2 Ичгүүргүй үндэстэн ээ, хамтдаа цугларцгаа, тийм ээ цутлар. 2 Зарлиг нь хэрэгжихээс өмнө, (Өдөр нь будааны хальс мэт хийсэн өнгөрч байна.) ЭЗЭНий шатаж буй уур чам дээр ирэхээс өмнө, ЭЗЭНий хилэнгийн өдөр чам дээр ирэхээс өмнө цуглар. 3 Дэлхийн бүхий л даруу хүмүүс ээ, та нар ЭЗЭНийг хай. Түүний захирамжийг тээж ирсэн хүмүүс ээ, зөв шударгыг хай, төлөв байдлыг хай. Магадгүй ЭЗЭНий уурын өдөр та нар нуугдсан байх болно. 4 Учир нь Газ хаягдаж, Ашкелон эзгүйрч, Ашдод үд дунд хөөгдөж, Екрон үндсээрээ сугалагдана.5 Далайн эргийн оршин суугчид, херетчүүдийн үндэстэн нь гаслантай яа. Филистчүүдийн нутаг, Канаан аа, ЭЗЭНий үг чиний эсрэг байна. Би чамайг устгаж, тэнд ямар ч оршин суугчгүй болгоно. 6 Тиймээс далайн эрэг нь хоньчдод зориулж агуйтай, хонин сүрэгт зориулж хороотой бэлчээрүүд болно. 7 Эрэг нь Иудагийн гэрийн үлдэгсдэд зориулагдана. Тэд тэнд бэлчих болно. Үдэш тэд Ашкелоны гэрүүдэд хэвтэнэ. Учир нь тэдний Бурхан ЭЗЭН тэднийг халамжилж, тэдний амжилтыг сэргээнэ. 8 Би Моабын элэглэлийг, Аммоны хөвгүүдийн доромжлолыг сонслоо. Үүгээрээ тэд Миний ард түмнийг элэглэж, нутаг дэвсгэрийнх нь эсрэг ихэмсэг болсон. 9 Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна. "Тиймээс Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Моаб нь үнэхээр Содом шиг, Аммоны хөвгүүд нь Гоморра шиг болно. Халгай болон давсан нүхэнд эзлэгдсэн газар, дуусашгүй эзгүйрэл болно. Миний ард түмний үлдэгдэл нь тэднийг дээрэмдэж, Миний үндэстний үлдэгсэд нь тэднийг өвлөх болно". 10 Тэд элэглэж, түмэн цэргийн ЭЗЭНий ард түмний эсрэг ихэмсэг болсон учраас бардам зангийнхаа хариуд тэд үүнийг авах болно. 11 ЭЗЭН тэдэнд аймшигтай байх болно. Учир нь Тэр дэлхийн бүх бурхдыг тураана. Үндэстнүүдийн бүх далайн эргүүд өөрсдийнхөө газраас Түүнд бөхийх болно.12 "Етиопчууд аа, та нар мөн Миний илдэнд алагдана". 13 Тэр Өөрийн мутрыг умардын эсрэг сунган, Ассирийг устгаж, Ниневег эзгүйрүүлэн, цөл мэт хатаана. 14 Ниневегийн төвд хонин сүргүүд, төрөл бүрийн араатнууд хэвтэнэ. Хотон шувуу, зараа хоёулаа багануудынх нь орой дээр хоноглоно. Шувууд цонхон дээр дуулна. Эзгүйрэл нь босгон дээр байна. Учир нь Тэр хуш модон туургыг нүцгэлсэн. 15 Энэ бол аюулгүй оршдог, баяр хөөртэй хот юм. Тэр зүрхэндээ "Би байна, миний дэргэд өөр хэн ч байхгүй" гэдэг. Тэр яаж эзгүйрэн, араатнуудын амардаг газар болсон юм бол! Түүгээр өнгөрөх хүн бүр исгэрэн, гараараа зэвүүцэн даллах болно.
3 Тэрслүү, бузартсан, хэрцгий хот гаслантай яа! 2 Тэр ямар ч дуу хоолойг дагаагүй, ямар ч зааврыг хүлээн аваагүй. Тэр ЭЗЭНд итгээгүй, өөрийнхөө Бурханд ойртоогүй. 3 Хотын доторх жононгууд нь архирагч арслангууд, шүүгчид нь үдшийн чононууд юм. Тэд өглөө юу ч үлдээдэггүй. 4 Эш үзүүлэгчид нь бодлогогүй, урвагч хүмүүс бөгөөд тахилч нар нь ариун газрыг бузарлажээ. Тэд хуулийг завхруулжээ. 5 Хотын дотор ЭЗЭН зөв шударга юм. Тэр шударга бус зүйлийг хийхгүй. Өглөө бүр Тэр Өөрийн шударга ёсыг гэрэлд авчирдаг, Тэр унадаггүй. Харин шударга бус нь ичгүүрийг мэддэгтүй. 6 "Би үндэстнүүдийг таслав. Тэдний булант цамхгууд балгас болжээ. Би тэдний гудамжуудыг эзгүйрүүлсэн бөгөөд хэн ч түүгээр өнгөрөхгүй. Тэдний хотууд нь хүнгүй, оршин суугчгүй хоосон хаягджээ. 7 «Үнэхээр чи Намайг хүндэтгэж, зааврыг хүлээн авах болно» гэж Би айлдсан. Тэгвэл түүний талаарх Миний товлосон бүхний дагуу түүний амьдрах газар нь таслагдахгүй байх болно. Гэвч тэд өөрсдийн бүх үйддлийг завхруулахыг хүссэн. 8 Тиймээс Би олзонд босож ирэх өдөр Намайг хүлээ" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Үнэхээр үндэстнүүдийг цуглуулж, хаанчлалуудыг чуулуулж, Миний шатаж буй бүх уурыг, Миний зэвүүцлийг тэдэн дээр асгах нь Миний шийдвэр юм. Учир нь бүх дэлхий Миний зүтгэлийн галаар цөлмөгдөх болно. 9 Дараа нь Би ард түмнүүдэд ариусгагдсан уруулыг өгнө. Тэгснээр тэд бүгд мөр зэрэгцэн Түүнд үйлчлэхээр ЭЗЭНий нэрийг дуудах юм. 10 Надад мөргөгчид, Миний тараасан хүмүүс Етиопийн голуудын чанадаас Миний өргөлийг авчрах болно. 11 Миний эсрэг тэрсэлсэн та нарын бүх үйлдлээс болж ямар ч ичгүүрийг тэр өдөр та нар мэдрэхгүй байх болно. Учир нь Би та нарын дундаас бардам, хөөрүү хүмүүсийг чинь зайлуулахадта нар Миний ариун уулан дээр дахин хэзээ ч ихэмсэг байхгүй. 12 Гэвч Би та нарын дунд даруу болон дорд хүмүүсийг үлдээж,тэд ЭЗЭНий нэрд хоргодох болно. 13 Израилийн үлдэгдэл ямар ч бурууг үйлдэхгүй, ер худал ярихгүй. Тэдний аманд мэхлэгч хэл олдохгүй. Учир нь тэднийг чичрүүлэх хэн ч байхгүй бөгөөд тэд хооллож, хэвтэх болно". 14 Сионы охин оо, баяр хөөртэйгээр хашхир! Израиль аа, уухай хадаа! Иерусалимын охин оо, баясан, бүх зүрхээрээ баярла! 15 ЭЗЭН чиний шийтгэлүүдийг зайлуулжээ. Тэр дайснуудыг чинь зайлуулсан. Израилийн Хаан, ЭЗЭН та нарын дунд байна. Чи цаашид өвчнөөс айхгүй. 16 Тэр өдөр Иерусалимд хандан "Сион оо, бүү ай. Гараа бүү унжуул. 17 Чиний Бурхан ЭЗЭН, аврагч дайчин, та нарын дунд байна. Тэр та нарын дээр баясал хөөртэйгөөр баярлана. Тэр Өөрийн хайр дотроо чимээгүй байна. Тэр та нарын дээр баярын уухайгаар баясах болно. 18 Товлосон найр наадмуудын талаар гашуудагсдыг Би цуглуулах болно. Тэд чамаас ирсэн, Сион оо! Цөллөгийн зэмлэл нь тэдний дээрх ачаа юм. 19 Харагтун, Би тэр цагт та нарын бүх дарлагч нартай тооцоо хийх гэж байна. Би доголонг аварч, хөөгдөгсдийг цуглуулж, бүх дэлхийд тэдний ичгүүрийг магтаал болон яруу алдраар солино. 20 Тэр цагт буюу Би та нарыг хамтад нь цуглуулах цагт Би та нарыг оруулна. Үнэхээр Би дэлхийн бүх ард түмнүүдийн дунд та нарт яруу алдар болон магтаалыг өгнө. Тэр үед Би та нарын нүдний өмнө амжилтыг чинь сэргээх болно" гэж ЭЗЭН айлдаж байна.