ФИЛЕМОН

1

1 Христ Есүсийн хоригдол Паул болон дүү Тимот нараас бидний хайрт болон хамтран зүтгэгч Филемон, 2 бидний эгч Апфиа, хамтран дайтагч Архийп нарт болон гэрт чинь цугладаг чуулганд; 3 Бидний Эцэг Бурханаас ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл, амар тайван нь та нарт байх болтугай. 4 Би залбиралдаа чамайг дурсаж, Бурхандаа үргэлж талархдаг. 5 Учир нь би Эзэн Есүст ба бүх ариун хүмүүст хандсан чиний хайр ба итгэлийн талаар сонсдог. 6 Христ уруу хандсан чамд буй аливаа сайн зүйлийн мэдлэг дотор чиний итгэлийн нөхөрлөл үр дүнтэй болоосой гэж би залбирч байна. 7 Би чиний хайраас маш их баяр баясгалан, тайвшралыг авсан юм. Яагаад гэвэл, дүү минь, чиний ачаар ариун хүмүүсийн зүрх тэнхэрсэн байна. 8 Тиймээс хэдийгээр би хийвэл зохих зүйлийг чинь чамд тушаах үлэмж зориг Христ дотор надад бий боловч, 9 настай, эдүгээ Христ Есүсийн хоригдол болох Паул би тийм нэг нь байж, хайрын улмаас харин ч чамаас хичээнгүйлэн гуйя. 10 Би Онесим гэдэг хүүгийнхээ төлөө чамаас гуйя. Би түүнийг хүлээтэй байхдаа төрүүлсэн юм. 11 Тэр чамд урьд нь ашиггүй байсан боловч, харин одоо чамд ч, надад ч ашигтай. 12 Би түүнийг чам уруу буцаан явууллаа. Тэр бол миний зүрх билээ. 13 Би сайн мэдээний төлөө хүлээсэнд байхдаа түүнийг чиний өмнөөс өөртөө үйлчлүүлье хэмээн дэргэдээ байлгахыг хүссэн юм. 14 Гэвч чиний сайн нь албадлагаас мэт биш, харин өөрийн чинь сайн дурын хүслээр байгаасай хэмээн би чиний зөвшөөрөлгүйгээр юу ч хийхийг хүссэнгүй. 15 Чи түүнийг үүрд буцааж авахын тулд энэхүү шалтгааны улмаас тэр чамаас түр зуур салсан байх. 16 Цаашид тэрээр боол шиг бус, харин боолоос ч илүү байх бөгөөд махан биеийн ч дотор, Эзэний ч дотор ялангуяа миний хувьд болон чиний хувьд бүр ч илүү хайрт дүү минь байх болно. 17 Иймд хэрэв чи намайг хамтрагч гэж тооцож байгаа бол намайг хүлээн авахын адил түүнийг ч хүлээн ав. 18 Хэрэв тэр чамд ямар нэгэн мууг хийсэн бол, эсвэл чамд өртэй бол, үүнийг надтай тооцоорой. 19 Паул би өөрийн гараар бичиж байна. Би түүнийг нь төлнө. (Чи өөрөө бас надад өртэй шүү дээ гэж би чамд сануулах хэрэггүй байх) 20 Тийм ээ, дүү минь, Эзэн дотор чиний тусыг авахсан. Христ дотор миний зүрхийг тэнхрүүл. 21 Миний хэлснээс илүү ихийг хийнэ гэдгийг чинь би мэддэг тул чиний дуулгавартай байдалд итгэн, би чамд бичлээ. 22 Үүний зэрэгцээ надад байр бэлдээрэй. Учир нь та нарын залбирлаар би та нар уруу очно хэмээн найдаж байна. 23 Христ Есүс дотор надтай хамт хоригдогч Епафр чамд мэнд хүргэж байна. 24 Миний хамтран зүтгэгчид болох Марк, Аристарх, Дем болон Лук нар мэнд дамжуулж байна. 25 Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нарын сүнстэй хамт байх болтугай.