РОМ

1

1 Христ Есүсийн боол, элч болохоор дуудагдаж, Бурханы сайн мэдээний төлөө тусгаарлагдсан Паулаас - 2 Бурхан эш үзүүлэгчдээрээ дамжуулан Ариун Судруудад урьдаас амласан тэрхүү сайн мэдээ нь 3 Түүний Хүүгийн тухай юм. Тэр нь махан биеэр Давидын үр удмаас төрсөн бөгөөд 4 ариун байдлын Сүнсээр үхэгсдээс амилуулагдсанаар хүч дотор Бурханы Хүү гэж тодорхойлогдсон бидний Эзэн Есүс Христ мөн. 5 Бид Түүний нэрийн төлөө бүх Харь үндэстний дунд итгэлийн дуулгавартай байдлыг бий болгохын тулд Түүгээр дамжуулан нигүүлсэл болон элчийн үүргийг хүлээн авсан билээ. 6 Тэдний дунд та нар ч бас Есүс Христийнх болохоор дуудагдсан - 7 Ромд буй ариун хүмүүс байхаар дуудагдсан Бурханы хайртай бүх хүмүүст; Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар тайван нь та нарт байх болтугай. 8 Юуны өмнө, та бүгдийн төлөө би Есүс Христээр дамжуулан Бурхандаа талархаж байна. Яагаад гэвэл та нарын итгэл бүх ертөнц даяар тунхаглагдаж байна. 9 Түүний Хүүгийн сайн мэдээний дотор миний сүнсээрээ үйлчилдэг Бурхан та нарыг хэр их тасралтгүй дурсдгийг маань гэрчилнэ. 10 Залбирахдаа үргэлж Бурханы хүслээр одоо л нэг та нар дээр очих завшаан олдоосой гэж гуйдаг. 11 Учир нь та нарыг бат болгохын тулд сүнслэг зарим бэлгийг та нартай хуваалцах гэсэндээ би та нарыг харахыг ихэд хүсдэг. 12 Өөрөөр хэлбэл, та нарын дунд байхдаа бидний хэн хэн нь нөгөөгийнхөө, би та нарын, та нар миний итгэлээр хамтдаа зоригжих юм. 13 Ах дүү нар аа, бусад үндэстнүүдийн дунд олсны адил зарим үр дүнг та нарын дунд олохын тулд би олон удаа та нар уруу очих санаатай байсан боловч одоог хүртэл саад тотгортой байсныг та нар мэдээгүй байхыг би хүсэхгүй байна. 14 Грекчүүд болон бусад үндэстнүүд, мэргэн болон мунхаг хүмүүсийн хэн хэнд нь би өртэй. 15 Тиймд миний хувьд, Ромд байгаа та нарт ч мөн сайн мэдээг тунхаглахыг маш их хүсэж байна. 16 Би сайн мэдээнээс ичихгүй. Яагаад гэвэл тэр нь итгэгч хүн бүрийг, юуны түрүүнд Иудей, мөн түүнчлэн Грек хүнийг авралд хүргэх Бурханы хүч мөн. 17 Бурханы хүртээх зөвт байдал нь сайн мэдээний дотор илчлэгдсэн бөгөөд итгэлээс итгэлд хүргэдэг. Учир нь «Зөвт хүн итгэлээр амьдарна» гэж бичигдсэн байдаг. 18 Бурханы уур хилэн үнэнийг зөвт бусаар нуун дарагч хүмүүсийн аливаа бурханлаг бус ба зөвт бус байдлын эсрэг тэнгэрээс илчлэгддэг. 19 Учир нь Бурханы тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг юм. Учир нь Бурхан тэдэнд ил болгосон аж. 20 Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байгаа. Иймээс тэдэнд шалтаг байхгүй. 21 Яагаад гэвэл тэд Бурханыг мэдсэн атлаа Бурхан хэмээн Түүнийг алдаршуулсан ч үгүй, Түүнд талархал өргөсөн ч үгүй. Харин тэд бодол санаандаа хоосорч, мунхаг зүрх сэтгэл нь харанхуй болжээ. 22 Мэргэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон бөгөөд 23 үл муудагч Бурханы алдрыг мууддаг хүн, шувууд, дөрвөн хөлт амьтад хийгээд мөлхөгчидтэй адил дүрээр сольжээ. 24 Иймээс Бурхан тэднийг өөрсдийнхөө дунд бие биесээ гутааг гэж зүрх сэтгэлийнх нь хүсэл тачаалыг цэвэр бус байдалд тушаав. 25 Яагаад гэвэл, тэд Бурханы үнэнийг худал хуурмагаар сольж, үүрд магтагдах Бүтээгчийн оронд бүтээлд нь мөргөн, үйлчилжээ. Амен. 26 Ийм учраас Бурхан тэднийг гутамшигт хүсэл тачаалд нь тушаажээ. Тэдний эмэгтэйчүүд бэлгийн төрөлх харьцааг төрөлх бусаар сольцгоожээ. 27 Түүнчлэн мөн эрчүүд нь эмэгтэй хүнтэй бэлгийн төрөлх харьцаатай байхаа орхиод, нэг нэгэндээ тэмүүлэх хүсэлдээ шатаж, эрчүүд эрчүүдтэйгээ ичгүүрт зүйлийг үйлдэж, өөрсдийн алдааны зохих цээрлэлийг өөрсөддөө хүртэж байна. 28 Тэд Бурханыг мэдэх нь зохистой гэж үзээгүй шиг, Бурхан тэднийг ёс суртахуунгүй оюун санаанд тушаав. Тэд хийх ёсгүй зүйлсийг үйлдэх болсон бөгөөд 29 бүхий л зөвт бус байдал, хорон муу, шунал, бузар булайгаар дүүрэн, атаа жөтөө, аллага, хэрүүл, заль мэх, хар санаагаар дүүрэн байж хов жив яригчид, 30 гүтгэгчид, Бурханыг үзэн ядагчид, дээрэлхүү, их зантай, сагсуу, хорон мууг санаачлагчид, эцэг эхдээ дуулгаваргүй, 31 ухваргүй, найдваргүй, үл хайрлагч, өршөөл үзүүлдэггүй хүмүүс болсон байна. 32 Ийм зүйлсийг үйлдэгч нь үхвэл зохино гэсэн Бурханы зарлигийг тэд мэддэг хэрнээ өөрсдөө үйлдээд зогсохгүй, харин бусдыг үйлдэхэд нь сайшаадаг ажээ.

2

1 Тиймээс шүүдэг хүн бүр ээ, танд шалтаг байхгүй. Учир нь бусдыг шүүдгээрээ та өөрийгөө ялладаг. Яагаад гэвэл шүүдэг та мөн л эдгээрийг үйлддэг шүү дээ. 2 Харин ийм зүйлсийг үйлддэг хүмүүс дээр буух Бурханы шүүлт нь үнэний дагуу байдгийг бид мэднэ. 3 Ийм зүйлсийг үйлддэг хүмүүсийг шүүдэг атлаа өөрөө мөн л тэдгээрийг үйлддэг хүн ээ, та Бурханы шүүлтээс мултарна гэж бодож байна уу? 4 Эсвэл та Бурханы энэрэл өөрийг чинь гэмшүүлдэг гэдгийг мэдэлгүй, Түүний энэрэл, хүлцэл ба тэвчээрийн баяныг басамжлах уу? 5 Харин та өөрийн хатуу байдал, гэмшдэггүй зүрх сэтгэлээсээ болж уур хилэн ба Бурханы зөв шүүлтийн илчлэлтийн өдөр байх хилэгнэлийг өөр дээрээ хурааж байна. 6 Бурхан хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг өгнө. 7 Сайныг үйлдэхдээ тэвчээртэйгээр алдар, хүндэтгэл болон мөхөшгүй байдлыг хайдаг хүмүүст мөнх амь өгнө. 8 Харин хувиа хичээгч, үнэнийг дагадаггүй, харин зөв бусыг дагадаг хүмүүст уур хилэн ба хилэгнэл буулгана. 9 Бузар мууг үйлдэгч хүн бүрийн дээр цөхрөл, зовлон байх болно. Юуны түрүүнд энэ нь Иудей, мөн түүнчлэн Грек хүмүүст байна. 10 Харин сайныг үйлдэгч хүн бүрд алдар, хүндэтгэл ба амар тайван нь байх болно. Юуны түрүүнд энэ нь Иудей мөн түүнчлэн Грек хүмүүст байна. 11 Бурханд ялгаварлах үзэл байдаггүй. 12 Хуульгүйгээр нүгэл үйлдсэн бүх хүн мөн Хуульгүйгээр мөхөх болно. Хуулийн доор нүгэл үйлдсэн бүх хүн Хуулиар шийтгэгдэх болно. 13 Учир нь Хуулийг сонсогчид нь Бурханы өмнө зөв байх бус, харин Хуулийг биелүүлэгчид нь зөвтгөгдөх болно. 14 Харь үндэстнүүд Хуульгүй боловч төрөлх байдлаараа Хуулийн зүйлсийг үйлдвэл, Хуульгүй боловч тэдгээр нь өөрсдөд нь хууль болдог. 15 Хуулийн шаарддаг үйлс нь тэдний зүрх сэтгэлд бичигдсэнийг тэд харуулдаг. Тэдний мөс чанар ч хамт гэрчилж, тэдний бодол санаа ч нэг нэгнээ буруутгадаг, эсвэл өмгөөлдөг. 16 Миний сайн мэдээний дагуу, энэ нь Бурхан хүмүүсийн нууц зүйлсийг Христ Есүсээр шүүх өдөрт болно. 17 Хэрэв та Иудей хэмээх нэр зүүж, Хуульд найдан, Бурханаар сайрхдаг агаад 18 Хуулиас заалгаснаар Түүний хүслийг мэдэн, онц сайн юмсыг таньдаг юм бол, 19 мөн Хууль дотор мэдлэгийн болон үнэний цогцтой гээд, сохруудын газарч, харанхуйд байдаг хүмүүсийн гэрэл, 20 мунхаг хүмүүсийн сургагч, балчир хүмүүсийн багш гэж өөртөө итгэлтэй байдаг юм бол, 21 тэгвэл бусдад заагч та өөртөө заадаггүй юм уу? Хулгай бүү хий гэж номлодог та өөрөө хулгай хийдэг юм уу? 22 Бүү завхайр гэж ярьдаг та өөрөө завхайрдаггүй юм уу? Шүтээнүүдийг жигшдэг та өөрөө сүмүүдийг тонодог юм уу? 23 Хуулиар сайрхагч та өөрөө Хуулийг зөрчсөнөөрөө Бурханыг гутаадаг юм уу? 24 Учир нь «Бурханы нэр та нараас болж Харь үндэстнүүдийн дунд доромжлогддог» гэж бичигдсэн байдаг. 25 Хэрэв та Хуулийг биелүүлбэл хөвч хөндөлт нь тустай ажээ. Харин та Хуулийг зөрчигч нь мөн бол таны хөвч хөндөлт чинь хөвч хөндөлт биш болдог. 26 Тиймээс хэрэв хөвч хөндүүлээгүй хүн Хуулийн шаардлагуудыг сахивал тэр хүнийг хөвч хөндүүлээгүй бус, харин хөвч хөндүүлсэн гэж үзэх бус уу? 27 Хөвч хөндөлтийг биедээ хийлгээгүй хүн хэрэв Хуулийг сахивал, Хуулийн үсэг болон хөвч хөндөлттэй атлаа Хуулийг зөрчигч таныг шүүх бус уу? 28 Учир нь гаднах байдлаараа иудей нь иудей хүн биш бөгөөд махан биеийн гаднах хөвч хөндөлт нь ч хөвч хөндөлт биш. 29 Харин доторх байдлаараа иудей нь иудей хүн мөн. Үсгээр бус, Сүнсээр хийлгэсэн зүрх сэтгэлийн хөвч хөндөлт нь хөвч хөндөлт мөн. Тэр хүний магтаал нь хүнээс бус, харин Бурханаас ирдэг юм.

3

1 Иймээс иудей хүний давуу тал, эсвэл хөвч хөндөлтийн ашиг нь юу вэ? 2 Аль ч талаараа үлэмж их юм. Бүхнээс өмнө, Бурханы үгс тэдэнд даатгагдсан билээ. 3 Зарим нь итгээгүй бол яах вэ? Тэдний итгэлгүй байдал Бурханы итгэмжит байдлыг хүчингүй болгоно гэж үү? 4 Бүү ийм байх болтугай! Хүн бүр худалч байсан ч Бурхан нь үнэн байг. Энэ тухай «Та Өөрийн үгсээрээ зөвтгөгдөөсэй. Та шүүгдэхдээ ялаасай» гэж бичигджээ. 5 Хэрэв бидний зөв бус нь Бурханы зөвийг харуулдаг юм бол, бид юу хэлэх билээ? Уур хилэн буулгагч Бурхан нь зөв биш гэж үү? Би хүний ёсоор ярьж байна. 6 Бүү ийм байх болтугай! Тийм бол Бурхан ертөнцийг яаж шүүх юм бэ? 7 Хэрэв миний худал үгээр Бурханы үнэн нь Өөрийнх нь алдар дотор бялхдаг юм бол яагаад би одоо ч гэсэн нүгэлтэн адил шүүгддэг билээ? 8 «"Сайныг гаргахын тулд мууг үйлдэцгээе" гэж ярьж болохгүй гэж үү? Зарим нь биднийг ингэж ярьдаг хэмээн гүтгэн хэлдэг. Тэдний шийтгэл нь шударга юм. 9 Тэгвэл яах вэ? Бид тэднээс давуу юм уу? Огт үгүй. Иудейчүүд болон грекчүүд бүгд нүгэл дор байдаг гэж бид урьд нь ял тулгасан юм. 10 Энэ нь ингэж бичигдсэнчлэн, «Зөвт хүн алга. Ганц ч алга. 11 Ухаардаг хүн алга. Бурханыг хайдаг хүн алга. 12 Бүгд гажиж, цөмөөрөө хэрэгцээгүй болжээ. Сайныг үйлддэг хүн алга. Бүр ганц ч алга». 13 «Тэдний хоолой нь онгорхой булш юм. Тэд хэлээрээ хуурч мэхэлдэг». «Тэдний уруул доор могойн хор бий». 14 «Тэдний ам хараал болон гашуун үгээр дүүрэн аж». 15 «Тэдний хөл цус урсгахдаа түргэн, 16 тэдний замд сүйрэл болон гай гамшиг бий. 17 Тэд амар амгалангийн замыг мэдэхгүй». 18 «Тэдний нүдний өмнө Бурханаас эмээх айдас үгүй» 19 Хуулийн хэлж байгаа болгон нь Хуулийн доор байгч хүмүүст хандан ярьдаг гэдгийг бид мэддэг. Ингэснээр ам болгон таглагдаж, ертөнц даяараа Бурханы өмнө буруутгагдах болно. 20 Яагаад гэвэл ямар ч махан бие Хуулийн үйлсээр Түүний өмнө зөвтгөгдөхгүй. Хуулиар нүглийн мэдлэг ирдэг юм. 21 Харин эдүгээ Бурханы зөв нь Хуулиас ангид илэрхийлэгдэв. Үүнийг Хууль ба Эш үзүүлэгчид гэрчилсэн юм. 22 Есүс Христэд итгэх итгэлээр Бурханы зөв нь итгэгч бүх хүмүүст байна. Ялгаварлал байхгүй. 23 Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй, 24 харин Христ Есүс доторх золилтоор дамжуулан Түүний нигүүлслээр үнэгүй зөвтгөгдсөн билээ. 25 Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав. Ингэсэн нь Бурхан урьд нь үйлдэгдсэн нүглүүдийг тэвчин өнгөрүүлсэн учраас Өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд байсан бөгөөд 26 Тэр Өөрөө зөв байж, Есүст итгэгч хүнийг зөвтгөгч байхын төлөө эдүгээ цагт Өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд байсан юм. 27 Тэгвэл сайрхал хаана байна? Энэ нь зайлуулагджээ. Ямар хуулиар вэ? Үйлсийнх үү? Үгүй. Харин итгэлийн хуулиар ажээ. 28 Учир нь хүн Хуулийн үйлсээс ангид, итгэлээр зөвтгөгддөг гэж бид үздэг. 29 Эсвэл Бурхан зөвхөн иудейчүүдийнх юм гэж үү? Тэр мөн Харь үндэстнүүдийнх биш гэж үү? Тийм ээ, Тэр бас Харь үндэстнүүдийнх мөн. 30 Хөвч хөндүүлснийг нь ч итгэлээр, хөвч хөндүүлээгүйг нь ч итгэлээр зөвтгөх Бурхан бол үнэндээ ганц болой. 31 Тэгвэл бид итгэлээрээ Хуулийг хүчингүй болгох уу? Бүү ийм байх болтугай! Харин ч, бид Хуулийг тогтоодог.

4

1 Тиймд махан биеэрээ бидний өвөг болсон Абрахам юуг олсон гэж бид хэлэх вэ? 2 Хэрэв Абрахам үйлсээрээ зөвтгөгдсөн бол тэр сайрхах юмтай. Гэхдээ Бурханы өмнө биш. 3 Сударт юу гэж байна вэ? «Абрахам Бурханд итгэсэн. Энэ нь түүнийг зөвд тооцуулсан байна» гэдэг. 4 Ажил хийдэг хүний хувьд цалин нь өглөг бус, харин төлбөр гэж тооцогддог. 5 Харин ажил хийдэггүй боловч, бурханлаг бус хүнийг зөвтгөдөг Түүнд итгэдэг хүний хувьд итгэл нь зөвд тооцогддог. 6 Түүнчлэн Давид бас үйлсгүйгээр Бурханд зөв хэмээн тооцогдсон хүний ивээгдсэнийг ийнхүү хэлжээ. 7 «Хууль бус явдал нь уучлагдаж, Нүглүүд нь далдлагдсан хүмүүс ерөөлтэй. 8 Эзэн нүглийг нь огт үл тооцох тэр хүн ерөөлтэй» гэжээ. 9 Тэгвэл энэ ерөөл нь хөвч хөндүүлсэн хүмүүст хамаатай юу? Эсвэл хөвч хөндүүлээгүй хүмүүст бас хамаатай юм уу? Учир нь бид «Итгэл нь Абрахамыг зөвд тооцуулсан» гэж ярьдаг. 10 Тийм бол энэ нь яаж тооцуулсан юм бэ? Хөвч хөндүүлсэн байхдаа юм уу, эсвэл хөвч хөндүүлээгүй байхдаа юм уу? Хөвч хөндүүлсэн байхдаа биш, хөвч хөндүүлээгүй байхдаа юм. 11 Абрахам хөвч хөндүүлээгүй үедээ итгэлийн зөвийн тамгаар хөвч хөндөх ёслолын тэмдгийг хүлээн авчээ. Тэр хөвч хөндүүлэлгүй итгэх бүх хүмүүсийн эцэг нь болж, тэднийг зөвд тооцуулахын тулд ингэжээ. 12 Мөн хөвч хөндүүлээд зогсохгүй, бас хөвч хөндүүлээгүй байхад нь бидний эцэг Абрахамд байсан итгэлийн мөрөөр мөшгөгч хүмүүст хөвч хөндөлтийн эцэг болов. 13 Учир нь ертөнцийн өв залгамжлагч байх болно хэмээн Абрахамд болон түүний үр удамд өгөгдсөн амлалт нь Хуулиар бус, харин итгэлийн зөвт байдлаар байсан аж. 14 Учир нь хэрэв Хуулиар байгсад нь өв залгамжлагчид юм бол, итгэл нь хоосон болгогдсон бөгөөд амлалт устгагдсан юм. 15 Учир нь Хууль уур хилэнг авчирдаг. Харин хаана хууль байхгүй байна, тэнд бас зөрчил гэж байхгүй. 16 Тиймээс нигүүлслийн дагуу байхын тулд тэр амлалт нь итгэлээр ирдэг. Ингэснээр тэрхүү амлалт нь бүх үр удамд, зөвхөн Хуулийн үр удамд төдийгүй, мөн Абрахамын итгэлийн үр удамд ч баталгаатай байх юм. Абрахам бол 17 (Энэ нь «Би чамайг олон үндэстний эцэг болгосон» гэж бичигдсэнчлэн ажээ) үхэгсдэд амь өгөгч, байхгүйг байгаагаар дуудагч, өөрийн итгэсэн Бурханы өмнө бид бүгдийн эцэг юм. 18 «Чиний үр удам ийм болно» гэж урьд нь айлдсан ёсоор тийнхүү олон үндэстний эцэг болохын тулд тэр найдах аргагүй үед найдан итгэсэн. 19 Тэр зуугаад насалсан тул биеийнхээ бараг үхсэнийг болон Сарагийнх нь умай үхмэл болсныг мэдсэн хэдий ч итгэлээр дорой болсонгүй. 20 Харин Бурханы амлалтын талаар тэр үл итгэн тээнэгэлзэлгүй, харин ч итгэлээр хүчирхэгжихдээ Бурханд алдрыг нь өргөн, 21 Бурхан амласнаа биелүүлэх чадвартай гэдэгт бүрэн итгэлтэй байлаа. 22 Тиймээс энэ нь түүнийг зөвт байдалд тооцуулсан ажээ. 23 «Тэр зөвт байдалд тооцогдсон» гэж бичигдсэн нь зөвхөн түүний төлөө бус, 24 бидний Эзэн Есүсийг үхэгсдээс амилуулсан Түүнд итгэж, зөвт байдалд тооцогдох мөн бидний төлөө билээ. 25 Есүс бидний нүгэл хилэнцээс болж тушаагдсан бөгөөд бидний зөвтгөлийн төлөө амилуулагдсан юм.

5

1 Тиймээс итгэлээр зөвтгөгдсөн бид бидний Эзэн Есүс Христээр дамжуулан Бурхантэй эвлэрсэн билээ. 2 Мөн дотор нь зогсдог энэхүү нигүүлсэл уруу бид Түүгээр дамжуулан итгэлээр орох боломжтой болсон бөгөөд бид Бурханы алдрын найдварт баярладаг. 3 Түүгээр ч барахгүй, мөн зовлонтойдоо баярладаг. Учир нь зовлон зүдгүүр нь тэвчээрийг, 4 тэвчээр нь туршлагатай байхыг, туршлагатай байх нь найдварыг төрүүлдэг. 5 Найдвар нь урам хугалдаггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжуулан Бурханы хайр бидний зүрхэнд цутгагдсан байдаг. 6 Биднийг сул дорой байх үед, Христ тогтоосон цагт бурханлаг бус хүмүүсийн өмнөөс үхсэн билээ. 7 Зөвт хүний төлөө хэн нэгэн хүн бараг үхэхгүй. Харин сайн хүний төлөө бол хэн нэгэн хүн үхэхээр зүрхэлж магадгүй юм. 8 Гэвч биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм. 9 Тиймд эдүгээ Түүний цусаар зөвтгөгдсөн бид тэр тусмаа Түүгээр дамжуулан уур хилэнгээс ч аврагдах болно. 10 Учир нь хэрэв бид дайснууд байхдаа Хүүгийнх нь үхлээр Бурхантай эвлэрүүлэгдсэн юм бол, тэр тусмаа бид Түүний амиар аврагдах болно. 11 Зөвхөн үүнд ч биш, мөн Бурханы дотор бидний Эзэн Есүс Христээр дамжуулан баярлан хөөрдөг. Түүгээр бид эдүгээ эвлэрлийг авав. 12 Тиймээс нүгэл нь ганц хүнээр ертөнцөд орсны адил үхэл нь нүглээр дамжуулан орж ирэв. Тэрчлэн бүгд нүгэл үйлдсэн тул бүх хүмүүст үхэл тархав. 13 Учир нь Хуулиас өмнө ертөнцөд нүгэл байсан. Гэвч хэрэв хууль байхгүй бол нүгэл нь нүгэл хэмээн тооцогдохгүй. 14 Гэсэн хэдий ч үхэл нь Адамаас Мосе хүртэл ноёрхсон төдийгүй, ирэх байсан Түүний дүрс болох Адамын гэм буруутай адил байдлаар нүглийг үйлдээгүй хүмүүс дээр ч ноёрхож байсан ажээ. 15 Харин үнэгүй бэлэг бол алдаа зөрчилтэй адилхан биш. Учир нь хэрэв ганц хүний алдаа зөрчлөөс болж олон хүн үхсэн бол, тэгэх тусмаа Бурханы нигүүлсэл болон Есүс Христ гэгч ганц Хүний нигүүлслээр ирэх бэлэг нь олон хүнд бялхагдсан юм. 16 Бэлэг нь нүгэл үйлдсэн ганц хүнээр дамжуулан ирсэн зүйлтэй адилхан биш. Учир нь нэг талаас, нэг алдаа зөрчлийг дагалдан шүүлт нь ирж, ялд унагасан бол, нөгөө талаас олон алдаа зөрчлийг дагалдан үнэгүй бэлэг нь ирж, зөвтгөлд хүргэсэн билээ. 17 Учир нь хэрэв ганц хүний алдаа зөрчлөөс болж ганц хүнээр дамжуулан үхэл нь ноёрхсон бол, тэгэх тусмаа нигүүлслийн баялгийг болон зөвт байдлын бэлгийн бялхалыг хүлээн авагсад нь Есүс Христ гэгч ганц Хүнээр дамжуулан амь дотор ноёрхоно. 18 Тиймээс нэг алдаа зөрчлөөс болж бүх хүмүүс ялд унасны адил, ийнхүү нэг зөвт үйлээс болж бүх хүмүүс амийн зөвтгөлд хүрэв. 19 Учир нь ганц хүний дуулгаваргүй байдлаас болж олон хүн нүгэлтэн болгогдсоны адил түүнчлэн ганц Хүний дуулгавартай байдлаар олон хүн зөвт болгогдоно. 20 Алдаа зөрчил ихэссэн байхын тулд Хууль орж ирсэн. Гэвч хаана нүгэл ихэссэн байна, тэнд нигүүлсэл улам илүү бялхсан юм. 21 Ингэснээр нүгэл нь үхлээр ноёрхсончлон, нигүүлсэл нь бидний Эзэн Есүс Христээр дамжуулан мөнх аминд хүргэх зөвт байдлаар ноёрхох юм.

6

1 Тэгвэл бид юу гэж хэлэх вэ? Нигүүлсэл нь ихсэхийн тулд бид нүгэл дотор байсаар байх уу? 2 Бүү ийм байх болтугай! Нүгэлд үхсэн бид, цаашид түүн дотроо хэрхэн амьдрах вэ? 3 Эсвэл Христ Есүс уруу баптисм хүртсэн бид цөмөөрөө Түүний үхэл уруу баптисм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? 4 Тиймд Эцэгийн алдраар Христ үхэгсдээс амилуулагдсаны адил, бид мөн шинэ амийн дотор явахын тулд үхэл уруу баптисм хүртсэнээр Түүнтэй хамт оршуулагдсан юм. 5 Учир нь, хэрэв бид Түүний үхэлтэй адил байдалд холбогдсон юм бол, мэдээж бас Түүний амилалттай нь ч холбогдох болно. 6 Ингэхдээ хойшид биднийг нүгэлд боолчлуулалгүй, нүглийн биеийг маань хүчингүй болгохын тулд бидний хуучин хүн нь Түүнтэй хамт цовдлогдсоныг бид мэддэг. 7 Учир нь үхсэн нэгэн нь нүглээс чөлөөлөгдсөн. 8 Хэрэв бид Христтэй хамт үхсэн бол, мөн Түүнтэй хамт амьдрах болно гэдэгтээ бид итгэдэг. 9 Христ үхэгсдээс амилуулагдсан тул дахиж хэзээ ч үхэхгүйг бид мэднэ. Үхэл цаашид Түүнийг захирахгүй. 10 Учир нь Түүний үхсэн үхлийн хувьд, Тэр нэг удаа нүгэлд үхсэн бөгөөд харин Түүний амьдардаг амьдралын хувьд, Тэр Бурханд амьдардаг. 11 Түүнчлэн та нар өөрсдийгөө нүгэлд үхсэн боловч Бурханд Христ Есүсээр амьд байгаа гэж тооц. 12 Тиймээс биеийнхээ тачаангуй хүслүүдэд дуулгавартай байх ёстой хэмээдэг үхлийн биед чинь нүгэл бүү ноёрхог. 13 Биеийнхээ эрхтнүүдийг зөвт бус байдлын зэвсэг болгон нүгэлд бүү өргө. Харин Бурханд өөрсдийгөө үхэгсдээс амьд болгогсод мэт, мөн биеийнхээ эрхтнүүдийг зөвт байдлын зэвсэг болгон Бурханд өргө. 14 Учир нь нүгэл та нарыг захирахгүй. Яагаад гэвэл та нар хуулийн дор байгаа бус, харин нигүүлслийн дор байдаг. 15 Тэгвэл яах вэ? Бид хуулийн дор бус, харин нигүүлслийн дор байдаг учраас нүгэл үйлдэх үү? Бүү ийм байх болтугай! 16 Та нар өөрсдийгөө дуулгавартай байхаар боол болгон хэн нэгэнд өгөхдөө, үхэлд хүргэх нүглийн ч бай, эсвэл зөвт байдалд хүргэх дуулгавартай байдлын ч бай, дагах нэгнийхээ боол нь болдгоо мэдэхгүй гэж үү? 17 Харин Бурханд талархал нь байг. Учир нь та нар нүглийн боолууд байсан боловч та нар өөрсдөд чинь өгөгдсөн уг сургаалын хэв маягт зүрхнээсээ дуулгавартай болж, 18 нүглээс чөлөөлөгдөн зөвт байдлын боолууд болсон. 19 Та нарын махан бие сул дорой тул би хүний ёсоор хэлье. Та нар өөрсдийн эрхтнүүдийг ёс бус явдалд хүргэх цэвэр бус, ёс бус байдалд боол болгон өргөснийхөө адил түүнчлэн одоо өөрсдийн эрхтнүүдээ ариусгалд хүргэх зөвт байдалд боол болгон өргө. 20 Учир нь та нар нүглийн боол байхдаа зөвт байдлаас чөлөөтэй байжээ. 21 Тэгэхэд та нар одоо ичиж байгаа зүйлсээс ямар үр жимс авсан бэ? Учир нь тэдгээр зүйлсийн төгсгөл бол үхэл болой. 22 Харин одоо нүглээс чөлөөлөгдсөн бөгөөд Бурханд боолчлогдсон та нарт ариусгалд хүрэх үр жимс авдаг. Төгсгөл нь мөнх амь болой. 23 Учир нь нүглийн хөлс бол үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.

7

1 Ах дүү нар аа (хуулийг мэддэг хүмүүст би хэлж байна), хууль нь хүнийг амьд байхад л хүнийг захирдаг гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? 2 Учир нь гэрлэсэн эмэгтэй нөхрийгөө амьд байх үед нь нөхөртэйгөө хуулиар холбогддог. Харин хэрэв нөхөр нь нас барвал тэр эмэгтэй нөхрийн талаарх хуулиас чөлөөлөгдөх аж. 3 Тиймээс нөхрийгөө амьд байхад нь, тэр эмэгтэй өөр эртэй холбогдвол түүнийг завхай эм гэнэ. Харин хэрэв нөхөр нь нас барвал тэр эмэгтэй хуулиас чөлөөлөгдөнө. Ингэснээр тэрээр өөр эртэй холбогдсон ч тэр завхай эм биш юм. 4 Тийм учраас ах дүү нар минь, та нар Христийн биеэр дамжуулан Хуульд үхсэн. Ингэснээр Бурханы төлөө бид үр жимс гаргахын тулд үхэгсдээс амилсан өөр Нэгэнтэй та нар холбогдох юм. 5 Учир нь биднийг махан биеийн дотор байхад Хуулиар сэргээгдсэн нүгэлт хүсэл тачаалууд үхэлд хүргэх үр жимс ургуулахын тулд бидний эрхтнүүдэд ажиллаж байсан. 6 Харин бид юугаар хүлэгдсэн, түүндээ үхэн эдүгээ бид Хуулиас чөлөөлөгдсөн. Ингэснээр бид үсгийн хуучрал дотор биш, харин Сүнсний шинэлэг байдал дотор үйлчилдэг. 7 Тэгвэл бид юу ярих вэ? Хууль нь нүгэл үү? Бүү ийм байх болтугай! Гэхдээ Хуулиар биш бол би нүглийг мэдэхгүй байх байсан. Учир нь хэрэв Хууль «Бүү шунахайр» гэж хэлээгүй байсан бол би шунахайрлыг мэдэхгүй байх байсан. 8 Харин нүгэл тушаалаар шалтаглаж миний дотор зүсэн бүрийн шунахайрлыг төрүүлсэн. Учир нь Хуулиас ангид бол нүгэл нь үхмэл юм. 9 Нэгэн цагт би Хуульгүйгээр амьдарч байв. Харин тушаал ирснээр нүгэл амьдарч, би үхсэн. 10 Аминд хүргэх байсан энэхүү тушаал нь үхэлд хүргэдгийг би мэдэв. 11 Учир нь нүгэл тушаалаар шалтаглаж намайг мэхэлсэн бөгөөд намайг тушаалаар алсан. 12 Тиймээс Хууль бол ариун бөгөөд тушаал ч ариун, зөвт бөгөөд сайн юм. 13 Тиймд юу нь сайн, тэр нь надад үхлийн шалтгаан болсон уу? Бүү ийм байх болтугай! Харин юу нь сайн, түүгээр дамжуулан миний үхлийн шалтгаан болсноор нүгэл нь нүгэл гэж харагдахын тулд, тушаалаар дамжуулан нүгэл нь туйлын нүгэлт болохын тулд нүгэл нь үхэл болсон. 14 Учир нь Хууль бол сүнслэг гэдгийг бид мэддэг. Харин би махан биетэй бөгөөд нүглийн боолчлолд худалдагдсан. 15 Би юу үйлдэж байгаагаа өөрөө ч ойлгодоггүй. Учир нь би хийх хүсэлтэй зүйлээ хийдэггүй, харин үзэн яддаг зүйлээ хийж байна. 16 Хэрэв би өөрийн хүсдэггүй зүйлээ хийдэг юм бол, Хуулийг сайн гэдгийг өөрөө зөвшөөрч буй юм. 17 Харин эдүгээ цаашид би биш, харин миний дотор оршин байгч нүгэл нь үүнийг үйлддэг юм. 18 Учир нь миний дотор буюу миний махан биед ямар ч сайн зүйл байдаггүйг би мэддэг. Учир нь хүсэл нь миний дотор байвч, харин сайныг хийх нь үгүй. 19 Би өөрийн хүсдэг сайныг хийдэггүй, харин хүсдэггүй бузар муугаа хэрэгжүүлдэг. 20 Хэрэв би өөрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол цаашид би биш, харин миний дотор оршин байгч нүгэл нь үүнийг үйлддэг. 21 Ингээд сайныг үйлдэхийг хүсдэг миний дотор бузар муу нь байдаг гэсэн хуулийг би олж мэдлээ. 22 Би доторх хүнийхээ хувьд Бурханы хуульд баярладаг. 23 Гэвч миний эрхтнүүдэд өөр хууль байдаг бөгөөд тэр нь миний оюун ухааны хуультай дайтаж, намайг өөрийн минь эрхтнүүдэд байдаг нүглийн хуулийн хоригдол болгодог юм байна гэдгийг би харж байна. 24 Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ? 25 Бидний Эзэн Есүс Христээр Бурханд талархал нь байх болтугай. Иймд нэг талаар би өөрийн оюун ухаанаар Бурханы хуульд үйлчилдэг боловч, нөгөө талаар би өөрийн махан биеэрээ нүглийн хуульд үйлчилдэг.

8

1 Тиймд эдүгээ Христ Есүс дотор байгаа хүмүүст ямар ч ял байхгүй. 2 Учир нь Христ Есүс доторх амийн Сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн ажээ. 3 Махан бие мөхөс болохоор Хуулийн хийж чадаагүйг Бурхан хийсэн юм. Тэр Өөрийн Хүүг нүгэлт махан биетэй адил байдалд нүглийн тулд илгээж, махан биеийн дотор нүглийг шийтгэв. 4 Ингэснээр Хуулийн шаардлага нь махан биеийн дагуу бус, харин Сүнсний дагуу явагч бидэнд биелэгдэх болно. 5 Учир нь махан биеийн дагуу байгчид нь махан биеийн юмсыг боддог. Харин Сүнсний дагуу байгчид нь Сүнсний юмсыг боддог. 6 Махан биеийн бодол санаа бол үхэл, Сүнсний бодол санаа бол амь ба амар тайван болой. 7 Яагаад гэвэл махан биеийн бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм. Учир нь энэ нь Бурханы хуульд захирагддаггүй бөгөөд тэгж чадах ч үгүй. 8 Махан бие дотор байгсад Бурханд таашаагдаж чадахгүй. 9 Хэрэв Бурханы Сүнс үнэхээр та нарын дотор оршиж байвал, та нар махан бие дотор бус, харин Сүнс дотор байна. Хэрэв хэн нэгэнд Христийн Сүнс байхгүй бол тэр Түүнийх биш. 10 Хэрэв Христ та нарын дотор байгаа бол, нүглээс болж бие нь үхмэл хэдий ч, зөвт байдлын улмаас сүнс нь амьд байна. 11 Мөн үхэгсдээс Есүсийг амилуулсан Нэгэний Сүнс та нарын дотор оршвоос, Христ Есүсийг үхэгсдээс амилуулсан Тэр та нарын дотор оршдог Өөрийн Сүнсээр дамжуулан үхлийн биест чинь амь өгнө. 12 Тиймд ах дүү нар аа, бид махан биеийн дагуу амьдрахын тулд махан биед өртөнгүүд биш. 13 Учир нь хэрэв та нар махан биеийн дагуу амьдарвал үхэх ёстой. Харин та нар Сүнсээр биеийн үйлсийг үхэлд хүргэвэл амьдрах болно. 14 Учир нь Бурханы Сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурханы хөвгүүд юм. 15 Дахин айдаст хүргэх боолчлолын сүнсийг та нар хүлээн аваагүй, харин үрчлэлийн Сүнсийг авсан билээ. Түүгээр бид «Аав! Эцэг минь!» гэж дууддаг. 16 Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. 17 Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь бас мөн. Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол, бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид юм. 18 Учир нь энэхүү өнөө үеийн зовлонгууд нь бидэнд илчлэгдэх тэрхүү алдартай зүйрлүүлшгүй гэж би боддог. 19 Учир нь бүтээлийн тэсэж ядсан тэмүүлэл нь Бурханы хөвгүүдийн илчлэгдэхийн хүслэн болж хүлээдэг. 20 Учир нь бүтээл нь өөрийнхөө хүслээр бус, харин өөрийг нь захирсан Түүний улмаас хоосонд захирагдсан юм. 21 Энэ нь бүтээл нь өөрөө ч мөн ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж, Бурханы хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд авчрагдах болно гэсэн найдварын улмаас юм. 22 Учир нь өнөөг хүртэл бүх бүтээл нь хамтдаа ёолон, хамтдаа төрөх зовлонг эдэлдгийг бид мэднэ. 23 Зөвхөн үүнд ч биш, харин бас бид өөрсөддөө Сүнсний анхны үр жимснүүдтэй байх төдийгүй бидний биеийн золилт болох үрчлэлийг тэсэж ядан хүлээхдээ өөрсдийнхөө дотор ёолдог. 24 Учир нь бид найдвараар аврагдсан байлаа. Гэхдээ харагдаж байгаа найдвар нь найдвар биш юм. Хүн харж буй зүйлдээ найдахын хэрэг юу байна? 25 Харин бид харахгүй байгаа зүйлдээ найдвал түүнийгээ тэвчээртэйгээр хүлээдэг. 26 Үүнчлэн мөн Сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй. Харин Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон байж бидний төлөө зуучлан гуйдаг. 27 Сүнсний бодол санаа юу болохыг зүрхнүүдийг Нягтлагч нь мэддэг. Яагаад гэвэл Тэр Бурханы хүслийн дагуу ариун хүмүүсийн төлөө зуучлан гуйдаг юм. 28 Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст сайны төлөө Бурхан бүх юмыг хамтдаа ажиллуулдаг гэдгийг бид мэднэ. 29 Тэр Өөрийнхөө Хүүг олон ах дүүсийн дунд ууган нь байлгахын тулд, урьдаас мэдсэн хүмүүсээ Тэр бас Түүний дүртэй адил болгохоор урьдаас тогтоосон юм. 30 Тэр урьдаас тогтоосон хүмүүсээ мөн дуудсан. Тэр дуудсан хүмүүсээ мөн зөвтгөсөн. Тэр зөвтгөсөн хүмүүсээ мөн алдаршуулсан. 31 Тэгвэл бид эдгээр зүйлийн тухайд юу хэлэх вэ? Хэрэв Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх вэ? 32 Тэр Өөрийн Хүүгээ үл өршөөж, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ? 33 Хэн Бурханы сонгосон хүмүүсийг буруутгах вэ? Бурхан нь зөвтгөгч нэгэн мөн. 34 Ялладаг нь хэн юм бэ? Христ Есүс нь үхээд, бүр амилуулагдсан, Бурханы баруун талд байдаг, бидний төлөө зуучлан гуйдаг Нэгэн юм. 35 Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, зүдрэл үү, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэн байдал уу, аюул уу, илд үү? 36 «Таны төлөө бид бүхэл өдөржингөө үхэж, Бид нядлагдах хонь мэт тооцогдож байв» гэж бичигдсэн юм. 37 Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжуулан давуулан дийлдэг. 38 Учир нь үхэл ч, амь ч, тэнгэр элч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, 39 өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэж би бат итгэлтэй байна.

9

1 Христ дотор би үнэнийг хэлж байна. Би худал яриагүй байна. Миний мөс чанар 2 зүрх сэтгэлд минь маш их уйтгар гуниг, байнгын зовуурь байгааг Ариун Сүнсээр гэрчилж байна. 3 Учир нь махан биеэрээ миний хамаатан болох ахан дүүсийнхээ төлөө би Христээс салгагдаж, өөрөө хараал болоосой гэж хүсэж байлаа. 4 Тэд бол израильчууд бөгөөд үрчлэл, алдар, гэрээнүүд, Хуулийн гардуулалт, үйлчлэл ба амлалтууд нь тэднийх юм. 5 Эцгүүд ч тэднийх, Христ махан биеэрээ тэднээс гаралтай юм. Тэр бол бүгдийн дээр оршигч, үүрд мөнхөд магтагдах Бурхан мөн. Амен. 6 Гэвч энэ нь Бурханы үг хүч чадлаа алдсан хэрэг биш юм. Учир нь Израилиас байгаа нь бүгд Израиль биш. 7 Тэд Абрахамын үр удам ч гэлээ бүгд түүний хүүхдүүд гэсэн үг биш, харин «Чиний үр удам Исаакаар нэрлэгдэх болно» гэжээ. 8 Махан биеийн хүүхдүүд нь Бурханы хүүхдүүд биш, харин амлалтын хүүхдүүд нь үр удам гэж тооцогддог. 9 Учир нь «Энэ үед Би ирнэ. Сара хүүтэй болно» гэжээ. Энэ бол амлалтын үг юм. 10 Зөвхөн энэ ч биш, Ребека бас бидний эцэг Исаак хэмээх нэгэн эрээс хөл хүндтэй болсон. 11 Хүүхдүүдийг хараахан төрөөгүй, ямар ч сайн, муу зүйл үйлдээгүй байхад нь Бурханы зорилго нь сонголтын дагуу үйлсээр бус, харин Дуудагчийн улмаас байхын тулд 12 «Ах нь дүүдээ үйлчилнэ» гэж эхэд нь айлдсан ажээ. 13 Энэ нь «Би Иаковыг хайрласан, харин Есавыг үзэн ядсан» гэж бичигдсэнчлэн юм. 14 Тэгвэл бид юу хэлэх вэ? Бурханд шударга бус юм байдаг уу? Бүү ийм байх болтугай! 15 Учир нь Тэр Мосед «Би Өөрийн өршөөх хүнээ өршөөнө. Би Өөрийн өрөвдөх хүнээ өрөвдөнө» гэж айлдсан юм. 16 Ингэхлээр энэ нь хүсдэг, эсвэл хичээдэг хүнээс биш, харин өршөөлт Бурханаас хамаардаг ажгуу. 17 Учир нь Судар Фараонд «Өөрийнхөө хүчийг чамаар үзүүлэхийн тулд, мөн Миний нэр бүх дэлхий даяар тунхаглагдахын тулд чухам энэ л зорилгоор Би чамайг босгов» гэж айлджээ. 18 Тэгэхлээр Тэр Өөрийн хүссэн хүнээ өршөөдөг, хүссэн хүнээ хатууруулдаг. 19 Тэгвэл чи надад «Яагаад Тэр өнөөг хүртэл өө хайсаар байна вэ? Хэн Түүний хүслийг эсэргүүцсэн юм бэ?» гэж хэлнэ. 20 Харин Бурханы эсрэг хариу хэлдэг хүн чи хэн юм бэ? Баримал нь барималчинд «Та яагаад намайг ингэж хийв?» гэж хэлдэг гэж үү? 21 Нэг л зуурмагны шавраар хүндэтгэлийн нэг сав, ердийн хэрэглээний өөр нэг савыг хийхийн тулд ваарчин шаврынхаа дээгүүр эрх мэдэлгүй гэж үү? 22 Хэрэв Бурхан Өөрийн уур хилэнгээ үзүүлэхийг, мөн хүч чадлаа мэдүүлэхийг хүсэж байвч, сүйрэлд зориулагдсан уур хилэнгийн савнуудыг их тэвчээртэйгээр тэссэн бол юу гэх вэ? 23 Ингэснээр Тэрээр алдрын төлөө урьдаас Өөрийн бэлдсэн өршөөлийн савнуудад, 24 зөвхөн иудейчүүдээс ч төдийгүй, мөн Харь үндэстнүүдийн дундаас бас Өөрийн дуудсан бидэнд хүртэл Өөрийнхөө алдрын баялгийг мэдүүлэх юм. 25 Тэр Хосеа номд «Минийх байгаагүй ард түмнийг Би "Миний ард түмэн", хайрлагдаж байгаагүйг нь "Хайрт" гэж дуудна. 26 "Та нар Миний ард түмэн биш" гэж тэдэнд айлдсан газарт Тэд амьд Бурханы хөвгүүд гэж дуудагдах болно» гэсэн юм. 27 Исаиа Израилийн талаар хашхиран «Израилийн хөвгүүдийн тоо далайн элс мэт байсан ч үлдэгсэд нь аврагдана. 28 Учир нь Эзэн Өөрийн үгээ дэлхий дээр гүйцэд, түргэн биелүүлэх болно» гэжээ. 29 Исаиа «Хэрэв түмэн цэргийн Эзэн бидэнд үр удам үлдээгээгүйсэн бол бид Содом шиг болж, Гоморратай адил болох байсан» гэж урьдаас хэлсэн юм. 30 Тэгвэл бид юу хэлэх вэ? Зөвт байдлыг мөшгөөгүй Харь үндэстнүүд зөвт байдалд, бүр итгэлээр ирдэг зөвт байдалд хүрсэн. 31 Харин зөвт байдлын хуулийг мөшгөн, Израиль нь тэр хуульд хүрсэнгүй. 32 Яагаад? Яагаад гэвэл тэд түүнийг итгэлээр бус мөшгөсөнгүй, харин үйлсээр ирдэг юм шиг мөшгөжээ. Тэд бүдрүүлэх чулуунд бүдэрцгээжээ. 33 Энэ нь «Харагтун, Би Сионд бүдрүүлэх чулуу, Зөрчилд хүргэх хад тавина. Түүнд итгэгч нь ичгэвтэр байдалд орохгүй» гэж бичигдсэнчлэн байна.

10

1 Ах дүү нар аа, миний зүрх сэтгэлийн хүсэл болон тэдний төлөө Бурханд хандах миний залбирал нь тэдний аврал билээ. 2 Тэд Бурханы төлөө хичээл зүтгэлтэй боловч, энэ нь мэдлэгийн дагуу биш хэмээн би тэднийг гэрчилдэг. 3 Учир нь Бурханы зөвт байдлыг мэдэлгүй, өөрсдийнхийгөө тогтоохыг эрмэлзэн тэд Бурханы зөвт байдалд үл захирагдав. 4 Учир нь итгэдэг хүн бүрд зөвт байдлын төлөө Христ бол хуулийн төгсгөл мө= 5 Учир нь хуулиас ирдэг зөвт байдлыг хэрэгжүүлдэг хүн тэрхүү зөвт байдлаар амьдарна гэж Мосе бичжээ. 6 Харин итгэлээс ирдэг зөвт байдал нь ийнхүү ярьдаг. «Зүрхэн дотроо "Хэн тэнгэрт гарах вэ?" гэж бүү хэл» (Энэ нь Христийг доош авчрахын тулд юм) 7 Эсвэл «"Хэн ёроолгүй гүнд буух вэ?" гэж бүү хэл». (Энэ нь Христийг үхэгсдээс босгохын тулд юм) 8 Харин энэ нь юу хэлдэг вэ? «Үг нь чамд ойр байна. Чиний аманд, чиний зүрх сэтгэлд бий» гэдэг. Энэ нь бидний тунхаглаж буй итгэлийн үг юм. 9 Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно. 10 Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрөн авралд хүрнэ. 11 Учир нь Судар «Түүнд итгэгч нь ичгэвтэр байдалд орохгүй» гэдэг. 12 Иудей болон грек хүний хооронд ялгаа байхгүй. Бүгдийн Эзэн нэг л бөгөөд Түүнийг дуудагч бүгдэд баялаг бялхана. 13 Учир нь «Эзэний нэрээр дуудах хэн ч аврагдах болно». 14 Тэгвэл Түүнд итгээгүй тэд яаж Түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ? Тэд номлогчгүйгээр яаж сонсох вэ? 15 Илгээгдэхээс нааш тэд яаж номлох вэ? «Сайн мэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан!» гэж бичигдсэн байдаг. 16 Харин тэд сайн мэдээнд итгэсэнгүй. Учир нь Исаиа «Эзэн ээ, бидний мэдээнд хэн итгэсэн бэ?» гэж хэлсэн. 17 Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг. 18 Гэвч би хэлье. Тэд хэзээ ч сонсоогүй гэж үү? Үнэндээ тэд сонссон. «Тэдний дуу хоолой бүх газарт, Тэдний үгс дэлхийн зах хязгаарт ч хүрсэн» гэсэн байдаг. 19 Гэвч би хэлье. Израиль үнэндээ мэдээгүй юу? Эхлээд Мосе «Би үндэстэн биш хүмүүсээр та нарыг атаархуулж, ухаангүй үндэстнээр уурлуулна» гэсэн. 20 Исаиа зоригтойгоор «Намайг хайгаагүй хүмүүс Намайг олсон. Намайг сураглаагүй хүмүүст Би илэрхий болсон» хэмээн хэлсэн юм. 21 Харин Израилийн талаар Тэр «Бүхэл өдөржин Би дуулгаваргүй, зөрүүд ард түмэнд гараа сунгасан» гэжээ.

11

1 Тэгвэл би хэлье. Бурхан Өөрийн ард түмнээ голсон гэж үү? Бүү ийм байх болтугай! Учир нь би бас Абрахамын үр удам, Бениамин овгийн Израиль хүн. 2 Бурхан урьдаас мэдсэн Өөрийн ард түмнээ голоогүй. Эсвэл та нар Елиагийн тухай Сударт юу хэлдгийг мэддэггүй юм уу? Тэр Израилийн эсрэг Бурханд мэдүүлэн, 3 «Эзэн ээ, тэд Таны эш үзүүлэгчдийг алсан. Тэд Таны тахилын ширээнүүдийг нураан хаясан. Би ганцаараа үлдсэн бөгөөд тэд амийг минь хайж байна» гэсэн. 4 Харин Бурханы хариу юу байв? «Баалд өвдөг сөгдөөгүй долоон мянган эрийг Би Өөртөө үлдээсэн» гэсэн юм. 5 Үүний адил Бурханы нигүүлсэнгүй сонголтын дагуу үлдэгсэд эдүгээ цагт ч байгаа. 6 Хэрэв энэ нь нигүүлслээр юм бол, цаашид үйлсээр биш ажээ. Эс тэгвэл нигүүлсэл нь нигүүлсэл биш болно. 7 Тэгвэл юу болох вэ? Израиль эрснээ олж авсангүй. Харин сонгогдогсод нь үүнийг олж авав. Үлдсэнийг нь хатууруулжээ. 8 Энэ нь «Бурхан тэдэнд энэ өдрийг хүртэл мэдрэхгүй сүнс, Харахгүй нүд, сонсохгүй чих өгсөн» гэж бичигдсэнчлэн ажээ. 9 Давид «Тэдний ширээ нь тэдэнд урхи, тор, Бүдрүүлэх саад болон шан хариу болог. 10 Харахгүйн тулд тэдний нүд харанхуйлж, Нуруу нь үүрд бөгтөр болог» гэжээ. 11 Тиймд би хэлье. Тэд бүр унахаар бүдэрсэн гэж үү? Бүү ийм байх болтугай! Харин Израилийн атаархлыг төрүүлэхийн тулд тэдний алдаа зөрчлөөс болж Харь үндэстнүүдэд аврал өгөгдөв. 12 Хэрэв тэдний хилэнц нь дэлхийн баялаг болж, тэдний алдаа нь Харь үндэстнүүдийн баялаг болдог юм бол тэдний дүүрэн байдал ямар их илүү байх бол! 13 Гэвч Харь үндэстэн та нарт би хэлье. Би Харь үндэстнүүдийн элч тул өөрийн үйл хэргийг томруулдаг нь 14 махан биеэрээ миний ах дүүс бологсдын атаархлыг хөдөлгөж, заримыг нь аврахын тулд юм. 15 Учир нь хэрэв тэдний голсон явдал нь дэлхийн эвлэрэл бол тэдний хүлээн авалт нь үхэгсдээс амилуулах явдлаас өөр юу байх билээ? 16 Хэрэв эхний үр ариун бол бөөндөө мөн тийм байна. Хэрэв үндэс ариун бол мөчрүүд мөн тийм байна. 17 Харин хэрэв хэсэг мөчир тастагдаад зэрлэг чидун болох та, тэдний дунд залгагдаж, чидун модны үндэсний шимээс хүртэгч болсон бол, 18 өнөөх мөчрүүдийн эсрэг бүү сайрх. Хэрэв та сайрхах аваас та үндсийг тэтгэж байгаа юм биш, харин үндэс таныг тэтгэж байгааг санагтун. 19 Тэгээд та «Намайг модонд залгуулахын тулд тэр мөчрүүд тастагдсан шүү дээ» гэж хэлэх болно. 20 Тийм ээ, тэд итгэлгүйгээс болж тастагдсан. Харин та итгэлээрээ зогсож байна. Бүү ихэмсэг бай, харин эмээгтүн. 21 Хэрэв Бурхан байгалийн мөчрүүдийг хэлтрүүлээгүй бол таныг ч гэсэн хэлтрүүлэхгүй. 22 Тиймээс Бурханы энэрэл хийгээд хатуу байдлыг харагтун. Унасан хүмүүсийн дээр хатуу байдал нь, харин таны дээр Бурханы энэрэл нь, хэрэв та Түүний энэрэл дотор цаашид байх аваас, байна. Эс бөгөөс та ч гэсэн тастагдах болно. 23 Мөн хэрэв тэд итгэлгүй байдалдаа цаашид байхгүй бол бас л залгагдах болно. Учир нь Бурхан тэднийг дахин залгах чадалтай. 24 Хэрэв та зэрлэг чидуны модноос тастагдсан бөгөөд чанарынх нь эсрэг таримал чидун модонд залгагдсан юм бол, тэгэх тусмаа байгалийнх нь байгалийнхаа модонд залгагдах биш үү? 25 Ах дүү нар аа. Та нарыг өөрсдийнхөө бодлоор мэргэн болчих вий гэсэндээ энэ нууцыг та нар бүү тоомсорлохгүй байгаасай гэж би хүсэж байна. Харь үндэстнүүд дүүрэн орох хүртэл Израилийн хэсэг нь хатуу сэтгэлтэй болжээ. 26 Ийнхүү бүх Израиль аврагдах болно. Энэ нь ийн бичигдсэн юм. «Чөлөөлөгч Сионоос гарч ирнэ. Тэр Иаковаас бурханлаг бус байдлыг нь зайлуулна. 27 Би тэдний нүглүүдийг зайлуулах үед Энэ нь тэдэнтэй байгуулах Миний гэрээ мөн». 28 Сайн мэдээний талаас, тэд та нарын төлөөх дайснууд боловч, харин сонголтын талаас, тэд эцгүүдийн төлөө хайрлагдагсад юм. 29 Учир нь Бурханы бэлгүүд ба дуудлага нь буцалтгүй ажээ. 30 Учир нь та нар урьд өмнө Бурханд дуулгаваргүй байсан боловч одоо тэдний дуулгаваргүй байдлаас болж та нар өршөөл үзсэнчлэн, 31 мөн та нарт үзүүлсэн өршөөлийн улмаас тэд өршөөгдөхийн тулд эдүгээ тэд дуулгаваргүй байгаа юм. 32 Учир нь бүгдэд өршөөлөө үзүүлэхийн тулд Бурхан бүх хүмүүсийг дуулгаваргүй байдал дотор хорьжээ. 33 Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ! Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ? 34 Учир нь хэн Эзэний оюун ухааныг мэдсэн бэ? Хэн Түүний зөвлөгч нь болсон бэ? 35 Эсвэл энэ нь өөртөө эргүүлж төлүүлэхийн тулд хэн Түүнд урьдчилж өгсөн бэ? 36 Учир нь Түүнээс, Түүгээр, Түүнд бүх юм байна. Түүнд алдар нь үүрд байх болтугай. Амен.

12

1 Иймд ах дүү нар аа, өөрсдийн биеэ Бурханд тааламжит амьд, ариун тахил болгон өргөхийг Бурханы өршөөлөөр та нараас хичээнгүйлэн гуйя. Энэ нь та нарын сүнслэг мөргөл нь мөн. 2 Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн. Харин Бурханы хүсэл юу болохыг, тухайлбал сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлахын тул оюун ухаанаа шинэчлэн өөрчлөгдөгтүн. 3 Учир нь надад өгөгдсөн нигүүлслээр би та нарын дунд буй хүн бүрд хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүү дээгүүр бүү бод. Харин Бурханы хүн бүрд ноогдуулсан итгэлийн хэмжээний дагуу эрүүл сэтгэхийн тулд бод. 4 Нэг биед олон эрхтэн байдгийн адил, мөн бүх эрхтэнд ижил үйл ажиллагаа байдаггүйн адил, 5 бид олуулаа Христ дотор нэг бие болой. Харин хүн бүр нэг нэгэндээ эрхтэн юм. 6 Бидэнд өгөгдсөн нигүүлслийн дагуу бид өөр өөр бэлгүүдтэй тул хэрэв эш үзүүлбэл, энэ нь тэр хүний итгэлийн дагуу аж. 7 Хэрэв үйлчлэл бол тэр хүн үйлчлэлээ, сургаж байгаа бол сургаалаа, 8 ятгадаг хүн бол ятгалга, өгч байгаа бол чин сэтгэлээр, тэргүүлж байгаа хүн бол хичээл зүтгэлээр, өршөөл үзүүлж байгаа бол баяртайгаар хийгтүн. 9 Хайр нь хоёр нүүргүй байг. Бузар мууг жигш, сайнаас зуурч ав. 10 Ах дүүсийн хайраар бие биедээ өөрсдийгөө зориул. Бие биенээ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл. 11 Хичээл зүтгэлд бүү хойрго бай. Эзэнд үйлчлэн сүнс дотор шат. 12 Найдвар дотор баярла, зовлон дотор тэвчээртэй бай, залбиралд өөрсдийгөө зориул, 13 ариун хүмүүсийн хэрэгцээнд хандив өргө, зочломтгой бай. 14 Та нарыг хавчигч хүмүүсийг ерөө. Ерөө, харин бүү хараа. 15 Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл. 16 Өөр хоорондоо нэг санаатай байцгаа. Ухаан бодолдоо ч бүү ихэрх. Харин төлөв даруу байхыг эрхэмлэ. Өөрөө өөрийгөө мэргэн бүү болго. 17 Хэнд ч хэзээ ч бузар мууг бузар муугаар бүү хариул. Бүх хүний өмнө юу нь зөв болохыг л харгалзан үзэж бай. 18 Хэрэв боломжтой бол, та нараас шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун. 19 Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь «"Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө" гэж Эзэн айлдав» гэж бичигджээ. 20 «Хэрэв дайсан чинь өлссөн бол түүнийг хоолло. Хэрэв тэр цангасан бол түүнд уух юм өг. Учир нь чи ингэснээрээ түүний толгой дээр галтай нүүрс овоолж байгаа хэрэг». 21 Бузар муугаар бүү дийл, харин бузар мууг сайнаар дийлэгтүн.

13

1 Дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд. Учир нь Бурханаар тогтоогдсоноос өөр эрх мэдэл гэж байхгүй. Оршин байгаа нь Бурханаар тогтоогдсон юм. 2 Тиймд эрх мэдлийг эсэргүүцэгч нь Бурханы тогтоолыг эсэргүүцсэн хэрэг. Эсэргүүцсэн хүмүүс нь өөрсөддөө шийтгэл хүртэх болно. 3 Учир нь сайныг үйлдэхэд захирагч нар нь айдас болдоггүй, харин бузар мууг үйлдэхэд айдас болдог. Та эрх мэдлээс айхгүй байхыг хүсэж байна уу? Сайныг үйлд. Та түүнээс магтаал хүртэх болно. 4 Учир нь тэр танд сайны төлөөх Бурханы үйлчлэгч юм. Хэрэв та бузар мууг үйлдвэл айгтун. Учир нь тэр нь илд дэмий зүүгээгүй. Тэр бол бузар мууг үйлдэгч нэгэн дээр уур хилэнг буулгах өшөө авагч, Бурханы үйлчлэгч мөн. 5 Тиймээс зөвхөн уур хилэнгийн улмаас бус, бас мөс чанарынхаа төлөө захирагдах хэрэгтэй. 6 Ийм учраас та нар ч гэсэн татвар төлдөг. Учир нь захирагч нар Бурханы зарц нар бөгөөд энэхүү ажилд өөрсдийгөө зориулдаг юм. 7 Бүгдэд өгөх ёстойгоо өг. Татвар авах ёстой хүнд татвараа, гаалийн татвар авах ёстой хүнд гаалийн татвараа төл, айж эмээвэл зохих хүнээс айж эмээ, хүндэтгэл хүлээх ёстой хүнийг хүндэл. 8 Нэг нэгэндээ хайртай байхаас өөр хэнд ч ямар ч өргүй бай. Учир нь бусдыг хайрладаг хүн хуулийг биелүүлсэн хэрэг. 9 Учир нь «Бүү завхайр, бүү ал, бүү хулгай хий, бүү шунахайр» гэсэн тушаал болоод өөр ямар ч тушаал байна, энэ нь «Хөршөө өөрийн адил хайрла» гэсэн үгийн дотор агуулагддаг юм. 10 Хайр бол хөршдөө буруу зүйл үйлддэггүй. Иймд хайр нь хуулийн биелэлт мөн. 11 Цаг үеийг, нойрноосоо сэрэх цаг хэдийнээ болжээ гэдгийг мэдэн үүнийг хий. Учир нь урьд бидний итгэсэн үеэс аврал одоо бидэнд улам ойрхон байна. 12 Шөнө өнгөрч, өдөр ойртов. Тиймээс харанхуйн үйлсийг хажуу тийш тавьж, гэрлийн зэвсгүүдийг агсацгаая. 13 Утга учиргүй найрлан цэнгэж, архидах бус, садарлан, тачаадах бус, хэрэлдэн маргаж, атаархан жөтөөрхөх бус, харин өдөр буй мэт бүгдээрээ зүй зохистой явцгаая. 14 Эзэн Есүс Христийг өөртөө өмс. Хүсэл тачаалынх нь талаар махан биеийг юугаар ч бүү ханга.

14

1 Итгэлээр сул нэгнээ хүлээж ав. Ингэхдээ түүний бодол санааных нь талаар бүү зарга хий. 2 Бүх юмыг идэж болно гэж итгэдэг хүн байдаг. Харин сул нэгэн нь ногоо иддэг. 3 Иддэг нэгэн нь иддэггүй нэгнээ бүү басамжлаг. Иддэггүй нэгэн нь иддэг нэгнээ бүү шүүг. Учир нь Бурхан түүнийг хүлээн авсан юм. 4 Бусдын боолыг шүүгч та хэн бэ? Тэр өөрийнхөө эзний өмнө зогсдог эсвэл унадаг. Эзэн түүнийг босгох чадалтай учир тэр зогсох болно. 5 Нэг хүн нэг өдрийг нөгөөгөөс нь онцгойлон үздэг байхад, өөр нэг хүн өдөр бүрийг адилхан гэж үздэг. Хүн бүр өөрийн бодолдоо бат итгэлтэй байг. 6 Өдрийг сахигч хүн Эзэний төлөө үүнийг сахьдаг. Идэгч нэг нь Эзэний төлөө иддэг. Учир нь тэр Бурханд талархал өргөдөг. Иддэггүй хүн Эзэний төлөө иддэггүй. Тэр ч Бурханд талархал өргөдөг. 7 Учир нь бидний хэн нь ч өөрийнхөө төлөө амьдардаггүй. Хэн нь ч өөрийнхөө төлөө үхдэггүй. 8 Хэрэв бид амьдарвал, Эзэний төлөө амьдардаг. Хэрэв бид үхвэл Эзэний төлөө үхдэг. Тиймээс амьдрах ч бай, үхэх ч бай бид Эзэнийх. 9 Учир нь үхэгсэд болон амьд байгсдын аль алиных нь Эзэн байхын тулд үүний тулд л Христ үхээд амилсан билээ. 10 Харин та юунд ах дүүгээ шүүнэ вэ? Эсвэл та юунд мөн ах дүүгээ басамжилна вэ? Учир нь бид бүгдээрээ Бурханы шүүх ширээний өмнө зогсох болно. 11 Учир нь «"Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Миний өмнө өвдөг бүхэн сөгдөх болно, Хэл бүхэн Бурханд магтаалыг өргөх болно" гэж Эзэн айлдаж байна» гэж бичигдсэн юм. 12 Тиймээс бидний хүн бүр өөрийнхөө тайланг Бурханд өгөх болно. 13 Иймд цаашид бид бие биенээ шүүхээ больё. Харин ч та нар ах дүүдээ бүдрүүлэх чулуу, эсвэл саад тотгор тавихгүй байя гэж шийдэгтүн. 14 Юу ч өөрөө өөртөө бузар биш, харин аливаа юмыг бузар гэж үздэг хүний хувьд л тэр нь бузар юм гэдгийг би Эзэн Есүс дотор мэдэн, итгэж байна. 15 Хэрэв идэх юмнаас болж ах дүүгээ гомдоовол, та нэгэнт хайрын дагуу явахгүй байна. Та тэр хүнийг идэх юмаараа бүү устга. Учир нь түүний төлөө Христ үхсэн юм. 16 Тиймд та нарын хувьд сайн нь бүү муугаар хэлэгдэг. 17 Учир нь Бурханы хаанчлал бол идэх болон уух явдал нь биш, харин Ариун Сүнс доторх зөвт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан нь юм. 18 Учир нь Христэд ийнхүү үйлчилдэг хүн Бурханд таалагдаж, хүмүүсээр сайшаагдана. 19 Тиймд амар тайванг тогтоодог болон бие биенээ босгон байгуулдаг зүйлсийн хойноос мөшгөцгөөе. 20 Идэх юмнаас болж Бурханы ажлыг бүү нураа. Үнэндээ бүх юм цэвэр аж. Харин тэдгээр нь бүдрүүлэх саад болж иддэг хүний хувьд л бузар муу байгаа юм. 21 Мах идэхгүй, дарс уухгүй, эсвэл ах дүү чинь бүдэрдэг ямар нэгэн зүйлийг үйлдэхгүй байх нь сайн. 22 Та өөртөө байгаа итгэлээ Бурханы өмнө өөрийнхөө хувьд л байлга. Зөвшөөрдөг зүйлдээ өөрийгөө ялладаггүй хүн нь ерөөлтэй еэ! 23 Харин эргэлзэгч нэгэн нь хэрэв идэх аваас яллагдана. Яагаад гэвэл итгэлээр биш юм. Итгэлээр биш алив бүхэн нь нүгэл юм.

15

1 Хүчтэй бид өөрсдийнхөө сэтгэлд нийцүүлэлгүй, хүчгүйнхээ сул дорой байдлыг үүрэх ёстой. 2 Бидний хүн бүр хөршийнхөө сайн сайхны төлөө түүнийг босгон байгуулахын тулд сэтгэлд нь нийцүүлье. 3 Учир нь Христ ч гэсэн Өөрийнхөө сэтгэлд нийцүүлээгүй. Харин «Таныг буруутгасан хүмүүсийн буруутгал Над дээр буув» гэсний адил байсан юм. 4 Учир нь эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн юм. Ингэснээр Судруудын тэвчээр болон урамшуулалтаар дамжуулан бидэнд найдвар байх юм. 5 Тэвчээр ба урамшууллыг өгөгч Бурхан нь Христ Есүсийн дагуу та нарыг нэг бодол санаатай байлган соёрхох болтугай. 6 Ингэснээр та нар бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханыг та нар нэг дуу хоолойгоор алдаршуулахын тул юм. 7 Тиймээс мөн Христ та нарыг Бурханы алдрын төлөө хүлээн авсны адил бие биенээ хүлээж авагтун. 8 Учир нь би хэлнэ. Эцгүүдэд өгсөн амлалтуудыг батлахын тулд Бурханы үнэний төлөө Христ хөвч хөндүүлэгсдийн зарц болсон. 9 Энэ нь мөн Түүний өршөөлийнх нь төлөө Харь үндэстнүүд Бурханыг алдаршуулахын тулд ажээ. «Иймд би Харь үндэстнүүдийн дунд Танд магтаалыг өргөнө. Таны нэрийг би дуулна» гэж бичжээ. 10 Тэр дахин «Харь үндэстнүүд ээ, Түүний ард түмэнтэй хамт баярлацгаа» гээд, 11 мөн дахин «Бүх Харь үндэстнүүд ээ, та нар Эзэнийг магтацгаа. Бүх ард түмэн Түүнийг магтах болтугай» гэжээ. 12 Исаиа дахин «Иессийн үндэс гарч ирнэ. Харь үндэстнүүдийг захирахын тулд босох Түүнд Харь үндэстнүүд найдах болно» гэсэн юм. 13 Ариун Сүнсний хүчээр та нар найдвараар бялхсан байхын тулд найдварын Бурхан та нарыг итгэл дотор бүх баяр баясгалан болон амар тайвнаар дүүргэх болтугай. 14 Ах дүү нар минь, та нарын хувьд гэвэл та нар өөрсдөө аливаа сайн сайхнаар дүүрэн, бүхий л мэдлэгээр дүүргэгдсэн, мөн нэг нэгнээ ятгах чадвартай гэдэгт би итгэсэн юм. 15 Гэвч та нарт дахин сануулахын тулд зарим зүйл дээр Би их зоригтойгоор бичлээ. Учир нь Бурханаас надад өгөгдсөн нигүүлслээр 16 би Бурханы сайн мэдээний тахилч болон үйлчлэн Харь үндэстнүүдэд Христ Есүсийн үйлчлэгч болсон. Ингэснээр Харь үндэстнүүдийн өргөл нь тааламжит болж, Ариун Сүнсээр ариусгагдах юм. 17 Тиймд Бурханд хамаарах зүйлсээр Христ Есүс дотор сайрхах шалтгаан надад бий. 18 Учир нь Христийн надаар дамжуулан хийсэн зүйлээс өөр ямар ч юмыг би ярьж зүрхлэхгүй. Тэрээр надаар дамжуулан Харь үндэстнүүдийг дуулгавартай байдалд үгээр болон үйлсээр минь, 19 тэмдгүүд болон гайхамшгийн хүч дотор, Ариун Сүнсний хүч дотор авчирсан юм. Тэрчлэн би Иерусалимаас Иллурикум хүртэлх нутгаар Христийн сайн мэдээг бүрэн дэлгэрүүлсэн. 20 Ийнхүү би өөр хүний суурин дээр барихгүйн тулд Христийн нэр дуурсагдаагүй газарт л сайн мэдээг дэлгэрүүлэхийг хичээсэн. 21 Харин энэ нь «Түүний тухай мэдээгүй хүмүүс харах болно. Сонсоогүй хүмүүс ойлгох болно» гэж бичигдсэн байдаг. 22 Энэ шалтгаанаас болж би та нар уруу очих гээд олонтаа саатуулагдсан билээ. 23 Харин одоо миний хувьд эдгээр нутагт цаашид ажиллах өөр газар байхгүй. Би та нар уруу очихыг олон жилийн өмнөөс хүсэж байна. 24 Би Испани уруу явах замдаа та нартай уулзаж, түр зуур ч гэсэн эхлээд та нартай нөхөрлөн баярлаж байгаад дараа нь намайг тийшээ явахад минь туслах байх гэдэгт найддаг. 25 Харин одоо би ариун хүмүүст үйлчлэхээр Иерусалим уруу явах гэж байна. 26 Учир нь Иерусалим дахь ариун хүмүүсийн дотор буй ядууст зориулж хандив өгөх болсон нь Македони болон Ахайн хүмүүсийн сэтгэлд нийцэв. 27 Тийм ээ, тэдний сэтгэлд нийцсэн юм. Тэд Иерусалим дахь ариун хүмүүсийн өмнө өртөнгүүд юм. Учир нь хэрэв Харь үндэстнүүд тэдний сүнслэг зүйлсийг хуваалцсан бол эд зүйлсээрээ ч бас тэдэнд үйлчлэх өртэй юм. 28 Тиймд би тэдэнд цуглуулсан юмыг нь өгч, үүнийг дуусгаад, та нарыг дайран Испани уруу явна. 29 Би та нар уруу очихдоо Христийн ерөөлийн дүүрэн байдалд очно гэдгээ мэднэ. 30 Ах дүү нар аа, Бидний Эзэн Есүс Христээр болон Сүнсний хайраар миний төлөө залбирал дотроо надтай хамт Бурханд хандан зүтгэхийг би та нараас хичээнгүйлэн гуйя. 31 Энэ нь би Иудей дахь дуулгаваргүй хүмүүсээс чөлөөлөгдөн Иерусалим дахь миний үйлчлэл нь ариун хүмүүст зөвшөөрөгдөөсэй гэсэн юм. 32 Ингэвэл би Бурханы хүслээр та нар уруу баяртайгаар очиж, та нарын хамт амрах болно. 33 Амар амгалангийн Бурхан та бүгдийн хамт байх болтугай. Амен.

16

1 Кенхрей дахь чуулганы үйлчлэгч болох бидний эгч Фойбег би та нарт сайшааж байна. 2 Ариун хүмүүст зохих ёсоор түүнийг Эзэн дотор хүлээн авч, та нарын хэрэг байж болох аливаа юманд нь түүнд туслаарай. Учир нь тэр өөрөө олон хүмүүст, мөн надад ч тусалж байсан. 3 Христ Есүс дотор надтай хамтран зүтгэгч Приска, Акул нарт мэнд хүргээрэй. 4 Тэд миний амийн төлөө өөрсдийгөө үхлийн аюулд оруулсан билээ. Тэдэнд ганц би ч биш, мөн Харь үндэстнүүдийн бүх чуулганууд талархдаг билээ. 5 Тэдний гэрийн чуулганд болон мөн Христэд эргэсэн Азийн анхны хүн болох миний хайрт Епайнетад мэнд хүргээрэй. 6 Та нарын төлөө шаргуу ажилласан Мариад мэнд хүргээрэй. 7 Миний садан, надтай хамт хоригдол байсан Андроник, Иуни нарт мэнд хүргээрэй. Тэд элч нарын дунд нэр цуутай нь бөгөөд надаас ч өмнө Христийн дотор байсан юм. 8 Эзэн доторх миний хайрт Амплиатад мэнд хүргээрэй. 9 Христ доторх бидэнтэй хамтран зүтгэгч Урбан, миний хайрт Стах нарт мэнд хүргээрэй. 10 Христ дотор сайшаагдсан Апелд мэнд хүргээрэй. Аристобулын гэрийнхэнд мэнд хүргээрэй. 11 Миний садан Херодионд мэнд хүргээрэй. Эзэн дотор байгч Наркиссын гэрийнхэнд мэнд хүргээрэй. 12 Эзэн дотор ажиллагч Труфайна болон Труфоса нарт мэнд хүргээрэй. Эзэн дотор шаргуу ажилласан хайрт Персист мэнд хүргээрэй. 13 Эзэн дотор сонгогдсон Руфт мэнд хүргээрэй. Миний ээж болох түүний ээжид мэнд хүргээрэй. 14 Асункрит, Флегон, Хермес, Патроб болон Хермас нарт болон тэдэнтэй хамт байгаа ах дүүст мэнд хүргээрэй. 15 Филолог болон Иулиа, Нере болон түүний эмэгтэй дүү, мөн Олумп болон тэдэнтэй хамт байгч бүх ариун хүмүүст мэнд хүргээрэй. 16 Бие биедээ ариун үнсэлтээр мэнд хүргээрэй. Христийн бүх чуулганууд та нарт мэнд хүргэж байна. 17 Ах дүү нар аа, та нарын сурсан сургаалын эсрэг хэрүүл маргаан, саад тотгор гаргагч хүмүүсээс сэрэмжлэхийг би ятгаж байна. Тэднээс холдогтун. 18 Учир нь тийм хүмүүс бидний Эзэн Христэд биш, харин өөрсдийн ходоодондоо боолчлогддог. Тэд ялдам, зусар үг яриагаараа гэнэн хүмүүсийн зүрхийг мэхэлдэг. 19 Та нарын дуулгавартай байдал тань бүгдэд дуулдсан юм. Тиймээс би та нарын талаар баярладаг. Гэхдээ та нарыг сайнд мэргэн, харин бузар мууд гэмгүй байгаасай гэж би хүсэж байна. 20 Амар амгалангийн Бурхан та нарын хөл доор Сатаныг удахгүй бяцална. Бидний Эзэн Есүсийн нигүүлсэл та нартай хамт байх болтугай. 21 Надтай хамтран зүтгэгч Тимот, мөн миний садан Луки, Иасон болон Сосипатр нар та нарт мэнд хүргэж байна. 22 Энэхүү захиаг бичиж буй Терт би та нарт Эзэн дотор мэнд хүргэе. 23 Намайг болон бүх чуулганы зочлогч гэрийн эзэн Гай та нарт мэнд хүргэж байна. Хотын сан хөмрөгийн нярав Ераст, дүү Куарт нар та нарт мэнд хүргэж байна. 24 [Бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та бүгдтэй хамт байх болтугай. Амен.] 25 Өнө эртний турш нууцлагдаж байсан боловч эдүгээ илэрхий болсон нууцын илчлэлийн дагуу, миний сайн мэдээ ба Есүс Христийн тунхаглалын дагуу, 26 эш үзүүлэгчдийн Судруудаар, ба мөнх Бурханы тушаалаар, бүх үндэстнүүдэд итгэлийнх нь дуулгавартай байдлын төлөө мэдүүлэгдсэний дагуу одоо та нарыг байгуулах чадалтай Түүнд, 27 ганц мэргэн Бурханд, Есүс Христээр алдар нь үүрд мөнх байх болтугай. Амен.