2 Та нарын төлөө, Лаодикт байгаа хүмүүс болон миний зүс царайг үзээгүй тэр бүх хүмүүсийн төлөө хэр их тэмцэлдэж байдгийг минь та нар мэдээсэй гэж би хүсэж байна. 2 Ингэснээр тэдний зүрх хайрын дотор холбогдон, Бурханы нууцын жинхэнэ мэдлэг болох Христ уруу аваачдаг бүрэн итгэлт ойлголтоос ирдэг бүх баялагт хүрэн, урамшдаг. 3 Христ дотор мэргэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг. 4 Хэн ч та нарыг үнэмшилтэй үгээрээ бүү төөрөгдүүлээсэй гэсэндээ би үүнийг хэлж байна. 5 Хэдийгээр би биеэрээ байхгүй байгаа боловч зөв сахилга журамтай байгааг чинь болон Христэд итгэх та нарын итгэлийн бат байдлыг хараад, баярлан би сүнсээрээ та нартай хамт байна.6 Тиймээс та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүн дотор алхахдаа, 7 заалгаж байснаараа Түүн дотор бат үндэслэгдэн, байгуулагдаж, итгэл дотроо баталгаажин, талархлаар бялхагтун. 8 Хэн нэг нь та нарыг Христийн дагуу биш, харин ертөнцийнүндсэн зарчмууд, хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзлох вий хэмээн сэрэмжлэгтүн. 9 Учир нь бүх Бурханлаг бүрэн дүүрэн нь Түүн дотор биет хэлбэрээр оршдог юм. 10 Түүн дотор та нар төгс болгогдсон. Тэр бол бүх удирдлага ба эрх мэдлийн тэргүүн нь мөн. 11 Христийн хөвч хөндөх ёслолоор махбодын биеийг тайлан, Түүн дотор та нар бас хүний гараар үйлдэгдээгүй хөвч хөндөх ёслолыг хийлгэсэн. 12 Ингэхдээ та нар баптисм дотор Түүнтэй хамт оршуулагдсан. Түүнийг үхэгсдээс амилуулсан Бурханы үйлсэд итгэсэн итгэлээр баптисм дотор та нар бас түүнтэй хамт амилуулагдав. 13 Та нар гэм нүглүүд болон махан биеийн хөвч хөндөх ёслолоосоо болж үхсэн байхад Тэр бидний бүх гэм нүглийг уучлаад, та нарыг Түүнтэй хамт амьд болгосон бөгөөд 14 бидний эсрэг зарлигуудаас бүрдсэн, бидэнд дайсагнаж байсан өрийн дансыг хүчингүй болгов. Тэр үүнийг загалмайд хадаж, замаасаа зайлуулжээ. 15 Захирагчид болоод эрх баригчдыг зэвсэггүй болгоод, Тэр тэднийг загалмай дээр ялж, тэднийг нийтэд үзүүлэн болгов.16 Тиймд та нар унд, хоол, эсвэл баяр, шинэ сар гарахтай хамаатай асуудлаар, эсвэл амралтын өдрүүдээс болж хэнээр ч бүү шүүгд. 17 Эдгээр нь ирж буй юмсын сүүдэр нь юм. Харин бие нь Христийнх юм. 18 Хуурамч даруу байдалд таашаал аван, тэнгэр элч нарт мөргөдөг, үзсэн үзэгдлээ баримтлан, махан биеийн ухаанаар өөрийгөө дэмий хоосон дөвийлгөдөг ямар ч хүн та нарын шагналыг бүү булааг. 19 Тэд бүхэл биеийг үе мөч болон шөрмөсөөр хамтад нь холбон хангаж, Бурханы өсөлтөөр өсгөдөг Тэргүүнээс зуурдаггүй ажээ.20 Хэрэв та нар дэлхийн үндсэн зарчмуудад Христтэй хамт үхсэн юм бол юунд ертөнцөд амьдарч байгаа юм шиг өөрсдийгөө зарлиг тогтоолд захируулж, 21 "Барьж ч, амсаж ч, гар хүрч ч болохгүй" гэх 22 (хэрэглэснээр мөхөх тавилантай тэр бүхнийг) хүний сургаал ба тушаалуудын дагуу байх гээд байгаа юм бэ? 23 Эдгээр нь өөрсдийн бүтээсэн шашин болоод хуурамч даруу байдал, мөн биеийг зовоох байдлаар мэргэн ухаан мэт үзэгдэвч, үүнд махан биеийн хүслийг эсэргүүцэхэд ямар ч тус байхгүй юм.
3 Тиймээс хэрэв та нар Христтэй хамт амилуулагдсан л юм бол дээгүүрх зүйлсийг эрсээр бай. Тэнд Христ Бурханы баруун талд заларч байгаа. 2 Та нар оюун ухаанаа газар дахь зүйлс дээр биш, харин дээгүүрх зүйлс дээр төвлөрүүл. 3 Учир нь та нар үхсэн бөгөөд та нарын амь Христтэй хамт Бурхан дотор нууцлагдсан. 4 Бидний амь болох Христ илчлэгдэх үед та нар ч бас яруу аддар дотор Түүний хамт илчлэгдэх болно. 5 Тиймд та нар садар самуун, бузар байдал, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал зэрэг газар дээрх эрхтнүүдийг үхүүл. 6 Эдгээрээс болж Бурханы уур хилэн дуулгаваргүй хөвгүүд дээр ирэх болно. 7 Та нар тэдгээрийн дотор амьдарч байхдаа үнэндээ тэдгээрийн дотор алхаж л явсан. 8 Харин эдүгээ та нар бас уур, хилэн, хорон санаа, гүтгэлэг болон амнаас гарах жигшүүрт үгс бүгдийг нь зайлуулж хаягтун. 9 Бие биедээ бүү худал ярь. Яагаад гэвэл та нар хуучин хүнээ бузар муу зуршилтай нь хажуу тийш тавьж, 10 өөрийг нь бүтээсэн Түүний дүр төрхийн дагуу үнэн мэдлэгт шинэчлэгдэж буй шинэ хүнийг өмссөн. 11 Энд Грек ба Иудей, хөвч хөндүүлсэн ба хөвч хөндүүлээгүй, зэрлэгүүд, скутчууд, боол ба чөлөөт хүн гэж байхгүй. Харин Христ бол бүгд бөгөөд бүгдийн дотор байна.12 Тиймээс Бурханаар сонгогдсон, ариун хийгээд хайрлагдсан хүмүүсийнхээ хувьд та нар өрөвч зүрх, энэрэл, даруу байдал, дөлгөөн зан, тэвчээрийг өмс. 13 Ингэхдээ нэг нэгнийгээ хүлцэж, бие биенийгээ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил. 14 Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм. 15 Христийн амар тайван нь та нарын зүрхэнд ноёрхох болтугай. Үүний тулд л та нар нэгэн бие дотор дуудагдсан юм. Талархагтун. 16 Бурханд хандаж зүрхэндээ баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дууллууд хийгээд бүх мэргэн ухаанаар та нар бие биендээ заан, бие биенээ сэнхрүүлэн Христийн үг та нарын дотор бялхам орших болтугай. 17 Та нар үт ба үйлсээрээ юу ч хийсэн, Түүгээр дамжуулан Эцэг Бурханд талархал өргөн, бүгдийг Эзэн Есүсийн нэрээр хийгтүн.18 Эхнэрүүд ээ, Эзэний тааладд нийцүүлж нөхөртөө захирагдагтун. 19 Нөхрүүд ээ, эхнэрээ хайрлагтун. Тэдэнд бүү хатуу ханд.20 Хүүхдүүд ээ, бүх талаар эцэг эхдээ дуулгавартай байгтун. Ингэх нь Эзэнд таалагдана. 21 Эцгүүд ээ, хүүхдийнхээ сэтгэлийг мохоохгүйн тулд тэднийг бүү уурлуул.22 Боолууд аа, махан биеийнхээ эзнийг бүх талаар дагагтун. Хүнд таалагддаг хүмүүс шиг харцаар үйлчлэлгүй, харин Эзэнээс эмээн, чин сэтгэлээсээ үйлчил. 23 Та нар юу ч хийсэн, хүмүүсийн төлөө бус, Эзэний төлөө мэт чин сэтгэлээсээ хийгтүн. 24 Ингэхдээ та нар Эзэнээс өв залгамжлалын шагналыг хүлээн авна гэдгээ мэдэн хийгтүн. Чи Эзэн Христэд үйлчилж байгаа юм. 25 Учир нь буруу юм хийсэн хүн, хэн ч бай ялгаагүй, хийсэн буруу зүйлийнхээ уршгийг хүртэнэ.
4 Эзэд ээ, та нар бас тэнгэрт Эзэнтэй гэдгээ мэдэн боолууддаа шударга ёс, тэгш эрхийг соёрх.2 Өөрсдийгөө залбиралд зориул. Ингэхдээ түүн дотор талархалтайгаар сэрэмжтэй байгтун. 3 үгэнд зориулсан хаалгыг Бурхан нээж өгөг гэж бидний төлөө нэг цагт залбирагтун. Тэгвэл бид Христийн нууцыг ярих болно. Би үүний төлөө хоригдсон билээ. 4 Мөнби хэрхэн ярих ёстойчлон үүнийг тодорхой болгоорой гэж залбирагтун. 5 Гаднах хүмүүстэй мэргэн ухаанаар цагийг үнэлж харьц. 6 Та нарын яриа үргэлж нигүүлсэнгуй бөгөөд давсалж амт оруулсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах ёстойгоо мэдэх юм.7 Миний тухай бүх мэдээллийг Эзэний дотор бидний хайрт дүү, итгэлт үйлчлэгч, хамтран зүтгэгч боол Тухик та нарт мэдэгдэх болно. 8 Тэр та нарт бидний нөхцөл байдлыг мэдэгдэж, зүрхийг тань тайвшруулаг гэсэн яг энэ зорилгын төлөө би түүнийг та нар уруу илгээж байна. 9 Та нарын нэг болох итгэмжит, хайрт дүү Онесимыг түүний хамт явууллаа. Тэд эндхийн бүх л байдлыг та нарт мэдэгдэх болно.10 Надтай хамт хоригдож буй Аристарх та нарт мэнд хүргэж байна. Мөн Барнабын үеэл Марк болон (Та нар түүний талаарх заавар авсан. Хэрэв тэр та нар уруу очвол хүлээж аваарай) 11 Иуст гэж нэрлэгддэг Есүс нар та нарт мэнд хүргэж байна. Зөвхөн эдгээр хүмүүс л хөвч хөндөх ёслолын хүмүүсээс Бурханы хаанчлалын төлөөх хамтран зүтгэгчид юм. Тэд намайг тайтгаруулсан. 12 Та нарын нэг, Христ Есүсийн боол Епафр та нарт мэнд хүргэж байна. Бурханы бүх хүсэл дотор та нар гүйцэд болж, төгс зогсож байхын тулд Епафр та нарын төлөө үргэлж залбиран тэмцэлдэж байна. 13 Тэр та нарын төлөө болоод Лаодикт, Хиераполд байгаа хүмүүсийн төлөө маш их санаа тавьж байдаг гэж би түүнийг гэрчилж байна. 14 Хайрт эмч Лук та нарт мэнд хүргэж байна. Дем ч бас. 15 Лаодикт байгаа ах дүү нарт болон Нумфад, түүнчлэн түүний гэрт цугладаг чуулганд мэнд хүргээрэй. 16 Энэ захиаг та нар уншсаныхаа дараа лаодикчуудын чуулганд бас уншуулаарай. Та нар ч гэсэн Лаодикаас ирсэн захиаг уншаарай. 17 Архийпт "Эзэн дотор хүлээж авсан үйлчлэлээ биелүүлэхийн тулд үйлчлэлдээ анхаарал тавь" гэж хэлээрэй.18 Паул би өөрийн гараар энэ мэндчилгээг бичлээ. Миний хүлээсийг та нар санаарай. Нигүүлсэл та нартай хамт байх болтугай.