2 Ах дүү нар аа, бид та нар уруу дэмий очоогүй гэдгийг та нар өөрсдөө мэднэ. 2 Харин та нарын мэдэж байгаачлан биднийг Филиппойд хэдийнээ зовоож, бидэнтэй зүй бусаар харьцсан. Үүний дараа маш хүчтэй эсэргүүцлийн дунд Бурханы сайн мэдээг та нарт ярих зориг Бурханы минь дотор бидэнд байсан юм. 3 Учир нь бидний ятгалга нь алдаа төөрөгдөл эсвэл бузраас гараагүй, заль мэх дотор ч байгаагүй, 4 Харин сайн мэдээ бидэнд даалгагдах нь Бурханаар батлагдсанчлан, бид хүмүүст бус, харин бидний зүрхийг шалгагч Бурханд таалагдахаар ярьдаг юм. 5 Учир нь та нарын мэдэж байгаачлан бид хэзээ ч зусарч үгтэй байгаагүй. Шунахайрлаа нуун дүр үзүүлээгүй. Бурхан бол гэрч. 6 Хэдийгээр бид Христийн элч нар болохынхоо хувьд та нарт эрх мэдлээ үзүүлж чадах байсан боловч бид алдрыг хүмүүсээс, та нараас ч, эсвэл бусдаас ч эрээгүй билээ. 7 Харин бид та нарын дунд хүүхдүүдээ асран байгаа эх хүн мэт зөөлөн байсан. 8 Бид та нарын хүслэн болж, та нарт зөвхөн Бурханы сайн мэдээг бус, мөн өөрсдийн амиа ч өгөхийг хүссэн юм. Яагаад гэвэл та нар бидний хувьд үнэхээр дотны хүмүүс маань болсон байв. 9 Ах дүү нар аа, та нар бидний хөдөлмөр болон хүнд хэцүү байдлыг санадаг. Бид та нарын хэнд чинь ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй ажиллан, та нарт Бурханы сайн мэдээг тунхагласан. 10 Итгэгч та нарт бид хэрхэн ариун, зөв болон гэм зэмгүйгээр хандсаныг та нар гэрчлэх бөгөөд Бурхан ч гэрч юм. 11 Эцэг хүн өөрийн хүүхэддээ ямар байдаг шиг бид та нарын хүн нэг бүрийг ятган, урамшуулж, гуйж байсныг та нар мэднэ. 12 Ингэснээр өөрсдийг чинь Өөрийнхөө хаанчлалд болон алдарт дууддаг Бурханд та нар зохистойгоор явах юм.13 Та нар биднээс Бурханы захиасын үгийг хүлээн авахдаа үүнийг хүний үг бус, харин үнэхээр байгаагаар нь буюу итгэдэг та нарын дотор бас ажлаа хийдэг Бурханы үг хэмээн хүлээн авсан. Үүний төлөө бид бас Бурханд үргэлж талархдаг юм. 14 Ах дүү нар аа, та нар Иудей дэх Христ Есүсийн доторх Бурханы чуулгануудыг дуурайгчид болов. Учир нь тэд иудейчүүдээс зовлонг амссан шиг, та нар ч мөн өөрийн нутаг нэгт хүмүүсийн гарт адилхан зовлонг эдэлсэн ажээ. 15 Иудейчүүд Эзэн Есүсийг болон эш үзүүлэгчдийг алж, бас биднийг хавчиж байв. Тэд Бурханд таалагдсангүй,бүх хүнд өстөн болж, 16 Харь үндэстнүүдийн авралын төлөө биднийг ярихад саад хийснийхээ үр дүнд тэд үргэлж өөрсдийн нүглүүдийг дүүргэж байна. Гэвч эцэст нь уур хилэн тэдэн дээр буулаа.17 Гэвч ах дүү нар аа, бид та нараас зүрхээрээ биш, харин царай зүсээрээ түр зуур хагацсан боловч, нүүр царайг чинь харах гэж бүх хүслээрээ хичээн чармайсан. 18 Тиймээс бид та нар уруу очихыг хүссэн юм. Паул би нэг бус удаа тийн хүссэн боловч Сатан биднийг саатуулав. 19 Учир нь хэн бидний найдвар, эсвэл баяр баясгалан, эсвэл өргөмжлөлийн титэм нь вэ? Энэ нь бидний Эзэн Есүсийг ирэхэд Түүний оршихуй доторх та нар ч гэсэн биш гэж үү? 20 Та нар бол бидний алдар бөгөөд баяр баясгалан билээ.
3 Тиймээс бид үүнийг цаашид тэвчиж чадахаа больж, өөрсдөө Афинд үлдэх нь дээр юм гэж бодоод, 2 Христийн сайн мэдээ доторх Бурханы хамтран зүтгэгч, бидний дүү Тимотыг та нарын итгэлийн тухайд та нарыг урамшуулан, батжуулахын тулд явуулсан. 3 Тэгснээр эдгээр зовлонгоор хэн ч үймүүлэгдэхгүй юм. Учир нь бид үүний тулд л заяагдсаныг та нар өөрсдөө мэднэ. 4 Учир нь бид та нартай байх үедээ бид зовлон эдлэх гэж байна хэмээн урьдчилж хэлсээр байсан. Та нарын мэдэж байгаачлан тийнхүү болж өнгөрлөө. 5 Тиймээс би үүнийг цаашид тэвчиж чадахгүй болов. Тэгээд соригч та нарыг сорьж, бидний хөдөлмөр дэмий хоосон зүйл болсонбайх вий хэмээн айсандаа та нарын итгэлийн талаар мэдэхийн тулд би хүн илгээсэн юм.6 Харин Тимот та нарын тэндээс сая ирээд, та нарын итгэл болон хайрын талаар сайн мэдээг, мөн та нарын биднийг үргэлж сайнаар дурсан, бид та нарыг харахсан гэж хүсдэгийн адил та нарын мөн биднийг харахсан гэж хүсдэгийг чинь бидэнд дуулгав. 7 Тиймээс ах дүү нар аа, та нарын итгэлээр бид бүх гачигдал, зовлон дотроо та нарын талаар тайтгарав. 8 Учир нь та нар Эзэний дотор баттай зогсдог байх аваас эдүгээ бид амьд байна. 9 Учир нь бид өөрсдийн Бурханы өмнө та нараас болж баярладаг бүхий л баяр хөөрийнхөө хариуд нь та нарын төлөө ямар талархлыг Бурханд өргөж чадах вэ? 10 Бид та нарын нүүр царайг харж, итгэлд чинь юу дутагдаж байгааг нь дүүргэхсэн хэмээн өдөр шөнөгүй үлэмж хичээнгүйгээр залбирч байна.11 Бидний Бурхан ба Эцэг Өөрөө болон бидний Эзэн Есүс та нар уруу очих замыг маань заах болтугай. 12 Бид та нарын төлөө байдаг шиг, Эзэн та нарыг бие биенээ болон бүх хүнийг хайрлах хайр дотор өсгөн бялхуулах болтугай. 13 Ингэснээр бидний Эзэн Есүс Өөрийн бүх ариун хүмүүстэй хамт ирэхэд бидний Бурхан ба Эцэгийн өмнө ариун байдал дотор Тэр та нарын зүрхийг гэм зэмгүй гэж батлах юм. Амен.
4 Эцэст нь, ах дүү нар аа, та нар Бурханд яаж таалагдаж, яаж явах ёстой талаар биднээс заавар авсанчлан (та нар үнэндээ тийнхүү явдагчлан) та нарыг улам илүү болоосой гэж бид Эзэн Есүс дотор та нарыг гуйж, ятгаж байна. 2 Учир нь бид Эзэн Есүсээр та нарт ямар тушаалууд өгснийг та нар мэднэ. 3 Бурханы хүсэл нь та нарын ариусгал бөгөөд тэр нь юу гэвэл, та нар садар самууныг тэвчиж, 4 хүн бүр ариусгал хийгээд хүндэтгэл дотор өөрийн савыг хэрхэн эзэмдэхийг мэдэж, 5 ингэхдээ Бурханыг мэддэггүй Харь үндэстэн мэт тачаангуй хүсэл дотор биш юм. 6 Мөн хэн ч үүнийг зөрчиж, энэ хэрэг дотор ах дүүгээ мэхэлж болохгүй. Учир нь би та нарт урьд нь хэлж, чухалчлан анхааруулж байсанчлан, энэ бүхний төлөө өшөө авагч нь Эзэн юм. 7 Учир нь Бурхан биднийг цэвэр бус уруу биш, харин ариусгадд дуудсан билээ. 8 Тиймд үүнийг эсэргүүцдэг хүн нь хүнийг бус, харин та нарт Өөрийн Ариун Сүнсийг өгдөг Бурханыг эсэргүүцэж байна.9 Харин ах дүүсийн хайрын хувьд гэвэл та нар хэн нэгнээр өөрсөддөө бичүүлэх хэрэггүй ажээ. Учир нь та нар өөрсдөө бие биеэ хайрлахад Бурханаар заалгасан байна. 10 Үнэндээ та нар тэр хайраар бүх Македони даяар байгаа ах дүү нараа цөмийг нь хайрладаг. Харин ах дүү нар аа, бүр улам илүү хайрлагтун гэж бид та нараас хичээнгүйлэн гуйж байна. 11 Бидний та нарт тушаасанчлан, түвшин амьдрахыг хичээж, өөрийн хувийн ажлыг анхаарч, өөрийн гараар ажиллахыг зорилгоо болго. 12 Ингэснээр та нар гадны хүнд зохистой хандах ба ямар ч юмаар дутахгүй байх болно.13 Харин ах дүү нар аа, нойрссон хүмүүсийн талаар та нарын мэдэхгүй байхыг бид хүсдэггүй. Эс тэгвээс та нар ямар ч найдваргүй бусад хүмүүсийн адил гашуудах вий. 14 Учир нь хэрэв бид Есүс үхсэн бөгөөд амилсан гэдэгт итгэдэг бол Есүс дотор нойрссон хүмүүсийг Бурхан Түүний хамт бас тийнхүү авчрах болно.15 Бид үүнийг Эзэний үгээр та нарт хэлье. Амьд хийгээд Эзэнийг иртэл үлдсэн бид нойрссон хүмүүсийн өмнө нь орохгүй. 16 Учир нь Эзэн Өөрөө тушаалын үгтэй, тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно. 17 Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандалд Эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно. 18 Тиймээс эдгээр үгсээр бие биенээ тайвшруул.
5 Ах дүү нар аа, цаг хугацаа болон үеийн талаар та нар өөрсөддөө юу ч бичүүлэх хэрэггүй. 2 Учир нь Эзэний өдөр нь шөнөөр ирэх хулгайч мэт ирэхийг та нар өөрсдөө маш сайн мэддэг. 3 Хүмүүсийг "Амар тайван, аюулгүй байдал" гэж ярьж байх үед жирэмсэн эмэгтэйд төрөлтийн хүчтэй өвдөлт учрахын адил тэдэн дээр сүйрэл нь гэнэт ирэхэд, тэд зугтааж огт чадахгүй. 4 Гэвч ах дүү нар аа, та нар харанхуй доторбайдаггүй учраас тэр өдөр нь та нарыг хулгайч мэт бариад авахгүй. 5 Учир нь та нар бүгдээрээ гэрлийн хөвгүүд бөгөөд өдрийн хөвгүүд юм. Бид шөнийнх биш, харанхуйнх ч биш. 6 Тиймээс бид бусдын адил унталгүй, харин сэргэг бөгөөд эрүүл ухаантай байцгаая. 7 Учир нь унтагсад шөнө унтдаг, согтуурагчид шөнө согтдог. 8 Харин бид өдрийнх тул итгэлийн ба хайрын хуяг, дуулга болгон авралын найдварыг өмсөн, эрүүл ухаантай байцгаая. 9 Яагаад гэвэл Бурхан биднийг уур хилэнгийн төлөө бус, харин бидний Эзэн Есүс Христээр дамжуулан авралыг олж авахын төлөө томилсон юм. 10 Биднийг сэрүүн ч бай, унтсан ч бай, Өөртэйгөө хамт амьдруулахын тулд Тэр бидний төлөө үхсэн билээ. 11 Тиймээс та нар одоо ч үйлдэж байгаа шигээ нэг нэгнийгээ тайтгаруулж, нэг нэгнийгээ барьж байгуулагтун.12 Ах дүү нар аа, дунд чинь ажилладаг ба Эзэний дотор та нарыг удирдаж, заавар өгдөг хүмүүсийг хүндлэхийг бид та нараас хүсэж байна. 13 Мөн тэдний ажил хөдөлмөрийнх нь төлөө та нар хайр дотор тэднийг үлэмж өндрөөр үнэлэхийг хүсэж байна. Нэг нэгэнтэйгээ эв найртай амьдар. 14 Ах дүү нар аа, эмх журамгүй хүмүүст сануулж, хулчгар хүмүүсийг зоригжуулж, дорой буурай хүмүүст тусалж, бүх хүнд тэвчээртэйгээр хандахыг бид та нараас гуйж байна. 15 Хэн нь ч хэн нэгний хорон мууг муугаар хариулахгүй байхад анхаарагтун. Харин үргэлж нэг нэгэндээ болон бүх хүний төлөө сайн зүйл уруу тэмүүлдэг байгтун. 16 Үргэлж баяртай бай. 17 Тасралтгүй залбир. 18 Бүх зүйлд талархлаа илэрхийл. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс доторх Бурханы хүсэл мөн. 19 Сүнсийг бүү бөхөө. 20 Эш үзүүллэгийг бүү басамжил. 21 Харин бүхнийг шалга, сайныг баригтун. 22 Бузар муугийн алив хэлбэрийг цээрлэгтүн.23 Амар тайвны Бурхан Өөрөө та нарыг бүрэн ариусгаг. Сүнс, сэтгэл, бие тань бидний Эзэн Есүс Христийг ирэхэд бүрэн хамгаалагдсан бөгөөд гэм зэмгүй байх болтугай. 24 Та нарыг Дуудагч нь итгэмжит бөгөөд Тэр мөн үүнийг биелүүлэх болно.25 Ах дүү нар аа, бидний төлөө ч залбир. 26 Бүх ах дүү нарт ариун үнсэлтээр мэнд хүргээрэй. 27 Энэхүү захидлыг бүх ах дүү нарт уншиж өгөхийг би та нараас Эзэнээр гуйж байна.28 Бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нартай хамт байх болтугай.