ЛУК

1

1 Бидний дунд биелсэн үйл явдлуудын талаар олон хүн эмхтгэхээр шийдсэн билээ. 2 Анхнаас нь нүдээр гэрчлэгчид хийгээд үгийн үйлчлэгчид бидэнд тэдгээрийг уламжилсанчлан, 3 бүгдийг эхнээс нь нягтлан судалсан тул танд түүнийг дэс дараалан бичиж өгөх нь надад бас зохистой санагдлаа, эрхэм хүндэт Теофил минь. 4 Энэ нь танд заасан зүйлсийн талаарх гарцаагүй үнэнийг танд таниулахын тулд юм шүү. 5 Иудейн хаан Херодын өдрүүдэд Абиагийн бүлгийн Захариа нэртэй нэгэн тахилч байжээ. Түүний эхнэр нь Аароны охидоос гаралтай бөгөөд түүнийг Елизабет гэдэг байв. 6 Тэд хоёулаа Эзэний аливаа тушаал шаардлагыг гэм зэмгүйгээр дагаж, Бурханы өмнө зөвт байлаа. 7 Елизабет хүүсэр байсан учир тэд үр хүүхэдгүй байв. Тэгээд ч тэд хоёулаа өтөлсөн байв. 8 Захариа бүлгийнхээ ээлж ёсоор Бурханы өмнө тахилчийн албыг гүйцэтгэж байх зуур ийм явдал тохиожээ. 9 Тахилчийн ёслолын заншлаар шодоход, Эзэний сүмд орж утлага уугиулах үүрэг түүнд таарсан байна. 10 Утлага уугиулах цагт, цугларсан олон бүгд гадаа нь залбирцгааж байжээ. 11 Эзэний тэнгэр элч утлагын тахилын ширээний баруун талд зогсож байгаа нь түүнд үзэгдэв. 12 Захариа түүнийг хармагцаа сандарч, айжээ. 13 Харин тэнгэр элч түүнд хандан —Захариа аа, бүү ай. Учир нь чиний гуйлт сонсогдсон бөгөөд эхнэр Елизабет чинь чамд хүү төрүүлнэ. Чи түүнд Иохан гэдэг нэр өгөх болно. 14 Чи баяр жаргалтай болж, олон хүн түүнийг төрөхөд баясна. 15 Учир нь тэр Эзэний өмнө агуу болох бөгөөд дарс, эсвэл согтоох ундааг хэзээ ч амсахгүй. Эхийнхээ хэвлийд байхдаа ч Ариун Сүнсээр тэр дүүрэн байх болно. 16 Тэр Израилийн хөвгүүдээс олныг Бурхан Эзэнд нь эргүүлэн хандуулах болно. 17 Эцгүүдийнх нь зүрхийг хүүхдүүд уруу нь, дуулгаваргүй нэгнийг зөвт хүмүүсийн мэргэн ухаанд буцаахын тулд Эзэний өмнө Елиагийн хүч болоод сүнс дотор явна. Тийнхүү Эзэний төлөө бэлтгэгдсэн хүмүүсийг бэлэн болгох юм гэжээ. 18 Захариа тэнгэр элчид —Би үүнийг хэрхэн мэдэх билээ? Би хөгшин хүн, эхнэр маань ч өтөлсөн гэхэд, 19 тэнгэр элч хариуд нь түүнд —Би бол Бурханы оршихуйд зогсогч Габриел гэгч агаад энэхүү сайн мэдээг чамд авчирж өгөн, чамтай ярилцахаар илгээгдсэн юм. 20 Харагтун, цаг нь болохоор биелэгдэх үгэнд минь чи итгээгүй учраас эдгээр нь биелэгдэх өдрийг хүртэл чи хэлгүй болж ярьж чадахгүй гэлээ. 21 Хүмүүс Захариаг хүлээн, түүнийг сүмд удсанд гайхацгааж байлаа. 22 Харин тэр гарч ирээд тэдэнтэй ярьж чадсангүй. Сүм дотор тэр үзэгдэл үзсэн юм байна гэж тэд ойлгов. Харин Захариа тэдэнд дохиж зангасаар байсан ба тийнхүү хэлгүй хэвээр хоцров. 23 Тахилчийн алба гүйцэтгэх өдрүүд дуусахад, тэр гэртээ харив. 24 Хэд хоногийн дараа эхнэр Елизабет нь жирэмслэн, таван сарын турш хүний нүдэнд үл өртөж, — 25 Хүмүүсийн дунд буй шившгийг минь зайлуулахаар Эзэн над уруу таалан харж, энэ өдрүүдэд үүнийг надад бүтээн өгсөн нь энэ ажээ гэв. 26 Тэнгэр элч Габриелыг Бурхан Галилын Назар хот уруу зургадугаар сард илгээсэн ажээ. 27 Габриел Давидын удмын Иосеф гэдэг хүнтэй сүй тавьсан онгон бүсгүйн гэрт хүрч ирлээ. Түүнийг Мариа гэдэг байв. 28 Орж ирээд тэнгэр элч түүнд —Ивээгдэгч ээ, баярла! Эзэн чамтай хамт байна гэв. 29 Харин Мариа энэ үгэнд ихэд цочиж, энэ нь юун мэндчилгээ байж болох талаар бодож цэгнэв. 30 Тэнгэр элч түүнд —Мариа, бүү ай. Чи Бурханы ивээлийг олжээ. 31 Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно. 32 Тэр Хүү агуу Нэгэн болох ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана. Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно. 33 Тэр Иаковын гэрийг үүрд хаанчлах бөгөөд Түүний хаанчлалд төгсгөл байхгүй байна гэсэнд, 34 Мариа тэнгэр элчид —Би онгон атал энэ нь яаж бүтэх билээ? гэхэд 35 тэнгэр элч —Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх ариун нэгэн нь Бурханы Хүү гэж дуудагдах болно. 36 Үзэгтүн, чиний садан Елизабет мөн өтөл насандаа хүүтэй болж, хүүсэр гэгдэж байсан тэр эмэгтэй одоо зургаан сартай. 37 Учир нь Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй гэж хэлэв. 38 Мариа —Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэхэд нь тэнгэр элч түүнийг орхин одлоо. 39 Тэр өдрүүдэд Мариа босоод уулархаг нутгийг зорин Иудагийн нэгэн хот уруу яаран явж, 40 Захариагийн гэрт орж Елизабеттай мэндлэв. 41 Елизабет Мариагийн мэндийг сонсмогц хэвлий дэх хүүхэд нь хөдлөв. Елизабет Ариун Сүнсээр дүүрч, 42 чанга дуугаар хашхиран —Эмэгтэйчүүдийн дундаас ерөөлтэй нь чи мөн. Хэвлий дэх үр чинь ерөөлтэй еэ! 43 Эзэний минь эх над дээр ирж яаж болох билээ? 44 Харагтун, мэндийн дуу чинь миний чихнээ сонсогдмогц хэвлий дэх үр минь баярлан хөдлөв. 45 Эзэнээс өөрт нь айлдсан зүйл биелнэ гэдэгт итгэсэн тэр эмэгтэй ерөөлтэй еэ! хэмээв. 46 Мариа —Сэтгэл минь Эзэнийг дээдэлнэ, 47 сүнс минь ч миний Аврагч Бурханд баяссан. 48 Учир нь Эзэн шивэгчнийхээ даруу байдлыг харав. Харагтун, энэ цагаас хойш бүх үеийнхэн намайг ерөөлтэй гэж тооцох болно. 49 Учир нь Хүчит Нэгэн миний төлөө агуу үйлсийг хийв. Түүний нэр ариун билээ. 50 Түүний өршөөл Түүнээс эмээгчдэд үеэс үед дамжин байх болно. 51 Тэр Өөрийн мутраар хүчит үйлсийг бүтээж, зүрхнийхээ бодлуудад бардамнагчдыг тараасан билээ. 52 Удирдагчдыг сэнтийнээс нь буулган, даруу байгсдыг Тэр өргөмжлөв. 53 Өлссөн хүмүүсийг сайнаар бялхуулж, баячуудыг гар хоосон буцаав. 54 Өөрийнхөө зарц болох Израильд Тэр туслан, өршөөлөө дурсаж, 55 бидний эцэг өвгөдөд айлдсанчлан, Абрахамыг болоод үр удмыг нь үүрд өршөөнө гэжээ. 56 Мариа Елизабетын хамт гурван сар орчим байгаад, гэртээ буцлаа. 57 Елизабетын төрөх цаг нь болж, хүү төрүүлэв. 58 Эзэн түүнд агуу өршөөлөө үзүүлснийг хөршүүд нь болон төрөл саднууд нь дуулаад хамтдаа баярлаж байлаа. 59 Ингээд найм дахь өдөр нь тэд хүүхдийн хөвчийг хөндөхөөр ирээд, хүүг эцгийнх нь нэрээр Захариа гэж нэрлэх гэхэд нь 60 түүний эх —Үгүй, тэр Иохан гэж дуудагдах болно гэв. 61 Тэд түүнд —Чиний төрөл садан дотор ийм нэртэй хүн ер байхгүй шүү дээ гээд, 62 эцгээс нь хүүг хэн гэж нэрлэхийг хүсэж байгааг нь дохио зангаагаар асуухад, 63 Захариа самбар гуйж, дээр нь «Хүүгийн нэр нь Иохан» гэж бичихэд тэд бүгд гайхаж хоцров. 64 Тэр даруй түүний хэл, ам нь нээгдэн, Бурханыг магтан ярьж эхлэв. 65 Тэдний эргэн тойронд амьдардаг бүх хүмүүс айдаст автаж, Иудейн бүх уулархаг нутгаар энэ бүхний тухай яриа болж байлаа. 66 Үүнийг сонссон бүхэн бодол санаандаа хадгалж —Энэ хүүхэд тэгвэл юу болох бол? гэцгээж байв. Учир нь Эзэний мутар гарцаагүй түүний хамт байлаа. 67 Эцэг Захариа нь Ариун Сүнсээр дүүрч, эш үзүүлэн, 68 —Израилийн Бурхан Эзэн магтагдах болтугай! Юу гэвэл Тэр бидэн уруу ирж, Өөрийн ард түмний төлөөх золилтыг гүйцээсэн. 69 Өөрийн зарц Давидын гэрт бидний төлөөх авралын эврийг босгов. 70 (Тэр эртнээс ариун эш үзүүлэгчдийнхээ амаар дамжуулан айлдсанчлан) 71 Энэ нь дайснуудаас маань болоод биднийг үзэн ядагсдын гараас аврах аврал бөгөөд 72 эцэг өвгөдөд минь өршөөл үзүүлж, Өөрийн ариун гэрээгээ дурсахын тулд юм. 73 Тэр гэрээ нь бидний эцэг Абрахамд тангарагласан тангараг бөгөөд 74 дайснуудын гараас авраад, айдас түгшүүргүйгээр 75 бид бүх өдрүүдийнхээ турш Түүний өмнө ариун болоод зөвт байдал дотор Түүнд үйлчлэхийн тулд болой. 76 Хүү, чи Хамгийн Дээд Нэгэний эш үзүүлэгч гэж дуудагдана. Учир нь чи Түүний замыг бэлдэхийн тулд Эзэний өмнө явах болно. 77 Энэ нь Түүний ард түмэнд авралын мэдлэгийг нүглүүдийнх нь уучлалаар өгөхийн тулд юм. 78 Бидний Бурханы нигүүлсэнгүй өршөөлөөр Мандах нар нь дээрээс бидэнд айлчлан ирэх нь 79 харанхуй ба үхлийн сүүдэрт суугсдын дээр гийж, бидний хөлийг энх тайвны зам уруу чиглүүлэхийн тулд юм гэсэн ажгуу. 80 Хүүхэд өссөөр, сүнсээр хүчирхэг болсон бөгөөд Израилийн өмнө гарч ирэх өдрөө хүртэл цөлд амьдрав.

2

1 Тэр өдрүүдэд газар бүрд хүн амын тооллого явуулах тухай Цезарь Августын зарлиг гарчээ. 2 Энэ нь Куирини Сирийн захирагч байсан үед хийсэн анхны тооллого байлаа. 3 Тооллогод бүртгүүлэхээр бүгд өөр өөрийн төрөлх хот уруу явцгаав. 4 Иосеф Давидын удмын хүн байсан тул бас Галилын Назар хотоос Иудейг зорин Бетлехем гэгддэг Давидын хот уруу 5 хүүхэдтэй болсон сүйт бүсгүй Мариагийнхаа хамт бүртгүүлэхээр явав. 6 Тэднийг тэнд байх үед Мариагийн нярайлах өдөр нь болж, 7 тэр ууган хүүгээ төрүүлж, Түүнийг даавуунд ороож тэжээлийн тэвшин дотор тавив. Учир нь дэн буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй. 8 Тэр газар хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож байжээ. 9 Гэнэт Эзэний тэнгэр элч тэдний өмнө зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ. 10 Тэнгэр элч тэдэнд —Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа. 11 Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. 12 Тэжээлийн тэвшинд байх даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг та нар олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ. 13 Гэнэт өнөөх тэнгэр элчийн хамт олон тооны тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтан, — 14 Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв. 15 Тэнгэр элч нар тэднийг орхин тэнгэр өөд одсонд хоньчид бие биедээ —Одоо шууд Бетлехемд очъё. Эзэний бидэнд мэдүүлсэн зүйл бүтсэнийг үзэцгээе гэлээ. 16 Тэд яаран ирж, Мариа, Иосеф болон тэжээлийн тэвшин дотор хэвтэж буй Хүүг олж очив. 17 Тэд үүнийг хараад мөнөөх Хүүхдийн тухай сонссон үгээ мэдүүллээ. 18 Хоньчдын тэдэнд ярьсан зүйл нь сонссон бүгдийн гайхлыг төрүүлжээ. 19 Харин энэ үгийг Мариа зүрхэндээ тунгаан бодож, энэ бүхнийг нандигнан хадгалсан юм. 20 Өөрсдөд нь хэлүүлсэний дагуу сонсож, үзсэн болгоныхоо төлөө хоньчид Бурханыг магтан алдаршуулсаар буцлаа. 21 Найман өдрийн дараа Түүний хөвчийг хөндөн Түүнд Есүс гэдэг нэр хайрлав. Түүнийг хэвлийд бий болохоос өмнө тэнгэр элч энэ нэрийг өгсөн ажээ. 22 Мосегийн хууль ёсоор цэвэрших өдрүүд нь дуусахад тэд Түүнийг Эзэнд өргөхөөр Иерусалимд авчрав. 23 Энэ нь «Хэвлийг нээгч ууган эр хүйстэн бүхэн Эзэнд ариун гэж дуудагдах болно» гэж Эзэний хуульд бичигдсэний дагуу юм. 24 Ингэхдээ Эзэний хуульд «Хос хүүрзгэнэ эсвэл тагтааны хоёр дэгдээхийг» гэсний дагуу тахил өргөхийн тулд иржээ. 25 Үзэгтүн, Иерусалимд Симеон гэгч зөвт шударга агаад сүсэгт нэгэн байв. Тэр Израилийн тайтгарлыг хүлээж байсан бөгөөд түүний дээр Ариун Сүнс байлаа. 26 Эзэний Христийг үзэхээс нааш өөрийг нь үхэхгүй хэмээн Ариун Сүнс түүнд илэрхийлсэн байжээ. 27 Тэр хүн Сүнсэнд хөтлөгдсөөр сүмд иржээ. Хүү Есүсийн төлөө Хуулийн ёслолыг үйлдэхийн тулд эцэг эх нь Түүнийг сүмд авчрах үед нь 28 Симеон Хүүг гар дээрээ авч, Бурханыг магтаад — 29 Эзэн, Та Өөрийн үгийн дагуу боол намайгаа амар тайван явуултугай. 30 Учир нь Миний нүд Таны авралыг харлаа. 31 Та үүнийг бүх ард түмний өмнө бэлдсэн билээ. 32 Энэ нь харь үндэстэнд илчлэлийн гэрэл, Таны ард түмэн болох Израилийн алдар нь болой гэжээ. 33 Хүүгийн эцэг эх Түүний тухай хэлсэн энэ үгэнд ихэд гайхаж байлаа. 34 Симеон тэднийг ерөөгөөд, Түүний эх Мариад —Харагтун, энэ Хүүхэд Израильд олныг унагах, босгох болон эсэргүүцэх тэмдгийн төлөө томилогджээ. 35 Сэтгэл чинь хүртэл илдэнд нэвт сүлбэгдэх болно. Эцэст нь олон түмний зүрхний бодол санаа илчлэгдэнэ гэв. 36 Мөн тэнд Ашер овгийн Фануелын охин Анна гэгч эш үзүүлэгч нас өндөр эмэгтэй байв. Тэр гэрлэснийхээ дараа нөхөртэйгөө долоон жил хамт амьдраад 37 дараа нь наян дөрвөн нас хүртлээ бэлэвсэн явжээ. Тэр эмэгтэй мацаг барилт болон залбирлаар өдөр шөнөгүй үйлчлэн, сүмийг хэзээ ч орхисонгүй. 38 Энэ мөчид Анна хүрч ирж, Бурханд талархал өргөөд, Иерусалимын золилтыг хүлээж байсан бүхэнд Түүний тухай үргэлжлүүлэн ярив. 39 Тэд Эзэний Хуулийн дагуу бүгдийг гүйцэлдүүлсний дараа Галил уруу өөрсдийнхөө Назар хот уруу буцжээ. 40 Хүүхэд өсөж, хүчирхэг болон мэргэн ухаанд боловсорсоор байлаа. Бурханы нигүүлсэл Түүн дээр байсан юм. 41 Түүний эцэг эх жил бүр Дээгүүр Өнгөрөх баяраар Иерусалим уруу явдаг байв. 42 Түүнийг арван хоёр настай байхад нь Баярын заншил ёсоор тэд мөн тийш явцгаав. 43 Тогтсон хоногуудын тоог гүйцээсний дараа тэд буцахад Есүс хүү Иерусалимд үлджээ. Эцэг эх нь ч үүнийг анзаарсангүй. 44 Харин Түүнийг жингийн цуваан дунд яваа хэмээн бодож, аяныхаа нэг өдрийг ардаа өнгөрөөжээ. Тэд Түүнийг төрөл садан болоод танилуудынхаа дунд хайж эхлэв. 45 Тэд Түүнийг олсонгүй. Тэгээд Есүсийг хайн Иерусалим уруу буцан ирэв. 46 Гурван өдрийн дараа тэд Түүнийг сүмд багш нарын дунд суугаад тэднийг сонсож, мөн тэднээс асууж байхад нь олжээ. 47 Түүний ухаан болон хариултууд нь Түүнийг сонссон бүхний гайхлыг төрүүлж байв. 48 Тэд Түүнийг хараад гайхаж, эх нь Түүнд —Хүү минь, Чи юунд бидэнд ингэж хандав? Эцэг бид хоёр чинь санаа зовон Чамайг эрж хайлаа гэхэд, 49 Тэр —Та нар юунд Намайг хайсан юм бэ? Эцэгийнхээ гэрт байх ёстойг минь та нар мэдсэнгүй гэж үү? гэв. 50 Түүний хэлсэн үгийг тэд ойлгосонгүй. 51 Тэр тэдний хамт явсаар Назарт ирж, тэдний үгэнд дуулгавартай байв. Энэ бүхнийг нь Түүний эх зүрх сэтгэлдээ нандигнан хадгалсан юм. 52 Есүсийн бие болон мэргэн ухаан нь өссөөр байсан бөгөөд Бурханы болон олон түмний тааллыг олжээ.

3

1 Цезарь Тиберийн хаанчлалын арван тав дахь жилд, Понти Пилат Иудейн захирагч, Херод Галилын хаан, түүний дүү Филип Итурае болон Трахонитын мужийн хаан, Лусан Абилений хаан, 2 Аннас болон Каиаф нар тэргүүн тахилч байх үед цөлд буй Захариагийн хүү Иохан уруу Бурханы үг ирэв. 3 Тэр Иордан хавийн бүх газраар явж, нүглүүдийн уучлалын төлөөх гэмшлийн баптисмыг тунхаглаж байлаа. 4 Энэ нь эш үзүүлэгч Исаиагийн үгстэй номд бичигдсэнчлэн, «Цөлд хашхирагч нэгний дуу "Эзэний замыг бэлтгэгтүн, Түүний замыг шулуун болгогтун. 5 Гуу жалга бүр дүүрч, уулс, толгод бүхэн доошлон, тахир нь шулуун болж, хотгор бүхэн тэгшрэх бөгөөд 6 аливаа махан бие Бурханы авралыг үзнэ" гэнэ» гэжээ. 7 Тиймээс тэр өөрөөр нь баптисм хүртэх гэж байсан олонд хандан —Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугтахыг хэн та нарт сануулав? 8 Тийм бөгөөс гэмшилд зохистой үр жимсийг бий болгогтун. "Бидэнд Абрахам эцэг маань байна" гэж өөрсөддөө бүү хэл. Би та нарт хэлье. Бурхан эдгээр чулуунуудаас ч Абрахамд хүүхдүүдийг босгож чадна. 9 Моддын үндсэнд сүх хэдийнээ зоогджээ. Тиймээс сайн үр жимс ургуулдаггүй аливаа мод цавчигдан галд хаягдах болно гэв. 10 Цугласан олон түүнээс —Тэгвэл бид юу хийх ёстой юм бэ? гэж асууцгаав. 11 Тэр тэдэнд —Хоёр цамцтай нь цамцгүй нэгэндээ илүүчил. Хоолтой нэг нь үүний адил үйлдэгтүн гэлээ. 12 Зарим татвар хураагчид баптисм хүртэхээр бас ирж, түүнээс —Багш аа, бид яах болж байна? гэхэд, — 13 Та нар тогтоогдсоноос илүүг бүү авагтун гэв. 14 Зарим цэргүүд —Бид яах болж байна, бид яах ёстой юм бэ? гэсэнд, тэр —Хэнээс ч хүчээр мөнгө бүү ав. Хэнийг ч хилсээр бүү гүтгэ. Авдаг хөлсөндөө сэтгэл хангалуун бай гэлээ. 15 Ард олон Христийг хүлээн, Иоханы тухай бүгд зүрх сэтгэлдээ түүний Христ мөн болох эсэхийг бодож байлаа. 16 Иохан бүгдэд хандан —Миний хувьд гэвэл, би та нарт усаар баптисм хүртээдэг. Харин надаас илүү хүчтэй Нэгэн ирж байна. Би Түүний шаахайн сурыг ч тайлах зохисгүй хүн. Тэр та нарт Ариун Сүнс хийгээд галаар баптисм хүртээнэ. 17 Үтрэмээ гүйцэд цэвэрлэн, улаан буудайг саравчиндаа овоолохын тулд Түүний гарт шигшигч сэрээ нь байна. Харин Тэрээр хог хаягдлыг нь унтаршгүй галаар шатаана гэлээ. 18 Тийнхүү өөр олон зүйлийг хэлж сэнхрүүлэн, тэр ард олонд сайн мэдээг тунхаглаж байлаа. 19 Харин захирагч Херод дүүгийнхээ эхнэр Херодиагийн хэрэг болон өөрийн үйлдсэн бузар муу бүх хэргийн төлөө Иоханаас зэмлэл хүртжээ. 20 Энэ бүхэн дээр нэмээд, тэр Иоханыг шоронд хориулжээ. 21 Ард олон бүгдээрээ баптисм хүртэж байх үед Есүс мөн баптисм хүртээд залбирч байх зуур тэнгэр заагдан, 22 Ариун Сүнс биет хэлбэрээр Түүн дээр тагтаа мэт буун иртэл тэнгэрээс дуу гарч —Чи Миний хайртай Хүү. Чамд Миний таалал оршдог гэв. 23 Есүс гучаад настай байхдаа Өөрийн үйлчлэлийг эхэлсэн бөгөөд хүмүүсийн боддогоор, Тэр бол Иосефын хүү, Иосеф нь Елигийн, 24 Ели нь Маттатын, Маттат нь Левийн, Леви нь Мелхигийн, Мелхи нь Ианнайн, Ианнай нь Иосефын, 25 Иосеф нь Маттатиагийн, Маттатиа нь Амосын, Амос нь Нахумын, Нахум нь Хеслийн, Хесли нь Наггайн, 26 Наггай нь Маатын, Маат нь Маттатиагийн, Маттатиа нь Семейний, Семейн нь Иосехын, Иосех нь Иодагийн, 27 Иода нь Иоананы, Иоанан нь Рхесагийн, Рхеса нь Зеруббабелын, Зеруббабел нь Шеалтиелын, Шеалтиел нь Нерийн, 28 Нери нь Мелхигийн, Мелхи нь Аддийн, Адди нь Косамын, Косам нь Елмадамын, Елмадам нь Ерийн, 29 Ер нь Иошуагийн, Иошуа нь Елиезерийн, Елиезер нь Иоримын, Иорим нь Маттатын, Маттат нь Левийн, 30 Леви нь Симеоны, Симеон нь Иудагийн, Иуда нь Иосефын, Иосеф нь Ионамын, Ионам нь Елиакимын, 31 Елиаким нь Мелеагийн, Мелеа нь Меннагийн, Менна нь Маттатагийн, Маттата нь Натаны, Натан нь Давидын, 32 Давид нь Иессийн, Иесси нь Обедын, Обед нь Боазын, Боаз нь Салмоны, Салмон нь Нахшоны, 33 Нахшон нь Амминадабын, Амминадаб нь Админы, Админ нь Рамын, Рам нь Хезроны, Хезрон нь Перезийн, Перез нь Иудагийн, 34 Иуда нь Иаковын, Иаков нь Исаакийн, Исаак нь Абрахамын, Абрахам нь Терагийн, Тера нь Нахорын, 35 Нахор нь Серугийн, Серуг нь Реугийн, Реу нь Пелегийн, Пелег нь Хеберийн, Хебер нь Шелагийн, 36 Шела нь Кайнаны, Кайнан нь Арфаксадын, Арфаксад нь Шемийн, Шем нь Ноагийн, Ноа нь Ламехын, 37 Ламех нь Метуселагийн, Метусела нь Енохын, Енох нь Иаредын, Иаред нь Махалалеелын, Махалалеел нь Кайнаны, 38 Кайнан нь Еношийн, Енош нь Сетийн, Сет нь Адамын, Адам нь Бурханы хүү болой.

4

1 Есүс Ариун Сүнсээр дүүрч Иорданаас буцаж цөлд Сүнсээр хөтлөгдөн, 2 дөчин өдрийн турш диаволд соригджээ. Тэр үеийн турш Тэр юу ч идээгүй учир тэдгээр өдрүүдийг дууссаны дараа ихэд өлсжээ. 3 Диавол Түүнд —Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол энэ чулуунд талх бол гэж тушаа л даа гэв. 4 Есүс —"Хүн зөвхөн талхаар амьдардаггүй" гэж бичигдсэн байдаг гэлээ. 5 Дараа нь тэр Түүнийг дээш аваачаад, хоромхон зуур дэлхийн бүх хаанчлалуудыг үзүүлэв. 6 Тэгээд диавол Түүнд —Энэ бүх эзэмшил болон тэдгээрийн сүр хүчийг би Чамд өгье. Учир нь энэ бүгд надад өгөгдсөн юм. Би үүнийг хүссэн хүндээ өгч чадна. 7 Тиймээс хэрэв Чи надад мөргөвөл, энэ бүгд Чинийх болно гэхэд 8 Есүс түүнд —"Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн Түүнд үйлчил" гэж бичигдсэн байдаг гэв. 9 Тэр Түүнийг Иерусалим уруу аваачаад сүмийн орой дээр зогсоогоод, түүнд —Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол эндээс доошоо үсэр. 10 "Чамайг хамгаалах үүргийг Тэр тэнгэр элч нартаа өгнө" 11 мөн "Тэд гар дээрээ Чамайг өргөөд авч явна. Ингэснээр Чи хөлөө чулуунд цохихгүй юм" гэж бичигдсэн байдаг шүү дээ гэсэнд, 12 Есүс —"Чи өөрийн Бурхан Эзэнээ сорьж үл болно" гэж бас айлдсан байдаг гэлээ. 13 Диавол хамаг сорилтоо бараад, тохиромжтой цаг иртэл Түүнийг орхин оджээ. 14 Есүс Сүнсний хүч дотор Галилд буцаж ирэв. Түүний тухай зар эргэн тойрон дахь газар тархсан байлаа. 15 Тэр синагогуудад нь сургаал зааж эхэлсэн агаад бүгд Түүнийг магтан шагшицгааж байв. 16 Есүс Өөрийн өссөн хот Назартаа ирж, заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж, Судраас уншихаар босов. 17 Түүнд эш үзүүлэгч Исаиагийн номыг өргөн барив. Есүс номыг нээн, доор бичигдсэн хэсгийг олоод, — 18 Эзэний Сүнс Над дээр байна. Учир нь сайн мэдээг ядууст дэлгэрүүл гэж Тэр Намайг тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, Сохруудад хараа оруулах, Дарамтанд байгсдыг чөлөөлөхийн сацуу, 19 мөн Эзэний тааламжит жилийг тунхаглахын тулд болой гэж уншаад, 20 номоо хуйлж, харгалзагчид эргүүлэн өгөөд, суув. Синагогт байсан бүгдийн нүд Түүнийг ширтэн байлаа. 21 Тэр тэдэнд хандаж —Энэхүү Судар өнөөдөр сонсголд тань биеллээ гэж айлдав. 22 Бүгд Түүний тухай сайнаар ярьж, Түүний амнаас гарах нигүүлслийн үгст гайхаж байв. Тэд —Энэ чинь Иосефын хүү биш үү? гэцгээж байлаа. 23 Тэр тэдэнд —"Эмч ээ, өөрийгөө анагаа" гэх зүйр үгийг та нар Надад хэлж, Капернаумд үйлдсэн гэж бидэнд сонсогдсон бүхнээ энд, төрөлх хотдоо бас үйлдээч гэх байх л даа гээд, 24 Тэр —Үнэнээр Би та нарт хэлье. Нэг ч эш үзүүлэгч төрөлх хотдоо хүндлэгддэггүй. 25 Харин Би та нарт үнэнээр хэлье. Елиагийн өдрүүдэд гурван жил зургаан сарын турш тэнгэр хаагдан бүх газар их өлсгөлөн болох үед Израильд бэлэвсэн эмэгтэйчүүд олон байсан. 26 Гэсэн хэдий ч Елиа тэдний хэн уруу ч илгээгдэлгүй харин зөвхөн Сидон нутгийн Зарефат хэмээх нэгэн бэлэвсэн эмэгтэй уруу илгээгджээ. 27 Мөн эш үзүүлэгч Елишагийн үед Израильд уяман өвчтэй байсан олон хүмүүсээс нэг нь ч цэвэршээгүй атал зөвхөн Сирийн Нааман гэгч цэвэршжээ гэв. 28 Синагогт байгсад бүгд үүнийг сонсоод уур хилэнгээр дүүрч, 29 босон харайж, Есүсийг хотоосоо гаргажээ. Тэгээд Түүнийг цохионоос түлхэн унагахаар толгодын орой уруу авчрав. Тэдний хот тэнд баригдсан ажээ. 30 Харин Тэр тэдний дундуур өнгөрч, Өөрийнхөө замаар одлоо. 31 Тэрээр уруудан явж, Галилын Капернаум хотод ирээд, Амралтын өдөр хүмүүст сургаал зааж байлаа. 32 Түүний сургаал эрх мэдэлтэй байсан тул тэд сургаалыг нь гайхан шагшиж байлаа. 33 Синагогт бузар чөтгөрийн сүнсэнд эзэмдүүлсэн нэгэн хүн байсан агаад тэр чанга дуугаар — 34 Хүүе, Назарын Есүс ээ, бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг хөнөөхөөр ирсэн үү? Би Таны хэн болохыг, Бурханы Ариун Нэгэн гэдгийг мэднэ гэхэд 35 Есүс түүнийг зэмлэж, —Дуугүй бай. Түүнээс зайл! гэлээ. Тэгтэл чөтгөр түүнийг хүмүүсийн дунд унагаагаад, хөнөөлгүйгээр түүнээс гарч одов. 36 Тэд бүгдээрээ гайхширч, өөр хоорондоо —Энэ юун сургаал вэ? Тэр эрх мэдэл хийгээд хүчээр бузар сүнснүүдэд тушаахад тэд гарцгаав гэж ярилцаж эхлэв. 37 Түүний тухай зар хавийн бүх газраар тархаж байлаа. 38 Есүс босож, синагогаас гараад, Симоны гэрт ороход түүний хадам эх маш их халуунтай шаналж байжээ. Тэд Симоны хадам эхийн төлөө Түүнээс гуйв. 39 Есүс хадмынх нь дэргэд зогсоод, халууныг зэмлэхэд халуун нь буужээ. Тэр даруй хадам эх нь босож, тэднийг зочлов. 40 Нар жаргах үеэр элдвийн өвчтэй хүмүүсийг Есүс уруу авчирсанд Тэр хүн бүр дээр гараа тавин, тэднийг эдгээж байлаа. 41 Чөтгөрүүд олон хүмүүсээс гарч, —Та бол Бурханы Хүү мөн хэмээн хашхирч байв. Түүнийг Христ гэдгийг нь тэд мэдэж байсан тул Тэр тэднийг зэмлэж, тэдэнд ярихыг зөвшөөрөхгүй байлаа. 42 Үүр цайх үеэр Есүс явж, эзгүй газар очсон боловч олон түмэн Түүнийг хайж байв. Тэгээд тэд Түүн уруу ирж, Есүсийг өөрсдөөсөө явуулахгүй байхыг хичээцгээж байлаа. 43 Харин Тэр тэдэнд —Би Бурханы хаанчлалыг өөр хотуудад бас тунхаглах ёстой. Энэ зорилгын тулд Би илгээгдсэн билээ гэв. 44 Тэр Иудейн синагогуудад сургаалаа айлдсаар байлаа.

5

1 Түүнийг Геннесаретын нуурын дэргэд зогсож байхад Түүнийг олон түмэн тойрон бүчиж, Бурханы үгийг сонсож байлаа. 2 Тэгээд Тэр нуурын хөвөөнд хоёр завь байхыг харав. Харин загасчид нь завинаасаа буугаад тороо угааж байлаа. 3 Есүс завинуудын нэгэн дээр буюу Симоны завин дээр гараад, газраас жаахан холдуулахыг түүнээс гуйв. Тэгээд Есүс суугаад завин дээрээс олон түмэнд сургаалаа зааж эхлэв. 4 Тэр айлдаж дуусаад, Симонд —Усны гүн уруу нь очоод тороо хаяад барь гэхэд 5 Симон —Эзэн, бид шөнөжингөө зүдрэн загасчлаад юу ч барьсангүй. Гэвч Та хэлж байгаа тул тороо хаяад үзье гэв. 6 Тэд тороо хаятал маш их хэмжээний загас баригдаж, тор нь урагдаж эхлэв. 7 Тэд нөгөө завин дээрх бусад нөхөддөө ирж туслахыг дохиход, тэд ирж хоёр завийг дүүргэхэд тэд живж эхлэв. 8 Харин Симон Петр үүнийг хараад, Есүсийн хөлд унаад —Эзэн, би нүгэлт хүн тул надаас холдооч! гэлээ. 9 Энэ загасчлалаас болж тэр болон түүний нөхөд бүр гайхаж орхижээ. 10 Түүнчлэн Симоны хамтрагчид болох Зебедеен хөвгүүд Иаков, Иохан хоёр ч гайхаж хоцров. Тэгтэл Есүс Симонд хандан —Бүү ай! Үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно гэв. 11 Тэгээд тэд завиа эрэгт хүргээд бүхнийг орхин, Түүнийг дагалаа. 12 Есүсийг нэгэн хотод байх үед нь, биеэрээ дүүрэн уяман өвчтэй нэг хүн Түүнийг хараад нүүрээрээ унаж, —Эзэн, хэрэв Та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ гэж гуйлаа. 13 Тэр гараа сунган, түүнд хүрч —Би хүсэж байна. Цэвэрш гэхэд тэр даруйд өнөө хүн уяман өвчнөөсөө ангижирлаа. 14 Тэрээр хэнд ч хэлж болохгүй гэж түүнд тушаагаад, —Харин явж, өөрийгөө тахилчид үзүүлээд тэдэнд гэрчлэл болгон Мосегийн тогтоосон ёсоор цэвэршсэнийхээ төлөө өргөл өргө гэлээ. 15 Харин Түүний тухай зар улам газар авч, бүр олон хүмүүс Түүнийг сонсох гэж, мөн өвчнөө эдгээлгэхээр хуран цуглаж байв. 16 Харин Тэр Өөрөө дандаа сэмхэн зайлж эзгүй зэлүүд газар уруу явж, залбирдаг байлаа. 17 Нэгэн өдөр Түүнийг сургаалаа зааж байхад нь тэнд Иерусалим, Иудей болон Галилын бүх тосгодоос ирсэн хэсэг хуулийн сургагч нар болоод фарисайчууд сууж байжээ. Эдгээлтийг гүйцэтгэхийн тулд Эзэний хүч Түүнд өгөгдсөн байв. 18 Үзэгтүн, хэсэг хүн саа өвчтэй хүнийг дэвсгэртэй нь авчрав. Тэгээд дотогш нь оруулж, Түүний өмнө аваачих гэж хичээсэн боловч 19 үй олон хүнээс болж түүнийг дотогш нь оруулах аргагүй байсан тул тэд дээвэр дээр гарч, дээврээр тэр хүнийг дэвсгэртэй нь доош буулгаж, Есүсийн өмнө яг төвд нь тавив. 20 Тэдний итгэлийг хараад Есүс —Анд минь, нүгэл чинь уучлагдсан гэхэд 21 хуулийн багш нар болон фарисайчууд —Бурханыг доромжлон ярьж буй энэ хүн хэн гэгч вэ? Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах юм бэ? хэмээн дотроо бодоцгоожээ. 22 Харин тэдний бодлыг мэдсэн Есүс тэдэнд —Та нар яагаад ингэж бодов? 23 "Нүгэл чинь уучлагдлаа" гэж хэлэх, эсвэл "Босоод алх" гэж хэлэхийн аль нь амархан бэ? 24 Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд саа өвчтэй хүнд —Би чамд хэлж байна. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэв. 25 Даруй өнөө хүн тэдний өмнө босож, дээр нь хэвтэж байсан юмаа аваад, Бурханыг алдаршуулсаар гэрийн зүг явжээ. 26 Тэд бүгдээрээ мэл гайхаж, Бурханыг алдаршуулж эхэлсэн бөгөөд —Бид өнөөдөр мөн ч гайхалтай зүйлс харлаа гэцгээн бүгд айдаст автсан байлаа. 27 Дараа нь Тэр гарч яван, татвар хураагч Леви гэгч хүнийг татварын газар суухыг хараад, —Намайг дага гэж түүнд хэлэхэд 28 тэр хамаг юмаа ардаа орхин босож, Түүнийг дагалаа. 29 Леви Есүст зориулж гэртээ том зоог барив. Тэнд олон татвар хураагчид болон өөр хүмүүс тэдэнтэй хамт ширээнд тухлан сууж байжээ. 30 Фарисайчууд, мөн тэдний хуулийн багш нар —Та нар чинь яагаад татвар хураагчид болон нүгэлтнүүдийн хамт идэж, ууж байдаг билээ? гэж Түүний шавь нарт дургүйцэн хэлэхэд 31 Есүс тэдэнд —Эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст эмч хэрэгтэй. 32 Би зөвт хүнийг бус, харин нүгэлтнүүдийг гэмшилд дуудахаар ирсэн юм гэв. 33 Тэд Түүнд —Иоханы шавь нар байнга мацаг барьж, залбирлаа өргөдөг. Фарисайчуудын шавь нар ч мөн адил үйлддэг. Харин Таных идэж, ууцгаах юм гэсэнд 34 Есүс тэдэнд —Шинэ хүргэнийг байхад та нар хүргэний бараа бологчдыг мацаг бариулж болохгүй биз дээ? 35 Харин тэр өдрүүд ирнэ. Шинэ хүргэн тэднээс аваачигдах өдрүүдэд тэд мацаг барина гэв. 36 Тэгээд Тэр мөн тэдэнд хандан нэгэн сургаалт зүйрлэлээр —Хэн ч шинэ дээлээсээ урж аваад, хуучин дээлээ нөхдөггүй. Тэгвэл тэр шинээ ч урах болно. Шинэ нь хуучинд үл зохино. 37 Хэн ч шинэ дарсыг хуучин тулманд хийдэггүй. Тэгвэл шинэ дарс тулмаа зад тавина. Дарс асгарч, тулам ч хэрэггүй болно. 38 Харин шинэ дарсыг шинэ тулманд л хийх ёстой. 39 Хуучин дарс уучихаад хэн ч шинийг хүсдэггүй шүү дээ. Учир нь тэр "Хуучин нь сайн" гэнэ гэж тэдэнд айлдав.

6

1 Нэгэн Амралтын өдөр Тэр тариан талбайгаар дайран өнгөрч байлаа. Шавь нар нь тариан түрүү шувтран авч гартаа цайруулан идэж байжээ. 2 Харин фарисайчуудын зарим нь —Та нар чинь Амралтын өдөр хууль бус зүйл юунд үйлдэнэ вэ? гэхэд 3 Есүс —Давид болон түүнтэй хамт байгсад өлсөхдөө юу хийснийг нь та нар уншаагүй юу? 4 Тэр Бурханы гэрт орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох ариусгасан талхнаас авч идсэн төдийгүй мөн нөхөддөө өгсөн шүү дээ гээд, 5 тэдэнд —Хүний Хүү нь Амралтын өдрийн Эзэн мөн гэлээ. 6 Өөр нэгэн Амралтын өдөр Түүнийг синагогт орж, сургаалаа зааж байхад тэнд баруун гар нь хатангиржсан хүн байжээ. 7 Фарисайчууд болон хуулийн багш нар Түүнийг буруутгах шалтаг олохын тулд Амралтын өдөр тэр хүнийг Есүс эдгээх эсэхийг нь ажиглан ширтэж байлаа. 8 Харин Тэр тэдний бодлыг мэдээд, хатангир гартай хүнд —Бос, урагшаа гар гэсэнд, тэр босож урагшаа гарлаа. 9 Есүс тэдэнд хандан —Би та нараас асууя, Амралтын өдөр сайныг эсвэл мууг үйлдэх, амь аврах эсвэл амь хөнөөхийн аль нь ёсонд нийцэх вэ? гээд, 10 тэднийг бүгдийг нь тойруулан харснаа түүнд —Гараа сунга гэв. Тэр хүн гараа сунгахад гар нь зүгээр болсон байлаа. 11 Харин тэд уур хилэнгээр дүүрч, Есүсийг хэрхэх талаар өөр хоорондоо ярилцацгаав. 12 Тэдгээр өдрүүдэд Есүс залбирахаар ууланд гарч, бүхэл шөнийг Бурханд залбирсаар өнгөрөөв. 13 Өглөө болоход Тэр шавь нараа Өөр уруугаа дуудаад, тэднээс арван хоёрыг сонгон, элч нар гэж нэрлэжээ. 14 Тэдгээр нь Петр гэж нэрлэгдсэн Симон болон түүний дүү Андрей, Иаков, Иохан, Филип, Бартоломай, 15 Матай, Томас, Алфайн хүү Иаков, Зеалот гэгдэх Симон, 16 Иаковын хүү Иудас, урвагч болсон Искариотын Иудас нар болой. 17 Тэгээд Тэр тэдний хамт уруудан бэлд буун ирж зогсов. Тэнд асар олон дагалдагч нар нь байсан бөгөөд бүх Иудей, Иерусалим, Тир болон Сидоны эрэг хавийн нутгуудаас ирсэн үй олон хүмүүс 18 Түүнийг сонсохоор, бас өвчнөө эдгээлгэхээр иржээ. Мөн бузар сүнсэнд зовоогдсон хүмүүс ч илааршиж байв. 19 Түүнээс хүч гарч, бүгдийг эдгээж байсан учир цугласан олон бүгд Түүнд гар хүрэхийг чармайн байв. 20 Есүс шавь нарын зүг харцаа хандуулан —Ядуус та нар ерөөлтэй еэ! Учир нь Бурханы хаанчлал та нарынх юм. 21 Эдүгээ өлсөж буй та нар ерөөлтэй еэ! Учир нь та нар цатгагдах болно. Эдүгээ гашуудан уйлж буй та нар ерөөлтэй еэ! Учир нь та нар инээх болно. 22 Хүний Хүүгээс болж хүмүүс та нарыг үзэн ядаж, хавчин, доромжилж, нэрийг чинь хорон муу мэтээр үзэж үл ойшоох цагт та нар ерөөлтэй еэ! 23 Тэр өдөр баярла, баясан цовхч. Юу гэвэл тэнгэр дэх та нарын шагнал агуу билээ. Учир нь тэдний эцэг өвгөд эш үзүүлэгчдэд ч тэгж хандсан юм. 24 Харин баячууд та нар золгүй еэ! Та нар тайвширлаа дүүрнээр хүлээн авсан. 25 Эдүгээ цатгалан буй та нар золгүй еэ! Учир нь та нар өлсөх болно. Эдүгээ инээж буй та нар золгүй еэ! Учир нь та нар гашуудан уйлах болно. 26 Бүх хүмүүс та нарын тухай сайнаар ярих цагт та нар золгүй еэ! Учир нь тэдний эцэг өвгөд хуурамч эш үзүүлэгчдэд ч тэгж хандсан юм. 27 Харин сонсогч хүмүүст Би хэлж байна. Дайснаа хайрла, та нарыг үзэн яддаг хүмүүст сайныг үйлд. 28 Та нарыг хараадаг хүмүүсийг ерөө, та нартай буруугаар харьцдаг хүмүүсийн төлөө залбир. 29 Хацрыг чинь алгадсан хүнд нөгөө хацраа тавьж өг. Дээлийг чинь булаан авсан хүнээс цамцаа бүү харамла. 30 Гуйсан хүн бүрд өг, юмыг чинь авсан хүнээс буцааж бүү нэх. 31 Та нар хүмүүсийг өөрсөддөө хэрхэн хандаасай гэж хүснэ, тэдэнд мөн түүнчлэн ханд. 32 Хэрэв та нар өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг хайрлавал, та нарт юун талархал байх билээ? Учир нь нүгэлтнүүд хүртэл өөрсдийг нь хайрладаг хүмүүсийг хайрладаг шүү дээ. 33 Хэрэв та нар өөрт чинь сайныг үйлддэг хүмүүст сайныг үйлдвэл та нарт юун талархал байх билээ? Учир нь нүгэлтнүүд хүртэл мөн л үйлддэг шүү дээ. 34 Хэрэв та нар эргүүлэн авна гэсэн хүмүүстээ зээл өгөх аваас та нарт юун талархал байх билээ? Учир нь нүгэлтнүүд хүртэл өгснийхөө чинээг эргүүлэн авахын тулд нүгэлтнүүддээ зээл өгдөг. 35 Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл шагнал тань агуу байх бөгөөд та нар Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд байх болно. Учир нь Тэр Өөрөө үл талархагсдад болоод бузар хүмүүст ч нигүүлсэнгүй ханддаг юм. 36 Та нарын Эцэг өршөөнгүй. Түүнчлэн өршөөнгүй байгтун. 37 Шүүгдэхгүйн тулд бусдыг бүү шүү. Яллагдахгүйн тулд бусдыг бүү ялла. Уучлагтун, тэгвэл та нар ч мөн уучлагдана. 38 Өгөгтүн, тэгвэл чамд өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан хэмжээтэйгээр хормой дээр чинь асгарах болно. Учир нь өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хариуд нь хэмжигдэх болно гэлээ. 39 Тэр мөн тэдэнд сургаалт зүйрлэлээр —Сохор нь сохроо газарчилж чадна гэж үү? Хоёулаа нүхэнд унах биш үү? 40 Шавь нь багшийнхаа дээр байдаггүй. Харин бүрэн суралцсаныхаа дараа хүн бүр багш шигээ болно. 41 Өөрийн нүдэн дэх дүнзээ ажиглаагүй атлаа юунд чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг харна вэ? 42 Эсвэл чи нүдэндээ байх дүнзийг мэдээгүй атлаа ах дүүдээ "Ах минь, би нүдэнд чинь байгаа үртсийг аваадхая" гэж яаж хэлж чадна вэ? Хоёр нүүртэн чи эхлээд өөрийн нүдэн дэх дүнзийг авч хая. Дараа нь чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг авахдаа сайн харна шүү дээ. 43 Учир нь муу үр жимс ургуулдаг сайн мод гэж байхгүй, түүнчлэн сайн үр жимс ургуулдаг муу мод гэж байхгүй. 44 Аливаа мод үр жимсээрээ танигддаг. Хүмүүс үүргэнээс инжрийг түүдэггүй шүү дээ. Мөн өргөст бутнаас усан үзэм түүхгүй. 45 Сайн хүн зүрхнийхээ үнэт баялгаас сайныг гаргадаг. Хорон муу нэгэн хорон муу баялгаасаа мууг гаргадаг аж. Учир нь зүрх нь юугаар дүүрснийг ам нь ярьдаг. 46 Та нар юунд Намайг "Эзэн, Эзэн" гэж дууддаг хэрнээ Миний айлдсаныг хийдэггүй юм бэ? 47 Над уруу ирж, үгийг минь сонсоод түүнийхээ дагуу үйлдэгч аливаа хүн хэнтэй адил болохыг та нарт Би харуулъя. 48 Тийм хүн нь барьж буй байшингийнхаа суурийг газраа гүн ухаад хадан дээр суурилуулсан нэгэнтэй адил юм. Үер бууж гол халин байшинг нүдсэн боловч хөдөлгөж чадсангүй. Юу гэвэл байшин бат бөх баригдсан ажээ. 49 Харин сонсоод, үүнийхээ дагуу үйлддэггүй нэг нь газар дээр суурь тавилгүй байшин барьсан хүнтэй адил юм. Гол үерлэж байшинг дайрахад тэр дороо нурав. Тэр байшингийн сүйрэл үлэмж болов гэж сургалаа.

7

1 Тэр хүмүүст сонсгосон яриа хөөрөөгөө өндөрлөж, Капернаум уруу явав. 2 Нэгэн зуутын даргын ихэд үнэлдэг боол нь өвдөөд үхлүүт байжээ. 3 Тэр Есүсийн тухай сонсоод, Түүнийг ирж, боолын маань амийг авраач хэмээн гуйлгахаар иудейчүүдийн ахлагчдаас хэдэн хүнийг Түүн уруу явуулав. 4 Тэд Есүс дээр хүрч ирээд, Түүнээс хичээнгүйлэн гуйн —Тэр Танаас үүнийг гуйх зохистой нэгэн. 5 Тэр хүн манай үндэстнийг хайрладаг. Бидэнд синагог барьж өгсөн хүн бол тэр юм гэжээ. 6 Есүс тэдний хамт замд гарав. Тэгээд Түүнийг гэрээс нь холгүйхэн болох үед зуутын дарга андуудаа илгээн, —Эзэн, Та Өөрийгөө цаашаа бүү чилээ. Учир нь Таныг дээвэр дороо оруулах зохистой хүн би биш. 7 Иймээс би өөрийгөө ч Тан уруу очих нь зохисгүй хэмээн үзэв. Харин Та зөвхөн үгээ айлдаач, тэгвэл боол маань эдгэнэ. 8 Учир нь би ч мөн эрх мэдлийн дор байдаг хүн. Миний доор цэргүүд бий. Би нэгэнд нь "Яв" гэхэд тэр явж, нөгөөд нь "Ир" гэхэд тэр ирдэг. Боолдоо "Үүнийг хий" гэхэд тэр хийдэг гэж Түүнд хэлүүлжээ. 9 Есүс үүнийг сонсоод ихэд гайхан, Өөрийг нь дагаж явсан олонд хандан —Та нарт Би хэлье. Ийм агуу итгэлийг Би Израильд хүртэл хараагүй шүү гэлээ. 10 Тийнхүү явуулсан хүмүүс нь буцаж ирээд мөнөөх боол эрүүл болсныг олж харав. 11 Үүний дараа удалгүй Есүс Найн хэмээх хот уруу явжээ. Шавь нар нь, мөн үй олон хүн Түүнийг дагалдан явлаа. 12 Түүнийг хотын хаалганд ойртон ирэх үед хүмүүс нэг үхсэн хүнийг аваад гарч явав. Тэр нь бэлэвсэн эмэгтэйн ганц хүү байсан бөгөөд хотынхноос нилээд олон хүн тэр эмэгтэйн хамт байв. 13 Эзэн түүнийг хараад ихэд өрөвдөн түүнд —Бүү уйл гэв. 14 Тэр очоод авсанд гараа хүргэтэл өргөөд явж байсан хүмүүс зогслоо. Тэгээд Есүс —Би чамд хэлж байна. Залуу минь, бос! гэхэд 15 үхсэн хүн босоод ярьж эхлэв. Ингээд Есүс түүнийг эхэд нь эргүүлэн өгөв. 16 Тэд бүгдээрээ айдаст автаж, Бурханыг алдаршуулж эхлэн —Бидний дунд агуу эш үзүүлэгч гарч ирлээ, мөн —Бурхан Өөрийн ард түмэн дээр ирлээ гэцгээж байлаа. 17 Түүний тухай энэхүү зар бүх Иудей даяар болоод хавийн бүх нутгаар тархлаа. 18 Шавь нар нь Иоханд энэ бүхний тухай мэдүүлжээ. 19 Иохан шавь нараасаа хоёрыг нь дуудаж, —Та ирэх ёстой Нэгэн мөн үү, эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэж асуулгахаар Эзэн уруу илгээв. 20 Тэд Есүс дээр ирээд, —Баптисм хүртээгч Иохан биднийг Тань уруу илгээж "Та ирэх ёстой Нэгэн мөн үү, эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү?" гэж асуулгаж байна гэжээ. 21 Яг тэр үед Есүс олон хүмүүсийг өвчин эмгэгээс нь ангижруулж, бузар сүнсийг нь зайлуулж байлаа. Сохорсон олон хүнд Тэр хараа оруулжээ. 22 Тэр тэдэнд —Та нар явж, Иоханд юу харж, сонссоноо хэл. Сохор нь хараа орж, доголон нь алхаж, уяман нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядуу нэгэнд нь сайн мэдээ тунхаглагдав. 23 Надаас болж бүдрээгүй нэг нь ерөөлтэй еэ! гэв. 24 Иоханы элч нар явмагц, Тэр хурсан олонд Иоханы тухай ярьж эхлэв. —Та нар юу харах гэж цөл уруу очсон бэ? Салхинд найгах зэгсийг үү? 25 Тэгвэл та нар юу харах гэж очив? Хээнцэр хувцасласан хүнийг үү? Үзэгтүн, хээнцэр гоёмсгоор хувцаслаж, баян тансаг амьдрагчид нь хаадын ордонд байдаг. 26 Тэгвэл та нар юу харах гэж явсан юм бэ? Эш үзүүлэгчийг үү? Тийм ээ, Би та нарт хэлье. Эш үзүүлэгчээс ч илүү нэгнийг юм. 27 Түүний тухай "Харагтун, Би Чиний өмнө элчээ илгээнэ. Тэр элч Чиний өмнөх замыг чинь бэлтгэнэ" гэж бичигдсэн юм. 28 Эмэгтэйгээс төрөгсдийн дунд Иоханаас илүү агуу нэгэн байхгүй. Харин Бурханы хаанчлалын хамгийн бага нэгэн ч түүнээс агуу билээ гэж айлдав. 29 Тийнхүү Иоханы баптисмаар баптисм хүртсэн бүх хүмүүс, татвар хураагчид үүнийг сонсоод Бурханы шударга байдлыг хүлээн зөвшөөрчээ. 30 Харин фарисайчууд болон хуульчид Иоханаар баптисм хүртээгүйгээрээ өөрсдийнх нь төлөөх Бурханы зорилгыг үл хэрэгсэв. — 31 Тэгвэл энэ үеийн хүмүүсийг би юутай зүйрлэх вэ? Тэд хэнтэй адил вэ? 32 Тэд зах дээр суугаад бие биенээ дуудан, "Бид та нарт зориулж лимбэдэхэд та нар бүжиглэсэнгүй. Бид та нарт гашуудлын дуу дуулахад та нар гашуудан уйлсангүй" гэх хүүхдүүдтэй адил юм. 33 Учир нь баптисм хүртээгч Иохан ирээд, талх идэж, дарс уухгүй байхад нь та нар "Түүнд чөтгөр шүгэлсэн байна" гэдэг. 34 Хүний Хүү ирээд, идэж уутал та нар "Харцгаа, ховдог, архичин, татвар хураагч болон нүгэлтнүүдийн анд нөхөр" гэцгээдэг. 35 Гэсэн хэдий ч мэргэн ухаан нь бүх хүүхдүүдээрээ зөвтгөгддөг гэв. 36 Фарисайчуудын нэг нь Түүнээс өөртэй нь хамт зоог барихыг хүсжээ. Есүс мөнөөх фарисай хүний гэрт орж тухлан суув. 37 Үзэгтүн, тэр хотод нэгэн нүгэлт эмэгтэй байжээ. Тэр эмэгтэй Есүсийг фарисай хүний гэрт тухлан байгааг дуулаад, гөлтгөнөн савтай үнэт тос авчирж, 38 Түүний хөлд, ард талд нь зогсоод, уйлж нулимсаараа хөлийг нь норгож үсээрээ арчаад, хөлийг нь үнсэж, үнэт тосоороо тослов. 39 Есүсийг урьсан фарисай хүн үүнийг хараад, —Хэрэв энэ хүн эш үзүүлэгч мөн байсан юм бол Түүнд гар хүрч буй энэ эмэгтэй хэн болохыг, түүний нүгэлт хүн болохыг нь мэдэх учиртайсан хэмээн дотроо бодсонд, 40 Есүс хариуд нь —Симон оо, Надад чамд хэлэх юм байна гэв. Тэгтэл Симон —Багш аа, түүнийгээ хэлээч гэжээ. — 41 Нэгэн мөнгө зээлдүүлэгчид хоёр хүн өртэй байжээ. Нэг нь таван зуу, нөгөө нь тавин денарын өртэй байв. 42 Тэд төлөх чадваргүй тул өнөөх хүн тэднийг хоёуланг нь өрнөөс хэлтрүүлжээ. Тэгвэл тэдний хэн нь түүнийг илүү хайрлах бол? гэхэд нь, 43 Симон —Илүү өгөөмрөөр хэлтрүүлэгдсэн нь гэж би бодож байна гэсэнд Есүс түүнд —Чи зөв шүүлээ гээд, 44 тэр эмэгтэй уруу эргэж, Симонд —Чи энэ эмэгтэйг харж байна уу? Намайг гэрт чинь орж ирэхэд чи Надад хөл угаах ус ч өгөөгүй, харин энэ эмэгтэй Миний хөлийг нулимсаараа норгоод үсээрээ арчлаа. 45 Чи Намайг үнсээгүй. Харин энэ эмэгтэй Намайг энд байх мөчөөс эхлээд хөлийг минь үнссээр байна. 46 Чи Миний толгойг тосоор тослоогүй. Харин тэр үнэт тосоор хөлийг минь тослов. 47 Тийм учраас Би чамд хэлье. Түүний олон нүгэл уучлагдсан. Учир нь тэр ихэд хайрласан. Харин багахан шигээр уучлагдсан нэг нь бага хайрладаг гээд, 48 эмэгтэйд —Нүгэл чинь уучлагдсан гэлээ. 49 Түүний хамт тухлан сууж байсан хүмүүс хоорондоо —Нүглүүдийг хүртэл уучилдаг энэ хүн хэн гээч вэ? гэлцлээ. 50 Есүс тэр эмэгтэйд хандаж —Итгэл чинь чамайг аварлаа. Амар тайван яв даа гэж айлдав.

8

1 Үүний дараа удалгүй Есүс нэг хот, суурингаас нөгөөд хүрч, Бурханы хаанчлалыг тунхаглаж, дэлгэрүүлж байв. Арван хоёр нь Түүнтэй хамт байлаа. 2 Мөн өвчин болоод бузар сүнснүүдээс салсан зарим эмэгтэйчүүд, тухайлбал долоон чөтгөрөөс салсан Магдалын эмэгтэй гэгддэг Мариа, 3 Херодын нярав болох Хузагийн эхнэр Иоанна, мөн Сузанна болон өөрсдийнхөө өмч хөрөнгөөрөө тус нэмэр болж байсан өөр олон хүмүүс байлаа. 4 Үй олон хүн хот болгоноос ирж Түүн уруу хуран цуглах үед Тэр сургаалт зүйрлэлээр ингэж ярив. — 5 Тариачин үр суулгахаар гарчээ. Түүнийг үрээ цацахад зарим нь зам хавиар унав. Тэгээд хүмүүсийн хөлд гишгэгджээ. Огторгуйн шувууд тэдгээрийг идчихэв. 6 Зарим үр нь чулуурхаг хөрсөнд унав. Тэнд нь чийггүй тул соёолоод л хатчихав. 7 Зарим үр нь хогийн ургамлын дунд унав. Хогийн ургамал буудайн үртэй зэрэг ургаж, тэднийг барьчихаж. 8 Зарим үр нь сайн хөрсөнд унаж, ургаад, зуу дахин илүү ургац өгчээ гэв. Тэр эдгээрийг айлдаад, —Сонсох чихтэй нь сонсогтун гэв. 9 Шавь нар нь энэ сургаалт зүйрлэл нь ямар утгатай болохыг Түүнээс асуухад 10 Тэр —Бурханы хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин харавч тэд харахгүй, сонсовч ойлгохгүйн тулд бусдад нь сургаалт зүйрлэлээр ярьдаг. 11 Энэхүү сургаалт зүйрлэл нь ийм юм. Үр нь Бурханы үг. 12 Зам хавиар унагсад нь сонссон хүмүүс бөгөөд тэд итгэн аврагдахгүйн тулд диавол ирж, тэдний зүрхнээс үгийг зайлуулдаг. 13 Чулуурхаг хөрсөн дээр унагсад нь сонсоод, үгийг баярлан хүлээж авдаг. Харин тэдгээр нь бат үндэсгүй ажээ. Тэд хэсэг хугацаанд итгээд, сорилтын үед унадаг билээ. 14 Хогийн ургамал дунд унасан үр нь сонссон хүмүүс бөгөөд тэд замдаа зовнил, эд баялаг, өнөөгийн амьдралын тааламжид автах зэрэгт баригдагсад юм. Тэдний үр жимс боловсрохгүй. 15 Сайн хөрсөн дээр унасан үр нь үгийг сонсоод шударга, зөв сэтгэл зүрхэндээ нандигнаж, тэвчээртэйгээр үр жимсээ өгөгчид юм. 16 Хэн ч дэнлүү асаасныхаа дараа дээр нь сав хөмрөн тавьдаггүй, эсвэл дэнлүүгээ орон дор тавьдаггүй. Харин орж ирэгсдэд гэрэл үзүүлэхийн тул дэнлүүний суурин дээр тавьдаг. 17 Учир нь илчлэгдэхгүй байхаар далдлагдсан юм гэж үгүй бөгөөд мэдэгдэж илрүүлэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж байхгүй билээ. 18 Иймээс та нар яаж сонсож байгаагаа анхаарагтун. Учир нь хэнд байна, түүнд ихээр өгөгдөнө. Хэнд байхгүй байна, түүнээс байгаа гэж санагдсан нь хүртэл авагдана гэв. 19 Тэгтэл эх, дүү нар нь Түүн уруу ирэв. Маш олон хүн байсан учир тэд Түүн уруу очиж чадаагүй тул 20 Түүнд —Эх, дүү нар тань гадаа зогсож байна. Тантай уулзах гэнэ гэж хэлүүлэв. 21 Харин Есүс тэдэнд —Бурханы үгийг сонсоод, түүнийг биелүүлэгчид нь Миний эх, Миний дүү нар мөн гэжээ. 22 Тэдгээр өдрүүдийн нэгэнд ийм хэрэг болов. Есүс шавь нартайгаа завинд суугаад, тэдэнд —Нуурын нөгөө эрэг уруу явцгаая гэв. 23 Тэднийг сэлүүрдэн байхад Тэр унтжээ. Гэтэл нуурт хүчтэй салхи үүсэж, тэд усанд автагдаж, аюул нүүрлэв. 24 Тэд Түүн уруу очиж сэрээгээд, —Эзэн минь, Эзэн минь, бид сүйрч байна гэхэд Тэр босож, салхи ба оволзох давалгааг зэмлэхэд, салхи намдаж, нам гүм болов. 25 Тэр шавь нартаа —Итгэл чинь хаана байна? гэхэд тэдний айх гайхах нь зэрэгцэж, нэг нэгэндээ —Салхи, усанд хүртэл тушаахад тэд захирагдаж байдаг энэ ер нь хэн бэ? гэцгээж байлаа. 26 Тэд Галилын эсрэг талд орших Герас хэмээх газар хүрч ирэв. 27 Есүс эрэг дээр гартал, чөтгөрт эзэмдүүлсэн нэгэн хүн хотоос гарч Түүнтэй учрав. Тэр хүн удаан хугацааны турш хувцас хунаргүй байж, орон байранд бус, харин булшны агуйд орогнодог байв. 28 Мөнөөх хүн Есүсийг хараад хашхиран, өмнө нь унаж чанга дуугаар —Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Танд би ямар хамаатай билээ? Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэжээ. 29 Учир нь Есүс бузар сүнснүүдийг тэр хүнээс гарахыг тушаасан байж. Бузар сүнс түүнийг олон удаа эзэмдсэн тул тэр хүн гинжлэгдэж, дөнгөлөгдөөд харуулын хяналтан дор байсан авч дөнгөө тастан хаяад чөтгөрөөр хөтлүүлэн цөл уруу явдаг байлаа. 30 Есүс түүнээс —Нэр чинь хэн бэ? гэж асуухад тэр —Легион гэв. Учир нь түүнд олон чөтгөр шүгэлсэн байжээ. 31 Чөтгөрүүд өөрсдийг нь ёроолгүй гүн уруу зайл хэмээн бүү тушаагаач гэж Түүнээс гуйж байлаа. 32 Тэнд ууланд гахайн олон сүрэг идээшилж байжээ. Чөтгөрүүд өөрсдийг нь гахайнд оруулаач гэж гуйсанд Тэр зөвшөөрөв. 33 Чөтгөрүүд хүнээс гарч гахайнуудад шүглэхэд гахайн сүрэг эгц эргээс нуурт унан живцгээжээ. 34 Юу болсныг гахайчид хараад гүйн одож, үүний тухай хот хөдөөгүй зар түгээв. 35 Хүмүүс юу болсныг үзэхээр ирж, Есүс уруу очиход чөтгөрөөс салсан өнөөх хүн хувцаслачихсан, эрүүл саруул болоод, Есүсийн хөлд сууж байхыг олж хараад сүрдэцгээв. 36 Үүнийг харсан хүмүүс чөтгөрт эзэмдүүлсэн хүн хэрхэн эдгэрснийг тэдэнд мэдэгджээ. 37 Тэр хавийн болоод Герас нутгийн бүх хүмүүс тэндээс явахыг Түүнээс гуйв. Учир нь тэд үлэмжийн их айдаст автсан байлаа. Есүс завин дээрээ гарч, буцан явжээ. 38 Харин чөтгөрүүдээс салсан мөнөөх хүн Түүнтэй хамт байхыг гуйсан авч Есүс түүнийг явуулж, — 39 Гэртээ харь, Бурхан чамд ямар агуу зүйл хийж өгснийг ярь гэж айлджээ. Тэгээд тэр хүн Есүс өөрт нь ямар агуу зүйл хийж өгснийг хот даяар тунхагласаар явж одлоо. 40 Буцаж ирэхэд нь олон түмэн Есүсийг угтан авав. Учир нь тэд бүгд Түүнийг хүлээж байсан билээ. 41 Үзэгтүн, синагогийн ахлагч Иайр гэгч хүн тэнд байсан бөгөөд Есүсийн хөлд унаж, гэртээ очихыг Түүнээс гуйжээ. 42 Учир нь Иайр арван хоёр настай ганц охинтой байсан бөгөөд тэр нь үхлүүт байв. Есүсийг явахад цугласан олон Түүнийг бүчин шахаж байлаа. 43 Нэгэн эмэгтэй арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан бөгөөд хэн ч түүнийг эдгээж чадаагүй ажээ. 44 Тэр эмэгтэй Есүсийн ард очиж, хувцасных нь хормойд гар хүртэл тэр даруй цус алдах нь зогсов. 45 Есүс —Хэн Надад хүрэв? гэхэд бүгд л үүнийг үгүйсгэв. Петр Түүнд —Эзэнтэн, энэ олон хүн Таныг бүчин, шахаж байна шүү дээ гэж хэлэхэд 46 харин Есүс —Хэн нэг нь Надад хүрсэн. Учир нь Надаас хүч гарахыг Би мэдэрсэн гэжээ. 47 Өнөөх эмэгтэй анзаарагдахгүй өнгөрөөгүйгээ мэдээд, айн чичирсээр ирж Түүний өмнө унаж, ямар шалтгаанаар Түүнд хүрсэн хийгээд хэрхэн тэр даруй эдгэрснээ бүх хүмүүсийн өмнө ярилаа. 48 Есүс түүнд —Охин минь, итгэл чинь чамайг эрүүл болголоо. Амар тайван яв даа гэв. 49 Түүнийг ийн айлдаж байтал синагогийн ахлагчийн гэрээс нэг нь ирж, —Охин чинь үхсэн. Та цаашид Багшид бүү төвөг уд гэж хэлэв. 50 Харин Есүс үүнийг сонсоод, Иайрт —Бүү ай, зөвхөн итгэ. Тэр зүгээр болно гэлээ. 51 Тэр гэрт нь ирээд, Петр, Иохан, Иаков болон охины эцэг эхээс өөр хэнийг ч орохыг зөвшөөрсөнгүй. 52 Бүгд л уйлан хайлж, охины хойноос гашуудан байлаа. Харин Есүс —Уйлахаа боль. Охин үхээгүй, харин унтаж байна хэмээсэнд 53 охин үхсэнийг мэдэж байсан тэд Түүнийг тохуурхан инээлдэж эхлэв. 54 Гэсэн хэдий ч Тэр охины гараас барьж, —Охин минь, бос гэж дуудсанд 55 түүний сүнс эргэн ирж, охин тэр даруй босов. Тэгээд Есүс, охинд идэх юм өг гэжээ. 56 Охины эцэг эх нь гайхсан байлаа. Харин Есүс тэдэнд болсон явдлын тухай хэнд ч ярьж болохгүйг сануулав.

9

1 Есүс арван хоёроо хамтад нь дуудаад өвчнийг эдгээх, бүх чөтгөрийг зайлуулах эрх мэдэл, хүчийг тэдэнд өгчээ. 2 Бурханы хаанчлалыг тунхаглуулахын тулд, мөн өвчтэй хүмүүсийг эдгээлгэхийн тулд Тэр тэднийг илгээв. 3 Тэр тэдэнд —Замдаа юу ч бүү авч яв. Таяг, богц, талх, мөнгө ч авч болохгүй. Хоёр цамц ч авч болохгүй. 4 Та нар ямар ч айлд орно, явтлаа тэндээ бай. 5 Та нарыг хүлээн авахгүй хүмүүсийн хувьд, хотоос нь гарч явахдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг сэгсрэн унага гэжээ. 6 Тэндээс тэд суурингуудаар явж эхлэн, сайн мэдээг дэлгэрүүлэн, хаа сайгүй эдгээж байлаа. 7 Захирагч Херод болж байгаа бүхнийг сонсоод, бүр алмайрч орхижээ. Юу гэвэл зарим нь Иохан үхэгсдээс амилсан гэж, 8 зарим нь Елиа үзэгдсэн ч гэж, зарим нь эртний эш үзүүлэгчдээс нэг нь амилсан гэж ярьж байжээ. 9 Херод —Би өөрөө Иоханыг цаазлуулсан. Тэгвэл өөрийнх нь талаар надад иймэрхүү зүйл сонсогдоод байгаа тэр хүн хэн юм бэ? гэв. Тэр Түүнийг харахыг эрмэлзэж байлаа. 10 Элч нар эргэж ирээд, өөрсдийн хийсэн бүхнээ Түүнд тайлагнав. Тэгээд Тэр тэднийг дагуулан хэдүүлхнээ Бетсайд хэмээх хотыг зүглэн явлаа. 11 Гэвч олон түмэн үүнийг нь мэдээд, Түүнийг дагажээ. Тэр тэднийг угтан авч, Бурханы хаанчлалын тухай тэдэнд яриад, эдгээлт хэрэгтэй хүмүүсийг нь эдгээв. 12 Өдөр хэвийх үед арван хоёр нь Түүн уруу ирж, —Хурсан олныг энэ хавийн суурингууд уруу явуулъя. Тэд тэнд очиж хоноглох газар, унд хоол олог. Учир нь бид энд эзгүй зэлүүд газар байна шүү дээ гэв. 13 Харин Тэр тэдэнд —Та нар тэдэнд идэх юм өг гэхэд тэд —Бид явж, энэ бүх хүмүүст зориулан идэх хоол хүнс худалдаж авахгүй л бол, бидэнд таван талх, хоёр загаснаас илүү юм алга гэжээ. 14 (Тэнд таван мянгаад эрчүүд байсан юм) Тэр шавь нартаа —Тэднийг тавь тавиар нь бүлэглэн суулга гэв. 15 Тэд ч бүгдийг тэгж суулгажээ. 16 Есүс таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд хараад, ерөөн талх загасаа хувааж, олон түмэнд тараан өгүүлэхээр шавь нартаа өгөв. 17 Тэд бүгд идэж цадав. Хүмүүсийн орхисон хэлтэрхийнүүдийг цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ. 18 Нэгэн удаа Тэр ганцаараа залбирч байжээ. Шавь нар нь ч Түүнтэй цуг байв. Тэр тэднээс —Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна? гэж асуухад 19 тэд —Зарим нь баптисм хүртээгч Иохан гэдэг. Зарим нь Елиа, харин өөр бусад нь эртний нэгэн эш үзүүлэгч дахин амилсан гэдэг гэв. — 20 Харин та нар Намайг хэн гэж ярьдаг вэ? гэхэд Петр —Бурханы Христ гэжээ. 21 Харин Есүс тэдэнд энэ тухай хэнд ч хэлж болохгүйг анхааруулаад, — 22 Хүний Хүү олон зовлон эдэлж, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нарт ад үзэгдэж, алуулна. Тэгээд гурав дахь өдрөө амилна гэв. 23 Тэр тэдэнд бүгдэд нь хандаж —Хэрэв хэн нэгэн Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, өдөр бүр загалмайгаа үүрч Намайг дага. 24 Учир нь хэн амиа аврахыг хүснэ, тэр нь амиа алдах болно. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр нь амиа аварна. 25 Хэрэв хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал юуны ашиг байх билээ? 26 Хэн Надаас болон Миний үгсээс ичнэ, Хүний Хүү Эцгийн болон Өөрийн, мөн ариун тэнгэр элч нарын суу алдраар ирэхдээ түүнээс ичих болно. 27 Гэвч Би та нарт үнэнээр хэлье, энд зогсож байгаа хүмүүсээс зарим нь Бурханы хаанчлалыг харах хүртлээ үхлийг үл амсана гэж айлдав. 28 Ийнхүү айлдсанаас хойш найм хоногийн дараа Тэр Петр, Иохан, Иаков нарыг дагуулан залбирахаар уул өөд гарлаа. 29 Түүнийг залбирч байхад нүүрнийх нь төрх өөрчлөгдөж, хувцас нь цагаан өнгөтэй болж, гялалзаж байжээ. 30 Үзэгтүн, хоёр хүн Түүнтэй ярилцаж байсан бөгөөд тэд Мосе, Елиа нар байв. 31 Тэд цог жавхлантайгаар үзэгдэж, Иерусалимд гүйцээгдэх Түүний үхлийн тухай ярьж байлаа. 32 Петр болон түүний нөхөд нойрондоо дийлдсэн байсан хэдий ч бүрэн сэргэж, Түүний цог жавхланг, Түүнтэй хамт зогсох хоёр хүнийг ч бас харав. 33 Тэднийг Есүсээс холдон явахад, Петр Есүст —Эзэнтэн, энд байх нь бидэнд сайн байна. Бид гурван цацар, нэгийг нь Танд, нэгийг нь Мосед, нэгийг нь Елиад барьж өгье гэв. Тэр юу ярьж байгаагаа ч ойлгоогүй байлаа. 34 Түүнийг ийнхүү хэлж байтал үүл гаран тэднийг бүрхэж эхэллээ. Тэд үүлэн дотор байхдаа ихэд айжээ. 35 Тэгээд үүлнээс —Энэ бол Миний Хүү, Миний сонгосон Нэгэн мөн. Түүнийг сонсогтун гэх дуу гарав. 36 Тийнхүү дуу гарсны дараа Есүс ганцаараа байж байлаа. Тэд юу харснаа тэр өдрүүдэд хэнд ч хэлсэнгүй, чив чимээгүй байлаа. 37 Маргааш нь тэднийг уулаас буун ирэхэд үй олон хүн Түүнийг тосон авав. 38 Үзэгтүн, хурсан олны дундаас нэгэн хүн —Багш аа, хүүг маань үзээч гэж би Танаас гуйж байна. Учир нь тэр миний ганц хүү юм. 39 Хар л даа. Сүнс хүүг минь эзэмддэг. Тэр минь гэнэт орилон чарлаж, амнаасаа хөөс сахруулж, тарчлан байж арайхийн түүнээс салдаг. 40 Энэ сүнсийг зайлуулаач гэж би Таны шавь нараас гуйхад тэд чадсангүй гэхэд 41 Есүс тэдэнд —Итгэлгүй, завхарсан үеийнхээн, Би хэр удаан та нартай хамт байж, та нарыг тэвчих вэ? Хүүгээ энд аваад ир гэв. 42 Ойртон ирэх зуур нь чөтгөр түүнийг газар унагахад хүү татвалзаж гарав. Гэвч Есүс тэр бузар сүнсийг зэмлээд, хүүг эдгээж, эцэгт нь эргүүлэн өгөв. 43 Бурханы агууг бүгд бахдан байлаа. Есүсийн үйлдсэн бүхнийг хүн бүр гайхаж байхад нь Тэр шавь нартаа — 44 Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах гэж байна. Иймээс эдгээр үгсийг чихэндээ шингээ гэв. 45 Гэвч тэд хэлснийг нь ойлгосонгүй. Тэдэнд ойлгуулахгүйн тулд энэ үгс нь учир битүүлэг байжээ. Тэд Түүнээс хэлсэн үгийн тухай асуухаас ч эмээцгээв. 46 Хэн нь хамгийн агуу болох тухай маргаан шавь нарын дунд өрнөв. 47 Харин Есүс тэдний зүрхэн дэх бодол санааг мэдэн, нэгэн хүүхдийг авч дэргэдээ зогсоогоод, — 48 Хэн энэ хүүхдийг Миний нэрээр хүлээн авна, тэр нь Намайг хүлээн авдаг. Хэн Намайг хүлээн авна, тэр нь Намайг илгээсэн Түүнийг хүлээн авдаг. Учир нь та нарын дундаас хамгийн өчүүхэн нь хамгийн агуу юм гэж тэдэнд хэлэв. 49 Иохан —Эзэнтэн, Таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байгаа нэг хүнийг бид хараад түүнд саад хийв. Яагаад гэвэл тэр хүн бидэнтэй хамт дагадаггүй шүү дээ гэхэд нь 50 Есүс —Түүнд бүү саад хий. Хэн та нарыг үл эсэргүүцнэ, тэр нь та нарын талд юм гэж айлдав. 51 Түүний дээш аваачигдах өдрүүд ойртож байсан үед Есүс шийдвэртэйгээр Иерусалимыг зорьлоо. 52 Тэр Өөрийн өмнө элч нараа илгээв. Тэд явж, Түүний төлөөх бэлтгэлийг хангахаар самаричуудын сууринд очжээ. 53 Тэр Иерусалимыг зорин явж байсан тул тэндхийн хүмүүс Түүнийг хүлээн авсангүй. 54 Түүний шавь нар болох Иаков, Иохан нар үүнийг хараад, Түүнд —Эзэн, тэднийг сөнөөхийн тул тэнгэрээс гал буугтун гэж бид тушаахыг Та хүсэхсэн болов уу? гэхэд 55 Тэр эргэн тэднийг зэмлэв. [—Та нар ямар сүнснээс байгаагаа мэдэхгүй. 56 Учир нь Хүний Хүү хүмүүсийн амийг хөнөөхийн тулд биш, харин аврахаар ирсэн гэжээ.] Тэгээд тэд өөр суурин уруу явцгаав. 57 Тэднийг замд явж байтал хэн нэг нь Түүнд —Би Таныг хаа ч явсан дагая гэв. 58 Есүс түүнд —Үнэгэнд нүх, тэнгэрийн шувуудад үүр бий. Харин Хүний Хүүд толгой хоргодох ч газар байхгүй гээд 59 өөр нэгэнд —Намайг дага гэхэд тэр хүн —Эхлээд явж, эцгээ оршуулахыг надад зөвшөөрөөч гэжээ. 60 Гэтэл Есүс —Үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул. Харин чи явж, Бурханы хаанчлалыг газар бүр тунхагла гэв. 61 Бас өөр нэг нь Түүнд —Эзэн, би Таныг дагана. Эхлээд гэрийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэхийг Та зөвшөөрөөч гэхэд 62 харин Есүс —Анжсан дээр гар тавьсан атлаа арагшаа харагч хэн боловч Бурханы хаанчлалд үл тэнцэнэ гэж айлджээ.

10

1 Дараа нь Эзэн өөр далан хүнийг томилж, тэднийг Өөрийн очихоор яваа хот, газар бүрд хоёр хоёроор нь Өөрийнхөө өмнө илгээв. 2 Тэр тэдэнд ийн айлдаж байлаа. —Ургац арвин, харин ажилчид нь цөөн байна. Тиймээс ургацыг нь хураах ажилчдыг илгээхийг ургацын Эзэнээс гуйцгаа. 3 Замаараа л яв. Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хурга мэт илгээнэ. 4 Хэтэвч, богц, гутал ч бүү ав. Замдаа хэнтэй ч бүү мэндэл. 5 Ямар ч айлд орсон, эхлээд "Энэ айлд амар тайван байх болтугай" гэж хэл. 6 Хэрэв амар тайвны хүн тэнд байвал, амар тайван тань түүн дээр орших болно. Хэрэв үгүй бол, тэр нь та нарт буцаж ирнэ. 7 Тэдний чамд өгснийг нь идэж уун, тэр айлдаа л бай. Учир нь ажилчид хөлсөө авах нь зохистой бус уу. Айлаас айлд бүү дамж. 8 Ямар ч хотод та нар очсон, хэрэв та нарыг тэд хүлээн авбал, өмнө чинь юу ч тавьсан, түүнийг ид. 9 Тэнд өвчтэй хүмүүсийг нь эдгээ. Тэдэнд "Бурханы хаанчлал та нарт ойрхон байна" гэж хэлэгтүн. 10 Харин ямар ч хотод очсон, хэрэв тэд та нарыг хүлээн авахгүй байвал, гудамжинд гараад, 11 "Бидний хөлд наалдсан хотын чинь тоосыг та нарыг эсэргүүцэн гөвлөө. Харин Бурханы хаанчлал ойрхон байгааг сайн мэдтүгэй" гэж хэл. 12 Би та нарт хэлье, тэрхүү өдөр Содом нь тэр хотоос илүү хүлцмээр байх болно. 13 Хоразин аа, чи золгүй еэ! Бетсайд аа, чи золгүй еэ! Хэрэв та нарын дотор үйлдсэн гайхамшгууд нь Тир хийгээд Сидонд үйлдэгдсэн бол, тэд хэдийнээ таараа нөмрөн үнсэн дээр сууж гэмшсэн байхсан. 14 Харин шүүлт болоход Тир, Сидон нь та нараас илүү хүлцмээр байх болно. 15 Капернаум аа, чи тэнгэрт тултлаа өргөмжлөгдөх үү? Чи Үхэгсдийн оронд унагаагдах болно. 16 Та нарыг сонсдог хүн Намайг сонсдог. Та нарыг үл хэрэгсдэг хүн Намайг үл хэрэгсдэг. Намайг үл хэрэгсдэг хүн Намайг илгээсэн Нэгэнийг үл хэрэгсэж байгаа юм гэлээ. 17 Мөнөөх далан хүн баяртайгаар буцан ирж, —Эзэн, чөтгөрүүд хүртэл Таны нэрээр бидний эрхшээлд орсон шүү хэмээхэд 18 Тэр тэдэнд —Би Сатаныг аянга адил тэнгэрээс буухыг нь харав. 19 Харагтун, Би та нарт могой, хилэнцэт хорхойнуудад халдах, дайсны хамаг хүчээс дээгүүрх эрх мэдэл өгсөн. Та нарт юу ч хор учруулахгүй. 20 Гэсэн хэдий ч сүнснүүд эрхшээлд чинь орсон гэдэгт та нар бүү баярла, харин нэрс тань тэнгэрт бичигдсэн гэдэгт баярлагтун гэв. 21 Тэр мөчид Есүс Ариун Сүнс дотор үлэмжээр баярлаж, —Тэнгэр газрын Эзэн, Эцэг Таныгаа Би магтъя. Та эдгээр зүйлсийг мэргэн хүмүүс, ухаантнаас нуун далдалж, балчир хүүхдүүдэд илчилсэн билээ. Тийм ээ, Эцэг ээ, ингэх нь Таны мэлмийд тааламжтай байсан. 22 Бүх юмс Эцэгээр минь Надад өгөгдсөн. Эцэгээс минь өөр хэн ч Хүү хэн болохыг, Хүүгээс өөр хэн ч Эцэгийг хэн болохыг, мөн Хүү Өөрийгөө илчлэхийг хүссэн тэр нэгнээс өөр хэн нь ч үл мэднэ гээд 23 шавь нар уруугаа эргэн тэдэнд аминчлан —Та нарын харж буй зүйлсийг харагч нүд ерөөлтэй. 24 Би та нарт хэлье. Та нарын харж байгаа зүйлсийг олон эш үзүүлэгч болон хаад харахыг хүссэн авч хараагүй, мөн та нарын сонсож байгаа зүйлсийг сонсохыг хүссэн авч сонсоогүй юм гэж айлдав. 25 Үзэгтүн, нэгэн хуульч босож, Түүнийг сорин —Багш аа, мөнх амийг өвлөн авахын тул би яах ёстой вэ? гэж асуухад 26 Тэр түүнд —Хуульд юу гэж бичигдсэн байдаг билээ? Чи хэрхэн уншдаг вэ? гэхэд 27 тэр —Чи өөрийн Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадал, бүх оюун ухаанаараа хайрла. Мөн хөршөө өөрийн адил хайрла гэв. 28 Тэгэхэд нь Есүс —Чи зөв хариуллаа. Үүнийгээ үйлд, тэгвэл чи амьдарна гэв. 29 Харин тэр хүн өөрийгөө зөвтгөх гэж Есүст —Миний хөрш гэдэг чинь хэн бэ? гэжээ. 30 Есүс хариуд нь —Нэгэн хүн Иерусалимаас Иерихо орохоор явж байжээ. Тэр хүн дээрэмчдийн дунд орчихож. Тэд түүнийг нүцгэлэн зодоод амьтай төдий орхиод оджээ. 31 Тохиолдлоор нэгэн тахилч хүн тэр замаар явж байгаад, түүнийг харуутаа дэргэдүүр нь өнгөрөөд явчихав. 32 Түүнчлэн нэгэн Леви хүн мөн тэнд хүрч ирээд, түүнийг харуутаа дэргэдүүр нь өнгөрөөд явчихжээ. 33 Харин түүгээр явж байсан нэгэн Самари хүн түүнтэй таарчээ. Тэр түүнийг харуутаа өрөвдөн, 34 түүн уруу ирж, шарханд нь тос, дарс асгаж боогоод, адгуусан дээрээ тэгнэн дэн буудалд хүргэж ирэв. Тэгээд түүнийг асарчээ. 35 Маргааш нь тэр хоёр денар авч буудлын эзэнд өгөөд, "Түүнийг асарч байгаарай. Та илүүг зарвал, би буцахдаа танд дахин төлье" гэжээ. 36 Энэ гурвын хэн нь дээрэмчдийн гарт орсон тэр хүний хөрш нь болохоо баталсан гэж чи бодож байна вэ? гэхэд 37 тэр —Түүнд өршөөл үзүүлсэн хүн нь гэв. Есүс түүнд —Явж, үүний адил үйлдэгтүн гэжээ. 38 Тэд зам зуураа, нэгэн тосгоноор ороход Марта гэгч нэгэн эмэгтэй Түүнийг гэртээ хүлээн авав. 39 Тэр эмэгтэй Мариа гэдэг охин дүүтэй бөгөөд дүү нь Эзэний хөлд суугаад үгийг нь сонсож байлаа. 40 Марта үйлчлэх ажилдаа түүртсэн тул Есүс уруу ирж, —Эзэн, дүү минь үйлчлэх ажилд намайг ганцаар орхисныг Та анзаарахгүй байна уу? Надад тусал гэж түүнд хэлээч гэв. 41 Харин Эзэн —Марта, Марта, чи мөн ч их зүйлд санаа тавьж зовох юм даа. 42 Үнэндээ ганцхан юм л хэрэгтэй билээ. Мариа өөрөөс нь зайлуулагдашгүй сайныгаа л сонгон авчээ гэв.

11

1 Нэгэн газар Түүнийг залбирч дууссаны дараа шавь нарынх нь нэг Түүнд —Эзэн, Иохан шавь нартаа хэрхэн залбирахыг заасан шиг бидэнд зааж өгөөч гэжээ. 2 Тэр тэдэнд —Та нар залбирахдаа, "Эцэг, Таны нэр ариунаар дуурсгагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. 3 Өдөр тутмын минь талхыг өдөр бүр бидэнд өгөөч. 4 Бидний нүглийг уучлаач. Учир нь бид ч мөн бидэнд өртэй алив нэгнийг уучилдаг. Биднийг сорилт уруу бүү удирдаач" гэж хэл гэв. 5 Тэгээд Тэр тэдэнд —Та нарын нэг чинь найзтай байж л дээ. Тэгээд түүн дээр шөнө дүлээр очиж, "Найз аа, надад гурван талх зээлдүүлээч, 6 найз маань холоос над дээр иржээ. Түүний өмнө тавих юм надад юу ч алга" гэхэд нь 7 дотроос тэр "Битгий надад төвөг удаад бай. Хаалгаа хэдийнээ түгжээд би ч, хүүхдүүд маань ч орондоо орцгоосон. Би босож, чамд юм өгч чадахгүй" гэжээ. 8 Би та нарт хэлье. Хэрэв тэр хүн анд нөхрөө гээд босож, юм өгдөггүй юмаа гэхэд цөхрөлтгүйгээс нь болж, тэр босож, түүнд хэрэгтэйг нь өгөх болно. 9 Би та нарт хэлье. Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. 10 Учир нь гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ. 11 Эцгүүд та нарын нэгээс чинь хүү нь загас гуйвал оронд нь могой өгөхгүй нь лавтай. Тийм биш гэж үү? 12 Эсвэл хүү нь өндөг гуйвал, эцэг нь хилэнцэт хорхой өгөхгүй биз дээ? 13 Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй гэв. 14 Тэр хэлгүй чөтгөрийг зайлуулжээ. Чөтгөрийг гарч одоход хэлгүй байсан тэр хүн ярьж эхлэв. Олон түмэн ихэд гайхацгаажээ. 15 Харин тэдний зарим нь —Тэр чөтгөрүүдийн захирагч Беелзебулээр чөтгөрүүдээ хөөн зайлуулдаг юм гэж байхад, 16 зарим нь Түүнийг сорихын тул тэнгэрээс тэмдэг үзүүл гэж Түүнээс шаардаж байлаа. 17 Гэвч Тэр тэдний бодол санааг мэдээд, тэдэнд ийн хэлэв. —Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ. Гэр бүл дотроо хуваагдвал унана. 18 Хэрэв Сатан өөрийн эсрэг хуваагдвал, түүний хаанчлал хэрхэн тогтнох билээ? Та нар Намайг Беелзебулээр чөтгөрүүдийг зайлуулдаг гэж байна. 19 Хэрэв Би Беелзебулээр чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг юм бол, танай хөвгүүд хэнээр чөтгөрүүдийг зайлуулдаг байх вэ? Тиймээс тэд та нарын шүүгчид болно. 20 Харин хэрвээ Би Бурханы хуруугаар чөтгөрүүдийг зайлуулдаг бол Бурханы хаанчлал та нарт ирчихээд байна. 21 Бүрэн зэвсэглэсэн, хүчтэй эр эдлэн газраа хамгаалбал, өмч хөрөнгө нь амар тайван байна. 22 Харин түүнээс илүү хүчтэй нэг нь ирж, түүнийг довтлон дийлэхдээ, өөрийнхөө найдварыг тавьж байсан бүх зэвсгийг нь түүнээс булаан авч, олзоо тараах болно. 23 Надтай хамт байдаггүй хүн Миний эсрэг байна. Надтай хамт хураалцдаггүй хүн бол тараагч нэгэн мөн. 24 Бузар сүнс хүнээс гарахдаа, усгүй ангамал газраар хэрэн хэсэж амралтыг хайвч, юуг ч эс олох үед "Би хаанаас гарлаа, тэр гэртээ эргэж очъё" гэдэг. 25 Буцаж ирэхэд нь түүнийг шүүрдсэн, цэгцтэй болсныг тэр хардаг. 26 Тэгээд тэр явж, өөрөөсөө дор өөр долоон сүнсний хамт тийшээ орж, тэндээ амьдардаг аж. Өнөөх хүний хувьд сүүлчийнх нь байдал анхныхаасаа бүр дорддог гэж айлдав. 27 Түүнийг эдгээр зүйлсийг айлдаж байхад нь олны дундаас нэгэн эмэгтэй Түүнд —Таныг тээсэн хэвлий, Таныг торниулсан хөх нь ерөөлтэй еэ! гэж чанга дуугаар хэлэв. 28 Харин Тэр —Бурханы үгийг сонсоод сахигчид нь илүү ерөөлтэй еэ! гэжээ. 29 Цугласан хүмүүс улам олон болох үед Тэр —Энэ үеийнхэн бол хорон муу үеийнхэн юм. Тэд тэмдгийг хайдаг боловч, Ионагийн тэмдгээс өөр тэмдэг тэдэнд өгөгдөхгүй. 30 Учир нь Иона ниневечүүдэд тэмдэг болсончлон, Хүний Хүү ч бас энэ үеийнхэнд тэмдэг болно. 31 Шүүлт дээр Өмнөдийн Хатан хаан энэ үеийнхэнтэй хамт босож, тэднийг яллах болно. Учир нь тэр Хатан хаан Соломоны мэргэн ухааныг сонсохоор газрын мухраас ирсэн билээ. Үзэгтүн, энд Соломоноос агуу зүйл байна. 32 Шүүлт дээр Ниневегийн хүмүүс энэ үеийнхэнтэй хамт босож, тэднийг яллах болно. Учир нь тэд Ионагийн тунхаглалд гэмшсэн юм. Үзэгтүн, энд Ионагаас ч агуу зүйл байна. 33 Хэн ч дэнлүүг асаагаад далд газар юмуу эсвэл савны дор тавьдаггүй. Харин орж ирэгсдэд гэрэл үзүүлэхийн тулд түүнийг дэнлүүний суурин дээр тавьдаг. 34 Биеийн чинь дэнлүү бол чиний нүд мөн. Нүд чинь цэвэр байвал бүтэн бие чинь гэрлээр дүүрэн байна. Харин муу байвал, бүтэн бие чинь мөн харанхуйгаар дүүрэн байна. 35 Иймээс өөрт чинь байгаа гэрэл нь харанхуй байхаас сэрэмжил. 36 Хэрэв чиний бие бүхэлдээ гэрлээр дүүрэн бөгөөд өчүүхэн төдий ч харанхуйгүй бол, энэ нь дэнлүү чамайг цацрагаараа гэрэлтүүлдэг шиг бүхэлдээ гэрэлтэх болно гэв. 37 Есүсийг яриагаа өндөрлөхөд нэгэн фарисай хүн Түүнийг хамт үдийн зоог барихыг гуйжээ. Тэр ороод тухлан суув. 38 Түүнийг заншил ёсоор хоолны өмнө эхлээд угаалга үйлдээгүйг харсан мөнөөх фарисай хүн ихэд гайхжээ. 39 Харин Эзэн түүнд —Фарисайчууд та нар аяга, тавагныхаа гаднахыг цэвэрлэдэг ч, харин та нар дотроо хулгай дээрэм, хар санаагаар дүүрэн байдаг. 40 Мунхгууд аа, гаднахыг хийсэн Тэр доторхыг мөн хийгээгүй гэж үү? 41 Харин та нар доторхыг нь өглөг мэтээр өг, тэгвэл бүх юмс та нарын хувьд цэвэр байх болно. 42 Гэвч фарисайчууд та нар золгүй еэ! Та нар гаа, сүлүү төрөл бүрийн ногооныхоо аравны нэгийг өргөдөг атлаа Бурханы хайр, шударга байдлыг үл ойшоодог. Чухамдаа эдгээр нь та нарын бусдыг нь орхигдуулалгүйгээр биелүүлэх ёстой байсан зүйл юм. 43 Фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар синагогт тэргүүн суудалд залрах, зах дээр мэндлүүлж, хүндлүүлэх дуртай. 44 Та нар золгүй еэ! Учир нь та нар үл харагдах булшнууд адил, дээгүүр нь алхаж буй хүмүүс үүнийг мэддэггүй гэв. 45 Хуульчдын нэг нь Түүнд —Багш аа, Та ингэж хэлснээрээ биднийг бас доромжлон гутааж байна гэхэд 46 Тэр —Хуульчид та нар мөн золгүй еэ! Учир нь та нар үүрэхэд бэрх ачаагаар хүмүүсийг дардаг хэрнээ өөрсдөө ганц хуруугаа ч ачаанд хүргэдэггүй. 47 Та нар золгүй еэ! Учир нь та нар эш үзүүлэгчдийн булшийг барьж босгодог ч тэднийг та нарын өвөг дээдэс хөнөөсөн. 48 Ингэхлээр та нар өвөг дээдсийнхээ үйлсийг батлан гэрчлэгчид мөн. Өвөг дээдэс чинь тэднийг хөнөөсөн тул, та нар тэдний булшийг босгож байна. 49 Иймээс ч Бурханы мэргэн ухаан нь "Би тэдэнд эш үзүүлэгч, элч нарыг илгээнэ. Тэд тэдний заримыг ална, заримыг нь хавчина. 50 Энэ нь дэлхийн сууриас хойших бүх эш үзүүлэгчийн урсгасан цус энэхүү үеийнхнээс нэхэгдэхийн тулд юм. 51 Абелынхаас авахуулаад, Бурханы өргөө болон тахилын ширээний хооронд хөнөөгдсөн Зехариагийн цус хүртэлх нь энэ үеийнхнээс нэхэгдэнэ. Тийм ээ, Би та нарт хэлье. Энэ нь энэхүү үеийнхнээс нэхэгдэх болно" гэсэн юм. 52 Хуульчид та нар золгүй еэ! Юу гэвэл та нар мэдлэгийн түлхүүрийг авсан хэдий ч өөрсдөө орсонгүй. Тийш орогсдод ч та нар саад болсон гэв. 53 Тэгээд Түүнийг тэндээс явсанд хуулийн багш нар болон фарисайчууд Түүнээс улам бүр олон зүйлийг асуун шалгааж, хорсол нь буцалж байлаа. 54 Тэд Түүний эсрэг хуйвалдацгаан, үгэн дээр нь барьж авахын тулд Түүнийг юу хэлэхийг нь анаж байв.

12

1 Тэр хооронд олон мянган хүн хуран цуглаж, нэг нэгнээ гишгэчин байв. Тэр эхлээд шавь нартаа хандан —Фарисайчуудын хөрөнгөнөөс болгоомжлогтун. Энэ нь тэдний хуурамч байдал юм. 2 Гэвч илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж байхгүй билээ. 3 Иймээс харанхуйд хэлсэн чинь гэрэл дотор сонсогдоно. Дотор өрөөнд чихэнд шивнэсэн чинь дээврүүд дээр зарлагдана. 4 Би та нарт хэлье. Андууд минь, биеийг хөнөөгсдөөс бүү ай. Хөнөөсний дараа тэд яаж ч чадахгүй. 5 Харин хэнээс айж эмээвэл зохихыг та нарт сануулъя. Хөнөөсний дараа тамд хаях эрх мэдэлтэй Нэгэнээс айж эмээгтүн. Тийм ээ, Би та нарт хэлье, Түүнээс айгтун. 6 Таван бор шувуу хоёрхон ассараар худалдагддаггүй гэж үү? Гэсэн хэдий ч тэдний нэг нь ч Бурханы өмнө мартагдахгүй. 7 Үнэндээ толгой дээрх үс бүр чинь ч тоологдсон. Бүү ай. Та нар үй олон бор шувуунаас ч эрхэм үнэтэй. 8 Би та нарт хэлье. Хүмүүсийн өмнө Намайг хүлээн зөвшөөрөгч аливаа хүнийг Хүний Хүү Бурханы тэнгэр элч нарын өмнө хүлээн зөвшөөрөх болно. 9 Харин хүмүүсийн өмнө Намайг үгүйсгэгч хүн нь Бурханы тэнгэр элч нарын өмнө үгүйсгэгдэнэ. 10 Хүний Хүүгийн эсрэг үг хэлэгч аливаа хүн уучлагдана. Харин Ариун Сүнсийг доромжлогч нэгэн уучлагдахгүй. 11 Тэд та нарыг синагог, захирагчид, эрх баригчдын өмнө аваачихад та нар өөрсдийгөө хамгаалж яаж, юу гэж ярих, эсвэл юу хэлэх талаар бүү санаа зов. 12 Учир нь юу хэлэх ёстойг чинь яг тэр цагт Ариун Сүнс та нарт зааж өгнө гэв. 13 Хурсан олны дотроос нэгэн хүн Түүнд —Багш аа, гэр бүлийн өвийг надтай хуваалц гэж ахад минь хэлээч гэхэд 14 харин Тэр —Хүн гуай, хэн чинь Намайг та нарын шүүгч, хөрөнгө хуваагчаар томилчихдог билээ? гэв. 15 Тэгээд Тэр тэдэнд хандан —Шуналын алив хэлбэрээс өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Учир нь элбэг хангалуун нэгний амь өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй юм гэв. 16 Тэр тэдэнд сургаалт зүйрлэлээр ингэж ярилаа. —Нэгэн баян хүний газар нь маш үржил шимтэй байжээ. 17 Тэр хүн "Ургацаа хадгалах байр савгүй тул одоо би яадаг билээ?" гэж бодол болж, 18 "Миний хийх зүйл нь энэ юм. Амбааруудаа буулгаад илүү том амбаарууд барья. Тэндээ би хамаг үр тариа, хамаг эд хөрөнгөө хадгална. 19 Тэгээд би сэтгэлдээ «Санаа сэтгэл минь, чамд хожмын олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа, ид, уу, зугаац» гэж хэлнэ дээ" гэсэнд, 20 харин Бурхан түүнд "Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?" гэж айлджээ. 21 Тэр хүн өөрийнхөө төлөө эд баялгийг хураагч бөгөөд Бурханы өмнө баян биш болой гэв. 22 Тэр шавь нартаа —Тиймээс Би та нарт хэлье. Амийнхаа төлөө юу идэх билээ гэж бүү санаа зов. Биеийнхээ төлөө юу өмсөх билээ гэж бүү санаа зов. 23 Яагаад гэвэл амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү эрхэм. 24 Хон хэрээг хар. Тэд тариа тарьдаггүй, хураадаггүй. Тэдэнд байр сав ч, агуулах ч байхгүй. Гэвч Бурхан тэднийг тэжээдэг юм. Та нар тэдгээр шувуудаас хамаагүй илүү үнэтэй билээ. 25 Та нарын хэн чинь санаа зовсноороо амиа хором ч атугай уртасгаж чадах вэ? 26 Хэрэв та нар маш өчүүхэн зүйлийг ч хийж чадахгүй юм бол, бусад юманд санаа зовох хэрэг юу байна? 27 Сараана цэцэгс хэрхэн ургадгийг хар. Тэд ажилладаггүй, утас ч ээрдэггүй. Гэвч Би та нарт хэлье. Соломон өөрийн бүх сүр жавхлан дотроо ч эдгээр цэцэгсийн нэгтэй нь ч эн зэрэгцэхээр хувцаслаж байгаагүй юм. 28 Хэрэв өнөөдөр нь амьд байгаад, маргааш нь зууханд хаягдах хээрийн өвсийг Бурхан тийнхүү гоёдог бол, тэгэх тусмаа итгэл багатай хүмүүс ээ, Тэр та нарыг илүү хувцаслана шүү дээ. 29 Юу идэх, юу уух билээ гэж та нар бүү хайгтун. Санаа зовохоо боль. 30 Учир нь энэ бүх зүйлсийг дэлхийн үндэстнүүд чармайн хайдаг юм. Харин та нарт эдгээр зүйлс хэрэгтэйг Эцэг тань мэддэг. 31 Харин Түүний хаанчлалыг хайгтун. Эдгээр зүйлс та нарт нэмэгдэх болно. 32 Өчүүхэн сүрэг ээ, бүү ай. Учир нь Эцэг тань хаанчлалаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм. 33 Өмч хөрөнгөө худалдаад өглөг үйлд. Хэзээ ч хуучрахгүй савыг зэх, хулгайч дөхөн ирж, хивэн хорхой сүйтгэж үл чадах тэнгэрт, шавхагдашгүй баялгийг өөрсөддөө хураагтун. 34 Юу гэвэл та нарын баялаг хаана байна, тэнд бас зүрх сэтгэл тань байх болно. 35 Бэлхүүс чинь бүслээстэй, дэнлүү чинь асаатай байг. 36 Та нар хуримын найраас эргэж ирэх эзнээ хүлээж буй хүмүүс шиг байгтун. Эзэн нь ирээд тогшмогц тэд даруй хаалгаа нээх юм. 37 Эзэн нь ирэх үед сэргэг байх боолууд ерөөлтэй еэ. Үнэнээр Би та нарт хэлье. Эзэн нь бүсээ бүсэлж, боолуудаа тухлахыг урьж, тэдэнд үйлчилнэ. 38 Хэрэв эзэн хоёр, эсвэл гурав дахь манааны үед ирж, тэднийг сэргэг байгааг олж харвал тэдгээр боолууд нь ерөөлтэй еэ. 39 Үүнийг ойлгогтун. Юу гэвэл хэрэв гэрийн тэргүүн хэдэн цагт хулгайч ирэхийг мэдсэн бол гэрээ ухуулахгүй байхсан. 40 Та нар ч мөн бэлэн байгтун. Та нарын бодоогүй цагт чинь Хүний Хүү хүрч ирнэ гэв. 41 Петр —Эзэн минь, Та энэ сургаалт зүйрлэлийг бидэнд хэлж байна уу, эсвэл бүгдэд нь хэлж байна уу? гэхэд 42 Эзэн хэлсэн нь —Зарц нарт цагт нь хоол ундыг өгүүлэхээр эзнийхээ зарц нарын дээр тавигдах итгэмжит, ухаалаг нярав нь хэн бэ? 43 Эзнийгээ ирэхэд, тийнхүү үйлдэж байгаа нь харагдах боол ерөөлтэй еэ. 44 Үнэнээр Би та нарт хэлье. Эзэн түүнд өөрийн бүх хөрөнгөө хариуцуулах болно. 45 Хэрэв тэр боол зүрхэндээ "Эзэн маань ирэхгүй удна" хэмээгээд боолуудыг эр эм гэлгүй жанчиж, идэж уун согтууран байтал, 46 түүний бодоогүй өдөр, мэдээгүй цагт нь түүний эзэн ирвэл, тэр боолыг хэсэгчин тастаад, итгэлгүйчүүдийн газарт шилжүүлнэ. 47 Эзнийхээ хүслийг мэдсэн хэрнээ хүслийнх нь дагуу биелүүлээгүй, бэлэн байгаагүй тэр боол ташуурын амт хатуухан хүртэнэ. 48 Харин үүнийг мэдээгүй бөгөөд ташуурын амт хүртэх хэрэг үйлдсэн нэг нь багахан хүртэнэ. Хэнд их нь өгөгдсөн байна, түүнээс ихийг шаардана. Хэнд их нь даалгагдсан байна, түүнээс ихийг шаардана. 49 Би газар дээр гал хаяхаар ирсэн билээ. Энэ гал хэдийнээ ассан байхыг Би ямар их хүснэ вэ! 50 Харин хүртэх ёстой нэгэн баптисм Надад байна. Үүнийг гүйцэлдтэл Би ямар их зовно вэ! 51 Та нар Намайг дэлхийд энх тайвныг бэлэглэхээр ирсэн гэж бодно уу? Үгүй, харин хагарал гэдгийг Би та нарт хэлье. 52 Учир нь одооноос нэг өрхийн таван гишүүн гурав нь хоёрынхоо эсрэг, хоёр нь гурвынхаа эсрэг болж хуваагдана. 53 Эцэг нь хүүгийнхээ, хүү нь эцгийнхээ эсрэг, эх нь охиныхоо, охин нь эхийнхээ эсрэг, хадам эх нь бэрийнхээ, бэр нь хадам эхийнхээ эсрэг болж тэд хуваагдах болно гэв. 54 Тэгээд Тэр хурсан олонд хандаж —Баруун зүгээс үүл гарахыг хараад, та нар "Бороо орох нь" гэдэг. Энэ нь ч тийм л байдаг. 55 Өмнө зүгээс салхи салхилахыг та нар хараад "Халуун өдөр болох нь" гэдэг. Энэ нь ч бас тийм л байдаг. 56 Хоёр нүүртэнгүүд ээ! Та нар тэнгэр, газрын байдлыг хэрхэн шинжихийг мэддэг хэрнээ, өнөө цагийг яагаад үл шинжинэ вэ? 57 Юу нь зөв болохыг та нар өөрсдийнхөө хувьд юунд үл шүүнэ вэ? 58 Арцалдагчийнхаа хамт захирагч уруу явах зуураа чи түүнтэй тохиролцохыг хичээ. Эс тэгвээс тэр чамайг шүүгчид, шүүгч хуягт тушааж, хуяг чамайг шоронд хийх болно. 59 Би та нарт хэлье. Чи эцсийнхээ зоосыг төлтлөө тэндээс гарахгүй гэлээ.

13

1 Тэр үед хэдэн хүн ирж Түүнд галилчуудын талаар мэдэгджээ. Пилат тэдний цусыг тахилуудтай нь хольсон ажээ. 2 Есүс тэдэнд —Тэд бусад бүх галилчуудаас илүү нүгэлтнүүд байсан тул тийнхүү зовсон гэж та нар бодно уу? 3 Үгүй, Би та нарт хэлье. Хэрэв гэмшихгүй бол та нар бүгд үүний адил мөхнө. 4 Эсвэл Силоамын цамхаг унахад үхсэн тэдгээр арван найм нь Иерусалимд амьдардаг бүх хүмүүсээс илүү өртөнгүүд байсан гэж та нар бодно уу? 5 Үгүй, Би та нарт хэлье. Хэрэв гэмшихгүй бол та нар бүгд үүний адил мөхнө гэв. 6 Тэр ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав. —Нэгэн хүн усан үзмийн цэцэрлэгтээ инжрийн мод тарьжээ. Өнөөх хүн тэр модноос жимс хайгаад юу ч олсонгүй. 7 Тэгээд цэцэрлэгчид "Хараач, гурван жилийн турш би ирж энэ модноос жимс хайгаад юу ч олсонгүй. Түүнийг огтолж хая! Энэ мод юунд газрыг дэмий эзлэх ёстой гэж?" гэжээ. 8 Цэцэрлэгч түүнд "Эзэнтэн, энэ жилдээ бас азная. Би хөрсийг нь сийрэгжүүлж, бордъё. 9 Хэрэв ирэх жил жимс өгвөл сайн биз, хэрэв үгүй бол огтлоод л хаячихъя" гэв. 10 Есүс Амралтын өдөр нэгэн синагогт сургаал зааж байлаа. 11 Үзэгтүн, сүнснээс болж арван найман жилийн турш өвчтэй байсан нэгэн эмэгтэй тэнд байв. Тэр бөгтөр болсон учир ер цэх зогсож чаддаггүй байжээ. 12 Есүс түүнийг хараад, дуудаж —Эмэгтэй, та өвчнөөсөө чөлөөлөгдлөө гээд 13 түүн дээр мутраа тавихад, даруй тэр дахин цэх болж, Бурханыг алдаршуулж эхлэв. 14 Есүс Амралтын өдөр эдгээсэнд дургүйцсэн синагогийн захирагч хурсан олонд хандаж —Ажил төрлөө амжуулах ёстой зургаан өдөр байдаг. Тиймээс Амралтын өдөр биш, харин тэдгээр өдрүүдэд л ирж эдгээлгэ гэхэд 15 Эзэн түүнд —Хоёр нүүртэнгүүд ээ, та нараас хэн чинь ч Амралтын өдөр үхэр, илжгээ саравчнаас нь гаргаж, услахаар дагуулан явдаггүй гэж үү? 16 Абрахамын охин энэ эмэгтэйг Сатан арван найман жилийн турш хүлээтэй байлгажээ. Тэгвэл энэ эмэгтэй Амралтын өдөр тэрхүү хүлээснээс ангижрах ёсгүй болж байна уу? гэв. 17 Түүнийг ийн айлдсанд эсэргүүцэгчид нь бүгд ичгүүрт оров. Харин олон түмэн Түүгээр хийгдэж буй гайхамшигт бүх үйлсэд баярлацгааж байлаа. 18 Тэгээд Тэр —Бурханы хаанчлал нь юутай адил вэ? Би түүнийг юутай зүйрлэх вэ? 19 Энэ нь гичийн үр мэт юм. Хүн түүнийг авч, цэцэрлэгтээ хаяж орхиход, тэр нь урган, мод болдог. Тэнгэрийн шувууд түүний мөчирт үүрлэдэг билээ гэв. 20 Тэр дахин айлдруун —Бурханы хаанчлалыг Би юутай зүйрлэх вэ? 21 Энэ нь хөрөнгө мэт юм. Эмэгтэй түүнийг авч, гурван хэмжүүр гуриланд хийхэд энэ нь бүхэлдээ исдэг юм гэв. 22 Тэр Иерусалим орох замдаа нэг хот, суурингаас нөгөө уруу нь дамжин сургаалаа заасаар явлаа. 23 Хэн нэг нь Түүнээс —Эзэн, аврагдаж байгаа хүмүүс тун цөөхөн байна уу? гэж асуухад 24 Тэр тэдэнд —Нарийн хаалгаар орохыг хичээ. Би та нарт хэлье. Олон хүмүүс орохыг эрэлхийлэвч чадахгүй. 25 Нэгэнтээ өрхийн тэргүүлэгч босож хаалгаа түгжвэл, та нар гадна нь зогсоод, хаалгыг тогшин "Эзэн, бидэнд онгойлгооч" гэхэд чинь Тэр та нарт хариуд нь "Та нар хаанаас ирснийг Би мэдэхгүй" гэнэ. 26 Тэгэхэд нь та нар "Бид Таны өмнө идэж, ууж байсан. Та манай гудамжинд сургаал зааж байсан шүү дээ" гэх болно. 27 Тэр "Би та нарт хэлье. Та нар хаанаас ирснийг Би мэдэхгүй. Бузрыг үйлдэгч та нар бүгд Надаас холд" гэнэ. 28 Бурханы хаанчлалд Абрахам, Исаак, Иаков болон бүх эш үзүүлэгчид байхыг та нар хараад, харин өөрсдөө хөсөр хаягдсандаа уйлж, шүдээ хавирах болно. 29 Дорно, өрнө хийгээд өмнө, умар зүгээс ирэгсэд Бурханы хаанчлалд тухлах болно. 30 Үзэгтүн, сүүлд байгаагаас зарим нь эхнийх болж, эхэнд байгаагаас зарим нь сүүлчийнх болно гэж айлдав. 31 Яг тэр үед хэсэг фарисайчууд гарч ирээд, Түүнд —Херод Таныг алахыг хүсэж байгаа тул эндээс холд, яв гэв. 32 Есүс тэдэнд —Явж, тэр үнэгэнд "Үзэгтүн, Би өнөөдөр, маргааш чөтгөрүүдийг зайлуулж, өвчинд нэрвэгдэгсдийг эдгээнэ. Гурав дахь өдөр нь Би Өөрийн зорилгоо гүйцээнэ" гэж хэл. 33 Харин Би өнөөдөр, маргааш, мөн нөгөөдөр ч замд явах ёстой. Учир нь эш үзүүлэгч хүн Иерусалимын гадна хөнөөгдөх ёсгүй юм. 34 Иерусалим аа, Иерусалим аа, өөрт нь илгээгдэгсдийг чулуудан, эш үзүүлэгчдийг алдаг хот оо! Тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэгчлэн Би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн их хүсэв. Гэтэл та нар хүссэнгүй. 35 Харагтун, та нарт хоосон гэр чинь үлдэх болно. Би та нарт хэлье. "Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ" гэж хэлэх тэр цагийг хүртэл та нар Намайг харахгүй гэж айлджээ.

14

1 Амралтын өдөр Есүс фарисайчуудын нэгэн удирдагчийн гэрт талх зооглохоор иржээ. Тэд Түүнийг нягтлан ажиглаж байв. 2 Харагтун, Түүний өмнө усан хавангаас болж зовж буй хүн байлаа. 3 Есүс хуульч нар болон фарисайчуудаас —Амралтын өдөр эдгээх нь хууль бус уу, үгүй юу? гэж асуужээ. 4 Харин тэд дуугарсангүй. Есүс тэр хүнийг барьж, эдгээгээд явуулав. 5 Тэгээд Тэр тэдэнд —Хүү нь, эсвэл үхэр нь худагт ойчвол, тэр даруйд нь Амралтын өдөр татан гаргахгүй хүн та нарын дотор байна уу? гэхэд 6 тэд үүнд хариулж ч чадсангүй. 7 Тэгээд уригдсан зочид зоогийн ширээний хоймрын хэсгийг эзлэхийг ажигласан Есүс тэдэнд нэгэн сургаалт зүйрлэл айлдав. — 8 Хэрэв та нарыг хэн нэг нь хуримын найрт уривал, хойморт нь бүү залар. Учир нь чамаас илүү хүндтэй нэгэн тэнд уригдсан байгаад, 9 та хоёуланг чинь урьсан хүн ирж, чамд "Энэ хүнд суудлаа тавьж өг" гэвэл чи ичин, доош суух болно. 10 Харин чи уригдсан бол очоод хамгийн доор суу. Тэгвэл чамайг урьсан хүн чам уруу ирж "Анд минь, дээшээ суу" гэвэл, найран дээр чамтай хамт байгаа бүхний өмнө чи хүндлэлийг олно. 11 Юу гэвэл өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагч өргөмжлөгдөнө гэв. 12 Тэр Өөрийг нь урьсан хүнд хандан —Үдийн, эсвэл оройн зоог барихдаа анд нөхөд, эсвэл ах дүү, садан төрөл, баян хөршүүдээ бүү урь. Учир нь тэд хариуд нь таныг урьж, хариу барина. 13 Харин та найр хийхдээ ядуу, эсвэл тахир дутуу, хазгар доголон, сохор хүмүүсийг урь. 14 Тэд танд хариу барьж чадахгүй тул та ерөөгдөх болно. Учир нь гэвэл зөвт хүмүүсийн амилалт дээр хариуг тань төлөх болно гэв. 15 Түүний хамт тухлан суугчдаас нэг нь үүнийг сонсоод Түүнд —Бурханы хаанчлалд талх идэх хүн бүр ерөөлтэй еэ! гэхэд 16 Тэр түүнд —Нэгэн хүн оройн их зоог бэлдэж, олон хүн урьжээ. 17 Тэгээд оройн зоог барих цаг болоход уригдсан хүмүүс уруу боолоо илгээн "Зоог бэлэн болов. Морилон ирцгээнэ үү" гэж хэлүүлжээ. 18 Гэтэл уригдсан хүмүүс бүгдээрээ л шалтаг хэлж эхлэв. Эхний хүн "Би газар худалдаж авсан тул явж, түүнийг үзэх хэрэгтэй байна. Намайг уучлаарай" гэжээ. 19 Нөгөө нэг нь "Би арван үхэр худалдаж авсан юм. Тэднийг үзэхээр явлаа. Уучлахыг гуйя" гэхэд 20 нөгөө нэг нь "Би эхнэр авсан. Ийм учраас би очиж чадахгүй" гэжээ. 21 Боол нь буцаж ирээд үүнийг эзэндээ хэлэв. Тэгтэл өрхийн тэргүүлэгч хилэгнэн, боолдоо "Даруй гарч, хотын чөлөө, гудамжаар явж ядуу, тахир дутуу, сохор болон хазгар доголон хүмүүсийг нааш авчир!" гэв. 22 Боол нь "Эзэнтэн, тушаасныг тань ёсоор болгосон хэдий ч сул суудал байсаар л байна" гэхэд 23 эзэн нь боолдоо "Зам, хашаа хавиар яв. Гэрээр минь дүүрэн хүн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир. 24 Учир нь би чамд хэлье, уригдсан байсан нөгөө хүмүүсээс нэг нь ч миний оройн зоогноос амсахгүй" гэжээ гэв. 25 Есүстэй хамт үй олон хүн явж байв. Тэр эргэн тэдэнд хандан — 26 Хэрэв хэн нэг нь Над уруу ирж, өөрийн эцэг эх, эхнэр хүүхэд, ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үзэн ядахгүй бол тэр хүн Миний шавь байж чадахгүй. 27 Өөрийнхөө загалмайг үүрэлгүй Намайг дагагч нь Миний шавь байж чадахгүй. 28 Та нарын хэн чинь цамхаг барья гэж хүсвэл, эхлээд үүнийг дуусгах хангалттай хөрөнгөтэй юу гэдгээ үзэхийн тулд суугаад зардлыг нь тооцоолдоггүй вэ? 29 Тэгэхгүй бол, түүнийг сууриа тавьчихаад дуусгаж чадахгүйг нь харсан бүхэн түүнийг шоолж, 30 "Энэ хүн барьж эхэлсэн ч, дуусгаж чадсангүй" гэх болно. 31 Эсвэл нөгөө хааны эсрэг дайлаар мордохдоо, өмнөөс нь айсуй хорин мянган дайчдыг арван мянган дайчид нь сөрж зогсох хүч болж чадах эсэхийг урьдчилан зөвлөлдөхөөр суухгүй байх ямар хаан байх билээ? 32 Хэрэв чадахгүй бол, өнөөх хааныг бүр хол байхад нь тэр энхийн хэлэлцээр гуйн элчээ илгээнэ. 33 Иймээс та нарын хэн нь ч байгаа бүхнээсээ эс татгалзваас Миний шавь байж чадахгүй. 34 Давс бол сайн юм. Харин давс нь амтгүй болбол юугаар давслаг болгох билээ? 35 Ийм давс хөрсөнд ч, бордоонд ч ашиглагдахгүй тул үүнийг хөсөр хаяна. Сонсох чихтэй нь сонсогтун гэж айлджээ.

15

1 Татвар хураагчид болон нүгэлтнүүд бүгд Түүнийг сонсохоор дэргэд нь очжээ. 2 Тэгтэл фарисайчууд болон хуулийн багш нар дургүйцэн дүнгэнэлдэж, —Энэ хүн нүгэлтнүүдийг хүлээн аван, тэдэнтэй хамт хооллодог» гэв. 3 Тэр тэдэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав. — 4 Хэрэв та нарын дундаас хэн чинь зуун хоньтой байтал, нэг нь алдагдахад ерэн есөн хонио бэлчээрт орхин, алдагдсан хонины араас явж, түүнийг олтлоо хайдаггүй вэ? 5 Тэгээд хонио олбол, тэр баяртайгаар мөрөндөө тэгнэн, 6 гэртээ ирээд, анд нөхдөө болон хөршүүдээ хамтад нь дуудаж, "Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!" гэнэ. 7 Би та нарт хэлье. Мөн үүний адил, гэмших шаардлагагүй ерэн есөн зөвт хүнээс илүүгээр гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно. 8 Нэгэн эмэгтэйд арван мөнгөн зоос байжээ. Хэрэв нэг зоосоо алдчихвал, дэнлүүгээ асаан, гэрээ шүүрдэн өнөөхөө олтлоо ихэд шаргуу хайхгүй гэж үү? 9 Тэр эмэгтэй алдсан зоосоо олмогцоо, анд нөхөд, хөршүүдээ хамтад нь дуудаад тэдэнд "Би алдсан зоосоо олсон тул надтай хамт баярлагтун!" гэнэ. 10 Би та нарт хэлье. Мөн үүний адил, нэг нүгэлтэн гэмшвэл Бурханы тэнгэр элч нарын оршихуйд баяр хөөр болно гэв. 11 Тэр —Хоёр хүүтэй нэг хүн байжээ. 12 Бага хүү нь эцэгтээ "Аав аа, эд хөрөнгөнөөсөө оногдох хувийг минь надад өгөөч" гэхэд эцэг нь хоёр хүүдээ хөрөнгөө хувааж өгөв. 13 Хэдхэн өдрийн дараа бага хүү нь хамаг юмаа хамаад, алс холын оронг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоороо амьдарч, эд хөрөнгөө үрэн таран хийв. 14 Түүнийг бүх юмаа барж дуусахад тэрхүү нутагт нь ч сүрхий өлсгөлөн болж, тэр юм юмаар гачигдаж эхлэв. 15 Тэгээд тэр явж, уг нутгийн нэгэн хүнийг бараадах болж гэнэ. Тэр хүн гахайгаа хариулуулахаар түүнийг явуулдаг байлаа. 16 Тэр гахайны идэж байсан буурцгаар ходоодоо дүүргэхийг хүсэмжлэвч хэн ч түүнд юу ч өгсөнгүй. 17 Тийнхүү тэр ухааран, "Эцгийн минь хөлсөлсөн хүмүүсийн хичнээн нь ч талхаар элбэг дэлбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд өлсөж үхэх нь. 18 Би босоод, эцэг уруугаа очъё. Тэгээд түүнд «Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ. 19 Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй, харин намайг хөлснийхөө нэг хүн болгооч» гэж хэлье" гэв. 20 Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ. Харин эцэг нь түүнийг холоос хараад, ихэд өрөвдөн гүйн ирж, тэврээд үнсэв. 21 Хүү нь түүнд "Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ. Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй" гэв. 22 Харин эцэг нь боолууддаа "Хамгийн сайхан хувцас хурдан авчирж, түүнийг хувцасла. Гарт нь бөгж зүү, хөлд нь гутал өмсгө. 23 Тарган тугал авчирж нядал. Бүгдээрээ найрлаж цэнгэе. 24 Учир нь энэ хүү маань үхсэн байсан юм. Гэвч амилжээ. Тэр алдагдсан ч олдлоо" гэв. Тэд найрлан цэнгэлдэж эхлэв. 25 Ууган хүү нь талбай дээрээ байжээ. Тэр буцаж, гэртээ ойртон ирэхдээ дуу хуур, бүжиглэх чимээг сонсоод, 26 зарц нарынхаа нэгийг дуудаж, юу болоод байгааг асууж шалгаав. 27 Тэр түүнд "Дүү чинь ирсэн. Таны эцэг түүнийг эсэн мэнд эргэж ирсэнд тарган тугал нядлуулав" гэжээ. 28 Харин ууган хүү нь уурлаж, дотогш орохыг хүссэнгүй. Тэгтэл эцэг нь гарч ирээд түүнийг аргадан гуйж эхлэв. 29 Хүү нь түүнд "Хар, олон жилийн турш би танд зарагдаж байна. Би хэзээ ч таны тушаасныг зөрчиж байгаагүй. Гэвч анд нөхөдтэйгөө баярлах үед минь та ганц ишиг ч надад өгч байгаагүй. 30 Харин хөрөнгийг чинь янхнуудтай нийлж цөлмөсөн энэ хүүгээ ирэхэд нь түүнд зориулж тарган тугал нядалж байдаг" гэхэд 31 эцэг нь "Миний хүү, чи үргэлж надтай хамт байсан. Минийх гэсэн бүхэн чинийх шүү дээ. 32 Харин чиний энэ дүү үхсэн байсан. Гэтэл амьдарчээ. Алдагдсан боловч олдлоо. Иймээс бид баярлан цэнгэх ёстой" гэв гэжээ.

16

1 Тэр шавь нартаа мөн ингэж айлдав. —Нэгэн баян хүн няравтай байжээ. Өнөөх нярав нь түүний эд хөрөнгийг үрэн таран хийж байгааг эзэн нь сонсов. 2 Тэгээд түүнийг дуудаж "Чиний талаар сонсдоод байгаа зүйл юу вэ? Ажил үүргийнхээ дансыг нааш өг. Чи цаашдаа нярав байж чадахгүй нь" гэжээ. 3 Тэгтэл тэр нярав өөртөө "Эзэн маань нярвын ажлаа надаас авч байгаа тул би яах вэ? Би чинь газар ухах хүч тэнхээгүй. Гуйлга гуйхаасаа би ичиж байна. 4 Юу хийхээ би мэдлээ. Нярвын ажлаасаа халагдвал тэд намайг гэртээ хүлээн авах болно" хэмээгээд, 5 эзэнд нь өртэй хүн бүрийг дуудаад эхний хүнээс "Чи миний эзэнд хир өртэй вэ?" гэсэнд 6 тэр хүн "Зуун хэмжүүр тосны өртэй" гэхэд мөнөөх зарц "Дансаа ав. Даруй суугаад тавь гэж бич" гэжээ. 7 Тэгээд нөгөөд нь "Чи хир өртэй вэ?" гэв. Тэр "Зуун хэмжүүр улаан буудайн өртэй" гэхэд нь "Дансаа ав. Ная гэж бич" гэлээ. 8 Шударга бус нярвынхаа ухаалаг үйлдлийнх нь төлөө эзэн нь түүнийг магтан сайшаажээ. Учир нь энэ үеийн хөвгүүд өөрсдийн цаг үеийн хэрэгт гэрлийн хөвгүүдээс илүү ухаалаг ажээ. 9 Би та нарт хэлье. Шударга зөв эд баялгаараа өөрсдийн анд нөхөдтэй бол. Энэ нь эд хөрөнгө чинь үгүйрэх цагт, тэд та нарыг мөнх нутагт хүлээн авахын тул юм. 10 Хэн маш бага юманд итгэмжтэй байна, тэр нь их юманд ч мөн итгэмжтэй байдаг. Хэн бага юманд шударга бус байна, тэр нь их юманд ч мөн шударга бус байдаг. 11 Иймээс хэрэв та нар шударга бус эд баялагт итгэмжтэй байгаагүй бол, хэн та нарт жинхэнэ баялгийг даатгах билээ? 12 Хэрэв та нар бусдын юманд итгэмжтэй байгаагүй бол, хэн та нарт өөрсдийн чинь юмыг өгөх билээ? 13 Хоёр эзэнд үйлчилдэг зарц байдаггүй. Учир нь тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлана. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцдэг. Та нар Бурханд ба эд баялагт зэрэг үйлчилж чадахгүй гэв. 14 Мөнгөнд дурлагч фарисайчууд энэ бүхнийг сонсоод, Түүгээр доог тохуу хийж байлаа. 15 Тэр тэдэнд —Та нар бол хүмүүсийн өмнө өөрсдийгөө зөвтгөгчид юм. Гэвч Бурхан та нарын зүрхийг мэднэ. Яагаад гэвэл хүмүүсийн эрхэмлэдэг зүйлс нь Бурханы өмнө жигшмээр юмс байдаг. 16 Хууль ба Эш үзүүлэгчид Иоханыг иртэл тунхагласан юм. Тэр цагаас хойш Бурханы хаанчлалын сайн мэдээ дэлгэрч, хүн бүр тийшээ орохоор хүчлэн байна. 17 Гэвч Хуулиас өчүүхэн зураас ч алга болохоос тэнгэр газар өнгөрөн одох нь илүү хялбар билээ. 18 Эхнэрээ явуулчихаад өөр нэгэнтэй гэрлэгч аливаа хүн завхайрагч юм. Нөхрөөсөө салсан нэгэнтэй гэрлэгч нь завхайрсан болно. 19 Нэгэн баян хүн байжээ. Тэр нил өнгийн нарийн нэхсэн маалинган хувцас өмсөж, өдөр бүр найрлан цэнгэдэг байв. 20 Яр шарханд баригдсан Лазар гэгч нэгэн ядуу эр хаалгыг нь сахин хэвтэж, 21 мөнөөх баяны ширээнээс унасан өвдөл цөвдлийг нь идэхсэн хэмээн хүсдэг байжээ. Хажуугаар нь ноход ирж, түүний шархыг долоодог байв. 22 Ядуу эр үхсэнд, тэнгэр элч нар түүнийг авч Абрахамын өвөр дээр тавьжээ. Баян нь ч үхсэнд түүнийг оршуулав. 23 Тийнхүү баян байсан хүн Үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж, тэртээд байгаа Абрахамыг болон Түүний өвөр дэх Лазарыг харав. 24 Тэгээд тэр "Абрахам эцэг ээ, намайг өршөөгөөч. Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хэлийг минь сэрүүцүүлэг. Учир нь би энэ галд амь тэмцэн байна" гэж хашхирахад 25 Абрахам "Хүү минь, чи амьдралынхаа туршид сайн сайхан зүйлээ хүлээн авахад тэрчлэн Лазар ч муугаа авсныг чи санаач. Харин одоо тэр энд тайтгарч, чи тэнд зовж байна. 26 Энэ бүхнээс гадна, эндээс наана чинь очих, наанаас чинь энд ирэхийг хүсэгчдийн хэн ч ирж, очиж үл чадах тийм гүн ангал чи бидний дунд тогтжээ" гэхэд 27 тэр "Эцэг ээ, тэгвэл түүнийг миний эцгийн гэрт илгээхийг би танаас гуйя. 28 Би таван дүүтэй. Энэхүү тарчлалын газар тэднийг ирүүлэхгүйн тулд Лазар тэдэнд сануулаг" гэж хэлжээ. 29 Харин Абрахам "Тэдэнд Мосе болон Эш үзүүлэгчид байгаа, дүү нар чинь тэднийг сонсог" гэхэд 30 тэр "Үгүй, Абрахам эцэг минь, хэрэв үхэгсдээс хэн нэг нь тэдэн уруу явбал, тэд гэмших болно" гэв. 31 Харин тэр түүнд "Хэрэв тэд Мосе болон Эш үзүүлэгчдийг сонсдоггүй юм бол үхэгсдээс хэн нэг нь амилсан ч тэд үнэмшихгүй биз дээ" гэжээ гэв.

17

1 Тэр шавь нартаа —Бүдрэх чулуунууд ирэх нь зайлшгүй ч, харин бүдрүүлэгч нэгэн золгүй еэ! 2 Түүний хувьд балчир эднээс нэгийг нь бүдрүүлснээс тээрмийн чулуу хүзүүнээсээ дүүжлээд тэнгист хаягдсан нь дээр байхсан. 3 Болгоомжтой бай! Хэрэв ах дүү чинь нүгэл үйлдвэл, түүнийг зэмлэ. Хэрэв тэр гэмшвэл, түүнийг уучил. 4 Хэрэв тэр чиний эсрэг өдөрт долоон удаа нүгэл үйлдчихээд, чам уруу долоон удаа эргэж ирж, "Би гэмшиж байна" гэвэл, түүнийг уучил гэв. 5 Элч нар Эзэнд —Итгэлийг маань өсгөөч гэхэд 6 Эзэн —Хэрэв та нар гичийн үр шиг итгэлтэй байвал, энэ ялам модонд "Үндсээрээ сугарч, тэнгист урга" гэсэн ч тэр дагах л болно. 7 Гэвч та нараас хэн нэг нь тариаланг чинь эрхэлдэг юм уу, малыг чинь хариулдаг боолтой байгаад боолоо талбайгаас ирэхэд нь, "Даруй орж, хооллохоор суу" гэж хэлэх үү? 8 Харин ч түүнд "Надад идэх юм бэлтгэ. Бүсээ бүсэлж, намайг идэж ууж дуустал үйлчил. Дараа нь чи идэж, ууна биз" гэж хэлэхгүй гэж үү? 9 Боол нь тушаасныг нь гүйцэтгэсэнд тэр талархдаггүй биз дээ? 10 Түүнчлэн та нар ч мөн адил, та нарт тушаасан бүхнийг гүйцэтгээд, "Бид зохисгүй боолууд. Бид зөвхөн юу хийх ёстойгоо л хийсэн" гэж хэл гэжээ. 11 Иерусалим хүрэх замд нь ийм хэрэг болов. Есүс Самари, Галил нутгийн заагаар явж байжээ. 12 Түүнийг нэгэн гацаанд хүрч ирэх үед зайдуу зогсож байсан уяман өвчтэй арван хүн Түүнтэй уулзлаа. 13 Тэд дуугаа өндөрсгөн —Есүс, Эзэнтэн, биднийг өршөөгөөч! гэв. 14 Есүс тэднийг харуутаа, —Яв, өөрсдийгөө тахилч нарт үзүүл гэжээ. Тэд явах зуураа цэвэршсэн байлаа. 15 Тэдний нэг нь өөрийн эдгэрснийг хараад, буцан ирж, чанга дуугаар Бурханыг алдаршуулан, 16 Есүсийн хөлд нь нүүрээрээ унаж Түүнд талархал өргөв. Тэр Самари хүн байжээ. 17 Есүс —Арван хүн эдгээгдсэн биш үү? Харин бусад ес нь хаана байна? 18 Бурханд алдрыг нь өргөхөөр энэ харь хүнээс өөр хэн ч буцаж ирсэнгүй юу? гээд, 19 Тэр түүнд —Бос, өөрийн замаар яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэв. 20 Бурханы хаанчлал хэзээ ирэхийг асуусан фарисайчуудад Тэр хариулахдаа —Бурханы хаанчлал ажиглагдахуйцаар ирэхгүй. 21 Хэн ч "Хараач, тэнд байна" гэх юмуу, эсвэл "Энд байна" гэж хэлэхгүй. Учир нь Бурханы хаанчлал нь та нарын дунд байна гэв. 22 Тэр шавь нартаа —Хүний Хүүгийн өдрүүдийн нэгийг нь ч гэсэн та нар харахыг хүсэх тийм өдрүүд ирэх боловч та нар харахгүй. 23 Тэд та нарт "Тийшээ хараач", "Ийшээ хараач" гэх болно. Бүү яв, тэдний хойноос бүү гүйцгээ. 24 Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл гялсхийн цахилах аянга адил Хүний Хүү Өөрийн өдрөө тийн байх болой. 25 Харин эхлээд Тэр их зовлон эдлэх ёстой бөгөөд энэ үеийнхэнд ад үзэгдэнэ. 26 Ноагийн өдрүүдэд ч ямар байсанчлан Хүний Хүүгийн өдрүүдэд ч мөн тийнхүү байх болно. 27 Ноаг хөвөгч авдарт орох өдрийг хүртэл хүмүүс идэж, ууцгааж, гэрлэж, нөхөрт гарцгааж байсан. Тэгтэл үер буун тэднийг бүгдийг нь хөнөөв. 28 Лотын өдрүүдэд ч мөн л ийм юм болсон. Тэд идэж, ууцгааж, худалдаж, худалдан авч, тариалж, барьж байгуулцгааж байлаа. 29 Харин Лотыг Содомоос гарах өдөр тэнгэрээс гал, хүхэр бууж тэднийг бүгдийг нь хөнөөв. 30 Хүний Хүү илчлэгдэх өдөр ч мөн тийм байх болно. 31 Тэр өдөр гэрийнхээ дээвэр дээр байх нэг нь гэр доторх эд хөрөнгөө авахаар дотогш бүү орог. Үүнчлэн талбайд байх нэг нь бүү буц. 32 Лотын эхнэрийг санагтун. 33 Хэн өөрийн амийг хадгалахыг хичээнэ, тэр хүн түүнийгээ алдана. Хэн амиа алдана, тэр хүн түүнийгээ аварна. 34 Би та нарт хэлье. Тэр шөнө нэг оронд байх хоёр хүний нэгийг авч, нөгөөг нь орхино. 35 Нэг дор буудай тээрэмдэгч хоёр эмэгтэйн нэгийг авч, нөгөөг нь орхино. 36 [Талбайд байх хоёр эрийн нэгийг нь авч, нөгөөг нь орхих болно гэв.] 37 Тэд Түүнд —Эзэн, хаана? гэхэд Тэр —Бие нь хаана байна, тэнд мөн тас шувууд цугладаг гэжээ.

18

1 Сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах ёстойг тэдэнд ойлгуулахын тулд Тэр ийм нэг сургаалт зүйрлэл айлдав. — 2 Нэгэн хотод Бурханаас эмээдэггүй, хүмүүсийг ч хүндэлдэггүй шүүгч байжээ. 3 Тэр хотод нэгэн бэлэвсэн эмэгтэй байв. Тэр эмэгтэй шүүгч уруу ирж, түүнд "Арцалдагчаас минь намайг өмгөөлөөч" гэдэг байлаа. 4 Шүүгч туслахыг удтал хүсээгүй боловч дараа нь өөртөө "Хэдийгээр би Бурханаас эмээдэггүй, хүмүүсийг хүндэлдэггүй 5 боловч энэ эмэгтэй амар заяаг минь үзүүлэхгүй нь. Түүнийг өмгөөлөхөөс, эс тэгвэл тэр ирж үргэлж намайг залхаах вий" гэжээ. 6 Тэгээд Эзэн —Шударга бус шүүгчийн юу хэлснийг сонс. 7 Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашхирах Өөрийн сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж үү? Тэр тэднийг удтал хойшлуулна гэж үү? 8 Би та нарт хэлье. Тэр даруйд Бурхан тэднийг өмгөөлөх болно. Харин Хүний Хүү ирэхдээ, газар дээр итгэл олох болов уу? гэжээ. 9 Өөрсдийгөө зөвт хэмээн өөрсөддөө итгээд, бусдыг басамжлагч хэсэг хүмүүст хандан Тэр нэгэн сургаалт зүйрлэл айлдав. — 10 Хоёр хүн залбирахаар сүмд оржээ. Нэг нь фарисай, нөгөө нь татвар хураагч байж гэнэ. 11 Фарисай хүн зогсоод өөртөө залбиран "Бурхан, Тандаа би талархъя. Юу гэвэл би бусад хүмүүс шиг зальхай, шударга бус, завхай бишээ. Тэр байтугай энэ татвар хураагч шиг ч биш билээ. 12 Би долоо хоногт хоёр удаа мацаг барьж, олсон бүгдийнхээ аравны нэгийг өргөдөг" гэв. 13 Харин татвар хураагч нь зайдуу зогсоод, тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, харин цээжээ дэлсэн байж, "Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч" гэв. 14 Би та нарт хэлье, фарисай нь биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ харив. Учир нь өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, өөрийгөө даруу байлгагч нь өргөмжлөгдөнө гэв. 15 Хүмүүс Есүсээр хүүхдүүддээ гар хүргүүлэхийн тулд тэднийг Түүн уруу авчиржээ. Гэвч үүнийг харсан шавь нар хүмүүсийг зэмлэн буруутгахад 16 Есүс тэднийг дуудаад, —Хүүхдүүдийг Над уруу ирүүл. Тэднийг бүү саатуул. Учир нь Бурханы хаанчлал ийм л хүмүүсийнх юм шүү. 17 Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээн авахгүй хүн тийш ер орохгүй гэжээ. 18 Нэгэн удирдагч Түүнээс —Сайн Багш аа, мөнх амийг өвлөхийн тулд би юу хийх ёстой вэ? гэж асуув. 19 Есүс түүнд —Чи Намайг юунд сайн гэж дуудна вэ? Зөвхөн Бурханаас өөр хэн ч сайн биш. 20 "Бүү завхайр. Бүү ал. Бүү хулгайл. Бүү худал гэрчил. Эцэг эхээ хүндэл" гэсэн тушаалуудыг чи мэднэ шүү дээ гэхэд 21 тэр —Би энэ бүгдийг хар багаасаа л сахьсан гэв. 22 Үүнийг сонсоод Есүс түүнд —Чамд нэг л зүйл дутуу байна. Эзэмшиж байгаа бүхнээ худалдаж, ядууст тарааж өг. Тэгвэл чи тэнгэрт баялагтай болно. Тэгээд ирж, Намайг дага гэв. 23 Харин тэр үүнийг сонсоод ихэд гунигтай болов. Учир нь тэр маш баян хүн байжээ. 24 Есүс түүнийг хараад, —Бурханы хаанчлалд баян хүн орох нь үнэхээр хэцүү юм. 25 Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр нэвтрэх нь илүү хялбар гэж айлдсаныг нь 26 сонссон хүмүүс —Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? гэцгээсэнд 27 Есүс —Хүмүүст боломжгүй зүйлс Бурханд боломжтой гэв. 28 Петр —Хараач, бид өөрсдийн юмсыг орхиж, Таныг дагасан гэхэд, 29 Тэр тэдэнд —Үнэнээр Би та нарт хэлье. Хэн Бурханы хаанчлалын төлөө гэр орон, эхнэр, ах дүү, эцэг эх болон үр хүүхдээ орхино, 30 тэр хүн энэ үед өчнөөн дахинаар хүлээн авч, ирэх үед мөнх амийг хүлээн авна гэв. 31 Тэр арван хоёрыгоо дэргэдээ авч, тэдэнд —Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Хүний Хүүгийн тухай эш үзүүлэгчдээр бичүүлсэн бүхэн биелэгдэх болно. 32 Хүний Хүү Харь үндэстэнд тушаагдахад, тэд Түүнийг доромжлон элэглэж, нулимж, 33 ташуурдсаны дараа ална. Гурав дахь өдөр нь Тэр амилах болно гэж айлдав. 34 Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Айлдсан үг нь тэднээс нууцлагдсан байсан тул тэд ойлгоогүй ажээ. 35 Түүнийг Иериход ойртон ирэх үед нэгэн сохор хүн гуйлга гуйн замын хажууд сууж байв. 36 Хажуугаар нь өнгөрөх олны дууг сонсоод, тэр юу болоод байгааг лавлажээ. 37 Назарын Есүс явааг хүмүүс түүнд хэлэв. 38 Тэгтэл мөнөөх сохор хүн —Давидын Хүү, Есүс ээ! Намайг өршөөгөөч! гэхэд 39 түрүүнд нь явагсад дуугүй байхыг түүнд хатуу анхааруулсанд тэр улам чангаар —Давидын Хүү, намайг өршөөгөөч! гэж хашхирав. 40 Есүс зогсож, түүнийг Өөр уруу нь авчрахыг тушаав. Сохор эрийг ирмэгц, Тэр түүнээс — 41 Өөрийнхөө төлөө чи Надаар юу хийлгэхийг хүснэ вэ? гэсэнд, тэр —Эзэн, би дахин харахыг хүсэж байна гэхэд 42 Есүс түүнд —Хараа ор. Итгэл чинь чамайг эдгээв гэжээ. 43 Өнөөх хүн тэр даруйдаа харах болж, Бурханыг алдаршуулсаар Түүнийг дагав. Үүнийг харсан олон түмэн бүгдээрээ Бурханыг магтацгаалаа.

19

1 Есүс Иерихог дайрч өнгөрөв. 2 Харагтун, Закхай гэгч хүн байв. Тэр нь татвар хураагчдын ахлагч бөгөөд баян хүн ажээ. 3 Есүс гэж хэн болохыг харахаар зүтгэж байсан боловч биеэр бага тул цугласан олноос болоод харж чадахгүй байв. 4 Тэгээд тэр түрүүлэн гүйж, Түүнийг харах гэж инжир модонд авиран гарав. Учир нь Есүс тэр замаар дайрч өнгөрөх гэж байв. 5 Есүс тэнд хүрч ирээд, дээш харж түүнд —Закхай, түргэл, буугаад ир. Өнөөдөр Би танайд очих ёстой гэжээ. 6 Тэр шалавхан бууж, Түүнийг баяртайгаар хүлээн авав. 7 Үүнийг харсан хүн бүхэн дургүйцэж, —Есүс нүгэлтнийд хоноглох гэнэ гэцгээж байлаа. 8 Закхай зогсоод Эзэнд —Хараач, Эзэн, өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядууст өгнө. Хэрэв би хэн нэгнээс залилан авсан байвал, түүнийгээ дөрөв дахин нугалж эргүүлэн өгнө гэсэнд 9 Есүс түүнд —Өнөөдөр энэ айлд аврал ирлээ. Учир нь тэр ч гэсэн Абрахамын хүү мөн. 10 Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ гэв. 11 Тэд энэ бүхнийг сонсох зуур Тэр нэгэн сургаалт зүйрлэл айлдав. Учир нь Тэр Иерусалимаас холгүй байсан тул, тэд Бурханы хаанчлал тэр даруй бий болох юм хэмээн бодож байлаа. 12 Тэр —Нэгэн сурвалжит хүн хаанчлалыг хүлээн аваад буцаж ирэхээр алс холын оронг зорьжээ. 13 Тэр арван боолоо дуудаж, тэдэнд арван мина өгөөд "Намайг буцаж иртэл энэ мөнгөөр ажил хэрэг явуул" гэжээ. 14 Харин түүний иргэд нь түүнийг үзэн яддаг байсан тул, араас нь элч илгээн, "Энэ хүн биднийг захирахыг бид үл хүснэ" гэж хэлүүлжээ. 15 Мөнөөх хүн хаанчлалаа хүлээн авсны дараа буцаж ирэв. Тэгээд мөнгө өгсөн боолууд нь ямар ажил эрхлэн явуулсныг мэдэхээр тэднийг дуудуулж гэнэ. 16 Эхний хүн ирж "Эзэн, таны нэг мина арван мина болсон" гэхэд 17 тэр түүнд "Сайн боол, сайн байна. Чи маш бага юманд итгэмжтэй байсан тул арван хот захирах эрх мэдэлтэй боллоо" гэжээ. 18 Хоёр дахь нь ирж, "Эзэн, таны нэг мина таван мина болсон" гэхэд 19 тэр түүнд мөн "Чи таван хот захирах эрхтэй" гэлээ. 20 Өөр нэг нь ирж, "Эзэн, үзэгтүн, би таны нэг минаг алчууртаа боогоод хав дарчихсан. 21 Та тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн тул би танаас айсан юм" гэсэнд 22 тэр "Зохисгүй боол чамайг үгээр чинь Би шүүнэ дээ. Чи намайг тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн гэдгийг мэддэг байх нь уу? 23 Тэгвэл чи мөнгийг минь юунд банкинд өгсөнгүй вэ? Тэгсэн бол би буцаж ирээд, хүүтэй нь авах байсан юм" гээд, 24 дэргэдээ байгсдад "Түүнээс нэг минаг авч, арван минатай хүнд өгсүгэй" гэв. 25 Тэд "Эзэн, түүнд арван мина байгаа шүү дээ" гэхэд, 26 "Би та нарт хэлье. Хэнд байна, түүнд илүү өгөгдөнө. Харин хэнд байхгүй байна, түүнээс байгаа нь ч авагдана. 27 Надаар өөрсдийгөө хаанчлуулахыг хүсээгүй миний дайснуудыг нааш авчирж, миний өмнө тэднийг хөнөөгтүн" гэж зарлиг буулгажээ гэв. 28 Эдгээрийг айлдсаны дараа Есүс Иерусалимын зүг тэргүүлэн явав. 29 Тэгээд Тэр Чидун хэмээх уулын бэлд байх Бетфаг болон Бетанд хүрч ирээд, шавь нараасаа хоёрыг илгээн, — 30 Та нар зэргэлдээх суурин уруу яв. Тэнд очоод, та нар урьд нь хүн ер унаж байгаагүй илжигний дудранг олно. Тайлаад энд аваад ир. 31 Хэрэв хэн нэгэн та нараас "Та нар юунд түүний уяаг тайлна вэ?" гэвэл, "Эзэнд хэрэгтэй байна" гэж хэл гэжээ. 32 Явсан хоёр Түүний айлдсанчлан байгааг олж харав. 33 Тийнхүү тэд дудрангийн уяаг тайлах үед эзэн нь тэднээс —Та нар юунд дудрангийн уяаг тайлав? гэхэд 34 тэд —Эзэнд хэрэгтэй байна гэв. 35 Тэд дудранг хөтлөн ирэхэд, хүмүүс түүн дээр хувцсаа тохоцгоож, Есүсийг мордуулав. 36 Түүнийг тийн явах зуур хүмүүс зам дээр нь хувцсаа дэвсэж байлаа. 37 Есүсийг Чидун уулын бэлд ирэх үед дагалдан яваа олон түмэн бүгдээрээ өөрсдийн үзсэн хамаг гайхамшгуудын төлөө чанга дуугаар баяртайгаар Бурханыг магтацгааж, — 38 Эзэний нэрээр ирэгч Хаан ерөөлтэй еэ! Амар тайван нь тэнгэрт, алдар нь хамгийн дээр байх болтугай! гэж байлаа. 39 Олны дунд байсан зарим фарисайчууд Түүнд —Багш аа, шавь нараа зэмлээч гэсэнд 40 Тэр —Би та нарт хэлье. Хэрэв тэд дуугаа хураавал, чулуунууд хашхирна шүү гэв. 41 Тэгээд Есүс ойртон ирж, хотыг хараад түүний төлөө уйлж, — 42 Хэрэв чи энэ өдөр амар тайванд юу хүргэхийг мэдсэнсэн бол! Харин эдүгээ энэ нь нүднээс чинь далдлагдав. 43 Дайснууд чинь чиний эсрэг бэхлэлт босгон чамайг бүсэлж, тал талаас чинь бүчих өдрүүд ирэх үед 44 чамайг болон чиний дотор хүүхдүүдийг чинь газартай тэгшлэх болно. Тэд чиний дотор чулууг чулуун дээр нь орхихгүй. Учир нь чам дээр Бурханы ирсэн цагийг чи мэдээгүй юм гэв. 45 Тэр сүмд орж, худалдаачдыг хөөн гаргаад, 46 тэдэнд —"Миний гэр бол залбирлын гэр байх ёстой" гэж бичигдсэн байтал та нар сүмийг дээрэмчдийн үүр болгожээ гэв. 47 Есүс өдөр бүр сүмд сургаалаа заадаг байлаа. Харин ахлах тахилч нар, хуулийн багш нар болон олны ахлагчид Түүнийг хөнөөхийг оролдовч, 48 ард олон бүгдээрээ Түүний үгийг анхааралтай сонсож байсан тул тэд яаж ч чадахгүй байлаа.

20

1 Тэрхүү өдрүүдийн нэгэнд Есүс сүм дотор хүмүүст сургаалаа зааж сайн мэдээг дэлгэрүүлэн байхад нь ахлах тахилч нар, хуулийн багш нар болон ахлагчид цугтаа Түүн уруу ирж, 2 Түүнд —Та ямар эрх мэдлээр энэ бүхнийг үйлдэнэ вэ? Хэн Танд энэ эрх мэдлийг өгснийг бидэнд хэл? гэсэнд 3 Тэр хариуд нь —Би мөн та нараас нэг зүйлийг асууя. Надад та нар хэл. 4 Иоханы баптисм тэнгэрээс ирсэн үү, эсвэл хүмүүсээс ирсэн үү? гэв. 5 Тэд өөр хоорондоо —Хэрэв бид "Тэнгэрээс" гэвэл, Тэр "Тэгээд та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?" гэнэ дээ. 6 Харин бид "Хүмүүсээс" гэвэл, ард олон бүгд Иоханыг эш үзүүлэгч байсан хэмээн үздэг тул бидэн уруу чулуу шидэж ална шүү дээ гэж хэлэлцээд, 7 тэд —Хаанаас ирснийг нь бид мэдэхгүй гэв. 8 Тэгэхэд нь Есүс —Би ч гэсэн энэ бүхнийг ямар эрх мэдлээр үйлддэгээ та нарт хэлэхгүй гэжээ. 9 Есүс олон түмэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав. —Нэгэн хүн усан үзмийн цэцэрлэг байгуулж, усан үзмийн тариаланчдад түрээслээд, удаан хугацаагаар холын аянд гарчээ. 10 Тэгээд ургац хураах цаг болоход тэр усан үзэм авчруулахаар тэдэн уруу боолоо явуулжээ. Гэтэл усан үзмийн тариаланчид түүнийг зодоод, гар хоосон буцаав. 11 Тэр өөр боолоо явуулсанд, тэд бас л түүнийг зодож доромжлон гутаагаад, гар хоосон буцаажээ. 12 Тэр гурав дахийг нь явуулахад, тэд боолыг нь зодож гэмтээгээд хөөн явуулжээ. 13 Тэгээд усан үзмийн цэцэрлэгийн эзэн "Би яах вэ? Би өөрийн хайртай хүүгээ явуулъя. Тэд түүнийг минь хүндлэх байх" гэв. 14 Харин усан үзмийн тариаланчид хүүг хараад, "Энэ чинь өв залгамжлагч байна. Түүнийг алчихъя. Хөрөнгө нь биднийх болно шүү дээ" гэж өөр хоорондоо зөвшилцөөд, 15 тэд түүнийг усан үзмийн цэцэрлэгээс гарган хаяж, алжээ. Тэгвэл усан үзмийн цэцэрлэгийн эзэн тэднийг яах вэ? 16 Тэр ирж, усан үзмийн тариаланчдыг хөнөөгөөд, усан үзмийн цэцэрлэгээ өөр хүмүүст өгөх болно гэжээ. Үүнийг сонссон хүмүүс —Тийм юм хэзээ ч бүү болог гэцгээхэд 17 Есүс тэднийг хараад, —Тэгвэл "Барилгачдын голсон чулуу Булангийн тулгуур чулуу болов" гэж бичигдсэн нь ямар учиртай вэ? 18 Тэр чулуун дээр унах хүн бүр хэдэн хэсэг хэмхрэх бөгөөд хэний дээр энэ чулуу унана, тэр хүнийг шороо мэт бутаргана гэж айлдав. 19 Яг тэр үед хуулийн багш нар хийгээд ахлах тахилч нар Түүнд гар хүрэхийг завдсан ч, ард олноос айв. Учир нь Есүс сургаалт зүйрлэлийг тэдний эсрэг айлдсаныг тэд ойлгосон ажээ. 20 Тэд Түүнийг ажиглан, зөвт мэт дүр эсгэгч туршуулуудыг Түүн уруу явуулав. Ингэсэн нь Түүнийг үгэн дээр нь олзлон барьж захирагчийн эрх мэдэлд тушаах зорилготой байв. 21 Тэд Түүнээс —Багш аа, Таныг зөв ярьж, сургадаг агаад хэнийг ч ялгалгүй, харин Бурханы замыг үнэнээр заадгийг тань бид мэднэ. 22 Цезарьт татвар төлөх нь бидний хувьд хуульд нийцэх үү, үгүй юу? гэж асуув. 23 Гэвч Тэр тэдний заль мэхийг мэдэж, тэдэнд хандан — 24 Надад денар үзүүлээч. Хэний дүрс, бичээс энд байна? гэхэд тэд —Цезарийнх гэжээ. 25 Есүс тэдэнд —Цезарийн юмыг Цезарьт нь, Бурханы юмыг Бурханд өг гэж айлдав. 26 Ийнхүү тэд Түүнийг ард олны өмнө айлдсан үгэн дээр нь барьж чадсангүй. Харин ч Түүний хариултанд нь гайхацгаан дуугаа хураав. 27 (Амилалт гэж байхгүй хэмээн ярьдаг) садукайчуудын зарим нь Түүн уруу ирэв. 28 Тэд Түүнээс асуун —Багш аа, "Хэрэв хэн нэгний чинь ах үхэхдээ, тэр нь эхнэртэй атлаа үр хүүхэдгүй байсан бол, дүү нь эхнэртэй нь гэрлэж ахынхаа үр удмыг залгуулах ёстой" гэж Мосе бидэнд бичжээ. 29 Тэгвэл ах дүү долоо байжээ. Ууган нь эхнэр авч, үр хүүхэдгүй үхжээ. 30 Хоёр дахь нь, 31 гурав дахь нь ч мөн түүнийг авчээ. Ингэсээр ах дүү бүгд долуулаа үр хүүхдээ үлдээлгүй үхжээ. 32 Эцэст нь мөнөөх эмэгтэй ч мөн үхэв. 33 Иймд амилалт дээр тэр эмэгтэй хэнийх нь эхнэр болох вэ? Юу гэвэл тэд долуулаа түүнийг эхнэрээ болгон авсан шүү дээ гэжээ. 34 Есүс тэдэнд —Энэ үеийн хөвгүүд нь гэрлэж, охидоо хадамд гаргадаг. 35 Харин тэрхүү үе хийгээд үхэгсдээс амилалтад хүрэх зохистой гэж тооцогдсон хүмүүс нь эхнэр ч авахгүй, нөхөрт ч гарахгүй. 36 Тэд тэнгэр элч нартай адил тул цаашид үхэж чадахгүй бөгөөд амилалтын хөвгүүд тул Бурханы хөвгүүд юм. 37 Харин Мосе шатаж буй бутны тухай хүүрнэлдээ Эзэнийг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан гэснээрээ үхэгсэд амилахыг харуулсан юм. 38 Тиймээс Тэр үхэгсдийн Бурхан биш, харин амьдын Бурхан мөн. Учир нь Түүний хувьд бүгд амьд байдаг гэж айлдав. 39 Хуулийн багш нарын зарим нь —Багш аа, Та сайн хэллээ гэв. 40 Учир нь тэд Түүнээс юуны ч тухай дахиж асуухыг зүрхэлсэнгүй. 41 Тэр тэдэнд —Христ бол Давидын Хүү мөн гэж тэд яагаад ярина вэ? 42 Давид өөрөө Дуулал номд "Эзэн миний Эзэнд «Миний баруун гарт залрагтун. 43 Ингэхдээ дайснуудыг чинь Би Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл болой» гэж айлдав" гэсэн. 44 Давид Түүнийг "Эзэн" гэсэн юм бол, Тэр хэрхэн түүний хүү нь байж таарах билээ? гэв. 45 Тийнхүү бүх ард олныг сонсож байх зуур Тэр шавь нартаа — 46 Урт дээлтэй явах дуртай, зах зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх, синагогт тэргүүн суудалд болоод найран дээр хойморт залрахыг дурлагч хуулийн багш нараас болгоомжлогтун. 47 Тэд бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэр орныг цөлмөж, удаан залбирч буй дүр үзүүлдэг. Ийм хүмүүс үлэмжийн ял хүртэнэ гэв.

21

1 Есүс дээшээ харж, эрдэнэсийн санд бэлэг өргөж буй баячуудыг харав. 2 Мөн хоёр зэс зоос өргөж буй нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэйг Тэр харав. 3 Тэр —Би та нарт үнэнээр хэлье. Энэ ядуу бэлэвсэн эмэгтэй бүхнээс илүүг өглөө. 4 Учир нь тэд бүгд илүүдлээсээ өргөлд хийсэн атал харин энэ эмэгтэй ядуу хэрнээ амин зуулгандаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө гэв. 5 Зарим хүмүүс сүмийн тухай, тэр нь гоёмсог чулуунуудаар болон өргөлийн зүйлсээр чимэглэгдсэнийг ярьж байхад нь Есүс — 6 Та нарын харж байгаа энэ бүхний чинь хувьд гэвэл, нэг ч чулуу нөгөө чулуун дээр давхарлагдаж үлдэхгүй, бүгд нурах тийм өдрүүд ирэх болно гэв. 7 Тэд Түүнээс —Багш аа, энэ нь хэзээ болох вэ? Эдгээр нь болох үед ямар шинж тэмдэг байх бол? гэж асууцгаав. 8 Тэр —Төөрөлдөхгүйн тулд болгоомжтой бай. Яагаад гэвэл Миний нэрээр олон хүн ирэх бөгөөд тэд "Би бол Тэр байна", "Цаг ойрхон байна" гэх болно. Тэдний араас бүү яв. 9 Та нар дайн дажин, түгшүүрийн тухай сонсвол бүү айгтун. Учир нь эхлээд энэ бүхэн болох ёстой юм. Харин төгсгөл нь хараахан биш юм гэв. 10 Тэгээд Тэр цааш нь тэдэнд —Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд 11 хүчтэй газар хөдлөлтүүд болно. Олон газар гай гамшиг болон өлсгөлөн болж, тэнгэрээс аймшиг болон үлэмж тэмдгүүд үзэгдэнэ. 12 Харин энэ бүгдээс өмнө Миний нэрнээс болж тэд та нарыг барьж, хавчиж, синагогт тушааж, шоронд хорино. Мөн та нарыг захирагчид болон хаадын өмнө авчирна. 13 Энэ нь та нарын гэрчлэх боломж болно. 14 Өөрийгөө хамгаалах гэж урьдаас бэлдэхгүйн тулд санаагаа түвшитгэ. 15 Учир нь та нарыг эсэргүүцэгчдээс нэг нь ч эсэргүүцэж, хориглож чадахааргүй үг болоод мэргэн ухааныг Би та нарт өгөх болно. 16 Харин та нарыг эцэг эх, ах дүүс, садан төрөл, анд нөхөд чинь хүртэл бариулна. Тэд заримыг чинь ална. 17 Миний нэрнээс болж бүгд та нарыг үзэн ядах болно. 18 Гэсэн хэдий ч та нарын толгойн дахь ширхэг үс чинь ч устахгүй. 19 Та нар өөрсдийн тэвчээрээр амиа олж авна. 20 Харин Иерусалим дайчдад бүслэгдэхийг та нар харахдаа, энэ хотын эзгүйрэх нь ойрхон буйг мэдэх болно. 21 Тэгэхэд Иудейд байгаа хүмүүс уулс уруу зугтаг, хотод байгаа хүмүүс тэндээс гараг. Хөдөө байгаа хүмүүс хот уруу бүү орог. 22 Юу гэвэл бичигдсэн бүх зүйлс биелэгдэхийн тулд энэ нь өшөө авалтын өдрүүд байх юм. 23 Тэр өдрүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд золгүй еэ! Учир нь газар дээр үлэмжийн гамшиг болох бөгөөд энэ ард түмний дээр уур хилэн байх болно. 24 Илдний ирээр тэд унагаагдаж, бүх үндэстнүүд уруу цөлөгдөнө. Харь үндэстний цаг гүйцэх хүртэл Иерусалим харь үндэстнүүдийн хөл доор талхлагдах болно. 25 Нар, сар, одод дээр тэмдэг бий болж, тэнгисийн болон давалгааны хүрхрэх шуугианаас үүдэж газар дээрх үндэстнүүдийн дунд айдас төрнө. 26 Тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдсэнээс болж дэлхийд ирж буй зүйлсийг тэд санаж, айснаасаа ухаан алдана. 27 Дараа нь тэд хүч болон агуу сүр жавхлантайгаар үүлэн дээр залран ирэх Хүний Хүүг харна. 28 Харин эдгээр нь биелж эхлэх үед цэх зогсож тэргүүнээ өргө. Учир нь та нарын золилт ойртож байна гэв. 29 Тэгээд Тэр тэдэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав. —Инжрийн мод болон бүх моддыг хар. 30 Та нар тэдгээрийн нахиалахыг хараад зун ойрхон байгааг мэддэг. 31 Түүнчлэн та нар ч гэсэн эдгээр зүйлс болохыг хараад Бурханы хаанчлал ойрхон байгааг мэдтүгэй. 32 Үнэнээр Би та нарт хэлье. Бүх зүйлс биелэгдтэл энэ үеийнхэн өнгөрөн одохгүй. 33 Тэнгэр газар өнгөрөн одовч, Миний үгс өнгөрөхгүй. 34 Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжтой байгтун. Тэрхүү өдөр та нар дээр хавх мэт гэнэт ирнэ. 35 Энэ нь газрын бүх гадаргаар нутаглагсдын дээр ирэх болно. 36 Харин Хүний Хүүгийн өмнө зогсох, мөн болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд залбирч, ямагт сэргэг байгтун гэв. 37 Есүс өдөржин сүмд сургаалаа айлдаж, харин шөнө нь гарч яван, Чидун хэмээх ууланд шөнийг өнгөрөөдөг байв. 38 Сүм уруу ирж, Түүнийг сонсохоор бүх хүмүүс өглөө эртлэн босдог байлаа.

22

1 Дээгүүр Өнгөрөх хэмээдэг Исгээгүй Талхны Баяр ойртож байлаа. 2 Ахлах тахилч нар болон хуулийн багш нар Түүнийг хэрхэн хөнөөх аргаа хайж байв. Учир нь тэд олон түмнээс айж байжээ. 3 Арван хоёрын нэг болох Искариот гэгддэг Иудаст Сатан шүглэв. 4 Тэр явж, Есүсийг яаж бариулах талаар ахлах тахилч нар болоод түшмэдтэй зөвлөлдөв. 5 Тэд баярлаж, түүнд мөнгө өгөхөөр тохиролцжээ. 6 Иудас ч санаа нийлж, Түүнийг тэдэнд хурсан олноос зайдуухан барьж өгөх аятай завшааныг эрэлхийлж эхлэв. 7 Дээгүүр Өнгөрөх баярын хургыг нядлах Исгээгүй Талхны Баярын эхний өдөр болов. 8 Есүс Петр, Иохан нарыг илгээн —Явж, бидний зооглох Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг бэлд гэв. 9 Тэд Түүнд —Биднээр хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна вэ? гэхэд 10 Тэр тэдэнд —Харагтун, та нарыг хот уруу ороход, устай ваар барьсан нэгэн хүн та нартай тааралдана. Тэр хүний орох гэр уруу ор. 11 Тэгээд та нар гэрийн эзэнд "Багш, «Би шавь нарынхаа хамт Дээгүүр Өнгөрөх баярын зоог барих тохитой өрөө хаана байна вэ?» гэж танд хэлүүлэв" гэж хэл. 12 Тэр та нарт дээд давхрын тавилгатай том өрөөг үзүүлнэ. Тэнд зоог бэлд гэжээ. 13 Тэд явж, Түүний айлдсаар бүгдийг ёсоор нь биелүүлж, Дээгүүр Өнгөрөх баярт бэлдэв. 14 Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв. 15 Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. 16 Би та нарт хэлье. Энэ нь Бурханы хаанчлалд биелэгдтэл Би хэзээ ч дахиж зоог барихгүй гээд, 17 Тэр аягыг авч, талархал өргөөд —Үүнийг авч, дундаа хүртэцгээ. 18 Учир нь Би та нарт хэлье. Үүнээс хойш Бурханы хаанчлал иртэл усан үзмийн дарснаас Би амсахгүй гэв. 19 Тэр талх авч, талархал өргөөд, тэдэнд хуваан өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. 20 Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ нь та нарын төлөө асгагдах Миний цусаар тогтоох шинэ гэрээ юм. 21 Харин үзэгтүн, Надаас урвагч нэгний гар Миний хамт ширээн дээр байна. 22 Учир нь үнэхээр Хүний Хүү оногдсоноороо явж байна. Харин Түүнээс урвагч хүн золгүй еэ! гэв. 23 Тэд өөр хоорондоо —Бидний хэн нь тийм зүйл хийх юм бол? хэмээн ярилцаж эхлэв. 24 Тэрчлэн тэдний дунд хэн нь хамгийн агуу нь байх талаар ч маргаан дэгджээ. 25 Тэр тэдэнд —Харь үндэстнүүдийн хаад ард олноо ноёрхдог бөгөөд эрх баригчид нь "Буянтнууд" хэмээгддэг. 26 Харин та нар тийм байж болохгүй. Та нарын дотроос хамгийн агуу нь хамгийн өчүүхэн нь мэт болог, удирдагч нь зарц мэт байг. 27 Ширээнд тухлагч, үйлчлэгч хоёрын хэн нь агуу вэ? Ширээнд тухлагч нь биш гэж үү? Харин Би та нарын дунд үйлчлэгч мэт байдаг. 28 Намайг сорилтод байх үед Миний хажууд зогсож байсан нь та нар мөн. 29 Миний Эцэг Надад хаанчлалыг өгсөнчлөн, Би та нарт өгнө. 30 Та нар Миний хаанчлалд Миний ширээнээ идэж уун, Израилийн арван хоёр овгийг шүүн сэнтийнд залрах болно. 31 Симон оо, Симон оо, үзтүгэй, чамайг улаан буудай мэт шигшихийн тул Сатан зөвшөөрөл гуйсан. 32 Гэсэн ч итгэл чинь сульдахгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул гэхэд 33 тэр Түүнд —Эзэн минь, Тантай хамт шоронд ороход ч, үхэхэд ч би бэлэн байна гэв. 34 Есүс —Петр ээ, Би чамд хэлье. Өнөөдөр чи Намайг танихгүй гэж гурвантаа үгүйсгэх хүртэл чинь тахиа донгодохгүй гэв. 35 Тэгээд Тэр тэдэнд хандан —Би та нарыг хүүдийгүй, богцгүй, шаахай ч үгүй явуулахад та нар ямар нэг юмаар дутсан уу? гэж айлдахад тэд —Үгүй, юугаар ч дутаагүй гэв. 36 Тэр тэдэнд —Харин одоо, хэнд хүүдий байна, түүнийгээ аваг. Хэнд богц байна, бас аваг. Хэн илдгүй байна, тэр хүн дээлээ зарж, илд худалдаж аваг. 37 Учир нь Би та нарт хэлье. "Тэр нүгэлтнүүдийн хамт тоологдсон" гэж бичигдсэн нь Надад биелэгдэхийн тулд энэ бүгд нь хэрэгтэй гэв. 38 Тэгтэл тэд —Эзэн, хараач, энд хоёр илд байна гэхэд Тэр —Энэ чинь хангалттай гэв. 39 Тэгээд Тэр тэндээс гарч, заншсан ёсоороо Чидун уул өөд өгсөв. Шавь нар ч Түүнийг дагалаа. 40 Тэнд ирээд Тэр тэдэнд хандаж, —Сорилтод орохгүйн тулд та нар залбирцгаа гээд 41 Тэр тэднээс чулуу шидэх зайтай холдон, өвдөг сөгдөөд ингэж залбирав. — 42 Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг гэв. 43 Тэгтэл тэнгэрээс тэнгэр элч Түүнд үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа. 44 Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв. 45 Тийнхүү залбирсныхаа дараа Тэр босож шавь нар уруугаа очоод, уй гунигаасаа болж унтаж буй тэднийг олж хараад, 46 тэдэнд —Та нар юунд унтана вэ? Босоцгоо, сорилтод орохгүйн тулд та нар залбирцгаа гэж айлдав. 47 Түүнийг ийнхүү айлдан байтал бөөн хүмүүс ирж яваа үзэгдэв. Арван хоёрын нэг болох Иудас гэгч тэднийг тэргүүлэн явж байв. Есүсийг үнсэхийн тул тэр Түүний дэргэд ирэв. 48 Харин Есүс түүнд —Иудас аа, чи үнсэлтээр Хүний Хүүг барьж өгч байна уу? гэв. 49 Түүнийг хүрээлэн зогсогсод юу болох гэж буйг хараад —Эзэн, бид илдээрээ цавччих уу? гээд 50 тэдний нэг нь тэргүүн тахилчийн боолын баруун чихийг тас цавчив. 51 Тэгтэл Есүс —Боль, үүнийгээ зогсоо гээд чихэнд нь хүрч мөнөөх боолыг эдгээв. 52 Тэгээд Есүс Өөрийнх нь эсрэг хүрч ирсэн ахлах тахилч нар, ахлагчид болон сүмийн түшмэдэд —Та нар дээрэмчин барих мэт илд, шийдэм агсан ирэв үү? 53 Өдөр бүр Би та нарын хамт сүмд байхад минь та нар Надад гар хүрээгүй. Харин энэ цаг болоод харанхуйн хүч нь та нарынх юм гэв. 54 Тэд Түүнийг баривчлан, тэргүүн тахилчийн гэрт хүргэв. Харин Петр холуур дагасаар очив. 55 Хүмүүс хашааны дунд гал түлсний дараа, тойрон сууцгаахад Петр ч тэдний дунд суулаа. 56 Нэгэн зарц охин Петрийг галын гэрэлд суухыг хараад, анхааралтай ширтсэнээ, —Энэ хүн бас Түүнтэй хамт байсан гэхэд 57 Петр үүнийг үгүйсгэж, —Эмэгтэй, Түүнийг чинь би танихгүй гэжээ. 58 Удалгүй, өөр нэг нь түүнийг хараад —Чи бас тэдний нэг шүү дээ! гэхэд Петр —Хүн гуай, би бишээ гэв. 59 Нэг цаг өнгөрсний дараа өөр нэг нь —Энэ хүн бас Галилын хүн тул Түүнтэй хамт байсан нь мэдээж гэлээ. 60 Тэгтэл Петр —Хүн гуай, таны юу яриад байгааг би мэдэхгүй л байна шүү гэв. Түүнийг ийнхүү ярьж байтал гэнэт тахиа донгодлоо. 61 Эзэн эргэж Петрийн зүг харав. «Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ дээ» гэж өөрт нь хэлсэн Эзэний үгийг Петр санажээ. 62 Тэгээд гадагш гарч, гашуудан уйлав. 63 Есүсийг харгалзагсад Түүгээр доог тохуу хийж, Түүнийг жанчиж байв. 64 Тэд Есүсийн нүдийг боогоод, —Хэн Чамайг цохив, эш үзүүлээч? гэж Түүнээс шалгааж байлаа. 65 Тэд Түүний эсрэг элдвийн юм хэлж, доромжлон гутааж байв. 66 Өглөө болж, ард олны ахлагчдын Зөвлөл хуран чуулж, ахлах тахилч нар болон хуулийн багш нар Есүсийг зөвлөлийн танхимд хүргүүлэв. 67 Тэд —Хэрэв Чи Христ мөн юм бол бидэнд хэлээтэх гэхэд Тэр —Хэрэв Би хэлбэл, та нар итгэхгүй. 68 Хэрэв Би та нараас асуувал, та нар хариулахгүй. 69 Гэвч үүнээс хойш Хүний Хүү Бурханы сүр хүчний баруун гарт залрах болно гэжээ. 70 Тэд бүгд —Чи тэгээд Бурханы Хүү юм уу? гэсэнд Тэр тэдэнд —Би мөн гэдгийг та нар хэлж байна гэв. 71 Тэд —Бидэнд өөр ямар гэрчлэл хэрэгтэй юм бэ? Бид өөрсдөө үүнийг Түүний Өөрийнх нь амнаас сонслоо шүү дээ гэцгээв.

23

1 Тэгээд тэд бүгд босож, Түүнийг Пилатын өмнө хүргүүлэв. 2 Тэд Есүсийг буруутгаж эхлэн —Энэ хүн манай үндэстнийг төөрөгдүүлэн, Цезарьт татвар төлөхийг хорьж, Өөрийгөө Христ, Хаан гэж байхыг нь бид харсан гэсэнд 3 Пилат Түүнээс —Та иудейчүүдийн Хаан юм уу? гэж асуухад Тэр түүнд —Та ч хэлж байна гэв. 4 Пилат ахлах тахилч нар болон хурсан олонд —Би энэ хүнээс ямар ч гэм бурууг олсонгүй гэж хэлэв. 5 Харин тэд —Тэр Галилаас эхлэн энэ газрыг хүртэл, Иудейн бүх нутгаар сургаалаа заан ард олныг өдөөн хатгаж байна гэж шаардангуй хэлж байв. 6 Пилат үүнийг сонсоод, —Энэ хүн чинь Галилынх уу? гэж асуув. 7 Түүнийг Херод хааны эрх мэдэлд харьяалагддаг гэдгийг мэдмэгцээ, тэр үед Иерусалимд байсан Херод уруу илгээжээ. 8 Херод Есүсийг хараад ихэд баярлав. Учир нь тэр Есүсийн тухай сонсож, Түүнээс ямар нэгэн тэмдгийг харна хэмээн найдаж байсан тул Есүсийг харахыг удтал хүсэж байжээ. 9 Тэгээд Түүнээс баахан асуулт асуув. Гэвч Тэр түүнд юу ч хариулсангүй. 10 Тэнд зогсож байсан ахлах тахилч нар, хуулийн багш нар Түүнийг хатуу ширүүн буруутгаж байлаа. 11 Херод цэргүүдийнхээ хамт Түүнийг доромжлон гутааж, доог тохуу хийсний дараа Түүнд гоёмсог нөмрөг нөмрүүлж, Пилат уруу буцаан хүргүүлэв. 12 Тэр өдөр Херод, Пилат хоёр нөхөд болцгоожээ. Урьд нь тэд хоорондоо дайсагналцдаг байв. 13 Пилат ахлах тахилч нар, захирагчид болон ард олныг дуудаад, 14 тэдэнд —Ард олныг бослогод өдөөн турхирагч гэж энэ хүнийг та нар над уруу авчирсан. Харагтун, та нарын өмнө Түүнийг байцаагаад, Түүний эсрэг та нарын мэдүүлээд байгаа гэм бурууг энэ хүнээс би ер олсонгүй. 15 Херод хаан ч олоогүй тул Түүнийг бидэн уруу буцаан ирүүлжээ. Харагтун, үхвэл зохих хэрэг Тэр ер хийгээгүй юм байна. 16 Иймд Түүнийг би цээрлүүлээд суллая гэжээ. 17 [Пилат баярын үеэр нэг хоригдлыг ард олонд суллаж өгөх үүрэгтэй байв.] 18 Гэтэл цугласан олон бүгдээрээ —Наад хүнээ ав. Харин бидэнд Барабыг суллаж өг гэж хашхиралдав. 19 (Бараб нь хотод бослого гаргасан, хүн алсан хэргээр шоронд хоригджээ) 20 Пилат Есүсийг суллахыг хүсэж, тэдэнд дахин үгээ хэлэв. 21 Гэвч тэд —Түүнийг цовдол, цовдол хэмээн хашхирсаар байлаа. 22 Пилат гурав дахь удаагаа тэдэнд —Яагаад? Энэ хүн ямар бузар мууг үйлдсэн юм бэ? Үхлийн шалтгаан болох ямар ч гэм бурууг би Түүнээс олсонгүй. Тийм учраас Түүнийг би цээрлүүлээд суллая гэхэд 23 харин ч тэд чанга чанга хашхиран Түүнийг цовдлохыг шаардан, тэдний дуу хоолой дийлэв. 24 Тийнхүү Пилат тэдний шаардлагыг биелүүлэхээр шийджээ. 25 Тэгээд тэдний гуйсны дагуу бослого гаргаж, хүн алсан хэргээр шоронд хоригдсон хүнийг суллаж, харин Есүсийг тэдний мэдэлд тушаав. 26 Тэд Есүсийг аваад явж байхдаа хөдөөнөөс ирсэн Курений Симон гэгч хүнийг барьж, түүнд загалмайг үүрүүлж, Есүсийн араас явуулав. 27 Үй олон хүн, эмэгтэйчүүд Түүний төлөө гашуудан уйлж, цээжээ дэлсэн хойноос нь дагаж явлаа. 28 Харин Есүс тэдэн уруу эргэж —Иерусалимын охид оо, Миний төлөө уйлахаа боль. Харин өөрсдийнхөө төлөө, хүүхдүүдийнхээ төлөө уйл. 29 Үзэгтүн. "Хүүсэр эмэгтэй болон хэзээ ч хүүхэд тээж байгаагүй хэвлий, мөн хэзээ ч хөхүүлж байгаагүй хөх нь ерөөлтэй еэ!" гэж хэлэгдэх өдрүүд ирж байна. 30 Тэгээд тэд ууланд хандан "Бидэн дээр уна", толгодод "Биднийг нөмрөөч" гэх болно. 31 Хэрэв тэд эдгээр ногоон модонд үйлддэг бол хуурай модонд тэгвэл юу болох билээ? гэв. 32 Түүнтэй хамт алахаар өөр хоёр гэмт хэрэгтэнг авч явлаа. 33 Тэд «Гавал» хэмээх газар хүрч ирээд, тэнд Түүнийг гэмт хэрэгтнүүдийн хамт, нэгийг нь баруун талд нь, нөгөөг нь зүүн талд нь цовдлов. 34 Есүс —Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. Тэд шодоод, Түүний хувцсыг хуваан авчээ. 35 Ард олон энэ бүхнийг ширтэн зогслоо. Захирагчид хүртэл Түүнийг тохуурхан —Тэр бусдыг авардаг байсан. Хэрэв Тэр Бурханы Христ, Түүний Сонгогдсон Нэгэн мөн юм бол Өөрийгөө авраг гэж байв. 36 Цэргүүд хүртэл Түүнийг дооглон, дэргэд нь ирээд Түүнд гашуун цуу өгч, — 37 Хэрэв Чи иудейчүүдийн Хаан мөн юм бол, Өөрийгөө авраач гэлээ. 38 Түүний дээд талд «Энэ бол иудейчүүдийн Хаан» гэж бичсэн пайз байлаа. 39 Тэнд өлгөгдсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь Түүнийг доромжилж, —Та чинь Христ биш бил үү? Өөрийгөө, бас биднийг авраач! гэв. 40 Харин нөгөө нь түүнийг зэмлэн —Чи адилхан ялд унасан атлаа Бурханаас айхгүй байна уу? 41 Бид үйлдсэн хэргийнхээ төлөө зохих хариуг л авсан. Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү гээд 42 тэр —Есүс ээ, Та Өөрийнхөө хаанчлалд ирэхдээ намайг санаарай гэв. 43 Тэгтэл Есүс түүнд —Үнэнээр Би чамд хэлье. Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно гэлээ. 44 Энэ нь зургадугаар цагийн орчим байсан бөгөөд есдүгээр цаг хүртэл бүх газрыг харанхуй нөмрөв. 45 Нар халхлагдаж, сүмийн хөшиг хоёр хэсэг болон урагджээ. 46 Есүс —Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая гэж чанга дуугаар хашхирлаа. Үүнийг хэлээд Тэр амьсгалаа хураав. 47 Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурханыг магтан —Энэ хүн үнэхээр гэмгүй хүн байжээ гэв. 48 Юу болохыг харахаар тэнд хамтдаа ирсэн ард олон болсон явдлыг хараад, цээжээ дэлсэн буцан явж байв. 49 Есүсийг Галилаас дагасан эмэгтэйчүүд болоод Түүнийг таньдаг бүх хүмүүс энэ бүхнийг алсаас ширтэн зогслоо. 50 Үзэгтүн, Зөвлөлийн гишүүн Иосеф гэгч сайн, зөвт нэгэн байв. 51 (Тэр тэдний шийдвэр, үйл хэрэгтэй санал зөрсөн юм) Иосеф иудейчүүдийн хот болох Ариматын хүн байсан бөгөөд Бурханы хаанчлалыг хүлээж байжээ. 52 Тэр хүн Пилатад бараалхаж Есүсийн цогцсыг гуйв. 53 Тэгээд цогцсыг нь буулган авч, маалинган даавуунд ороож, хад ухаж бэлтгэсэн булшинд тавив. Тэнд шарил ер тавьж байгаагүй ажээ. 54 Энэ нь Амралтын өдрийн өмнөх бэлтгэлийн өдөр байсан юм. 55 Есүстэй хамт Галилаас ирсэн эмэгтэйчүүд нь дагаж, булш болон Түүний цогцсыг тэнд хэрхэн тавихыг харав. 56 Тэд буцаж ирээд, анхилуун үнэртэн болон үнэрт тос бэлджээ. Амралтын өдөр тэд тушаал ёсоор амрав.

24

1 Харин долоо хоногийн эхний өдөр эрт үүрээр тэд булш уруу ирэхдээ, бэлдсэн анхилуун үнэртнээ авчрав. 2 Булшнаас хадыг өнхрүүлэн зайлуулсныг тэд хараад, 3 дотогш орсон боловч Эзэн Есүсийн цогцсыг олсонгүй. 4 Үзэгтүн, тийнхүү тэднийг тэвдэн мэгдэж байтал, гэрэлтсэн хувцастай хоёр хүн гэнэт тэдний хажууд зогсож байлаа. 5 Мөнөөх эмэгтэйчүүд айн сандарч, нүүрээ газар хүртэл бөхийлгөсөнд тэд —Та нар юунд үхэгсдийн дунд амьд Нэгэнийг хайна вэ? 6 Тэр энд байхгүй, харин Тэр амилсан. Галилд байхдаа Тэр та нарт юу айлдаж байсныг санацгаа. 7 Хүний Хүү нүгэлт хүмүүсийн гарт тушаагдаж, цовдлогдоод гурав дахь өдөр нь амилах ёстой гэсэн шүү дээ? гэжээ. 8 Тэд Түүний үгийг санаад, 9 булшнаас буцаж ирээд арван нэгт нь болон үлдсэн бүгдэд энэ бүхнийг мэдэгджээ. 10 Тэд бол Магдалын Мариа, Иоханна, Иаковын эх Мариа нар байсан бөгөөд мөн тэдэнтэй хамт байсан бусад эмэгтэйчүүд элч нарт энэ тухай хэлж байлаа. 11 Хэлсэн үгс нь тэдэнд солиотой мэт байсан тул тэд эмэгтэйчүүдэд итгэхгүй байлаа. 12 Харин Петр босон булш уруу гүйв. Зогсоод дотогш харахад зөвхөн маалинган даавуу л үзэгджээ. Тэр болсон явдалд гайхсаар гэр уруугаа буцав. 13 Үзэгтүн, тэр өдөр тэдний хоёр нь Иерусалимаас жаран стадиа зайтай байдаг Еммау хэмээх тосгон уруу явж байжээ. 14 Тэд болсон бүх зүйлийн талаар өөр хоорондоо ярьж байв. 15 Тэднийг ийнхүү ярьж хэлэлцэн явтал, Есүс Өөрөө тэдний дэргэд ирээд, цугтаа алхав. 16 Гэвч тэдний нүд нь Түүнийг танихаас саатуулагджээ. 17 Есүс тэдэнд —Та нар алхангаа бие биентэйгээ юун тухай ярилцаа вэ? гэсэнд, тэд зогсов. Тэд гунигтай байлаа. 18 Тэдний нэг Клеоп гэгч нь Түүнд —Энэ өдрүүдэд Иерусалимд болсон явдлын тухай Та л ганцаараа мэдэлгүйгээр энд аялж яваа хэрэг үү? гэхэд 19 Тэр тэдэнд —Ямар зүйлс? гэв. Тэгтэл тэд Түүнд —Назарын Есүсийн тухай юм. Тэр бол Бурханы өмнө, бүх ард олны өмнө үг болон үйлсдээ хүчирхэг эш үзүүлэгч байсан юм. 20 Түүнд манай захирагчид болон ахлах тахилч нар үхлийн ял тулгаж, Түүнийг цовдолсон. 21 Гэтэл Израилийг аврах гэж байсан Нэгэн мөн гэж бид Түүнд найдаж байв. Энэ бүхнээс гадна, энэ явдлаас хойш гурван өдөр боллоо. 22 Харин манай эмэгтэйчүүдийн зарим нь биднийг гайхахад хүргэв. Тэд өглөө эрт булш уруу очоод, 23 Түүний цогцсыг олсонгүй. Тэгээд буцаж ирээд, Түүнийг амьд гэж хэлсэн тэнгэр элч нарын үзэгдлийг харснаа бидэнд ярив. 24 Бидэнтэй хамт байсан хүмүүсийн зарим нь булш уруу явж, эмэгтэйчүүдийн хэлсний дагуу байхыг харжээ. Тэд Түүнийг олж хараагүй гэхэд 25 Есүс —Мунхаг хүмүүс ээ! Эш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрго сэтгэлтэнгүүд ээ! 26 Христ энэ бүх зовлонг эдлэн, тэгээд Өөрийн сүр жавхланд орох ёстой байсан биш үү? гэв. 27 Тэгээд Тэр Мосегээс эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх Судар Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав. 28 Тэд зорьж явсан тосгондоо ойртон ирэх үед Тэр цаашаа явах гэж байгаа мэт байв. 29 Тэд Түүнийг ятган —Бидэнтэй хамт байгаач. Өдөр ч хэдийнээ хэвийж орой болж байна гэж хэлэхэд нь Есүс тэдэнтэй үлдэхээр болж, гэрт оров. 30 Тэгээд Тэр тэдэнтэй хамт ширээнээ тухлан сууж, талх авч, ерөөгөөд хувааж тэдэнд өгөв. 31 Тэдний нүд нээгдэж, тэд Түүнийг танив. Есүс нүдэнд нь харагдахгүй алга болжээ. 32 Тэд нэг нэгэндээ —Замд Тэр бидэнтэй ярилцаж, Судрыг бидэнд тайлбарлаж байхад нь зүрх маань [бидний дотор] шатаж байсан бус уу? гээд, 33 тэр даруйдаа босож, Иерусалим уруу буцав. Тэд өнөөх арван нэг болон хамт байгсдыг нь цугтаа байхыг хараад, 34 тэдний —Эзэн үнэхээр амилсан байна. Симонд харагджээ гэж хэлэхийг сонсоод, 35 замд болсон бүхнээ болон талх хуваахад нь Түүнийг хэрхэн таньсан зэргээ ярив. 36 Тэд ийнхүү ярьж байтал Тэр Өөрөө тэдний дунд зогсож байлаа. Тэр тэдэнд —Амар амгалан нь та нарт байх болтугай гэв. 37 Гэвч тэд айн сандарч, сүнс үзэгдэв хэмээн боджээ. 38 Есүс тэдэнд —Та нар юунд зовж, зүрхэнд чинь эргэлзээ төрнө вэ? 39 Миний гар, Миний хөлийг хараач. Энэ чинь Би Өөрөө байна. Надад гараа хүргээд үз. Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм гэв. 40 Тэр үүнийг айлдаад, тэдэнд Өөрийн гар, Өөрийн хөлийг үзүүлэв. 41 Тэд баярлан, гайхсандаа итгэж ядан байхад нь Есүс тэднээс —Та нарт идэх юм байна уу? гэж асуухад 42 тэд хайрсан загас Түүнд өгөв. 43 Тэр загасыг авч, тэдний өмнө иджээ. 44 Тэгээд Тэр тэдэнд ингэж айлдав. —Та нартай хамт байхдаа Миний ярьж байсан үг маань ийм болой. Энэ нь Мосегийн Хууль, Эш үзүүлэгчид болоод Дуулал дахь Миний тухай бичигдсэн бүхэн биелэгдэх ёстой гээд 45 Судрыг ухааруулахын тулд тэдний оюун ухааныг нээв. 46 Есүс тэдэнд хандаж —"Христ зовлон эдэлж, гурав дахь өдрөө үхэгсдээс амилах болно. 47 Иерусалимаас эхлээд бүх үндэстэнд Түүний нэрээр нүглийн уучлалын гэмшил тунхаглагдах ёстой" гэж бичигдсэн юм. 48 Энэ бүхний гэрч бол та нар мөн. 49 Харагтун, Би Эцэгийнхээ амласныг та нарт илгээнэ. Харин та нар дээрээс ирэх хүчийг өмстлөө энэ хотдоо үлд гэжээ. 50 Тэгээд Тэр тэднийг Бетан хүртэл дагуулан явлаа. Есүс мутраа өргөн тэднийг ерөөв. 51 Тийнхүү ерөөж байхдаа Тэр тэднээс салж, тэнгэр өөд оджээ. 52 Тэд үлэмж баяр хөөртэйгээр Иерусалим уруу буцав. 53 Тэгээд Бурханыг магтан, сүмд байнга байх болсон ажгуу.