ХАБАККУК

1

1 Эш үзүүлэгч Хабаккукийн үзсэн үзэгдэл. 2 ЭЗЭН, би хэдий болтол тусламж хүсэн дуудаж, Та хэдий болтол сонсохгүй байх юм бэ? Би Тан уруу "Хүчирхийлэл!" хэмээн ориловч, Та аврахгүй юм. 3 Ямар учраас Та надад гэм бурууг үзүүлж, юунд бузар мууг харуулна вэ? Тийм ээ, сүйрэл болон хүчирхийлэл миний өмнө байж, эвдрэлцэл гарч, тэмцэл өрнөж байна. 4 Тиймээс хууль нь үл тоогдож, шударга ёс нь хэзээ ч мөрдөгдсөнгүй. Учир нь бузар муу хүмүүс зөвт хүмүүсийг хүрээлдгээс болж шударга ёс гаждаг юм. 5 Үндэстнүүдийн дунд хар! Ажиглацгаа! Алмайр! Гайхагтун! Учир нь та нар сонссон ч итгэж чадахааргүй нэгэн зүйлийг Би та нарын өдрүүдэд хийж байна. 6 Үзэгтүн. Догшин, шаламгай үндэстэн болох халдеичуудыг Би босгож байна. Тэд өөрийн бус газрыг эзэгнэхээр дэлхийн энгээр жагсан урагшилдаг. 7 Тэд сүрдмээр, аймшигтай ард түмэн. Тэдний шударга ёс болон эрх мэдэл нь өөрсдөөс нь үүссэн билээ. 8 Тэдний хөлгүүд нь ирвэснээс ч хурдан, үдэш гардаг чононуудаас ч гярхай. Тэдний морьтонгууд тэртээх алсаас давхин ирж байна. Тэд залгихаар дайрах бүргэд мэт элин халина. 9 Тэд бүгдээрээ хүчирхийлэхээр ирнэ. Тоо томшгүй тэдний нүүр урагшлах бөгөөд тэд элс мэт олзлогдогсдыг хураана. 10 Тэд хаадыг дооглон, захирагчдаар тоглоом тохуу хийнэ. Тэд бэхлэлт бүрийг шоолон, тэдгээрийг эзлэхээр бул чулуу овоолно. 11 Тэдгээр хүмүүс салхи мэт хийсэж, өнгөрөн одно. Харин өөрсдийн хүч чадлаа өөрсдийн бурхан хэмээн бардамнагч тэд гэм буруутайд тооцогдоно. 12 Миний Ариун Нэгэн, ЭЗЭН, Бурхан минь, Та өнө мөнхөөс байгаагүй гэж үү? Бид үхэхгүй. ЭЗЭН, Та шүүлтийн төлөө тэднийг томилсон билээ. Хад минь, Та засан залруулахын тулд тэднийг тогтоон тавьсан. 13 Таны мэлмий бузар мууг зөвшөөрч чадахааргүй дэндүү ариун юм. Бузар харгис явдлыг Та таашаан харж чадахгүй билээ. Яагаад Та хар санаагаар үйлдэгчдийг таашаан харна вэ? Балмад этгээдүүд өөрсдөөс нь илүү зөв шударга ардыг залгиж байхад юунд Та анир чимээгүй байна вэ? 14 Яагаад Та хүмүүсийг тэнгисийн загас мэт, дээрээ захирагчгүй мөлхөгч амьтад мэт бүтээсэн юм бэ? 15 Халдеичууд тэднийг бүгдийг нь дэгээгээр гохдон татаж, тороороо шүүрдэн барьж, загасчилдаг торондоо тэднийг цуглуулдаг. Тэгээд тэд баярлалдан хөөрч байна. 16 Тийм учраас тэд өөрсдийн торонд тахил өргөж, загасчилдаг торондоо зориулан утлага уугиулдаг. Учир нь эдгээр зүйлсээр тэдний олз омог нь арвин бөгөөд хоол хүнс нь элбэг дэлбэг байдаг юм. 17 Тэд тороо хоослож, үндэстнүүдийг хэлтрүүлэлгүйгээр хядсаар л байх юм гэж үү?

2

1 Би манааныхаа байранд зогсож, бэхлэлтэн дээр байрлан суух болно. Тэрээр надад юу айлдахыг, мөн зэмлүүлсэн үедээ би хэрхэн хариулж болохыг мэдэхийн тулд би ажигласаар байх болно. 2 Тэгтэл ЭЗЭН надад хариулан, "Үзэгдлийг уншсан нэгэн гүйн зугтахын тулд түүнийг тэмдэглэн, хавтангууд дээр сийлэн бич. 3 Учир нь энэ үзэгдэл тогтоогдсон цагийн төлөө өгөгдсөн. Энэ нь биелэл уруугаа яарч буй бөгөөд хөсөрдөхгүй юм. Энэ нь түр саатаж байгаа боловч түүнийг хүлээгтүн. Учир нь энэ нь хоцролгүй заавал ирнэ. 4 Харагтун, бардам нэгний хувьд, доторх сэтгэл нь зөв бус байдаг юм. Харин зөвт хүн итгэлээрээ амьдарна. 5 Үүнээс гадна ихэрхэг хүн дарсанд хууртан, гэр орондоо ч тогтохгүй. Тэрээр Үхэгсдийн орон мэт идэх дур хүслээ ихэсгэж, үхэлтэй адил хэзээ ч ханаж цаддаггүй. Тэр бас бүх үндэстнүүдийг өөртөө цуглуулан, бүх ард түмнийг өөртөө хураана. 6 Тэд бүгдээрээ түүний эсрэг доог тохуу хийсэн дуу дуулж, түүнийг доромжлон, үг цухуйлган, «Өөрийн бус юмыг өсгөж, өөрийгөө зээлээр баяжуулагч нэгэн хөөрхийлөлтэй еэ! Хэдий болтол ингэх гэсэн юм бол?» гэхгүй гэж үү? 7 Чамд зээлдүүлэгч нар гэнэт босож, чамайг сэгсрэгчид сэрэхгүй гэж үү? Үнэхээр чи тэдний олз нь болно. 8 Чи олон үндэстнийг тонон дээрэмдсэн учир тэдгээр ард түмнүүдээс үлдэгсэд бүгд чамайг тонох болно. Энэ нь газар нутаг, суурин болон оршин суугчдад үйлдсэн хүний цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм. 9 Гамшиг сүйрлийн савраас аврагдаж, өндөрт үүрээ засахын тулд гэр орондоо ёс бусын олз ашгийг хураагч хүн хөөрхийлөлтэй еэ! 10 Олон ард түмнүүдийг мөхөлд хүргэснээрээ чи өөрийнхөө гэрт гутамшигт зүйлийг сэджээ. Иймээс чи өөрийнхөө эсрэг нүгэл үйлдэж байна. 11 Үнэхээр хана хэрэмнээс чулуу хашхирч, модон байшингийн яс модод түүнд хариулах болно. 12 Цус урсган хот босгож, хүчирхийллээр суурин байгуулагч хүн хөөрхийлөлтэй еэ! 13 Ард түмнүүд галын төлөө нөр их хөдөлмөрлөн, үндэстнүүд хоосон зүйлийн төлөө эцэж ядрах нь үнэндээ түмэн цэргийн ЭЗЭНээс болж байгаа бус уу? 14 Юу гэвэл далай усаар дүүрэн байдгийн адил дэлхий ЭЗЭНий яруу алдрын мэдлэгээр дүүрэх болно. 15 Нүцгэн биеийг нь харахын тулд хор найруулан, хөршөө согтоогч хүн хөөрхийлөлтэй еэ! 16 Чи хүндэтгэлийн оронд доромжлолоор дүүрэх болно. Одоо чи өөрөө уун, өөрийн нүцгэн биеэ дэлгэгтүн. ЭЗЭНий баруун мутарт буй аяга чам уруу ирж, асар их гутамшиг чиний алдрын дээр буух болно. 17 Ливанд үйлдэгдсэн хүчирхийлэл чамайг эзэмдэн, чиний тэднийг айлгаж байсан араатнуудынх нь сүйрэл чамайг хучих болно. Энэ нь газар нутаг, суурин болон оршин суугчдад үйлдсэн хүний цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм. 18 Шүтээнийг хүн сийлэн бүтээсэн хойно түүний ашиг тус юу вэ? Эсвэл худал хуурмагийг заагч баримал хөргүүдийн ашиг тус юу вэ? Үүнийг хийгч нь ярьж чаддаггүй шүтээнүүдийг урлахдаа гарын бүтээлдээ л итгэн найддаг билээ. 19 Модны тайрдсанд хандан «Сэрээч!» гэж, дүлий чулуунд «Босооч!» хэмээн хэлдэг хүн хөөрхийлөлтэй еэ! Тэдгээр нь чамд багш болж чадна гэж үү? Үзэгтүн, тэд чинь алт, мөнгөөр бүрүүлсэн бөгөөд дотор нь ямар ч амьсгал байдаггүй. 20 Харин ЭЗЭН Өөрийн ариун сүмдээ заларсан байдаг. Бүх дэлхий Түүний өмнө дуугүй байх болтугай".

3

1 Шигионотод нийцүүлсэн эш үзүүлэгч Хабаккукийн залбирал. 2 ЭЗЭН, Таны талаарх мэдээг би сонссон бөгөөд би сүрдэн эмээж байна. ЭЗЭН, Өөрийн үйлсээ энэ үед сэргээж, энэ үед тэдгээрийг мэдүүлээч. Хилэгнэх үедээ өршөөлөө санаач. 3 Бурхан Теманаас морилон ирж, Ариун Нэгэн Паран уулаас заларна. Села Түүний сүр жавхлан тэнгэрүүдийг хучин, дэлхий Түүний магтаалаар дүүрэн байна. 4 Түүний туяа нь нарны гэрэл мэт юм. Түүний мутраас цацрагууд гялбадаг бөгөөд Түүний хүч чадал нууцлагдсан. 5 Түүний өмнө тахал явж, араас нь сүйрэл гамшиг дагадаг. 6 Тэрээр зогсож, газрыг хэмжсэн. Тэрээр харж, үндэстнүүдийг цочоосон. Тийм ээ, мөнхөд байгч уулс нурж, эртний толгод хотойв. Түүний замууд үүрдийнх юм. 7 Кушаны майхнуудыг зовлон нөмөрч, Мидиан газрын майхнуудын хөшгүүд чичирч байхыг би харлаа. 8 Та морьдоо хөлөглөн авралын тэрэгнүүдээрээ ирсэн нь гол мөрнүүдэд уурссандаа, эсвэл тэнгисийн эсрэг хилэгнэсэндээ юм гэж үү? ЭЗЭН гол мөрнүүдийн эсрэг уурлан хилэгнэсэн юм уу? 9 Таны нум татагдаж, цээрлүүлэлтийн саваанууд амлагдан бэлтгэгдсэн. Села Та дэлхийг гол мөрнүүдээр хагалан хуваав. 10 Уулс Таныг хараад доргин чичирч, ширүүн аадар бороо хаман өнгөрлөө. Газрын гүн дуу чимээгээ гаргаж, гараа өндөрт өргөлөө. 11 Нар, сар байрандаа тогтов. Таны сумны гэрэлд, гялалзах жадны тань туяанд тэд зайлан одлоо. 12 Та зэвүүцлээр газар дэлхий дээгүүр алхан явж, уурандаа үндэстнүүдийг дэвсэлнэ. 13 Өөрийн ард түмний аврал болон тослогдсон Нэгэнийхээ авралын төлөө Та гарч ирсэн билээ. Бузар муугийн гэрийн тэргүүнийг Та цохин, гуянаас нь хүзүүг хүртэл нь нүцгэлж орхилоо. Села 14 Үй олны тэргүүлэгчийг Та өөрийнх нь жадаар нэвт хатгасан. Тэд биднийг тараан бутаргахаар шууран ирсэн билээ. Тэдний баясах нь дарлагдсан хүмүүсийг нууцаар цөлмөн залгигчдын баясалтай адил байсан юм. 15 Та Өөрийн морьдоороо далай тэнгисийн дээр, их усны давалгаан дээгүүр дэвсэлнэ. 16 Намайг сонсоход, дотор минь дэлсэж, чимээ шуугианд уруул минь чичирнэ. Ялзрал ясанд минь нэвтэрч, зогсож буй газартаа би салганан чичирнэ. Яагаад гэвэл биднийг түрэмгийлэгч ард түмнийг бостол, гамшигт өдөр ирэх хүртэл би нам гүм хүлээх ёстой. 17 Хэдийгээр инжрийн мод цэцэглэлгүй, усан үзмийн мод үр жимсгүй болж, чидун модны ургац гарахгүй, талбайд ямар ч хүнс ургахгүй байсан ч, мөн хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч, 18 би ЭЗЭНий дотор баясан хөөрч, авралынхаа Бурхан дотор баярлана. 19 Эзэн БУРХАН бол миний хүч чадал. Тэрээр миний хөлийг согооны хөл мэт болгож, намайг өндөр газруудаар минь явуулсан билээ. Найрал дууны удирдагчид, миний утсан хөгжим дээр тоглоход зориулав.