СУРГААЛТ ҮГС

1

1 Израилийн хаан, Давидын хөвгүүн Соломоны сургаалт үгс нь 2 Мэргэн ухаан ба сахилга батыг мэдэх, Билиг ухааны үгсийг ойлгох, 3 Зөв, үнэн, шударга зүйлсийг үйлдсэнээр Сахилга бат болон хэрсүү байдалд суралцах, 4 Гэнэн нэгэнд хэрсүү байдлыг, Идэр нэгэнд бодлоготой үйлдэл ба мэдлэгийг өгөхөөр; 5 Мэргэн нэгэн нь сонсож, мэдлэгээ тэлэх, Ухаалаг нэгэн нь мэргэн зөвлөгөөг авахын тулд; 6 Сургаалт үгс хийгээд сургаалт зүйрлэлүүд ба Мэргэн ухаантнуудын үгс хийгээд оньсого таавруудыг нь ухаж ойлгохын тулд юм. 7 ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхлэл мөн. Харин мунхгууд сургамж ба мэргэн ухааныг үл тоомсорлодог. 8 Хүү минь, эцгийнхээ сургамжийг сонс. Эхийнхээ зааврыг бүү огоор. 9 Чухамдаа эд л тэргүүнд чинь нигүүлсэлт цэцгийн титэм, Хүзүүнд чинь чимэг билээ. 10 Хүү минь, хэрэв нүгэлтнүүд чамайг уруу татах гэвээс бүү зөвшөөр. 11 Хэрэв тэд чамд "Бидэнтэй яв, хэн нэгний цусыг урсгахаар бүгэцгээе. Гэмгүй нэгнийг отоцгооё. 12 Тэднийг Үхэгсдийн орон мэт амьдаар нь, Бас нүхэнд унагсад мэт бүхлээр нь залгицгаая. 13 Бид үнэт эрдэнэсийг төрөл төрлөөр нь олж, Орон гэрээ олзоор дүүргэх болно. 14 Бидэнтэй хамт шавга хая. Тэгвэл бидний хувьд нэг л хөрөнгө зоорь байх болно" гэвэл, 15 Хүү минь, тэдэнтэй хамт бүү яв. Жимээс нь хөлөө хол байлга. 16 Учир нь тэдний хөл хорон муу уруу ухасхийдэг бөгөөд Тэд цус урсгах гэж яарч сандарна. 17 Чухамдаа, шувууг харсаар байтал нь Өмнө нь тор тавих нь талаар хэрэг биз ээ. 18 Харин тэд өөрсдийн цусны төлөө бүгэх аж. Тэд өөрсдийн амийг отох аж. 19 Ийнхүү хүчирхийллээр олж авах юмсын төлөө явдаг хэний ч зам тийм болой. Тэрхүү эд юмс нь эзэмшигчийнхээ амь насыг бүрэлгэнэ. 20 Мэргэн ухаан нь гудамжнуудад чангаар зарлан дуудаж, Олон хөлийн газар дуугаа өндөрсгөдөг. 21 Шуугиант гудамжнуудын гол газруудад тэр орилон хашхирдаг бөгөөд Хотын дааман хаалган дээр өөрийнхөө үгсийг хэлдэг юм. 22 "Гэнэн хүмүүс ээ, гэнэн мунхаг байдлаа та нар хэр удаан хайрлах вэ? Хэдий хүртэл басамжлагсад доог тохуу хийж, Мунхаг хүмүүс мэдлэгийг үзэн ядах юм бэ? 23 Миний зэмлэлд эргэн ханд. Харагтун, би та нарын дээр сүнсээ бялхуулна, та нарт үгээ мэдүүлнэ. 24 Би та нарыг дуудсан, харин та нар үл хэрэгссэн. Гараа сунгахад минь хэн чинь ч анхаарсангүй. 25 Та нар бүх зөвлөгөөг минь үл ойшоон, зэмлэлийг минь эс хүссэн. 26 Та нарын гамшиг сүйрэл дээр чинь би инээж, Айдас хүйдэст нэрвэгдэх цагт чинь би элэг доог хийнэ. 27 Айдас хүйдэс шуурга мэт ирж, гамшиг хуй салхи мэт нөмөрч, Зовлон зүдгүүр, гай тотгор та нарт ирэхэд би тийн хандана. 28 Тэр үед тэд намайг дуудах боловч би хариу эс өгнө. Тэд намайг хичээнгүйлэн хайх боловч эс олно. 29 Яагаад гэвэл тэд мэдлэгийг үзэн ядаж, ЭЗЭНээс эмээхүйг эс сонгов. 30 Тэд миний зөвлөгөөг хүлээж авахгүй, Миний бүх зэмлэлийг хайхраагүй. 31 Тийнхүү тэд өөрсдийн үйлсийн үр жимсийг идэж, Өөрсдийн сэдсэн зүйлдээ сэтгэл ханамжтай байх болно. 32 Учир нь гэнэн хүний гуйвамтгай байдал тэднийг хөнөөнө. Мунхгийн маадгар байдал тэднийг устгана. 33 Харин намайг сонсдог хүн аюулгүй байж, Хорон муугийн айдас хүйдэсгүй амар тайван амьдарна".

2

1 Хүү минь, хэрэв чи миний хэлэхийг хүлээн авч, Миний тушаалуудыг дотроо нандигнан хадгалбал, 2 Мэргэн ухаанд анхааран чих тавьж цээжээ тунгаан бодох уруу хандуулдаг бол, 3 Хэрэв чи ялгах чадварын төлөө чанга дууддаг, Ухаарахын төлөө дуу хоолойгоо өндөрсгөдөг бол, 4 Хэрэв чи түүнийг цалин цагаан мөнгө мэт эрж, Нууцлагдсан эрдэнэ мэт хайдаг бол, 5 ЭЗЭНээс эмээхүйг чи ухаарна, Бурханы мэдлэгийг олж авна. 6 Учир нь ЭЗЭН мэргэн ухааныг өгдөг бөгөөд Түүний амнаас ухаан хийгээд мэдлэг гардаг. 7 Тэр цэх шулуун явдалт хүнд саруул ухааныг нөөцөлдөг ба Үнэнч шударгаар явагчдын хувьд бамбай мөн. 8 Тэр шударга ёсны жимийг хамгаалдаг бөгөөд Өөрийнхөө бурханлаг хүмүүсийн замыг сэргийлдэг юм. 9 Тэгвэл зөв болон шударга явдал, Цэх шулуун байдал ба сайн сайхан зам болгоныг чи ухаарах болно. 10 Учир нь мэргэн ухаан чиний зүрхэнд орж, Мэдлэг сэтгэлд чинь тааламжтай байх болно. 11 Хэрсүү чанар чамайг сэргийлэх бөгөөд ухаан нь чамайг хамгаална. 12 Энэ нь чамайг хорон муугийн замаас, Гажсан зүйлсийг яригч хүнээс, 13 Харанхуйн замаар явах гэж цэх шулуун замыг орхигсдоос, 14 Хорон мууг хийдгээрээ бахархдаг, Хорон муугийн гажсан зүйлсэд баясдаг хүмүүсээс, 15 Хазгай муруй замтай хүмүүсээс болон замаасаа эргэж буцдаг хүмүүсээс, 16 Мөн үгээрээ уяраан уруу татагч садар эмээс салгахын тулд юм. 17 Тэр эм идэр насныхаа ханийг орхиж, Бурханыхаа гэрээг умартжээ. 18 Учир нь түүний орон гэр мөхөлд шигдэж, Зам нь үхэгсэд уруу хөтөлнө. 19 Түүн уруу явсан хүмүүсээс нэг нь ч эргэж ирдэггүй бөгөөд Амийн замд хүрдэггүй. 20 Тиймээс чи сайн санаатнуудын замаар явж, Шударга зөв хүмүүсийн жимийг дага. 21 Учир нь цэх шулуун хүн л газар дэлхий дээр амьдарч, Буруугүй нь байсаар байх болно. 22 Харин хар санаатан газраас тастагдаж, Итгэлийг эвдэгч хүн газрын хөрснөөс арчигдана.

3

1 Хүү минь, миний сургаалыг бүү март. Зүрх чинь тушаалуудыг маань сахих болтугай. 2 Учир нь өдрүүдийн хийгээд амьд явах он жилүүдийн урт, Амар тайвныг тэд чамд нэмэх болно. 3 Үнэн ба энэрэл чамайг бүү орхиг. Эдгээрийг цээжнийхээ самбарт бичиж, хүзүүгээрээ ороо. 4 Тийнхүү чи Бурханы болоод хүмүүсийн нүдний өмнө таалал хийгээд нэр төрийг олно. 5 Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. 6 Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно. 7 Өөрийнхөө нүдний өмнө бүү мэргэн бай. ЭЗЭНээс эмээж, хорон муугаас эргэ. 8 Энэ нь ясанд чинь шим тэжээл, биенд чинь амин дэм болно. 9 Бүх бүтээгдэхүүнийхээ дээжээр болон эд хөрөнгөөрөө ЭЗЭНийг дээдэл. 10 Тэгвэл агуулах чинь пиг дүүрч, Торхнууд чинь шинэ дарсаар бялхана. 11 Хүү минь, ЭЗЭНий сахилгажуулалтыг бүү дургүйц, зэмлэлийг нь бүү огоор. 12 Учир нь хүүгээ таалдаг эцэг хүний адил ЭЗЭН хайрладаг хүнээ зэмлэдэг юм шүү. 13 Мэргэн ухааныг олдог хүн, ухаарал авдаг хүн ерөөлтэй еэ. 14 Учир нь мэргэн ухааны ашиг болбоос цалин цагаан мөнгөний ашигаас ч илүү, Орлого нь шижир алтныхаас ч илүү. 15 Энэ нь эрдэнэсээс ч илүү нандин, чиний хүсэх ямар ч зүйл түүнтэй зүйрлэшгүй. 16 Түүний баруун гарт нь урт удаан амьдрал залрах агаад зүүн гарт нь алдар суу болон баялаг буй. 17 Мэргэн ухааны зам тааламжит бөгөөд бүх жим нь амар тайван. 18 Түүнээс зуурагсдад тэр нь амийн мод. Түүнийг тэр даруй барьж авах хүн бүр ерөөлтэй. 19 ЭЗЭН мэргэн ухаанаар газрыг бий болгож, Оюун ухаанаар тэнгэрийг тогтоожээ. 20 Түүний мэдлэгээр гүнүүд нээгдэж, үүлнээс шүүдэр унасан. 21 Хүү минь, саруул мэргэн ухаан хийгээд хэрсүү ухааныг сахьж, Энэ бүхнийг нүднээсээ бүү салга. 22 Тийм байх бөгөөс эдгээр нь сэтгэлд чинь амь, Хүзүүнд чинь гоёл болно. 23 Тэгвэл чи замаараа аюулгүй алхах бөгөөд чиний хөл бүдрэхгүй. 24 Чи хэвтэх үедээ ч айж эмээхгүй. Хэвтэх үедээ ч зүүд нойр чинь сайхан байх болно. 25 Гэнэтийн аймшгаас бүү ай. Хар санааны хор хөнөөл ирэх үед ч бүү ай. 26 Учир нь ЭЗЭН чамд эр зориг болох бөгөөд Хөлийг чинь занганд орохоос хамгаална. 27 Хэрэв чиний хүч хүрэх юм бол хүртвэл зохих хүмүүст нь сайныг өгөхөөс бүү татгалз. 28 Туслах боломжтой атлаа хөршдөө "Яваад ир. Маргааш би өгье" гэж бүү хэл. 29 Хажууд чинь амгалан амьдрах хөршийнхөө эсрэг хорон мууг бүү сэд. 30 Хэрэв хүн чамд хорон мууг учруулаагүй бол шалтгаангүйгээр тэр хүнтэй бүү маргалд. 31 Хүчирхийлэгч хүнд бүү жөтөөрх. Тийм хүний аль ч замыг бүү сонго. 32 Учир нь муу зальтай хүн ЭЗЭНий хувьд жигшүүртэй. Харин Тэр цэх шулуун хүнтэй дотно байдаг юм. 33 ЭЗЭНий хараал хар муу санаатны гэр дээр байна. Харин Тэр шударга зөв байгчийн орон гэрийг ерөөнө. 34 Хэдийгээр Тэр доромжлогч хүмүүсийг тохуурхдаг боловч Зовж зүдрэгсдэд нигүүлслээ өгдөг. 35 Мэргэн хүмүүс сайн нэрийг өвлөдөг бол Мунхгууд муу нэрээрээ сайрхдаг ажээ.

4

1 Хөвгүүд минь, эцгийнхээ сургамжийг сонс. Оюун ухаанаас суралцахын тулд анхааралтай байцгаа. 2 Би та нарт эрүүл саруул сургаалыг заадаг. Миний сургамжийг бүү орхигдуул. 3 Би эцгийнхээ хүү, эхийнхээ энхрий ганц хүү нь байхад 4 Эцэг маань надад сургаж, "Бүх зүрх сэтгэлээрээ миний үгнээс зуурч ав. Миний тушаалуудыг сахьж, амьдар. 5 Мэргэн ухаан болон оюун ухааныг олж ав. Амнаас минь гарсан үгнээс бүү эргэ, бүү март. 6 Мэргэн ухааныг бүү огоор. Тэр чамайг хамгаална. Мэргэн ухааныг хайрла. Тэр чамайг сэргийлнэ. 7 Мэргэн ухааны эхлэл болбоос түүнийг олж авах, Олж авсан бүхнээрээ ухааныг олж авах явдал болой. 8 Мэргэн ухааныг үнэлж цэгнэ. Тэр чамайг өргөмжилнө. Хэрэв чи түүнийг тэврэх аваас тэр чамайг алдаршуулна. 9 Мэргэн ухаан чиний тэргүүн дээр нигүүлслийн цэцгийн титэм тавина. Тэр чамд гоо үзэсгэлэнгийн титмийг өргөн барина" гэж хэлсэн. 10 Хүү минь, сонс. Хэлж байгааг минь хүлээн ав. Амьдралын чинь он жилүүд нэмэгдэх болно. 11 Би чамайг мэргэн ухааны замаар хөтөллөө. Би чамайг цэх шулуун жимээр дагуулж явсан. 12 Чамайг алхах үед алхаа чинь саадгүй байна. Хэрэв гүйх аваас чи бүдэрч унахгүй. 13 Сургамжийг зууран барь. Алдаж үл болно. Мэргэн ухааныг хамгаал, Учир нь тэр бол чиний амь мөн. 14 Хар санаатнуудын жимд хөлөө бүү тавь. Хорон муу хүмүүсийн замаар алхаж болохгүй. 15 Түүнээс зайлсхий. Түүгээр дайран гарах ч хэрэггүй. Түүнээс эргэн, хажуугаар нь өнгөр. 16 Учир нь тэд хорон мууг үйлдээгүй цагтаа нойрсож чаддаггүй юм. Хэн нэгнийг бүдрүүлж унагаагүй цагт тэдний нойр нь хулждаг. 17 Учир нь тэд хар санааны талхыг идэж, Хүчирхийллийн дарснаас уудаг. 18 Харин шударга зөв хүмүүсийн жим болбоос үүрийн гэгээ мэт агаад, Тэр нь өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлтсээр байх болно. 19 Хар санаатны зам нь харанхуй мэт буюу. Тэд юунд бүдэрч байгаагаа ч үл мэднэ. 20 Хүү минь, миний үгэнд анхаарлаа хандуул. Үгсийг маань чих тавин сонс. 21 Тэднийг хараанаасаа алдаж болохгүй. Тэднийг өр зүрхэндээ хадгалж яв. 22 Учир нь гэвэл миний үгс бол тэдгээрийг олсон нэгэнд амь бөгөөд Тэр хүний бүх биенд эрүүл мэнд юм. 23 Юуны түрүүнд зүрхээ хамгаал. Учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм. 24 Мэхлэгч амыг цааш тавь. Заль мэхтэй үгсийг өөрөөсөө холдуул. 25 Нүд чинь өмнө байгаагаа цэх хараг. Харц чинь урагшаа эгц тусаг. 26 Хөлийнхөө доорх замыг хар. Тэгвэл бүх зам чинь дайвшгүй байх болно. 27 Зүүн, баруун талын аль уруу нь ч бүү гуйв. Хөлөө хорон муугаас зайлуулж яв.

5

1 Хүү минь, миний мэргэн ухаанд анхаарлаа хандуул. Миний ухааныг чих тавин сонс. 2 Ингэх нь чи хэрсүү ухааныг ажиглаж, Уруул чинь мэдлэгийг нөөцлөхийн тулд юм. 3 Учир нь садар эмийн уруул зөгийн балыг дуслуулдаг ба Түүний яриа тосноос ч илүү зөөлөн байдаг юм. 4 Харин төгсгөлд нь тэр агь мэт гашуун агаад Хоёр талдаа иртэй илд мэт хурц аж. 5 Тэр эмийн хөл үхэл уруу уруудан явдаг. Түүний алхаа Үхэгсдийн оронд аваачна. 6 Тэр эм амийн жимийг бодож цэгнэдэггүй. Түүний зам мурийсан боловч тэр үүнийгээ ч эс мэднэ. 7 Иймд, хөвгүүд минь, намайг сонс. Миний амнаас гарах үгнээс бүү зөр. 8 Тэр эмээс хол бай. Гэрийнх нь үүдээр ч ойрхон явж болохгүй. 9 Эс тэгвэл чи өөрийн хүч тэнхээгээ бусдад, Он жилүүдээ харгис нэгэнд өгөх болно. 10 Чиний хүчийг гадны хүмүүс завшиж, Нөр их зүтгэлээр олсон эд хөрөнгө чинь харь хүний орон гэрт очих болно. 11 Эцэст нь бие махбод чинь тамир тэнхээгээ барахын цагт чи гаслан, 12 "Би сургамжийг ямар их үзэн яддаг байв аа! Миний зүрх зэмлэлийг үл ойшоодог байв. 13 Би багш нарынхаа дуу хоолойг сонсож байгаагүй, Мөн сургагч хүмүүсээ ч чих тавин сонсоогүй! 14 Би цуглаан болон чуулганы дунд сүйрлийн ирмэг дээр ирчихээд байна" гэж хэлнэ. 15 Өөрийнхөө усан сангаас уу. Өөрийнхөө худгаас ундрах цэвэр усыг уу. 16 Чиний ундарга гудамж уруу хальж, Усны чинь урсгал талбайгаар нэг урсах ёстой гэж үү? 17 Энэ бүхэн нь ганцхан чинийх байг! Үүнийг гадны хүмүүстэй бүү хуваалц. 18 Булгийн чинь ундарга ерөөгдөх болтугай! Залуудаа гэрлэсэн эхнэртээ баярлан баяс. 19 Энхрийхэн марал болон нигүүлсэлт согоотой адил, эхнэрийн чинь хөх ямар ч үед сэтгэлийг чинь хангах болтугай. Түүний хайранд үргэлж сэргэн хөгж. 20 Учир нь хүү минь, чи садар эмтэй биеийн жаргалыг эдэлж, Харь хүний цээжийг тэврэх ёстой гэж үү? 21 Учир нь хүмүүний амьдралын зам ЭЗЭНий мэлмийн өмнө ил байдаг юм. Хүмүүний замыг Тэр ширтэн харж байдаг. 22 Өөрийнх нь зүй бус үйлдэл нь хар санаатныг баривчилдаг бөгөөд Тэрээр өөрийнхөө нүгэл хилэнцийн уяанд хүлээстэй байх аж. 23 Сургамж дутсанаас болж тэр үхнэ. Мөн өөрийн олон мунхаглалаас болж тэр төөрөн одох болно.

6

1 Хүү минь, хэрэв чи хөршийнхөө төлөө батлан даалт гаргаж, Гадны хүний төлөө гар барин амласан бол, 2 Амныхаа үгээрээ өөрийгөө занганд оруулсан бөгөөд өөрийгөө барьж өгсөн бол, 3 Миний хүү, чи хөршийнхөө гарт нэгэнтээ орсон тул эдгээрийг хийж, өөрийгөө авар. Явж, өөрийгөө даруу болгож, хөршөөсөө шалан гуй. 4 Нүд чинь нойронд бүү дийлдэг. Зовхи чинь зүүрмэглэлд бүү автаг. 5 Анчны гараас зайлагч зээр гөрөөс мэт, Шувуу баригчийн занганаас тавигдсан жигүүртэн мэт өөрийгөө авар. 6 Залхуу минь, чи яв, шоргоолж юу хийдгийг ажиглан хар, ухаантай бай. 7 Түүнд ахлагч, харгалзагч ба удирдагч гэж байхгүй атлаа, 8 өөрийнхөө хоол тэжээлээ зуны цагт бэлдэж, Ургац хураах цагаар нөөцөө цуглуулдаг. 9 Залхуу минь, чи хэдий хүртэл хэвтэх юм бэ? Нойрноосоо хэзээ сэрэх юм бэ? 10 "Жаахан унтаадахъя, жаахан дуг хийгээдэхье, Жаахан амраадахъя" гэсээр байтал 11 Хоосон ядуу байдал чинь тэнүүлчин мэт, Гачаал чинь зэвсэг агссан хүн мэт чам уруу ирнэ. 12 Хорон муу хүн амнаасаа гажсан үг унаган явж, 13 Нүдээ ирмэн, хөлөөрөө дохио өгч, хуруугаараа заан, 14 Зүрхэндээ буй хар санаагаар үргэлж хорон мууг сэдэж, Эвдрэлцлийг тараадаг юм. 15 Тиймээс сүйрэл нь гэнэт ирж, Тэр даруй тэрээр эдгэшгүйгээр гэмтэнэ. 16 ЭЗЭН доорх зургаан зүйлийг үзэн яддаг. Тийм ээ, эдгээр долоон зүйл Түүнд жигшил зэвүүцэл болдог. 17 Эдгээр нь гэвээс Ихэмсэг харц, Худалч хэл, Гэм зэмгүй цусыг урсгагч гар, 18 Хар буруу төлөвлөгөөг сэдэгч зүрх, Хорон муу уруу түргэн гүйгч хөл, 19 Худал чалчдаг хуурамч гэрчлэгч болон Ах дүүсийн дунд эвдрэлцлийг тараагч зэргүүд болой. 20 Хүү минь, эцгийнхээ тушаалуудыг сахь. Эхийнхээ зааж сургасныг бүү огоор. 21 Тэдгээрийг зүрхнээсээ байнга уя, хүзүүндээ зангид. 22 Тэд чамайг явахад чинь удирдаж, Нойрсоход чинь хамгаална. Сэрэхэд чинь тэд чамтай ярина. 23 Учир нь тушаал нь дэнлүү юм. Сургамж нь гэрэл юм. Сахилга батын зэмлэлүүд нь амь амьдралын зам мөн. 24 Энэ нь чамайг хорон муу эмээс болон Садар эмийн уян найлинхай хэлээс хол байлгахын тулд билээ. 25 Тэр эмийн гоо үзэсгэлэнг зүрхэндээ бүү хүс. Түүний зовхи нь ч чиний дур хүслийг бүү булааг. 26 Учир нь садар самуун эмээс болж тэр хүн зүсэм талх болтлоо турж хорчийдог ба Завхайрагч эм үнэт амийг авладаг ажээ. 27 Хүн хувцсаа шатаахгүйгээр гал өвөртөлж чадна гэж үү? 28 Эсвэл хөлөө түлэхгүйгээр халуун нүүрсэн дээгүүр явж чадна гэж үү? 29 Хөршийнхөө эхнэр уруу явдаг хүн тийм байна. Хөршийнхөө эхнэрт хүрдэг хүн бүр шийтгэгдэхгүйгээр өнгөрөхгүй. 30 Өлсгөлөнгөө дарахын тулд хулгай хийдэг хулгайчийг хүмүүс харсан ч жигшихгүй. 31 Харин баригдахдаа тэр долоо дахин нугалан төлж, Гэр орныхоо хамаг эд хогшлоо өгөх ёстой. 32 Эмэгтэй хүнтэй завхайрагч хүн ухааны гачаалд автдаг нэгэн байх бөгөөд Завхайрснаараа өөрийгөө хөнөөдөг. 33 Тэрээр шарх болон гутамшгийг амсах ба ичгүүр нь хэзээ ч арилахгүй. 34 Учир нь хардалт нь эр хүний хилэнг бадраадаг бөгөөд Өс хонзон авах өдрөө тэр үл өршөөнө. 35 Тэр эр ямар ч төлөөсийг хүлээж авахгүй, Мөн хичнээн бэлэг сэлт өглөө ч сэтгэлийг нь засаж эс чадна.

7

1 Хүү минь, үгийг минь сахь. Тушаалуудыг минь дотроо нандигнаж яв. 2 Миний тушаалуудыг сахьж амьдар. Миний сургаалыг нүдний цэцгий мэт сахигтун. 3 Тэдгээрийг хуруунууддаа ороо. Тэдгээрийг цээжнийхээ самбарт бич. 4 Билиг ухаанд "Та бол миний эгч мөн" гэж хэлэгтүн. Оюун ухааныг дотныхоо анд болгогтун. 5 Энэ нь завхай эм болон үгээрээ зусардах эмээс чамайг хамгаалахын тулд юм. 6 Нэг удаа би гэрийнхээ цонхны сараалжаар гадагш хартал, 7 Гэнэн томоогүй залуусын дунд байгаа нэгэн ухаан муутай залуу нүдэнд өртөв. 8 Өнөөх залуу тэр эмэгтэйн гэрт ойр байдаг гудамжийг хөндлөн гарч, гэр уруу нь зүглэв. 9 Ингэхдээ үдшийн бүрий ба оройн цагаар, шөнө дунд, харанхуйгаар ажээ. 10 Эмэгтэй ч түүнийг угтан гарч ирлээ. Янхан мэт хувцасласан ба зүрх нь зальхай байлаа. 11 Тэр эмэгтэй дуу шуугиантай, тэрслүү нэгэн бөгөөд гэртээ үл тогтоно. 12 Тэр эмэгтэй одоо гудамжинд болон олон хөлийн газарт, Булан бүрийн ард отох аж. 13 Тэр эм түүнийг тэврэн авч, үнсээд, Ичгүүргүй нүүрээрээ түүнд, 14 "Надад эвийн тахил бий. Би өнөөдөр ам тангаргаа биелүүллээ. 15 Тиймээс чамайг угтахаар, чиний дэргэд байхыг эрмэлзэн хүсэж, Би гарч ирээд, чамтай учирлаа. 16 Өнгө алагласан Египетийн маалинган даавуун бүтээлгүүдээр би ор дэрээ бүтээв. 17 Би өөрийнхөө орондоо мирр, алое, шанц зэрэг анхилуун үнэртэнгүүдийг цацав. 18 Ирээч. Өглөө хүртэл хайр дурлалаа бүрэн эдэлье. 19 Учир нь миний нөхөр гэртээ байхгүй. Тэр алс холын аянд мордсон. 20 Нөхөр маань зоостой хүүдийг авч одов. Тэргэл сар гарах өдөр л буцаж ирнэ" гэв. 21 Тэр олон уран үгээрээ мөнөөх эрийг уруу татаж, Зөөлөн уруулаараа толгойг нь эргүүлж амжив. 22 Тэр даруй мөнөөх эр нядлагдах гэж буй шар мэт, Урхинд орсон хандгай мэт эмэгтэйн араас дагав. 23 Сумны зэв түүний элгийг нэвт сүлбэх хүртэл, Урхинд орохоор яаран байгаа жигүүртэн мэт, Тийнхүү үүнийг амиараа төлнө гэдгээ тэр эр эс мэднэ. 24 Иймд хөвгүүд минь, намайг сонс. Амнаас гарах үгэнд минь анхаарлаа хандуул. 25 Зүрх сэтгэл чинь тэр эмийн зам уруу бүү эргэг. Жим дээр нь бүү зогс. 26 Учир нь түүнд шидэгдэж хаягдсан олон хохирогчид бий бөгөөд Түүнд алуулсан хүмүүс нь бүгд тоо томшгүй ажээ. 27 Түүний гэр Үхэгсдийн оронд хүрдэг агаад үхлийн танхимууд уруу уруудах зам аж.

8

1 Мэргэн ухаан нь дууддаггүй гэж үү? Оюун ухаан нь дуугаа өндөрсгөдөггүй гэж үү? 2 Замын дэргэдэх өндөрлөгийн орой дээр, Жимүүд нийлэх газарт тэр зогсож байдаг. 3 Дааман хаалгануудын дэргэд, хот уруу орох газарт, Хаалгануудын үүдэнд ч тэр чангаар хашхирна. 4 Ингэхдээ "Хүмүүс ээ, та нарыг би дуудаж байна. Миний дуу хоолой хүний хөвгүүдэд хандаж байна. 5 Гэнэн хүмүүс ээ, эрүүл саруул ухааныг ойлгогтун. Мунхаг хүмүүс ээ, мэргэн ухааныг мэдэгтүн. 6 Сонсогтун, учир нь би сурвалжит зүйлсийг ярина. Би зөв зүйлсийг ярихаар амаа нээх болно. 7 Учир юу хэмээвэл миний ам үнэнийг өгүүлдэг. Харин хорон санааг миний уруул жигшдэг билээ. 8 Амнаас минь гарах бүх үгс шударга зөв бөгөөд Тэр үгсийн дотор мурийж хазайсан хийгээд гажсан юм огт үгүй билээ. 9 Үгс маань ухаарагч нэгэнд тов тодорхой бөгөөд Мэдлэгийг олж авагсдад зөв юм. 10 Цалин цагаан мөнгийг бус, харин миний зааврыг авагтун. Шилж авсан алтнаас мэдлэгийг авсан нь дээр. 11 Учир нь мэргэн ухаан нь бадмааргаас ч илүү үнэтэй. Хүсэж болох ямар ч зүйлсийг түүнтэй зүйрлэхийн аргагүй. 12 Мэргэн ухаан болох би эрүүл саруул ухаантай хамт оршдог ба Мэдлэг хийгээд хэрсүү ухааныг олдог. 13 ЭЗЭНээс эмээхүй бол хорон мууг үзэн ядах явдал юм. Бардамнал, ихэмсэг зан, хорон муу зам ба гажсан амыг би жигшдэг. 14 Зөвлөгөө хийгээд эрүүл саруул мэргэн ухаан нь минийх. Би болбоос оюун ухаан мөн. Хүч нь минийх. 15 Хаад надаар хаанчилдаг. Захирагч нар надаар шударга байдлыг тогтоодог. 16 Тайж нар болон язгууртнууд, Зөвөөр шүүдэг бүх хүмүүс надаар захирдаг. 17 Намайг хайрлагсдыг би хайрлана. Намайг хичээнгүйлэн хайдаг нь намайг олно. 18 Баялаг, алдар суу, үргэлжид байх хөрөнгө болон шударга зөв нь надад байгаа. 19 Миний үр жимс алтнаас ч, Тэр ч байтугай шижир алтнаас ч илүү дээр. Миний үр ашиг нь цалин цагаан мөнгөнөөс ч илүү дээр. 20 Би шударга зөвийн замаар, шударга байдлын жимээр явдаг. 21 Энэ нь намайг хөрөнгөөрөө хайрлагсдад ивээлийг хүртээх бөгөөд Тэдний эрдэнэсийн санг дүүргэхийн тулд юм. 22 Эрт цагийн ажлаасаа өмнө, замынхаа эхэнд ЭЗЭН намайг эзэмшсэн. 23 Өнө мөнхөөс, газрын цаг хугацааны эхлэлээс би тогтоогдсон байсан. 24 Хөлгүй гүн ба усаар бялхах булаг байхгүй байхад би бий болсон. 25 Уулсыг босгохоос өмнө хийгээд толгодын өмнө би бий болсон. 26 Газар дэлхий болон талыг хийгээд Ертөнцийн анхны тоосонцрыг ч Тэр бүтээгээгүй байхад Би бий болсон юм. 27 Тэр тэнгэрийг тогтооход болон гүний гадаргуун дээр хүрээг сийлэхэд, 28 Дээр нь огторгуйг тогтоох үед, мөн гүний булгууд бий болоход, 29 Ус нь Түүний тушаалыг зөрчихгүй байхын тулд тэнгист хил хязгаарыг нь тогтоож өгөхөд, Газрын үндэс суурийг тэмдэглэн тогтоох үед би тэнд байсан юм. 30 Тэгэхэд би Түүний хажууд уран дархан мэт байв. Би Түүний өдөр тутмын баяр бахдал байсан бөгөөд Түүний өмнө үргэлж баярлаж байв. 31 Түүний газар болох дэлхийд баярлан, Хүмүүсийн хөвгүүдээр бахдан байв. 32 Иймээс хөвгүүд минь, намайг сонсогтун. Учир нь миний замыг сахигсад ерөөлтэй еэ. 33 Сургамжийг дагаж, мэргэн байгтун. Тэдгээрийг бүү үл тоомсорло. 34 Хаалганы минь дэргэд өдөр бүр харуулдан, Үүдний минь дэргэд хүлээж, намайг сонсдог хүн ерөөлтэй еэ. 35 Учир нь намайг ологч нь амийг олж, ЭЗЭНээс тааллыг нь хүртэнэ. 36 Харин миний эсрэг нүгэл үйлддэг хүн өөрийгөө гэмтээдэг. Намайг үзэн ядагч бүхэн нь үхлийг хайрлагч болой" гэв.

9

1 Мэргэн ухаан нь байшингаа барьж, долоон баганаа босгов. 2 Тэрээр хоол хүнсээ бэлтгэж, дарсаа хутгаж, бас ширээгээ засав. 3 Тэр зарц бүсгүйчүүдээ явуулан, хотын хамгийн өндөр газраас дуудав. 4 Ингэхдээ "Гэнэн нэгэн нь наашаа эргэгтүн!" гэдэг аж. Ухаан мөхөс нэгэнд тэрээр 5 "Нааш ир, хоол хүнснээс минь зоогло. Хутгасан дарснаас минь уугтун. 6 Мунхаг явдлаа орхин амьд яв. Оюун ухааны замаар яв" гэж хэлдэг. 7 Басамжлагчийг залруулдаг хүн нэр төрөө гутаадаг. Хар санаатанг зэмлэдэг хүн өөртөө доромжлолыг авдаг. 8 Басамжлагч нэгнийг бүү зэмлэ, Учир нь тэр чамайг үзэн ядна. Мэргэн нэгнийг зэмлэ. Тэр чамайг хайрлана. 9 Мэргэн хүнд заавар өг. Тэгвээс тэр хүн улам мэргэн болно. Шударга зөв хүнийг сурга. Тэгвээс тэр хүн мэдлэгээ арвижуулна. 10 ЭЗЭНээс эмээхүй нь мэргэн ухааны эхлэл мөн. Ариун Нэгэнийг таньж мэдэх нь оюун ухаан мөн. 11 Учир нь өдөр хоног чинь надаар уртсах болно. Амьдралын он жилүүд чамд нэмэгдэх болно. 12 Хэрэв чи мэргэн бол өөрийнхөө л төлөө мэргэн байгаа хэрэг. Хэрэв чи басамжилдаг бол өөрөө л үүнийгээ үүрэх болно. 13 Мунхаг эмэгтэй нь чимээ дуулиантай агаад юу ч мэддэггүй, гэнэн нэгэн юм. 14 Тэрээр гэрийнхээ үүдэнд болон хотын өндөрлөг газруудын суудал дээр суун, 15 Өнгөрөн явагсдыг, чигээрээ цэх алхагсдыг дууддаг юм. 16 Тэр эм "Гэнэн нэгэн нь нааш эргэгтүн" гэдэг аж. Ухаан мөхөс эрд хандан тэрээр, 17 "Хулгайлсан ус чихэрлэг. Нууцлан идсэн талх амттай" гэдэг. 18 Харин тэнд нь үхдлүүд байх бөгөөд Тэр эмийн зочид гийчид нь Үхэгсдийн орны гүнд байдгийг мөнөөх эр мэддэггүй ажээ.

10

1 Соломоны сургаалт үгс. Мэргэн хүү эцгийгээ баярлуулдаг бол мунхаг хүү эхдээ сэтгэлийн зовлон болдог. 2 Шударга бусаар олж авсан юмс ашгийг эс авчирна. Харин шударга зөв байдал үхлээс гэтэлгэдэг юм. 3 Шударга зөв хүний өлсөхийг ЭЗЭН эс тэвчдэг, Харин хар санаатны хүслэнг цааш түлхдэг. 4 Лазан гар ядуу зүдүүг авчирна, Хичээнгүй гар баян болгоно. 5 Ухаант хүү ургацаа цагт нь хураана, Харин ургац хураах цагаар нойрсогч хүү ичгүүрт автана. 6 Ерөөл нь шударга зөв хүний тэргүүн дээр оршино, Харин хүчирхийлэл нь хар санаатны аманд нууцлагддаг. 7 Шударга зөв хүний тухай дурсамж нь ерөөлтэй бол Хар санаатны нэр ой гутаана. 8 Мэргэн зүрхтэй хүн зөвлөгөөг хүлээж авдаг бол Чалчаа мунхаг нь сүйрэх болно. 9 Үнэнч шударга замаар алхагч нь аюулаас ангид явдаг бол Замаасаа гаждаг хүн баригдах болно. 10 Нүдээ ирмэгч нь гай тотгорыг авчирдаг. Чалчаа мунхаг нь сүйрэх болно. 11 Шударга зөв хүний ам амьдралын ундарга бол Хүчирхийлэл нь хар санаатны аманд нууцлагддаг. 12 Үзэн ядалт нь эвдрэлцлийг төрүүлдэг бол Хайр бүх нүгэл хилэнцийг далдалдаг. 13 Гярхай нэгний амнаас мэргэн ухаан олдоно. Харин ухаан дутсан нэгэнд нуруун дундуураа татуулах саваа олдоно. 14 Мэргэн хүмүүс мэдлэгийг хуримтлуулдаг. Харин мунхгийн ам нь сүйрэл авчирдаг. 15 Баян хүний хөрөнгө өөрт нь бэхлэгдсэн цайз болдог бол Ядуусын гачаал зүдгүүр нь тэдэнд балгас болдог. 16 Шударга зөв хүний ацаг хөлс нь амьдрал бол Хар санаатны орлого нь шийтгэл. 17 Сургамжийг сахьдаг хүн амийн зам дээр байна. Харин зэмлэлийг хэрэгсдэггүй хүн төөрч оддог. 18 Үзэн ядалтаа нууцалдаг хүн худалч мөн. Хов тараагч хүн мунхаг нэгэн мөн. 19 Үг олшроход нүгэл зайлшгүй, Харин амаа захирдаг хүн мэргэн нэгэн юм. 20 Шударга зөв хүний хэл цалин цагаан мөнгө мэт бол Хар санаатны зүрх өчүүхэн үнэ цэнэтэй аж. 21 Шударга зөв нэгний яриа олон хүнийг тэжээдэг бол Мунхаг хүмүүс ухаан дутсанаас үхдэг. 22 ЭЗЭНий ерөөл баян болгодог бөгөөд Тэр харууслыг эс авчирна. 23 Муу үйлдэл нь мунхаг нэгэнд зугаа болдог бол Ухаант нэгэн мэргэн ухаанд баярладаг. 24 Хар санаатан айдаг зүйлтэйгээ дайралдана. Шударга зөв хүний хүсэл биелэгдэнэ. 25 Хуй салхи шуураад өнгөрөхөд, муу хүн алга болно. Харин шударга зөв хүнд мөнхийн суурь байдаг. 26 Залхуу хүн ажилд зарагсдын хувьд хумсны завсар шаасан хулс, Нүд уруу суунаглах утаа мэт буюу. 27 ЭЗЭНээс эмээхүй нь амьдралыг уртасгадаг бол Хар санаатны он жилүүд богиносдог. 28 Шударга зөв хүний итгэл найдвар нь баяр баясгалан бол Хар санаатны найдвар мөхдөг. 29 ЭЗЭНий зам нь шударга зөв нэгэнд өмөг түшиг, Харин зүй бусыг үйлдэгсдэд сүйрэл ажээ. 30 Шударга зөв хүн хэзээ ч ганхдаггүй. Харин хар санаатай хүн дэлхийг өвлөхгүй. 31 Шударга зөв хүний ам мэргэн ухааныг анхилуулна. Харин хорлогчийн хэл огтлогдоно. 32 Шударга зөв нэгний ам зөвшөөрөхүйц зүйлийг гаргадаг бол Хорон нэгний ам хор хөнөөлийг гаргадаг.

11

1 Алдаатай дэнслэх нь ЭЗЭНий зэвүүцлийг төрүүлдэг. Харин зөв дэнслэх нь Түүнд тааламжтай ажээ. 2 Бардам зан нэр хугална. Даруу зан болбоос мэргэн ухаан. 3 Цэх шулуун хүмүүсийг үнэнч шударга байдал нь удирддаг бол Итгэлгүй хүмүүсийг худал хуурмаг байдал нь хөнөөдөг аж. 4 Эд баялаг нь уур хилэнгийн өдөр ямар ч тус болохгүй. Харин зөв шударга байдал нь үхлээс чөлөөлнө. 5 Гэмгүй хүний зөв шударга байдал өөрийнх нь замыг тэгш болгодог. Харин хар санаатан өөрийнхөө хар санаанд ойчдог. 6 Цэх шулуун хүнийг зөв шударга байдал нь аварна. Харин итгэлгүй хүн сувдаг сэтгэлдээ баригдана. 7 Хар санаатан үхэхэд итгэл найдвар нь ор мөргүй алга болдог. Тийм хүний хүч чадалдаа найдсан горьдлого нь ч тасарна. 8 Шударга зөв нэгэн хүнд байдлаас гардаг бол Хар санаатай хүн оронд нь ордог. 9 Бурхангүй хүн амаараа хөршөө хөнөөнө. Харин зөв шударга хүн мэдлэгээр аврагдана. 10 Шударга зөв хүмүүс дэвжин дээшлэх цагт хотол олноороо баярлана. Хорон санаатан мөхөх цагт тэнд баяр хөөр болно. 11 Шулуун шударга хүмүүсийн ерөөлөөр хот нь дэвжин дээшилдэг бол Хар санаатны ам түүнийг доош нураадаг. 12 Хөршдөө зэвүүцэгч нь ухаанаар дутмаг байгаа хэрэг. Харин ухаалаг нэгэн дуугүй байна. 13 Задгай амтай хүн нууцыг задруулдаг бол Итгэл хүлээсэн хүн үйл хэргийг нууцалдаг юм. 14 Удирдлага муу байх аваас ард түмэн нь унана. Харин олон зөвлөгч нартай байх аваас ялалтад хүрнэ. 15 Харь хүний төлөө батлан даагч нь үүнийхээ төлөө үнэхээр зовно. Харин даалт гаргахыг үл хүсэгч нь аюулгүй байна. 16 Нигүүлсэнгүй эмэгтэй хүндэтгэлийг хүлээнэ. Шаргуу дайчин эр баялгийг олно. 17 Энэрэнгүй хүн сэтгэлээ тэтгэдэг бол Хэрцгий ширүүн хүн сэтгэлдээ гай зовлон хураана. 18 Хорон санаатай хүн хуурамч хөлсөө хүртэнэ. Харин шударга зөвийг таригч нэгэн жинхэнэ шагналыг хүртэнэ. 19 Шударга зөвийг тууштай дагагч нь аминд хүрнэ. Хорон мууг даган мөшгөгч нь өөрийн үхэл уруугаа тэмүүлнэ. 20 Зоргоороо авирлагч хүн ЭЗЭНий жигшлийг төрүүлдэг бол Гэмгүйгээр алхдаг нэгэн Түүний таалалд нийцдэг. 21 Хар санаатан зайлшгүй шийтгүүлнэ. Харин шударга зөв хүний үр удам нь чөлөөлөгдөнө. 22 Үзэсгэлэнтэй атлаа хөнгөн хуумгай эмэгтэй нь Гахайн хоншоорт зүүсэн алтан гархи мэт ажгуу. 23 Шударга зөв хүний хүсэл нь үргэлж сайн сайхан юм. Харин хорон хүний хүсэл уур хилэн аж. 24 Харамгүйгээр өгдөг атлаа илүүг хүртдэг хүн бий. Харин нарийлагч хүн тэр хэрээрээ хоосордог. 25 Харамгүй сэтгэлтэн дэвжин дээшилдэг. Бусдыг тэнхрүүлэгч өөрөө тэнхрэх болно. 26 Үр буудайгаа нууж нөөцөлдөг нэгнийг хүмүүс зүхнэ. Харин түүнийгээ зарж худалддаг нэгэнд ерөөл оршино. 27 Сайныг хайгч нэгэн ивээл өмгөөллийг олно. Харин хорон муу нь түүнийг хайгч нэгэн дээр ирнэ. 28 Өөрийнхөө баялагт найдагч нэгэн унана. Харин шударга зөв хүн ногоон навч лугаа адил хөгжин дэвжинэ. 29 Өөрийн гэртээ гай тотгор учруулдаг хүн салхийг өвлөнө. Мөхөс хүн мэргэн хүний зарц болно. 30 Шударга зөв хүний үр жимс нь амийн мод юм. Мэргэн хүн сэтгэлийг байлдан дагуулна. 31 Шударга зөв хүн хүртэх ёстойгоо газар дээр хүртдэг бол Хар санаатан хийгээд нүгэлтэн нь хэд дахин илүү хариугаа хүртэх бол доо!

12

1 Журамт байдалд дуртай хүн мэдлэгт дуртай. Харин зэмлэлийг үзэн ядагч нь мунхаг болой. 2 Сайн хүн ЭЗЭНээс тааллыг хүртэнэ. Ов мэхтэнг Тэр шийтгэнэ. 3 Хар санаа хүний оршихуйн тулгуур болж чадаагүй юм. Харин шударга зөвийн үндэс хэзээд хэвээр үлдэнэ. 4 Сайн эхнэр нөхөртөө титэм юм. Харин нөхрөө ичгүүрт оруулдаг эхнэр түүний ясан дахь идээ бээр мэт буюу. 5 Шударга зөв хүний бодол санаа зөв байдаг. Харин хар санаатны зөвлөгөө нь хуурамч аж. 6 Хар санаатны үгс нь цус урсгахаар бүгдэг. Харин цэх шулуун хүмүүсийн ам тэднийг аварна. 7 Хорон санаатнууд сүйрч устан үлдэхгүй. Харин шударга зөв хүний орон гэр нь үлдэнэ. 8 Хүн билиг ухааны хэрээр хүндэтгүүлэн магтуулдаг бол Гуйвуулагч нэгэн гадуурхагдана. 9 Талхаар тарчиг атлаа өөрийгөө өргөмжилснөөс, Хэн ч биш атлаа зарцтай байсан нь хавьгүй дээр. 10 Зөв шударга хүн малынхаа төлөө санаа тавьдаг бол Хар санаатны нинжин сэтгэл нь ч хахир аж. 11 Өөрийн газар дээр хөдөлмөрлөгч нь талх тариагаар элбэг дэлбэг байх болно. Харин утгагүй юмны араас хөөцөлдөгч нь эрүүл ухааны гачаалд орсон хэрэг. 12 Хорон санаа бол өөдгүй хүний олз омог юм. Харин шударга зөв хүний үндэс нь үр жимс ургуулна. 13 Хорон муу хүн уруулынхаа нүгэлд урхидуулдаг бол Шударга зөв хүн зовлонгоос зайлдаг. 14 Хэлсэн үгсийнхээ үр жимсний улмаас хүн сайн сайхнаар цадна. Хүний гараас гарах үйлс буцаж өөрт нь ирнэ. 15 Мунхгийн зам өөрийнх нүдэнд нь зөв харагддаг. Харин мэргэн нэгэн зөвлөгөөг сонсдог юм. 16 Мунхгийн уцаар тэр дороо мэдэгдэнэ. Харин хэрсүү нэгэн доромжлолыг өнгөрөөнө. 17 Үнэнийг ярьдаг хүн зөв юмыг хэлж буй хэрэг. Харин хуурамч гэрчлэлд заль мэх байдаг. 18 Илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдаг бол Мэргэн хүний хэл илааршлыг авчирдаг. 19 Үнэнч ам мөнх настай бол худалч хэл агшин зуурын настай. 20 Хар санаа нь хорон мууг сэдэгсдийн зүрхэнд оршдог. Харин амар тайвныг дэлгэрүүлэгчдэд баяр баясгалан байдаг. 21 Зөв шударга хүнд хор хөнөөл тохиолдохгүй. Харин хорон санаатан гай тотгороор дүүрдэг. 22 Худалч уруул ЭЗЭНий зэвүүцлийг төрүүлдэг бол Итгэлтэйгээр үйлдэгсэд Түүний таалалд нийцдэг. 23 Хэрсүү хүн мэдлэгээ үзүүлэн болгодоггүй. Харин мунхаг хүмүүсийн зүрх мунхаг явдлаа зарлан тунхагладаг. 24 Хичээл зүтгэлтэй хүний гар удирдан дагуулдаг бол Лазан гар албадлагын ажилчин болгож орхино. 25 Зүрхэн дэх шаналал хүнийг дарамталдаг бол Эелдэг үг түүнийг баярлуулдаг. 26 Зөв шударга хүн өөрийн хөршдөө газарчин болдог бол Хар санаатай хүмүүсийн зам бусдыг төөрүүлдэг. 27 Залхуу хүн ангийн махаа шарахгүй. Харин хүний үнэт өмч хөрөнгө бол хичээнгүй байх явдал билээ. 28 Зөв шударга хүний зам дээр амь бий. Түүний зам дээр үхэл байхгүй.

13

1 Мэргэн хүү эцгийнхээ сургамжийг авдаг. Харин басамжлагч нь зэмлэлийг үл сонсоно. 2 Өөрийн амнаасаа гарах үр жимснээсээ хүн сайн сайхныг амсдаг. Харин итгэл эвдэгчийн хүслэн нь хүчирхийлэл билээ. 3 Амаа захирагч нэгэн амиа хамгаалдаг юм. Амаа айхтар том ангалзуулагч хүн сүйрэх болно. 4 Залхуу хүн хүсдэг боловч юуг ч хүртдэггүй. Харин хичээнгүй хүний хүсэл биелнэ. 5 Зөв шударга хүн худал хуурмаг зүйлийг үзэн яддаг бол Хар санаатай хүн ичгүүр, гутамшигтай зүйлсийг хийдэг. 6 Зөв шударга байдал гэмгүй нэгнийг өмгөөлөн хамгаалдаг бол Хар санаа нь нүгэлтнийг ниргэдэг. 7 Юу ч үгүй атлаа өөрийгөө баян болгодог нэгэн байна. Агуу баялагтай атлаа өөрийгөө ядуу болгодог өөр нэгэн ч байх юм. 8 Хүний баялаг өөрийнх нь амийг золиосолж магадгүй. Харин ядуу хүн аюул заналыг үл сонсоно. 9 Зөв шударга хүний гэрэл хурц гэрэлтдэг. Харин харРанаатны дэнлүү бөхдөг. 10 Их зан маргаан мэтгэлцээнд л хүргэдэг. Харин зөвлөгөөг авагсдад мэргэн ухаан байна. 11 Луйвраар олсон эд хөрөнгө хорогдоно. Харин хүч хөдөлмөр шингэсэн бол арвижна. 12 Хүлээгдсэн итгэл найдвар зүрхийг өвчлүүлдэг бол Биелсэн хүсэл амийн мод болой. 13 Үгийг үл тоомсорлогч нэгэн өөрийгөө өрөнд унагаж буй хэрэг. Зарлиг тушаалаас эмээгч нэгэн шагнал хүртэнэ. 14 Мэргэн хүний сургаал амьдралын ундарга бөгөөд Үхлийн занганаас холдуулдаг. 15 Сайн ойлголт хүндэтгэлийг төрүүлдэг. Харин итгэл эвдэгчийн зам бэрх ажээ. 16 Хэрсүү хүн болгон ухаанаар үйлддэг бол Мунхаг хүн мунхаг явдлаараа сайрхдаг. 17 Хар санаатай элч гай зовлонд унана. Харин итгэлт элч илааршлыг авчирна. 18 Сахилгыг үл ойшоогчийн дээр ядуурал ба гутамшиг ирнэ. Харин зэмлэлийг ойшоогч хүн нэр хүндтэй болно. 19 Биелсэн хүсэл нь сэтгэлд амтат бурам аж. Харин мунхаг хүмүүс бузар муугаас холдохыг жигшин зэвүүцдэг аж. 20 Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно. Харин мунхаг хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсана. 21 Гай зовлон нүгэлтнүүдийг мөшгөдөг. Дэвжин дээшлэх нь шударга зөв хүмүүсийн шагнал юм. 22 Сайн хүн үр ач нартаа өв үлдээдэг. Нүгэлтний эд баялаг шударга зөв хүний төлөө хуримтлагддаг. 23 Ядуу хүний тариан талбайд үр тариа арвин ургаж болох ч гэсэн Шударга бус байдал түүнийг хоосруулна. 24 Саваанаас хэлтрүүлэгч нь хүүгээ үл хайрлагч юм. Харин хүмүүжүүлэхдээ хичээнгүй нэгэн хүүгээ хайрладаг хүн мөн. 25 Шударга зөв хүнд хоол хүнс хангалттай байдаг бол Хар санаатай хүний ходоод хонхолзоно.

14

1 Мэргэн эмэгтэй орон гэрээ төвхнүүлдэг бол Мунхаг эмэгтэй өөрийн гараар орон гэрээ нураадаг. 2 Цэх шулуунаар алхагч нэгэн ЭЗЭНээс эмээдэг. Харин замаасаа гажигч хүн Түүнийг жигшдэг. 3 Мунхгийн аман дотор нуруун дундуур нь татах саваа бий. Харин мэргэн хүмүүсийн уруул өөрсдийг нь хамгаалдаг. 4 Шар байхгүй газар тэжээлийн тэвш хоосон. Гэвч шарын хүчийг ашиглавал орлого нэмэгддэг. 5 Итгэмжит гэрч худал ярихгүй. Харин хуурамч гэрч худал үгс урсгана. 6 Басамжлагч хүн мэргэн ухааныг эрж хайдаг боловч юуг ч олохгүй. Харин мэдлэг нь гярхай нэгэнд хялбар ажгуу. 7 Мунхаг хүнээс хол бай. Эс тэгвэл чи мэдлэгийн үгсийг олж эс чадна. 8 Хэрсүү хүний мэргэн ухаан болбоос өөрийнхөө замыг ойлгох явдал мөн. Харин мунхаг хүмүүсийн мунхаглал болбоос заль мэх юм. 9 Мунхгууд нүглийг басамжилдаг. Харин цэх шулуун хүмүүсийн дунд сайн санаа бий. 10 Зүрх бүр өөр өөрийн зовлонг мэднэ. Гадны хүн баяр баясгаланг нь үл хуваалцана. 11 Хар санаатай хүний байшин нурж, Цэх шулуун хүний овоохой сүндэрлэнэ. 12 Хүнд зөв мэт санагдавч төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг. 13 Инээгчийн доторх зүрх өвдсөн ч байж болох юм. Хөөр баяслын төгсгөл нь уй гашуу ч байж болно. 14 Замаасаа гажигч хүн хийсэн үйлийнхээ үр жимсээр дүүрнэ. Харин сайн хүн өөрийн хийсэн үйлсдээ сэтгэл ханах болно. 15 Гэнэн хүн юм бүгдэд итгэдэг. Харин хэрсүү хүн өөрийн алхмууддаа хянамгай ханддаг. 16 Мэргэн хүн болгоомжилдог ба хорон муугаас зайлдаг. Харин мунхаг хүн омог бардам ба болгоомжгүй байдаг. 17 Түргэн зантай хүн мунхаг үйлийг үйлддэг. Хорон мууг сэдэгч хүн үзэн ядагддаг. 18 Гэнэн нэгэн мунхаг явдлыг өвлөдөг бол Хэрсүү нэгэн мэдлэгээр шагнагдана. 19 Хорон муу нь сайны өмнө сөгдөж, Хар санаатан шударга зөв хүний хаалганы өмнө сөхрөх болно. 20 Ядуу хүнээс хөрш нь хүртэл зугтдаг бол Баян хүнд олон найз нөхөд байдаг. 21 Хөршөө гадуурхагч нь нүгэл үйлдэж буй хэрэг. Харин ядуу хүнд нигүүлсэнгүй хандагч хүн ерөөлтэй. 22 Хорон мууг сэдэгч нар төөрөлдөхгүй гэж үү? Харин сайныг сэдэгч нарт үнэн ба энэрэл байх болно. 23 Хөдөлмөр бүхэн ашиг авчирна. Харин дэмий хоосон яриа ядууралд л хүргэнэ. 24 Мэргэн хүмүүсийн титэм нь тэдний баялаг бол Мунхгуудын мунхаг явдал тэдний мунхаглал юм. 25 Үнэнч гэрч амийг авардаг. Харин худлыг урсгадаг хүн мэхэлдэг. 26 ЭЗЭНээс эмээхүйд бат итгэл бий бөгөөд Тэрээр Өөрийн хүүхдүүдэд хоргодох газар болдог. 27 ЭЗЭНээс эмээхүй нь амийн ундарга болой. Энэхүү эх булаг нь үхлийн зангыг зайлуулах боломжтой. 28 Түмэн олон нь хааны сүр хүч бол Цөөн ардууд нь ноёны мөхөс байдал юм. 29 Уурлахдаа удаан хүн маш их ухаантай. Түргэн зантай хүн мунхаг явдлыг өргөдөг. 30 Амар тайван зүрх бие махбодод амийг өгдөг бол Хүсэл тачаал ясан дахь идээ бээр юм. 31 Ядуу хүнийг дарладаг нэгэн Бүтээгчийг нь буруутгаж буй хэрэг. Харин үгээгүй хүнд нинжин сэтгэл гаргагч Бүтээгчийг нь хүндэтгэж буй хэрэг юм. 32 Хорон санаатан муу үйлийнхээ төлөө хөсөр хаягдах бол Шударга зөв хүн үхсэн ч хоргодох газартай. 33 Мэргэн ухаан гярхай хүний зүрхэнд оршдог бөгөөд Мунхгуудын дундаас ч тэнэгүүдэд өөрийгөө мэдүүлдэг. 34 Зөв шударга байдал улс үндэстнийг алдаршуулна. Харин нүгэл хилэнц ард түмнийг гутаана. 35 Хааны таалал мэргэн зарцад хүртээгддэг бол Уур хилэн нь хааны нэрийг хугалагчид оногдоно.

15

1 Эелдэг хариулт уур хилэнг зайлуулна. Харин хүйтэн цэвдэг үгс уур хилэнг хөдөлгөнө. 2 Мэргэн хүний хэл мэдлэгийг зуучилдаг бол Мунхаг ам мунхаглал урсгадаг. 3 ЭЗЭНий мэлмий хаа ч байдаг ба Хорон мууг хийгээд сайныг хардаг. 4 Анагаадаг хэл амийн мод юм. Харин хазааргүй хэл сүнсийг бусниулдаг. 5 Мунхаг хүн эцгийнхээ сургамжийг эс тоомсорлодог. Харин зэмлэлийг хүлээн авдаг нь хэрсүү хүн мөн. 6 Шударга зөв хүний гэрт үлэмж их баялаг байдаг. Харин хорон санаатны орлого гай зовлон билээ. 7 Мэргэн хүний уруул мэдлэгийг дэлгэрүүлдэг бол Мунхгуудын зүрх тийм биш юм. 8 Хар санаатны өргөл ЭЗЭНий хувьд жигшүүртэй юм. Харин цэх шулуун хүний залбирал Түүний таалалд нийцдэг. 9 Хар санаатны зам ЭЗЭНий хувьд жигшүүртэй боловч Шударга зөвийн араас явагчдыг Тэр хайрладаг. 10 Хатуу шийтгэл замаасаа гажигч нарт зориулагджээ. Зэмлэлийг үзэн ядагч нь үхнэ. 11 Үхэгсдийн орон хийгээд Сүйрэл ЭЗЭНий өмнө ил байдаг бол Хүмүүсийн зүрх сэтгэл бүр ч ил байх бус уу? 12 Басамжлагч нэгэн өөрийг нь зэмлэгчийг хайрладаггүй. Тэрээр мэргэн хүн уруу зүглэхгүй. 13 Зүрх жаргалтай бол нүүр царай хөгжилтэй. Харин зүрх гутрах үед сүнс эмтрэнэ. 14 Гярхай хүний оюун ухаан мэдлэгийг эрж хайдаг. Харин мунхгуудын ам мунхаглалыг л зооглодог. 15 Зовж шаналсан хүмүүсийн бүх л өдрүүд муу муухай. Харин хэний зүрх хөгжилтэй байна, Түүнд найр наадам үл тасарна. 16 Асар их хөрөнгөтэй сэтгэл түгшиж сууснаас, Бага сага юмтай ЭЗЭНээс эмээж суусан нь хавьгүй дээр. 17 Үзэн ядалтаар бордсон тарган шарын махнаас, Хайр буй газрын өвсөн хоол нь дээр. 18 Хурц зантай хүн хэрүүлийг өдөөдөг бол Уурлахдаа удаан хүн хэрүүл маргааныг намжаадаг. 19 Залхуугийн зам үүргэнэн хашаа мэт аж. Шударга хүмүүсийн зам шулуун аж. 20 Мэргэн хүү эцгийгээ баярлуулдаг. Харин мунхаг хүн эхийгээ басамжилдаг. 21 Ухаанаар тарчиг хүнд мунхаг үйл үйлдэх нь баяр хөөр болдог бол Ухаарагч хүн цэх замаар явдаг. 22 Зөвлөгөө дутсанаас төлөвлөгөө бүтэлгүйтнэ. Харин олон зөвлөгчтэй бол бүтэмжтэй. 23 Оновчтой хариулт хүнийг баяртай болгодог. Цагаа олсон үг юутай сайхан бэ! 24 Амийн зам мэргэн хүнийг дээшээ дагуулдаг юм. Энэ нь түүнийг доор буй Үхэгсдийн орноос хол явуулахын тулд юм. 25 ЭЗЭН бардам хүний гэрийг нураана. Харин бэлэвсэн эмэгтэйн хил хязгаарыг Тэр тогтоож өгнө. 26 Хорон муу төлөвлөгөөнүүд ЭЗЭНий хувьд жигшүүртэй бол Зөв үгс Түүнд тааламжтай. 27 Хууль бусаар ашиг олдог нэгэн гэр бүлдээ гай зовлон авчирдаг. Харин хээл хахуулийг үзэн ядагч нь амьтай. 28 Шударга зөв хүний зүрх яаж хариулахаа цэгнэдэг. Харин хар санаатай хүний ам хорон муугаар бөөлжинө. 29 ЭЗЭН хар санаатнаас хол байдаг атлаа Шударга зөв хүний залбирлыг сонсдог. 30 Дулаахан харц зүрхийг баярлуулдаг. Сайн мэдээ ясанд эм болдог. 31 Хэний чих амь өгөгч зэмлэлийг сонсоно, Тэр хүн мэргэдийн дунд амьдарна. 32 Хэн сахилгыг үл ойшооно, Тэр өөрийгөө жигшиж байгаа хэрэг. Харин зэмлэлийг сонсдог хүн ухааныг олж авна. 33 ЭЗЭНээс эмээхүй нь хүнд мэргэн ухааныг сургадаг. Даруу зан нь алдар хүндийн өмнө ирнэ.

16

1 Зүрх сэтгэлийн бодол хүнд харьяалагддаг боловч, Хэлний хариулт ЭЗЭНээс ирдэг юм. 2 Хүмүүний хамаг зам өөрийнх нь нүдэнд цэвэр харагддаг бол ЭЗЭН учир шалтгаанаар нь цэгнэн үздэг. 3 Ажил үйлсээ ЭЗЭНд даатга тэгвэл бодсон санасан чинь биелнэ. 4 ЭЗЭН юм бүхнийг тус тусын зорилготойгоор бүтээжээ. Тэр ч байтугай хар санаатнууд хорон муугийн өдөрт зориулагдсан аж. 5 Бардам зүрхтэй хүн бүр ЭЗЭНий хувьд жигшил юм. Тийм нэгэн зайлшгүй шийтгүүлнэ. 6 Үнэн ба хайр энэрэл нүглийг цагаатгадаг. ЭЗЭНээс эмээхүй нь хорон муугаас холдуулна. 7 Хүмүүний зам ЭЗЭНий таалалд нийцэх цагт Тэрээр түүний дайснуудыг нь хүртэл түүнтэй эв түнжинтэй байлгадаг. 8 Зүй бусаар олох үлэмж их орлогоос зөв шударгаар олох бага нь дээр. 9 Хүн оюун ухаандаа өөрийн замыг төлөвлөдөг бол ЭЗЭН түүний алхаа гишгээг чиглүүлдэг. 10 Хааны амнаас тэнгэрлэг шийдвэр гардаг. Шүүх цагт түүний ам алдаа гаргах ёсгүй. 11 Зөв дэнс ба хэмжүүр ЭЗЭНд харьяалагддаг. Уутан доторх бүх туухай Түүнийх юм. 12 Хаан ширээ зөв шударгад тулгуурладаг учраас Хорон муу явдалтай холбогдох нь хааны хувьд жигшүүртэй юм. 13 Шударга зөв уруул хаанд таалагддаг. Үнэн ярьдаг хүнийг хаан хайрладаг. 14 Хааны уур хилэн үхлийн элч мэт буюу. Харин мэргэн хүн түүнийг тайтгаруулдаг. 15 Хааны нүүрэнд гэрэлтэх гэрэл дотор амьдрал буй. Түүний таалал нь хаврын борооны үүл мэт буюу. 16 Алт авснаас мэргэн ухааныг олох нь илүү дээр. Мөн ухааныг авах нь мөнгөнөөс ч илүү үнэтэй. 17 Цэх шулуун хүмүүсийн зам бол өөрсдийгөө хорон муугаас холдуулах явдал билээ. Өөрийн замыг анхааралтай ажигладаг хүн амиа хамгаална. 18 Сүйрлийн өмнө бардам зан явдаг бол Бүдэрч унахын өмнө дээрэлхүү зан явдаг. 19 Бардам хүмүүстэй олз хувааснаас, Дорд хүмүүсийн дунд даруу сүнстэй байсан нь хавьгүй дээр. 20 Үгэнд анхаарлаа хандуулдаг хүн сайн сайхныг олно. ЭЗЭНд итгэгч хүн ерөөлтэй! 21 Зүрхэндээ мэргэн хүн ухаалаг хэмээгдэнэ. Амтат үг яриа ятгалгыг улам нэмэгдүүлнэ. 22 Өөрийг нь эзэмшигч хүнд ухаан бол амийн ундарга юм. Харин мунхаг хүний сахилга нь мунхаглал юм. 23 Мэргэн хүний зүрх амаа сургадаг бөгөөд Уруулдаа ятгалгыг нэмдэг. 24 Тааламжит үгс зөгийн балтай сархинаг ажгуу. Тэр нь сэтгэлд амтат бурам ба ясанд эм болой. 25 Хүнд зөв мэт санагдавч, Төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг. 26 Хөдөлмөрлөгч хүний хооллох хүсэл өөрийнх нь төлөө ажилладаг. Түүний өлсгөлөн байдал нь түүнийг хөтөлдөг. 27 Хар санаат хүн хорон мууг ухаж гаргадаг. Түүний үгс дүрэлзэх гал мэт болой. 28 Замаасаа гажигч хүн эвдрэлцлийг тарьдаг. Хов жив тараагч хүн дотны анд нөхдийг салгадаг. 29 Хүчирхийлэгч хүн хөршөө уруу татаж, Сайн биш замаар дагуулдаг. 30 Нүдээ ирмэгч хүн гажсан зүйлсийг сэддэг. Хөмхийгөө зуугч хүн хорон мууг гүйцэлдүүлдэг. 31 Буурал толгой бол алдрын титэм юм. Үүнийг зөв шударга амьдрал дотор олдог. 32 Уурлахдаа удаан хүн хатан зоригтноос дээр. Сүнсээ захирдаг хүн хотыг эзлэгчээс дээр. 33 Шавга хаявч шийдвэр бүр нь ЭЗЭНээс ирдэг.

17

1 Идээ будаагаар дүүрэн боловч хэрүүл уруултай гэр орноос Амар тайван орчинд хатсан талхны хэлтэрхий дээр. 2 Мэргэн ухаантай зарц гутамшигтай хүүг захирч, Ах дүүсийн дундах өв хөрөнгөнөөс хүртэнэ. 3 Галын дөлөөр мөнгө ба алтыг цэвэршүүлдэг бол ЭЗЭН хүмүүний зүрхийг шалгадаг. 4 Хорон мууг үйлдэгч нь хар санаатай уруулыг сонсдог. Худалч хүн эвдэн сүйтгэгч хэлэнд анхаарлаа хандуулна. 5 Ядуу хүнийг элэглэгч Бүтээгчийг нь доромжилж буй хэрэг. Гай гамшигт баясагч нь шийтгэл авна. 6 Өтгөсийн титэм болбоос үр ач нар нь юм. Эцэг хүн хөвгүүдийнхээ алдар сүр нь юм. 7 Дээгүүр яриа мунхаг хүнд үл тохирно. Захирагч хүнд худал хэлэх нь бүр ч зохисгүй. 8 Хээл хахууль нь түүнийг өгөгчийн нүдэнд сахиус юм. Тэрээр хаашаа ч хандсан амжилт олдог аж. 9 Нүгэл хилэнцийг далдлагч хайрыг эрдэг. Харин хэргийг дахин дахин ярьдаг хүн дотны анд нөхдийг салгадаг. 10 Ухаантай хүнд хандсан зэмлэлийн нөлөө нь мулгуу хүнийг зуун удаа цохьсноос ч илүү юм. 11 Тэрслүү хүн зөвхөн хорон мууг эрдэг. Тиймээс түүний эсрэг догшин элч илгээгдэх болно. 12 Мунхаг явдалдаа живсэн мунхагтай учирснаас Бамбаруушнаасаа хагацсан баавгайтай тааралдсан нь дээр. 13 Сайныг саараар хариулагч хүний гэрээс бузар муу үл сална. 14 Эвдрэлцлийн эхлэл болбоос ус даланг цөмлөхтэй адил агаад Даамжрахаас нь өмнө хэрүүлийг зогсоогтун. 15 Хар санаатныг зөвтгөгч ба зөв шударга хүнийг буруутгагчийн аль аль нь ЭЗЭНий жигшлийг төрүүлдэг. 16 Мэргэн ухааныг худалдан авах хүсэлгүй учраас Мунхгийн гар дээр мөнгө байгаад ч яах билээ? 17 Анд найзууд ямар ч үед бие биенээ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг. 18 Ухаанаар хомс хүн гар барин амлаж, Хөршийнхөө батлан даагч болдог. 19 Хэрүүл шуугианд дуртай хүн гэм нүгэлд ч дуртай. Өөрийгөө дөвийлгөгч нь сүйрлийг урьж буй хэрэг. 20 Зальт зүрхтэй хүн сайныг олохгүй. Мэхлэгч хэлтэй хүн гай зовлонд орно. 21 Мунхгийг төрүүлсэн хүн өөртөө гашуудлыг авчирна. Мунхгийн эцэг баяр баясгалангүй. 22 Баяр хөөртэй зүрх бол сайн эм. Харин эмтэрсэн сүнс ясыг хувхайруулна. 23 Шударга замыг завхруулахын тулд Хар санаатай хүн хээл хахуулийг өвөртөлж авдаг. 24 Мэргэн ухаан нь ухаантай хүний оршихуйд байдаг. Харин мунхгийн нүд дэлхийн төгсгөл дээр тусна. 25 Мунхаг хүү эцгийгээ халаглуулна. Тэрээр төрүүлсэн эхдээ ч уй гашуу юм. 26 Зөв шударга нэгнийг торгох нь сайн хэрэг бишийн адил Үнэнч шударга үйлсийнх нь төлөө түшмэдийг цээрлүүлэх нь сайн хэрэг биш ээ. 27 Хэлж буй үгэндээ хянамгай хүн мэдлэгтэй юм. Ухаантай хүмүүн уужим дотортой. 28 Мунхаг хүн ч гэсэн чимээгүй байх аваас мэргэн хүнд тооцогдоно. Тэрээр амаа хамхиад суувал хэрсүү нэгэнд тооцогдоно.

18

1 Адайр хүн хувийн хүслээ эрж хайдаг ба Хамаг саруул ухааны эсрэг тэрсэлнэ. 2 Мунхаг хүн ухаанд баярладаггүй. Харин бодол санаагаа харуулахыг л эрмэлздэг. 3 Хар санаатан ирэхэд жигшүүр бас ирнэ. Гутамшгийн хамт ичгүүр ирнэ. 4 Хүмүүний амнаас гарах үгс гүнийн ус мэт бөгөөд Мэргэн ухааны ундарга нь шоржигнон урсах горхи мэт буюу. 5 Хар санаатай нэгэнд тал засах ба Зөв нэгнийг түлхэхийн аль аль нь сайнгүй аж. 6 Мунхгийн уруул нь эвдрэлцлийг авчирна. Түүний ам нь цохилтыг урьдаг. 7 Мунхгийн ам өөрийг нь сүйтгэнэ. Түүний уруул сэтгэлийг нь урхидна. 8 Ам хэлээ билүүдэгчийн үгс амтат идээ будаа мэт ба Тэдгээр үгс ходоодны мухарт ч хүрнэ. 9 Ажилдаа хичээл зүтгэл гаргадаггүй хүн Үрэн таран хийгч нэгний ах дүү нь мөн. 10 ЭЗЭНий нэр бат бөх цамхаг бөгөөд Шударга зөв хүн тийшээ гүйгээд, тэнд аюулгүй байна. 11 Баян хүний эд хөрөнгө нь түүнд бэхлэлт бүхий хот ба Өөрийнх нь төсөөлдгөөр өндөр хана мэт ажээ. 12 Сүйрлийн өмнө хүмүүний зүрх ихэмсэг байдаг бол Хүндлэлийн өмнө даруу зан байдаг. 13 Сонсохоосоо өмнө хариу хэлэх нь Хүнд өөрт нь мунхаг хэрэг ба ичгүүр билээ. 14 Хүмүүний сүнс өвчнийг ч тэсвэрлэдэг. Харин цөхөрсөн сүнсийг хэн тэнхрүүлж чадах билээ? 15 Хэрсүү хүний оюун бодол мэдлэгийг эзэмшдэг. Мэргэн хүний чих мэдлэгийг эрж хайдаг. 16 Бэлэг өгсөн хүний өмнө боломж нээгдэж, Тэр нь түүнийг эрхэм нэгэнтэй учруулна. 17 Өөр нэгэн ирж, түүнийг шалгаахаас нааш хэрэг явдлаа түрүүлж хэлсэн хүний л зөв шиг байдаг. 18 Шавга хаях нь зөрчилдөөнийг эцэслэх бөгөөд Эрх мэдэлтнүүдийн хоорондохыг шийддэг. 19 Гомдсон ах дүүг буцаж эргүүлэх нь Хүчирхэг хотыг эзлэн авахаас ч илүү хэцүү. Хэрүүл маргаан нь шилтгээний түгжээтэй хаалга мэт ажээ. 20 Амныхаа үр жимсээр хүмүүний ходоод дүүрэх бөгөөд Тэрээр уруулаасаа гаргах бүтээгдэхүүнээр цадна. 21 Амь ба үхэл нь хэл ярианы хүчинд байдаг. Түүнд дуртай хүн эдгээрийн үр жимсийг хүртдэг. 22 Эхнэрийг олдог хүн сайныг олж, ЭЗЭНээс тааллыг хүлээн авдаг. 23 Ядуу хүн өршөөл гуйдаг бол Баян хүн таагүй хариулт өгдөг. 24 Дэндүү олон найзтай хүн сүйрэлд өртдөг ч, Ах дүүгээс чинь ч дотно байж чадах анд нөхөр бий шүү.

19

1 Гажсан яриатай мунхаг нэгэн байснаас Ядуу атлаа үнэнч шударга байдал дотроо явдаг нэгэн байх нь дээр. 2 Бас мэдлэггүй байх нь хүний хувьд сайн хэрэг биш. Яаруу хүн хий гишгэдэг юм. 3 Хүмүүний мунхаглал замыг нь балладаг бөгөөд Түүний зүрх сэтгэл ЭЗЭНий эсрэг хилэгнэн дайрна. 4 Эд баялаг олон найзуудтай болгодог. Харин ядуу хүн найз нөхдөөсөө салсан байдаг. 5 Хуурамч гэрч заавал шийтгэл хүлээнэ. Худал хэлдэг хүн ч бас зугтаж чадахгүй. 6 Олон хүмүүс эрх мэдэлтнүүдийн ивээлд багтахыг санаархдаг агаад Бэлэг сэлт өгдөг нэгэнд хүн бүр найз нөхөд ажээ. 7 Ядуу хүний бүх ах дүүс түүнийг үзэн яддаг байхад Найз нөхөд нь түүнээс ямар их холдох бол доо! Тэр тэднийг үгээрээ царайчлавч, тэд үл олдоно. 8 Мэргэн ухааныг олж авдаг нэгэн сэтгэлээ хайрлана. Ухааныг дээдэлдэг нэгэн сайныг олно. 9 Хуурамч гэрч заавал шийтгэл хүлээнэ. Худал хэлдэг хүн мөхөх болно. 10 Тансаг байдал мунхагт үл зохино. Зарц хүн ноёдыг захирах нь бүр ч зохимжгүй. 11 Хүмүүний хэрсүү байдал түүнийг уурандаа удаан байхад сургадаг. Гэм бурууг харахгүй өнгөрөх нь түүний алдар суу билээ. 12 Хааны хилэгнэх нь арслангийн архирахтай адил боловч Таалал нь өвсөн дээрх шүүдэр мэт буюу. 13 Мунхаг хөвгүүн эцгийнхээ сүйрэл нь юм. Хэрүүлч эхнэр тасралтгүй дуслах устай адил буюу. 14 Орон байр болон эд хөрөнгө нь эцгээс өвлөн ирдэг бол Ухаалаг эхнэр ЭЗЭНээс ирдэг ажээ. 15 Залхуурал хүнийг гүн нойронд автуулна. Лазан хүн өлсгөлөнд нэрвэгдэнэ. 16 Тушаалыг сахигч хүн сэтгэлээ хамгаална. Харин өөрийн замыг хайхардаггүй хүн үхэх болно. 17 Ядуу хүнд харамгүйгээр өгөгч хүн ЭЗЭНд зээлүүлж байгаа хэрэг. Тэр хүний сайн үйлийнх нь төлөө ЭЗЭН буцааж төлнө. 18 Найдлага байгаа цагт хүүгээ хүмүүжүүл. Түүний үхлийг бүү хүс. 19 Их уур хилэнтэй хүн үр дагаврыг нь хүртэх болно. Хэрэв та түүнийг аварвал дахин аврах хэрэг гарна. 20 Зөвлөгөөг сонсож, сахилгыг хүлээж ав. Тэгвээс амьдралынхаа бүх өдрүүдэд мэргэн байх болно. 21 Хүмүүний зүрхэнд олон санаа байдаг боловч ЭЗЭНий зөвлөгөө байсаар байх болно. 22 Хүн нинжин сэтгэлийг хүсдэг. Худалч байснаас ядуу байсан нь дээр. 23 ЭЗЭНээс эмээхүй нь амь уруу хөтөлнө. Тийн байваас тэр хүн амар тайван нойрсох бөгөөд хорон мууд ороогдохгүй. 24 Залхуу хүн тавганд хүргэсэн гараа амандаа хүргэхдээ хүртэл залхуурна. 25 Басамжлагчийг буруутгавал, гэнэн нэгэн нь хэрсүү болж мэднэ. Харин ухаантныг зэмлэвэл тэр сургамжийг олж авна. 26 Эцгийгээ дээрэмдэж, эхийгээ хөөж явуулдаг хөвгүүн болбоос Ичгүүр сонжуургүй нэгэн мөн. 27 Хүү минь, сахилга батыг үл сонсвол чи мэдлэгийн үгнээс холдох болно. 28 Гуйвуулан гэрчлэгч зөв шударгыг доромжилдог. Хар санаатны ам шударга бус явдлыг тараадаг. 29 Басамжлагчдад шийтгэл болон мунхгуудын нуруунд зориулсан цохилт бэлэн бий.

20

1 Дарс бол басамжлагч, сархад бол агсамнагч, эдгээрт согтуурсан хэн боловч мэргэн биш. 2 Хааны хилэгнэл болбоос арслангийн архиралт мэт бөгөөд Түүнийг уурлуулах хүн бүр амьдралаа алдана. 3 Эвдрэлцлээс зайлсхийх нь хүмүүнд хүндэтгэл юм. Харин ямар ч мунхаг хүн хэрүүл хийнэ. 4 Залхуу хүн газраа цагт нь хагалахгүй. Тиймээс ургац хураах үед тэр юу ч үгүй хоцорно. 5 Хүмүүний зүрхэн дэх төлөвлөгөө гүн ус мэт бөгөөд Ухаантай хүн тэрхүү усыг гадагш гаргана. 6 Ихэнх хүмүүс өөр өөрсдийн үнэн зөвийг тунхагладаг ч Итгэл найдвартай нэгнийг хэн олж чадах вэ? 7 Шударга зөв хүн гэм зэмгүй явдаг. Тийм хүний үр хүүхдэд ерөөл оршино. 8 Зөв шударгын ширээнд залрагч хаан харцаараа хамаг хорон муу зүйлийг хөөдөг. 9 Хэн "Би зүрх сэтгэлээ цэвэрлэв. Би нүгэл хилэнцээсээ ариусав" хэмээн хэлж чадах билээ? 10 Зөрүүтэй хэмжүүр ба дэнсний аль алийг нь ЭЗЭН жигшдэг. 11 Өөрийнхөө үйлсээрээ ба хандлага нь ариун болон зөв байвал залуу хүн өөрийгөө харуулдаг. 12 Сонсох чих болон харах нүдний аль алийг нь ЭЗЭН бүтээсэн. 13 Нойрыг бүү хайрла, эс тэгвэл чи ядуу болно. Нүдээ нээ, тэгвэл чи хоол хүнсээр элбэг дэлбэг байна. 14 Худалдан авагч нь "Энэ нь ч муу. Тэр нь ч муу" гэж өөлж голдог атлаа Аваад явсныхаа дараа түүгээрээ сайрхдаг. 15 Алт болон тоо томшгүй эрдэнэс байдаг боловч Мэдлэгийг ярих уруул болбоос хамгийн нандин зүйл юм. 16 Гадны хүний өмнөөс ам гарагчийн дээлийг тайлж ав. Харь хүний өмнөөс гаргах төлөөсийг түүнээс гаргуул. 17 Буруу замаар олж авсан талх хүнд амттай байж болох юм. Гэвч эцэст нь түүний ам хайргаар дүүрэх болно. 18 Төлөвлөгөө зохиохдоо зөвлөгөө ав. Мэргэн удирдамжийн дагуу дайт. 19 Цуурхал тарааж явдаг хүн нууцыг задруулдаг. Тиймээс хов живтэй бүү орооцолд. 20 Эцэг эхийгээ зүхдэг хүний дэнлүү түнэр харанхуйд бөхнө. 21 Эхэндээ үтэр түргэн олддог өв залгамжлал нь эцэстээ ерөөгдөхгүй. 22 "Хорон муугийн хариуг би өгнө дөө" гэж бүү ярь. ЭЗЭНийг хүлээ, Тэр чамайг аварна. 23 Зөрүүтэй дэнсийг ЭЗЭН жигшинэ. Хуурмаг жин сайн зүйл биш ээ. 24 Хүмүүний алхаа гишгээг ЭЗЭН залдаг. Тэгвэл хүмүүн өөрийнхөө замыг хэрхэн мэдэж чадах билээ? 25 "Энэ бол ариун" хэмээн хурдан хуумгай хэлээд, Тангарагласныхаа дараа лавлан эргэцүүлэх нь хүмүүний хувьд хавх юм. 26 Мэргэн хаан хар санаатнуудыг шигшиж, Тэдний дээр тээрмийн чулуу эргүүлнэ. 27 Хүний сүнс бол түүний дотоодын мухарт буйг ч нягтлан үздэг ЭЗЭНий дэнлүү билээ. 28 Үнэн хийгээд шударга зан хааныг хамгаалдаг бөгөөд Тэрээр хаан ширээгээ зөв шударгаар барьдаг. 29 Залуусын алдар суу нь тэдний хүч тэнхээ. Өтгөсийн хүндлэл нь тэдний буурал үс. 30 Шархны ором нь хорон мууг цэвэрлэдэг. Мөн цохилтууд нь зүрхний мухарт ч хүрнэ.

21

1 Хааны зүрх ЭЗЭНий мутарт атгаастай байгаа усны урсгал мэт юм. Тэр хүссэн цагтаа урсгалыг өөрчилдөг. 2 Хүн бүрийн зам өөрийнх нь нүдэнд зөв харагддаг, Харин ЭЗЭН хүмүүний зүрхийг дэнсэлнэ. 3 Шударга хийгээд зөвийг үйлдэх нь ЭЗЭНд өргөлөөс ч илүү таалагддаг. 4 Ихэмсэг харц болон бардам зүрх болбоос хар санаатай хүмүүсийн дэнлүү бөгөөд нүгэл ажээ. 5 Хичээл зүтгэлтэй хүний төлөвлөгөөнүүд үнэхээр ашиг тусаа өгнө. Харин адгуу хүн үнэхээр ядууралд хүрнэ. 6 Худалч хэлээр эрдэнэсийг олж авах явдал нь Нүүгээд өнгөрөх үүл ба үхлийн занга мэт буюу. 7 Хар санаатнууд шударга үйлдлээс татгалздаг тул Тэдний хүчирхийлэл өөрсдийг нь үгүй хийнэ. 8 Гэмт хүний зам тахир байдаг. Харин гэмгүй хүний хувьд гэвэл түүний хандлага нь зөв шулуун. 9 Хэрүүлч эхнэрийн хамт байшинг хуваалцан сууснаас Дээврийн буланд амьдарсан нь дээр. 10 Хар санаатны сэтгэл хорон мууг маш их хүснэ. Хөрш нь түүний нүднээс энэрлийг олж харахгүй. 11 Басамжлагч хүн шийтгэгдэхэд гэнэн нэгэн мэргэн болдог. Харин мэргэн нэгнийг сургамжлавал тэр мэдлэгийг олж авна. 12 Шударга зөв нэгэн нь хар санаатай хүний гэрийг ажигладаг бөгөөд Хар санаатныг мөхөл уруу авчирна. 13 Ядуугийн хашхирахыг эс сонсогч нь Нэгэн цагт өөрөө хашхирах боловч хариуг эс сонсоно. 14 Сэм өгсөн бэлэг уур хилэнг дарна. Өвөрт нь хийсэн хээл хахууль ихэд хилэгнүүлнэ. 15 Зөвийг үйлдэх нь зөв шударга хүнд баяр хөөр бол Гэм бурууг хийгчдэд энэ нь айдас болдог. 16 Ухааны замаас төөрсөн хүн үхэгсдийн цуглаанд байраа эзэлнэ. 17 Зугаа цэнгэлд дурлагч хүн ядуурна. Дарс ба тосонд дурлагч хүн баян болохгүй. 18 Хар санаатай хүн зөв шударга нэгний төлөөх золиос бөгөөд Зальхай хүн цэх шулуун нэгний оронд байх болно. 19 Хэрүүлч, уур уцаартай эмэгтэйтэй хамт байснаас цөлд амьдарсан нь дээр. 20 Мэргэн хүний гэрт үнэт эрдэнэс ба тос бий. Харин мунхаг хүн эдгээрийг залгидаг. 21 Зөв шударга ба үнэнийг хайдаг хүн нь Амь, зөв шударга, хүндэтгэлийг олдог. 22 Мэргэн хүн хүчтэнүүдийн хот уруу ч дайрч, Тэдний найдаж байсан бат хэрмийг ч нураана. 23 Ам хэлээ захирдаг хүн аюулаас сэтгэлээ хамгаална. 24 Ичгүүргүй бардам зангаар үйлдэгч нэгний нэр гэвээс "Бардам", "Их зант", "Басамжлагч" зэрэг нь аж. 25 Залхуугийн хүслэн түүнийг үхэлд хүргэнэ. Учир нь түүний гар ажиллахаас татгалздаг. 26 Тэрээр бүхэл өдөржингөө шунахайран хүснэ. Харин шударга зөв хүн гар таталгүй өгдөг. 27 Хар санаатны өргөл нь ч бузар бол Хорон муу санаа өвөрлөн өгсөн түүний өргөл ямар их бузар зүйл байх билээ! 28 Хуурамч гэрч мөхөх болно. Харин үнэнийг сонсогч хүн мөнхөд ярих болно. 29 Хар санаатай хүн догшин дүр исгэнэ. Харин шударга шулуун хүн замаа цэх байлгахыг хичээнэ. 30 ЭЗЭНийг эсэргүүцдэг мэргэн ухаан, оюун ухаан, зөвлөгөө гэж ер байхгүй. 31 Хүлэг морьдыг тулаанд мордоход бэлэн болгосон ч Ялалт нь ЭЗЭНий гарт байдаг.

22

1 Сайн нэр нь агуу баялгаас ч дээр. Таалал нь алт мөнгөнөөс ч дээр. 2 Баян ба ядуу хүний нийтлэг зүйл гэвээс Хэн хэнийг нь ЭЗЭН бүтээсэн явдал юм. 3 Хэрсүү хүн хорон мууг олж хараад, түүнээс зайлдаг. Харин гэнэн хүн түүн уруу явсаар, тэгснийхээ төлөө шийтгэгддэг. 4 Даруу зан хийгээд ЭЗЭНээс эмээхүйн шагнал болбоос Амь, алдар хүнд, эд баялаг юм. 5 Замаасаа гажсан хүний замд үүргэнэ ба занга бий. Өөрийгөө хамгаалдаг хүн тэдгээрээс холуур явдаг. 6 Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч тэр замыг орхихгүй. 7 Баян хүн ядуу хүнийг захирдаг. Өртөн зээлдүүлэгчийнхээ зарц болдог. 8 Шударга бус явдлыг тариалагч нь хов хоосонг хураана. Түүний уур хилэнгийн саваа мод ч алга болно. 9 Өгөөмөр сэтгэлтэй хүн ерөөгдөх болно. Учир нь тийм хүн ядууст хоолноосоо өгдөг. 10 Басамжлагчийг холдуул. Тэгвэл эвдрэлцэл зайлж одон, хэрүүл болон үл хүндэтгэх байдал ч алга болно. 11 Цэвэр зүрх сэтгэлийг хайрлагч болон үг яриа нь нигүүлсэнгүй нэгэнд Хаан хүн хүртэл анд нөхөр болдог. 12 ЭЗЭНий мэлмий мэдлэгийг хамгаалдаг. Харин Тэр зальхай хүний үгсийг үл тоомсорлодог. 13 Лазан хүн "Гадаа арслан байна. Би гудамжинд гарвал алуулах байх" гэдэг. 14 Садар эмийн ам гүн цооног юм. ЭЗЭНд хараагдсан хүн тэр цооногт унана. 15 Мунхаг байдал хүүхдийн зүрхэнд уяастай байдаг. Сахилгын саваа мод түүнийг мунхаглалаас холдуулна. 16 Өөртөө илүүг олохын тулд ядууг зовоодог хүн болон баянд бялдуучлагч хүн үгүйрэн хоосорно. 17 Чих тавин мэргэдийн үгсийг сонс. Миний мэдлэгт ухаанаа хандуул. 18 Хэрэв чи эдгээрийг цээжиндээ хадгалж, энэ бүхнийг уруулан дээрээ бэлэн байлгах аваас тааламжтай байх болно. 19 Тийнхүү чамайг ЭЗЭНд итгээсэй гэсэндээ би үүнийг өнөөдөр заалаа. 20 Би чамд зориулж, мэргэн ухааны хийгээд зөвлөмж үгс болох гучин зүйр үг бичиж үлдээсэн биш үү? 21 Ингэсэн нь үнэний үгсийг чамд мэдүүлж, Чамайг илгээсэн нэгэнд чи зөв хариу өгч чадахын тулд юм шүү. 22 Ядуу хүнийг ядуу гэж бүү дээрэмд. Зовж зүдэрсэн нэгнийг дааман хаалган дээр бүү дарла! 23 Учир нь ЭЗЭН ядуу хүмүүсийн хэрэгт санаа тавих бөгөөд Тэднийг дээрэмдэгчдийн амийг авна. 24 Уур хилэнд баригдсан хүнтэй болон түргэн зантай хүнтэй бүү нийл. 25 Эс тэгвээс чи түүн шиг болж, өөрийгөө занганд оруулж магадгүй шүү. 26 Бусдын өмнөөс гар барин амлаж, Мөн өртэй хүний төлөө батлан даалт гаргадаг хүн байх хэрэггүй. 27 Хэрэв чамд өрөнд нь өгөх зүйл байхгүй юм бол Унтаж буй ор дэвсгэрийг чинь яагаад тэр авах ёстой юм бэ? 28 Эцэг өвгөдийнхөө тогтоосон эртний хил хязгаарыг бүү өөрчил. 29 Ажилдаа чадмаг хүнийг чи харсан уу? Тийм хүн хаадын өмнө зогсоно. Тэр нэр төргүй хүмүүсийн өмнө зогсохгүй.

23

1 Захирагчийн хамт зоог барихаар суухдаа өөрийнхөө өмнө юу байгааг сайтар ажигла. 2 Зооглох их хүслэн байгаа бол хоолойндоо хутга тулга. 3 Түүний амттаныг бүү хүс. Учир нь тэр хоол нь хуурмаг юм. 4 Баян болохын тулд нойр хоолгүй зүтгэх хэрэггүй. Энэ бодлоо орхи. 5 Нүд чинь эд хөрөнгөнд тусмагц тэр нь алга болно. Учир нь гэвээс эд хөрөнгөнд жигүүр ургадаг бөгөөд Тэр нь тэнгэрт нисэн дүүлэх бүргэд мэт ажгуу. 6 Харамч хүний талхнаас бүү ид, амттаныг нь бүү хүс. 7 Учир нь тэр дотроо боддогтойгоо адил юм. "Ид! Уу!" гэж тэр хүн хэлдэг боловч Зүрх сэтгэл нь чамаас хол байдаг юм. 8 Чи идсэн үмх хоолоо бөөлжиж гаргах болно. Найрсаг үгс чинь ч талаар өнгөрнө. 9 Мунхгийн чихэнд юм дуулгаад хэрэггүй. Учир нь тэрээр мэргэн үгсийг чинь огт хайхрахгүй. 10 Урьдын хил заагаа бүү өөрчил. Өнчин өрөөсөн хүний газарт халдаж үл болно. 11 Учир нь тэдний Золигч үлэмж хүчтэй. Тэрээр тэдний өмнөөс чамайг эсэргүүцнэ. 12 Зүрх сэтгэлээ сахилгад, чихээ мэдлэгийн үгэнд хандуул. 13 Хүүхдээсээ сахилга батыг холдуулж болохгүй. Чи түүнийг саваагаар жанчлаа гээд хүүхэд чинь үхчихгүй. 14 Чи хүүхэддээ савааны амт үзүүлж бай. Түүний сүнсийг Үхэгсдийн орноос авар. 15 Хүү минь, хэрэв зүрх чинь мэргэн байвал Миний зүрх ч гэсэн баяр жаргалтай байх болно. 16 Мөн уруул чинь зөв зүйлсийг ярихад, Би үнэхээр баярлах болно. 17 Чиний зүрх нүгэлтнүүдэд бүү атаархаг. Харин ЭЗЭНээс ямагт эмээж амьдар. 18 Ирээдүй гэж үнэхээр бий. Итгэл найдвар чинь ор тас мартагдахгүй билээ. 19 Хүү минь, сонсоод, мэргэн байгтун. Зүрхээ зөв зам дээр байлга. 20 Дарсыг хэт их уудаг, эсвэл махыг хэт их иддэг хүмүүсээс зай барь. 21 Учир нь дарсыг хэтрүүлж уугсад ба цадахаа эс мэдэгсэд нь үгүйрэн хоосрох бөгөөд Нойрмог байдал тэднийг ноорхой хувцастай хоцрооно. 22 Төрсөн эцгээ сонс. Эхийгээ өтлөхөд нь бүү үл тоомсорлоорой. 23 Үнэнийг худалдаж авсугай. Харин зарж үл болно. Тэрчлэн мэргэн ухаан, заавар болон оюун ухааныг олж ав. 24 Зөв шударга хүний эцэг үнэнхүү баярлана. Мэргэн хүүг олж авсан хүн түүндээ жаргана. 25 Эцэг, эх чинь жаргалыг эдлэх болтугай. Чамайг төрүүлсэн тэр эмэгтэй баяр хөөртэй байх болтугай. 26 Хүү минь, зүрх сэтгэлээ надад өг. Нүд чинь замыг минь ажиглаад баярлаг. 27 Учир нь садар самуун эм болбоос гүн цооног бөгөөд Завхай эм болбоос нарийн худаг аж. 28 Тэр дээрэмчин мэт хэн нэгнийг отож хүмүүсийн дундах итгэлгүй хүмүүсийг олшруулдаг. 29 Хэн золгүй вэ? Хэн зовиурлана вэ? Хэн хэрүүл хийнэ вэ? Хэн гомдоно вэ? Хэн шалтгаангүйгээр шарх сорви олов? Хэн улаан нүдлэв? 30 Тэд бол дарстай зууралдагсад ба холимог дарсыг амтлахаар одогсод юм. 31 Улаан байхад нь, Аяган дотор хөөсрөн шуугиж байхад нь, Доошоо зөөлөн урсаж байхад нь, Дарс уруу бүү хар. 32 Эцэст нь тэр хорт могой шиг хатгах болно. 33 Нүд чинь элдвийн юм үзэж, ухаан санаа чинь самуурна. 34 Чи тэнгисийн мандал дээр хэвтэж байгаа, эсвэл Усан онгоцны шургаагны үзүүр дээр нойрсож байгаа хүн шиг байх болно. 35 Тийнхүү чи "Тэд намайг зодож л байсан. Би бэртсэнгүй. Нүдээд л байсан. Би мэдээгүй. Би хэзээ сэрэх бол? Дахиад уух юмсан" гэж хэлнэ.

24

1 Хорон муу хүмүүст бүү атаарх. Тэдэнтэй хамт байхыг бүү хүс. 2 Учир нь тэд хүчирхийллийг сэддэг бөгөөд Тэдний уруул нь гай зовлонгийн үгсийг л ярина. 3 Гэр орон мэргэн ухаанаар сүндэрлэж, оюун ухаанаар тогтдог. 4 Мэдлэгийн хүчээр өрөөнүүд чинь эрхэм нандин баялгаар дүүрнэ. 5 Мэргэн хүн чадалтай. Ухаантай хүн хүчээ бататгана. 6 Мэргэн удирдамжийн дагуу чи дайт. Олон зөвлөгчийн дотор ялалт бий. 7 Мэргэн ухаан нь мунхагт дэндүү өндөр юм. Тэрээр хаалганы дэргэд амаа нээхгүй. 8 Хорон мууг хийхээр төлөвлөдөг нэгнийг хүмүүс хорлогч гэж дуудна. 9 Мунхаглалыг сэдэх нь нүгэл. Басамжлагч нэгэнд хүмүүс дургүйцдэг. 10 Хэрэв чи бэрх цагт сул дорой байваас хүч тэнхээ чинь сул аж. 11 Үхэлд баригдсан хүмүүсийг авар. Алагдах газрынхаа зүг гэлдрэх хүмүүсийг буцааж авчир. 12 "Бид энэ талаар мэдээгүй" гэж чи хэлж байгаа бол Зүрхийг Дэнслэгч үүнийг анхааралдаа авахгүй гэж үү? Сүнсийг чинь хамгаалагч энэ бүхнийг мэдэхгүй гэж үү? Мөн хийсэн үйлийнх нь хариуг Тэр хүмүүнд өгөхгүй гэж үү? 13 Зөгийн бал ид, учир нь тэр сайн юм. Сархинагийн бал тун амттай шүү. 14 Мэргэн ухаан нь сэтгэлд чинь үүнтэй адил гэдгийг мэд. Хэрэв түүнийг олох аваас чамд ирээдүй байгаа бөгөөд Итгэл найдвар чинь ор тас мартагдахгүй. 15 Хар санаатан чи, Зөв шударга хүний гэр орны эсрэг санаа өвөрлөөд бүү отож хэвт. Алжаалаа тайлдаг газрыг нь бүү сүйтгэ. 16 Учир нь зөв шударга хүн долоо бүдрэвч сэхнэ. Харин хар санаатай хүн гай тохиох цагт нэгмөсөн бүдэрнэ. 17 Чиний дайсан унахад баярлах хэрэггүй. Бүдрэхэд нь зүрх чинь бүү баярлаг. 18 Эс тэгвээс ЭЗЭН үүнийг хараад, таалахгүй тул, Дайснаас чинь уур хилэнгээ буцаан авч юу магад. 19 Хорон мууг үйлдэгсдээс болж сэтгэлдээ бүү тавгүйрх. Хар санаатанд бүү атаарх. 20 Учир нь хорон муу хүн ирээдүйгүй. Хар санаатны дэнлүү бөхнө. 21 Хүү минь, ЭЗЭНээс болон хаанаас эмээгтүн. Тэднийг эсэргүүцэгч нартай бүү нийл. 22 Учир нь тэдний гамшгууд гэнэт гарч ирнэ. Хэн хэнээс нь ирэх эвдрэл сүйрлийг хэн мэдэх билээ? 23 Эдгээр нь ч гэсэн мэргэн хүмүүсийн үгс юм. Шүүх дээр тал засах нь сайн зүйл биш. 24 Хар санаатай хүнд "Чинийх зөв шударга" гэж хэлэгчийг хүмүүс зүхэх бөгөөд Улс үндэстнээрээ түүнд зэвүүцнэ. 25 Харин хар санаатныг зэмлэгчдэд талархал байх болно. Тэдний дээр сайн ерөөл оршино. 26 Зөв хариулт өгсөн хүн уруул дээр үнсэж буй хэрэг. 27 Байшин барихаасаа өмнө гаднах ажлаа цэгцэлж, Хээр талд буй юмсаа бэлэн болго. 28 Шалтгаангүйгээр хөршийнхөө эсрэг гэрчилж болохгүй. Уруулаараа бүү мэхэл. 29 "Тэр надад яаж хандсан шиг би мөн түүнд тэгж хандана. Тэр шангаа хүртэнэ дээ" гэж бүү хэл. 30 Залхуугийн тариан талбай болон ухаангүй хүний усан үзмийн цэцэрлэгийн дэргэдүүр би өнгөрөв. 31 Тэгтэл бүх талбай нь хогийн ургамалд баригдсан, Халгайгаар дүүрсэн ба чулуун хашаа нь нурсан байлаа. 32 Би харуутаа л энэ дүр зургийг өөр дээрээ тусгаж үзээд, эндээс сургамж авав. 33 "Жаахан унтчихъя. Жаахан дуг хийчихье. Гараа жаахан амраая" гэсээр байтал 34 ядуурал чинь хулгайч мэт ирж, хүслэн чинь зэвсэглэсэн хүн мэт болох вий.

25

1 Эдгээр нь бас Соломоны сургаалт үгс юм. Энэхүү сургаалт үгсийг Иудагийн хаан Хезекиагийн хүмүүс нэгтгэн сийрүүлэв. 2 Хэрэг явдлыг нууцлах нь Бурханы суу алдар. Харин тэдгээрийг олж илрүүлэх нь хаадын суу алдар. 3 Тэнгэр нь өндөрт, газар нь нам дорд зориулагдсан мэт хаадын зүрх сэтгэл ойлгогдошгүй. 4 Мөнгийг хольцноос нь цэвэршүүл. Тэгвэл мөнгөний дархны урлах сав бэлэн болно. 5 Хааны өмнөөс хар санаатныг холдуулсугай. Тэгвээс хаан ширээ нь зөв шударгад тулгуурлан босно. 6 Хааны өмнө өөрийгөө бүү өргөмжил. Аугаа хүмүүсийн байранд бүү зогс. 7 Нүдэнд чинь үзэгдэж буй ноёдын өмнө чи дорд орсноос, "Дээшээ морилогтун" гэж хэлэгдсэн нь дээр биз ээ. 8 Хэн нэгнийг шүүн хэлэлцэхээр бүү яар. Хэрэв тэгвэл хөрш чинь чамайг эвгүй байдалд оруулбал чи яах юм бэ? 9 Өөрийн хэргээ хөрштэйгөө л шийд. Бусдын нууцыг бүү задруул. 10 Эс тэгвэл үүнийг сонссон хүн чамайг буруутгах вий. Чиний тухай хорон муу мэдээ хааяагүй тарна шүү. 11 Цагаа олсон зөв үг болбоос мөнгөн хээ угалзны дунд шигтгэсэн алтан алим мэт буюу. 12 Мэргэн зэмлэгчийн үгс болбоос Чих тавин сонсогч нэгэнд шижир алтан гоёл ба алтан ээмэг мэт буюу. 13 Итгэлт элч болбоос өөрийг нь явуулагсдад ургацын үеэрх хурын сэрүү таталт мэт байдаг. Тэрээр эздийнхээ сэтгэлийг тэнхрүүлнэ. 14 Үл өгдөг атлаа бэлгүүдээрээ сайрхагч болбоос хургүй үүл ба салхи мэт буюу. 15 Захирагч хүнийг тэвчээрээр ятгаж болно. Уян хатан хэл ясыг ч хугалж чадна. 16 Чи зөгийн бал олсон уу? Хэтрүүлээд бөөлжихгүйн тулд хэрэгцээний хэрээр л түүнийг ид. 17 Хөршийнхөө гэрт цөөхөн оч. Эс тэгвэл гэрийн эзэн чамаас залхаж, чамайг үзэн ядах болно. 18 Хөршийнхөө эсрэг худал мэдүүлэг өгдөг хүн болбоос Илд, хурц үзүүртэй сум, шийдэм мэт буюу. 19 Хэцүү цагт итгэлгүй хүнд найдах нь янгинах шүд, доголон хөл мэт буюу. 20 Зовж шаналсан зүрхэнд дуу дуулдаг хүн болбоос шархан дээр давс үйрүүлэх мэт, эсвэл хүйтэн өдөр хувцсаа тайлаад явах хүн мэт буюу. 21 Хэрэв дайсан чинь өлссөн бол түүнд идэх хоол өг. Цангасан бол уух юм өг. 22 Учир нь ингэснээр чи түүний толгой дээр шатаж буй нүүрс овоолж байна гэсэн үг бөгөөд ЭЗЭН чамайг шагнана. 23 Умраас үлээх салхи хур бороо авчирдаг. Хов живтэй хэл ууртай царайг авчирна. 24 Хэрүүлч эхнэрийн хамт байшинг хуваалцан сууснаас дээврийн буланд амьдарсан нь хавьгүй дээр. 25 Ядарч туйлдсан сэтгэлд хүйтэн ус ямар байдаг шиг алс холын газраас ирэх сайн мэдээ тийм байна. 26 Шударга зөв хүн хар санаатны өмнө нүгэлд унах нь бохирдсон худаг бөгөөд Булингартсан булаг мэт буюу. 27 Зөгийн балыг хэтрүүлж идэх нь сайн зүйл биш. Алдар нэрийнхээ хойноос хөөцөлдөх нь ч алдар биш ээ. 28 Өөрийнхөө сүнсийг захирдаггүй хүн бол Эргэн тойрондоо хэрэм босгоогүй, нурсан хот мэт буюу.

26

1 Зун цас орох ба ургац хураах үеэр бороо орохын адил Мунхаг хүнд хүндэтгэл үзүүлэх нь үл зохино. 2 Далавчаа дэвэх бор шувуу болон нисэн одох хараацайтай адил шалтгаангүй хараал намждаггүй. 3 Ташуур моринд, хазаар илжгэнд зориулагддаг бол Саваа нь мунхгуудын нуруунд зориулагджээ. 4 Мунхагт мунхгаар нь бүү хариул. Эс тэгвэл чи түүнтэй адил болно. 5 Мунхаг хүн өөрийгөө цэцэн мэргэнд тооцохгүй байхын тулд түүнд мунхгаар нь хариултыг өг. 6 Мунхгийн гараар зурвас хүргүүлэгч нь хөлөө тайрч, хүчирхийллийг ууж буй хэрэг. 7 Мунхгийн аман дахь сургаалт үгс нь суунги хүний хэрэгцээгүй хөлтэй адил болой. 8 Мунхаг хүнийг өргөмжлөгч нь дүүгүүрт чулуу хийж буйтай адил болой. 9 Мунхгийн аман дахь сургаалт үгс нь согтуугийн гарт шаасан өргөстэй адил болой. 10 Мунхгийг болон өнгөрөн явагсдыг дуудаж хөлсөлдөг хүн бол Хүн бүрийг шархдуулдаг харваачтай адил юм. 11 Нохой бөөлжсөө долоодогчлон мунхаг хүн мунхаглалаа давтана. 12 Өөрөө өөрийнхөө нүдэнд мэргэн байдаг хүнийг чи үзсэн үү? Мунхаг хүнд тийм нэгнээс ч илүү засрах найдлага бий. 13 Залхуу хүн "Замд арслан байна. Задгай талбайд догшин арслан байна" гэдэг. 14 Хаалга нугасаараа нээгдэж хаагддаг шиг Залхуу хүн орон дээрээ эргэж хөрвөөнө. 15 Залхуу хүн аяганд гараа хүргээд, Эргүүлээд амандаа хүргэх гэж цөхөрнө. 16 Мунхаг нь өөрийгөө ухаалаг хариу өгч чадах долоон хүнээс ч илүү мэргэн хэмээдэг. 17 Өөрт нь хамаагүй хэрүүл маргаанд хөндлөнгөөс оролцогч болбоос Нохойг чихнээс нь зуурч авагчтай адил буюу. 18 Галтай мод болон үхлийн нумыг шидэгч галзуу хүн байдаг. 19 Хөршийгөө мэхэлчихээд, "Би тоглосон юм" гэх хүн тийм нэгэнтэй адил буюу. 20 Түлээ дутагдвал гал унтарна. Хов жив зөөгч байхгүй бол хэрүүл маргаан намжина. 21 Модны нүүрс улайссан цогийг бий болгож, Түлээ нь галыг өрдөхийн адил хэрүүлч хүн эвдрэлцлийг өдөөнө. 22 Хов зөөгчийн үгс тансаг идээ будаа мэт байх бөгөөд ходоодны мухарт ч хүрнэ. 23 Дүрэлзэх уруул ба хорон зүрх болбоос Мөнгөний хольцоор өнгөлсөн шавар сав суулга мэт буюу. 24 Үзэн яддаг хүн түүнийгээ уруулаараа нуудаг ч заль мэхээ зүрхэндээ хадгалдаг. 25 Тэр хүн нигүүлсэнгүй ярьсан ч түүнд бүү итгэ. Учир нь зүрхэнд нь долоон жигшүүрт зүйл байдаг. 26 Хэдийгээр түүний үзэн ядалт нь баганы цаана халхлагддаг ч Түүний хар санаа нь цугларагсдын өмнө илчлэгдэнэ. 27 Нүхийг ухагч хүн өөрөө түүн уруугаа унана. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр унана. 28 Худалч хэл хуурагдагсдыг үзэн яддаг. Бялдууч ам сүйрлийг авчирдаг.

27

1 Маргаашаар бүү сайрх. Учир нь маргааш юу болохыг чи үл мэднэ. 2 Өөрийн чинь ам бус харин өөр хүн, уруул чинь бус харин гадны хүн чамайг магтаг. 3 Хад чулуу хүнд ба элс ч жин татна. Харин мунхгийн өдөөн хатгалга эдгээр хоёроос ч хүнд аж. 4 Хилэн бол хэрцгий, уур бол өршөөлгүй. Харин хэн атаархлыг тэсвэрлэн зогсож чадах вэ? 5 Далдлагдсан хайраас ил зэмлэл нь хавьгүй дээр. 6 Анд нөхрийн чинь учруулах шарх итгэмжтэй, Харин дайсны чинь үнсэлт заль мэхтэй юм. 7 Цатгалан хүн зөгийн балыг ч хүсдэггүй. Харин өлссөн хүнд гашуун юм ч амттай санагддаг. 8 Гэр орноосоо холдогч хүн болбоос үүрээ орхисон жигүүртэн мэт буюу. 9 Анхилуун үнэрт тос ба сүрчиг нь зүрхийг баясгадаг бол Хүний зөвлөгөө анд нөхөрт нь амтат бурам мэт буюу. 10 Өөрийн анд нөхрийг болон эцгийнхээ анд нөхрийг бүү орхи. Гай гамшиг чамд тохиолдоход ах дүүгийнхээ гэрийг бүү зорь. Хол суугаа ахаас чинь ойр буй хөрш чинь дээр. 11 Хүү минь, мэргэн байж, зүрхийг минь баярлуул. Энэ нь намайг муулагчид хариу барьж чадахын тулд юм. 12 Хэрсүү хүн хорон мууг хараад түүнээс зайлж чаддаг бол Гэнэн хүн нь угтан явсаар байгаад шангаа хүртдэг. 13 Гадны хүнийг батлан даагчийн дээлийг тайлж ав. Завхай эмэгтэйн өмнөөс өр төлөөсийг нь гаргуулж ав. 14 Өглөө эртлэн чанга дуугаар анд нөхрөө ерөөдөг хүн Түүнд хараал хэлж байгаатай адил тооцогдоно. 15 Гэмэргэн эм болбоос бороошсон өдөр ус тасралтгүй дуслахтай адил буюу. 16 Тийм эмэгтэйг номхтгох нь салхийг зогсоох болон гараараа тосыг атгаж авахтай адил буюу. 17 Төмөр төмрийг ирлэдэг. Тийнхүү хүн хүнээ хурцалдаг. 18 Инжрийн модыг арчлагч үр жимсийг нь идэх болно. Эзэндээ санаа тавигч нь хүндлэгдэнэ. 19 Усны мандалд хүн царайгаа харахын адил хүмүүний зүрх түүний дүр төрхийг харуулна. 20 Үхэгсдийн орон ба Сүйрэл хэзээ ч цаддаггүй шиг хүмүүний нүд хэзээ ч ханахгүй. 21 Мөнгө ба алтыг галын дөлөөр цэвэршүүлдэг бол хүмүүнийг өөрт нь нийцсэн магтаалаар шалгана. 22 Үр тариатай хамт мунхгийг ууранд хийгээд нүдүүрээр нүдсэн ч мунхаг нь үл арилна. 23 Мал сүргийнхээ байдлыг сайн мэд. Хонин сүрэгтээ анхаарал сайн тавь. 24 Учир нь эд баялаг мөнх биш. Хааны титэм ч үе дамжихгүй. 25 Өвс байхгүй болоход, шинэ ногоо цухуйж, уулан дээрх өвс цуглуулагдаж, 26 Хурганы арьс чинь хувцас болж, ямаанууд чинь чамд газрын өртгийг өгнө. 27 Чамайг болон гэр бүлийг чинь хооллохоор бас зарц охидыг чинь тэжээхээр чамд ямааны сүү элбэг дэлбэг байх болно.

28

1 Хэн ч мөрдөж мөшгөөгүй байхад хар санаатан зугтдаг бол Зөв шударга хүн арслан мэт зоригтой. 2 Хууль захирамжийг биелүүлэхээс татгалздаг улс орон олон захирагчидтай байдаг. Харин ухаалаг агаад мэдлэгтэй хүний хүчинд улс орон удаан тогтоно. 3 Эгэл дорд хүмүүсийг зовоодог ядуу хүн хоол хүнс үлдээлгүй тариаланг усанд автуулах аадар бороотой адил ажээ. 4 Хуулийг орхигдуулдаг хүмүүс хар санаатныг магтдаг. Харин хуулийг сахигсад хар санаатныг эсэргүүцдэг. 5 Хар санаатнууд шударга ёсыг ойлгохгүй. Харин ЭЗЭНийг хайгч нар бүх юмыг ойлгодог. 6 Замаас гажсан баян байснаас үнэнч шударга дотор алхагч ядуу байсан нь дээр. 7 Хуулийг сахигч нь хэрсүү хүү мөн. Харин ховдог хүмүүстэй нөхөрлөгч нь өөрийнхөө эцгийг гутаадаг. 8 Мөнгө хүүлэх замаар өмч хөрөнгөө арвижуулагч нь Ядуусыг нигүүлсдэг нэгний төлөө үүнийг хурааж буй хэрэг. 9 Хуулийг үл сонсдог хүний залбирал нь ч хүртэл жигшүүртэй. 10 Цэх шулуун явагсдыг хорон муу замд хөтлөгч этгээд нь өөрийнхөө ухсан нүхэнд өөрөө унана. Харин гэм зэмгүй хүн сайныг өвлөнө. 11 Баян хүн өөрийгөө мэргэнд тооцдог бол ухаантай ядуу хүн түүнийг шалгадаг. 12 Шударга зөв хүмүүс ялахад, аугаа алдар суу байна. Харин хар санаатнууд гарч ирэх цагт хүмүүс нуугдана. 13 Гэм нүглээ нуун далдлагч хэзээ ч амжилтад хүрэхгүй. Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг мартдаг хүн хайр энэрлийг хүртэнэ. 14 ЭЗЭНээс ямагт эмээдэг хүнд ерөөл оршино. Харин зүрхээ хатууруулдаг хүн гай гамшигт орооцолдоно. 15 Хорон санаатай захирагч ядууст хандахдаа архирах арслан ба дайрах баавгай мэт юм. 16 Хавчин дарладаг захирагч ухаанаар дутмаг байдаг. Харин шударга бусаар олсныг үзэн яддаг хүний өдөр хоног уртсана. 17 Хүний цусыг урсгасан хэрэгт буруутгагдсан хүн үхэн үхтэлээ оргодол босуул байна. Тийм хүнийг бүү дэмж. 18 Гэм зэмгүй алхдаг хүн аврагдах болно. Харин замаасаа гажсан хүн нэгмөсөн унана. 19 Өөрийнхөө газрыг хагалагч хүн талх тариагаар арвин байх болно. Харин хоосон мөрөөдлүүдийг мөшгөгч хүн ядуурлаар арвин байх болно. 20 Итгэлтэй хүн ерөөлөөр бялхах болно. Харин баяжих гэж яарч тэвддэг хүнд заавал шийтгэл ирнэ. 21 Тал засах нь сайн зүйл биш. Учир нь хүн зүсэм талхны төлөө нүгэл үйлддэг. 22 Хорон муу нүдтэй хүн эд баялгийн араас яаравчилдаг боловч Ядуурал гадаа нь ирчихээд буйг үл анзаардаг. 23 Хэлээрээ зусарддаг хүнээс зэмлэгч хүн илүү их магтаалыг эцэст нь хүртдэг. 24 Эцэг эхээ цөлөмчихөөд, "Энэ бол нүгэл биш" хэмээн хэлэгч болбоос Сүйтгэгч хүний хамсаатан юм. 25 Омог бардам хүн эвдрэлцлийг өдөөдөг. Харин ЭЗЭНд итгэгч хүн хөгжин дэвших болно. 26 Өөрийн зүрхэндээ итгэдэг хүн мунхаг. Харин мэргэн хүн аюулаас зайлдаг. 27 Ядууст өгдөг хүн хэзээ ч, юугаар ч дутагдахгүй. Харин ядуу хүнээс нүдээ буруулагч хүн зүхэгдэнэ. 28 Хар санаатай хүмүүс гарч ирэх цагт хүмүүс нуугдана. Харин тэднийг унах цагт шударга зөв хүмүүс олширно.

29

1 Олон зэмлүүлэвч хүзүү нь хөшсөн хэвээр байгч хүн Нэг л өдөр эдгэшгүйгээр ойчих болно. 2 Зөв шударга хүн дэвжих тусам ард түмэн баяр жаргалтай байдаг. Харин хар санаатай хүн удирдваас ард олон халаглана. 3 Мэргэн ухаанд дуртай хүн эцгээ баярлуулдаг. Харин садар эмстэй нөхцөгч эд хөрөнгөө барж дуусна. 4 Шударга ёсоор дамжуулан хаан улс орныг тогтворжуулдаг. Харин хээл хахууль авдаг хүн улс орноо нураадаг. 5 Хөршдөө бялдуучилдаг хүн өөрийгөө урхидаж буй хэрэг. 6 Хорон муу хүн нүгэл хилэнцдээ урхидуулдаг. Харин зөв шударга хүн дуулж баясдаг. 7 Зөв шударга хүн ядуусын эрхийн төлөө санаа тавьдаг бол Хар санаатай хүн үүнийг үл ойлгоно. 8 Жигшигчид хотод үймээн самуун дэгдээдэг. Харин мэргэн хүмүүс уур хилэнг зайлуулна. 9 Мэргэн хүн мунхагтай маргаж байхад Мунхаг нь хилэгнэдэг, эсвэл элэглэдэг бөгөөд зогсохгүй. 10 Цус урсгагч нар гэмгүй хүнийг үзэн яддаг бол Цэх шулуун хүмүүс түүний аминд санаа тавина. 11 Мунхаг хүн уур уцаараа барьж үл чадна. Харин мэргэн хүн уурыг барьдаг. 12 Удирдагч хүн худал хуурмагт анхаарлаа хандуулбаас Бүх шадар үйлчлэгчид нь хар санаатнууд болж хувирна. 13 Ядуу хүн ба дарлагч хоёрын нийтлэг зүйл гэвэл ЭЗЭН тэд хоёрын хоёулангийнх нь нүдэнд гэрэл тусгадаг. 14 Хэрэв хаан ядуусыг шударгаар шүүх аваас хаан ширээ нь мөнхөд тогтоно. 15 Саваа, зэмлэл хоёулаа мэргэн ухааныг өгнө. Харин дур зоргоороо аашлагч хүүхэд эхийгээ ичгүүрт оруулна. 16 Хар санаатай хүмүүс олшрох тусам гэм нүгэл ихэснэ. Харин зөв шударга хүн тэдний сүйрлийг үзнэ. 17 Хүүгээ сахилгажуул. Тэгвээс хүү чинь чамд тайвшралыг өгөх агаад Сэтгэлийг чинь баярлуулах болно. 18 Алсын хараа байхгүй бол ард түмэн дэг журамгүй байна. Харин хуулийг сахигч нь жаргалтай билээ. 19 Зарцыг зөвхөн үгээрээ зааварлаж болохгүй. Учир нь тэрээр ойлгосон ч хариу үйлдэл хийхгүй. 20 Хэлэх үгэндээ яаруу нэгнийг чи хардаг биз ээ? Мунхаг нэгэнд тийм хүнээс ч илүү засрах найдвар бий. 21 Хэрэв хүн зарцаа багаас нь эрхлүүлэх юм бол Эцэст нь тэр түүний хүү болчих вий. 22 Ууртай хүн эвдрэлцлийг өдөөнө. Түргэн зантай хүн гэм нүгэлд автана. 23 Бардам зан нь хүнийг дорд болгоно. Харин даруу сүнс хүндэтгэл хүлээдэг. 24 Хулгайчтай хамсагч болбоос амиа үзэн ядаж байгаа хэрэг юм. Тэр хараал зүхлийг сонсдог ч мэдүүлэг эс өгнө. 25 Хүний айдас болбоос занга юм. Харин ЭЗЭНд итгэдэг хүн өргөмжлөгдөнө. 26 Олон хүн удирдагчийн ивээлд багтахыг зорьдог. Харин хүмүүнд хэрэгтэй зөв шударга ёс ЭЗЭНээс ирдэг. 27 Шударга бус хүн зөв шударга хүнд жигшигдэнэ. Мөн шулуун шударгаар алхдаг хүн ч хар санаатанд жигшигддэг.

30

1 Иакены хөвгүүн Агурын айлдсан үгс буюу эш үзүүллэг. Тэрээр эдгээрийг Итиел ба Укалд уламжилжээ. 2 Хүмүүнээс хамгийн мунхаг нь гэвэл би л байж таарна. Хүний ухаан надад байхгүй. 3 Би мэргэн ухаанд ч суралцсангүй. Ариун Нэгэний тухай мэдлэг ч надад алга. 4 Хэн тэнгэр өөд одоод бууж ирэв ээ? Хэн салхийг гартаа атгаж байв аа? Хэн усыг дээлдээ ороож чадав аа? Хэн дэлхийн хамаг хязгаарыг бүтээв ээ? Түүний нэр болон Хүүгийнх нь нэр хэн бэ? Та л үнэхээр мэднэ! 5 Бурханы үг бүр соригдсон. Тэрээр Өөрийнх нь дотор хоргодогсдод бамбай юм. 6 Түүний үгэн дээр бүү нэм. Тэгвээс Тэр чамайг буруутгаж, чи худалч болох вий. 7 Хоёр зүйлийг би Танаас гуйж байна. Намайг амьд сэрүүн байх зуур надад бүү татгалзаарай. 8 Заль мэх болон худлыг надаас хол байлгаач. Намайг хоосон ядуу ч бус, баян тарган ч бус байлгаач. Надад оногдох хувь болох хүнсийг өгч хайрлаач. 9 Учир нь би оногдох ёстойгоосоо илүүг хүртэж, "ЭЗЭН гэж хэн юм бэ?" гээд, Танаас няцаж буцахгүй байхын тулд, Эсвэл ядууран, хулгай хийж, Бурханыхаа нэрийг бузарлахгүй байхын тулд билээ. 10 Эзнийх нь нүүрэн дээр зарцыг нь бүү гүтгэ. Тэгвээс эзэн нь чамайг хараан зүхэж, чи буруутан болох вий. 11 Эцгийгээ зүхэж, эхийгээ үл ерөөдөг хүмүүс байдаг. 12 Өөрийнхөө нүдэнд цэвэр хэмээдэг атлаа Хир буртгаасаа цэвэрлэгдээгүй хүмүүс ч бас бий. 13 Басамжилсан нүдтэй ба дээгүүр харцтай ч нэгэн бий. 14 Газар дээрээс зовж шаналагсдыг, Хүмүүсийн дундаас ядуусыг залгихаар шүд нь илд шиг агаад Эрүүнүүдэд нь хутга шиг шүдтэй хүн ч бий. 15 Шуналын тулам хоёр охинтой бөгөөд Тэд байнга л "Өг, Өг" гэцгээдэг. Ханаж цаддаггүй гурван зүйл "Одоо боллоо" гэж хэлдэггүй дөрөв дэх зүйл бий. 16 Эдгээр нь Үхэгсдийн орон, Үр хүүхэдгүй хэвлий, Ус ууж ханадаггүй газар хийгээд "Одоо болсон" хэмээн хэлдэггүй гал зэрэг юм. 17 Эцгийгээ басамжилж, Эхдээ зэвүүцэгчийн нүдийг хон хэрээ тоншиж, тас шувуу иднэ. 18 Миний хувьд ухааршгүй гайхамшигтай гурван зүйл байна. Дөрөв дэхийг нь бүр ч ойлгохгүй юм. 19 Эдгээр нь Тэнгэрт халин нисэх бүргэдийн зам, Хадан дээгүүр мурилзах могойн зам, Тэнгисийн дунд хөвөх хөлөг онгоцны зам, Бүсгүй хүнтэй ханилсан эрийн хувь тавилан болой. 20 Садар самуун эмийн зам нь гэвээс тэр идэж, Амаа арчаад "Би ямар ч буруугүй" гэдэг. 21 Гурван зүйлийн доор дэлхий чичирч, Дөрөв дэхийг нь даадаггүй. 22 Эдгээр нь Хаан ширээнд заларсан зарц, Хоолоор хангалуун мунхаг, 23 Хайр сэтгэлгүйгээр нөхөрт гарсан ба Эзэгтэйнхээ оронд эзэгтэй болох шивэгчин зэрэг ажгуу. 24 Дэлхий дээр өчүүхэн атлаа үнэнхүү мэргэн дөрвөн зүйл бий. 25 Шоргоолж бол том амьтан биш ч гэсэн зуны турш хоол хүнсээ базаана. 26 Дорго бол хүчтэй амьтан биш ч гэсэн хад чулуун дотор үүрээ засна. 27 Царцаанд хаан байхгүй ч тэд бүгд дэг журамтай. 28 Гүрвэлийг гараараа барьж чадах ч тэр нь хааны ордонд байх ажээ. 29 Алхах гишгэхдээ сүрлэг гурав буюу бүр дөрөв бий. 30 Хэний ч өмнөөс ухардаггүй араатны дунд хүчирхэг арслан, 31 Азарган тахиа, ухна ба дайчин баатруудтайгаа хамт буй хаан болой. 32 Өөрийгөө өргөмжилж мунхаг зан гаргасан, эсвэл хорон мууг сэдсэн бол гараа аман дээрээ тавь. 33 Сүүнээс цөцгий, дараа нь цөцгийн тос ялгардаг. Хамар дундуур дэлсвээс цус гоожно. Түүнчлэн уурандаа автах явдал эвдрэлцлийг бий болгодог.

31

1 Хаан Лемуелийн үгс буюу эх нь түүнд айлдсан сургаал. 2 Хүү минь, хэвлийн үр минь, миний амлалтын хүү, 3 Эмэгтэй хүний төлөө хүчээ барж үл болно. Хаадыг сүйтгэгч нарт хүсэл зоригоо эзэмдүүлж үл болно. 4 Лемуел минь, хаан хүн дарс уух нь зохисгүй зүйл мөн. Удирдагч хүн сархдыг хүсэн тэмүүлэх нь зохисгүй. 5 Учир нь тэд ууж согтууран тогтоолыг умартаж, Зовж зүдэрсэн олны эрх ашгийг уландаа гишгэх вий. 6 Ядарч туйлдсан хүмүүст сархдыг барь. Гашуун амьдралтай хүмүүст дарсыг барь. 7 Тэр ууж, ядуу зүдүү байдлаа мартан, Зовлон зүдгүүрээ дахиж бүү санаг. 8 Хэлгүй хүмүүс болон золгүй бүх хүмүүсийн төлөө амаа нээ. 9 Амаа нээж, зөв шударгаар шүүж, Ядуус ба гай зовлонд унагсдын эрхийг хамгаал. 10 Хэн арван хуруу тэгш эхнэр олж чадах вэ? Тийм эхнэр эрдэнэсээс ч үнэтэй. 11 Нөхөр нь түүнд бүрэн итгэх бөгөөд юугаар ч үл дутна. 12 Тэр бүх л амьдралынхаа турш нөхөртөө мууг бус, зөвхөн сайныг л үйлддэг. 13 Ноос ба маалинган даавууг тэр сонгон авч, гараа хумхилгүй ажилладаг. 14 Худалдаачны хөлөг онгоцнууд мэт тэр хоол хүнсээ хол газраас зөөдөг. 15 Тэр үүр цайхаас өмнө босож, гэр бүлдээ унд цайг бэлтгэж, Шивэгчин бүсгүйчүүлдээ хийх ёстойг нь хуваарилдаг. 16 Тэр газрыг үзээд, худалдан авч, Орлогоороо усан үзмийн мод тариалдаг. 17 Тэр ажилдаа хичээнгүй, шаламгай бөгөөд Түүний гар улам хүчтэй болно. 18 Ажил үйлс нь бүтэмжтэй байгаад тэр урамшина. Дэнлүү нь шөнөжингөө асдаг. 19 Гартаа ээрүүл барьж, хуруугаараа шаламгай ажиллана. 20 Ядуу хүнд гараа сунгадаг. Гачигдаж дутагдсан хүмүүст тусалдаг. 21 Цас хаялахад гэр бүлийнхээ төлөө санаа зовох зүйлгүй байдаг. Учир нь гэрийнхэн нь дулаан хувцсаар хангагдсан билээ. 22 Тэр орондоо бүтээлэг урлаж, Ёрог даавуун ба нил ягаан өнгөтэй хувцас өмссөн байдаг. 23 Нөхөр нь хотын дааман хаалган дээр нутгийн ахлагч нарын дунд сууж байхдаа хүндлэгддэг. 24 Тэр ёрог даавуун дээл хийж, худалддаг бөгөөд Бөс даавууг худалдаачдад нийлүүлдэг. 25 Тэр хүч чадал ба хүндэтгэлээр хувцасласан бөгөөд Инээмсэглэлээр ирээдүйгээ угтана. 26 Тэр мэргэн үгээр ярьж, энэрлийг сургадаг. 27 Тэр гэр орондоо санаа тавих бөгөөд залхуурахыг үл мэднэ. 28 Үр хүүхдүүд нь өсөж өндийгөөд, түүнийг ерөөнө. Эр нөхөр нь ч гэсэн түүнийг магтан 29 "Олон эмэгтэйчүүд сайн үйл хийдэг ч чи тэднээс илүү билээ" хэмээнэ. 30 Дур булаам байдал хуурамч бөгөөд гоо үзэсгэлэн ч хоосон. Харин ЭЗЭНээс эмээгч эмэгтэй л магтаал авах учиртай. 31 Ажил үйлсийнх нь үр жимсийг түүнд өг. Ажил үйлс нь дааман хаалган дээр түүнд хүндэтгэлийг авчрах болтугай.