ИОШУА

1

1 ЭЗЭНий зарц Мосег нас барсны дараа, Мосегийн туслах Нуны хүү Иошуатай ЭЗЭН ярин, айлдсан нь — 2 Миний зарц Мосе нас барав. Тэгэхээр одоо босож, энэ бүх хүмүүсийн хамт энэ Иорданыг гатлан, Израилийн хөвгүүд болох тэдэнд Миний өгч буй тэр газар уруу яв. 3 Хөлийн чинь ул гишгэх газар бүрийг Би Мосед амласныхаа дагуу чамд өгсөн билээ. 4 Та нарын газар нутаг бол цөл ба энэ Ливанаас их мөрөн Евфрат хүртэл, хитчүүдийн бүх нутаг болох наран жаргах зүгийн их Далай хүртэл байх болно. 5 Хэн ч чамайг амьдралын чинь туршид эсэргүүцэн зогсож чадахгүй. Би Мосетэй хамт байсан шигээ мөн чамтай хамт байх болно. Би чамайг хаяхгүй, мөн чамайг орхихгүй. 6 Тууштай бөгөөд зоригтой бай. Учир нь өвөг дээдэст нь өгөхөөр Миний амласан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ. 7 Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүлэхэд анхаарал тавь. Хаа явсан газраа амжилт олохын тулд түүнээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. 8 Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй, харин түүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүлэхээр өдөр шөнөгүй түүнийг бясалгаж яв. Тэгвэл чи хөгжин дэвжиж, амжилтад хүрэх болно. 9 Чамд Би тушаагаагүй гэж үү? Тууштай бөгөөд зоригтой бай! Хаана явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх учраас бүү чичирч айгтун гэв. 10 Ингээд Иошуа ард олны захирагчдад тушаан хэлсэн нь — 11 Хуаран дундуур явж, ард олонд "Өөрсдийн хүнсээ бэлтгэцгээ. Учир нь гурав хоногийн дотор та нар өөрсдөд чинь эзэмшүүлэхээр та нарын Бурхан ЭЗЭНий өгч буй газар нутгийг эзлэхээр Иорданыг гатлан явах гэж байна" хэмээн хэл гэв. 12 Харин Реубен, Гад болон Манассегийн хагас овгийнхонд Иошуа хэлсэн нь — 13 ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаан хэлсэн үг болох "Та нарын Бурхан ЭЗЭН та нарт амралтыг өгч байгаа бөгөөд энэ газрыг та нарт өгнө" гэснийг сана. 14 Та нарын эхнэр, хүүхэд болон мал сүрэг Мосегийн та нарт өгсөн Иорданы зүүн талын нутагт үлдэх болно. Харин танай бүх эрэлхэг дайчид ах дүү нарынхаа өмнө тулалдааны бүрэн зэвсэгтэйгээр гатлан явна. 15 ЭЗЭН та нарыг амраасантай адил ах дүүсийг тань амраатал, мөн тэд бас та нарын Бурхан ЭЗЭНий өгч буй нутгийг эзэмших хүртэл та нар тэдэнд туслах ёстой. Дараа нь та нар нутагтаа харьж, ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Иорданы зүүн талын наран мандах зүгийн нутгаа эзэмшицгээ гэв. 16 Тэд Иошуад хариулан хэлсэн нь —Тушаасан болгоныг тань бид хийж, илгээх газар бүрд тань явах болно. 17 Бид Мосег бүх юманд дагаж байсан шигээ, таныг мөн дагах болно. Харин зөвхөн таны Бурхан ЭЗЭН Мосетэй хамт байсан шиг тантай хамт байх болтугай. 18 Тушаалыг тань эсэргүүцэн, тушааж хэлсэн үгийг тань дагаагүй хэн боловч үхэх болно. Гагцхүү тууштай бөгөөд зоригтой бай гэлээ.

2

1 Ингээд Нуны хүү Иошуа хоёр эрийг туршуулаар Шиттимээс нууцаар илгээж —Явж, тэр нутгийг, ялангуяа Иерихог сайтар тандагтун гэв. Тэд явж, Рахаб гэгч янхан эмэгтэйн гэрт очиж, тэндээ хоноглов. 2 Харагтун, Израилийн хөвгүүд энэ нутгийг тандахаар өнөө орой ирчихээд байгаа нь Иерихогийн хаанд дуулдав. 3 Иерихогийн хаан Рахабт —Танайд ирж, гэрт чинь орсон хүмүүсийг авчир. Учир нь тэд энэ нутгийг бүхэлд нь тандахаар ирсэн билээ гэсэн мэдээг явуулав. 4 Харин өнөөх эмэгтэй хоёр эрийг нуун далдалж, хэлэхдээ —Тийм ээ. Над дээр хүмүүс ирсэн. Гэвч хаанаас ирснийг нь би мэдсэнгүй. 5 Хаалга хаах цаг болох үеэр, үдшийн бүрэнхийгээр тэд гарч явсан. Тэр хүмүүс хаашаа явсныг би мэдэхгүй. Тэднийг гүйцэх учир араас нь хурдан мөшгөн хөөцгөө гэлээ. 6 Харин тэр өөрөө тэднийг дээвэр дээр гарган, тэнд дэвссэн маалингын ишин дунд нуусан байжээ. 7 Ингээд нөгөө хүмүүс Иорданы гарам хүртэлх замаар туршуулуудын хойноос мөшгөсөн ба мөшгөгчдийг явмагц хаалга хаагджээ. 8 Ингээд нөгөө хоёрыг хажуулахын өмнө Рахаб тэдэн уруу дээвэр дээр гарч, 9 тэдэнд —ЭЗЭН энэ газрыг та нарт өгснийг, та нараас айх айдас биднийг нөмөрснийг, мөн энэ нутгийн бүх оршин суугчид та нарын өмнө зүрх алдан байгааг би мэдэж байна. 10 Учир нь Египетээс та нарыг гарахад ЭЗЭН хэрхэн Улаан тэнгисийн усыг та нарын өмнө ширгээснийг, Иорданы зүүн талд та нарын бүрмөсөн устгасан аморичуудын хоёр хаан болох Сихон, Ог нарыг та бүхэн яасныг бид сонссон билээ. 11 Бид үүнийг сонсоод та нараас болж бидний зүрх мохож, хэнд ч зориг үлдсэнгүй. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН бол дээд тэнгэр дэх хийгээд доод газар дахь Бурхан мөн билээ. 12 Тэгэхээр одоо, нэгэнт би та нарт энэрэнгүй хандсан болохоор та нар ч мөн манай эцгийн гэрийнхэнд бас энэрэнгүй хандана гэдгээ ЭЗЭНээр тангараглан, надад үнэн тэмдэг өгч, 13 миний эцэг эх, ах эгч дүү нар болон тэдэнд хамаарагдах бүхний амийг хэлтрүүлэн, биднийг үхлээс авраач гэв. 14 Эрчүүд түүнд —Хэрэв чи бидний хэргийг ярихгүй бол бидний амь та нарын үхлийн оронд яваг. ЭЗЭН бидэнд энэ нутгийг өгөхөд бид та нартай энэрэнгүй бөгөөд үнэнчээр хандах болно гэлээ. 15 Тэр эмэгтэйн амьдарч байсан байшин нь хотын хананд байсан учраас тэр тэднийг цонхоороо олсоор дамжуулан доош буулгав. 16 Эмэгтэй тэдэнд —Мөшгөгчидтэй тааралдахгүйн тулд уулархаг нутаг уруу яв. Тэднийг буцаж иртэл тэндээ гурав хоног нуугд. Түүний дараа та нар замаараа явж болно гэв. 17 Тэр эрчүүд түүнд —Чи биднээр өөртөө тангараглуулсан энэ тангаргаас чинь бидний чөлөөлөгдөх нөхцөл бол 18 биднийг энэ нутагт орж ирэх үед, чи биднийг буулгасан цонхноосоо энэ час улаан уяаг уяагүй, мөн эцэг эх, ах дүү болон эцгийнхээ бүхий л гэр орныхныг гэртээ цуглуулаагүй тохиолдолд байх юм. 19 Хэрэв хэн нэгэн хүн гэрээс чинь гудамж уруу гарвал, түүний цус өөрийнх нь толгой дээр буух бөгөөд бид үүнд хариуцлага хүлээхгүй. Харин гэрт чинь байгаа хэн нэгэнд аливаа хүн гар хүрэх юм бол цус нь бидний толгой дээр бууна. 20 Харин чи бидний энэ хэргийг ярих юм бол чи биднээр тангараглуулсан тангаргаас бид чөлөөлөгдөх болно гэв. 21 Эмэгтэй —Та нарын хэлснээр болог гэв. Ийнхүү тэр тэднийг явуулж, тэд салцгаав. Тэгээд тэр эмэгтэй час улаан уяаг цонхноосоо уяв. 22 Тэд салан явж, уулархаг нутагт очоод, мөшгөгчдийг буцтал гурав хоног тэндээ байв. Мөшгөгчид тэднийг бүхий л замын туршид хайсан боловч олсонгүй. 23 Дараа нь нөгөө хоёр хүн уулархаг нутгаас эргэн ирж, голыг гатлан, Нуны хүү Иошуа дээр очоод өөрсдөд нь тохиолдсон бүхнийг ярив. 24 Тэд Иошуад хэлэхдээ —ЭЗЭН үнэхээр бүх нутгийг бидний гарт өгсөн аж. Түүгээр барахгүй тэр нутгийн бүх оршин суугчид бидний өмнө зүрх алдаж байна гэлээ.

3

1 Ингээд Иошуа өглөө эртлэн босов. Тэр Израилийн бүх хөвгүүдийн хамт Шиттимээс хөдлөн Иордан уруу ирж, гатлахынхаа өмнө тэндээ хонов. 2 Гурван хоногийн эцэст захирагчид хуаран дундуур явж, 3 хүмүүст тушаан —Та нарын Бурхан ЭЗЭНий гэрээний авдрыг Левийн тахилч нар дамнан явахыг хараад та бүхэн байрнаасаа хөдөлж, араас нь даган яв. 4 Харин авдар болон та нарын хооронд хоёр мянга орчим тохой зай байх ёстой. Түүнд бүү дөхөж ойрт. Та нар урьд нь энэ замаар хэзээ ч явж үзээгүй учраас түүнийг дагаж явбал аль замаар явахаа мэдэж авах болно гэв. 5 Тэгээд Иошуа хүмүүст —Өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь маргааш ЭЗЭН та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно хэмээв. 6 Иошуа тахилч нартай ярин, —Гэрээний авдрыг аван, хүмүүсийн өмнө гарч голыг гатлан яв гэв. Тиймээс тэд гэрээний авдрыг авч, хүмүүсийн өмнө тэргүүлэн явав. 7 ЭЗЭН Иошуад —Би Мосетэй хамт байсан шигээ чамтай хамт байх болно гэдгийг мэдүүлэхийн тулд өнөөдөр Би чамайг бүх Израилийн нүдний өмнө өргөмжилж эхлэх болно. 8 Цаашлаад, гэрээний авдрыг авч яваа тахилч нарт чи тушаан "Та нар Иорданы эргийн усанд хүрч очоод усан дотор зогс" гэж хэл гэлээ. 9 Тэгээд Иошуа Израилийн хөвгүүдэд —Нааш ирж, ЭЗЭН Бурханыхаа үгийг сонс гэж хэлэв. 10 Иошуа хэлэхдээ —Үүгээр дамжуулан амьд Бурхан та нарын дунд байгаа бөгөөд Тэр та нарын урдаас канаанчууд, хитчүүд, хивичүүд, перизчүүд, гиргашчууд, аморичууд болон иебусчуудыг заавал хөөх болно гэдгийг та нар мэдэх болно. 11 Харагтун, бүх газар дэлхийн Эзэний гэрээний авдар та нарыг тэргүүлэн гатлахаар Иордан уруу орж байна. 12 Тиймээс одоо Израилийн овгуудаас бүгдээс нь тус бүр нэг хүн байхаар арван хоёр хүнийг өөрсөддөө зориулан ав. 13 Бүх газар дэлхийн Эзэн болох ЭЗЭНий авдрыг дамнан яваа тахилч нарын хөлийн ул Иорданы усанд ормогц Иорданы урсгал нь таслагдаж, дээрээс урсаж байгаа ус овоорон тогтох болно гэв. 14 Ингээд хүмүүс Иорданыг гатлахаар майхнаа буулгасан ба гэрээний авдрыг дамнан яваа тахилч нар ард түмний өмнө тэргүүлэн явлаа. 15 (Ургац хураалтын өдрүүдийн туршид Иордан бүх эргээ халин үерлэсэн байдаг) Авдрыг дамнан яваа тахилч нар Иорданд орж хөлөө усны захад дүрмэгц, 16 дээрээс урсаж байгаа ус Заретаны ойролцоо орших Адам хотоос нилээд хол зайд тогтон овоороод, Давст тэнгис буюу Арабагийн тэнгис уруу урсаж байгаа ус бүрэн тасарчээ. Тэгээд хүмүүс Иерихогийн харалдаа гатлан гарав. 17 Бүх Израиль нийт үндэстнээрээ хуурай газраар Иорданыг гаталж дуустал ЭЗЭНий гэрээний авдрыг дамнан яваа тахилч нар Иорданы голд хуурай газар дээр бат зогсож байлаа.

4

1 Ингээд үндэстэн бүхлээрээ Иорданыг гаталж дуусахад ЭЗЭН Иошуатай ярин — 2 Овог тус бүрээс нэг хүн буюу ард түмнээс нийт арван хоёр хүн авч, 3 "Иорданы голоос, тахилч нарын хөл бат зогсож буй газраас өөрсөддөө арван хоёр чулуу авч, өргөн зөөгөөд, энэ шөнө хоноглох газраа аваачиж тавь" гэж тэдэнд тушаагтун гэжээ. 4 Тэгэхэд нь Иошуа овог тус бүрээс нэг хүн буюу Израилийн хөвгүүдээс өөрийн томилсон арван хоёр хүнийг дуудаад, 5 тэдэнд —ЭЗЭН Бурханыхаа авдар уруу Иорданы голд нь очин, Израилийн хөвгүүдийн овгуудын тоогоор хүн нэг бүр чулуу аван мөрөн дээрээ үүрээд авчир. 6 Энэ нь та нарын дунд тэмдэг болон байг. Хожим хүүхдүүд тань та нараас "Энэ чулуунууд ямар учиртай юм бэ?" гэж асуухад 7 та нар тэдэнд "Учир нь ЭЗЭНий гэрээний авдрын өмнө Иорданы урсгал тасарч байв. Уг авдар Иорданыг гатлан гарах үед Иорданы ус тасарсан юм" хэмээн хэл. Тиймээс ч эдгээр чулуунууд Израилийн хөвгүүдэд мөнхийн дурсгал болох юм гэв. 8 Ингээд Израилийн хөвгүүд Иошуагийн тушаасан ёсоор гүйцэтгэж, ЭЗЭН Иошуад айлдсанчлан, Израилийн хөвгүүдийн овгуудын тоогоор арван хоёр чулууг Иорданы голоос аван, хоноглох газартаа аваачин, тэнд тавив. 9 Дараа нь Иошуа гэрээний авдрыг дамнан явсан тахилч нарын хөл зогсож байсан тэр газарт, Иорданы голд арван хоёр чулуу аваачин овоолов. Тэдгээр чулуунууд өнөөг хүртэл тэнд байгаа билээ. 10 Мосегийн Иошуад захирамжилсан ёсоор Иошуад ЭЗЭНий тушаасан бүгдийг ард олон гүйцэтгэж дуустал авдрыг дамнасан тахилч нар Иорданы голд зогссоор л байв. Ард олон яаравчлан гатлав. 11 Бүх хүмүүс гаталж дуусмагц, ЭЗЭНий авдар ба тахилч нар хүмүүсийн өмнө гатлан гарч ирлээ. 12 Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд, мөн Манассегийн хагас овгийнхон тулалдааны бүрэн зэвсэгтэйгээр Мосегийн тэдэнд хэлсний дагуу Израилийн хөвгүүдийн тэргүүнд гаталж гарав. 13 Дайтахаар зэвсэглэсэн дөчин мянгаад хүн ЭЗЭНий өмнө тулалдахаар Иерихогийн тал газар уруу гатлав. 14 Тэр өдөр ЭЗЭН Иошуаг бүх Израилийн нүдний өмнө өргөмжилсөн нь тэд Мосег амьдралынх нь турш хүндэтгэж байсан шиг түүнийг ч мөн хүндэтгэхийн тулд билээ. 15 ЭЗЭН Иошуад — 16 Гэрчлэлийн авдрыг дамнасан тахилч нарт Иорданаас гарч ирэхийг тушаа гэж айлдав. 17 Тэгэхэд нь Иошуа тахилч нарт —Иорданаас гарч ир гэж тушаав. 18 ЭЗЭНий гэрээний авдрыг дамнасан тахилч нар Иордан голоос гарч ирж, тахилч нарын хөлийн ул хуурай газарт хүрэх үед Иорданы ус хуучин хэвэндээ орж, урьдынх шигээ бүх эргээ халин урсав. 19 Ард олон анхдугаар сарын аравны өдөр Иорданаас гарч ирэн Иерихогийн зүүн хязгаарт орших Гилгалд буудаллав. 20 Иорданаас тэдний авсан тэдгээр арван хоёр чулууг Иошуа Гилгалд овоолов. 21 Тэр Израилийн хөвгүүдэд —Ирэх цагт үр хүүхдүүд чинь эцгүүдээсээ "Энэ юун чулуунууд вэ?" хэмээн асуувал, 22 та нар тэдэнд "Израильчууд энэ Иорданыг хуурай газраар гаталсан юм" гэж хэл. 23 Учир нь биднийг гаталж дуустал ЭЗЭН Бурхан тань бидний өмнө Улаан тэнгисийг ширгээсний адилаар одоо ЭЗЭН Бурхан тань та нарыг гаталж дуустал Иорданы усыг та нарын өмнө ширгээсэн билээ. 24 Энэ нь дэлхийн бүх хүмүүст ЭЗЭНий мутар хүчирхэг болохыг мэдүүлэхийн тулд юм. Ингэснээр та нар ЭЗЭН Бурханаасаа мөнхөд эмээх юм0 гэв.

5

1 Иорданы чанадад баруунтайд орших Аморийн бүх хаад, мөн далайн эргийн дагуух Канааны бүх хаад ЭЗЭН хэрхэн Иорданы усыг Израилийн хөвгүүдийн өмнө тэднийг гаталж дуустал ширгээснийг сонсоод, зүрх нь мохож, Израилийн хөвгүүдээс болж сүнс сүлд нь арилав. 2 Тэр үед ЭЗЭН Иошуад —Өөртөө цахиур хутгануудыг хийж, Израилийн хөвгүүдэд хоёр дахь удаа хөвч хөндөх ёслол хий гэлээ. 3 Тэгэхэд нь Иошуа цахиур хутганууд хийн, Гибеат-хааралотод Израилийн хөвгүүдийн хөвчийг хөндөв. 4 Иошуа тэдний хөвчийг хөндсөний учир юу гэвэл Египетээс гарч явсан дайтах насны бүх эрчүүд Египетээс гарч явсныхаа дараа замдаа цөлд үхэцгээсэн юм. 5 Учир нь гарч явсан хүмүүс бүгд хөвч хөндүүлсэн байсан боловч Египетээс гарч явсны дараах аян замд, цөл газарт мэндэлсэн бүх хүн хөвч хөндүүлээгүй байлаа. 6 Египетээс гарч явсан дайчин эрчүүд буюу бүх үндэстэн ЭЗЭНий үгийг сонсоогүй учраас тэднийг устаж дуустал Израилийн хөвгүүд цөлд дөчин жил тэнүүчилжээ. Учир нь бидэнд өгөхөөр тэдний эцэг өвгөдөд ЭЗЭНий амласан сүү болон балаар бялхсан газар нутгийг тэдэнд харуулахгүй гэж ЭЗЭН тангарагласан билээ. 7 Харин тэдний оронд ЭЗЭНий босгосон хүүхдүүдэд нь Иошуа хөвч хөндөх ёслол үйлджээ. Учир нь тэд замын туршид хөвч хөндүүлээгүй байв. 8 Үндэстэн бүхлээрээ хөвч хөндүүлж дууссаны дараа эдгэртлээ хуарандаа байв. 9 Дараа нь ЭЗЭН Иошуад —Өнөөдөр Би та нараас Египетийн зэмлэлийг зайлууллаа гэв. Тийнхүү энэ газрын нэр өнөөг хүртэл Гилгал гэгддэг юм. 10 Израилийн хөвгүүд Гилгалд буудаллаж байх зуураа уг сарын арван дөрөвний өдрийн орой Иерихогийн тал газарт Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэв. 11 Дээгүүр Өнгөрөх баярын дараагийн өдөр нь тэд газрын үр шим, исгээгүй талх болон хуурсан үр тариа идэв. 12 Тэд газрын үр шимээс хүртсэний дараа өдөр нь манна дууссан бөгөөд Израилийн хөвгүүд дахин маннаг авсангүй. Харин тэр жилийн туршид тэд Канаан нутгийн ургацаас хүртэв. 13 Иошуа Иерихогийн ойролцоо байх үед нүдээ дээш өргөн хартал, эсрэг талд нь сэлмээ сугалан гартаа барьсан хүн зогсож байв. Иошуа түүн уруу очин, түүнээс —Та бидний талд уу, манай дайсны талд уу? гэж асуусанд 14 тэр —Үгүй, харин би ЭЗЭНий дайчдын жанжнаар ирээд байна гэхэд нь Иошуа нүүрээрээ газарт унан мэхийж, түүнд —Миний эзэн өөрийн зарцдаа юу хэлэхсэн бол? гэж асуулаа. 15 ЭЗЭНий дайчдын жанжин Иошуад —Зогсож буй газар чинь ариун учраас хөлөөсөө шаахайгаа тайл гэхэд Иошуа ёсоор нь үйлдлээ.

6

1 Израилийн хөвгүүдээс болж Иерихо чанд хаагдсан бөгөөд хэн ч орж, гарахгүй байв. 2 ЭЗЭН Иошуад —Хар, Би Иерихог хаантай нь хийгээд эрэлхэг дайчидтай нь хамт чиний гарт өгч байна. 3 Та нар буюу бүх цэрэг эрс хотыг нэг удаа тойрон алх. Үүнийг зургаан хоног хий. 4 Мөн долоон тахилч хуцын эврээр хийсэн долоон бүрээг авдрын өмнө авч явах ёстой. Долоо дахь өдөр нь та нар хотыг долоон удаа тойрч, тахилч нар бүрээг үлээгтүн. 5 Тэд хуцын эврийг уртаар хүнгэнүүлэхэд, та нар бүрээний дууг сонсохдоо, бүх хүмүүс маш чангаар хашхиралдах ёстой. Хотын хана доошоо нуран унаж, хүн бүр чигээрээ дайрагтун гэлээ. 6 Тэгээд Нуны хүү Иошуа тахилч нарыг дуудан —Гэрээний авдрыг ав. Долоон тахилчид долоон хуцын эврэн бүрээг бариулан ЭЗЭНий авдрын өмнө явуул гэж хэлэв. 7 Тэгээд тэр ард олонд —Урагшаа явж, хотыг тойрон алхагтун. ЭЗЭНий авдрын өмнө зэвсэглэсэн эрчүүдийг явуул гэж тушаав. 8 Иошуаг ард түмэнд хандан үгээ хэлсний дараа ЭЗЭНий өмнө долоон хуцын эврэн бүрээ барьсан долоон тахилч урагшлан бүрээгээ хүнгэнүүлэв. ЭЗЭНий гэрээний авдар тэднийг дагалаа. 9 Зэвсэглэсэн эрчүүд бүрээ үлээж байсан тахилч нарын өмнө явж, тэднийг хүнгэнүүлэн байх зуур арын хамгаалагчид авдрын ард явлаа. 10 Харин Иошуа хүмүүст тушаан хэлэхдээ —Намайг "Хашхир" гэж хэлэх тэр өдрийг хүртэл та нар хашхирч ч, дуугаа сонсгож ч мөн амнаасаа үг гаргаж ч болохгүй. Харин тэр үед хашхирагтун гэлээ. 11 Ингээд ЭЗЭНий авдар хотыг нэг удаа тойров. Тэгээд тэд хуарандаа буцан ирж, тэндээ шөнийг өнгөрөөв. 12 Маргааш нь Иошуа өглөө эртлэн босож, мөн тахилч нар ЭЗЭНий авдрыг дамнав. 13 ЭЗЭНий авдрын өмнө долоон хуцын эврэн бүрээг авч явагч долоон тахилч урагш явж бүрээгээ хүнгэнүүлэв. Тэд бүрээгээ үлээн дуугаргах зуур зэвсэглэсэн эрчүүд тэдний өмнө алхлан, арын хамгаалагчид ЭЗЭНий авдрын ард явав. 14 Тийнхүү хоёр дахь өдөр тэд хотыг нэг тойрон алхаад, хуарандаа буцаж ирсэн. Тэд үүнийг зургаан өдөр гүйцэтгэв. 15 Долоо дахь өдөр тэд өглөө эрт үүр цайх үед босож, өмнөх аргаараа хотыг долоон удаа тойров. Гагцхүү тэр өдөр л тэд хотыг долоон удаа тойрчээ. 16 Долоо дахь удаагаа тойрох үед тахилч нар бүрээгээ үлээхэд Иошуа ард олонд хандан —Хашхирцгаа! Учир нь ЭЗЭН та нарт энэ хотыг өгсөн. 17 Энэ хот хорион дор байх болно. Хот болон доторх бүх юмс нь ЭЗЭНийх. Зөвхөн янхан эм Рахаб болон түүнтэй хамт гэрт нь байгаа бүх хүн амьд үлдэнэ. Учир нь тэр бидний явуулсан туршуулуудыг нуусан билээ. 18 Харин та нарын хувьд гэвэл, хориглогдсон зүйлсэд шунаж тэдгээрээс аваад, Израилийн хуаранг хараагдахад хүргэж, дээр нь гамшиг зовлон авчрахаас сэрэмжил. 19 Харин бүх алт, мөнгө, мөн хүрэл ба төмөр эд зүйлс нь ЭЗЭНд ариун билээ. Тэд бүгд ЭЗЭНий эрдэнэсийн санд орох ёстой гэлээ. 20 Тийнхүү ард олон хашхирч, тахилч нар бүрээнүүдээ үлээв. Хүмүүс бүрээн дууг сонсоод, маш чангаар уухайлсанд, хана доошоо нуран унаж, хүн бүр чигээрээ урагш давшин хот уруу орж, тэд хотыг эзлэн авав. 21 Тэд хотод буй бүхнийг, тухайлбал эр эм, хөгшин залуу гэлгүй мөн шар ба илжигнүүдийг нь илдний ирээр хүйс тэмтрэв. 22 Иошуа уг нутгийг тагнасан хоёр хүнд хандан —Янхан эмийн гэрт очиж, түүнд амласныхаа дагуу тэр эмэгтэйг болон түүнд хамаарагдах бүхнийг тэндээс авчир гэлээ. 23 Ингээд туршуулууд байсан залуучууд дотогш орж, Рахаб болон түүний эцэг эх, ах дүү нарыг хийгээд түүнд байсан бүхнийг авч ирэв. Тэд мөн түүний бүх хамаатнуудыг авчирж, Израилийн хуарангийн гадна талд байрлуулав. 24 Тэд хотыг доторх бүх зүйлтэй нь галдан шатаав. Зөвхөн алт мөнгө болон хүрэл төмөр зүйлсийг тэд ЭЗЭНий гэрийн эрдэнэсийн санд хийв. 25 Харин янхан эм Рахаб, түүний эцгийн гэрийнхэн болон түүнд хамаатай бүхнийг Иошуа хэлтрүүлэв. Иерихог тагнахаар Иошуагийн илгээсэн хоёр туршуулыг нуусан учраас тэр Израилийн дунд өнөөг хүртэл амьдарсан юм. 26 Тэр үед Иошуа тэдэнд тангараглан —Иерихо хотыг босгон барьсан хүн ЭЗЭНий өмнө хараагдаг. Тэр ууган хүүгээ золиослон хотын суурийг тавьж, отгон хүүгээ золиослон хаалгыг нь босгох болно гэв. 27 Ийнхүү ЭЗЭН Иошуатай хамт байж, түүний алдар цуу нь тэр нутаг даяар тархав.

7

1 Гэвч Израилийн хөвгүүд хориглогдсон зүйлст итгэлгүй хандлагаар үйлдэв. Иуда овгийн Зерагийн хүү, Забдийн хүү, Кармийн хүү Ахан хориглосон зүйлсээс заримыг нь авав. Тийм учраас ЭЗЭНий уур хилэн Израилийн хөвгүүдийн эсрэг дүрэлзэв. 2 Иошуа Иерихогоос хоёр хүнийг Бетелийн зүүнтэйд орших, Бет-авены ойролцоо байдаг Аи уруу илгээн, тэдэнд —Явж очоод, нутгийг тагна гэв. Тэд явж, Аиг тагнав. 3 Тэд Иошуа уруу буцан ирж, —Бүх ард олныг бүү явуул. Зөвхөн хоёр юм уу, гурван мянга орчим хүн Аи уруу явах хэрэгтэй. Тэд цөөхүүлээ учраас бүх хүмүүсээ тэнд бүү туйлдуул гэв. 4 Ийнхүү ард олноос гурван мянга орчим хүн тийш очсон боловч Аин эрчүүдээс тэд зугтаав. 5 Аин эрчүүд тэднээс гучин зургаа орчим хүнийг алж, тэднийг хаалганаас Шебарим хүртэл нэхэн хөөж, бэл газарт тэднийг алав. Тиймээс ард олны зүрх мохон ус мэт болов. 6 Тэгээд Иошуа хувцсаа уран, ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт унаж, орой болтол хэвтэв. Израилийн ахмадууд ч мөн тийнхүү үйлдэж, толгой дээрээ шороо цацлав. 7 Иошуа —Ай, Эзэн БУРХАН, юунд Та энэ ард олныг Иорданыг гатлуулан авч ирэв? Зөвхөн аморичуудын гарт биднийг өгч, устгуулахын тулд гэж үү? Бид Иорданы чанадад сэтгэл хангалуун оршин суусаар байсан ч болоосой! 8 Эзэн минь, нэгэнт Израиль дайсандаа нуруугаа харуулан зугтсанаас хойш би юу хэлэх вэ? 9 Учир нь канаанчууд болон нутгийн бүх оршин суугчид үүнийг сонсоод, биднийг бүслэн, газар дэлхийгээс нэрийг маань арчиж хаях болно. Тэгэхэд нь Та Өөрийн агуу нэрийн төлөө юу хийх юм бэ? гэлээ. 10 Тэгтэл ЭЗЭН Иошуад —Өндийн бос. Чи нүүрээрээ харуулдан унах нь юу вэ? 11 Израиль нүгэл үйлдэж, Миний тэдэнд тушаасан гэрээг минь тэд бас зөрчсөн. Тэд бүр хориглогдсон зүйлсээс заримыг авч, хулгай хийх ба хууран мэхлэх зэргийг хийсэн. Түүгээр барахгүй тэдгээрийг өөрсдийн эд зүйлсийн дунд тавьсан. 12 Тийм учраас Израилийн хөвгүүд дайснуудынхаа эсрэг зогсож чадахгүй. Тэд хараагдсан тул дайсандаа нуруугаа харуулан зугтсан. Та нар өөрсдийн дотроос тэрхүү хориглогдсон зүйлсийг үгүй хийхээс нааш Би та нартай цаашид хамт байхгүй. 13 Бос, ард олныг ариусган тэдэнд "Маргаашийн төлөө өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлджээ. «Израиль аа, та нарын дунд хориглогдсон зүйлс байна. Тэр зүйлсээ та нар дотроосоо зайлуулахаас нааш дайсныхаа эсрэг зогсож чадахгүй». 14 Тэгэхээр өглөө та нар овог овгоороо ойртон ир. ЭЗЭНий авах овог нь ураг ургаараа, ЭЗЭНий авах ураг нь бүл бүлээрээ, мөн ЭЗЭНий авах бүл хүн тус бүрээрээ ирэгтүн. 15 Хориглосон зүйлсийг авсан хүн, өөртөө байгаа бүхний хамт галд шатаагдана. Учир нь гэвэл тэр ЭЗЭНий гэрээг зөрчиж, Израильд шившигт зүйлийг үйлдсэн юм" гэж хэл гэлээ. 16 Ингээд Иошуа өглөө эртлэн босож, Израилийг овгуудаар нь авчрахад Иуда овог авагдав. 17 Иудагийн ургийг авчирсанд зерахчуудын ургийг авав. Зерахчуудын ургийг хүн тус бүрээр нь авчирсанд, Забди авагдав. 18 Иошуа түүний гэрийнхнийг хүн тус бүрээр нь авчрахад, Иуда овгийн Зерахын хүү, Забдийн хүү, Кармийн хүү Ахан авагджээ. 19 Иошуа Аханд —Хүү минь, би чамаас гуйя. Израилийн Бурхан ЭЗЭНд алдрыг өгч, Түүнд магтаал өргө. Тэгээд юу хийснээ одоо надад хэл. Үүнийгээ надаас бүү нуу гэлээ. 20 Тэгэхэд нь Ахан Иошуад хариулсан нь —Үнэхээр би Израилийн Бурхан ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн. Миний хийсэн хэрэг гэвэл 21 олзон дотор Шинарын гоёмсог өмсгөл, хоёр зуун шекел мөнгө болон тавин шекел жинтэй алтан гулдмай байхыг би үзээд, шунахайран тэдгээрийг авсан. Үзэгтүн, тэдгээр зүйлс дороо мөнгөний хамт миний майхан доторх газарт нууцлагдсан байгаа гэв. 22 Иошуа элч нарыг явуулсанд тэд майхан уруу гүйн очиж харвал, тэдгээр зүйлс нь доороо мөнгөний хамт түүний майхан доторх газарт нууцлагдсан байв. 23 Тэд майхан дотроос тэдгээрийг авч, Иошуа болон Израилийн бүх хөвгүүдэд авчран, ЭЗЭНий өмнө асгав. 24 Ингээд Иошуа бүх Израилийн хамтаар Зерагийн хүү Аханыг мөнгө, өмсгөл, алтан гулдмай мөн түүний хөвгүүд, охид, үхэр, илжиг, хонь, майхан хийгээд түүнд байсан бүхнийг авч, Ахорын хөндийд авчрав. 25 Иошуа —Чи юунд биднийг зовоосон бэ? Энэ өдөр ЭЗЭН чамайг зовооно гэлээ. Ингээд бүх Израиль тэдэн уруу чулуу шидлэв. Тэдэн уруу чулуу чулуудсаны дараа галаар шатаав. 26 Тэгээд Аханы дээр том чулуун овоог босгосон нь энэ өдрийг хүртэл байсаар байна. Тэгээд ЭЗЭНий догшин уур хилэн намдав. Тиймээс ч тэр газар энэ өдрийг хүртэл Ахорын хөндий хэмээн нэрлэгдсээр ирэв.

8

1 Ингээд ЭЗЭН Иошуад —Бүү ай. Бүү зориг мох. Цэргийн бүх эрчүүдийг авч яван, Аи уруу довтол. Хар, Би Аин хааныг түүний ард олон, хот, мөн газар нутгийг нь чиний гарт өгсөн. 2 Чи Иерихо болон түүний хааныг хэрхсэнийхээ адилаар, Аи болон түүний хаанд мөн тийн үйлд. Түүний эд хөрөнгө болон мал сүргийг л өөрсөддөө олз болгон авч болно. Явж, хотын ар талд отогтун гэж айлдав. 3 Иошуа Аи уруу довтлохоор цэргийн бүх эрчүүдтэй хамт хөдлөв. Иошуа гучин мянган эрэлхэг дайчдыг сонгон авч, тэднийг шөнөөр илгээв. 4 Иошуа тэдэнд тушаан —Анхаарагтун, та нар хотын ар талд отох гэж байна. Хотоос хэтэрхий холдолгүй, харин бүгд бэлэн бай. 5 Тэгэхэд би өөрийн хамт байгаа бүх хүмүүстэйгээ хот уруу дөхөн очно. Тэд урьдын адил биднийг угтан гарч ирэхэд, бид тэднээс зугтана. 6 Тэд хотоос холдтол бид зугтах бөгөөд тэд бидний араас нэхэн гарч, дотроо "Израильчууд урьдын адил биднээс зугтаж байна" гэж бодох болно. 7 Та нар нуувчаасаа гаран, хотыг эзэл. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН хотыг та нарын гарт өгөх болно. 8 Та нар хотыг эзэлснийхээ дараа хотод гал тавь. Та нар ЭЗЭНий тушаалын дагуу үүнийг үйлд. Анхаарагтун, би та нарт тушаасан билээ гэв. 9 Ийнхүү Иошуа тэднийг явуулсанд тэд Бетел ба Аин хооронд, Аин баруун талд очин бүгэцгээв. Харин Иошуа тэр шөнийг ард олны дунд өнгөрөөв. 10 Иошуа өглөө эртлэн босож, эрчүүдээ дуудан цуглуулаад, Израилийн ахмадуудын хамтаар өөрөө ард олноо тэргүүлээд, Аи уруу явав. 11 Түүнтэй хамт байсан цэргийн бүх эрчүүд явж, дөхөн ойртож хотын өмнө талд нь хүрч ирээд, Аин хойд талд бэхлэн буув. Аи болон тэдний хооронд нэгэн хөндий байв. 12 Тэгээд Иошуа таван мянга орчим эрчүүдийг авч, тэднийг хотын баруун талд, Бетел болон Аин хооронд бүгүүлэв. 13 Ийнхүү хүмүүс байраа эзлэн, хотын хойд талд бүх цэргүүд байсан ба хотын баруун талд ард талын хамгаалалт байрлав. Иошуа тэр шөнийг өнөөх хөндийн дунд өнгөрөөлөө. 14 Аин хаан үүнийг хармагц хотын эрчүүд яаран, эрт босож, Израилийг угтан дайтахаар цөл талын урд байх өмнө нь товлосон газар уруу хөдлөв. Гэвч хотын ар талд өөрийг нь отож байгаа хүмүүс буйг тэр мэдсэнгүй. 15 Иошуа болон бүх израильчууд тэдэнд цохигдсон мэт дүр үзүүлж, цөлийн замаар зугтаалаа. 16 Хотод байсан бүх хүмүүс израильчуудыг мөшгөн хөөхөөр дуудагдаж, тэд Иошуаг хөөсөөр хотоос алслагдав. 17 Ийнхүү Аи болон Бетелд Израилийн араас явалгүй үлдсэн нэг ч эр хүн байсангүй. Тэд хотыг хамгаалалтгүй орхин, Израилийг нэхжээ. 18 Тэгтэл ЭЗЭН Иошуад —Гарт чинь байгаа жадыг Аи тийш сунга. Учир нь Би тэр хотыг гарт чинь өгөх болно гэлээ. Ийнхүү Иошуа гартаа байсан жадыг хот уруу сунгав. 19 Бүгэлтэнд байсан эрчүүд байрнаасаа хурдан гарч, Иошуаг гараа сунгах үед хот уруу нэвтрэн гүйн орж, түүнийг эзлээд, яаравчлан хотод гал тавив. 20 Аин эрчүүд хойшоо эргэн хартал хотын утаа тэнгэр өөд олгойдож байлаа. Цөл уруу зугтаж байсан израильчууд мөшгөгчдийнхөө өөдөөс гэнэт эргэн довтолсонд, тэд цаашаа ч наашаа ч зугтах аргагүй болов. 21 Бүгэлтийнхэн хотыг эзэлж, хотоос утаа гарахыг Иошуа болон бүх Израиль хараад, эргэж Аин эрчүүдийг хядав. 22 Тэдэнтэй тулахаар бусад израильчууд ч хотоос гарч ирсэн учир тэд аль ч талаасаа израильчуудад хавчигдан, урхинд оров. Тэднээс амьд гарсан юм уу, зугтсан хэн ч үлдэхгүй болтол израильчууд тэднийг устгав. 23 Харин тэд Аин хааныг амьдаар нь барьж Иошуад авчрав. 24 Израильчууд Аин бүх хүмүүсийг өөрсдийг нь мөшгөн хөөж байсан цөл газрын хээр талд илдний ирээр хядаж дуусгаад, Аи уруу буцан очиж, тэнд байсан бүгдийг илдний ирээр цавчив. 25 Тэр өдөр алагдсан эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс арван хоёр мянга буюу Аин бүх хүмүүс байлаа. 26 Учир нь Аин бүх оршин суугчдыг хүйс тэмтэрч дуусталаа Иошуа жад сунгасан гараа буулгасангүй. 27 Иошуад тушаасан ЭЗЭНий зарлигийн дагуу тэр хотын зөвхөн мал сүрэг ба эд хөрөнгийг израильчууд өөрсөддөө олз болгон авав. 28 Ийнхүү Иошуа Аиг галдан шатааж, түүнийг мөнхийн нуранги болгож, энэ нь өнөөг хүртэл балгас хэвээр байна. 29 Мөн Иошуа Аин хааныг үдэш болтол модноос дүүжилж, нар жаргах үед Иошуа тушаал өгч хааны цогцсыг модноос буулган аваад, хотын хаалганы үүдэнд хаясан бөгөөд түүний дээр том чулуун овоог босгосон нь өнөөг хүртэл байсаар байна. 30 Дараа нь Иошуа Ебал уулан дээр Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгов. 31 Энэ нь ЭЗЭНий зарц Мосе израильчуудад тушаасны дагуу, Мосегийн хуулийн номд бичигдсэн ёсоор, төмөр багажаар засагдаж бутлаагүй чулуугаар барьсан тахилын ширээ юм. Израильчууд түүн дээр ЭЗЭНд зориулан шатаалт тахил болон эвийн тахил өргөв. 32 Тэнд Иошуа Израилийн хөвгүүдийн өмнө Мосегийн бичсэн хуулийг чулуунууд дээр хуулан бичив. 33 Гэрээний авдрын хоёр талаар бүх Израиль өөрийн ахмадууд, түшмэд, шүүгчидтэйгээ болон тэдний дунд уугуул ба харь нутгийнхны хамт ЭЗЭНий гэрээний авдрыг дамнан явдаг Левийн тахилч нарын өмнө зогсов. ЭЗЭНий зарц Мосе Израилийн ард түмнийг ерөөхийг анх тушаасны дагуу хүмүүсийн хагас нь Геризим уулын өвөрт, нөгөө хагас нь Ебал уулын өвөрт зогсоцгоожээ. 34 Ингээд дараа нь Иошуа уг хуулийн бүх үгсийг буюу ерөөл ба хараалыг хуулийн номд бичигдсэн ёсоор нь уншив. 35 Мосегийн тушаасан бүхнээс бүх Израилийн чуулган, эмэгтэйчүүд, хүүхэд хийгээд тэдний дунд амьдрагч харийнхны өмнө Иошуагийн уншаагүй нэг ч үг байсангүй.

9

1 Иорданы чанад, уулархаг нутаг болон нам дор газарт ба Ливаны зүг дэх Их далайн бүх эргийн дагуух хитчүүд, аморичууд, канаанчууд, перизчүүд хивичүүд, иебусчуудын бүх хаад үүнийг сонсоод, 2 Иошуа болон Израилийн эсрэг дайтахаар тэд хамтдаа цуглаж үгсэн нийлэв. 3 Гибеоны оршин суугчид Иошуа, Иерихо болон Аиг хэрхсэнийг сонсоод, 4 заль зохион, элч нарыг илгээхдээ элэгдэж хуучирсан уут шуудай болон язарч урагдсан, нөхөн торгоосон хуучирсан дарсны хөхүүр зэргийг илжгэн дээрээ ачиж, 5 хөлдөө хуучирсан шаахай, биедээ хуучирсан хувцас өмсөв. Тэдний хоол хүнс болох талх нь хатаж, үйрсэн байлаа. 6 Тэд Гилгал дахь хуаран уруу Иошуа дээр очиж, түүнд болон израильчуудад —Бид алс холын нутгаас ирсэн. Тиймд одоо бидэнтэй хэлцэл хийгээч гэв. — 7 Та нар манай газар нутагт амьдардаг байж магадгүй. Тэгвэл бид та нартай хэрхэн хэлцэл хийх вэ? гэж израильчууд хивичүүдэд хэлэв. 8 Харин тэд Иошуад —Бид таны боолууд билээ гэхэд Иошуа —Та нар хэн болоод хаанаас ирсэн юм бэ? гэв. 9 Тэд түүнд —Таны Бурхан ЭЗЭНий нэр алдрын улмаас таны зарц нар болох бид алс холын нутгаас ирлээ. Учир нь бид Түүний тухай мэдээг болон Түүний Египетэд хийсэн бүхнийг сонсов. 10 Бас Иорданы цаад талд байсан Аморийн хоёр хаан болох Хешбоны хаан Сихон болон Аштаротод байсан Башаны хаан Ог нарт Түүний үйлдсэн бүгдийг мэдсэн. 11 Тиймээс манай ахлагчид болон манай нутгийн бүх оршин суугчид бидэнд захин "Замын хүнсээ авч яван, тэдэнтэй уулзаж «Бид таны боолууд билээ. Тиймд одоо бидэнтэй хэлцэл хийгээч» хэмээн гуй" гэсэн юм. 12 Та нарыг зорин гарсан тэр өдөр энэ талхыг бид хүнс болгон гэрүүдээсээ авахад тэр нь бүлээн байсан. Харин одоо харагтун, энэ нь хатаж үйрчээ. 13 Мөн бидний дүүргэсэн энэ дарсны хөхүүрүүд шинэ байсан, харин одоо язарч урагдсан. Мөн бидний шаахай, хувцас хунар ч алс холын замд элэгдэн хуучрав гэлээ. 14 Тэгтэл израильчууд тэдний хүнснээс хэсгийг авч, ЭЗЭНий зөвлөгөөг асуусангүй. 15 Тэгээд Иошуа тэднийг амьд үлдээх энхийн гэрээг тэдэнтэй хийж, чуулганы удирдагчид тэдэнд тангараглав. 16 Тэдэнтэй гэрээ байгуулснаас хойш гурван хоногийн дараа тэд бол өөрсдийнх нь нутагт амьдарч буй хөрш үндэстэн болохыг нь израильчууд сонсов. 17 Дараа нь Израилийн хөвгүүд хөдөлж, Гибеон, Хефира, Беерот, мөн Кириат-иеарим зэрэг хотууд уруугаа гурав дахь өдрөө хүрч ирэв. 18 Чуулганы удирдагчид Израилийн Бурхан ЭЗЭНээр тэдэнд тангарагласан учир Израилийн хөвгүүд тэдэн уруу довтолсонгүй. Чуулган бүхэлдээ удирдагчдын эсрэг бувтнан байв. 19 Гэвч бүх удирдагчид хамаг чуулганд —Бид Израилийн Бурхан ЭЗЭНээр тэдэнд тангарагласан бөгөөд одоо бид тэдэнд хүрч чадахгүй болсон. 20 Харин бидний хийх зүйл бол тэдэнд өргөсөн тангаргаас няцсанаас болж уур хилэн бидэн дээр буухгүйн тулд бид тэднийг амьд үлдээнэ гэв. 21 Удирдагчид тэдэнд —Тэднийг амьд үлдээ гэсэн. Удирдагчдын тэдэнд хэлсний дагуу тэд хамаг чуулганы ус зөөгч ба мод түлээ бэлтгэгчид болов. 22 Ингээд Иошуа гибеончуудыг дуудан —Та нар манай газар нутагт амьдардаг атлаа "Бид та нараас алс хол байдаг" хэмээн юунд биднийг мэхэлсэн бэ? 23 Иймийн тул одоо та нар хараагдсан бөгөөд миний Бурханы гэрт түлээ бэлтгэх, ус зөөж үйлчлэхийн аль алинаас хэзээ ч чөлөөлөгдөхгүй гэлээ. 24 Тэд Иошуад —Энэ нутгийг бүхэлд нь та нарт өгч, уугуул нутгийнхныг нь та нарын өмнө устгахыг ЭЗЭН Бурхан тань Өөрийнхөө зарц Мосед хэрхэн тушаасныг бид тодорхой дуулсан учраас та нараас болж бид өөрсдийн амийн төлөө ихэд айсандаа үүнийг хийсэн юм. 25 Одоо харагтун, бид таны гарт байна. Өөрт чинь зөв зохистой, сайн гэж үзсэнээ л бидэнд хий гэж хариулав. 26 Ийнхүү Иошуа тэднийг Израилийн хөвгүүдийн гараас аварч, израильчууд ч тэднийг алсангүй. 27 Харин тэр өдөр Иошуа гибеончуудыг чуулганы болон ЭЗЭНий сонгосон газар дахь Түүний тахилын ширээний түлээ бэлтгэгч болон ус зөөгч болгон энэ өдрийг хүртэл ажиллуулав.

10

1 Иошуа Аиг эзлэн авч, түүнийг бүрмөсөн устгасан (Иерихо болон түүний хааныг хэрхсэнийхээ адилаар Аи болон түүний хаанд Иошуа тийн хандсан билээ), мөн Гибеоны ард түмэн Израильтай энхийн гэрээ байгуулж, Ираилийн газар нутагт багтсан зэргийг Иерусалимын хаан Адони-зедек сонсоод 2 ихэд айн түгшив. Учир нь Гибеон бол хаан хотуудын адил аугаа том хот бөгөөд Аигаас ч том, бүх эрчүүд нь ч хүчирхэг байсан юм. 3 Иймээс Иерусалимын хаан Адони-зедек нь Хеброны хаан Хохам, Иармутын хаан Пирам, Лахишийн хаан Иафиа болон Еглоны хаан Дебир нарт үг илгээн — 4 Наашаа ирж надад туслагтун. Гибеон уруу довтолцгооё. Учир нь тэд Иошуа болон Израилийн хөвгүүдтэй энхийг тогтоосон билээ гэв. 5 Тийнхүү Иерусалим, Хеброн, Иармут, Лахиш, Еглоны хаад болох аморичуудын эдгээр таван хаан хүчээ нэгтгэн, бүх цэргүүдтэйгээ явж, Гибеоны ойролцоо байрлан, түүний эсрэг довтлов. 6 Тэгэхэд Гибеоны эрчүүд Гилгалын хуаран уруу, Иошуад үг илгээн —Та зарц нараа бүү хөсөр хаяач. Уулархаг нутагт амьдардаг аморичуудын бүх хаад бидний эсрэг нэгдээд байгаа учраас бидэн уруу даруйхан ирж, биднийг авран туслаач гэв. 7 Тиймээс Иошуа бүх цэргийн хүмүүстэйгээ, хамаг эрэлхэг дайчдынхаа хамтаар Гилгалаас хөдлөв. 8 Мөн ЭЗЭН Иошуад —Тэднээс бүү ай. Учир нь Би тэднийг гарт чинь өгсөн. Тэдний нэг нь ч та нарыг сөрөн зогсож чадахгүй гэж айлдлаа. 9 Тийнхүү Иошуа Гилгалаас шөнөжин алхсаар, тэдний дээрээс гэнэт буув. 10 ЭЗЭН тэднийг Израилийн өмнө балмагдуулсан бөгөөд Гибеонд тэднийг үй олноор нь хядаж, Бет-хорон уруу өгссөн замаар тэднийг хөөн, Азека болон Маккеда хүртэл тэднийг цохив. 11 Тэд израильчуудын урд талд зугтаж, Бет-хороны замаар уруудаж байхад ЭЗЭН тэдний дээр тэнгэрээс том том мөндрийг Азека хүртэл буулгасан бөгөөд тэд үхэцгээв. Мөндөрт цохиулан үхэгсэд нь Израилийн хөвгүүдийн илдэнд алагдагсдаас их байлаа. 12 ЭЗЭН аморичуудыг Израилийн хөвгүүдэд өгсөн тэр өдөр Иошуа ЭЗЭНд хандан, израильчуудын нүдний өмнө —Өө нар минь, Гибеоныг гийгүүлж, Өө сар минь, Аиалоны хөндийн дээр мэлтийн тогтооч гэв. 13 Тийнхүү ард олон дайснаасаа өшөөгөө автал нар гийгүүлж, сар мэлтийн тогтжээ. Ийнхүү нар тэнгэрийн голд тогтож, бүтэн өдрийн турш огт хэвийсэнгүй. Энэ нь Иашарын номд бичигдээгүй гэж үү? 14 Үүнтэй адил, ЭЗЭН хүний дууг сонссон өдөр үүний урьд ч, үүнээс хойш ч байсангүй. Учир нь ЭЗЭН Израилийн төлөө дайтав. 15 Дараа нь Иошуа болон бүх Израиль Гилгал дахь хуаран уруугаа буцав. 16 Харин нөгөө таван хаан зугтан, Маккедагийн агуйд нуугдав. 17 Таван хаан Маккедагийн агуйд нуугдаж байгааг Иошуа сонсоод, — 18 Агуйн аманд том чулуунуудыг өнхрүүлэн тавьж, дэргэд нь хэдэн хүнээр хаадыг мануул гэж хэлэв. — 19 Харин өөрсдөө тэнд бүү зогсоцгоо. Дайснаа хөөн, ар талаас нь довтол. Та нарын Бурхан ЭЗЭН тэднийг гарт чинь өгсөн учир тэднийг хотууд уруу нь бүү оруул гэлээ. 20 Иошуа болон Израилийн хөвгүүд тэднийг бараг үгүй болтол үй олноор нь хядаж дуусаад, тэднээс амьд гарсан цөөнх нь бэхлэлт босгосон хотдоо хүрсний дараа 21 бүхий л хүмүүс Маккеда дахь хуаранд байгаа Иошуа уруу аюулгүйгээр буцаж ирэв. Хэн ч Израилийн хөвгүүдийн хэнийх нь ч эсрэг ганц ч үг дуугарсангүй. 22 Тэгтэл Иошуа —Агуйн амыг онгойлгож, таван хаадыг над уруу авчир гэв. 23 Тийнхүү тэд агуйгаас Иерусалим, Хеброн, Иармут, Лахиш, Еглоны хаан зэрэг эдгээр таван хаадыг гарган түүн уруу авчрав. 24 Тэд хаадыг гарган Иошуа дээр авч ирэхэд, Иошуа Израилийн бүх эрчүүдийг дуудан, өөртэй нь хамт явсан цэргийн жанжнуудад —Нааш ирж, эдгээр хаадын хүзүүн дээр хөлөө тавь гэж хэлэв. Тийнхүү тэд ойртон ирж, тэдгээр хаадын хүзүүн дээр хөлөө тавилаа. 25 Иошуа тэдэнд —Бүү айж эмээгтүн. Хүчтэй бөгөөд зоригтой бай. Учир нь та нартай дайтах бүх дайсныг чинь ЭЗЭН ингэх болно гэлээ. 26 Үүний дараа Иошуа тэднийг цавчин алж, таван модноос дүүжлэв. Тэд орой болтол модонд өлгөөстэй байлаа. 27 Нар жаргахад Иошуа тушааж, тэднийг буулгаж аван, нуугдаж байсан агуйд нь хаяв. Агуйн аманд том чулуунуудыг тавьсан нь өнөөг хүртэл бий. 28 Мөн тэр өдөр Иошуа Маккедаг эзлэн авч, түүнийг сүйтгэж, хааныг нь цавчин, түүнийг дотор нь байсан бүх хүмүүстэй нь хамт устгав. Тэр нэг ч хүнийг амьд үлдээсэнгүй. Тэр Иерихогийн хааныг хэрхсэнийхээ адил Маккедагийн хаанд тийнхүү үйлдэв. 29 Дараа нь Иошуа болон түүнтэй хамт бүх Израиль Маккедагаас Либна уруу явж, Либнагийн эсрэг довтлов. 30 ЭЗЭН мөн уг хотыг хаантай нь хамт Израилийн гарт өгөв. Иошуа уг хотыг болон бүх хүмүүсийг нь илдний ирээр цохив. Тэр тэнд нэг ч амьд хүн үлдээсэнгүй. Тэр Иерихогийн хаанд юу хийсний адилаар энэ хотын хаанд ч тийн хандав. 31 Тэгээд Иошуа болон түүнтэй хамт бүх Израиль Либнагаас цаашаа Лахиш уруу явж, түүний дэргэд буудаллан, түүний эсрэг довтлов. 32 ЭЗЭН Лахишийг Израилийн гарт өгчээ. Иошуа түүнийг хоёр дахь өдрөө эзлэн авч, Либнад хийснийхээ адил дотор нь байсан бүх хүнийг илдний ирээр цохив. 33 Энэ хооронд Гезерийн хаан Хорам Лахишт туслахаар ирсэн боловч түүнд нэг ч амьд хүн үлдэхгүй болтол нь Иошуа түүнийг болон хүмүүсийг нь ялан дийлэв. 34 Иошуа болон түүний хамт бүх Израиль Лахишаас Еглон уруу яван, дэргэд нь буудаллаж, түүний эсрэг довтлов. 35 Тэд түүнийг тэр өдрөө эзлэн авч, илдний ирээр цохив. Лахишт үйлдсэнтэйгээ нэгэн адил Иошуа тэр өдөр дотор нь байсан бүх хүнийг бүрмөсөн устгав. 36 Ингээд Иошуа болон түүнтэй хамт бүх Израиль Еглоноос цаашаа Хеброн уруу очиж, түүний эсрэг дайтав. 37 Тэд хотыг эзлэн авч, түүнийг, хаадыг нь, бүх тосгод болон тэдгээрийн дотор нь байсан бүх хүмүүсийг илдний ирээр цохив. Тэр Еглонд үйлдсэнтэйгээ адилаар үйлдэн хэнийг ч амьд үлдээлгүй бүрмөсөн устгав. 38 Тэгээд Иошуа болон түүнтэй хамт бүх Израиль Дебир уруу буцан, түүний эсрэг дайтав. 39 Тэд хотыг хаантай нь болон бүх тосгодтой нь эзлэн авч, тэднийг илдний ирээр цохин, дотор нь байсан бүх хүмүүсийг бүрмөсөн устгав. Тэр нэг ч хүнийг амьд үлдээсэнгүй. Тэр Хеброн, бас Либна болон хаанд нь яаж хандсаны адилаар Дебир болон хаанд нь мөн тийнхүү үйлдэв. 40 Ийнхүү Иошуа уулархаг нутаг, Негев, нам дор газар, мөн уулын налуу бэл зэрэг бүх нутгийг хаадтай нь хамт бут цохив. Тэр нэг ч хүнийг амьд үлдээсэнгүй, харин Израилийн Бурхан ЭЗЭНий тушааснаар амьсгалтай бүхнийг бүрмөсөн устгав. 41 Иошуа тэднийг Кадеш-барнеагаас Газыг хүртэл буюу Гошены бүх нутгийг Гибеоныг хүртэл бут цохив. 42 Израилийн Бурхан ЭЗЭН Израилийн төлөө дайтсан тул, Иошуа тэдгээр бүх хаадыг болон тэдний нутгийг нэг дор эзлэв. 43 Тэгээд Иошуа бүх Израилийн хамтаар Гилгал дахь хуаран уруугаа буцлаа.

11

1 Хазорын хаан Иабин үүнийг сонсоод, Мадоны хаан Иобаб болон Шимрон ба Ахшафын хаанд, 2 Хиннеротын өмнө талын Араба, өрнө зүгийн нам газрууд ба Дорын өндөрлөгт байгч хойд зүгийн уулархаг нутгийн хаадад буюу, 3 өрнө ба дорно зүгт байгч канаанчууд, мөн уулархаг нутгийн аморичууд, хитчүүд, перизчүүд, иебусчууд болон Мизпе нутгийн Ермоны хормойд орших хивичүүд уруу үг илгээв. 4 Тэд өөрсдийн бүх цэрэг буюу далайн эргийн элс шиг тоо томшгүй хүн, их хэмжээний морьд ба тэрэгтэй гарч ирлээ. 5 Тийнхүү эдгээр бүх хаад уулзахаар тохирон, Израилийн эсрэг дайтахаар Меромын усны хажууд ирж хамтдаа буудаллав. 6 ЭЗЭН Иошуад —Тэднээс бүү айгтун. Учир нь маргаашийн өдийд Би Израилийн өмнө тэднийг бүгдийг нь хядах болно. Та нар тэдний морьдын шөрмөсийг тасалж, тэрэгнүүдийг нь галд шатаах болно гэлээ. 7 Ийнхүү Иошуа цэргийн бүх хүмүүсийн хамт Меромын усны дэргэд тэдний дээр гэнэт орж ирж, тэднийг довтлов. 8 ЭЗЭН тэднийг Израилийн гарт өгч, Израиль тэднийг ялж, Агуу Сидон, Мисрефот-маим болон Мизпегийн хөндий хүртэл тэднийг мөшгөн хөөж, тэдэнд нэг ч амьд хүн үлдэхгүй болтол нь тэднийг цохив. 9 ЭЗЭНий өөрт нь айлдсаныг Иошуа тэдэнд үйлдэж, морьдынх нь шөрмөсийг таслан, тэрэгнүүдийг нь галд шатаалаа. 10 Тэр цагт Иошуа буцаж, Хазорыг эзлэн авч, хааныг нь илдээр цохив. Учир нь Хазор урьд нь эдгээр бүх хаанчлалуудын тэргүүн байв. 11 Тэд хот доторх бүх хүнийг илдний ирээр цохин бүрмөсөн устгав. Амьсгалтай нэг ч хүнийг тэнд үлдээгээгүй. Иошуа Хазорыг галдан шатаав. 12 Мөн Иошуа тэдгээр хаадын бүх хотуудыг хаадтай нь хамт эзлэн авч, тэднийг илдний ирээр цохин, ЭЗЭНий зарц Мосегийн тушаасанчлан бүрмөсөн устгав. 13 Гэхдээ Иошуагийн шатаасан хот болох Хазораас бусад, довон дээрээ баригдан зогсох хотуудаас нэгийг нь ч Израиль шатаагаагүй юм. 14 Израилийн хөвгүүд эдгээр хотуудын бүх эд хогшил болон мал сүргийг өөрсөддөө олз болгон авсан. Харин бүх хүмүүсийг устган устгатлаа илдний ирээр цохьжээ. Тэд амьсгаатай нэг ч хүн үлдээгээгүй. 15 ЭЗЭН өөрийн зарц Мосед тушаасан шиг, Мосе Иошуад тушааж, Иошуа ч тушаал ёсоор үйлдэв. ЭЗЭНий Мосед тушаасан бүхнээс Иошуа нэг ч зүйлийг хийлгүйгээр орхисонгүй. 16 Ингээд Иошуа бүх нутгийг, тухайлбал, уулархаг нутаг, Негев, Гошены бүх нутаг, нам дор газар, Араба ба Израилийн уулархаг нутаг болон нам дор газруудыг нь, 17 Сеир уруу өгссөн Халак уулаас авахуулаад бүр Хермон уулын хормой дахь Ливаны хөндийн Баал-гад хүртэлхийг эзлэн авав. Тэр мөн бүх хаадыг нь олзолж, тэднийг цавчин алав. 18 Иошуа эдгээр бүх хаадтай урт хугацаагаар дайн хийв. 19 Гибеоны оршин суугч хивичүүдээс өөр Израилийн хөвгүүдтэй найрамдал тогтоосон хот нэг ч байсангүй. Тэд бүх хотуудыг тулалдан авсан. 20 Учир нь ЭЗЭН тэдний сэтгэлийг хатууруулаад, Израильтай дайтуулахаар ирүүлсэн нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израиль тэднийг бүрмөсөн, ямар ч өршөөлгүйгээр устгахын тулд байв. 21 Тэр цагт Иошуа ирж, Хеброн, Дебир, Анаб, Иудагийн бүх уулархаг нутаг болон Израилийн бүх уулархаг нутгуудаас анакчуудыг таслан устгав. Иошуа тэднийг хотуудтай нь хамт бүрмөсөн устгасан билээ. 22 Израилийн хөвгүүдийн нутагт нэг ч Анак хүн үлдсэнгүй. Зөвхөн Газ, Гат болон Ашдодод зарим нь амьд үлджээ. 23 Тийнхүү Мосед ЭЗЭНий айлдсан бүхний дагуу Иошуа бүхэл нутгийг аваад, үүнийгээ овгийн хуваарилалтынх нь дагуу Израильд өвлүүлэн өгөв. Ийнхүү тэр нутаг дайн дажингүй болов.

12

1 Иорданы чанадад, наран мандах зүгт, Арноны хөндийгөөс Хермоны уул хүртэлх, түүнчлэн Арабагийн зүүн зүгийн бүх газар нутгийг оролцуулан Израилийн хөвгүүдийн байлдан эзэлсэн нутгийн хаад нь гэвэл, 2 Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихон. Тэр нь Арнон голын хөндийн захад орших Ароер буюу Гилеадын хагасыг ч оролцуулан уг хөндийн голоос аваад бүр Аммоны хөвгүүдийн хил болох Иаббок гол хүртэлх нутгийг захирч байсан. 3 Мөн зүүн зүгийн Хиннеретийн тэнгисээс аваад Арабагийн тэнгис, Давст тэнгис хүртэл, болон Бет-иешимот хүртэл өмнө зүгт Писгагийн налуу бэл хүртэлх нутгийг эзэмшиж байв. 4 Мөн Аштарот болон Едреид амьдарч байсан Рефаимын удам болох Башаны хаан Огийн эзэмшиж байсан бүс нутаг болох 5 гешурчууд болон маакатчуудын хил хүртэлх Хермон уул, Салека болон бүх Башан, мөн Гилеадын хагас буюу Хешбоны хаан Сихоны нутгийн хил хүртэлхийг эзэмшиж байв. 6 ЭЗЭНий зарц Мосе болон Израилийн хөвгүүд тэднийг ялсан бөгөөд үүнийг ЭЗЭНий зарц Мосе газар нутгийг нь Реубен, Гад болон Манассегийн хагас овгийнхонд өв болгон өгөв. 7 Иорданаас баруун тийш Ливаны хөндий дахь Баал-гадаас бүр Сеир уруу өгссөн Халак уулыг хүртэл, Иошуа болон Израилийн хөвгүүдийн ялсан нутаг нь энэ билээ. Иошуа түүнийг Израилийн овгуудад хуваарилалтынх нь дагуу өв болгон өгсөн. 8 Уулархаг нутаг, нам дор газрууд, Араба, уулсын бэлүүд, цөл газар болон Негевд байсан хитчүүд, аморичууд, канаанчууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудын газар нутгийн хаад гэвэл 9 Иерихогийн хаан нэг, Бетелийн ойролцоох Аин хаан нэг, 10 Иерусалимын хаан нэг, Хеброны хаан нэг, 11 Иармутын хаан нэг, Лахишийн хаан нэг, 12 Еглоны хаан нэг, Гезерийн хаан нэг, 13 Дебирийн хаан нэг, Гедерийн хаан нэг, 14 Хормагийн хаан нэг, Арадын хаан нэг, 15 Либнагийн хаан нэг, Адулламын хаан нэг, 16 Маккедагийн хаан нэг, Бетелийн хаан нэг, 17 Таппуагийн хаан нэг, Хеферийн хаан нэг, 18 Афекийн хаан нэг, Лашароны хаан нэг, 19 Мадоны хаан нэг, Хазорын хаан нэг, 20 Шимрон-мероны хаан нэг, Ахшафын хаан нэг, 21 Таанахын хаан нэг, Мегиддогийн хаан нэг, 22 Кедешийн хаан нэг, Кармел дахь Иокнеамын хаан нэг, 23 Нафат-Дор дахь Дорын хаан нэг, Гилгал дахь Гойимын хаан нэг, 24 Тирзагийн хаан нэг, бүгд гучин нэгэн хаад байлаа.

13

1 Иошуа нас ахиж хөгшрөхөд ЭЗЭН түүнд —Чиний нас ихэд өндөр болов. Гэвч эзэмшилд авах маш их газар байсаар л байна. 2 Үлдсэн нутгууд гэвэл Филист болон Гешурын бүх бүс нутаг болох 3 Египетийн зүүнтээх Шихор голоос хойд зүгийн Екроны нутгийн хил хүртэл (тэр нь канаанчуудынх гэж тооцогддог), бүх нутаг, газчууд, ашдодчууд, ашкелончууд, гитчүүд болон екрончууд хэмээгдэх филистчүүдийн таван эздийн газар нутаг буюу аввичуудын газар нутаг, 4 өмнө зүгт канаанчуудын бүх нутаг болон аморичуудын хил нутаг дахь Афекийг хүртэлх сидончуудад харьяалагдах Меара, 5 мөн гебаличуудын нутаг хийгээд Хермон уулын доорх Баал-гадаас Лебо-хаматыг хүртэлх, дорно дахь бүх Ливан юм. 6 Ливанаас авахуулаад Мисрефот-маим хүртэлх уулархаг нутгийн бүх оршин суугчид болох бүх сидончуудыг Би Израилийн хөвгүүдийн урдаас хөөн гаргах болно. Зөвхөн Би чамд тушаасны дагуу энэ газрыг Израильд өв болгон хуваарилагтун. 7 Тэгэхээр одоо энэ нутгийг есөн овог болон Манассегийн хагас овогт өв болгон хуваа гэв. 8 Манассегийн нөгөө хагас овгийнхонтой хамт Реубен болон Гадынхан ЭЗЭНий зарц Мосегийн тэдэнд өгсний дагуу Иорданаас цааших зүүн зүгийн нутгийг хүлээн авсан байжээ. 9 Энэ нь Арнон голын хөндийн захад орших Ароер болон хөндийн дунд орших хотоос эхлээд, Дибоныг хүртэл Медебагийн тал газар, 10 мөн Хешбонд хаанчилж байсан аморичуудын хаан Сихоны бүх хотуудаас, Аммоны хөвгүүдийн нутгийн хилийг хүртэл үргэлжилж байсан юм. 11 Мөн Гилеад болон гешурчууд ба маакатчуудын нутаг дэвсгэр, бүх Хермон уул, бас Салекаг хүртэлх бүх Башаныг буюу 12 Аштарот ба Едреид хаанчилж байсан (Рефаимын удмаас хамгийн сүүлчийн), Башан дахь Огийн бүхий л хаант улсыг багтааж байсан. Учир нь Мосе тэднийг ялж, газар нутгийг нь эзлэн авсан юм. 13 Гэвч Израилийн хөвгүүд гешурчууд болон маакатчуудыг хөөн гаргасангүй. Тиймээс ч Гешур болон Маакат израильчуудын дунд өнөөг хүртэл амьдарсаар ирсэн. 14 Зөвхөн Левийн овогт тэр ямар ч өв өгсөнгүй. ЭЗЭН айлдсан ёсоор Израилийн Бурхан ЭЗЭНд галаар өргөсөн тахилууд бол тэдний өв юм. 15 Ийнхүү Мосе Реубений хөвгүүдэд, тэдний ургийн дагуу өвийг нь өгөв. 16 Ингээд тэдний нутаг дэвсгэр нь Арнон голын хөндийн ард орших Ароер мөн хөндийн дунд орших хот болон Медебагийн хажуудах бүх тал нутгаас, 17 Хешбон ба тал нутаг дахь түүний бүх хотууд, тухайлбал Дибон, Бамот-баал, Бет-баал-меон, 18 Иахаз, Кедемот болон Мефаат, 19 Кириатаим, Сибма ба хөндийн уулан дээрх Зерет-шахар, 20 Бет-пеор ба Писгагийн хормой газар ба Бет-иешимот зэргийг 21 бүр тал газрын бүх хотууд ба Хешбонд хаанчилж байсан аморичуудын хаан Сихоны бүхий л улс юм. Мосе түүнийг болон уг нутагт амьдарч байсан Сихоны ноёд болох Еви, Рекем, Зур, Хур, Реба зэрэг Мидианы удирдагчдын хамт бут цохив. 22 Израилийн хөвгүүд бусад алагдагсдаас гадна бас Беорын хүү мэргэч Баламыг сэлмээр цавчив. 23 Реубений хөвгүүдийн нутгийн хил нь Иорданы эрэг байлаа. Эдгээр нь хотууд ба тэдний тосгодууд тэдний ургуудын дагуух Реубений хөвгүүдийн өв байв. 24 Мосе мөн Гадын овогт, Гадын хөвгүүдэд ургуудынх нь дагуу өвийг өгөв. 25 Тэдний нутаг дэвсгэр нь гэвэл Иазер Гилеадын бүх хотууд, мөн Раббагийн урд тал дахь Ароерыг хүртэл тэлэх Аммоны хөвгүүдийн нутгийн хагас, 26 мөн Хешбоноос Рамат-мизпе болон Бетонимыг хүртэл, Маханаимаас Дебирийн нутгийг хүртэл, 27 мөн хөндийд Бет-харам, Бет-нимра, Суккот ба Зафон, болон Хешбоны хаан Сихоны хаант улсын Иорданаар хязгаарлагдсан үлдсэн хэсгээс Иорданы цаана зүүн талд Хиннеретийн далай хүртэлх нутаг байлаа. 28 Эдгээр нь хотууд болон тэдний тосгод тэдний ургуудын дагуух Гадын хөвгүүдийн өв нь байв. 29 Мосе бас Манассегийн овгийн хагаст буюу Манассегийн хөвгүүдийн овгийн хагаст, ургуудынх нь дагуу нутаг оноосон билээ. 30 Нутаг дэвсгэр нь Маханаимаас бүх Башаныг, Башаны хаан Огийн бүх хаанчлал болон Башан дахь Иаирын бүх суурин, нийтдээ жаран хотыг оролцуулж байв. 31 Гилеадын хагас, мөн Башан дахь Огийн хаанчлалын хотууд болох Аштарот Едреи зэрэг нь Манассегийн хүү Махирын хөвгүүдийн хагаст, тэдний ургийнхны дагуу өгөгдсөн байв. 32 Эдгээр нь Иорданы цаад талд Иерихогийн зүүнтэйд Моабын талд байхдаа Мосегийн өв болгон хуваасан газар нутгууд юм. 33 Гэвч Левийн овогт Мосе ямар ч өвийг өгсөнгүй. Израилийн Бурхан ЭЗЭН тэдэнд амалсанчлан, Өөрөө тэдний өв нь байлаа.

14

1 Эдгээр нь Канаан нутагт Израилийн хөвгүүдийн өвлөн авсан бөгөөд тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн ургуудын ахлагчид үүнийг тэдэнд хуваарилсан юм. 2 Үүнийг ЭЗЭН Мосегээр дамжуулан тушаасанчлан, есөн овог ба хагас овогт шавгаар хуваарилав. 3 Учир нь Мосе хоёр овог ба хагас овгийн өвийг Иорданы зүүн талд өгчээ. Харин тэдний дунд левичүүдэд өвийг өгөөгүй билээ. 4 Учир нь Иосефын хөвгүүд нь Манассе ба Ефраим гэсэн хоёр овог болсон бөгөөд тэд левичүүдэд газар нутгаас хувийг өгөөгүй, зөвхөн суух хотууд болон мал сүргээ бэлчээх газрыг л тэдэнд өгчээ. 5 Ингээд Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израилийн хөвгүүд хийж тэр газар нутгийг хуваав. 6 Тэгтэл Иудагийн хөвгүүд Иошуа дээр Гилгалд ирээд, Кениз хүн Иефуны хүү болох Калеб түүнд хэлсэн нь —ЭЗЭН та бид хоёрын тухай Кадеш-барнеад Бурханы хүн Мосед юу хэлснийг та мэднэ. 7 ЭЗЭНий зарц Мосе намайг Кадеш-барнеагаас уг нутгийг шинжүүлэхээр явуулахад би дөчин настай байсан. Би буцаж ирээд түүнд зүрхэндээ байснаа мэдүүлсэн. 8 Харин надтай хамт явсан ах дүү нар маань хүмүүсийн зүрхийг шимшрүүлж, айдаст хүргэсэн. Хэдий тийм байсан ч би өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх сэтгэлээрээ дагасан. 9 Тиймээс тэр өдөр Мосе надад тангараглан хэлэхдээ "Хөл тавин алхсан тэр газар нутаг бол чамд болон үр хүүхдүүдэд чинь үүрд мөнхөд өв болох болно. Учир нь чи миний Бурхан ЭЗЭНийг бүх зүрх сэтгэлээрээ дагасан билээ" гэсэн. 10 Харин одоо харагтун, ЭЗЭН амласанчлан, Израиль цөл газарт явж байхад Мосе энэ үгийг хэлсэн үеэс хойш дөчин таван жилийн туршид ЭЗЭН намайг амьд байлгав. Ийнхүү өнөөдөр би наян таван нас хүрлээ. 11 Мосе намайг илгээсэн тэр өдөр шиг би хүчтэй хэвээрээ байна. Би яг л тэр үеийнх шигээ тулалдах, гадагш дотогш орж явах хүч тэнхээтэй байна. 12 Тэгэхээр одоо тэр өдөр ЭЗЭНий надад амласан энэ уулархаг нутгийг надад өгөөч. Тэнд анакчууд аугаа том бэхлэгдсэн хотуудтайгаа байгаа гэдгийг та өөрөө тэр өдөр сонссон. Гэхдээ ЭЗЭН надтай хамт байж, Түүний хэлсэнчлэн тэднийг би хөөн гаргаж ч болзошгүй юм гэв. 13 Тэгэхэд Иошуа Иефуны хүү Калебыг ерөөж, түүнд Хеброныг өв болгон өгөв. 14 Иймд Хеброн нь өнөөг хүртэл Кениз хүн болох Иефуны хүү Калебын өв болсон учир нь тэр Израилийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх сэтгэлээрээ дагасан билээ. 15 Хеброныг анх Кириат-арба гэж нэрлэдэг байв. Учир нь анакчуудын дундаас хамгийн агуу хүн нь Арба байжээ. Ингээд тэр нутаг дайн дажингүй болов.

15

1 Иудагийн хөвгүүдийн овгийн ургуудынх нь дагуу хуваарилан өгсөн газар нь Едомын хил хязгаар хүртэл үргэлжилж, өмнөд хязгаарт Зиний цөл газар хүртэл хүрч байв. 2 Тэдний өмнөд хил нь Давст тэнгисийн доод зах буюу өмнө зүг уруу эргэх тохойноос эхэлж байв. 3 Дараа нь тэр өмнө зүг Акраббим уруу өгсөн Зиний дагуу үргэлжлэн, улмаар Кадеш-барнеагийн өмнүүр өгсөөд, Хезроныг өнгөрөн, Аддар уруу өгсөн гарч, Карка уруу эргэсэн байлаа. 4 Эндээс энэ нь Азмоныг хүртэл үргэлжлэн, Египетийн хил дагуух голыг даган явж, төгсгөл нь газар дундын тэнгис болов. Энэ нь та нарын умард хил байх болно. 5 Мөн дорнод хил нь Давст тэнгис, Иорданы цутгалан хүртэл байлаа. Хойд талын хил нь Иорданы цутгалан дахь тэнгисийн тохойноос эхэлж байв. 6 Эндээс уг хил Бет-хогла уруу өгсөж, Бет-арабагийн хойгуур үргэлжлэн, Реубений хүү Боханы хад хүртэл өгсөв. 7 Ингээд цааш Ахорын хөндийгөөс Дебир уруу өгсөж, хөндийн өмнөд хэсэгт орших Адуммимын хөтлийн эсрэг талд байх Гилгалын зүг хойшоо эргэж, Ен-шемешийн ус хүртэл үргэлжлэн, Ен-рогелд хүрээд дуусаж байв. 8 Эндээс уг хил дэх Бен-хинномын хөндийгөөр өгсөж, өмнөд зүгт иебусчуудын бэл уруу (энэ нь Иерусалим юм) хүрч, тэндээсээ тэр нь Рефаимын хөндийн хойд зах дахь, Хинномын хөндийн баруунтайд орших уулын оройг хүртэл өгсдөг аж. 9 Тэр уулын оройгоос хил нь Нефтоагийн усны эх булаг уруу мушгирч, Ефрон уулын хотуудыг хүртэл үргэлжилсэн ба Баала уруу (энэ нь Кириат-иеарим юм) эргэв. 10 Тэгээд уг хил Баалагаас баруун зүгт Сеир уул уруу эргэж, Иеарим уулын (энэ нь Хесалон юм) хойд хормойн дагуу үргэлжлээд, Бет-шемеш уруу уруудан, Тимнад хүрнэ. 11 Энэ нь Екроны хойд талд хүрнэ. Дараа нь уг хил Шиккерон уруу чиглэн эргэж, Баала уул уруу үргэлжлээд, Иабнеелд ирж, тэнгист ирж төгсөв. 12 Мөн баруун хил нь Их тэнгисийн эрэг газарт байлаа. Эдгээр нь Иудагийн хөвгүүдийн ургуудынх нь дагуу эргэн тойрон дахь хил нь билээ. 13 Ингээд Иошуа ЭЗЭНий тушаасан ёсоор тэр Иефуны хүү Калебт Иудагийн хөвгүүдийн дунд хувийг нь, тухайлбал Кириаф-арбаг (буюу Хеброныг) өглөө. (Арба нь Анакийн өвөг эцэг байжээ.) 14 Калеб тэндээс Анакийн үр удам, Анакийн гурван хүү Шешаи, Ахиман болон Талмаи нарыг хөөн гаргав. 15 Тэгээд тэр тэндээсээ Дебирийн оршин суугчдын эсрэг явлаа. Урьд цагт Дебирийн нэр нь Кириат-сефер байв. 16 Ингээд Калеб «Кириат-сеферийг довтлон эзэлсэн хүнд би өөрийн охин Ахсаг эхнэр болгон өгнө» гэлээ. 17 Калебын дүү Кеназын хүү Отниел түүнийг эзэлсэнд, тэр түүнд өөрийн охин Ахсаг эхнэр болгон өгөв. 18 Тэгээд Ахсаг Отниел дээр ирэхэд, тэр түүнийг эцгээсээ эдлэн газар гуйхыг ятгав. Түүнийг илжигнээс буухад Калеб —Чамд юу хэрэгтэй вэ? гэхэд нь 19 Ахса —Намайг ерөөгөөч. Та надад нэгэнт Негев дэх хуурай газрыг өгсөн тул усны эх булгийг ч мөн өгөөч гэлээ. Ийнхүү Калеб түүнд дээд болон доод эх булгуудыг өгөв. 20 Иудагийн хөвгүүдийн овгийн ургуудынх нь дагуу өв нь энэ билээ. 21 Негев дэх Едомын хилийг чиглэсэн Иудагийн овгийн хамгийн захын хотууд гэвэл Кабзеел, Едер, ба Иагур, 22 Кина, Димона, Адада, 23 Кедеш, Хазор ба Итнан, 24 Зиф, Телем ба Беалот, 25 Хазор-хадатта, Кериот-хезрон (энэ нь Хазор юм), 26 Амам, Шема ба Молада, 27 Хазар-гадда, Хешмон ба Бет-пелет, 28 Хазар-шуал, Беершеба ба Бизиотиа, 29 Баала, Иим ба Езем, 30 Елтолад, Хесил ба Хорма, 31 Зиклаг, Мадманна ба Сансанна, 32 Лебаот, Шилхим, Аин ба Риммон зэрэг бүгд хорин есөн хот, тосгодынхоо хамт байлаа. 33 Бэл газарт Ештаол, Зора ба Ашна, 34 Заноа, Ен-ганним, Таппуа ба Енам, 35 Иармут, Адуллам, Соко ба Азека, 36 Шаараим, Адитаим, Гедера болон Гедеротаим зэрэг арван дөрвөн хот нь тосгодынхоо хамт, 37 Зенан, Хадаша, Мигдал-гад, 38 Дилеан, Мизпе ба Иоктеел, 39 Лахиш, Бозкат ба Еглон, 40 Каббон, Лахмас ба Хитлиш, 41 Гедерот, Бет-дагон, Наама ба Маккеда зэрэг арван зургаан хот нь тосгодынхоо хамт, 42 Либна, Етер ба Ашан, 43 Ифта, Ашна ба Незиб, 44 Кеила, Ахзиб ба Мареша зэрэг есөн хот нь тосгодынхоо хамт, 45 Екрон орчин тойрныхоо суурин ба тосгодынхоо хамт, 46 Екроноос далай хүртэл, Ашдодын орчмын бүх хот нь тосгодынхоо хамт 47 Ашдод болон түүний эргэн тойрны суурин ба тосгод, Газ болон түүний суурин ба тосгод, Египетийн хил дагуух гол ба Их тэнгисийн эрэг газар хүртэл багтаж байв. 48 Уулархаг нутагт Шамир, Иаттир ба Соко, 49 Данна, Кириат-санна (энэ нь Дебир юм) 50 Анаб, Ештемо ба Аним, 51 Гошен, Холон ба Гило зэрэг арван нэгэн хот нь тосгодынхоо хамт, 52 Араб, Дума ба Ешан, 53 Ианум, Бет-таппуа ба Афека, 54 Хумта, Кириат-арба (энэ нь Хеброн юм) ба Зиор зэрэг есөн хот нь тосгодынхоо хамт, 55 Маон, Кармел, Зиф ба Иутта, 56 Иезреел, Иокдеам ба Заноа, 57 Каин, Гибеа ба Тимна зэрэг арван хот нь тосгодынхоо хамт, 58 Халхул, Бет-зур ба Гедор, 59 Маарат, Бет-анот ба Елтекон зэрэг зургаан хот нь тосгодынхоо хамт, 60 Кириат-баал (энэ нь Кириат-иеарим юм) ба Рабба гэсэн хоёр хот нь тосгодынхоо хамт, 61 Цөл газарт Бет-араба, Миддин, Секака, 62 Нибшан, Давст хот ба Енгеди зэрэг зургаан хот нь тосгодынхоо хамт байв. 63 Гэвч Иудагийн хөвгүүд Иерусалимд оршин сууж байсан иебусчуудыг хөөн гаргаж чадаагүй бөгөөд тийнхүү иебусчууд Иудагийн хөвгүүдтэй хамт Иерусалимд өнөөг хүртэл амьдарч байна.

16

1 Иосефын хөвгүүдэд ноогдсон газар нутаг Иерихогийн дэргэдэх Иорданаас буюу Иерихогийн усны зүүнтэйгээс эхэлж, тэндээсээ цөлөөр дамжин Бетелийн уулархаг нутаг уруу өгсөв. 2 Энэ нь цаашлан Бетелээс (буюу Лузаас) явж Атарот дахь Архигийн хил хязгаар уруу үргэлжлэв. 3 Баруун зүгт Иафлетын нутаг уруу уруудан, доод Бет-хороны бүс нутаг болон бүр Гезер уруу хүрч, тэнгист ирэн төгсөж байв. 4 Иосефын хөвгүүд болох Манассе ба Ефраим хоёр өөрсдийн өвийг авав. 5 Ефраимын хөвгүүдийн ургийнх нь дагуу нутаг дэвсгэр нь гэвэл өвийнх нь хил зүүнтэйд Атарот-аддараас эхлэн дээд Бет-хороныг хүртэл байв. 6 Тэгээд уг хил Михметатын хойд зүгээр баруун тийшээ чиглэн Таанат-шило уруу зүүн тийш эргэн, хажуугаар өнгөрч Ианоагийн тэнгисийн зүүн талаар үргэлжлэн байв. 7 Энэ нь Ианоагаас Атарот болон Наара уруу уруудан, Иериход хүрч, Иордан уруу гарч ирж байв. 8 Таппуагаас уг хил нь баруун тийш Кана горхи хүртэл үргэлжлэн тэнгис хүрч төгсөж байв. Энэ нь Ефраимын хөвгүүдийн ургуудынх нь дагуух өв билээ. 9 Мөн Манассегийн хөвгүүдийн өвийн дотор Ефраимын хөвгүүдэд хуваарилагдсан бүх хотууд нь тосгодынхоо хамт Ефраимын өв нь болов. 10 Харин Гезерт амьдарч байсан канаанчуудыг тэд хөөж гаргасангүй. Тиймээс канаанчууд өнөөг хүртэл Ефраимын дотор амьдардаг ба тэд албадлагын ажил хийгчид болов.

17

1 Мөн Манассегийн овогт газар нутгийг хуваарилан өгөв. Учир нь тэр Иосефын ууган хүү байв. Манассегийн ууган хүү Махир нь Гилеадын эцэг бөгөөд дайчин эр байсан тул түүнд Башан ба Гилеадыг өгөв. 2 Ийнхүү энэ газар нь Манассегийн бусад хөвгүүдэд ургуудынх нь дагуу тухайлбал Абиезер, Хелек, Асриел, Шехем, Хефер болон Шемида нарын хөвгүүдэд хувь оногдов. Эдгээр нь ургуудынхаа дагуу, Иосефын хүү Манассегийн эр талын үр удам нь байлаа. 3 Гэвч Манассегийн хүү Махирын гуч, Гилеадын ач, Хеферийн хүү Зелофехад нь хүүгүй байсан бөгөөд зөвхөн охидтой байлаа. Охидыг нь Махла, Ноа, Хогла, Милка ба Тирза гэдэг байв. 4 Тэд тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон удирдагчдын өмнө ойртон ирээд —Бидэнд ах дүү нарын дунд өвийг маань өгөхийг ЭЗЭН Мосед тушаасан билээ гэв. Тийнхүү ЭЗЭНий тушаалын дагуу Иошуа тэдэнд эцгийнх нь ах дүүсийн дотор өвийг өгөв. 5 Тийнхүү Манассегийн өв нь Иорданы зүүн тал дахь Гилеад болон Башанаас гадна, арван зурвас газар байв. 6 Учир нь Манассегийн охид хөвгүүдийнх нь дотор өвийг авсан билээ. Харин Гилеадын нутаг нь Манассегийн бусад үр удамд харьяалагдав. 7 Манассегийн хил нь Ашераас Шехемийн зүүнтэй орших Михметат хүртэл үргэлжлээд, тэндээс Ен-таппуагийн оршин суугчид урд зүг уруу явсан байв. 8 Таппуагийн нутаг Манассед харьяалагддаг байсан боловч, Манассегийн хил дээрх Таппуа нь Ефраимын хөвгүүдэд харьяалагдав. 9 Уг хил Канагийн горхины өмнө тал хүртэл уруудсан ба (Манассегийн хотууд дундаас Ефраимд эдгээр хотууд харьяалагдаж байсан) Манассегийн хил нь уг жалгын хойд талаар үргэлжлэн тэнгист ирэн төгсөж байв. 10 Өмнөд талын газар нь Ефраимд, хойд талынх нь Манассед харьяалагдсан бөгөөд тэнгис тэдний хил хязгаар нь байв. Тэд хойд зүгт Ашер болон зүүн зүгт Иссахартай хил залгадаг байв. 11 Иссахар болон Ашерын дотор Манассед, Бет-шеан болон Иблеам суурингуудын хамт Дор, Ен-дор, Таанах ба Мегиддогийн оршин суугчид болон суурингууд зэрэг нь Манассед харьяалагдаж байв. Гурав дахь нь Нафет юм. 12 Гэвч канаанчууд уг нутагт амьдарсан хэвээр байсан тул Манассегийн хөвгүүд эдгээр хотуудын эзлэн авч чадсангүй. 13 Харин Израилийн хөвгүүд хүчирхэг болчихоод, канаанчуудыг албадлагын ажилд зүтгүүлсэн боловч тэднийг бүрмөсөн хөөн гаргасангүй. 14 Тэгтэл Иосефын хөвгүүд Иошуад —Бид тоо томшгүй олуулаа бөгөөд ЭЗЭН биднийг арвинаар ерөөсөн байхад яагаад та бидэнд ганцхан хувь ноогдол буюу нэг л хэсэг газрыг өв болгон өгөө вэ? гэв. 15 Иошуа тэдэнд —Хэрэв та нар тийм олуулаа бөгөөд Ефраимын уулархаг нутаг та нарт хэт давчуу байгаа юм бол, ой уруу очиж перизчүүд болон Рефаимын нутаг болох тэр газарт өөрсөддөө зориулан газрыг цэвэрлэн бэлтгэгтүн гэв. 16 Иосефын хөвгүүд —Уулархаг нутаг бидэнд хүрэлцээтэй биш бөгөөд хөндий газарт амьдардаг, мөн Бет-шеан ба түүний суурингууд болон Иезреелийн хөндийд амьдардаг бүх канаанчууд төмөр хөсөг тэрэгтэй билээ гэв. 17 Харин Иошуа Иосефын гэр болох Ефраим ба Манассе нарт —Та нар олуулаа бөгөөд их хүчирхэг билээ. Та нар зөвхөн ганц ноогдол хувьтай байх нь зохисгүй, 18 харин уулархаг нутаг ч мөн та нарынх болох ёстой. Хэдийгээр тэр нь ой мод ч гэсэн та нар түүнийг цэвэрлэж бэлтгэ. Хэдий канаанчууд төмөр тэрэгтэй, хүчирхэг ч гэлээ та нар тэднийг хөөн гаргаж чадна гэлээ.

18

1 Ингээд Израилийн хөвгүүдийн нийт чуулган Шилод цуглан, тэнд Хурлын майхан босгов. Уг нутаг тэдний захиргаанд байв. 2 Израилийн хөвгүүдийн дунд өв залгамжлалаа хүлээн аваагүй долоон овог үлдсэн байлаа. 3 Иймээс Иошуа Израилийн хөвгүүдэд хэлсэн нь —Эцэг өвгөдийн тань Бурхан ЭЗЭНий та нарт өгсөн газар нутгийг эзэмшилдээ авахаасаа өмнө та нар хэр удаан хүлээх юм бэ? 4 Овог бүрээс гурав гурван хүнийг томил. Тэд босож, уг нутгаар явж, тус бүрийн өв залгамжлалын дагуу уг газрыг тодорхойлон бичүүлэхийн тулд би тэднийг гадагш явуулна. Дараа нь тэд над дээр буцаж ирнэ. 5 Тэд түүнийг долоон хэсэгт хуваана. Иуда өмнө зүгт өөрийн нутагтаа үлдэх бөгөөд Иосефын гэр хойд зүгт өөрийн нутагтаа хэвээр үлдэх ёстой. 6 Та нар уг нутгийг долоон талаар тодорхойлон бичиж, дараа нь түүнийгээ надад авчир. Бидний Бурхан ЭЗЭНий өмнө би та нарын төлөө энд шавга орхих болно. 7 Харин левичүүдэд та нарын дундаас ямар ч оногдох хэсэг байхгүй, учир нь ЭЗЭНий тахилчийн үйлчлэл бол тэдний өв юм. Гад, Реубен болон Манассегийн хагас овгийнхон ч Иорданы зүүнтээд өөрсдийн өвийг авсан бөгөөд ЭЗЭНий зарц Мосе үүнийг тэдэнд өгсөн юм. 8 Ингэхэд нутгийг тодорхойлон бичихээр хүмүүс босож явсан бөгөөд Иошуа тэдэнд тушаан —Нутаг даяар явж, түүнийг тодорхойлж бичээд, над уруу эргэн ир. Тэгэхэд би энд ЭЗЭНий өмнө Шилод та нарт зориулан шавгыг орхих болно гэв. 9 Тийнхүү хүмүүс уг нутгаар явж, түүний талаар хот хотоор нь, долоон хэсэг тус бүрээр номд тодорхойлж бичив. Тэд Шило дахь хүрээ буудалд Иошуа дээр ирлээ. 10 Иошуа Шилод ЭЗЭНий өмнө тэдэнд шавгыг орхисон ба тэнд Иошуа уг нутгийг Израилийн хөвгүүдэд, тэдний овгийнх нь хуваарилалтын дагуу хуваав. 11 Бениамины хөвгүүдийн овогт ургуудынх нь дагуу шавга буулаа. Тэдэнд оногдсон нутаг нь Иуда болон Иосефын овгийнхны нутгийн хооронд байв. 12 Хойд зүг дэх тэдний хил нь Иорданаас эхэлж байсан ба Иерихогийн хойд тал уруу өгсөн гарч, баруун зүгт уулархаг нутгийг дамжин өгсөж, Бет-авены цөлд ирэн төгсөж байв. 13 Эндээс хил Луз хүртэл (энэ нь Бетел юм) үргэлжлэн өмнөд бэлээр нь гарч, доод Бет-хороны өмнө талд орших уулын дэргэдэх Атарот-аддар уруу уруудсан байв. 14 Эндээс уг хил Бет-хороны өмнө зүгт орших уулаас үргэлжлэн баруун талаар нь өмнө зүгт эргэн, Иудагийн хөвгүүдийн хот Кириат-баалд (энэ нь Кириат-иеарим юм) ирэн төгсөж байв. Энэ нь баруун тал нь байлаа. 15 Өмнөд тал нь Кириат-иеаримын баруун захаас эхлэн Нефтоагийн булгийн ус хүртэл баруун тийш явсан байлаа. 16 Тэгээд уг хил Рефаимын хөндийн хойно байдаг Бен-хинномын хөндийд орших уулын хормой хүртэл уруудаад, иебусчуудын бэлийн өмнөд талаар дамжин Хинномын хөндий болон Ен-рогел уруу үргэлжилж байв. 17 Энэ нь хойд зүг уруу сунан, Ен-шемеш уруу явж, Адуммимын өгсүүрийн эсрэг орших Гелилот уруу үргэлжлэн, Реубений хүү Боханы хад уруу уруудсан байлаа. 18 Тэгээд Бет-арабагийн хойд бэлээс үргэлжлэн, доошоо Араба уруу явсан байв. 19 Уг хил Бет-хоглагийн хойд бэл уруу үргэлжлээд, Давст тэнгисийн хойд тохойд, Иорданы өмнөд адагт ирэн төгсөж байв. Энэ нь өмнөд хил нь байлаа. 20 Түүнээс гадна, Иордан гол зүүн хил нь болж байв. Энэ бүхэн нь Бениамины хөвгүүдийн тэдний ургуудын дагуух өвийн эргэн тойрны бүх хил нь байлаа. 21 Бениамины хөвгүүдийн овгийн тэдний ургийнхны дагуух хотууд нь гэвэл, Иерихо, Бет-Хогла ба Емек-кезиз, 22 Бет-арава, Земараим ба Бетел, 23 Аввим, Пара ба Офра, 24 Хефар-аммони, Офни ба Геба зэрэг арван хоёр хот нь тосгодынхоо хамт, 25 Гибеон, Рама ба Беерот, 26 Мизпе, Хефира ба Моза, 27 Рекем, Ирпеел ба Тарала, 28 Зела, Хаелеф ба иебусчуудын хот (энэ нь Иерусалим юм), Гибеа ба Кириат зэрэг арван дөрвөн хот нь тосгодынхоо хамт байв. Энэ нь Бениамины хөвгүүдийн өөрсдийнх нь ургуудын дагуух өв нь билээ.

19

1 Хоёр дахь шавга Симеонд буюу Симеоны хөвгүүдийн овог дээр тэдний ургуудын дагуу буув. Тэдний өв нь Иудагийн хөвгүүдийн овгийн өв болох газар нутаг дунд байлаа. 2 Тийнхүү тэд өв болгон Беершеба буюу Шеба, Молада, 3 Хазар-шуал, Бала ба Езем, 4 Елтолад, Бетул ба Хорма, 5 Зиклаг, Бет-маркабот ба Хазар-суса, 6 Бет-лебаот ба Шарухен зэрэг арван гурван хотыг тосгодынх нь хамт, 7 мөн Аин, Риммон, Етер ба Ашаны зэрэг дөрвөн хотыг тосгодынх нь хамт, 8 мөн Баалат-беер ба Негевийн Рама хүртэл, эдгээр хотуудын эргэн тойрон дахь бүх тосгодуудыг авав. Энэ нь Симеоны хөвгүүдийн овгийн ургуудын дагуух өв байлаа. 9 Симеоны хөвгүүдийн өв нь Иудагийн хөвгүүдийн хувиас оногдсон байв. Учир нь Иудагийн хөвгүүдийн хувь ноогдол нь хэрэгцээнээс нь илүү байв. Ийнхүү Симеоны хөвгүүд Иудагийн өв болсон газар нутгийн голд өв залгамжлалаа хүлээн авав. 10 Гурав дахь шавга Зебулуны хөвгүүдэд ургуудынх нь дагуу буулаа. Тэдний өвийн нутаг нь Саридыг хүртэл байв. 11 Дараа нь хил нь баруун тийш болон Марала уруу явж, тэгээд Даббешетийг шүргэн, Иокнеамын урд орших горхинд хүрчээ. 12 Тэр нь Саридаас зүүн тийш наран мандах зүг уруу Хислот-таборын хил хүртэл эргэн, цаашаа Даберат уруу үргэлжлэн, Иафиа уруу өгссөн байлаа. 13 Эндээс хил зүүн тийш наран мандах зүг уруу Гат-хефер болон Ет-казин уруу үргэлжлэн, Неа уруу чиглэсэн Риммон уруу сунасан байв. 14 Уг хил хойд зүгт Ханнатон уруу тойрон дугуйрч, Ифтахелын хөндийд ирэн төгсөж байлаа. 15 Мөн Катта, Нахалал, Шимрон, Идала ба Бетлехем зэрэг арван хоёр хот тосгодынхоо хамт багтсан байлаа. 16 Эдгээр хотууд тосгодынхоо хамт Зебулуны хөвгүүдийн тэдний ургуудынх нь дагуух өв нь байлаа. 17 Дөрөв дэх шавга Иссахарт буюу Иссахарын хөвгүүд дээр ургийнх нь дагуу буув. 18 Тэдний бүс нутагт нь Иезреел хүртэл Хесуллот, Шунем, 19 Хафараим, Шион ба Анахарат, 20 Раббит, Кишион ба Ебез, 21 Ремет, Ен-ганним, Ен-хадда ба Бет-паззезийг багтааж байв. 22 Мөн уг хил Табор ба Шахазума болон Бет-шемешт хүрч, тэдний хил Иордан дээр ирэн төгссөн байв. Энд арван зургаан хот нь тосгодтойгоо хамт байлаа. 23 Эдгээр хотууд тосгодтойгоо хамт Иссахарын хөвгүүдийн овгийн ургуудынх нь дагуух өв нь байлаа. 24 Тав дахь шавга Ашерын хөвгүүдийн овогт ургуудынх нь дагуу буув. 25 Тэдний нутаг нь Хелкат, Хали, Бетен ба Ахшаф, 26 Алламмелех, Амад ба Мишал нар байсан ба энэ нь баруун зүгт Кармел болон Шихор-либнат уруу хүрч байлаа. 27 Мөн энэ нь зүүн зүг уруу Бет-дагон уруу чиглэн эргэж, Зебулунд хүрээд, мөн Бет-емек ба Неиелийн хойд зүгт Ифтахелын хөндийд хүрээд дараа нь хойшоогоо Кабул уруу сунан хүрч, 28 Еброн, Рехоб, Хаммон ба Кана болон бүр Их Сидоныг хүртэл үргэлжилж байв. 29 Уг хил Рама уруу чиглэн эргэж, мөн Тирийн бэхлэгдсэн хот уруу хүрчээ. Дараа нь Хоса уруу эргэж, Ахзибын бүс нутаг дахь тэнгист ирж төгсөж байв. 30 Энд бас Умма, Афек ба Рехоб зэрэг хорин хоёр хот нь тосгодтойгоо хамт байлаа. 31 Эдгээр хотууд тосгодынхоо хамт Ашерын хөвгүүдийн овгийн, ургуудынх нь дагуух өв нь байлаа. 32 Зургаа дахь шавга Нафталийн хөвгүүдэд ургуудынх нь дагуу буув. 33 Тэдний хил нь Хелефээс Заананним дахь царс болон, Адами-некеб ба Иабнеелээс эхлэн Лаккумд хүрч, Иордан дээр ирэн төгсөж байв. 34 Эндээс хил баруун тийш Азнот-табор уруу эргэж явсаар, Хуккок уруу үргэлжлэн, өмнө зүгт Зебулунд хүрч очин мөн баруун зүгт Ашерт хүрээд, зүүн зүгт Иорданы дэргэдэх Иудад хүрсэн байлаа. 35 Бэхлэгдсэн хотууд нь Зиддим, Зер, Хаммат, Раккат ба Хиннерет, 36 Адама, Рама ба Хазор, 37 Кедеш, Едреи ба Ен-хазор, 38 Иирон, Мигдал-ел, Хорем, Бет-анат ба Бет-шемеш зэрэг арван есөн хот нь тосгодтойгоо хамт байлаа. 39 Эдгээр хотууд тосгодынхоо хамт Нафталийн хөвгүүдийн овгийн ургуудынх нь дагуух өв нь байлаа. 40 Долоо дахь шавга Даны хөвгүүдийн овогт ургуудынх нь дагуу буув. 41 Тэдний өвийн газар нутаг нь Зора, Ештаол ба Ир-шемеш, 42 Шаалаббин, Аиалон ба Итла, 43 Елон, Тимна ба Екрон, 44 Елтеке, Гиббетон ба Баалат, 45 Иехүд, Бене-берак ба Гат-риммон, 46 Ме-иаркон ба Раккон, Иоппагийн харалдаах бүс нутагтай хамт байв. 47 Гэвч газар нутгаа эзэмшихэд нь Даны хөвгүүдэд бэрхшээл учирчээ. Учир нь Даны хөвгүүд явж, Лешемтэй дайтан, түүнийг эзлэн авчээ. Дараа нь тэд түүнийг илдний ирээр цохин, эзлэн авч, тэнд суурьшив. Тэд Лешемийг өөрсдийн өвөг эцэг Даны нэрээр Дан хэмээн нэрлэв. 48 Эдгээр хотууд тосгодынхоо хамт Даны хөвгүүдийн овгийн ургуудынх нь дагуу өв нь байлаа. 49 Хүмүүст өв болох газрыг хил хязгааруудаар нь хуваарилаж дуусаад Израиль өөрийн дотор Нуны хүү Иошуад өвийг нь өгөв. 50 ЭЗЭНий тушаалын дагуу тэд түүнд өөрийнх нь хүссэн гуйсан Ефраимын уулархаг нутагт орших Тимнат-сера хотыг өгсөнд, тэрээр хот босгон барьж, тэндээ суурьшив. 51 Эдгээр нь бол Шилод, Хурлын майхны үүдэнд болон ЭЗЭНий өмнө тахилч Елеазар ба Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн овгуудын ургуудын тэргүүлэгчдийн шодож хуваарилсан газрууд юм. Тийнхүү тэд газар нутгийг хувааж дуусав.

20

1 Тэгтэл ЭЗЭН Иошуад ярин айлдсан нь — 2 Израилийн хөвгүүдэд хэл "Мосегээр дамжуулан Миний та нарт айлдсан хоргодох хотуудыг өөрсөддөө сонго. 3 Хүнийг урьдаас төлөвлөлгүйгээр, санамсаргүйгээр алсан аливаа хүн тийшээ зугтаг. Тэдгээр хотууд нь цусан өшөө авагчдаас та нарыг хамгаалах хоргодох газар тань болог. 4 Эдгээр хотуудын нэг уруу зугтсан хүн хотын хаалганы үүдэнд зогсон, тэр хотын настангуудад өөрийн хэргийг ярих ба тэд түүнийг хотод оруулан, тэдний дунд амьдарч болох байрыг өгөх ёстой. 5 Хэрэв цусан өшөө авагч түүнийг нэхэн хөөвөл, хүн алсан уг хэрэгтнийг тэд түүний гарт өгөх ёсгүй. Учир нь тэр хөршөө урьдаас төлөвлөлгүйгээр алсан ба урьд нь ч түүнд хорсдоггүй байсан. 6 Чуулганы өмнө шүүгдэхээр очтолоо, мөн тэр өдрүүдэд тэргүүн тахилч байгч нэгний нас эцэслэх цагийг болтол, тэр хүн уг хотод амьдрах ёстой. Дараа нь хүн алсан уг хэрэгтэн өөрийн хот, өөрийн гэрт буюу зугтсан хот уруугаа буцаж болно" гэж хэл гэв. 7 Тийнхүү тэд Нафталийн уулархаг нутгийн Галил дахь Кедешийг, Ефраимын уулархаг нутаг дахь Шехемийг, Иудагийн уулархаг нутаг дахь Кириат-арбаг (энэ нь Хеброн юм) сонгов. 8 Мөн Иерихогийн зүүнтээ Иорданы цаана, тэд Реубен овгоос тал газрын цөл дэх Безерийг, Гад овгоос Гилеад дахь Рамотыг, мөн Манассе овгоос Башан дахь Голаныг сонгов. 9 Эдгээр нь Израилийн бүх хөвгүүдэд болон тэдний дунд суугч гадныханд зориулагдсан хотууд байсан бөгөөд санамсаргүйгээр хүн алсан хэн боловч тийшээ зугтан чуулганы өмнө очих хүртлээ цусан өшөө авагчийн гарт үхэхгүй байхын тулд тогтоогдов.

21

1 Тэгтэл левичүүдийн өрхийн тэргүүлэгч нар тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн бусад овгуудын өрхийн тэргүүнүүд дээр иржээ. 2 Канаан нутгийн Шилод тэд тэдэнтэй ярин —ЭЗЭН Мосегээр дамжуулан бидэнд амьдран суух хотуудыг болон мал сүрэгт минь зориулагдсан бэлчээрүүдтэй нь хамт өгөхийг тушаасан билээ гэв. 3 Тийнхүү ЭЗЭНий тушаал ёсоор Израилийн хөвгүүд левичүүдэд өөрсдийнхөө өвөөс эдгээр хотуудыг бэлчээр нутгуудынх нь хамт өглөө. 4 Эхний шавга нь кохатчуудын ургийнхан дээр буув. Тахилч Аароны үр удам болох левичүүд Иуда, Симеон, Бениамин овгуудаас арван гурван хотыг шавгаар хүлээн авав. 5 Кохатын үлдсэн хөвгүүд Ефраим, Дан болон Манассегийн хагас овгийн ургуудаас арван хотыг шавгаар хүлээн авлаа. 6 Гершоны хөвгүүд Иссахар, Ашер, Нафталийн овгуудаас болон Башан дахь Манассегийн хагас овгийн ургуудаас арван гурван хотыг шавгаар хүлээн авав. 7 Мерарийн хөвгүүд ургуудынхаа дагуу Реубен, Гад, Зебулун овгуудаас арван хоёр хотыг авав. 8 Ингээд ЭЗЭНий Мосегээр дамжуулан тушаасан ёсоор Израилийн хөвгүүд левичүүдэд эдгээр хотуудыг бэлчээр нутгийнх нь хамт шавгаар өглөө. 9 Иуда, Симеоны хөвгүүдийн овгоос тэд дараах нэрээрээ дурьдагдсан хотуудыг өгсөн бөгөөд 10 Эдгээр нь Левийн хөвгүүд кохатчуудын ургийнхны Аароны үр удамд оногдсон юм. Учир нь эхний шавга тэдэнд дээр буусан билээ. 11 Ингэж тэд Иудагийн уулархаг нутагт дахь Кириат-арбаг (энэ нь Хеброн юм) эргэн тойрон дахь бэлчээр нутгийнх нь хамт тэдэнд өгөв. Арба бол Анакийн өвөг эцэг юм. 12 Гэхдээ хотын эргэн тойронд байх тариалангийн талбай болон тосгодуудыг нь тэд Иефуннегийн хүү Калебт эзэмшил болгон өглөө. 13 Тийнхүү тахилч Аароны хөвгүүдэд тэд хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот болох Хеброн Либнаг болон бэлчээрүүдийнх нь хамт, 14 мөн Иаттир, Ештемоа 15 Холон, Дебир, 16 Аин, Иутта, Бет-шемеш зэргийг бэлчээр нутагтай нь хамт нийт есөн хотыг дээрх хоёр овгоос өгөв. 17 Бениамин овгоос Гибеон, Геба, 18 Анатот, Алмон зэргийг бэлчээр нутгийнх нь хамт нийт дөрвөн хотыг өгөв. 19 Аароны хөвгүүд болох тахилч нарын бүх хотууд гэвэл бэлчээр нутгуудынхаа хамт арван гурван хот байлаа. 20 Дараа нь Кохатын хөвгүүдийн ургуудын левичүүдэд буюу Кохатын үлдсэн хөвгүүдэд Ефраим овгоос хотуудыг хуваарилан өгөв. 21 Ефраимын уулархаг нутаг дахь хүн алсан хэрэгтнүүдийн хорогодох хот болох Шехем болон Гезерийг бэлчээр нутагтай нь хамт, 22 мөн Кибзаим, Бет-хорон зэргийг бэлчээр нутгийнх нь хамт нийт дөрвөн хотыг тэдэнд өгөв. 23 Дан овгоос Елтеке, Гиббетон, 24 Аиалон, Гат-риммон зэрэг бэлчээр нутгийнх нь хамт нийт дөрвөн хотыг өгчээ. 25 Манассегийн хагас овгоос Таанах болон Гат-риммоныг бэлчээр нутгийнх нь хамт энэ хоёр хотыг тэдэнд хуваарилан өгөв. 26 Кохатын үлдсэн хөвгүүдэд өгсөн бүх хотууд бэлчээр нутгуудынхаа хамт нийтдээ арав байлаа. 27 Мөн левичүүдийн ургуудын нэг болох Гершоны хөвгүүдэд тэд Манассегийн хагас овгоос хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот болох Башан дахь Голаныг болон Бе-ештера зэргийг тэдгээрийн бэлчээр нутгийнх нь хамт энэ хоёр хотыг өгөв. 28 Иссахар овгоос тэд Кишион, Даберат, 29 Иармут, Ен-ганним зэргийг бэлчээр нутгуудтай нь хамт энэ дөрвөн хотыг өглөө. 30 Ашер овгоос тэд Мишалыг мөн Абдоныг түүний бэлчээр нутгийнх нь хамт, 31 Хелкат, Рехоб зэргийг бэлчээр нутгийнх нь хамт дөрвөн хотыг тэдэнд өгөв. 32 Нафталийн овгоос хүн алсан хэрэгтний хоргодох хот Галил дахь Кедеш мөн Хаммот-дор, Картан зэрэг гурван хотыг бэлчээр нутагтай нь хамт өгөв. 33 Гершончуудын ургуудын дагуу бүх хот гэвэл бэлчээр нутгийнхаа хамт арван гурав байлаа. 34 Мерарийн хөвгүүдийн ургуудад буюу үлдсэн левичүүдэд тэд Зебулун овгоос Иокнеам, Карта, 35 Димна, Нахалал зэргийг бэлчээр нутгийнх нь хамт дөрвөн хотыг өгөв. 36 Реубен овгоос тэд Безер, Иахаз, 37 Кедемот болон Мефаатыг бэлчээр нутгийнх нь хамт дөрвөн хотыг өгөв. 38 Гад овгоос тэд, хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот Гилеад дахь Рамотыг мөн Маханаим зэргийг бэлчээр нутгийнх нь хамт, 39 Хешбон, Иазер зэргийг бэлчээр нутгийнх нь хамт нийт дөрвөн хотыг өгөв. 40 Эдгээр бүгд нь левичүүдийн ургуудын үлдэгдэл болох Мерарийн хөвгүүдийн ургуудынх нь дагуу хуваарилсан хотууд байсан бөгөөд нийт арван хоёр хот байлаа. 41 Израилийн хөвгүүдийн эзэмшлийн дундах левичүүдийн хотууд бүгд дөчин найман хот бэлчээр нутгийнхаа хамт байв. 42 Эдгээр бүх хотууд тус бүр эргэн тойрондоо бэлчээр нутагтай байв. Бүх хотууд нь адил байв. 43 Ийнхүү өвөг дээдэст нь өгөхөөр амласан бүх нутгийг ЭЗЭН Израильд өгсөн ба тэд түүнийг эзэмшин, тэндээ суурьшин амьдрав. 44 Мөн тэдний өвөг дээдэст нь амласан бүхнийхээ дагуу ЭЗЭН тэдэнд бүх талаар амар амгаланг өгсөн бөгөөд тэдний дайснуудын хэн нь ч тэдний өмнө сөрж зогсоогүй. ЭЗЭН бүх дайснуудыг нь тэдний гарт өгөв. 45 Израилийн гэрт ЭЗЭНий өгсөн сайн амлалтуудын нэг нь ч бүтэлгүйгээр өнгөрөөгүй бөгөөд бүгд биелэв.

22

1 Тэгээд Иошуа Реубен, Гад болон Манассегийн хагас овгийнхныг дуудан ирүүлж, 2 тэдэнд хэлсэн нь —ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаасан бүхнийг та нар сахьж, мөн миний та нарт тушаасан бүхэнд миний дуу хоолойг сонсож байсан. 3 Та нар энэ өдрийг хүртэлх удаан хугацаанд ах дүү нараа үл умартан, харин Бурхан ЭЗЭНийхээ тушаалын үүргийг сахьж байв. 4 Харин одоо та нарын Бурхан ЭЗЭН амласан ёсоороо ах дүүсийг тань амруулав. Иймийн тул ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Иорданы чанад дахь эзэмшил нутагтаа, өөрсдийн майхнууддаа буцан очицгоо. 5 Харин зөвхөн ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаасан Бурхан ЭЗЭНийгээ хайрлан, Түүний бүх замаар алхан, тушаалуудыг нь сахьж, Түүнээс бат барин, Түүнд бүх зүрх ба сэтгэлээрээ үйлчил хэмээх тушаал ба хуулиудыг сахихыг маш хянамгайгаар үйлд гэлээ. 6 Ингээд Иошуа тэднийг ерөөн явуулахад тэд майхнууд уруугаа явав. 7 Манассегийн хагас овогт Мосе Башан дахь нутгийг эзэмшүүлж өгсөн, харин нөгөө хагаст нь Иошуа ах дүү нарынх нь дунд Иорданы баруун тал дахь нутгийг эзэмшүүлж өгөв. Тийнхүү Иошуа тэднийг майхнууд уруу нь илгээхдээ тэднийг ерөөн 8 хэлсэн нь —Майхнууд уруугаа их хөрөнгө, маш олон мал сүрэгтэй, мөнгө, алт, хүрэл, төмөр болон арвин их хувцастай буцан оч. Дайснуудынхаа олзыг ах дүү нартайгаа хуваа гэв. 9 Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон Канаан нутгийн Шило дахь Израилийн хөвгүүдээс салж Мосегээр дамжуулан ЭЗЭНий тушаалын дагуу эзэмшсэн Гилеадын эзэмшил нутаг уруугаа явав. 10 Канаан нутаг дахь Иорданы орчмын бүс нутагт ирэхдээ Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон тэнд, Иорданы дэргэд сүрлэг том тахилын ширээ босгосон байлаа. 11 Израилийн хөвгүүд үүнийг сонсоод —Харагтун, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон Канаан нутгийн зааг дээр, Иорданы орчмын бүс нутагт, Израилийн хөвгүүдэд харьяалагдах талд тахилын ширээ босгосон билээ гэв. 12 Үүний тухай сонсоод Израилийн хөвгүүдийн бүхэл чуулган тэдний эсрэг явж дайтахаар Шилод цуглав. 13 Тэгээд Израилийн хөвгүүд Гилеадын нутаг уруу, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон уруу тахилч Елеазарын хүү Финехасыг явуулав. 14 Түүнтэй хамт Израилийн овог бүрээс тус тусын эцэг өвгөдийн өрхийн тэргүүлэгч болох арван удирдагчийг илгээв. Тэдгээр нь бүгд Израилийн түмнүүдийн дотор өөрсдийн эцэг өвгөдийн өрхийн тэргүүлэгч байв. 15 Тэд Гилеад нутагт, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон дээр ирээд, тэдэнд хэлсэн нь — 16 ЭЗЭНий нийт чуулган ийн хэлж байна. Энэ өдөр ЭЗЭНийг эсэргүүцэн, ЭЗЭНийг дагахаас буцан, өөрсдөө тахилын ширээг босгосноороо Израилийн Бурханы эсрэг итгэлгүй үйлдлийг та бүхэн яаж үйлдэж чадна вэ? 17 Пеорын хууль бус явдал бидэнд багадсан гэж үү? Хэдийгээр ЭЗЭНий чуулган дээр тэр гай гамшиг буусан ч, энэ өдрийг хүртэл бид түүнээс цэвэрлэгдээгүй байгаа. 18 Харин та нар энэ өдөр ЭЗЭНийг дагахаас буцаж байна гэж үү? Хэрэв та нар өнөөдөр ЭЗЭНийг тэрслэн босвол, маргааш Тэр Израилийн бүхэл чуулганд хилэгнэх болно. 19 Харин хэрэв эзэмшлийн тань нутаг цэвэр бус байгаа бол, ЭЗЭНий асар оршин буй ЭЗЭНий эзэмшлийн нутаг уруу гатлан ирж, бидний дунд оршин суугаач. Харин бидний Бурхан ЭЗЭНий тахилын ширээнээс өөр тахилын ширээг өөрсөддөө босгон ЭЗЭНий болон бидний эсрэг бүү тэрслэн босогтун. 20 Зерагийн хүү Ахан хориглогдсон зүйлсийн тухайд итгэлгүй хандахад уур хилэн Израилийн нийт чуулган дээр буугаагүй гэж үү? Гэм нүгэл хийснээсээ болж тэр хүн ганцаараа үхээгүй юм" гэлээ гэв. 21 Тэгтэл Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон Израилийн ургуудын тэргүүлэгчидтэй ярин, хариулсан нь — 22 Хүчит Нэгэн, ЭЗЭН болох Бурхан, Хүчит Нэгэн, ЭЗЭН болох Бурхан! Тэр мэднэ. Мөн Израиль ч өөрөө мэдэг. Хэрэв энэ нь тэрслэл юм уу, ЭЗЭНий эсрэг итгэлгүй үйл байсан бол энэ өдөр биднийг бүү авар. 23 Хэрэв бид ЭЗЭНийг дагахаас эргэж, шатаалт буюу үр тариан, эсвэл эвийн тахилыг өргөлүүдийн дээр нь өргөхөөр өөрсөддөө зориулан тахилын ширээ босгосон бол ЭЗЭН Өөрөө биднээс хариу нэхэг. 24 Харин үнэндээ бид санаа зовсондоо, "Хожим танай үр удам манай үр удамд «Израилийн Бурхан ЭЗЭНтэй та нар ямар холбоотой юм бэ? 25 ЭЗЭН Иорданыг Реубен болон Гадын хөвгүүд та бидний хоорондох хил болгосон. Та нарт ЭЗЭНий дотор ямар ч хувь ноогдол үгүй билээ» хэмээн хэлж, тийнхүү танай үр удам манай үр удмыг ЭЗЭНээс эмээхгүй болгож магадгүй" гэсэн учраас үүнийг хийсэн билээ. 26 Тийм учраас бид хэлэхдээ "Бүгдээрээ тахилын ширээ барьцгаая! Шатаалт тахил болон өргөлийн төлөө бус, 27 харин энэ нь та бидний ба бидний дараагийн үеийнхний хооронд бид ЭЗЭНий өмнө шатаалт тахил, өргөл болон эвийн тахилаараа ЭЗЭНий үйлчлэлийг бүтээхийн тулд бөгөөд хожим танай үр удам манай үр удамд «ЭЗЭНий дотор та нарт ямар ч хувь ноогдол байхгүй» хэмээн хэлэхгүйн тулд гэрч болохын төлөө билээ" гэв. 28 Тийм учраас бид "Хэрэв тэд бидэнд, эсвэл хожим бидний үе удамд үүнийг хэлбэл бид тэдэнд «Бидний өвөг эцгүүд шатаалт тахил юм уу, өргөлийн төлөө бус, харин та бидний хооронд гэрчлэл болгохын тулд барьж босгосон ЭЗЭНий тахилын ширээний хуулбарыг хар» хэмээн хэлнэ" гэж хэллээ. 29 Бидний Бурхан ЭЗЭНий асрын өмнө байгаа Өөрийнх нь тахилын ширээнээс гадна, шатаалт ба үр тарианы тахилд болон өргөлд зориулан өөр тахилын ширээ босгосноор энэ өдөр ЭЗЭНий эсрэг тэрслэн, ЭЗЭНийг дагахаас эргэх явдал биднээс хол байг гэв. 30 Тийнхүү тахилч Финехас ба түүнтэй хамт байсан чуулганы удирдагчид болох Израилийн ургуудын тэргүүлэгчид Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хөвгүүдийн ярьсан үгийг сонсоод таашаав. 31 Тэгээд тахилч Елеазарын хүү болох Финехас нь Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хөвгүүдэд хэлсэн нь —ЭЗЭН бидний дунд байгааг өнөөдөр бид мэднэ, учир нь та нар ЭЗЭНий эсрэг энэ итгэлгүй үйлийг үйлдээгүй юм. Та нар Израилийн хөвгүүдийг ЭЗЭНий гараас аварлаа гэв. 32 Тэгээд тахилч Елеазарын хүү Финехас болон удирдагчид Гилеад нутагт буй Реубений хөвгүүд, Гадын хөвгүүдээс буцан Канаан нутаг уруу Израилийн хөвгүүд уруу ирж, тэдэнд хариу үг авчрав. 33 Энэ үг нь Израилийн хөвгүүдэд таалагдсан ба тэд Бурханыг магтан, Реубений болон Гадын хөвгүүдийн амьдарч байсан нутгийг устгахаар тэдний эсрэг дайнд явах тухай дахин ярихаа болив. 34 Реубений болон Гадын хөвгүүд уг тахилын ширээг "Гэрч" гэж нэрлээд —Учир нь энэ нь ЭЗЭН бол Бурхан мөн гэдгийн талаар бидний хоорондох гэрч юм хэмээн хэлэв.

23

1 ЭЗЭН Израилийг тал бүрийн дайснаас нь амруулснаас хойш олон өдрүүд өнгөрсний дараа, бас Иошуа нас ахиж хөгширсний дараа 2 бүх Израилийг, тэдний настангууд, тэргүүлэгчид, шүүгчид болон түшмэдийг дуудан ирүүлж, тэдэнд —Би хөгширч, нас минь ахив. 3 Мөн та нарын төлөө эдгээр бүх үндэстнүүдэд Бурхан ЭЗЭНий тань хийсэн бүхнийг та нар харсан, учир нь Бурхан ЭЗЭН та нарын төлөө дайтсан Нэгэн байв. 4 Хар, Иорданаас бүр Их Тэнгисийг хүртэл наран жаргах зүгт миний эзлэн авсан бүх улс үндэстнүүдийн хамт үлдсэн энэ бүх үндэстнүүдийг Би танай овгуудад өв болгон хуваарилан өгсөн билээ. 5 Та нарын Бурхан ЭЗЭН Өөрөө тэднийг урдаас чинь түлхэн гаргаж, хөөн зайлуулах ба та нарын Бурхан ЭЗЭНий та нарт амласан ёсоор тэдний нутгийг та нар эзэмших болно. 6 Тэгэхээр Мосегийн хуулийн номд бичигдсэн бүхнийг сахьж хийхдээ маш тууштай байж, түүнээс баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүй бай. 7 Та нарын дунд үлдсэн эдгээр үндэстнүүдтэй холбогдолгүй, тэдний бурхдын нэрийг дурьдалгүй, тэднээр тангараглалгүй, тэдэнд үйлчлэлгүй, тэдэнд бөхийн мөргөлгүй бай. 8 Харин энэ өдрийг хүртэл хийсэн шигээ, та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНээс бат барьж байх ёстой. 9 Учир нь агуу ба хүчит үндэстнүүдийг ЭЗЭН та нарын өмнөөс хөөн гаргасан. Энэ өдрийг хүртэл нэг ч хүн та нарын өмнө сөрөн зогсож чадаагүй билээ. 10 Танай нэг хүн мянган хүнийг зугтахад хүргэдэг. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН та нарт амласан ёсоороо та нарын төлөө тулалддаг Нэгэн билээ. 11 Тэгэхээр өөрсдийн Бурхан ЭЗЭНийг хайрлахын төлөө хичээн анхаарагтун. 12 Учир нь хэрэв та нар замаасаа буцаж, та нарын дотор үлдсэн тэдгээр үндэстнүүдийн хүмүүстэй холбогдож, тэдэнтэй нийлэн, гэр бүл болох юм бол 13 та нарын Бурхан ЭЗЭН эдгээр үндэстнүүдийг өмнөөс чинь хөөн гаргахаа болино гэдгийг бат мэдээрэй. Харин Бурхан ЭЗЭНий тань та нарт өгсөн энэ сайхан нутгаас та нарыг мөхөж үгүй болтол тэд та нарт урхи ба занга нуруунд чинь ташуур, нүдэнд чинь өргөс болох болно. 14 Одоо би бүх дэлхийнхний жамаар одох гэж байна. Бурхан ЭЗЭНий тань та нарын тухайд айлдсан бүх сайн үгсээс нэг нь ч бүтэлгүйтэж унаагүй, нэг нь ч хөсөрдөөгүй, бүгд биелсэн гэдгийг та нар бүх зүрх, бүх сэтгэлээрээ мэдэж байгаа. 15 Харин та нарын Бурхан ЭЗЭНий та нарт айлдсан бүх сайн үгс биелсэнтэй адил түүнчлэн Өөрийнхөө өгсөн сайхан нутгаас та бүгдийг устгатлаа ЭЗЭН та нарын дээр бүх аюулыг авчрах болно. 16 Та нар Бурхан ЭЗЭНийхээ тушаасан гэрээг зөрчин, өөр бурхдад очин үйлчилж, тэдэнд сөгдөн мөргөвөл, ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг шатаж, Түүний та нарт өгсөн сайхан нутагт та нар удахгүй мөхөх болно гэв.

24

1 Ингээд Иошуа Шехемд Израилийн бүх овгуудыг цуглуулан, Израилийн настангууд, тэргүүлэгчид, шүүгчид ба түшмэдийг нь дуудсан бөгөөд тэд Бурханы өмнө ирэв. 2 Иошуа бүх ард түмэнд хэлсэн нь —Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Эрт дээр үед та нарын өвөг дээдэс, тухайлбал Абрахам болон Нахорын эцэг Тера Евфрат мөрний цаана амьдарч, өөр бурхдад мөргөж байв. 3 Тэгэхэд Би танай өвөг Абрахамыг Евфрат мөрний чанадаас авч, Канааны бүх нутгаар дамжуулан газарчлан хөтөлж, түүний үр удмыг олшруулж, Би түүнд Исаакийг өгсөн. 4 Исаакт Би Иаков болон Исавыг өгч, Исавд Би Сеир уулыг эзэмшүүлэхээр өгсөн. Харин Иаков болон түүний хөвгүүд Египет уруу явсан билээ. 5 Дараа нь Би Мосе, Аарон хоёрыг илгээсэн бөгөөд Өөрийн хийсэн зүйлсүүдээр Египетэд гамшгийг учруулсан. Үүний дараа Би та нарыг тэндээс гаргасан. 6 Би танай өвөг дээдсийг Египетээс гаргасан ба та нар далай дээр ирсэн бөгөөд египетчүүд та нарын өвөг эцгүүдийг Улаан тэнгис хүртэл хөсөг тэрэгнүүд болон морьтонгуудаар мөшгөн хөөв. 7 Гэвч тэд ЭЗЭНээс тусламж гуйн хашхирахад, Тэр та нар болон египетчүүдийн хооронд харанхуй болгон, тэдний дээр тэнгисийг авчран, тэднийг бүрхсэн. Египетэд Миний юу хийснийг та нар өөрсдийн нүдээрээ харсан. Тэгээд та нар цөл газар удаан хугацаагаар амьдрав. 8 Дараа нь Би та нарыг Иорданы зүүнтэйд амьдардаг байсан аморичуудын нутагт аваачсан ба тэд та нартай дайтсан. Би тэднийг гарт чинь өгч, та нарын өмнө Би тэднийг устгахад нутгийг нь та нар эзэмшил болгон авсан билээ. 9 Тэгтэл Зиппорын хүү, Моабын хаан Балак босож, Израилийн эсрэг дайтсан бөгөөд та нарыг хараалгахаар Беорын хүү Балаамыг дуудан явуулсан юм. 10 Гэвч Би Балаамыг сонсохыг хүсээгүй. Тиймээс тэр та нарыг ерөөх болсон ба Би та нарыг түүний гараас аварсан. 11 Та нар Иорданыг гаталж, Иериход ирсэн. Иерихогийн иргэд болон аморичууд, перизчүүд, канаанчууд, хитчүүд, гиргашчууд, хивичүүд, иебусчууд та нарын эсрэг дайтсан билээ. Тийнхүү Би тэднийг гарт чинь өгөв. 12 Би та нарын өмнө хорт зөгийг илгээсэн ба тэр нь аморичуудын хоёр хааныг та нарын өмнөөс хөөн гаргасан юм. Харин та нар үүнийг өөрсдийн сэлэм буюу нумаараа үйлдээгүй юм. 13 Би та нарт өөрсдийн чинь хөдөлмөрлөөгүй нутгийг, өөрсдийн чинь барьж босгоогүй хотуудыг өгсөн ба та нар дотор нь амьдарсан. Та нар өөрсдөө эс тарьсан усан үзмийн талбайгаас болон чидуны төглөөс идэж байгаа билээ" гэв. 14 Тэгэхээр одоо ЭЗЭНээс эмээн, Түүнд чин сэтгэл болон үнэнээр үйлчлэгтүн. Евфрат мөрний цаана болон Египетэд өвөг дээдсийнхээ мөргөж байсан бурхдыг авч хаяад, ЭЗЭНд үйлчил. 15 Хэрэв ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд нийцгүй мэт байвал, хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрсөддөө сонго. Тухайлбал, Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад уу, эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын бурхдад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн, бид ЭЗЭНд үйлчилнэ гэлээ. 16 Ард олон хариулан хэлсэн нь —Өөр бурхдад үйлчлэхээр ЭЗЭНийг орхих нь биднээс холуур байг. 17 Учир нь бидний Бурхан ЭЗЭН биднийг болон өвөг дээдсийг маань Египетийн нутгаас, боолчлолын гэрээс гаргаж, бидний нүдний өмнө тэдгээр агуу тэмдгүүдийг хийсэн ба биднийг бүхий л замын турш болон зам дагуу дайран өнгөрсөн бүх ард олноос хамгаалсан Нэгэн билээ. 18 Мөн ЭЗЭН бидний өмнөөс бүх ард түмнийг, тэдгээрийн дотор бүр уг нутагт амьдарч байсан аморичуудыг хүртэл хөөн гаргасан. Бид ч мөн ЭЗЭНд үйлчлэх болно. Учир нь Тэр бидний Бурхан юм гэв. 19 Тэгэхэд Иошуа ард олонд хэлсэн нь —Та нар ЭЗЭНд үйлчилж чадахгүй. Учир нь Тэр бол ариун Бурхан. Тэр бол хартай Бурхан. Тэр та нарын гэм буруу болон нүглийг уучлахгүй билээ. 20 Хэрэв та нар ЭЗЭНийг орхин, харийн бурхдад үйлчилбэл, Тэр та нарт сайныг хийсэн хэдий ч уруу эргэн, та нарт гамшиг авчирж, та нарыг залгих болно гэв. 21 Ард олон Иошуад —Үгүй, харин бид ЭЗЭНд үйлчлэх болно гэхэд 22 Иошуа ард олонд —Өөрт нь үйлчлэхээр ЭЗЭНийг сонгосныхоо гэрч нар та нар өөрсдөө болов гэхэд тэд —Бид гэрч нар мөн гэлээ. — 23 Тэгэхээр одоо дунд чинь байгаа харийн бурхдыг авч хаян, зүрх сэтгэлээ Израилийн Бурхан ЭЗЭН уруу хандуулагтун гэв. 24 Ард олон Иошуад —Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд үйлчлэн, Түүний дуу хоолойг дагах болно гэлээ. 25 Тийнхүү Иошуа тэр өдөр ард олонтой гэрээ байгуулан, Шехемд тэдэнд зориулсан тогтоол ба зарлигийг үйлдэв. 26 Иошуа эдгээр үгсийг Бурханы хуулийн номд бичээд, том чулуу аван, түүнийг ЭЗЭНий ариун газрын дэргэд байсан царс модны доор байрлуулав. 27 Иошуа бүх ард олонд —Харагтун, энэ чулуу бидэнд гэрч болох болно. Учир нь та бидэнд айлдсан ЭЗЭНий бүх үгсийг энэ чулуу сонссон. Иймээс та нарыг өөрсдийн Бурханаас татгалзахгүй байхаар энэ нь та нарт гэрч болох болно гэв. 28 Ингээд Иошуа ард олныг тус бүр өөрсдийнх нь өв уруу нь явуулав. 29 Энэ бүгдийн дараа ЭЗЭНий зарц, Нуны хүү Иошуа нэг зуун арван настайдаа нас эцэслэв. 30 Тэд Түүнийг Гааш уулын хойд талд орших Ефраимын уулархаг нутагт байх өөрийнх нь өвийн нутаг болох Тимнат-серад нутаглуулав. 31 Израиль Иошуагийн амьдралын бүх өдрүүдэд болон Иошуагаас хойш амьд байсан ба Израильд ЭЗЭНий хийсэн бүх хэргийг мэдэж байсан настангуудын амьдралын бүх өдрүүдэд ЭЗЭНд үйлчлэв. 32 Египетээс Израилийн хөвгүүдийн авчирсан Иосефын ясыг тэд Шехемийн эцэг Емморын хөвгүүдээс зуун мөнгөн зоосоор Иаковын худалдаж авсан газар буюу Шехемд оршуулж, тэр газар Иосефын хөвгүүдийн өв болов. 33 Мөн Аароны хүү Елеазар нас барсан ба тэд түүнийг түүний хүү Финехаст Ефраимын уулархаг нутагт хуваарилагдсан Гибеагийн толгодод нутаглуулав.