2 Ах дүүс минь, алдарт Эзэн болох бидний Эзэн Есүс Христэд итгэх итгэлдээ бусдыг бүү алагчил. 2 Хэрэв танай цутлаанд хээнцэр хувцасласан, алтан бөгжтэй хүн, мөн бохир хувцастай ядуу хүн орж ирвэл, 3 та нар хээнцэр хувцас өмссөн нэгнийг нь онцгой анхаарч "Та энд тухлан суу" гээд, харин ядуу хүнд "Чи тэнд зогс, эсвэл миний хөлийн гишгүүр хавьд суу" гэвэл, 4 та нар өөрсдийнхөө дунд ялгаварлалыгбий болгож, бузар бодол санаатай шүүгчид болсон бус уу? 5 Миний хайрт ах дүү нар аа, сонсогтун. Бурхан энэ ертөнцийн ядуусыг Өөрийг нь хайрлагсдад амласан хаанчлалын өвлөгчид болгож, тэднийг итгэл дотор баян байлгахын тулд сонгоогүй гэж үү? 6 Харин та нар ядуу хүнийг хүндэтгэсэнгүй. Та нарыг дарлан, шүүхэд аваачигсад нь баячууд биш гэж үү? 7 Та нарт өгөгдсөн эрхэм нэрийг тэд гутаан доромжилдоггүй гэж үү? 8 Хэрэв та нар хаан хууль болох "Чи хөршөө өөрийн адил хайрла" гэснийг Судрын дагуу биелүүлж байвал та нар сайныг үйлдэж байна. 9 Харин та нар хүнийг алаг үзвэл, та нар нүгэл үйлдэж, хэрэгтэн мэт хуулиар яллагдах болно. 10 Учир нь бүх хуулийг сахивч нэг дээр нь бүдрэх хэн боловч бүх хуулийг зөрчсөн болно. 11 Учир нь "Бүү завхайр" гэж айлдсан Тэр бас "Хүн бүү ал" гэсэн юм. Хэрэв чи завхайраагүй хэрнээ хүн албал, хуулийн гэмт хэрэгтэн болно. 12 Эрх чөлөөний хуулиар шүүгдэх гэж буй тэдгээр хүмүүс шиг тийнхүү ярь, тийнхүү үйлд. 13 Учир нь өршөөл үзүүлээгүй нэгэнд шүүх өршөөлгүй байх болно. Өршөөл нь шүүхийг ялдаг ажээ.14 Ах дүүс минь, хэрэв хүн "Надад итгэл бий" гэсэн атлаа үйлсгүй бол ямар ашигтай юм бэ? Тийм итгэл түүнийг аварч чадна гэж үү? 15 Хэрэв ах дүү чинь, эсвэл эгч дүү чинь өмсөх хувцасгүй, өдөр тутмын хоолоор дутагдаж байхад нь, 16 та нарын нэг чинь тэдэнд "Амар тайван яв. Дулаацах болтугай, цадах болтутай" гэж хэлчихээд биед нь зайлшгүй хэрэгцээтэй байгаа зүйлсийг нь тэдэнд өгөхгүй бол ямар ашигтай юм бэ? 17 Иймээс ч итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм.18 Гэвч хэн нэг чинь "Чамд итгэл байна. Харин надад үйлс байна. Чи надад итгэлээ үйлсгүйгээр харуул. Би чамд өөрийн итгэлийг үйлсээрээ харуулъя" гэж хэлж болох юм. 19 Бурхан бол ганц гэдэгт чи итгэдэг. Энэ чинь сайн хэрэг. Чөтгөрүүд ч мөн үүнд итгэдэг бөгөөд чичирдэг юм. 20 Мунхаг хүн ээ, харин чи үйлсгүй итгэл нь ашиггүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна уу? 21 Бидний эцэг Абрахам тахилын ширээн дээр өөрийн хүү Исаакаа өргөхдөө үйлсээрээ зөвтгөгдсөн биш үү? 22 Итгэл нь түүний үйлстэй хамт ажиллаж байсныг, итгэл нь үйлсээр гүйцэд болсныг чи харж байна. 23 "Абрахам Бурханд итгэсэн. Энэ нь түүнийг зөвт байдадд тооцогдуулсан юм" гэж өгүүлдэг Судар биелэгдсэн бөгөөд Абрахам Бурханы анд нөхөр гэж дуудагдах болсон. 24 Хүн зөвхөн итгэлээр бус, үйлсээр зөвтгөгддөгийг чи харж байна. 25 Мөн үүний адилаар янхан эм Рахаб элч нарыг хүлээн авч, тэднийг ондоо замаар явуулахдаа үйлсээрээ бас зөвтгөгдөөгүй гэж үү? 26 Учир нь сүнсгүй бие үхмэл байдгийн адил түүнчлэн үйлсгүй итгэл ч бас үхмэл болой.
3 Ах дүүс минь, багш нар бид үлэмж хүнд шүүлтэд орно гэдгииг мэдэн, та нараас олон хүн багш болж болохгүй. 2 Учир нь бид бүгд олон юман дээр бүдэрдэг. Хэрэв хэлэх үгэн дээрээ бүдэрдэггүй хүн байвал, тэр хүн бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн байна. 3 Морьдыг залахын тулд бид аманд нь амгайвч хийж хазаарлаад бүх биеийг нь залдаг. 4 Мөн усан онгоцнуудыг хар. Тэдгээр нь хэдийгээр агуу том болоод зогсохгүй хүчит салхинд туутддаг боловч бас л жижигхэн залуураар жолоодуулж залуурчийн хүссэн зүгт явдаг. 5 Түүнчлэн хэл ч гэсэн биеийн жижиг эрхтэн атлаа агуу том зүйлсээр сайрхдаг ажээ.
Харагтун. Ийм өчүүхэн гал ч асар их ой модыг түймэрддэг билээ.
6 Хэл бол гал бөгөөд хорт муу явдлын ертөнц аж. Хэл нь бидний эрхтнүүдийн дунд байж бүх биеийг бузарладаг. Хэл бидний амьдралын хүрдийг гаддан шатаадаг бөгөөд өөрөө тамаар асаж байдаг. 7 Учир нь төрөл бүрийн араатан амьтад, шувууд, хэвлээр явагчид, амьтад болон далай тэнгисийн амьтдыг хүн төрөлхтөн номхруулж байгаа, номхруулсаар ч ирсэн. 8 Харин хэн ч хэлийг номхруулж чадахгүй. Хэл бол үхлийн хороор дүүрсэн, амралтгүй бузар эд мөн. 9 Бид хэлээр Эзэн ба Эцэгийг магтдаг. Бид түүгээр Бурханы адил байдлаар бүтээгдсэн хүмүүсийг хараадаг. 10 Магтаал, хараал нэг л амнаас гардаг аж. Ах дүүс минь, ийм байж болохгүй. 11 Булгийн нэг эхээс цэвэр цэнгэг ба гашуун ус зэрэг гардаг бил үү? 12 Ах дүүс минь, инжрийн мод чидун жимсийг, усан үзмийн мод инжрийг ургуулдаг бил үү? Давстай ус ч цэвэр цэнгэг усыг гаргадаггүй.13 Та нарын дунд хэн чинь мэргэн агаад ухаалаг вэ? Тэр хүн өөрийн үйлсийг мэргэн ухааны дөлгөөн байдлаар биеэ зөв авч яван харуул. 14 Харин хэрэв та нар зүрхэндээ хорссон атаархал ба хувиа хичээсэн зорилготой бол бүү бардамна, үнэний эсрэг худал бүү ярь. 15 Энэ мэргэн ухаан бол дээрээс бууж ирдэг нь биш харин газрынх, төрөлхийнх бөгөөд чөтгөрийнх юм. 16 Учир нь хаана атаархал ба хувиа хичээсэн зорилго оршиж байна, тэнд замбараагүй байдал болоод аливаа бузар юм нь байдаг. 17 Харин дээрээс ирэгч мэргэн ухаан нь нэгд ариун, тэгээд амар тайван, эелдэг, ул суурьтай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй аж. 18 Үр жимс нь зөв байгчийн үр нь амар тайвныг бүтээгчдээр амар тайванд таригддаг юм.4 Та нарын дундах хэрүүл болон зөрчлийн үндэс юу вэ? Тэр нь эрхтнүүдэд чинь дайтаж буй та нарын хүслүүд биш үү? 2 Та нар шунан хүсдэг бөгөөд та нарт байхгүй болохоор нь хүн алдаг. Та нар атаархдаг бөгөөд олж авч чаддаггүй. Тиймээс та нар тэмцэлдэж, хэрэлддэг. Та нар гуйдаггүй учраас та нарт байдаггүй. 3 Та нар гуйгаад хүлээн авдаггүй. Учир нь та нар өөрсдийн тааламжид зарцуулъя хэмээн буруу хандлагаар гуйдаг байна. 4 Завхай эмс ээ, ертөнцтэй найзлах нь Бурханы эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгэхлээр ертөнцийн найз байхыг хүссэн хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм. 5 Эсвэл ямар ч зорилгогүйгээр Сударт "Түүний бидний дотор нутаглуулсан сүнс нь атаархан хүсдэг" хэмээсэн гэж та нар бодож байна уу? 6 Гэвч Тэр илүү их нигүүлслийг өгдөг. Тиймээс "Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлсэл өгдөг" гэдэг. 7 Тиймээс Бурханд захирагдагтун. Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна. 8 Бурханд ойртогтун. Тэгвэл тэр та нарт ойртоно. Нүгэлт хүмүүс та нар гараа цэвэрлэ. Хоёр санаатай хүмүүс та нар зүрхээ ариусга. 9 Шанал, гашууд, уйл. Инээд чинь гашуудал болог. Баяр хөөр чинь уйтгар гуниг болог. 10 Эзэний оршихуйд өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно.11 Ах дүү нар аа, бие биенийхээ эсрэг бүү ярь. Ах дүүгийнхээ эсрэг ярьдаг, эсвэл өөрийн ах дүүг шүүдэг хүн бол хуулийн эсрэг яригч болон хуулийг шүүгч ажээ. Хэрэв та хуулийг шүүвэл та хуулийг биелүүлэгч биш, харин шүүгч аж. 12 Хууль Тогтоогч ба Шүүгч нь зөвхөн ганц байдаг бөгөөд Тэр нь аварч, устгаж ч чадна. Харин хөршөө шүүгч та хэн юм бэ?13 "Өнөөдөр, эсвэл маргааш бид тийм, тийм хот уруу явж, тэндээ нэг жил байж, худалдаа хийж ашиг олно" гэж яригч та нар одоо наашаа ирэгтүн. 14 Амъ чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь алга болох уур манан шүү дээ. 15 Та ингэж хэлэхийн оронд, харин "Хэрэв Эзэн хүсвэл, бид амьд байж, үүнийг болон түүнийг хийнэ" гэж яривал зохино. 16 Харин үүнтэй адил, та нар өөрсдийнхөө бодол дотор бардамнан сайрхдаг. Иймэрхүү аливаа сайрхал нь бузар юм. 17 Тийм учир зөв юмыг үйлдэхийг мэддэг хэрнээ үл үйлддэг хүнд энэ нь нүгэл юм.
5 Баян хүмүүс та нар, нааш ирэгтүн. Өөрсөд дээр чинь ирж буй зовлонгийнхоо төлөө гашуудан уйл. 2 Эд баялаг чинь ялзарч, дээлийг чинь эрвээхий иджээ. 3 Алт, мөнгө чинь зэвэрч, зэв нь та нарын эсрэг гэрч болж, махан биеийг чинь гал мэт шатаана. Та нар эцсийн өдрүүдэд эрдэнэсээ хураажээ. 4 Харагтун, тариаланг чинь хураасан ажилчдын хөлс, та нарын саатуулаад байгаа тэр хөлс та нарын эсрэг хашхирч байна. Ургацыг чинь хураасан хүмүүсийн хашхираан Түмэн цэргийн Эзэний сонорт хүрчээ. 5 Та нар дэлхий дээр баян тансаг амьдарч, дураараа авирлах амьдралд хөтлөгдөв. Нядалгааны өдөр та нар зүрхээ бордсон байна. 6 Та нар зөвт хүнийг яллаж, алав. Тэр та нарыг эсэргүүцдэггүй.7 Тийм учраас, ах дүү нар аа, Эзэнийг ирэх хүртэл тэвчээртэй байгтун. Харагтун, тариачин хөрсний үнэт бүтээгдэхүүнийг хүлээдэг. Ингэхдээ тэр эрт ба оройтож орох бороог ортол тэсвэртэйгээр хүлээдэг юм. 8 Та нар ч бас тэвчээртэй бай. Эзэний ирэх ойртсон тул зүрхээ чангал. 9 Ах дүү нар аа, та нар өөрсдөө шүүгдчихгүйн тулд бие биенийхээ эсрэг бүү гомдолло. Харагтун, шүүгч хаалган дээр зогсож байна. 10 Ах дүү нар аа, Эзэний нэрээр ярьж байсан эш үзүүлэгчдийг авч, зовлон ба тэвчээрийн жишээ болгогтун. 11 Харагтун, бид тэвчсэн хүмүүсийг ерөөгдсөнд тооцдог. Та нар Иовын тэсвэр тэвчээрийн тухай сонсож, Эзэн эцэст нь юу хийснийг харсан. Яагаад гэвэл Эзэн энэрлээр дүүрэн агаад өршөөнгүй юм.12 Харин юуны өмнө, ах дүү нар минь, та нар тэнгэрээр ч, газраар ч, өөр ямар ч андгайгаар бүү тангарагла. Харин та нарын "за" нь за, "үтүй" нь үгүй байг. Ингэснээр та нар шүүлт дор унахгүй юм.13 Та нарын дунд хэн нэгэн нь зовлон эдэлж байна уу? Тэр нь залбираг. Хэн нэгэн нь хөгжилтэй байна уу? Тэр нь магтан дуулаг. 14 Та нарын дунд хэн нэгэн нь өвчтэй байна уу? Тэр нь чуулганы ахлагчдыг дуудаг. Тэд Эзэний нэрээр түүнийг тосоор тослож, түүний төлөө залбираг. 15 Итгэлийн залбирал нь өвчтэй нэгнийг эдгээж, Эзэн тэр хүнийг босгоно. Хэрэв тэр нүгэл үйлдсэн бол тэдгээр нь уучлагдах болно. 16 Тийм учраас бие биенийхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрч, бие биенийхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой. Зөвт хүний залбирал нь үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна. 17 Елиа бол бидэнтэй адилхан жирийн хүн байсан. Бороо оруулахгүйн тулд түүнийг залбирахад гурван жил зургаан сарын турш газарт бороо ороогүй билээ. 18 Түүнийг дахин залбирахад, тэнгэрээс хур бороо асгаж, газар үр жимсээ ургуулсан юм.19 Ах дүү нар минь, хэрэв та нарын нэг чинь үнэнээс гажаад, хэн нэг чинь түүнийг эргүүлэн авчирвал, 20 хуурамч замаас нь нүгэлтнийг эргүүлж авчирсан тэр хүн түүний сэтгэлийг үхлээс аварч, тоо томшгүй олон нүглийг халхлах болно гэдгийг түүнд мэдүүлэгтүн.