НЕХЕМИА

1

1 Хакалиагийн хүү Нехемиагийн үгс. Хорьдугаар оны Хислев сард намайг Суса ордонд байх үед 2 миний ах дүүсийн нэг болох Ханани болон хэсэг хүмүүс Иудагаас ирцгээлээ. Амь хэлтрэн, олзноос үлдсэн иудейчүүдийн тухай болон Иерусалимын тухай би тэднээс асуув. 3 Тэд надад —Энэ мужид олзноос үлдэгсэд нь туйлын зовлон зүдгүүр эдлэн басамжлагдаж байгаа бөгөөд Иерусалимын хэрэм нурж, түүний дааман хаалгууд нь галд шатжээ гэв. 4 Эдгээр үгсийг сонсмогц би доош суун уйлж, хэдэн өдрийн турш гашуудан тэнгэрийн Бурханы өмнө мацаг барин залбирч байв. 5 Би —Би Танаас гуйж байна, аугаа, аймшигт Бурхан болох тэнгэрийн Бурхан ЭЗЭН! Танд хайртай, Таны тушаалуудыг сахигч хүмүүст Та хайр энэрэл болон гэрээгээ сахьдаг. 6 Өөрийн зарцын залбирлыг сонсохын тулд Таны чих сонор, Таны мэлмий нээлттэй байг. Таны зарц нар болох Израилийн хөвгүүдийн өмнөөс би одоо Таны өмнө өдөр шөнөгүй залбирч байна. Таны эсрэг бидний үйлдсэн, би болон миний эцгийн гэрийн хийсэн Израилийн хөвгүүдийн нүглийг улайж байна. 7 Бид Таны эсрэг маш бусармагаар үйлдсэн ба Өөрийн зарц Мосед Таны тушаасан тушаалыг ч, тогтоолыг ч, зарлигийг ч сахиагүй билээ. 8 Та Өөрийн зарц Мосед тушаасан үгээ санаач. Та айлдахдаа "Хэрэв та нар итгэлгүй болбол Би та нарыг ард түмнүүдийн дунд тараана. 9 Харин хэрэв та нар Над уруу эргэж, Миний тушаалуудыг сахьж биелүүлэх аваас та нараас тэнгэрийн хамгийн алс хэсэгт тараагдсан байсан ч Би тэднийг тэндээс цуглуулж, Өөрийн нэрийг оршоох гэж Миний сонгосон тэр газартаа аваачна" гэсэн. 10 Тэд бол Таны зарц нар бөгөөд Таны аугаа хүч, Таны хүчирхэг мутраар золигдсон Таны ард түмэн юм. 11 Эзэн минь, би Танаас гуйж байна. Таны чих зарцынхаа залбиралд сонор байг. Таны нэрийг хүндлэн бишрэгч зарц нарынхаа залбиралд Таны чих сонор байж, Өөрийн зарцдаа энэ өдрийг амжилттай болгон хайрлаж, энэ хүний өмнө түүнд нигүүлслийг соёрхооч гэв. Тэгэхэд би хааны сөнч байв.

2

1 Артаксеркс хааны хорьдугаар оны Нисан сард түүний өмнө дарс байсан бөгөөд би дарсыг авч хаанд барив. Би урьд нь түүний өмнө гунигтай байсангүй. 2 Тиймээс хаан надад —Чи өвчин тусаагүй атал царай чинь юунд гунигтай байна вэ? Энэ нь зүрхний гуниглалаас өөр юу ч биш ажээ гэж хэлэв. Тэгэхэд би маш ихэд айв. 3 Тэгээд би хаанд —Хаан мөнх наслах болтугай. Миний эцэг өвгөдийг тавьсан газар болох тэр хот эзгүйрч, дааман хаалгууд нь галд шатаагдсан байхад миний царай юунд гуниггүй байх билээ? гэв. 4 Тэгэхэд хаан надад —Чи юу гуймаар байна? гэв. Тиймээс би тэнгэрийн Бурханд залбирлаа. 5 Би хаанд хандан —Хэрэв хаан таалбал, хэрэв таны зарц таны хишгийг олсон бол намайг Иуда уруу, миний эцэг өвгөдийг тавьсан хот уруу түүнийг дахин босгохын тулд илгээнэ үү? гэлээ. 6 Тэгэхэд түүний хажууд хатан нь сууж байсан бөгөөд хаан надад —Чиний аян хэр удаан болж, чи хэдийд буцаж ирэх вэ? гэв. Намайг илгээхийг хаан таалсан тул би түүнд тодорхой цагийг товлов. 7 Би хаанд —Хэрэв хаан таалбал, Евфрат мөрний тэртээх мужийн захирагчдад намайг Иуда хүртэл нэвтрүүлэхийг тэднээр зөвшөөрүүлэх захидлыг надад өгнө үү. 8 Мөн сүмийн дэргэдэх цайзын дааман хаалгануудад дам нуруу хийх болон хотын хэрмэнд зориулан, миний очих байшинд зориулан дүнз моддыг надад өгүүлэхийн тулд хааны ойг сахигч Асафт захидал өгнө үү гэлээ. Тэгэхэд хаан тэдгээрийг надад соёрхов. Учир нь миний Бурханы сайн мутар миний дээр байв. 9 Тэгээд би Евфрат мөрний тэртээх мужуудын захирагчид уруу очиж, тэдэнд хааны захидлуудыг гардуулав. Хаан надтай хамт цэргийн захирагчид ба морьтонгуудыг илгээсэн юм. 10 Хорони хүн Санбаллат ба аммон хүн, түшмэл Тобиа нар үүнийг сонсоод, хэн нэгэн хүн Израилийн хөвгүүдийн сайн сайхныг хайн ирсэн нь тэдэнд тун тааламжгүй байв. 11 Тиймээс би Иерусалимд очиж, тэнд гурав хоног байв. 12 Тэгээд шөнөөр би цөөхөн хүний хамт босов. Иерусалимын төлөө юу хийх ёстойг Бурхан миний зүрхэнд чиглүүлж байсныг би хэнд ч хэлээгүй бөгөөд миний унаж явсан унаанаас минь өөр амьтан тэнд байсангүй. 13 Тэгээд би шөнөөр Луут Худгийн зүг Хөндийн Хаалгаар гарч, Иерусалимын нураагдсан хэрмийг, галд шатаагдсан дааман хаалгуудыг ажин Хаягдлын Хаалга хүртэл явав. 14 Дараа нь Оргилуурын Хаалга ба Хааны цөөрөм уруу очсон ч тэнд миний уналга моринд явах газар үгүй байв. 15 Тиймээс би шөнөөр жалга даган явж, хэрмийг шинжив. Дараа нь би Хөндийн Хаалгаар дахин орж, буцаж харив. 16 Намайг хаашаа явж, юу хийснийг минь түшмэд мэдээгүй бөгөөд би иудейчүүдэд ч, тахилч нарт ч, язгууртнуудад ч, түшмэдэд ч, ажил хийсэн бусад хүмүүст ч юу ч хэлээгүй юм. 17 Тэгэхэд би тэдэнд —Та нар бидний байгаа муу нөхцөл байдлыг, Иерусалим эзгүйрч, дааман хаалгууд нь галд шатаагдсан байгааг харж байгаа биз дээ. Ирцгээ, Иерусалимын хэрмийг дахин босгоцгооё. Тэгвэл бид цаашид гутамшиг болохгүй гэв. 18 Миний Бурханы мутар надад ямар ивээлтэй байсныг болон хааны надад хэлсэн үгсийн тухай би тэдэнд хэлэв. Тэгэхэд тэд —Босоцгоон, дахин барьцгаая гэв. Тэд тийнхүү гараа сайн үйлд зориулав. 19 Гэвч хорони хүн Санбаллат ба аммон хүн, түшмэл Тобиа, Гешем, Араб нар үүнийг сонсоод биднийг шоолон жигшиж —Та нар юу гээчийг хийж байна вэ? Та нар хааны эсрэг самуун үүсгэж байна уу? гэв. 20 Тэгэхэд би тэдэнд хариулан —Тэнгэрийн Бурхан бидэнд амжилт өгнө. Тиймээс Түүний зарц нар болох бид босоцгоон барих болно. Харин та нарт Иерусалимд ямар ч хувь, эрх, эсвэл дурсгал ч байхгүй гэж хэлэв.

3

1 Тэгээд тэргүүн тахилч Елиашиб өөрийн ах дүү тахилч нарын хамт босоцгоон, Хонины хаалгыг барив. Тэд түүнийг ариусган, хаалгуудыг нь байрлуулав. Тэд Зуутын Цамхаг хүртэлх хэрэм болон Хананелын Цамхгийг ариусгав. 2 Түүний хажууд Иерихогийн хүмүүс, тэдний хажууд Имрийн хүү Заккур барьж байв. 3 Хассенаахын хөвгүүд Загасны Хаалгыг барив. Тэд үүний яс модыг тавьж дааман хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь байрлуулав. 4 Тэдний хажууд Хаккозын хүү Уриагийн хүү Меремот засвар хийв. Түүний хажууд Мешезабелын хүү Берехиагийн хүү Мешуллам засвар хийв. Түүний хажууд мөн Баанагийн хүү Задок засвар хийв. 5 Түүгээр ч барахгүй, түүний зэргэлдээ текоичууд засвар хийсэн. Гэвч тэдний язгууртнууд эздийнхээ ажлыг тэтгээгүй. 6 Пасеагийн хүү Иоиада болон Бесодеиагийн хүү Мешуллам нар Хуучин хаалгыг засав. Тэд үүний яс модыг тавьж хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь байрлуулав. 7 Тэдний хажууд гибеон хүн Мелатиа, меронотит хүн Иадон, Гибеоны болон Мизпагийн хүмүүс Евфрат мөрний тэртээх мужийн захирагчийн албан ёсны суудлын төлөө засвар хийв. 8 Түүний хажууд алтны дархчуудын нэг болох Хархаиагийн хүү Уззиел засвар хийв. Түүний хажууд сүрчиг хийгчдийн нэг болох Хананиа засвар хийсэн. Тэд Иерусалимыг Өргөн Хана хүртэл сэргээн босгов. 9 Тэдний хажууд Иерусалимын хагас дүүргийн захирагч, Хурын хүү Рефаиа засвар хийв. 10 Тэдний хажууд Харумафын хүү Иедаиа өөрийн гэрийн харалдаа засвар хийв. Түүний хажууд Хашабнеиагийн хүү Хаттуш засвар хийв. 11 Харимын хүү Малхиа, Пахат-моабын хүү Хасшуб нар өөр хэсгийг болон Зуухнуудын Цамхгийг засав. 12 Түүний хажууд Иерусалимын хагас дүүргийн захирагч, Халлохешийн хүү Шаллум өөрийн охидтойгоо засвар хийв. 13 Ханун болон Заноагийн оршин суугчид Хөндийн Хаалгыг засав. Тэд үүнийг барьж, хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь хамт байрлуулсан ба Хаягдлын Хаалга хүртэл нэг мянган тохой хэрмийг засварлав. 14 Бет-хакхеремын дүүргийн захирагч, Рехабын хүү Малхиа Хаягдлын Хаалгыг засварлав. Тэр үүнийг барьж, хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь байрлуулав. 15 Мизпагийн дүүргийн захирагч, Кол-хозегийн хүү Шаллум нь Оргилуурын Хаалгыг засварлав. Тэр үүнийг барьж, бүрээд, хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь хамт байрлуулсан. Хааны цэцэрлэг дэх Шелагийн цөөрмийн хэрмийг Давидын хотоос уруудах шат хүртэл засварлав. 16 Түүний дараа Бет-зурын хагас дүүргийн захирагч, Азбукийн хүү Нехемиа нь Давидын булшны харалдаах хүртэл, хиймэл цөөрөм, хүчит эрсийн байшин хүртэл засвар хийв. 17 Түүний дараа Банийн хүү Рехумын дор левичүүд засвар хийв. Түүний хажууд Кеилагийн хагас дүүргийн захирагч Хашабиа өөрийн дүүрэгтээ засвар хийв. 18 Түүний дараа Кеилагийн нөгөө хагас дүүргийн захирагч, Хенададын хүү Бавваин дор ах дүү нар нь засвар хийв. 19 Түүний хажууд Мизпагийн захирагч, Иешуагийн хүү Езер нь Англе дахь зэвсгийн агуулахын өгсүүрийн өмнө талд өөр нэг хэсгийг засварлав. 20 Түүний дараа Англегаас тэргүүн тахилч Елиашибын байшингийн үүд хүртэлх өөр нэг хэсгийг Заббаин хүү Барух чармайн засварлав. 21 Түүний дараа Хаккозын хүү Уриагийн хүү Меремот нь Елиашибын байшингийн үүднээс байшингийн эцэс хүртэл өөр нэг хэсгийг засварлав. 22 Түүний дараа хөндийн хүмүүс болох тахилч нар засвар хийв. 23 Тэдний дараа Бениамин ба Хасшуб нар өөрсдийн байшингийн өмнө талд засвар хийв. Тэдний дараа Ананиагийн хүү Маасеиагийн хүү Азариа өөрийн байшингийн хажууд засвар хийв. 24 Түүний дараа Хенададын хүү Биннуи нь Азариагийн байшингаас Англе ба булан хүртэл өөр нэг хэсгийг засварлав. 25 Узаин хүү Палал харуулын талбайн дэргэдэх хааны дээд байшингаас цухуйсан цамхаг ба Англегийн өмнө талд засвар хийв. Түүний дараа Парошийн хүү Педаиа засвар хийв. 26 Офелд амьдрагч сүмийн үйлчлэгчид Усны Хаалганы өмнө талаас зүүн тийш цухуйсан цамхаг хүртэл засвар хийв. 27 Түүний дараа текоичууд цухуйсан их цамхгийн өмнө хэсэг ба Офелын хэрэм хүртэлх өөр нэг хэсэгт засвар хийв. 28 Морин Хаалган дээр тахилч бүр өөрийн байшингийн өмнө талыг засварлав. 29 Тэдний дараа Иммерийн хүү Задок өөрийн байшингийн өмнө талд засвар хийв. Түүний дараа Зүүн Хаалганы харуул, Шеканиагийн хүү Шемаиа засвар хийв. 30 Түүний дараа Шелемиагийн хүү Хананиа ба Залафын зургаа дахь хүү Ханун нар өөр нэг хэсгийг засварлав. Түүний дараа Берехиагийн хүү Мешуллам өөрийн сууцныхаа өмнөх хэсгийг засварлав. 31 Түүний дараа алтны дархчуудын нэг Малхиа нь сүмийн үйлчлэгчдийн ба худалдаачдын байшин хүртэл, Хяналтын Хаалганы өмнө тал ба булангийн дээд өрөөг хүртэл засвар хийв. 32 Булангийн дээд өрөө ба Хонины Хаалганы хооронд алтны дархчууд ба худалдаачид засвар хийв.

4

1 Бид хэрмийг сэргээн барьж буйг Санбаллат сонсоод, тэр ихэд догшрон уурсаж, иудейчүүдийг доромжлов. 2 Тэр өөрийн ах дүүс ба Самарийн баячуудыг байхад —Эдгээр дорой иудейчүүд юу хийж байна вэ? Тэд өөрсдийн төлөө үүнийг сэргээн босгох гэж байгаа юм уу? Тэд тахил өргөж чадах уу? Тэд өдрийн дотор дуусгаж чадна гэж үү? Тэд овоорсон шорооноос, тэр ч бүү хэл шатсан нэгнээс чулуунуудыг сэргээж чадна гэж үү? гэв. 3 Аммон хүн Тобиа түүний ойролцоо байсан бөгөөд тэр —Тэдний босгож байгаа зүйлийн дээгүүр нь хэрэв үнэг харайвал чулуун хэрмийг нь нураачихна гэж хэлэв. 4 Бурхан минь, сонсооч, бид хэрхэн жигшигдэнэ вэ! Тэдний зүхлийг өөрсдийнх нь толгой дээр буулгаж, олзны нутагт тэднийг олз болгон өгөөч. 5 Тэдний гэм зөрчлийг бүү уучил, тэдний нүгэл Таны өмнөөс бүү арчигдаг. Учир нь тэд барилгачдыг шантруулсан юм. 6 Тиймээс бид хэрмийг барьсан ба бүх хэрэм өндрийнхөө хагаст л хүрчээ. Учир нь ард түмэн ажиллах зүрхтэй байв. 7 Иерусалимын хэрмийн засвар үргэлжилж, цөмөрхийнүүд нь бөглөгдөж эхэлж буйг Санбаллат, Тобиа, арабууд, аммончууд болон ашдодчууд сонсоод, тэд ихэд уурлав. 8 Тэд бүгд Иерусалимын эсрэг байлдахаар ирж, тэнд үймээн гаргахаар хамтдаа хуйвалдав. 9 Харин бид өөрсдийн Бурханд залбирсан бөгөөд тэднээс болж бид тэдний эсрэг өдөр, шөнөгүй харуул гаргав. 10 Иудад ийнхүү яригдав. —Ачаа үүрэгчийн хүч сульдаж байна. Гэсэн ч хог новш их байна. Бид өөрсдөө хэрмийг сэргээн барьж чадахгүй. 11 Бидний дайснууд —Бид тэднийг мэдээгүй, хараагүй байхад нь тэдний дунд орж, тэднийг алж, ажлыг нь зогсооно гэсэн. 12 Тэдний ойролцоо амьдардаг иудейчүүд ирцгээж, бидэнд —Та нарын эргэх зүг бүрээс тэд бидний эсрэг довтолно гэж арван удаа хэлэхэд, 13 би хүмүүсийг хэрмийн ар талын газрын хамгийн нам хэсгүүд болох задгай газруудад байрлуулж, хүмүүсийг ургуудаар нь сэлэм, жад, нумтай нь байрлуулав. 14 Би тэдний айдсыг хараад, босож сурвалжтанууд, захирагчид, мөн бусад хүмүүст хэлэв. —Тэднээс бүү айцгаагтун. Аугаа, аймшигт Эзэнийг санаж, өөрсдийн ах дүүс, хөвгүүд, охид, эхнэрүүд ба ар гэрийнхээ төлөө тулалдацгаагтун! 15 Тэдний төлөвлөгөө бидэнд мэдэгдсэнийг, Бурхан түүнийг нь тасалдуулсан гэдгийг дайснууд маань сонссонд бид бүгд хэрэм уруу, хүн бүр өөрийн ажил уруугаа буцав. 16 Тэр өдрөөс хойш миний зарц нарын хагас нь ажиллаж байх үед хагас нь жад, бамбай, нум ба хуяг барьж, дарга нар нь Иудагийн бүхэл гэрийн ард байцгаав. 17 Хэрмийг сэргээн босгогчид болон ачаа зөөгчид ажил хийж байхдаа нэг гараараа ачаагаа авч нөгөө гартаа зэвсгээ барьж байв. 18 Барилгачдын хувьд гэвэл, хүн бүр хэрэм босгох үедээ сэлмээ хажуудаа зүүж явах бөгөөд бүрээчин миний хажууд зогсож байв. 19 Би сурвалжтанууд, захирагчид болон бусад хүмүүст —Ажил их, хүрээ өргөн, бид хэрэм дээр бие биеэсээ хол салсан байна. 20 Та нар хаа нэгтээ бүрээний дуу сонсвол тийшээ бидэн уруу цугларцгаа. Бидний Бурхан бидний төлөө тулалдана гэв. 21 Тийнхүү хүмүүсийн маань хагас нь жад барин, үүр цайхаас мичид гарах хүртэл бүгд ажиллацгаав. 22 Тэр үед би бас хүмүүст —Хүн бүр зарцтайгаа хамт Иерусалимд шөнийг өнгөрүүл. Тэгвэл тэд бидний төлөө шөнөдөө харуул, өдөртөө ажилчин болох юм гэж хэлэв. 23 Тийнхүү би өөрөө ч, миний ах дүү нар ч, миний зарц нар ч, намайг дагалдаж байгаа хамгаалах хүмүүс ч, бидний хэн нь ч хувцсаа тайлсангүй, усанд явахдаа ч зэвсгээ авч явдаг байв.

5

1 Хүмүүс болон тэдний эхнэрүүдийн дунд иудей ах дүүсийнхээ эсрэг бөөн эсэргүүцэл гарав. 2 Учир нь "Бид хийгээд бидний хөвгүүд, охид олон байна. Тиймээс бид өөрсдийгөө тэжээж амьдрахын тулд үр тариа олж авцгаахыг бидэнд зөвшөөр" гэж хэлэгсэд энд байв. 3 Мөн "Өлсгөлөнгөөс болж, бид үр тариа олж авахын тулд тариан талбайгаа, усан үзмийн төглүүдээ, байшингуудаа барьцаалж байна" гэж хэлэх хүмүүс ч байв. 4 Мөн ийн хэлэгсэд ч байв. "Бидний тариан талбай, усан үзмийн төглүүдэд оноох хааны татварыг төлөхийн тулд бид мөнгө зээлсэн. 5 Бидний махан бие бидний ах дүү нарын махан биетэй адил, бидний хүүхдүүд тэдний хүүхдүүдтэй адил билээ. Гэсэн ч харцгаа, бид хөвгүүд, охидоо боол болгохоор хүчилж, манай охидын зарим нь аль хэдийн боолчлогдож байгаа. Бид яаж ч чадахгүй байна. Учир нь бидний тариан талбай, усан үзмийн төглүүд бусдынх болжээ". 6 Тэгээд би тэдний эсэргүүцлийг болон эдгээр үгсийг сонсоод ихэд уурлав. 7 Тэгээд би өөртөө зөвшөөд, сурвалжтанууд ба захирагчидтай марган, тэдэнд —Та нар бүгд өөрсдийнхөө ах дүүгээс мөнгө хүүлэхийг шаардаж байна гэв. Тийм учраас би тэдний эсрэг аугаа чуулганыг цуглуулав. 8 Би тэдэнд —Бид үндэстнүүдэд худалдагдсан иудей ах дүүсээ өөрсдийн чадах чинээгээрээ чөлөөлсөн билээ. Одоо бидэнд худалдагдахын тулд та нар ах дүүсээ худалдах гэж үү? гэсэнд тэд чимээгүй болж, хэлэх үгээ ч олж чадсангүй. 9 Би дахин хэлэв. —Та нарын хийж буй зүйл чинь сайн юм биш. Та нар бидний дайснуудын болон үндэстнүүдийн зэмлэлээс болж Бурханы айдас дотор явахгүй гэж үү? 10 Үүнтэй адил би болон миний ах дүү нар миний зарц нар ч тэдэнд мөнгө ба үр тариаг зээлүүлж байгаа. Мөнгө хүүлэхээ больцгооё. 11 Яг энэ өдөр тэдний тариан талбай, усан үзмийн төглүүд, чидуны төглүүд болон байшингуудыг нь, мөн тэднээс шаардаж байгаа мөнгөний, үр тарианы, шинэ дарсны тосны хүүг тэдэнд буцаан өгцгөө гэв. 12 Тэгэхэд тэд —Бид үүнийг буцаан өгөөд, тэднээс юу ч нэхэхгүй. Бид яг таны хэлсэнчлэн хийнэ гэв. Тиймээс би тахилч нарыг дуудаж, энэ амлалт ёсоор хийнэ гэсэн тангаргийг тэднээс авав. 13 Би мөн өөрийн хувцасны хормойг сэгсэрч, Бурхан энэ амлалтыг биелүүлээгүй хүн бүрийг гэрээс нь, эзэмшлээс нь ийнхүү сэгсрэг. Тэр ийнхүү сэгсрэгдэж бүр хоосрог гэв. Тэгэхэд бүх чуулган —Амен гэв. Тэгээд тэд ЭЗЭНийг магтав. Дараа нь хүмүүс амласан ёсоороо үйлдэв. 14 Түүнээс гадна, би Иудагийн нутагт тэдний захирагчаар томилогдсон өдрөөс буюу Хаан Артаксерксын хорьдугаар оноос гучин хоёрдугаар он хүртэл арван хоёр жилийн турш би өөрөө ч миний хамаатнууд ч захирагчийн хүнсний хангамжийг идсэнгүй. 15 Харин миний өмнө байсан урьдын захирагчид ард түмэнд ачаа үүрүүлж, дөчин мөнгөн шекелээс гадна тэднээс талх, дарс авч байсан. Зарц нар нь хүртэл ард түмнийг ноёлж байжээ. Харин би Бурханаас эмээсэн учир тийн үйлдсэнгүй. 16 Мөн би энэ хэрмийн ажилд бүх хүчээ шавхан оролцсон. Бид ямар ч газар худалдаж аваагүй бөгөөд миний бүх зарц нар тэнд ажиллахаар цугласан. 17 Түүнээс гадна, бидний эргэн тойронд байсан үндэстнүүдээс бидэн уруу ирэгсдээс гадна зуун тавин иудейчүүд болон захирагчид миний ширээнд хооллодог байв. 18 Өдөр бүр нэг үхэр, зургаан шилдэг хонь төхөөрч байсан төдийгүй, надад мөн шувуудыг бэлтгэдэг байв. Арван хоногт нэг удаа бүх төрлийн дарсыг элбэг дэлбэгээр өгч байв. Гэсэн ч энэ бүхэнд би захирагчийн хүнсний ноогдлыг шаардаж байгаагүй. Учир нь энэ ард түмний дээрх боолчлол нь хүнд байв. 19 Бурхан минь, энэ ард түмний төлөө хийсэн бүхний минь дагуу, сайны төлөө намайг санаач.

6

1 Хэдийгээр тэр үед би хаалгуудыг нь дааман хаалгануудад нь байрлуулаагүй байсан ч, намайг хэрмийг дахин босгосон ба хэрмэнд цөмөрхий үлдээгүй гэдгийг Санбаллат, Тобиа, араб хүн Гешемд болон бидний бусад дайснуудад мэдээлэхэд, 2 Санбаллат, Гешем нар надад захидал илгээн, —Ирнэ үү! Оногийн талд Хефиримд бүгдээрээ уулзацгаая! гэв. Гэвч тэд надад хор хүргэхээр төлөвлөж байсан. 3 Тиймээс би тэдэн уруу элч нарыг илгээж, "Би агуу ажил хийж байгаа бөгөөд очиж чадахгүй. Би үүнийг орхиж та нар уруу очих хооронд энэ ажлыг зогсоох хэрэг юу байна вэ?" гэж хэлүүлэв. 4 Тэд надад энэ мэтээр дөрвөн удаа захидал илгээсэн бөгөөд би тэдэнд нөгөө л хариугаа өгөв. 5 Тэгэхэд Санбаллат ийм байдлаар тав дахь удаа өөрийн зарцаа илгээсэн бөгөөд түүний гарт битүүмжлээгүй захидал байв. 6 Тэнд бичсэн нь "Чи болон иудейчүүд бослого гаргахаар төлөвлөж байгаа. Тиймээс та нар хэрмийг сэргээн босгож байна гэж үндэстнүүдийн дунд яригдаж байна. Гашму ч үүнийг хэлж байна. Энэ мэдээллийн дагуу бол чи тэдний хаан болох гэнэ. 7 Мөн чи Иерусалимд өөрийнхөө тухай «Иудад хаан байна» хэмээн зарлуулахаар эш үзүүлэгчдийг томилсон гэнэ. Одоо эдгээр мэдээллийн дагуу энэ нь хаанд мэдээлэгдэнэ. Тиймээс одоо ирэгтүн, хамтдаа зөвлөлдөе" гэжээ. 8 Тэгэхэд би түүнд захидал илгээн "Таны хэлж буй шиг тийм зүйлс огт болоогүй. Харин та эдгээрийг санаанаасаа зохиож байна" гэлээ. 9 Учир нь тэд бүгдээрээ "Тэд ажилдаа мохож, ажил нь гүйцэд хийгдэхгүй" хэмээн бодож, биднийг айлгахыг хичээж байв. Харин одоо, өө Бурхан, миний гарыг тэнхрүүлээч. 10 Тэгээд би гэрт хоригдсон Мехетабелын хүү, Делаиагийн хүү Шемаиагийн байшинд ороход, тэр —Бурханы өргөөнд, сүм дотор уулзацгаая. Сүмийн хаалгуудыг нь хаа. Учир нь тэд чамайг алах гэж байна. Тэд чамайг алахаар шөнө ирнэ гэв. 11 Гэвч би —Над шиг хүн зугтаах гэж үү? Над шиг нэг нь амиа аврахаар сүм уруу орж чадах уу? Би орохгүй гэж хэлэв. 12 Тэгэхэд Бурхан үнэхээр түүнийг илгээгээгүй, харин Тобиа, Санбаллат нар түүнийг хөлсөлсөн учир тэр миний эсрэг эш үзүүлсэн гэдгийг би ухаарсан. 13 Би айж, түүнчлэн нүгэл үйлдэж, тэгснээр тэд намайг буруутгаж чадах муу мэдээллийг олж авахаар тэр хүнийг хөлсөлсөн юм. 14 Өө, Бурхан минь, тэдний эдгээр ажлаар нь Тобиа, Санбаллат нарыг, мөн эш үзүүлэгч эмэгтэй Ноадиаг, намайг айлгахыг хичээж байсан бусад эш үзүүлэгчдийг санаач. 15 Ингээд хэрэм нь тавин хоёр хоногийн дотор, Елул сарын хорин таванд баригдаж гүйцлээ. 16 Бидний бүх дайснууд үүнийг сонсож, бидний эргэн тойрны бүх үндэстнүүд үүнийг хараад, тэд өөрсдийн итгэлээ алдав. Учир нь энэ ажил бидний Бурханы дэмжлэгэтэйгээр бүтсэн гэдгийг тэд ойлгожээ. 17 Мөн тэр өдрүүдэд Иудагийн сурвалжтануудаас олон захидал Тобиад очиж, Тобиагийн захидлууд тэдэнд ирэв. 18 Учир нь Иудад олон хүмүүс түүнтэй тангаргаар холбогдсон байсан. Учир нь тэр Арагийн хүү Шеканиагийн хүргэн байсан бөгөөд түүний хүү Иехоханан нь Берехиагийн хүү Мешулламын охинтой гэрлэсэн байв. 19 Түүнээс гадна тэд миний дэргэд түүний сайн үйлсийн тухай ярьж байсан ба миний үгсийг түүнд мэдээлжээ. Тэгээд Тобиа намайг сүрдүүлэхээр захидлуудыг илгээв.

7

1 Хэрмийг сэргээн босгож, би хаалгуудыг нь байрлуулж, хаалгачид, дуучид, левичүүд томилогдсоны дараа 2 би өөрийн дүү Ханани ба цайзын жанжин Хананиаг Иерусалимыг хариуцуулахаар тавив. Учир нь тэр итгэмжит хүн бөгөөд бусад олон хүмүүсээс илүүгээр Бурханаас эмээдэг хүн байв. 3 Тэгээд би тэдэнд —Нар хөөрч, халуу шаттал Иерусалимын дааман хаалгуудыг бүү онгойлго. Хаалгачдыг харуулд зогсож байх үед хаалгуудыг хааж, түгжиг! Мөн Иерусалимын оршин суугчдаас хүн бүрийг харуулд гаргаж, хүн бүрийг өөрийнх нь байшингийн өмнө талд харуулаар томил хэмээв. 4 Хот том бөгөөд уудам, харин түүн доторх хүмүүс нь цөөн, байшингууд нь сэргээн босгогдоогүй байв. 5 Тэгэхэд сурвалжтанууд, түшмэд ба ард иргэдийг уг гарлаар нь бүртгэн данслахын тулд цуглуулах санааг миний Бурхан зүрхэнд минь оруулсан. Тэгээд би анх ирэгсдийн угсаа гарвалын номыг олж, тэндээс дараах бичлэгийг олов. 6 Эдгээр нь Вавилоны хаан Небухаднезарын авч явсан цөллөгийн олзлогдогсдоос ирсэн мужийн хүмүүс юм. Тэд Иерусалим ба Иуда уруу, өөр өөрийн хот уруу буцаж ирсэн. 7 Тэд Зеруббабел, Иешуа, Нехемиа, Азариа, Раамиа, Нахамани, Мордехаи, Билшан, Мисперет, Бигваи, Нехум, Баана нартай хамт ирсэн юм. Израилийн ард түмний эрчүүдийн тоо. 8 Парошийн хөвгүүд хоёр мянга нэг зуун далан хоёр, 9 Шефатиагийн хөвгүүд гурван зуун далан хоёр, 10 Арагийн хөвгүүд зургаан зуун тавин хоёр, 11 Пахат-моабын хөвгүүдийн Иешуа ба Иоабын хөвгүүд хоёр мянга найман зуун арван найм, 12 Еламын хөвгүүд мянга хоёр зуун тавин дөрөв, 13 Заттугийн хөвгүүд найман зуун дөчин тав, 14 Заккаин хөвгүүд долоон зуун жар, 15 Биннуин хөвгүүд зургаан зуун дөчин найм, 16 Бебаин хөвгүүд зургаан зуун хорин найм, 17 Азгадын хөвгүүд хоёр мянга гурван зуун хорин хоёр, 18 Адоникамын хөвгүүд зургаан зуун жаран долоо, 19 Бигваин хөвгүүд хоёр мянга жаран долоо, 20 Адины хөвгүүд зургаан зуун тавин тав, 21 Хезекиагийн, Атерын хөвгүүд ерэн найм, 22 Хашумын хөвгүүд гурван зуун хорин найм, 23 Безаин хөвгүүд гурван зуун хорин дөрөв, 24 Харифын хөвгүүд зуун арван хоёр, 25 Гибеоны хөвгүүд ерэн тав, 26 Бетлехем ба Нетофагийн эрчүүд зуун наян найм, 27 Анатотын эрчүүд зуун хорин найм, 28 Бет-азмаветын эрчүүд дөчин хоёр, 29 Кириат-иеарим, Хефира ба Бееротын эрчүүд долоон зуун дөчин гурав, 30 Рама ба Гебагийн эрчүүд зургаан зуун хорин нэг, 31 Михмасын эрчүүд зуун хорин хоёр, 32 Бетел ба Аин эрчүүд зуун хорин гурав, 33 өөр Небогийн эрчүүд тавин хоёр, 34 өөр Еламын хөвгүүд мянга хоёр зуун тавин дөрөв, 35 Харимын хөвгүүд гурван зуун хорь, 36 Иерихогийн эрчүүд гурван зуун дөчин тав, 37 Лод, Хадид, Оногийн хөвгүүд долоон зуун хорин нэг, 38 Сенаагийн хөвгүүд гурван мянга есөн зуун гуч байв. 39 Тахилч нар нь: Иешуагийн гэрийн Иедиагийн хөвгүүд есөн зуун далан гурав, 40 Иммерийн хөвгүүд мянга тавин хоёр, 41 Пашхурын хөвгүүд мянга хоёр зуун дөчин долоо, 42 Харимын хөвгүүд мянга арван долоо байв. 43 Левичүүд нь: Ходевагийн хөвгүүдээс Кадмиелын, Иешуагийн хөвгүүд далан дөрөв байв. 44 Дуучид нь: Асафын хөвгүүд зуун дөчин найм байв. 45 Хаалгачид нь: Шаллумын хөвгүүд, Атерын хөвгүүд, Талмоны хөвгүүд, Аккубын хөвгүүд, Хатитагийн хөвгүүд, Шобаин хөвгүүд зуун гучин найм байв. 46 Сүмийн үйлчлэгчид нь: Зихагийн хөвгүүд, Хасуфагийн хөвгүүд, Таббаотын хөвгүүд, 47 Керосын хөвгүүд, Сиагийн хөвгүүд, Падоны хөвгүүд, 48 Лебанагийн хөвгүүд, Хагабагийн хөвгүүд, Шалмаин хөвгүүд, 49 Хананы хөвгүүд, Гидделийн хөвгүүд, Гахарын хөвгүүд, 50 Реаиагийн хөвгүүд, Резиний хөвгүүд, Некодагийн хөвгүүд 51 Газзамын хөвгүүд, Уззагийн хөвгүүд, Пасеагийн хөвгүүд, 52 Бесаин хөвгүүд, Меунимийн хөвгүүд, Нефушесимийн хөвгүүд, 53 Бакбукийн хөвгүүд, Хакуфагийн хөвгүүд, Хархурын хөвгүүд, 54 Базлитын хөвгүүд, Мехидагийн хөвгүүд, Харшагийн хөвгүүд, 55 Баркосын хөвгүүд, Сисерагийн хөвгүүд, Темагийн хөвгүүд, 56 Незиагийн хөвгүүд, Хатифагийн хөвгүүд юм. 57 Соломоны зарц нарын хөвгүүд нь: Сотаин хөвгүүд, Соферетын хөвгүүд, Перидагийн хөвгүүд, 58 Жаалагийн хөвгүүд, Дарконы хөвгүүд, Гидделийн хөвгүүд, 59 Шефатиагийн хөвгүүд, Хаттилын хөвгүүд, Похерет-хаззебаимын хөвгүүд, Амоны хөвгүүд юм. 60 Сүмийн зарц нар ба Соломоны зарц нарын хөвгүүд бүгд гурван зуун ерэн хоёр байв. 61 Эдгээр нь Тел-мела, Тел-харша, Херуб, Аддон ба Иммерээс ирэгсэд байсан. Гэвч тэд Израилийнх мөн эсэхээ ч, эцгүүдийнхээ бүлүүдийг, эсвэл үр удмаа үзүүлж чадсангүй. 62 Делаиагийн хөвгүүд, Тобиагийн хөвгүүд, Некодагийн хөвгүүд зургаан зуун дөчин хоёр. 63 Тахилч нараас Хобаиагийн хөвгүүд, Хаккозын хөвгүүд, гилеад хүн Барзиллаин охидоос эхнэр авч, тэдний нэрээр нэрлэгдэх болсон Барзиллаин хөвгүүд. 64 Тэд өөрсдийн эртний угсаа гарлын тэмдэглэлээс байршлаа хайсан хэдий ч энэ нь тогтоогдсонгүй. Тиймээс тэднийг бузар хэмээн тооцож тахилчлалаас хасав. 65 Урим ба Туммимтэй тахилч босохоос нааш тэд хамгийн ариун зүйлсээс идэж болохгүйг захирагч тэдэнд хэлсэн. 66 Бүхий л чуулганд нийтдээ дөчин хоёр мянга гурван зуун жаран хүн байжээ. 67 Энэ нь тэдний долоон мянга гурван зуун гучин долоон эрэгтэй, эмэгтэй боолуудаас гадна байлаа. Тэдэнд хоёр зуун дөчин таван эрэгтэй, эмэгтэй дуучид байв. 68 Тэдний морьд нь долоон зуун гучин зургаа, луус нь хоёр зуун дөчин тав, 69 тэмээ нь дөрвөн зуун гучин тав, илжигнүүд нь зургаан мянга долоон зуун хорь байв. 70 Эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдийн дундаас зарим нь ажилд зориулан хандивлажээ. Захирагч мянган алтан драхма, тавин сав, таван зуун гучин тахилч нарын хувцас эрдэнэсийн санд өгсөн. 71 Эцгүүдийн бүлүүдийн зарим тэргүүлэгчид ажлын санд хорин мянган алтан драхма, хоёр мянга хоёр зуун мөнгөн мина өгөв. 72 Үлдсэн хүмүүсийн өгсөн зүйлс гэвэл хорин мянган алтан драхма, хоёр мянган мөнгөн мина ба жаран долоон тахилч нарын хувцас байв. 73 Тахилч нар, левичүүд, хаалгачид, дуучид, ард түмний зарим нь, сүмийн үйлчлэгчид болон бүх Израиль өөрсдийн хотуудад амьдарч байсан. Тэгээд долдугаар сар болоход Израилийн хөвгүүд өөрсдийн хотууддаа байлаа.

8

1 Бүх ард түмэн нэг хүн мэт, Усны Хаалганы урд талд байрлах талбайд цуглажээ. ЭЗЭНий Израильд өгсөн Мосегийн хуулийн номыг авчрахыг тэд гүүш Езрагаас гуйжээ. 2 Тэгээд долдугаар сарын анхны өдөр тахилч Езра эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон ойлгон сонсож чадах бүгдийн өмнө буюу чуулганы өмнө хуулийг авчирлаа. 3 Тэр эрэгтэй, эмэгтэй, ойлгох чадвартай хүмүүсийн өмнө Усны Хаалганы урд талд байрлах талбайн өмнө өглөө эртээс үд дунд хүртэл түүнээс уншив. Бүх хүмүүс хуулийн номд анхааралтай хандаж байв. 4 Гүүш Езра хүмүүсийн зориудаар барьсан модон тавцан дээр зогсож байв. Түүний хажууд, баруун гарт нь Маттитиа, Шема, Анаиа, Уриа, Хилкиа болон Маасеиа нар, зүүн гарт нь Педаиа, Мишаел, Малхиа, Хашум, Хашбаддана, Зехариа болон Мешуллам нар зогсож байв. 5 Езра бүх хүмүүсээс дээр зогсож байсан учраас бүх хүмүүсийг харж байхад номыг нээлээ. Тэр номыг нээмэгц бүх ард олон босож зогсоцгоов. 6 Дараа нь Езра, аугаа Бурхан ЭЗЭНийг магтав. Бүх ард түмэн гараа өргөн, "Амен, амен!" хэмээн хариулжээ. Тэгээд тэд доош бөхийн, нүүрээ газарт хүргэн, ЭЗЭНд мөргөв. 7 Мөн хүмүүсийг байрандаа байх зуур Иешуа, Бани, Шеребиа, Иамин, Аккуб, Шаббетаи, Ходиа, Маасеиа, Келита, Азариа, Иозабад, Ханан, Пелаиа нар болон левичүүд ард түмэнд хуулийг тайлбарлажээ. 8 Тэд номоос Бурханы хуулиас уншиж, уншсан зүйлээ тэдэнд ойлгуулахын тулд тайлбарлажээ. 9 Дараа нь захирагч байсан Нехемиа, тахилч ба гүүш Езра, мөн бүх ард түмэнд хуулийг заасан левичүүд нь бүх ард түмэнд хандан —Энэ өдөр бол та нарын Бурхан ЭЗЭНд ариун юм. Бүү гашуудан уйлагтун гэв. Учир нь бүх ард түмэн хуулийн үгсийг сонсоод уйлж байв. 10 Тэгээд тэр тэдэнд —Явцгаа. Тарганыг идэж, чихэрлэгийг ууж, бэлтгэх юмгүй нэгэндээ хувиудыг явуул. Учир нь энэ өдөр бидний Эзэнд ариун юм. Бүү гашууд. Учир нь ЭЗЭНий баяр баясгалан бол та нарын хүч чадал юм гэсэн. 11 Тиймээс левичүүд бүх ард түмнийг намжаан, Өдөр нь ариун учраас чимээгүй байцгаа. Бүү гашуудагтун гэж хэлэв. 12 Бүх ард түмэн идэж, ууж, хувь илгээж, аугаа баяр наадмыг тэмдэглэхээр явцгаав. Учир нь тэдэнд мэдүүлсэн үгсийг тэд ойлгожээ. 13 Дараа нь хоёр дахь өдөр бүх ард түмний эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд, тахилч нар ба левичүүд хуулийн үгсийг нарийвчлан судлахын тулд гүүш Езра дээр цуглажээ. 14 Долдугаар сарын баяр наадмын туршид Израилийн хөвгүүд майханд амьдрах ёстой гэдгийг ЭЗЭН Мосегээр дамжуулан хэрхэн тушаасан тухай хуульд бичигдсэн байгааг тэд олов. 15 Тиймээс тэд тунхаглан, өөрийн бүх хотуудад болон Иерусалимд тунхгийг давтан, —Толгод өөд гар. Бичигдсэний дагуу майхан барихаар чидуны мөчир, зэрлэг чидуны мөчир, домт модны мөчир, далдуу модны мөчир болон бусад навчит моддын мөчрүүдийг авчир гэсэн. 16 Тиймээс хүмүүс гарч яваад, тэдгээрийг авчран, хүн бүр өөрийн дээвэр дээр, өөрсдийн хашаанууд болон Бурханы өргөөний хашаануудад, Усны Хаалга дахь талбайд, Ефраимын Хаалга дахь талбайд өөрсөддөө зориулан майхнууд барьжээ. 17 Олзлогдогсдоос буцаж ирэгсдийн бүхий л чуулган майхнуудыг барьж, тэндээ амьдарсан. Израилийн хөвгүүд Нуны хүү Иошуагийн өдрүүдээс тэр өдрийг хүртэл үнэхээр ийнхүү хийж байгаагүй аж. Тэнд аугаа баяр хөөр болжээ. 18 Тэрээр анхны өдрөөс эхлэн эцсийн өдрийг хүртэл өдөр бүр Бурханы хуулийн номоос уншиж байсан. Тэд долоон хоног баяр наадмыг тэмдэглэн, найм дахь өдөр нь зааврын дагуу ёслолын чуулганыг хийжээ.

9

1 Энэ сарын хорин дөрвөнд Израилийн хөвгүүд цуглан мацаг барьж, таар өмсөн, өөрсөд дээрээ шороо цацав. 2 Израилийн үр удмынхан өөрсдийгөө бүх харийнхнаас тусгаарлан, зогсож, өөрсдийн нүглийг болон өвөг дээдсийнхээ гэмийг наминчлав. 3 Байрандаа зогсож байх зуураа тэд ЭЗЭН Бурханыхаа хуулийн номоос өдрийн дөрөвний нэгийн туршид уншив. Тэгээд дараагийн дөрөвний нэгийн туршид тэд нүглээ наминчлан, ЭЗЭН Бурхандаа мөргөв. 4 Левичүүдийн тавцан дээр Иешуа, Бани, Кадмиел, Шебаниа, Бунни, Шеребиа, Бани болон Хенани нар зогсоод, өөрсдийн Бурхан ЭЗЭНд чанга дуугаар хашхирч байсан. 5 Тэгээд левичүүд, Иешуа, Кадмиел, Бани, Хашабнеиа, Шеребиа, Ходиа, Шебаниа болон Петахиа нар хэлцгээсэн нь —Босоцгоо, ЭЗЭН Бурханаа үүрд мөнхөд магт! Таны суу алдарт нэр магтагдан, Бүх ерөөл ба магтаалын дээр өргөмжлөгдөг! 6 Та бол ганцхан ЭЗЭН. Та тэнгэрийг болон тэнгэрүүдийн тэнгэрийг бүх эрхэстэй нь, Газрыг ба түүн дээр байгч бүхнийг ч, Тэнгисүүдийг, дотор нь байгч бүхнийг нь бүтээсэн. Та тэр бүхэнд амьдралыг өгсөн ба тэнгэрлэг эрхэс Таны өмнө бөхийдөг. 7 Та бол Абрамыг сонгож, Түүнийг халдеичуудын Ураас гаргаж, Түүнд Абрахам гэдэг нэрийг өгсөн ЭЗЭН Бурхан юм. 8 Та түүний зүрхийг Таны өмнө үнэнч байхыг олоод, Канаанчуудын, хитчүүдийн, аморичуудын, Перизчүүдийн, иебусчуудын, гиргашчуудын газрыг түүнд, Түүний үр удамд өгөхөөр гэрээг байгуулсан. Та Өөрийн амлалтаа биелүүлсэн. Учир нь Та зөвт юм. 9 Та Египетэд манай өвөг дээдсийн зовлонг үзэж, Улаан Тэнгисийн дэргэд тэдний орилолдохыг сонссон. 10 Тэгээд Та Фараоны эсрэг болон түүний бүх зарц нар, түүний газрын бүх ард түмний эсрэг тэмдгүүд болон гайхамшгийг үзүүлсэн. Учир нь тэд манай өвөг дээдэст омгорхон хандахыг Та мэдсэн бөгөөд Энэ өдөр байгаа шиг нэрийг Өөртөө өгөв. 11 Та тэдний өмнө тэнгисийг хувааж, Тэд тэнгисийн дундуур хуурай газраар өнгөрсөн. Тэднийг нэхэгчдийг Та хүчит усанд чулуу хаях мэт гүн уруу чулуудсан. 12 Үүлэн баганаар Та тэднийг өдөр нь удирдаж, Шөнө нь тэдний явах замыг галан баганаар гэрэлтүүлсэн. 13 Тэгээд Та Синаи уулан дээр бууж ирэн, Тэдэнтэй тэнгэрээс ярьсан. Та тэдэнд шударга зарлиг ба үнэн хуулиудыг, Сайн дүрэм ба тушаалуудыг өгсөн. 14 Та тэдэнд Өөрийн ариун амралтын өдрийг мэдүүлж, Өөрийн зарц Мосегээр дамжуулан тэдэнд тушаалууд, Дүрэм ба хуулийг өгсөн. 15 Тэднийг өлсөхөд Та тэднийг тэнгэрээс талхаар хангаж, Тэднийг ундаасахад Та тэдэнд хаднаас ус гарган өгсөн. Та тэдэнд өгөхөөр тангарагласан газрыг эзэмшихээр тийш очихыг тэдэнд айлдсан. 16 Гэвч тэд, манай өвөг дээдэс ихэрхэг байдал гаргав. Тэд зөрүүдлэн, Таны тушаалуудыг эс сонсов. 17 Тэд сонсохоос татгалзан, Тэдний дунд Таны үйлдсэн гайхамшигт үйлсийг санасангүй. Тиймээс тэд зөрүүдлэн, Египет дэх боолчлол уруугаа буцахын тулд удирдагчийг томилов. Гэвч Та бол өршөөл уучлалын Бурхан, Нигүүлсэнгүй болоод өрөвч, уурлахдаа удаан, Хайр энэрлээр бялхам билээ. Та тэднийг орхисонгүй. 18 Тэд хайлуулсан төмөрлөгөөр өөрсөддөө тугал бүтээгээд, "Энэ бол та нарыг Египетээс авч гарсан та нарын Бурхан" хэмээж, Аугаа доромжлолыг үйлдэхэд 19 Та Өөрийн агууРнэрлээр тэднийг цөлд орхисонгүй. Тэдний замыг заахын тулд үүлэн багана ч өдрөөр тэднийг орхисонгүй. Тэдний явах замыг гэрэлтүүлэхийн тулд галан багана ч Шөнөөр тэднийг орхисонгүй. 20 Тэдэнд зааварчлахын тулд Та Өөрийн сайн Сүнсийг өгөв. Та Өөрийн маннаг тэдний амнаас салгасангүй. Та тэднийг ундаасахад ус өгсөн. 21 Үнэхээр цөлд дөчин жилийн турш Та тэдний төлөө бэлтгэсэн ба тэд эс гачигдав. Тэдний хувцас нь элэгдээгүй, хөл нь ч хавдаагүй. 22 Та мөн тэдэнд хаанчлалууд ба ард түмнүүдийг өгч, Тэднийг хил хязгаараар нь тэдэнд хуваав. Тэд Хешбоны хаан Сихоны газрыг, Башаны хаан Огийн газрыг эзлэв. 23 Та тэдний хөвгүүдийг тэнгэрийн одод мэт олон болгов. Тэдний өвөг дээдэст нь очиж, Эзэмш гэж айлдсан тэр газартаа Та тэднийг оруулав. 24 Тиймээс тэдний хөвгүүд тэр газарт орж, Түүнийг эзэмшив. Та тэдний өмнө тэр газрын оршин суугчид болох канаанчуудыг дарав. Тэгээд өөрсдийн хүссэнээрээ тэдэнд үйлдэг хэмээн Та тэднийг хаадтай нь, Тэр газрын ард түмнүүдтэй нь хамт тэдэнд өгөв. 25 Тэд бэхлэгдсэн хотууд ба үржил шимт газрыг эзлэв. Алив сайн бүхнээр дүүрэн байшингуудыг өмчлөн, Зассан нөөцлүүрүүд, усан үзмийн төглүүд, Чидуны төглүүд, жимсний моддыг элбэг дэлбэгээр тэд эзэмшив. Тиймээс тэд идэцгээж, Таргалцгаасан ба Таны агуу сайн сайханд баясав. 26 Гэвч тэд дуулгаваргүй болж, Таны эсрэг тэрсэлж, Өөрсдийнхөө нурууны ар уруу Таны хуулийг хаясан. Тан уруу эргэж ирүүлэхийн тулд тэднийг ятгасан Таны эш үзүүлэгчдийг тэд алж, Аугаа доромжлолыг үйлдсэн. 27 Тиймээс тэднийг дарласан дарлагчдын гарт Та тэднийг тушаасан. Гэвч тэд зовлонтой үедээ Таныг дуудахад, Та тэнгэрээс сонсож, Өөрийн агуу энэрлээр тэднийг дарлагчдын гараас аварсан аврагчдыг Та тэдэнд өгсөн. 28 Гэвч амсхиймэгцээ тэд дахин Таны өмнө мууг үйлдэв. Тиймээс Та тэднийг дайснуудынх нь гарт орхисон. Ингэснээр дайснууд нь тэднийг ноёлов. Тэд дахиад Таныг дуудахад Та тэнгэрээс сонсов. Та тэднийг Өөрийн энэрлээр олон удаа аварч, 29 тэднийг Өөрийн хууль уруу буцаан эргүүлэх гэж ятгав. Гэсэн ч тэд ихэрхэгээр үйлдэн, Таны тушаалуудыг эс сонсон, Харин Таны зарлигуудын эсрэг нүглийг үйлдэв. Хэрэв хүн тэдгээрийг сахиваас амьдрах юм. Тэд зөрүүд мөрөө эргүүлж, өөрсдийн хүзүүгээ гүрдийлгэн, эс сонсов. 30 Харин Та тэднийг олон жил хүлцэж, Өөрийн Сүнсээр, Өөрийн эш үзүүлэгчдээр дамжуулан ятгасан ч тэд чих тавьсангүй. Тиймийн учир Та тэднийг газрын ард түмнүүдийн гарт өгөв. 31 Гэлээ ч Өөрийн агуу энэрлээр Та тэдний төгсгөлийг хийсэнгүй, орхисонгүй. Учир нь Та бол энэрэнгүй өрөвч Бурхан. 32 Тиймээс одоо, бидний Бурхан болох гэрээгээ болон хайр энэрлээ сахигч агуу, Хүчирхэг болоод аймшигт Бурхан минь, Ассирийн хаадын өдрүүдээс энэ өдрийг хүртэл Биднийг болон манай хаад, ноёд, Тахилч нар, эш үзүүлэгчид, өвөг дээдэс ба Таны бүх ард түмний дээр буусан бүх хүнд зовлонг Та Өөрийнхөө өмнө өчүүхэн хэмээн бүү үзээч! 33 Гэсэн ч бидэн дээр буусан бүхэнд Та шударга юм. Учир нь Та итгэмжтэйгээр ханддаг байтал харин бид хорон муугаар үйлдсэн. 34 Учир нь манай хаад, манай удирдагчид, Манай тахилч нар болон манай өвөг дээдэс Таны хуулийг сахьсангүй. Таны тушаалууд болон тэднийг ятгасан Таны ятгалгуудад анхаарал хандуулсангүй. 35 Харин тэдэнд өгсөн Таны агуу сайн сайханд болон тэдний өмнө тавьсан өргөн уудам, Үржил шимт газартай өөрийн хаанчлалдаа тэд Танд үйлчилсэнгүй, Өөрсдийн муу үйлээсээ ч буцсангүй. 36 Үзэгтүн, бид өнөөдөр боолууд мөн. Жимсийг нь идүүлж, шимийг нь хүртээхээр манай өвөг дээдэст Таны өгсөн газрын хувьд гэвэл, харагтун, бид түүн дээр боолууд байна. 37 Бидний нүглээс болж түүний элбэг дэлбэг үр жимс нь бидний дээр Таны тавьсан хаадынх болов. Тэд мөн бидний биесийг ноёлно. Бидний мал сүргүүдийг хүссэнээрээ эзэмшинэ. Тиймээс бид үлэмж зовлонд байна. 38 Одоо энэ бүхний учир бид бичгээр гэрээ хийж байна. Тамгалсан бичиг дээр манай удирдагчдын, Манай левичүүдийн болон манай тахилч нарын нэрс байна.

10

1 Тамгалсан бичгэн дээр эдгээр нэрс байв. Үүнд: Хакалиагийн хүү захирагч Нехемиа, Зедекиа, 2 Сераиа, Азариа, Иеремиа, 3 Пашхур, Амариа, Малхиа, 4 Хаттуш, Шебаниа, Маллух, 5 Харим, Меремот, Обадиа, 6 Даниел, Гиннетон, Барух, 7 Мешуллам, Абиа, Миамин, 8 Маазиа, Билгаи, Шемаиа. Эдгээр нь тахилч нар байв. 9 Левичүүд болох Азаниагийн хүү Иешуа, Хенададын хөвгүүдийн Биннуи, Кадмиел, 10 мөн тэдний ах дүүс Шебаниа, Ходиа, Келита, Пелаиа, Ханан, 11 Мика, Рехоб, Хашабиа, 12 Заккур, Шеребиа, Шебаниа, 13 Ходиа, Бани, Бенину. 14 Ард түмний удирдагчид болох Парош, Пахат-моаб, Елам, Затту, Бани, 15 Бунни, Азгад, Бебаи, 16 Адониа, Бигваи, Адин, 17 Атер, Хезекиа, Аззур, 18 Ходиа, Хашум, Безаи, 19 Хариф, Анатот, Небаи, 20 Магпиаш, Мешуллам, Хезир, 21 Мешезабел, Задок, Иаддуа, 22 Пелатиа, Ханан, Анаиа, 23 Хошеа, Хананиа, Хасшуб, 24 Халлохеш, Пилха, Шобек, 25 Рехум, Хашабна, Маасеиа 26 Ахиа, Ханан, Анан, 27 Маллух, Харим, Баана. 28 Үлдсэн хүмүүс болох тахилч нар, левичүүд, хаалгачид, дуучид, сүмийн үйлчлэгчид болон Бурханы хуульд өөрсдийгөө тэр газрын хүмүүсээс тусгаарласан бүх хүмүүс, тэдний эхнэрүүд, тэдний хөвгүүд ба охид, мэдлэгтэй ба ойлголттой бүхэн 29 өөрсдийнхөө садан төрөлтэй, сурвалжтануудтайгаа нийлж Бурханы зарц Мосегээр өгөгдсөн Бурханы хуулиар алхахын тулд, мөн бидний Эзэн БУРХАНы бүх тушаалуудыг ба Түүний зарлиг, Түүний тогтоолуудыг сахин дагахаар хараал ба тангаргийг өөрсөддөө авч байна. 30 Мөн бид охидоо энэ газрын хүмүүст өгөхгүй, тэдний охидыг ч хөвгүүддээ авахгүй. 31 Амралтын өдөр бараа, эсвэл үр тариа зарахаар авчирдаг нутгийн хүмүүсийн хувьд, бид амралтын өдөр, эсвэл ариун өдөрт тэднээс юм худалдан авахгүй. Бид долоо дахь жилийн ургацаас болон аливаа өрийг нэхэмжлэхээс татгалзана. 32 Бид мөн өөрсдийн Бурханы өргөөний үйлчлэлд зориулан жил бүр шекелийн гуравны нэгийг хандивлаж байх үүргийг өөрсөддөө хүлээж байна. 33 Энэ нь ил тавих талх, байнгын идээн өргөл, байнгын шатаалт тахил, амралтын өдрүүдийн, шинэ сарын товлосон үеүдэд ариун зүйлсэд болон Израилийн эвлэрүүллийг хийхээр нүглийн төлөөх тахилд зориулан, мөн бидний Бурханы өргөөний бүх ажлын тулд юм. 34 Түүнчлэн тахилч нар, левичүүд болон хүмүүсийн дунд бид түлээний хангамжийн төлөө шавга хаяж шодов. Энэ нь бидний эцгүүдийн бүлүүдийн дагуу Бурханыхаа өргөө уруу түүнийг аваачиж, хуульд бичигдсэнчлэн жил бүр тогтоосон цагт бидний Бурхан ЭЗЭНий тахилын ширээн дээр шатаахын тулд 35 бөгөөд тэд жил бүр газрынхаа үр жимсний дээжийг болон мод бүрийн бүх анхны үр жимснүүдийг ЭЗЭНий өргөөнд авчрахын тулд юм. 36 Мөн хуульд бичигдсэнчлэн бидний Бурханы өргөөнд үйлчилж буй тахилч нарт зориулан, хуульд бичигдсэнчлэн хөвгүүдийнхээ ууганыг, малын ууганыг, бод малын болон бог малын анхны төлийг Бурханы өргөө уруу аваачихын тулд юм. 37 Бид мөн зуурсан гурилынхаа дээжийг, өөрсдийн хандивыг, мод бүрийн үр жимсийг, шинэ дарс ба тосыг Бурханы өргөөний өрөөнүүдэд тахилч нарт хүргэж өгөх ба левичүүдэд газрынхаа аравны нэгийг өгнө. Учир нь левичүүд бол бүх тосгодоос аравны нэгийг авах хүмүүс юм. 38 Левичүүд аравны нэгийг хүлээж авах үед Аароны хүү болох тахилч нь левичүүдтэй хамт байх ба левичүүд аравны нэгийнхээ аравны нэгийг Бурханы өргөө уруу, агуулахын өрөөнүүд уруу аваачих ёстой. 39 Учир нь Израилийн хөвгүүд болон Левийн хөвгүүд нь үр тарианы, шинэ дарс ба тосны өргөлийг тэдгээр өрөөнүүдэд аваачих ёстой. Тэнд ариун газрын хэрэгсэл болон үйлчилж буй тахилч нар, хаалгачид, дуучид буй. Иймээс бид Бурханыхаа өргөөг орхихгүй.

11

1 Ард түмний удирдагчид нь Иерусалимд амьдарсан. Харин бусад хүмүүсийн арваас нэгийг нь ариун хот Иерусалимд амьдруулахын тулд шавга орхив. Харин арваас ес нь өөр хотуудад үлдэв. 2 Иерусалимд амьдрахаар сайн дураар явсан бүх хүмүүсийг ард түмэн ерөөв. 3 Эдгээр нь Иерусалимд амьдарч байсан, мужуудын тэргүүнүүд юм. Харин Иудагийн хотуудад израильчууд, тахилч нар, левичүүд, сүмийн үйлчлэгчид болон Соломоны зарц нарын үр удмынхан өөрсдийн хотууддаа хүн бүр өөрийн өмчөөр амьдарч байв. 4 Иудагийн хөвгүүдийн зарим нь болон Бениамины зарим хөвгүүд Иерусалимд амьдарч байв. Иудагийн хөвгүүдээс Перезийн хөвгүүдээс, Махалалелын хүү, Шефатиагийн хүү, Амариагийн хүү, Зехариагийн хүү, Уззиагийн хүү Атаиа, 5 Шилонитын хүү, Зехариагийн хүү, Иоиарибын хүү, Адаиагийн хүү, Хазаиагийн хүү, Кол-хозегийн хүү, Барухын хүү Маасеиа нар байв. 6 Иерусалимд амьдарч байсан Перезийн хөвгүүд бүгд дөрвөн зуун жаран найман чадварлаг хүн байв. 7 Эдгээр нь Бениамины хөвгүүд юм. Иешаиагийн хүү, Итиелийн хүү, Маасеиагийн хүү, Колаиагийн хүү, Педаиагийн хүү, Иоедын хүү, Мешулламын хүү Саллу, 8 түүний дараа Габбаи ба Саллаи, есөн зуун хорин найм. 9 Зихрийн хүү Иоел тэдний харгалзагч байсан ба Хассенуагийн хүү Иуда хотын захиргаанд хоёр дахь нь байв. 10 Тахилч нараас Иоиарибын хүү Иедаиа, Иахин, 11 Бурханы өргөөний удирдагч, Ахитубын хүү, Мераиотын хүү, Задокийн хүү, Мешулламын хүү, Хилкиагийн хүү Сераиа болон 12 сүмийн ажлыг гүйцэтгэдэг тэдний садан төрлийнхөн найман зуун хорин хоёр. Мөн Малхиагийн хүү, Пашхурын хүү, Зехариагийн хүү, Амзийн хүү, Пелалиагийн хүү, Иерохамын хүү Адаиа 13 ба түүний садангийнхан, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд хоёр зуун дөчин хоёр. Мөн Иммерийн хүү, Мешиллемотын хүү, Ахзаин хүү, Азарелын хүү Амашсаи 14 болон тэдний ах дүүс, эрэлхэг дайчид, зуун хорин найм. Тэднийг харгалзагч нь Хаггедолимын хүү Забдиел байв. 15 Левичүүдээс Буннийн хүү, Хашабиагийн хүү, Азрикамын хүү, Хасшубын хүү Шемаиа, 16 Бурханы өргөөний гаднах ажлыг хариуцсан левичүүдийн удирдагчдаас Шаббетаи ба Иозабад, 17 мөн талархлын мөргөлийг эхлүүлэх удирдагч байсан Асафын хүү, Забдийн хүү, Микагийн хүү Маттаниа, мөн ах дүүсийнхээ дунд хоёр дахь нь болох Бакбукиа, мөн Иедутуны хүү, Галалын хүү, Шаммуагийн хүү Абда. 18 Ариун хот дахь бүх левичүүд нь хоёр зуун наян дөрөв байв. 19 Мөн хаалгачид, Аккуб, Талмон болон дааман хаалгуудыг манадаг тэдний ах дүүс зуун далан хоёр байв. 20 Израилийн бусад нь тахилч нар ба левичүүдээс Иудагийн бүх хотуудад, хүн бүр өөрийн өв дээр амьдарч байв. 21 Харин сүмийн үйлчлэгчид Офелд амьдарч байсан. Зиха, Гишпа нар сүмийн үйлчлэгчдийг хариуцаж байв. 22 Иерусалим дахь левичүүдийн харгалзагч нь Бурханы өргөөний үйлчлэлийн дуучид байсан Асафын хөвгүүдээс, Микагийн хүү, Маттаниагийн хүү, Хашабиагийн хүү, Банийн хүү Уззи байв. 23 Учир нь тэдний талаар гаргасан хааны тушаал байсан ба дууны удирдагчдад өдөр өдрийн хатуу дүрэм байв. 24 Иудагийн хөвгүүн Зерагийн хөвгүүдээс, Мешезабелын хүү Петахиа нь ард түмний талаарх бүх асуудлуудад хааны төлөөлөгч болж байв. 25 Тариан талбайнуудтай тосгодын хувьд, Иудагийн зарим хөвгүүд Кириат-арба болон түүний тосгодод, Дибон болон түүний тосгодод, Иехабзеел болон түүний тосгодод амьдарч байв. 26 Мөн Иешуад, Моладад ба Бет-пелетэд, 27 Хазар-шуалд, Беершебад болон түүний гацаануудад, 28 Зиклагд, Меконад болон түүний гацаануудад, 29 Ен-риммонд, Зорад Иармутад, 30 Заноа, Адуллам болон тэдний тосгодод, Лахиш болон түүний талбайнууд, Азека болон түүний гацаануудад байв. Тиймээс тэд Беершебагаас Хинномын хөндий хүртэл хуарагнав. 31 Бениамины хөвгүүд мөн Гебагаас урагш, Михмаш болон Аиад, Бетел болон түүний гацаануудад амьдрав. 32 Мөн Анатот, Ноб, Ананиа, 33 Хазор, Рама, Гиттаим, 34 Хадид, Зебоим, Небаллат, 35 Лод ба Онод уран дархчуудын хөндийд байв. 36 Мөн левичүүдээс Иуда дахь зарим хэсэг нь Бениаминд харьяалагдав.

12

1 Шеалтиелын хөвгүүн Зеруббабел ба Иешуатай хамт ирцгээсэн тахилч нар ба левичүүд нь Сераиа, Иеремиа, Езра, 2 Амариа, Маллух, Хаттуш, 3 Шеканиа, Рехум, Меремот, 4 Иддо, Гиннетои, Абиа, 5 Миамин, Маадиа, Билга, 6 Шемаиа ба Иоиариб, Иедаиа, 7 Саллу, Амок, Хилкиа ба Иедиа нар юм. Эдгээр нь Иешуагийн өдрүүд дэх тахилч нарын тэргүүнүүд ба тэдгээрийн төрөл садангууд байв. 8 Левичүүд нь Иешуа, Биннуи, Кадмиел, Шеребиа, Иуда болон талархлын дуунуудыг хариуцагч Маттаниа ба түүний ах дүү нар байв. 9 Мөн Бакбукиа болон Унни, тэдний ах дүү нар, үйлчлэх бүлгээрээ тэдний харалдаа зогсоцгоов. 10 Иешуа нь Иоиакимын эцэг болж, Иоиаким нь Елиашибын эцэг болж, Елиашиб нь Иоиадагийн эцэг болж, 11 Иоиада нь Ионатаны эцэг болж, Ионатан нь Иаддуагийн эцэг болсон юм. 12 Иоиакимын өдрүүдэд тахилч нар, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд нь Сераиагаас Мераиа, Иеремиагаас Хананиа, 13 Езрагаас Мешуллам, Амариагаас Иехоханан, 14 Маллухигаас Ионатан, Шебаниагаас Иосеф, 15 Харимаас Адна, Мераиотоос Хелка, 16 Иддогоос Зехариа, Гиннетоноос Мешуллам, 17 Абиагаас Зихри, Миниаминаас Моадиагаас Пилтаи, 18 Билгагаас Шаммуа, Шемаиагаас Иехонатан, 19 Иоиарибаас Маттенаи, Иедаиагаас Уззи, 20 Саллаигаас Каллаи, Амокаас Ебер, 21 Хилкиагаас Хашабиа, Иедаиагаас Нетанел нар байв. 22 Левичүүдийн хувьд, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд нь Елиашиб, Иоиада ба Иоханан ба Иаддуагийн өдрүүдэд бүртгэгдсэн байсан. Мөн тахилч нар нь Персийн Дариусын хаанчлалын үед бүртгэгдсэн байв. 23 Левийн хөвгүүд, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд нь Елиашибын хөвгүүн Иохананы өдрүүдийг хүртэл Шастирын Номд бүртгэгдсэн байв. 24 Левичүүдийн тэргүүнүүд нь Хашабиа, Шеребиа, Кадмиелын хөвгүүн Иешуа нар тэдний харалдаа ах дүүстэйгээ хамт Бурханы хүн Давидын зааварласан ёсоор бүлэг нь бүлэгтээ хариулан магтан, талархал өргөхөөр тавигдав. 25 Маттаниа ба Бакбукиа, Обадиа, Мешуллам, Талмон, Аккуб нар бол дааман хаалгуудын агуулахуудыг манах хаалгачид байв. 26 Эдгээр нь Иозадакийн хүү, Иешуагийн хүү Иоиакимын өдрүүдэд болон захирагч Нехемиа, тахилч, гүүш Езрагийн өдрүүдэд үйлчилж байв. 27 Иерусалимын хэрмийн зориулалт дээр тэд левичүүдийг бүх газруудаас нь хайж, лир хөгжим, босоо ятга, цан хөгжмөөр даган хөгжимдөх дуунууд ба талархлын магтуутай, баяр хөөртэйгөөр зориулалтыг тэмдэглэхийн тулд тэднийг Иерусалимд авчрав. 28 Дуучдын хөвгүүдийг Иерусалимын орчмын дүүргээс болон Нетофатчуудын тосгодоос цуглуулав. 29 Мөн Бет-гилгалаас, Геба ба Азмавет дахь талбайнуудаас нь авчирсан. Учир нь дуучид Иерусалимын эргэн тойронд өөрсөддөө тосгод байгуулжээ. 30 Тахилч нар ба левичүүд өөрсдийгөө ариусгав. Тэд мөн ард түмнийг, дааман хаалгуудыг болон хэрмийг ариусгав. 31 Тэгээд би Иудагийн удирдагчдыг хэрмийн оройд гаргаад, найрал дууны хоёр том хэсгийг томилсон. Нэгдүгээрх нь хэрмийн оройд баруун тийш Хаягдлын Хаалганы зүг явав. 32 Хошаиа болон Иудагийн удирдагчдын хагас нь тэднийг дагалдаж 33 Азариа, Езра, Мешуллам, 34 Иуда, Бениамин, Шемаиа, Иеремиатай хамт 35 болон тахилч нарын зарим хөвгүүд бүрээтэй, Асафын хүү, Заккурын хүү, Микаиагийн хүү, Маттаниагийн хүү, Шемаиагийн хүү, Ионатаны хүү Зехариа 36 ба түүний садангууд, Шемаиа, Азарел, Милалаи, Гилалаи, Мааи, Нетанел, Иуда ба Ханани нар Бурханы хүн Давидын хөгжмийн зэмсгүүдийг барьж явав. Езра гүүш тэдний өмнө явав. 37 Оргилуурын Хаалганы дэргэд тэд Давидын хотын шатаар чигээрээ дээш гарч, хэрмийн шатаар Давидын байшингийн дээгүүр зүүн зүгт Усны Хаалга уруу явав. 38 Найрал дууны хоёр дахь хэсэг нь зүүн тийш хөдөлсөн ба би хүмүүсийн хагастай нь хамт тэднийг хэрмэн дээгүүр дагаж, Зуухнуудын Цамхаг дээгүүр Өргөн Хэрэм уруу, 39 Ефраимын Хаалга дээгүүр, Хуучин Хаалга, Загасны Хаалга, Хананелын Цамхаг ба Зуутын Цамхгаар дамжин, Хонины Хаалга хүртэл яваад тэд Харуулын Хаалган дээр зогсоцгоов. 40 Тэгээд найрал дууны хоёр хэсэг Бурханы өргөөнд байраа эзэлцгээв. Би болон надтай хамт буй түшмэдийн хагас нь ч мөн тийн үйлдэв. 41 Мөн бүрээтэй тахилч нар Елиаким, Маасеиа, Миниамин, Микаиа, Елиоенаи, Зехариа ба Хананиа нар 42 Маасеиа, Шемаиа, Елеазар, Уззи, Иехоханан, Малхиа, Елам ба Езер нар бас тийн үйлдэв. Дуучид өөрсдийн удирдагч Иезрахиатай хамт дуулав. 43 Тэр өдөр тэд үлэмж тахилуудыг өргөсөн ба ихэд баясацгаав. Учир нь Бурхан тэдэнд их баяр хөөрийг өгсөн бөгөөд эмэгтэйчүүд болон хүүхдүүд ч хүртэл баясацгаав. Тиймээс Иерусалимын баяр хөөр алсаас сонсогдож байв. 44 Тэр өдөр агуулах өрөөнүүд, хандивууд, анхны үр жимс, аравны нэгийг хариуцах тахилч нар ба левичүүдэд хуулиар өгөгдөх хувь ноогдлуудыг хотуудын тариан талбайнуудаас тэнд цуглуулах хүмүүсийг мөн томилов. Юу гэвэл иудачууд нь үйлчилж буй тахилч нар ба левичүүдэд баярлав. 45 Учир нь тэд Давид болон түүний хүү Соломоны тушаалын дагуу дуучид ба хаалгачидтай хамт Бурханы мөргөлийг ба ариусгалын үйлчлэлийг гүйцэтгэсэн юм. 46 Учир нь эрт үед Давид болон Асафын өдрүүдэд магтаалын дуунууд, Бурханд өргөх талархлын магтуунуудын удирдагчид байдаг байсан. 47 Тиймээс Зеруббабел болон Нехемиагийн өдрүүдэд бүх израильчууд нь дуучид ба хаалгачдад өдөр бүрийн шаардлагатай хэмжээгээр нь хувь ноогдлыг өгч, левичүүдэд зориулсан ариусгасан хувийг тусгаарласан бөгөөд мөн левичүүд ч Аароны хөвгүүдэд зориулан ариусгасан хувийг тусгаарлав.

13

1 Тэр өдөр ард түмнийг сонсож байхад тэд Мосегийн номоос чангаар уншив. Нэг ч аммон хүн, эсвэл моаб хүн хэзээ ч Бурханы чуулганд орж болохгүй хэмээн түүн дотор бичигдсэнийг олов. 2 Учир нь тэд Израилийн хөвгүүдийг талх устайгаар угтсангүй, харин ч Балаамыг тэдний эсрэг тэднийг хараалгахаар хөлсөлжээ. Харин бидний Бурхан хараалыг нь ерөөл болгосон юм. 3 Тиймээс тэд хуулийг сонсоод, бүх харийнхныг Израилиас гаргав. 4 Үүний өмнө манай Бурханы өргөөний өрөөнүүдийг хариуцахаар томилогдсон тахилч Елиашиб, Тобиагийн садан учир 5 урд нь левичүүд, дуучид, хаалгачид, болон тахилч нарт өргөсөн хандив, идээн өргөлүүд, гүгэл, сав суулгууд ба ургацын аравны нэг, дарс ба тосыг хадгалж байсан том өрөөг түүнд бэлтгэж өгчээ. 6 Харин энэ бүх үеийн туршид би Иерусалимд байсангүй. Учир нь Вавилоны хаан Артаксерксын гучин хоёрдугаар онд би хаанд бараалхахаар явсан байв. Харин хэсэг хугацааны дараа би хаанаас явах зөвшөөрөл гуйв. 7 Тэгээд би Иерусалимд ирж, Елиашиб Бурханы өргөөний хашаанд Тобиад өрөө бэлтгэж өгснөөр түүний төлөө үйлдсэн муу үйлийн тухай сонсов. 8 Энэ нь надад тун ч таагүй байсан учраас би тэр өрөөнөөс Тобиагийн гэрийн бүх юмсыг гаргаж хаяв. 9 Тэгээд намайг тушаал өгөхөд тэд өрөөнүүдийг цэвэрлэв. Би тийшээ Бурханы өргөөний сав суулгыг идээн өргөлүүд ба гүгэлтэй нь хамт буцааж авчрав. 10 Мөн левичүүдийн хувиуд нь тэдэнд өгөгдөөгүйгээс болж үйлчилж байсан левичүүд ба дуучид өөр өөрсдийн тариан талбай уруу явцгаасныг би олж мэдэв. 11 Тэгээд би түшмэдийг зэмлэн —Бурханы өргөө яагаад орхигдов? гэв. Би тэднийг хамтад нь цуглуулж, өөрсдийнх нь албанд буцаан тавив. 12 Тэгээд бүх иудачууд үр тариа, дарс ба тосныхоо аравны нэгийг агуулахуудад авчирцгаав. 13 Агуулахуудын даамлаар тахилч Шелемиа, гүүш Задок, левичүүдээс Педаиаг, мөн тэдэн дээр нэмж Маттаниагийн хүү, Заккурын хүү Хананыг би томилов. Учир нь тэд найдвартай хэмээн үзэгддэг байсан ба тэдний үүрэг нь өөрсдийн ах дүү нарт хуваарилах явдал байв. 14 Бурхан минь, үүний төлөө намайг санаач. Миний Бурханы өргөө ба түүний үйлчлэлүүдийн төлөө гүйцэтгэсэн миний үнэнч үйлсийг бүү арилгаарай! 15 Тэр өдрүүдэд Иудад амралтын өдрөөр зарим хүмүүс усан үзмийн шахуурга гишгэж, ууттай үр тариаг авчран, илжгэндээ дарс, усан үзэм, инжир болон бүх төрлийн ачаа ачаалан, тэднийг амралтын өдрөөр Иерусалимд авчирж буйг би үзэв. Хүнс зарж байсан тэр өдөр нь би тэдэнд анхааруулан сануулав. 16 Мөн тэнд амьдарч байсан Тирийн хүмүүс загас болон бүх төрлийн барааг гаднаас оруулж, тэднийгээ Иудагийн хөвгүүдэд, Иерусалимд ч хүртэл амралтын өдрөөр зарж байв. 17 Тэгэхэд нь би Иудагийн язгууртнуудыг зэмлэн, тэдэнд хандан —Та нар юунд амралтын өдрийг бузарлан, ямар муу үйлийг хийнэ вэ? 18 Танай эцгүүд энэ мэтийг үйлдсэнээр Бурхан маань бидэн дээр болон энэ хотын дээр энэ бүх гай гамшгийг авчирсан биш үү? Гэсэн ч та нар амралтын өдрийг бузарласнаар Израиль дээрх уур хилэнг нэмэгдүүлж байна гэв. 19 Тэгээд амралтын өдрийн өмнө дөнгөж харанхуй болмогц Иерусалимын дааман хаалгуудыг хааж, амралтын өдөр өнгөртөл онгойлгохгүй байхыг би тушаав. Тэгээд амралтын өдөр ямар ч ачаа оруулахгүй байхын тулд би зарц нарынхаа заримыг дааман хаалгууд дээр байрлуулав. 20 Нэг, хоёр удаа худалдаачид ба янз бүрийн барааны наймаачид Иерусалимын гадна шөнийг өнгөрүүлж байв. 21 Тэгэхэд би тэдэнд анхааруулж —Та нар яагаад хэрмийн дэргэд шөнийг өнгөрүүлнэ вэ? Хэрэв та нар дахиад ингэвэл, би та нарын эсрэг хүч хэрэглэнэ гэв. Тэр цагаас хойш тэд амралтын өдөр ирсэнгүй. 22 Мөн левичүүдэд, өөрсдийгөө ариусган, амралтын өдрийг ариусгахын тулд хаалгачид мэт ирцгээхийг би тушаав. Үүний төлөө мөн намайг санаач! Бурхан минь, Өөрийн хайр энэрлийн агуу байдлаар намайг өрөвдөөч! 23 Тэр өдрүүдэд иудейчүүд Ашдод, Аммон ба Моабын эмэгтэйчүүдтэй гэрлэснийг би мөн үзэв. 24 Тэдний хүүхдүүдийн хувьд, хагас нь Ашдодын хэлээр, эсвэл бусад ард түмний хэлээр ярьдаг байсан бөгөөд тэдний нэг нь ч иуда хэлээр ярьж чадахгүй байв. 25 Тиймээс би тэдэнтэй тэмцэж, тэднийг хараан, тэдний заримыг нь цохиж, үсийг нь зулгаан, тэднийг Бурханаар тангараглуулан —Та нар охидоо тэдний хөвгүүдэд өгөх ёсгүй, тэдний охидыг ч өөрийн хөвгүүдэд, эсвэл өөрсөддөө авах ёсгүй. 26 Израилийн хаан Соломон эдгээр зүйлсээр нүгэл үйлдээгүй гэж үү? Хэдийгээр олон үндэстнүүдийн дунд түүн шиг хаан байгаагүй, тэр Бурханаараа хайрлагдан, Бурхан түүнийг бүх Израилийн хаан болгосон боловч харь эмэгтэйчүүд түүнийг ч хүртэл нүгэл үйлдэхэд хүргэсэн. 27 Тэгэхэд та нар харь эмэгтэйчүүдтэй гэрлэн, бидний Бурханы эсрэг үнэнч бусаар хандан, энэ бүх үлэмжийн мууг хийсэн хэмээн бид та нарын тухай сонсоно гэж үү? гэв. 28 Иоиадагийн хөвгүүдийн нэг, тэргүүн тахилч Елиашибын хүү ч хүртэл хорони хүн Санбаллатын хүргэн болсон бөгөөд би түүнийг өөрөөсөө зайлуулав. 29 Бурхан минь, тэднийг санаач. Учир нь тэд тахилчлалыг ба тахилчлалын, левичүүдийн гэрээг бузарлав. 30 Ийнхүү би тэднийг харийн алив бүхнээс ариусгаж, тахилч нар ба левичүүдийг өөр өөрийнх нь үүрэгт ажилд нь томилов. 31 Би түлээний хангалт болон анхны үр жимсэнд тодорхой цагийг тогтоов. Бурхан минь, сайны төлөө намайг санаач!