1 Ахлагчаас үнэн дотор миний хайрладаг хайрт Гайост:
2 Хайрт минь, сэтгэл тань амжилттай байгаагийн адил аливаа үйлс тань амжилт олж, эрүүл энх байгаасай хэмээн би залбирч байна. 3 Ах дүү нар ирж, чиний үнэнийг буюу чамайг үнэний дотор хэрхэн явж буйг гэрчилсэнд би маш их баярласан. 4 Миний хүүхдүүд үнэн дотор явж байгааг сонсохоос илүү эрхэм баяр баясгалан надад байхгүй билээ.5 Хайрт минь, чи ах дүүгийнхээ төлөө, ялангуяа харь хүмүүсийн төлөө аливааг хийхдээ итгэмжтэй зүтгэж байгаа юм байна. 6 Чиний хайрын тухай тэд чуулганы өмнө гэрчилсэн юм. Бурханд зохистой байдлаар тэднийг аян замд нь үдэж байвал чи сайн байх болно. 7 Учир нь тэд Харь үндэстнүүдээс юуг ч авалгүй Нэрийн төлөө явцгаасан билээ. 8 Тиймээс тэдэн шиг хүмүүсийг бид дэмжих ёстой. Тэгснээр бид үнэний хамтран зүтгэгч болох билээ.9 Би зарим нэг зүйлийг чуулганд бичсэн. Харин тэдний дунд тэргүүн болохыг дурлагч Диотреф биднийг хүлээж авахгүй байгаа юм. 10 Иймээс хэрэв би очвол, түүний хийдэг үйл хэргийг нь сануулна. Юу гэвэл, тэр биднийг балмад үгсээр зүй бусаар буруутгасан юм. Үүгээр ч сэтгэл ханахгүй, тэр ах дүү нараа хүлээн авдаггүй бөгөөд хүлээн авахыг хүсэгчдийг хориглон, чуулганаас хөөж байна.11 Хайрт минь, мууг биш, харин сайныг дуурай. Сайныг үйлдэгч нь Бурханых. Мууг үйлдэгч нь Бурханыг хараагүй юм. 12 Деметр хүн бүрээс болон үнэнээс өөрөөс нь гэрчлэлийг хүлээн авчээ. Бид ч бас гэрчилнэ. Бидний гэрчлэл үнэн гэдгийг чи мэднэ.
13 Бичих зүйл надад олон байгаа боловч би бийр янтай нийлүүлэн чамд бичихийг хүсэхгүй байна. 14 Харин чамтай удахгүй уулзана гэдэгтээ найдаж байна. Бид нүүр нүүрээрээ учран ярилцах болно. 15 Амар тайван нь чамд байг. Чамд анд нөхөд чинь мэнд хүргэж байна. Анд нөхдөд нэрээр нь мэнд хүргээрэй.