2 Би өөртөө өгүүлрүүн "Ир, одоо. Би чамайг тааламжит байдлаар сорьж үзье! Өөрийгөө баясгаж, баярлуул" гэв. Үзтэл энэ нь бас л хоосон байлаа. 2 Инээгчийг би "галзуу" гэж, тааламж баяслын тухайд "Юу болж байна?" гэхчилэн боддог байв. 3 Би бас мэргэн ухаанаар удирдуулахын зэрэгцээ яаж өөрийн биеийг сархад дарсаар цэнгүүлэх вэ? Тэгээд мөн яаж бас тэнэг байх вэ? гэж өөрийн ухааныг чилээж ирлээ. Тэгэхдээ тэнгэрийн доорх амьдралынхаа цөөхөн жилүүддээ хүмүүний хөвгүүд юуг хийх нь зөв ба юу хийх ёстой байв гэдгийг өнөөг хүртэл би мэдэж үл чадлаа. 4 Би ажил үйлсээ ихэсгэж байлаа. Өөртөө зориулан байшингууд барьж, өөртөө усан үзмийн цэцэрлэг суулгав. 5 Би өөртөө цэцэрлэг, бас цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тэндээ төрөл бүрийн жимсний модод суулгасан. 6 Урган төлжиж байгаа ойгоо услахаар өөртөө зориулж усан сан байгуулсан. 7 Би эрэгтэй, эмэгтэй боолууд худалдаж авсан ба мөн унаган боолууд ч бас бий. Надаас өмнө Иерусалимд байсан бүгдээс илүү их мал сүргийг би эзэмшиж байв. 8 Би бас өөртөө алт, мөнгө, болон хаад, орон нутгуудын эрдэнэсийг хураан цутлуулсан. Би өөртөө эрэгтэй, эмэгтэй дуучидтай ба эр хүний зугаа болох олон татвар эмс надад байв. 9 Ингэж надаас өмнө Иерусалимд байгсдаас би хол давж, үлэмж баян болсон төдийгүй мэргэн ухаан ч бас надад байна. 10 Миний нүд хүсэмжилж буй бүтдээс би татгалздаггүй. Ямар ч цэнгэл тааламжаас би өөрийгөө татаж байсангүй. Учир нь зүрх минь миний хөдөлмөр бүрд баясах учиртай юм. Энэ л миний бүх л хөдөлмөрийн минь шан харамж ажээ. 11 Тэгээд би өөрийн гараар хийсэн бүх үйлсээ, бас өөрийн чармайн хийсэн хөдөлмөрийг эргэцүулэн бодлоо. Гэтэл энэ бүхэн хоосон бөгөөд салхины хойноос хөөцөддөхтэй адил байв. Наран доор түүний ашиг алга.12 Иймээс би мэргэн ухаан, галзуу хийгээд тэнэг мулгуут тунгааж үзэв. Хааны дараа гарч ирэгч хүн урьд хийгдсэн зүйлээс өөр юуг хийх юм бэ? 13 Мэргэн ухаан тэнэг мулгуутаас давуутай нь гэрэл харанхуйгаас илүүтэйн адил болохыг би ойлгов. 14 Мэргэн хүний мэлмий толгойдоо байхад харин тэнэг хүн харанхуйд явж байдаг. Гэвч тэднийг хоёуланг нь нэг хувь заяа нөмөрч байдгийг би мэднэ. 15 "Тэнэгт оногдох тэр л хувь тавилан над дээр мөн ирэх тул ухаантай байхын хэрэг надад юу билээ?" гэж би өөртөө хэлэв. Ингээд би өөртөө "Энэ мөн л хоосон аж" гэв. 16 Учир нь ухаантан хэн боловч тэнэгийн нэгэн адил үүрд мартагдах аж. Ирэх өдрүүдэд ч бүх зүйлс мартагдана. Мэргэд тэнэгүүдийн адил үхэцгээнэшүү дээ! 17 Наран доор хийгдэж байгаа бүхэн надад жигшүүртэй болсон учраас би амьдралыг үзэн ядсан. Өөрөөр хэлбэл, бүх зүйл утгагүй бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж. 18 Наран доор хөдөлмөрлөсөн хөдөлмөрийнхөө бүхий л үр жимсийг би үзэн ядав. Учир нь би тэр бүгдийг миний дараа ирэх хэн нэгэнд үлдээх учиртай ажээ. 19 Тэр ухаантай, эсвэл тэнэг хүн байхыг хэн мэдэх билээ? Наран доор ухаалгаар хөдлөн, ажилласан хөдөлмөрийн минь бүхий л үр жимсийг тэр нэгэн эзэмших болно. Энэ мөн л хоосон. 20 Тиймээс наран доор хөдөлмөрлөсөн өөрийн бүх хөдөлмөрийн үр жимсийг би бүхэлд нь үгүйсгэв. 21 Хэн нэгэн нь ухаан зарж, мэдлэгтэй, чадварлаг ажиллаад дараа нь өөртэй нь хамт ажиллаагүй хүнд өөрийн хувийг өгдөг. Энэ нь мөн л хоосон бөгөөд асар бузар булай хэрэг мөн. 22 Наран доор хичээж чармайсан бүхий л хөдөлмөрөөсөө хүн ер нь юуг нь авах юм бэ? 23 Учир нь хүний бүх л өдрүүд болон хөдөлмөр нь уйтгар зовлонтой, төдийгүй, шөнө ч түүний оюун ухаан нь амардаггүй аж. Энэ нь мөн л хоосон ажээ.24 Идэж, ууж, ажил үйлс минь сайн байна гэж өөртөө хэлэхээс илүү зүйл хүний хувьд байхгүй. Миний харснаар энэ нь мөн л Бурханы мутраас ирэх ажээ. 25 Учир нь Түүнгүйгээр хэн идэж, хэн сэтгэлийн жаргал авч чадах вэ? 26 Өөрийнх нь мэлмийд таалагдагч хүнд Тэр мэргэн ухаан,мэдлэг, баяр жаргал өгдөг ажээ. Чингэхдээ Өөрийнхөө өмнө гэмгүй нэгэнд өгөхийн тулд бөөгнүүлэх, цутлуулах албыг нүгэлтнүүдээр гүйцэлдүүлдэг байна. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж.
3 Тэнгэрийн доорх бүх юмс цаг хугацаатай бөгөөд бүх юм тогтоогдсон цаг мөчтэй ажээ. 2 Төрөх хийгээд үхэх цаг, Тариалах хийгээд тарьснаа хураах цаг, 3 Алах хийгээд анагаах цаг, Нураах хийгээд босгох цаг, 4 Уйлах хийгээд инээх цаг, Гашуудах хийгээд бүжиглэх цаг, 5 Чулуут шидэх хийгээд цуглуулах цаг,Тэврэх хийгээд тэврэлтээс зуттах цаг, 6 Эрж олох хийгээд алдаж асгах цаг, Хадгалах хийгээд хаях цаг, 7 Урах хийгээд оёх цаг, Дуугүй байх хийгээд ярих цаг, 8 Хайрлах хийгээд үзэн ядах цаг, Дайтах хийгээд найрамдах цаг байдаг ажээ. 9 Хийж байгаа хөдөлмөрөөс нь ажил хийгчид ямар ашиг байна вэ? 10 Бурханаас миний хөвгүүдэд өгсөн шаналгаат хөдөлмөрийн зовлонтойг би харсан. 11 Бүх юмыг Тэр тухайн цагт нь сайн сайхнаар бүтээсэн бөгөөд хэдийгээр хүн Бурханы үйлдсэн ажлыг эхнээс эцсийг нь хүртэл ойлгохгүй ч гэсэн Тэр тэдний зүрхэнд үүрд мөнхийг байгуулсан билээ. 12 Хүмүүсийн хувьд амьдрах хугацаандаа сайныг үйлдэх хийгээд баярлаж бахдахаас илүү дээр юм байдаггүй болохыг би мэдсэн. 13 Хэрэв хүн идэж уух хийгээд эрхэлж буй бүхий л ажилдаа сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурханы бэлэг буюу. 14 Бурханы хийсэн болгон үүрд мөнхөд үдддэгийг би мэдлээ. Түүнд нь нэмэх буюу түүнээс нь хасах юу ч байхгүй аж. Бурхан ийн ажилладгийн учир нь хүмүүс Түүнээс эмээхийн тулд юм. 15 Юу байж байсан, тэр нь одоо ч байж байна. Ирээдүйд буй болох нь аль хэдийн байсан. Бурхан өнгөрснийг ийнхүү хайдаг байна. 16 Би мөн наран доор үнэнч шударгын оронд бузар булай, зөвийн байранд ёрын бузар нь оршдогийг харсан. 17 "Шударга хүн ба гэм нүгэлтний аль алиныг нь Бурхан шүүнэ" гэж би өөртөө хэлэв. Учир нь цаг хугацаа, бүх юмс, бүх үйлс тэнд байдаг. 18 "Хүн гэгч өөрсдөө адгуус юм гэдгээ танихуйцаар тэднийг Бурхан туршаасай" гэж хүмүүний хөвгүүдийн талаар би өөртөө хэлэв. 19 Учир нь хүний хувь тавилан адгуусны хувь тавилантай адил бөгөөд нэг нь үхдэгийн адил нөгөөдөх нь ч бас үхэх аж. Үнэндээ аль аль нь л ижилхэн амьсгалтай байх бөлгөө. Хүнд адгууснаас дээрдээд байх юм алга. Иймээс бүгд хоосон. 20 Бүгд нэг л газар уруу явцгаана. Бүгд л шорооноос гарсан, тэгээд бүгд шороондоо буцна. 21 Хүний амьсгал дээшгарч, адгуусны амьсгал газар уруу доош уруудсныг хэн мэдэж байгаа юм бэ? 22 Тиймээс хүн хийж байгаагаараа л баясгалантай байхаас өөр илүүтэй нь үгүй гэдгийг би ойлгов. Учир нь энэ бол хүний хувь зохиол болой. Түүнээс хойш юу болохыг үзүүлэхээр хэн түүнийг дагуулан аваачих билээ?
4 Наран доор үйлдэгдэх дарамт дарлалын бүх үйлдлүүдийг дахин би харлаа. Дарлагдагсдын нулимсыг харж байхад тэднийг тайтгаруулах хэн ч алга. Дарлагсдын талд хүч байхад, харин тэдэнд тайтгаруулах хүн ч алга байв. 2 Тиймээс одоог хүртэл амьд байгсдаас хэдийнээ насан өөд бологсдыг би илүүд үзэв. 3 Гэвч наран доор хийгддэг бузар үйлийг хэзээ ч хараагүй, эсвэл амьгүй төрсөн нэгэн нь мөнөөх хоёроосоо ч илүү дээр аж.4 Аливаа үйлс дэх хөдөлмөр ба амжилт нь хөршүүдийн хоорондох өрсөлдөөний шалтгаан болдог. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж. 5 Тэнэг хүн гараа хумихан, биенийхээ махыг бардаг. 6 Хоёр гараар хоосон хөдөлмөрлөж, салхины хойноос хөөцөлдсөнөөс нэг гар тань сул амарч байсан нь дээр.7 Дараа нь би наран доор дахин нэг хоосныг үзэв. 8 Хөвгүүнгүй, дуугүй, татлаа түлхээгүй нэгэн эр байсан бөгөөд түүний хөдөлмөрт эцэс төгсгөл гэж алга байв. Түүний нүд нь хэзээ ч баялагт ханасангүй. "Би хэний төлөө хөдөлмөрлөж, санаа сэтгэлээ золиослон байна вэ?" гэж асууж байсангүй. Энэ нь мөн л хоосон бөгөөд эмгэнэлтэй алба мөн.9 Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр болой. Тэгвэл тэд ажил үйлсээ сайнаар эргүүлэх болно. 10 Хэрэв тэд хамтдаа ойчих аваас нэг нь нөхрөө босгоно. Харин ганцаар байгч унахын цагт түүнийг босгох хүн үгүй тул хөөрхийлөлтэй. 11 Түүнчлэн хэрэв хоёулаа хамтдаа хэвтэх аваас дулаахан байдаг бол харин ганцаараа хэрхэн дулаацах билээ? 12 Гоонь хүнийг хэн нэгэн нь дийлж чадах бөгөөд хоёул байх аваас түүнийг няцааж чадна. Гурамсалж гөрсөн сур тийм ч амар тасардаггүй.13 Сануулгыг хэрхэн хүлээн авахыг мэдэхээ байсан тэнэг хөгшин хаанаас, хэдий ядуу ч ухаантай залуу нь дээр буюу. 14 Хэдийгээр тэр залуу мөнөөх хааны гүрэнд ядуу төрсөн ч, тэрээр шоронгоос гарахдаа хаан болдог юм. 15 Түүнийг залгамжлагч хоёр дахь залуугийн талд наран доорхи бүх амьдрагсад бөөгнөрөхийг би харсан. 16 Тэдний өмнө байсан бүх хүмүүст хязгаар байхгүй. Харин хожим ирэгсэд нь мөнөөх залууг таашаахгүй ажээ. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил болой.
5 Бурханы өргөө уруу явахдаа чи алхмаа хянагтун. Мунхаглан тахил өргөснөөс ойртон очоод чагнасан нь дээр. Учир нь хүмүүн буруу үйлээ ойлгодоггүй аж. 2 Зүрх сэтгэл чинь Бурханы оршихуйд үг хэлэхэд яараагүй байхад хэл тань бүү яараг. Учирнь Бурхан тэнгэрт, чи газарт байна. Иймд чиний үг чинь цөөхөн байг. 3 Зүүд зовнилоор арвин байдаг бол тэнэгийн дуу хоолой олон үгээрээ танигддаг. 4 Бурханд чи амласан бол хэрэгжүүлэхдээ бүү хойрго бай. Учир нь Тэр тэнэгүүдийг таашаадаггүй. Амласан зүйлээ биелүүл! 5 Амлаад үл биелүүлснээс амлахгүй байх нь дээр. 6 Чамайг нүгэлд өдөөхийг амандаа бүү зөвшөөрөгтүн. "Энэ нь алдаа байжээ" гэж Бурханы элчийн өмнө бүү хэл. Яагаад Бурхан чиний үгэнд уурсаж, чиний гарын ажил хэргийг устгах ёстой юм бэ? 7 Зүүд ба үгсийн олонх нь хоосон байдаг. Харин Бурханаас эмээгтүн.8 Хэрэв чи орон нутагт ядуусыг хавчих хийгээд шүүх болон үнэнийг үгүйсгэхийг харах аваас бүү гайхагтун. Учир нь нэг түшмэлийг нөгөө түшмэл нь харж, тэднийг дээд түшмэл нь ажиглаж байдаг юм. 9 Бүхний эцэст талбайг боловсруулагч хаан, тэр газартаа тэргүүлэх болой.10 Мөнгийг хайрлагч нь мөнгөнд үл ханах ба элбэг дэлбэгийг эрхэмлэгч нь орлогодоо цаддаггүй. Энэ нь бас л хоосон. 11 Баялаг өсөхийн хэрээр шатаагчид олшрох бөгөөд тэдгээрийг хараад суух нь өмчлөгчийн ашиг нь юм гэж үү? 12 Их ч, бага ч идсэн ажилчин хүний нойр таатай байдаг атал баян хүний цатгалан гэдэс өөрийг нь унтууддаггүй ажээ.13 Наран доор би нэгэн гунигийг харлаа. Хураасан баялаг нь эзэндээ зовлон авчирдаг. 14 Бүтэлгүйхөрөнгө оруулалтанд сүйрч, өөрийн хүүдээ өвлөх юмгүй үлдэх баячууд ч бас бий. 15 Хүн эхийн хэвлийгээс нүцгэн ирээд, ирсэн шигээ тийнхүү нүцгэн буцах ажгуу. Гартаа авч явж чадах хөдөлмөрийнхөө үр жимснээс хүн юу ч үгүй л одох аж. 16 Хүн яг ирсэн шигээ л буцах болдог нь мөн л эмгэнэлтэй хэрэг аж. Ингэвэл салхины төлөө хөдөлмөрлөгч хүнд ямар ашиг байх юм бэ? 17 Бүхий л амьдралынхаа туршид тэр үлэмж өвчин зовлон хийгээд уур уцаартайгаар харанхуй дотор хооллодог. 18 Сайн бөгөөд жаргалтай байхыг энд л би үзлээ. Энэ нь юу хэмээвээс идэх, уух хийгээд Бурханаас өөрт нь өгөгдсөн амьдралынхаа цөөхөн жилүүдийн турш наран доор хөдөлмөрлөсөн ажил бүхнээрээ өөрийгөө баясгах явдал байлаа. Учир нь энэ л түүний хувь хишиг аж. 19 Бурханаас эд баялаг, хөрөнгө зоорь авсан хүн бүрд Тэр тэдгээрийг эдэлж, хэрэглэх эрх олгож мөн өөрийн хөдөлмөрөөс баярлаж, хувь хүртэхийг зөвшөөрдөг. Энэ нь Бурханы бэлэг мөн. 20 Хүн амьдралынхаа жилүүдийг үргэлж дурсаад байдаггүй. Учир нь сэтгэл зүрхийг нь Бурхан баяр баясгалантайгаар байлгадаг билээ.
6 Наран доор миний харсан бузар булай нь хүмүүсийн дунд түгээмэл аж. 2 Хүсэл мөрөөдлөөс нь юу ч дутаалгүйгээр Бурхан хүнд эд баялаг, хөрөнгө мөнгө, нэр алдрыг өгдөг боловч тэдгээрийг эзэмших эрхийг үл өгөх бахарин харь хүн түүнийг нь идэх аж. Энэ нь хоосон бөгөөд маш зовлонтой хэрэг мөн. 3 Хэрэв хүн зуун хүүхдийн эцэг болоод олон жил амьдраад, улмаар цаашид амьдарсаар байвч сэтгэл нь сайн юманд цадаагүй, оршуулга нь ч зохих ёсоороо болоогүй бол би "амьгүй төрсөн хүүхэд түүнээс дээр юм даа" гэж хэлнэ. 4 Учир нь тэр дэмий ирээд л харанхуй уруу одсон, нэр аддар ч үгүй нэгэн болой. 5 Тэр хэзээ ч нарыг үзэлгүй, юу ч мэдэлгүй оджээ. Энэ нь түүнээс илүү дээр аж. 6 Гэтэл өөр хүмүүс хоёр мянган жил амьдарсан ч, сайн сайханд сэтгэл нь үл ханах аваас тэд бүгдээрээ нэг л газар уруу явдаггүй гэж үү?7 Хүний бүх хөдөлмөр амандаа л зориулагдах боловч сэтгэл нь ханах гэгч нь үтүй ажээ. 8 Ухаантан нь тэнэгээсээ юугаараа илүү юм бэ? Амьд байгсдын өмнө хэрхэн явахаа мэдэх нь ядуу хүнд ямар ашиг өгөх юм бэ? 9 Нүд юу харж байгаа нь сэтгэл юу хүсэж байгаагаас илүү чухал юм. Энэ нь бас хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил юм.10 Оршин буй юу боловч аль хэдийн нэрлэгдсэн байх бөлгөө. Хүн гэгч ямар вэ гэдэг нь тодорхой. Учир нь хүн өөрөөсөө хүчтэнтэй маргаж чаддаггүй. 11 Утгагүй хоосныг өсгөн үржүүлдэг үгс олон байх юм. Энэ нь хүнд ямар тустай юм бэ? 12 Сүүдэр мэт өнгөрүүлэх утгагүй амьдралынхаа цөөхөн жилүүдэд өөрт нь юу зөв, сайн болохыг хэн мэдэх билээ? Өөрөөс нь хойш юу болохыг наран доор хэн түүнд хэлж чадах вэ?
7 Үнэт сайн тосноос сайн нэр нь дээр, Төрөх өдрөөс үхэх өдөр нь дээр буюу. 2 Найрын өргөө уруу явснаас гашуудагчийн оромж уруу очсон нь дээр. Учир нь энэ бол хүн бүрийн төгсгөл бөгөөд Амьд байгсад нь үүнийг зүрхэндээ авдаг юм. 3 Инээснээс уйлсан нь дээр. Учир нь царай нь гунигтай байвч, Зүрх нь жаргалтай байж болох буюу. 4 Ухаантны зүрх гашуудагсдын оромжид, Тэнэгийн зүрх зутаацагчдын гэрт байх аж. 5 Тэнэгийн дуулахыг сонссоноос Ухаант хүний зэмлэлийг сонсох нь дээр. 6 Тэнэгийн инээх нь тогоон доорхи гишүү шажигнахын адил бөгөөд Энэ нь бас л утгагүй. 7 Хавчлага дарамт нь мэргэдийг солиоруулах бөгөөд Алив хахууль нь сэтгэлийг эвддэг ажээ. 8 Хэргийн төгсгөл нь эхлэлээсээ чухал аж. Сэтгэлийн тэвчээр нь зүрхний бардамналаас эрхэм буюу. 9 Уур тэнэгийн цээжинд оршдог учраасУурлах сэтгэлийг бүү урьтал болго. 10 "Яагаад урьдын өдрүүд өнөөгийнхөөс дээр байсан юм бэ?" гэж бүү хэл. Ингэж асуух нь цэцэн ухааных биш. 11 Өвлөгддөг мэргэн ухаан нь эрхэм бөгөөд Нарыг харагчдад үнэтэй буюу. 12 Мөнгө бол хамгаалалт адил, мэргэн ухаан ч хамгаалалт юм. Харин мэдлэгийн давуу чанар гэвээс мэргэн ухаан эзэндээ амийг өгдөг болой. 13 Бурханы ажлыг эргэцүүлэгтүн. Түүний муруйлгасныг хэн шулуун болгох чадалтай билээ. 14 Азтай өдрүүддээ аз жаргалтай бай, Харин бүтэлгүй өдрүүддээ сэтгэн бод. Аль алийг нь Бурхан бий болгодог тул үгүйсгэх нь хүний хэрэг биш ажээ. 15 Би утгагүй амьдралынхаа туршид юм бүрийг л үзэв. Зөв хүн шударга байдал дотроо үхэж байхад, бузар хүн худал дотроо удаан амьдрах ажээ. 16 Битгий хэт шударга бай, битгий хэт мэргэн бай. Яагаад чи өөрийгөө хөнөөх ёстой юм бэ? 17 Битгий хэт балмад бай, битгий тэнэг бай. Яагаад чи цагаасаа өмнө үхэх ёстой гэж? 18 Нэгээс нь зуурч, нөгөөг нь тавилгүй байх нь сайн бөгөөд Бурханаас эмээгч нэгэн тэр бүгдийн хамт ирдэг. 19 Мэргэн ухаан ухаантныг хотын арван захирагчдаас ч илүү хүчирхэгжүүлдэг. 20 Үнэнээр газар дэлхий дээр үйлдээд, нүглийг ер үйлддэггүй зөв шударга хүн гэж үгүй бөлгөө. 21 Мөн ярианы бүх үгэнд анхаарал хандуулах хэрэггүй, боол чинь чамайг хараах аваас бүү чагна. 22 Үүний адил олон удаа бусдыг харааж байснаа чиний зүрх мэдэх билээ.23 Энэ бүхнийг би мэргэн ухаанаар шалгаад "Би ухаантай болно" гэсэн боловч, мэргэн ухаан надаас алс хол байлаа. 24 Юу байсан нь алс бөгөөд гүнээс гүнд байна. Хэн үүнийг нээж чадах вэ? 25 Би өөрийн зүрхийг мэргэн ухаан, гүн ухааныг шинжлэн судлах хийгээд тэнэгийн балмад, солиотны тэнэглэлийн учрыг олоход чиглүүлэв. 26 Үхлээс ч илүү гашуун нэг зүйлийг би олж харав. Тэр юу хэмээвээс эм хүний зүрх нь занга, гар нь гинж аж. Бурханд тааламжит нэгэн нь түүнээс зуттах бөгөөд харин нүгэлтэн нь түүнд олзлогдох аж.27 "Үзэгтүн, би үүнийг олж мэдэв" гэж Номлогч хэлэхдээ, тайлбарыг олохын тулд нэг зүйлийг нөгөө дээр нэмэн, 28 би үүнийг одоо хүртэл эрсээр байгаа боловч олоогүй. Мянгаас нэг эрэгтэйг л би олсон атал эдгээр бүхний дундаас нэг ч эмэгтэйг олсонгүй. 29 Үзэгтүн. Миний олж мэдсэн ганц зүйл нь Бурхан хүмүүнийг шударгаар бүтээсэн боловч тэдөөр олон арга замыг өөрсдөө хайдаг явдал юм.
8 Юмсын учгийг тайлж, мэддэг мэргэн ухаантантай хэн адил юм бэ? Хүний мэргэн ухаан л хүний нүүрийг нь гэрэлтүүлж, баргар дүрийг нь өөрчлөх ажээ.2 "Бурханы өмнө нэгэнт өргөсөн тангараг бий тул хааны зарлигийг сахигтун!" гэж би хэлнэ. 3 Түүнийг орхих гэж бүү яар. Бузар хэрэгт бүү эвс. Учир нь тэр юу хүссэнээ хийх болно. 4 Хааны зарлиг байгаагаас хойш эрх мэдэл байгаа. "Та юу хийж байна?" гэж түүнд хэн хэлэх юм бэ?5 Хааны зарлигийг сахигч нь айдас түгшүүргүй амьдардаг. Учир нь мэргэн зүрх зохист цаг ба ёс дүрмийг мэддэг ажээ. 6 Учир нь алив юманд зохист цаг ба ёс дүрэм байх атал хүн өөрөө түүнээс үлэмж нэрвэгдэх ажээ. 7 Юу тохиолдохыг хэрэв нэг ч хүн мэддэггүй юм бол хэзээ энэ нь тохиоддохыг хэн түүнд хэлж чадах билээ? 8 Сүнсээ барьж байхын тул түүнийгээ захирах эрхтэй хүн нэг ч байхгүй. Үхэх өдрөө ч хүн захирдаггүй биз дээ. Дайн тулааны үед аврал үгүй аж. Бузар мууг зуршил болгогсдыг бузар муу нь үл чөлөөлдөг. 9 Энэ бүхнийг би хараад, өөрийн бодлыг наран доор болж байгаа үйлс бүхэн уруу хандууллаа. Бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүн ч байдаг аж.10 Тэгэхэд би нэг нүгэлтнийг оршуулахыг харсан ба ариун газарт ирж, очиж байхад нь тэд өөрийн үйлсийг хийж байсан хотдооудалгүй мартагдаж байлаа. Энэ мөн л утгагүй аж. 11 Бузар үйлийн эсрэг ирэх шийтгэл нь тэр дороо ирдэггүй учраас тэдний дунд буй хүмүүний хөвгүүдийн зүрх нь бузар муут үйлдэхдээ бэлэн байдаг аж. 12 Хэдийгээр нүгэлтэн зуу зуун удаа бузар мууг үйлдэж, амьдрал нь уртассаар байх авч, Бурханаас эмээгч тэр нэгэн, Түүний өмнө нээлттэйгээр хандагч нэгэн нь илүү дээр юм гэдгийг би мэдэв. 13 Гэмт хүн Бурханаас эмээдэггүй учраас түүнд сайн юм үгүй, түүний өдрүүд нь сүүдэр адил уртсахгүй. 14 Нүгэлтэнд тохиолдвол зохих явдал шударга хүнд учирч, шударга хүний хүртвэл зохихыг нүгэлтэн завшдаг утгагүй зүйл газар дээр байх юм. Энэ мөн л утгагүй гэж би хэлнэ. 15 Иймд би тааламжтай байдлыг үнэлэв. Учир хэмээвээс наран доор идэж, ууж, хөгжилдөхөөс өөр сайн зүйл хүнд алга. Наран доор Бурханаас хүнд өгсөн амьдралынх нь өдрүүдийн турш дахь хөдөлмөрт энэ нь дагуул мэт байдаг ажээ.16 Мэргэн ухааныг танихын тулд, өдөр ч шөнө ч ер унтдаггүй тэр нэгний газар дээр хийдэг хүнд хүчир үүргийг харахын тулд би зүрх сэтгэлээ зориулав. 17 Бурханы бүх үйлсийг би хараад хүн гэгч наран доор үйлдэгддэг бүхнийг ойлгож чадахгүйг мэдлээ. Хэдийгээр мэргэн хүн "Би мэднэ" гэж хэлж болох хэдий ч тэр хүн нээлт хийж үл чадах ба хүн хичээнгүйлэн шаргуу эрж хайгаад ч нээж олохгүй.
9 Энэ бүхнийг би зүрхэндээ авч, шударга бөгөөд ухаантай хүмүүс, тэдний алив үйлс нь Бурханы гарт л байдгийг тайлбарлан хэлэх байна. Хүн өмнө нь байгаа хайр, үзэн ядалт хоёрыг үл ялгадаг ажээ.2 Энэ нь бүгдэд адилхан байдаг. Шударга ба хилэнцэт, сайн, ариун ба бузарт, тахил өргөдөг ба тахил өргөдөггүй аль алинд нь нэг л хувь заяа байх аж. Сайн хүн ба нүгэлтэн, тангараг өргөгч ба тангараглахаас эмээгч нэгэнд ч бас өөрцгүй болой. 3 Наран доорх бүх юмсад буюу бүх хүнд нэг л хувь зохиол байдаг нь бузар юм. Хүмүүний хөвгүүдийн зүрх сэтгэл хорон муугаар дүүрч, амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ. Дараа нь тэд үхэл уруу одох ажээ. 4 Үхсэн арслангаас амьд нохой дээр байдаг нь гарцаагүй. Амьд байгсдын дунд байгаа хэнд ч гэсэн найдлага бий. 5 Амьд байгсад нь үхнэ гэдгээ мэддэг байтал, үхдлүүд юу ч мэддэггүй аж. Цаашдаа тэдэнд шагнал ч байхгүй болдог. Учир нь тэдний дурсамж мартагддаг юм. 6 Тэдний хайр, хорсол, атаа жөтөө хэдийнээ мөхөж, наран доор хийгддэг үйлсэд тэд цаашид үл оролцох бөлгөө.7 Бурхан үйлсийг тань сайшааж байгаа бол яв, өөрийн талхыг хөгжилтэйгээр ид, зүрхэндээ жаргалтайгаар дарсаа уу! 8 Цаг үргэлжид хувцас тань цагаан байг, толгой дээр чинь үргэлж тос байг. 9 Наран доор Түүний чамд өгсөн утгагүй амьдралынхаа бүх л өдрүүдэд өөрийн хайрт эмэгтэйтэй жаргалтайгаар амьдрагтун. Энэ нь наран доорх чиний хөдөлмөр болон амьдралд чинь чамд шагнал болно. 10 Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй. 11 Би наран доор дахин харсан зүйл бол хурдан нь уралддаг юм биш, эрэлхэг хүнд ялалт ирдэг юм биш, мэргэд талхтай байдаг юм биш, ухаантнууд нь эд баялагтай байдаг юм биш, ур дүйтэйд нь чадвар заяадаг юм биш, харин цаг үе хийгээд боломж л тэр бүгдэд хамаатай ажээ. 12 Шувуу урхинд, загас торонд орохын адил хүний хөвгүүд гэнэт хэцүү цагт баригддаг бөгөөд энэ нь тэдний дээр гэнэт нөмрөг буудаг аж. Өөрөөр хэлбэл хүн өөрийн цаг үеийг үл мэддэг ажээ.13 Наран доор бас нэг мэргэн ухааныг би харсан бөгөөд энэ нь надад эрхэм санагдсан. 14 Цөөвтөр хүнтэй нэгэн жижиг хот уруу хүчирхэг хаан довтолж, бүслэн аваад их хориглолт барьжээ. 15 Гэтэл тэр хотод нэгэн мэргэн ядуу хүн олдож, мэргэн ухаанаараа хотыг аварсан боловч, тэр ядуу эрийг хэн ч дурссангүй. 16 "Мэргэн ухаан хүч чадлаас илүү" хэмээн би үзсэн боловч, ядуу хүний мэргэн ухаан үзэн ядагдаж, үг нь анхаарал эс татна. 17 Тэнэгүүдийн дунд хашхирах захирагчаас намуухан ярих мэргэдийн үгс илүү ажээ. 18 Мэргэн ухаан тулалдахзэвсгээс ч хүчтэй боловч нэг нүгэлтэн л өчнөөн сайныг сүйтгэх ажээ.
10 Үхсэн ялаа тансаг үнэрт тосыг өмхийрүүлдгийн адил өчүүхэн тэнэглэл л мэргэн ухаан, алдар хүндийг давамгайлдаг. 2 Ухаант хүний зүрх эзнээ баруун тийш хөтөлдөг бол, харин тэнэгийн зүрх эзнээ зүүн тийш дагуулдаг. 3 Тэнэг хүн замаар ганцаараа явлаа ч гэсэн бүтэлгүйтдэг ба өөрийнх нь тэнэглэл хүн бүхэнд илэрхий байдаг. 4 Захирагч чинь чамд хилэгнэх аваас байр сууриа бүү орхи. Учир нь тайван байдал ноцтой буруут ч зайлуулдаг.5 Захирагчаас үүдэлтэй аддаатай адил нэгэн ёрын зүйлийг би наран доор харсан нь 6 мулгуучууд олон өндөрлөгүүдэд залрахад баячууд шоовдорлогдох нь болой. 7 Морь унасан боолууд, газар дээр боол адил явган холхих язгууртныг ч би харлаа.8 Нүх ухагч хүн түүндээ унаж ч магад. Хана нэвтлэгч нэгэн могойд хазуулж ч магад. 9 Чулуу бутлагч чулуундаа цохиулж, түлээ хагалагч түүнээсээ гэмтэж болох юм. 10 Хэрэв сүх нь мохоход ирийг нь хурцлахгүй бол, илүү хүч зарцуулах болно. Харин мэргэн ухаан амжилт аврах бөлгөө. 11 Хэрэв могой ховсдохоосоо өмнө хаздаг бол ховсдох нь түүнд илүүц юм. 12 Ухаант мэргэдийн амнаас гарах үг нь ивээл, харин тэнэгийн уруул өөрийгөө хөнөөх аж. 13 Түүний ярианы эхлэл нь тэнэг байдаг бол төгсгөл нь балмадсолиорол аж. 14 Гэсэн ч тэнэг хүн үгээ олшруулсаар л байх ажээ. Юу болохыг мэддэг хүн алга, түүний араас юу ирэхийг түүнд хэн хэлж чадах билээ? 15 Тэнэг хүн хот уруу хэрхэн хүрэхийг ч мэддэггүй учраас түүний ажил өөрийг нь ядраах аж. 16 Хаан нь балчир, ноёд түшмэд нь өглөөжин найрладаг газар нутаг хөөрхийлөлтэй! 17 Хэрэв гүрний хаан нь ухаантнаас язгууртай, албат түшмэд нь зохистой цагт согтуурахын төлөө бус, харин хүч сэлбэхийн тулд иддэг газар нутаг ивээлтэй еэ. 18 Залхуутийн сууцны дээвэр хотойж, дусаал гоожих нь зайлшгүй. 19 Хүмүүс найр хуримаар баяр баясгалан хийж, дарсаар амьдралаа хөгжилтэй болгодог ч мөнгө бүхний хариу ажээ. 20 Нойрсох танхимдаа хааныг бүү зүх, баян хүнийг унтлагын өрөөндөө ч бүү хараа. Учир нь тэнгэрийн шувууд тэдэнд үг зөөх нь бий бөгөөд далавчит бүтээл уг хэргийг задалж магад.
11 Өөрийн талхыг усны гадаргуу дээр хая! Учир нь олон хоногийн хойно чи туүнийгээ эрж олох болно шүү дээ. 2 Өөрт оногдсоныг долоо, тэр ч бүү хэл найм хуваа. Учир нь энэ дэлхий дээр юу эс тохиолдохыг та мэдэхгүй шүү дээ. 3 Хэрэв үүлс хуралдах аваас газар дээр хур болон бууна. Түүнчлэн мод өмнө ба хойд зүгт уналаа гэхэд унасан тэр газартаа үлдэж хоцормой. 4 Салхины аясыг харагч тариалж үл чадна, үүл харуулдагч нэгэн хурааж үл чадна. 5 Жирэмсэн эмэгтэйн хэвлийд яснууд хэрхэн бүрэлдэхийг болон салхины замыг чи үл мэдэхийн адил бүхнийг бүтээгч Бурханы үйлсийг чи тааж мэдэхгүй. 6 Өглөө тарь, үдэш ч гараа бүү буулга. Учир нь өглөө орой тариалсны аль нь үр дүнтэй болохыг чи мэдэхгүй шүү дээ.7 Гэрэл нь тааламжтай бөгөөд нарыг харахад энэ нь нүдэнд таатай аж. 8 Үнэхээр хэрэв хүн олон жил амьдрах аваас бүхий л хугацаандаа хөгжилтэй байг. Мөн олон арваараа тохиолдох бараан өдрүүдийг ч бас бүү умартаг. Ингэвэл ирж буй бүхэн утга учиргүй болно. 9 Залуу минь, идэр насандаа баярлаж цэнгэ. Залуу насныхаа турш зүрх сэтгэлээ баясга. Өр зүрхнийхээ хүсэл, өөрийн нүдний харцыг дага. Гэхдээ энэ бүгдийнхээ төлөө Бурханаар шүүгдэх болно гэдгээ мэдтүгэй. 10 Иймээс сэтгэлийн зовлон, биеийн шаналлаас зайлж явагтун. Учир нь хүүхэд нас, эрч хүч гэдэг чинь зуурдын юм.
12 Хүнд өдрүүд ирж "Энэ амьдралд жаргал үзсэнгүй" гэж хэлэх тийм жилүүд ирэхээс өмнө залуу насныхаа өдрүүдэд өөрийн Бүтээгчээ санагтун. 2 Тэр үед нар, гэрэл, сар, одод харанхуйлан борооны дараа үүлс эргэн хургадаг. 3 Орон гэрээ хамгаалдаг байсан эр чадал нь хумигдаж, салганадаг болж, цөөхөн хэдэн шүднүүд нь үүрэггүй хоцорч, чи цонхоор харж, уйтгарт автагдах цаг ирнэ. 4 Хаалганы цаадахыг сонсохоо больж, гурилын тээрмийн дуу таны хувьд чимээгүй болж, тахиадонгодоход сэрэх авч, шувуудын жиргээнийг та үл сонсох болно. 5 Өгсүүр газраас зүрхшээж, замаар явах ч аймшигтай санагдаж, толгой тань бууралтаж, бие хаа чинь даагдахгүй болно. Дараа нь мөнхийн гэртээ одоход чинь гашуудагсад гудамжаар алхах болно. 6 Мөнгөн утас тасарч, алтан аяга хэмхрэн, худгийн хүрд тасрах, хувин бутарч унахаас өмнө Түүнийг санапун. 7 Тэгээд тоос нь урд байсан газар шороондоо буцаж, сүнс нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажгуу. 8 Номлогч хэлэхдээ "Хоосноос хоосон бөгөөд бүгд хоосон" гэв.9 Түүнээс гадна Номлогч мэргэн ухаантан байсан бөгөөд ард олныг мэдлэгт сургав. Тэр бүгдийгтуршиж, судалснаар олон сургаалтүгсийг зохиожээ. 10 Номлогч онч мэргэн үгсийг эрэлхийлэн байж, үнэний үгсийг зөвөөр нь бичжээ.11 Мэргэдийн үгс нь болбоос зүү буюу хадаас адил орох бөгөөд тэдгээрийг бичигчид нь нэг л Хоньчноор өгөгдсөн ажгуу. 12 Энэ бүхнээс гадна хүү минь "Их ном зохиоход төгсгөл үгүй ба үлэмж их унших нь биенд халтай" гэдгийг санаж явтугай.13 Энэ бүхнийг сонордоод, дүгнэхэд Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна. 14 Бурхан сайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юмс бүрийг, бүх үйлсийг шүүлтэд аваачих болно.