1 Иудагийн хаад болох Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд, Иуда болон Иерусалимын тухай Амозын хүү Исаиагийн үзсэн үзэгдэл. 2 Аяа, тэнгэр минь, сонсогтун. Газар минь, чих тавигтун. ЭЗЭН айлдаж байна. "Миний өсгөж, торниулсан хөвгүүд Миний эсрэг бослоо. 3 Шар өөрийн эзнээ таньдаг. Илжиг ч эзнийхээ тэвшийг таньдаг. Харин Израиль мэддэггүй. Миний хүмүүс ойлгодоггүй". 4 Ээ халаг, нүгэлт үндэстэн, гэмд дарагдсан ард түмэн, хорлогчдын үр удам, ялзарсан хөвгүүд. Тэд ЭЗЭНийг орхилоо. Тэд Израилийн Ариун Нэгэнийг жигшин, Түүнээс гэдрэг эргэлээ. 5 Та нар урваж шарвасаар дахин хаанаа цохиулмаар байна? Толгой нь бүхэлдээ өвчтэй, зүрх нь бүхэлдээ ядруу байна. 6 Хөлийн улнаас толгой хүртлээ эрүүл газар алга. Шахаагүй, боогоогүй, тосоор зөөллөөгүй шарх, сорви, өмхий яр л байна. 7 Та нарын газар эзгүйрч, та нарын хотууд галд шатаж, тариан талбайг чинь та нарын нүүрэн дээр харийнхан залгиж байна. Харийнхнаар устгагдсан хоосрол. 8 Усан үзмийн талбай дахь нуувч, өргөст хэмхний талбай дахь манаачийн овоохой болон бүслэгдсэн хот мэт Сионы охин орхигдов. 9 Хэрэв түмэн цэргийн ЭЗЭН цөөн хүмүүсийг бидэнд амьд үлдээгээгүй бол бид Содомтой адил болж, Гоморратай төстэй байцгаах байсан. 10 Содомын захирагчид аа! ЭЗЭНий үгийг сонсогтун. Гоморрагийн хүмүүс ээ! Бидний Бурханы зааварт чих тавигтун. 11 ЭЗЭН айлдаж байна. "Та нарын олон тахил Надад юу юм бэ? Би хуцын шатаалт тахилд, бордсон үхрийн өөхөнд бүр цадлаа. Надад бух, хурга, ямааны цус ч таалагдсангүй. 12 Та нар Миний өмнө үзэгдэхээр ирэхдээ Миний хашааг дэвслэхийг хэн шаардсан бэ? 13 Зохисгүй өргөлөө цаашид бүү авчрагтун. Утлага чинь Надад жигшүүртэй байна. Шинэ сар, амралтын өдөр, цугларалтын дуудлага болох бузар гэм болон ёслолын чуулганыг Би тэвчиж чадахгүй. 14 Та нарын шинэ сарын баяр, тогтоосон найруудыг Би үзэн ядаж байна. Тэдгээр нь Надад дарамт болж, тэднийг үүрснээс болж Би ядарч байна. 15 Та нар гараа өргөх үед, Би та нараас мэлмийгээ нууна. Тийм ээ, та нар олонтаа залбирсан ч Би сонсохгүй. Та нарын гар цусаар бялджээ. 16 Биесээ угаагтун. Өөрсдийгөө цэвэрлэ. Миний хараанаас бузар муу үйлсээ зайлуул. Нүгэл хийхээ болигтун. 17 Сайныг үйлдэхэд суралц. Шударга ёсыг эр. Хэрцгий догшинийг зэмлэ. Өнчнийг хамгаал. Бэлэвсэнг өмгөөлөгтүн". 18 "Нааш ир. Хамт хэлэлцье" гэж ЭЗЭН айлдаж байна. "Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно. Тэдгээр нь хүрэн улаан боловч ноос шиг болох болно. 19 Хэрэв та нар зөвшөөрч, дуулгавартай дагавал, энэ газрын хамгийн сайныг иднэ. 20 Харин та нар эсэргүүцэж босвол, илдээр цавчигдана" гэж ЭЗЭНий ам айлдаж байна. 21 Итгэмжит хот яаж янхан болсон бэ? Зөв шударгаар дүүрэн, энд үнэн зөв хоноглодог байсан атал, харин одоо алуурчдаар л дүүрчээ. 22 Чиний мөнгө хог болсон. Чиний дарс усаар шингэлэгдсэн. 23 Чиний ноёд бол бослого гаргагчид, хулгайчдын найзууд. Хүн бүр хахуульд дуртай бөгөөд шан харамж хөөцөлддөг. Тэд өнчнийг хамгаалдаггүй, бэлэвсний өргөдлийг хүлээн авдаггүй. 24 Тийм учраас түмэн цэргийн БУРХАН Эзэн, Израилийн Хүчит Нэгэн тунхаглаж байна. "Аяа, Намайг эсэргүүцэгчдээс Би чөлөөлөгдөж, дайснуудаас Өөрийнхөө өшөөг авна. 25 Би бас мутраа чиний эсрэг эргүүлж, чиний хогийг бүхэлд нь шүлтэд хийх мэт цэвэршүүлж, бүх хольцыг чинь зайлуулна. 26 Би танай шүүгчдийг анхных шиг нь, мөн зөвлөхүүдийг чинь эхнийх шиг нь сэргээнэ. Үүний дараа чи шударга хот, итгэлт хот гэж нэрлэгдэнэ". 27 Сион үнэн шударгаар аврагдахад, Түүний гэмшсэн нэгэн зөвт байдлаар аврагдана. 28 Харин гэмт хэрэгтнүүд, нүгэлтнүүд хамтдаа бяцлагдан, ЭЗЭНийг умартагчдад төгсгөл ирнэ. 29 Та нар өөрсдийн хүссэн царснаас болж ичнэ. Та нар өөрсдийн сонгосон цэцэрлэгээс болж гутамшиг болно. 30 Учир нь та нар навчис нь хийсэх царс мэт, ямар ч усгүй цэцэрлэг мэт болно. 31 Хүчтэн нь хуурайшсан мод болж, түүний үйлс нь оч болно. Тэд хоёул хамтдаа шатах бөгөөд түүнийг хэн ч унтраахгүй.
1 Иуда, Иерусалимын талаар үзсэн Амозын хүү Исаиагийн үг. 2 Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон, толгодын дээгүүр өргөгдөнө. Бүх үндэстнүүд түүн уруу цутгана. 3 Олон ард түмнүүд ирээд "Ирцгээ, ЭЗЭНий уул уруу, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд Өөрийн замыг зааж, бид Түүний жимээр алхах юм" гэцгээнэ. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна. 4 Тэр үндэстнүүдийн хоорондохыг шүүж, олон ард түмнүүдэд шийдвэр гаргах болно. Тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөд дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй. 5 Иаковын гэр ээ, ирцгээ. ЭЗЭНий гэрэлд цөмөөрөө алхацгаая. 6 Та Өөрийн ард түмнийг буюу Иаковын гэрийг хаялаа. Юу гэвэл тэд дорны нөлөөг авч, филистчүүд шиг мэрэгч төлөгчдөөр дүүрэн болж, харийнхны хүүхдүүдтэй наймаалцаж байна. 7 Тэдний нутаг мөн алт мөнгөөр бялхаж, тэдний эрдэнэсийн санд эцэс төгсгөл алга. Тэдний нутаг морьдоор дүүрч, тэдний тэрэгнүүд эцэс төгсгөлгүй аж. 8 Тэдний нутаг мөн шүтээнүүдээр дүүрэн, тэд өөрсдийн хуруугаар хийсэн гарынхаа бүтээлийг шүтдэг. 9 Тиймээс хүн номхтгогдож, хүн басамжлагдсан ч гэсэн тэднийг бүү уучил. 10 ЭЗЭНий аймшиг, Түүний жавхлант сүр хүчнээс зугтаж, хавцалд шургаж, шороонд нуугдагтун. 11 Харин тэр өдөр хүний бардам харц басамжлагдаж, хүний ихэмсэг зан номхтгогдож, ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө. 12 Бардам ба ихэмсэг, өргөгдсөн хүн бүрийг басамжлах өдөр түмэн цэргийн ЭЗЭНд бий. 13 Энэ нь Ливаны ихэмсэг, өргөгдсөн бүх Башаны бүх царс болон, 14 бүх ихэмсэг уулс, бүх өргөмжлөгдсөн толгод, 15 аливаа өндөр цамхаг, аливаа бэхлэгдсэн хэрэм, 16 Таршишийн бүх усан онгоц, бүх үзэсгэлэнт гар урлалын эсрэг байх юм. 17 Тэр өдөр хүний бардамнал нь номхтгогдож, хүмүүсийн ихэмсэг зан нь басамжлагдахад, ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө. 18 Шүтээнүүд оргүй алга болно. 19 ЭЗЭН газрыг донсолгохоор босоход, Түүний жавхлант сүр хүч, болон аймшгийн өмнө хүмүүс хадны агуй, газрын гав уруу орно. 20 Тэр өдөр хүмүүс мөргөхөөр өөрсөддөө зориулан бүтээсэн мөнгөн шүтээнүүд болон, алтан шүтээнүүдээ сохор номин, сарьсан багваахайнууд уруу шидэлцгээнэ. 21 Энэ нь ЭЗЭН газрыг донсолгохоор босоход, Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө хүмүүс хадны агуй, хавцлын ан цав уруу орохын тулд ажээ. 22 Хамраараа амьсгалдаг хүнийг хүндлэхээ боль. Учир нь тэр хир үнэтэй юм бэ?
1 Харагтун, Түмэн цэргийн БУРХАН Эзэн хангамж, туслалцааг Иерусалим болон Иудагаас зайлуулах гэж байна. Талхны бүх хангамж, усны бүх хангамж, 2 хүчит эрс болон дайчид, шүүгчид ба эш үзүүлэгч, төлөгч ба ахлагч, 3 тавьтын ахлагч ба хүндэт хүн, зөвлөгч ба уран зураач болон чадварлаг илбэчдийг ч зайлуулна. 4 Би нялх хөвгүүдийг тэдний ноёд болгож, эрх хүүхдүүд тэднийг захирна. 5 Ард олон дарлагдаж, хүн бүр нэг нь нөгөөгөө, хөршөө дарлаж, залуус нь өвгөд уруугаа, захирагдагсад нь хүндэт хүмүүс уруу дайрна. 6 Нэг хүн эцгийнхээ гэрт ахыгаа барьж авч "Чамд нөмрөг бий. Чи бидний захирагч бол. Энэ балгаснууд чиний гар доор орно" гэж хэлэхэд, 7 тэр өдөр өнөөх хүн дуугаа өндөрсгөн "Би эмч болохгүй. Манай гэрт талх ч байхгүй, нөмрөг ч байхгүй. Тийм учраас намайг ард түмний захирагчаар томилох ёсгүй" гэх болно. 8 Юу гэвэл, Иерусалим бүдэрч, Иуда уналаа. Учир нь тэдний хэл болон үйлс нь ЭЗЭНий эсрэг байж, Түүний сүр жавхлант оршихуйн эсрэг босжээ. 9 Тэдний царайны хувирал өөрсдийнх нь эсрэг гэрчилдэг. Тэд Содом шиг өөрсдийн нүглээ далдлалгүй дэлгэн үзүүлдэг. Өөрсдийнхөө дээр бузар мууг авчирсан тэд золгүй еэ! 10 Сайн сайхан яваарай гэж зөв хүмүүст хэлэгтүн. Учир нь тэд өөрсдийнхөө үйлдлийн үр жимсийг идэх болно. 11 Хар санаатан золгүй еэ! Муу муухай нь түүнтэй хамт байг! Яагаад гэвэл тэр гарынхаа хувийг хүртэх болно. 12 Ард түмэн минь! Хүүхдүүд тэднийг дарлаж, эмэгтэйчүүд тэднийг захирдаг. Ард түмэн минь, та нарыг дагуулагчид та нарыг төөрүүлж, замыг чинь будлиулж байна. 13 ЭЗЭН зарга мэдүүлэхээр босож, хүмүүсийг шүүхээр зогслоо. 14 ЭЗЭН Өөрийн ард түмний ахлагчид болон ноёдтой хамт шүүхэд орж байна. "Усан үзмийн талбайг та нар цөлмөсөн. Ядуусаас дээрэмдсэн олз чинь та нарын гэрт бий. 15 Миний ард түмнийг бяцалж, ядуусын нүүрийг нунтаглана гэдэг чинь юу гэсэн үг вэ?" гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна. 16 ЭЗЭН ийнхүү айлдав. "Сионы охид бардам учраас толгойгоо өргөн, өдсөн харцаар ширтэн алхаж, хөлийн бугуйвчаа хүртэл жингэнүүлэн ихэмсгээр алхаж байна. 17 Ийм учраас Эзэн Сионы охидын хуйхыг нь яршуулан зовооно. ЭЗЭН тэдний магнайг нь нүцгэлнэ". 18 Тэр өдөр Эзэн тэдний хөлийн бугуйвч, толгойн зүүлт, саран хэлбэртэй чимэглэл, 19 ээмэг, бугуйвч, гивлүүр, 20 малгай, хөлийн гинж, бүс, сүрчигний хайрцаг, сахиус, 21 хурууны бөгж, хамрын гархи, 22 ёслолын хувцас, гадуур цамц, нөмрөг, мөнгөний түрийвч, 23 толь, дотуур хувцас, алчуур, гивлүүр зэргийг бүгдийг нь авч хаяна. 24 Анхилуун сүрчигний оронд өмхий ус, бүсний оронд олс, гоёмсог зассан үсний оронд үс нь халцарсан хуйх, сайхан хувцасны оронд тааран өмсгөл, гоо сайхны оронд им тамга болно. 25 Танай эрчүүд илдэнд, танай хүчтэнүүд дайнд унана. 26 Түүний дааман хаалганууд гашуудан уйлж, хаягдсан тэрээр газар дээр сууна.
1 Тэр өдөр долоон эмэгтэй нэг хүнээс зууран "Бид өөрсдийнхөө талхыг идэж, өөрсдийнхөө хувцсыг өмсөнө. Зөвхөн биднийг өөрийнхөө нэрээр дуудуулж, бидний зэмлэлийг зайлуулаач" гэж хэлнэ. 2 Тэр өдөр ЭЗЭНий Мөчир үзэсгэлэнтэй, сүр жавхлантай болж, газрын үр жимс Израилийн амьд үлдэгсдийн бахархал, чимэг нь болно. 3 Энэ үед Сионд үлдэж, Иерусалимд хоцорсон хүмүүсийг ариун хэмээн дуудна. Тэд бол Иерусалимд амьд хэмээн тэмдэглэгдсэн хүмүүс юм. 4 Эзэн шүүлтийн сүнс ба шатаагч сүнсээр Сионы охидын бузрыг угааж, Иерусалимын цус урсгалтыг түүний дотроос ариусгасны 5 дараа ЭЗЭН Сион Уулын бүх дэвсгэр болон түүний чуулгануудын дээгүүр өдөр нь үүл, утаа ба шөнө нь дүрэлзсэн галын гэрлийг бүтээх болно. Учир нь бүх сүр жавхлангийн дээгүүр бүрхүүл байх болно. 6 Өдрийн аагим халуунаас сүүдэрлэх бүхээг, шуурга, борооноос хамгаалах хоргодох газар тэнд байх болно.
1 "Би одоо хайртдаа зориулж, Түүний усан үзмийн талбайн тухай хайртынхаа дууг дуулъя. Миний хайрт маш үржил шимтэй гүвээн дээр усан үзмийн талбайтай байсан юм. 2 Тэр эргэн тойрныг нь малтаж, чулуунуудыг нь зайлуулаад, шилмэл усан үзмийг суулгаж, талбайн голд цамхаг босгоод, түүний дотор усан үзмийн шахуурга суулгаж гэнэ. Тэгээд Тэр сайхан усан үзэм гарна гэж хүлээж байтал зэрлэг жимс ургажээ. 3 Одоо Иерусалимын оршин суугчид, Иудагийн эрчүүд ээ! Би болон Миний усан үзмийн талбайн хоорондохыг шүүгтүн! 4 Усан үзмийн талбайдаа Миний хийгээгүй өөр юуг Би хийх ёстой байсан юм бэ? Сайн усан үзэм гарна гэж Би хүлээж байхад яагаад зэрлэг жимс гарсан бэ? 5 Одоо Би Өөрийн усан үзмийн талбайд юу хийх гэж байгаагаа та нарт өгүүлье. Би түүний хайс шивээг авч хаяад, шатаана. Би ханыг нь нурааж талхлагдсан газар болгоно. 6 Би талбайг эзгүйрүүлэн хаяад, тайрч арчлахгүй, зээтүүдэхгүй. Харин өргөст бут, үүргэнэ ургана. Түүн дээр бороо бүү оруул гэж Би үүлэнд тушаана". 7 Яагаад гэвэл түмэн цэргийн ЭЗЭНий усан үзмийн талбай бол Израилийн гэр, Түүний таалан соёрхдог ургамал нь Иудагийн эрчүүд юм. Тэр шударга үнэнийг эрсэн боловч, цус урсгахыг үзэв. Зөвийг эрсэн боловч, зовлонт дууг сонсжээ. 8 Ямар ч зайгүй болтол нь байшин дээр байшин нэмж, талбайг талбайтай нь нийлүүлэгчид гаслантай яа! Та нар газрын дунд ганцаараа амьдрах гэж ингэжээ. 9 Миний чихэнд түмэн цэргийн ЭЗЭН "Үнэхээр, олон байшингууд хоосорч, том сайхан нь хүртэл эзэнгүй болно. 10 Усан үзмийн арван акр газар нэг бат дарс гаргаж, нэг омер үр нь нэг ефа тариа ургуулна" гэж тангараглав. 11 Хатуу архины хойноос хөөцөлдөн өглөө эрт босон, дарсанд цохиултлаа үдэш орой болтол байгчид гаслантай яа! 12 Тэдний найр нь лир, босоо ятга, хэнгэрэг, лимбэ, дарсаар хөгжинө. Гэвч тэд ЭЗЭНий үйлсийг үл анхаарч, Түүний мутрын ажлыг тунгааж бодохгүй. 13 Миний ард түмэнд мэдлэг дутсанаас болж тэд цөлөгдөн, тэдний хүндэт хүмүүс нь өлсөж, олон түмэн нь цангаж зовно. 14 Тиймээс Үхэгсдийн орон хоолойгоо өргөсгөн, амаа хязгааргүй ангайлгав. Иерусалимын сүр жавхлан, олон түмэн, түүний дуу чимээ, хөгжил, баясал тийшээ бууна. 15 Хүн номхтгогдож, хүн басамжлагдана. Бардам хүний нүд ч басамжлагдана. 16 Гэвч түмэн цэргийн ЭЗЭН шүүхээр өргөмжлөгдөж, ариун Бурхан ариун байдлаа үнэн зөв дотор үзүүлнэ. 17 Хурганууд өөрийн бэлчээрт байгаа шиг идээшилж, баячуудын орхисон газарт харийнхан хооллоно. 18 Худал хуурмагийн аргамжаар шударга бус явдлыг авчирж, тэрэгний татлагаар нүглийг татагчид гаслантай яа. 19 "Тэр түргэн хийж, Өөрийн ажлаа яаравчлаг. Бид үзмээр байна. Израилийн Ариун Нэгэний зорилго ойртон өнгөрөх болтугай. Бид мэдмээр байна" гэж өгүүлэгчид гаслантай яа! 20 Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид, харанхуйг гэрэл, гэрлийг харанхуйгаар солигчид, гашууныг амттай, амттайг гашуунаар орлуулагчид гаслантай яа! 21 Өөрийнхөө нүдэнд мэргэн болж, өөрсдийнхөө бодолд ухаалаг байгчид гаслантай яа! 22 Дарс уухдаа баатар, хатуу архи найруулахдаа зоригтой байгчид гаслантай яа! 23 Хахуулиас болж нүгэлтнийг зөвтгөж, шударга хүмүүсийн зөв байдлыг зайлуулагчид гаслантай яа! 24 Тийм учраас галын хэл сүрлийг түймэрдэн, галын дөлд хуйхлагдахын адил, тэдний үндэс нь өмхөрсөн мэт болж, тэдний цэцэг нь тоос шиг хийснэ. Учир нь тэд түмэн цэргийн ЭЗЭНий хуулийг үл тоомсорлон, Израилийн Ариун Нэгэний үгийг үзэн ядсан. 25 Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн Өөрийн ард түмний эсрэг шатаж, тэдний эсрэг мутраа сунгаж, тэднийг цохиж унагав. Уул хөдлөн, тэдний хүүр нь гудамжнуудын голд хог хаягдал мэт хэвтэнэ. Үүгээр Түүний уур хилэн эргэсэнгүй, Тэр мутраа сунгасан хэвээр байна. 26 Тэр бас алс холын үндэстэн уруу туг өргөж, газрын мухраас тэдэн уруу исгэрнэ. Харагтун. Тэд үтэр түргэн ирнэ. 27 Тэдний дотроос хэн ч ядарч бүдрэхгүй, нэг ч хүн дуг хийхгүй, унтахгүй. Тэдний ууцан дахь бүснүүд тайлагдахгүй. Нэг ч хүний гутлын үдээс нь тасрахгүй. 28 Тэдний сум нь хурц, нум нь хөвчилсөн, морьдын туурай нь цахиур мэт, тэрэгний мөөр нь хуй салхи мэт ажээ. 29 Тэдний хүрхрэх нь эм арслан мэт ажээ. Тэд залуу арслангууд шиг архирч, олзоо шүүрэн авахдаа архирдаг. Тэд олзоо аваад явахад, түүнийг нь хэн ч чөлөөлөхгүй. 30 Тэр өдөр далайн түрхрэлт мэт тэд түүнийг нөмрөн хүрхэрнэ. Хэрэв нэгэн хүн газар уруу харвал тэнд харанхуй, уй гашуу болон гэрэл нь хүртэл үүлээр харанхуйлагдсан нь үзэгдэнэ.
1 Уззиа хааны нас барсан жил би Эзэнийг сэнтийн дээр өргөмжлөгдөн, дээдлэгдэн заларч, Түүний нөмрөгийн хормой нь сүмийг дүүргэж байхыг харлаа. 2 Тус бүр зургаан жигүүртэй серафууд Түүний дээд талд зогсоод, хоёр жигүүрээрээ нүүрээ бүтээж, хоёроороо хөлөө хучин, хоёроор нь нисэж байлаа. 3 Нэг нь нөгөөгөө дуудаж —Түмэн цэргийн ЭЗЭН ариун, ариун, ариун. Бүх л газар Түүний алдраар дүүрэн байна гэж байв. 4 Дуудагчийн дуунаар босгоны суурь чичирсэн ба тэгэхэд сүм утаагаар дүүрч байлаа. 5 Тэгээд би —Би сүйрсэн тул надад зовлон ирэг! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь миний нүд түмэн цэргийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв. 6 Тэгэхэд серафуудын нэг нь тахилын ширээнээс бахиар авсан, шатаж байгаа нүүрс гартаа барин над уруу нисэж ирэв. 7 Тэгээд тэр миний аманд хүргэж —Харагтун. Энэ чиний аманд хүрснээр чиний бузар булай авч хаягдаж, чиний нүгэл уучлагдлаа гэв. 8 Дараа нь —Би хэнийг явуулах вэ? Хэн Бидний төлөө явах вэ? гэсэн Эзэний дууг би сонсоод —Би энд байна. Намайг явуулаач гэж хэлэхэд, 9 Тэр —Яв. Ард олонд үүнийг хэлтүгэй! "Сонссоор бай. Гэвч бүү ухамсарла. Үзсээр бай. Гэвч бүү ойлго". 10 Энэ ард олны зүрх сэтгэлийг хатууруулж, чихийг нь дүлий, нүдийг нь сохор болго. Эс бөгөөс тэд нүдээрээ харан, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэж буцна, эдгэрнэ гэв. 11 Дараа нь би —Эзэн минь, хир удах вэ? гэсэнд Тэр хариулан —Хотууд эвдрэн сүйдэж, оршин суугчгүй болж, орон байр эзгүйрч, газар нутаг юу ч үгүй хоосрох хүртэл үргэлжилнэ. 12 ЭЗЭН хүмүүсийг хол аваачин, нутгийн дунд мартагдсан газрууд их болно. 13 Тэнд аравны нэг хувь нь үлдсэн ч, түүнийг улиас, эсвэл царс мод шиг дахин шатаана. Түүнийг унахад хожуул нь үлдэнэ. Ариун үр нь түүний хожуул юм гэв.
1 Иудагийн хаан, Уззиагийн ач, Иотамын хүү Ахазын үед Арамын хаан Резин, Израилийн хаан Ремалиагийн хүү Пека нар Иерусалимын эсрэг дайтахаар явсан боловч, эзлэн авч чадсангүй. 2 "Арамейчууд Ефраимд хуарагнан буулаа" хэмээн Давидын гэрт мэдэгдсэнд Ахаз болон түүний хүмүүсийн зүрх салхинд найгах ойн мод шиг чичрэв. 3 ЭЗЭН Исаиад айлдан —Чи одоо өөрийн хүү Шеар-иашубын хамт гарч яван, дээд цөөрмийн ус түгээгүүрийн эцэс дэх угаалгын газар уруу явдаг төв зам дээр Ахазтай уулзаад, 4 түүнд ингэж хэл! "Болгоомжтой, тайван бай. Уугин буй модны хоёр хожуул болох Резин, Арам болон Ремалиагийн хүүгийн догшин уур хилэнгээс бүү ай, бүү зүрх алд. 5 Учир нь Арам, Ефраим, Ремалиагийн хүү нар чиний эсрэг мууг төлөвлөж, 6 «Иудагийн эсрэг очиж, тэднийг айлган сүрдүүлж, өөрсөддөө хуваан аваад тэдний голд Табеелийн хүүг хаан болгон тавья» гэж хэлэлцэв. 7 Тиймээс Эзэн БУРХАН айлдаж байна. «Ийм юм болохгүй, бүтэхгүй. 8 Учир нь Арамын тэргүүн бол Дамаск, Дамаскийн тэргүүн бол Резин юм. (Жаран таван жилийн дотор Ефраим бутарч, цаашид ард түмэн гэгдэхгүй.) 9 Ефраимын тэргүүн нь Самари бөгөөд Самарийн тэргүүн нь Ремалиагийн хүү юм. Хэрэв чи итгэхгүй бол, чи үнэхээр цаашид тогтохгүй»" гэж хэл гэв. 10 Дараа нь ЭЗЭН Ахазтай дахин ярьж, ийнхүү айлдав. — 11 Өөртөө Бурхан ЭЗЭНээсээ тэмдэг гуйгтун. Үхэгсдийн орон шиг гүн, эсвэл тэнгэр шиг өндөр хүсэлт тавь. 12 Харин Ахаз —Би гуйхгүй, ЭЗЭНийг ч сорихгүй гэжээ. 13 Исаиа —Одоо сонсогтун. Давидын гэр ээ! Хүмүүсийн тэвчээрийг сорих нь чамд багадаад, одоо миний Бурханы тэвчээрийг мөн сорих гэж байна уу? 14 Тийм учраас Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хүүхэдтэй болж, хүү төрүүлээд, Түүнийгээ "Иммануел" гэж нэрлэнэ. 15 Тэр хүү муугаас татгалзаж, сайныг сонгохоо мэдэх үедээ ээдэм болон зөгийн бал иднэ. 16 Учир нь хүүг муугаас татгалзан, сайныг сонгохоо мэдэхээс өмнө чиний айдаг хоёр хааны нутаг нь мартагдах болно. 17 ЭЗЭН Ассирийн хааныг чам дээр, чиний ард түмэн дээр, чиний эцгийн гэр дээр авчрах бөгөөд Ефраим нь Иудагаас тусгаарлагдсан тэр өдрөөс хойш хэзээ ч тийм өдрүүд тохиолдож байгаагүй гэв. 18 Тэр өдөр ЭЗЭН Египетийн голын аманд байгаа ялаа уруу, Ассирийн нутагт байгаа зөгий уруу исгэрнэ. 19 Тэд бүгдээрээ ирж, эзгүй хөндий, хавцал цохионы өнцөг, бүх л үүргэний бут болон бүх устай газрууд дээр сууна. 20 Тэр өдөр Эзэн Евфратын чанадад орших нутгаас хөлсөлж авсан тонгоргоороо толгойн болон хөлийн үсийг хусаж, мөн сахлыг авна. Тэр тонгорог нь Ассирийн хаан юм. 21 Тэр өдөр хүн охин бяруу болон хоёр хонь амьд байлгах болно. 22 Тиймээс сүү элбэг болсноос тэр ээдэм идэх болно. Учир нь нутгийн дунд үлдсэн хүн бүр ээдэм болон зөгийн бал идэх болно. 23 Мянган мөнгөн шекелээр үнэлэгдсэн мянган усан үзмийн ороонго ургаж байсан газар бүрд тэр өдөр өргөст халгай, үүргэний бут ургана. 24 Бүх газар өргөст халгай, үүргэний бутаар дүүрсэн байх учир хүмүүс энд нум сумтайгаа ирэх болно. 25 Хүрзээр боловсруулдаг байсан бүх толгодын хувьд гэвэл, өргөст халгай хийгээд үүргэнээс нь айж та нар тэнд очихгүй. Харин тэр нь үхрийн бэлчээрлэх, хоньдын талхлах газар болно.
1 ЭЗЭН надад айлдсан нь —Том хавтан аваад, дээр нь жирийн үсгээр "Олзонд түргэн, золиосонд хурдан" гэж бичигтүн. 2 Би тахилч Уриа болон Иебехиагийн хүү Зехириа нарыг гэрчлэлийн төлөө итгэмжит гэрч болгон Өөртөө авна гэв. 3 Ингээд би эмэгтэй эш үзүүлэгчид ойртож, тэр жирэмсэлж, хүү төрүүлэв. ЭЗЭН надад —Түүнийг "Махер-шалал-хаш-баз" гэж нэрлэ. 4 Учир нь хүүг "Аав, ээж" гэж хэлж сурахаас өмнө, Дамаскийн эд баялаг, Самарийн олз Ассирийн хааны өмнө аваачигдана гэв. 5 Цааш нь ЭЗЭН надтай дахин ярьж, айлдан — 6 Энэ хүмүүс Шилоахын дөлгөөн урсгалт усыг үл тоомсорлон, Ремалиагийн хүүд болон Резинд баярлаж байна. 7 Ийм учраас одоо үзэгтүн! Эзэн Евфратын хүчит их усыг Ассирийн хаан ба агуу алдар хүндийг нь хүртэл тэдний дээр авчрах гэж байна. Тэр бүх суваг хоолой дээгүүр нь халин, бүх эрэг дээгүүр нь үерлэнэ. 8 Дараа нь тэр Иудагаар дайран үерлэж, хүзүү хоолойнд нь хүртэл тулна. Түүний жигүүр дэлгэгдэхэд, чиний улсаар дүүрнэ. Иммануел ээ! гэв. 9 Эвдрэлцэгтүн, хүмүүс минь! Тарж бутар. Дэлхийн алслагдсан бүх нутгууд аа, чих тавь. Сэлмээ бүслэгтүн. Тарж бутар. Сэлмээ бүслэгтүн. Тарж бутар. 10 Төлөвлөгөө сэдэх боловч тэр нь үл бүтнэ. Санал тавивч энэ нь үл тэснэ. Учир нь Бурхан бидэнтэй хамт байна. 11 Иймээс ЭЗЭН хүчит мутраараа надад айлдан, эдгээр хүмүүсийн замаар явахгүй байхыг намайг сургасан нь — 12 Энэ хүмүүсийн хуйвалдаан гэж үзэж байгаа бүхнийг хуйвалдаан гэж хэлж болохгүй. Тэдний айж байгаа юмнаас бүү ай, бүү түгш. 13 Та нарын ариун хэмээн үзэх ёстой нэгэн бол түмэн цэргийн ЭЗЭН юм. Тэр та нарын айдас байх болно. Тэр та нарын аймшиг байх болно. 14 Дараа нь Тэр ариун газар болно. Гэхдээ Израилийн хоёр гэрийг цохих чулуу, бүдрүүлэх хад, Иерусалимын оршин суугчдын урхи болон занга болно. 15 Олон хүн түүнд бүдэрнэ. Тэгээд тэд унана, хэмхэрнэ. Түүгээр ч барахгүй тэд урхинд орж баригдана. 16 Гэрчлэлийг боож, миний шавь нарын дунд хуулийг битүүмжлэгтүн. 17 Иаковын гэрээс нүүрээ нууж байгаа ЭЗЭНийг би хүлээнэ. Би Түүнийг цөхрөлтгүй хайна. 18 Намайг болон ЭЗЭНий надад өгсөн хүүхдүүдийг үзэгтүн. Бид Сион уулан дээр оршигч түмэн цэргийн ЭЗЭНээс Израильд өгсөн тэмдэг, гайхамшгууд мөн. 19 Тэд та нарт "Шивнэн чалчдаг сүнс дуудагчид болон шидтэнүүдтэй зөвлөлд" гэж хэлэх үед ард түмэн өөрсдийнхөө Бурханаас асуухгүй гэж үү? Амьд хүмүүсийн төлөө үхэгсдээс асуух гэж үү? 20 Хууль хийгээд гэрчлэлд анхаарагтун. Хэрэв тэд энэ үгийн дагуу ярьдаггүй бол тэдэнд гэгээ байхгүй болжээ. 21 Тэд газар нутаг дамжин хавчигдсан ба өлсгөлөн хэрэн тэнэж, өлсөхлөөрөө уурлаж, дээш хараад, хаанаа болон Бурханаа хараана. 22 Дараа нь тэд газар уруу харахад зовлон, харанхуй, уйтгар гунигийн сүүдэр үзэгдэнэ. Тэд харанхуй уруу хөөгдөнө.
1 Зовлонтой байсан газар нутагт дахин харанхуй болохгүй. Урьдын цагт Тэр Зебулун болон Нафталийн нутагт жигшүүрээр хандаж байсан бол дараа нь Харь үндэстнүүдийн Галил, Иорданы нөгөө талд, тэнгисийн хажуугаар сүр жавхлантай болгоно. 2 Харанхуйд алхаж яваа хүмүүс агуу их гэрлийг үзнэ. Харанхуй газарт амьдарч байгаа хүмүүс дээр гэрэл тусна. 3 Та үндэстнийг олшруулан, тэдний баяр хөөрийг нь ихэсгэнэ. Хүмүүс олзоо хуваах үед баярладаг шиг, тэд Таны оршихуйд ургац хураан баярлалдана. 4 Учир нь Мидианы өдрийнх шиг тэднийг дарангуйлагчийн ташуур болох тэднийг дарамтлах буулга, мөрөн дээрх дөнгийг нь Та эвдэнэ. 5 Тулалдаанд цэрэг хүний өмссөн гутал бүрийг, цусанд өнхрүүлсэн хувцас бүхнийг галын түлш мэт шатаана. 6 Учир нь бидний төлөө хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө. Засаглал Түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна. 7 Давидын сэнтий, түүний хаанчлалд шударга ёс, үнэн зөвийг үеийн үед тогтооход, Түүний засаглал болон энх амгалан нь одоогоос үүрд мөнхөд байх болно. Түмэн цэргийн ЭЗЭНий зүтгэл үүнийг хэрэгжүүлнэ. 8 Эзэн Иаковын эсрэг үг илгээв. Энэ нь Израиль дээр буув. 9 Ефраим болон Самарийн оршин суугчид зүрхний бардамнал, их зангаар ийнхүү ярьж байгааг бүх хүмүүс мэддэг. 10 "Тоосгонууд эвдрэн нурсан ч, бид гөлгөр чулуугаар дахин барина. Тошлогийн мод огтлогдсон ч, бид хуш модоор орлуулна". 11 Ийм учраас ЭЗЭН тэдний эсрэг дайснуудыг нь Резинээс өдөөн босгох болно. 12 Дорно зүгээс арамейчууд, баруун зүгээс филистчүүдийг явуулахад тэд амаа ангайлган Израилийг залгина. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна. 13 Учир нь хүмүүс өөрсдийг нь цохьсон Түүн уруу буцаж эргэдэггүй, түмэн цэргийн ЭЗЭНийг эрж хайдаггүй. 14 Тиймээс ЭЗЭН Израилиас толгой, сүүлийг нь тастаж, ганцхан өдөрт далдуу модны иш, мөчрийг нь тас огтолно. 15 Толгой нь өтгөс болон хүндэт хүмүүс, сүүл нь худал хуурмагийг номлодог эш үзүүлэгч юм. 16 Учир нь энэ хүмүүсийн газарчлагчид нь тэднийг төөрүүлж, тэднээр газарчлуулсан хүмүүс нь будлин самуурдаг. 17 Тийм учраас Эзэн тэдний залуусаас ч таашаал авахгүй. Өнчин, бэлэвсэн хүмүүсийг нь ч Тэр өрөвдөхгүй. Учир нь тэд бүгдээрээ бурхангүй ба бурууг үйлдэгчид ажээ. Ам болгон мунхаг зүйл ярьж байна. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна. 18 Учир нь бузар муу явдал нь гал мэт шатаж, үүргэнэ болон өргөст бутыг түймэрддэг. Энэ нь ойн ширэнгийг хүртэл ноцоож, дээшээ утаан багана мэт хөөрнө. 19 Түмэн цэргийн ЭЗЭНий уур хилэнгээр газар хуйхлагдах бөгөөд хүмүүс галын түлш мэт юм. Хэн ч ах дүүгээ хайрлахгүй. 20 Тэд баруун гарт байгаагаа шүүрэн ававч, өлссөн хэвээрээ. Тэд зүүн гарт юу байгаагаа идэвч үл цадна. Хүн бүр өөрийнхөө шууны махнаас иддэг. 21 Манассе Ефраимыг, Ефраим Манассег залгина. Тэд хамтарч Иудагийн эсрэг босно. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.
1 Шударга бус тогтоолыг тогтоож, зөв бус шийдвэр бичигчид нь гаслантай яа! 2 Ингэснээрээ тэд ядуусыг шударга явдлаас зайлуулж, Миний ард түмний үгээгүйчүүдийг үнэн зөвөөс холдуулдаг. Ингэж тэд бэлэвсэн эмэгтэйчүүдийг өөрсдийн олз болгон, өнчин хүүхдүүдийг дээрэмддэг. 3 Алсаас ирэх сүйрэл ба шийтгэлийн өдөр та нар юу хийх юм бэ? Та нар хэн уруу тусламж гуйн зугтах вэ? Мөн өөрсдийнхөө алдрыг хаана орхих вэ? 4 Олзлогсдын дунд бөхийн, алагдсан хүмүүсийн дунд унахаас өөр юу ч үлдэхгүй. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна. 5 Миний уур хилэнгийн таяг болох Ассири гаслантай яа! Гарт буй саваа бол Миний зэвүүцэл юм. 6 Би түүнийг бурхангүй үндэстний эсрэг, Миний уур хилэнг хөдөлгөсөн ард түмний эсрэг явуулж, дээрэмдсэн зүйлийг олзлон, тэднийг гудамжны шавхай шалбааг мэт гишгэчих тушаалыг Би түүнд өгнө. 7 Хэдийгээр тэр ингэж сэтгэхгүй, зүрхэндээ ингэж төлөвлөхгүй боловч, олон үндэстнийг тастчин устгах нь түүний зүрх сэтгэл дэх зорилго юм. 8 Учир нь тэр ингэж хэлж байна. "Миний ноёд бүгдээрээ хаад биш үү? 9 Кално нь Кархемиш шиг, Хамат нь Арпад шиг, Самари нь Дамаск шиг биш үү? 10 Миний мутар нь шүтээнүүдийн хаанчлалуудад хүрсний адил, (тэдний сийлмэл хөргүүд нь Иерусалим болоод Самарийнхаас ч илүү агуу) 11 Би Самари болоод шүтээнүүдэд нь хэрхэн хандсан шигээ Иерусалим болон түүний хөргүүдэд хандах биш үү?" 12 Эзэн Сион уул болон Иерусалимд Өөрийн бүх ажлыг дуусгамагц, "Ассирийн хааны омог бардам зүрхний үрийг болон ихэмсэг байдлынх нь сүр жавхааг Би шийтгэнэ" гэж айлдана. 13 Учир нь тэр "Би өөрийн гарын хүчээр болон мэргэн ухаанаараа үүнийг хийсэн. Учир нь би ухаантай. Би ард түмний хил хязгаарыг шилжүүлэн, тэдний эд баялгийг дээрэмдэн, хүчит хүний адилаар сэнтийнд залрагчдыг түлхэн унагав. 14 Шувууны үүр мэт ард түмний эд баялагт миний гар хүрч, орхигдсон өндгийг цуглуулдаг нэгний адил би бүх газрыг цуглуулан авав. Тэнд жигүүрээ дэвж, хошуугаа нээн, жиргэх нэгэн алга". 15 Сүх, цавчигч хүндээ өөрийгөө сайрхах уу? Эсвэл хөрөө, өөрийг нь ашиглаж байгаа хүнийхээ өмнө өөрийгөө өргөмжлөх үү? Энэ нь өөрөөр нь далайгчийг эзэмших шийдэм, эсвэл өөрийгөө мод биш юм шиг өргөх таягтай адил юм. 16 Тийм учраас түмэн цэргийн БУРХАН Эзэн түүний зоригт дайчид уруу нь доройтуулах өвчнийг явуулж, сүр жавхлангийнх нь доор дүрэлзэх дөл мэт галыг ноцооно. 17 Израилийн гэрэл нь гал, түүний Ариун Нэгэн нь дөл болж, түүний үүргэнэ, өргөст халгайг нь ганцхан өдөрт шатаана. 18 Тэр түүний шигүү ойн сүр жавхлан, үр жимст цэцэрлэг, сэтгэл бие хоёуланг нь устгана. Өвчтэй хүн доройтдогийн адил болно. 19 Түүний ойн моддоос үлдсэн моддын тоо нь хүүхэд бичиж болмоор тун бага байх болно. 20 Тэр өдөр Израилийн үлдэгсэд хийгээд, Иаковын гэрийнхнээс хэлтрэгсэд өөрсдийг нь цохьсон нэгнийг хэзээ ч дахин түшихээ больж, харин ЭЗЭНд, Израилийн Ариун Нэгэнд үнэнээр найдна. 21 Үлдэгсэд, Иаковын үлдэгсэд хүчит Бурхан уруу эргэнэ. 22 Израиль аа, чиний ард түмэн хэдийгээр далайн элс мэт боловч тэдний дундах үлдэгсэд л эргэнэ. Сүйрэл нь тогтоогдсон бөгөөд зөвөөр дүүрэн байна. 23 Учир нь түмэн цэргийн БУРХАН Эзэн тогтоосон сүйрлийг бүх нутгийн голд хэрэгжүүлнэ. 24 Иймд түмэн цэргийн БУРХАН Эзэн ийн айлдав. —Сионд оршдог Миний ард түмэн ээ! Египетийн адилаар та нарыг таягаар цохиж, та нар уруу саваа далайж байгаа Ассириас бүү айгтун. 25 Учир нь тун удахгүй та нарын эсрэг Миний зэвүүцэл дуусгавар болж, Миний уур хилэн тэдний сүйрэл уруу чиглэгдэнэ. 26 Түмэн цэргийн ЭЗЭН Оребын хаданд Мидианыг цохьсон шиг тэднийг ташуурдана. Тэр Египетэд хийсэн шигээ, Өөрийн таягаа далайн дээгүүр сунгана. 27 Тэр өдөр тэдний дарамтыг мөрнөөс чинь, буулгыг нь хүзүүн дээрээс чинь зайлуулна. Таргалснаас болж, буулга нь эвдэрнэ. 28 Тэр Аиатад ирж, Мигроноор дамжин Михмашт нөөцөө хадгална. 29 Тэд давааг даваад "Бид Гебад хоноглох болно" гэв. Рама түгшиж, Саулын Гибеа зугтав. 30 Галлимын охид оо. Бүх дуугаараа чанга хашхирцгаа! Анхаарагтун, Лаиша. Хөөрхийлөлтэй Анатот оо! 31 Мадмена зугтаж, Гебимийн оршин суугчид хоргодох газар хайв. 32 Тэр өнөөдөр Нобт буудаллан, Сионы охины уул, Иерусалимын толгод дээр нударга зангидан заналхийлнэ. 33 Харагтун, түмэн цэргийн БУРХАН Эзэн бүх хүчээрээ модны мөчрийг тас цавчина. Хэмжээгээр өндөр нь цавчигдана, ихэмсэг хүмүүс басамжлагдана. 34 Тэрээр төмөр сүхээр ширэнгэ ойг цавчиж, Хүчит Нэгэний өмнө Ливан унана.
1 Иессийн хожуулаас нахиа гарч, үндэснээс нь мөчир ургаж, жимс гаргана. 2 ЭЗЭНий Сүнс, мэргэн ухаан болон ойлголтын сүнс, зөвлөх болон хүч чадлын сүнс, ЭЗЭНээс эмээхүй болон мэдлэгийн сүнс Түүн дээр оршино. 3 Түүний таалал нь ЭЗЭНээс эмээхүйд оршдог. Тэр Өөрийн нүдэнд үзэгдсэнээр шүүхгүй, чихэндээ сонсогдсоноор шийдвэр гаргахгүй. 4 Гагцхүү үнэн зөвөөр ядуусыг шүүж, газрын зовогсдод зориулан шударга шийдвэр гаргана. Тэрээр амныхаа саваагаар газрыг дэлдэж, уруулынхаа амьсгалаар хилэнцтэнийг ална. 5 Тэр зөвт байдлыг бүсэлхийгээрээ, итгэмжит байдлыг бэлхүүсээрээ бүсэлнэ. 6 Чоно хургатай хамт амьдран, ирвэс ишигтэй хамт хэвтэж, тугалыг залуу арслантай хамтад нь тэжээж, бяцхан хүү тэднийг удирдана. 7 Үнээ болон баавгай бэлчиж, тэдний үр зулзагууд нь хамт хэвтэж, арслан нь үхэр үхэр шиг сүрэл иднэ. 8 Нялх хүүхдүүд наж могойн нүхний дэргэд тоглож, балчир хүүхэд хорт могойн үүрэнд гараа хийнэ. 9 Тэд Миний бүх ариун ууланд хорлохгүй, устгахгүй. Учир нь далай усаар дүүрдэг шиг дэлхий ЭЗЭНий мэдлэгээр бялхана. 10 Тэр өдөр Иессийн үндэс ард түмний туг мэт босож, үүнийг тойрон үндэстнүүд цуглаж, алдар нь Түүний амрах газар болно. 11 Тэр өдөр Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж, Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар, Хамат болон далайн арлуудаас Өөрийн ард түмнээс үлдсэн үлдэгсдийг буцааж авна. 12 Тэр үндэстнүүдийн төлөө тугийг өргөн, газрын дөрвөн зүгээс Израилийн цөлөгдсөн хүмүүс, Иудагийн бутрагсдыг цуглуулна. 13 Ефраимын атаархал арилан, Иудагийн дайснууд тас цохигдоно. Ефраим Иудад атаархахгүй бөгөөд Иуда нь ч Ефраимд дайсагнахгүй. 14 Тэд баруун зүг дэх Филистийн нам дор газрыг довтлон, тэд хамтдаа дорны хөвгүүдийг дээрэмдэж, Едом ба Моаб дээр гараа тавин, Аммоны хөвгүүд тэдний эрхшээлд орно. 15 ЭЗЭН Египетийн далайн хоолойг бүрэн хатааж, халуун салхиараа үлээлгэн Евфратын дээгүүр мутраараа даллан, хүмүүс шаахайгаа тайлахгүйгээр түүнийг гатлах болтол нь долоон хэсэг хуваана. 16 Израильчууд Египетийн нутгаас гарсан өдөрт тохиолдсон мэт Түүний ард түмнээс үлдсэн хүмүүст Ассириас ирэх их зам бий болно.
1 Тэр өдөр чи ингэж хэлэх болно. "ЭЗЭН минь. Би Танд талархал өргөе. Та надад уурласан хэдий ч уураа татаж, намайг тайвшрууллаа. 2 Үзэгтүн, Бурхан бол миний аврал. Би итгэн, айхгүй. ЭЗЭН БУРХАН бол миний хүч ба миний дуу, Тэр миний аврал болов" 3 Тэгээд та нар авралын худгаас баяртайгаар ус татна. 4 Тэр өдөр та нар ингэж хэлэх болно. "ЭЗЭНд талархлыг өргө, Түүний нэрийг дууд. Түүний үйлсийг хүмүүсийн дунд мэдэгд. Түүний нэр өргөмжлөгдсөнийг тэдэнд сануул. 5 Гайхамшигт зүйлсийг хийсэн ЭЗЭНийг магтан дуул. Энэ бүхнийг газар дэлхий даяар мэдүүлэгтүн. 6 Сионд суугчид аа! Чанга дуугаар баясан хашхирагтун. Учир нь та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм".
1 Амозын хүү Исаиагийн үзсэн Вавилоны тухай зөн. 2 Нүцгэн толгодын дээр туг босгож, дуугаа өндөрсгөн, гараа дохиж тэднийг ноёдын хаалга уруу оруул! 3 Би Өөрийн уур хилэнг гүйцэлдүүлэхийн тулд Өөрийн ариусгагдсан нэгэнд тушаал өгсөн. Миний өргөмжлөл дотор баясдаг Өөрийн хүчирхэг дайчдыг дуудав. 4 Олон хүний хөл үймээн мэт уулсын дээрх нүсэр их чимээ шуугиан. Хамтдаа цугларсан үндэстнүүд, хаанчлалуудын үймэлдэх асар их чимээ шуугиан. Түмэн цэргийн ЭЗЭН тулаанд цэргүүдийг цуглуулж байна. 5 Тэд алс холын орноос, тэнгэрийн хязгаараас ирж байна. ЭЗЭН ба Түүний зэвүүцлийн зэвсэг бүх газрыг устгахаар ирж байна. 6 ЭЗЭНий өдөр ойрхон учир уйлагтун. Төгс хүчит Нэгэнээс сүйрэл мэт ирж байна. 7 Түүнээс хүн бүрийн гар нь суларч, зүрх нь хайлна. 8 Тэд айж түгшин, өвчин зовлон тэднийг барина. Тэд төрөх гэж буй эмэгтэй шиг тарчилна. Тэд балмагдан бие биеэ харж, царай нь дүрэлзэн шатна. 9 Үзэгтүн, Газрыг хоосруулж, түүний доторх нүгэлтнүүдийг устгах аймшигтай уур хилэнгээр бадарсан ЭЗЭНий өдөр ирж байна. 10 Тэнгэрийн одод болон одны ордууд гэрлээ өгөхгүй бөгөөд мандах наран харанхуйлж, сар гэрлээ тусгахгүй. 11 Бузар булай явдлынх нь төлөө ертөнцийг, нүглийнх нь төлөө хилэнцтэнийг Би шийтгэнэ. Би ихэмсэг хүмүүсийн дээрэнгүй занг эцэс болгоно. Хэрцгий догшин хүмүүсийн бардам занг басамжлана. 12 Би хүнийг цэвэр алтнаас ч илүү үнэтэй болгон, хүн төрөлхтнийг Офирын алтнаас ховор болгоно. 13 Би тэнгэрийг донсолгоно. Түмэн цэргийн ЭЗЭНий шатаж буй уур хилэнгийн өдөр Түүнийг уурлахад газар байрнаасаа чичрэнэ. 14 Хүн бүр хөөгдсөн бөхөн гөрөөс, эзэнгүй хонь мэт өөрийн хүмүүс уруугаа эргэж, төрөлх нутаг уруугаа зугтана. 15 Олдсон хүн бүрийг жадалж, олзлогдсон бүрийг нь сэлмээр хорооно. 16 Нялхсыг ч өөрсдийнх нь нүдний өмнө хэмх чулуудан, орон байрыг нь тонож, эхнэрүүдийг нь хүчирхийлнэ. 17 Үзэгтүн, Би мөнгийг үл тоогч, алтыг үл таашаагч медечүүдийг тэдний эсрэг хөдөлгөнө. 18 Тэдний нум залуусыг хиаруулан, хэвлийд байгаа үрсийг ч үл өршөөнө. Тэдний нүд хүүхдийг ч энэрэхгүй. 19 Хаанчлалуудын чимэг, халдеичуудын бахархлын алдар болсон Вавилон нь Бурхан Содом, Гоморраг унагасан шиг унана. 20 Үеийн үед хэзээ ч тэнд хүн оршин сууж, амьдрахгүй. Тэнд арабууд майхнаа барихгүй, хоньчид сүргээ хотлуулахгүй. 21 Харин тэнд цөлийн амьтад л хэвтэж, тэдний байшингууд шар шувуугаар дүүрч, тэнд тэмээн хяруул амьдарч, сагсгар ямаанууд тоглоно. 22 Тэдний бэхэлсэн цамхгуудад цөөвөр чоно ульж, баян тансаг харшид нь чононцор үүрлэнэ. Тэр цаг ойрхон, тэр өдөр удахгүй ирнэ.
1 ЭЗЭН Иаковыг өрөвдөн, Израилийг дахин сонгож, тэднийг төрөлх нутагт нь суурьшуулна. Дараа нь харийн хүмүүс тэдэнтэй нийлж, Иаковын гэрт нэгдэнэ. 2 Хүмүүс тэднийг өөрсөдтэйгөө хамт авч, өөрсдийн газарт авчирна. Израилийн гэр тэднийг ЭЗЭНий нутаг дахь өв мэт зарц, шивэгчид болгон эзэмшинэ. Өөрсдийг нь олзлогсдыг тэд олзлон авч, дарлагчдыгаа тэд захирах болно. 3 Тэр өдөр ЭЗЭН зовлон, үймээн самуун, боолчлолын хүнд хүчир албанаас чамайг чөлөөлөн амраахад 4 чи Вавилоны хааны эсрэг ийм шог дуу дуулна. "Дарангуйлагчийн төгсгөл ирэв. Түүний уур хилэн эцэслэв. 5 ЭЗЭН хилэнцтэний таягийг, захирагчдын очирт таягийг хугалжээ. 6 Тэр тасралтгүй цохих уураараа ард түмнүүдийг цохиж, зогсолтгүй мөшгөх хилэнгээрээ үндэстнүүдийг захирав. 7 Бүх газар амарч, анир чимээгүй болж, баяр баясгалангийн уухайг хадаана. 8 Нарснууд ч, Ливаны хуш модод ч хүртэл чамд баярлаж «Чамайг унаснаас хойш биднийг цавчихаар хэн ч ирэхгүй» гэнэ. 9 Доороос Үхэгсдийн орон ч чамайг ирэх үед чинь уулзах гэж хөөрнө. Тэр чамд зориулан үхэгсдийн сүнснүүдийг болон газрын бүх л дээдсийг сэрээн, үндэстнүүдийн бүх хаадыг сэнтийнүүдээс нь босгоно. 10 Тэд бүгд чамд хариулан «Чи ч бидэн шиг сул дорой болсон. Чи бидэнтэй адил болсон. 11 Чиний бүх жавхлан, чиний босоо ятгын дуу Үхэгсдийн оронд доош буулгагдав. Чиний доор өт тархан, хорхойнууд чиний бүтээлэг болно». 12 Аяа, Үүрийн хүү, гялбаат цолмон. Чи яаж тэнгэрээс унав аа? Үндэстнүүдийг дордуулагч чи газарт хаягдлаа! 13 Учир нь чи зүрхэндээ «Би тэнгэр уруу гарна. Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно. Би умардын хамгийн чанадад чуулганы уулан дээр заларна. 14 Би үүлсийн орой дээр гарна. Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн шиг болгоно» гэсэн. 15 Гэвч чи Үхэгсдийн орон уруу, нүхний хамгийн гүнд хүртэл хаягдана. 16 Чамайг үзэгчид гайхан, мэлэрч «Дэлхийг донсолгон, хаанчлалуудыг чичрүүлсэн хүн энэ мөн үү? 17 Ертөнцийг цөл мэт болгон, хотуудыг нь бусниулсан, хоригдлуудаа гэрт нь харихыг үл зөвшөөрсөн хүн энэ үү?» гэцгээнэ. 18 Үндэстнүүдийн бүх хаад алдар дотор өөрийн булшиндаа хэвтэж байна. 19 Харин чи жигшигдсэн гишүү мэт, хөлд гишгэгдэх хүүр мэт, сэлмэнд сийчүүлж, нүхний чулуунууд уруу явах хүмүүсийн бүтээлэг шиг булшнаасаа хаягдав. 20 Чи газар нутгаа сүйтгэж, ард түмнээ устгасан учир тэдэнтэй хамт булшинд нэгдэхгүй. Бузар мууг үйлдэгчдийн үр удам дахин хэзээ ч дурсагдахгүй байх болтугай. 21 Эцгүүдийнх нь буруугаас болж хөвгүүдэд нь цаазын тавцан бэлтгэгтүн. Тэд босож, газрыг эзэмшиж, ертөнцийн гадаргыг хотуудаар дүүргэх ёсгүй". 22 "Би тэдний эсрэг босно" гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. "Мөн Вавилоноос нэрийг нь болон амьд үлдэгсэд, үр удам ба хойч үеийг нь устгана" гэж ЭЗЭН айлдаж байна. 23 "Би түүнийг зарааны эзэмшил, усны намаг болгож, устгагч шүүрээр цэвэрлэнэ" гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. 24 Түмэн цэргийн ЭЗЭН тангараглан, "Үнэхээр Миний бодсон хэрэг биелж, Миний төлөвлөсөн ёсоор үйл бүтнэ. 25 Би Ассирийг Өөрийн нутагт устган, Өөрийн уулан дээр гишгэнэ. Тэгэхэд түүний буулгыг тэднээс авч, дарамтыг нь тэдний мөрнөөс зайлуулна. 26 Энэ бол бүх дэлхийн эсрэг тогтоогдсон төлөвлөгөө. Энэ бол бүх үндэстний эсрэг сунгагдсан мутар юм. 27 Учир нь түмэн цэргийн ЭЗЭНий төлөвлөсөн зүйлийг хэн өөрчилж чадах вэ? Түүний сунгасан мутрыг хэн буцааж чадах вэ?" гэв. 28 Ахаз хааны нас барсан жил энэ зөн ирлээ. 29 "Бүх филистчүүд ээ. Та нарыг жанчигчийн ташуур хугарлаа гэж бүү баярлагтун. Учир нь могойн үндэснээс хорт могой гарч ирэх бөгөөд түүний үр жимс нь нисэгч галт могой юм. 30 Үгээгүй гуйлгачин идэж, ядуус аюулгүй амгалан хэвтэнэ. Би чиний үндсийг өлсгөлөнгөөр үхүүлнэ. Үлдэгсэд чинь ингэж алагдана. 31 Дааман хаалга минь, уйлагтун! Хотууд аа, цурхиран уйл! Филистчүүд ээ, та нар бүгдээрээ сарниж алга бол! Юу гэвэл умардаас утаа ирж байна. Түүний эгнээнд бадарчин алга. 32 Тэгвэл тэр харийн элч нарт яаж хариулах вэ? ЭЗЭН Сионы суурийг тавьсан. Түүний ард түмнээс зовж зүдрэгсэд нь түүний дотор хоргодох байр хайна".
1 Моабын тухай зөн. Моабын Ар шөнөөр устгагдан сүйрсэн байна. Моабын Кир шөнөөр устгагдан сүйрсэн байна. 2 Тэд гашуудан уйлахаар сүм, Дибон уруу, мөргөлийн өндөрлөгүүд уруу гарав. Моаб нь Небо болон Медебагийн төлөө уйлав. Хүн бүрийн толгой нь халзан бөгөөд сахлаа хусжээ. 3 Тэд гудамжинд таар өмсөж, дээвэр дээр болон талбай дээр хүн бүр цурхиран уйлалдаж, нулимс унагана. 4 Хешбон, Елеале мөн уйлж, тэдний дуу Иахаз хүртэлх бүх л замын турш сонсогдоно. Тийм учраас Моабын зэвсэглэсэн эрс чангаар уйлалдан, сэтгэл нь дотроо түгшинэ. 5 Моабын төлөө Миний зүрх хашхирна. Түүний оргодлууд нь Зоар, Еглат-шелишиа хүртэл зугтана. Тэд Лухитийн бэлээр уйлалдан өгсөж, сүйрэл мөхөлдөө гашуудан, Хоронаим уруу одох зам дээр тэдний шаналах уйлаан ихэснэ. 6 Нимримийн ус ширгэн, өвс нь гандаж, нялх ногоо үхэж, ногоон юм юу ч үгүй алга боллоо. 7 Ийм учраас тэд олж, нөөцөлсөн баялгаа Арабимын горхи уруу зөөнө. 8 Тэдний шаналалт дуу Моабын нутгийн эргэн тойронд цуурайтаж, тэдний уйлаан нь Еглаимт, бүр Беер-елимд ч хүрсэн. 9 Учир нь Димоны ус цусаар дүүрэв. Би Димонд уй гашууг нь нэмж, Моабын оргодлууд ба тэр газарт үлдэгсэд дээр арслан авчирна.
1 Селагаас, цөлийн замаар Сионы охины уул хүртэл нутгийн захирагчид хурга явуулагтун. 2 Үүрнээсээ бутран зугтах шувуудын адилаар Моабын охид Арноны гарам дээр байх болно. 3 "Зөвлөгөө өгч, шийдвэр гаргаач. Жин үдээр сүүдэрлэн шөнө мэт болгооч. Цөлөгдсөн хүмүүсийг нууж, оргодлуудыг бүү барьж өгөөч. 4 Моабын цөлөгдөгчдийг өөртэйгөө хамт үлдээгээч. Тэдэнд сүйтгэгчээс нуугдах газар нь болооч". Дарангуйлагчид эцэслэж, сүйрэл зогсож, түрэмгийлэгчид газраас алга болно. 5 Энэрэл хайраар нэгэн сэнтий босгогдож, Давидын майханд шударгаар шүүгч тэнд сууна. Тэр шударга үнэнийг хайж, зөв явдалд алгуурлахгүй. 6 Бид Моабын бардам, хэт бардам, ихэмсэг догшин зангийн тухай сонссон билээ. Түүний хоосон сайрхал нь хуурамч юм. 7 Тийм учраас Моаб уйлна. Моабын хүн бүр уйлна. Чи Кир-харесетын хүйс тэмтрэгдсэн мэт үзмийн боовны төлөө уй гашуу болно. 8 Учир нь Хешбоны талбай, Сибмагийн усан үзэм хатав. Иазер хүрч, цөл хүртэл тархсан нахиа нь сунаж, далайг өнгөрсөн усан үзмийн шилмэл ороонгыг үндэстнүүдийн эзэд дэвслэв. 9 Тийм учраас Би Иазерын төлөө, Сибмагийн усан үзмийн төлөө гашуудан уйлна. Өө, Хешбон оо, Өө Елеале ээ! Чиний зуны үр жимсний дээр хадах уухай, хөсөр унасан ургацын чинь төлөө Би нулимсаараа та нарыг услах болно. 10 Би уухайг нь зогсоосон учир үржил шимт газраас баяр хөөр, наргиан нь алга болов. Усан үзмийн тариалангийн дотор ч баяр хөөртэй дуу чимээ, хашхирах шуугиангүй болж, үзэмчин нь усан үзмийн шахуургаа ч шахахаа болив. 11 Миний зүрх Моабын төлөө, миний дотор Кир-харесетын төлөө босоо ятга мэт дуу гаргаж байна. 12 Өөрийн сүмд залбирахын тулд Моаб өндөр газарт гарч ирэвч, тэр нь ямар ч тус болохгүй. 13 Энэ бол урьд өмнө Моабын талаар айлдсан ЭЗЭНий үг юм. 14 Гэвч одоо ЭЗЭН —Хөлсний жилүүд гэж тооцогдож байсан гурван жилийн дотор Моабын сүр жавхлантай хамт олон хүмүүс нь бүгдээрээ доройтно. Үлдэгсэд нь нэн цөөн бөгөөд сул дорой байх юм гэж айлдаж байна.
1 Дамаскийн тухай зөн. —Үзэгтүн, Дамаск цаашид хот гэгдэхээ больж, эвдэрсэн нуранги болно. 2 Ароерын хотууд нь мартагдаж, мал сүргийн хэвтэр болно. Тэнд хэн ч тэднийг айлгахгүй. 3 Ефраимын бэхлэгдсэн хот, Дамаскийн хэмжээлшгүй эрх мэдэл, Арамын амьд үлдэгсэд үзэгдэхгүй. Тэд Израилийн хөвгүүдийн цог жавхлантай адил болно гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглав. 4 —Тэр өдөр, Иаковын алдар ч буурч, түүний тарган бие туранхай болно. 5 Энэ нь тариачин тариаг хураахтай, Рефаимын хөндийд тариан түрүүг түүхтэй адил байх болно. 6 Чидун жимсний модыг цохиход, хамгийн дээд мөчрийн оройд хоёр гурван чидун, дөрөв таван жимстэй хамгийн сайн мөчир үлддэгийн адил тарианы хэсэг түрүү үлдэнэ гэж Израилийн Бурхан, ЭЗЭН зарлиг болов. 7 Тэр өдөр хүн өөрийн Бүтээгч уруу хандан, нүд нь Израилийн Ариун Нэгэн уруу харна. 8 Тэр өөрийн гарын бүтээл болох тахилын ширээнүүдээ ойшоохгүй, өөрийн хуруугаар үйлдсэн юмс, Ашерагийн модон шон, утлагын тавиур уруу харахгүй. 9 Тэр өдөр тэдний хүчирхэг хотууд нь ойн дундах мартагдсан газар мэт болно. Эсвэл Израилийн хөвгүүдээс болж хаягдсан мөчир мэт болно. Тэнд их хоосрол болно. 10 Учир нь чи өөрийн авралын Бурханаа мартаж, хоргодох газрынхаа хадыг санасангүй. Ийм учраас чи дур булаам ургамлуудыг тарьж, харийн усан үзмийн нахиаг суулгалаа. 11 Тэр өдөр чи тэднийг ургуулахаар өглөө нь суулгавч, найдлагагүй гашуудлын өдөр ургац нь юу ч биш болно. 12 Аяа, олон хүмүүсийн хөл үймээн далайн хүрхрэн шуугих дуу мэт ширүүсэж, үндэстнүүдийн дуу чимээ их усны шуугиан мэт нүргэлж байна. 13 Үндэстнүүдийн дуу их усны шуугиан мэт нүргэлж байна. Харин Тэр тэднийг зэмлэхэд л тэд алс хол зугтаж, салхинд хийссэн уулан дахь хивэг, шуурганд хуйлрах шороо мэт туугдах болно. 14 Үдшийн цагт аллага хядлага болж, өглөө болохоос өмнө тэд алга болно. Энэ бол биднийг дээрэмдэгчдийн хувь, биднийг тоногчдын шавга байх болно.
1 Кушийн голуудын чанад дахь дэрвэх жигүүрийн нутаг аа, харамсагтун. 2 Тэд тэнгисээр, усны мандал дээрх хулсан саванд элч нарыг илгээдэг. Шуурхай элч нар аа! Өндөр нуруутай, зөөлөн арьстай, хол ойрыг айлгасан ард түмэн уруу, гол мөрнөөр хуваагдсан газрын хүчирхэг дарангуйлагч үндэстэн уруу явагтун. 3 Ертөнцийн оршин суугч, газар дээр амьдрагч та бүгд уулсын дээр туг босмогц үзэх болно, бүрээ үлээмэгц сонсох болно. 4 Иймээс "Би Өөрийн орших газраас гэрэл доторх гялалзсан халуун мэт, ургац хураах үеийн аагим халуун шиг, шүүдрийн үүл мэт тайван харж байх болно" гэж ЭЗЭН надад айлдав. 5 Учир нь ургац хураахын өмнө цэцэг дэлгэрч, үзмийн жимс боловсроход, Тэр нахиаг хутгаар тайрч, сэрийсэн мөчрүүдийг тараана. 6 Тэд хамтдаа уулын махчин шувууд, газрын араатнуудын төлөө үлдэнэ. Махчин шувууд зуныг тэдэн дээр өнгөрөөж, газрын араатнууд ургац хураалтын үеийг тэдэн дээр өнгөрүүлнэ. 7 Өндөр нуруутай, зөөлөн арьстай, хол ойрыг айлгасан ард түмнээс, гол мөрнөөр хуваагдсан газрын хүчирхэг дарангуйлагч үндэстнээс түмэн цэргийн ЭЗЭНд бэлэг барина. Үүнийг тэд түмэн цэргийн ЭЗЭНий нэрэмжит газар Сион ууланд авчирна.
1 Египетийн тухай зөн. Үзэгтүн, ЭЗЭН хурдан үүл хөлөглөн, Египет уруу ирж явна. Египетийн шүтээнүүд Түүний өмнө чичирч, египетчүүдийн зүрх нь дотроо хайлав. 2 "Би египетчүүдийг египетчүүдийн эсрэг турхирна. Тэд ах дүүгийнхээ эсрэг, хөршийнхөө эсрэг, хот нь хотын эсрэг, хаанчлал нь хаанчлалын эсрэг байлдах болно. 3 Египетчүүдийн сүнс нь дотроо доройтно. Би тэдний төлөвлөгөөг юу ч үгүй болгоход тэд шүтээн, үхэгсдийн сүнс, сүнс дуудагчид болон шидтэнүүдтэй зөвлөлдөнө. 4 Би египетчүүдийг харгис эзний гарт өгнө. Догшин хаан тэднийг захирна" гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна. 5 Далайн ус ширгэж, голын ус хатаж, хуурай болно. 6 Гол мөрнүүд өмхийрөн, Египетийн сувгууд нарийсан ширгэнэ. Зэгс, хулс нь хувхайрна. 7 Нилийн эргээрх, Нилийн аман дахь өвс ургамал, хагалсан талбай бүгд хатаж, хийсэн алга болно. 8 Загасчид гашуудан, Нил мөрөнд дэгээ хаягсад бүгд уй гашуу болж, усанд тор тавигсад гутрана. 9 Маалинга боловсруулдаг хүмүүс болон нарийн зотон нэхэгчид ичих болно. 10 Түүний баганууд бяцлагдан, хөлсний бүх ажилчид санаа сэтгэлээр унана. 11 Үнэхээр Зоаны ноёд мунхаг хүмүүс болов. Фараоны хамгийн мэргэн зөвлөгчдийн зөвлөгөө ч тэнэг болов. "Би мэргэний хүү, эртний хаадын хүү" гэж чи Фараонд яаж хэлж чадах юм бэ? 12 Тэгвэл танай мэргэн хүмүүс хаана байна? Түмэн цэргийн ЭЗЭН Египетийн эсрэг юу төлөвлөснийг тэд ойлгож мэдээд та нарт хэлэг. 13 Зоаны ноёд мунхаглан үйлдэж, Мемфисийн ноёд хууртагдлаа. Овгуудынх нь булангийн чулуу бологсод Египетийг төөрүүлэв. 14 ЭЗЭН түүний дотор самуурлын сүнсийг хутгалаа. Тэд Египетийн бүх үйлсийг нь согтуу хүн бөөлжсөндөө хутгалдан гуйвдаг шиг төөрөгдөлд оруулав. 15 Толгой болон сүүл, далдуу модны мөчир болон зэгс зэрэг ямар ч ажлыг, юуг ч Египет хийж чадахгүй болно. 16 Тэр өдөр египетчүүд эм хүн шиг болно. Тэд өөрсдийнх нь дээгүүр даллах түмэн цэргийн ЭЗЭНий мутрын хөдөлгөөнөөс айж, чичирнэ. 17 Иудагийн газар Египетийн хувьд аймшиг болно. Тэдний эсрэг төлөвлөж буй түмэн цэргийн ЭЗЭНий зорилгоос болж түүнийг дурссан хүн бүр айдаст автана. 18 Тэр өдөр Египетийн нутгийн таван хот Канааны хэлээр ярьж, түмэн цэргийн ЭЗЭНд тангараг өргөнө. Энэ хотуудын нэг нь Сүйрлийн Хот гэдэг нэртэй. 19 Тэр өдөр Египетийн нутгийн төвд ЭЗЭНд тахилын ширээ засагдах бөгөөд хил хязгаарынх нь дэргэд ЭЗЭНд багана босгогдоно. 20 Энэ нь Египетийн нутагт түмэн цэргийн ЭЗЭНий тэмдэг, гэрч болно. Учир нь тэд дарангуйлагчдаас болж ЭЗЭНд хашхирна. Тэр тэдэнд Аврагч, Хүчит Нэгэнийг илгээнэ. Тэр тэднийг чөлөөлнө. 21 Тэгээд ЭЗЭН Өөрийгөө Египетэд мэдүүлж, тэр өдөр египетчүүд ЭЗЭНийг мэдэх болно. Тэр ч байтугай тэд тахил, өргөл өргөн мөргөж, ЭЗЭНд андгайлан, түүнийгээ биелүүлнэ. 22 ЭЗЭН Египетийг цохино. Цохих боловч эдгээнэ. Иймээс тэд ЭЗЭН уруу эргэвэл, Тэр тэдэнд хариулан, тэднийг эдгээнэ. 23 Тэр өдөр Египетээс Ассири хүрэх их зам бий болж, ассиричууд Египет уруу, египетчүүд Ассири уруу явж, египетчүүд ассиричуудтай хамт мөргөх болно. 24 Тэр өдөр Израиль нь Египет, Ассирийн хамт гуравдахь болж, дэлхийн төв дэх ерөөл болно. 25 Түмэн цэргийн ЭЗЭН тэднийг ерөөж, "Миний ард түмэн болох Египет, Миний мутрын бүтээл болох Ассири, Миний өв залгамжлал болох Израиль ерөөлтэй" гэж айлдав.
1 Ассирийн хаан Саргоны илгээсэн жанжин Ашдодод ирж, Ашдодыг довтлон эзэлсэн жилд, 2 ЭЗЭН Амозын хүү Исаиагаар дамжуулан ярих үед —Явж биеээсээ таараа, хөлөөсөө шаахайгаа тайл гэж айлдсанд, Исаиа тийн үйлдэж шалдан, хөл нүцгэн явав. 3 ЭЗЭН —Миний зарц Исаиа гурван жилийн турш шалдан, хөл нүцгэн явсан нь Египет болон Кушийн эсрэг тэмдэг, билэгдэл болж, 4 үүнтэй адил Ассирийн хаан Египетийг ичээхийн тулд Египетийн олзлогдогсод, Кушийн цөлөгдөгсөд болох залуу хөгшин хүмүүсийг өгзгийг нь ил гарган шалдан, хөл нүцгэн дагуулан явна. 5 Тэд өөрсдийнх нь найдвар болох Куш ба өөрсдийнх нь сайрхал болох Египетээс болж айж, ичих болно. 6 Тэгээд тэр өдөр энэ эргийн орны оршин суугчид "Харагтун, бидний найдвар ийм юм. Бид Ассирийн хаанаас чөлөөлөгдөхийн тулд тусламж хүсэн тийш зугтсан. Бид тэгэхээр яаж амь мултрах вэ?" гэж хэлнэ гэв.
1 Тэнгис хавийн зэлүүд газрын тухай зөн. Өмнөдийн нутгаар дайран өнгөрөх хуй салхи шиг тэрээр цөлөөс, аймшигт газраас ирнэ. 2 Надад аймшигт үзэгдэл үзэгдэв. Урвагч нь урвасаар, сүйтгэгч нь сүйтгэсээр байна. Елам аа, давш! Медиа аа, бүслэгтүн! Түүний учруулсан бүх шаналлын төгсгөлийг Би хийлээ. 3 Үүнээс болж миний ууц бүхэлдээ өвдөн, төрөх эмэгтэйн өвдөлт мэт хүчтэй өвчинд баригдав. Би ичсэнээсээ болж сонсож чадсангүй, айснаасаа болж харж чадсангүй. 4 Миний зүрх чичрэн, айдас намайг эзэмдэн, миний хүсэн тэмүүлсэн бүрэнхий нь миний хувьд аймшиг болон эргэв. 5 Тэд ширээ засаж, бүтээлэг дэлгээд, идэж ууна. "Ахмадууд аа, босогтун. Бамбайнуудаа тослогтун". 6 Тиймээс Эзэн надад айлдан "Яв. Манаач тавь. Тэр юу үзсэнээ илтгэг. 7 Тэр морьтонгууд, тэрэгтэнгүүд болон илжигний ба тэмээн цувааг хармагцаа маш анхааралтай, сонор сэрэмжтэй байгтун" гэв. 8 Тэгээд манаач ийн хашхирав. "Өө Эзэн, би өдрөөр үргэлж харуулын цамхаг дээр зогсож байна. Би шөнө бүр манааны байрандаа байрлаж байна. 9 Одоо харагтун. Морьтой цэргүүд, тэрэгтэй хүн ирж явна". Нэг нь "Вавилон унав, унав. Түүний бурхдын бүх хөргүүд газар сайгүй хэвтэнэ" гэж өгүүлнэ. 10 Үтрэм дээр цохигдсон миний ард түмэн ээ! Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭНээс юу сонссоноо би та нарт мэдүүлж байна. 11 Едомын тухай зөн. Сеирээс нэгэн хүн намайг дуудсаар "Манаач аа. Шөнийн хэдэн цаг вэ? Манаач аа. Шөнийн хэдэн цаг вэ?" гэв. 12 Манаач хариулж "Өглөө болж байна, гэвч шөнө болно. Хэрэв та асуувал асуу. Дахин буцаж ир" гэв. 13 Арабын тухай зөн. Деданчуудын жинчид ээ! Та нар Арабын шигүү ойд хоноглох ёстой. 14 Темагийн нутгийн оршин суугчид аа. Цангасанд нь ус авчирж, оргодлуудыг талхтай угтагтун. 15 Учир нь тэд илднээс, далайсан илднээс, татсан нумаас, дайны дарамтаас зугтсан юм. 16 Эзэн үүнийг надад айлдав. "Хөлсний жилүүд гэж тооцогдож байсан нэг жилийн дотор Кедарын бүх сүр жавхлан эцэс болно. 17 Кедарын хөвгүүдийн хүчит эрс болох харваачдаас үлдсэн нь цөөхөн байх болно" гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлдсан".
1 Үзэгдлийн хөндийн тухай зөн. Эдүгээ та нарт юу тохиолдоод, та нар бүгдээрээ байшингийн орой дээр гараа вэ? 2 Их шуугиан, хөл үймээн ихтэй, цэнгэлтэй хот оо. Чиний алагдсан хүмүүс илдэнд алагдсангүй, тулаанд үрэгдсэнгүй. 3 Чиний бүх захирагчид хамтдаа зугтсан бөгөөд нум сумгүйгээр олзлогдов. Тэд хол зугтсан боловч олдсон, та нар бүгдээрээ хамтдаа хоригдол болно. 4 Ийм учраас би "Харцаа надаас холдуул. Би гашуудан уйлъя. Миний ард түмний охины сүйрлээс болж намайг тайвшруулах гэж бүү оролд" гэв. 5 Учир нь түмэн цэргийн БУРХАН Эзэнд үзэгдлийн хөндийд сандаргах хийгээд гишгэх ба түйвээх нэг өдөр бий. Энэ бол хэрмийг нурааж, уулын эсрэг хашхирах өдөр юм. 6 Елам тэрэгнүүд ба морьтой хүмүүсийн хамт саадгаа авч, Кир бамбайг ил гаргав. 7 Чиний шилмэл сайн хөндийнүүд тэргээр дүүрч, морьтонгууд дааман хаалган дээр жагсав. 8 Тэр Иудагийн халхавчийг зайлуулав. Тэр өдөр та нар ойн сууцан дахь зэвсэгтээ найдна. 9 Давидын хотын хэрмэн дэх цоорхой олон байгааг та нар үзсэн. Та нар доод цөөрмийн усыг хураав. 10 Тэгээд та нар Иерусалимын байшингуудыг тоолж, хэрмийг бэхлэхийн тулд байшингуудыг нураав. 11 Та нар хуучин цөөрмийн усанд зориулан хоёр хэрмийн хооронд усан сан барьсан. Гэвч та нар үүнийг хийсэн Нэгэнд үл найдан, үүнийг өнө эрт төлөвлөсөн Нэгэнийг анхаараагүй. 12 Тэр өдөр түмэн цэргийн БУРХАН Эзэн та нарыг таар нөмрөн, үсээ хусан, гашуудан уйлаач хэмээн дуудсан боловч, 13 та нар харин зугаа цэнгэл, баяр хөөр болж, үхэр нядалж, хонь алж, мах идэж, дарс ууж байна. "Маргааш бид үхэж магадгүй. Тиймээс идэцгээе, ууцгаая!" гэцгээж байна. 14 Гэвч түмэн цэргийн ЭЗЭН Өөрийгөө надад илчлээд "Та нарыг үхтэл энэ нүгэл үнэхээр цагаатгагдахгүй" гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдав. 15 Түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна. "Ирэгтүн. Ордны даамал болох, энэхүү нярав Шебна уруу очигтун. 16 «Чи энд юу хийж байгаа юм бэ? Энд өөртөө булш цавчиж, өндөрлөг дээр өөртөө бунхан цавчиж, хадан дотор өөртөө зориулан амрах газар сийлэх эрх чамд хэн өгсөн бэ? 17 Үзэгтүн, хүн ээ! ЭЗЭН чамайг хүчтэйгээр шидэх гэж байна. Тэр чамайг чанга базах гэж байна. 18 Тэр чамайг бөмбөг шиг чанга эргүүлэн, өргөн уудам улс уруу шиднэ. Чи тэнд үхнэ. Тэнд чиний тансаг тэрэг үлдэж, чи өөрийнхөө эзний гэрийн ичгүүр нь болно». 19 Би чамайг албанаас чинь буулгана. Би чамайг байр сууриас чинь доош татна. 20 Тэр өдөр Би Хелкиагийн хүү, Өөрийн боол Елиакимыг дуудна. 21 Би түүнийг чиний дээлээр хувцаслаж, чиний бүсээр бүслэн, чиний эрх мэдлийг түүнд хариуцуулна. Тэрээр Иерусалимын оршин суугчид, Иудагийн гэрийн эцэг болно. 22 Би түүний мөрөн дээр Давидын гэрийн түлхүүрийг тавина. Түүнийг нээхэд хэн ч хаахгүй, түүнийг хаахад хэн ч онгойлгохгүй. 23 Би түүнийг хатуу газарт хадаас шиг шаана. Тэр нь эцгийнхээ гэрт алдрын сэнтий болно. 24 Үр удам, хойч үе ба жижиг сав суулганууд бүгдээрээ, хул аягануудаас бүх ваар савнууд хүртэл буюу эцгийнх нь гэрийн бүх алдрыг тэд түүний дээр өлгөнө. 25 "Тэр өдөр хатуу газарт хадсан хадаасыг зайлуулна. Тэр хугарч унана. Түүний дээр өлгөгдсөн ачаа ч тасарна" гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглав. Учир нь ЭЗЭН ийнхүү айлдсан юм.
1 Тирийн тухай зөн. Таршишийн хөлөг онгоц оо, уйлагтун! Тир устаж, орон байр, орогнох газаргүй болов. Үүнийг Кипр орноос тэдэнд мэдэгдэв. 2 Эргийн оршин суугчид болон Сидоны наймаачид аа, чимээгүй байгтун. Танай элч нар тэнгисийг гатлан, 3 их усан дээр байсан. Тирийн орлого нь Шихорын үр тариа, Нилийн ургац бөгөөд тэрээр үндэстнүүдийн зах зээлийн газар байсан юм. 4 Сидон оо, далайн цайзууд аа. Ичигтүн гэж далай хэлнэ. "Би хүүхэд төрүүлэх гэж зовоогүй. Би хөвгүүдийг өсгөж, охидыг хүмүүжүүлээгүй" гэж өгүүлэв. 5 Египетэд мэдээ хүрмэгц, тэд Тирийн сургаас болж, ихэд гашуудна. 6 Таршишийн хажуугаар өнгөрөгтүн. Эрэг хавьд суугчид аа, уйлагтун. 7 Энэ нь эртний гаралтай, хөлийг нь алс хол газруудыг эзэмшихэд ашиглаж ирсэн, та нарын наргиант хот уу? 8 Наймаачид нь, ноёд, худалдаачид нь дэлхийд хүндлэгдсэн, титмүүдийн соёрхолт Тирийн эсрэг хэн үүнийг төлөвлөсөн бэ? 9 Бүх гоо үзэсгэлэнгийн бардамналыг гутаан, дэлхийд хүндлэгдсэн бүгдийг доромжлохын тулд түмэн цэргийн ЭЗЭН үүнийг төлөвлөсөн юм. 10 Таршишийн охид оо, өөрийнхөө нутгаар Нил мөрөн мэт дайран өнгөр. Тэнд ямар ч боомт алга. 11 Тэр мутраа далайн дээгүүр сунгаж, хаанчлалуудыг донсолгов. ЭЗЭН Канааны цайзуудыг эвдэх тушаал буулгав. 12 Тэр "Сидоны дарагдсан, онгон охин минь. Чи цаашид хөөрөн баясахгүй. Бос, Киприйг дайран өнгөр. Тэнд ч гэсэн чи ямар ч амралт олохгүй" гэж айлдав. 13 Халдеичуудын нутгийг харагтун. Энэ бол байгаагүй ард түмэн. Ассири түүнийг цөлийн амьтдын байр болгов. Тэд бүслэлтийн цамхгууд босгож, тэндхийн орд харшуудыг дээрэмдэж, балгас болгосон. 14 Таршишийн хөлөг онгоцнууд аа, уйлагтун. Учир нь танай бэхлэлт устсан. 15 Тэр өдөр ирэхэд, нэг л хааны өдрүүд мэт далан жилийн туршид Тир мартагдана. Далан жилийн эцэст янхны дуунд гардаг шиг зүйл Тирд тохиолдоно. 16 «Мартагдсан янхан аа. Өөрийгөө сануулахын тулд босоо ятгаа аваад, хотоор явж, сайхан тоглож, олон дуу дуулаач». 17 Далан жилийн эцэст ЭЗЭН Тирд айлчилна. Тэгэхэд Тир янхан болж, биеэ үнэлсний хөлсийг дахин авч, газрын гадарга дээрх дэлхийн бүх хаанчлалуудтай садарлах болно. 18 Түүний ашиг, биеэ үнэлсний хөлс нь ЭЗЭНд зориулагдана. Түүний орлого нь нөөцлөгдөхгүй, хадгалагдахгүй, харин ЭЗЭНий өмнө амьдрах хүмүүсийн сайн хоол, сайхан хувцсанд зориулагдана.
1 Үзэгтүн, ЭЗЭН газрыг хоосруулан, түүнийг хөмрөх гэж байна. Газрын гадаргууг эвдэж, оршин суугчдыг нь тараана. 2 Хүмүүс тахилч шиг, боол эзэн шигээ, шивэгчин хатагтай шигээ, худалдан авагч нь худалдагч шиг, зээлдэгч нь мөнгө хүүлэгч шиг, өртөн нь авлагатан мэт байх болно. 3 Дэлхий бүрэн хоосрон, бүрэн тоногдоно. Учир нь ЭЗЭН энэ үгийг айлдсан юм. 4 Дэлхий гашуудан хувхайрна. Ертөнц гаслан хувхайрна. Дэлхийн хүмүүст өргөмжлөгдсөн нь алга болно. 5 Дэлхий өөрийн оршин суугчдын доор бузарлагдав. Учир нь тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн, мөнхийн гэрээг эвдэв. 6 Иймээс дэлхийг хараал идэж, түүн дээр амьдрагчид нь гэм нүгэлд автав. Иймээс дэлхийн оршин суугчид нь шатаагдаж, цөөн хүмүүс л үлдэв. 7 Шинэ дарс гашуудаж, усан үзмийн мод нь гандана. Бүх наргианч хүмүүс санаа алдана. 8 Бөмбөрийн хөгжөөнт дуу тасраад, наргигчдын шуугиан зогсож, ятгын баясгалант эгшиг тасарна. 9 Тэд дарс ууж дуулахаа болино. Хатуу архийг уугчдад энэ нь гашуун болно. 10 Эмх замбараагүй хот нурж, байшин бүр хаагдаж, хэн ч үл орно. 11 Гудамжинд усан үзмийн дарсны төлөө орилолдон, бүх баяр баясгалан уйтгар гуниг болов. Дэлхийн зугаа цэнгэл арилав. 12 Хотын дотор хоосрол үлдэж, дааман хаалга нь эвдэрчээ. 13 Тэгээд энэ нь чидун модод найгах шиг, усан үзэм хураалтын дараах хаягдал дэлхийн төвд, хүмүүсийн дунд байх болно. 14 Тэд дуугаа өргөж, баяр хөөрийн төлөө хашхирна. Тэд тэнгисээс ЭЗЭНий сүр жавхланг бахдан хашхирна. 15 Ийм учраас дорно зүгт ЭЗЭНийг алдаршуулж, далайн эргийн нутагт Израилийн Бурхан ЭЗЭНий нэрийг алдаршуулагтун. 16 Дэлхийн хязгаараас "Зөвт Нэгэнд алдар нь байг" гэсэн дуунуудыг бид сонсож байна. Гэвч би "Би харамсаж байна. Би харамсаж байна. Ээ халаг минь. Урвагч урваж, урвагч нь дэндүү урваж байна" гэж хэлэв. 17 Дэлхийн оршин суугчид аа. Аймшиг, нүх, занга нь чиний дээр байна. 18 Аймшгийн дуунаас зугтагч нь нүхэнд унана. Нүхнээс авиран гарагч нь занганд орно. Учир нь орой дээрх цонхнууд нээгдэж, дэлхийн сууриуд ганхаж байна. 19 Газар бутран эвдэрч, газар хагарч, газар хүчтэй донсолно. 20 Дэлхий архичин шиг гуйвж, овоохой шиг ганхдаг. Учир нь түүний нүгэл хилэнц улам хүнд болж байгаа учир тэр унаж, дахин хэзээ ч босохгүй. 21 Тэр өдөр өндөрт буй тэнгэрийн дайчид, дэлхий дээрх газрын хаадыг ЭЗЭН шийтгэнэ. 22 Тэд гяндан дахь хоригдлууд мэт хамтдаа бөөгнөрөөд шоронд хоригдоно. Олон хоногийн дараа тэд шийтгэгдэнэ. 23 Тэгэхэд сар ичиж, нар гутна. Учир нь түмэн цэргийн ЭЗЭН Сион уулан дээр Иерусалимын дотор хаанчилж, Өөрийн ахмадуудын өмнө сүр жавхлангаа байлгана.
1 ЭЗЭН, Та бол миний Бурхан. Би Таныг өргөмжлөн, Таны нэрд талархал өргөнө. Учир нь Та өнө эрт төлөвлөсөн гайхамшгуудаа төгс итгэмжтэйгээр гүйцэтгэв. 2 Учир нь Та хотыг овоо, бэхлэгдсэн хотыг балгас болгов. Харийнхны шилтгээн нь хот байхаа больж, хэзээ ч дахин сэргээгдэхгүй. 3 Ийм учраас хүчирхэг хүмүүс Таныг алдаршуулна. Харгис үндэстнүүдийн хотууд Танаас айна. 4 Учир нь Та үгээгүйчүүдэд хамгаалалт нь болж, шаналсан ядууст өмөг түшиг болж, шуурганаас хоргодох газар, халуунаас халхлах сүүдэр нь болсон билээ. Яагаад гэвэл харгис догшины амьсгал нь хананы эсрэг аадар мэт билээ. 5 Гангийн халуун адил, үүлний сүүдэр бүгчим халууныг багасгадаг мэт Та гадаадынхны үймээн шуугианыг дарав. Харгис догшины дуу номхтгогдоно. 6 Түмэн цэргийн ЭЗЭН энэхүү уулан дээрх бүх хүмүүст хуучин дарс, хамгийн сайн мах ба дарс бүхий элбэг дэлбэг найрыг хийхээр бэлтгэнэ. 7 Энэ уулан дээр Тэр бүх хүмүүсийн дээгүүрх бүтээлгийг, бүх үндэстний дээгүүр татсан хөшгийг залгина. 8 Тэр үхлийг мөнхөд залгина. Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчин, Өөрийн хүмүүсийн зэмлэлийг бүх дэлхийгээс зайлуулна. Учир нь ЭЗЭН үүнийг айлдсан юм. 9 Тэр өдөр "Үзэгтүн. Энэ бол бидний Бурхан байна. Тэр биднийг аврахыг бид хүлээж байсан. Энэ бол бидний хүлээсэн ЭЗЭН. Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе" гэж ярих болно. 10 ЭЗЭН мутраа энэ уулан дээр тавина. Тарианы сүрэл өтөг бууцны шавхайд гишгэгддэг шиг Моаб өөрийн газартаа гишгэгдэнэ. 11 Усанд сэлэгч сэлэхийн тулд гараа дэлгэдэг шиг тэрээр гараа тэдний дунд дэлгэнэ. Гэвч түүний омгийг, гарын заль мэхнийх нь хамт номхтгоно. 12 Хэрэмний чинь халдашгүй бэхлэлтүүдийг Тэр нураан доош тавьж, түүнийг шороонд хүртэл нь газарт хаяна.
1 Тэр өдөр Иудагийн нутагт энэ дуу дуулагдана. "Бидэнд хүчирхэг хот байна. Авралд зориулан Тэрээр хэрэм, бэхлэлт босгосон. 2 Дааман хаалгаа нээн, итгэмжит байдлыг сахигч нэгэнийг болон шударга зөв үндэстнийг оруул. 3 Танд итгэдэг учраас бодол санаагаар бат зогсогч хүнийг Та төгс амар тайван дотор хамгаална. 4 Үүрд ЭЗЭНд итгэгтүн. Учир нь ЭЗЭН БУРХАН дотор мөнхийн Хад бий. 5 Өндөрт залрагчдыг Тэрээр номхтгож, халдашгүй хотыг доройтуулан, газарт унаган шороонд шиднэ. 6 Түүнийг зүдрэгсэд, ядуусын хөл гишгэлж дэвсэлнэ". 7 Зөв шударгын зам нь дардан ажээ. Өө, Зөвт Нэгэн ээ, зөв хүний замыг тэгшхэн тавиач. 8 ЭЗЭН минь. Таны шүүлтийн замаар алхахдаа бид Таныг хүсэн хүлээнэ. Таны нэр, тэр ч байтугай Таны дурсамж бол бидний сэтгэлийн хүсэл болой. 9 Шөнөөр миний сэтгэл Таныг хүсэмжлэн, үнэхээр миний сүнс өөрийнхөө дотор Таныг шаргуу эрэлхийлнэ. Дэлхий Таны шүүлтийг эдлэх үед ертөнцийн суугчид зөв явдалд суралцана. 10 Нүгэлтэн энэрэл хайрыг үзэвч зөв явдлыг сурдаггүй. Зөв шударгын газарт тэрээр бурууг үйлдэн, ЭЗЭНий цог жавхланг мэдэрдэггүй. 11 ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үздэггүй. Та хүмүүсийн төлөөх Өөрийн зүтгэлийг тэдэнд харуулж тэднийг ичээгээч. Үнэхээр Таны дайснуудыг гал залгина. 12 ЭЗЭН, Та мөн бидний төлөө бүх үйлсийг минь бүтээсэн учраас Та бидний төлөө энхийг тогтооно. 13 Аяа, бидний Бурхан ЭЗЭН, Танаас өөр эзэд биднийг захирсан боловч зөвхөн Танаар дамжуулан бид Таны нэрийг дурдах болно. 14 Үхдэл нь амьдрахгүй, салан одсон сүнснүүд босохгүй. Тиймээс Та тэднийг шийтгэн устгаж, тэдний аливаа дурсамжийг арилгасан. 15 ЭЗЭН минь, Та үндэстнийг олшруулж, үндэстнийг өсгөж, Та алдаршлаа. Газрын бүх хязгаарт Та хүрсэн. 16 ЭЗЭН минь, тэд шаналахдаа Таныг эрсэн. Таны гэсгээлт тэдний дээр байхад тэд зөвхөн шивнэн залбирч л чадна. 17 Жирэмсэн эмэгтэй төрөхдөө зовон, өвдөх шаналлаасаа болж орилдог шиг ЭЗЭН минь бид Таны өмнө ийм л байсан. 18 Бид жирэмслэн, өвдсөн боловч салхи төрүүлж байгаа мэт байна. Бид дэлхийн төлөөх чөлөөлөлтийг гүйцээж чадсангүй. Ертөнцийн суугчид ч төрүүлсэнгүй. 19 Таны үхэгсэд амилж, тэдний цогцос босно. Тоосонд хэвтэгчид ээ! Бос, баярлан хашхирагтун. Таны шүүдэр нь гэрлүүдийн шүүдэр мэт билээ. Газар нь сүнс сүгүүдийг гаргана. 20 Миний ард түмэн ээ, ирцгээ. Өрөөндөө ороод хаалгаа хаагтун. Уур хилэн өнгөртөл, түр зуур нуугдагтун. 21 Учир нь ЭЗЭН дэлхийн оршин суугчдыг нүглийнх нь төлөө шийтгэхээр Өөрийнхөө газраас ирэх гэж байна. Дэлхий асгарсан цусыг илчлэн, алагдагсдыг дахин далдлахгүй.
1 Тэр өдөр зугтагч могой Левиатан, мушгиа могой Левиатаныг ЭЗЭН Өөрийн уур хилэн болон их хүчит илдээр шийтгэнэ. Тэр далайн лууг ална. 2 Тэр өдөр "Усан үзмийн тариалангийн талбайн тухай дуулагтун. 3 ЭЗЭН Би түүний хамгаалагч. Би түүнийг эгшин бүрд усалдаг. Хэн ч түүнийг бүү гэмтээг гэсэндээ Би түүнийг өдөр шөнөгүй хамгаална. 4 Надад хилэн байхгүй. Нохойн хошуу, эсвэл өргөсийг Миний эсрэг тулалдуулахаар босговол Би тэднийг гишгэж, нэгмөсөн шатаах байсан. 5 Эсвэл тэр Миний хамгаалалтад түшиг. Тэр Надтай энхийг тогтоог. Тэр Надтай энхийг тогтоог". 6 Ирэх өдрүүдэд Иаков үндэслэж, Израиль нахиалан цэцэглээд, бүх ертөнцийг жимсээр дүүргэнэ. 7 Түүнийг цохьсон хүмүүсийг цохьсон шиг Тэр түүнийг цохьсон уу? Түүнийг алсан тэд алагдсан шиг тэр бас алагдсан уу? 8 Та түүнийг няцаахдаа зөв хэмжүүрээр шийтгэж, дорны салхитай өдрийнх мэт түүнийг догшин салхиараа авч явна. 9 Үүгээр Иаковын нүгэл нь уучлагдана. Энэ нь түүний нүглийг зайлуулсны бүх үр дүн болно. Тэрээр тахилын ширээний бүх чулуунуудыг бутарсан шохойн чулуу мэт болгоход Ашерагийн модон шон болон утлагын тахилын ширээ тогтохгүй. 10 Бэхлэгдсэн хотууд хоосорч, эдлэн газар нь цөл мэт мартагдана. Тэнд тугал бэлчин, мөн хэвтэж, мөчрүүдийг нь иднэ. 11 Түүний мөчрүүд хатаж хугарахад, эмэгтэйчүүд ирж, тэднээр гал асаана. Учир нь тэд ялгах чадваргүй хүмүүс билээ. Тиймээс Хийгч нь тэднийг үл өршөөж, Бүтээгч нь тэднийг нигүүлсэхгүй. 12 Тэр өдөр ЭЗЭН Евфратын цутгалангаас Египетийн горхи хүртэл нүдэж эхэлнэ. Израилийн хөвгүүд ээ, та нар нэг нэгээрээ цуглана. 13 Тэр өдөр мөн их бүрээ татна. Ассирийн нутагт мөхөж байсан, Египетийн нутагт цацагдсан хүмүүс ирж, Иерусалимын ариун уулан дээр ЭЗЭНд мөргөнө.
1 Ефраимын архичдын бардам титэм болон үржилт хөндийн аман дахь гундмал цэцэг болох түүний цуутай гоо үзэсгэлэн нь дарсанд цохигдсон хүмүүс хөөрхийлөлтэй еэ! 2 Үзэгтүн, шуурган мөндөр, сүйрлийн хар салхи мэт, үерлэх усны хүчит шуурга мэт хүч чадалт нэгэн Эзэнд бий. Түүнийг Өөрийн мутраараа дэлхий уруу чулуудна. 3 Ефраимын архичдын бардам титэм нь хөл дор гишгэгдэнэ. 4 Үржилт хөндийн аман дахь гундмал цэцэг болох түүний цуутай гоо үзэсгэлэн нь зуны өмнөх боловсорсон анхны инжрийн жимс мэт болно. Харсан хүн түүнийг шүүрэн авч залгина. 5 Тэр өдөр түмэн цэргийн ЭЗЭН Өөрийн амьд үлдсэн хүмүүст үзэсгэлэнт титэм, цог жавхлант овоодой болж, 6 шүүх газар сууж буй хүнд шударга сүнс болж, дааман хаалга тийш гэдрэг довтлогч хүмүүст хүч чадал нь болно. 7 Тэд бас дарсанд найгаж, архинд алмайрч, тахилч хийгээд эш үзүүлэгч ч архинд найгалаа. Тэд дарсанд самуурч, архинд алмайрч, үзэгдэл үзэнгээ найган, шүүхэд согтуу байна. 8 Тэгээд бүх ширээ заваан бөөлжсөөр дүүрч, цэвэр газаргүй болж байна. 9 "Тэр хэнд мэдлэг заах болж байна вэ? Тэр хэнд сургаалыг ойлгуулах болж байна вэ? Сүүнээс гарсан хүүхдэд үү, хөхнөөсөө салсан хүүхдэд үү? 10 Учир нь Тэр «Тушаалын дээр тушаал, тушаалын дээр тушаал, шугаман дээр шугам, шугаман дээр шугам. Энд жаахан, тэнд жаахан» гэж байна". 11 Үнэхээр Тэр энэ ард түмэнд хандаж шулганасан уруул, харь хэлээр дамжуулан ярих болно. 12 Тэр тэдэнд хандан, "Энд амралт байна. Эцэж туйлдагсдад амралтыг өгөгтүн. Энд тайван байна" гэсэн боловч тэд сонсохгүй байх юм. 13 Иймээс тэдэнд айлдах ЭЗЭНий үг нь "Тушаалын дээр тушаал, тушаалын дээр тушаал, шугаман дээр шугам, шугаман дээр шугам. Энд жаахан, тэнд жаахан" гэнэ. Энэ нь тэд явж, гэдрэг бүдрэн, эвдрээд, урхинд орж баригдахын тулд юм. 14 Тиймээс Иерусалим дахь энэ ард түмнийг захирагч, шооч хүмүүс ээ. ЭЗЭНий үгийг сонсогтун. 15 Учир нь та нар "Бид үхэлтэй гэрээ байгуулсан, бид Үхэгсдийн оронтой хэлэлцээр хийсэн. Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө бидэнд хүрэхгүй. Учир нь бид худал хуурмагийг өөрсдийн хоргодох газар болгож, заль мэхээр өөрсдийгөө далдалсан" гэж хэлсэн. 16 Тийм учраас Эзэн БУРХАН "Үзэгтүн. Би Сионд нэг чулууг тавина. Тэр нь шалгагдсан бөгөөд бат тавигдсан суурийн булангийн үнэт чулуу юм. Түүнд итгэгчийг яаруулахгүй. 17 Би шударга ёсыг хэмжих шугам болгон, үнэн зөвийг түвшин болгоно. Худлын хоргодох газрыг мөндрөөр арчин, нууц газрыг усаар нөмөргөнө. 18 Та нарын үхэлтэй байгуулсан гэрээ, Үхэгсдийн оронтой тохиролцсон хэлэлцээр нь хүчингүй болно. Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө та нарыг гишгэчин дэвслэх болно. 19 Тэр өнгөрөх бүрдээ та нарыг барина. Өглөө бүр, өдөр шөнөгүй дайран өнгөрнө. Энэ мэдээг ойлгох нь үнэхээр аймшигтай байх болно" гэж айлдаж байна. 20 Сунаж хэвтэхэд ор нь хэт богино, биеэ хучихад хөнжил нь хэт нарийн ажээ. 21 ЭЗЭН Перазим уулан дээр боссон шиг босож, Гибеоны хөндийд хилэгнэсэн шиг хилэгнэн, Өөрийн үйлийг, ер бусын үйлийг үйлдэнэ. Тэр Өөрийн ажил, гайхамшигт ажлыг хийнэ. 22 Элэглэхээ одоо зогсогтун. Эс тэгвэл та нарын гинж чангарна. Учир нь бүх дэлхий дээрх тогтоогдсон сүйрлийг түмэн цэргийн Эзэн БУРХАНаас би сонсов. 23 Чих тавин миний дууг чагнаач. Сонс, миний үгийг чагнаач. 24 Тариачин үр цацахын тулд газраа бүх л өдөржингөө хагалдаг уу? Тэр үргэлж борнойдон хөрсийг нь сийрүүлдэг үү? 25 Тэр газрын гадаргыг тэгшлэн, ногоон гоньд тарьж, гоньд цацдаггүй гэж үү? Тэр буудайг эгнээгээр, арвайг газарт нь, хөх тариаг талбай дээр нь тарьдаг биш үү? 26 Учир нь түүнд Бурхан ёс журмаар нь заан, сургадаг юм. 27 Ногоон гоньдыг лантуугаар цохьдоггүй, тэрэгний дугуй ч гоньдны дээгүүр өнхөрдөггүй. Харин ногоон гоньдыг саваагаар, гоньдыг шийдмээр балбадаг. 28 Талх барихын тулд үр тариаг буталж үйрүүлэх хэрэгтэй, тиймээс тэр нь түүнийг үргэлжид үл цохих бөгөөд тэрэгний дугуй үл эвдрэн, өөрийн морьтой хүмүүсээр бутаргахгүй. 29 Энэ нь бас түмэн цэргийн ЭЗЭНээс ирсэн бөгөөд Түүний зөвлөгөө нь гайхамшигтай, Түүний мэргэн ухаан нь агуу их билээ.
1 Ариел аа. Ариел аа. Нэгэн цагт Давидын хуарагнаж байсан хот гаслантай яа. Жил дээр жилийг нэмэгтүн. Та нарын найрын дугараа тойрох болтугай. 2 Би Ариел дээр зовлон авчрахад чи уй гашуу, шаналлын хот болно. Миний хувьд чи Ариел шиг байна. 3 Би чамайг хүрээлэх мэт байрлаж, чамайг бүслэн, чиний эсрэг бэхлэлт босгоно. Би чиний эсрэг дайтах цамхаг босгоно. 4 Дараа нь чамайг доош буулгана. Чи газраас ярьж, чиний үг чинь шороон дотроос бувтнах мэт сонсогдон, дуу хоолой чинь газраас гарах сүнсний дуу мэт байж, яриа чинь шорооноос шивнэх мэт байна. 5 Гэвч гэнэт нэгэн агшинд л чиний үй түмэн дайснууд нарийн тоос мэт болж, үй олон харгис хүмүүс хийсэн одох хальс сүрэл мэт болно. 6 Түмэн цэргийн ЭЗЭН чамайг аянга, газар хөдлөлт, их дуу чимээ, хуй салхи, шуурга, түймэрдэгч галаар шийтгэнэ. 7 Ариелын болон бэхлэлтийнх нь эсрэг байлдагч бүх үндэстний цугласан үй олон болон түүнийг зовоогчид нь зүүд мэт, шөнийн үзэгдэл мэт болох болно. 8 Өлссөн хүн идэж байна гэж зүүдлэвч, сэрэхэд сэтгэл нь цадаагүй байдаг. Цангасан хүн ууж байна гэж зүүдлэвч, сэрэхдээ тэр тамиргүй болж, сэтгэл нь ундаассан хэвээр байдаг. Үүнчлэн Сион уулын эсрэг байлдагч бүх үндэстний үй олон хүмүүс тийм болно. 9 Саатагтун, хүлээгтүн. Өөрсдийгөө сохолж, хараагүй бол! Тэд дарснаас биш мөртлөө согтуу болж, архидаагүй мөртлөө гуйвж байна. 10 Учир нь ЭЗЭН та нарын дээр гүн нойрны сүнсийг цутгаж, та нарын нүд буюу эш үзүүлэгчдийг хааж, та нарын тэргүүн буюу үзмэрчдийг бүтээв. 11 Зөгнөл нь бүхэлдээ та нарын хувьд лацдуулсан номын үгс мэт болно. Тэд үүнийг номч хүнд өгч, "Үүнийг уншиж хайрла" гэхэд тэр "Би чадахгүй. Яагаад гэвэл энэ нь лацдуулсан" гэж өгүүлнэ. 12 Дараа нь тэр номыг бичиг мэдэхгүй нэгэнд өгч, "Үүнийг уншиж хайрла" гэхэд тэр "Би уншиж мэдэхгүй" гэж хариулна. 13 Эзэн "Энэ ард түмэн амаараа ойртон, уруулаараа Намайг хүндлэвч, зүрхээрээ Надаас хол байна. Тэд Намайг эмээн хүндлэхэд захирагчдын тушаалаар суралцжээ. 14 Тийм учраас үзэгтүн. Би энэ ард түмний дотор ер бусын гайхамшигт, гайхалтай зүйлийг дахин бүтээнэ. Тэдний мэргэдийн мэргэн ухаан нь мөхөж, гярхай хүмүүсийн ялгах чадвар нь алга болно" гэв. 15 Өөрсдийн санаагаа ЭЗЭНээс ор тас нууцалж, үйлсээ харанхуй газарт хийж, "Хэн биднийг харах юм бэ?" "Хэн биднийг мэдэх вэ?" гэж хэлдэг хүмүүс гаслантай яа. 16 Та орвонгоор нь эргүүлжээ! Ваарчинг шавартай адилтган үзэж болох уу? Бүтээгдсэн зүйл нь бүтээгчдээ хандан "Тэр намайг хийгээгүй" гэх юм гэж үү? Ваар нь ваарчиндаа хандан "Тэр мулгуу хүн" гэж өгүүлэх үү? 17 Өчүүхэн хугацааны дараа Ливан нь үржил шимтэй талбай болон хувирч, үржил шимтэй талбай нь ой хэмээн тооцогдоно. 18 Тэр өдөр дүлий нь номын үгсийг сонсож, бүрэнхий харанхуйгаас сохруудын нүд нь харах болно. 19 Даруу нэгний баяр хөөр ЭЗЭНий дотор өсөн нэмэгдэж, хүн төрөлхтний үгээгүйчүүд Израилийн Ариун Нэгэн дотор баясна. 20 Учир нь харгислагчдын төгсгөл ирж, элэглэгчид алга болж, бузар мууг үйлдэхийг санаархагч бүхэн таслагдана. 21 Үгээр хүнийг буруутгагчид, дааман хаалган дээр шүүгч нэгнийг занганд оруулагчид, худал баримтаар зөвтнийг буруутан болгогчид таслагдана. 22 Ийм учраас Абрахамыг аварсан ЭЗЭН Иаковын гэрийн тухай айлдахдаа "Одоо Иаков ичихгүй, нүүр нь улайхгүй болов. 23 Харин Миний мутрын бүтээл болох хүүхдүүдээ тэр өөрийнхөө дотор харахдаа, тэд Миний нэрийг нандигнана. Үнэхээр тэд Иаковын Ариун Нэгэнийг нандигнан, Израилийн Бурханы аймшиг дотор зогсоно. 24 Сүнсээр төөрөгчид үнэнийг мэдэж, шүүмжлэгчид зааврыг хүлээн авна" гэв.
1 "Нүгэл дээр нүглийг нэмэхийн тулд Надгүйгээр төлөвлөж, Миний Сүнсний оролцоогүйгээр ундаан өргөлийг асгагч, дуулгаваргүй хөвгүүд гаслантай яа" гэж ЭЗЭН айлдаж байна. 2 Тэд Надтай зөвлөлгүйгээр "Фараоны хамгаалтад хоргодохоор Египетийн сүүдэрт орогнох газар хайн Египет уруу явсан. 3 Гэвч Фараоны хамгаалалт нь та нарын ичгүүр болно. Египетийн сүүдэрт орогнох нь та нарын гутамшиг болно. 4 Учир нь тэдний ноёд нь Зоанд байгаа бөгөөд тэдний элчингүүд нь Ханест хүрч ирсэн. 5 Өөрсдөд нь тусламж, ашиг болохгүй, харин ичгүүр зэмлэл болох, ашиггүй хүмүүсээс болж хүн бүр ичих болно. 6 Негевийн араатнуудын тухай зөн. Тэд эм болон эр арслан, хорт болон нисдэг могой гарч ирдэг зовлон зүдгүүрийн газраар дамжин, өөрсдийн баялгаа илжигний нуруунд тохон, эрдэнэсээ тэмээний бөхөн дээр ачин, өөрсдөд нь ямар ч тус болохгүй улс уруу зөөж байна. 7 Тусламж дэмжлэг нь ашиггүй хоосон Египет уруу хүртэл зөөж байна. Тийм учраас Би түүнийг "Юунд ч нэмэргүй Рахаб" гэж нэрлэсэн. 8 Одоо очиж, үүнийг ирэх өдрүүдэд үүрдийн гэрчлэл болгохын тулд тэдний өмнө самбар дээр тэмдэглэж, номд бич. 9 Учир нь тэд бол урвамтгай ард түмэн, хуурамч хөвгүүд бөгөөд ЭЗЭНий хуулийг сонсохыг хүсдэггүй хөвгүүд юм. 10 Тэд үзмэрчдэд "Бүү үзэгдэл үз" гэж, эш үзүүлэгчдэд "Аль нь зөв болохыг бидэнд эш үзүүлж болохгүй. Бидэнд тааламжтай үг, хуурамч эш үзүүллэгийг хэлэгтүн. 11 Замаа орхиж, жимээсээ гарагтун. Израилийн Ариун Нэгэний тухай цаашид бидэнд бүү сонсго" гэдэг. 12 Ийм учраас Израилийн Ариун Нэгэн ийнхүү айлдаж байна. "Та нар энэ үгийг няцааж, дарлалд найдаж, заль мэхэнд түшиглэсэн учраас, 13 энэ нүгэл та нарт байх болно. Энэ нь өндөр хана хагаран гүдийж, гэнэт нэг мөчид нуран эвдрэн сүйрэхтэй адил байна. 14 Тэдний эвдрэл нь ваарчны сав хагарахтай адил болно. Иймээс түүнийг хайр найргүй эвдэж, зуухнаас гал авч, усны савнаас ус утгах хэлтэрхий ч үлдээлгүй бутална". 15 Израилийн Ариун Нэгэн болох Эзэн БУРХАН "Гэмшил ба амар тайван дотор та нар аврагдах болно. Үнэнч итгэл ба чимээгүй байх нь та нарын хүч мөн" гэж айлдав. Гэвч та нар хүсээгүй. 16 "Үгүй, бид мориор зугтана" гэж та нар хэлсэн. Тиймээс та нар зугтана. "Бид хурдан хүлгээр давхина" гэж та нар хэлэв. Тиймээс та нарыг мөрдөгчид нь хурдан байх болно. 17 Гэвч та нар уулын орой дээрх тугийн иш, толгод дээрх тэмдэг мэт үлдэх хүртлээ нэг хүний сүрдүүлгээр мянган хүн чинь зугтаж, таван хүний заналхийллээр та нар зугтах болно. 18 ЭЗЭН та нарт нигүүлсэнгүй хандан хүлээж байна. Тиймээс Тэр та нарт өршөөл үзүүлэн өндөрт байж байна. Учир нь ЭЗЭН бол шударга ёсны Бурхан. Түүнийг хүлээгчид нь бүгдээрээ ерөөгдсөн ажээ! 19 Иерусалимд оршин суугч Сионы хүмүүс ээ! Та нар цаашид уйлахгүй. Та нарын уйлах дуунаар Тэр та нарт нигүүлсэнгүй байх болно. Тэр үүнийг сонсмогцоо та нарт хариу өгнө. 20 Хэдийгээр Эзэн та нарт эмгэнэлийн талх, тарчлалын ус өгсөн боловч, та нарын Багш цаашид Өөрийгөө нуухгүй бөгөөд харин та нар нүдээрээ Багшийгаа үзнэ. 21 Та нар баруун тийшээ эргэсэн ч, зүүн тийшээ эргэсэн ч, ард чинь дуугарах "Энэ бол зам. Үүгээр алхагтун" гэсэн үгийг та нарын чих сонсоно. 22 Та нар мөнгөөр бүрсэн өөрсдийн сийлмэл хөргүүд, алтаар бүрсэн өөрсдийн цутгамал хөргүүдийг бузарлан, тэдгээрийг бузар эд зүйл мэт тарааж хаяад "Зайлагтун" гэж хэлнэ. 23 Дараа нь газарт тариалах та нарын үрсэлгээнд зориулан Тэр бороо оруулна. Газрын ургац буюу талх элбэг дэлбэг болно. Тэр өдөр та нарын мал сүрэг уудам бэлчээрт идээшилнэ. 24 Мөн газарт ажиллуулдаг шар, илжигнүүд утгуур ба ацаар шигшсэн давсалсан тэжээл иднэ. 25 Цамхгууд унах их аллагын өдөр аливаа сүрлэг уул, аливаа өндөр толгод дээр гол горхи урсана. 26 ЭЗЭН Өөрийн ард түмний бэртэнгийг боож, яр шархыг нь эмчлэх өдөрт сарны гэрэл нь нарны гэрэл шиг болж, нарны гэрэл нь долоон өдрийн гэрэл мэт долоо дахин хурц болох ажээ. 27 Үзэгтүн, ЭЗЭНий нэр алс холоос ирж байна. Түүний уур нь шатаж, утаа нь өтгөн, уруул нь зэвүүцлээр дүүрч, хэл нь түймэрдэгч галтай адил байна. 28 Үндэстнүүдийг шүүлтүүр дотор хойш урагш нь сэгсчин, сүйрэл уруу төөрүүлэх хазаарыг хүмүүсийн аманд хийхийн тулд Түүний амьсгал нь халин үерлэх урсгал мэт хүзүүнд тулна. 29 Найр наадам хийж буй шөнийнх шиг чи дуу хууртай байх болно. ЭЗЭНий уул, Израилийн хад уруу бишгүүрийн аялгуунд алхах шиг зүрх сэтгэл чинь баясна. 30 ЭЗЭН Өөрийн эрх мэдлийн дуу хоолойг сонсгож, догшин уур, түймэрдэгч галын дөл, ширүүн аадар бороо, мөндрийн дотор Өөрийн мутраа буулган үзүүлнэ. 31 Тэр шийдмээр цохьсон учир, ЭЗЭНий дуу хоолойнд Ассири айдаст автана. 32 Тэдний дээр буулгах ЭЗЭНий шийтгэлийн таягийн цохилт бүр нь хэнгэрэг, босоо ятгын аятай байх болно. Дайнд Тэр зэвсгээ далайн, тэдэнтэй байлдана. 33 Учир нь Тофет нь эртнээс бэлэн болжээ. Үнэндээ энэ нь хааны төлөө бэлтгэгджээ. Тэр үүнийг асар том, гүнзгий хийжээ. Галын нүх нь түлээгээр дүүрэн байв. ЭЗЭНий амьсгал нь хүхрийн урсгал мэт түүнийг ноцооно.
1 Израилийн Ариун Нэгэн уруу харалгүй, ЭЗЭНийг хайлгүй, харин Египет уруу тусламж гуйн одож, морьдод түшиглэн тэдний тэрэгнийх нь олонд, морьтонгуудынх нь хүчтэйд найдагч нар гаслантай яа. 2 Гэвч Тэр бас мэргэн бөгөөд аюул гамшгийг авчирна. Тэр Өөрийн үгийг өөрчилдөггүй. Харин Тэр нүгэл үйлдэгчийн гэрийн эсрэг, нүгэлтнүүдэд тусалдаг хүмүүсийн эсрэг босох болно. 3 Египетчүүд бол Бурхан биш, хүмүүс билээ. Тэдний морьд нь сүнс биш, махан бие билээ. Тиймээс ЭЗЭН мутраа сунгахад туслагч нь бүдэрч, туслуулагчид нь унаж, тэд бүгдээрээ хамт үхнэ. 4 Учир нь ЭЗЭН надад "Олон хоньчид нийлэн хашхирч гуугалавч, тэдний дуу чимээг нь үл хайхран, айхгүйгээр олзон дээрээ архирагч арслан, залуу арслан шиг түмэн цэргийн ЭЗЭН дайн хийхээр Сион уул болон толгодынх нь дээр бууж ирнэ. 5 Элин халих шувууд мэт түмэн цэргийн ЭЗЭН Иерусалимыг хамгаална. Тэр хамгаална, чөлөөлнө. Тэр дээгүүр нь өнгөрнө, аварна" хэмээн айлдав. 6 Израилийн хөвгүүд ээ, та нар хэнээс их урвасан Түүн уруугаа буцагтун. 7 Учир нь тэр өдөр өөрсдийн гараар нүгэл болгон үйлдсэн мөнгөн шүтээнүүд, алтан шүтээнүүдийг хүн бүр хаяна. 8 "Хүмүүний бус сэлмээр ассиричууд унаж, хүмүүний бус илд тэднийг залгина. Тэд илднээс зугтах бөгөөд залуус нь албадан ажиллагсад болно. 9 Түгшүүрээс болж тэдний хад нь алга болж, туг хараад тэдний ноёд нь айдаст автана" гэж ЭЗЭН тунхаглав. Түүний гал нь Сионд, зуух нь Иерусалимд бий.
1 Үзэгтүн, хаан нь үнэн зөвөөр хаанчлан, ноёд нь шударгаар захирна. 2 Хүн бүр салхинаас хоргодох газар мэт, шуурганаас халхлах халхавч мэт, хуурай газрын усны суваг мэт, ангасан газар дахь өндөр хадны сүүдэр мэт байх болно. 3 Тэгээд хараатай хүмүүсийн нүд нь сохрохгүй, сонсох чихтэй нь сонсох болно. 4 Адгуу хүний зүрх мэдлэгийг ялган таньж, хэлгий хүний хэл нь тод ярих гэж яарна. 5 Цаашид тэнэгийг сурвалжит хүн гэж дуудахгүй, зальт этгээдийг өглөгч гэхгүй. 6 Учир нь тэнэг хүн утгагүй юм ярьдаг ба түүний зүрх нь балмад хэргийг үйлддэг. Тэр өлсгөлөн хүний сэтгэлийг хоосруулж, ундаасагчийг ундаар дутагдуулахын тулд ЭЗЭНий эсрэг буруу ярьж, бурхангүй явдлыг үйлддэг. 7 Зальт этгээдүүдийн хувьд тэдний зэвсэг нь бузар муу билээ. Хэдийгээр ядуу нэгэн шударгыг яривч, худал хуурмаг үгсээр үгээгүйчүүдийг хөнөөхийн тулд тэрээр хорт муу арга зохиодог. 8 Харин сурвалжит хүн зөв шударгаар сэтгэж, түүгээрээ тогтдог. 9 Амарлингуй эмс ээ. Босож, миний дуу хоолойг сонсогтун. Ихэрхүү охид оо, миний үгэнд чих тавигтун. 10 Жил гаруйхны дотор ихэрхүү та нар зовох болно. Учир нь усан үзмийн ургац хураалт төгсөж, жимс хураалт болохгүй. 11 Амарлингуй эмс ээ, чичрэгтүн. Бардам охид оо, зовогтун. Хувцсаа тайлан нүцгэлж, бэлхүүсээрээ таар ороогтун. 12 Үржилтэй талбай, шүүслэг усан үзмийн төлөө цээжээ дэлдэгтүн. 13 Миний ард түмний нутаг, үүргэнэ ба өргөст халгай ургасан нутаг, баясгалант хот ба бүх жаргалтай гэрүүдийн төлөө гашуудагтун. 14 Учир нь орд харш хаягдан, их шуугиант хот мартагдан, хэрэм цамхгууд нь үүрд малын бэлчээр, хулангуудын хороо болно. 15 Өндрөөс, бидний дээрээс Сүнс цутгах хүртэл, зэлүүд газар нь үржил шимтэй талбай болж, үржил шимтэй талбай нь ой мод хэмээн тооцогдох хүртэл тийм байх болно. 16 Тэгээд шударга ёс нь цөлд оршиж, үнэн зөв нь үржилтэй талбайд байна. 17 Үнэн зөвийн үйлс нь амар тайван байж, үнэн зөвийн үйлчлэл нь үүрдийн амар амгалан, аюулгүй байдал болох юм. 18 Миний ард түмэн энх амгалан орчинд, аюулгүй гэрүүдэд, анир чимээгүй газарт амьдарна. 19 Ойд мөндөр орж, хот доош оруулагдсан боловч, 20 бүх усны дэргэд тариа тарьж, шар илжгээ чөлөөтэй идээшлүүлэгчид та нар ямар ивээлтэй байх вэ!
1 Өөрсдийг чинь сүйтгээгүй байхад сүйтгэгч, өөрсдийг нь дээрэмдээгүй байхад бусдыг дээрэмдэгчид харамсагтун. Та нар бусдыг сүйтгэхээ болиход, өөрсдийг чинь сүйтгэнэ. Та нар бусдыг дээрэмдэхээ зогсоход, та нарыг өөрсдийг чинь дээрэмдэнэ. 2 Өө ЭЗЭН, бидэнд нигүүлсэнгүй хандаач. Бид Таныг хүлээнэ. Өглөө бүр Та бидний хүч болж, зовлонтой цагт Та бидний аврал байгаач. 3 Аянгын дуунаар хүмүүс зугтаж, Таныг босоход үндэстнүүд тараагдана. 4 Төөлүүр хорхой шиг та нар олзоо цуглуулна. Царцаа дэвхрэх шиг хүмүүс түүн дээр овооролдоно. 5 ЭЗЭН өндөрт орших учир өргөмжлөгдөнө. Тэр Сионыг шударга ёс, үнэн зөвөөр бялхаана. 6 Тэр чиний цаг хугацааны бат суурь бөгөөд мэргэн ухаан, мэдлэг ба авралын баялаг мөн. ЭЗЭНээс эмээхүй нь түүний эрдэнийн сан билээ. 7 Үзэгтүн, тэдний зоригтнууд нь гудамжинд уйлалдаж, энхийн элч нар нь гашуудан цурхирна. 8 Их замууд хоосрон, аялагчид алга болов. Тэр гэрээг зөрчиж, хотуудыг сүйтгэн, хүнийг ойшоосонгүй. 9 Газар нь гашуудан хатав. Ливан нь ичин гандав. Шарон нь эзгүй тал мэт болов. Башан ба Кармел ч навчнуудаа гөвөв. 10 "Одоо Би босно" гэж ЭЗЭН айлдаж байна. "Одоо Би өргөмжлөгдөнө. Одоо Би өргөгдөнө. 11 Та нар өвсөөр жирэмсэлж, сүрэл төрүүлнэ. Амьсгал чинь та нарыг гал мэт шатаана. 12 Хүмүүс нь далдуу мод мэт, галд шатаж буй тастагдсан үүргэнэ мэт шатна. 13 Холынхон та нар, Миний юу хийснийг сонсож, ойрынхон та нар, Миний хүчийг мэдэгтүн" гэв. 14 Сион дахь нүгэлтнүүд айж, бурхангүй хүмүүс түгшүүрт автав. "Бидний хэн маань түймэрдэгч галын дотор амьдарч чадах вэ? Бидний хэн нь мөнхөд шатсаар амьдарч чадах вэ?" 15 Зөв шударгаар явж, үнэнийг өгүүлж, шударга бус олзыг жигшиж, хахууль авахаас гараа хол байлган, цус урсгах талаар сонсохгүйн тулд чихээ бөглөн, мууг үзэхгүйн тулд нүдээ аньдаг 16 хүн өндөрт заларч, түүний хоргодох газар нь хадан бэхлэлт байх болно. Түүнд талхыг нь өгч, ус нь элбэг байх болно. 17 Чиний нүд гоо үзэсгэлэнт Хааныг харж, тэд алс холын газрыг үзнэ. 18 Чиний зүрх "Тооллого хийгч хаана байна? Татвар хураагч хаа байна? Цамхаг хянагч хаа байна?" гэж аюулыг тунгаан бодно. 19 Хэн ч ойлгохгүй бэрх яриатай, хэн ч үл ойлгох харь хэлтэй догшин хүмүүсийг чи цаашид харахгүй. 20 Манай баяр наадамд тохоогдсон хот Сионыг харагтун. Энх амгалангийн орон, гадаснууд нь хэзээ ч сугарахгүй, нэг ч аргамж нь тасрахгүй, эвхэгдэхгүй майхан болон Иерусалимыг үзнэ. 21 Тэнд цог жавхлант Нэгэн болох ЭЗЭН бидний төлөө байх болно. Ингэхдээ гол, өргөн сувгийн газар мэт болж, түүгээр сэлүүрт завь хийгээд усан онгоц ч өнгөрөхгүй. 22 Учир нь ЭЗЭН бол бидний шүүгч, ЭЗЭН бол бидний хууль тогтоогч, ЭЗЭН бол бидний хаан мөн бөгөөд Тэр биднийг аварна. 23 Чиний аргамж тайлагдаж, шургийн суурь нь уягдахгүй, дарвуул дэлгэж чадахгүй. Тэр үед тансаг их олз омог чинь хуваагдаж, доголон хүн ч хувь хүртэнэ. 24 "Би өвчтэй байна" гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй. Тэнд амьдарч байгаа хүмүүсийн нүгэл нь уучлагдах болно.
1 Үндэстнүүд ээ, сонсохын тулд ойртогтун. Ард түмнүүд ээ, чагнагтун. Газар ба түүнийг дүүргэгч бүхэн сонсогтун. Ертөнц ба түүнээс гарсан бүхэн сонсох болтугай. 2 Учир нь ЭЗЭНий зэвүүцэл бүх үндэстнүүдийн эсрэг байж, уур хилэнгээ тэдний бүх цэргийн эсрэг гаргаж, тэднийг бүрмөсөн устгалаа. Тэднийг Тэр алуурчинд өгсөн болой. 3 Тэдний алагдагсдыг гаргаж хаяхад хүүр нь өмхийрч, тэдний цус нь ууланд нэвчив. 4 Тэнгэрийн бүх дайчид харваж, тэнгэр ч хуйлмал ном мэт хуйлагдах болно. Тэдний бүх эзэд нь бас усан үзмийн ороонгын навч, инжрийн модны инжир унадаг шиг унана. 5 Учир нь Миний илд тэнгэрт согтоод, Миний бүрмөсөн устгасан ард түмний дээр Едомыг шүүхээр бууна. 6 ЭЗЭНий илд цусаар бялхсан байна. Илд нь хурга ямааны цусаар дүүрч, хуцын бөөрний өөхөнд цадав. Учир нь ЭЗЭН Бозрад тахилтай, Едомын газарт их аллагатай ажээ. 7 Бас зэрлэг шар тэдэнтэй, залуу бух хүчит нэгэнтэй хамт унаж, тэдний газар нь цусаар нэвчиж, тоос шороо нь өөхтэй хутгалдаж тослог болно. 8 Учир нь Сионд хариуг нь өгөх жил, өшөө авалтын өдөр ЭЗЭНд бий. 9 Едомын урсгалууд нь давирхай болж, хөрс нь шатаж буй хүхэр болон хувирах бөгөөд газар нь шатаж буй давирхай болно. 10 Тэр нь өдөр ч, шөнө ч унтрахгүй, утаа нь мөнхөд суунаглана. Энэ нь үеийн үед эзгүйрэн, үүрд мөнхөд түүгээр хэн ч өнгөрөхгүй. 11 Харин тэнд ятуу, зараа нутаглан, шар шувуу, хэрээ үүрлэнэ. Тэр Едомын дээгүүр эзгүйрлийн шугам болон хоосролын хүндрүүлэгч татна. 12 Едомын язгууртнуудын дотроос хаан гэж дуудагдах хүнгүй болж, тэдний ноёд нь бүгдээрээ юу ч биш болно. 13 Бэхлэгдсэн цамхгууд болон хотуудынх нь дотор үүргэний бут, өргөст халгай ургаж, цөөвөр чонын орогнох газар, тэмээн хяруулын нутаг болно. 14 Тэнд цөлийн араатнууд чононцортой тааралдаж, мөн үсэрхэг ямаа ижлээ дуудан орилно. Тийм ээ, шөнийн мангас тэнд суурьшиж, амрах газраа олно. 15 Тэнд суман могой үүрээ засаж хэвтэн, өндгөө дарж, тэднийгээ нөмөр дороо цуглуулна. Тийм ээ, шонхрууд төрөл төрлөөрөө цуглана. 16 ЭЗЭНий номоос олоод уншигтун. Тэдгээрийн нэг нь ч алга болохгүй, нэг нь ч ижлээ алдахгүй. Учир нь Түүний ам айлдаж, Түүний Сүнс тэднийг цуглуулсан юм. 17 Тэр тэдний төлөө шавга хаясан. Түүний мутар үүнийг тэдэнд хэмжээгээр нь хувааж өгсөн. Тэд энэ газрыг мөнхөд эзэмшиж, үеийн үед энд орших болно.
1 Зэлүүд газар, цөл баярлан, Араба ч баясан, замар цэцэг мэт дэлгэрнэ. 2 Энэ нь машид улам дэлгэрч, цэнгэн баясаж, баяр хөөртэйгээр хашхирна. Ливаны алдар, Кармел ба Шароны сүр хүч түүнд өгөгдөнө. Тэд ЭЗЭНий алдар, бидний Бурханы цог жавхланг харна. 3 Тэнхэлгүй гарыг хүчтэй болгон, суларсан өвдгийг бататгагтун. 4 Хулчгар зүрхтнүүдэд "Зоригтой бай. Бүү ай. Үзэгтүн, та нарын Бурхан өшөө авахаар ирнэ. Бурхан хариуг нь өгөхийн тулд ирэхдээ та нарыг аварна" гэж хэлэгтүн. 5 Тэгээд сохрын нүд нээгдэж, дүлийгийн чих нь онгойно. 6 Тэгээд доголон хүн буга мэт дүүлж, хэлгүй нь баяртайгаар хашхирна. Учир нь цөлөөс ус гарч, Арабад урсана. 7 Хатсан газар цөөрөм болж, цангасан газарт ус ундран, цөөвөр чонын үүр хоноглох газруудад өвс ургамал хулс, зэгснүүд ургана. 8 Тэнд нэгэн их зам харгуй буй болж, Ариун Их Зам гэж нэрлэгдэнэ. Түүгээр бузар нь явахгүй, харин тэнэг хүмүүс түүгээр алхсан ч тэд замаасаа үл төөрнө. 9 Тэнд нэг ч арслан алга, ямар ч махчин араатан гарч ирэхгүй. Тэнд тэд олдохгүй. Харин золигдогсод л түүгээр алхана. 10 ЭЗЭНий золин авсан хүмүүс буцаж, баяр хөөртэй хашхиралдан Сион уруу ирнэ. Тэдний толгой дээр үүрдийн баясгалан байна. Уй гашуу, санаа алдалт зугтан одож, тэд баяр баясгалан, аз жаргалыг олно.
1 Хезекиа Хааны арван дөрөв дэх жилд, Ассирийн хаан Сеннахериб Иудагийн бүх бэхлэгдсэн хотууд уруу довтлон ирж, эзлэн авав. 2 Ассирийн хаан Лахишаас Иерусалим тийш Хезекиа Хаан уруу Рабшакег их цэргийн хамт илгээв. Тэр угаагчийн газрын зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойролцоо зогслоо. 3 Тэгэхэд Хилкиагийн хөвгүүн Елиаким, ордны даамал гүүш Шебна, Асафын хөвгүүн хэрэг хөтлөгч Иоа нар түүн уруу очив. 4 Рабшаке тэдэнд —Одоо Хезекиад хэл. "Агуу хаан болох Ассирийн хаан үүнийг хэлж байна. «Чамд байгаа энэ итгэл юу юм бэ? 5 "Дайтахад зориулсан зөвлөгөө, хүч чинь зөвхөн хоосон үгс юм" гэж би хэлж байна. Эдүгээ чи хэнд найдаж миний эсрэг тэрсэлнэ вэ? 6 Харагтун, чи энэ хугарсан хулсан таяг болох Египетэд найдаж байна. Хэрэв хүн энэ таягийг түшвэл тэр нь алгыг нь шааж, цоо хатгана. Египетийн хаан Фараон өөрт нь түшиглэгч бүгдийг ингэдэг юм. 7 Хэрэв та нар надад "Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд найдна" гэж хэлэх юм бол, тэр чинь Хезекиагийн "Та нар Иерусалим дахь энэ тахилын ширээний өмнө мөргөгтүн" гэж Иуда, Иерусалимд хэлээд, зайлуулж байсан өнөөх мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийн Эзэн юм биш үү? 8 Ийм учраас одоо ирж, миний эзэн Ассирийн хаантай наймаа хийгтүн. Хэрэв танай хүмүүс морь унаж чадах юм бол би чамд хоёр мянган морьд өгье. 9 Чи миний эзний боолуудаас хамгийн дорд түшмэлийг няцаан, тэрэг ба морин цэргийн талаар Египетэд найдаж яаж чадна вэ? 10 Энэ газрыг устгах ЭЗЭНий зөвшөөрөлгүйгээр би эдүгээ ийшээ довтлох байсан гэж үү? ЭЗЭН надад "Энэ газрын эсрэг явж, устга" гэж айлдсан билээ»" гэв. 11 Тэгэхэд Елиаким, Шебна, Иоа нар Рабшакед хандан —Эдүгээ та боолуудтайгаа арамей хэлээр яригтун. Бид ойлгоно. Хэрэм дээр байгаа хүмүүст сонсогдохоор иудей хэлээр бидэнтэй бүү яригтун гэв. 12 Гэтэл Рабшаке —Миний эзэн эдгээр үгсийг хэлүүлэхийн тулд намайг зөвхөн танай эзэн хийгээд та нар уруу явуулсан гэж үү? Та нартай хамт өөрсдийн баасаа идэж, шээсээ уух тавилантай хэрмэн дээр сууж байгаа тэдгээр хүмүүс уруу бас илгээгээгүй гэж үү? гэв. 13 Тэгээд Рабшаке босож зогсон иудей хэлээр, чанга дуугаар хашхиран —Агуу хаан болох Ассирийн хааны үгсийг сонсогтун. 14 Хаан үүнийг хэлж байна. "Хезекиад бүү мэхлэгд. Учир нь тэр та нарыг аварч чадахгүй. 15 Хезекиа та нарыг ЭЗЭНд итгүүлэхийн тулд «ЭЗЭН биднийг заавал аварна. Энэ хотыг Ассирийн хааны гарт өгөхгүй» гэж буй ятгалгад бүү ор". 16 Ассирийн хаан ингэж өгүүлж байна. "Хезекиаг бүү сонс. Та нар надтай найрамдан, над уруу гарч ирэгтүн. Та нар өөрсдийн усан үзэм, инжрийн модны жимсийг идэж, нөөцлүүрийнхээ уснаас ууцгаа. 17 Дараа би ирж, та нарыг танай төрөлх нутаг шиг үр тариа, шинэ дарс, талх, усан үзмийн тариалангийн нутагт аваачна. 18 Хезекиа та нарыг «ЭЗЭН биднийг аварна» гэж мэхлэхээс сэрэмжил. Улс үндэстнүүдийн бурхдын дотроос Ассирийн хааны гараас газар нутгаа аварсан ямар нэгэн бурхан байна уу? 19 Хамат, Арпадын бурхад хаана байна вэ? Сефарваимын бурхад хаана байна? Хэзээ тэд миний гараас Самарийг аварсан юм бэ? 20 Эдгээр газруудын бүх бурхдын дотроос хэн нь миний гараас газар нутгаа аварсан юм бэ? Тэгэхэд ЭЗЭН миний гараас Иерусалимыг аварна гэж үү?" гэв. 21 Гэвч тэд чимээгүй байж, түүнд нэг ч үг хариулсангүй. Учир нь хаан "Түүнд бүү хариулагтун" гэж тушаасан байлаа. 22 Тэгээд ордны даамал Хилкиагийн хүү Елиаким, гүүш Шебна, хэрэг хөтлөгч Асафын хүү Иоа нар уранхай хувцастайгаа Хезекиа уруу ирж, Рабшакегийн үгийг түүнд айлтгав.
1 Хезекиа хаан үүнийг сонсмогц, хувцсаа урж, таар нөмрөн, ЭЗЭНий өргөөнд оров. 2 Тэрээр ордны даамал Елиаким, гүүш Шебнаг тахилч нарын настангуудын хамт, таар нөмөргөн, Амозын хүү эш үзүүлэгч Исаиа уруу илгээв. 3 Тэд Исаиад —Хезекиа ингэж хэлэв. "Энэ өдөр бол зовлон, зэмлэл, гутамшгийн өдөр юм. Учир нь төрж буй хүүхэд умайн амсарт ирсэн боловч төрүүлэх чадвар алга. 4 Амьд Бурханыг доромжлохоор, өөрийн эзэн Ассирийн хаанаас илгээгдсэн Рабшакегийн үгийг таны Бурхан ЭЗЭН сонсох биз. Таны Бурхан ЭЗЭН сонссон үгийнхээ төлөө түүнийг зэмлэнэ биз ээ. Тиймээс үлдсэн амьд хүмүүсийн төлөө залбирлаа өргөөч" гэжээ. 5 Ингээд Хезекиа хааны зарц нар Исаиа уруу ирэв. 6 Исаиа тэдэнд —Та нар эзэндээ ингэж хэлэгтүн. ЭЗЭН ийн айлдаж байна. "Намайг доромжилсон Ассирийн хааны боолуудын үгс буюу чамд сонсогдсон тэдгээр үгсээс бүү айгтун. 7 Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад, тэр нэг мэдээ сонсоод өөрийн нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана" гэв. 8 Дараа нь Рабшаке буцаж ирээд, Ассирийн хаан Лахишийг орхисныг сонсоод, түүнийг Либнагийн эсрэг дайтаж байхад нь олов. 9 Мөн Кушийн хаан Тирхакагийн тухай "Тэр өөртэй чинь дайтахаар хөдөлсөн" гэхийг сонсоод тэр Хезекиад элч нарыг илгээж, — 10 Та нар Иудагийн хаан Хезекиад ингэж хэл. "Чиний итгэдэг Бурхан «Иерусалим Ассирийн хааны гарт өгөгдөхгүй» хэмээн чамайг бүү мэхлэг. 11 Үзэгтүн, Ассирийн хаад бүх газруудыг бүрэн устгаж, юу хийснийг нь чи сонссон билээ. Тэгэхээр чи аврагдана гэж үү? 12 Гозан, Харан, Резеф болон Телассарт байсан Едений хөвгүүдийг миний эцэг өвгөд устгахад тэр үндэстнүүдийн бурхад тэднийг аварсан уу? 13 Хаматын хаан, Арпадын хаан, Сефарваимын хотын хаан болон Хена, Иввагийн хаад хаана байна?" гэв. 14 Тэгэхэд Хезекиа элч нарын гараас захидлыг авч уншаад, ЭЗЭНий өргөө уруу явж, уг захидлыг ЭЗЭНий өмнө дэлгэв. 15 Хезекиа ЭЗЭНд залбиран, 16 "Херубуудын дээр залрагч Израилийн Бурхан болох түмэн цэргийн ЭЗЭН, Та бол дэлхий дээрх бүх хаанчлалуудын ганцхан Бурхан мөн. Та тэнгэр, газрыг бүтээсэн. 17 ЭЗЭН, чих тавин сонордооч. ЭЗЭН, мэлмий талбин үзээч. Амьд Бурханыг доромжлохоор илгээсэн Сеннахерибын бүх үгсийг сонсооч. 18 Өө, ЭЗЭН, Ассирийн хаад үнэхээр бүх улс орон, мөн газар нутгийг нь сүйтгээд, 19 тэдний бурхдыг нь галд хаясан. Учир нь тэдгээр нь бурхад бус, харин хүний гарын бүтээл, мод чулуу байв. Тиймээс тэд устсан билээ. 20 Бидний Бурхан ЭЗЭН, дэлхийн бүх хаанчлалуудад ЭЗЭН болох Та бол цорын ганц Бурхан гэдгийг мэдүүлэхийн тулд одоо биднийг түүний гараас авраач" гэв. 21 Тэгээд Амозын хүү Исаиа Хезекиад үг илгээн, "Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Ассирийн хаан Сеннахерибын талаар чи Надад залбирсан учраас 22 түүний эсрэг ЭЗЭНий айлдсан үг нь энэ юм. "Чамайг Сионы онгон охин басамжлан элэглэв. Чиний араас Иерусалимын охин толгойгоо сэгсрэв. 23 Чи хэнийг басамжлан доромжилсон бэ? Чи хэний эсрэг дуугаа өндөрлөн, ихэмсгээр нүдээ өргөв? Израилийн Ариун Нэгэний эсрэг! 24 Чи боолуудаараа дамжуулан Эзэнийг доромжилж, «Би өөрийн олон тэргээр уулсын өндөрлөгүүдэд, Ливаны хамгийн алслагдсан хэсгүүдэд хүрлээ. Би тэндхийн өндөр хуш, шилмэл нарс моддыг тас цавчлаа. Би түүний хамгийн өндөр оргил, хамгийн өтгөн ойд хүрч очно. 25 Би малтаж, ус ууж, хөлийнхөө улаар Египетийн бүх голыг хатаасан билээ» гэсэн. 26 Чи сонсоогүй юм уу? Би үүнийг өнө эртнээс төлөвлөж, дээр үед хийсэн юм. Одоо Би үүнийг биелүүлэхээр авчирлаа. Ингэснээр чи бэхлэгдсэн хотуудыг нуранги балгас болгон эргүүлэх юм. 27 Ийм учраас тэдний оршин суугчид чадал дутаж, айн түгшиж, ичгүүрт орсон. Тэд хээр талын өвс, ногоо шиг байшингийн орой дээр ургаж нахиалахаасаа өмнө хатдаг өвс мэт болов. 28 Гэвч Би чиний суух, гарах, орохыг болон Миний эсрэг уурлахыг чинь ч мэднэ. 29 Чи Миний эсрэг уурлаж, чиний дээрэлхүү зан Миний чихэнд хүрсэн учраас Би Өөрийн дөрийг чиний хамарт зүүж, амыг чинь хазаарлаж, ирсэн замаар чинь чамайг буцаана. 30 Тэгээд энэ нь чамд тэмдэг болно. Энэ жил чи юу ургасныг нь идэж, хоёр дахь жилд мөн түүнээс юу гарсныг нь идэж, гурав дахь жил нь тарьж хураан, усан үзэм тариалж, түүнийхээ үр жимсийг идэх болой. 31 Иудагийн гэрийн амьд үлдэгсэд дахин доогуураа үндэслэн, дээгүүрээ үр жимс гаргах болно. 32 Учир нь Иерусалимаас үлдэгсэд, Сион уулаас аврагдагсад гарч ирнэ. Түмэн цэргийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлнэ"» гэв. 33 Тийм учраас Ассирийн хааны талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. «Тэр энэ хот уруу ирэхгүй, нум сумаар ч харвахгүй. Хотын өмнө тэрээр бамбайтай ирэхгүй, бүслэлт овоо ч босгохгүй. 34 Тэр ирсэн замаараа буцах болно. Тэр энэ хот уруу ирэхгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 35 «Учир нь Би Өөрийнхөө төлөө болон Миний зарц Давидын төлөө энэ хотыг аврахын тулд түүнийг хамгаалах болно»" гэж хэлэв. 36 Тэгтэл ЭЗЭНий тэнгэр элч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод хартал, тэд бүгд үхдэл болсон байжээ. 37 Тэгээд Ассирийн хаан Сеннахериб хөдлөн, буцаж, Ниневед амьдрав. 38 Түүнийг өөрийн Нисрох бурхны сүмдээ мөргөл үйлдэж байхад нь хөвгүүд нь болох Адраммелех, Шарезер нар түүнийг илдээр алаад, өөрсдөө Арарат нутаг уруу зугтав. Түүний оронд хүү Есархаддон нь хаан болжээ.
1 Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болов. Амозын хүү эш үзүүлэгч Исаиа түүн уруу ирээд, —ЭЗЭН ингэж айлдаж байна. "Гэрээ засагтун. Учир нь чи амьдрахгүй, үхнэ" гэсэн. 2 Тэгэхэд Хезекиа нүүрээ хана уруу эргүүлэн, ЭЗЭНд залбиран, 3 "Өө, ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайн үйлийг үйлдэж байсныг одоо санаач" гэж хэлээд, цурхиран уйлав. 4 Тэгэхэд ЭЗЭНий үг Исаиад ирж, — 5 Явж, Хезекиад "Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чиний өдрүүд дээр арван таван жилийг нэмнэ. 6 Би чамайг болон энэ хотыг Ассирийн хааны гараас аварна. Би энэ хотыг хамгаална»" гэж хэл. 7 Дараах зүйл нь ЭЗЭН Өөрийн амласан ёсоор хийхийг ЭЗЭНээс ирэх тэмдэг болно. 8 Үзэгтүн, Би Ахазын шатан дээгүүр өнгөрсөн нарны сүүдрийг арван алхмаар ухраана гэв. Тэгэхэд шатан дээгүүр өнгөрсөн нар арван алхмаар буцав. 9 Иудагийн хаан Хезекиа илааршсаныхаа дараа ийнхүү бичив. 10 "Би амьдралынхаа дунд үед Үхэгсдийн орны дааман хаалгаар орж, өөрийнхөө он жилүүдийн үлдэгдлийг алдах ёстой боллоо" гэж би хэлсэн. 11 "Би амьдын газарт ЭЗЭНийг, ЭЗЭНийг харахгүй. Би ертөнцийн оршин суугчдын дотор хүмүүнийг дахин харахгүй" гэж би хэлсэн. 12 "Хоньчны майхан мэт миний гэр орныг буулган авч надаас зайлуулав. Нэхмэлчин шиг би амьдралаа хуйлав. Тэр намайг нэхмэлийн сууринаас тастав. Өдрөөс шөнө болтол Та миний төгсгөлийг хийдэг. 13 Өглөө болтол би тэвчивч, Тэр миний бүх ясыг арслан мэт хэмхчинэ. Өдрөөс шөнө болтол Та миний төгсгөлийг хийдэг. 14 Би хараацай мэт, тогоруу мэт дуугаран, тагтаа мэт гашуудаж байна. Өөдөө ширтсээр миний нүд чилжээ. Эзэн, би шаналж байна. Миний хамгаалалт байгаач. 15 Би юу хэлэх вэ? Учир нь Тэр надад айлдсанаа Өөрөө хийж байна. Сэтгэлийнхээ гашуудлаас болж би бүх он жилүүддээ төлөв даруу явна. 16 Эзэн минь. Хүмүүс эдгээрээр амьдраг. Энэ бүхэнд миний сүнс бий. Намайг эдгээж, амьдруулаач. 17 Би өөрийн жаргалын төлөө их зовлон амссан. Та миний сүнсийг сүйрлийн нүхнээс хамгаалав. Учир нь миний бүх нүглийг Та нурууныхаа араар хаясан. 18 Учир нь Үхэгсдийн орон Танд талархаж чадахгүй, үхэл Таныг магтаж чадахгүй. Нүхэнд орогчид нь Таны итгэмжит байдалд найдаж чадахгүй юм. 19 Өнөөдөр миний үйлдэж байгаачлан амьд буй нь Танд талархал өргөнө. Эцэг нь хөвгүүддээ Таны итгэмжит байдлын тухай сургамжилна. 20 ЭЗЭН намайг заавал аварна. Тэгээд ЭЗЭНий өргөөнд бүх амьдралынхаа өдрүүдийн турш бид чавхдаст хөгжмөөр миний дууг тоглоно". 21 Одоо Исаиа —Инжрийн хатаамлыг авч, хатиг дээр наагтун. Тийнхүү тэр эдгэнэ гэж хэлэв. 22 Тэгэхэд Хезекиа —Би ЭЗЭНий өргөө уруу очино гэсэн ямар тэмдэг байх вэ? гэв.
1 Тэр үед Вавилоны хаан Баладаны хүү Меродах-баладан түүнийг өвчтэй байгаад эдгэрсэн гэдгийг дуулаад, Хезекиад захидал, бэлэг илгээв. 2 Хезекиа түүнд нь ихэд хөөрч, тэдэнд өөрийн бүх эрдэнэсийн сан, мөнгө, алт, амтлагч, үнэт тос, өөрийн бүх зэр зэвсэг болон өөрийн эрдэнэсийн санд байсан бүгдийг үзүүлэв. Хезекиагийн тэдэнд үзүүлээгүй нэг ч зүйл түүний гэрт, бүх эзэмшилд үлдсэнгүй. 3 Тэгэхэд эш үзүүлэгч Исаиа Хезекиа хаан уруу ирж, —Энэ хүмүүс юу ярьж байна вэ? Тэд хаанаас чамайг зорьж ирэв? гэж асуухад Хезекиа —Тэд алс холын орон, Вавилоноос над уруу ирсэн гэж хариулав. 4 Исаиа —Тэд таны гэрт юу үзэв? гэхэд Хезекиа —Тэд гэрт минь байгаа бүхнийг үзсэн. Тэдэнд үзүүлээгүй юм миний эрдэнэсийн санд байхгүй гэв. 5 Тэгэхэд Исаиа Хезекиад —Түмэн цэргийн ЭЗЭНий үгийг сонсогтун. 6 "Үзэгтүн, чиний гэрт байгаа бүхэн, чиний эцэг өвгөдийн энэ өдрийг хүртэл цуглуулсан бүхнийг Вавилон уруу зөөх өдрүүд ирж байна. Юу ч үлдэхгүй" гэж ЭЗЭН айлдаж байна. 7 "Чиний үр удам, чиний төрүүлэх хөвгүүдээс чинь аваачигдана. Тэд Вавилоны хааны ордонд тайган түшмэд болно" гэжээ. 8 Тэгэхэд Хезекиа Исаиад —Таны хэлсэн ЭЗЭНий үг нь сайн юм гэв. Учир нь тэр "Миний өдрүүдэд амар амгалан, үнэн байх болно" гэж бодсон юм.
1 "Миний ард түмэн тайвшрагтун, тайвшрагтун" хэмээн та нарын Бурхан айлдаж байна. 2 Иерусалимын зүрхэнд эелдэг ярь. Түүний хүнд хүчир үүрэг дууссан, түүний хилэнц зайлуулагдсан. Тэр бүх л нүглийнхээ төлөө ЭЗЭНий мутраас хоёр дахин хүлээн авсан гэдгийг хэлэгтүн. 3 Хашхирагч нэгний дуу "Зэлүүд талд ЭЗЭНд зориулан зам засагтун. Манай Бурханд зориулан цөлд их замыг тэгш болгогтун. 4 Хөндий бүр өргөгдөж, уул толгод бүр нам болж, барзгар газар нь тэгш, гүдгэр газар тэгш хөндий бологтун. 5 Дараа нь ЭЗЭНий алдар илэрхийлэгдэж, бүх махан бие хамтдаа үзнэ. Учир нь ЭЗЭНий ам айлдлаа" гэв. 6 Нэгэн дуу "Дуудагтун" гэсэнд би "Би юуг дуудах вэ?" гэж хариулав. Бүх махан бие нь өвс бөгөөд түүний бүх сүр жавхлан нь талын цэцэг мэт юм. 7 ЭЗЭНий амьсгал дээрээс нь үлээвэл өвс хатаж, цэцэг гандана. Хүмүүс үнэхээр өвс юм. 8 Өвс хатаж, цэцэг гандана. Харин бидний Бурханы үг мөнхөд тогтоно. 9 Сайн мэдээг үүрэгч Сион оо! Өндөр уулан дээр гарагтун. Сайн мэдээг үүрэгч Иерусалим аа! Дуугаа чанга өргөгтүн. Өргөгтүн! Бүү айцгаа. "Та нарын Бурхан энд байна" хэмээн Иудагийн хотуудад хэлэгтүн. 10 Үзэгтүн, Эзэн БУРХАН хүч чадалтайгаар ирж, мутраараа Өөрийнхөө төлөө захирна. Үзэгтүн, шагнал нь Түүнтэй хамт, хариу нь Түүний өмнө байна. 11 Тэр хоньчин мэт сүргээ хариулж, Өөрийн мутарт хургануудаа цуглуулан цээжиндээ тэврээд, хургатай хонийг алгуур хөтөлнө. 12 Хэн усыг гарынхаа алганд хэмжиж, тэнгэрийг төөлсөн бэ? Хэн газрын тоосыг хэмжүүрээр тоолж, уулсыг жинлүүрээр жинлэн, толгодыг хос дэнсээр дэнсэлсэн бэ? 13 Хэн ЭЗЭНий Сүнсийг удирдан, эсвэл Түүний зөвлөх нь болж, Түүнийг сургасан бэ? 14 Хэнтэй Тэр зөвлөлдөн, хэн Түүнд ухаарлыг өгсөн бэ? Хэн Түүнд шударга ёсны замыг заан, мэдлэгийг сургаж, ухаарлын замыг мэдүүлсэн бэ? 15 Үзэгтүн, үндэстнүүд бол хувин доторх дусал мэт хийгээд дэнсэн дээрх тоосны ширхэг мэт тооцогддог. Үзэгтүн, Тэр арлуудыг нарийн тоос мэт өргөнө. 16 Ливан ч хүртэл шатаахад хангалтгүй, араатан амьтад нь ч шатаалт тахилд зориулахад хангалтгүй билээ. 17 Бүх үндэстэн Түүний өмнө юу ч биш, тэд Түүнд утгагүй, хэрэггүй юм мэт үнэлэгддэг. 18 Тэгвэл та нар Бурханыг хэнтэй адилтгах юм бэ? Та нар Түүнийг ямар дүртэй зүйрлэх вэ? 19 Шүтээний хувьд гэвэл, түүнийг дархан хүн цутгаж, алтны дархан алтаар бүрж, мөнгөний дархан мөнгөн оосрыг нь хийдэг. 20 Иймэрхүү өргөлд хэтэрхий ядуу нь өмхөрдөггүй модыг өөртөө сонгодог. Үл хөдлөх шүтээнийг бүтээхийн тулд тэр уран дархныг хайдаг. 21 Та нар мэдэхгүй гэж үү? Та нар сонсоогүй гэж үү? Эхнээсээ та нарт үүнийг зарлаагүй гэж үү? Дэлхийн сууриас та нар ойлгоогүй юу? 22 Царцаанууд шиг оршин суугчидтай дэлхийн тойрог дээр залрагч нь Тэр билээ. Тэр тэнгэрийг хөшиг мэт татаж, майхан мэт дэлгэн оршдог. 23 Тэр захирагчдыг юу ч биш болгон, газрын шүүгчдийг хэрэггүй болгоно. 24 Тэднийг дөнгөж таригдаад, үрслэгдээд, үндэс нь газарт үндэслэмэгц, Тэр тэдэн уруу үлээдэг. Тэд хатаж, сүрэл мэт шуурганд хийснэ. 25 "Тэгвэл та нар Намайг хэнтэй адилтгаж, хэнтэй тэнцүүлэх вэ?" гэж Ариун Нэгэн айлдаж байна. 26 Нүдээ өндөрт өргөн тэдгээрийг хэн бүтээснийг харагтун. Тэдгээр оддын эздийг тоогоор нь авчрагч Нэгэн тэднийг бүгдийг нь нэрээр нь дууддаг юм. Түүний агуу их хүч, сүр жавхлангийн улмаас тэдгээрээс нэг нь ч алдагдаагүй. 27 "Миний зам ЭЗЭНээс нуугдаж, үйлсийг минь миний Бурхан мартсан" гэж чи яагаад өгүүлнэ вэ, Иаков оо? Чи юунд ярина вэ, Израиль аа? 28 Чи мэдэхгүй гэж үү? Чи сонсоогүй гэж үү? Мөнхийн Бурхан болох ЭЗЭН дэлхийн хязгаарыг Бүтээгч нь эцэж туйлддаггүй юм. Түүний ухаан нь хязгааргүй. 29 Тэр ядарсанд тэнхээ өгч, чадал дутагдсанд нь хүч нэмдэг. 30 Залуу хүн ч ядарч сульдан, идэр хөвгүүд ч бүдэрдэг. 31 Харин ЭЗЭНд найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Тэд гүйхдээ үл ядран, алхахдаа үл цуцна.
1 "Эргийн орнууд аа. Намайг чимээгүй сонсогтун. Ард түмнүүд хүчээ шинэчлээд урагшлан ирж, ярилцаг. Шүүхэд цөмөөрөө хамт орцгооё. 2 Хэн дорно зүгээс нэг хүнийг босгох вэ? Тэр түүнийг үнэн зөв дотор Өөрийн хөл уруу дуудна. Тэр түүний өмнө үндэстнүүдийг тушаан авчирж, хаадыг дардаг. Тэр илдээрээ тэднийг тоос мэт, нумаараа салхинд хийссэн хагд өвс мэт болгов. 3 Тэр тэднийг хөөж, урьд хөл тавьж байгаагүй замаар амар тайван өнгөрнө. 4 Хэн эхнээс нь үе удмаар дуудан авчирж, үүнийг хийж гүйцэтгэсэн бэ? ЭЗЭН Би бол эхлэл, төгсгөлтэй хамт байна. Би бол Тэр мөн". 5 Эргийн орнууд үзээд айж, дэлхийн хязгаарууд чичирлээ. Тэд ойртон ирлээ. 6 Хүн бүр хөршдөө туслан, ах дүүдээ "Зоригтой бай" гэж өгүүлнэ. 7 Ингэж дархан нь хайлуулагчийг зоригжуулж, лантуучин нь дөшчингөө зоригжуулна. Гагнаасны талаар "Сайн байна" гээд тэр түүнийг ганхуулахгүйн тулд хадаасаар бөхөлнө. 8 "Харин миний боол Израиль аа! Миний сонгосон Иаков оо! Миний найз Абрахамын үр удам аа! 9 Би чамайг дэлхийн хязгаараас авч, хамгийн алслагдсан хэсгээс дуудаж, чамд хэлсэн. «Чи Миний боол. Би чамайг сонгосон. Чамайг голоогүй. 10 Би чамтай хамт байгаа тул бүү ай! Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална. Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална». 11 Үзэгтүн, чамд хилэгнэсэн бүхэн гутаагдаж, хүндлэгдэхгүй. Чамтай маргалдагчид юу ч биш болж, сөнөнө. 12 Чамтай маргалдагчдыг чи эрэвч олохгүй. Чамтай дайтагчид юу ч биш болж, оршин тогтнохгүй. 13 Учир нь Би бол чиний баруун гараас атгадаг чиний Бурхан ЭЗЭН билээ. Би чамд «Бүү ай. Би чамд тусална» гэж айлдаж байна. 14 Бүү айгтун. Өт Иаков, Израилийн эрчүүд ээ. Би чамд тусална. Чиний Золигч бол Израилийн Ариун Нэгэн юм" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 15 Үзэгтүн, Би чамайг хоёр давхар үзүүртэй, шинэ, хурц лантуу болгоно. Чи уулсыг бутлан, нунтаглаж, толгодыг сүрэл мэт болгоно. 16 Чи тэднийг шигшинэ. Салхи тэднийг хийсгэн, шуурга тэднийг тараан хаяна. Харин чи ЭЗЭНд баярлаж, Израилийн Ариун Нэгэнээр бахархах болно. 17 Үгээгүй, ядуус ус эрсэн боловч байсангүй. Цангаснаас болж тэдний хэл хатжээ. ЭЗЭН Би Өөрөө тэдэнд хариулж, Израилийн Бурхан Би тэднийг мартахгүй. 18 Би нүцгэн өндөрлөгүүд дээр гол урсуулж, хөндийн дунд булаг ундруулна. Би зэлүүд газрыг усан цөөрөм болгож, хатсан газрыг усны ундарга болгоно. 19 Би зэлүүд газарт хуш, хуайс мод, мирт хийгээд чидун моддыг тавьж, цөлд арц, жодоо, нарс модыг хамт суулгана. 20 Ингэснээр тэд үүнийг ЭЗЭНий мутар хийсэн, Израилийн Ариун Нэгэн бүтээсэн гэдгийг үзэж харан, танин мэдэх болой. 21 "Ажил хэргээ танилцуулагтун" гэж ЭЗЭН айлдаж, "Хүчтэй баримтуудаа авчрагтун" гэж Иаковын Хаан айлдаж байна. 22 Тэдгээрийг авчир. Юу болж байгааг бидэнд хэлэг. Урьд юу болсон талаар бидэнд танилцуулж мэдүүлэг. Бид түүнийг нь тунгаан үзэж, үр дүнг нь мэдье. Эсвэл юу болох талаар бидэнд мэдүүлэг. 23 Ирээдүйд болох юмсыг мэдүүлэгтүн. Тэгвэл бид та нарыг бурхад гэж мэдэх болно. Үнэхээр сайн, эсвэл мууг үйлдэгтүн. Тэгвэл бид үзэн гайхаж, хамтдаа айя. 24 Харагтун, гэвч та нар юу ч биш бөгөөд та нарын ажил хэрэг хоосон. Та нарыг сонгогч нь жигшүүртэй. 25 Би умард зүгээс нэгнийг босгоход, тэр ирнэ. Наран ургах зүгээс тэр Миний нэрээр дуудна. Ваарчин шаврыг гишгэдэг шиг тэрээр үхдэл мэт захирагчдын дээр гарна. 26 Бидэнд мэдүүлэхийн тулд хэн эхнээсээ тунхагласан бэ? "Тэр зөв" гэж бид хэлэхээр хэн эрт үеэс зарлав? Хэн ч зарлаагүй, хэн ч тунхаглаагүй, хэн ч чиний үгийг сонсоогүй. 27 Анхнаас нь Сионд "Үзэгтүн. Тэд энд байна" гэж хэлж, Иерусалимд "Сайн мэдээний элчийг Би өгсөн" гэсэн билээ. 28 Гэвч Намайг харахад хэн ч байсангүй. Хэрэв Би асуувал, хариу өгч чадах зөвлөгч тэдний дунд нэг ч алга. 29 Үзэгтүн, тэд бүгдээр хуурамч, тэдний үйлс зохисгүй. Тэдний цутгамал хөргүүд ч салхи, хоосрол юм.
1 Миний өргөмжилсөн Зарц, Миний сэтгэлд таалагддаг Миний сонгосон нэгнийг харагтун. Би Түүний дээр Өөрийн Сүнсийг тавина. Тэр үндэстнүүдэд шударга ёсыг авчирна. 2 Тэр хашхирахгүй, дуугаа өндөрлөхгүй бөгөөд гудамжинд ч дуугаа сонсгохгүй. 3 Тэрээр бяцлагдсан хулсыг хугачихгүй, мөн асаж ядан буй зулыг ч унтраахгүй. Тэр шударга ёсыг итгэлтэйгээр түрэн авчирна. 4 Дэлхийд шударга ёсыг тогтоох хүртлээ Тэр зүрх алдахгүй, бяцрахгүй. Эргийн нутагт ч Түүний хуулийг найдан хүлээнэ. 5 Тэнгэрийг бүтээж татаад, дэлхий болон түүний үр жимсийг дэлгэсэн, түүн дээрх хүмүүст амьсгал өгөгч, түүний дотор явагчдад сүнсийг өгөгч Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. 6 "Би бол ЭЗЭН. Би чамайг зөвт байдалд дуудсан. Би бас чиний гараас чинь атгаад, чамайг харгалзана. Би чамайг ард түмэнд гэрээ болгож, үндэстнүүдэд гэрэл хэмээн томилно. 7 Энэ нь сохрын нүдийг нээн, гяндангаас хоригдлуудыг чөлөөлж, харанхуйд суугчдыг шоронгоос гаргахын тулд юм. 8 Би бол ЭЗЭН. Энэ бол Миний нэр. Би Өөрийн алдрыг бусдад, Өөрийн магтаалыг сийлмэл хөргүүдэд өгөхгүй. 9 Үзэгтүн, урьдын юмс болж өнгөрнө, эдүгээ Би шинэ юмыг тунхаглаж байна. Тэднийг гарч ирэхээс өмнө Би та нарт мэдэгдэнэ". 10 ЭЗЭНд шинэ дуу дуулж, Түүнийг газрын хязгаараас магтагтун. Далай уруу орогч болон дотор нь буй та бүхэн, арлууд болон дээр нь оршин суугчид аа. 11 Цөл хийгээд түүний хотууд, Кедарын амьдардаг суурингууд дуугаа өргөгтүн. Селагийн оршин суугчид чангаар дуулагтун. Тэд уулсын оройгоос баярлан хашхирах болтугай! 12 Тэд ЭЗЭНд алдрыг өргөг! Түүний магтаалыг эргийн орнуудад тунхаглах болтугай! 13 ЭЗЭН дайчин мэт урагшилж, дайнч мэт зүтгэн босож, дуугаа өндөрлөн дайнд уухайлж, Өөрийн дайсныг дарна. 14 Би удаан хугацааны турш дуугаа хурааж, биеэ барьлаа. Төрөх гэж байгаа эмэгтэй мэт би хашхирч, амаа ангайлган, бахардах болно. 15 Би уул толгодыг хоослон, тэдний бүх өвс ногоог хатаан, гол мөрнийг нь арлууд болгож, цөөрмүүдийг нь ширгээнэ. 16 Би сохруудыг тэдний мэдэхгүй замаар дагуулан, тэднийг мэдэхгүй харгуйгаар удирдана. Би тэдний өмнө харанхуйг гэрэл болгон, барзгар газрыг тэгш тал болгоно. Энэ бол Миний хийх юм. Би тэднийг хийлгүй орхихгүй. 17 Цутгамал хөргүүдийг "Та нар бидний бурхад" гэж хэлэгчид, шүтээнүүдэд итгэгчид эргээд, бүрмөсөн гутаагдана. 18 Дүлий хүмүүс ээ, сонсогтун! Сохор хүмүүс ээ, үзэхийн тулд харагтун! 19 Миний боолоос өөр сохор хүн хэн бэ? Миний илгээсэн элчийн адил дүлий нь хэн бэ? Надтай эв найрамдалтай байдаг хүн шиг сохор, ЭЗЭНий боолын адил сохор хүн хэн бэ? 20 Та нар олон юмсыг үзсэн боловч ажиглаагүй. Та нарын чих сонсголтой боловч юуг ч сонсоогүй. 21 Өөрийнхөө үнэн зөвийн төлөө хуулийг агуу их, алдартай болгох нь ЭЗЭНд таатай байдаг. 22 Гэвч энэ бол тонуулж, дээрэмдүүлсэн ард түмэн. Тэд бүгдээрээ нүхэнд унаж, эсвэл шоронд хадагдсан. Тэд олз болсон. Тэднийг хэн ч чөлөөлөхгүй. Тэд дээрэмдүүлсэн боловч хэн ч "Буцааж өг" гэж хэлэхгүй. 23 Та нарын дотроос хэн нь үүнийг чагнах вэ? Хэн нь ирээдүйд анхаарал тавьж, сонсох юм бэ? 24 Хэн Иаковыг олз болгож, Израилийг дээрэмчдэд өгсөн бэ? ЭЗЭН биш гэж үү? Учир нь бид Түүний эсрэг нүгэл үйлдсэн. Тэд Түүний замаар явахыг хүссэнгүй, Түүний хуулийг дагаагүй. 25 Тийм учраас Тэр Өөрийн уур хилэнгийн ааг омгийг, хатуу ширүүн дайныг тэдний дээр асгав. Тэднийг бүх талаас нь галдсан боловч тэд ойлгосонгүй. Тэднийг шатаасан боловч тэд зүрхэндээ үүнийг мэдэрсэнгүй.
1 Харин одоо Иаков оо, чамайг Бүтээгч ЭЗЭН ингэж айлдаж байна. Израиль аа, чамайг буй болгогч ЭЗЭН ингэж айлдаж байна. "Бүү айгтун. Учир нь Би чамайг аварсан. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи бол Минийх. 2 Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, дөл нь ч чамайг шатаахгүй. 3 Учир нь Би бол чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэн бөгөөд чиний Аврагч мөн. Би чиний төлөө Египетийг золиослон, Куш ба Шебаг чиний оронд өгөв. 4 Чи Миний нүдэнд үнэтэй, хүндтэй бөгөөд Би чамд хайртай учраас Би чиний оронд өөр хүнийг өгч, чиний амийн оронд өөр хүмүүсийг солино. 5 Бүү айгтун, учир нь Би чамтай хамт байна. Би чиний үр удмыг дорно зүгээс авчран, чамайг өрнө зүгээс цуглуулна. 6 Би умардад хандан «Тэднийг гаргаж өг» гээд, өмнө зүгт хандан «Тэднийг буцахад нь бүү саатуулагтун» гэж айлдана. Миний хөвгүүдийг алс холоос, Миний охидыг газрын хязгаараас, 7 Миний нэрээр дуудагдсан хүн бүрийг авчрагтун. Учир нь Би тэднийг Өөрийн алдрын төлөө бүтээж, буй болгож, хийсэн юм". 8 Хэдийгээр нүдтэй боловч сохор, чихтэй боловч дүлий хүмүүсийг авчрагтун. 9 Ард түмнүүд хуран чуулахын тулд бүх үндэстнүүд хамт цуглалаа. Тэдний дундаас хэн үүнийг зарлаж, урьдын юмсыг бидэнд тунхаглаж чадах юм бэ? Тэд зөвтгөгдөж болохоор өөрсдийн гэрч нарыг авчраг. Эсвэл тэд сонсоод "Энэ бол үнэн" гэдгийг хэлэг. 10 "Та нар бол Миний гэрч нар" гэж ЭЗЭН айлдаж байна. "Та нар бол Миний зарц нар. Та нар мэдэж, Надад итгэж, Намайг Тэр мөн гэж таниасай гэсэндээ Би та нарыг сонгосон. Надаас өмнө бий болсон Бурхан байгаагүй бөгөөд Миний дараа ч байхгүй. 11 Би, зөвхөн Би бол ЭЗЭН мөн бөгөөд Надаас өөр аврагч байхгүй. 12 Зарлан хэлж, аварсан, тунхагласан нь Би билээ. Та нарын дунд ямар ч харийн бурхад байхгүй. Иймээс та нар Миний гэрч мөн" гэж ЭЗЭН айлдаж байна. "Би бол Бурхан. 13 Өнө мөнхөөс Би бол Тэр юм. Миний гараас аварч чадах хэн ч байхгүй. Би үйлдвэл, хэн үүнийг зогсоож чадах вэ?". 14 Израилийн ариун Нэгэн, та нарын Аврагч ЭЗЭН ийнхүү айлдаж байна. "Та нарын тусын тулд Би Вавилон уруу илгээн, тэднийг бүгдийг нь төдийгүй, усан онгоцон дотроо баясацгааж байсан халдеичуудыг оргодлууд мэт буулгана. 15 Би бол ЭЗЭН, та нарын Ариун Нэгэн, Израилийн Бүтээгч, та нарын Хаан". 16 Тэнгис дундуур зам, хүчит их усан дундуур харгуй гаргагч ЭЗЭН ийнхүү айлдав. 17 Тэр тэрэг ба морьд, их цэрэг ба хүчит эрийг гаргаж ирдэг. (Тэд хамтдаа тэнд хэвтэж, дахин босохгүй. Тэд зул мэт унтарч замхарна.) 18 «Урьдын юмыг бүү дурсагтун. Өнгөрсөн юмыг бүү бодогтун. 19 Үзэгтүн, Би шинэ зүйл хийнэ. Одоо тэр нь бий болно. Та нар үүнийг мэдээгүй гэж үү? Би хээр талд зам тавьж, цөлд гол урсгана. 20 Хээрийн араатнууд, цөөвөр чоно, тэмээн хяруулууд Намайг алдаршуулна. Учир нь Би Өөрийнхөө сонгосон хүмүүсийг ундаалахын тулд зэлүүд нутагт ус өгч, цөлөөр гол урсгав. 21 Өөрийнхөө төлөө Миний бий болгосон ард түмэн нь Миний алдрыг тунхаглана. 22 Харин Иаков оо, чи Намайг дуудсангүй. Израиль аа, чи Миний төлөө ядраагүй. 23 Чи шатаалт тахилынхаа хонийг Надад авчраагүй, тахилаараа Намайг хүндэтгээгүй. Би чамайг өргөл барьцаар дарамтлаагүй, утлагаар ядраагаагүй. 24 Чи Надад зориулан амтат чихрийн нишингэ мөнгөөр худалдан аваагүй, тахилынхаа өөхөөр ч Намайг цатгаагүй. Харин чи нүглээрээ Намайг дарамталж, хууль бус үйлдлээрээ Намайг ядраасан. 25 Би, зөвхөн Би Өөрийнхөө төлөө чиний хилэнцийг арилган, чиний нүглийг дурсахгүй. 26 Надад сануулагтун. Өөрсдийн хэргээ хамтран шүүн хэлэлцье. Зөв гэдгээ батлахын тулд чи учир шалтгаанаа хэлэгтүн. 27 Чиний анхны эцэг нүгэл үйлдэж, чиний зуучлагч нар Миний эсрэг хилэнц үйлдэв. 28 Тийм учраас Би ариун газрын чинь тэргүүлэгчдийг бузарлаж, Иаковыг хараагдахаар, Израилийг дооглуулахаар өгнө".
1 Харин одоо Миний боол Иаков оо, Миний сонгосон Израиль аа, сонсогтун. 2 ЭЗЭН чамайг бүтээж, чамайг эхийн хэвлийгээс буй болгосон бөгөөд чамд тусална. Тэр ингэж айлдаж байна. "Бүү айгтун, Миний боол Иаков оо, Миний сонгосон Иешурун аа! 3 Учир нь Би ангамал хөрсөн дээр ус асгаж, хуурай газар дээр горхи урсгана. Би чиний үр ач нарын дээр Өөрийн Сүнсийг асгаж, хойч үед чинь Өөрийн ерөөлийг өгнө. 4 Тэд усны урсгалын хажуу дахь улиангар мэт өвсөн дотор ургана. 5 Энэ хүн "Би ЭЗЭНийх" гэж хэлнэ. Нөгөө хүн Иаковын нэрээр дуудагдана. Өөр хүн гар дээрээ "ЭЗЭНий харьяат" гэж бичин, хүндэтгэлтэйгээр Израилийн нэрээр нэрлэнэ. 6 ЭЗЭН, Израилийн Хаан, түүний Чөлөөлөгч, түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. "Би бол эхэн, Би бол эцэс. Надаас өөр Бурхан байхгүй. 7 Хэн Над шиг юм бэ? Тэр нь үүнийг зарлаж, тунхаглаг. Тийм ээ, Би эртний хүмүүсийг буй болгосноос хойшхыг тэр Надад дэс дараагаар нь тоочигтун. Ирээдүйн юмсыг болон цаашид юу болох талаар тэр тэдэнд зарлаг. 8 Битгий түгшигтүн. Бүү ай. Би эртнээс чамд үүнийг сонсгож, тунхагласан биш үү? Та нар бол Миний гэрч нар. Надаас өөр Бурхан байдаг уу? Өөр Хад байдаг уу? Би мэдэж байна, өөр байхгүй". 9 Сийлмэл хөргүүд үйлдэгчид бүгдээрээ юу ч биш. Тэдний үнэт зүйлс нь ямар ч ашиггүй. Тэр ч байтугай, тэдний өөрсдийнх нь гэрч нар хардаггүй, мэддэггүй. Тиймээс тэд ичгүүрт орно. 10 Ямар ч ашиг өгдөггүй бурхан, шүтээнийг хэн үйлдсэн бэ? 11 Үзэгтүн, тэд бүгдээрээ ичих болно. Учир нь дархчууд нь өөрсдөө хүмүүс. Тэд бүгдээрээ цугларч ирээд зогсог. Тэд түгшиг. Тэд цөмөөрөө ичиг. 12 Төмрийн дархан багаж зэвсгээ аваад, түүнийг ашиглан, ажлаа нүүрсэн дээр хийнэ. Тэр шүтээнийг алхаар давтаж, гарын хүчээр ажилладаг. Тэр бас өлсөж тамирддаг, уух усгүй бол ядардаг. 13 Мужаан модон дээр шугам татаж, улаан шохойгоор хүрээ гаргаад, дараа нь түүнийгээ зүсэн дугуйлж, сайхан дүртэй хүний дүрсийг хийгээд гэртээ байрлуулдаг. 14 Мужаан хүн өөртөө зориулан хуш, нарс, царс модыг ойгоос тайрч авдаг. Тэр гацуур тарьж, бороо түүнийг нь ургуулдаг. 15 Тэгээд тэр нь хүний түлш болдог. Хүн нөгөө модноосоо авч өөрийгөө дулаацуулдаг. Талхаа жигнэхийн тулд гал өрддөг. Тэр бас бурхан хийж, түүндээ мөргөдөг. Бас сийлмэл хөрөг үйлдээд, түүний өмнө сунаж унадаг. 16 Модны хагасаар нь тэр гал түлж, дээр нь мах шараад, цадталаа иддэг. Мөн тэр дулаацаад "Би дулаацлаа. Би гал үзлээ" гэж хэлдэг. 17 Харин модныхоо үлдэгдлээр тэр өөрийн сийлмэл хөрөг болох бурхан хийж, түүнийхээ өмнө унаж, мөргөдөг. Тэр бас түүндээ залбиран "Та бол миний бурхан. Намайг авраач" гэж хэлдэг. 18 Тэд мэддэггүй, тэд ойлгодоггүй. Учир нь Тэр тэднийг харах чадваргүй байлгахын тулд тэдний нүдийг бүтээж, тэднийг ойлгох чадваргүй байлгахын тулд тэдний зүрхийг хаасан. 19 "Би модны хагасыг галд түлж, цогшсон нүүрсэн дээр нь талх барьсан. Би мах шарж идсэн. Тэгээд би үлдсэн модоор нь бузар юм хийж, энэ модны тайрдасны өмнө мөргөх үү?" гэдгийг хэлэх зүрх, мэдлэг, ухаан тэдэнд байхгүй. 20 Тэр үнсээр хооллож, хууртагдсан зүрх нь түүнийг төөрөгдүүлнэ. Тэр өөрийн сэтгэлээ чөлөөлөөд "Миний баруун гарт худал зүйл байгаа бус уу?" гэж хэлж чаддаггүй. 21 "Иаков оо, эдгээрийг санагтун. Израиль аа. Учир нь чи Миний боол. Би чамайг бүтээсэн. Чи Миний боол. Израиль аа, Би чамайг мартахгүй. 22 Би чиний хилэнцийг өтгөн үүл мэт, чиний нүглийг үүл мэт хөөсөн. Би чамайг аварсан учир Над уруу эргэгтүн". 23 ЭЗЭН үүнийг хийсэн учир, тэнгэр ээ, баярлан хашхирагтун. Дэлхийн нам дор газрууд чангаар хашхирагтун. Уулс, ой болон тэндхийн бүхий л модод түрэн баярлан хашхирагтун. Учир нь ЭЗЭН Иаковыг аврав. Израильд Тэр Өөрийн алдрыг харуулж байна. 24 Чамайг эхийн хэвлийгээс гаргасан нэгэн, чиний Аврагч ЭЗЭН үүнийг айлдаж байна. "Би бүх юмсыг бүтээгч ЭЗЭН. Би Өөрөө тэнгэрийг сунгаж, дэлхийг ганцаараа дэлгэсэн. 25 Би хуурамч эш үзүүлэгчдийн тэмдгийг нурааж, төлөгчдийг мунхгууд болгож, мэргэдийн ухааныг устган, тэдний мэдлэгийг мунхаглал болгоно. 26 Тэр Өөрийн боолуудын үгийг баталж, элч нарынхаа зорилгыг гүйцэтгэнэ. Би Иерусалимд хандан «Чи оршин суугчидтай болно», Иудагийн хотуудад «Та нарыг босгох болно» гэсэн. Нуранги балгаснуудыг нь Би дахин босгоно. 27 Би тэнгисийн усанд хандан «Хатагтун. Би та нарын голуудыг ширгээнэ» гэж айлдсан. 28 Би Корешт хандан «Тэр Миний хоньчин. Миний бүх хүслийг тэр гүйцэтгэнэ» гэв. Тэр Иерусалимд хандан «Чи босгогдоно», мөн сүмд хандан «Чиний суурь нь тавигдана» гэж айлдана".
1 ЭЗЭН хаадын хуяг дуулгыг алдууруулж, өмнө нь хүмүүс захирагдахын тулд баруун гартаа барьсан, дааман хаалганууд нь үл хаагдахын тулд өмнө нь хаалгуудыг дэлгэсэн, Өөрийн тослогдсон Корешт хандаж, 2 "Би чиний өмнө явж, уулсыг тэгшлэн, хүрэл хаалгыг эвдэж, төмөр хаалтуудыг тастана. 3 Энэ бол чамайг нэрээр чинь дуудсан Израилийн Бурхан, ЭЗЭН Би гэдгийг чамд мэдүүлэхийн тулд Би чамд харанхуйн эрдэнэс, нууц газруудын нууцалсан эд баялгийг өгнө. 4 Миний боол Иаков, Миний сонгосон Израилийн төлөө Би мөн чамайг нэрээр чинь дуудсан. Хэдийгээр чи Намайг танихгүй ч, Би чамд хүндэт цол өгнө. 5 Би бол ЭЗЭН. Өөр байхгүй. Надаас өөр Бурхан байхгүй. Хэдийгээр чи Намайг танихгүй ч, Би чамайг хүчирхэгжүүлнэ. 6 Тийнхүү Надаас өөр хэн ч байхгүй, Би бол ЭЗЭН, өөр байхгүй гэдгийг наран мандахаас наран шингэх зүг хүртэлх хүмүүс мэдэх болтугай! 7 Би гэрлийг буй болгон, харанхуйг бүтээж, энх амгаланг тогтоон, гай гамшгийг ч бүтээж байна. Би бол энэ бүгдийг хийдэг ЭЗЭН мөн. 8 Тэнгэр ээ, дээрээс шүрш. Үүлс үнэн зөвийн бороо оруулаг. Газар нээгдэж, авралыг ургуул. Түүний хамт үнэн зөв үйлс дэлгэрэг. ЭЗЭН Би үүнийг бүтээсэн. 9 Бүтээгчтэйгээ маргалдагчид хөөрхий еэ! Шавар сав нь газрын савнуудтай хамт байг. Шавар нь ваарчиндаа «Чи юу хийж байна вэ?» гэж хэлэх үү? Эсвэл хийж байгаа юм чинь «Тэр гаргүй юм байна» гэж хэлнэ гэж үү? 10 Эцэгтээ «Та юу төрүүлэв?», ээждээ «Та юу гаргачихсан юм бэ?» гэж ярьдаг хүн хөөрхий еэ!". 11 Израилийн ариун Нэгэн, Бүтээгч нь болох ЭЗЭН үүнийг айлдаж байна. "Миний хөвгүүдийн талаар ирээдүйд болох юмсыг та нар Надаас асуугтун. Миний мутрын ажлын талаар та нар Надад тушаах уу? 12 Дэлхийг бүтээж, дээр нь хүнийг буй болгосон нь Би мөн. Би Өөрийн мутраараа тэнгэрийг дэлгээд, тэдний бүх эздийг нь томилов. 13 Би түүнийг үнэн зөвийн дотор босгон, бүх замыг нь тэгшилнэ. Тэр ямар ч хөлс, шагналгүйгээр Миний хотыг барьж, Миний хоригдлуудыг чөлөөтэй явуулна" гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдав. 14 ЭЗЭН ингэж айлдаж байна. "Египетийн бүтээгдэхүүн, Кушийн наймаа, өндөр биетэй сабеанчууд чам дээр ирж, чинийх болно. Тэд чиний араас явж, гинжтэйгээ ирж, чамд бөхийн мөргөж, «Үнэхээр Бурхан чамтай хамт байна. Өөр байхгүй. Өөр Бурхан байхгүй» гэцгээнэ". 15 Израилийн Бурхан Аврагч минь, үнэхээр Та Өөрийгөө нуудаг Бурхан юм. 16 Шүтээн хийдэг хүмүүс бүгд ичгүүрт орж, хамтдаа гутамшиг болно. 17 Израиль ЭЗЭНий дотор мөнхийн авралаар аврагдана. Та нар бүхий л мөнх үед ичихгүй, гутамшиг болохгүй. 18 Тэнгэрийг бүтээсэн ЭЗЭН ингэж айлдаж байна. (Тэр бол газрыг бий болгосон Бурхан юм. Тэр газрыг хоосноор бүтээгээгүй бөгөөд хүмүүсийг оршин суулгахын тулд бүтээсэн билээ.) "Би бол ЭЗЭН. Өөр байхгүй. 19 Би харанхуй орны газраас нууцаар яриагүй. «Хоосон газар Намайг хайгтун» гэж Би Иаковын үрд хэлээгүй. ЭЗЭН Би үнэн зөвийг айлдаж байна. Зөв шударга юмсыг тунхаглаж байна. 20 Хамтдаа цуглаж ирцгээ. Үндэстнүүдийн оргодлууд хамтдаа ойртоцгоо. Аварч чадахгүй бурханд залбирч, модон шүтээнүүдийг дээдэлдэг тэдэнд мэдлэг алга. 21 Тунхагла, танилцуул. Тэд хамтдаа зөвлөлдөг. Хэн эртнээс үүнийг мэдүүлж, хэн урьдаас үүнийг тунхагласан бэ? Энэ нь ЭЗЭН Би биш үү? Надаас өөр Бурхан байхгүй. Надаас өөр зөвт Бурхан, Аврагч байхгүй. 22 Дэлхийн бүх хязгаарууд аа, Над уруу эргэж аврагдагтун. Учир нь Би бол Бурхан, өөр байхгүй. 23 Би Өөрөөрөө тангарагласан. Миний амнаас үнэн зөв дотор үг гардаг бөгөөд эргэж буцахгүй. Тиймээс Надад өвдөг бүхэн сөхөрч, хэл бүр тангараглана. 24 Миний тухай тэд «Үнэн зөв, хүч нь зөвхөн ЭЗЭНд бий» гэж хэлнэ". Хүмүүс Түүн уруу ирж, Түүнд уурсагч бүхэн доромжлогдоно. 25 ЭЗЭНий дотор Израилийн бүх үрс зөвтгөгдөж, алдаршина.
1 Бел бөхийж, Небо унана. Тэдний хөргүүд нь араатан, адгуусанд ачигдана. Та нарын үүрсэн ачаа ядарсан адгууснуудад дарамт болно. 2 Тэд бөхийж хамтдаа тонгойно. Тэд ачаагаа ч аварч чадсангүй, өөрсдөө ч олзлогдов. 3 Иаковын гэр ба Израилийн гэрээс үлдэгсэд бүгд сонсогтун. Та нар Надаар эхийн хэвлийд тээлгэн, Надаар төрсөн. 4 Тэр ч байтугай та нарыг өндөр настай болсон ч Би хэвээрээ байна. Та нарын үс буурал болсон ч Би тээх болно. Би хийсэн, Би авч явна. Би тээж, аварна. 5 Намайг та нар хэнтэй адилтгаж, хэнийг Надтай зэрэгцүүлэн зүйрлэж, өөрсдийгөө адилтгах гэсэн юм бэ? 6 Зарим нь түрийвчээсээ алтаа хайрлалгүй өгч, мөнгийг жинлүүрээр жинлэн, алтны дархныг хөлсөлдөг. Дархан түүгээр нь бурхан хийдэг. Тэгээд тэд түүндээ бөхийж мөргөдөг. 7 Тэд өнөөхөө мөрөн дээрээ өргөн зөөж, байранд нь залдаг. Өнөөх нь байрнаасаа хөдлөхгүй зогсдог. Хэн нэгэн нь түүн уруу хашхирлаа гэхэд тэр хариулж чадахгүй, мөнөөх хүнийг зовлон шаналлаас нь ч чөлөөлж чадахгүй. 8 Үүнийг санагтун. Тууштай байгтун. Нүгэлт хүмүүс ээ. Үүнийг зүрхэндээ тогтоогтун. 9 Өнө эртний, урьдын зүйлсийг санагтун. Учир нь Би бол Бурхан, өөр байхгүй. Би бол Бурхан. Надтай адил өөр байхгүй. 10 Би эхлэлээс төгсгөлийг тунхаглаж, хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлсэн. "Миний зорилго хэрэгжинэ. Би Өөрийн тааламжит бүхнийг гүйцэтгэнэ" гэж айлдаж байна. 11 Би дорно зүгээс махчин шувууг, алс холын орноос Түүний зорилгын хүнийг дуудна. Үнэхээр Би айлдсан. Үүнийгээ Би заавал гүйцэтгэнэ. Төлөвлөсөн зүйлсээ Би заавал хийнэ. 12 Үнэн зөвөөс алс байгч, хатуу зүрхтнүүд Намайг сонсогтун. 13 Би Өөрийн үнэн зөвийг ойртуулна. Энэ нь хол биш байна. Миний аврал удахгүй. Би Сионд авралыг соёрхож, Израильд Өөрийн алдрыг өгнө.
1 "Вавилоны онгон охин оо, доош бууж шороон дээр суугтун. Халдеичуудын охин оо, сэнтийгүйгээр газар дээр суу. Учир нь чамайг цаашид булбарай, туяхан гэж хэлэхгүй. 2 Тээрмийн чулуу авч тариа тээрэмд. Гивлүүрээ авч, банзлаа тайлан, нүцгэн хөлөөрөө гол гатлагтун. 3 Чиний нүцгэн бие ил гарч, чиний ичгүүр ч бас үзэгдэх болно. Би нэг ч хүнийг өршөөхгүйгээр өшөө авна". 4 Бидний Аврагч түмэн цэргийн ЭЗЭН бол Түүний нэр, Израилийн Ариун Нэгэн. 5 "Халдеичуудын охин оо, дуугүй суу, харанхуй уруу яв. Учир нь чамайг цаашид хаанчлалуудын хатан гэж нэрлэхгүй. 6 Би Өөрийн ард түмэнд хилэгнэн, Өөрийн өвийг жигшсэн. Би тэднийг чиний гарт өгөв. Чи тэдэнд өршөөл үзүүлсэнгүй, бүр өтгөст ч хүнд буулгыг өгөв. 7 Тэгээд чи «Би мөнхөд хатан хаан байх болно» гэж хэлээд, эдгээр зүйлсийг хайхарсангүй, үүнийг дурсан санасангүй. 8 Тэгвэл одоо амарлингуй суугаад, «Би байна, надаас өөр хэн ч байхгүй. Би бэлэвсэн эмэгтэй шиг суухгүй, хүүхдээ алдахыг ч үзэхгүй» гэж зүрхэндээ өгүүлэгч, тачаангуй нэгэн чи үүнийг сонсогтун. 9 Хүүхдээ алдах, бэлэвсрэхийн аль аль нь гэнэт нэг л өдөр чам дээр ирнэ. Чиний илбүүд, чиний ид шид хичнээн хүчтэй ч энэ бүхэн бүрэн хэмжээгээр чам дээр ирнэ. 10 Чи өөрийнхөө хилэнцэд найдан, «Хэн ч намайг үзэхгүй» гэж өгүүлсэн. Чиний мэргэн ухаан, мэдлэг чамайг төөрөгдүүлжээ. «Би байна, надаас өөр хэн ч байхгүй» гэж чи зүрхэндээ өгүүлсэн. 11 Гэвч чиний хэрхэн илбэдэн алга болгохоо мэдэхгүй бузар муу юм чам дээр ирнэ. Чиний зайлуулж чадахааргүй гамшиг чам дээр унана. Чиний мэдэхгүй сүйрэл гэнэт чам дээр ирнэ. 12 Залуу наснаасаа хийж байсан илбүүд, ид шид дотроо чи одоо зогс. Магадгүй чи ашиг олж болох юм. Магадгүй чи чичрүүлж болох юм. 13 Чи олон зөвлөгөөнөөс болж ядарчээ. Зурхайчид, оддоор эш үзүүлэгчид, шинэ сараар мэргэлэгчид одоо босож, чам дээр буух юмнаас чамайг авраг. 14 Үзэгтүн, тэд сүрэл мэт болж, галд шатна. Тэд өөрсдийгөө галын дөлнөөс аварч чадахгүй. Дулаацах нүүрсгүй, өмнө нь суух гал ч байхгүй болно. 15 Залуу наснаас чинь хамт арилжаа наймаа хийж, хамт хөдөлмөрлөсөн нөхөд чинь чамд ийм л юм хийж чадна. Хүн бүр өөрийнхөө замаар тэнүүчлэх бөгөөд чамайг хэн ч аврахгүй".
1 Израиль гэж нэрлэгдсэн Иаковын гэр ээ! Үүнийг сонс! Чи Иудагийн уснаас гарч ирсэн бөгөөд ЭЗЭНий нэрээр тангараглаж, Израилийн Бурханыг дууддаг боловч үнэн зөв дотор байдаггүй. 2 Учир нь тэд өөрсдийгөө ариун хотынхон гэж нэрлээд, Израилийн Бурханд түшиж байна. Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН билээ. 3 "Би өнө эрт хуучин юмсыг тунхаглан, Өөрийн амнаас гарсан тэдгээр зүйлсийг Би зарласан. Гэнэт Би үйлдэхэд, тэдгээр нь биелсэн. 4 Яагаад гэвэл чи зөрүүд, чиний хүзүү чинь төмөр булчин, магнай чинь хүрэл гэдгийг Би мэднэ. 5 Тиймээс Би бүр өнө эртнээс, энэ явдал болохоос өмнө чамд мэдэгдсэн. «Миний шүтээн үүнийг хийсэн, миний сийлмэл хөрөг, цутгамал хөрөг үүнийг тушаасан» гэж чамайг яриулахгүйн тулд ингэсэн юм. 6 Чи сонссон. Энэ бүгдийг харагтун. Чи үүнийг зарлахгүй юу? Энэ цагаас эхлэн Би чамд шинэ юмс, тэр ч бүү хэл чиний мэдээгүй нууцлагдсан зүйлсийг сонсгоё. 7 Тэдгээр нь урьд өмнө нь биш, саяхан бүтээгдсэн юм. Өнөөдрийг хүртэл чи тэдгээрийг сонсоогүй. «Хараач, би тэдгээрийг мэдэж байсан» гэж чамайг хэлүүлэхгүйн тулд ингэсэн юм. 8 Чи сонсоогүй, мэдээгүй. Бүр эрт үеэс чих чинь нээгдээгүй байсан. Учир нь чи бол урван тэрслэгч, төрөхөөсөө үймээн дэгдээгч гэж нэрлэгдэхийг чинь Би мэдэж байв. 9 Өөрийнхөө нэрийн төлөө Би уур хилэнгээ хойшлуулж, Өөрийгөө алдаршуулахын тулд Би чамайг тасталгүй тэвчсэн юм. 10 Үзэгтүн, мөнгө шиг биш ч гэсэн Би чамайг цэвэршүүлсэн. Би чамайг зовлонгийн зуухан дотор шалгасан. 11 Би Өөрийнхөө төлөө, Өөрийнхөө тусын тулд л үйлдэнэ. Учир нь Миний нэр яаж бузарлагдаж чадах юм бэ? Би Өөрийн алдрыг бусдад өгөхгүй. 12 Намайг сонсогтун, Иаков оо. Миний дуудсан Израиль аа. Би бол Тэр мөн. Би бол эхэн бөгөөд Би бас эцэс мөн. 13 Миний мутар газрыг үндэслэн, Миний баруун мутар тэнгэрийг дэлгэв. Би тэднийг дуудахад тэд хамтдаа зогсдог. 14 Та нар бүгдээрээ цуглаж, сонсогтун. Тэднээс хэн нь эдгээр зүйлсийг тунхагласан бэ? ЭЗЭН түүнийг хайрладаг. Тэр Түүний сайн тааллыг Вавилон дээр авчирна. Түүний мутар халдеичуудын эсрэг байна. 15 Би, зөвхөн Би айлдсан. Үнэхээр Би түүнийг дуудсан. Би түүнийг авчирсан бөгөөд Тэр түүний замыг өлзийтэй байлгана. 16 Надад ойртон ирээд, үүнийг сонсогтун! Би эхнээсээ нууцаар яриагүй. Энэ явдал болох үеэс Би тэнд байсан юм. Одоо Эзэн БУРХАН Намайг болон Өөрийн Сүнсийг илгээв". 17 Чиний Аврагч, Израилийн Ариун Нэгэн, ЭЗЭН ингэж айлдаж байна. "Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг. 18 Хэрэв чи зөвхөн Миний тушаалуудад анхаарлаа хандуулбал, чиний энх амгалан байдал гол мэт, чиний үнэн зөв нь далайн давалгаа мэт байх болно. 19 Чиний үр удам элс мэт, чиний хойч үе элсний ширхэг мэт болно. Тэдний нэр Миний оршихуйгаас хэзээ ч тастагдахгүй, устгагдахгүй". 20 Вавилоноос гарч, халдеичуудаас зугтаа! "ЭЗЭН Өөрийн боол Иаковыг аварлаа" гэж баярт дуугаар зарлаж, үүнийг тунхаглан, газрын хязгаар хүртэл дэлгэрүүлэгтүн. 21 Тэр тэднийг цөлөөр дагуулах үед тэд цангаагүй. Тэр тэдний төлөө хаднаас ус гаргаж, хадыг хагалан ус оргилуулав. 22 "Хилэнцтэнд амар тайван байхгүй" гэж ЭЗЭН айлдав.
1 Арлууд аа. Намайг сонсогтун. Алс холын хүмүүс ээ, анхаарагтун. Хэвлийд байхаас минь ЭЗЭН Намайг дуудсан. Эхийнхээ дотор байхаас минь Тэр Намайг нэрлэсэн. 2 Тэр Миний амыг хурц илд мэт болгон, мутрынхаа нөмөрт Намайг далдалж, шилмэл сум мэт болгон, саадаг дотроо Намайг нуусан. 3 Тэр Надад "Израиль аа. Чи Миний Зарц. Чиний дотор Би Өөрийгөө алдаршуулна" гэж айлдав. 4 Харин Би "Би дэмий хөдөлмөрлөж, Өөрийн хүчийг юунд ч биш, хоосон зарцуулжээ. Гэвч үнэхээр Миний авах зүйл бол ЭЗЭНтэй хамт, Миний шагнал бол Бурхантай минь хамт юм" гэсэн. 5 Иаковыг Өөртөө буцаан авчирж, Израилийг Өөртөө цуглуулахын тулд Намайг Өөрийнхөө Зарц болгохоор эхийн хэвлийнээс Намайг буй болгосон ЭЗЭН одоо ийнхүү айлдаж байна. (Учир нь Би ЭЗЭНий өмнө хүндлэгдсэн. Миний Бурхан бол Миний хүч мөн.) 6 Тэр "Иаковын овгуудыг босгон, Израилийн нөөцлөгдөгсдийг сэргээхийн тулд чи Миний Зарц байх нь өчүүхэн хэрэг. Би мөн Өөрийн авралыг газрын хязгаарт хүргэхийн тулд Чамайг үндэстнүүдийн гэрэл болгоно" гэв. 7 Үндэстнүүдэд үзэн ядагдсан, басамжлагдсан Нэгэн болох захирагчдын зарцад хандан Израилийн Аврагч, түүний Ариун Нэгэн, ЭЗЭН ингэж айлдаж байна. "Чамайг сонгосон Израилийн Ариун Нэгэн, итгэмжит ЭЗЭНээс болж хаад үзээд босно, ноёд ч мөн бөхийнө". 8 ЭЗЭН ингэж айлдаж байна. "Тааламжтай цагт Би Чамд хариулж, авралын өдөр Би Чамд тусалсан. Би Чамайг хамгаалан, Чамайг ард түмний гэрээний төлөө өгч, газрыг дахин сэргээж, сүйтгэгдсэн өвийг өвлөгчдөд нь буцаана. 9 Хоригдогсдод «Гарагтун» гэж, харанхуйд оршигч хүмүүст «Үзэгдэгтүн» гэж хэлнэ. Замын дагуу тэд идээшлэн, бүх нүцгэн өндөрлөгүүд дээр тэдний бэлчээр нь байх болно. 10 Тэд өлсөхгүй, цангахгүй. Тэд аагим халуунд ч, наранд ч цохиулахгүй. Учир нь тэднийг Энэрэгч нь тэднийг удирдан, усны ундарга уруу дагуулна. 11 Би Өөрийн бүх уулсыг зам болгож, Өөрийн замуудыг босгоно. 12 «Үзэгтүн, тэдгээр нь алс холоос, умардаас, өрнөдөөс, Синимийн газраас ирнэ». 13 Тэнгэр ээ, баярлан орилогтун. Газар аа, баясагтун. Уулс аа, бахдан дуулагтун. Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнээ тайвшруулсан бөгөөд Өөрийн зовсон хүмүүсийг энэрэх болно. 14 Гэвч Сион «ЭЗЭН намайг хаясан. Эзэн намайг мартсан» гэв. 15 «Эх хүн хөхүүл хүүхдээ мартаж чадах уу? Төрүүлсэн хөвгүүнээ энэрэхгүй байж чадах уу? Хэдийгээр тэр мартаж болох ч, Би чамайг мартахгүй. 16 Үзэгтүн, Би алгандаа чамайг сийлсэн. Чиний хэрмүүд үргэлж Миний өмнө байдаг. 17 Чиний хөвгүүд яарна. Чамайг сүйтгэгч, цөлмөгчид чамаас сална. 18 Нүдээ өргөн, эргэн тойрноо харагтун. Тэд бүгдээрээ хамтдаа цуглан, чам уруу ирж байна» ЭЗЭН тунхаглаж байна. «Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Чи тэднийг чимэглэл мэт зүүж, сүйт бүсгүй мэт гоёх болно. 19 Учир нь эвдэрсэн хоосорсон балгас, сөнөсөн газар чинь одоо чамайг оршин суухад хэтэрхий давчдах болно. Чамайг залгигчид холдоно. 20 Чиний хагацлын хүүхдүүд чихэнд чинь «Энэ газар надад хэтэрхий давчуу байна. Надад амьдарч болох өрөө өгөөч» гэж хэлнэ. 21 Тэгэхэд чи зүрхэндээ «Би хүүхдүүдээсээ хагацсан, хүүсэр бөгөөд цөлөгдсөн тэнүүлч учраас хэн тэднийг надад төрүүлэх вэ? Хэн тэднийг өсгөх вэ? Үзэгтүн, би ганцаараа үлдсэн байсан. Тэд хаанаас ирсэн бэ?» гэж хэлнэ". 22 Эзэн БУРХАН айлдаж байна. "Үзэгтүн, Би мутраа үндэстнүүд уруу өргөн, ард түмнүүдэд Өөрийн тугийг босгоно. Тэд чиний хөвгүүдийг энгэртээ, охидыг чинь мөрөн дээрээ авчирна. 23 Хаад чиний тэжээгчид, гүнжүүд нь чиний өрлөг эх болж, чиний өмнө нүүрээ газарт хүртэл бөхийн, хөлийн чинь тоосыг долооно. Намайг ЭЗЭН гэдгийг чи мэдэх болно. Надад итгэн найдагчид ичгүүрт орохгүй. 24 Хүчтэй хүнээс олзыг нь авч, харгислагчийн хоригдлуудыг аварч чадах уу?» 25 Харин ЭЗЭН ингэж айлдаж байна. "Хүчтэй хүнээс хоригдлуудыг нь булаан авч, харгислагчдаас олзыг нь аварна. Учир нь чамтай тэрсэлдэгч нэгэнтэй Би тэмцэлдэж, хөвгүүдийг чинь аврах болно. 26 Чамайг дарлагчдыг Би өөрсдийнх нь махаар хооллоно. Тэд өөрсдийнхөө цусыг амтат дарс мэт ууж, согтоно. ЭЗЭН Би бол чиний Аврагч, чиний Чөлөөлөгч, Иаковын хүчит Нэгэн гэдгийг бүх махан бие мэдэх болно".
1 ЭЗЭН ингэж айлдаж байна. "Би эхийг чинь хөөхдөө өгсөн салалтын гэрчилгээ нь хаана байна вэ? Зээлдүүлэгчдийнхээ хэнд нь Би чамайг худалдсан юм бэ? Үзэгтүн, та нар өөрсдийнхөө нүглээс болж худалдагдсан, та нарын эх ч та нарын нүглээс болж хөөгдсөн. 2 Намайг ирэхэд яагаад хэн ч байхгүй байв? Намайг дуудахад яагаад хэн ч хариу эс өгүүлэв? Миний мутар золиослон авч чадахааргүй богино юм уу? Эсвэл Надад аврах хүч байхгүй байна уу? Үзэгтүн, Би Өөрийн зэмлэлээр далайг ширгээж, гол мөрнийг говь болгосон. Тэндхийн загас ус дутагдсанаас болж өмхийрөн, цангаж үхнэ. 3 Би тэнгэрийг харанхуйгаар хучин, бүтээлгийг нь таар болгосон". 4 Хэрхэн ядарсан хүнд үгээр туслахыг мэдээсэй хэмээн Эзэн БУРХАН Надад шавийн хэл өгсөн. Тэр өглөө бүр сэрээн, шавь мэт сонсгохын тулд Миний чихийг нээнэ. 5 Эзэн БУРХАН Миний чихийг нээв. Би ч татгалзсангүй, гэдрэг ухарсангүй. 6 Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй. 7 Учир нь Эзэн БУРХАН Надад тусалдаг. Тийм учраас Би ичихгүй. Тийм учраас Би нүүрээ цахиур мэт байлгана. Ичгүүрт орохгүй гэдгээ Би мэднэ. 8 Намайг Зөвтгөгч ойрхон байна. Хэн Надтай тэмцэлдэх вэ? Бид нүүр нүүрээрээ тулъя. Хэн Надтай заргалдах вэ? Тэр хүн Миний дэргэд ирэг. 9 Үзэгтүн, Эзэн БУРХАН Надад тусалдаг. Хэн Намайг яллах вэ? Үзэгтүн, тэд бүгд хувцас адил хуучирч, хорхойд идүүлнэ. 10 Та нарын дотор ЭЗЭНээс эмээгч, Түүний зарцын дуу хоолойг дуулгавартай дагаж, харанхуйд явж, гэрэлгүй байгч нь хэн бэ? Тэр хүн ЭЗЭНий нэрд итгэж, өөрийн Бурханд найдагтун. 11 Үзэгтүн, гал ноцоож, бамбаруудаар өөрсдийгөө хүрээлэгч та нар бүгдээрээ галынхаа гэрэлд, ноцоосон бамбаруудынхаа дундуур алхагтун. Үүнийг чи Миний мутраас авна. Чи зовлон шаналал дунд хэвтэнэ.
1 "Үнэн зөвийг мөшгөн ЭЗЭНийг хайгчид аа. Намайг сонсогтун. Та нарыг цавчиж авсан хад уруу, та нарыг малтаж гаргасан нүх уруу харагтун. 2 Та нарыг шаналан байж төрүүлсэн Сараг болон та нарын эцэг Абрахамыг харагтун. Түүнийг ганцаараа байхад нь Би дуудаж, ерөөж, өсгөн үржүүлсэн юм. 3 Үнэхээр ЭЗЭН Сионыг тайвшруулж, түүний бүх хоосон газрыг ч энэрнэ. Тэр зэлүүд талыг Еден шиг, цөлийг нь ЭЗЭНий цэцэрлэг мэт болгоно. Тэнд баяр баясгалан, зугаа цэнгэл, талархал, дуу хууртай байх болно. 4 Миний ард түмэн, Надад анхаарал тавь. Миний үндэстэн, Над уруу чих тавигтун. Учир нь хууль Надаас гарна. Ард түмнүүдийн гэрэл болгон Өөрийн шударга ёсыг Би тогтооно. 5 Миний үнэн зөв нь ойр байна. Миний аврал гарч ирж байна. Миний мутар ард түмнүүдийг шүүнэ. Эргийн нутгууд Намайг хүлээн, тэд Миний мутрыг горьдон хүлээнэ. 6 Тэнгэр өөд харагтун. Дараа нь доош газар уруу харагтун. Учир нь тэнгэр утаа мэт алга болж, газар хувцас мэт хуучирна. Оршин суугчид нь шумуул мэт үхэцгээнэ. Харин Миний аврал мөнхөд байж, Миний үнэн зөв мөхөхгүй. 7 Үнэн зөвийг мэддэг, зүрх сэтгэлд нь Миний хууль байгаа ард түмэн Намайг сонсогтун. Хүний зэмлэлээс бүү ай. Тэдний доромжлолоос бүү эмээгтүн. 8 Учир нь дээл хувцас мэт тэднийг хүр эрвээхий идэж, ноос мэт тэднийг өт хорхой иднэ. Харин Миний үнэн зөв мөнхөд байж, Миний аврал нь бүх үед байна". 9 Сэрэгтүн, сэрэгтүн, ЭЗЭНий мутар минь! Хүчээ ав! Өнийн өдрүүд эрт урьдын үеүдийнх шигээ сэрэгтүн. Рахабыг хэсэгчин тастаж, лууг цоо хатгасан нь Та бус уу? 10 Далай тэнгис, их гүний усыг хатаан, аврагдагсдыг гатлуулахын тулд тэнгисийн гүнийг зам болгосон нь Та бус уу? 11 ЭЗЭНий зольсон хүмүүс буцаж, баяртайгаар дуулан Сион уруу ирнэ. Тэдний магнай дээр мөнхийн баяр хөөр байна. Тэд зугаа цэнгэл, баяр хөөртэй байх бөгөөд гашуудах, санаа алдах нь зугтан одно. 12 "Би, зөвхөн Би Өөрөө та нарыг Тайвшруулагч мөн. Үхмэл хүнээс айн, өвс мэт бүтээгдсэн хүний хөвгүүнээс эмээдэг чи хэн бэ? 13 Тэнгэрийг дэлгэж, газрын суурийг тавигч Бүтээгч ЭЗЭНээ чи мартсан уу? Устгахад бэлэн байгаа дарлагчийн уур хилэнгээс чи өдөржингөө, бүр үргэлж айж байдаг уу? Гэвч дарлагчийн уур хилэн хаана байна вэ? 14 Удахгүй гинжлэгдсэн нэгэн чөлөөтэй тавигдана. Тэд гянданд үхэхгүй, талхаар дутагдахгүй. 15 Учир нь Би бол далай тэнгис болон түүний нүргээнт давалгааг хөдөлгөгч ЭЗЭН, чиний Бурхан байна. (Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН мөн.) 16 Би тэнгэрийг байрлуулж, газрын суурийг тавин, Сионд хандан «Чи бол Миний ард түмэн» гэж айлдахын тулд Өөрийн үгийг чиний аманд тавьж, Өөрийн мутрын сүүдрээр чамайг халхалсан". 17 Өөрөө босогтун. Өөрөө босогтун. Сэрэгтүн, Иерусалим аа. Чи ЭЗЭНий мутраас Түүний хилэнгийн аягыг уусан. Тэгэхдээ согтуурлын аяганаас шавхруу ч үлдээлгүй, ёроолд нь хүртэл уусан. 18 Төрүүлсэн бүх хөвгүүдийнх нь дунд түүнийг хөтлөх хүн алга. Өсгөсөн бүх хөвгүүдийнх дунд түүнийг гараас нь түших хүн ч алга. 19 Ийм хоёр юм чам дээр уналаа. Чиний төлөө хэн гашуудах вэ? Эвдрэл, сүйрэл, өлсгөлөн, илд. Хэрхэн Би чамайг тайвшруулах вэ? 20 Чиний хөвгүүд муужран, торонд орсон зээр шиг гудамж бүрийн эхэнд хэвтэнэ. Тэд ЭЗЭНий хилэн хийгээд Бурханы зэмлэлээр дүүрэн байна. 21 Тиймээс дарснаас өөр юманд согтсон, зовсон хүмүүс ээ, үүнийг сонсооч. 22 Өөрийнхөө ард түмний төлөө тэмцэлдэгч, чиний Эзэн, чиний Бурхан ЭЗЭН үүнийг айлдаж байна. "Үзэгтүн. Би чиний гараас согтуурлын аягыг авсан. Миний хилэнгийн хул аяганаас чи дахин хэзээ ч уухгүй. 23 «Доош хэвт. Бид чам дээгүүр алхана» гэж чамд хэлж байсан, чамайг тамлагчдын гарт Би түүнийг өгнө. Дээгүүр чинь алхагсдад чи нуруугаа газар мэт, гудамж мэт болгосон".
1 Сэрэгтүн, сэрэгтүн. Сион оо. Өөрийгөө хүч чадлаар хувцаслагтун. Ариун хот Иерусалим аа. Үзэсгэлэнт хувцсаа өмс. Учир нь цаашид хөвч хөндүүлээгүй болон бузар нь чам уруу ирэхгүй. 2 Шороогоо гөвөгтүн. Босоцгоо. Олзлогдсон Иерусалим аа. Сионы олзлогдсон охин оо. Хүзүүнийхээ гинжийг тайлагтун. 3 ЭЗЭН ингэж айлдаж байна. "Чамайг үнэгүй худалдсан байсан. Чамайг мөнгөгүйгээр аварна". 4 Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. "Миний ард түмэн анх Египет уруу амьдрахаар очсон. Дараа нь ассиричууд тэднийг учир шалтгаангүйгээр дарлав. 5 Тиймээс одоо энд Надад юу байгаа вэ?" гэж ЭЗЭН айлдав. "Миний ард түмнийг шалтгаангүйгээр аваачсан нь харагдаж байна. Тэднийг захирч буй хүмүүс нь улилдан, бүх өдөржингөө Миний нэрийг үргэлж доромжилдог" гэж ЭЗЭН айлдав. 6 "Ийм учраас Миний ард түмэн Миний нэрийг мэдэх болно. Тийм учраас тэр өдөр «Би энд байна» гэж айлдагч нь Би юм". 7 Энх амгаланг тунхаглаж, аз жаргалын сайн мэдээг авчран, авралыг зарлаж, "Чиний Бурхан хаанчилна" гэж Сионд өгүүлэх сайн мэдээг дэлгэрүүлэгчийн хөл нь уулсын дээр ямар үзэсгэлэнтэй вэ? 8 Сонсогтун. Харуулууд чинь дуугаа өргөн, баяр хөөртэйгөөр хамтдаа уухайлна. ЭЗЭН Сионыг дахин сэргээх үед тэд өөрсдийн нүдээр үзэх болно. 9 Иерусалимын нурсан балгаснууд аа. Хамт дуулж, баясан хашхирцгаа. Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнээ тайвшруулж, Иерусалимыг аварсан. 10 ЭЗЭН Өөрийн ариун мутрыг бүх үндэстнүүдийн өмнө илэрхийлэв. Дэлхийн бүх хязгаар бидний Бурханы авралыг үзнэ. 11 Явагтун, явагтун. Тэндээс гарагтун! Бузар юманд бүү хүрэгтүн! Түүний дундаас гарагтун! ЭЗЭНий савнуудыг тээгчид ээ, өөрсдийгөө ариусгагтун! 12 Харин та нар бүү яарч гар, оргодол мэт бүү зугтагтун. Учир нь ЭЗЭН та нарын өмнө явна. Израилийн Бурхан та нарын ар талыг хамгаална. 13 Үзэгтүн, Миний зарц ухаалгаар үйлдэнэ. Тэр өргөмжлөгдөж, хүндэтгэгдэн үлэмж магтагдана. 14 Түүний төрх нь аливаа хүнийхээс, Түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэг байсан учраас олон хүмүүс чамайг үзээд хирдхийв. 15 Ийнхүү Тэр нь олон үндэстнийг бутарган, Түүнээс болж хаад амаа хамхина. Учир нь тэдэнд хэлээгүй юмыг тэд харж, тэдэнд сонсгоогүй юмыг тэд ойлгоно.
1 Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? ЭЗЭНий мутар хэнд илэрхийлэгдсэн бэ? 2 Учир нь Тэр Түүний өмнө нялх нахиа мэт, хуурай газраас гарсан үндэс мэт ургасан. Түүнд хэлбэр дүрс, цог жавхлан байхгүй. Бид Түүнийг харъя гэсэн ч бидний анхаарлыг татахуйц дүр төрх алга. 3 Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов. Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн. Бид нүүрээ Түүнээс нуусан. Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй. 4 Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав. Харин бид Түүнийг Бурханд яллагдаж, цохигдож, зовсон гэж бодов. 5 Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ. Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн. 6 Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав. Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов. 7 Тэр тамлагдсан, зовсон боловч амаа нээсэнгүй. Алагдахаар хөтлөгдөх хурга шиг, хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Тэр амаа нээсэнгүй. 8 Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа. Хэн Түүний үр удмын тухай бодох вэ? Тэр миний ард түмний нүглийн төлөө цохигдож, амьдын газраас таслагдсан. 9 Түүний булш нүгэлт хүмүүстэй хамт байх байсан боловч, Тэр үхэлдээ баян хүнтэй хамт байсан. Тэр хүчирхийлэл үйлдээгүй. Түүний аманд нь ямар ч худал хуурмаг байгаагүй. 10 Гэвч Түүнийг няцалж, өвтгөх нь ЭЗЭНий таалал байв. Хэрэв Тэр Өөрийгөө нүглийн төлөөх тахил болгон өргөвөл, Тэр үр удмаа үзэж, Өөрийн өдрүүдийг уртасган, ЭЗЭНий хүсэл нь Түүний гарт цэцэглэх болно. 11 Түүний сэтгэлийн шаналлын үр дүнд Тэр харж, сэтгэл нь ханах болно. Миний Боол, Зөв шударга Нэгэн Өөрийнхөө мэдлэгээр олныг зөвтгөж, тэдний нүглийг нь үүрэх болно. 12 Ийм учраас Би Түүнд ихэстэй хамт хувь ноогдуулна. Тэр олзыг хүчтэнтэй хуваана. Яагаад гэвэл Тэр Өөрийн амийг үхэл уруу асгаж, хилэнцтэнүүдтэй хамт тоологдсон. Гэвч Тэр олны нүглийг Өөртөө тээж, хилэнцтэнүүдийн төлөө зуучилсан.
1 "Хүүхэд төрүүлээгүй, хүүсэр нэгэн ээ! Баярлан хашхирагтун. Төрөхийн зовлон үзээгүй байгаа та нар, бахдан дуулж, бархиран хашхирагтун. Учир нь ганц бие хүний хөвгүүд нь гэрлэсэн эмэгтэйн хөвгүүдээс олон байх болно" гэж ЭЗЭН айлдаж байна. 2 "Майхныхаа талбайг өргөтгөн, сууцныхаа хөшгийг дэлгэн татаж, бүү хаагтун. Аргамжаагаа уртасгаж, гадсаа бөхлөгтүн. 3 Учир нь чи өрнө ба дорно зүгт өргөсөн тэлж, чиний үр удам үндэстнүүдийг эзлэн, хаягдсан хотуудад нь суурьшина. 4 Бүү айгтун. Учир нь чи ичгүүрт унахгүй. Бүү ичингүйр. Учир нь чи гутамшиг болохгүй. Харин чи залуу насныхаа ичгүүрийг мартаж, бэлэвсрэлийнхээ доромжлолыг цаашид дурсахгүй. 5 Учир нь чиний нөхөр бол чамайг Бүтээгч. Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН. Чиний Аврагч бол бүх дэлхийн Бурхан хэмээн нэрлэгдсэн Израилийн Ариун Нэгэн юм. 6 ЭЗЭН чамайг сэтгэлээр унасан, хаягдсан эхнэр мэт, залуу үедээ гэрлэсэн боловч гологдсон эхнэр мэт дуудсан" гэж чиний Бурхан айлдаж байна. 7 "Би чамайг эгшин зуур орхисон боловч агуу энэрлээр чамайг цуглуулна. 8 Дүрэлзсэн уурандаа Би эгшин зуур чамаас нүүрээ нуусан боловч, мөнхийн энэрэл хайраар чамайг энэрнэ" гэж чиний Аврагч ЭЗЭН айлдаж байна. 9 "Энэ нь Миний хувьд, Ноагийн өдрүүд мэт бөгөөд тэгэхэд Би Ноагийн ус дэлхийг дахин нөмрөхгүй гэж тангарагласан. Иймээс чамд уурлахгүй, чамайг зэмлэхгүй гэж Би тангарагласан. 10 Уулс ганхаж, толгод доргивч, Миний энэрэл хайр чамаас салахгүй, Миний энхийн гэрээ хөндөгдөхгүй" гэж чамайг энэрэгч ЭЗЭН айлдаж байна. 11 "Салхинд туугдсан, тайвширшгүй, зовсон нэгэн ээ. Үзэгтүн. Би чамайг оюугаар барьж, чиний суурийг биндэрьяагаар тавина. 12 Цаашилбал, Би чиний цонхнуудыг бадмааргаар, дааман хаалгуудыг болроор хийж, хана чинь бүхэлдээ үнэт чулуу болно. 13 Чиний бүх хөвгүүд ЭЗЭНээр сургагдаж, чиний хөвгүүдийн эв найр нь аугаа их болно. 14 Үнэн зөв дотор чи байгуулагдаж, дарлал зовлонгоос хол байна. Учир нь чи айхгүй. Чи аюул хүчирхийллээс хол байна. Учир нь аюул чамд ойртохгүй. 15 Хэрэв хэн нэгэн нь чам уруу хэрцгийлэн халдвал, тэр нь Надаас биш юм. Чам уруу халдагч нь чамаас болж унана. 16 Үзэгтүн, нүүрсний галыг хөөрөгдөн ашиглахын тулд зэвсэг хийдэг дархныг Би бүтээсэн. Би хөнөөхийн тулд сүйтгэгчийг бүтээв. 17 Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй. Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүр яллагдана. Энэ бол ЭЗЭНий зарцуудын өв бөгөөд Надаас ирэх тэдний зөвтгөл юм" гэж ЭЗЭН зарлиг болгов.
1 "Цангасан хүн бүр ус уруу ирэгтүн. Мөнгөгүй хүн бүр ирж, худалдан авч, идэгтүн. Ирж, мөнгөгүйгээр, үнэгүйгээр дарс, сүү худалдан авагтун. 2 Та нар яагаад талх биш юманд мөнгө зарцуулдаг вэ? Мөн та нар цатгахгүй юманд юунд хөлсөө зарцуулдаг вэ? Намайг анхааралтай сонсож, сайныг нь ид, элбэг хангалуунд өөрийгөө жаргаа. 3 Чихээ нээ! Над уруу ир! Чиний сүнс амьд байхын тулд сонсогтун. Давидад үзүүлсэн итгэмжит өршөөлүүдийнхээ ёсоор Би та нартай мөнхийн гэрээ байгуулна. 4 Үзэгтүн, Би түүнийг хүмүүсийн гэрч, хүмүүсийн удирдагч, жанжин болгоно. 5 Үзэгтүн, чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэнээс болж чи өөрийн мэдэхгүй үндэстнийг дуудан, чамайг танихгүй үндэстэн чам уруу гүйнэ. Учир нь Тэр чамайг алдаршуулсан юм". 6 Олдож болох үед нь ЭЗЭНийг хайгтун. Түүнийг ойр байгаа дээр нь дуудагтун. 7 Хилэнцтэн нь өөрийн замаа, шударга бус хүн нь өөрийн бодол санаануудаа орхиод, ЭЗЭН уруу эргэх болтугай. Түүнийг Тэр өрөвдөнө. Бидний Бурхан уруу эргэгтүн. Учир нь Тэр өгөөмрөөр уучилна. 8 "Учир нь Миний бодол санаанууд бол та нарын бодол санаа биш. Миний зам нь та нарын замаас өөр" гэж ЭЗЭН айлдаж байна. 9 Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг, Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ. 10 Бороо, цас тэнгэрээс бууж ирээд, газрыг услахгүйгээр буцдаггүй шиг, (харин газрыг ургуулж цэцэглүүлж, тариачинд үрийг, идэгчид талхыг нь хангадаг.) 11 Миний амнаас гарсан Миний үг хүслийг минь гүйцэтгэхгүйгээр, илгээсэн зорилгыг минь хэрэгжүүлэхгүйгээр Над уруу хоосон буцаж ирэхгүй. 12 "Учир нь чи баяртайгаар гарч явж, амар тайвнаар хөтлүүлнэ. Уул толгод чиний өмнө баярлан уухайлж, талын бүх модод алга ташицгаана. 13 Өргөст бутны оронд нарс, халгайн оронд мирт л ургана. Энэ бол ЭЗЭНд нэр, үл устах мөнхийн тэмдэг болно".
1 ЭЗЭН үүнийг айлдаж байна. "Шударга ёсыг сахин, зөвийг үйлдэгтүн. Учир нь Миний аврал ирэх гэж байна. Миний үнэн зөв нь илэрхийлэгдэнэ. 2 Үүнийг үйлдэгч хүн, үүнээс зуурагч хүний хөвгүүн, амралтын өдрийг бузарлалгүй сахигч, аливаа мууг үйлдэхээс гараа татагчид ерөөлтэй еэ!" 3 ЭЗЭНтэй нэгдсэн харь хүн "ЭЗЭН намайг Өөрийнхөө хүмүүсээс гарцаагүй салгана" гэж бүү хэлэг. Тайган хүмүүс "Үзэгтүн, би хувхайрсан мод" гэж бүү өгүүлэг. 4 Учир нь ЭЗЭН үүнийг айлдав. "Миний амралтын өдрийг сахин, Надад тааламжтайг сонгон, Миний гэрээг чанд мөрдөгч тайган хүмүүст 5 Би Өөрийн гэрийн доторх, ханануудын дундахыг болон хөвгүүд охидынхоос ч илүү сайн дурсгал, нэрийг өгнө. Би тэдэнд усташгүй, мөнхийн нэр өгнө. 6 ЭЗЭНд үйлчилж, ЭЗЭНий нэрийг хайрлан, Түүний зарц болохын тулд Түүнтэй нэгдсэн харь хүмүүсийг, амралтын өдрийг бузарлалгүй сахин Миний гэрээг чанд мөрдөгч хүн бүрийг 7 Би Өөрийн ариун ууланд аваачин, Өөрийн залбирлын өргөөнд тэднийг баяр хөөртэй болгоно. Тэдний шатаалт тахил, өргөлүүд нь Миний тахилын ширээн дээр тавигдана. Учир нь Миний өргөө бүх ард түмний залбирлын өргөө гэж нэрлэгдэнэ". 8 Бутарсан израильчуудыг цуглуулагч Эзэн БУРХАН тунхаглаж байна. "Аль эрт цугларсан хүмүүс дээр Би өөр хүмүүсийг цуглуулна". 9 Хээрийн бүх араатан, ойн бүх амьтад аа. Идэхээр ирэгтүн. 10 Түүний харуулууд нь сохор, тэд бүгд юу ч мэдэхгүй. Тэд бүгдээрээ хуцах чадваргүй хэлгүй ноход бөгөөд унтах дуртай, хэвтээд мөрөөдөгчид юм. 11 Тэд бол цадахаа мэддэггүй, шуналтай ноход. Тэд ухаангүй хоньчид. Тэд бүгдээрээ өөр өөрийн мөрөө хөөн, хүн бүр өөрийн шударга бус олзыг буюу сүүлчийн ганцыг эрнэ. 12 "Ирэгтүн. Дарс авчирж, согтотлоо архи ууцгаая. Маргааш өнөөдөр шиг л байх болно. Бүр ч элбэг болно" гэж тэд хэлдэг.
1 Зөв шударга хүн мөхдөг, үүнийг хэн ч зүрхэндээ авдаггүй. Сүсэгтэй хүмүүсийг авч явахад хэн ч үл ойлгоно. Зөв шударга хүнийг муугаас холдуулж, 2 амар амгаланд аваачна. Зөв замаар явагч хүн бүр өөрсдийн хэвтэртээ амарна. 3 Харин илбэчин эмийн хөвгүүд, садар самуун, янхнуудын үр сад аа, нааш ирэгтүн. 4 Та нар хэнийг шоолж, хэний эсрэг амаа ихээр ангайлган, хэлээ гаргана вэ? Та нар тэрслэгчийн хүүхдүүд, худал хуурмагийн үр удам бөгөөд 5 царс моддын дунд, аливаа саглагар модны дор дүрэлзэн шатаж, хадны хавцал дор, гуу жалганд хүүхдээ алдаг биш үү? 6 Гуу жалгын гөлгөр чулуунуудын дундах нь чиний хувь юм. Тэд, зөвхөн тэд чиний шавга мөн. Чи тэдэнд ундаан өргөл асгаж, идээн өргөл өргөсөн билээ. Үүнд чинь Би санаа амрах болж байна уу? 7 Чи өндөр, сүрлэг уулан дээр өөртөө ор засаж, тахил өргөхийн тулд тийшээ гарсан. 8 Чи хаалга хатавчны ард тэмдэг тавьсан. Үнэндээ Надаас алслан холдсон чи биеэ нүцгэлсэн. Дээш гарч, ороо өргөсгөн, өөрийнхөө төлөө тэдэнтэй тохиролцон, тэдний оронд дурлан, нүцгэн биеийг нь харсан билээ. 9 Чи хаан уруу тостой очиж, үнэртнээ нэмэгдүүлсэн. Чи элчингүүдээ алс хол газар илгээн, Үхэгсдийн орон уруу буулгасан. 10 Замын уртад чи ядарсан боловч, "Найдлага тасарлаа" гэж хэлээгүй. Чи хүч тэнхээгээ сэргээн олсон учраас шантраагүй. 11 "Намайг зүрхэндээ хадгалж дурсалгүй, худал хэлж байхдаа чи хэнээс эмээж зовнисон бэ? Би удаан хугацааны турш чимээгүй байсан учраас чи Надаас эмээхгүй юу? 12 Би чиний зөв шударгыг болоод үйлсийг чинь тунхаглана. Гэвч тэдгээр нь чамд ашиггүй. 13 Орилж хашхирахад чинь чамайг шүтээний цуглуулга чинь авраг! Харин салхи тэднийг чинь бүгдийг нь хийсгэж, амьсгал ч тэднийг авна. Харин Надад хоргодогч нь газрыг өмчлөн, Миний ариун уулыг эзэмшинэ". 14 "Босгогтун, босгогтун. Зам бэлтгэгтүн. Миний ард түмний замаас саадыг зайлуул» гэж хэлэгдэх болно. 15 Мөнх амьдрагч Түүний нэр нь Ариун бөгөөд өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн үүнийг айлдав. "Би дорд нэгний сүнсийг сэргээж, гэмшсэн нэгний зүрхийг амьдруулахын тулд гэмшсэн болон даруу сүнстэй хүмүүстэй хамт өндөр, ариун газарт оршдог. 16 Би мөнхөд буруутгахгүй, үргэлж ууртай байхгүй. Учир нь сүнс болон Миний бүтээсэн амьсгал нь Миний өмнө сул дорой болно. 17 Түүний шударга бус олзны нүглээс нь болж Би хилэгнэн, түүнийг цохьсон. Би нууж уурлаж байсан. Тэр ч эргэн өөрийн хүссэн замаараа явсан. 18 Би түүний замыг нь үзсэн боловч түүнийг эдгээнэ. Би түүнийг удирдаж, түүнийг хийгээд түүний гашуудагсдыг тайвшруулан сэргээж, 19 уруулын магтаалыг бүтээнэ. Хол ойрынхонд энх амгалан, энх амгалан байх болтугай. Би түүнийг эдгээнэ" гэж ЭЗЭН айлдаж байна. 20 Гэвч нүгэлтнүүд нь шидлэн давалгаалах далай мэт юм. Учир нь далай бол дөлгөөн байж чаддаггүй, ус нь хог, шавар шидлэн гаргадаг билээ. 21 "Хилэнцтэнд амар амгалан байхгүй" гэж миний Бурхан айлдаж байна.
1 "Чангаар хашхирагтун. Бүү зогсогтун. Дуугаа бүрээ мэт чангалан, Миний ард түмэнд гэм бурууг нь, Иаковын гэрт нүглийг нь зарлагтун. 2 Тэд зөвийг үйлддэг бөгөөд Бурханыхаа хуулийг умартаагүй үндэстэн мэт Намайг өдөр бүр эрж, Миний замыг мэдэхийг хүсдэг. Тэд зөв шийдвэрийн төлөө Надаас гуйж, Бурханы ойр байх хүсэлтэй ажээ. 3 «Бидний мацаг барихыг яагаад Та хараагүй юм бэ? Бид өөрсдийгөө номхон даруу болгож байгааг яагаад Та ажиглаагүй юм бэ?» гэдэг. Үзэгтүн, та нар мацаг барих өдрөө өөрсдийн хүслээ дагадаг бөгөөд бүх ажилчдаа мөлждөг. 4 Үзэгтүн, та нар хэрүүл маргаан хийж, хилэнцэт нударгаараа цохихын тулд мацаг барьдаг. Та нар өнөөдрийнх шиг дуу хоолойгоо өндөрт сонсгохын тулд мацаг барьж болохгүй. 5 Энэ өдөр хүн өөрийгөө төлөв даруу болгохын тулд Миний сонгож авсан мацаг барилт энэ гэж үү? Эсвэл энэ нь зөвхөн хүний толгойг зэгс мэт бөхийлгөн, үнсэн дээр хэвтүүлж, таар нөмөргөнө гэсэн үг үү? Үүнийг л та нар ЭЗЭНд тааламжит өдөр, мацаг барилт гэж нэрлэдэг юм уу? 6 Нүгэл хилэнцийн хүлгийг мултлан, буулганы оосрыг тайлан, дарлагдагсдыг чөлөөлж, аливаа буулгыг эвдэхийн тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу? 7 Өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан, орон гэргүй ядуусыг гэртээ оруулан, нүцгэн нэгнийг хараад хувцаслаж, өөрийн цусан төрлөөс нуугдахгүй байх бус уу? 8 Тэгвэл чиний гэрэл үүрийн гэгээ шиг цацарч, чиний эдгэрэлт үтэр түргэн болж, чиний үнэн зөв өмнө чинь явж, ЭЗЭНий цог жавхлан чиний арын хамгаалалт болно. 9 Тэгэхэд чамайг дуудахад ЭЗЭН хариулж, чамайг хашхирахад Тэр «Би энд байна» гэж айлдана. Хэрэв та нар дундаасаа буулгыг зайлуулж, хуруугаараа чичлэн, зэрлэг балмад яриагаа боливол, 10 хэрвээ чи өлсөгчдөд өөрийгөө өгч, зовогсдын сэтгэлийг цатгавал, чиний гэрэл нь харанхуйд мандаж, чиний бүрхэг бүүдгэр нь үд дунд мэт байх болно. 11 ЭЗЭН чамайг ямагт удирдан, хатсан газарт чиний хүслийг хангаж, чиний ясанд тэнхээ өгнө. Чи усалсан цэцэрлэг мэт, ширгэшгүй ундаргатай булаг мэт байх болно. 12 Танай хүмүүс эрт цагт эвдэрсэн балгаснуудыг дахин сэргээн, олон үеийн сууриудыг босгоно. Тэгээд чамайг «Цөмөрхийг сэргээн босгогч, оршин суух гудамжийг засагч» гэж нэрлэнэ. 13 Хэрэв чи амралтын өдрийг үл бузарлаж, Миний ариун өдөр өөрийн таашаалыг үйлдэхээс татгалзан хөлөө татвал, амралтын өдрийг баясгалант, ЭЗЭНий ариун өдрийг эрхэм хүндэт гэж нэрлэж, өөрийн замаар явалгүй, өөрийн таашаалыг хайлгүй, чалчилгүй, энэ өдрийг хүндэтгэвэл, 14 чи ЭЗЭНий дотор баяр хөөрийг авна. Би чамайг газрын өндөрлөгүүдээр аялуулан, эцэг Иаковын чинь өв хөрөнгөөр чамайг тэжээнэ" гэж ЭЗЭНий ам айлдсан юм.
1 Үзэгтүн, ЭЗЭНий мутар аварч чадахааргүй богино биш ээ. Түүний чих сонсож чадахааргүй дүлий биш ээ. 2 Харин та нарын гэм буруу нь та нарыг Бурханаас хагацуулан, та нарын нүглүүд Бурханы нүүрийг та нараас далдалжээ. Тийм учраас Тэр сонсдоггүй. 3 Учир нь та нарын гар цусаар, та нарын хуруу нүглээр бузарлагдсан. Та нарын уруул худал ярьж, та нарын хэл хилэнцэт зүйлийг өгүүлнэ. 4 Хэн ч зөв шударгаар шүүдэггүй, хэн ч үнэнээр өмгөөлдөггүй. Тэд самуун төөрөгдөлд итгэн, худал ярьдаг. Тэд гай тарьж, хилэнцийг төрүүлнэ. 5 Тэд хорт могойн өндгийг даран, аалзны тор нэхдэг. Тэдний өндгийг идсэн хүн үхдэг. Өндөг нь хагарахад дотроос нь могой гарна. 6 Тэдний тор нь хувцас болохгүй. Тэд өөрсдийн ажлуудаараа биеэ хучихгүй. Тэдний хөдөлмөр нь хилэнцэт ажил бөгөөд тэдний алганд нь хүчирхийллийн үйлс байна. 7 Тэдний хөл нь муу уруу гүйн, гэм буруугүй цусыг урсгахдаа яардаг. Тэдний бодол нь хилэнцэт бодол бөгөөд тэдний замд эвдрэл, сүйрэл бий. 8 Тэд энх тайвны замыг мэдэхгүй, тэдний замд нь шударга ёс гэж байхгүй. Тэд замаа муруй хазгай тавьснаас энэ замаар явагчид нь энх амгаланг үл мэднэ. 9 Ийм учраас шударга ёс биднээс хол, үнэн зөв нь бидэнд хүрэхгүй. Бид гэрлийг хайдаг боловч харанхуйг л хардаг, хурц гэрлийг хүлээвч, бүрэнхийд алхдаг. 10 Бид сохор хүмүүс мэт хана дагуу тэмтрэн, нүдгүй хүмүүс адил тэмтэчнэ. Үд дунд бид бүрэнхийд мэт бүдэрч, хүчтэнүүдийн дунд бид хүүр мэт байна. 11 Бид бүгдээрээ баавгай мэт хүрхрэн, тагтаа мэт гашуудна. Бид шударга ёсыг хайвч, тэр нь алга. Авралыг хүлээвч, тэр нь биднээс хол ажээ. 12 Учир нь бидний гэм буруу Таны өмнө үлэмж ихэссэн бөгөөд бидний нүглүүд өөрсдийн минь эсрэг гэрчилдэг. Нүглүүд маань бидэнтэй хамт байдаг. Бид өөрсдийн хилэнцийг мэднэ. 13 Бид нүгэл үйлдэн, ЭЗЭНийг үгүйсгэн, Бурханаасаа эргэж буцан, дарлаж хавчин, босох тухай хэлэлцэн, зүрхнээсээ худал үгсийг ярьдаг. 14 Шударга ёс хойш хаягдан, үнэн зөв нь холдов. Үнэн нь гудамжинд бүдэрч, шударга явдал нэвтэрч чадахгүй байна. 15 Тийм ээ, үнэн үгүйлэгдэж байна. Бузар муугаас холдогч нь өөрийгөө золиос болгов. ЭЗЭН үүнийг хараад, шударга ёс байхгүй байсанд Түүний мэлмийд таалагдаагүй. 16 Тэнд нэг ч хүн байхгүйг Тэр хараад, тэнд зуучлах хүн нэг ч байхгүйд гайхаж байлаа. Тиймээс Тэр Өөрийн мутраар Түүнд авралыг авчран, Өөрийн зөвөөр Түүнийг дэмжив. 17 Тэр Түүнд үнэн зөвийг хуяг мэт өмсгөн, авралын дуулгыг тэргүүнд нь тавив. Тэр өс хонзон авах хувцсыг өмсөн, зүтгэлээр Өөрийгөө цув мэт ороов. 18 Тэдний хийсэн үйлсийнх нь дагуу Тэр Өөрийн өрсөлдөгчдөд уур хилэн, Өөрийн дайснуудад өшөө хонзон, эргийн нутгуудад зохих хариуг нь өгнө. 19 Өрнө зүгт хүмүүс ЭЗЭНий нэрээс эмээн, наран ургах зүгт тэд Түүний алдраас айна. Дайсан голын урсгал мэт ирвэл ЭЗЭНий салхи түүнийг хөөж явуулна. 20 "Аврагч нь Сион уруу Иаков дотор гэм нүглээс эргэсэн хүмүүс уруу ирнэ" гэж ЭЗЭН тунхаглав. 21 "Миний хувьд энэ бол тэдэнтэй байгуулах Миний гэрээ" хэмээн ЭЗЭН айлдаж байна. "Чиний дээр байгаа Миний Сүнс, чиний аманд тавьсан Миний үгс нь чиний амнаас ч, чиний хүүхдүүдийн амнаас ч, чиний хүүхдүүдийн үр удмын амнаас ч одооноос эхлэн үүрд мөнх салахгүй" гэж ЭЗЭН айлдаж байна.
1 "Бос, гэрэлт. Учир нь чиний гэрэл ирж, ЭЗЭНий цог жавхлан чиний дээр мандаж байна. 2 Үзэгтүн, газрыг харанхуй бүрхэн, гүн харанхуй хүмүүсийг хучсан. Гэвч ЭЗЭН чиний дээр мандан, Түүний цог жавхлан нь чиний дээр үзэгдэнэ. 3 Үндэстнүүд чиний гэрэл уруу, хаад нь чиний мандах туяа уруу ирнэ. 4 Нүдээ өргөн орчин тойрноо харагтун. Тэд бүгдээрээ цуглан, чам дээр ирж байна. Чиний хөвгүүд алс холоос ирнэ. Чиний охидыг гар дээр авчирна. 5 Чи үзэж гэрэлтээд, чиний зүрх хөдлөн, баясна. Яагаад гэвэл далайн баялаг та нарынх болж, үндэстнүүдийн хөрөнгө чамд ирнэ. 6 Тэмээн сүрэг, Мидиан болон Ефагийн ботгонууд чамайг бүрхэнэ. Тэд бүгдээрээ Шебагаас ирнэ. Тэд алт хийгээд гүгэл авчран, ЭЗЭНий магтаалын сайн мэдээг тээнэ. 7 Кедарын бүх хонин сүрэг чам дээр цугларч, Небаиотын хуцнууд чамд үйлчилнэ. Тэд Миний тахилын ширээнд тааламжтайгаар өргөгдөн, Би Өөрийн сүр жавхлант гэрийг алдаршуулна. 8 Үүл мэт, үүрэндээ буцах тагтаанууд мэт нисэж буй тэд хэн бэ? 9 Үнэхээр эргийн орнууд Намайг харуулдана. Чиний Бурхан ЭЗЭНий нэр, Израилийн ариун Нэгэний төлөө алс холоос чиний хөвгүүдийг алт, мөнгөтэй нь хамт авчрахын тулд Таршишийн усан онгоцнууд эхэнд ирнэ. Учир нь Тэр чамайг алдаршуулсан юм. 10 Харийнхан хана хэрмийг чинь босгон, тэдний хаад чамд үйлчилнэ. Чамайг Би хилэнгээрээ цохьсон боловч, өршөөлөөрөө Би чамайг өрөвдөх болно. 11 Хүмүүс үндэстнүүдийн эд баялгийг чамд авчирж хаад нь цувааг хөтөлж байхын тулд чиний дааман хаалганууд өдөр ч, шөнө ч хаагдахгүй, ямагт нээлттэй байна. 12 Учир нь чамд үйлчлэхгүй байх үндэстэн, хаанчлалууд сөнөнө. Тийм үндэстнүүд бүрмөсөн устгагдана. 13 Миний ариун газрыг үзэсгэлэнтэй болгохын тулд Ливаны сүр жавхлан болох арц, жодоо, нарс мод чам уруу ирнэ. Би хөлийнхөө гишгүүрийг сүр жавхлантай болгоно. 14 Чамайг зовоогчдын хөвгүүд нь ирж, чамд мэхийн, чамайг үзэн ядагчид бүгдээрээ хөлийн чинь уланд хүртэл бөхийнө. Тэд чамайг ЭЗЭНий хот буюу Израилийн Ариун Нэгэний Сион гэж нэрлэнэ. 15 Хэдийгээр чи хаягдан, үзэн ядагдаж, хэн ч дайран өнгөрдөггүй байсан боловч, Би чамайг мөнхийн бахархал, үеэс үед баяр хөөр болгоно. 16 Чи бас үндэстнүүдийн сүүгээр тэжээгдэн, хаадын мээмийг хөхнө. Тэгэхэд ЭЗЭН Би бол чиний Аврагч, чиний Чөлөөлөгч, Иаковын Хүчит Нэгэн мөн болохыг чи мэднэ. 17 Би чамд зэсийн оронд алт, төмрийн оронд мөнгө, модны оронд зэс, чулууны оронд төмөр авчирч, чиний төр баригчдыг амар амгалан болгон, чиний харгалзагчдыг үнэн зөв болгоно. 18 Чиний нутагт хүчирхийлэл, хил хязгаарын чинь дотор эвдрэл сүйрэл дахин сонсогдохгүй. Харин чи өөрийн хана хэрмүүдийг Аврал, дааман хаалгануудаа Магтаал гэж нэрлэнэ. 19 Үүнээс хойш өдрөөр нар чиний гэрэл байхаа больж, сарны туяа ч чамайг гийгүүлэхээ болино. Харин ЭЗЭН чиний үүрдийн гэрэл болж, чиний Бурхан нь чиний алдар болно. 20 Хойшид чиний нар шингэхгүй, чиний сар хуучрахгүй. Учир нь ЭЗЭН чиний үүрдийн гэрэл болж, чиний гашуудлын өдрүүд төгсөнө. 21 Дараа нь чиний бүх ард түмэн зөв шударга болж, газрыг мөнхөд эзэмшинэ. Тэд бол Намайг алдаршуулахын төлөө Миний тарьсан мөчир, Миний мутрын бүтээл юм. 22 Хамгийн өчүүхэн нэгэн нь мянга болж, хамгийн бага нэг нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би үүнийг тухайн цагт нь яаравчлах болно".
1 Эзэн БУРХАНы Сүнс миний дээр байна. Учир нь ЭЗЭН намайг зовогсдод сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд томилсон юм. Тэр намайг шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээн, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд, 2 мөн ЭЗЭНий тааламжит жил, бидний Бурханы өшөө авах өдрийг тунхаглан, бүх гашуудагсдыг тайвшруулан, 3 Сионд гашуудагсдад үнсний оронд цэцгийн хэлхээг өгч, гашуудлын оронд баяр хөөрийн тос, гаслант сүнсний оронд магтаалын хувцас соёрхохын тулд илгээсэн юм. Иймээс Түүнийг алдаршуулахын тулд тэднийг үнэн зөвийн царснууд, ЭЗЭНий суулгац гэж нэрлэх болно. 4 Тэгээд эртний балгаснуудыг сэргээн босгож, урьдын эвдэрсэн газруудыг янзалж, олон үеийн туршид хоосорч сүйрсэн хотуудыг шинэчлэн засварлана. 5 Харь хүмүүс босож, та нарын сүргүүдийг хариулна. Харийн хөвгүүд та нарын тариаланч, усан үзэмчид болцгооно. 6 Харин та нар ЭЗЭНий тахилч нар, бидний Бурханы үйлчлэгчид гэж нэрлэгдэн, үндэстнүүдийн эд баялгийг идэн, тэдний хөрөнгөөр сайрхах болно. 7 Ичгүүрийнхээ оронд та нар хоёр дахин их хувийг авч, доромжлолын оронд тэд өөрсдийнхөө хувьд баярлан хашхирна. Тийм учраас тэд өөрсдийн газартаа хоёр дахин ихийг эзэмшин, мөнхийн баяр баясгалан тэднийх болно. 8 Учир нь ЭЗЭН Би шударга ёсыг хайрлаж, хүчээр дээрэмдэхийг үзэн яддаг. Би тэдэнд шагналыг нь итгэмжтэйгээр өгнө. Би тэдэнтэй мөнхийн гэрээ байгуулна. 9 Тэгэхэд үрс нь үндэстнүүдийн дотор, тэдний хойч үе нь хүмүүсийн дунд танигдана. Тэд бол ЭЗЭНий ерөөсөн үрс байна гэж тэднийг харсан бүгд мэдэх болно. 10 Би ЭЗЭНий дотор ихэд бахдан, сэтгэл минь миний Бурханд баярлана. Сүйт залуу өөрийгөө цэцгийн хэлхээгээр чимж, сүйт бүсгүй өөрийгөө үнэт чулуугаар гоёдог шиг, Тэр намайг үнэн зөвийн нөмрөгөөр ороож, авралын хувцсаар хувцасласан юм. 11 Учир нь газар дэлхий мөчир нахиа ургуулан, цэцэрлэг дотор нь тарьсан юмсыг ургуулдаг шиг Эзэн БУРХАН бүх үндэстнүүдийн өмнө үнэн зөв ба магтаалыг бий болгоно.
1 Үнэн зөв нь гэрэл гэгээ мэт, аврал нь шатаж буй бамбар мэт ирэх хүртэл Сионы төлөө Би дуугүй байхгүй, Иерусалимын төлөө Би чимээгүй байхгүй. 2 Үндэстнүүд чиний үнэн зөвийг, бүх хаад чиний алдрыг үзнэ. ЭЗЭНий ам хайрласан шинэ нэрээр чамайг нэрлэнэ. 3 Чи ЭЗЭНий мутар дахь үзэсгэлэнт титэм, өөрийн Бурханы мутар дахь хааны малгай болно. 4 Үүнээс хойш чамайг "Мартагдсан" хэмээн, чиний газрыг "Эзгүй зэлүүд" гэж хэлэхгүй. Харин чамайг "Түүний доторх Миний баяр хөөр" гээд, чиний газрыг "Гэрлэсэн" гэж нэрлэнэ. Учир нь ЭЗЭН чамд баярлан, чиний газар гэрлэх болно. 5 Учир нь залуу хүн онгон охинтой гэрлэдэг шиг чиний хөвгүүд чамтай гэрлэнэ. Сүйт залуу сүйт бүсгүйдээ баярладаг шиг чиний Бурхан чамд баярлана. 6 Иерусалим аа, Би чиний хэрмэн дээр манаач нарыг тавив. Тэд бүх л өдөржин, бүх л шөнөжин хэзээ ч дуугаа хураахгүй. ЭЗЭНийг дурсагч аа, бүү амрагтун. 7 Тэр Иерусалимыг босгож, байгуулж газрын магтаал болгох хүртэл нь Түүнд бүү амралт өгөгтүн. 8 ЭЗЭН Өөрийн баруун мутар, хүчит гараараа тангараглав. "Би чиний үр тариаг дахин хэзээ ч дайснуудад чинь хоол болгон өгөхгүй. Мөн чиний хөдөлмөрөөр бий болсон шинэ дарсыг харийн хөвгүүд уухгүй. 9 Харин үр тариа хураагчид нь түүнийг идэж, ЭЗЭНийг магтана. Усан үзмийг хураагчид нь үүнийг Миний ариун газрын хашаан дотор ууна". 10 Дааман хаалгаар орцгоо, орцгоо. Хүмүүсийн замыг цэвэрлэ. Зам тавьцгаа, тавьцгаа. Чулууг нь зайлуулагтун. Хүмүүсийн дээр туг босгогтун. 11 Үзэгтүн, ЭЗЭН газрын хязгаар хүртэл тунхаглан "Хөөе. Чиний аврал ирж байна. Үзэгтүн, Түүний шагнал Түүнтэй хамт бөгөөд Түүний сайшаал нь Түүний өмнө байна" гэж Сионы охинд айлдав. 12 Тэд "ЭЗЭНий аварсан ариун ард түмэн" гэж нэрлэгдэх болно. Чи "Хаягдаагүй хот, Эрэлчин" гэж нэрлэгдэнэ.
1 Бозрагаас хурц улаан өнгийн хувцастай Едомоос ирэгч энэ хэн бэ? Сүр жавхлантайгаар хувцасласан, Өөрийн хүчний агуу байдлаараа урагш тэмүүлэгч нь хэн бэ? "Энэ бол зөвийг өгүүлэгч аврах хүчтэй Би байна". 2 Таны дээл яагаад улаан, Таны хувцас яагаад усан үзмийн шахуурга гишгэгч мэт байна вэ? 3 "Би ганцаараа усан үзмийн шахуургыг гишгэхэд, ард түмнүүдээс Надтай хамт хэн ч байгаагүй. Би мөн уур хилэнгээр тэднийг гишгэж, уурлан тэднийг дэвсэлсэн. Тэдний шүүс нь Миний дээлд үсэрч, Би Өөрийн бүх хувцсаа бузарласан билээ. 4 Учир нь өшөө авалтын өдөр Миний зүрхэнд байсан бөгөөд Миний золилтын жил ирсэн бөлгөө. 5 Намайг харахад туслах хүн нэг ч байсангүй. Намайг дэмжих хүн нэг ч байхгүйд нь Би гайхаж байсан. Тиймээс Миний Өөрийн мутар Надад авралыг авчран, Миний уур хилэн Намайг дэмжив. 6 Би хилэгнэн ард түмнүүдийг гишгэн, уураараа тэднийг согтоон, тэдний шүүсийг газарт асгасан юм". 7 Би ЭЗЭНий энэрэл хайрыг дурьдан, ЭЗЭНий бидэнд соёрхсон бүхэн хийгээд Израилийн гэрт үзүүлсэн агуу их ивээлийнх нь дагуу Түүний магтаалыг сануулав. Эдгээрийг Тэр Өөрийн өршөөлийн дагуу Өөрийн үлэмж их энэрэл хайрын ёсоор тэдэнд соёрхсон билээ. 8 "Үнэхээр тэд бол Миний ард түмэн бөгөөд худал хуурмагаар хандахгүй хөвгүүд юм" гэж Тэр айлдав. Тэгээд Тэр тэдний Аврагч болов. 9 Тэдний бүх л зовлонгууд дотор Тэр зовсон бөгөөд Түүний оршихуйн тэнгэр элч тэднийг аварсан. Өөрийн хайр, өршөөл дотор Тэр тэднийг аварсан. Тэрээр эртний бүхий л өдрүүдэд тэднийг өргөн, явсан билээ. 10 Харин тэд эсэргүүцэн, Түүний Ариун Сүнсийг гомдоов. Тийм учраас Тэр эргэн, тэдний дайсан болж, тэдний эсрэг Өөрөө дайтсан юм. 11 Дараа нь Түүний ард түмэн Мосегийн үеийн эртний өдрүүдийг дурсан санасан. Өөрийн сүргийн хоньчидтой нь хамт тэднийг тэнгисээс гаргасан Тэр хаана байна вэ? Тэдний дунд Өөрийн Ариун Сүнсийг оруулсан Тэр хаана байна вэ? 12 Хэн Мосегийн баруун гарт байхаар Өөрийн цог жавхлант мутрыг явуулсан бэ? Өөртөө мөнх нэрийг бий болгохын тулд тэдний өмнө усыг хувааж, 13 тэднийг гүн усан дундуур хэн удирдав? Тал нутгийн морь шиг тэд бүдрээгүй. 14 Үхэр сүрэг хөндий уруу буух шиг ЭЗЭНий Сүнс тэдэнд амгаланг өгөв. Та Өөртөө цог жавхлант нэрийг бий болгохоор Өөрийн ард түмнийг ийнхүү удирдсан билээ. 15 Та тэнгэрээс доош харж, Өөрийн ариун, цог жавхлант газраас үзээч. Таны зүтгэл, Таны хүчит үйлс хаана байна вэ? Таны энхрийлэл болон өрөвч сэтгэл надаас холджээ. 16 Хэдийгээр Абрахам биднийг мэдэхгүй, Израиль биднийг танихгүй боловч Та бидний Эцэг билээ. Өө, ЭЗЭН, Та бидний Эцэг. Эртнээс Таны нэр бол бидний Аврагч. 17 Өө, ЭЗЭН, Та яагаад биднийг Өөрийнхөө замаас төөрүүлэн, бидний зүрхийг хатууруулан, Танаас эмээхгүй болгосон юм бэ? Таны өв залгамжлалын овгууд болох Таны боолуудын төлөө эргээч. 18 Ариун ард түмэн чинь Таны ариун газрыг богино хугацаанд эзэмшсэн. Бидний дайснууд нураан гишгэсэн. 19 Танд хэзээ ч захирагдаж байгаагүй, Таны нэрээр нэрлэгдэж байгаагүй хүмүүстэй бид адилхан боллоо.
1 Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл, Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн. 2 Ширэнгэ бутыг шатаадаг гал мэт, ус буцалгадаг гал адил Өөрийнхөө оршихуйд үндэстнүүдийг чичрүүлэхийн тулд Өөрийн нэрийг дайснууддаа мэдүүлэхээр бууж ирээч. 3 Учир нь бидний хүсээгүй аймшигт үйлсийг Та хийх үед, Таныг доош буухад уулс Таны оршихуйд чичрэв. 4 Өөрийг нь итгэн хүлээгч нэгний төлөө үйлддэг Танаас өөр Бурханыг эртнээс хойш тэд сонсоогүй, чихээрээ сонсоогүй бөгөөд нэг ч нүд хараагүй. 5 Үнэн зөвийг баяртайгаар үйлдэгч, Таны замуудад Таныг санадаг хүнтэй Та уулздаг. Үзэгтүн, бид нүгэл үйлдэж, үүнийгээ удаан хугацаагаар үргэлжлүүлсээр байсан учир Та уурласан. Бид аврагдах болов уу? 6 Бид бүгдээрээ бузар нэгэн мэт болсон бөгөөд бидний бүх зөв үйлс нь бохир хувцас мэт байдаг. Бид бүгдээрээ навч мэт хатаж, бидний нүгэл нь биднийг салхи мэт хийсгэнэ. 7 Таны нэрийг дуудан Танаас зуурахаар өндийх хүн нэг ч алга. Учир нь Та биднээс нүүрээ нууж, биднийг өөрсдийн минь нүглийн хүчинд тушаасан. 8 Гэвч эдүгээ ЭЗЭН, Та бол бидний Эцэг билээ. Бид шавар, Та бол бидний ваарчин. Бид бүгдээрээ Таны мутрын бүтээл. 9 ЭЗЭН минь. Хэмжээ хязгааргүй бүү хилэгнээч. Нүглийг үүрд бүү дурсаач. Үзэгтүн, одоо хар, бид бүгд Таны ард түмэн. 10 Таны ариун хотууд, Сион ч хүртэл зэлүүд газар боллоо. Иерусалим эзгүйрлээ. 11 Эцэг өвгөдийн маань Таныг магтаж байсан газар болох бидний ариун үзэсгэлэнт өргөө галд шатжээ. Бидний бүх үнэт юмс нуранги боллоо. 12 ЭЗЭН минь. Эдгээрийг Та тэвчсээр байх уу? Та дуугуй байсаар, хэмжээ хязгааргүйгээр биднийг зовоох уу?
1 "Гуйгаагүй хүмүүст Би Өөрийгөө илчилж, Намайг эрээгүй хүмүүст Би олдов. Миний нэрийг дуудаагүй үндэстэнд «Би энд байна, Би энд байна» гэж Би айлдав. 2 Өөрийн бодлыг дагаж, буруу замаар явагч, бослого гаргагч ард түмэн уруу Би бүхэл өдрийн турш мутраа сунгасан. 3 Энэ ард түмэн бол Миний нүүрэн дээр Намайг байнга доромжлон, цэцэрлэгт тахил өргөн, тоосгон дээр үнэртнийг шатааж, 4 булшнуудын дунд сууж, нууц газруудад шөнийг өнгөрөөн, гахайн мах идэн, савандаа бузар махны шөлийг хийдэг бөгөөд, 5 «Зогс. Над уруу бүү ойртогтун. Учир нь би чамаас илүү ариун» гэж хэлдэг. Тэд бол Миний хамарт үнэртэх утаа, бүх л өдөржин шатдаг гал юм. 6 «Үзэгтүн, энэ нь Миний өмнө бичигдсэн. Би дуугүй байхгүй, харин буцааж төлнө. Түүгээр ч үл барам Би тэдний өвөрт нь төлнө. 7 Ингэхдээ та нарын хилэнц хийгээд та нарын эцэг өвгөдийн хилэнцийг хоёуланг нь хамтад нь төлнө» гэж ЭЗЭН айлдаж байна. Учир нь тэд уулан дээр үнэртэн шатаан, толгод дээр Намайг доромжилсон. Тиймээс Би тэдний урьдын үйлсийнх нь хэмжээгээр өвөрт нь буцааж төлнө". 8 ЭЗЭН үүнийг айлдаж байна. "Хонхорцог дотор шинэ дарс олдвол «Түүнийг бүү устгагтун. Түүнд ивээл байна» хэмээн хүн өгүүлдэг мэт, Би Өөрийн боолуудын төлөө үйлдэж, тэднийг бүгдийг нь устгахгүй. 9 Би Иаковаас үр удмыг нь, Иудагаас Миний уулсыг өвлөгчийг гарган авчирна. Тэр ч байтугай Миний сонгосон хүмүүс үүнийг өвлөн, Миний зарц нар тэнд амьдарна. 10 Намайг хайгч Миний ард түмний төлөө Шарон нь хонины бэлчээр, Ахорын хөндий үхрийн хэвтэр болно. 11 Харин ЭЗЭНийг орхин, Миний ариун уулыг мартан, Аз завшааны төлөө ширээ засаж, Хувь тавилангийн төлөө найруулсан дарсыг дүүргэгч хүмүүс та нарын хувьд гэвэл, 12 Би та нарын хувь тавиланд илдийг зориулахад та нар бүгдээрээ аллагад бөхийнө. Учир нь Би дуудсан боловч та нар хариулсангүй. Би айлдсан боловч та нар сонссонгүй. Та нар Миний өмнө мууг үйлдэн, Миний хүсээгүйг сонгосон". 13 Тийм учраас Эзэн БУРХАН үүнийг айлдаж байна. "Үзэгтүн, Миний зарц нар идэх боловч, та нар өлсөнө. Үзэгтүн, Миний зарц нар уух боловч, та нар цангана. Үзэгтүн, Миний зарц нар баясах боловч, та нар ичнэ. 14 Үзэгтүн, Миний зарц нар хөөртэй зүрхээр, баяр хөөртэйгөөр хашхирах боловч, та нар хүнд зүрхтэй орилж, цөхөрсөн сүнстэй уйлах болно. 15 Та нар өөрийн нэрийг Миний сонгосон нэгэнд хараал болгон орхих бөгөөд Эзэн БУРХАН та нарыг ална. Харин Миний зарц нар өөр нэрээр дуудагдана. 16 Яагаад гэвэл дэлхий дээр ерөөгдсөн хүн нь үнэний Бурханаар ерөөгдөнө. Дэлхий дээр тангараглагч нь үнэний Бурханаар тангараглана. Учир нь урьдын зовлонгууд мартагдаж, Миний хараанаас нуугдсан. 17 Харагтун, Би шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээнэ. Урьдын юмс санагдахгүй, бодол санаанд ч үл бууна. 18 Харин Миний бүтээх зүйлд үүрд баярлан баясагтун. Харагтун, Би баяр хөөрийн төлөө Иерусалимыг, баяслын төлөө түүний ард түмнийг бүтээнэ. 19 Би мөн Иерусалимд баярлан, Өөрийн ард түмэнд баясаж байна. Тэгээд тэнд уйлах, орилох дуу цаашид сонсогдохгүй. 20 Тэнд цөөхөн хоног амьдардаг нялхас ч, өөрийн өдрүүдийг гүйцээгээгүй хөгшид ч байхгүй болно. Зуу наслаад үхэх хүнийг залуу, зуу нас хүрээгүй нэгнийг хараагдсан хүн гэж тооцох болно. 21 Тэд гэр барьж, түүн дотроо сууна. Тэд бас усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ. 22 Тэд барихгүй, өөр хүн сууна. Тэд тарихгүй, бусад нь иднэ. Харин Миний ард түмний өдрүүд нь модны амьдрах хугацаа шиг болох бөгөөд Миний сонгосон хүмүүс өөрсдийнхөө гарын бүтээлийг өмсөнө. 23 Тэд дэмий хоосон ажиллахгүй, зовохын тулд хүүхэд төрүүлэхгүй. Учир нь тэд ба тэдний үр удам нь ЭЗЭНээр ерөөгдсөн хүмүүсийн хойч үе билээ. 24 Тэднийг дуудахаас өмнө Би хариулж, тэднийг ярьж байхад нь Би сонсох цаг ирнэ. 25 Чоно хургатай хамт бэлчин, арслан үхэр мэт сүрэл идэж, шороо нь могойн хоол болно. Тэд Миний бүх ариун ууланд ямар ч муу, хор хөнөөл үйлдэхгүй" гэж ЭЗЭН айлдаж байна.
1 ЭЗЭН үүнийг айлдаж байна. "Тэнгэр бол Миний сэнтий, газар бол Миний хөлийн гишгүүр билээ. Тэгээд та нар Надад хаана нь өргөө барих юм бэ? Хаана Миний амрах газар байгаа юм бэ? 2 Энэ бүх зүйлийг чинь Миний мутар бүтээсэн. Тиймээс энэ бүгд чинь биет зүйл болсон юм" гэж ЭЗЭН тунхаглав. "Харин Би даруу, гэмшсэн сэтгэлтэй, Миний үгэнд чичирдэг хүн уруу л харна. 3 Үхэр алдаг хүн алуурчинтай адил, хургаар тахил өргөгч хүн нохойн хүзүүг мушгигчтай адил, идээн өргөл өргөгч хүн гахайн цус өргөж байгаа мэт, үнэртнийг уугиулагч хүн шүтээнийг магтагчтай адил юм. Тэд өөрсдийн замаа сонгодог бөгөөд тэдний сэтгэл бузар булай юмсдаа баярладаг шиг 4 түүнчлэн Би ч тэдний шийтгэлийг сонгож, айдаг юмсыг нь тэдний дээр авчирна. Яагаад гэвэл Би дуудсан боловч, хэн ч хариулаагүй. Би айлдсан боловч хэн ч сонсоогүй. Тэд Миний өмнө мууг үйлдэж, Миний хүсээгүйг сонгосон". 5 ЭЗЭНий үгэнд чичрэгчид ээ. Түүний үгийг сонсогтун. "Миний нэрээс болж та нарыг үзэн яддаг, хавчдаг ах дүүс чинь «ЭЗЭН алдарших болтугай. Бид та нарын баяр баясгаланг үзэх юмсан» гэцгээв. Гэвч тэд ичих болно. 6 Хотоос гарах их шуугиант дуу, сүмээс гарах дуу чимээ бол дайснуудынхаа авах ёстойг нь бүрэн төлж байгаа ЭЗЭНий дуу юм. 7 Тэр эмэгтэй дуншиж өвдөхөөсөө өмнө төрлөө. Тэр зовоогүй атлаа хүү төрүүлэв. 8 Хэн ийм юм сонссон бэ? Хэн ийм юм үзсэн бэ? Ганц өдөрт газар бий болж чадах уу? Ганц мөчид л үндэстэн бий болж чадах уу? Сион дуншиж эхэлмэгц, тэр эмэгтэй мөн хөвгүүдээ төрүүлэв. 9 Би амсар дээр нь авчраад төрүүлэхгүй байх уу?" гэж ЭЗЭН айлдаж байна. "Эсвэл төрөлтийг өгөгч Би умайг хаах уу?" гэж чиний Бурхан айлдаж байна. 10 "Иерусалимыг хайрлагчид бүгдээрээ түүнтэй баясан цэнгэгтүн. Түүний төлөө гашуудагсад бүгдээрээ түүнтэй хамт агуу ихээр баясан жаргагтун. 11 Учир нь чи түүний тайвшруулагч мээмнээс хөхөж цадна. Чи хөхөж элбэг хангалуун энгэрт нь баярлана". 12 Учир нь ЭЗЭН үүнийг айлдаж байна. "Үзэгтүн. Би түүнд гол мэт энх амгаланг өгч, үндэстнүүдийн алдрыг үерийн урсгал мэт болгоно. Та нарыг тэжээж, гар дээрээ өргөн, өвдөг дээрээ энхрийлнэ. 13 Эх нь хүүгээ тайвшруулдаг шиг Би та нарыг тайвшруулна. Та нар Иерусалимд тайвшрах болно". 14 Үүнийг үзээд та нарын зүрх баясаж, та нарын яс шинэхэн өвс мэт цэцэглэнэ. ЭЗЭНий мутар боолууддаа мэдэгдэнэ. Харин Тэр дайснуудаа зэвүүцнэ. 15 Үзэгтүн, уур хилэнгээ болон шүүлт зэмлэлээ галын дөлтэй хамт буулгахаар гал дотор ЭЗЭН ирэх болно. Түүний тэрэгнүүд хуй салхи мэт ажээ. 16 Учир нь ЭЗЭН галаар хийгээд Өөрийн илдээр бүх махан биеийн дээр шүүх ажиллагааг хэрэгжүүлнэ. Мөн ЭЗЭНд алуулсан хүмүүс олон байх болно. 17 "Гахайн мах, бузар юмс, хулгана иддэг бөгөөд голдоо буй нэгнийг дагаж, цэцэрлэг уруу очиж, өөрсдийгөө ариусган цэвэршүүлэгчид бүгдээрээ эцэс болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 18 "Учир нь Би тэдний үйлс хийгээд бодлуудыг мэднэ. Бүх үндэстэн, хэлтнийг цуглуулах цаг ирж байна. Тэд ирж, Миний цог жавхланг үзнэ. 19 Би тэдний дунд тэмдэг тавин, тэднээс амь хэлтрэгсдийг үндэстнүүд буюу Таршиш, Пут, Луд, Мешех, Рош, Тубал, Иаван уруу болон Миний алдар цууг сонсоогүй, Миний цог жавхланг үзээгүй алс холын эргийн орнууд уруу явуулна. Тэд Миний алдрыг үндэстнүүдийн дунд тунхаглана. 20 Израилийн хөвгүүд идээн өргөлөө цэвэр саванд хийн ЭЗЭНий гэрт авчирдаг шиг тэд та нарын бүх ах дүүсийг бүх үндэстнээс цуглуулан, морь тэрэг, жууз, луус, тэмээгээр Миний ариун уул Иерусалимд идээн өргөл болгохоор авчирна» гэж ЭЗЭН айлдаж байна. 21 "Мөн Би тэдний заримыг нь тахилч болон леви хүн болгохоор авна" гэж ЭЗЭН айлдав. 22 "Миний бүтээх шинэ тэнгэр, шинэ газар Миний өмнө мөнхөд байх мэт та нарын үр удам, та нарын нэр ч мөнхөд байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 23 "Шинэ сараас шинэ сар хүртэл, амралтын өдрөөс амралтын өдөр хүртэл бүх махан бие Миний өмнө мөргөхөөр ирнэ" гэж ЭЗЭН айлдаж байна. 24 "Дараа нь тэд гарч, Намайг эсэргүүцэгч хүмүүсийн хүүрийг үзнэ. Учир нь тэдний хорхой нь үхэхгүй, тэдний гал нь унтрахгүй. Тэд бүх махан биед жигшил болно".