1 Эхэнд Үг байсан, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан. 2 Энэ нэгэн эхэнд Бурхантай хамт байсан. 3 Бүх юм Түүгээр бий болсон. Бий болсон юмсаас Түүнгүйгээр бий болсон юмс нэг ч байхгүй. 4 Түүнд амь байсан бөгөөд амь нь хүмүүсийн гэрэл байв. 5 Гэрэл харанхуйг гийгүүлэхэд, харанхуй түүнийг дийлсэнгүй. 6 Бурханаас илгээгдсэн нэгэн хүн байсан ба нэр нь Иохан юм. 7 Иохан гэрлийн тухай гэрчилж, бүгдийг өөрөөрөө дамжуулан итгүүлэхийн тулд гэрчлэл хийхээр иржээ. 8 Тэр бол өнөөх гэрэл байсангүй, харин гэрлийн тухай гэрчлэхээр ирсэн ажээ. 9 Ертөнцөд ирэн хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв. 10 Тэр ертөнцөд байсан. Ертөнц Түүгээр бий болсон атал, ертөнц Түүнийг таньсангүй. 11 Тэр өөрийнхөндөө ирсэн боловч, өөрийнхөн нь Түүнийг хүлээн авсангүй. 12 Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв. 13 Тэд цусаар биш, махан биеийн хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төрөгсөд билээ. 14 Үг нь махан бие болж бидний дунд оршин, бид Түүний алдрыг харцгаасан. Энэ нь Эцэгийн цорын ганц Хүүгийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байсан юм. 15 Иохан Түүний тухай гэрчлэн хашхирч —"Миний араас Ирэгч нь надаас эрхэм. Учир нь Тэр надаас урьд оршин байсан" гэж би Түүний тухай хэлсэн юм гэлээ. 16 Учир нь Түүний дүүрнээс бид бүгдээрээ нигүүлсэл дээрээ нигүүлслийг хүлээн авсан. 17 Яагаад гэвэл Хууль Мосегээр өгөгдсөн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр дамжуулан ирсэн билээ. 18 Бурханыг хэн ч хэзээ ч хараагүй бөгөөд Эцэгийн өвөр дэх цорын ганц Хүү болох Бурхан нь Түүнийг таниулсан юм. 19 Иоханаас "Та хэн бэ?" гэж асуулгахаар иудейчүүд Иерусалимаас тахилч нар болон левичүүдийг илгээхэд түүний хэлсэн гэрчлэл ийм байлаа. 20 Тэр үгүйсгэлгүй хүлээн зөвшөөрч —Би Христ биш гэж зөвшөөрөн хэллээ. 21 Тэд түүнээс —Тэгвэл та хэн юм бэ? Та Елиа юм уу? гэж асуухад, тэр —Би биш гэсэнд, —Та өнөөх Эш үзүүлэгч үү? гэхэд тэр —Үгүй гэлээ. 22 Тэгтэл тэд түүнд —Та хэн бэ? Биднийг явуулсан хүмүүст бид хариу өгөх учиртай. Та өөрийнхөө тухай юу хэлэх вэ? гэв. 23 Иохан —Эш үзүүлэгч Исаиагийн айлдсан "ЭЗЭНий замыг шулуун болгогтун" гэж цөлд хашхирах нэгний дуу бол би билээ гэж хэлэв. 24 Фарисайчуудын явуулсан хүмүүс бас байлаа. 25 Тэд түүнээс —Хэрэв та Христ биш, Елиа ч биш, өнөөх Эш үзүүлэгч ч биш юм бол яагаад баптисм хүртээнэ вэ? гэж асуусанд 26 Иохан —Би усаар баптисм хүртээдэг, харин дунд чинь та нарын үл таних Нэгэн зогсож байна. 27 Миний араас Ирэгч нь Тэр бөгөөд Түүний шаахайн сурыг ч тайлах нь надад зохисгүй гэж хэлэв. 28 Энэ явдал Иоханы баптисм хүртээж байсан Иордан голын тэртээх Бетанд болсон юм. 29 Дараа өдөр нь Иохан өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад —Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун! 30 Энэ бол Түүний тухай "Миний араас ирэх Хүн миний тэргүүн байсан. Яагаад гэвэл Тэр надаас урьд оршин байсан" гэж миний хэлсэн Тэр мөн. 31 Би Түүнийг таниагүй. Гэвч Тэр Израильд илчлэгдсэн байхын тулд би усаар баптисм хүртээхээр ирсэн гэв. 32 Иохан гэрчилж —Сүнс тэнгэрээс тагтаа мэт буун ирж, Түүн дээр тогтохыг би харсан. 33 Би Түүнийг таниагүй. Харин усаар баптисм хүртээлгэхээр намайг илгээсэн Тэр "Хэний дээр Сүнс тагтаа мэт буун ирж тогтохыг чи харна, Тэр бол Сүнсээр баптисм хүртээгч мөн" гэж надад айлдсан юм. 34 Би харсан. Энэ бол Бурханы Хүү мөн гэдгийг би гэрчилж байна гэж хэлэв. 35 Дараа өдөр нь Иохан хоёр шавьтайгаа дахиад л зогсож байлаа. 36 Есүсийн явж байхыг тэр хараад —Бурханы Хургыг харагтун! гэсэнд 37 хоёр шавь нь түүний хэлэхийг сонсоод Есүсийг дагав. 38 Есүс эргэж тэдний дагаж байгааг хараад тэднээс —Та нар юу эрнэ вэ? гэж асуусанд, тэд Түүнд —Рабби (орчуулбал Багш аа), Та хаана буудаллаж байна вэ? гэв. 39 Есүс тэдэнд —Ир, та нар харна гэж айлдсанд тэд Түүний буудаллаж байгаа газарт очиж үзээд, тэр өдөр Түүнтэй хамт буудаллав. Учир нь тэгэхэд ойролцоогоор аравдугаар цаг болж байлаа. 40 Иоханы хэлснийг сонсоод Есүсийг дагасан хоёрын нэг нь Симон Петрийн дүү Андрей байжээ. 41 Андрей эхлээд өөрийн ах Симоныг олоод, түүнд —Бид Мессиаг (грекээр Христ) оллоо гээд, 42 түүнийг Есүс уруу авчрав. Есүс түүн уруу хараад, Симонд —Чи бол Иоханы хүү Симон байна. Чамайг Кеф (грекээр Петр) гэж нэрлэх болно гэлээ. 43 Дараа өдөр нь Есүс Галил уруу явахаар завдан байхдаа Филипийг олоод, түүнд —Намайг дага гэв. 44 Филип Андрей, Симон нарын хот болох Бетсайдаас иржээ. 45 Филип Натанаелыг олоод —Бид Мосегийн Хуульдаа бичсэн болон эш үзүүлэгчдийн бичсэн тэр хүн болох Иосефын хүү, Назарын Есүсийг оллоо гэсэнд, 46 Натанаел түүнд —Назараас ямар нэгэн сайн юм гарч чадна гэж үү? гэхэд, Филип —Ирж, хар л даа гэв. 47 Есүс Өөр уруу нь ирж яваа Натанаелыг хараад, түүний тухай —Дотроо заль мэхгүй, жинхэнэ Израиль хүнийг харагтун гэж айлдав. 48 Натанаел Есүсээс —Та намайг яаж мэднэ вэ? гэж асуухад Тэр —Филип чамайг дуудахаас өмнө, инжрийн модны дор байхад чинь Би чамайг харсан гэлээ. 49 Натанаел —Рабби, Та бол Бурханы Хүү мөн. Та бол Израилийн Хаан мөн гэж Түүнд хэлэв. 50 Есүс түүнд —Чамайг инжрийн модны доор байхыг чинь харсан гэж Би чамд хэлсэн тул чи итгэж байна уу? Чи үүнээс илүү агуу зүйлсийг үзэх болно гээд, 51 Тэр —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэр нээгдэн, Бурханы тэнгэр элч нар Хүний Хүүгийн дээр өгсөх ба уруудахыг та нар үзэх болно гэж айлдав.
1 Гуравдугаар өдөр Галилын Кана хотод нэгэн хурим болоход Есүсийн эх тэнд байв. 2 Есүс болон шавь нар нь бас хуриманд уригдсан байлаа. 3 Дарс хүрэлцэхгүй болоход Есүсийн эх Түүнд —Тэд дарсгүй болов гэлээ. 4 Есүс —Эмэгтэй, Надад ч, танд ч ямар хамаа байна? Миний цаг хараахан болоогүй байна гэжээ. 5 Эх нь зарц нарт хандан —Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий гэв. 6 Тэнд хоёр эсвэл гурван метретас багтаамжтай усны зургаан чулуун торх байсан агаад тэдгээрийг иудейчүүдийн ариусгалын ёслолд зориулдаг ажээ. 7 Есүс тэдэнд —Торхнуудыг усаар дүүргэ гэж айлдсанд тэд торхнуудыг амсарт нь хүртэл дүүргэв. 8 Есүс —Одоо утгаад найрын ахлагчид аваачиж өг гэсэнд, тэд аваачиж өгөв. 9 Найрын ахлагч дарс болсон усыг амсаад, тэр дарс хаанаас бий болсныг мэдээгүй учир (харин ус утгасан зарц нар мэдэж байв) шинэ хүргэнийг дуудаж, 10 түүнд —Хүн бүр эхлээд сайн дарсаа гаргаад, хүмүүсийг согтсоны дараа муухнаа гаргадаг. Гэтэл чи сайн дарсаа одоо хүртэл хадгалсан байжээ гэж хэлэв. 11 Есүс Өөрийн тэмдгүүдийн эхлэлийг Галилын Кана хотод үйлдэж, алдраа илэрхийлсэнд шавь нар нь Түүнд итгэсэн юм. 12 Үүний дараа Есүс эх, дүү нар болон шавь нарынхаа хамт Капернаум хот уруу очиж, хэдэн өдөр тэнд байжээ. 13 Иудейчүүдийн Дээгүүр Өнгөрөх баяр ойртож байсан бөгөөд Есүс Иерусалим уруу очив. 14 Тэрээр сүмийн дотор үхэр, хонь, тагтаа худалдаалагчид, мөн мөнгө солигчдын сууж байхыг хараад, 15 дээсээр шилбүүр хийж, хонь үхэр бүгдийг нь сүмээс туун гаргаад, мөнгө солигчдын зооснуудыг тараан хаяж ширээг нь хөмрүүлээд, 16 тагтаа худалдаж байсан хүмүүст —Энэ юмнуудаа зайлуул. Миний Эцэгийн гэрийг наймааны газар болгохоо зогсоо гэлээ. 17 Шавь нар нь "Таны гэрийн төлөөх зүтгэл Намайг залгих болно" хэмээн бичигдсэн байдгийг санацгаав. 18 Тэгтэл иудейчүүд Түүнд —Энэ бүхнийг үйлдсэн Та бидэнд ямар тэмдгийг үзүүлэх вэ? гэв. 19 Есүс тэдэнд —Энэ сүмийг устга. Би үүнийг гурван өдрийн дотор босгоно гэсэнд 20 иудейчүүд —Энэ сүмийг барихад дөчин зургаан жил шаардагдсан байтал, үүнийг Та гурван өдрийн дотор босгоно гэж үү? гэв. 21 Гэтэл Есүс Өөрийн биеийн сүмийн тухай айлдсан ажээ. 22 Тэгээд Есүсийг үхэгсдээс амилахад үүнийг Тэр айлдсаныг шавь нар нь санаж, Судар болон Есүсийн айлдсан үгэнд итгэцгээв. 23 Есүсийг Дээгүүр Өнгөрөх баяраар Иерусалимд байхад нь олон хүн Түүний хийсэн тэмдгүүдийг үзээд, Түүний нэрд итгэжээ. 24 Харин Өөрийнхөө хувьд Есүс Өөрийгөө тэдэнд даатгасангүй. Учир нь Тэр бүх хүнийг мэдэж байв. 25 Хүний дотор юу байдгийг мэдэж байсан тул хүний тухай хэн нэгний гэрчлэл Түүнд хэрэггүй байв.
1 Фарисайчуудын дотор Никодем гэгч хүн байлаа. Тэр иудейчүүдийн удирдагчдын нэгэн байв. 2 Тэр хүн Есүс дээр шөнөөр ирээд Түүнд —Рабби, Таныг Бурханаас ирсэн Багш гэдгийг бид мэднэ. Учир нь Бурхантай хамт байхгүй л бол, хэн ч Таны үйлддэг тэмдгүүдийг үйлдэж чадахгүй гэв. 3 Есүс хариуд нь —Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй гэхэд 4 Никодем Түүнд —Настай болсон атлаа хүн хэрхэн төрөх билээ? Хүн эхийн хэвлийд хоёр дахиа орж, төрж чадна гэж үү? гэлээ. 5 Есүс —Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалд орж чадахгүй. 6 Махан биеэс төрсөн нь махан бие, Сүнснээс төрсөн нь сүнс болой. 7 "Чи дээрээс төрөх ёстой" гэж Би чамд хэлсэнд бүү гайх. 8 Салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсовч, салхийг хаанаас ирж, хааш оддогийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр үүнтэй адил байдаг гэж айлдав. 9 Никодем Түүнээс —Ийм юм яаж байх юм бэ? гэж асуулаа. 10 Есүс —Чи Израилийн багш атлаа үүнийг ойлгохгүй байна гэж үү? 11 Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Бид мэдсэнээ ярьж, үзсэнээ гэрчилж байхад та нар бидний гэрчлэлийг хүлээн авдаггүй. 12 Хэрэв Би чамд газрын юмсыг ярихад чи итгэхгүй бол, тэнгэрийн юмсыг Би яривал, чи яаж итгэх юм бэ? 13 Тэнгэрээс доош бууж ирсэн Хүний Хүүгээс өөр тэнгэрт дээш гарсан хүн нэг ч байхгүй. 14 Мосе цөлд тэр могойг өргөсөн шиг, Хүний Хүү ч бас өргөгдөх ёстой. 15 Энэ нь Түүнд итгэгч хүн бүрийг мөнх амьтай байлгахын тулд билээ. 16 Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм. 17 Бурхан Өөрийн Хүүгээ ертөнцийг яллахын тулд биш, харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд ертөнц уруу илгээсэн билээ. 18 Түүнд итгэдэг хүн яллагдахгүй. Харин үл итгэдэг хүн аль хэдийн яллагдсан. Учир нь тэр хүн Бурханы цорын ганц Хүүгийн нэрд итгээгүй юм. 19 Тэрхүү яллалт ийм билээ. Гэрэл ертөнцөд ирэхэд хүмүүсийн үйлс бузар муу учир тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм. 20 Учир нь өөрийнх нь үйлс ил гарчих вий гэж бузрыг үйлдэгч хүн бүр гэрлийг үзэн ядаж, гэрэл уруу гарч ирдэггүй. 21 Харин үйлс нь Бурханы дотор үйлдэгдсэн гэдгийг ил харуулахын тулд үнэнийг үйлдэгчид гэрэл уруу ирдэг гэлээ. 22 Дараа нь Есүс шавь нартайгаа Иудей нутагт очиж, тэдэнтэй хамт тэнд байж, баптисм хүртээж байлаа. 23 Мөн Иохан Салимын ойролцоо Аенонд баптисм хүртээж байв. Учир нь тэнд ус ихтэй ажээ. Хүмүүс ирж баптисм хүртэж байлаа. 24 Учир нь Иохан хараахан шоронд хоригдоогүй байв. 25 Тэр цагт Иоханы шавь нар болон нэгэн Иудей хүний хооронд ариусгалын талаар маргаан үүсжээ. 26 Тэд Иохан уруу ирж —Рабби, Иорданы тэртээ Тантай хамт байсан, таны гэрчилж байсан Тэр нь одоо баптисм хүртээж байна. Бүгд Түүн уруу очиж байна гэсэнд 27 Иохан —Тэнгэрээс өөрт нь өгөгдөөгүй л бол хүн юуг ч хүлээн авч чадахгүй. 28 "Би бол Христ биш, харин Түүний урьд илгээгдсэн нэгэн мөн" гэж миний хэлснийг гэрчлэгч нь та нар өөрсдөө билээ. 29 Бэр авагч нь шинэ хүргэн мөн. Харин зогсоод чагнагч найз нь шинэ хүргэний дуунд үлэмж баясдаг. Миний энэ баяр хөөр ч дүүрэн болов. 30 Тэр өсөж, харин би буурах ёстой гэж хэлэв. 31 Дээрээс ирэгч нь бүхний дээр байдаг. Газраас ирэгч нь газрынх бөгөөд газрын тухай л ярьдаг. Тэнгэрээс ирэгч нь [бүхний дээр байдаг]. 32 Тэр үзсэн, сонссоноо гэрчилдэг боловч хэн ч Түүний гэрчлэлийг хүлээн авдаггүй. 33 Түүний гэрчлэлийг хүлээн авсан хүн Бурхан бол үнэн гэж батлан тамгалсан юм. 34 Бурханаас илгээгдсэн Тэр Бурханы үгийг айлддаг. Учир нь Бурхан Сүнсийг хэмжээлшгүйгээр өгдөг. 35 Эцэг нь Хүүгээ хайрлан, Түүний гарт бүх юмсыг өгсөн юм. 36 Хүүд итгэдэг хүн мөнх амьтай. Харин Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй. Харин Бурханы уур хилэн тэр хүн дээр байдаг.
1 Есүс Иоханаас илүү олон хүнийг шавь болгон, баптисм хүртээж байна гэж фарисайчуудын сонссоныг Эзэн мэдээд, 2 (хэдийгээр Есүс Өөрөө биш, харин Түүний шавь нар нь баптисм хүртээж байсан боловч) 3 Иудейг орхин Галил уруу дахин явжээ. 4 Есүс Самариар дайрч өнгөрөх болов. 5 Ингээд Тэр Самарийн Сухар гэдэг хотод ирлээ. Энэ хот нь Иаков өөрийн хүү Иосефтоо өгсөн газрын ойролцоо байв. 6 Иаковын худаг тэнд байжээ. Аянд ядарсан Есүс худгийн дэргэд сууж байв. Энэ нь зургадугаар цагийн үед байлаа. 7 Самарийн нэгэн эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд Есүс түүнээс —Надад уух юм өгөөч гэж гуйв. 8 Энэ үед шавь нар нь хүнс худалдан авахаар хот уруу явсан байлаа. 9 Өнөөх Самари эмэгтэй —Та Иудей хүн байж Самари эмэгтэй надаас яагаад уух юм гуйна вэ? гэв. (Учир нь иудейчүүд самаричуудтай харьцдаггүй байжээ.) 10 Есүс түүнд —Хэрэв чи Бурханы бэлгийг болон "Надад уух юм өгөөч" гэж байгаа хүн хэн болохыг мэдсэнсэн бол чи Түүнээс гуйхад Тэр чамд амийн усыг өгөх байсан гэж айлдсанд, 11 тэр Түүнд —Эзэн, энэ худаг гүн, Танд утгах юм юу ч алга. Гэтэл Та амийн усыг хаанаас авах вэ? 12 Та бидний өвөг Иаковаас агуу гэж үү? Тэр энэ худгийг бидэнд өгсөн юм. Иаков болоод түүний хөвгүүд ч, мал сүрэг нь ч эндээс л ундаалсан гэв. 13 Есүс —Энэ уснаас уух хүн бүр дахин цангана. 14 Харин өөрт нь Миний өгөх уснаас уугч хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх аминд хүртэл оргилох булаг болно гэхэд, 15 эмэгтэй Түүнд —Эзэн, тэр усаа надад өгөөч. Тэгвэл би цангахгүй. Ус утгахаар энд ирэх шаардлагагүй болно гэв. 16 Есүс —Явж, нөхрөө дуудаад энд ир гэж айлдав. 17 Тэр —Би нөхөргүй гэсэнд Есүс —"Би нөхөргүй" гэж чи зүйтэй хэлэв. 18 Учир нь чи таван нөхөртэй байсан бөгөөд одоо чамтай байгаа хүн ч нөхөр чинь биш тул чи үнэнээр хэлэв гэв. 19 Эмэгтэй —Эзэн, би Таныг эш үзүүлэгч болохыг харлаа. 20 Бидний өвөг дээдэс энэ уулан дээр мөргөдөг байсан. Харин та нар мөргөх ёстой газар бол Иерусалимд байна гэцгээдэг шүү дээ гэв. 21 Есүс —Эмэгтэй, Надад итгэ. Та нар энэ уулан дээр ч биш, Иерусалимд ч биш, Эцэгт л мөргөх цаг ирж байна. 22 Та нар мэдэхгүй юманд мөргөдөг бол, бид мэддэг юмандаа мөргөдөг. Тиймээс ч аврал иудейчүүдээс гарна. 23 Харин үнэн мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр Эцэгт минь мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Учир нь Эцэг Өөрт нь ийнхүү мөргөгчдийг эрж байна. 24 Бурхан бол сүнс, Түүнд мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр мөргөх ёстой гэж айлдлаа. 25 Тэр эмэгтэй Есүст —Христ гэгч Мессиа ирэхийг би мэднэ. Тэр Нэгэн ирэхдээ бүх зүйлсийг бидэнд мэдүүлж өгнө гэв. 26 Есүс түүнд —Чамтай ярьж байгаа Би бол Тэр мөн гэж айлдав. 27 Тэр үед шавь нар нь ирээд, Түүнийг нэгэн эмэгтэйтэй ярилцаж байгаад гайхсан боловч хэн нь ч —Та юу хайна вэ? эсвэл —Та түүнтэй юунд ярилцана вэ? хэмээн асуусангүй. 28 Тэгтэл өнөөх эмэгтэй усныхаа савыг орхин хот уруу явж, хүмүүст — 29 Миний үйлдсэн бүхнийг надад хэлсэн хүнийг ирж үзэгтүн. Тэр Христ биш үү? гэсэнд, 30 хүмүүс хотоос гарч Есүс уруу очиж байв. 31 Энэ үед шавь нар нь Есүсээс —Рабби, зооглооч гэлээ. 32 Харин Тэр тэдэнд —Та нарын мэдэхгүй идэх хоол Надад бий гэв. 33 Шавь нар нь —Түүнд хэн ч идэх юм авчирж өгөөгүй биз дээ? хэмээн өөр хоорондоо ярилцав. 34 Есүс тэдэнд —Миний хоол бол Намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэн, ажлыг нь гүйцэлдүүлэх явдал мөн. 35 Та нар "Ургац хураалт болтол дөрвөн сар байна" гэж хэлдэг биш үү? Үзэгтүн, Би та нарт хэлье. Хараагаа дээшлүүлж, талбайг харагтун. Учир нь талбай цайрч хураалтанд бэлэн болжээ. 36 Хураагч хөлсөө хүртэж, мөнх амийн үрийг цуглуулж байна. Тийнхүү тариачин тариа хураагчийн хамт баярлах болно. 37 Учир нь "Нэг нь тарьж, нөгөө нь хураана" гэсэн үг үнэн болох нь энд харагдаж байна. 38 Та нарын хөдөлмөрлөөгүй юмыг хураалгахын тулд Би та нарыг илгээв. Өөр хүмүүс хөдөлмөрлөсөн бөгөөд та нар тэдний хөдөлмөрт оролцсон болно гэж айлдав. 39 Өнөөх эмэгтэйн "Миний үйлдсэн бүхнийг Тэр надад хэлсэн" гэж гэрчилсэн үгнээс болж тэр хотоос Самарийн олон хүн Есүст итгэжээ. 40 Тиймээс самаричууд Есүс уруу очиж, өөрсөдтэйгөө хамт байхыг гуйсанд, Есүс тэнд хоёр хонов. 41 Есүсийн үгнээс нь болж улам олон хүн итгэв. 42 Тэд мөнөөх эмэгтэйд —Одоо бид чиний ярьсанд биш, харин өөрсдөө сонсоод, энэ Нэгэн бол үнэхээр ертөнцийн Аврагч мөн гэдгийг мэдлээ гэв. 43 Хоёр хоногийн дараа Есүс тэндээс гарч, Галилд иржээ. 44 Учир нь эш үзүүлэгч нутагтаа хүндлэгддэггүйг Есүс Өөрөө гэрчлэн харуулсан юм. 45 Есүсийг Галилд ирэхэд галилынхан Иерусалимд баяр дээр Түүний үйлдсэн бүхнийг харсан тул Түүнийг хүлээн авлаа. Учир нь тэд бас баярт очсон юм. 46 Есүс усыг дарс болгож байсан Галилын Кана хотод дахин очив. Хааны нэгэн түшмэл тэнд байсан бөгөөд түүний хүү нь Капернаумд өвчтэй байлаа. 47 Түшмэл Есүсийг Иудейгээс Галилд ирснийг сонсоод, Түүн уруу очиж —Ирж, миний хүүг эдгээгээч гэж гуйв. Учир нь хүү нь үхлийн ирмэг дээр байлаа. 48 Есүс —Хүмүүс та нар хэрэв тэмдэг, гайхамшгуудыг үзэхгүй бол ер итгэхгүй гэж айлдав. 49 Хааны түшмэл Түүнд —Эзэн, хүүхдийг минь үхэхээс өмнө ирээч гэлээ. 50 Есүс —Яв. Чиний хүү амьд байна гэхэд тэр хүн Есүсийн айлдсан үгэнд итгээд харихаар явав. 51 Тийнхүү тэрээр буцаж явтал, боолууд нь түүнтэй учирч, хүү нь амьд байгааг дуулгалаа. 52 Түшмэл хүүгээ аль цагт сайжирч эхэлснийг тэднээс асуусанд —Өчигдөр долдугаар цагт түүний халуун буусан гэв. 53 Тэгээд эцэг нь "Чиний хүү амьд байна" гэж Есүсийн айлдсан цаг яг мөн болохыг мэдээд, тэр өөрөө болон бүх гэр бүл нь итгэжээ. 54 Есүс Иудейгээс Галилд ирээд дахин хийсэн хоёр дахь тэмдэг нь энэ байлаа.
1 Үүний дараа нь иудейчүүдийн нэгэн баяр болж байхад нь Есүс Иерусалим уруу очив. 2 Иерусалимын хонины хаалганы дэргэд еврейгээр Бетзада гэдэг цөөрөм байдаг. Тэнд таван саравч байдаг бөгөөд 3 тэдгээрийн дотор өвчтэй, сохор, доголон, хатингар олон хүн хэвтэж байлаа. [Тэд ус хөдлөхийг хүлээж байв. 4 Учир нь Эзэний тэнгэр элч тодорхой үед цөөрөмд бууж, усыг хөдөлгөхөд, ус хөдөлсний дараа түрүүлж орсон хүн ямар ч өвчнөөр өвчилсөн байлаа ч өвчнөөсөө ангижирдаг байжээ.] 5 Гучин найман жил өвчтэй байсан нэгэн хүн тэнд байв. 6 Тэнд хэвтэж буй түүнийг Есүс харж, удаан хугацаагаар тийм байсныг нь мэдээд, түүнээс —Чи эрүүл болохыг хүсэж байна уу? гэж асуухад 7 мөнөөх өвчтэй хүн —Эзэн, ус хөдлөх үед намайг цөөрөмд оруулах хүн байдаггүй. Харин намайг очсоор байтал өөр хүн надаас өмнө орчихдог гэсэнд 8 Есүс түүнд —Бос. Дэвсгэрээ аваад, яв гэж айлдав. 9 Өнөөх хүн тэр даруй эрүүл болж, дэвсгэрээ аваад явав. Тэр өдөр Амралтын өдөр байлаа. 10 Тиймээс иудейчүүд мөнөөх эдгээгдсэн хүнд —Өнөөдөр Амралтын өдөр, та дэвсгэрээ авч явж болохгүй гэжээ. 11 Харин тэр тэдэнд —Намайг эдгээсэн нэгэн надад "Дэвсгэрээ аваад, яв" гэсэн гэж хариулахад, 12 тэд —"Дэвсгэрээ аваад, яв" гэж хэн танд хэлсэн бэ? гэж шалгаав. 13 Гэвч мөнөөх эдгээгдсэн хүн Түүнийг хэн байсныг мэдээгүй юм. Учир нь тэр газарт олон хүн байсан тул Есүс зайлан явсан байлаа. 14 Дараа нь Есүс түүнийг сүмд олоод —Харагтун, чи эрүүл болжээ. Чамд илүү муу юм тохиолдохгүйн тулд дахиж нүгэл бүү үйлд гэв. 15 Тэр хүн иудейчүүд дээр очиж, өөрийг нь эдгээсэн хүн Есүс болохыг тэдэнд хэллээ. 16 Есүс эдгээр зүйлсийг Амралтын өдөр үйлдэж байсан тул иудейчүүд Түүнийг хавчих болов. 17 Харин [Есүс
тэдэнд —Миний Эцэг одоо болтол ажилласаар байна. Би Өөрөө ч ажиллаж байна гэж айлдав. 18 Үүнээс болж иудейчүүд Түүнийг алахыг улам санаархах болжээ. Учир нь Есүс Амралтын өдрийг зөрчсөн төдийгүй, мөн Бурханыг Өөрийнхөө Эцэг хэмээн, Өөрийгөө Бурхантай адилтгасан юм. 19 Есүс тэдэнд хандан —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Эцэгийнхээ хийдгийг Хүү нь үзэхгүй бол Хүү Өөрөөсөө юуг ч хийж чадахгүй. Учир нь Эцэг юу хийнэ, Хүү нь бас эдгээр зүйлсийг түүнчлэн хийдэг. 20 Эцэг Хүүгээ хайрладаг бөгөөд Тэр Өөрийн хийж байгаа бүхнийг Түүнд үзүүлдэг. Та нарыг гайхуулахын тулд тэдгээрээс ч агуу ажлуудыг Тэр Түүнд үзүүлнэ. 21 Учир нь Эцэг үхэгсдийг босгон, тэдэнд амь өгдөгчлөн, Хүү нь бас Өөрийн хүссэн хүнд амь өгдөг. 22 Учир нь Эцэг хэнийг ч шүүхгүй, харин Тэр бүх шүүлтийг Хүүдээ даатгасан. 23 Энэ нь бүгд Эцэгийг хүндэлдгийн адил Хүүг хүндлэхийн тулд юм. Хүүг хүндэлдэггүй хүн нь Түүнийг илгээсэн Эцэгийг хүндэлдэггүй. 24 Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Миний үгийг сонсоод, Намайг илгээгч Түүнд итгэгч нь мөнх амьтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс өнгөрч амь уруу шилжив. 25 Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үхэгсэд Бурханы Хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Сонсогчид нь амьдрах болно. 26 Учир нь Эцэгт Өөрт нь амь байдгийн адил мөн Хүүд Өөрт нь амь байлгахыг Тэр Хүүдээ соёрхжээ. 27 Тэр бол Хүний Хүү мөн тул шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг Тэр Түүнд өгөв. 28 Үүнд бүү гайхагтун. Учир нь булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон, 29 гарч ирэх цаг ирж байна. Сайн үйлийг үйлдсэн хүмүүс нь амийн амилалт уруу, муу үйлийг үйлдсэн хүмүүс нь ялын амилалт уруу гарч ирнэ. 30 Би Өөрийн санаагаар юуг ч үйлдэж чадахгүй. Би сонссоноороо шүүх бөгөөд Миний шүүлт шударга. Учир нь Би Өөрийнхөө хүслийг бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хайдаг. 31 Хэрэв Би Өөрийнхөө тухай ганцаараа гэрчилбэл, Миний гэрчлэл үнэн биш байна. 32 Намайг гэрчлэгч өөр Нэгэн бий. Намайг гэрчилж байгаа Түүний гэрчлэл нь үнэн гэдгийг Би мэднэ. 33 Та нар Иохан уруу хүн илгээхэд, үнэний тухай тэр гэрчилсэн билээ. 34 Гэвч Би хүнээс гэрчлэл авдаггүй, харин Би эдгээрийг хэлж байгаа нь та нарыг аврагдаасай гэсэнд юм. 35 Иохан бол асаж, гэрэлтэж байсан дэнлүү байв. Та нар түүний гэрэлд түр зуур баярлахыг хүсэж байсан. 36 Харин Иоханы гэрчлэлээс илүү агуу гэрчлэл Надад байна. Учир нь Эцэгийн биелүүл хэмээн Надад өгсөн ажлууд ба Миний хийж байгаа ажлууд нь Эцэг Намайг илгээснийг буюу Миний тухай гэрчилдэг. 37 Намайг илгээсэн Эцэг Өөрөө Намайг гэрчилсэн юм. Та нар хэзээ ч Түүний дууг сонсоогүй, Түүний дүр төрхийг ч хараагүй. 38 Түүний илгээсэн Хүнд та нар итгээгүй тул та нарын дотор Түүний үг оршдоггүй. 39 Та нар Судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. 40 Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй. 41 Би хүмүүсээс алдар хүндийг авдаггүй. 42 Харин та нарын дотор Бурханы хайр байхгүйг Би мэднэ. 43 Би Эцэгийнхээ нэрээр ирсэн юм. Гэтэл та нар Намайг хүлээж аваагүй. Хэрэв өөр нэгэн өөрийнхөө нэрээр ирвэл, та нар түүнийг хүлээн авна. 44 Та нар цорын ганц Бурханаас алдрыг хайдаггүй атал бие биеэсээ алдрыг хүлээн авдаг. Тийм байж та нар яаж итгэж чадах юм бэ? 45 Эцэгийн өмнө Би та нарыг буруутгана гэж бүү бод. Та нарыг буруутгагч бол та нарын найдвараа тавьсан Мосе мөн. 46 Хэрэв та нар Мосед итгэсэн юм бол Надад итгэх байсан. Учир нь тэр Миний тухай бичсэн юм. 47 Харин та нар түүний бичээст итгэхгүй бол яаж Миний үгэнд итгэх билээ? гэж айлдлаа.
1 Үүний дараа Есүс Галил (буюу Тибер) нуурын нөгөө тал уруу явав. 2 Үй олон хүн Түүнийг дагаж байлаа. Учир нь тэд өвчтэй хүмүүст үйлдсэн Түүний тэмдгийг харсан ажээ. 3 Есүс уулан дээр гарч, тэнд шавь нарынхаа хамт суув. 4 Иудейчүүдийн баяр болох Дээгүүр Өнгөрөх баяр ойртсон байлаа. 5 Есүс харцаа дээшлүүлэн, Өөр уруу нь үй олон хүн ирж буйг хараад, Филипт —Тэднийг хооллох талхыг бид хаанаас худалдаж авах вэ? гэлээ. 6 Есүс Филипийг сорихын тулд тийн асуужээ. Учир нь Есүс юу хийхээ Өөрөө мэдэж байлаа. 7 Филип Түүнд —Хүн бүр жаахан авлаа ч гэсэн хоёр зуун денарын талх тэдэнд хүрэлцэхгүй шүү дээ гэв. 8 Шавь нарын нэгэн болох Симон Петрийн дүү Андрей Есүст хандан — 9 Энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна. Гэвч тэр нь энэ олон хүнд юу болох вэ? гэсэнд 10 Есүс —Хүмүүсийг суулга гэв. Тэр газар нь их зүлэгтэй газар бөгөөд таван мянга орчим эрчүүд сууцгаасан байв. 11 Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөөд, сууцгаасан хүмүүст тарааж өгөв. Мөн загасыг ч тэдний хүссэнээр өгчээ. 12 Хүмүүс цадсаны дараа Тэр шавь нартаа —Юу ч хаяхгүйн тулд үлдэгдлийг нь цуглуул гэв. 13 Хүмүүсийг хооллосон таван арвайн талхны үлдэгдлийг тэд цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ. 14 Хүмүүс Есүсийн үйлдсэн тэмдгийг үзээд —Ертөнцөд ирэх ёстой өнөөх Эш үзүүлэгч үнэхээр энэ мөн гэж ярилцах болжээ. 15 Тэд ирж, Өөрийг нь хүчлэн хаан болгохыг хүсэж байгааг Есүс мэдээд, зайлж ганцаараа дахин уул уруу явлаа. 16 Орой болоход шавь нар нь нуурын зүг буугаад, 17 завинд сууцгаасны дараа, нуурыг гатлан Капернаумыг зүглэв. Хэдийнээ харанхуй болсон авч Есүс тэдэн уруу ирээгүй л байлаа. 18 Хүчтэй салхинаас болж нуур давалгаалж эхлэв. 19 Шавь нар нь хорин тав эсвэл гучин стадиа орчим газар сэлүүрдээд байтал Есүс нуурын дээр алхан, завь уруу нь дөхөхийг хараад тэд айцгаалаа. 20 Гэвч Есүс тэдэнд —Би байна. Бүү ай! гэж айлдав. 21 Тэд Есүсийг завиндаа оруулахыг хүсжээ. Тэр даруй завь нь очих газартаа хүрсэн байлаа. 22 Тэнд ганц завинаас өөр завь байхгүй байсныг, Есүс шавь нарынхаа хамт завинд суугаагүйг, харин шавь нар нь явсныг нуурын нөгөө талд зогссон хурсан олон дараа өдөр нь харжээ. 23 Эзэн талархал өргөсний дараа хүмүүс талх идэж байсан тэр газрын ойролцоо өөр завинууд Тиберээс иржээ. 24 Тэгээд Есүс ч, шавь нар нь ч тэнд байхгүйг хараад, хурсан олон өөрсдөө завинуудад сууж, Есүсийг хайн Капернаумд иржээ. 25 Тэд Түүнийг нуурын нөгөө талд олоод, Түүнээс —Рабби, Та хэзээ энд ирсэн бэ? гэж асуув. 26 Есүс тэдэнд —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Та нар тэмдгүүдийг үзсэндээ Намайг хайгаагүй, харин талх идэж цадсан учраас хайж байна. 27 Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх аминд хүргэх хоолны төлөө ажилла. Үүнийг Хүний Хүү та нарт өгөх болно. Учир нь Түүний дээр Эцэг Бурхан Өөрийн тамгаа дарсан юм гэлээ. 28 Тэгтэл тэд Түүнээс —Бид Бурханы ажлуудыг хийхийн тулд юу хийх вэ? гэсэнд 29 Есүс тэдэнд —Та нар Бурханы илгээсэн Нэгэнд итгэх нь Түүний ажил мөн гэж хариулав. 30 Тэд Түүнд —Тийм бол бид хараад Танд итгэх ямар тэмдгийг Та үйлддэг вэ? Та одоо ямар ажил хийж байна? 31 "Тэр тэнгэрээс тэдэнд идэх талх өгөв" гэж бичигдсэнчлэн бидний өвөг дээдэс цөлд манна идсэн гэцгээхэд 32 Есүс тэдэнд —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэрээс буух талхыг та нарт Мосе өгөөгүй, харин тэнгэрээс буух жинхэнэ талхыг өгөгч нь Миний Эцэг мөн. 33 Учир нь тэнгэрээс буун ирж, ертөнцөд амийг өгдөг нь Бурханы талх юм гэлээ. 34 Тэгтэл тэд —Эзэн, энэ талхаа бидэнд үргэлж өгч байгаач гэв. 35 Есүс тэдэнд —Би бол амийн талх байна. Над уруу ирдэг хүн өлсөхгүй, Надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй. 36 Харин "Та нар Намайг үзсэн боловч итгэхгүй" гэж Би та нарт хэлсэн. 37 Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ. Над уруу ирэх хүнийг Би огт хөөж гаргахгүй. 38 Яагаад гэвэл Би Өөрийнхөө хүслийг хийхийн тулд бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хийхийн тулд тэнгэрээс бууж ирсэн юм. 39 Түүний Надад өгсөн бүгдээс Би юу ч алдалгүй, харин эцсийн өдөрт тэднийг амилуулах нь Намайг Илгээгчийн хүсэл мөн. 40 Учир нь Хүүг харж, Түүнд итгэгч бүр мөнх амьтай байх нь Миний Эцэгийн хүсэл юм. Эцсийн өдөрт Би Өөрөө Түүнийг амилуулна гэж айлдлаа. 41 Тэгтэл Есүсийн —Би бол тэнгэрээс бууж ирсэн талх байна гэж айлдсанаас болж, Түүний тухай иудейчүүд дургүйцэн шивнэлдэж байлаа. 42 Тэд —Энэ чинь Иосефын хүү Есүс биш билүү? Бид эцэг, эхийг нь мэднэ шүү дээ. Одоо болохлоор "Би бол тэнгэрээс бууж ирсэн" гэж Тэр яаж ярина вэ? гэлцэв. 43 Есүс тэдэнд —Та нар дотроо бүү дургүйцэн шивнэлд. 44 Намайг илгээсэн Эцэг хэн нэгийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй. Би тэр хүнийг эцсийн өдөрт амилуулна. 45 "Тэд бүгд Бурханаар сургагдах болно" гэж эш үзүүлэгчдийн номд бичигджээ. Эцэгээс сонсож, сурсан хүн бүр Над уруу ирдэг. 46 Бурханаас ирсэн Нэгэнээс өөр хэн ч Эцэгийг хараагүй бөгөөд Тэр л Эцэгийг харсан юм. 47 Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Итгэдэг хүн мөнх амьтай. 48 Би бол амийн талх байна. 49 Та нарын өвөг дээдэс цөлд манна идсэн бөгөөд тэд нас барцгаасан. 50 Энэ нь тэнгэрээс бууж ирэх талх бөгөөд үүнээс идэгч нь үхэхгүй. 51 Би бол тэнгэрээс бууж ирсэн амьд талх байна. Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл, тэр мөнхөд амьдарна. Ертөнцийн амийн төлөө Миний өгөх талх бол Миний махан бие юм гэж айлдлаа. 52 Тэгтэл иудейчүүд хоорондоо —Энэ хүн Өөрийнхөө махан биеийг бидэнд идүүлэхээр яаж өгч чадах юм бэ? гээд л маргалдаж эхлэв. 53 Есүс тэдэнд —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэхгүй, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. 54 Миний махыг идэж, цусыг уусан хүн мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. 55 Учир нь Миний мах бол жинхэнэ хоол, Миний цус бол жинхэнэ ундаа мөн. 56 Миний махыг идэж, цусыг уусан хүн Миний дотор байж, Би ч түүний дотор оршин байна. 57 Амьд Эцэг маань Намайг илгээсэн бөгөөд Би Эцэгээр амьдрахын адил Намайг идэгч хүн мөн Надаар амьдарна. 58 Тэнгэрээс бууж ирсэн талх бол энэ мөн. Гэхдээ та нарын өвөг дээдэс идсэн, нас барсантай нь адилгүй, энэ талхыг идсэн хүн мөнхөд амьдарна гэлээ. 59 Есүс Капернаумын синагогт заахдаа энэ бүхнийг айлджээ. 60 Тэд үүнийг сонсоод, дагалдагчдаас олонх нь —Энэ чинь хэцүү үг байна. Үүнийг хэн сонсож чадах вэ? гэцгээв. 61 Харин Есүс үүний тухай дагалдагчдынхаа дургүйцэн шивнэлдэхийг мэдээд, тэдэнд —Энэ нь та нарыг бүдрүүлчихэв үү? 62 Хэрэв та нар Хүний Хүү өмнө нь байсан газар уруугаа дээш гарахыг харвал яах вэ? 63 Сүнс бол амь өгдөг, мах бол ашиггүй юм. Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь билээ. 64 Харин та нарын зарим чинь итгэхгүй гэв. Учир нь хэн итгэхгүйг болон хэн Түүнийг барьж өгөхийг Есүс анхнаасаа мэдэж байсан юм. 65 Есүс —Тиймээс Би та нарт "Энэ нь Эцэгээс түүнд өгөгдөөгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй" гэж хэлсэн хэмээн айлдлаа. 66 Үүнээс болж Түүний дагалдагчдаас олон хүн зайлан явж, цаашид Түүнтэй хамт явсангүй. 67 Тэгээд Есүс арван хоёртоо —Та нар бас явахыг хүсэж байна уу? гэхэд, 68 Симон Петр Түүнд —Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна. 69 Та бол Бурханы Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэцгээсэн, мөн таньж мэдэцгээсэн гэсэнд 70 Есүс тэдэнд —Би Өөрөө та нарыг, арван хоёуланг чинь сонгосон биш үү? Гэтэл та нарын нэг нь диавол байна гэлээ. 71 Есүс Искариотын Симоны хүү Иудасыг хэлжээ. Учир нь тэр арван хоёрын нэг бөгөөд Есүсийг барьж өгөх гэж байв.
1 Үүний дараа нь Есүс Галилаар явж байлаа. Учир нь иудейчүүд Түүнийг алах гэж оролдож байсан тул Тэр Иудейгээр явахыг хүсээгүй юм. 2 Иудейчүүдийн баяр болох Майхан Баяр ойртсон байв. 3 Тэгтэл дүү нар нь Есүст —Эндээс холдоод, Иудей уруу яв. Тэгвэл дагалдагчид тань мөн Таны хийж байгаа үйлсийг харна. 4 Учир нь өөрөө нийтэд ил байхыг хүсэж байгаа бол хэн ч юуг ч нууцаар хийдэггүй. Хэрэв Та эдгээрийг үйлддэг бол, Өөрийгөө ертөнцөд харуул л даа гэж хэлэв. 5 Есүсийн дүү нар нь хүртэл Түүнд итгээгүй байжээ. 6 Тэгэхэд нь Есүс тэдэнд —Миний цаг хараахан болоогүй. Харин та нарын цаг үргэлж бэлэн байдаг. 7 Ертөнц та нарыг үзэн ядаж чадахгүй. Харин Намайг үзэн яддаг. Яагаад гэвэл ертөнцийн үйлс бузар гэж Би гэрчилдэг. 8 Та нар баярт оч. Миний цаг гүйцээгүй байгаа тул Би энэ баярт очихгүй гэлээ. 9 Тэдэнд ийн хэлээд, Тэр Галилд үлджээ. 10 Гэвч дүү нар нь баярт явсны дараа Есүс ч Өөрөө ил биш, нууцаар явлаа. 11 Тэгтэл иудейчүүд Түүнийг баяр дээр хайж —Тэр хаана байна? гэцгээж байв. 12 Хурсан олны дунд Есүсийн тухай дургүйцсэн шивнэлдээн их өрнөж байлаа. Зарим нь —Тэр сайн хүн гэхэд, зарим нь —Үгүй, харин ч Тэр ард олныг төөрөлдүүлж байна гэж ярьж байв. 13 Гэвч иудейчүүдээс айсан учир Түүний тухай хэн ч илээр ярьсангүй. 14 Баяр дундаа орох үед Есүс сүмд орж ирээд, сургаж эхлэв. 15 Иудейчүүд —Ер суралцаагүй атлаа энэ хүн яаж мэдлэгтэй болсон байдаг билээ? гээд ихэд гайхлаа. 16 Есүс тэдэнд —Миний сургаал бол Минийх биш, харин Намайг Илгээгчийнх. 17 Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр нь энэ сургаал Бурханаас ирсэн үү, эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ. 18 Өөрөөсөө яригч нь өөрийнхөө алдрыг хайдаг. Харин Өөрийг нь илгээгч Нэгэний алдрыг Хайгч, Тэр бол үнэн мөн. Түүний дотор зөвт бус байдал нь байхгүй. 19 Та нарт Мосе Хууль өгөөгүй гэж үү? Харин та нараас нэг нь ч Хуулийг биелүүлдэггүй. Та нар яагаад Намайг алах гэж оролдоно вэ? гэлээ. 20 Хурсан олон —Танд чөтгөр шүглэжээ. Хэн Таныг алах гэв? гэжээ. 21 Есүс тэдэнд —Би нэг ажил хийсэн. Тэгэхэд та нар бүгд гайхаж байна. 22 Үүний улмаас Мосе та нарт хөвч хөндөлт өгсөн (Энэ нь Мосегээс биш, өвөг дээдсээс чинь эхэлсэн юм) бөгөөд Амралтын өдрөөр ч та нар хүний хөвч хөнддөг. 23 Мосегийн Хуулийг зөрчихгүйн тулд хэрэв хүн Амралтын өдрөөр ч хөвч хөндүүлдэг бол, Би Амралтын өдөр хүн эдгээсэн учраас та нарРадад уурлана уу? 24 Гаднах төрхөөр нь бүү шүү. Харин үнэн зөв шүүлтээр шүү гэж айлдав. 25 Тэгтэл Иерусалимын иргэдийн зарим нь —Тэдний алахаар оролдоод байгаа өнөөх хүн энэ биш үү? 26 Хараач, Тэр ил ярьж байна. Тэд Түүнд юу ч хэлэхгүй юм. Захирагчид энэ хүнийг Христ гэж үнэхээр танилаа гэж үү? 27 Гэлээ ч энэ хүн хаанаас ирснийг бид мэднэ. Харин Христийг ирэхэд Түүнийг хаанаас ирэхийг хэн ч мэдэхгүй гэж ярьж байлаа. 28 Есүс сүм дотор хашхиран сургаж —Та нар Намайг мэднэ. Бас Миний хаанаас ирснийг ч мэднэ. Би Өөрөөсөө ирсэн биш, харин Намайг Илгээгч нь үнэн мөн. Та нар Түүнийг мэдэхгүй. 29 Би Түүнийг мэднэ. Учир нь Би Түүнээс ирсэн бөгөөд Тэр Намайг илгээсэн гэж айлдсанд 30 тэд Есүсийг барих гэсэн боловч, хэн ч Түүнд гар хүрсэнгүй. Учир нь Түүний цаг хараахан болоогүй байв. 31 Харин цугласан хүмүүсээс олон нь Түүнд итгэжээ. Тэд —Хэрэв Христ ирлээ ч гэсэн энэ хүний үйлдсэнээс илүү тэмдгүүдийг үйлдэнэ гэж үү? гэж ярилцаж байлаа. 32 Есүсийн тухай хүмүүс ингэж шивнэлдэхийг фарисайчууд сонсжээ. Ахлах тахилч нар болон фарисайчууд Түүнийг бариулахаар харуулуудыг илгээв. 33 Тэгтэл Есүс —Би та нартай хамт түр зуур байна. Тэгээд Би Намайг Илгээгч уруу явна. 34 Та нар Намайг хайгаад олохгүй. Мөн Би хаана байна, тэнд та нар ирж чадахгүй гэж айлдсанд 35 иудейчүүд өөр хоорондоо —Бидэнд олдохгүй байх ямар газар уруу Тэр явах юм бол? Грек хүмүүсийн дунд суурьшсан иудейчүүд уруу очиж, грек хүмүүст сургаалаа заах гэсэн юм болов уу? 36 "Та нар Намайг хайгаад олохгүй. Мөн Би хаана байна, тэнд та нар ирж чадахгүй" гэж Түүний хэлсэн энэ үг ямар утгатай юм бол? гэцгээв. 37 Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашхиран —Хэрэв цангасан хүн байвал, Над уруу ирж, уугтун. 38 Надад итгэдэг хүн "Түүний дотроос амийн усны гол урсах болно" гэж Сударт хэлсэнчлэн байх болно гэв. 39 Есүст итгэсэн хүмүүсийн хүлээн авах Сүнсний тухай Тэр үүнийг хэлжээ. Учир нь Есүс хараахан алдаршуулагдаагүй тул Сүнс өгөгдөөгүй байлаа. 40 Хүмүүсийн зарим нь энэ үгсийг сонсоод, —Энэ үнэхээр өнөөх Эш үзүүлэгч мөн байна гэхэд, 41 зарим нь —Энэ Христ мөн гэж байв. Харин зарим нь —Христ Галилаас гарахгүй биз дээ? 42 Христ бол Давидын үр сад бөгөөд Давидын амьдарч байсан тосгон болох Бетлехемээс гарна гэж Сударт хэлдэг биш үү? гэв. 43 Тэгээд Есүсээс болж олон түмний дотор хагарал гарчээ. 44 Тэдний зарим нь Түүнийг барихыг хүссэн боловч хэн ч Түүнд гар хүрсэнгүй. 45 Тэгээд харуулуудыг ахлах тахилч нар болон фарисайчууд дээр ирэхэд, тэднээс —Та нар Түүнийг юунд авч ирсэнгүй вэ? гэсэнд 46 харуулууд —Энэ хүний ярьж байгаа шиг ярьсан хүн ер үгүй билээ гэжээ. 47 Тэгтэл фарисайчууд тэдэнд —Та нар бас төөрчихөв үү? 48 Захирагчид болон фарисайчуудаас хэн ч Түүнд итгээгүй биз дээ? 49 Харин Хуулийг мэддэггүй энэ ард олон л хараагджээ гэлээ. 50 Тэдний нэг болох урьд нь Есүс уруу ирсэн Никодем тэдэнд — 51 Бидний Хууль хүний юу хийж байгааг нь эхлээд тэр хүнээс сонсоогүй, мэдээгүй байж шүүдэг бил үү? гэв. 52 Тэд түүнд —Та бас Галилынх уу? Нягтлан үз, Галилаас ямар ч эш үзүүлэгч гарахгүй гэж хэлэв. 53 [Хүмүүс гэр гэр уруугаа явлаа.
1 Харин Есүс Чидун уул уруу явав. 2 Өглөө эрт Түүнийг сүмд дахин ирэхэд, хүмүүс бүгд Түүн уруу ирцгээв. Тэр сууж, тэднийг сургаж эхлэв. 3 Хуулийн багш нар болон фарисайчууд завхайрч байгаад баригдсан нэгэн эмэгтэйг авчраад голдоо зогсоов. 4 Тэд Есүст —Багш аа, энэ эмэгтэйг завхайрч байхад нь үйлдэл дээр нь барьсан юм. 5 "Ийм эмэгтэйчүүд уруу чулуу шидэгтүн" гэж Мосегийн Хуульд тушаасан. Харин Та юу гэж хэлэх вэ? гэцгээв. 6 Тэд Есүсийг буруутгах шалтаг хайхын тулд Түүнийг сорин ийнхүү асуужээ. Гэтэл Есүс бөхийж, хуруугаараа газарт бичив. 7 Харин тэд зогсоо зайгүй асуусанд Есүс цэх зогсоод тэдэнд —Та нарын дундаас нүгэлгүй хүн нь эхлээд энэ эмэгтэй уруу чулуу шид гээд, 8 Тэр дахин бөхийж, газарт бичив. 9 Үүнийг сонсоод, тэд ахмадуудаасаа эхлэн нэг нэгээрээ гарч явсаар ганц Есүс л үлджээ. Өнөөх эмэгтэй тэндээ зогссоор л байв. 10 Есүс цэх зогсож, тэр эмэгтэйд —Эмэгтэй, тэд хаана байна? Чамайг хэн ч шийтгэсэнгүй юу? гэсэнд 11 тэр —Эзэн, хэн ч шийтгэсэнгүй гэв. Есүс —Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд гэлээ.
12 Тэгээд Есүс тэдэнд дахин —Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав. 13 Тэгтэл фарисайчууд Түүнд —Та Өөрийгөө гэрчилж байна. Таны гэрчлэл үнэн биш гэсэнд 14 Есүс хариуд нь тэдэнд —Хэрэв Би Өөрийнхөө тухай гэрчилж байгаа ч гэсэн, Миний гэрчлэл үнэн байна. Учир нь Би хаанаас ирснээ, хаашаа явахаа мэднэ. Харин та нар Миний хаанаас ирснийг, эсвэл хаашаа явахыг мэдэхгүй. 15 Хүмүүс та нар махан биеийн дагуу шүүдэг бол, Би хэнийг ч шүүхгүй. 16 Харин хэрвээ Би шүүвэл, Миний шүүлт үнэн байна. Учир нь шүүх үед Би ганцаараа биш, харин Намайг илгээсэн Эцэг Надтай хамт байдаг. 17 "Хоёр хүний гэрчлэл нь үнэн" гэж танай хуульд ч бичигдсэн байдаг. 18 Би Өөрийнхөө тухай Гэрчлэгч бөгөөд Намайг илгээсэн Эцэг Миний тухай гэрчилдэг гэв. 19 Тэгтэл тэд —Таны Эцэг хаана байна? гэхэд Есүс —Та нар Намайг ч, Эцэгийг минь ч танихгүй. Хэрэв та нар Намайг таньсан бол, Миний Эцэгийг ч мөн таних байсан гэж хариулав. 20 Есүс сүмд зааж байхдаа эдгээр үгсийг сан хөмрөг дотор айлджээ. Хэн ч Түүнийг барьсангүй. Учир нь Түүний цаг хараахан болоогүй байлаа. 21 Есүс тэдэнд дахин —Би явна. Та нар Намайг эрсээр, нүглийнхээ дотор үхнэ. Би хаашаа явна, та нар тэнд очиж чадахгүй гэж айлдав. 22 Тэгтэл иудейчүүд —"Би хаашаа явна, та нар тэнд очиж чадахгүй" гэж хэлж байгаа тул Тэр Өөрийгөө егүүтгэх гээгүй байлтай? гэв. 23 Есүс тэдэнд —Та нар доороос, Би бол дээрээс юм. Та нар энэ ертөнцийнх, Би энэ ертөнцийнх биш. 24 Тиймээс Би "Та нар нүглийнхээ дотор үхнэ" гэж та нарт хэлсэн. Учир нь хэрэв та нар "Би байдаг" гэдэгт итгэхгүй бол та нар нүглийнхээ дотор үхнэ гэлээ. 25 Тэгээд тэд Түүнд —Та хэн юм бэ? гэхэд нь Есүс —Эхнээсээ та нарт өгүүлж байгаа Тэр байна. 26 Та нарын тухай ярих, шүүх зүйл Надад олон бий. Харин Намайг Илгээгч нь үнэн мөн бөгөөд Түүнээс сонссон юмсаа Би ертөнцөд хэлдэг гэж айлдав. 27 Тэдэнд Эцэгийнхээ тухай Тэр хэлснийг тэд ойлгосонгүй. 28 Тиймээс Есүс [тэдэнд
—Та нар Хүний Хүүг өргөвөл, "Би байдаг" гэдгийг, мөн Би Өөрийн санаагаар юуг ч хийдэггүй, харин Эцэгийн Надад зааснаар Би эдгээрийг ярьдаг гэдгийг мэдэх болно. 29 Намайг Илгээгч нь Надтай хамт байгаа. Би үргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг учир Тэр Намайг ганцааранг минь орхисонгүй гэв. 30 Ийн айлдахад нь олон хүн Түүнд итгэх болов. 31 Есүс Өөрт нь итгэсэн иудейчүүдэд —Хэрэв та нар Миний үгэн дотор байвал үнэхээр Миний дагалдагчид байна. 32 Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэсэнд 33 тэд Түүнд —Бид Абрахамын удам бөгөөд хэзээ ч хэнд ч боолчлогдож байгаагүй. "Та нар эрх чөлөөтэй болно" гэж Та юунд хэлнэ вэ? гэв. 34 Есүс тэдэнд —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Нүгэл үйлдэгч бүр нүглийн боол мөн. 35 Боол гэрт мөнхөд байдаггүй, харин хүү л мөнхөд байдаг. 36 Иймээс хэрэв Хүү та нарыг чөлөөлбөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно. 37 Та нар бол Абрахамын үр удам мөн гэдгийг Би мэднэ. Гэвч та нарын дотор Миний үг байх зайгүй учир та нар Намайг алахыг оролдож байна. 38 Эцэгтэйгээ байхдаа харсан зүйлсээ Би хэлдэг. Та нар ч гэсэн эцгээсээ сонссон зүйлсээ л хийдэг шүү дээ гэв. 39 Тэд Түүнд —Бидний эцэг бол Абрахам мөн гэсэнд Есүс тэдэнд —Хэрэв та нар Абрахамын хүүхдүүд байсан бол, Абрахамын хийснийг үйлдэхсэн. 40 Гэтэл Бурханаас үнэнийг сонсоод, та нарт хэлсэн хүнийг буюу Намайг одоо та нар алах гэж оролдож байна. Абрахам ийм юм хийгээгүй. 41 Та нар эцгийнхээ үйлсийг хийж байна гэж айлдсанд тэд Түүнд —Садар самуунаас бид төрөөгүй. Бидэнд Бурхан хэмээх нэг л Эцэг байгаа гэв. 42 Есүс тэдэнд —Хэрэв Бурхан та нарын Эцэг байсан бол, та нар Намайг хайрлах байсан. Учир нь Би Бурханаас гарч ирсэн билээ. Өөрийн санаагаар ирээгүй, харин Тэр Намайг илгээсэн юм. 43 Миний юу хэлж байгааг та нар яагаад ойлгохгүй байна вэ? Яагаад гэвэл та нар Миний үгийг сонсож чадахгүй байна. 44 Та нар эцэг чинь болох диаволаас гаралтай. Та нар эцгийнхээ хүслийг хийхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд үнэн дотор зогсдоггүй. Учир нь түүнд үнэн байдаггүй. Тэр худал хэлэхдээ, чухам өөрөөсөө хэлдэг. Учир нь тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг нь юм. 45 Харин Би үнэнийг хэлдэг тул та нар Надад итгэхгүй байна. 46 Намайг нүгэлтэй гэх хүн та нарын дотор байна уу? Хэрэв Би үнэнийг хэлдэг бол та нар яагаад Надад үл итгэнэ вэ? 47 Бурханы хүн нь Бурханы үгсийг сонсдог. Та нар Бурханых биш учир эдгээрийг сонсдоггүй гэлээ. 48 Иудейчүүд Түүнд —Та бол Самарийнх, Танд чөтгөр шүглэсэн гэж бидний хэлж байгаа нь зөв биз дээ? гэхэд 49 Есүс —Надад чөтгөр шүглээгүй. Харин Би Өөрийн Эцэгийг хүндэтгэдэг. Та нар Намайг хүндэтгэдэггүй. 50 Гэвч Би Өөрийн алдрыг хайдаггүй. Харин түүнийг хайдаг, шүүдэг Нэгэн бий. 51 Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Миний үгийг сахьдаг хүн үхлийг хэзээ ч үзэхгүй гэсэнд 52 иудейчүүд Түүнд —Танд чөтгөр шүглэсэн гэдгийг бид одоо мэдлээ. Абрахам болон эш үзүүлэгчид ч мөн үхсэн. Та тэгэхэд "Хэрэв хүн Миний үгийг сахивал, үхлийг хэзээ ч амсахгүй" гэж хэлж байна. 53 Та бидний өвөг Абрахамаас ч агуу юм уу? Тэр үхсэн. Бас эш үзүүлэгчид ч үхсэн. Та Өөрийгөө хэн болгоод байна? гэв. 54 Есүс —Хэрэв Би Өөрийгөө алдаршуулбал, Миний алдар юу ч биш. "Тэр бол бидний Бурхан" гэж та нарын хэлдэг, Миний Эцэг л Намайг алдаршуулдаг. 55 Та нар Түүнийг таньсангүй. Харин Би Түүнийг мэднэ. Хэрэв Би Түүнийг мэдэхгүй гэж хэлбэл, Би та нартай адил худалч болно. Харин Би Түүнийг мэдэх бөгөөд Түүний үгийг сахьдаг. 56 Та нарын эцэг Абрахам Миний өдрийг харна гээд баясаж байсан. Үүнийг Тэр хараад, баяртай байсан гэв. 57 Иудейчүүд Түүнд —Та тавин нас ч хүрээгүй байж, Абрахамыг харсан юм уу? гэхэд 58 Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Абрахамыг бий болохоос өмнө Би байдаг мөн гэж айлдав. 59 Тэгтэл тэд Түүн уруу чулуудахаар чулуу шүүрэн авахад Есүс Өөрийгөө халхлан, сүмээс гарлаа. [Тэдний дундаас гарч, Өөрийнхөө замаар яван өнгөрлөө
.
1 Есүс явж өнгөрөхдөө, төрөлхийн сохор хүнийг харжээ. 2 Шавь нар нь Түүнээс —Рабби, хэн нүгэл үйлдсэнээс энэ хүн сохор төрсөн юм бэ? Энэ хүн үү? Түүний эцэг эх үү? хэмээн асуусанд 3 Есүс —Энэ хүн ч, эцэг эх нь ч нүгэл үйлдсэнээс болоогүй. Харин энэ нь Бурханы ажлуудыг түүгээр харуулахын тулд юм. 4 Намайг Илгээгчийн ажлыг Би өдөр байхад хийх ёстой. Хэн ч ажиллаж чадахгүй шөнө ирж байна. 5 Би ертөнцөд байгаа үедээ ертөнцийн гэрэл байна гэж хариулав. 6 Ингэж хэлээд, Тэр газар нулимж, шүлсээрээ шавар зуурч, тэр хүний нүдийг шавраар шаваад, — 7 Яв. Силоамын (орчуулбал Илгээгдсэн) цөөрөмд угаа гэж хэлэхэд өнөөх хүн явав. Тэгээд угаагаад, хараатай болон эргэж иржээ. 8 Урьд түүнийг гуйлгачин байсныг харсан хүмүүс болон хөршүүд нь —Энэ чинь суучихаад гуйлга гуйдаг нөгөө хүн биш үү? гэхэд 9 зарим нь —Тэр мөн байна гэцгээв. Бусад нь —Үгүй, түүнтэй төстэй юм байна гэсэнд тэр өөрөө —Тэр чинь би байна гэж хэлэв. 10 Тэд түүнээс —Тэгвэл чиний нүд яаж нээгдсэн юм бэ? гэж асуусанд 11 тэр —Есүс гэдэг хүн шавар зуурч, нүдийг минь шаваад, надад "Силоам уруу яваад, угаа" гэж айлдсан. Тэгээд би явж, угаагаад хараатай болсон гэж хариулав. 12 Хүмүүс —Тэр хаана байна? гэсэнд өнөөх хүн —Би мэдэхгүй гэлээ. 13 Урьд нь хараагүй байсан өнөөх хүнийг тэд фарисайчууд уруу авч ирэв. 14 Есүс шавар зуурч, түүний харааг оруулсан өдөр нь Амралтын өдөр байжээ. 15 Тэгтэл фарисайчууд түүнээс хэрхэн хараатай болсныг нь дахин асуусанд тэр —Тэр миний нүдийг шавраар шавсан. Би угаагаад, тэгээд л харж байна гэхэд 16 фарисайчуудын зарим нь —Тэр Амралтын өдрийг сахьдаггүй учир Бурханаас ирсэн хүн биш гэв. Харин зарим нь —Нүгэлт хүн тийм тэмдгүүдийг хэрхэн үйлдэж чадах билээ? гэлээ. Тэгээд тэдний дунд хагарал гарав. 17 Тиймээс тэд сохор эрд дахин —Тэр хүн чиний нүдийг нээсэн учраас Түүний тухай чи юу хэлэх вэ? гэхэд тэр —Тэр бол эш үзүүлэгч гэв. 18 Тэгтэл хараатай болсон хүний эцэг эхийг дуудах хүртэл иудейчүүд түүнд сохор байж байгаад хараатай болсонд нь итгэсэнгүй. 19 Тэд эцэг эхээс нь —Сохор төрсөн гэж та нарын ярьдаг хүү чинь энэ мөн үү? Тэгвэл одоо тэр яаж харж байна? гэж асуув. 20 Эцэг эх нь тэдэнд —Энэ бидний хүү мөн гэдгийг болон сохор төрснийг нь бид мэдэж байна. 21 Харин одоо тэр яаж харж байгааг бид мэдэхгүй. Нүдийг нь хэн нээснийг ч бид мэдэхгүй. Өөрөөс нь асуу. Тэр насанд хүрсэн хүн. Тэр өөрөө хэлэг гэв. 22 Түүний эцэг эх иудейчүүдээс айсан тул тэгж хэлжээ. Учир нь Есүсийг Христ мөн гэж хүлээн зөвшөөрсөн хүн синагогаас хөөгдөх ёстой хэмээн иудейчүүд нэгэнтээ шийдсэн байлаа. 23 Тиймээс түүний эцэг эх нь "Тэр насанд хүрсэн хүн, өөрөөс нь асуу" гэжээ. 24 Фарисайчууд сохор байсан хүнийг хоёр дахь удаагаа дуудаад, түүнд —Бурханд алдрыг өргө. Тэр хүн нүгэлтэйг бид мэднэ гэсэнд 25 тэр —Түүний нүгэлтэн эсэхийг би мэдэхгүй. Би нэг л юмыг, урьд нь сохор байснаа, одоо харж байгаагаа л мэдэж байна гэв. 26 Тэд түүнээс —Тэр чамд юуг үйлдсэн юм бэ? Тэр чиний нүдийг яаж нээсэн юм бэ? гэж асуухад — 27 Би та нарт хэдийнээ хэлсэн. Та нар сонсоогүй. Юунд та нар дахин сонсохыг хүсэв? Та нар бас Түүний дагалдагчид болохыг хүсэж байгаа юм биш биз? гэв. 28 Фарисайчууд түүнийг хараан зүхэж —Чи л Түүний дагалдагч байна. Харин бид Мосегийн дагалдагчид. 29 Бурхан Мосед айлдсаныг бид мэднэ. Харин энэ хүний хувьд, бид Түүний хаанаас ирснийг нь ч мэдэхгүй гэсэнд 30 өнөөх хүн —Тэр миний нүдийг нээсэн байтал та нар Түүнийг хаанаас ирснийг нь ч мэдэхгүй байгаа нь гайхалтай юм байна. 31 Бурхан нүгэлтнүүдийг сонсдоггүй, харин Бурханаас эмээж, Түүний хүслийг үйлдэгч хүнийг сонсдогийг бид мэднэ. 32 Цаг хугацааны эхлэлээс хойш төрөлхийн сохор хүний нүдийг нээснийг хэн ч хэзээ ч сонсоогүй. 33 Хэрэв энэ хүн Бурханаас ирээгүй юм бол Тэр юу ч хийж чадахгүй байсан гэж хэллээ. 34 Тэд —Чи нүглүүд дотроо төрсөн атлаа бас биднийг сургана уу? гээд түүнийг хөөн гаргав. 35 Иудейчүүд тэр хүнийг хөөн гаргасныг Есүс сонсоод, түүнийг олж —Чи Хүний Хүүд итгэж байна уу? гэхэд 36 тэр —Эзэн минь, Тэр хэн бэ? Би Түүнд итгэе гэв. 37 Есүс —Чи Түүнийг харсан. Одоо чамтай ярьж байгаа нь Тэр мөн гэлээ. 38 Тэр —Эзэн минь, би итгэж байна гээд Түүнд мөргөв. 39 Есүс түүнд —Би энэ ертөнцөд шүүлтийн төлөө ирсэн нь хардаггүйг хардаг, харагсдыг сохор болгохын тулд юм гэж айлдав. 40 Фарисайчуудаас Есүстэй хамт байсан хүмүүс эдгээрийг сонсоод, Түүнд —Бид бас сохор юм биш биз? гэхэд 41 Есүс тэдэнд —Хэрэв та нар сохор байсан бол нүгэлгүй байхсан. Гэтэл та нар "Бид харж байна" гэж ярьдаг тул нүгэл чинь байсаар л байна гэлээ.
1 Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хонины хашаанд үүдээр нь оролгүй, өөр газраар давж ордог хүн бол хулгайч, дээрэмчин мөн. 2 Харин үүдээр нь ордог хүн нь хонин сүргийн хоньчин мөн. 3 Сахиул тэр хүнд үүдийг нээдэг бөгөөд хонин сүрэг түүний дууг сонсдог. Тэр өөрийн хоньдыг нэрээр нь дуудаж, тэднийг гадагш дагуулж гарна. 4 Тэр өөрийнхийгөө бүгдийг гаргаад, түрүүнд нь явдаг. Хонин сүрэг түүний дууг таньдаг тул түүнийг дагадаг. 5 Тэд гадны хүнийг ер дагахгүй, харин түүний дууг танихгүй учир түүнээс зугтана гэж айлдав. 6 Есүс энэ сургаалт зүйрлэлээр тэдэнд яривч, Түүний ярьсан нь юу байсныг тэд ойлгосонгүй. 7 Тэгээд Есүс дахин тэдэнд —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Би бол хонины үүд. 8 [Надаас урьд
ирэгсэд бүгд хулгайч, дээрэмчид юм. Харин хонин сүрэг тэднийг сонсоогүй. 9 Би бол үүд мөн. Хэрэв хүн Надаар орвол, тэр аврагдах болно. Орж, гарч, тэжээлээ олно. 10 Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн юм. 11 Би бол сайн хоньчин мөн. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг. 12 Хөлсний хүн бол хоньчин биш, хонин сүрэг ч түүнийх биш учир чоно ирэхийг хараад тэрээр хонин сүргийг орхин зугтдаг. Чоно хоньдыг цөлмөж, тараадаг. 13 Тэр хөлсний хүн бөгөөд хонин сүрэгт санаа тавьдаггүй тул зугтдаг. 14 Би бол сайн хоньчин мөн. Би Өөрийнхийгөө мэдэх бөгөөд Өөрийнхөн минь Намайг мэднэ. 15 Би Эцэгээ мэдэхийн адил Эцэг минь Намайг мэддэг юм. Би хоньдын төлөө Өөрийн амийг өгнө. 16 Энэ хашаан дахь хонин сүргээс өөр хонин сүрэг Надад бий. Би тэднийг бас авчрах ёстой. Тэд Миний дууг сонсоно. Тэгээд тэд нэг хоньчинтой нэг хонин сүрэг болно. 17 Тиймээс Эцэг Намайг хайрладаг. Учир нь Би Өөрийн амийг буцааж авахын тулд амиа өгнө. 18 Хэн ч Миний амийг Надаас авахгүй. Харин Би Өөрийн санаагаар түүнийг өгнө. Амиа өгөх эрх мэдэл Надад бий. Буцааж авах эрх мэдэл ч Надад бий. Энэ тушаалыг Би Эцэгээсээ хүлээн авсан юм гэв. 19 Энэ үгнээс болж иудейчүүдийн дунд дахин хагарал гарчээ. 20 Тэдний олонх нь —Түүнд чөтгөр шүгэлж. Тэр солиотой юм. Та нар юунд Түүнийг сонсоно вэ? гэлээ. 21 Зарим нь —Эдгээр үгс нь чөтгөр шүглэсэн хүнийх биш. Чөтгөр сохрын нүдийг нээж чадах уу? хэмээн ярьж байлаа. 22 Иерусалимд сүмийг Шинэтгэн ариусгасны баяр болж байлаа. Тэгэхэд өвөл байв. 23 Есүс сүм дотор Соломоны танхимд явж байжээ. 24 Тэгтэл иудейчүүд Түүнийг тойрч, Түүнд —Та хэдий болтол биднийг эргэлзүүлэх юм бэ? Хэрэв Та Христ мөн юм бол, бидэнд шуудхан хэлээч гэсэнд 25 Есүс тэдэнд —Би та нарт хэлсэн. Та нар итгэдэггүй. Эцэгийнхээ нэрээр үйлдсэн Миний үйлс Намайг гэрчилдэг. 26 Харин та нар Миний хонин сүрэг биш учир итгэдэггүй. 27 Миний хонин сүрэг дууг минь сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг юм. 28 Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй. 29 Тэднийг Надад өгсөн Миний Эцэг бүхнээс агуу бөгөөд тэднийг хэн ч Эцэгийн гараас булааж чадахгүй. 30 Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа. 31 Иудейчүүд Түүн уруу чулуудахаар дахин чулуу шүүрцгээв. 32 Есүс тэдэнд —Эцэгээсээ олон сайн үйлсийг Би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн алинаас нь болж та нар Над уруу чулуу шиднэ вэ? гэхэд 33 иудейчүүд Түүнд —Сайн үйлсийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна гэв. 34 Есүс тэдэнд —Танай Хуульд "Та нар бол бурхад юм гэж Би айлдсан" гэж бичигдсэн байдаг биш үү? 35 Хэрэв Тэр Бурханы үг авсан хүмүүсийг бурхад хэмээн нэрлэсэн бол (Судар нь зөрчигдөхгүй), 36 Эцэгийн ариусгасан, ертөнцөд илгээсэн Нэгэнийг "Би Бурханы Хүү байна" гэснээс болж та нар "Та Бурханыг доромжлогч" гэж хэлж байна уу? 37 Хэрэв Би Өөрийн Эцэгийн ажлуудыг хийхгүй байвал, Надад бүү итгэ. 38 Харин хэрэв Би тэдгээрийг хийвэл, та нар Надад итгэхгүй байлаа ч тэдгээр ажлуудад итгэ. Тэгвэл Миний дотор Эцэг байгааг, Эцэгийн дотор Би байгааг та нар мэдэж, ойлгоно гэж айлдав. 39 Тиймээс тэд дахиж Түүнийг барихаар завдсан боловч, Есүс тэдний гарт орсонгүй. 40 Иоханы анх баптисм хүртээж байсан газар болох Иорданы тэртээ уруу Есүс дахин явж, тэндээ байлаа. 41 Олон хүн Түүн уруу ирж —Иохан нэг ч тэмдэг үйлдээгүй боловч, энэ хүний тухай Иоханы хэлсэн бүхэн үнэн ажээ гэцгээлээ. 42 Тэнд олон хүн Есүст итгэжээ.
1 Бетаны Лазар гэгч эр өвчтэй байлаа. Бетан бол Марта, түүний дүү Мариа хоёрын тосгон болой. 2 Мариа бол Эзэнийг тосоор тослоод, Түүний хөлийг үсээрээ арчсан тэр эмэгтэй байв. Түүний ах Лазар нь өвчтэй байв. 3 Тиймээс эгч дүүс Есүст хүн илгээж —Эзэн минь, хараач, Таны хайрладаг хүн өвдөв хэмээн хэлүүлэв. 4 Үүнийг сонсоод Есүс —Энэ өвчин үхэл уруу биш, харин үүгээр Бурханы Хүү алдаршуулагдахын тулд, Бурханы алдрын төлөө юм гэлээ. 5 Марта, түүний охин дүү болон ах Лазарыг нь Есүс хайрладаг байлаа. 6 Лазарын өвдсөнийг сонсоод, Есүс байсан газраа хоёр хонов. 7 Дараа нь Тэр шавь нартаа —Бүгдээрээ дахиж Иудей уруу явцгаая гэхэд 8 шавь нар нь —Рабби, саяхан иудейчүүд Тан уруу чулуу чулуудахаар завдаж байсан. Та тийшээ дахиад явах гэж үү? гэв. 9 Есүс —Өдөрт арван хоёр цаг байдаг биз дээ? Хэрэв хүн өдөр явбал, тэр ертөнцийн гэрлийг үздэг тул бүдрэхгүй. 10 Харин шөнө явбал, хүний дотор гэрэл байхгүй тул тэр бүдэрнэ гэж хэлэв. 11 Ингэж айлдсаныхаа дараа Тэр тэдэнд —Бидний анд Лазар унтжээ. Гэвч Би түүнийг нойрноос нь сэрээхээр явна гэхэд, 12 шавь нар нь Түүнд —Эзэн, хэрэв унтсан бол тэр эдгэнэ гэв. 13 Есүс Лазарын үхлийн тухай айлдсан ажээ. Харин тэд Түүнийг зүгээр л унтах тухай ярьж байна гэж боджээ. 14 Тэгтэл Есүс тэдэнд шуудхан —Лазар үхсэн. 15 Та нарыг итгүүлэхийн тулд, тэнд байгаагүйдээ Би та нарын төлөө баяртай байна. Харин одоо түүн уруу явцгаая гэж айлдлаа. 16 Гэтэл Ихэр гэгддэг Томас бусад шавь нарт —Цөмөөрөө бас явцгаая. Тэгээд Түүнтэй хамт үхье гэж хэлэв. 17 Есүс ирээд, Лазар булшинд дөрвөн хоног байсныг мэдэв. 18 Бетан Иерусалимаас холгүй арван таван стадиа орчмын тэртээ байдаг аж. 19 Ахаасаа хагацсан Марта, Мариа нарыг тайтгаруулахаар олон иудейчүүд тэднийд иржээ. 20 Тэгтэл Марта Есүсийн ирж байгааг дуулаад, угтахаар гарав. Харин Мариа гэртээ суусаар үлдлээ. 21 Марта Есүст —Эзэн, Та энд байсан бол миний ах үхэхгүй байх байсан. 22 [Тийм боловч] одоо Та Бурханаас юу ч гуйсан, Бурхан Танд өгнө гэдгийг би мэдэж байна гэв. 23 Есүс түүнд —Чиний ах амилна гэхэд 24 Марта Түүнд —Эцсийн өдрийн амилалтад тэр амилна гэдгийг би мэднэ гэв. 25 Есүс Мартад —Би бол амилалт ба амь мөн. Надад итгэдэг хүн үхэвч амьдарна. 26 Амьд бөгөөд Надад итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй. Чи үүнд итгэж байна уу? гэж асуув. 27 Марта —Тийм ээ, Эзэн. Та бол Бурханы Хүү болох Христ, ертөнцөд ирэх Нэгэн мөн гэдэгт би итгэсэн гэлээ. 28 Үүнийг хэлээд тэр явж, дүү Мариагаа дуудаад, сэмхэн —Багш энүүхэнд байна. Чамайг дуудаж байна гэхэд 29 Мариа үүнийг сонсоод, ухасхийн босож, Түүн уруу очив. 30 Есүс тосгонд хараахан хүрч очоогүй агаад харин Мартатай уулзсан тэр газраа л байж байлаа. 31 Тэгтэл гэрт нь Мариатай байж, тайтгаруулж байсан иудейчүүд түүнийг ухасхийн босож гарч явахыг хараад араас нь дагав. Тэд түүнийг булшин дээр очин уйлахаар явлаа хэмээн боджээ. 32 Мариа Есүсийн байсан газар ирж, Түүнийг хараад Есүсийн хөлд унаж, —Эзэн, хэрэв Та энд байсан бол миний ах үхэхгүй байх байсан гэлээ. 33 Есүс түүний уйлахыг болон түүнтэй хамт ирсэн иудейчүүдийн уйлахыг хараад сүнс нь гүнээ шаналж, сэтгэл нь хөдөлж, — 34 Та нар түүнийг хаана тавьсан бэ? гэж асуухад тэд Түүнд —Эзэн, ирээд, үз гэлээ. 35 Есүс уйлав. 36 Тэгтэл иудейчүүд —Тэр түүнд ямар хайртай байсныг хараач гэцгээж байлаа. 37 Харин тэдний зарим нь —Сохор хүний нүдийг нээсэн энэ хүн түүнийг мөн үхүүлэхгүй байж чадаагүй юм байх даа гэв. 38 Есүс дахиад л дотроо гүнээ шаналж, булш уруу хүрч ирэв. Энэ нь агуй байсан бөгөөд амыг нь хадаар тагласан байлаа. 39 Есүс —Хадыг зайлуул гэхэд талийгаачийн дүү Марта Түүнд —Эзэн, тэр үхээд дөрөв хонож байгаа тул одоо өмхий үнэр орсон байгаа гэж хэлэв. 40 Есүс Мартад —"Хэрэв чи итгэвэл Бурханы алдрыг харна" гэж Би чамд хэлээгүй бил үү? гэлээ. 41 Тэгээд тэд хадыг зайлуулав. Есүс дээшээ харан —Аав аа, Та Намайг сонссонд Танд Би талархаж байна. 42 Та Намайг үргэлж сонсдогийг Би мэдсэн. Таны Намайг илгээсэн гэдэгт итгүүлэхийн тулд тойрон зогсох энэ хүмүүсийн төлөө Би үүнийг хэллээ гэв. 43 Тэр ийн айлдаад, чанга дуугаар —Лазар, гараад ир гэж хашхирав. 44 Үхсэн хүн гар, хөл нь оршуулгын боолтоор боолттой, нүүр нь алчуураар ороолттой чигээрээ гарч ирэв. Есүс тэдэнд —Тайлж, түүнийг явуул гэв. 45 Мариагийнд ирсэн иудейчүүдээс олон хүн Есүсийн хийсэн зүйлийг хараад, Түүнд итгэжээ. 46 Харин тэдний зарим нь фарисайчууд уруу очиж, Есүсийн хийсэн зүйлийг тэдэнд хэлцгээв. 47 Тэгтэл ахлах тахилч нар болон фарисайчууд зөвлөлдөж —Бид юу хийх вэ? Энэ хүн олон тэмдгийг үйлдэж байна. 48 Хэрэв бид Түүнийг ингээд орхивол, бүх хүмүүс Түүнд итгэнэ. Тэгвэл ромчууд ирж, манай орныг болон үндэстнийг маань устгана даа гэцгээв. 49 Харин тэдний нэг болох тэр жил тэргүүн тахилч болсон Каиаф тэдэнд —Та нар юу ч мэдэхгүй, 50 мөн бүх үндэстнээрээ мөхөхгүйн тулд ард түмний төлөө нэг хүн үхэх нь дээр гэдгийг ч бодохгүй байна гэж хэлэв. 51 Тэр энэ үгсийг өөрийн санаагаар хэлээгүй. Харин тэр жилийн тэргүүн тахилч байсан учир тэрээр Есүсийн үндэстнийхээ төлөө үхэх тухай болон 52 Түүний зөвхөн үндэстнийхээ төлөө бус, харин Бурханы тарсан хүүхдүүдийг бөөгнүүлж нэгтгэхийн төлөө үхэх тухай эш үзүүлжээ. 53 Энэ өдрөөс тэд Есүсийг алахаар төлөвлөв. 54 Тиймээс Есүс иудейчүүдийн дунд дахиж илээр явсангүй. Харин тэндээс цөлийн ойролцоох нутаг уруу явж, Ефрайм гэдэг хотод очжээ. Тэнд шавь нарынхаа хамт үлдэв. 55 Иудейчүүдийн Дээгүүр Өнгөрөх баяр ойртсон байлаа. Олон хүн өөрсдийгөө ариусгахаар Дээгүүр Өнгөрөх баяраас өмнө нутгаасаа Иерусалим уруу иржээ. 56 Тэд Есүсийг хайж, сүм дотор байхдаа өөр хоорондоо —Та нар юу гэж бодож байна? Тэр баяр дээр ирэх болов уу? хэмээн ярьж байлаа. 57 Ахлах тахилч нар болон фарисайчууд хэрэв Түүний хаана байгааг мэдсэн хүн байвал Есүсийг бариулахаар энэ тухай мэдэгдэх ёстой гэсэн зарлиг буулгасан байв.
1 Тэгээд Дээгүүр Өнгөрөх баяраас зургаан өдрийн өмнө Есүс Бетанд иржээ. Тэнд Есүсийн үхлээс амилуулсан Лазар байлаа. 2 Тэд тэнд Есүст зоог бэлдэж, Марта үйлчилж байв. Харин Есүстэй хамт тухлан сууж байсан хүмүүсийн нэг нь Лазар байв. 3 Тэгтэл Мариа маш үнэтэй цэвэр нардын нэг литра үнэрт тос аваад, Есүсийн хөлийг тослож, үсээрээ хөлийг нь арчив. Гэр нь тосны анхилам үнэрээр дүүрлээ. 4 Харин Есүсийн шавь нарын нэг буюу Түүнийг барьж өгөхийг бодож байсан Искариотын Иудас — 5 Яагаад энэ тосыг гурван зуун денараар зарж, ядууст өгсөнгүй вэ? гэв. 6 Тэрээр ядуусын талаар санаа тавьсандаа бус, харин хулгайч байсан болохоор тэгж хэлжээ. Тэр мөнгөний хүүдийг барьж, дотор нь хийснийг нь авчихдаг байжээ. 7 Тэгтэл Есүс —Түүнийг орхи. Миний оршуулгын өдөрт зориулж Мариа үүнийг хадгалаг. 8 Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй гэж айлдав. 9 Үй олон иудейчүүд Есүсийг тэнд байгааг мэдээд зөвхөн Есүсийн төлөө биш, харин Түүний үхлээс амилуулсан Лазарыг бас үзэхээр иржээ. 10 Харин ахлах тахилч нар мөн Лазарыг алахаар зөвлөлдөв. 11 Учир нь Лазараас болж иудейчүүдээс олон хүн явж, Есүст итгэж байлаа. 12 Маргааш нь баярт ирсэн үй олон хүн Есүсийг Иерусалим уруу ирж явааг сонсоод, 13 далдуу модны мөчрийг барьж, Түүнийг угтахаар гарч, —Хосанна! Эзэний нэрээр Ирэгч, Израилийн Хаан ерөөлтэй еэ! гэж хашхиралдаж байлаа. 14 Есүс залуу илжиг олж унасан байв. Энэ нь 15 «Сионы охин оо, бүү ай! Харагтун, Хаан чинь илжигний дудран унаад ирж байна» гэж бичигдсэнчлэн болов. 16 Шавь нар нь эдгээр зүйлсийг анхандаа ойлгоогүй ажээ. Харин Есүсийг алдарших үед эдгээр нь Түүний тухай бичсэн байсныг, мөн хүмүүс Түүнд эдгээрийг үйлдсэн гэдгийг нь санажээ. 17 Есүс Лазарыг булшнаас дуудаж, үхэгсдээс амилуулахад нь Түүнтэй хамт байсан олон түмэн Есүсийг гэрчилж байлаа. 18 Тиймээс олон түмэн Есүсийн эдгээр тэмдгийг үйлдсэнийг сонссон тул Түүнийг угтав. 19 Тэгтэл фарисайчууд өөр хоорондоо —Хараач, та нарын үйлс ямар ч ашиг алга. Харцгаа, Түүний араас бүгд дагалаа гэцгээв. 20 Баяраар Бурханд мөргөхөөр ирсэн хүмүүсийн дунд хэдэн Грек хүн байлаа. 21 Тэд Галилын Бетсайдын Филип уруу очиж, түүнээс —Эзэнтэн, бид Есүсийг хармаар байна гэж гуйсанд 22 Филип явж Андрейд хэлэв. Андрей, Филип нар явж Есүст дуулгав. 23 Есүс тэдэнд —Хүний Хүүгийн алдарших цаг нь ирлээ. 24 Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв улаан буудайн үр газар унаад үхэхгүй бол тэр ганцаараа үлдэнэ. Харин хэрвээ тэр үхвэл олон үр бий болгоно. 25 Өөрийн амийг хайрлагч хүн түүнийгээ алдана. Энэ ертөнцөд өөрийн амийг үзэн яддаг хүн түүнийгээ мөнх аминд хүртэл хамгаалах болно. 26 Хэрэв Надад үйлчлэх хүн байвал, Намайг дага. Хаана Би байна, тэнд бас Миний зарц байх болно. Хэрэв хүн Надад үйлчилбэл, тэр хүнийг Эцэг минь хүндэлнэ. 27 Одоо сэтгэл минь шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? "Аав аа, энэ цагаас Намайг авраач" гэх үү? Гэвч Би энэ зорилгын төлөө энэ цагт л ирсэн. 28 Аав аа, нэрээ алдаршуулаач гэв. Тэгтэл тэнгэрээс —Би нэрээ алдаршуулсан. Дахин алдаршуулна гэсэн дуу гарлаа. 29 Тэнд зогсож байсан хүмүүс үүнийг сонсоод —Тэнгэр дуугарлаа гэхэд зарим нь —Тэнгэр элч Түүнтэй ярилаа гэцгээв. 30 Есүс —Энэ дуу Миний төлөө биш, харин та нарын төлөө гарсан. 31 Одоо энэ ертөнц шүүгдэх гэж байна. Одоо энэ ертөнцийн захирагч зайлуулагдах болно. 32 Хэрэв Би газраас өргөгдвөл, бүх хүнийг Өөртөө татна хэмээн айлдлаа. 33 Тэр Өөрөө ямар үхлээр үхэхээ онцолж үүнийг хэлжээ. 34 Хурсан олон Түүнд —Христ мөнхөд байна гэж бид хуулиас сонссон атал Та "Хүний Хүү өргөгдөх ёстой" гэж яаж ярьж чадна вэ? Энэ Хүний Хүү нь хэн бэ? гэв. 35 Есүс тэдэнд —Хоромхон хугацаанд гэрэл нь та нарын дунд байна. Та нарыг харанхуй нөмрөн авахгүйн тулд гэрэлтэй байх зуураа явагтун. Харанхуйд явагч хүн хаашаа яваагаа мэдэхгүй. 36 Гэрэлтэй байх зуураа та нар гэрэлд итгэгтүн. Тэгвэл та нар гэрлийн хөвгүүд болно гэлээ. Есүс ийн айлдсаны дараа тэднээс салан явж нуугдав. 37 Хэдийгээр Есүс тэдний өмнө өдий олон тэмдгийг үйлдсэн боловч тэд Түүнд итгэхгүй байлаа. 38 Энэ нь эш үзүүлэгч Исаиагийн «Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ? Эзэний мутар хэнд илчлэгдсэн бэ?» гэж хэлсэн үг биелэгдэхийн тулд ажээ. 39 Тиймээс ч тэд итгэж чадаагүй юм. Учир нь Исаиа бас 40 «Тэр тэдний нүдийг сохолж, зүрхийг нь хатуу болгосон. Ингэснээр тэд нүдээрээ харж, зүрхээрээ ухаарч, эргэж буцахгүй бөгөөд Би тэднийг эдгээхгүй юм» гэсэн. 41 Исаиа Түүний цог жавхланг харж, Түүний тухай ярьсан учраас эдгээрийг хэлсэн ажээ. 42 Хэдий тийм боловч захирагчдаас олон хүн Есүст итгэсэн билээ. Гэвч тэд фарисайчуудаас болж Түүнийг илээр хүлээн зөвшөөрсөнгүй. Тэд синагогаас хөөгдөх вий гэсэндээ тэгжээ. 43 Учир нь тэд хүний алдрыг Бурханы алдраас илүү таалсан юм. 44 Есүс хашхиран —Надад итгэгч хүн Надад итгэж байгаа биш, харин Намайг Илгээгчид итгэж байгаа юм. 45 Намайг харагч хүн Намайг илгээсэн Нэгэнийг харж байна. 46 Надад итгэдэг хүн бүрийг харанхуйд байлгахгүйн тулд Би ертөнцөд гэрэл болон ирсэн. 47 Хэрэв Миний үгийг сонсоод үл сахьдаг хүн байвал, Би түүнийг шүүхгүй. Учир нь Би ертөнцийг шүүхийн тулд бус, харин ертөнцийг аврахын тулд ирсэн юм. 48 Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч бий. Миний хэлсэн үг эцсийн өдөрт түүнийг шүүнэ. 49 Яагаад гэвэл Би Өөрийн санаагаар яриагүй, харин юу хэлж, юу ярих тушаалыг Намайг илгээсэн Эцэг Өөрөө Надад өгсөн юм. 50 Түүний тушаал бол мөнх амь мөн гэдгийг Би мэднэ. Тиймээс Миний хэлж байгаа зүйлс нь Эцэгийн Надад хэлж байгааг Би хэлж байгаа юм гэж айлдлаа.
1 Дээгүүр Өнгөрөх Баяраас өмнө Есүс энэ ертөнцөөс салж Эцэг уруугаа очих цаг нь болсныг мэдээд, дэлхийд байгаа Өөрийн хүмүүсийг хайрлан, тэднийг эцэст нь хүртэл хайрлав. 2 Оройн зоогийн үеэр Есүсийг бариулах санааг Симоны хүү Искариотын Иудасын зүрхэнд диавол хэдийнээ хийсэн байлаа. 3 Эцэг нь бүх юмаа Өөрийнх нь мутарт өгснийг болон Бурханаас ирээд Бурхан уруу буцан явж байгаагаа Есүс мэдээд, 4 зоогийн ширээнээс босож, гадуур хувцсаа тайлаад, алчуур авч бүслэв. 5 Тэгээд саванд ус хийж, шавь нарынхаа хөлийг угаагаад, бүсэлсэн алчуураараа арчиж эхлэв. 6 Есүс Симон Петр уруу ирэхэд Петр Түүнд —Эзэн, Та миний хөлийг угаах гэж үү? гэв. 7 Есүс түүнд хариулан —Чи Миний юу хийж байгааг одоо мэдэхгүй. Харин чи хожим ойлгоно гэлээ. 8 Петр Түүнд —Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү гэсэнд Есүс —Хэрэв Би чамайг угаахгүй бол чи Надад хамаагүй болно гэлээ. 9 Тэгтэл Симон Петр Түүнд —Эзэн, зөвхөн хөлийг минь ч биш, бас гар, толгойг минь угаагаач гэж хэлэв. 10 Есүс —Биеэ угаасан хүн хөлөө л угаах хэрэгтэй. Тэгвэл гүйцэд цэвэрхэн байна. Та нар цэвэр байна. Гэхдээ та нар бүгдээрээ биш шүү гэлээ. 11 Учир нь Есүс Өөрийг нь барьж өгөх нэгнийг мэдэж байсан тул "Та нар бүгдээрээ цэвэр биш шүү" гэж айлджээ. 12 Тэгээд Тэр тэдний хөлийг угаасны дараа гадуур хувцсаа авч, дахин тухлан суугаад тэдэнд —Та нарт Би юу хийж өгснийг мэдэж байна уу? 13 Та нар Намайг Багш, Эзэн гэж дууддаг. Та нар зөв ярьж байна. Учир нь Би үнэхээр мөн. 14 Тэгвэл Би Эзэн, Багш байтлаа та нарын хөлийг угаасан бол та нар мөн нэг нэгнийхээ хөлийг угаах ёстой. 15 Учир нь Миний та нарт юу хийснийг та нар бас хийх хэрэгтэй гэж Би ийм жишээ үзүүлсэн юм. 16 Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Боол нь эзнээсээ агуу биш, мөн илгээгдэгч нь илгээгчээсээ агуу биш юм. 17 Хэрэв та нар эдгээрийг мэдэж, үйлдвэл ерөөлтэй. 18 Би та нарын бүгдийн чинь тухай яриагүй. Сонгосон нэгнээ Би мэднэ. Харин энэ нь "Миний талхыг идэгч нь Миний эсрэг өсгийгөө өргөв" гэж бичигдсэн Судрыг биелүүлэхийн тулд юм. 19 Үүнийг биелэхээс өмнө Би одооноос та нарт ярьж байна. Энэ нь биелэх үед "Би байдаг" гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд билээ. 20 Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Миний илгээдэг хэнийг боловч хүлээн авч буй хүн Намайг хүлээн авдаг. Намайг хүлээн авдаг хүн Намайг Илгээгчийг хүлээн авдаг гэж айлдлаа. 21 Есүс эдгээрийг хэлээд, сүнс нь шаналж эхлэн, гэрчилж —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг Намайг барьж өгнө гэлээ. 22 Түүний хэний тухай ярьж буйг мэдэх гэж гайхшран, шавь нар нь бие бие уруугаа харж эхлэв. 23 Түүний шавь нарын нэг болох Есүсийн хайрласан хүн Есүсийн цээжийг налаад сууж байлаа. 24 Тэгтэл Симон Петр түүн уруу дохиж, —Түүний хэний тухай хэлж байгааг бидэнд хэлээч гэв. 25 Тэр Есүсийн цээжийг налсан хэвээр —Эзэн, тэр хэн юм бэ? гэсэнд 26 Есүс —Энэ талхыг Би дүрээд хэнд өгнө, тэр хүн нь мөн гэж айлдаад, талхны хэлтэрхийг дүрж [аваад] Искариотын Симоны хүү Иудаст өгчээ. 27 Дараа нь түүнд Сатан шүглэв. Тэгтэл Есүс Иудаст —Чи хийх гэж байгаа юмаа түргэн хий гэлээ. 28 Харин тухлан суугчдын хэн нь ч Есүсийн юуны улмаас тэгж хэлснийг мэдсэнгүй. 29 Зарим нь Иудаст мөнгөний хүүдий байсан тул Есүс түүнд "Баярт зориулан бидэнд хэрэгтэй юмыг худалдан ав" эсвэл, "Ядууст ямар нэгэн юм өг" гэсэн байх гэж боджээ. 30 Тэгээд Иудас талхны хэлтэрхийг аваад тэр даруй гарч явлаа. Тэгэхэд шөнө байв. 31 Иудасыг гарсны дараа Есүс —Одоо Хүний Хүү алдаршлаа. Бурхан Түүгээр алдаршлаа. 32 [Хэрэв Бурхан Түүгээр алдаршсан бол] Бурхан Өөрийнхөө дотор Түүнийг бас алдаршуулна. Даруй Түүнийг алдаршуулна. 33 Бяцхан хүүхдүүд ээ, Би та нартай хамт хоромхон зуур байна. Та нар Намайг хайх болно. Би иудейчүүдэд "Би хаашаа явна, тийшээ та нар ирж чадахгүй" гэж хэлснийхээ адил одоо мөн та нарт хэлж байна. 34 Би та нарт бие биеэ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгч байна. 35 Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно гэж хэллээ. 36 Симон Петр Түүнд —Эзэн, Та хаашаа явах юм бэ? гэхэд Есүс —Миний явах газар уруу чи одоо Намайг дагаж чадахгүй. Харин чи хожим дагана гэлээ. 37 Петр Түүнд —Эзэн, би Таныг яагаад одоо дагаж чадахгүй гэж? Би Таны төлөө амиа зориулъя гэж хэлэхэд 38 Есүс —Миний төлөө чи амиа зориулна гэж үү? Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурван удаа үгүйсгэх болно.
1 Та нар зүрхээ бүү зовоо. Бурханд итгэ, мөн Надад итгэ. 2 Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Хэрэв тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлдэхээр явна. 3 Хэрэв Би явж та нарт орон байр бэлдвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно. 4 [Миний] явах газарт очих замыг та нар мэднэ гэж айлдав. 5 Томас Түүнд —Эзэн, бид Таны хаашаа явахыг мэдэхгүй. Бид тэр замыг яаж мэдэх вэ? гэсэнд 6 Есүс —Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй. 7 Хэрэв та нар Намайг мэдсэн бол Миний Эцэгийг ч мөн мэдэх байсан. Одооноос эхлэн та нар Түүнийг мэдэж, Түүнийг харлаа гэлээ. 8 Филип Түүнд —Эзэн, бидэнд Эцэгээ харуулаач. Энэ л бидэнд хангалттай гэв. 9 Есүс —Би та нартай ийм удаан хамт байхад, чи Намайг таньсангүй гэж үү, Филип ээ? Намайг харсан хүн Эцэгийг харсан. Гэтэл "Бидэнд Эцэгээ харуулаач" гэж чи яаж хэлнэ вэ? 10 Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэхгүй байна уу? Миний та нарт хэлж байгаа үгсийг Би Өөрийн санаагаар хэлээгүй. Харин Миний дотор оршигч Эцэг Өөрийнхөө ажлуудыг хийж байгаа юм. 11 Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэгтүн. Эс бөгөөс үйлсийн учир итгэгтүн. 12 Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Надад итгэдэг хүн Миний хийдэг ажлуудыг бас хийх бөгөөд эдгээрээс агуу ажлуудыг ч хийх болно. Яагаад гэвэл Би Эцэгтээ очно. 13 Та нар Миний нэрээр юуг ч гуйсан, Эцэг Хүүгээрээ алдаршуулагдахын тулд Би түүнийг хийнэ. 14 Хэрэв та нар Миний нэрээр юуг ч Надаас гуйвал, Би түүнийг чинь хийнэ. 15 Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь. 16 Би Эцэгээсээ гуйхад, Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна. 17 Тэр бол үнэний Сүнс мөн бөгөөд Түүнийг харахгүй, мэдэхгүйгээсээ болж, ертөнц Түүнийг хүлээж авч чадахгүй. Харин та нар Түүнийг мэднэ. Яагаад гэвэл Тэр та нартай хамт үргэлж байх бөгөөд та нарын дотор байна. 18 Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ. 19 Хэсэг хугацааны дараа ертөнц Намайг дахиж харахгүй. Харин та нар Намайг харна. Яагаад гэвэл Би амьд байна. Та нар ч амьд байна. 20 Би Өөрийн Эцэг дотор, та нар Миний дотор, Би та нарын дотор байхыг та нар тэр өдөр мэдэх болно. 21 Миний тушаалуудыг сахьдаг хүн Намайг хайрлагч мөн. Намайг хайрладаг хүн Миний Эцэгт хайрлагдана. Би тэр хүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ гэж хэллээ. 22 Иудас (Искариотын биш) Түүнд —Эзэн, Та бидэнд Өөрийгөө илчлэх атлаа яагаад ертөнцөд илчлэхгүй юм бэ? гэж асуухад 23 Есүс —Хэрэв хэн нэг нь Намайг хайрлавал, тэр хүн Миний үгийг сахина. Миний Эцэг түүнийг хайрлана. Бид тэр хүн уруу очиж, түүнтэй хамт Өөрсдийн орон байраа байгуулна. 24 Намайг хайрладаггүй хүн Миний үгийг сахьдаггүй. Та нарын сонсож байгаа үг Минийх биш, харин Намайг илгээсэн Эцэгийнх билээ. 25 Би та нартай хамт байхдаа энэ бүгдийг хэллээ. 26 Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүх зүйлсийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно. 27 Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай. 28 "Би яваад, та нар уруу ирнэ" гэж Миний хэлснийг та нар сонслоо. Хэрэв та нар Намайг хайрласан бол Эцэгтээ очиж байгаад минь баярлах байсан. Яагаад гэвэл Эцэг Надаас илүү агуу юм. 29 Энэ нь тохиолдох үед та нарыг итгүүлэхийн тулд үүнийг тохиолдохоос өмнө та нарт Би одоо хэллээ. 30 Би та нартай олон юм дахиж ярихгүй. Учир нь ертөнцийн захирагч ирж байна. Түүний юу нь ч Миний дотор байхгүй. 31 Харин Би Эцэгээ хайрлаж, Эцэгийн Надад тушаасан ёсоор хийдгээ ертөнцөд мэдүүлнэ. Босоцгоо. Эндээс явцгаая.
1 Би бол усан үзмийн жинхэнэ мод, Эцэг минь усан үзэм тариалагч билээ. 2 Миний дотор байгч жимс ургуулдаггүй мөчир бүрийг Тэр авч хаяна. Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг. 3 Миний хэлсэн үгнээс болж та нар хэдийнээ цэвэр болжээ. 4 Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй юм бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил хэрэв та нар Миний дотор байхгүй бол тийм байх болно. 5 Би бол усан үзмийн мод, та нар бол мөчрүүд. Хүн Миний дотор байж, Би мөн түүний дотор байвал, тэр хүн их жимс ургуулна. Учир нь Надаас салангид байвал та нар юу ч хийж чадахгүй. 6 Хэрэв хэн нэг нь Миний дотор байхгүй бол мөчир мэт хаягдаж, хувхайрна. Хүмүүс тэдгээр мөчрүүдийг түүж, галд хаяхад шатна. 7 Хэрэв та нар Миний дотор, Миний үгс та нарын дотор байвал та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарын төлөө биелэх болно. 8 Та нарын их жимс ургуулснаар Эцэг минь алдаршуулагдана. Ийнхүү та нар Миний шавь нар байх болно. 9 Эцэг Намайг яаж хайрласан шиг Би бас та нарыг хайрласан. Миний хайр дотор байгтун. 10 Би Эцэгийнхээ тушаалыг сахьж, Түүний хайр дотор байдгийн адил, та нар Миний тушаалыг сахивал Миний хайр дотор байх болно. 11 Миний баяр баясгалан та нар дотор байж, та нарын баяр баясгалан нь дүүрэн болохын тулд энэ бүхнийг Би та нарт хэлэв. 12 Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлагтун. Энэ бол Миний тушаал. 13 Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй. 14 Хэрэв та нар Миний тушаасныг хийвэл, та нар Миний нөхөд мөн. 15 Би та нарыг боолууд хэмээн дахиж дуудахгүй. Учир нь эзнийхээ юу хийж байгааг боол мэддэггүй юм. Харин Би та нарыг анд нөхөд хэмээн дуудав. Учир нь Би Эцэгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ. 16 Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон. Та нарыг явж, жимс ургуулж, та нарын үр жимс үүрд байгаасай гэсэндээ Би та нарыг томилсон. Ингэснээр Миний нэрээр та нар Эцэгээс юуг ч гуйсан Тэр та нарт өгөх юм. 17 Би та нарт үүнийг тушаая. Та нар бие биеэ хайрлагтун. 18 Хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал, та нараас өмнө Намайг үзэн ядсаныг нь мэдэгтүн. 19 Хэрэв та нар ертөнцийнх байсан бол, ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш, гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг. 20 "Боол эзнээсээ илүү агуу биш" гэж Би та нарт хэлснийг санагтун. Хэрэв тэд Намайг хавчсан бол, та нарыг бас хавчих болно. Хэрэв тэд Миний үгийг сахьсан бол, та нарынхыг бас сахих болно. 21 Харин тэд Миний нэрээс болж та нарт энэ бүгдийг хийх болно. Учир нь тэд Намайг илгээсэн Нэгэнийг мэдэхгүй юм. 22 Хэрэв Би ирж, тэдэнд хэлээгүйсэн бол, тэд гэм буруугүй байх байсан. Харин одоо тэд өөрсдийн нүгэлд шалтаг байхгүй боллоо. 23 Намайг үзэн яддаг хүн Миний Эцэгийг ч мөн үзэн яддаг. 24 Хэрэв Би өөр хэний ч хийгээгүй ажлуудыг тэдний дунд хийгээгүйсэн бол, тэд гэм буруугүй байх байсан. Харин одоо тэд Намайг болон Эцэгийг минь үзээд, хоёуланг минь үзэн ядаж байна. 25 Харин "Тэд шалтгаангүйгээр Намайг үзэн ядсан" гэж тэдний Хуульд бичигдсэн үг биелэгдэхийн тулд тэд үүнийг үйлдсэн. 26 Би Эцэгээсээ та нар уруу Туслагчийг илгээнэ. Тэр бол Эцэгээс гарах үнэний Сүнс мөн. Тэр ирэхдээ Миний тухай гэрчилнэ. 27 Та нар эхнээсээ Надтай хамт байсан тул бас гэрчилнэ.
1 Та нарыг бүдрэхээс хамгаалахын тулд эдгээр зүйлсийг Би та нарт хэллээ. 2 Тэд та нарыг синагогаас хөөнө. Харин та нарыг алах хүн бүр өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж бодох цаг ирж байна. 3 Тэд Эцэгийг болон Намайг мэдээгүй учраас тийм юм хийх болно. 4 Тэдний цаг ирэх үед та нарт тэдний тухай ярьсныг сануулахын тулд Би эдгээрийг хэлсэн юм. Би та нартай хамт байсан учир үүнийг та нарт эхлээд хэлээгүй. 5 Харин одоо Би Намайг Илгээгч уруу явж байна. Гэтэл та нарын нэг нь ч Надаас "Та хаашаа явж байна?" гэж асуухгүй байна. 6 Харин Би эдгээрийг та нарт хэлсэн учраас та нарын зүрх сэтгэл уй гашуугаар дүүрэв. 7 Харин Би та нарт үнэнийг хэлж байна. Миний явах нь та нарт хэрэгтэй. Хэрэв Би явахгүй бол Туслагч та нар уруу ирэхгүй. Харин Би явбал Өөрөө Түүнийг та нар уруу илгээнэ. 8 Тэр ирэхдээ нүгэл, зөвт байдал хийгээд шүүлтийн талаар ертөнцийг зэмлэнэ. 9 Нүглийн хувьд, учир нь тэд Надад итгэдэггүй. 10 Зөвт байдлын хувьд, учир нь Би Эцэгтээ очно. Та нар Намайг дахиж харахгүй. 11 Шүүлтийн хувьд, учир нь энэ ертөнцийн захирагч шүүгдсэн юм. 12 Та нарт хэлэх зүйл Надад олон бий ч та нар одоо тэдгээрийг даахгүй. 13 Харин үнэний Сүнс болох Тэр ирэхдээ та нарыг бүх үнэн уруу удирдана. Учир нь Тэр Өөрийн санаагаар биш харин алив сонссон юмаа ярина. Ирэх зүйлийг Тэр та нарт мэдүүлнэ. 14 Тэр Намайг алдаршуулна. Яагаад гэвэл Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт мэдүүлнэ. 15 Эцэгт байгаа бүх юмс Минийх. Тиймээс "Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт мэдүүлнэ" гэж Би хэлсэн билээ. 16 Тун удахгүй та нар Намайг цаашид харахгүй. Мөн дахин тун удахгүй та нар Намайг харна гэж айлдлаа. 17 Тэгтэл шавь нарын зарим нь бие биесдээ —"Тун удахгүй та нар Намайг харахгүй. Мөн дахин тун удахгүй та нар Намайг харна", "Учир нь Би Эцэгтээ очно" гэж Тэр бидэнд юу хэлнэ вэ? хэмээн ярив. 18 Тэгээд тэд —"Тун удахгүй" [гэсэн нь] юу юм бол? Түүний юу яриад байгааг бид мэдэхгүй юм гэлээ. 19 Тэд юм асуухыг хүсээд байгааг Есүс мэдээд —"Тун удахгүй та нар Намайг харахгүй. Мөн дахин тун удахгүй та нар Намайг харна" гэсний талаар та нар хамтдаа тунгаан бодно уу? 20 Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Та нар уйлна, гашуудна. Харин ертөнц баярлах болно. Та нар уй гашуу болно. Гэвч уй гашуу чинь баяр баясгалангаар солигдох болно. 21 Эмэгтэй хүн төрөхдөө зовдог. Яагаад гэвэл цаг нь ирсэн юм. Харин хүүхдээ төрүүлэхдээ, ертөнцөд нэгэн хүн мэндэлсэнд баярлан дахиж зовлонгоо санадаггүй. 22 Тиймээс одоо та нар уй гашуу боловч Би та нартай дахин уулзана. Та нарын зүрх баярлана. Та нарын баяр баясгаланг хэн ч та нараас булаахгүй. 23 Тэр өдөр та нар Надаас юуны ч тухай асуухгүй. Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Миний нэрээр Эцэгээс минь юу ч гуйвал Тэр түүнийг чинь өгнө. 24 Одоо болтол та нар Миний нэрээр юу ч гуйгаагүй. Гуйгтун. Та нарын баяр баясгалан дүүрэн болгогдохын тулд та нар хүлээн авна. 25 Энэ бүхнийг Би та нарт зүйрлэлээр ярьсан. Гэвч дахин зүйрлэлээр ярихаа болих цаг ирж байна. Харин Эцэгийнхээ тухай та нарт шууд хэлнэ. 26 Тэр өдөр та нар Миний нэрээр гуйх болно. Би та нарын өмнөөс Эцэгээсээ гуйна гэж байгаа юм биш. 27 Учир нь Эцэг Өөрөө та нарыг хайрладаг. Яагаад гэвэл та нар Намайг хайрласан бөгөөд Бурханаас ирсэн гэдэгт итгэсэн билээ. 28 Би Эцэгээсээ ертөнцөд ирсэн. Би дахин ертөнцийг орхиж, Эцэг уруугаа явна хэмээн айлдлаа. 29 Түүний шавь нар —Одоо Та зүйрлэл ашиглалгүй шууд ярьж байна. 30 Та бүх юмыг мэдэж, хэн ч Таныг шалгаах шаардлагагүй юм гэдгийг бид одоо мэдлээ. Үүгээр чинь бид Таныг Бурханаас ирсэн гэдэгт итгэж байна гэв. 31 Есүс тэдэнд —Та нар одоо итгэж байна уу? 32 Үзэгтүн, та нар тарцгааж, хүн бүр өөр өөрсдийн гэрт харьж Намайг ганцааранг минь орхих цаг ирж байна. Энэ цаг аль хэдийнээ иржээ. Гэсэн хэдий ч Би ганцаараа биш. Учир нь Эцэг Надтай хамт байдаг. 33 Миний дотор та нарыг амар амгалан байг гэж Би та нарт эдгээр зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа.
1 Ингэж хэлээд, Есүс тэнгэр өөд мэлмий өргөн —Аав аа, цаг нь ирлээ. Таныг Хүү чинь алдаршуулахын тулд Хүүгээ алдаршуулаач. 2 Таны Надад өгсөн бүх хүнд Хүү чинь мөнх амийг өгөхийн тулд бүх махан биеийг захирах эрхийг Та Надад өгсөн билээ. 3 Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн. 4 Хий гэж Надад өгсөн ажлыг тань гүйцэтгэн Би Таныг газар дээр алдаршуулав. 5 Одоо, Аав аа, ертөнцийг бүтээхээс өмнө Тантай хамт Надад байсан сүр жавхлангаар Та Намайг Өөрийнхөө хамт алдаршуулаач. 6 Ертөнцөөс Таны Надад өгсөн хүмүүст Би Таны нэрийг илэрхийлсэн. Тэд Таных байсан бөгөөд Та тэднийг Надад өгсөн. Тэд Таны үгийг сахьсан юм. 7 Таны Надад өгсөн алив бүхэн нь Танаас ирсэн гэдгийг одоо тэд мэдэв. 8 Учир нь Таны Надад өгсөн үгсийг Би тэдэнд өгсөн. Тэдгээрийг тэд хүлээн авч, Намайг Танаас гарч ирснийг үнэхээр ойлгоод, Таны Намайг илгээсэн гэдэгт итгэсэн юм. 9 Тэдний төлөө Би гуйж байна. Би ертөнцийн төлөө бус, харин Таны Надад өгсөн хүмүүсийн төлөө гуйж байна. Учир нь тэд Таных билээ. 10 Миний бүх юм Таных, Таных бас Минийх. Тэдний дотор Би алдаршуулагдлаа. 11 Цаашид Би ертөнцөд байхгүй, харин тэд ертөнцөд байна. Би Тан уруу очно. Ариун Аав аа, Бидний адил тэднийг нэг байлгахын тулд Надад өгсөн Өөрийнхөө нэрээр Та тэднийг хамгаалаач. 12 Би тэдэнтэй хамт байхдаа тэднийг Надад өгсөн Таны нэрээр хамгаалж байсан. Би тэднийг харгалзсан бөгөөд мөхлийн хүүгээс өөр тэдний нэг нь ч мөхсөнгүй. Энэ нь Судар биелэгдэхийн тулд болсон аж. 13 Харин одоо Би Тан уруу очно. Тэдний дотор Миний баяр баясгалан дүүрэн байхын тулд энэ бүхнийг Би ертөнцөд байхдаа ярьж байна. 14 Би Таны үгийг тэдэнд өгсөн. Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш тул ертөнц тэднийг үзэн ядсан юм. 15 Би Танаас тэднийг ертөнцөөс аваач гэж гуйхгүй, харин тэднийг муугаас хамгаалаач гэж гуйж байна. 16 Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш. 17 Үнэн дотор тэднийг ариусгаач. Таны үг бол үнэн мөн. 18 Та Намайг ертөнц уруу илгээсний адил Би тэднийг мөн ертөнц уруу илгээв. 19 Тэд бас өөрсдөө үнэн дотор ариусгагдахын тулд Би Өөрийгөө тэдний төлөө ариусгана. 20 Би зөвхөн тэдний төлөө бус, тэдний үгээр дамжуулан Надад итгэх хүмүүсийн төлөө мөн гуйж байна. 21 Энэ нь Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгдээрээ нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор байж, Таны Намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд билээ. 22 Бид нэг байдгийн адил тэднийг нэг байлгахын тулд Таны Надад өгсөн сүр жавхланг Би тэдэнд өгсөн билээ. 23 Би тэдний дотор, Та Миний дотор байдаг. Ингэснээр тэд төгс нэгдэн, Таны Намайг илгээснийг болон Намайг хайрласны адил тэднийг хайрласныг ертөнц мэдэх болно. 24 Аав аа, Таны Надад өгсөн хүмүүс бас Миний байх газарт Надтай хамт байж, Миний сүр жавхланг үзээсэй гэж Би хүсэж байна. Тэр сүр жавхланг Та Надад өгсөн билээ. Учир нь ертөнцийн сууриас өмнө Та Намайг хайрласан. 25 Зөвт Аав аа, ертөнц Таныг мэдээгүй боловч, Би Таныг мэдсэн. Мөн Таны Намайг илгээснийг тэд мэдсэн билээ. 26 Би Таны нэрийг тэдэнд мэдүүлсэн бөгөөд мэдүүлэх болно. Ингэснээр Таны Намайг хайрласан тэр хайр тэдний дотор байж, Би ч гэсэн тэдний дотор байх юм гэлээ.
1 Эдгээр үгсийг айлдаад Есүс шавь нарынхаа хамт Кидроны гууг гатлан гарч тэнд байдаг цэцэрлэгт очин, тийшээ оров. 2 Есүсийг барьж өгсөн Иудас ч мөн энэ газрыг мэддэг байжээ. Учир нь Есүс тэнд шавь нартайгаа олонтаа цугладаг байв. 3 Тэгтэл Иудас цэргийн баг, ахлах тахилч нар болон фарисайчуудаас харуулуудыг нь дагуулж ирэв. Тэд дэнлүү, бамбар, зэвсэг барин хүрч ирлээ. 4 Есүс Өөрт нь тулгарах энэ бүгдийг мэдэж байсан бөгөөд урагш гарч тэднээс —Та нар хэнийг эрнэ вэ? гэж асуув. 5 Тэд Түүнд —Назарын Есүсийг гэж хариулахад Есүс —Би байна гэв. Түүнийг барьж өгсөн Иудас ч мөн тэдэнтэй хамт зогсож байлаа. 6 Тэгээд Есүсийг "Би байна" гэж хэлэхэд хүмүүс ухарч газар унацгаав. 7 Есүс дахин —Та нар хэнийг эрнэ вэ? гэж асуусанд тэд —Назарын Есүсийг гэлээ. 8 Есүс —"Би байна" гэж Би та нарт хэлсэн. Хэрэв та нар Намайг эрж байгаа юм бол энэ хүмүүсийг явуул гэсэн нь 9 "Таны Надад өгсөн хүмүүсээс нэгийг нь ч Би алдаагүй" гэж Түүний айлдсан үг биелэгдэхийн тулд юм. 10 Симон Петр илдээ сугалж, тэргүүн тахилчийн боолын баруун чихийг тас цавчив. Тэр боолын нэрийг Малх гэдэг ажээ. 11 Тэгтэл Есүс Петрт —Илдээ хуйнд нь хий. Эцэгийн Надад өгсөн аяганаас Би уухгүй байх гэж үү? гэв. 12 Ингээд баг цэрэг, мянгатын дарга болон иудейчүүдийн харуулууд Есүсийг барьж хүлээд, 13 эхлээд Түүнийг Аннас уруу авч ирэв. Учир нь Аннас бол тэр жилийн тэргүүн тахилч Каиафын хадам эцэг байсан юм. 14 Каиаф бол ард түмний төлөө нэг хүн үхэх нь дээр гэж иудейчүүдэд зөвлөсөн тэр хүн билээ. 15 Симон Петр бас өөр нэг шавь нь Есүсийг дагав. Тэр шавь тэргүүн тахилчийг таньдаг тул тэдний хашаанд Есүсийн хамт оров. 16 Харин Петр хаалганы гадаа үлдэв. Тэгтэл тэргүүн тахилчийн танил нөгөө шавь гарч ирээд, үүдний сахиултай ярилцаад, Петрийг дотогш оруулав. 17 Үүдийг сахьж байсан шивэгчин Петрт —Чи энэ хүний шавь нарын нэг нь биш бил үү? гэхэд тэр —Би биш ээ гэв. 18 Хүйтэн байсан тул боолууд, харуулууд модны нүүрс түлж дулаацан зогсож байлаа. Петр ч мөн тэдний хамт тэнд зогсоод дулаацаж байв. 19 Тэргүүн тахилч Есүсээс шавь нарынх нь тухай, мөн сургаалынх нь тухай асууж шалгаав. 20 Есүс —Би ертөнцөд ил ярьсан. Би үргэлж бүх иудейчүүдийн цугладаг синагогт болон сүмд сургаал зааж байсан. Би нууцаар юу ч яриагүй. 21 Та яагаад Надаас асууна вэ? Миний юу ярьсныг сонссон хүмүүсээс асуу. Харагтун, тэд Миний юу ярьсныг мэднэ гэж 22 айлдтал дэргэд нь зогсож байсан харуул Есүсийг алгадаж —Чи тэргүүн тахилчид ингэж хариулдаг юм уу? гэлээ. 23 Есүс Түүнд —Хэрэв Би буруу ярьсан бол бурууг нь гэрчил. Хэрэв зөв ярьсан бол, чи юунд Намайг цохино вэ? гэв. 24 Тэгээд Аннас Есүсийг хүлээтэйгээр нь тэргүүн тахилч Каиаф уруу илгээв. 25 Симон Петр дулаацаад зогсож байтал хүмүүс түүнд —Чи чинь Түүний шавь нарын нэг нь биш бил үү? гэсэнд тэр үүнийг үгүйсгэн —Би биш ээ гэв. 26 Тэргүүн тахилчийн боолуудын нэг, Петрт чихээ цавчуулсан хүний хамаатан —Чамайг Түүнтэй хамт цэцэрлэгт байхыг чинь би хараагүй бил үү? гэж хэллээ. 27 Үүнийг Петр дахин үгүйсгэсэн тэр даруйд тахиа донгодов. 28 Тэд Есүсийг Каиафынхаас амбан захирагчийн ордонд аваачив. Тэгэхэд эрт байлаа. Харин тэд биеэ бузарлахгүй байж Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг идэхийн тулд ордонд орсонгүй. 29 Тиймээс Пилат гадагш гарч тэдэн уруу ирээд —Та нар энэ Хүнийг юу гэж буруутгаж байгаа юм бэ? гэхэд 30 тэд —Хэрэв энэ Хүн бузрыг үйлдээгүйсэн бол, бид Түүнийг танд тушаахгүй л байх байсан гэлээ. 31 Тэгтэл Пилат —Түүнийг та нар ав. Өөрсдийнхөө хуулиар Түүнийг шүүгтүн гэхэд иудейчүүд —Хүн цаазлахыг бидэнд зөвшөөрдөггүй шүү дээ гэцгээв. 32 Ямар үхлээр үхэхээ хэлж байсан Есүсийн үг биелэгдэхийн тулд тийн хэлжээ. 33 Пилат дахин ордондоо орж, Есүсийг дуудаад —Та иудейчүүдийн Хаан мөн үү? гэхэд 34 Есүс —Та үүнийг өөрийн санаагаар ярьж байна уу? Эсвэл өөр хүмүүс Миний тухай танд хэлэв үү? гэжээ. 35 Пилат —Би иудей хүн биш биз дээ? Танай үндэстэн хийгээд ахлах тахилч нар л Таныг надад тушаасан юм. Та юу үйлдчихсэн юм бэ? гэж асуув. 36 Есүс —Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш ээ. Хэрэв Миний хаанчлал энэ ертөнцийнх байсан бол Намайг иудейчүүдийн гарт өгөхгүйн тулд Миний зарц нар тэмцэх байсан. Харин одоо Миний хаанчлал эндхийнх биш гэлээ. 37 Пилат Түүнд —Тэгэхлээр Та Хаан байх нь ээ? гэхэд Есүс —Намайг Хаан гэж та хэлж байна. Учир нь Би үнэний тухай гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний тулд л ертөнцөд ирсэн. Үнэний хүн бүр Миний дууг сонсоно гэж айлдлаа. 38 Пилат Түүнээс —Үнэн гэж юу вэ? гэв. Үүнийг хэлээд Тэр иудейчүүд уруу дахин очиж —Би Түүнээс ямар ч гэм бурууг олсонгүй. 39 Дээгүүр Өнгөрөх баяраар та нарын төлөө захирагч нэг хүнийг суллах ёстой гэсэн заншил та нарт бий. Тэгвэл би иудейчүүдийн Хааныг суллахыг та нар хүсэж байна уу? гэхэд 40 тэд дахин —Энэ хүнийг биш, харин Барабыг гэж хашхиралдлаа. Бараб бол дээрэмчин ажээ.
1 Тэгээд Пилат Есүсийг аваачиж ташуурдуулав. 2 Цэргүүд үүргэнээр титэм сүлжээд, Түүний толгой дээр тавьж, нил ягаан нөмрөг нөмрүүлэв. 3 Тэд Түүн дээр ирж —Иудейчүүдийн хааныг мэндчилье гээд нүүрийг нь алгадав. 4 Пилат дахин гарч ирээд хүмүүст —Харагтун, би Түүнээс ямар ч гэм буруу олоогүйг та нарт мэдүүлэхийн тулд Түүнийг нааш нь авчирлаа гэв. 5 Есүс үүргэнэн титэм, нил ягаан нөмрөгтэй гарч ирэв. Пилат тэдэнд —Энэ Хүнийг харагтун гэлээ. 6 Тэгтэл ахлах тахилч нар, харуулууд Түүнийг хараад —Цовдол, цовдол хэмээн хашхиралдлаа. Пилат тэдэнд —Өөрсдөө Түүнийг ав. Та нар цовдол. Миний хувьд Түүнээс ямар ч буруу олсонгүй гэв. 7 Иудейчүүд түүнд хандан —Бидэнд хууль бий. Уг хуулийн дагуу бол Тэр үхэх ёстой. Яагаад гэвэл Тэр Өөрийгөө Бурханы Хүү болгосон юм гэцгээж байлаа. 8 Пилат үүнийг сонсоод улам их айж, 9 дахин ордондоо орж Есүсээс —Та хаанаас ирсэн юм бэ? гэж асуусанд Есүс түүнд юу ч хариулсангүй. 10 Тиймд Пилат Түүнд —Та надад хэлэхгүй юм уу? Таныг суллах ба загалмайд цовдлох эрх мэдэл надад байгааг Та мэдэхгүй байна гэж үү? гэлээ. 11 Есүс [түүнд
—Танд дээрээс эрх мэдэл өгөгдөөгүй л бол, Миний эсрэг байх ямар ч эрх мэдэл баймааргүйсэн. Тиймээс Намайг танд тушаасан хүн нь илүү нүгэлтэй юм гэж айлдав. 12 Үүний улмаас Пилат Түүнийг суллахыг оролджээ. Харин иудейчүүд —Хэрэв та энэ Хүнийг суллавал, Цезарийн анд нөхөр биш. Өөрийгөө хаан хэмээгч хүн болгон Цезарийн дайсан мөн гэж хашхиралдаж байв. 13 Тэдгээр үгсийг Пилат сонсоод Есүсийг гаргаж, Шигтгэмэл чулуун индэр буюу еврейгээр Габбата гэдэг газарт шүүгчийн суудалд суув. 14 Дээгүүр Өнгөрөх баярын бэлтгэл өдөр байлаа. Зургадугаар цагийн орчим Пилат иудейчүүдэд —Харагтун. Та нарын Хаан! гэж хэллээ. 15 Тэгтэл тэд —Түүнийг тонилго, тонилго. Түүнийг цовдол хэмээн хашхиралдсанд Пилат тэдэнд —Танай Хааныг би цовдлох уу? гэхэд ахлах тахилч нар —Цезариас өөр хаан бидэнд байхгүй гэв. 16 Ингээд Пилат Түүнийг цовдлуулахаар тэдэнд тушаалаа. 17 Иймээс тэд Есүсийг аваад явлаа. Есүс загалмайгаа үүрсээр еврейгээр Голгота буюу Гавлын Газар хэмээх газар уруу явав. 18 Тэнд Түүнийг өөр хоёр хүний хамт хүмүүс цовдолжээ. Есүсийг дунд нь, хоёр талд нь тэднийг цовдлов. 19 Пилат мөн пайзан дээр «Иудейчүүдийн Хаан, Назарын Есүс» гэж бичээд, Есүсийн загалмай дээр тавиулжээ. 20 Есүсийг цовдолсон газар хотоос холгүй байсан бөгөөд пайзан дээр еврей, латин, грек хэлээр бичсэн тул олон иудейчүүд үүнийг уншжээ. 21 Иудейчүүдийн ахлах тахилч нар Пилатад —"Иудейчүүдийн Хаан" гэж бүү бич. Харин Тэр "Би бол иудейчүүдийн Хаан" хэмээн хэлсэн гэв. 22 Пилат —Бичсэн зүйлээ би бичсэн юм гэлээ. 23 Цэргүүд Есүсийг цовдлоод, гадуур хувцсыг нь авч дөрвөн хэсэг болгож хувь хувиа хүртжээ. Дээрээс нь битүү нэхсэн ямар ч оёдолгүй дотуур хувцас бас байлаа. 24 Тэд хоорондоо —Үүнийг урахгүй. Харин хэнийх болохыг шийдэхийн тулд үүний төлөө шодоцгооё гэв. Энэ нь «Тэд гадуур хувцсыг минь хуваан авч, Миний хувцасны төлөө шодох болно» [гэсэн] Судар биелэгдэхийн тулд ажээ. 25 Тиймээс цэргүүд энэ бүхнийг үйлдсэн юм. Харин Есүсийн загалмайн дэргэд Есүсийн эх, мөн нагац эгч нь болон Клопын эхнэр Мариа бас Магдалын Мариа нар зогсож байсан юм. 26 Есүс эхийгээ болон хайртай байсан шавиа ойр зогсохыг хараад, эхдээ —Эмэгтэй, энэ бол таны хүү гээд, 27 өнөөх шавьдаа —Энэ бол чиний эх гэж айлдав. Тэр цагаас хойш тэр шавь нь Есүсийн эхийг гэртээ аваачив. 28 Үүний дараа Есүс бүх юм эдүгээ биелэгдсэнийг мэдээд Судар биелэгдэхийн тулд —Би цангаж байна гэлээ. 29 Дүүрэн цагаан цуутай сав тэнд байжээ. Тэд цуу шингээсэн далайн хөвөнг хиссопын мөчирт торгоож Есүсийн аманд хүргэв. 30 Есүс цууг амсаж —Энэ нь төгслөө гээд, тэргүүнээ гудайлган сүнсээ даатгав. 31 Тэр өдөр нь бэлтгэлийн өдөр байв. Амралтын өдөр цогцсуудыг загалмай дээр байлгах ёсгүй тул (мөн тэр Амралтын өдөр нь онцгой өдөр байсан учраас) иудейчүүд, тэдний хөлийг хугалж, тэднийг зайлуулахыг Пилатаас гуйжээ. 32 Цэргүүд ирж, Есүстэй хамт цовдлогдсон эхний хүний болон нөгөө хүнийх нь хөлийг хугалав. 33 Харин Есүс уруу ирээд Түүний хэдийнээ үхсэн байхыг тэд үзээд, хөлийг нь хугалсангүй. 34 Цэргүүдийн нэг нь Түүнийг хажуу уруу нь жадлахад цус, ус гоожлоо. 35 Харсан хүн нь үүнийг гэрчлэв. Түүний гэрчлэл нь үнэн бөгөөд та нарыг ч мөн итгүүлэхийн тулд үнэн ярьдаг гэдгээ тэр мэднэ. 36 Судрын "Түүний нэг ч яс хугалагдахгүй" гэсэн нь биелэгдэхийн тулд эдгээр нь болжээ. 37 "Тэд жадалсан Хүн уруугаа харах болно" гэж мөн өөр Сударт хэлдэг. 38 Энэ бүхний дараа Есүсийн цогцсыг авахын тулд Ариматын Иосеф Пилатаас гуйсанд тэр зөвшөөрчээ. Иосеф иудейчүүдээс эмээж, нууцаар Есүсийн шавь байсан юм. Тэгээд тэр очиж, цогцсыг нь авчээ. 39 Мөн Никодем мирр, алоены зуун литра хольцыг авч ирэв. Тэр анх шөнөөр Есүс уруу ирж байсан юм. 40 Тэд Есүсийн цогцсыг авч, иудейчүүдийн оршуулгын заншил ёсоор анхилуун үнэртэнтэй маалинган даавуугаар ороов. 41 Түүнийг цовдолсон газарт цэцэрлэг байсан бөгөөд тэнд хэнийг ч тавиагүй шинэ хадан булш байлаа. 42 Тэгэхэд иудейчүүдийн хувьд бэлтгэлийн өдөр нь байсан бөгөөд тэр хадан булш ойролцоо байсан тул тэд Есүсийг тэнд тавьжээ.
1 Долоо хоногийн эхний өдөр эрт харанхуй байхад Магдалын Мариа хадан булш уруу очиж, булшны амнаас хадыг зайлуулсан байхыг харав. 2 Тэгээд Мариа Симон Петр болон Есүсийн хайртай байсан нөгөө шавь уруу нь гүйн ирж —Тэд Эзэнийг булшнаас авчихжээ. Түүнийг тэд хаана тавьсныг бид мэдэхгүй гэж хэлэв. 3 Тиймээс Петр нөгөө шавийн хамт булш уруу гүйв. 4 Тэд хоёул хамтдаа гүйсэн боловч нөгөөдөх нь Петрээс хурдан гүйж, булшинд түрүүлэн ирээд 5 тонгойн хараад, даавуу байхыг л үзсэн боловч дотогш орсонгүй. 6 Араас нь Симон Петр ч гүйн ирэв. Тэр булш уруу орж, маалинган даавуу болон 7 толгойг нь ороосон даавууг л харав. Даавуунууд байсан байрандаа эвхээтэй байжээ. 8 Түрүүлэн ирсэн нөгөө шавь булшинд орж ирэн, хараад итгэв. 9 Учир нь Тэр үхэгсдээс амилах ёстой гэсэн Судрыг тэд ойлгоогүй л байлаа. 10 Ингээд шавь нар нь өөрсдийнхөн уруугаа буцав. 11 Харин Мариа булшны гадаа зогсоод уйлж байлаа. Тэр уйлсан чигээрээ булш уруу тонгойн харахад, 12 цагаан хувцастай хоёр тэнгэр элч Есүсийн цогцсыг тавьсан газарт нэг нь толгойн тэнд, нөгөө нь хөлөн талд нь сууж байв. 13 Тэд түүнд —Эмэгтэй, чи юунд уйлна вэ? гэсэнд тэр —Тэд Эзэнийг минь авчихсан байна. Тэд Түүнийг хаана тавьсныг би мэдэхгүй гэв. 14 Тэр ингэж хэлээд эргэхдээ Есүсийн зогсож байхыг харсан боловч тэр нь Есүс байсныг таньсангүй. 15 Есүс түүнд —Эмэгтэй, чи юунд уйлна вэ? Чи хэнийг хайна вэ? гэж асуув. Түүнийг цэцэрлэгч байна гэж бодоод тэр Түүнд —Эзэнтэн, хэрэв та Түүнийг авсан бол хаана тавьснаа надад хэлнэ үү? Би Түүнийг авах гэсэн юм гэв. 16 Гэтэл Есүс —Мариа гэлээ. Мариа эргэнгүүтээ Түүнд еврейгээр —Рабуни! (Багш гэсэн утгатай) гэжээ. 17 Есүс —Би дээшээ Эцэгтээ хараахан очоогүй байгаа тул Надад гар бүү хүр. Харин Миний ах дүү нар уруу очиж, тэдэнд "Би Миний Эцэг ба та нарын Эцэгт, Миний Бурхан ба та нарын Бурханд очно" гэдгийг хэл гэлээ. 18 Магдалын Мариа ирж, шавь нарт —Би Эзэнийг харлаа гээд Есүсийн өөрт нь айлдсаныг тэдэнд хэлэв. 19 Долоо хоногийн эхний өдөр буюу тэр өдрийн үдэш, шавь нар нь иудейчүүдээс айснаас хаалгаа түгжсэн байв. Гэтэл Есүс ирээд тэдний дунд зогсож, тэдэнд —Амар амгалан та нартай хамт байх болтугай гэв. 20 Үүнийг айлдаад, Тэр тэдэнд гар, хажуугаа үзүүлэв. Шавь нар нь Эзэнийг хараад ихэд баярлав. 21 [Есүс] дахиж тэдэнд —Амар амгалан та нартай хамт байх болтугай. Эцэг Намайг илгээсний адил Би бас та нарыг илгээнэ гэв. 22 Үүнийг айлдаад, Тэр тэдэн уруу үлээн —Ариун Сүнсийг хүлээн авагтун. 23 Та нар хэний нүглийг уучилна, тэд уучлагдана. Та нар хэний нүглийг үл уучилна, тэд үл уучлагдах болно гэж айлдав. 24 Харин арван хоёрын нэг болох ихэр гэгддэг Томас Есүсийг ирэх үед тэдэнтэй хамт байгаагүй ажээ. 25 Бусад шавь нар нь түүнд —Бид Эзэнийг харсан гэж ярив. Харин тэр —Түүний гар дахь хадаасны сорвийг үзэж, хадаасны ормонд нь хуруугаа хийн, Түүний хажуу уруу нь гараа хийж үзэхээс нааш би итгэхгүй гэж тэдэнд хэлжээ. 26 Найман өдрийн дараа шавь нар гэрт дахин цуглахад Томас тэдэнтэй хамт байв. Хаалга нь түгжээтэй байсан боловч Есүс ирээд тэдний дунд зогсож —Амар амгалан та нартай хамт байх болтугай гэв. 27 Тэгээд Тэр Томаст —Хуруугаа нааш нь хүргэ, Миний гарыг үз. Гараа нааш нь хүргэ, Миний хажуу уруу хий. Итгэлгүй бус, харин итгэлтэй бай гэхэд 28 Томас Түүнд —Эзэн минь, Бурхан минь гэв. 29 Есүс түүнд —Чи Намайг харсан учраас итгэв үү? Хараагүй атлаа итгэсэн хүмүүс нь ерөөлтэй еэ! гэжээ. 30 Мөн энэ номд бичээгүй өөр олон тэмдгийг Есүс [Өөрийн] шавь нарын өмнө үзүүлсэн юм. 31 Харин эдгээр нь Есүс бол Христ, Бурханы Хүү мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд бичигдсэн бөгөөд ингэснээр итгэлээр дамжуулан та нар Түүний нэрээр амьтай болох юм.
1 Түүнээс хойш Есүс Тибер тэнгисийн хавиар Өөрийгөө шавь нартаа дахин харуулжээ. Тэр Өөрийгөө ингэж харуулав. 2 Симон Петр, ихэр гэгддэг Томас, Галилын Канагийн Натанаел, Зебедеен хөвгүүд бас Түүний шавь нараас хоёр өөр хүн цугтаа байв. 3 Симон Петр тэдэнд —Би загас барихаар явлаа гэхэд тэд —Бид ч бас чамтай хамт явъя гээд завиндаа суув. Тэр шөнө тэд юу ч барьсангүй. 4 Үүр цайх үед Есүс эрэг дээр зогсож байлаа. Гэвч шавь нар нь Түүнийг таньсангүй. 5 Есүс тэдэнд —Хүүхдүүд ээ, та нарт ямар ч загас алга уу? гэхэд тэд —Алга гэлээ. 6 Есүс тэдэнд —Завиныхаа баруун талд тороо хая. Тэгвэл та нар олз олно гэв. Тэд тороо тийш нь хаясанд, маш их загас торонд нь орсон тул тэд тороо ч татаж чадахааргүй болжээ. 7 Тэгтэл Есүсийн хайртай байсан шавь Петрт —Энэ чинь Эзэн мөн байна гэлээ. Симон Петр "Энэ чинь Эзэн мөн байна" гэхийг сонсмогц загасчлахын тулд тайлсан байсан гадуур хувцсаа өмсөж, тэнгис уруу үсрэн оров. 8 Харин бусад шавь нар нь жижиг завиндаа дүүрэн загастай тороо чирсээр ирлээ. Учир нь тэд эргээс холгүй боловч хоёр зуу орчим тохой зайтай байжээ. 9 Тэд эрэг дээр гараад, модны нүүрсний гал дээр нь байх загас болон талхыг харав. 10 Есүс тэдэнд —Саяын барьсан загаснаасаа хэдийг аваад ир гэлээ. 11 Симон Петр очиж, зуун тавин гурван том загасаар дүүрэн тороо эрэг дээр татаж гаргав. Тийм их загас байсан боловч тор нь урагдаагүй байлаа. 12 Есүс тэдэнд —Нааш ир. Өглөөний хоолоо идэцгээ гэхэд түүнийг Эзэн мөн гэдгийг мэдэж байсан шавь нараас нь хэн нь ч —Та хэн бэ? гэж асууж зүрхэлсэнгүй. 13 Есүс ирж, талх авч тэдэнд өгөв. Бас загас өгөв. 14 Энэ бол Есүс үхэгсдээс амилуулагдсаныхаа дараа шавь нартаа Өөрийгөө харуулсны гурав дахь нь байсан юм. 15 Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс Симон Петрт —Иоханы хүү Симон оо, чи Намайг тэднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр —Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ гэж хэлэв. Есүс түүнд —Миний хургануудыг тэжээ гэлээ. 16 Есүс дахин хоёр дахь удаагаа түүнд —Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэхэд тэр Түүнд —Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ гэв. Есүс түүнд —Миний хоньдыг хариул гэлээ. 17 Есүс түүнд гурав дахь удаагаа —Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэв. "Чи Намайг хайрладаг уу?" гэж Есүс гурвантаа асуусан учир Петр гуниглав. Тэр —Эзэн, Та бүх юмсыг мэддэг. Миний Танд хайртайг Та мэднэ гэв. [Есүс
түүнд —Миний хоньдыг тэжээ. 18 Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Чи залуу байхдаа бүсээ өөрөө бүслээд, аль хүссэн зүг уруугаа явдаг байв. Харин өтлөхдөө чи гараа сунган, өөр хүн чамайг бүсэлж, чиний хүсээгүй газарт чамайг аваачих болно гэж айлдав. 19 Есүс Петрийг ямар үхлээр үхэж Бурханыг алдаршуулахыг заан үүнийг хэлжээ. Ингэж айлдаад Есүс Петрт —Намайг дага гэлээ. 20 Петр эргэхдээ, өөрсдийнх нь араас Есүсийн хайртай шавь нь дагаж явааг харав. Тэр шавь мөнөөх оройн зоог дээр Есүсийн цээжийг налан сууж "Эзэн, Таныг барьж өгөх хүн хэн юм бэ?" гэж асууж байсан юм. 21 Петр түүнийг хараад Есүст —Эзэн, энэ хүн яах бол? гэсэнд 22 Есүс түүнд —Хэрэв Би ирэх хүртлээ түүнийг байлгая гэж хүссэн ч, энэ нь чамд ямар хамаа байна? Чи Намайг дага гэж айлдав. 23 Тиймд тэр шавь үхэхгүй нь гэсэн үг ах дүүсийн дунд тарав. Гэвч Есүс тэр хүнийг үхэхгүй гэж түүнд айлдаагүй. Харин зөвхөн "Хэрэв Би ирэх хүртлээ түүнийг байлгая гэж хүссэн ч, [энэ нь чамд ямар хамаа байна?
" гэсэн билээ. 24 Эдгээрийг гэрчилж, эдгээрийг бичсэн хүн бол тэр шавь нь мөн. Түүний гэрчлэл үнэн гэдгийг бид мэднэ. 25 Есүсийн үйлдсэн өөр олон үйлс бий. Хэрэв тэдгээрийг нь нэг бүрчлэн бичсэн бол бичигдсэн номууд нь энэ ертөнцөд ч багтахгүй байх байсан гэж би боддог.