг нь ч дурсагдахгүй. Харин түүний үйлдсэн яг тийм хууль бус үйлдэл дотор тэр үхэх болно. 14 Гэвч Би хорон муу хүнд "Чи заавал үхэх болно" хэмээн айлдахад, тэрээр өөрийн нүглээс буцаж, шударга ёс, зөвт үйлсийг үйлдвэл, 15 хэрвээ хорон муу үйлстэн барьцаалсан юмыг буцааж, тоносон юмсыг буцаан төлж, хууль бусыг үл үйлдэн амийн баталсан журмыг дагаж явбаас тэр заавал амьдарна. Тэр үхэхгүй. 16 Түүний үйлдсэн нүглийн нэг нь ч түүний эсрэг дурсагдахгүй. Тэрээр шударга ёс болон зөвийг үйлдсэн. Тэр заавал амьдрах болно. 17 Гэсэн ч чиний нутгийнхан "Эзэний зам нь буруу юм" хэмээн өгүүлж байхад тэдний өөрсдийнх нь зам буруу байдаг. 18 Зөв хүн ч өөрийн зөвт байдлаасаа эргэж, хууль бусыг үйлдвээс тэр нь түүн дотроо үхэх болно. 19 Харин хорон муу хүн өөрийн хорон муу үйлсээс эргэж шударга ёс болон зөвт үйлсийг үйлдвээс тэр түүгээрээ амьдрах болно. 20 Гэвч та нар "Эзэний зам нь буруу юм" хэмээн өгүүлдэг. Израилийн гэр ээ, Би та нарын хүн тус бүрийг өөрийнх нь замаар шүүх болно». 21 Бидний олзлолын арван хоёр дахь жилийн аравдугаар сарын таванд Иерусалимаас нэгэн дүрвэгч над уруу ирэн "Хот эзлэгдэв" хэмээн өгүүлэв. 22 Тэрхүү дүрвэгчийг ирэхээс өмнө, үдэш ЭЗЭНий мутар миний дээр байсан. Өглөө болж түүнийг над уруу ирэхийн өмнө Тэр миний амыг нээв. Ийнхүү миний ам нээгдсэн, би дахин хэлгүй байгаагүй. 23 Дараа нь ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа — 24 «Хүний хүү, Израилийн газар дахь тэдгээр балгаснуудад амьдрагчид нь "Абрахам нь ганцаараа атал энэ газрыг эзэмшиж байв. Тиймээс бид олон тул энэ газар бидэнд эзэмшил болгогдон өгөгдсөн юм" хэмээж байна. 25 Тиймийн тулд тэдэнд хэл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Та нар махыг цустай нь идэж, шүтээнүүд уруугаа нүдээ өргөн, цус урсгаж байна. Тийм байж та нар энэ газрыг өмчлөх ёстой юу? 26 Та нар өөрсдийн илдэнд найдаж, жигшүүрт хэргийг үйлдэн, та нарын хүн бүр хөршийнхөө эхнэрийг бузарладаг. Тийм байж та нар энэ газрыг өмчлөх ёстой юу?»". 27 Чи тэдэнд ийнхүү хэлэх ёстой. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Үнэхээр балгаснуудад буй хүмүүс нь илдэнд унаж, хээр талд буй хүмүүсийг Би араатнуудад тастчуулахаар өгч, цайз болон агуйд буй хүмүүс нь тахлаар үхэх болно. 28 Би тэр газрыг эзгүйрүүлж, балгас болгож, түүний хүч чадлын бардамнал нь үгүй болно. Израилийн уулс нь хоосорч, тийнхүү хэн ч түүгээр үл өнгөрнө. 29 Тэдний үйлдсэн хамаг жигшүүрт үйлсээс нь болж Би тэр газрыг эзгүйрүүлж, балгас болгох үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»". 30 «Хүний хүү чиний хувьд гэвэл, чиний тухай хэрмийн дэргэд болон гэрүүдийн үүдэнд ярилцаж, өөр зуураа болон ах дүүтэйгээ хэлэлцдэг чиний нутгийнхан "Одоо ирэгтүн, ЭЗЭНээс ямар үг гарахыг сонс" хэмээн өгүүлж байна. 31 Ард түмэн ирж байгаа мэт тэд чам уруу ирж, Миний ард түмэн мэт чиний өмнө сууж, чиний үгийг сонсох болно. Гэвч тэд түүнийг үйлдэхгүй. Учир нь тэд өөрсдийн амаар гаргасан тачаангуй хүслүүдээ үйлдэж, тэдний зүрх нь олз ашгийнхаа араас явдаг. 32 Харагтун, тэдний хувьд чи бол хөгжмийн зэмсгүүд дээр сайн тоглодог, сайхан хоолойтой хүний дуулсан тачаангуй дуу мэт юм. Учир нь тэд чиний үгийг сонсдог боловч түүнийг биелүүлдэггүй. 33 Тиймээс тэр нь биелэлээ олоход (заавал биелнэ) өөрсдийнх нь дунд нэгэн эш үзүүлэгч байсныг мэдэх болно.
1 Дараа нь ЭЗЭНий үг надад ирж, — 2 Хүний хүү, Израилийн хоньчдын эсрэг эш үзүүл. Эш үзүүлж, тэдгээр хоньчдод "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Өөрсдийгөө тэжээж байсан Израилийн хоньчид золгүй еэ! Хоньчид нь хонин сүргээ тэжээх ёстой бус уу? 3 Та нар өөх идэж, өөрсдийгөө ноосоор хувцаслаж, хонин сүргийг тэжээлгүй, тарган хонийг нядалдаг. 4 Эмгэгтэй нэгнийг та нар эс тэнхрүүлж, өвчтэйг нь та нар эс эдгээн, гэмтсэнийг та нар үл боож, бутарсныг та нар эс буцааж, гээгдсэнийг эс хайв. Харин та нар тэднийг хүчээр, ширүүнээр ноёлов. 5 Хоньчин дутагдсан тул тэд бутарч, тал хээрийн араатан бүрийн идэш болж, тараагдав. 6 Миний хонин сүрэг бүх уулсаар, өндөр толгод бүрээр тэнүүчлэв. Миний хонин сүрэг газрын бүх гадаргаар тараагдсан. Тэднийг хайх, бэдрэх хүн ганц ч алга байв»" гэж өгүүл хэмээв. 7 Тиймийн тул хоньчид та нар, ЭЗЭНий үгийг сонс. 8 «Би Өөрийн амьд буйгаар тангараглая» гэж Эзэн БУРХАН тунхаглаж «Үнэхээр Миний хонин сүрэг олз болж, хоньчин дутагдсан тул Миний хонин сүрэг хээрийн бүх араатнуудын идэш болж, Миний хоньчид хонин сүргийг минь бэдрээгүй. Харин ч хоньчид өөрсдийгөө тэжээн, Миний хонин сүргийг тэжээгээгүй учраас, 9 тиймийн тул хоньчид та нар ЭЗЭНий үгийг сонс. 10 "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би хоньчдын эсрэг байгаа бөгөөд Би тэднээс Өөрийнхөө хонинуудыг шаардаж, тэднээр хонинуудыг тэжээлгэхээ зогсооно. Тийнхүү хоньчид дахин өөрсдийгөө үл тэжээх бөгөөд харин Би Өөрийнхөө хонин сүргийг тэдний идэш болгохгүйн тулд тэдний амнаас аварна»"» гэв. 11 Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун. Би Өөрийн хонинуудыг Өөрөө бэдэрч, тэднийг олох болно. 12 Тараагдсан хонинуудынхаа дунд байх өдөр хоньчин өөрийн сүрэгтээ санаа тавьдагийн адил, тийнхүү Би Өөрийн хонинуудын төлөө санаа тавьж, үүлтэй болон бүрэнхий өдрөөр тарсан хамаг газруудаас нь тэднийг аврах болно. 13 Би ард түмнүүдээс тэднийг гаргаж, улсуудаас тэднийг цуглуулж, тэднийг уугуул нутагт нь аваачна. Израилийн уулс, урсгалуудын дэргэд болон тэр нутаг дахь хүмүүс оршин буй хамаг газруудад Би тэднийг тэжээх болно. 14 Би тэднийг сайн бэлчээрт тэжээх бөгөөд тэдний бэлчээрлэх газар нь Израилийн өндөр уулан дээр байх болно. Тэнд тэд сайн бэлчээрт хэвтэж, Израилийн уулс дээр арвин бэлчээрт идээшлэх болно. 15 Би Өөрийн сүргийг тэжээж, Би тэднийг хотлуулна» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 16 «Би гээгдсэнийг хайж, тараагдсаныг буцааж, гэмтсэнийг боох бөгөөд өвчтэйг нь тэнхрүүлэх болно. Харин тарган болон тэнхлүүнийг нь Би устгах болно. Би тэднийг шүүлтээр тэжээнэ. 17 Миний хонин сүрэг ээ, та нарын тухайд гэвэл, Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун. Би нэг хонь болон нөгөө хонины хоорондохыг, хуцнууд болон ухнуудын хоорондохыг шүүх болно. 18 Та нар сайн бэлчээрт идээшилж, хөлөөрөө бэлчээрийнхээ үлдсэнийг талхлах хийгээд тунгалаг усыг ууж, үлдсэнийг нь хөлөөрөө булингартуулах нь та нарын хувьд ялимгүй зүйл гэж үү? 19 Миний сүргийн хувьд гэвэл, та нарын хөлөөрөө талхалсныг тэд идэж, та нарын хөлөөрөө булингартуулсныг тэд уух ёстой" хэмээв». 20 Тиймийн тул, Эзэн БУРХАН тэдэнд ийнхүү айлдаж байна. «Харагтун. Би, зөвхөн Би тарган хонь болон туранхай хонины хоорондохыг шүүх болно. 21 Та нар бөөрөөрөө болон мөрөөрөө түлхэж, хамаг сул доройг гадагш тартал нь тэдэн уруу эврээрээ мөргөж байгаа учраас, 22 тиймийн тул Би Өөрийн сүргийг аварч, тэд олз болохгүй. Би нэг хонь нөгөө хонины хоорондохыг шүүх болно. 23 Дараа нь Би тэдний дээр нэгэн хоньчинг буюу Өөрийн зарц Давидыг томилж, тэрээр тэднийг тэжээх болно. Тэр өөрөө тэднийг тэжээж, тэдний хоньчин болно. 24 ЭЗЭН Би тэдний Бурхан болж, Миний зарц Давид тэдний дунд ноён болно. ЭЗЭН Би айлдсан билээ. 25 Би тэдэнтэй энх тайвны гэрээг байгуулж, хөнөөлт араатнуудыг энэ нутгаас үгүй хийх болно. Ингэснээр тэд цөлд аюулгүй амьдарч, ойд унтах юм. 26 Би тэднийг болон Миний толгодын эргэн тойрон дахь газруудыг ерөөл болгоно. Цаг улиралд нь Би бороог оруулах болно. Тэр бол ерөөлийн бороо болох билээ. 27 Бас хээр талын мод жимсээ гаргаж, газар нь ургацаа ургуулж, тэд нутагтаа аюулгүй байх болно. Би тэдний буулгыг эвдэж, тэднийг боолчилж байсан хүмүүсийн гараас тэднийг аврах цагт тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 28 Тэд цаашид үндэстнүүдэд олз болохгүй, газрын араатнууд тэднийг залгихгүй. Харин тэд аюулгүй амьдарч, хэн ч тэднийг айлгахгүй. 29 Би тэдэнд зориулан алдар цуутай тариалангийн газрыг байгуулна. Тэд энэ газар дахь өлсгөлөнд дахин үл өртөж, үндэстнүүдийн басамжлалыг цаашид үүрэхгүй. 30 Тэгээд тэдний Бурхан ЭЗЭН болох Би тэдэнтэй хамт байгааг Израилийн гэр болох тэд Миний ард түмэн мөн гэдгийг тэд мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 31 «Миний хонинууд, Миний бэлчээрийн хонинууд аа, та нарын хувьд гэвэл, та нар бол хүмүүс бөгөөд Би бол та нарын Бурхан мөн» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
1 Түүнээс гадна ЭЗЭНий үг надад ирж, — 2 Хүний хүү, Сеир уулын эсрэг нүүрээ хандуулан, түүний эсрэг эш үзүүлэн, 3 түүнд "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Сеир уул аа, харагтун, Би чиний эсрэг байна. Би чиний эсрэг Өөрийн мутрыг сунгаж, чамайг эзгүйрүүлж, хоосруулна. 4 Би чиний хотуудыг балгас болгож, чи эзгүйрэх болно. Тэгээд чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 5 Чамд үүрдийн дайсагнал байсан бөгөөд чи Израилийн хөвгүүдийг гай гамшгийнх нь үед, эцсийн шийтгэлийн үед нь илдний хүчинд тушаасан учраас, 6 тиймийн тул, Би Өөрийн амьд буйгаар тангараглая» гэж Эзэн БУРХАН тунхаглаад «Би чамайг цус урсгалтанд тушаах бөгөөд цус урсгалт чамайг мөрдөх болно. Чи цус урсгалтыг үзэн ядаагүй болохоор цус урсгалт чамайг мөшгөх болно. 7 Би Сеир уулыг эзгүйрүүлэн хоосруулж, түүгээр дайран өнгөрөгчийг ба буцагчдыг түүнээс таслах болно. 8 Би уулсыг нь тэдний үхдлээр дүүргэнэ. Илдэнд алагдагсад чиний толгод, чиний хөндийнүүдэд болон чиний бүх жалгуудад унах болно. 9 Би чамайг үүрдийн хоосрол болгож, хотууд чинь дахин оршин суугчидтай болохгүй. Тэгэхэд та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 10 Хэдийгээр ЭЗЭН тэнд байсан боловч чи "Энэ хоёр үндэстэн, энэ хоёр нутаг нь минийх болж, бид тэднийг эзэмшинэ" хэмээн өгүүлсэн учраас, 11 тиймийн тул Би Өөрийн амьд буйгаар тангараглая» гэж Эзэн БУРХАН тунхаглаад «Тэднийг үзэн ядсанаас болж чиний үзүүлсэн уур хилэн, атаа жөтөөний чинь дагуу Би чамтай харьцах болно. Би чамайг шүүх цагт Би тэдний дунд Өөрийгөө мэдүүлэх болно. 12 Чи Израилийн уулсын эсрэг "Тэд хоосорч, бидний идэш болгон өгөгдсөн" хэмээн өгүүлсэн бүх басамжлалыг чинь ЭЗЭН Би сонссон гэдгийг чи тэгэхэд мэдэх болно. 13 Та нар Миний эсрэг бардамнан ярьж, Миний эсрэг үгсээ олшруулсан. Би сонссон билээ». 14 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Бүх дэлхий баярлаж байгаатай адил Би чамайг эзгүйрүүлэх болно. 15 Израилийн гэрийн өв хоосорсонд чи баярласантай адил Би чамд түүнчлэн үйлдэх болно. Сеир уул аа, Едом бүхлээрээ, та нар хоосрол болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» гэжээ".
1 Хүний хүү чи Израилийн уулсад эш үзүүл. "Израилийн уулс аа. ЭЗЭНий үгийг сонсогтун. 2 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Дайсан чиний эсрэг "Ха ха, мөнхийн өндөрлөгүүд бидний өмч болов" хэмээн өгүүлсэн учраас, 3 тиймийн тулд эш үзүүлэн "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Чи бусад үндэстнүүдийн өмч болж, ард түмнүүдийн яриа, хэл амны бай болохын тулд тэд сайн шалтгааны улмаас чамайг эзгүйрүүлж, бүхий л талаас чинь чамайг няцалсан юм»" гэж хэл». 4 Тиймийн тулд Израилийн уулс аа, Эзэн БУРХАНы үгийг сонс. Эзэн БУРХАН уулс ба толгодод жалга ба хөндийнүүдэд хандан, хоосорсон балгас ба эргэн тойрны бусад үндэстнүүдийн олз, доог тохуу болсон хаягдсан хотуудад хандан ийнхүү айлдаж байна. 5 Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Үнэхээр Өөрийн хардалтын гал дотор Би бусад үндэстнүүд болон бүх Едомын эсрэг айлджээ. Тэд Миний нутгийг олз болгон таслан авахын тулд зүрхнийхээ угаас баярлан, сэтгэлээрээ элэглэж, өөрсөддөө өмч болгон өгсөн юм». 6 Тиймийн тул Израилийн газрын тухай эш үзүүлж, уулс ба толгод, жалга ба хөндийнүүдэд хандан өгүүл. «Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун. Та нар үндэстнүүдийн басамжлалыг тэвчсэн учир Би Өөрийн хардалт болон хилэн дотроо айлдсан билээ". 7 Тиймийн тул Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Та нарыг хүрээлэн буй үндэстнүүд өөрсдийн ичгүүрийг заавал үүрэх болно гэж Би тангарагласан. 8 Харин Израилийн уулс аа, та нар өөрсдийн мөчрүүдээ ургуулж, Миний ард түмэн болох Израилийн төлөө үр жимснүүдээ ургуулах болно. Учир нь тэд удахгүй ирнэ. 9 Харагтун, Би чиний төлөө байгаа бөгөөд Би чам уруу эргэж, чи хагалагдан, тариалагдах болно. 10 Би чиний дээр хүмүүсийг Израилийн бүх гэрийг бүгдийг нь өсгөх болно. Хотууд оршин суугчидтай болж, балгаснууд сэргээн баригдах болно. 11 Би чиний дээр хүн, амьтныг олшруулна. Тэд өсөж, өнөр өтгөн болно. Би чамайг урьдын адил оршин суугчидтай болгож, анхныхаас илүү сайнаар чамд хандах болно. Тийнхүү чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 12 Тийм ээ, Би Өөрийн ард түмэн болох Израиль хүмүүсийг чам дээгүүр явуулж, чамайг эзэмшүүлнэ. Тийнхүү та нар тэдний өв болж, дахин тэднийг хүүхдүүдээс нь хагацаахгүй". 13 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Тэд чамд «Чи бол хүмүүсийг залгигч бөгөөд өөрийн үндэстнийг хүүхдүүдээс нь хагацаасан» хэмээн өгүүлсэн учраас, 14 тиймийн тул чи дахин хүмүүсийг залгихгүй, дахин өөрийн үндэстнийг хүүхдүүдээс нь хагацаахгүй" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 15 Би дахин чамд үндэстнүүдийн басамжлалыг сонсгохгүй. Чи дахин ард түмнүүдийн доромжлолыг үүрэхгүй. Чи өөрийн үндэстнийг дахин бүдрүүлэхгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна" гэжээ. 16 Тэгээд ЭЗЭНий үг надад ирж, — 17 Хүний хүү, Израилийн гэр өөрийн эх нутагтаа сууж байхдаа тэд өөрсдийн зам болон өөрсдийн үйлсээрээ тэр газрыг бузарлав. Миний өмнө тэдний зам нь эмэгтэйн сарын тэмдгийн бузартал мэт байсан. 18 Тиймийн тул тэрхүү газар дээр урсгасан цусны төлөө ба түүнийг шүтээнүүдээрээ бузарласнаас нь болж Би Өөрийн хилэнгээ тэдний дээр асгасан билээ. 19 Би бас тэднийг үндэстнүүдийн дунд тарааж, тэд улс гүрнүүд даяар хөөгдсөн юм. Тэдний замууд болон тэдний үйлсийн дагуу Би тэднийг шүүв. 20 Тэд очих улсууддаа очмогцоо Миний ариун нэрийг бузарлав. Учир нь тэдний тухай "Эдгээр нь ЭЗЭНий ард түмэн боловч, Түүний газраас гаргагдав" хэмээн яригдсан. 21 Гэвч Израилийн гэр нь очсон үндэстнүүдийнхээ дунд бузарласан Миний ариун нэрийн төлөө Би санаа тавьлаа. 22 Тиймийн тул Израилийн гэрт өгүүл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Израилийн гэр ээ. Би үйлдэл хийх гэж байгаа нь та нарын төлөө бус, харин та нарын очсон үндэстнүүдийнхээ дунд бузарласан Миний ариун нэрийн төлөө юм. 23 Үндэстнүүдийн дунд бузарлагдсан, тэдний дунд та нарын бузарласан Миний агуу нэрийн ариун байдлыг Би хамгаалах болно. Тэдний нүдэн дээр Би та нарын дунд Өөрийгөө ариун хэмээн батлах үед үндэстнүүд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 24 «Учир нь Би та нарыг үндэстнүүдээс гаргаж, та нарыг хамаг нутгуудаас цуглуулж, та нарыг эх нутагт чинь аваачих болно. 25 Тэгээд Би та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь болон хамаг шүтээнүүдээс чинь цэвэрлэх болно. 26 Түүнээс гадна, Би та нарт шинэ зүрхийг өгч, та нарын дотор шинэ сүнсийг оруулна. Би та нарын махан биеэс чулуун зүрхийг зайлуулж, та нарт махан зүрхийг өгнө. 27 Би Өөрийн Сүнсийг та нарын дотор оруулж, та нарыг Өөрийн тогтоолуудаар явуулна. Та нар Миний зарлигийг сахихыг анхаарах болно. 28 Би та нарын өвөг дээдэст өгсөн газарт та нар амьдрах болно. Тиймээс та нар Миний ард түмэн болж, Би та нарын Бурхан болно. 29 Түүнээс гадна, Би та нарыг хамаг бузартлаас чинь аварна. Би үр тариаг дуудаж, түүнийг үржүүлж, та нарын дээр өлсгөлөнг үл авчирна. 30 Та нар үндэстнүүдийн дунд өлсгөлөнгийн доромжлолыг дахин авахгүйн тулд Би модны үр жимс болон тариан талбайн ургацыг арвин болгоно. 31 Тэгээд та нар өөрсдийн хорон муу зам болон сайн бус үйлсээ санаж, өөрсдийн нүдний өмнө өөрсдийн хууль бус болон жигшүүрт үйлсийн төлөө өөрсдийгөө жигших болно. 32 Би үүнийг та нарын төлөө үйлдэж байгаа юм биш» гэж Эзэн БУРХАН тунхаглаад «Энэ нь та нарт мэдүүлэгдэг. Израилийн гэр ээ, өөрсдийн замуудын төлөө ичиж, зовогтун». 33 "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би та нарыг хамаг хууль бусаас чинь цэвэрлэх өдөрт хотуудад хүмүүсийг суулгаж, балгаснуудыг дахин барих болно. 34 Зэлүүд газар нь дайран өнгөрөх хүн бүрийн нүдэнд хоосорсон газар хэмээн үзэгдэж байхын оронд хагалагдах болно. 35 Тэд "Энэ зэлүүд газар нь Едений цэцэрлэг адил болов. Хоосорсон, зэлүүд газрууд болон нурсан хотууд бэхлэгдэж, оршин суугчидтай болов" хэмээнэ. 36 Тэгээд та нарын эргэн тойронд үлдсэн үндэстнүүд нь ЭЗЭН Би нурсан газруудыг барьж засан, хоосорч үгүйрсэн газруудад тарьсан гэдгийг мэдэх болно. ЭЗЭН Би үүнийг айлдсан, үүнийг үйлдэх болно». 37 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Үүнийг бас тэдний төлөө хийж өгөөч гэж Надаас гуйхыг Би Израилийн гэрт зөвшөөрнө. Би тэдний хүмүүсийг хонин сүрэг адил өсгөх болно. 38 Тахилын төлөөх сүрэг адил, Иерусалимын тогтоогдсон наадмуудын үеэр тэнд байдаг хонин сүрэг адил нурсан хотууд хүний сүргүүдээр дүүргэгдэх болно. Тэгээд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»" гэв.
1 ЭЗЭНий мутар миний дээр байсан. Тэр намайг ЭЗЭНий Сүнсээр авч яваад, хөндийн голд буулгав. Тэр нь ясаар дүүрэн байлаа. 2 Тэр намайг тэдний дундуур тойруулан явуулсан бөгөөд харагтун, тэр хөндийн гадарга дээр үлэмж их яс байсан ба тэдгээр нь хувхайрсан байв. 3 Тэр надад айлдаж, —Хүний хүү, эдгээр яснууд амьдарч чадах уу? хэмээсэнд би хариулан —Эзэн БУРХАН, Та мэднэ гэв. 4 Дахин Тэр надад —Эдгээр яснуудын дээр эш үзүүлж, тэдгээрт "Хувхай яснууд аа, ЭЗЭНий үгийг сонсогтун" гэж өгүүл. 5 Эзэн БУРХАН эдгээр яснуудад ийнхүү айлдаж байна. "Харагтун, та нар амилахын тулд Би та нар уруу амьсгалыг оруулна. 6 Та нар амилахын тулд Би та нарт шөрмөс хийж, мах ургуулж, та нарыг арьсаар бүрхэж, та нарын дотор амьсгал оруулах болно. Та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно" хэмээв. 7 Тийнхүү тушаагдсан ёсоор би эш үзүүлэв. Намайг эш үзүүлж байхад тэнд чимээ гарав. Харагтун, тачигналдсан чимээ гарав. Тэгэхэд яснууд бөөгнөрөн яс ястай нийлж холбогдов. 8 Би харсан бөгөөд харагтун, тэдний дээр шөрмөс бий болж, мах ургаж, тэдний дээр арьс бүрхэв. Гэвч тэдний дотор амьсгал алга байв. 9 Тэгэхэд Тэр надад айлдаж —Амьсгалд эш үзүүл, хүний хүү эш үзүүлж амьсгалд өгүүл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Амьсгал аа, дөрвөн зүгээс ирж, эдгээр алагдагсад дээр үлээж, тэднийг амилуул»" гэв. 10 Тийнхүү Түүний надад тушаасан ёсоор би эш үзүүлсэнд амьсгал тэдэнд орж, тэд амьд болов. Үлэмж их цэргүүд хөл дээрээ босоцгоов. 11 Тэгээд тэр надад —Хүний хүү, эдгээр яснууд бол Израилийн хамаг гэр юм. Харагтун, тэд "Бидний яс хувхайрч, бидний найдлага мөхжээ. Бид бүрмөсөн таслагдав" хэмээдэг. 12 Тиймийн тул эш үзүүлэн тэдэнд хэл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун. Миний ард түмэн ээ. Би та нарын булшнуудыг нээж, та нарыг булшнуудаас чинь гаргана. Би та нарыг Израилийн газарт авчрах болно. 13 Миний ард түмэн ээ, Би та нарын булшнуудыг нээж, та нарыг булшнуудаас чинь гаргасан үед та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 14 Би та нарын дотор Өөрийн Сүнсийг тавьж, та нар амилж, Би та нарыг төрөлх нутагт чинь суулгах болно. Тэгээд ЭЗЭН Би үүнийг айлдсан ба үүнийг бүтээснийг та нар мэдэх болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна". 15 ЭЗЭНий үг надад дахин ирж, — 16 Хүний хүү чи нэг савааг өөртөө авч, дээр нь "Иуда болон түүний хамтрагчид болох Израилийн хөвгүүдийн төлөө" хэмээн бич. Тэгээд өөр нэг савааг авч, дээр нь "Ефраимын саваа болох Иосеф ба түүний хамтрагчид болох Израилийн хамаг гэрийн төлөө" хэмээн бич. 17 Тэгээд тэдгээрийг өөртөө, нэгийг нь нөгөөд, нэг саваа болгож, чиний гарт тэдгээрийг нэг болохоор нийлүүл. 18 Чиний ард түмний хөвгүүд чамд хандан "Чи үүгээр юуг хэлэх гэж байгааг бидэнд тайлбарлаж өгөхгүй юу?" хэмээн өгүүлэх үед 19 тэдэнд хэл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун. Би Ефраимын гарт буй Иосефын савааг болон түүний хамтрагчид болох Израилийн овгуудыг авч тэднийг Иудагийн саваатай нийлүүлж, нэг саваа болгоно. Тэд Миний мутарт нэг болно» гэв" 20 Чиний дээр нь бичсэн саваа тэдний нүдэн дээр чиний гарт байх болно. 21 Тэдэнд хэл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун. Би Израилийн хөвгүүдийг очсон үндэстнүүдийнх нь дундаас авч, тэднийг зүг бүрээс цуглуулж, төрөлх нутагт нь аваачна. 22 Би тэднийг тэр газарт, Израилийн уулс дээр нэгэн үндэстэн болгоно. Нэг л хаан тэдний бүгдийнх нь хаан байх болно. Тэд хойшид хоёр үндэстэн болохгүй, тэд цаашид хоёр хаанчлалд хуваагдахгүй. 23 Тэд хойшид өөрсдийн шүтээнүүд, өөрсдийн бузар зүйлс болон өөрсдийн аливаа гэм нүглээр өөрсдийгөө бузарлахгүй. Харин нүгэл үйлдсэн тэдний оршин сууж буй газруудаас нь тэднийг Би аварч, тэднийг цэвэрлэх болно. Тэд Миний ард түмэн болж, Би тэдний Бурхан болно. 24 Миний зарц Давид тэднийг захирах хаан болж, тэд бүгд ганц хоньчинтой байна. Тэд Миний зарлигаар явж, Миний тогтоолуудыг сахин үйлдэх болно. 25 Би Өөрийн зарц Иаковтаа өгсөн нутаг буюу та нарын өвөг дээдсийн амьдарсан тэр газарт тэд амьдрах болно. Тэд тэнд өөрсдийн хөвгүүд болон хөвгүүдийнхээ хөвгүүдтэй хамт мөнхөд амьдарна. Миний зарц Давид үүрд тэдний ноён болно. 26 Би тэдэнтэй энх тайвны гэрээг байгуулах болно. Энэ нь тэдэнтэй тогтоох мөнхийн гэрээ байх болно. Би тэднийг байрлуулж, тэднийг өсгөн олшруулж, Өөрийн ариун газрыг тэдний дунд мөнхөд байлгах болно. 27 Миний орших газар бас тэдэнтэй хамт байх болно. Би тэдний Бурхан болж, тэд Миний ард түмэн болно. 28 Миний ариун газар тэдний дунд мөнхөд байх цагт үндэстнүүд Намайг Израилийг ариусгагч ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»" хэмээн өгүүл.
1 ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа — 2 Хүний хүү, Магогийн газрын Рош, Мешех болон Тубалын ноён болох Гог уруу нүүрээ хандуулан, түүний эсрэг эш үзүүл. 3 "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун. Рош, Мешех болон Тубалын ноён Гог оо, Би чиний эсрэг байна. 4 Би чамайг эргүүлж, чиний эрүүнд дэгээнүүд зоож, чамайг болон чиний бүх цэрэг, морьд болон морин цэргүүдийг сүр жавхлантайгаар хувцасласан бүгдийг, бүгд илд барьсан халхавч бамбайтай аугаа чуулганыг Би гарган авчирна. 5 Перс, Етиоп болон Пут тэдэнтэй хамт байж, тэд бүгд бамбай, дуулгатай ажээ. 6 Гомер өөрийн бүх цэргүүдтэй хамт, Бет-тогарма умардын хамгийн алслагдсан хэсгүүдээс өөрийн хамаг цэргүүдтэй хамт байх бөгөөд олон ард түмэн чамтай хамт байх болно. 7 Бэлэн байгтун. Чи болон чамайг тойрон цугларсан бүх хамсаатнууд чинь өөрсдийгөө бэлтгэг, тэдний хамгаалагч бол. 8 Олон хоногийн дараа та нар дуудагдах болно. Илднээс ангижирсан газар уруу та нар эцсийн жилүүдэд ирэх болно. Тэндхийн оршин суугчид нь үргэлж балгас байсан Израилийн уулс уруу олон үндэстнүүдээс цуглуулагдсан боловч түүний ард түмэн нь үндэстнүүдийн дундаас авчрагдсан ба тэд бүгд аюулгүй амьдарч байна. 9 Чи гарч шуурга мэт дайрна. Чи болон чиний хамаг цэргүүд, чамтай хамт байгч олон ард түмэн газрыг бүрхэх үүл адил байх болно». 10 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тэр өдөр чиний оюун ухаанд бодлууд төрж, чи хорон муу төлөвлөгөө сэднэ. 11 "Би хэрэмгүй тосгодын эсрэг дайрна. Тайван аюулгүй амьдарч байгаа, хана хэрэмгүй сууж байгаа, хаалтгүй эсвэл дааман хаалгагүй хүмүүсийн эсрэг би дайрах болно. 12 Энэ нь олз авч, тонон дээрэмдэхийн тулд ба эдүгээ хүн суурьшсан эзгүй газруудын эсрэг болон үндэстнүүдээс цуглуулагдаж, мал сүрэг, эд хөрөнгийг эзэмшин ертөнцийн төвд амьдарч байгаа ард түмний эсрэг өөрийн гараа эргүүлэхийн тулд юм" гэж чи хэлэх болно. 13 Шеба, Дедан, Таршишийн худалдаачид болон түүний хамаг тосгодын хамт чамаас "Чи олз авахын тулд ирэв үү? Чи юм дээрэмдэж, мөнгө ба алтыг зөөж, мал ба эд хөрөнгийг булаан, их олзыг олохын тулд хамсаатнуудаа цуглуулав уу?" хэмээн асууна»". 14 Тиймийн тул эш үзүүл, хүний хүү, Гогд хэл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Миний ард түмэн болох Израиль аюулгүй амьдарч байгаа тэр өдөр чи үүнийг мэдэхгүй гэж үү? 15 Чи болон чамтай хамт олон ард түмэн, бүгд морь унагч, агуу чуулган хийгээд хүчирхэг цэргүүд умардын хамгийн алслагдсан хэсгүүдээс өөрийн газраас гарч ирэх болно. 16 Чи газрыг бүрхэх үүл адил Миний ард түмэн Израилийн эсрэг дайрна. Гог оо, тэдний нүдний өмнө чамаар Би ариусгагдах үед үндэстнүүд Намайг мэдэхийн тулд эцсийн өдрүүдэд Би чамайг Өөрийнхөө газрын эсрэг авчирна». 17 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би урьдын өдрүүдэд Өөрийн зарц нар болох Израилийн эш үзүүлэгчдээр дамжуулан айлдсан бөгөөд эдгээр эш үзүүлэгчид нь тэр өдрүүдэд "Би чамайг тэдний эсрэг авчрах болно" хэмээн олон жилийн турш эш үзүүлж байсан тэр нэгэн нь чи юу? 18 Гог Израилийн газрын эсрэг ирэх үед, тэр өдөр Миний хилэн Миний уур дотор оволзох болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 19 «Тэр өдөр Израилийн нутагт үлэмж газар хөдлөлт заавал болохыг Би Өөрийн зүтгэл хийгээд Өөрийн дүрэлзэж буй хилэн дотор тунхаглаж байна. 20 Далайн загас, огторгуйн шувууд, хээрийн араатнууд ч, газраар мөлхөгч хамаг мөлхөгчид, газрын гадарга дээрх бүх хүмүүс Миний оршихуйд чичрэх болно. Уулс ч хөмрөгдөн, өгсүүр замууд ч сүйтгэгдэж, хамаг хэрмүүд газарт нурах болно. 21 Би Өөрийн бүх уулс дээр түүний эсрэг илдийг дуудна» гэж Эзэн БУРХАН тунхаглан «Хүн бүрийн илд ах дүүгийнхээ эсрэг байх болно. 22 Би тахал болон цусаар түүнд шийтгэлийг өгнө. Би түүний дээр болон түүний цэргүүд, түүнтэй хамт буй олон ард түмнүүд дээр мөндөр, гал, хүхэртэй аадар бороог асгах болно. 23 Би Өөрийгөө өргөмжилж, Өөрийгөө ариусгаж, олон үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийгөө мэдүүлэх болно. Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» гэв".
1 Хүний хүү чи Гогийн эсрэг эш үзүүлэн, өгүүл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун. Рош, Мешех болон Тубалын ноён Гог оо. Би чиний эсрэг байна. 2 Би чамайг эргүүлж, чамайг тууж, умардын хамгийн алслагдсан хэсгээс чамайг авч, Израилийн уулсын эсрэг авчрах болно. 3 Би чиний зүүн гараас нумыг чинь цохин унагаж, чиний баруун гараас сумнуудыг чинь авч чулуудна. 4 Чи болон чиний хамаг цэргүүд, чамтай хамт буй ард түмнүүд нь Израилийн уулс дээр унах болно. Би чамайг аливаа төрлийн махчин шувууд болон хээрийн араатанд идэш болгон өгөх болно. 5 Чи задгай талд унана. Учир нь Би үүнийг айлдсан байна» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 6 «Би Магог дээр болон арлуудад тайван амьдарч буй хүмүүсийн дээр гал илгээх болно. Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 7 Би Өөрийн ариун нэрийг Миний ард түмэн болох Израилийн дунд мэдүүлэх болно. Миний ариун нэр дахин бузарлагдахыг Би зөвшөөрөхгүй. Үндэстнүүд Намайг Израилийн Ариун Нэгэн болох ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 8 Харагтун, тэр нь ирж байгаа бөгөөд биелэгдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Тэр бол Миний айлдсан тэр өдөр мөн билээ. 9 Дараа нь Израилийн хотуудын оршин суугчид нь гадагш гарч, зэвсгүүдээр гал асааж, бамбай ба халхавч, нум ба сум, бороохой ба жадыг шатааж, долоон жилийн турш тэдгээрээр гал асаах болно. 10 Тэд хээрээс мод авалгүй, ойгоос түлээ цуглуулахгүй. Учир нь тэд зэвсгээр гал шатаах болно. Тэдний дээрэмдсэн юмсыг тэд дээрэмдэж, тэднийг тоносон хүмүүсийн олзыг тэд булаах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 11 «Тэр өдөр Би Израилийн дотор Гогд оршуулах газрыг өгөх болно. Тэр бол далайн зүүн эргээр өнгөрөгчдийн хөндий бөгөөд түүгээр өнгөрөх хүмүүсийг тэр гацаах болно. Тэд Гогийг түүний хамаг олон түмэнтэй нь хамт тэнд булшилж, түүнийг Хамон-гогийн хөндий хэмээн нэрлэх болно. 12 Газар нутгийг цэвэрлэхийн тулд долоон сарын туршид Израилийн гэр нь тэднийг булшилсаар байх болно. 13 Тэр нутгийн хамаг ардууд ч хүртэл тэднийг булшлах болно. Би Өөрийгөө алдаршуулах өдөрт энэ нь тэдний нэр алдрын төлөө байх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 14 «Тэр нутгаар байнга дайран явах хүмүүсийг тэд тусгаарлаж, өнгөрөн явсан хүмүүсийг булшилж, бүр газрын гадарга дээр үлдсэнийг ч булж, түүнийг цэвэрлэх болно. Долоон сарын төгсгөлд тэд хайгуул хийнэ. 15 Нутгаар дайран өнгөрөгчтэй адил өнгөрөн явж, хүний ясыг үзсэн хэн нэгэн нь булшлагчид түүнийг Хамон-гогийн хөндийд булах хүртэл нь тэр түүний дэргэд тэмдэг босгох болно. 16 Хотын нэр нь ч хүртэл Хамона гэх болно. Ийнхүү тэд нутгийг цэвэрлэх болно» хэмээжээ". 17 Хүний хүү, чиний хувьд гэвэл, Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Аливаа төрлийн шувууд болон хээрийн аливаа араатанд хэлэгтүн. «Цугларч ирцгээ. Та нар мах идэж, цус уухын тулд Израилийн уулсын дээрх аугаа тахил болгон Би та нарын төлөө өргөх гэж байгаа Миний тахил уруу тал бүрээс цуглар. 18 Та нар хүчит эрсийн махыг идэж, дэлхийн ноёдын цусыг уух болно. Тэд хуцнууд, хурганууд, ухнууд ба бухнууд мэт бөгөөд тэд бүгд Башаны таргалуулсан мал мэт юм. 19 Тийнхүү Би та нарын төлөө өргөсөн тахилаас минь та нар цадталаа өөх идэж, согттолоо цус уух болно. 20 Та нар Миний ширээнд морьд ба тэрэгчид, хүчит эрс ба бүх дайчдаар цадах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 21 «Би үндэстнүүдийн дунд Өөрийн цог жавхланг тавина. Бүх үндэстнүүд Миний хэрэгжүүлсэн шүүлтийг минь болон тэдний дээр тавьсан Миний мутрыг харах болно. 22 Тэр өдрөөс хойш Израилийн гэр нь Намайг өөрсдийнх нь Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 23 Израилийн гэр нь Миний эсрэг тэрсэлсэн учраас өөрсдийн хууль бусын төлөө цөлөгдсөн бөгөөд Би тэднээс Өөрийнхөө нүүрийг нуусан гэдгийг үндэстнүүд мэдэх болно. Тиймээс Би тэднийг дайснуудынх нь гарт өгсөн ба тэд бүгд илдэнд унасан юм. 24 Тэдний бузар болон тэдний гэм буруугийн дагуу Би тэдэнтэй харьцаж, Өөрийн нүүрээ тэднээс нуусан билээ»"» гэв. 25 Тиймийн тул Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Эдүгээ Би Иаковын олзлогдогсдыг буцааж, Израилийн хамаг гэрийг өршөөх болно. Би Өөрийн ариун нэрийн төлөө хартай байх болно. 26 Тэд төрөлх нутагтаа амар тайван амьдарч, тэднийг айлгах хүнгүй болох үед Миний эсрэг тэрсэлсэн хамаг тэрслүү үйлсээ, гутамшгаа тэд мартах болно. 27 Би тэднийг ард түмнүүдийн дундаас буцааж, дайснуудынх нь газраас тэднийг цуглуулах үед Би олон үндэстнүүдийн нүдний өмнө тэднээр дамжуулан ариусгагдах болно. 28 Тэгэхэд тэд Намайг өөрсдийнх нь Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Учир нь Би тэднийг үндэстнүүдийн дунд цөллөгт явуулсан бөгөөд дараа нь тэднийг төрөлх нутагт нь дахин цуглуулсан. Би тэднээс нэгийг нь ч тэнд цаашид үлдээхгүй. 29 Би хойшид Өөрийн нүүрийг тэднээс нуухгүй. Учир нь Би Израилийн гэр дээр Өөрийн сүнсийг асгах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
1 Бидний цөлөгдсөний хорин тав дахь жилд, жилийн эхэнд, сарын арванд буюу хот эзлэгдсэнээс хойш арван дөрөв дэх жилийн яг тэр өдөр ЭЗЭНий мутар миний дээр байсан. Тэр намайг тэнд авчрав. 2 Бурханы үзэгдлүүд дотор Тэр намайг Израилийн газарт ирүүлж, маш өндөр уулын дээр буулгасан бөгөөд дээр нь өмнө зүгт хот мэт нэгэн байгууламж байв. 3 Тийнхүү Тэр намайг тэнд авчрав. Харагтун, гартаа олсон хэмжүүр болон хэмжих савааг барьсан нэгэн хүн тэнд байсан бөгөөд түүний дүр нь хүрэл мэт дүртэй ажээ. Тэр үүдэнд зогсож байв. 4 Тэр хүн надад —Хүний хүү, миний чамд үзүүлэх гэж байгаа бүхнийг нүдээрээ харж, чихээрээ сонсон, түүнд анхаарлаа хандуул. Учир нь чамд үүнийг үзүүлэхийн тулд чамайг энд авчирсан. Чи үзэх бүгдийгээ Израилийн гэрт мэдүүл гэж хэлэв. 5 Харагтун, тэнд сүмийн гадна талд хүрээлсэн нэгэн хэрэм байв. Тэр хүний гарт зургаан тохой урттай хэмжих саваа байв. Тохой бүр нь нэг тохой, алганы энгийн хэмжээтэй аж. Тэрээр хэрмийн зузааныг хэмжихэд нэг саваа болж, түүний өндөр нь нэг саваа болов. 6 Тэгээд тэр зүүн зүг уруу харах дааман хаалга уруу очиж, шатаар нь өгсөж, дааман хаалганы босгыг хэмжихэд түүний өргөн нь нэг саваа болсон. Нөгөө босгоны өргөн нь ч нэг саваа байв. 7 Харуулын өрөөний урт нь нэг саваа, өргөн нь нэг саваа байв. Харуулын өрөөнүүдийн хооронд таван тохой байв. Дотор тал уруу харсан дааман хаалганы үүдний танхимын дэргэдэх дааман хаалганы босго нь нэг саваа байв. 8 Тэгээд тэр дотор тал уруу харсан дааман хаалганы үүдний танхимыг хэмжихэд нэг саваа байв. 9 Тэрээр дааман хаалганы үүдний танхимыг хэмжихэд найман тохой байв. Түүний хажуугийн баганууд хоёр тохой байв. Дааман хаалганы үүдний танхим нь дотор тал уруу харсан байв. 10 Зүүн зүг уруу харсан дааман хаалганы харуулын өрөөнүүд нь хоёр талдаа гурав гурваар байсан. Тэд гурвуулаа адил хэмжээтэй байв. Хажуугийн баганууд ч бас хоёр талдаа ижил хэмжээтэй байв. 11 Тэрээр үүдний өргөнийг хэмжихэд арван тохой, дааман хаалганы урт нь арван гурван тохой байв. 12 Хоёр талд харуулын өрөөнүүдийн урд талд нэг тохой өргөнтэй тусгаарлах хана байв. Харуулын өрөөнүүд нь дөрвөлжин, тал бүрдээ зургаан тохой байв. 13 Тэрээр нэг харуулын өрөөний дээврээс нөгөө харуулын өрөөний дээвэр хүртэл дааман хаалгыг хэмжихэд, нэг хаалганаас эсрэг талын хаалга хүртэлх өргөн нь хорин таван тохой байв. 14 Тэр хажуугийн багануудыг жаран тохой өндөр болгов. Дааман хаалга нь эргэн тойрондоо хашааны хажуугийн баганууд уруу тэлжээ. 15 Орох дааман хаалганы урд талаас дааман хаалганы дотоод танхимын урд тал хүртэл тавин тохой байв. 16 Харуулын өрөөнүүд уруу болон дааман хаалганы дотор талд эргэн тойронд буй хажуугийн баганууд уруу нь харсан сараалжтай цонхнууд байсан ба үүдний танхимуудад мөн тийм байв. Дотор талын эргэн тойронд ч цонхнууд байлаа. Хажуугийн багана бүр дээр далдуу модыг сийлсэн байв. 17 Тэгээд тэр намайг гаднах хашаа уруу авчрав. Харагтун, тэнд эргэн тойронд хашаанд зориулж хийгдсэн танхимууд болон засмал зам байв. Гучин танхим нь засмал зам уруу харж байв. 18 Засмал зам нь (энэ нь доодох засмал зам) дааман хаалгануудын хажуу талаар дааман хаалгануудын урттай тэнцэж байв. 19 Тэгээд тэр доодох дааман хаалганы урд талаас дотоод хашааны гаднах зах хүртэлх өргөнийг хэмжихэд зүүн зүгт болон хойд зүгт зуун тохой байв. 20 Хойд зүг уруу харсан гаднах хашааны дааман хаалганы хувьд гэвэл, тэрээр түүний урт, өргөнийг хэмжив. 21 Тэр нь хоёр талдаа гурав гурван харуулын өрөөтэй байв. Түүний хажуугийн баганууд ба үүдний танхимууд нь эхний дааман хаалгатай адил хэмжээтэй байв. Түүний урт нь тавин тохой, өргөн нь хорин таван тохой байв. 22 Түүний цонхнууд, түүний үүдний танхимууд, далдуу модны сийлбэрүүд нь зүүн зүг уруу харсан дааман хаалгатай адил хэмжээтэй байв. Долоон гишгүүрээр өгсөж түүнд хүрэх ба тэдгээрийн урд талд үүдний танхим нь байв. 23 Дотор хашаа нь зүүн зүгийнхтэй адил хойд зүгийн дааман хаалганы харалдаа дааман хаалгатай байв. Тэрээр хэмжсэнд дааман хаалганаас дааман хаалга хүртэл зуун тохой байв. 24 Дараа нь тэр намайг өмнө зүг уруу дагуулж явахад, харагтун, тэнд өмнө зүгт дааман хаалга байсан. Тэрээр хажуугийн баганууд болон үүдний танхимуудыг адилхан хэмжүүрээр хэмжив. 25 Дааман хаалга болон үүдний танхимууд нь эргэн тойрондоо мөнөөх бусад цонхнуудтай адил цонхнуудтай байв. Урт нь тавин тохой, өргөн нь хорин таван тохой байв. 26 Тэнд түүн уруу өгсөх долоон гишгүүр байсан бөгөөд тэдгээрийн урд үүдний танхимууд нь байв. Түүний хоёр талын тус бүрийн хажуугийн баганад далдуу модыг сийлсэн байв. 27 Дотор хашаа нь өмнө зүг уруу харсан дааман хаалгатай байв. Тэрээр өмнө зүгийг чиглэн дааман хаалганаас дааман хаалга уруу хэмжихэд зуун тохой байв. 28 Дараа нь тэр намайг өмнөд дааман хаалгаар дотор хашаанд авчрав. Тэрээр өмнөд дааман хаалгыг мөнхүү адил хэмжүүрээр хэмжив. 29 Түүний харуулын өрөөнүүд бас хажуугийн баганууд, үүдний танхимууд нь бусадтай адил хэмжээтэй байв. Дааман хаалга болон үүдний танхимууд нь эргэн тойрондоо цонхтой байв. Тэр нь тавин тохой урт, хорин таван тохой өргөн байв. 30 Тэнд эргэн тойронд үүдний танхимууд байсан бөгөөд урт нь хорин таван тохой, өргөн нь таван тохой байв. 31 Түүний үүдний танхимууд гаднах хашаа уруу харсан байв. Түүний хажуугийн багануудад далдуу модыг сийлсэн байсан ба түүний шат нь найман гишгүүртэй байв. 32 Тэр намайг дотор хашааны зүүн талд дагуулж ирэв. Тэрээр мөн адил хэмжээгээр дааман хаалгыг хэмжив. 33 Түүний харуулын өрөөнүүд бас хажуугийн баганууд нь, үүдний танхимууд нь мөн адил хэмжээтэй байв. Дааман хаалга болон түүний үүдний танхимууд нь эргэн тойрондоо цонхтой байв. Тэр нь тавин тохой урт, хорин таван тохой өргөн байв. 34 Түүний үүдний танхимууд нь гаднах хашаа уруу харжээ. Түүний хоёр талд хажуугийн баганууд дээр далдуу модыг сийлсэн байсан ба шат нь найман гишгүүртэй байв. 35 Дараа нь тэр намайг хойд дааман хаалга уруу авчрав. Тэрээр түүнийг мөн адил хэмжээгээр хэмжив. 36 Түүний харуулын өрөөнүүдийг, хажуугийн багануудыг үүдний танхимуудыг хэмжив. Дааман хаалга нь эргэн тойрондоо цонхтой байв. Урт нь тавин тохой, өргөн нь хорин таван тохой ажээ. 37 Түүний хажуугийн баганууд нь гаднах хашаа уруу харжээ. Түүний хоёр талд хажуугийн баганууд дээр далдуу модыг сийлсэн ба шат нь найман гишгүүртэй байв. 38 Үүд бүхий танхим нь дааман хаалган дахь хажуугийн багануудын дэргэд байв. Тэнд тэд шатаалт тахилыг угаадаг. 39 Дааман хаалганы үүдний танхим дотор тал бүрд нь шатаалт тахил, нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахилыг дээр нь нядлахад зориулсан хоёр ширээ байв. 40 Тэр нэгэн хойд зүг уруу харсан үүдэнд очиход гадна талд нь хоёр ширээ байв. Дааман хаалганы үүдний танхимын нөгөө талд нь ч хоёр ширээ байжээ. 41 Дааман хаалганы дэргэд хоёр талд дөрвөн ширээ байсан буюу өөрөөр хэлбэл тахилыг нядлах найман ширээ байжээ. 42 Шатаалт тахилд зориулан цавчмал чулуун дөрвөн ширээ байсан бөгөөд урт нь нэг тохой хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой байв. Дээр нь тэд шатаалт тахил болон тахилыг нядлахад хэрэглэдэг зэвсгийг тавьдаг аж. 43 Байшин дотор эргэн тойронд алганы энгийн урттай давхар шүдтэй дэгээнүүд суулгагдсан байв. Ширээнүүд дээр өргөлийн мах байлаа. 44 Дотоод дааман хаалганы гадна, дотоод хашаан дотор дуучдын танхим байв. Тэдгээрийн нэг нь хойд дааман хаалганы хажууд нүүрэн тал нь өмнө зүг уруу харсан бөгөөд нөгөө нь зүүн дааман хаалганы хажууд хойд зүг уруу харж байв. 45 Тэр надад —Энэ өмнө зүг уруу харсан танхим бол сүмийн үүргийг сахьдаг тахилч нарт зориулагдсан билээ. 46 Харин хойд зүг уруу харсан танхим бол тахилын ширээний үүргийг сахьдаг тахилч нарт зориулагдсан юм. Тэд бол Левийн хөвгүүдээс ЭЗЭНд үйлчлэхээр Түүнд ойртож ирсэн Задокийн хөвгүүд билээ гэв. 47 Тэрээр хашааг хэмжихэд урт нь зуун тохой, өргөн нь зуун тохой шоо дөрвөлжин байв. Тахилын ширээ нь сүмийн урд талд байв. 48 Дараа нь Тэр намайг сүмийн үүдний танхимд авчирж, үүдний танхимын хажуугийн багана бүрийг хэмжихэд, тал бүрд таван тохой байв. Дааман хаалганы өргөн нь тал бүрдээ гурван тохой байв. 49 Үүдний танхимын урт нь хорин тохой, өргөн нь арван нэгэн тохой байв. Түүн уруу өгсөх шатан дээр хажуугийн багануудад хамаарах тулгуурууд хоёр талд нэг нэгээр байв.
1 Тэгээд тэр намайг гол танхимд авчран, хажуугийн багануудыг хэмжив. Хажуугийн баганы өргөн нь хоёр талд зургаан тохой байв. 2 Орох үүдний өргөн нь арван тохой байсан ба орох үүдний хажуу талууд нь хоёр талдаа тус бүр таван тохой байв. Тэр гол танхимын уртыг хэмжихэд дөчин тохой, өргөн нь хорин тохой байлаа. 3 Тэр дотогш орж үүдний хажуугийн багана бүрийг хэмжихэд хоёр тохой байсан бөгөөд үүд нь зургаан тохой өндөр байв. Үүдний өргөн нь долоон тохой байв. 4 Тэр гол танхимын өмнө түүний уртыг хэмжихэд хорин тохой, өргөн нь хорин тохой байв. Тэр надад —Энэ бол хамгийн ариун газар мөн хэмээн өгүүлэв. 5 Дараа нь тэр сүмийн ханыг хэмжихэд зургаан тохой болов. Өргөөний эргэн тойронд буй хажуугийн өрөөнүүдийн өргөн нь дөрвөн тохой байв. 6 Хажуугийн өрөөнүүд нь нэг нь нөгөөгийнхөө дээр гурван давхар байсан ба давхар бүрд гучин өрөө байв. Хажуугийн өрөөнүүд нь сүмийн хананд бэхлэгдэлгүй, харин бэхлэгдсэн байхын тулд тэдгээр нь дотор талд эргэн тойронд нь байрласан хана хүртэл тэлсэн байв. 7 Сүмийг хүрээлсэн хажуугийн өрөөнүүд нь давхар өгсөх тутамд илүү өргөн болж байв. Сүмийг хүрээлж байсан байгууламж нь сүмийн бүх талд давхар давхраар өгсөж байсан учраас дээшлэх тусам сүмийн өргөн нь ихэссэн байв. Тийнхүү доод давхраас дээд давхарт гарахад хоёр дахь давхраар дамжиж байв. 8 Өргөө нь эргэн тойрондоо өндөр тавцантайг би бас харлаа. Хажуугийн өрөөнүүдийн сууриуд нь өндрөөрөө бүтэн зургаан тохой саваагаар хэмжигдэв. 9 Хажуугийн өрөөнүүдийн гаднах хананы зузаан нь таван тохой байв. Харин хоосон зай нь сүмд хамаарах хажуугийн өрөөнүүд 10 болон гаднах танхимуудын хооронд сүмийн эргэн тойронд тал бүрд хорин тохой өргөн байв. 11 Хоосон зай уруу харсан хажуугийн өрөөнүүдийн үүднүүдийн нэг нь хойд зүг уруу, нөгөө нь өмнө зүг уруу харж байв. Хоосон зайны өргөн нь эргэн тойрондоо таван тохой байв. 12 Баруун тийш харсан талд тусгаарлагдсан талбайн урд тал дахь барилгын өргөн нь далан тохой байв. Барилгын хана нь эргэн тойрондоо таван тохой зузаан бөгөөд түүний урт нь ерэн тохой байв. 13 Тэгээд тэр сүмийг хэмжихэд урт нь зуун тохой байв. Тусгаарлагдсан талбай нь барилга болон түүний ханануудтай нь хамт мөн адил зуун тохой байв. 14 Сүмийн урд талын өргөн болон тусгаарлагдсан талбай нь зүүн талын дагуу нийтдээ зуун тохой байв. 15 Тэрээр ар талд нь орших тусгаарлагдсан талбайн нүүрэн талын дагуу барилгын уртыг хоёр талд нь буй ханануудын хамт хэмжихэд зуун тохой байв. Тэрээр дотоод гол танхим болон хашааны үүдний танхимуудыг бас хэмжив. 16 Босгоны харалдаах гурван давхрынхаа эргэн тойрон дахь босгууд, сараалжин цонхнууд, хананууд нь газраас цонх хүртэл бүх талаараа модоор бүрэгдсэн байв. (харин цонхнууд нь бүтээгдсэн байв.) 17 Орох үүдний дээгүүр, дотоод өргөө хүртэл, мөн гадна талд ч, эргэн тойронд бүхэл хананы дотор, гадна талыг хэмжээнүүдийн дагуу бүрсэн байв. 18 Түүнд херубууд болон далдуу моддыг сийлсэн байв. Далдуу мод нь хоёр херубын завсар байсан ба херуб бүр нь хоёр нүүртэй байв. 19 Нэг талаас далдуу мод уруу хүний нүүр чиглэж, нөгөө талаас далдуу мод уруу залуу арслангийн нүүр чиглэж байв. Тэдгээр нь сүмийн бүхэлд нь эргэн тойронд сийлээстэй байв. 20 Газраас үүдний дээд хүртэл, мөн гол танхимын хананд херубууд болон далдуу моддыг сийлсэн байв. 21 Гол танхимын хаалганы хүрээнүүд нь дөрвөн өнцөгт байв. Ариун газрын өмнөх талын хувьд гэвэл нэг хаалганы хүрээний дүрс нь нөгөөгийнхтэй адил байв. 22 Тахилын ширээ нь модон бөгөөд гурван тохой өндөр, хоёр тохой урт байв. Түүний булангууд, түүний суурь ба түүний хажуу талууд ч модон ажээ. Тэрээр надад —Энэ бол ЭЗЭНий өмнө буй ширээ мөн хэмээн өгүүлэв. 23 Гол танхим болон ариун газар тус бүр хоёр хаалгатай байв. 24 Хаалга тус бүр нь хоёр эвхмэл хавтастай байв. Нэг хаалганд хоёр хавтас байсан ба нөгөө хаалганд ч хоёр хавтас байв. 25 Мөн гол танхимын хаалганд нь хананууд дээр сийлсэнтэй адил херубууд, далдуу модод сийлэгдсэн байв. Гадна талд үүдний танхимын өмнө модон босго байв. 26 Үүдний танхимын хоёр талын хананд сараалжин цонхнууд болон далдуу модод байв. Өргөөний хажуугийн танхимууд болон босгонууд ч тийм байв.
1 Тэгээд тэр хойд зүг уруу чиглэн намайг гаднах хашаанд авчирлаа. Тэрээр тусгаарлагдсан талбай болон барилгын харалдаа орших хойд зүг уруу чиглэсэн танхим уруу намайг дагуулж ирэв. 2 Зуун тохой болох түүний уртынх нь дагуу явахад хойд хаалга байсан. Өргөн нь тавин тохой байв. 3 Дотоод хашаанд хамаарах хорин тохойны эсрэг талд болон гаднах хашаанд хамаарах засмал замын эсрэг талд гурван давхар дахь хонгилтой харалдаа хонгил байв. 4 Танхимуудын өмнө арван тохой өргөнтэй, зуун тохой урттай дотоод зам байв. Тэдгээрийн орох үүднүүд нь хойд талд байв. 5 Байшин дахь доод ба дунд давхрын танхимуудаас илүү их зайг хонгилууд эзэлсэн тул дээд давхрын танхимууд илүү бага байв. 6 Эдгээр нь гурван давхраар орших бөгөөд хашааны баганатай адил ганц ч багана байсангүй. Тийм учраас дээд давхрын танхимууд нь доод ба дунд давхрынхаас арай бага байв. 7 Танхим уруу харсан гаднах хашааны зүгт чиглэсэн гаднах хэрмийн хувьд гэвэл, түүний урт нь тавин тохой байв. 8 Учир нь гаднах хашаанд байсан танхимуудын урт нь тавин тохой байв. Харагтун, сүм уруу харсан танхимуудын урт нь зуун тохой байв. 9 Эдгээр танхимуудын доод талд нь гаднах хашаанаас тэдэн уруу орох үүд шиг тийм үүд зүүн талд нь байв. 10 Тусгаарлагдсан талбай болон байшин уруу харсан, зүүн зүг уруу чиглэсэн хашааны хэрмийн өргөн дотор нь танхимууд байв. 11 Тэдгээрийн өмнөх зам нь хойд талын танхимуудын байдалтай адил урт бөгөөд тэдгээрийн өргөний дагуу ба тэдгээрийн бүх гарцууд нь байгууламж болон орох хаалгуудын дагуу байв. 12 Танхимуудын өмнө зүг уруу чиглэсэн орох хаалгануудтай адил замын эхэнд үүд байсан ба тэдгээр уруу ороход, зам нь зүүн зүг уруу чиглэсэн хэрмийн урд талд байв. 13 Дараа нь тэр надад —Тусгаарласан талбайн харалдаа буй хойд танхимууд болон өмнөд танхимууд бол ЭЗЭНд ойрхон байгаа тахилч нар хамгийн ариун юмсыг идэх ариун танхимууд юм. Тэнд тэд хамгийн ариун юмс, идээн өргөл, нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахил зэргийг тавих болой. Учир нь тэр газар бол ариун юм. 14 Тахилч нар дотогш орвол, үйлчлэхдээ өмссөн хувцсаа тэнд нь тайлж, орхилгүйгээр ариун газраас гаднах хашаа уруу гарах ёсгүй. Учир нь тэдгээр хувцаснууд нь ариун юм. Тэд өөр хувцас өмсөх ёстой. Дараа нь тэд ард түмэнд зориулагдсанд хүрч болно гэв. 15 Тэр доторх сүмийг хэмжиж дуусаад намайг зүүн зүг уруу харсан дааман хаалганд гадагш авчирж, эргэн тойрныг бүхэлд нь хэмжив. 16 Тэр хэмжих саваагаар зүүн талыг хэмжихэд, хэмжих саваагаар таван зуун саваа байв. 17 Тэр хойд талыг хэмжихэд, хэмжих саваагаар таван зуун саваа байв. 18 Өмнө талд тэр хэмжих саваагаар таван зуун савааг хэмжив. 19 Тэрээр баруун тал уруу эргээд, хэмжих саваагаар таван зуун саваа хэмжив. 20 Тэр түүнийг дөрвөн талд нь хэмжив. Энэ нь ариун болон бузрыг хооронд нь ялгахаар эргэн тойронд хэрэмтэй бөгөөд урт нь таван зуу, өргөн нь таван зуу байв.
1 Дараа нь тэр зүүн зүг уруу харах дааман хаалга уруу намайг дагуулж ирэв. 2 Харагтун, Израилийн Бурханы цог жавхлан зүүн зүгээс ирж байв. Түүний дуу нь их усны чимээ мэт агаад дэлхий Түүний цог жавхланд гэрэлтэв. 3 Энэ нь миний үзсэн үзэгдлийн дүртэй адил бөгөөд хотыг Тэр устгахаар ирсэн үед миний үзсэн үзэгдэлтэй адил байв. Үзэгдлүүд нь Хебар голын дэргэд миний үзсэн үзэгдэлтэй адил байсан. Би нүүрээрээ хөсөр унав. 4 ЭЗЭНий цог жавхлан нь зүүн зүг уруу харсан дааман хаалгаар өргөөнд орж ирэв. 5 Сүнс намайг өргөж, доторх хашаа уруу авчрав. Харагтун, ЭЗЭНий цог жавхлан өргөөг дүүргэв. 6 Дараа нь миний хажууд нэг хүн зогсож байх зуур өргөөнөөс хэн нэгэн надад өгүүлэхийг би сонсов. 7 Тэр надад —Хүний хүү, энэ бол Израилийн хөвгүүдийн дунд Миний мөнхөд орших газар буюу Миний сэнтийний газар, Миний хөлийн ул гишгэх газар юм. Израилийн гэр болох тэд ч, тэдний хаад ч өөрсдийн садар самуун явдал болон үхсэн хаадынхаа хүүрүүдээр Миний ариун нэрийг дахин бузарлахгүй. 8 Мөн Би болон тэдний хооронд хана төдий байхаар өөрсдийн босгыг Миний босгоны дэргэд, өөрсдийн хаалганы хүрээг Миний хаалганы хүрээний дэргэд босгосноороо бузарлахгүй. Тэд өөрсдийн үйлдсэн жигшүүрт үйлсээр Миний ариун нэрийг бузарласан. Ийнхүү Би Өөрийн хилэн дотор тэднийг шатаав. 9 Одоо тэд өөрсдийн садар самуун явдал болон хаадынхаа хүүрүүдийг Надаас маш хол зайлуулаг. Би тэдний дунд мөнхөд орших болно. 10 Хүний хүү чиний хувьд гэвэл, Израилийн гэр өөрсдийн гэм буруунуудын төлөө ичихийн тулд тэдэнд сүмийг дүрслэгтүн. Тэдэнд загварыг хэмжүүл. 11 Хэрэв тэд өөрсдийн хийсэн бүхнээс ичих аваас тэдэнд өргөөний загвар, түүний бүтэц, түүний орох гарах хаалга, түүний хамаг загварууд, түүний хамаг тогтоолууд ба хамаг хуулиудыг мэдүүл. Тэдний нүдний өмнө үүнийг бич. Ингэснээр тэд үүний бүхэл загвар болон үүний хамаг тогтоолуудыг сахьж, тэдгээрийг үйлдэх юм. 12 Өргөөний хууль нь энэ буюу. Уулын орой дээрх эргэн тойрны бүх газар нь хамгийн ариун байх ёстой. Харагтун, өргөөний хууль нь энэ буюу. 13 Тахилын ширээний, тохойгоор хэмжих хэмжээсүүд нь энэ буюу. (Нэг тохой дээр нэг алганы энг нэмсэн нь тохой билээ.) Суурь нь нэг тохой, өргөн нь нэг тохой ба түүний тойргийн зах нь нэг сөөм байх болой. Энэ нь тахилын ширээний суурийн өндөр нь байх болой. 14 Газар дээрх сууриас доод булан хүртэл хоёр тохой ба өргөн нь нэг тохой байх болой. Бага булангаас их булан хүртэл дөрвөн тохой ба өргөн нь нэг тохой байх болой. 15 Тахилын ширээний зуух нь дөрвөн тохой бөгөөд тахилын ширээний зуухнаас дээш дөрвөн эвэр гарсан байв. 16 Тахилын ширээний зуух нь арван хоёр тохой урт, арван хоёр тохой өргөн бөгөөд тал бүрээрээ шоо дөрвөлжин байх болой. 17 Булан нь дөрвөн талдаа арван дөрвөн тохой урт, арван дөрвөн тохой өргөн бөгөөд түүний тойрох зах нь хагас тохой, түүний суурь нь эргэн тойрондоо нэг тохой ба гишгүүрүүд нь зүүн зүг уруу харсан байх болно гэв. 18 Тэр надад айлдахдаа —Хүний хүү, Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Дээр нь шатаалт тахилыг өргөж, түүн дээр цусыг цацахын тулд тахилын ширээг босгох өдөрт түүнд зориулсан тогтоолууд нь энэ юм. 19 Надад үйлчлэхийн тулд Надад ойртох Задокийн үр удмаас гаралтай левичүүдийн тахилч нарт нүглийн төлөөх тахил болгож залуу бухыг чи өгөх ёстой" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 20 "Чи түүний цуснаас хэсгийг авч, түүнийг тахилын ширээний дөрвөн эвэр болон булангийн дөрвөн өнцөг, тойргийн захад түрхэгтүн. Ийнхүү чи тахилын ширээг цэвэршүүлж түүний төлөө эвлэрүүллийг үйлдэх ёстой. 21 Нүглийн төлөөх тахилын бухыг чи бас авах ёстой. Тэр нь ариун газрын гадна, өргөөний тогтоосон газарт шатаагдах ёстой. 22 Хоёр дахь өдөрт өө сэвгүй ухныг нүглийн төлөөх тахил болгон өргөгтүн. Тэд бухаар тахилын ширээг цэвэршүүлсний адил цэвэршүүлэх ёстой. 23 Түүнийг цэвэршүүлж дуусаад өө сэвгүй залуу бухыг, бог малаас өө сэвгүй хуцыг чи өргөх ёстой. 24 Тэдгээрийг ЭЗЭНий өмнө авчирж, тахилч нарт эдгээрийн дээр давс цацаж, шатаалт тахил болгон ЭЗЭНд өргөх ёстой. 25 Долоо хоногийн турш нүглийн төлөөх тахилд зориулан өдөр бүр ямаа бэлтгэ. Бас өө сэвгүй бух болон бог малаас хуц бэлтгэгдэх ёстой. 26 Долоо хоногийн турш тэд тахилын ширээний төлөө эвлэрүүллийг үйлдэж, түүнийг ариусгаж, тийнхүү тэд түүнийг ариусгах ёстой. 27 Тэд эдгээр хоногуудыг дуусгахад, найм дахь өдөр болон түүнээс хойш тахилч нар тахилын ширээн дээр та нарын шатаалт тахилуудыг болон эвийн тахилуудыг өргөх ёстой. Би та нарыг хүлээн авах болно." гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна гэв.
1 Дараа нь Тэр намайг зүүн зүг уруу харсан ариун газрын гадна талын дааман хаалгаар буцаан авчирсан бөгөөд хаалга нь хаагдсан байв. 2 ЭЗЭН надад айлдахдаа —Энэ дааман хаалга хаалттай байх ёстой. Энэ нь нээгдэж болохгүй, хэн ч үүгээр орох ёсгүй. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН үүгээр орсон юм. Тийм учраас энэ нь хаалттай байх ёстой. 3 Ноёны хувьд гэвэл, тэр ЭЗЭНий өмнө талх идэхийн тулд ноён шиг тэнд суух болой. Тэр нь дааман хаалганы үүдний танхимаар орон, бас түүгээр гарч явах ёстой гэв. 4 Дараа нь намайг Тэр хойд дааман хаалгаар өргөөний урд дагуулж ирэв. Намайг харахад, харагтун, ЭЗЭНий цог жавхлан нь ЭЗЭНий өргөөг дүүргэсэн байв. Би нүүрээрээ хөсөр унав. 5 ЭЗЭН надад айлдахдаа —Хүний хүү, ЭЗЭНий өргөөний хамаг тогтоолын тухай болон түүний бүх хуулийн талаар Миний чамд айлдах бүгдийг зүрхэндээ тогтоон, нүдээрээ үзэж, чихээрээ сонс. Өргөөний үүдийг ариун газрын бүх орох үүднүүдтэй хамт зүрхэндээ тогтоо. 6 Тэрслэгчид болох Израилийн гэрт чи хэлэхдээ "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Израилийн гэр ээ. Та нарын бүх жигшүүрүүд нь хангалттай юм. 7 Ингэхдээ зүрхэндээ хөвч хөндүүлээгүй, махан биедээ ч хөвч хөндүүлээгүй харь хүмүүсийг Миний ариун газрыг бузарлуулахаар тэнд байлгаж, түүгээр ч барахгүй Миний хүнс болох өөх, цусыг өргөх үедээ Миний өргөөг бузарлахаар та нар тэнд оруулсан. Учир нь та нарын хамаг жигшүүрүүд дээр нэмж тэд Миний гэрээг хүчингүй болгосон. 8 Та нар Миний ариун зүйлсийн үүргийг өөрсдөө сахилгүй, харин Миний ариун газрын үүргийг сахиулахаар харь хүмүүсийг та нар тавив». 9 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Зүрхэндээ хөвч хөндүүлээгүй, махан биедээ ч хөвч хөндүүлээгүй ямар ч харь хүн, Израилийн хөвгүүдийн дунд буй бүх харь хүмүүсээс нэг нь ч Миний ариун газарт орж болохгүй. 10 Харин Израилийг төөрч явахад Надаас холдсон бөгөөд өөрсдийн шүтээнүүдийн араас дагаж Надаас төөрсөн левичүүд нь өөрсдийн гэм буруугийн төлөө шийтгэлийг үүрэх ёстой. 11 Гэсэн ч тэд өргөөний дааман хаалганд харуул хийж, өргөөнд үйлчлэн Миний ариун газарт үйлчлэгчид байх ёстой. Тэд ард түмний төлөө шатаалт тахил ба тахилыг нядалж, ард түмэнд үйлчлэхээр тэдний өмнө тэд зогсох болно. 12 Тэд өөрсдийн шүтээнүүдийн өмнө ард түмэнд үйлчилж, Израилийн гэрт гэм буруугийн бүдрүүлэх чулуу болсон учраас, тиймийн тул тэд өөрсдийн гэм буруугийн төлөө шийтгэл үүрэх ёстой хэмээн Би тэдний эсрэг тангарагласан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 13 «Тэд Надад тахилчаар үйлчлэхийн тулд Надад ойртох ёсгүй, Миний ариун юмсын алинд ч, хамгийн ариун юмсад ч ойртож болохгүй. Харин тэд өөрсдийн ичгүүр болон өөрсдийн үйлдсэн жигшүүрт үйлсийг үүрэх ёстой. 14 Гэсэн ч өргөөний үүрэг болох түүний бүх үйлчлэл ба тэнд хийгдэх ёстой бүхнийг хийлгэхээр Би тэднийг томилох болно. 15 Харин Израилийн хөвгүүдийг Надаас төөрч явсан үед, Миний ариун газрын үүргийг сахьсан, Задокийн хөвгүүд болох Левийн тахилч нар нь Надад үйлчлэхээр Надад ойртох ёстой. Тэд Надад өөх, цусыг өргөхөөр Миний өмнө зогсох ёстой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 16 «Тэд Миний ариун газарт орох ёстой. Тэд Надад үйлчилж, Миний үүргийг биелүүлэхийн тулд Миний ширээнд ойртох ёстой. 17 Тэд дотоод хашааны дааман хаалгаар орохдоо маалинган хувцас өмсөх ёстой. Дотоод хашааны дааман хаалганууд болон өргөөн дотор тэд үйлчилж байхдаа тэд ноосон хувцастай байх ёсгүй. 18 Тэдний толгойд маалинган малгай, ууцанд нь маалинган дотуур хувцас байх ёстой. Хөлөргөх аливаа юмыг тэд биедээ өмсөж болохгүй. 19 Тэд гаднах хашаа уруу гарах үед, ард түмэн уруу гаднах хашаанд гарах үед үйлчлэлд өмсөж байсан хувцсаа тайлж, тэдгээрийг ариун танхимуудад тавих ёстой. Дараа нь өөрсдийн хувцсаар ард түмэнд ариун байдлыг дамжуулахгүйн тулд тэд өөр хувцас өмсөх ёстой. 20 Бас тэд толгойн үсээ хусах ёсгүй боловч өөрсдийн туг үснүүдийг урт ургуулж болохгүй. Тэд толгойн үсээ зөвхөн тайрах ёстой. 21 Тахилч нарын хэн нь ч дотоод хашаанд орох үед дарс ууж болохгүй. 22 Тэд бэлэвсэн, эсвэл салсан эмэгтэйтэй гэрлэх ёсгүй. Харин Израилийн гэрийн үр удмаас онгон охидыг, эсвэл тахилчийн бэлэвсэрсэн бэлэвсэн эмэгтэйг авах ёстой. 23 Түүнээс гадна, тэд Миний ард түмэнд ариун болон эгэл жирийн хоорондох ялгааг зааж, бузар болон цэврийг хооронд нь ялгах чадвартай болгох ёстой. 24 Маргаанд тэд шүүхийн тулд байраа эзлэх ёстой. Тэд үүнийг Миний тогтоолын дагуу шүүх ёстой. Тэд бас Миний хамаг товлосон баярууд дээр Миний хууль болон Миний тогтоолуудыг сахьж, Миний амралтын өдрийг ариусгах ёстой. 25 Тэд үхсэн хүнд ойртож биеэ бузарлах ёсгүй. Харин эцэг, эх, хүү, охин, ах дүү, эсвэл нөхөрт гараагүй эгч, дүүгийнхээ төлөө тэд өөрсдийгөө бузарлаж болно. 26 Тэр цэвэршүүлэгдсэний дараа түүнд зориулан долоо хоногийг тоолох ёстой. 27 Тэр ариун газарт үйлчлэхийн тулд дотоод хашаанд ариун газарт орох өдрөө өөрийн нүглийн төлөөх тахилыг өргөх ёстой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 28 «Тэдний өвтэй хамаатай нь энэ билээ. Би тэдний өв юм. Та нар тэдэнд Израильд ямар ч эзэмшлийг өгөх ёсгүй. Би тэдний эзэмшил юм. 29 Тэд идээн өргөл, нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахилыг идэх ба Израиль доторх аливаа зориулагдсан зүйл нь тэднийх болох болой. 30 Төрөл бүрийн бүх анхны үр жимснүүдийн дээж нь, та нарын бүх хандив дотроос төрөл бүрийн аливаа хандив нь тахилч нарт зориулагдах ёстой. Та нарын гэрийн дээр ерөөлийг байлгахын тулд та нар зуурсан гурилынхаа дээжийг ч бас тахилчид өгөх ёстой. 31 Үхсэн, эсвэл тастчуулсан аливаа шувуу, эсвэл араатны хүүрийг тахилч нар идэх ёсгүй.
1 Та нар өв болгох газрыг шавгаар хуваахдаа тэр газрын ариун хэсгийг буюу ноогдлыг ЭЗЭНд өргөх ёстой. Түүний урт нь хорин таван мянган тохой, өргөн нь арван мянган тохой байх ёстой. Энэ нь эргэн тойрон дахь хил хязгаарынхаа дотор ариун байх ёстой. 2 Үүнээс гадагш эргэн тойронд таван зуу, таван зуун тохой дөрвөлжин нь ариун газарт зориулагдсан байх ба эргэн тойронд түүний сул газар байхаар тавин тохой байх ёстой. 3 Энэ газраас урт нь хорин таван мянган тохой, өргөн нь арван мянган тохойг та нар хэмж. Түүний дотор ариун газар, хамгийн ариун газар байх болой. 4 Энэ нь тэр газрын ариун хэсэг байх болой. Энэ нь ЭЗЭНд үйлчлэхээр ойртон ирдэг, ариун газрын үйлчлэгчид болох тахилч нарт зориулагдсан ба тэдний гэрүүдийн газар, ариун газрын төлөөх ариун газар болох ёстой. 5 Хорин таван мянган тохой урттай, арван мянган тохой өргөнтэй газар нь өргөөний үйлчлэгчид болох левичүүдэд болон тэдний оршин суух эзэмшил хотуудад нь зориулагдах юм. 6 Ариун хэсгийн ноогдлын хажуугаар өргөн нь таван мянган тохой, урт нь хорин таван мянган тохой талбай бүхий эзэмшлийг та нар хотод өгөх ёстой. Энэ нь Израилийн хамаг гэрийн төлөө байна. 7 Ноён нь ариун ноогдол ба хотын эзэмшлийн хоёр талд газартай байх ёстой. Тэр нь ариун ноогдол, хотын эзэмшилтэй хиллэн, баруун тал нь баруун зүг уруу, зүүн тал нь зүүн зүг уруу үргэлжлэх бөгөөд уртаараа хувиудын нэгтэй адил, баруун хилээс зүүн хил хүртэл байх болой. 8 Энэ нь Израиль дахь эзэмшил нь болох түүний газар байх болой. Тийнхүү Миний ноёд Миний ард түмнийг хойшид дарлахгүй, харин тэд газрын үлдсэн хэсгийг овгуудынх нь дагуу Израилийн гэрт өгөх ёстой». 9 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Израилийн ноёд та нар хангалттай боллоо. Хүчирхийлэл, сүйрлийг зайлуулж, шударга ёс болон зөвт үйлсийг үйлд. Миний ард түмнээс албадан хураахаа боль» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 10 «Та нар зөв хэмжүүртэй, зөв ефа, зөв баттай байх ёстой. 11 Бат нь хомерын аравны нэг, ефа нь омерын аравны нэгийг багтаахаар ефа болон бат адил хэмжээт байх ёстой. Тэдгээрийн хэмжээ нь омерын дагуу байх ёстой. 12 Нэг шекел хорин гера байх болой. Хорин шекел, хорин таван шекел ба арван таван шекел нь та нарын нэг мане байх болой. 13 Та нарын өргөх өргөл нь энэ юм. Улаан буудайн омероос ефагийн зургааны нэгийг арвайн омероос ефагийн зургааны нэг, 14 заагдсан хэмжээний тос (буюу нэг бат тос) кор бүрээс аравны нэгэн батыг (Кор нь арван бат, эсвэл нэг омер. Учир нь арван бат нь омертой тэнцүү). 15 Израилийн устай газруудын хоёр зуун хоньтой сүргээс нэг хонийг тэдний төлөө эвлэрүүллийг хийхийн тулд идээн өргөл, шатаалт тахил болон эвийн тахилд зориулагтун» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 16 «Нутгийн хамаг ард түмэн Израиль дахь ноёны төлөөх энэ өргөлд өгөх ёстой. 17 Найр наадам, шинэ сарын баяр ба амралтын өдөр, Израилийн гэрийн бүх товлогдсон баярууд дээр шатаалт тахил, идээн өргөл, ундаан өргөлийг хангах нь ноёны үүрэг байх болой. Израилийн гэрийн төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нүглийн төлөөх тахил, идээн өргөл, шатаалт тахил ба эвийн тахилыг тэр хангах ёстой». 18 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Нэгдүгээр сард, уг сарын нэгэнд та нар өө сэвгүй залуу бухыг авч, ариун газрыг цэвэрлэх ёстой. 19 Тахилч нь нүглийн төлөөх тахилаас хэсэг цусыг авч, түүнийг өргөөний хаалганы хүрээ, тахилын ширээний захын дөрвөн өнцөгт болон дотоод хашааны дааман хаалганы хүрээнүүдэд нялах ёстой. 20 Төөрч буй, эсвэл гэнэн аливаа хүний төлөө та нар уг сарын долоонд ийнхүү үйлдэх ёстой. Тийнхүү та нар өргөөний төлөө эвлэрүүллийг хийх болно. 21 Нэгдүгээр сард, уг сарын арван дөрөвний өдөр та нар Дээгүүр Өнгөрөх баяр буюу долоо хоногийн баярыг хийх ёстой. Исгээгүй талхыг ид. 22 Тэр өдөр ноён өөрийнхөө төлөө болон нутгийн хамаг ард түмэнд зориулан нүглийн төлөөх тахилын бухаар хангах ёстой. 23 Баярын долоо хоногийн туршид ЭЗЭНд шатаалт тахил болгож долоо хоногийн өдөр бүрд нь өө сэвгүй долоон бух, долоон хуцыг болон өдөр бүр нүглийн төлөөх тахилд нэг ухныг тэр хангах ёстой. 24 Идээн өргөл болгон тэр нэг бухтай хамт нэг ефаг, нэг хуцтай хамт нэг ефаг, нэг ефатай хамт нэг хин тосыг хангах ёстой. 25 Долдугаар сард, уг сарын арван тавны өдөр баяр дээр тэр үүний адил, долоон хоног нүглийн төлөөх тахил, шатаалт тахил, идээн өргөл ба тосыг хангах ёстой».
1 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Дотоод хашааны зүүн зүг уруу харсан дааман хаалга нь ажлын зургаан өдөрт хаалттай байх ёстой. Харин тэр нь амралтын өдөр болон шинэ сарын баярын өдөр нээлттэй байх ёстой. 2 Ноён нь гаднаас дааман хаалганы үүдний танхимаар орж, дааман хаалганы баганын дэргэд зогсох ёстой. Дараа нь тахилч нар түүний шатаалт тахил болон эвийн тахилуудыг нь хангаад, тэр дааман хаалганы босгон дээр мөргөөд гарах ёстой. Харин дааман хаалга нь үдэш хүртэл хаагдах ёсгүй. 3 Нутгийн ард олон ч бас амралтын өдрүүдэд болон шинэ сарын баяруудаар мөнөөх дааман хаалганы үүдэнд ЭЗЭНий өмнө мөргөх ёстой. 4 Амралтын өдрөөр ноёны ЭЗЭНд өргөх шатаалт тахил нь өө сэвгүй зургаан хурга ба өө сэвгүй нэг хуц байх болой. 5 Идээн өргөл нь хуцанд нэг ефа бөгөөд хургатай хамт өргөх идээн өргөл нь түүний өгөх чадлын хэрээр байх ба нэг ефад нэг хин тос байх болой. 6 Шинэ сарын баярын өдөрт өө сэвгүй залуу бух, бас өө сэвгүй зургаан хурга ба нэг хуцыг өргөх ёстой. 7 Нэг бухтай хамт нэг ефаг, нэг хуцтай хамт нэг ефаг, хургануудтай хамт өгөх чадлынхаа хэрээр тэр идээн өргөлийг хангах ёстой бөгөөд нэг ефад нэг хин тос байх болой. 8 Ноён орохдоо дааман хаалганы үүдний танхимаар явж, гарахдаа тэр л замаар явах ёстой. 9 Гэвч нутгийн ард олон товлосон баярууд дээр ЭЗЭНий өмнө ирэхдээ хойд дааман хаалгаар дамжин мөргөл үйлдэхээр ирэгч нь өмнөд дааман хаалгаар гарч явах ёстой. Өмнөд дааман хаалгаар орж ирэгч нь хойд дааман хаалгаар гарч явах ёстой. Орж ирсэн дааман хаалгаараа хэн ч буцаж гарч болохгүй. Харин чигээрээ явсаар гарах ёстой. 10 Тэднийг орж ирэхэд ноён тэдний дунд орж, тэднийг гарах үед тэр гарах ёстой. 11 Баяр наадам болон товлосон баярууд дээрх идээн өргөл нь нэг бухтай хамт нэг ефа, нэг хуцтай хамт нэг ефа ба хургануудтай хамт өгөх чадлынхаа хэрээр байх ёстой бөгөөд нэг ефад нэг хин тос байх болой. 12 Ноён сайн дурын өргөл болох шатаалт тахилыг, эсвэл эвийн тахилыг ЭЗЭНд сайн дурын өргөл болгон хангах үед түүний төлөө зүүн тийш харсан дааман хаалгыг нээнэ. Амралтын өдөрт үйлддэгийн адил тэр өөрийн шатаалт тахил болон эвийн тахилыг өргөнө. Дараа нь тэр гарч явж, түүнийг гарч явсны дараа дааман хаалга нь хаагдах ёстой. 13 Та нар өдөр бүр ЭЗЭНд шатаалт тахилд зориулан өө сэвгүй нэг настай хургыг бэлтгэх ёстой. Өглөө бүр та нар үүнийг бэлтгэх ёстой. 14 Мөн үүний хамт та нар өглөө бүр идээн өргөл болох ефагийн зургааны нэг сайн гурилыг чийглэхийн тулд хиний гурваны нэг тостой хамт бэлтгэ. ЭЗЭНд өргөх идээн өргөл нь мөнхөд үргэлжлэх тогтоол юм. 15 Ийнхүү байнгын шатаалт тахилд зориулан өглөө бүр тэд хурга, идээн өргөл ба тосыг бэлтгэх ёстой». 16 Эзэн БУРХАН ийнхүү айлджээ. «Хэрэв ноён өөрийн өвөөс хөвгүүдийнхээ аль нэгэнд нь бэлэг өгвөл тэр нь хөвгүүдийн юм болох ёстой. Энэ нь өвийн дагуу тэдний эзэмшил болно. 17 Харин хэрэв тэр өөрийн өвөөс зарц нарынхаа нэгэнд бэлэг өгвөл тэр нь эрх чөлөөлөлтийн жил хүртэл түүнийх байх болно. Дараа нь тэр зүйл ноёнд буцаагдах болой. Түүний өв нь зөвхөн түүний хөвгүүдийнх бөгөөд тэдэнд харьяалагдах ёстой. 18 Ноён нь ард түмнийг эзэмшлээс нь хөөн гаргаж, тэдний өвөөс авч болохгүй. Тэр хөвгүүддээ өөрийн эзэмшлээсээ өвийг өгөх ёстой. Ингэснээр Миний ард түмнээс хэн нь ч өөрийн эзэмшлээсээ тараагдахгүй юм»" хэмээгтүн гэв. 19 Дараа нь тэр намайг дааман хаалганы хажуу дахь үүдээр оруулан хойшоо харсан тахилч нарт зориулагдсан ариун танхимуудад авчрав. Харагтун, баруун талын хамгийн цаад захад нэгэн газар байв. 20 Тэр надад -Энэ бол тахилч нарын гэмийн төлөөх тахил, нүглийн төлөөх тахилыг чанаж, идээн өргөлийг жигнэх газар юм. Энэ нь тэд эдгээрийг гаднах хашаанд авчирснаараа ард олонд ариун байдлыг дамжуулахгүйн тулд юм гэв. 21 Дараа нь тэр намайг гаднах хашаанд авчирж, хашааны дөрвөн булангаар тойруулан явуулав. Харагтун, хашааны булан бүрд жижиг хашаа байв. 22 Хашааны дөрвөн буланд урт нь дөчин тохой, өргөн нь гучин тохой битүү хашаа байсан бөгөөд булангууд дахь энэ дөрөв нь адил хэмжээтэй байв. 23 Тэдгээрийн дотор эргэн тойронд, дөрвүүлэнг нь чулуун эгнээ хүрээлж, хүрээлсэн эгнээнүүдийн доор чанах газрууд хийгдсэн байв. 24 Дараа нь тэр надад —Эдгээр нь өргөөний үйлчлэгчид ард олны тахилуудыг чанадаг газрууд юм гэв.
1 Дараа нь тэр намайг өргөөний хаалганд буцааж авчрав. Харагтун, өргөөний босгоны доороос зүүн зүг уруу ус урсан гарч байв. Учир нь өргөө зүүн тийш харжээ. Ус нь доороос, өргөөний баруун гар талаас, тахилын ширээний өмнө талаас урсаж байв. 2 Тэр намайг хойд дааман хаалгаар гадагш гаргаж, тойруулан зүүн тийш харсан гаднах хаалга уруу дагуулан явав. Харагтун, ус өмнө талаас алгуурхнаар урсаж байв. 3 Гартаа шугамтай хүн зүүн тийш явахдаа мянган тохойг хэмжиж, намайг шагайнд тулсан усан дундуур дагуулав. 4 Тэр дахин нэг мянгыг хэмжиж, намайг өвдгөнд тулсан усан дундуур дагуулав. Тэр дахин мянгыг хэмжиж, намайг бүсэлхийд тулсан усан дундуур дагуулав. 5 Тэр дахин мянгыг хэмжив. Ус нэмэгдсэн учраас энэ нь миний гаталж чадахааргүй гол болов. Дотор нь сэлж болохоор хангалттай их устай, гатлаж чадахааргүй гол байв. 6 Тэр надад —Хүний хүү чи үүнийг харав уу? гэв. Дараа нь тэр намайг голын эрэгт буцаан аваачив. 7 Намайг буцаж ирсэнд, харагтун, голын эрэг дээр нэг талд ба нөгөөд маш олон модод байв. 8 Дараа нь тэр надад айлдахдаа —Энэ ус зүүн нутаг уруу урсаж, Араба уруу уруудан очиж байгаа юм. Дараа нь тэд далайд цутгагдахаар далайн зүг урсаж, далайн ус нь цэнгэг болдог. 9 Гол урсах газар бүрд үржин тархагч амьд амьтан бүр амьдрах болно. Тэнд асар их загас байх болно. Учир нь энэ ус тэнд очиж, цэнгэг болгож байгаа. Ийнхүү гол урсах газарт бүх юм амьдрах болно. 10 Загасчид түүний дэргэд зогсох болно. Енгедигээс Енеглаим хүртэл тор тавих газар байх болно. Тэдгээрийн загас нь төрөл зүйлсээрээ Их Далайн загас адил үлэмж их болно. 11 Гэвч түүний намгууд ба балчиг газрууд цэвэр болохгүй. Давснаас болж тэдгээр нь орхигдох болно. 12 Голын хажуугаар эрэг дээр, нэг талд ба нөгөө талд нь хоол хүнсэнд зориулах бүх төрлийн модод ургах болно. Тэдний навчнууд хатахгүй, жимс нь муудахгүй. Тэд сар бүр жимс гаргах болно. Учир нь тэдгээрийн ус нь ариун газраас урсан гарч байгаа бөгөөд тэдгээрийн жимс нь хүнс болж, тэдгээрийн навч нь эдгэрэлтийн төлөө байх болно гэв. 13 Эзэн БУРХАН ийнхүү айлдав. —Та нар Израилийн арван хоёр овгуудын дунд өв болгон энэ газрыг хуваах хил хязгаарууд нь энэ юм. Иосеф хоёр хувийг авах ёстой. 14 Та нар үүнийг өв болгон нэг бүрийг нөгөөтэй нь тэнцүү хуваах ёстой. Учир нь үүнийг та нарын өвөг дээдэст өгөхөөр Би тангарагласан бөгөөд энэ газар та нарт өв болон очих ёстой. 15 Энэ газрын хил нь энэ байх болой. Хойд талд, Их Далайгаас Хетлоны замаар Зедадын хоолой хүртэл, 16 Дамаскийн хил болон Хаматын хилийн хооронд буй Хамат, Берота, Сибраим болон Хаурагийн хилийн дагуу байх Хазер-хаттикон юм. 17 Хил нь далайгаас Дамаскийн хил дэх Хазар-енанд хүртэл үргэлжилж, хойд талд хойшоо Хаматын хил хүрэх ёстой. Энэ бол хойд тал билээ. 18 Зүүн талд Хауран, Дамаск, Гилеад ба Израилийн газрын хоорондоос Иордан байх болой. Хойд хилээс дорны далайг хүртэл та нар хэмжих ёстой. Энэ бол зүүн тал юм. 19 Өмнөд талд урагшаа Тамараас Мерибат-кадешийн усыг хүртэл үргэлжлэн, Египетийн горхи болон Их Далайд хүрэх ёстой. Энэ бол урагшаа өмнөд тал юм. 20 Баруун талд Их Далай байх бөгөөд өмнөд хилээс Лебо-хаматын эгц харалдаа хүрэх ёстой. Энэ бол баруун тал юм. 21 Ийнхүү та нар Израилийн овгуудын дагуу энэ газрыг өөрсдийнхөө дунд хуваагтун. 22 Та нар өөрсдийнхөө дунд болон та нарын дотор хөвгүүдийг төрүүлэн, та нарын дотор суугч харийнхны дунд үүнийг өв болгон шавга татан хуваах ёстой. Тэд та нарын хувьд Израилийн хөвгүүдийн дунд уугуул төрөгсөд адил байх ёстой. Израилийн овгуудын дунд та нартай хамт тэдэнд оногдох болно. 23 Харь хүний сууж буй овог дотор нь та нар түүнд өвийг нь өгөх ёстой гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
1 Овгуудын нэрс нь эдгээр юм. Хойд хязгаараас, Хетлоны замын хажуугаар Лебо-хамат уруу Дамаскийн хил дэх Хазар-енаныг хүртэл, Хаматын хажуугаар хойшоо, зүүнээс баруун уруу үргэлжлэх нь Даных бөгөөд нэг хувь юм. 2 Даны хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл, Ашерынх бөгөөд нэг хувь юм. 3 Ашерын хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Нафталийнх бөгөөд нэг хувь юм. 4 Нафталийн хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Манассегийнх бөгөөд нэг хувь юм. 5 Манассегийн хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Ефраимынх бөгөөд нэг хувь юм. 6 Ефраимын хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Реубенийх бөгөөд нэг хувь юм. 7 Реубений хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Иудагийнх бөгөөд нэг хувь юм. 8 Иудагийн хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл та нарын тусгаарлах ноогдол газар болох хорин таван мянган тохой өргөн, урт нь зүүн талаас баруун тал хүртэл нэг хувь газрынхтай адил билээ. Ариун газар нь түүний төвд байх ёстой. 9 Та нарын ЭЗЭНд тусгаарлах ноогдол газар нь хорин таван мянган тохой урт, арван мянган тохой өргөн байх ёстой. 10 Ариун ноогдол нь эдгээрийн төлөө, тухайлбал тахилч нарын төлөө бөгөөд хойшоо хорин таван мянган тохой урттай, баруун тийш арван мянган тохой өргөнтэй, зүүн тийш арван мянган тохой өргөнтэй, урагшаа хорин таван мянган тохой урттай байх болой. ЭЗЭНий ариун газар нь түүний төвд байх ёстой. 11 Израилийн хөвгүүдийг төөрөх үед левичүүд төөрсөн шиг төөрч яваагүй, Миний үүргийг сахьсан, Задокийн хөвгүүдийн ариусгагдсан тахилч нарт энэ нь зориулагдана. 12 Энэ бол газрын ноогдлоос тэдэнд зориулагдсан ноогдол буюу хамгийн ариун газар болох бөгөөд левичүүдийн хилийн дагуу байх ёстой. 13 Тахилч нарын хилийн хажуугаар левичүүдэд хорин таван мянган тохой урт, арван мянган тохой өргөн газар байх болой. Бүх урт нь хорин таван мянган тохой, өргөн нь арван мянга байх ёстой. 14 Түүнээс гадна, тэд үүнийхээ алийг нь ч худалдаж, эсвэл сольж болохгүй. Эсвэл газрын энэ шилмэл хувийг бусдад дамжуулж болохгүй. Учир нь энэ бол ЭЗЭНд ариун юм. 15 Үлдсэн таван мянган тохой өргөн, хорин таван мянган тохой урт газар бол хотын нийтийн хэрэглээнд, сууц болон задгай бэлчээр газруудад зориулагдах болой. Хот нь түүний төвд байх ёстой. 16 Түүний хэмжээ нь эдгээр байх болой. Хойд талд дөрвөн мянга таван зуун тохой, өмнөд талд дөрвөн мянга таван зуун тохой, зүүн талд дөрвөн мянга таван зуун тохой, баруун талд дөрвөн мянга таван зуун тохой байна. 17 Хотод задгай бэлчээр газрууд байх болой. Хойно нь хоёр зуун тавин тохой, өмнө талд хоёр зуун тавин тохой, зүүн талд хоёр зуун тавин тохой, баруун талд хоёр зуун тавин тохой байна. 18 Ариун ноогдлын хажуугаар уртаараа үлдсэн газар нь зүүн тал уруу арван мянган тохой, баруун тийш арван мянган тохой байх болой. Тэр нь ариун ноогдлын хажуугаар байх ёстой. Түүний ургац нь хотын хөдөлмөрчдийн хүнс болох болой. 19 Израилийн бүх овгуудаас гарсан хотын хөдөлмөрчид үүнийг хагалах ёстой. 20 Бүхэл ноогдол нь хорин таван мянгыг харьцуулах нь хорин таван мянган тохой байх болой. Та нар ариун ноогдол болох дөрвөлжин талбайг хотын эзэмшилтэй хамт тусгаарлах ёстой. 21 Ариун ноогдол болон хотын эзэмшлийн нэг тал ба нөгөө талд үлдэх газар нь ноёных болой. Ноогдлын хорин таван мянган тохойн урд талд зүүн хил хүртэл болон баруун тийш хорин таван мянган тохойн урд талд баруун хил хүртэл, хувиудын хажуугаарх нь ноёных байх болой. Ариун ноогдол ба өргөөний ариун газар нь түүний голд байх ёстой. 22 Ноёнд харьяалагдах газрын голд буй левичүүдийн эзэмшил болон хотын эзэмшлээс бусад нь, Иудагийн хил ба Бениамины хилийн хоорондох бүх юмс бол ноёных байх ёстой. 23 Үлдсэн овгуудын хувьд гэвэл, зүүн талаас баруун тал хүртэл Бениаминых бөгөөд нэг хувь юм. 24 Бениамины хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Симеоных бөгөөд нэг хувь юм. 25 Симеоны хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Иссахарынх бөгөөд нэг хувь юм. 26 Иссахарын хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Зебулуных бөгөөд нэг хувь юм. 27 Зебулуны хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Гадынх бөгөөд нэг хувь юм. 28 Гадын хилийн хажуугаар өмнө талд урагшаа хил нь Тамараас Мерибат-кадешийн ус, Египетийн горхи болон Их Далайд хүртэл байх ёстой. 29 Энэ бол Израилийн овгуудад өв болгон та нарын шавга хаяж хуваах газар юм. Эдгээр нь тэдний хувиуд юм» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 30 Хотын гарах хаалганууд нь эдгээр юм. Хойд талд дөрвөн мянга таван зуун тохой хэмжээтэй бөгөөд 31 хотын дааман хаалганууд нь Израилийн овгуудаар нэрлэгджээ. Хойд зүгт гурван дааман хаалга буюу Реубений дааман хаалга нэг, Иудагийн дааман хаалга нэг, Левийн дааман хаалга нэг байх болой. 32 Зүүн талд дөрвөн мянга таван зуун тохой бөгөөд гурван дааман хаалга буюу Иосефын дааман хаалга нэг, Бениамины дааман хаалга нэг, Даны дааман хаалга нэг байх болой. 33 Өмнө зүгт дөрвөн мянга таван зуун тохой хэмжээтэй бөгөөд гурван дааман хаалга буюу Симеоны дааман хаалга нэг, Иссахарын дааман хаалга нэг, Зебулуны дааман хаалга нэг байх болой. 34 Баруун талд дөрвөн мянга таван зуун тохой бөгөөд гурван дааман хаалга буюу Гадын дааман хаалга нэг, Ашерын дааман хаалга нэг, Нафталийн дааман хаалга нэг байх болой. 35 Хотын тойрог нь арван найман мянган тохой байх ёстой. Тэр өдрөөс хотын нэр нь "ЭЗЭН энд байна" гэж байх ёстой гэв.