1 Персийн хаан Корешийн эхний жилд Иеремиагийн амаар хэлүүлсэн ЭЗЭНий үгийг биелүүлэхийн тулд ЭЗЭН Персийн хаан Корешийн сүнсийг хөдөлгөж, Кореш өөрийн бүх хаанчлал даяар тунхаглаж, мөн үүнийг бичгээр зарлан, 2 "Персийн хаан Кореш ийнхүү өгүүлж байна. «Тэнгэрийн Бурхан, ЭЗЭН надад дэлхийн бүх хаанчлалыг өгөөд, Иуда дахь Иерусалимд Түүнд өргөө барихыг даалгав. 3 Түүний ард түмнээс та нарын дунд буй хэн ч бай, түүний Бурхан түүнтэй хамт байг! Түүнийг Иуда дахь Иерусалим уруу явуулж, Израилийн Бурхан, ЭЗЭНий өргөөг дахин бариул. Тэр бол Иерусалимд буй Бурхан мөн. 4 Аль ч газар амьдарч байж болох амьд үлдсэн хүн бүрийг тэр газрын хүмүүс нь Иерусалим дахь Бурханы өргөөний төлөө мөнгө, алт, эд бараа, мал сүргийг сайн дурын өргөлийн хамтаар тэтгэх болтугай»" гэв. 5 Тэгэхэд Иуда болон Бениамины эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид, тахилч нар ба левичүүд болон Иерусалим дахь ЭЗЭНий өргөөг дахин барихын тулд явуулахаар сүнсийг нь Бурхан хөдөлгөсөн хүн бүр босоцгоов. 6 Тэдний бүх хөрш нь сайн дурын өргөл гэж өгөгдсөн бүхнээс гадна мөнгөн эд зүйлс, алт, эд бараа, мал сүрэг болон үнэт зүйлсээр тэднийг урамшуулан дэмжив. 7 Бас Кореш хаан Небухаднезарын Иерусалимаас авч одоод өөрийн бурхдын гэрт тавьсан ЭЗЭНий өргөөний эд юмсыг гаргаж ирэв. 8 Персийн хаан Кореш тэдгээр эд юмсыг эрдэнэсийн сан сахигч Митредатын гараар гаргаж ирүүлэн, Иудагийн ноён Шешбазарт тоогоор нь өгөв. 9 Тэдгээрийн тоо нь гучин алтан таваг, мянган мөнгөн таваг, хорин есөн хутга, 10 гучин алтан аяга, хоёрдугаар төрлийн дөрвөн зуун арван мөнгөн аяга болон нэг мянган бусад эд юмс байв. 11 Бүх алт, мөнгөн эд юмс нь таван мянга дөрвөн зуу байв. Энэ бүгдийг Шешбазар нь Вавилоноос Иерусалим уруу буцсан цөлөгдөгсөдтэй хамт аваачив.
1 Вавилоны хаан Небухаднезарын Вавилон уруу авч одсон цөлөгдөгсдийн олзноос Иерусалим, Иуда уруу, өөр өөрийн хот уруу буцсан, мужийн хүмүүс нь эдгээр болно. 2 Эдгээр нь Зеруббабел, Иешуа, Нехемиа, Сераиа, Реелаиа, Мордехаи, Билшан, Миспар, Бигваи, Рехум болон Баана нартай хамт ирцгээсэн юм. Израилийн ард түмний эрчүүдийн тоо бол 3 Парошийн хөвгүүд хоёр мянга нэг зуун далан хоёр, 4 Сефатиагийн хөвгүүд гурван зуун далан хоёр, 5 Арагийн хөвгүүд долоон зуун далан тав, 6 Иешуа ба Иоабын хөвгүүдээс, Пахат-моабын хөвгүүд хоёр мянга найман зуун арван хоёр, 7 Еламын хөвгүүд мянга хоёр зуун тавин дөрөв, 8 Заттугийн хөвгүүд есөн зуун дөчин тав, 9 Заккаин хөвгүүд долоон зуун жар, 10 Банийн хөвгүүд зургаан зуун дөчин хоёр, 11 Бебаин хөвгүүд зургаан зуун хорин гурав, 12 Азгадын хөвгүүд мянга хоёр зуун хорин хоёр, 13 Адоникамын хөвгүүд зургаан зуун жаран зургаа, 14 Бигваин хөвгүүд хоёр мянга тавин зургаа, 15 Адины хөвгүүд дөрвөн зуун тавин дөрөв, 16 Хезекиагийн Атерын хөвгүүд ерэн найм, 17 Безаин хөвгүүд гурван зуун хорин гурав, 18 Иорагийн хөвгүүд зуун арван хоёр, 19 Хашумын хөвгүүд хоёр зуун хорин гурав, 20 Гиббарын хөвгүүд ерэн тав, 21 Бетлехемийн эрчүүд зуун хорин гурав, 22 Нетофагийн эрчүүд тавин зургаа, 23 Анатотын эрчүүд зуун хорин найм, 24 Азмаветын хөвгүүд дөчин хоёр, 25 Кириат-арим, Хефира болон Бееротын хөвгүүд долоон зуун дөчин гурав, 26 Рама ба Гебагийн хөвгүүд зургаан зуун хорин нэг, 27 Михмасын эрчүүд зуун хорин хоёр, 28 Бетел ба Аин эрчүүд хоёр зуун хорин гурав, 29 Небогийн хөвгүүд тавин хоёр, 30 Магбишийн хөвгүүд зуун тавин зургаа, 31 өөр Еламын хөвгүүд мянга хоёр зуун тавин дөрөв, 32 Харимын хөвгүүд гурван зуун хорь, 33 Лод, Хадид ба Оногийн хөвгүүд долоон зуун хорин тав, 34 Иерихогийн эрчүүд гурван зуун дөчин тав, 35 Сенаагийн хөвгүүд гурван мянга зургаан зуун гуч. 36 Тахилч нар нь Иешуагийн гэрийн, Иедаиагийн хөвгүүд есөн зуун далан гурав, 37 Иммерийн хөвгүүд мянга тавин хоёр, 38 Пашхурын хөвгүүд мянга хоёр зуун дөчин долоо, 39 Харимын хөвгүүд мянга арван долоо. 40 Левичүүд нь Ходавиагийн хөвгүүдээс, Иешуа ба Кадмиелын хөвгүүд далан дөрөв. 41 Дуучид нь Асафын хөвгүүд зуун хорин найм, 42 Хаалгачдын хөвгүүд нь Шаллумын хөвгүүд, Атерын хөвгүүд, Талмоны хөвгүүд, Аккубын хөвгүүд, Хатитагийн хөвгүүд, Шобаин хөвгүүд, бүгд зуун гучин ес. 43 Сүмийн үйлчлэгчид нь Цихагийн хөвгүүд, Хасуфагийн хөвгүүд, Таббаотын хөвгүүд, 44 Керосын хөвгүүд, Сиахагийн хөвгүүд, Падоны хөвгүүд, 45 Лебанагийн хөвгүүд, Хагабагийн хөвгүүд, Аккубын хөвгүүд, 46 Хагабын хөвгүүд, Шалмаин хөвгүүд, Хананы хөвгүүд, 47 Гидделийн хөвгүүд, Гахарын хөвгүүд, Реаиагийн хөвгүүд, 48 Резиний хөвгүүд, Некодагийн хөвгүүд, Газзамын хөвгүүд, 49 Уззагийн хөвгүүд, Пасеагийн хөвгүүд, Бесаин хөвгүүд, 50 Аснагийн хөвгүүд, Меунимийн хөвгүүд, Нефисимийн хөвгүүд, 51 Бакбукийн хөвгүүд, Хакуфагийн хөвгүүд, Хархурын хөвгүүд, 52 Базлутын хөвгүүд, Мехидагийн хөвгүүд, Харшагийн хөвгүүд, 53 Баркосын хөвгүүд, Сисерагийн хөвгүүд, Темагийн хөвгүүд, 54 Незиагийн хөвгүүд, Хатифагийн хөвгүүд юм. 55 Соломоны зарц нарын хөвгүүд нь Сотаин хөвгүүд, Хассоферетын хөвгүүд, Перудагийн хөвгүүд, 56 Иаалагийн хөвгүүд, Дарконы хөвгүүд, Гидделийн хөвгүүд, 57 Шефатиагийн хөвгүүд, Хаттилын хөвгүүд, Похерет-хаззебаимын хөвгүүд, Амигийн хөвгүүд юм. 58 Сүмийн бүх үйлчлэгчид ба Соломоны зарц нарын хөвгүүд нь гурван зуун ерэн хоёр байв. 59 Эдгээр нь Тел-мела, Тел-харша, Херуб, Аддан болон Иммерээс ирсэн хүмүүс юм. Гэвч тэд Израилийнх мөн эсэхээ, өөрсдийн үр удмаа, өөрсдийн эцгүүдийн бүлүүдийн тухай баталгаагаа гаргаж эс чадав. Үүнд: 60 Делаиагийн хөвгүүд, Тобиан хөвгүүд, Некодагийн хөвгүүд зургаан зуун тавин хоёр. 61 Тахилч нарын хөвгүүдээс Хабаиагийн хөвгүүд, Хаккозын хөвгүүд, гилеад хүн Барзиллаин охидоос эхнэр авч тэдний нэрээр нэрлэгдэх болсон Барзиллаин хөвгүүд. 62 Тэдгээр хүмүүс өөрсдийн угсаа гарлын тэмдэглэлээс байршлаа хайсан боловч олоогүй аж. Тиймээс тэд бузар хэмээн тооцогдож, тахилчлалаас хасагдав. 63 Тэгээд Урим ба Туммимтэй тахилч босож зогсохоос нааш тэд хамгийн ариун зүйлсээс идэж болохгүйг захирагч тэдэнд хэлэв. 64 Бүх чуулганд дөчин хоёр мянга гурван зуун жаран хүн тоолуулсан юм. 65 Энэ нь тэдний долоон мянга гурван зуун гучин долоон эрэгтэй, эмэгтэй зарц нараас гадна байсан бөгөөд тэдэнд хоёр зуун эрэгтэй, эмэгтэй дуучид байв. 66 Тэдний морьд нь долоон зуун гучин зургаа, луус нь хоёр зуун дөчин тав, 67 тэмээд нь дөрвөн зуун гучин тав, илжигнүүд нь зургаан мянга долоон зуун хорь байв. 68 Тэднийг Иерусалим дахь ЭЗЭНий өргөөнд ирцгээхэд, зарим эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд Бурханы өргөөнд зориулан түүнийг суурин дээр нь сэргээхийн тулд сайн дураараа өргөцгөөв. 69 Тэд өөрсдийн чадлаараа ажлын санд жаран нэгэн мянган алтан драхма, таван мянган мөнгөн мина, тахилчийн зуун хувцас өгөв. 70 Тэгээд тахилч нар болон левичүүд, ард түмнээс зарим нь, дуучид, хаалгачид болон сүмийн үйлчлэгчид өөрсдийн хотуудад суусан бөгөөд бүх израильчууд өөрсдийн хотуудад амьдарцгаав.
1 Долдугаар сар болоход Израилийн хөвгүүдийг хотуудад байсан үед ард түмэн бүгд нэг хүн мэт Иерусалимд цуглацгаав. 2 Тэгэхэд Иозадакийн хүү Иешуа ба түүний ах дүү тахилч нар болон Шеалтиелын хүү Зеруббабел ба түүний ах дүү нар босож, Бурханы хүн Мосегийн хуульд бичигдсэнчлэн шатаалт тахилыг дээр нь өргөхийн тулд Израилийн Бурханы тахилын ширээг босгов. 3 Тэд нутгийн хүмүүсээс болж айж байсан учраас тахилын ширээг суурин дээр нь байрлуулаад түүн дээрээ ЭЗЭНд шатаалт тахилуудыг өглөө, орой өргөв. 4 Тэд Майхан Баярыг бичигдсэн ёсоор тэмдэглэн, өдөр бүрийн тогтоосон тооны шатаалт тахилыг өдөр бүр шаардагдах хэмжээгээр зааврын дагуу өргөв. 5 Үүний дараа байнгын шатаалт тахилыг өргөж, мөн шинэ сар ба ариусгагдсан ЭЗЭНий тогтоосон бүх баяруудад зориулан өргөсөнд ЭЗЭНд сайн дурын өргөл өргөсөн хүн бүр үүнийг үйлдэв. 6 Долдугаар сарын эхний өдрөөс тэд ЭЗЭНд шатаалт тахилыг өргөж эхэлсэн боловч ЭЗЭНий сүмийн суурь нь тавигдаагүй байлаа. 7 Дараа нь тэд чулуучид, мужаануудад мөнгө өгч, Персийн хаан Корешийн тэдэнд олгосон зөвшөөрлөөр Ливанаас хуш моддыг Иоппа дахь далай уруу авчруулахаар идээ, ундаа, тосыг сидончууд болон тирчүүдэд өгөв. 8 Иерусалим дахь Бурханы өргөөнд ирснийхээ хоёр дахь жилийн хоёрдугаар сард Шеалтиелын хүү Зеруббабел, Иозадакийн хүү Иешуа болон тэдний бусад ах дүү тахилч нар ба левичүүд, олзлогдогсдоос Иерусалимд ирцгээсэн бүх хүмүүс ажлыг эхэлсэн бөгөөд ЭЗЭНий өргөөний ажлыг хянуулахаар хориос дээш насны левичүүдийг томилов. 9 Тэгээд Иешуа өөрийн хөвгүүд болон ах дүү нарынхаа хамт Кадмиел болон түүний хөвгүүд, Иудагийн хөвгүүд, Хенададын хөвгүүд өөрсдийнхөө хөвгүүдтэй болон ах дүү левичүүдтэй хамт нэгдэн Бурханы сүм дэх ажилчдыг хянахаар зогсоцгоов. 10 Барилгачид ЭЗЭНий сүмийн суурийг тавимагц, Израилийн хаан Давидын зааварласанчлан ЭЗЭНийг магтахаар тахилч нар нөмөргөө өмсөн бүрээтэйгээ, левичүүд, Асафын хөвгүүд цан барин зогсоцгоов. 11 Тэд ЭЗЭНийг магтан, талархал өргөн, —Тэр бол сайн. Түүний хайр энэрэл нь Израиль дээр мөнхөд байдаг гэж дуулцгаав. ЭЗЭНий өргөөний суурь тавигдсан тул бүх хүмүүс ЭЗЭНийг магтахдаа чанга дуугаар хашхирцгаав. 12 Гэсэн хэдий ч олон хүмүүсийг баярлан шуугиж байхад тахилч нар, левичүүд болон эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдийн олонх нь анхны сүмийг үзсэн хөгшин хүмүүс өөрсдийнх нь нүдний өмнө энэ өргөөний суурь тавигдсанд чанга дуугаар уйлцгаав. 13 Хүмүүс чанга дуугаар шуугиж, чимээ нь алсад сонсогдож байсан учир хүмүүс баяр хөөрийн шуугианаас хүмүүсийн уйлах дууг ялгаж чадахгүй байв.
1 Цөллөгөөс ирсэн хүмүүс Израилийн Бурхан ЭЗЭНд сүм барьж байгааг Иуда, Бениамины дайснууд сонсоод, 2 Зеруббабел болон эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдэд хандан, —Бид та нартай хамт барилцъя. Учир нь бид та нартай адил танай Бурханыг хайдаг. Биднийг энд авчирсан Ассирийн хаан Есархаддоны өдрүүдээс хойш бид Түүнд тахил өргөсөөр байв гэв. 3 Гэвч Зеруббабел, Иешуа болон Израилийн эцгүүдийн бүлүүдийн бусад тэргүүнүүд тэдэнд —Манай Бурханд өргөө барилцахад та нарт бидэнтэй адил зүйл юу ч байхгүй! Харин Персийн хаан Корешийн бидэнд тушаасан ёсоор Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан бид өөрсдөө босгох болно гэв. 4 Тэгэхэд тэр газрын ард түмэн Иудагийн хүмүүсийн урмыг нь мохоож, цаашид барихад нь тэднийг айлгаад, 5 Персийн Кореш хааны бүх өдрүүдэд Персийн Дариус хааны хаанчлах хүртэл тэдний зөвлөлийг нураалгахаар тэдний эсрэг зөвлөгчдийг хөлсөлжээ. 6 Ахашверошийн хаанчлалын үед, түүний хаанчлалын эхэнд тэд Иерусалим ба Иудагийн оршин суугчдын эсрэг буруушаах бичгийг бичив. 7 Артаксерксын өдрүүдэд Бишлам, Митредат, Табеел болон түүний бусад хамтрагчид нь Персийн Артаксеркс хаанд захидал бичсэн бөгөөд уг захидлын эх бичиг нь арамей хэлээр бичигдэж арамейгаас орчуулагдсан болно. 8 Захирагч Рехум болон гүүш Шимшаи нар Артаксеркс хаанд Иерусалимын эсрэг дараах захидлыг бичив. 9 Захирагч Рехум, гүүш Шимшаи болон тэдний бусад хамтрагчид, шүүгчид, бага тушаалын захирагчид, албан хаагчид, нарийн бичгийн дарга нар, Ерехийн хүмүүс, вавилончууд, Сусын хүмүүс болох еламчууд, 10 аугаа, хүндэт Оснаппарын хөөсөн, Самарийн хот хийгээд Евфрат мөрний тэртээх бусад мужуудад суурьшуулсан бусад үндэстнүүд бичив. 11 Энэ бол тэдний түүнд илгээсэн захианы хуулбар юм. "Артаксеркс Хаанд: Евфрат мөрний тэртээх мужийн хүмүүс бол таны зарц нар юм. 12 Эдүгээ танаас ирсэн иудейчүүд бидэн уруу Иерусалимд ирсэн юм. Тэд тэрслүү, хорон муу хотыг дахин босгож, хэрмийг нь барьж дуусган, суурийг нь засаж буйг хаан мэдтүгэй! 13 Хэрэв тэр хотыг дахин босгож, хэрмүүдийг нь барьж дуусгах юм бол тэд алба гувчуур, гааль, татварыг төлөхгүй бөгөөд энэ нь хаадын орлогод хохирол учруулна гэдгийг хаан мэдтүгэй! 14 Бид ордонд үйлчилдэг учир бидний хувьд хааны доромжлогдохыг үзэх нь үл зохих бөгөөд тиймээс бид үүнийг илгээж, хаанд мэдээллээ. 15 Энэ нь таны эцэг өвгөдийн бичлэгийн номуудад судалгаа явуулахын тулд юм. Тэгээд та бичлэгийн номуудаас тэр хот тэрслүү бөгөөд хаан болон мужуудад хохирол учруулагчид, мөн тэд өнгөрсөн өдрүүдэд тэр хотод бослого өдөөж байсан гэдгийг мэдэх болно. Тиймээс тэр хот эзгүй хоосон болсон. 16 Хэрэв тэр хот дахин босгогдож, хэрмүүд нь баригдаж дуусвал, үр дүнд нь та Евфрат мөрний тэртээх мужид ямар ч эзэмшилгүй болно гэдгийг бид хаанд мэдээлж байна" гэв. 17 Тэгэхэд захирагч Рехум, гүүш Шимшаи болон Самари, Евфрат мөрний тэртээх мужийн бусад нутгуудаар амьдрагч тэдний бусад хамтрагчдад хаан хариу илгээж "Амар тайван болтугай! 18 Та нарын бидэнд илгээсэн баримт бичиг орчуулагдаж, надад уншуулсан болой. 19 Би зарлиг гарган, судалгаа хийсэнд, тэр хот өнгөрсөн өдрүүдэд хаадын эсрэг босож байсан бөгөөд энэ хотод үймээн бослого болж байсан гэдгийг олж мэдлээ. 20 Мөн хүчирхэг хаад Евфрат мөрний тэртээх бүх мужуудыг захиран Иерусалимыг удирдаж, өөрсөддөө алба гувчуур, гааль ба татвар төлүүлж байсныг олж мэдэв. 21 Тиймээс одоо тэдгээр хүмүүсийг ажлаа зогсоож, намайг зарлиг гаргатал тэр хотыг дахин босгож болохгүй хэмээн тушаа. 22 Энэ хэргийг гүйцэтгэхдээ хайнга хандахаас болгоомжил. Хаадад хор хохирол учруулахыг ихэсгэх хэрэг юу байна вэ?" хэмээжээ. 23 Тэгээд Артаксеркс хааны баримт бичгийн хуулбарыг Рехум, гүүш Шимшаи болон тэдний хамтрагчдын өмнө уншмагц, тэд Иерусалим уруу иудейчүүд уруу яаран очиж, тэднийг зэвсгийн хүчээр зогсоов. 24 Тэгээд Иерусалим дахь Бурханы өргөөний ажил зогслоо. Энэ нь Персийн хаан Дариусын хаанчлалын хоёр дахь жил хүртэл зогсов.
1 Эш үзүүлэгчид болон эш үзүүлэгч Хаггаи, Иддогийн хүү Зехариа нар Иуда болон Иерусалим дахь иудейчүүдэд тэдний дээр орших Израилийн Бурханы нэрээр эш үзүүлцгээсэнд 2 Шеалтиелын хүү Зеруббабел, Иозадакийн хүү Иешуа нар босоцгоон, Иерусалим дахь Бурханы өргөөг дахин барьж эхлэв. Бурханы эш үзүүлэгчид тэднийг дэмжин тэдэнтэй хамт байцгаав. 3 Тэр үед Евфрат мөрний тэртээх мужийн захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон тэдний хамтрагчид ирж, —Хэн та нарт энэ сүмийг дахин барьж, энэ барилгыг гүйцээж дуусгах зарлиг өгсөн юм бэ? гэцгээв. 4 Тэгэхэд бид тэр дагуу тэдэнд уг барилгыг дахин босгож байсан хүмүүсийн нэрсийг хэлэв. 5 Гэвч тэдний Бурханы мэлмий иудейчүүдийн ахмадууд дээр байсан бөгөөд Дариус хаанд мэдээлэл очиж, үүний тухай бичгээр хариу иртэл тэд тэднийг зогсоосонгүй. 6 Энэ бол Евфрат мөрний тэртээх мужийн захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон Евфрат мөрний тэртээд байсан түүний хамтрагчид болох албан хаагчдаас Дариус хаанд илгээсэн захидлын хуулбар юм. 7 Тэд түүнд дараах зүйлийг бичсэн мэдээллийг илгээжээ. "Дариус хаанд, бүх амар амгаланг айлтгая. 8 Бид Иуда мужид, агуу Бурханы өргөө уруу очсон ба түүнийг том чулуугаар барьж, хэрмүүдийг нь дүнзээр босгож буй бөгөөд энэ ажлыг маш болгоомжтой явуулж байгаа болон тэдний гарт амжилттай явагдаж байгаа гэдгийг хаан мэдтүгэй! 9 Тэгээд бид тэдгээр ахмадуудаас нь асууж, тэдэнд «Хэн та нарт энэ сүмийг дахин барьж, энэ барилгыг гүйцээн дуусгах зарлиг өгсөн юм бэ?» гэж хэлэв. 10 Бид мөн танд мэдэгдэж, тэднийг тэргүүлж буй хүмүүсийн нэрсийг бичиж авахын тулд тэднээс нэрсийг нь асуув. 11 Тэд бидэнд ийн хариулав. «Бид бол тэнгэр, газрын Бурханы зарц нар бөгөөд Израилийн агуу хааны босгож гүйцээсэн, олон жилийн өмнө баригдсан сүмийг дахин барьж байна. 12 Гэвч бидний эцэг өвгөд тэнгэрийн Бурханы уур хилэнг өдөөсөн учир Тэр тэднийг Халдеи болох Вавилоны хаан Небухаднезарын гарт өгсөн ба тэр энэ сүмийг сүйтгэж, ард түмнийг Вавилон уруу хөөсөн юм. 13 Харин Вавилоны хаан Корешийн эхний жилд Бурханы энэ өргөөг дахин барих зарлигийг Кореш хаан гаргасан билээ. 14 Мөн Небухаднезарын Иерусалим дахь сүмээс авч Вавилоны сүмд аваачсан, Бурханы өргөөний алтан, мөнгөн сав суулгуудыг Кореш хаан Вавилоны сүмээс авч, өөрөө захирагчаар томилсон Шешбазар хэмээгч нэгэнд тэдгээрийг өгсөн болно. 15 Тэр түүнд "Эдгээр сав суулгуудыг авч, яваад Иерусалим дахь сүмд хадгалуулан, Бурханы өргөөг байранд нь дахин бариул!" гэсэн. 16 Тэгээд Шешбазар ирж, Иерусалимд Бурханы өргөөний суурийг тавив. Тэр үеэс эхлэн одоог хүртэл энэ нь баригдсаар байгаа бөгөөд хараахан дуусаагүй байна». 17 Одоо, хэрэв үүнийг хаан таалбал, Вавилон дахь хааны эрдэнэсийн санд судалгаа явуулж, Иерусалим дахь Бурханы энэ өргөөг дахин бариулахаар Кореш хаанаас гаргасан зарлиг байгаа эсэхийг хайж үзээд, энэ асуудлын талаар хаан өөрийн шийдвэрээ бидэнд илгээгтүн" хэмээв.
1 Тэгэхэд Дариус хаан зарлиг гаргаж, Вавилон дахь эрдэнэсийг хадгалдаг архивд эрэл хийгдэв. 2 Медийн муж дахь цайзад, Екбатанад нэгэн хуйлмал бичиг олдсон бөгөөд дотор нь дараах зүйлийг бичсэн байв. "Тэмдэглэл: 3 Кореш хааны эхний жилд Кореш хаан зарлиг гаргажээ. «Иерусалим дахь Бурханы өргөөний тухайд гэвэл, тахилуудыг өргөдөг газар болох сүмийг дахин босгож, түүний суурийг тавигтун! Түүний өндөр нь жаран тохой, өргөн нь жаран тохой бөгөөд 4 том чулуугаар гурван давхар, дүнзээр нэг давхар өрж баригтун! Зардлыг нь хааны эрдэнэсийн сангаас төл! 5 Мөн Небухаднезарын Иерусалим дахь сүмээс авч, Вавилон уруу аваачсан, Бурханы сүмийн алтан, мөнгөн сав суулгуудыг Иерусалим дахь сүмд байсан газарт нь буцааж, Бурханы өргөөнд тавь». 6 Тиймээс одоо Евфрат мөрний тэртээх мужийн захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон та нарын хамтрагчид болох Евфрат мөрний тэртээх мужуудын албан хаагчид тэндээс хол байцгаа! 7 Бурханы өргөөний энэ ажлыг зөнд нь орхи. Иудейчүүдийн захирагч ба иудейчүүдийн ахмадууд Бурханы энэ өргөөг буйран дээр нь барьцгааг. 8 Түүнээс гадна, Бурханы энэ өргөөг дахин барих ажилд Иудагийн эдгээр ахмадуудын төлөө та нарын юу хийх талаарх зарлигийг би гаргаж байна. Тэдгээр хүмүүст бүрэн зардлыг нь Евфрат мөрний тэртээх мужуудын татваруудаас бүрдсэн хааны сангаас хойшлуулалгүйгээр төлөх ёстой. 9 Тэнгэрийн Бурханд өргөх шатаалт тахилд зориулан залуу бухнууд, хуцнууд ба хургууд, мөн улаан буудай, давс, дарс болон тосолгооны тос, алив хэрэгтэй бүхнийг Иерусалим дахь тахилч нарын хүссэнээр тэдэнд өдөр бүр саадгүйгээр өгч бай. 10 Энэ нь тэд тэнгэрийн Бурханд тааламжит тахилыг өргөн, хаан болон түүний хөвгүүдийн амийн төлөө залбирахын тулд юм. 11 Хэн нэгэн хүн энэ зарлигийг зөрчвөл үүнийх нь төлөө түүний байшингаас нь гуалинг сугалан авч, тэр хүнийг дээр нь хадаж, байшинг нь хаягдлын овоо болгогтун хэмээсэн зарлигийг би гаргав. 12 Иерусалим дахь Бурханы энэ өргөөг устгах ч юм уу, өөрчлөх гэж оролдсон аливаа хаан, эсвэл ард түмнийг Өөрийн нэрийг энд оршоосон Бурхан устгах болтугай. Дариус би энэхүү зарлигийг гаргав. Энэхүү зарлигийг бүрэн чармайлттайгаар гүйцэтгэгтүн!". 13 Тийнхүү Евфрат мөрний тэртээх мужийн захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон тэдний хамтрагчид Дариус хааны илгээсэнчлэн, зарлигийг бүрэн чармайлттайгаар гүйцэтгэв. 14 Эш үзүүлэгч Хаггаи ба Иддогийн хүү Зехариагийн эш үзүүлснээр иудейчүүдийн ахмадууд барих үйлдээ амжилттай байв. Тэгээд тэд Израилийн Бурханы тушаал ба Кореш, Дариус болон Персийн хаан Артаксерксын зарлигийн дагуу барьж дуусгав. 15 Энэ сүм нь Адар сарын гуравны өдөр баригдаж гүйцжээ. Энэ нь Дариус хааны хаанчлалын зургадугаар жил байв. 16 Израилийн хөвгүүд, тахилч нар, левичүүд болон цөллөгөөс ирсэн бусад хүмүүс Бурханы энэ өргөөний зориулалтыг баяр хөөртэйгөөр тэмдэглэв. 17 Тэд Бурханы энэ сүмийн зориулалтанд зуун бух, хоёр зуун хуц, дөрвөн зуун хурга, мөн бүх Израилийн нүглийн төлөөх тахилд Израилийн овгуудын тоотой адил арван хоёр ухныг өргөв. 18 Тэгээд тэд Иерусалим дахь Бурханы үйлчлэлийн төлөө тахилч нарыг тэдний бүлгүүдэд нь, левичүүдийг тэдний дэс дараагаар нь Мосегийн номд бичигдсэн ёсоор томилов. 19 Цөлөгдөгсөд нэгдүгээр сарын арван дөрвөнд Дээгүүр Өнгөрөх баярыг сахив. 20 Тахилч нар болон левичүүд хамтдаа өөрсдийгөө цэвэршүүлэв. Тэд бүгд цэвэр байв. Тэгээд тэд бүх цөлөгдөгсдөд, өөрсдийн ах дүү тахилч нарт болон өөрсөддөө зориулан Дээгүүр Өнгөрөх баярын хургыг төхөөрөв. 21 Цөллөгөөс буцаж ирсэн Израилийн хөвгүүд ба Израилийн Бурхан ЭЗЭНийг хайхын тулд тэдэнтэй нийлэхээр тэр газрын үндэстнүүдийн бузраас өөрсдийгөө тусгаарласан бүх хүмүүс Дээгүүр Өнгөрөх баярын зоог барилцав. 22 ЭЗЭН тэднийг баяр хөөртэй болгож, Израилийн Бурхан болох Бурханы өргөөний ажлыг дэмжүүлэхээр Ассирийн хааны зүрхийг тэдний зүг эргүүлсэн тул тэд Исгээгүй Талхны Баярыг долоо хоног баяр хөөртэйгөөр тэмдэглэв.
1 Эдгээр явдлын дараа, Персийн хаан Артаксерксын хаанчлалын үед Езра гарч ирэв. Езра нь Сераиагийн хүү, Сериа нь Азариагийн хүү, Азариа нь Хилкиагийн хүү, 2 Хилкиа нь Шаллумын хүү, Шаллум нь Задокийн хүү, Задок нь Ахитубын хүү, 3 Ахитуб нь Амариагийн хүү, Амариа нь Азариагийн хүү, Азариа нь Мераиотын хүү, 4 Мераиот нь Зерахиагийн хүү, Зехариа нь Уззийн хүү, Уззи нь Буккийн хүү, 5 Букки нь Абишуагийн хүү, Абишуа нь Финехасын хүү, Финехас нь Елеазарын хүү, Елеазар нь ахлах тахилч Аароны хүү байв. 6 Энэ Езра бол Вавилоноос ирсэн ба Израилийн Бурхан ЭЗЭНий өгсөн Мосегийн хуульд мэргэшсэн гүүш байв. Түүний Бурхан ЭЗЭНий мутар түүний дээр байсан учир хаан түүний хүссэн бүхнийг түүнд соёрхжээ. 7 Израилийн хөвгүүдийн зарим нь, тахилч нарын зарим нь, левичүүд, дуучид, дааман хаалганы сахиулууд, сүмийн үйлчлэгчид Артаксеркс хааны долоо дахь онд Иерусалим уруу явцгаав. 8 Тэрээр хааны долоо дахь жилийн тавдугаар сард Иерусалимд ирэв. 9 Тэрээр нэгдүгээр сарын нэгэнд Вавилоноос гарч эхлээд, түүний Бурханы сайн мутар түүний дээр байсан учир тавдугаар сарын нэгэнд Иерусалимд иржээ. 10 Учир нь Езра ЭЗЭНий хуулийг сурч, түүнийг хэрэгжүүлэхэд, Израильд Түүний дүрэм, зарлигуудыг заахад зүрхээ зориулсан юм. 11 ЭЗЭНий тушаалуудын үгс ба Түүний Израильд өгсөн тогтоолд суралцсан гүүш, тахилч Езрад өгсөн хаан Артаксерксын зарлигийн хуулбар нь энэ юм. 12 "Хаадын хаан Артаксерксээс тэнгэрийн Бурханы хуулийн гүүш, тахилч Езрад: Төгс амгалан болтугай! Одоо 13 Миний хаанчлалд буй, Иерусалим уруу явахыг хүсэж байгаа Израилийн ямар ч хүн, тэдний тахилч нар болон левичүүд чамтай хамт явж болно хэмээн би зарлиг гаргав. 14 Чи өөрийн гарт буй, Бурханыхаа хуулийн дагуу Иерусалим болон Иудагийн талаар асуухаар хаан ба түүний долоон зөвлөгчөөс томилогдон, илгээгдэж буй болохоор, 15 бас Иерусалимд оршихуй нь буй Израилийн Бурханд хаан болон түүний зөвлөх нарын сайн дураар өргөсөн мөнгө, алтыг, 16 Вавилоны бүхий л мужаас олдох бүх мөнгө хийгээд алтны хамт Иерусалим дахь Бурханы өргөөнд зориулан сайн дураар өргөсөн тахилч нар болон ард түмний сайн дурын өргөлийг авч явах учраас 17 энэ мөнгөөр чи бухнууд, хуцууд болон хургануудыг хичээнгүйлэн худалдан авч, тэднийг идээн өргөл болон ундаан өргөлтэй нь хамт Иерусалим дахь Бурханыхаа өргөөний тахилын ширээн дээр өргө! 18 Чамд болон ах дүү нарт чинь үлдсэн алт, мөнгөөр юу нь сайн хэмээн санагдана, чи Бурханыхаа хүслийн дагуу хийгтүн! 19 Бас чиний Бурханы өргөөний үйчлэлд зориулан чамд өгсөн сав суулгыг Иерусалимын Бурханы өмнө бүрэн бүтнээр нь хүргэ! 20 Бурханы өргөөний төлөө үлдсэн хэрэгцээг хангах хэрэг чамд гарвал тэдгээрийг хааны эрдэнэсийн сангаас ханга! 21 Хаан Артаксеркс би өөрөө Евфрат мөрний тэртээх мужуудын бүх жасын нярав нарт зарлиг гаргаж байна. Тэнгэрийн Бурханы хуулийн гүүш, тахилч Езра та нараас юу хүснэ, тэр нь чанд гүйцэтгэгдэх ёстой. 22 Зуун мөнгөн талант, зуун кор улаан буудай, зуун бат дарс, зуун бат тос, мөн давсыг хэрэгтэй хэмжээгээр өг! 23 Тэнгэрийн Бурхан юуг тушаасан, тэр нь хаан болон хааны хөвгүүдийн хаанчлалын эсрэг хилэн төрүүлэхгүйн тулд тэнгэрийн Бурханы өргөөнд зориулан хичээл зүтгэлтэйгээр үйлдэгдэг. 24 Мөн тахилч нар, левичүүд, дуучид, хаалгачид, Нетиним, эсвэл Бурханы өргөөний зарц нарын хэнд ч татвар, алба гувчуур, хураамж ноогдуулахыг зөвшөөрөхгүй гэдгээ бид та нарт мэдэгдэж байна. 25 Езра, чи өөрийн гарт буй Бурханыхаа мэргэн ухааны дагуу Евфрат мөрний тэртээх мужийн бүх ард түмнийг болон чиний Бурханы хуулиудыг мэддэг ард түмнийг ч хүртэл шүүх шүүгчдийг болон түшмэдийг томил. Мэдэхгүй аливаа хүнд зааж өг. 26 Чиний Бурханы хуулийг болон хааны хуулийг үл сахигч хэн боловч алах, эсвэл цөлөх, эсвэл эд хөрөнгийг нь хураах, эсвэл шоронд хорих ч бай, тэр хүн хатуу яллагдаг". 27 Иерусалим дахь ЭЗЭНий өргөөг чимэглэхээр энэ мэт зүйлийг хааны зүрхэнд оруулсан бидний эцэг дээдсийн Бурхан, ЭЗЭН магтагдах болтугай. 28 Учир нь Тэр хаан болон хааны зөвлөхүүдийн өмнө, хааны бүх хүчирхэг ноёдын өмнө над уруу хайр энэрлээ сунгасан. Ийнхүү миний дээрх миний Бурхан ЭЗЭНий мутраар би хүчирхэгжиж, Израилийн удирдах хүмүүсийг өөртэйгөө хамт явуулахаар би цуглуулав.
1 Энэ бол хаан Артаксерксын хаанчлалын үед надтай хамт Вавилоноос явсан хүмүүсийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд ба тэдний угийн бичгийн бүртгэл юм. 2 Финехасын хөвгүүдээс Гершом, Итамарын хөвгүүдээс Даниел, Давидын хөвгүүдээс Хаттуш, 3 Парошийн хөвгүүдийнх болох Шеканиагийн хөвгүүдээс Зехариа болон түүнтэй хамт угийн бичгийн жагсаалтанд буй зуун тавин эрчүүд, 4 Пахат-моабын хөвгүүдээс Зерахиагийн хүү Елиехоенаи болон түүнтэй хамт хоёр зуун эрчүүд, 5 Шеканиагийн хөвгүүдээс Иахазиелын хүү болон түүнтэй хамт гурван зуун эрчүүд, 6 Адины хөвгүүдээс Ионатаны хүү Ебед болон түүнтэй хамт тавин эрчүүд, 7 Еламын хөвгүүдээс Аталиагийн хүү Иешаиа болон түүнтэй хамт далан эрчүүд, 8 Шефатиагийн хөвгүүдээс Михаелын хүү Зебадиа болон түүнтэй хамт наян эрчүүд, 9 Иоабын хөвгүүдээс Иехиелийн хүү Обадиа болон түүнтэй хамт хоёр зуун арван найман эрчүүд, 10 Шеломитын хөвгүүдээс Иосифиагийн хүү болон түүнтэй хамт зуун жаран эрчүүд, 11 Бебаин хөвгүүдээс Бебаин хүү Зехариа болон түүнтэй хамт хорин найман эрчүүд, 12 Азгадын хөвгүүдээс Хаккатаны хүү Иоханан болон түүнтэй хамт зуун арван эрчүүд, 13 Адоникамын хөвгүүдээс сүүлчийн хүмүүс буюу тэдний нэрс гэвэл, Елифелет, Иеуел ба Шемаиа болон тэдэнтэй хамт жаран эрчүүд, 14 Бигваин хөвгүүдээс Утаи ба Заббуд болон тэдэнтэй хамт далан эрчүүд болой. 15 Би тэднийг Ахава уруу урсдаг гол дээр цуглуулж, тэнд бид гурав хоногийн турш буудаллав. Би хүмүүсийг болон тахилч нарыг ажиглаж байхдаа тэндээс нэг ч Леви хүнийг олоогүй. 16 Тэгээд би Елиезер, Ариел, Шемаиа, Елнатан, Иариб, Елнатан, Натан, Зехариа ба Мешуллам хэмээх удирдах хүмүүсийг болон Иоиариб, Елнатан хэмээх багш нарыг дуудуулахаар хүмүүсийг илгээв. 17 Би тэднийг Касифиа газрын удирдах хүн Иддо уруу илгээв. Бидний Бурханы өргөөний төлөө бидэн уруу үйлчлэгчдийг авчрахын тулд Иддо болон Касифиа газар дахь сүмийн үйлчлэгчид болох түүний ах дүү нарт юу хэлэхийг нь би тэдэнд зааж өгөв. 18 Бидний дээрх Бурханы сайн мутрын дагуу тэд бидэнд нэгэн билиг ухаантай хүн болох Шеребиа болон түүний хөвгүүд, ах дүү нар арван найман хүнийг авчрав. Шеребиа нь Израилийн хүү Левийн хүү Махлийн хөвгүүдээс гаралтай юм. 19 Хашабиа болон Мерарийн хөвгүүдээс Иешаиа, өөрийн ах дүү нар болон тэдний хөвгүүдтэй хамт хорин хүн. 20 Мөн левичүүдэд үйлчлүүлэхээр Давид ба ноёдын өгсөн сүмийн үйлчлэгчдээс хоёр зуун хорин хүн буюу бүгд нэр нэрээрээ тэмдэглэгдсэн юм. 21 Тэгээд Түүнээс өөрсдийнхөө төлөө болон багачууд, бүх эд хөрөнгөнийхөө төлөө аюулгүй аян замыг гуйхын тулд Бурханыхаа өмнө өөрсдийгөө даруу болгохоор би тэнд Ахава голын дэргэд мацаг барилтыг зарлав. 22 Учир нь замд учрах дайснаас хамгаалуулахын тулд цэрэг ба морьтонгуудыг хаанаас гуйхаас би ичсэн юм. Яагаад гэвэл бид хаанд "Бидний Бурханы мутар Өөрийг нь эрж буй бүхэнд ээлтэй ханддаг боловч, Түүний хүч чадал, уур хилэн нь Өөрийг нь орхидог бүхний эсрэг байдаг" гэж хэлсэн юм. 23 Тиймээс бид мацаг барьж, энэ асуудлын тухайд Бурханаа эрэлхийлсэн бөгөөд Тэр бидний гуйлтыг сонсов. 24 Тэгээд би арван хоёр удирдах тахилч нар болох Шеребиа, Хашабиа болон тэдний хамт ах дүү нараас нь арвыг тусгаарлаж, 25 хаан болон түүний зөвлөхүүд, түүний ноёд болон тэнд байсан бүх израильчуудын манай Бурханы өргөөний төлөө өргөсөн мөнгө, алт, сав суулгууд өргөлүүдийг би тэдэнд жинлэж өгөв. 26 Ийнхүү би тэдний гарт зургаан зуун тавин талант мөнгө, зуун талантын үнэтэй мөнгөн сав суулгууд, зуун алтан талант, 27 мянган дарикийн үнэтэй хорин алтан хул, алт мэт үнэтэй гялалзсан хоёр хүрэл савыг жинлэж өгөв. 28 Тэгээд би тэдэнд —Та нар ЭЗЭНд ариун. Сав суулгууд ч ариун. Эдгээр мөнгө, алт нь та нарын эцэг дээдсийн Бурхан ЭЗЭНд сайн дураар өргөсөн өргөл билээ. 29 ЭЗЭНий өргөөний өрөөнүүдэд, Иерусалим дахь Израилийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд, левичүүд болон удирдах тахилч нарын өмнө жинлэж өгтлөө тэднийг харж хадгал гэв. 30 Тэгээд жинлэж өгсөн мөнгө, алт ба сав суулгуудыг Иерусалим уруу бидний Бурханы өргөөнд авчрахаар тахилч нар болон левичүүд хүлээн авцгаав. 31 Дараа нь бид Ахава голоос Иерусалим уруу явахаар нэгдүгээр сарын арван хоёронд гарлаа. Манай Бурханы мутар бидний дээр байсан бөгөөд Тэр биднийг замын дагуух отолтууд болон дайсны гараас гэтэлгэв. 32 Ийнхүү бид Иерусалимд ирж, тэнд гурав хоног байлаа. 33 Тэгээд дөрөв дэх өдөр нь мөнгө, алт ба сав суулгуудыг бидний Бурханы өргөөнд тахилч Уриагийн хүү Меремотын гарт жинлэж өгөв. Түүнтэй хамт Финехасын хүү Елеазар байсан бөгөөд тэдэнтэй хамт левичүүд болох Иешуагийн хүү Иозабад ба Биннуин хүү Ноадиа нар байв. 34 Бүх зүйлсийг дугаарлаж, жинлэж, мөн бүх жин хэмжээг нь тэр үед тэмдэглэж авсан юм. 35 Олзноос ирсэн цөлөгдөгсөд Израилийн Бурханд шатаалт тахилуудыг өргөв. Бүх Израилийн төлөө арван хоёр бух, ерэн зургаан хуц, далан долоон хурга, нүглийн төлөөх тахилын арван хоёр ухна энэ бүгдийг ЭЗЭНд шатаалт тахил болгон өргөв. 36 Тэгээд тэд Евфрат мөрний тэртээх мужуудын захирагчид ба хааны засаг ноёдод хааны зарлигийг уламжилсан бөгөөд тэд хүмүүсийг болон Бурханы өргөөг тэтгэн туслав.
1 Эдгээр явдлууд өнгөрсний дараа ноёд надад хандан, хэлрүүн —Израилийн ард түмэн, тахилч нар болон левичүүд нь энэ нутгийн хүмүүс болох канаанчууд, хитчүүд, перизчүүд, иебусчууд, аммончууд, моабчууд, египетчүүд ба аморичуудаас тэдний жигшилт байдлын дагуу өөрсдийгөө тусгаарласангүй. 2 Учир нь тэд өөрсөддөө болон хөвгүүддээ тэдний охидын заримыг нь эхнэр болгон авч, ариун үндэстэн тэр газрын ард түмнүүдтэй холилдсон юм. Үнэндээ ноёд, захирагчдын гар энэхүү итгэлгүй байдалд хамгийн түрүүнд оролцсон гэв. 3 Энэ явдлын тухай би сонсоод өөрийн хувцас, нөмрөгөө урж, толгой, сахлынхаа үсийг зулгаан, балмагдан суув. 4 Тэгэхэд цөлөгдөгсдийн үнэнч бус байдлын улмаас Израилийн Бурханы үгсээс айн сүрдсэн хүн бүр над дээр цугларч, би оройн тахил хүртэл балмагдсан хэвээр суув. 5 Гэвч оройн тахилын үед би өнөө уранхай хувцас, нөмрөгтэйгөө өөрийн дорд байдлаас босож, өвдөг сөхрөн унаж, өөрийн Бурхан ЭЗЭНд гараа сунгав. 6 Тэгээд би —Өө, Бурхан минь! Би Тан уруу нүүрээ өргөхөөс ичин зовж байна, Бурхан минь. Учир нь бидний хууль бус явдал бидний толгойгоос давж, бидний гэм буруу тэнгэрт тултлаа өсжээ. 7 Бидний эцэг дээдсийн өдрүүдээс энэ өдрийг хүртэл бид үлэмж буруутай байсаар, бидний гэм нүглийн улмаас бид болон манай хаад, тахилч нар дэлхийн хаадын гарт, сэлмэнд, олзонд, мөн дээрэм тонуул болон илт гутамшигт өнөөдрийнх шиг өгөгдсөн билээ. 8 Гэвч одоо богинохон хугацаанд бидний Бурхан ЭЗЭН нигүүлслээ бидэнд үзүүлж зугтсан үлдэгсдийг орхин, Өөрийн ариун газарт гадас өгсөн. Ингэснээр бидний Бурхан бидний нүдийг гэгээрүүлэн, боолчлолд байхад маань багахан сэргэлтийг соёрхох юм. 9 Бид бол боол хэдий ч биднийг боолчлолд байхад бидний Бурхан биднийг орхисонгүй, харин ч бидний Бурханы өргөөг босгон, түүний нурангийг сэргээн, бидэнд Иуда болон Иерусалимд хэрмийг өгөхийн тулд биднийг дахин сэргээхээр Персийн хаадын өмнө бидэн уруу хайр энэрлээ сунгав. 10 Одоо, Бурхан минь, үүний дараа бид юу хэлэх вэ? Учир нь бид Таны тушаалуудыг орхисон. 11 Та тэдгээрийг Өөрийн эш үзүүлэгчид болох зарц нараар дамжуулан ийн тушаасан. "Та нарын эзэмшихээр орж ирж буй газар нь энэ газруудын хүмүүсийн бузар байдлаар бузартсан газар юм. Тэд энэ газрыг жигшүүрт зүйлсээрээ болон бузар байдлаараа нэг захаас нөгөө захыг хүртэл дүүргэсэн. 12 Тиймээс одоо охидоо тэдний хөвгүүдэд бүү өг, тэдний охидыг ч хөвгүүддээ бүү ав! Та нар хүчирхэг байж, газрын шимээр хооллож, үүнийг үр хүүхдүүддээ өв болгон үүрд үлдээхийн тулд тэдний амар амгаланг, эсвэл сайн сайхан байдлыг нь хэзээ ч бүү эр!" гэсэн билээ. 13 Бидний бузар муу үйлс хийгээд асар их гэм буруугийн улмаас бидний дээр ирсэн бүхний дараа бидний Бурхан Та биднийг бидний хууль бус үйлд хавьгүй хөнгөн шийтгэж, бидэнд энэ мэт зугтсан үлдэгсдийг өгснөөс хойш 14 бид дахин Таны тушаалуудыг зөрчиж, эдгээр жигшүүрт зүйлсийг үйлдэгч ард түмнүүдтэй ураг төрөл болно гэж үү? Биднийг устгах хүртлээ үлдэгсэд ч үгүй, зугтах хүн ч үгүй болтол нь Та бидэнд битгий хилэгнээч. 15 Өө, Израилийн Бурхан ЭЗЭН, Та бол зөв шударга. Учир нь энэ өдөр байгаа шиг Та биднийг мэнд үлдээв. Харагтун, Таны өмнө бид гэм буруутай. Учир нь хэн ч үүний улмаас Таны өмнө зогсож чадахгүй гэв.
1 Езраг залбирч, нүглээ наминчлан уйлж, Бурханы өргөөний өмнө сунан мөргөж байхад, түүн уруу Израилиас асар их чуулган буюу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд мөн хүүхдүүд цугларцгаав. Учир нь хүмүүс гашуунаар уйлцгааж байв. 2 Еламын хөвгүүдийн нэг Иехиелийн хүү Шеканиа Езрад —Бид Бурхандаа итгэлгүй хандаж, энэ газрын ард түмнүүдээс харь эмэгтэйчүүдтэй гэрлэсэн. Гэсэн хэдий ч одоо энэ бүхнээс үл хамаарч Израильд найдвар байна. 3 Тиймээс одоо Эзэн болон бидний Бурханы хуулиас сүрддэг хүмүүсийн зөвлөгөөний дагуу бүх эхнэрүүдээ болон тэдний хүүхдүүдийг явуулахаар Бурхантайгаа гэрээ хийцгээе. Энэ нь хуулийн дагуу хийгдэг! 4 Босогтун! Учир нь энэ хэрэг бол таны хариуцлага боловч бид тантай хамт байна. Зоригтой байж, үйлдэгтүн! гэв. 5 Тэгэхэд Езра босож, удирдах тахилч нар, левичүүд болон бүх израильчуудыг энэ саналын дагуу үйлдэнэ хэмээн тангараг өргүүлэв. Тийнхүү тэд тангараг өргөв. 6 Тэгээд Езра Бурханы өргөөний өмнөөс босож, Елиашибын хүү Иехохананы танхимд оров. Тэр хэдийгээр тийш очсон боловч цөлөгдөгсдийн итгэлгүй байдлын улмаас гашуудаж байсан тул талх ч идсэнгүй, ус ч уусангүй. 7 Тэд бүх цөлөгдөгсдөд Иерусалимд цуглах ёстой гэж Иуда ба Иерусалим даяар зарласан бөгөөд 8 гурав хоногийн дотор ирээгүй хэнийг ч болов удирдагчид ба ахмадуудын зөвлөгөөний дагуу бүх хөрөнгийг нь хурааж, түүнийг өөрийг нь цөлөгдөгсдийн чуулганаас хөөхөөр болов. 9 Ингээд Иуда болон Бениамины бүх эрчүүд гурав хоногийн дотор Иерусалимд цуглав. Энэ бол есдүгээр сарын хорин байсан бөгөөд бүх хүмүүс уг үйл явдлаас болон ширүүн бороо орсноос болж чичирсээр Бурханы өргөөний өмнөх задгай талбайд сууцгаав. 10 Тэгээд тахилч Езра босож, тэдэнд —Та нар итгэлгүй байж, Израилийн гэм бурууг нэмэгдүүлэн харь эхнэрүүд авчээ. 11 Тиймээс одоо эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд нүглээ наминчилж, Түүний хүслийг хий. Өөрсдийгөө энэ газрын ард түмнүүдээс болон харь эхнэрүүдээсээ тусгаарла гэж хэлэв. 12 Тэгтэл бүх чуулган чанга дуугаар хариулан —Энэ зөв! Таны хэлсэнчлэн, энэ нь бидний гүйцэтгэх ёстой үүрэг. 13 Гэвч олон хүмүүс байна, мөн одоо борооны улирал тул бид задгай газар зогсоод байж чадахгүй нь. Энэ даалгавар ч нэг юм уу, хоёр өдрийн дотор биелэгдэж чадахгүй. Учир нь бид энэ хэрэгт ихээр тэрсэлжээ. 14 Манай удирдагчид бүх чуулганыг төлөөлж, манай хотуудад харь эхнэр авсан бүх хүмүүс тогтсон цагт хот бүрийн ахмадууд болон шүүгчидтэй хамт ирцгээг. Энэ хэргийн улмаас бидний Бурханы догшин уур хилэн биднээс зайлуулагдах хүртэл ингэг гэв. 15 Зөвхөн Асахелын хүү Ионатан, Тиквагийн хүү Иахзеиа нар үүнийг эсэргүүцэхэд, Мешуллам ба леви хүн Шаббетаи нар тэднийг дэмжив. 16 Гэвч цөлөгдөгсөд түүнчлэн үйлдэцгээв. Тэгээд тахилч Езра тэдний эцгүүдийн бүлүүд бүрийн төлөө эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид болох хүмүүсийг бүгдийг нэрээр нь сонгов. Тэгээд аравдугаар сарын эхний өдөр тэр хэргийг нарийвчлан үзэхээр тэд цуглав. 17 Тэд нэгдүгээр сарын эхний өдөр гэхэд харь эхнэр авсан бүх хүмүүсийг нарийвчлан тогтоож дуусжээ. 18 Харь эхнэр авсан тахилч нарын хөвгүүдийн дотор Иозадакийн хүү Иешуагийн хөвгүүдээс болон түүний ах дүү нараас Маасеиа, Елиезер, Иариб, Гедалиа нар байв. 19 Тэд эхнэрүүдээ зайлуулахыг амласан бөгөөд гэмтэй учир гэмийнхээ төлөө хонин сүргээс хуцыг тахилд өргөв. 20 Иммерийн хөвгүүдээс Ханани, Зебадиа, 21 Харимын хөвгүүдээс Маасеиа, Елиа, Шемаиа, Иехиел болон Уззиа, 22 Пашхурын хөвгүүдээс Елиоенаи, Маасеиа, Ишмаел, Нетанел, Иозабад болон Еласа нар байв. 23 Левичүүдээс Иозабад, Шимеи, Келаиа (тэр нь Келита), Петахиа, Иуда болон Елиезер нар байв. 24 Дуучдаас Елиашиб байв. Хаалгачдаас Шаллум, Телем болон Ури нар байв. 25 Израилиас, Парошийн хөвгүүдээс Рамиа, Иззиа, Малхиа, Миамин, Елеазар, Малхиа болон Бенаиа, 26 Еламын хөвгүүдээс Маттаниа, Зехариа, Иехиел, Абди, Иеремот болон Елиа, 27 Заттугийн хөвгүүдээс Елиоенаи, Елиашиб, Маттаниа, Иеремот, Забад болон Азиза, 28 Бебаин хөвгүүдээс Иеханан, Хананиа, Заббаи болон Атлаи, 29 Банийн хөвгүүдээс Мешуллам, Маллух, Адаиа, Иашуб, Шеал болон Иеремот, 30 Пахат-моабын хөвгүүдээс Адна, Хелал, Бенаиа, Маасеиа, Маттаниа, Безалел, Биннуи, болон Манассе, 31 Харимын хөвгүүдээс Елиезер, Исшиа, Малхиа, Шемаиа, Шимеон, 32 Бениамин, Маллух, Шемариа, 33 Хашумын хөвгүүдээс Маттенаи, Маттатта, Забад, Елифелет, Иеремаи, Манассе болон Шимеи, 34 Банийн хөвгүүдээс Маадаи, Амрам, Уел, 35 Бенаиа, Бедеиа, Хелухи, 36 Ваниа, Меремот, Елиашиб, 37 Маттаниа, Маттенаи, Иаасу, 38 Бани, Биннуи, Шимеи, 39 Шелемиа, Натан, Адаиа, 40 Махнадебаи, Шашаи, Шараи, 41 Азарел, Шелемиа, Шемариа, 42 Шаллум, Амариа болон Иосеф, 43 Небогийн хөвгүүдээс Иеиел, Маттитиа, Забад, Зебина, Иаддаи, Иоел болон Бенаиа нар байв. 44 Эд бүгд харь эхнэрүүд авсан бөгөөд тэдний зарим нь тэдгээрээс хүүхэдтэй байв.