ИЛЧЛЭЛТ

1

1 Удахгүй болох ёстой юмсыг Өөрийн боолууддаа үзүүлэхийн тулд Бурханы Түүнд өгсөн Есүс Христийн илчлэлт. Тэр тэнгэр элчээ илгээж Өөрийн боол Иоханд үүнийг мэдүүлжээ. 2 Иохан нь Бурханы үг болон Есүс Христийн гэрчлэлийг төдийгүй өөрийн үзсэн бүхнээ гэрчилсэн болой. 3 Энэхүү эш үзүүллэгийн үгсийг уншигч болон сонсоод, үүнд бичигдсэн зүйлсийг сахигчид нь ерөөлтэй еэ! Учир нь цаг ойрхон байна. 4 Иоханаас Ази дахь долоон чуулганд: Байгаа болон байсан, мөн хожим ирэх Түүнээс болон Түүний сэнтийний өмнө байх долоон сүнснээс, 5 мөн итгэмжит гэрч ба үхэгсдээс анх төрсөн бөгөөд газрын хаадын захирагч Есүс Христээс нигүүлсэл ба амар тайван нь та нарт байх болтугай. Биднийг хайрладаг бөгөөд Өөрийнхөө цусаар биднийг нүглээс минь чөлөөлж, 6 биднийг хаанчлал болоод Бурхан ба Өөрийн Эцэгийн төлөөх тахилч нар болгосон Түүнд үеэс үед алдар хийгээд ноёрхол нь байх болтугай. Амен. 7 Харагтун, Тэр үүлсийн хамт ирэх бөгөөд нүд бүр Түүнийг харна. Тэр байтугай Түүнийг жадалсан хүмүүс ч харна. Дэлхийн бүх овгууд Түүнээс болж гашуудах болно. Тийм ээ, Амен. — 8 Би бол байгаа болон байсан, мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега гэж Эзэн Бурхан айлдаж байна. 9 Есүс доторх гай зовлон, хаанчлал, тэвчээрийг хамтран хуваалцагч ба ах дүү чинь болох Иохан би Бурханы үг болон Есүсийн гэрчлэлээс болж Патм хэмээх арал дээр байв. 10 Эзэний өдөр би Сүнс дотор байсан бөгөөд ард маань бүрээн дуу мэт чанга дуу гарах нь сонсогдож, — 11 Чи юу харснаа хуйлмал номд бичиж Ефес, Смирна, Пергам, Туатейр, Сардей, Филаделфи, Лаодикт буй долоон чуулгануудад илгээ гэв. 12 Надтай ярьж байсан дууг үзэхээр би эргэн хартал долоон алтан дэнлүүний суурийг харлаа. 13 Дэнлүүний сууриудын дунд, хөлдөө хүрсэн урт дээл өмссөн, цээжээрээ алтан бүс бүсэлсэн Хүний Хүү шиг Нэгэн байлаа. 14 Түүний толгой, үс нь цагаан ноос мэт, цас мэт цав цагаан бөгөөд нүд нь галын дөл мэт, 15 хөл нь зууханд улайсгаад өнгөлсөн хүрэл мэт, дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. 16 Тэр баруун мутартаа долоон од барьжээ. Түүний амнаас хоёр талдаа хурц иртэй илд цухуйх бөгөөд нүүр нь өөрийн хүчээр гэрэлтэх нар мэт байлаа. 17 Би Түүнийг хармагцаа үхсэн хүн шиг хөлд нь уналаа. Тэр баруун мутраа над дээр тавьж —Бүү ай. Би бол эхэн ба эцэс бөгөөд 18 амьд Нэгэн мөн. Би үхсэн байсан. Харагтун, Би үеийн үед амьд байна. Надад үхэл ба Үхэгсдийн орны түлхүүр бий. 19 Тиймээс чи юу харснаа, юу байгааг болон эдгээрийн дараа юу тохиолдохыг бичигтүн. 20 Чиний харсан Миний баруун мутарт буй долоон од болоод долоон алтан дэнлүүний суурийн нууцын тухайд, долоон од нь долоон чуулганы тэнгэр элч нар бөгөөд долоон дэнлүүний суурь нь долоон чуулган юм.

2

1 Ефес дэх чуулганы тэнгэр элчид бичигтүн. "Баруун мутартаа долоон одыг баригч Нэгэн, долоон алтан дэнлүүний суурийн дунд алхагч Нэгэн үүнийг айлдаж байна. 2 "Би чиний ажил үйлс, нөр хөдөлмөр, тэвчээрийг чинь болон муу хүмүүсийг тэсвэрлэж чадаагүйг болон өөрсдийгөө элч нар хэмээдэг атлаа, чухамдаа элч биш хүмүүсийг шалгаж, хуурамч хүмүүс байсныг нь илчилснийг чинь мэднэ. 3 Чи тэвчээртэй байж, Миний нэрийн төлөө хүлцэн тэвчиж, цуцаагүй. 4 Харин Надад чиний эсрэг зүйл байна. Юу гэвэл чи анхны хайраа орхижээ. 5 Тиймээс чи хаанаас унаснаа санаж гэмш. Чи анх хийж байсан үйлсээ үйлд. Хэрэв чи гэмшихгүй бол, Би чам уруу очиж, дэнлүүний чинь суурийг байрнаас нь зайлуулах болно. 6 Гэвч чамд сайн юм бий. Юу гэвэл Миний үзэн яддаг николайчуудын үйлсийг чи ч мөн үзэн яддаг. 7 Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун. Бурханы диваажинд буй амийн модноос идэхийг Би ялагч нэгэнд соёрхоно»". 8 Смирна дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн. "Үхсэн бөгөөд амилсан эхэн ба эцэс үүнийг айлдаж байна. 9 «Би чиний зовлон шаналал, ядуу байдлыг (гэвч чи баян) болон өөрсдийгөө иудейчүүд хэмээгчдээр доромжлогддогийг чинь мэднэ. Харин тэд иудейчүүд биш бөгөөд Сатаны синагог юм. 10 Эдлэх гэж буй зовлонгоосоо бүү ай. Үзэгтүн, диавол та нарыг сорихын тулд та нараас заримыг чинь шоронд хаях гэж байна. Та нарт арван өдөр гай зовлон учрах болно. Үхэл хүртэл итгэмжтэй бай. Тэгээд Би чамд амийн титмийг өгнө. 11 Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун. Ялагч нь хоёр дахь үхлээр хохирохгүй»". 12 Пергам дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн. "Хоёр талдаа хурц ирт илдтэй Нэгэн үүнийг айлдаж байна. 13 «Би чиний хаана нутагладгийг болон тэнд чинь Сатаны сэнтий байдгийг мэднэ. Чи Миний нэрийг бат сахьдаг бөгөөд Миний итгэлийг үгүйсгээгүй, бүр Сатаны нутагладаг газарт, та нарын дунд алагдсан Миний гэрч, Миний итгэлт нэгэн болох Антипын өдрүүдийн үед ч үгүйсгээгүй билээ. 14 Харин чиний эсрэг хэдэн зүйл Надад байна. Яагаад гэвэл чиний тэнд Балаамын сургаалыг сахигчид байдаг. Балаам нь Израилийн хөвгүүдийн өмнө бүдрүүлэх саад тавиулах гэж, шүтээнүүдэд тахисан юмсыг идүүлж, садар самууныг үйлдүүлэх гэж Балакийг сургасаар байсан. 15 Тэрчлэн үүний адилаар николайчуудын сургаалыг сахигчид ч чамд бий. 16 Тиймээс гэмшигтүн. Эс бөгөөс Би чам уруу даруй очиж, амныхаа илдээр тэдэнтэй тулалдах болно. 17 Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун. Ялагчид Би нууцалсан маннагаас өгнө. Би түүнд цагаан чулуу болон түүнийг хүлээн авагчаас өөр хэн ч мэдэхгүй чулуун дээр бичигдсэн шинэ нэр өгнө»". 18 Туатейр дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн. "Галын дөл мэт нүдтэй, өнгөлсөн хүрэл мэт хөлтэй, Бурханы Хүү үүнийг айлдаж байна. 19 «Би чиний ажил үйлс, хайр, итгэл, үйлчлэл, тэвчээрийг болон эцсийн ажил үйл чинь эхнийхээсээ агуу гэдгийг мэднэ. 20 Гэвч чиний эсрэг зүйл Надад байна. Юу гэвэл өөрийгөө эш үзүүлэгч хэмээн нэрлэдэг Иезебел гэгч эмэгтэйд Миний боолуудыг сурган, төөрөлдүүлэхийг чи зөвшөөрсөн. Тэгснээр тэд садар самуун үйлдэн, шүтээнүүдэд өргөсөн юмсыг иддэг ажээ. 21 Би тэр эмэгтэйд гэмших хугацаа өгсөн. Харин тэр садар самуун үйлдсэндээ гэмшихийг хүсдэггүй. 22 Харагтун, Би түүнийг орон дээр хаяна. Хэрэв тэд тэр эмэгтэйн үйлдэлд гэмшихгүй бол, түүнтэй завхайрагчдыг үлэмж гай зовлонд унагана. 23 Түүний хүүхдүүдийг Би үхлээр хөнөөнө. Би бол оюун санааг хийгээд зүрхийг Нягтлагч гэдгийг бүх чуулганууд мэдэх болно. Би та нарын хүн нэг бүрд үйлсийнх нь дагуу өгнө. 24 Харин энэ сургаалыг сахьдаггүй, өөрсдийнх нь нэрлэдгээр Сатаны гүн юмсыг мэддэггүй, Туатейр дахь бусад хүмүүс болох та нарт Би хэлье. Би та нарын дээр өөр дарамт тавихгүй. 25 Гагцхүү юу байгаагаа Намайг очтол бат сахь. 26 Ялагч ба Миний үйл хэргийг эцэс хүртэл хамгаалдаг хүнд Би үндэстнүүдийг захирах эрх мэдлийг өгнө. 27 Би Эцэгээсээ эрх мэдлийг хүлээн авсан. Үүнчлэн тэр хүн шавар сав суулгануудыг хага цохих адил тэднийг төмөр таягаар захирах болно. 28 Би түүнд үүрийн цолмонг өгнө. 29 Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун»".

3

1 Сардей дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн. "Бурханы долоон Сүнс ба долоон одтой Тэр үүнийг айлдаж байна. «Би чиний үйлсийг, чиний амьд гэдэг нэртэй боловч үхдэл гэдгийг чинь мэднэ. 2 Сэрэгтүн, үхэх гэж байсан үлдсэн юмсаа тэнхрүүл. Учир нь Миний Бурханы өмнө чиний үйлс гүйцэлдснийг Би олсонгүй. 3 Тиймээс чи юу хүлээн авсан болон сонссоноо сана. Түүнийг сахь, гэмш. Хэрэв чи сэрэхгүй бол Би хулгайч мэт очно. Ямар цагт Миний чам дээр очихийг чи мэдэхгүй. 4 Гэвч хувцсаа хиртүүлээгүй цөөн хүн Сардейд чамд бий. Тэд Надтай хамт цагаан хувцастай алхах болно. Яагаад гэвэл тэд зохистой хүмүүс мөн. 5 Энэ мэт ялагч нь цагаан хувцас өмсөнө. Би түүний нэрийг амийн номоос баллахгүй. Би Өөрийнхөө Эцэгийн өмнө болоод Түүний тэнгэр элч нарын өмнө түүний нэрийг хүлээн зөвшөөрнө. 6 Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун»". 7 Филаделфи дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн. "Нээхэд нь хэн ч хаахгүй, хаахад нь хэн ч нээхгүй, Давидын түлхүүртэй, үнэн бөгөөд ариун Нэгэн үүнийг айлдаж байна. 8 «Би чиний үйлсийг мэднэ. Харагтун, хэн ч хааж үл чадах нээлттэй хаалгыг Би чиний өмнө тавьсан. Юу гэвэл чиний хүч бага бөгөөд чи Миний үгийг сахьж, Миний нэрийг үгүйсгээгүй билээ. 9 Үзэгтүн, Иудей биш атлаа өөрсдийгөө Иудей хэмээн худал яригч Сатаны синагогийн хүмүүсийг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Миний чамайг хайрласан гэдгийг мэдүүлнэ. 10 Миний тэвчээрийн үгийг чи сахьсан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагсдыг сорихын тулд ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно. 11 Би удахгүй очно. Хэнд ч титмээ алдахгүйн тулд өөрт байгаагаа бат сахь. 12 Би ялагчийг Өөрийн Бурханы сүм дэх багана болгоно. Тэр цаашид тэндээс гарахгүй. Би түүн дээр Өөрийн Бурханы нэр, тэнгэрээс Миний Бурханаас буун ирэх шинэ Иерусалим буюу Өөрийн Бурханы хотын нэр, Өөрийн шинэ нэрээ бичнэ. 13 Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун»". 14 Лаодик дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн. "Амен, итгэмжит бөгөөд үнэн Гэрч болох Бурханы бүтээлийн Анхдагч нь үүнийг айлдаж байна. 15 «Би чиний үйлсийг, хүйтэн ч биш, халуун ч биш гэдгийг чинь мэднэ. Чамайг хүйтэн юм уу, эсвэл халуун байгаасай гэж Би хүсэж байна. 16 Тийнхүү чи халуун ч биш, хүйтэн ч биш, бүлээвтэр тул Би чамайг амнаасаа бөөлжиж гаргана. 17 Яагаад гэвэл чи "Би баян. Баяжсан тул дутах зүйл ер байхгүй" гэдэг. Чи өөрийнхөө хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн байгааг мэдэхгүй байна. 18 Баян болохын тулд галд цэвэршүүлсэн алт, өөрийгөө хувцаслахын тулд болон нүцгэн байдлын чинь ичгүүр ил болчихгүйн тулд цагаан хувцас, харахын тулд нүдээ тослох нүдний тосыг Надаас худалдан ав гэж Би чамд зөвлөе. 19 Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм. Тиймээс зүтгэлтэй бай, гэмш. 20 Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод хаалгаа нээвэл, Би түүний дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно. 21 Би ялж, Эцэгийнхээ хамт Түүний сэнтийнд заларсны адил Надтай хамт Миний сэнтийнд залрахыг ялагчид соёрхоно. 22 Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун»" гэв.

4

1 Үүний дараа би тэнгэрт нээлттэй хаалгыг харав. Анх надтай ярьсан бүрээн дуу мэт сонсогдсон тэр дуу —Наашаа гараад ир. Үүний дараа юу тохиолдох ёстойг Би чамд үзүүлье гэлээ. 2 Тэр даруй би Сүнс дотор байв. Харагтун, Тэнгэрт сэнтий байсан бөгөөд сэнтийнд залрагч Нэгэн байв. 3 Залрагч нь хаш чулуу ба молор эрдэнэ мэт дүртэй ажээ. Сэнтийг нь маргад эрдэнэ мэт үзэгдэх солонго хүрээлжээ. 4 Сэнтийний эргэн тойронд хорин дөрвөн сэнтий байх бөгөөд цагаан хувцас өмссөн, толгойдоо алтан титэмтэй хорин дөрвөн ахлагчид мөнөөх сэнтийнүүдэд сууж байв. 5 Сэнтийнээс аянгын гялбаа, нижигнээн, тэнгэрийн дуун гарав. Бурханы долоон Сүнс болох долоон дэнлүү сэнтийний өмнө асаж байв. 6 Сэнтийний өмнө болор адил шилэн тэнгис байлаа. Сэнтийний дунд болон эргэн тойронд нь ар өвөртөө дүүрэн нүдтэй дөрвөн амьтан байх ажээ. 7 Эхний амьтан нь арслан адил, хоёр дахь амьтан нь тугал адил, гурав дахь амьтан нь хүнийх шиг нүүртэй, дөрөв дэх амьтан нь нисэж буй бүргэдтэй адил байв. 8 Тус бүр нь зургаан далавчтай тэр дөрвөн амьтан нь дотроо болон эргэн тойрондоо дүүрэн нүдтэй. Тэд өдөр шөнөгүй тасралтгүйгээр —Байсан, байгаа, мөн хожим ирэх Төгс хүчит Эзэн Бурхан ариун, ариун, ариун хэмээн хэлэх аж. 9 Амьтад нь сэнтийд Залрагч ба үеийн үед амьд байгч Түүнд алдар, хүндэтгэл, талархлыг өргөхөд 10 хорин дөрвөн ахлагч сэнтийд Залрагчийн өмнө унацгааж, үеийн үед амьд байгч Түүнд мөргөх бөгөөд титмүүдээ сэнтийний өмнө хаяад — 11 Бидний Эзэн ба Бурхан минь, Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь оршсон бөгөөд бүтээгдсэн юм гэх ажээ.

5

1 Сэнтийнд Залрагчийн баруун мутарт дотор нь болоод ар дээр нь бичсэн, долоон тамга дарж лацадсан хуйлмал ном байхыг би үзэв. 2 Мөн —Хэн хуйлмал номыг нээж, лацнуудыг нь эвдвэл зохистой вэ? хэмээн чанга дуугаар тунхаглаж буй хүчит тэнгэр элчийг би харав. 3 Тэнгэрт ч, газарт ч, газрын доор ч хэн ч тэрхүү хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэж чадсангүй. 4 Хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэх зохистой хүн нэг ч олдоогүй тул би ихэд уйлав. 5 Ахлагчдын нэг нь надад —Уйлахаа боль. Харагтун, хуйлмал номыг болон долоон лацыг нь нээхийн тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан юм гэлээ. 6 Тэгээд би сэнтий болоод дөрвөн амьтны хооронд, ахлагчдын дунд зогсож буй нядлуулсан мэт Хургыг харав. Тэр Хурга долоон эвэр болон долоон нүдтэй бөгөөд долоон нүд нь дэлхий даяар илгээсэн Бурханы долоон Сүнс юм. 7 Тэр ирээд, сэнтийнд Залрагчийн баруун мутраас авав. 8 Түүнийг хуйлмал номыг авахад дөрвөн амьтан болон хорин дөрвөн ахлагч Хурганы өмнө унацгаав. Тэд тус бүр ятга болон утлагаар дүүрэн алтан савтай аж. Тэдгээр нь ариун хүмүүсийн залбирлууд юм. 9 Тэд шинэ дуу дуулж —Хуйлмал номыг авч, лацнуудыг нь эвдэх зохистой нь Та мөн. Учир нь Та нядлуулсан бөгөөд бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс хүмүүсийг Бурханд Өөрийнхөө цусаар худалдан авч өгсөн билээ. 10 Та тэднийг бидний Бурханы төлөөх хаанчлал ба тахилч нар болгосон. Тэд дэлхий дээр хаанчлах болно гэцгээж байлаа. 11 Би харж, сэнтий, амьтад, ахлагчдын эргэн тойронд олон тэнгэр элчийн дууг сонсов. Тэдний тоо түм түмээрээ, мянга мянгаараа ажээ. 12 Тэд чанга дуугаар —Нядлуулсан Хурга хүч, баялаг, мэргэн ухаан, сүр хүч, хүндэтгэл, алдар ба магтаалыг авбал зохистой гэцгээж байлаа. 13 Тэнгэрт, газар дээр, газар доор, тэнгис дээр байгаа аливаа бүтээгдсэн юмс болон тэдгээрийн дотор байх бүх юмс —Сэнтийнд Залрагчид ба Хурганд магтаал, хүндэтгэл, алдар, ноёрхол нь үеийн үед байх болтугай гэлцэхийг нь би сонсов. 14 Дөрвөн амьтан нь —Амен гэсээр байлаа. Ахлагчид унаад мөргөв.

6

1 Хурга долоон лацны нэгийг эвдэхийг би харав. Би мөн дөрвөн амьтны нэг нь —Ирэгтүн гэж аянгын дуугаар мэт хэлэхийг сонслоо. 2 Харагтун, би нэгэн цагаан морь харлаа. Түүнийг унасан нэгэн нь нумтай байсан бөгөөд түүнд титэм өгөгдөв. Тэр ялахын тулд ялсаар гарч ирэв. 3 Тэр хоёр дахь лацыг эвдэх үед хоёр дахь амьтан нь —Ирэгтүн гэж хэлэхийг би сонслоо. 4 Өөр нэг улаан морь гарч ирэв. Түүнийг унасан нэгэнд дэлхийгээс энх тайвныг булаан авах эрх болон хүмүүс бие биеэ алахыг соёрхсон бөгөөд түүнд том илд өгсөн байв. 5 Түүнийг гурав дахь лацыг эвдэхэд, гурав дахь амьтан нь —Ирэгтүн гэхийг би сонсов. Харагтун, би нэгэн хар морь харлаа. Түүнийг унасан нэгэн нь гартаа хос дэнс барьсан байв. — 6 Нэг денарт нэг хэмжүүр улаан буудай, нэг денарт гурван хэмжүүр арвай болно. Тос болон дарсыг бүү сүйтгэ гэж дөрвөн амьтны дундаас гарах мэт дууг би сонсов. 7 Түүнийг дөрөв дэх лацыг эвдэхэд —Ирэгтүн гэх дөрөв дэх амьтны дууг би сонсов. 8 Харагтун, би цайвар ногоон морь харлаа. Түүний унасан нэгний нэрийг "Үхэл" гэдэг бөгөөд Үхэгсдийн орон түүнийг дагаж байлаа. Илд, өлсгөлөн, тахал, газрын зэрлэг араатнуудаар хөнөөлгөхийн тулд дэлхийн дөрөвний нэгийг захирах эрх мэдэл тэдэнд өгөгдсөн байв. 9 Түүнийг тав дахь лацыг эвдэх үед, Бурханы үг болон өөрсдийн сахьсан гэрчлэлээс болж алагдсан хүмүүсийн сэтгэлүүдийг тахилын ширээн доор байхыг би харав. 10 Тэд чанга дуугаар —Ариун ба үнэн Эзэн, Та хэдий хүртэл шүүхгүй, газар дээр нутаглагчдаас бидний цусны өшөөг авахгүй байх юм бэ? гэж хашхиран байлаа. 11 Тэдэнд тус бүрд нь цагаан дээл өгсөн байв. Өөрсөдтэй нь адил алагдах ёстой хамтран зүтгэгчэд болон ах дүүсийнх нь тоо гүйцэх хүртэл дахиж түр зуур амрах ёстой гэж тэдэнд хэлсэн ажээ. 12 Түүнийг зургаа дахь лацыг эвдэх үед би харж байлаа. Асар хүчтэй газар хөдлөлт болж, нар хялгасаар хийсэн таар мэт харлаж, сар бүхэлдээ цус мэт улаан болов. 13 Хүчтэй салхи сэгсрэхэд боловсроогүй жимсээ инжрийн мод хаялах адил тэнгэрийн одод дэлхий дээр унаж, 14 хуйлсан хуйлмал ном лугаа адил тэнгэр ч заагдан салж, алив уулс, арлууд ч байрнаасаа хөдөлсөн байлаа. 15 Дэлхийн хаад, агуу хүмүүс, мянгатын дарга нар, баячууд, хүчтэнүүд, боол хийгээд чөлөөт хүн бүр агуй болоод уулсын хавцалд нуугдацгааж, 16 уулс ба хадан цохионуудад хандан —Бидний дээр унаж, биднийг сэнтийнд Залрагчийн нүүрнээс, Хурганы уур хилэнгээс далдлаач. 17 Тэдний уур хилэнгийн агуу өдөр нь иржээ. Хэн тэсэж чадах вэ? гэцгээв.

7

1 Үүний дараа би дэлхийн дөрвөн өнцөгт зогсон, газар дээр ч, тэнгис дээр ч, ямар ч модон дээр салхи салхилуулахгүйн тулд дэлхийн дөрвөн салхийг барих дөрвөн тэнгэр элчийг харав. 2 Би мөн амьд Бурханы тамгатай өөр нэгэн тэнгэр элч наран мандах зүгээс гарч ирэхийг харав. Газар, тэнгист хөнөөл учруулах эрхтэй дөрвөн тэнгэр элчид хандан тэрээр чанга дуугаар хашхиран — 3 Бурханыхаа боолуудын духан дээр биднийг тамга дартал газарт ч, тэнгист ч, модонд ч бүү хөнөөл учруул хэмээв. 4 Тамгалуулсан хүмүүсийн тоог би сонсов. Израилийн хөвгүүдийн овог бүрээс тамгалуулсан хүмүүсийн тоо нэг зуун дөчин дөрвөн мянга байв. 5 Иудагийн овгоос арван хоёр мянга тамгалуулсан бөгөөд Реубений овгоос арван хоёр мянга, Гадын овгоос арван хоёр мянга, 6 Ашерын овгоос арван хоёр мянга, Нафталийн овгоос арван хоёр мянга, Манассегийн овгоос арван хоёр мянга, 7 Симеоны овгоос арван хоёр мянга, Левийн овгоос арван хоёр мянга, Иссахарын овгоос арван хоёр мянга, 8 Зебулуны овгоос арван хоёр мянга, Иосефын овгоос арван хоёр мянга, Бениамины овгоос арван хоёр мянган хүн тамгалуулсан байлаа. 9 Харагтун, үүний дараа намайг харахад, сэнтийний өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан, үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүмүүс байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй ажээ. 10 Тэд чанга дуугаар —Аврал бол сэнтийнд залрагч бидний Бурханд ба Хурганд байдаг гээд хашхирч байлаа. 11 Сэнтий, ахлагчид болон дөрвөн амьтны эргэн тойронд бүх тэнгэр элч нар зогсож байлаа. Тэд сэнтийний өмнө нүүрээрээ унаад Бурханд мөргөж, — 12 Амен. Магтаал, алдар, мэргэн ухаан, талархал, хүндэтгэл, хүч чадал ба сүр хүч нь бидний Бурханд үеийн үед байх болтугай. Амен гэцгээв. 13 Ахлагчдын нэг нь хариулж, надад хандан —Цагаан дээлтэй эдгээр хүмүүс хэн бэ? Тэд хаанаас ирсэн бэ? гэлээ. 14 Би түүнд —Эзэн минь, та мэднэ гэхэд тэр надад —Эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд бөгөөд тэд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгожээ. 15 Тиймээс тэд Бурханы сэнтийний өмнө байдаг бөгөөд Түүний сүм дотор өдөр шөнөгүй Түүнд үйлчилдэг юм. Сэнтийд Залрагч асраараа тэднийг дээгүүр нь бүрхэнэ. 16 Тэд цаашид өлсөх ч үгүй, цангах ч үгүй. Тэд наранд шарагдах ч үгүй, ямар ч халуунд халах ч үгүй. 17 Яагаад гэвэл сэнтийний голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд уруу хөтлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно гэлээ.

8

1 Түүнийг долоо дахь лацыг эвдэхэд бараг хагас цаг тэнгэрт чив чимээгүй болов. 2 Бурханы өмнө зогсох долоон тэнгэр элчийг би харав. Тэдэнд долоон бүрээ өгсөн байлаа. 3 Алтан бойпор барьсан өөр нэгэн тэнгэр элч ирж, тахилын ширээний дэргэд зогсов. Түүнд их хэмжээний утлага өгчээ. Ингэснээр тэр тэнгэр элч түүнийг сэнтийний өмнө байсан тахилын алтан ширээн дээр бүх ариун хүмүүсийн залбирлууд дээр нэмэх ажээ. 4 Утлагын утаа ариун хүмүүсийн залбирлуудын хамт тэнгэр элчийн гараас гарч Бурханы өмнө суунаглав. 5 Тэгээд тэнгэр элч бойпорыг авч тахилын ширээний галаар дүүргээд, дэлхий уруу хаясанд, тэнгэрийн дуу, нижигнээн, аянгын гялбаа, газар хөдлөлт дагалдав. 6 Долоон бүрээтэй долоон тэнгэр элч бүрээгээ татахад бэлтгэв. 7 Эхнийх нь бүрээгээ таттал, цустай холилдсон мөндөр, гал бий болж дэлхий уруу хаягдав. Дэлхийн гуравны нэг нь шатаж, моддын гуравны нэг шатаж, бүх ногоон өвс шатлаа. 8 Хоёр дахь тэнгэр элч бүрээгээ таттал, галаар шатаж буй асар том уул мэт юм тэнгист хаягдав. Тэнгисийн гуравны нэг нь цус болж, 9 тэнгис доторх амьтай амьтдын гуравны нэг нь үхэж, усан онгоцнуудын гуравны нэг нь сөнөв. 10 Гурав дахь тэнгэр элч бүрээгээ таттал, бамбар мэт шатаж буй агуу том од тэнгэрээс унав. Тэр од гол мөрний гуравны нэг дээр болон усны эх булгууд дээр унажээ. 11 Тэр одны нэрийг "Агь" гэдэг бөгөөд усны гуравны нэг нь агь болов. Ус гашуун болсон тул олон хүн уснаас болж үхэцгээлээ. 12 Дөрөв дэх тэнгэр элч бүрээгээ таттал, нарны гуравны нэг, сарны гуравны нэг болон оддын гуравны нэг нь цохигдов. Ингэснээр тэдгээрийн гуравны нэг нь харанхуйлах бөгөөд өдрийн гуравны нэг нь гэрэлгүй болж, шөнийнх ч мөн адил болох ажээ. 13 Тэгээд би тэнгэрийн дундуур нисэж буй нэгэн бүргэдийг харлаа. Тэр "Бүрээ татах гурван тэнгэр элчийн үлдээд буй бүрээн дуу бий тул дэлхийд нутаглагсад золгүй еэ, золгүй еэ, золгүй еэ!" гэж чанга дуугаар хэлэхийг би сонсов.

9

1 Тав дахь тэнгэр элч бүрээгээ таттал тэнгэрээс дэлхий уруу унасан одыг би харав. Тэр одонд ёроолгүй нүхний түлхүүрийг өгсөн байлаа. 2 Өнөөх од ёроолгүй нүхийг нээтэл, асар том зуухны утаа мэт утаа нүхнээс гарав. Нүхний утаанаас болж нар, агаар харанхуйллаа. 3 Утаанаас царцаанууд газар дээр гарч ирлээ. Газрын хилэнцэт хорхойнуудын хүч шиг хүчийг тэдэнд өгсөн байжээ. 4 Дэлхийн өвс ногоонд ч, ямар ч ногоон юманд ч болон модонд ч хор учруулж болохгүй гэж тэдэнд хэлсэн ажээ. Зөвхөн духан дээрээ Бурханы тамгагүй хүмүүст болох юм. 5 Тэднийг алахгүй, харин таван сарын турш тарчилгахыг царцаануудад зөвшөөрсөн байв. Тэдний тарчилгалт нь хилэнцэт хорхой хүнийг хатгахад тарчилгадагтай адил юм. 6 Тэр өдрүүдэд хүмүүс үхлийг хайх бөгөөд түүнийг олохгүй. Тэд үхэхийг хүсэвч үхэл тэднээс зугтана. 7 Царцаануудын дүр нь тулалдаанд бэлтгэгдсэн морьд мэт байлаа. Толгой дээрээ алт шиг титэм мэт юмтай, нүүр нь хүний нүүр шиг байв. 8 Тэдний үс нь эмэгтэй хүнийх шиг бөгөөд тэдний шүд нь арслангийн шүд шиг байв. 9 Тэд төмрөн цээживч мэт цээживчтэй байсан. Тэдний далавчных нь дуу чимээ тулалдаанд орохоор давхилдаж буй олон морьд тэрэгний дуу чимээтэй адил байлаа. 10 Тэд хилэнцэт хорхойнхтой адил сүүл, хатгууртай юм. Хүмүүст таван сарын турш хор учруулах хүч тэдний сүүлэнд нь байдаг. 11 Тэд өөрсдийг нь захирдаг хаантай бөгөөд тэр нь ёроолгүй гүний тэнгэр элч ажээ. Түүний нэр нь еврейгээр "Абаддон", грекээр "Аполлуон" юм. 12 Эхний гай тотгор өнгөрлөө. Харагтун, үүний дараа бас хоёр гай тотгор айсуй. 13 Зургаа дахь тэнгэр элч бүрээгээ таттал, Бурханы өмнө байгаа тахилын алтан ширээний дөрвөн эврээс нэгэн дуу гарахыг би сонссон бөгөөд тэр нь 14 бүрээ барьсан зургаа дахь тэнгэр элчид хандан —Агуу их Евфрат мөрний дэргэд хүлэгдсэн дөрвөн тэнгэр элчийг сулла гэв. 15 Тэгээд хүмүүсийн гуравны нэгийг хөнөөлгөхөөр тэр цаг, өдөр, сар, жилийн төлөө бэлтгэгдсэн байсан дөрвөн тэнгэр элч суллагдав. 16 Морьт цэргийн тоо нь хоёр зуун сая аж. Би тэдний тоог сонсов. 17 Тийнхүү би үзэгдэл дотор морьдыг болон галын, бор улаан, хүхрийн өнгөтэй цээживчтэй морьтонгуудыг харлаа. Морьдын толгой нь арслангийн толгой шиг бөгөөд амнаас нь гал, утаа, хүхэр савсана. 18 Тэдний амнаас гарсан гал, утаа, хүхэр буюу эдгээр гурван гамшгаас болж хүмүүсийн гуравны нэг нь хөнөөгдсөн байлаа. 19 Учир нь морьдын хүч нь тэдний аман дотор ба сүүлэнд нь байв. Тэдний сүүл нь могой адил бөгөөд толгойтой ажээ. Тэд түүгээрээ хор хөнөөл учруулдаг байна. 20 Эдгээр гамшгуудаар хөнөөгдөөгүй үлдсэн хүмүүс нь гарынхаа үйлсдээ ч гэмшсэнгүй. Тэгээд чөтгөрүүдэд болон харж, сонсож, явж чаддаггүй алтан, мөнгөн, гуулин, чулуун, модон шүтээнүүдэд мөргөхөө больсонгүй. 21 Тэд хүн алсандаа ч, ид шидэндээ ч, завхайрсандаа ч, хулгай хийсэндээ ч гэмшсэнгүй.

10

1 Үүлээр хувцасласан, хүчит өөр нэгэн тэнгэр элч тэнгэрээс буун ирэхийг би харлаа. Түүний толгой дээр солонго байсан бөгөөд түүний нүүр нь нар мэт, хөл нь галан багана мэт байв. 2 Гарт нь дэлгэсэн бяцхан ном байв. Тэр баруун хөлөө тэнгис дээр, зүүн хөлөө газар дээр тавиад, 3 арслан хүрхрэх адил чанга дуугаар хашхирав. Түүнийг хашхирахад долоон аянгын нижигнээн дуу гаргалаа. 4 Долоон аянга нижигнэхэд би бичих гэтэл тэнгэрээс —Долоон аянгын нижигнээний ярьсан юмсыг битүүмжил. Тэдгээрийг бүү бич гэх дуу гарахыг сонсов. 5 Тэнгис, газар дээр зогсохыг нь миний харсан мөнөөх тэнгэр элч баруун гараа тэнгэр өөд өргөөд, 6 тэнгэр болоод түүн дэх зүйлсийг, газар болоод түүн дэх зүйлсийг, тэнгис болоод түүн дэх зүйлсийг бүтээсэн үеийн үед амьд байгч Түүгээр тангараглан —Цаашид саатахгүй гэв. 7 Харин долоо дахь тэнгэр элчийн дуу гарах өдрүүд буюу бүрээ татах үед Өөрийн боолууд болох эш үзүүлэгчдэд Түүний тунхагласанчлан Бурханы нууц нь төгсөнө. 8 Тэнгэрээс миний сонссон мөнөөх дуу дахин надтай ярьж —Яв. Тэнгис, газар дээр зогсогч тэнгэр элчийн гар дахь дэлгэсэн бяцхан номыг ав гэхийг би сонслоо. 9 Би бяцхан номоо надад өг гэсээр тэнгэр элч уруу очив. Тэр надад —Үүнийг ав. Үүнийг ид. Энэ чиний ходоодыг хорсгох боловч аманд чинь зөгийн бал мэт амттай байх болно гэхэд 10 би тэнгэр элчийн гараас бяцхан номыг аваад идлээ. Тэр аманд маань зөгийн бал мэт амттай байсан боловч идсэний дараа ходоодыг минь хорсгов. 11 Тэд надад —Чи олон ард түмэн, үндэстнүүд, хэлтнүүд болон хаадын тухай дахиж эш үзүүлэх ёстой гэж хэллээ.

11

1 Тэгээд надад таяг мэт хулс өгөөд —Бос. Бурханы сүмийг болон тахилын ширээг хэмж. Дотор нь мөргөгсдийг тоол. 2 Сүмийн гадна байгаа хашааг нь орхи. Түүнийг бүү хэмж. Яагаад гэвэл түүнийг үндэстнүүдэд өгсөн юм. Тэд ариун хотыг дөчин хоёр сарын турш хөл доороо гишгэчих болно. 3 Би хоёр гэрчдээ соёрхоно. Тэд таар өмсөөд мянга хоёр зуун жаран хоногийн турш эш үзүүлэх болно гэв. 4 Эдгээр нь дэлхийн Эзэний өмнө буй хоёр чидун мод, хоёр дэнлүүний суурь юм. 5 Хэрэв хэн нэгэн нь тэднийг хорлохыг хүсвэл, тэдний амнаас гал гарч, дайснуудаа залгина. Хэрэв хэн нэгэн нь тэднийг хорлохыг хүссэн бол тэр хүн ингэж алагдах ёстой. 6 Өөрсдийнхөө эш үзүүлэх өдрүүдийн туршид тэд бороо оруулахгүйн тулд тэнгэрийг хаах хүч тэдгээрт бий. Тэдэнд усыг цус болгох, хүссэн үедээ зүйл бүрийн гамшгаар дэлхийг цохих хүч бий. 7 Тэднийг гэрчлэлээ дуусгахад ёроолгүй гүнээс гарч ирэгч нэгэн араатан тэдэнтэй тулалдаж, тэднийг дийлж алах болно. 8 Тэдний цогцос нь, сүнсний хувьд Содом ба Египет гэж нэрлэгддэг агуу хотын гудамжинд хэвтэх болно. Тэнд мөн тэдний Эзэн цовдлогдсон билээ. 9 Ард түмэн, овгууд, хэлтнүүд, үндэстнүүдээс ирсэн хүмүүс тэдний цогцсыг гурван хоног хагасын турш харах бөгөөд тэдний цогцсыг булшинд тавихыг зөвшөөрөхгүй. 10 Дэлхий дээр нутаглагсад тэднээс болж баярлан хөөрч цэнгэцгээнэ. Тэд нэг нэгэндээ бэлэг илгээнэ. Учир нь энэ хоёр эш үзүүлэгч дэлхий дээр нутаглагсдыг тарчилгасан юм. 11 Гурван хоног хагасын дараа Бурханаас амийн амьсгал гарч тэдний дотор ороход тэд хөл дээрээ зогсов. Тэднийг харж байсан хүмүүсийг үлэмжийн айдас нөмөрлөө. 12 Тэнгэрээс чанга дуу гарч —Наашаа гараад ир гэж өөрсдөд нь хэлэхийг тэд сонсов. Тэд үүлэн дотор тэнгэр өөд одлоо. Дайснууд нь тэднийг харав. 13 Тэр цагт асар хүчтэй газар хөдлөлт болж, хотын аравны нэг нь нурлаа. Газар хөдлөлтөнд долоон мянган хүн үхсэн бөгөөд үлдсэн нь айн сүрдэж тэнгэрийн Бурханд алдрыг өргөв. 14 Хоёр дахь гай тотгор өнгөрлөө. Харагтун, гурав дахь гай тотгор даруй айсуй. 15 Долоо дахь тэнгэр элч бүрээгээ таттал, тэнгэрт "Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон. Тэр үеийн үед хаанчилна" гэх чанга дуу гарлаа. 16 Бурханы өмнө өөр өөрсдийн сэнтийнд суугч хорин дөрвөн ахлагчид нүүрээрээ унаж, Бурханд мөргөж — 17 Байгаа, байсан, Төгс хүчит Эзэн Бурхан минь ээ, Танд бид талархал өргөе. Яагаад гэвэл Та Өөрийн агуу их хүчээ авч, хаанчилж эхэллээ. 18 Үндэстнүүд хилэгнэсэн бөгөөд Таны уур хилэн ирсэн. Үхэгсдийг шүүх цаг болон Таны боолууд болох эш үзүүлэгчид ба ариун хүмүүст, Таны нэрээс эмээгч их, бага хүмүүст шагналыг нь өгч, мөн дэлхийг устгагчдыг устгах цаг ирлээ гэлээ. 19 Тэнгэр дэх Бурханы сүм нээгдсэн байв. Түүний гэрээний авдар сүм дотор харагдав. Тэгтэл аянга гялбан, нүргэлж, тэнгэр дуугарч, газар хөдлөн, том мөндөр буулаа.

12

1 Тэнгэрт нэгэн үлэмжийн тэмдэг үзэгдэв. Нарыг өмсөж, хөл дороо сар, тэргүүн дээрээ арван хоёр одны титэмтэй нэгэн эмэгтэй 2 хэвлийдээ үртэй байсан бөгөөд төрөхөөр өвдөж, шаналсандаа хашхирлаа. 3 Тэнгэрт өөр тэмдэг үзэгдэв. Харагтун, долоон толгойтой, арван эвэртэй агуу том улаан луу байна. Толгойнууд дээр нь долоон титэм байх аж. 4 Түүний сүүл нь тэнгэрийн оддын гуравны нэгийг шавхуурдаж, дэлхий дээр унагав. Луу эмэгтэйг төрмөгц хүүхдийг нь залгихын тулд төрөх гэж буй эмэгтэйн өмнө зогслоо. 5 Тэр эмэгтэй бүх үндэстнийг төмөр таягаар хариулах эрэгтэй хүүхэд төрүүлэв. Хүүг Бурханд, Түүний сэнтийнд аваачлаа. 6 Өнөөх эмэгтэй Бурханы бэлдсэн газар бүхий цөл уруу зугтав. Тэнд түүнийг мянга хоёр зуун жаран хоногийн турш тэжээх юм. 7 Тэнгэрт дайн болов. Михаел болон түүний тэнгэр элч нар луутай тулалдлаа. Луу болон түүний тэнгэр элч нар тулалдаад, 8 тэдэнд хүч дутсан бөгөөд тэдэнд тэнгэрт байх газар олдсонгүй. 9 Өнөөх агуу том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч диавол ба Сатан гэгддэг эртний могой доош хаягдав. Тэр дэлхий уруу хаягдлаа. Түүний хамт тэнгэр элч нар нь ч доош хаягдав. 10 Би тэнгэрт чанга дуугаар ингэж хэлэхийг сонсов. —Бурханы өмнө ах дүүсийг маань өдөр шөнөгүй буруутгадаг тэднийг буруутгагч доош хаягдсан учраас эдүгээ бидний Бурханы аврал, хүч, хаанчлал ба Түүний Христийн эрх мэдэл хүрч ирлээ. 11 Тэд түүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ. Тэд үхэн үхтлээ амиа хайрлаагүй юм. 12 Тиймээс тэнгэр ээ, тэнд нутаглагсад аа, баярлан хөөрөгтүн. Газар ба тэнгис золгүй еэ! Яагаад гэвэл диавол үлэмж их уур хилэнтэйгээр та нар уруу бууж ирсэн. Өөрт нь богинохон хугацаа байгааг тэр мэдэж байгаа. 13 Луу дэлхий уруу хаягдсанаа хараад, хүү төрүүлсэн өнөөх эмэгтэйг мөшгөлөө. 14 Эмэгтэйг цөлд өөрийнх нь газарт нисэж очуулахын тулд түүнд асар том бүргэдийн хоёр далавч өгөв. Эмэгтэй тэнд могойноос алс байж нэг үе ба хоёр үе, хагас үед тэжээгдсэн юм. 15 Эмэгтэйг голын усаар урсгахын тулд түүний араас могой амнаасаа гол мэт усыг гаргаж урсгав. 16 Газар эмэгтэйд туслан, амаа нээж лууны амнаасаа урсгасан голыг залгилаа. 17 Луу мөнөөх эмэгтэйд хилэгнэж, Бурханы хуулиудыг болон Есүсийн гэрчлэлийг сахьдаг, эмэгтэйн бусад үр удамтай нь дайтахаар явав. 18 Тэр тэнгисийн эргийн элсэн дээр зогслоо.

13

1 Тэнгисээс арван эвэртэй, долоон толгойтой араатан гарч ирэхийг би харав. Түүний эврүүд дээр арван титэм, толгойнууд дээрээ Бурханыг доромжилсон нэрстэй байлаа. 2 Миний харсан тэр араатан ирвэстэй адил бөгөөд хөл нь баавгайнх шиг, ам нь арслангийнх шиг байв. Луу түүнд өөрийн хүч ба сэнтий, агуу эрх мэдлийг өгөв. 3 Түүний толгойнуудын нэг нь алуулчихсан юм шиг байсныг харлаа. Үхлийн шарх нь эдгэсэн байв. Дэлхий даяараа гайхширч, араатны араас дагалаа. 4 Луу араатанд эрх мэдлээ өгсөн тул тэд луунд мөргөв. Тэд араатанд мөргөөд —Хэн энэ араатны адил юм бэ? Хэн түүнтэй дайн хийж чадах юм бэ? гэцгээв. 5 Агуу юмсыг болон доромжлолыг хэлэгч амыг түүнд өгсөн бөгөөд дөчин хоёр сарын турш үйлдэх эрх мэдлийг түүнд өгсөн аж. 6 Тэр Түүний нэр, асар болон тэнгэр дэх нутаглагсдыг доромжлохын тулд Бурханыг доромжлохоор амаа нээв. 7 Ариун хүмүүстэй дайн хийж, тэднийг ялах нь түүнд өгөгдсөн бөгөөд аливаа овог, ард түмэн, хэлтэн, үндэстнүүдийг захирах эрх мэдлийг ч түүнд өгсөн байлаа. 8 Алагдсан Хурганы амийн номд ертөнцийн сууриас хойш нэр нь бичигдээгүй дэлхий дээр нутаглагч бүх хүн түүнд мөргөнө. 9 Хэрэв чихтэй хүн байвал сонсогтун. 10 Хэрэв хэн нэгэн нь баригдах тавилантай бол баригдана. Хэрэв хэн нэгэн нь илдээр алдаг бол тэр илдээр алуулах ёстой. Энд ариун хүмүүсийн тэвчээр, итгэл байна. 11 Газар доороос өөр нэгэн араатан гарч ирэхийг би харав. Тэр араатан хурга мэт хоёр эвэртэй бөгөөд луу мэт ярив. 12 Тэр анхны араатны өмнө бүх эрх мэдлийг нь хэрэгжүүлдэг. Тэгээд дэлхий болоод тэнд нутаглагсдыг үхлийн шарх нь эдгэсэн анхны араатанд мөргүүлдэг ажээ. 13 Тэр агуу тэмдгүүдийг үйлддэг төдийгүй хүмүүсийн өмнө тэнгэрээс газарт гал буулгадаг. 14 Өнөөх араатны өмнө бүтээх тэмдгүүд нь түүнд өгөгдсөн тул илдний шархтай атлаа амилсан араатанд зориулан хөрөг бүтээ гэж дэлхий дээр нутаглагсдад хэлэн, тэрээр дэлхий дээр нутаглагсдыг мэхэлдэг. 15 Түүнд араатны хөрөгт амьсгал өгөх нь өгөгджээ. Ингэснээр тэрхүү араатны хөрөг ярьж, араатны хөрөгт мөргөдөггүй бүх хүмүүсийг алуулах юм. 16 Тэрээр том жижиг, баян ядуу, чөлөөт хийгээд боол хүмүүсийн болон бүгдийн баруун гаран дээр нь, эсвэл духан дээр нь тэмдэг тавиулснаар 17 тэмдэг, араатны нэр, эсвэл нэрийнх нь тоотой хүнээс өөр нэг ч хүн худалдаж, худалдан авч чадахгүй болох ажээ. 18 Энд мэргэн ухаан байна. Ухаантай нэгэн нь аратны тоог бодогтун. Учир нь энэ нь хүний тоо бөгөөд түүний тоо бол зургаан зуун жаран зургаа юм.

14

1 Харагтун, Сион уулан дээр Хурга зогсож байхыг би харлаа. Духан дээрээ Түүний нэр ба Эцэгийнх нь нэр бичээстэй зуун дөчин дөрвөн мянган хүн Түүнтэй хамт байлаа. 2 Асар их усны чимээ, хүчит аянгын нүргээн шиг дуу тэнгэрээс сонсогдлоо. Миний сонссон дуу бол босоо ятгачид ятгаар тоглож буй эгшиг ая мэт байлаа. 3 Тэд сэнтийний өмнө болон дөрвөн амьтан, мөн ахлагчдын өмнө шинэ дуу дуулав. Дэлхийгээс худалдаж авагдсан зуун дөчин дөрвөн мянган хүнээс өөр хэн ч тэр дууг сурч чадсангүй. 4 Тэд бол өөрсдийгөө эмсээр бузарлаагүй хүмүүс юм. Учир нь тэд ариун аж. Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс. Тэднийг Бурхан болон Хурганы төлөөх анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан ажээ. 5 Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй. Тэд гэм зэмгүй. 6 Тэнгэрийн дундуур өөр нэгэн тэнгэр элч нисэж явахыг би харав. Газар дээр суугчид ба аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайн мэдээ түүнд байна. 7 Тэр чанга дуугаар —Бурханаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл Түүний шүүх цаг ирчихээд байна. Тэнгэр ба газрыг, тэнгис ба усны ундаргуудыг бүтээсэн Түүнд мөргөцгөө гэлээ. 8 Өөр нэгэн тэнгэр элч буюу хоёр дахь нь араас нь даган —Агуу Вавилон, өөрийнхөө садар самууны тачаалын дарснаас бүх үндэстэнд уулгасан тэр нурлаа. Нурлаа гэж байлаа. 9 Өөр нэгэн тэнгэр элч буюу гурав дахь нь тэднийг даган, чанга дуугаар —Хэрэв хэн араатанд болон хөрөгт нь мөргөж, духан дээрээ, эсвэл гар дээрээ тэмдэг авна, 10 тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мөн уух болно. Энэ нь Түүний уур хилэнгийн аяганд шингэлэлгүй хольсон дарс юм. Тэр хүн ариун тэнгэр элч нарын ба Хурганы өмнө гал, хүхэр дотор зовж тарчилна. 11 Тэдний зовлон тарчлалын утаа үеийн үед суунаглана. Араатанд ба түүний хөрөгт мөргөгсөд, Түүний нэрийн тэмдгийг хүлээн авагч аливаа хүн өдөр ч, шөнө ч амрахгүй. 12 Бурханы тушаалууд хийгээд Есүст итгэх итгэлийг сахьдаг ариун хүмүүсийн тэвчээр энд байна. 13 —"Одооноос эхлэн Эзэн дотор үхэгсэд нь ерөөлтэй еэ!" гэж бичигтүн гэх дуу тэнгэрээс гарахыг би сонсов. Сүнс —Тийм ээ, тэд ажлаасаа салж амраг. Учир нь үйлс нь тэднийг дагадаг гэж айлддаг. 14 Үзэгтүн, би нэгэн цагаан үүл харав. Тэргүүн дээрээ алтан титэмтэй, мутартаа хурц хадууртай, Хүний Хүүтэй адил нэгэн нь тэр үүлэн дээр заларч байлаа. 15 Өөр нэгэн тэнгэр элч сүмээс гарч ирж, үүлэн дээр Залрагчид хандан —Хадуураа илгээ. Дэлхийн тариа боловсорч, ургац хураах цаг болсон тул хадаж аваач гэж чанга дуугаар хашхирч байна. 16 Үүлэн дээр Залрагч хадуураа дэлхий дээгүүр ширвэсэнд дэлхий хураагдсан байлаа. 17 Тэнгэр дэх сүмээс өөр нэгэн тэнгэр элч гарч ирэв. Түүнд бас хурц хадуур байв. 18 Галыг захирах хүчтэй өөр тэнгэр элч тахилын ширээнээс гарч ирээд, хурц хадууртай тэнгэр элчид хандан —Хурц хадуураа илгээ. Үзэм нь боловсорсон тул дэлхийн усан үзмийн модноос үзмийн багцыг хураагаач гэж чанга дуугаар дуудан хэлэв. 19 Тэнгэр элч хадуураа дэлхий уруу ширвэж, дэлхийн усан үзмийн багцыг хураагаад, тэдгээрийг Бурханы уур хилэнгийн агуу их шахуургад хаялаа. 20 Шахуурга нь хотын гадна шахагдаж, шахуургаас цус гарч морины хазаарт хүрэм, мянга зургаан зуун стадиа газар урслаа.

15

1 Би тэнгэрт агуу бөгөөд гайхалтай өөр нэгэн тэмдгийг харав. Эцсийн долоон гамшиг бүхий долоон тэнгэр элч байв. Яагаад гэвэл тэдгээрээр Бурханы уур хилэн төгссөн юм. 2 Би галтай холилдсон шилэн тэнгис мэт зүйлийг, мөн араатан ба түүний хөрөгтэй нь, түүний нэрийн тоотой нь тэмцэлдсэн тэмцэлд ялсан хүмүүс Бурханы босоо ятгыг бариад тэрхүү шилэн тэнгис дээр зогсож байхыг харав. 3 Тэд Бурханы боол Мосегийн дууг болон Хурганы дууг дуулав. —Төгс хүчит Эзэн Бурхан минь, Таны үйлс агуу бөгөөд гайхалтай. Үндэстнүүдийн Хаан Таны замууд зөвт бөгөөд үнэн. 4 Өө, Эзэн, Танаас эмээхгүй, нэрийг тань алдаршуулахгүй хэн байх вэ? Учир нь зөвхөн Та ариун билээ. Бүх үндэстнүүд Таны өмнө ирж, мөргөнө. Учир нь Таны зөвт үйлс илчлэгдсэн. 5 Үүний дараа намайг хартал тэнгэр дэх гэрчлэлийн асрын сүм нээгдэв. 6 Цэвэрхэн бөгөөд гялалзсан маалинган хувцастай, цээжээрээ алтан бүс бүсэлсэн, долоон гамшигтай долоон тэнгэр элч сүмээс гарч ирлээ. 7 Дөрвөн амьтны нэг нь үеийн үед амьдрагч Бурханы уур хилэнгээр дүүрэн долоон алтан аягыг долоон тэнгэр элчид өгөв. 8 Бурханы алдраас болон Түүний хүчнээс гарах утаагаар сүм дүүрэв. Долоон тэнгэр элчийн долоон гамшиг дуусах хүртэл сүмд хэн ч нэвтэрч чадсангүй.

16

1 Сүмээс долоон тэнгэр элчид —Явагтун, Бурханы уур хилэнгийн долоон аягатайг дэлхий дээр асга гэж чанга дуугаар хэлэхийг би сонсов. 2 Эхнийх нь явж аягатайгаа дэлхий дээр асгав. Араатны тэмдэгтэй болон түүний хөрөгт мөргөсөн хүмүүст муухай, хортой яр гарав. 3 Хоёр дахь нь аягатайгаа тэнгист асгалаа. Тэнгис нь үхсэн хүний цус мэт болоход түүн доторх амьд юм бүхэн үхэв. 4 Гурав дахь нь аягатайгаа гол мөрөн болон усны ундаргууд дээр асгасанд, цус боллоо. 5 Усны тэнгэр элч —Өө, Ариун Нэгэн минь, Та эдгээрийг шүүсэн тул, байгаа, байсан Та зөвт юм. 6 Яагаад гэвэл тэд ариун хүмүүсийн ба эш үзүүлэгчдийн цусыг урсгав. Та тэдэнд уулгахаар цус өгсөн. Тэднийг ингэвэл зохино гэхийг би сонсов. 7 Тахилын ширээ —Тийм ээ, Төгс хүчит Эзэн Бурхан минь, Таны шүүлт бол үнэн бөгөөд зөвт гэхийг би сонсов. 8 Дөрөв дэх нь аягатайгаа наран дээр асгалаа. Хүмүүсийг галаар төөнөхийг түүнд зөвшөөрчээ. 9 Хүмүүс шатам халуунаар төөнөгдсөн ч эдгээр гамшгуудыг захирах эрхтэй Бурханы нэрийг доромжиллоо. Тэд Түүнд алдрыг өргөе хэмээн гэмшсэнгүй. 10 Тав дахь нь аягатайгаа араатны сэнтий дээр асгав. Түүний хаанчлал харанхуй болж, тэд өвдсөндөө хэлээ хазалж, 11 зовуурь, шархнаасаа болж тэнгэрийн Бурханыг доромжлов. Тэд өөрсдийнхөө үйлсэд гэмшсэнгүй. 12 Зургаа дахь нь аягатайгаа агуу их Евфрат мөрөнд асгасанд ус нь ширгэв. Ингэснээр нар мандах зүгээс ирэх хаадад зам бэлтгэгдэх юм. 13 Лууны амнаас, араатны амнаас, хуурамч эш үзүүлэгчийн амнаас мэлхий шиг гурван бузар сүнс гарахыг би харав. 14 Учир нь тэд бол тэмдгүүдийг үйлдэн, Төгс хүчит Бурханы агуу өдрийн дайнд хамтад нь цуглуулахаар бүх дэлхийн хаад дээр гарч очих чөтгөрүүдийн сүнснүүд юм. 15 (Харагтун, Би хулгайч шиг ирнэ. Сэрүүн байж, хувцсаа сахьдаг хүн ерөөлтэй еэ! Эс тэгвэл, тэр хүн нүцгэн явж, ичгүүрийг нь хүмүүс харах вий.) 16 Тэд хаадыг еврейгээр "Хармагедон" гэгддэг газарт цуглуулав. 17 Долоо дахь нь аягатайгаа агаарт асгав. Сүм дотроос сэнтийнээс —Энэ дууслаа гэх чанга дуу гарав. 18 Цахилгаан гялбаж, дуу гарч, аянга бууж, газар асар хүчтэй хөдлөв. Хүнийг дэлхий дээр байх болсноос хойш болж байгаагүй тийм хүчтэй, тийм агуу газар хөдлөлт болов. 19 Агуу хот гурван хэсэг болон хуваагдаж, үндэстнүүдийн хотууд нурав. Агуу их Вавилон Бурханы өмнө дурсагдсан учраас Бурхан Өөрийн догшин уур хилэнгийн дарсны аягыг түүнд өгөв. 20 Арал бүр зугтаж, уулс олдсонгүй. 21 Нэг талант жинтэй асар том мөндрүүд хүмүүсийн дээр тэнгэрээс буухад мөндрийн гамшгаас болж хүмүүс Бурханыг доромжлов. Учир нь үүний гамшиг үлэмж агуу байлаа.

17

1 Долоон аягатай долоон тэнгэр элчийн нэг нь ирж надтай ярилцан —Нааш ир. Их усны дээр суух агуу янхныг шүүх шүүлтийг би чамд харуулъя. 2 Дэлхийн хаад тэр эмтэй завхайрлыг үйлдэн, дэлхий дээр нутаглагсад түүний завхайрлын дарснаас ууж согтуурцгаав гэв. 3 Тэнгэр элч намайг Сүнс дотор цөлд авчрав. Би долоон толгойтой, арван эвэртэй, доромжлолын нэрсээр дүүрэн час улаан араатан дээр суух нэгэн эмэгтэйг харлаа. 4 Тэр эмэгтэй нил ягаан болон час улаан өнгийн хувцастай бөгөөд алт, үнэт чулууд, сувдаар гоёсон байв. Тэр жигшүүрт юмс болон өөрийн завхайрлын бузар юмсаар дүүрэн алтан хундагыг гартаа барьжээ. 5 Түүний духан дээр "Дэлхийн янхнуудын ба жигшүүрт юмсын эх агуу их Вавилон" гэсэн нууц нэр бичигдсэн байв. 6 Тэр эм ариун хүмүүсийн цуснаас болон Есүсийг гэрчлэгчдийн цуснаас уугаад согтохыг би харав. Би түүнийг хараад, ихэд гайхлаа. 7 Өнөөх тэнгэр элч надад —Чи юунд гайхна вэ? Энэ эмэгтэйн болон түүнийг авч яваа долоон толгойтой, арван эвэртэй араатны нууцыг би чамд хэлье. 8 Чиний харсан араатан нь байсан боловч одоо байхгүй. Тэр ёроолгүй гүнээс гарч ирэн, сүйрэл уруу явах гэж байна. Ертөнцийн сууриас хойш амийн номд нэрс нь бичигдээгүй дэлхий дээр нутаглагсад тэр араатныг хараад гайхах болно. Тэр байсан боловч одоо байхгүй, дараа ирнэ. 9 Энд мэргэн ухаан бүхий оюун санаа байна. Долоон толгой бол тэр эмэгтэйн сууж байгаа долоон уул бөгөөд долоон хаан юм. 10 Тав нь унасан бөгөөд нэг нь байгаа. Нөгөө нь хараахан ирээгүй аж. Тэр ирэхдээ хоромхон зуур саатах ёстой. 11 Байсан, одоо байхгүй өнөөх араатан бол найм дахь нь юм. Тэр бол өнөөх долоогийн нэг нь бөгөөд сүйрэл уруу явна. 12 Чиний харсан арван эвэр бол хаанчлалыг хараахан хүлээн аваагүй байгаа арван хаан юм. Гэвч тэд араатантай хамт нэг цагийн турш хаад мэт эрх мэдлийг хүлээж авна. 13 Тэд нэг зорилготой бөгөөд өөрсдийн хүч, эрх мэдлийг араатанд өгнө. 14 Тэд Хурганы эсрэг дайн хийх бөгөөд Хурга тэднийг ялах болно. Учир нь Тэр бол эздийн Эзэн, хаадын Хаан билээ. Түүнтэй хамт байгчид нь дуудагдсан, сонгогдсон, итгэмжит хүмүүс юм гэв. 15 Тэр надад —Янхан эмийн сууж байгаа чиний харсан ус бол ард түмэн, хурсан олон, үндэстнүүд ба хэлтнүүд юм. 16 Чиний харсан арван эвэр ба араатан нь янхныг үзэн ядаж, түүнийг хоосруулж, нүцгэлж, махан биеийг нь идээд, түүнийг галаар шатаах болно. 17 Учир нь Бурханы үгс биелэгдэх хүртэл нийтлэг зорилготой байснаар болон араатанд тэдний хаанчлалыг өгснөөр Бурхан Өөрийнхөө зорилгыг биелүүлэхийн тулд тэдний зүрхэнд үүнийг хийсэн юм. 18 Чиний харсан тэр эм бол дэлхийн хаадыг хаанчлах агуу хот мөн гэв.

18

1 Үүний дараа агуу эрх мэдэлтэй өөр нэгэн тэнгэр элч тэнгэрээс буухыг би харав. Дэлхий түүний цог жавхлангаар гэрэлтэв. 2 Тэр хүчит дуугаар хашхиран —Агуу Вавилон нурлаа. Нурлаа. Тэрээр чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнох газар, бүх бузар, жигшүүрт шувуудын үүр болсон байна. 3 Учир нь түүний завхайрлын тачаалын дарснаас бүх үндэстэн ууж согтоцгоожээ. Дэлхийн хаад түүнтэй завхайрч, дэлхийн худалдаачид түүний хээнцэр тансгийнх нь хүчээр баяжицгаав гэв. 4 Би тэнгэрээс өөр нэг дуу гарахыг сонсов. —Миний ард түмэн, та нар тэр эмийн нүглүүдэд нь хамтрагч болохгүйн тулд болон түүний гамшгийг хүлээж авахгүйн тулд түүнээс гарагтун. 5 Яагаад гэвэл түүний нүглүүд нь тэнгэрт тултал овоорсон бөгөөд Бурхан түүний гэм бурууг санасан. 6 Түүний төлсөнчлөн түүнд буцааж төл. Үйлсийнх нь дагуу түүнд хоёр дахин их буцааж өг. Түүний найруулж байсан аяганд нь хоёр дахин их найруулж өг. 7 Тэр өөрийгөө хичнээн их алдаршуулж, хээнцэр тансаг байсных нь хэмжээгээр түүнд тарчлал, уй гашууг өг. Учир нь тэр зүрхэндээ "Би хатан хаан мэт суудаг. Би бэлэвсэн эм биш бөгөөд уй гашууг хэзээ ч үзэхгүй" гэж хэлдэг. 8 Тиймээс нэг өдөр түүний гамшиг болох үхэл, гашуудал, өлсгөлөн нь ирнэ. Түүнийг галаар шатаана. Яагаад гэвэл түүнийг шүүгч Эзэн Бурхан хүчтэй. 9 Түүнтэй завхайран, хээнцэр тансаг амьдарсан дэлхийн хаад түүнийг шатахад гарах утааг хараад уйлж, гашуудна. 10 Тэд түүний тарчлалаас айсандаа зайдуу зогсоод —Агуу хот, хүчит хот Вавилон золгүй еэ, золгүй еэ! Цагийн дотор шийтгэл чинь ирлээ гэцгээнэ. 11 Дэлхийн худалдаачид уйлж, түүний төлөө гашуудна. Учир нь тэдний ачаа барааг дахиж хэн ч худалдаж авахгүй. 12 Ачаа бараа нь гэвэл алт, мөнгө, эрдэнэсийн чулууд, сувд, нарийн маалинга, нил ягаан даавуу, торго, час улаан даавуу, анхилуун үнэртэй төрөл бүрийн мод, зааны ясан эдлэлүүд, хамгийн үнэтэй модоор ба зэс, төмөр, гантигаар хийсэн янз бүрийн эдлэлүүд, 13 шанц, халуун ногоо, утлага, анхилуун үнэртэн, гүгэл, дарс, чидуны тос, нарийн гурил, буудай, үхэр, хонь, морьд, тэрэг, боол ба хүний амь байв. 14 Сэтгэл чинь хүсэн тэмүүлдэг үр жимс чамайг орхисон. Хээнцэр, тансаг байсан бүх юмс чамайг орхин одсон. Тэдгээр нь дахиж олдохгүй. 15 Түүнээс баяжсан эдгээр зүйлийн худалдаачид, түүний тарчлалаас айсандаа зайдуу зогсоод уйлж, гашуудан — 16 Нарийн маалинга, нил ягаан, час улаан хувцас өмссөн, алт болон үнэт чулуунууд, сувдаар гоёсон агуу хот золгүй еэ, золгүй еэ! 17 Ийм үлэмж их баялаг ганцхан цагийн дотор сүйтгэгдэв гэцгээнэ. Усан онгоцны ахмад бүр, зорчигч бүр, далайчин бүр, тэнгисээр амь зуулгаа олдог бүхэн зайдуу зогсоод 18 галынх нь утааг харангаа, —Агуу их хоттой адил ямар хот байна вэ? гэж хашхирч байлаа. 19 Тэд толгой дээрээ шороо цацаж, уйлж, гашуудаж, хашхиралдан —Агуу их хот, золгүй еэ, золгүй еэ! Тэнгист усан онгоцтой бүхэн түүний баялгаар баяжсан билээ. Хот ганц цагийн дотор сүйрлээ. 20 Өө, тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, тэр хотын улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв гэв. 21 Хүчит нэгэн тэнгэр элч тээрмийн асар том чулуу шиг чулууг авч тэнгис уруу чулуудангаа —Агуу хот Вавилон ийнхүү хүчээр доош хаягдана. Тэгээд хойшид олдохгүй. 22 Босоо ятгачид, хөгжимчид, бишгүүрчид, бүрээчдийн эгшиг аялгуу цаашид чиний дотор сонсогдохгүй. Алив урлалыг урласан ямар ч дархан чиний дотор цаашид олдохгүй. Тээрмийн чимээ чиний дотор цаашид сонсогдохгүй. 23 Дэнлүүний гэрэл чиний дотор цаашид гэрэлтэхгүй. Сүйт залуу, сүйт бүсгүйн дуу чиний дотор цаашид сонсогдохгүй. Яагаад гэвэл худалдаачид чинь дэлхийн агуу хүмүүс байсан. Яагаад гэвэл ид шидэнд чинь бүх үндэстэн мэхлэгдсэн юм. 24 Эш үзүүлэгчид, ариун хүмүүсийн болон дэлхий дээр алагдсан бүх хүмүүсийн цус чиний дотроос олдсон юм гэлээ.

19

1 Үүний дараа хурсан олон түмний дуу мэт чимээ тэнгэрт гарахыг би сонсов. Тэд —Халлелуяа! Аврал, алдар, хүч нь бидний Бурханд байдаг. 2 Яагаад гэвэл Түүний шүүлт үнэн бөгөөд зөвт. Учир нь завхайрлаараа дэлхийг ялзруулж байсан агуу их янхныг Тэр шийтгэв. Тэр Өөрийн боолуудын цусны өшөөг түүнээс авсан гэлээ. 3 Хоёр дахь удаагаа тэд —Халлелуяа! Түүний утаа нь үеийн үед суунаглана гэв. 4 Хорин дөрвөн ахлагч болон дөрвөн амьтан унаж, сэнтийнд залрагч Бурханд мөргөж —Амен. Халлелуяа! гэв. 5 Сэнтийнээс дуу гарч —Түүний бүх боолууд аа, Түүнээс эмээгч их, бага хүмүүс та нар бидний Бурханд магтаалыг өргө гэв. 6 Хурсан олон түмний дуу хоолой шиг, их усны шуугиан шиг, хүчит аянгын нүргээн шиг дуу гарахыг би сонсов. —Халлелуяа! Төгс хүчит Эзэн [бидний] Бурхан хаанчилдаг. 7 Баярлан хөөрч, баясан цэнгэж, Түүнд алдрыг нь өргөцгөөе. Учир нь Хурганы хурим болж, Түүний сүйт бүсгүй өөрийгөө бэлдэв. 8 Тэрээр гялалзсан, цэвэрхэн нарийн маалингаар хувцаслах болжээ. Учир нь тэрхүү нарийн маалинга бол ариун хүмүүсийн зөвт үйлс юм. 9 Тэр надад —"Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ!" гэж бичигтүн гээд —Эдгээр нь Бурханы үнэн үгс мөн гэлээ. 10 Намайг тэнгэр элчид мөргөхөөр хөлд нь унасанд тэр надад —Ингэсний хэрэггүй. Би бол чиний болон Есүсийн гэрчлэлтэй ах дүүсийн чинь хамтран зүтгэгч боол билээ. Бурханд мөргө. Учир нь Есүсийн гэрчлэл бол эш үзүүлэгчийн сүнс мөн гэв. 11 Би тэнгэр нээгдсэнийг харлаа. Харагтун, цагаан зүсмийн морь болон түүнийг унаж яваа Нэгэн нь "Итгэмжит бөгөөд Үнэн" гэгддэг. Тэр зөвт байдал дотор шүүдэг, дайтдаг. 12 Түүний мэлмий нь галын дөл шиг, тэргүүн дээр нь олон титэм байна. Өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй нэр дээр нь бичээстэй байлаа. 13 Тэр цусанд дүрэгдсэн дээл өмсжээ. Түүний нэрийг "Бурханы Үг" гэдэг ажээ. 14 Цагаан өнгөтэй цэвэрхэн, нарийн маалинган хувцас өмссөн, тэнгэр дэх дайчид цагаан зүсмийн морьд унан Түүнийг дагаж байв. 15 Түүний амнаас нь хурц сэлэм цухуйх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг устгах юм. Тэр үндэстнүүдийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсан шахуургыг шахна. 16 Тэр дээл болон гуян дээрээ "Хаадын Хаан, эздийн Эзэн" гэж бичсэн нэртэй ажээ. 17 Наран дээр нэгэн тэнгэр элчийн зогсож байхыг би харав. Тэр чанга дуугаар хашхиран тэнгэрийн дундуур нисэж буй бүх шувуудад —Ирцгээ. Бурханы их зоогон дээр чуулагтун. 18 Ингэснээр та нар хаадын мах, мянгатын дарга нарын мах, хүчит эрсийн мах, морьд болоод морьтонгуудын махыг, эрх чөлөөт хүмүүс ба боолчуудын, их бага бүх хүмүүсийн махыг идэх юм хэмээн хэлэв. 19 Морь унасан Түүний эсрэг болон дайчдынх нь эсрэг дайтахаар цугласан араатан болоод газрын хаад, тэдний дайчдыг би харав. 20 Өнөөх араатан болоод түүнтэй хамт хуурамч эш үзүүлэгч баригдав. Энэ хуурамч эш үзүүлэгч нь араатны өмнө тэмдгүүдийг үйлдсэнээрээ араатны тэмдгийг хүлээн авсан хүмүүс болон араатны хөрөгт мөргөсөн хүмүүсийг мэхэлсэн юм. Тэр хоёрыг амьдаар нь шатаж буй хүхэртэй галт нуурт хаяв. 21 Бусад нь морь унасан Нэгэний амнаас цухуйх сэлмэнд алагдсан бөгөөд бүх шувууд тэдний маханд цадав.

20

1 Гартаа ёроолгүй гүний түлхүүр, асар том гинжтэй тэнгэр элч тэнгэрээс бууж ирэхийг би харав. 2 Тэрээр диавол ба Сатан болох эртний могой буюу лууг бариад, түүнийг хүлж, мянган жилийн турш 3 ёроолгүй гүнд хаяжээ. Тэгээд мянган жилийг нь дуустал үндэстнүүдийг цаашид мэхлүүлэхгүйн тулд түүнийг түгжээд лацдав. Үүний дараа тэр ахархан хугацаанд суллагдах ёстой аж. 4 Би сэнтийнүүдийг харав. Тэд дээр нь заларчээ. Тэдэнд шүүх эрх өгөгдсөн байлаа. Мөн Есүсийн гэрчлэл болон Бурханы үгээс болж цаазлуулсан хүмүүсийн болон араатанд ба түүний хөрөгт мөргөөгүй, дух хийгээд гар дээрээ араатны тэмдгийг хүлээн аваагүй хүмүүсийн сэтгэлүүдийг би харав. Тэд амилаад Христтэй хамт мянган жилийн турш хаанчилжээ. 5 Үхэгсдээс үлдсэн нь мянган жилийг дуустал амилсангүй. Энэ бол анхны амилалт юм. 6 Анхны амилалтад багтсан хүн ерөөлтэй агаад ариун юм. Хоёр дахь үхэл тэднийг захирах ямар ч хүчгүй ажээ. Харин тэд Бурханы ба Христийн тахилч нар болцгоож, Түүнтэй хамт мянган жилийн турш хаанчлах болно. 7 Мянган жил төгсөх үед Сатан шоронгоосоо суллагдан, 8 дэлхийн дөрвөн өнцөгт буй үндэстнүүдийг, Гог болон Магогийг мэхлэн, тэднийг дайнд хамтад нь цуглуулахын тулд гарч ирнэ. Тэдний тоо тэнгисийн эргийн элс шиг аж. 9 Тэд газрын энгээр нэг тарж, ариун хүмүүсийн хуаран, хайрлагдсан хотыг бүсэлжээ. Тэнгэрээс гал бууж тэднийг залгив. 10 Тэднийг мэхэлсэн диавол хүхэр бүхий галт нуурт хаягдлаа. Тэнд ч мөн араатан болоод хуурамч эш үзүүлэгч байгаа аж. Тэд өдөр шөнөгүй үеийн үед тарчилна. 11 Цагаан өнгөтэй агуу их сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар олдсонгүй. 12 Үхсэн их бага хүмүүс сэнтийний өмнө зогсож байхыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэгэн ном дэлгээстэй байсан бөгөөд тэр нь амийн ном юм. Үхэгсэд нь өөрсдийн үйлсийн дагуу энэхүү номд бичигдсэн зүйлсээр шүүгдэв. 13 Тэнгис дотроо байсан үхэгсдийг гаргаж өгөв. Үхэл ба Үхэгсдийн орон өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өгөв. Тэдний нэг бүр нь үйлсийнхээ дагуу шүүгдэв. 14 Тэгээд үхэл ба Үхэгсдийн орон галт нуурт хаягдлаа. Энэ бол хоёр дахь үхэл буюу галт нуур болой. 15 Хэрэв хэн нэгний нэр амийн номд бичигдсэн нь олдохгүй бол тэр хүн галт нуурт хаягдсан байна.

21

1 Би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож, тэнгис байхгүй болов. 2 Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө очихоор гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэхийг би харлаа. 3 Сэнтийнээс чанга дуу гарахыг би сонсов. —Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж [тэдний Бурхан нь болно]. 4 Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо. 5 Сэнтийнд Залрагч —Харагтун, Би бүх юмсыг шинэ болгож байна гээд —Бичигтүн, эдгээр үгс итгэмжит бөгөөд үнэн гэв. 6 Тэр надад —Энэ нь дууслаа. Би бол Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл. Цангасан нэгэнд Би амийн усны булгаас өгнө. 7 Ялагч нь эдгээр зүйлсийг өвлөх бөгөөд Би түүний Бурхан болж, тэр Миний хүү болно. 8 Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхай хүмүүс, мэргэ төлөгчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалч хүмүүсийн хувьд, тэдэнд оногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуурт байна гэв. 9 Сүүлчийн долоон гамшгаар дүүрэн долоон аягатай долоон тэнгэр элчийн нэг нь ирээд надтай ярилцан —Нааш ир. Би чамд Хурганы эхнэр болох сүйт бүсгүйг үзүүлье гэв. 10 Тэр намайг сүрлэг өндөр уулан дээр Сүнс дотор аваачаад Бурханаас гарч, тэнгэрээс буун ирж буй ариун хот Иерусалимыг үзүүллээ. 11 Түүнд Бурханы алдар нь байлаа. Гялбаа нь үнэт чулуу мэт бөгөөд талст шиг тунгалаг хас чулуу мэт байв. 12 Тэр нь асар том өндөр хэрэмтэй бөгөөд арван хоёр хаалгатай байлаа. Хаалганууд дээр нь арван хоёр тэнгэр элч байлаа. Тэдгээрийн дээр Израилийн хөвгүүдийн арван хоёр овгийн нэрс бичигдсэн байв. 13 Зүүн талд нь гурван хаалга, хойд талд нь гурван хаалга, өмнө талд нь гурван хаалга, баруун талд нь гурван хаалга байх аж. 14 Хотын хэрэм нь арван хоёр суурьтай агаад тэдгээрийн дээр Хурганы арван хоёр элчийн арван хоёр нэрс байлаа. 15 Надтай ярьсан тэнгэр элчид хот болон хаалгануудыг, мөн хэрмийг нь хэмжих алтан шугам байв. 16 Хот нь дөрвөлжин бөгөөд урт нь өргөнтэйгөө адил аж. Тэнгэр элч хотыг шугамаараа хэмжихэд урт, өргөн, өндөр нь адилхан арван хоёр мянган стадиа байлаа. 17 Тэр хотын хэрмийг хэмжихэд, хүний хэмжээс ба мөн тэнгэр элчийн хэмжээсээр зуун дөчин дөрвөн пехус болов. 18 Хэрмийг хас чулуугаар хийсэн бөгөөд хот нь тунгалаг шил мэт шижир алт ажээ. 19 Хотын хэрмийн сууриуд нь төрөл бүрийн эрдэнийн чулуугаар чимэглэгджээ. Эхний суурь нь хас, хоёр дахь нь индранил, гурав дахь нь гартаам, дөрөв дэх нь маргад эрдэнэ, 20 тав дахь нь мамагартаам, зургаа дахь нь нал, долоо дахь нь хашиг, найм дахь нь биндэрьяа, ес дэх нь молор, арав дахь нь мана, арван нэг дэх нь оюу, арван хоёр дахь нь ягаан болор байв. 21 Арван хоёр хаалга нь арван хоёр сувд ажээ. Хаалга нэг бүр нь нэгэн цул сувд байсан бөгөөд хотын гудамж нь тунгалаг шил мэт шижир алт байв. 22 Би хотод ямар ч сүм харсангүй. Учир нь Төгс хүчит Эзэн Бурхан ба Хурга бол тэндхийн сүм юм. 23 Хотод дээрээс нь гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлсэн бөгөөд дэнлүү нь Хурга байлаа. 24 Үндэстнүүд тэр гэрлээр нь алхацгааж, газрын хаад тийшээ алдраа авчирна. 25 Хотын хаалганууд өдөр хэзээ ч хаагдахгүй. Учир нь тэнд шөнө гэж байхгүй. 26 Тэд үндэстнүүдийн алдар, хүндлэлийг тийшээ авч ирнэ. 27 Ямар ч бузар юм болон жигшүүрт зүйл үйлддэг болон худал ярьдаг хэн ч хэзээ ч тийшээ орохгүй. Харин зөвхөн Хурганы амийн номд нэрс нь бичигдсэн хүмүүс л орох ажгуу.

22

1 Тэр надад Бурханы болон Хурганы сэнтийнээс гарах талст мэт гялалзсан амийн усны голыг үзүүлсэн нь 2 гудамжных нь төвд байв. Голын хоёр талд арван хоёр төрлийн үр жимс ургуулан, сар бүр үр жимсээ боловсруулж буй амийн мод байлаа. Тэр модны навчис нь үндэстнүүдийг эдгээхийн тулд байв. 3 Тэнд цаашид ямар ч хараал байхгүй болно. Мөн Бурхан ба Хурганы сэнтий түүний дотор байж, боолууд нь Түүнд үйлчилнэ. 4 Тэд Түүний царайг харна. Мөн Түүний нэр тэдний духан дээр байх болно. 5 Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнлүүний гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Учир нь Эзэн Бурхан тэднийг гийгүүлнэ. Тэгээд тэд үеийн үед хаанчлах болно. 6 Тэр надад —Эдгээр үгс нь итгэмжит бөгөөд үнэн. Эш үзүүлэгчдийн сүнсний Бурхан Эзэн удахгүй болох ёстой зүйлсийг Өөрийн зарц нартаа үзүүлэхийн тулд тэнгэр элчээ илгээв. 7 "Харагтун, Би удахгүй ирнэ. Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сахигч нь ерөөлтэй еэ!" гэсэн гэж хэлэв. 8 Иохан, би бол эдгээр зүйлсийг үзэж, сонссон нэгэн юм. Би үзэж, сонсоод эдгээр зүйлсийг надад үзүүлсэн тэнгэр элчид мөргөхөөр хөлд нь унав. 9 Тэр надад —Ингэсний хэрэггүй. Би бол чиний болон эш үзүүлэгч ах дүүсийн чинь, мөн энэхүү номын үгсийг сахигсдын хамтран зүтгэгч боол билээ. Бурханд мөргө гэв. 10 Тэр надад ингэж хэлэв. —Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг бүү лацад. Учир нь цаг ойрхон байна. 11 Бурууг үйлддэг нэгэн нь буруугаа үйлдсээр л байг. Бузар муу нэгэн нь бузар муу чигээрээ л байг. Зөвт нэгэн нь зөвт байдлаа хэрэгжүүлсээр л байг. Ариун нэгэн нь өөрийгөө ариунаар сахьсаар л байг. 12 Харагтун, Би удахгүй ирнэ. Хүн бүрд үйлдсэнийх нь дагуу буцаан төлөхийн тулд Миний шагнал Надтай хамт байгаа. 13 Би бол Альфа ба Омега, Эхэн ба Эцэс, Эхлэл ба Төгсгөл мөн. 14 Амийн мод уруу очих эрхтэй болохын тулд болон хаалгаар хот уруу орохын тулд дээлээ угаагчид нь ерөөлтэй еэ! 15 Гадна талд нь ноход, мэргэ төлөгчид, завхай хүмүүс, алуурчид, шүтээнд мөргөгчид болоод худлыг хайрладаг, үйлддэг бүхэн байна. 16 Есүс Би чуулгануудын төлөө та нарт эдгээр зүйлийг гэрчлэхийн тулд Өөрийн тэнгэр элчийг илгээлээ. Би бол Давидын Удам ба Үндэс, гэрэлт үүрийн цолмон билээ гэв. 17 Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг. 18 Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сонсогч бүрд би гэрчилж байна. Хэрэв хэн нэгэн нь эдгээрийн дээр нэмэх аваас, Бурхан энэхүү номд бичигдсэн гамшгуудыг түүнд нэмэх болно. 19 Хэрэв хэн нэгэн нь энэхүү эш үзүүллэгийн номын үгсээс хасах аваас Бурхан энэхүү номд бичигдсэн амийн модноос болон ариун хотоос хувийг нь хасах болно. 20 Эдгээр зүйлсийг гэрчлэгч Тэр —Тийм ээ, Би удахгүй ирнэ гэж айлдаж байна. Амен. Ирээрэй, Эзэн Есүс ээ! 21 Эзэн Есүсийн нигүүлсэл бүгдтэй хамт байх болтугай. Амен.